Latin

Африкийн Ногоон Толгод - 11

Süzlärneñ gomumi sanı 4575
Unikal süzlärneñ gomumi sanı 1888
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
Тэгэх нь ээ бид үнэхээр бор цорхируунууд дээр орж дэрхийн нисэхийг үзэв. Дэлхийн алив нутаг хоорондоо ижил, хаанахын ч анчин гэсэн ижил улс байх юм даа гэж бодсон билээ. Бид зөргийн хажуухнаас хүдүүний шинэ мөр олж өндөр өвстэй өглөөний ойгоор замнаж яваад нар модны орой гийгүүлэх үес гайхамшигт зааны мөрөн дээр орж ирлээ. Тэр мөр тэвэр хэртэй том бөгөөд борооны дараа буга гүйсэн ойн нойтон хөрсөн дээр гүнзгий суусан байлаа. Тэр мөр үзэсгэлэнт ойгоор доош буусныг үзэхэд эрт цагт манайд арслан заан байсан, тэд өмнөд Йллинойсын толгодоор зорчихдоо ийм мөр гаргадаг байсан байх даа гэсэн бодол төрж билээ. Эрт галавын Америк нутагт яваа ч юм шиг, тэр үеийн аварга том амьтан яваад өнгөрсөн ч юм шиг санагдав. Дэвсгэрхүү аятайхан зураа дагаж толгойг энгэрлээд цааш бэл рүү нь буувал нэгэн хоолой, цаад талаараа ширэнгэтэй урт гэгчийн задгай нуга, түүний эхэнд хэсэг толгод, тэндээс зүүн тийш салсан бас нэг хоолой харагдав. Толгойнхоо энгэрийн ширэнгийн захад зогсоцгоон цааш задгай газар болон үргэлжилсэн нугатай хоолойг алгасан толгодоор хүрээлэгдсэн эхэнд нь байгаа цавчим бөгөөд ногоо ихтэй хунхыг ажицгаав. Бидний зүүн дээгүүр мод, шохойн чулуун хадтай шовх шовх толгод байлаа. Тэдгээр хад бидний байгаа газраас хоолойн эх хүртэл үргэлжилж тэнд хэсэг толгойн эх болдог ажээ. Баруун доод руу болдог шавсан өргөн нуга. «Ромын» гэр байдаг овоохойнуудын цаана баруунаа цэнхэртэх толгод хүртэл үргэлжилсэн ширэнгэ байлаа. Манай хуаран чанх дор ширэнгэн дундуур явбал баруун хойш таван бээр орчим зайтай байгааг мэдэв.
Нөхөр зогсож Дүүтэй ярилцан сэлмэн эвэртүүд нугатай хоолойн нөгөө талд идээшилж байхыг нь харсан, одоо хоолойн эх адаг хоёрын нэгэнд байгаа гэж дохин зааж байлаа. Модны ёроолд сууцгааж, мөр хайлгахаар Уандеробо-массайг хоолой уруудуулав. Тэр эндээс доош хоолойгоор уруудсан мөн баруун тийш одсон мөр алга гэж ирсэнд нөгөөдүүлийг нугат хоолойн эхэнд идээшилж байна гэж итгэв.
Байгаа газрыг нь товлож, тэдэнд харагдахгүй өгсөж ойртоно гэдэг амаргүй ажил байлаа. Нар хоолойн эхний толгодын цаанаас гарч ирэн биднийг гийгүүлэвч тэр эхний юмс сүүдэртэй хэвээр байв. Би М’Кола, нөхөр хоёрыг авч, бусдыгаа энд модон дотор хүлээлгээд ширэнгэ дамжин хоолойн цаад талыг барьж дээш гараад сэлмэн эвэртүүдийг хайн эхэнд байгаа мужлага бүрийг дурандахаар шийдэв.
Хэлээ мэдэлцэхгүй байж энэ бүгдийг хэрхэн хэлэлцэж, боловсруулж товлосон бэ гэж та бүгд асуувал бид нэг дохиогоор нэвтрэлцдэг морин цэргийн харуул шиг хэлэлцэж тодорхой товлосон гэж хэлнэ. Гаррикаас бусад нь цөм анчин хүмүүс тул долоовор хурууг хөдлөх, алгыг болгоомжлох тэмдэг болгон хэрэглэж бүх зүйлийг хэлэлцэж, боловсруулж чадсан билээ. Бид гурав бусдыгаа үлдээн дээшлэхийг зорьж ширэнгэн дундуур маш сэрэмжтэй замнав. Чигээрээ нэлээн дээр гараад хадтай газар луу мөлхөж очин ард нь нуугдаж наранд гялалзуулахгүйг хичээн малгайгаараа сүүдэрлээд дурандав. М’Кола энэ аргын зохистойг сайшаан бүвтнэж толгой дохиж, бид ширэнгийг хаяалсан нугын цаад тал, хоолойн эхний сархиагийг дурандах нь ээ нөгөөдүүл байж байлаа. М’Кола надаас урьтан харж ханцуйнаас дугтарсан билээ.
— Н'Дио гэж би зөвшөөрөв. Амьсгаа даран тэд хэдийг ажиглав. Бүгд том биетэй, бүдүүн хүзүү, хилэн хар зүсэмтэй ажээ. Бүгд мөн арагшаа тахийсан гэдгэр эвэртэй ажээ. Биднээс хол байлаа. Бусад нь хэвтэж нэг нь зогсож байлаа. Долуулаа ажээ.
— Гур нь аль вэ? гэж би шивнэв.
М’Кола зүүн гараар тоолж дөрөв дэх хуруугаа гозойлгов. Тэр нь өндөр ногоон дотор хэвтэж байгаа нэгэн бөгөөд бусдаасаа биеэр том, эвэр нь илүү гэдгэр ажээ. Гэвч өглөө наран сөрөг сайтар харж болохгүй байлаа. Цаана нь хоолойн адгийг тагласан толгой руу одсон гүнзгий жалгархуу юм харагдана. Хэрхвэл таарахаа ухаарцгаав. Эндээс буцан, харагдалгүй нуга дундуур гарч ширэнгийн цаад биеэр орж өгсөн сэлмэн эвэртүүдийн дээд талд гарах хэрэгтэй байлаа. Хагас маань эхлээд ширэнгэ буюу нугад юм байгаа эсэхийг мэдэх, мяраах хүртэл аль болох түргэн явах хэрэгтэй болов.
Би хуруугаа норгоод дээш өргөв. Хуруу хатаж байгаа байдлаас үзвэл салхи хоолойн дагуу байх шиг санагдав. М’Кола хатсан навч авч нухаад дээш цацав. Навчны үйрмэг биднийг зүглэсхийн буулаа. Салхины чиг зөв бөгөөд ширэнгийн захыг дурандаж товлох хэрэгтэй боллоо.
М’Кола эцэст нь:
— Хапана гэж дуугарав. Би юм олж хараагүй бөгөөд дурандсаар байтал нүд хөшив. Ширэнгээс юм горьдож болмоор байлаа. Юман дээр орж болох авч, ширэнгийг ажиглаж нөгөөдүүлийн дээд талд гарах нь дээр гэж үзэв.
Буцаж ирж энэ тухай нөгөөдүүлдээ ярив. Хоолойн эхнээс ажиглагдахгүйгээр тэндээс бөхийцгөөн хэдэрцгээж би малгайгаа барьж, нугын өндөр өвс рүү орцгоож голоор нь буусан гүнзгий сувгийг огтолж цаад талынх нь ногоотой эрэг дээр гарч хоолой мужисан хөмсөг доогуур модны захаар явцгаав. Дараа нь мод руугаа орж сэлмэн эвэртүүдийн дээд талд гарах санаатай ганц ганцаар цуварч мөлхөцгөөв.
Чадах ядахаараа мэрийвч газар ахихгүй байлаа. Энгэрт гараад ирэхэд биднийг үл харан идээшилсээр байгаасай тэндээсээ бүү хөдлөөсэй гэж залбирахад холгүй мярааж явсан бөгөөд ширэнгэд орохын хамт тэдний бараа тасрахад буудах үед арай салгалж, балбалзахааргүй аль болохоор түргэн явж тэдний дээр гаръя гэж бодож явлаа.
М’Колагийн авч яваа устай лонх алхахын нь тоогоор халаасанд нь яваа сум нүдэж чимээ гаргаад байсан тул зогсоцгоож лонхыг Уандеробо массайд шилжүүлэв. Дэндүү олуул боловч манайхан могой шиг чимээгүй шуурхайлж байсанд сэтгэл овоо уужуу байлаа. Ширэнгэн дундуур ийнхүү явахад сэлмэн эвэртүүд биднийг үзэхгүй, үнэр ч авахгүй гэж найдаж байв.
Явсаар дээд талд нь гарав бололтой нөгөөдүүл одоо бидний доохно талд байгаа гэж лавтайяа итгээд нар гийж байгаа толгойн ёроолын ойн сэжүүрийг өнгөрөв. Дуран хараагаа шагайж шалгаад, саравч, магнайныхаа хөлсийг арчиж, нойтон алчуураа зүүн талын халаасанд хийх ёстойгоо санав. Саравчаа нойтон алчуураар дахин арчиж чийгтүүлэхгүй байх хэрэгтэй билээ. М’Кола, нөхөр бид гурав ширэнгийн захад гарахаар хөдөлсөн билээ. Цаашаа мөлхөн байж хярд бараг хүрлээ. Мод арай шувтраагүй, биднээс доош ил нуга байх бөгөөд бяцхан бут ба дархины ард нуугдацгааж толгойгоо өндийлгөх нь ээ нөгөөдүүл гурван зуун ярд хэр зайтай, бараантаж нүүгэлтэн хэвтэцгээнэ. Энэ зайд нарлаг тархай бут, жалгын ам байх ажээ. Ажиглаж байтал хоёр нь босож биднийг харах шиг санагдлаа. Буудъя гэхэд арай хол, байрыг нь хараад хэвтэж байтал нэг хүн гар дээрээс татсан нь Гаррик бөгөөд «Пига! Пига! Б’вана! Доуми! Доуми! Буга мөн, бууд» гэж тод тод шивнэлээ. Эргэж харвал бусад маань хэвтэх нь хэвтэж, дөрвөн хөллөх нь хөллөчихсөн, Уандеробо-массай шувуунд гэтэх гэж байгаа нохой шиг болсон харагдав. Би цухалдан доош гэж дохив. Хэвтэж байгаа нь М’Кола бид хоёрын цохдог буга мөнөөс мөн бөгөөд энэ хэд дотроо хамгийн том нь байлаа. Хоёр нь бидний зүг харсаар байсанд би шил гялалзах вий гэж болгоомжлон толгойгоо доош болгов. Дахин өндийлгөж саравчаа алгаараа сүүдэрлэв. Тэр хоёр үе үе нааш хялмалзсаар идэж байсан билээ. Тэгтэл нэг нь уцаарлангуй янзтай бидний зүг харсан нь гэдгэрдүү эвэртэй том буга шиг байлаа.
Сэлмэн эвэртийг урьд нь би үзээгүй байсан юм. Бараа харав уу үгүй юу хаа холоос хүнийг таньдаг аргал угалз шиг ч юм уу эсвэл хөдөлж байгаагаа мэдэгдэхгүй бол хоёр зуун ярд ойр очсон ч үздэггүй хандгай шиг ч юм уу, чухам бүү мэд байлаа. Хэр зэрэг ч том юм бэ бүү мэд, юутай ч гэсэн гурван зуун ярд зайтай байгаа нь л тодорхой байлаа. Сууж буюу бөхийн зогсож буудвал ононо гэдгийг мэдэх боловч хаана нь барьж шагайвал дээрийг ухаарахгүй байлаа.
Тэгтэл Гаррик бас дахин «Пига, Б'вана, Пига!» гэж би амыг нь таглах гэсэн мэт эргэж харав. Би туйлын тайван байх ёстой сон билээ. Сэлмэн эвэртүүдийг анх үзэх үед огт уур унтуугүй байснаа Гаррикаас болж уур шатаж гарав.
— Хол уу? гэж мөлхөн хажууд ирсэн М’Колагаас асуувал
— Хол байна.
— Буудчих уу?
— Хүлээ. Дурандъя.
Бид хоёр ээлжлэн дурандаж шинжив. Дөрөв нь л ил харагдаж байлаа. Уул нь долоо байсан. Гаррикийн заадгийг буга гэх юм бол цаадуул нь бас буга баймаар. Сүүдэрт тэд цөм бараан зүсэмтэй харагдана. Цөм том эвэртэй ч юм шиг санагдана. Аргалын хуцууд, өвөл орой болтол хамт сүрэглэж байгаад эмүүдтэйгээ нийлдэг, хандгайнууд зун орооныхоо өмнө хамт сүрэглэж байгаад орсныхоо дараа дахин нийлдгийг би мэдэх билээ. Серенеад бид импалын хоёр хуц цуг байхыг үзсэн юм. Эд цөм буга байлаа гэхэд би хамгийн томыг нь унагах хэрэгтэй гэж бодоод эдний талаар уншсан зүйлсээ дурсахад нэг буга нэг л газар өглөө бүр ирдэг атал түүнд ойртож чаддаггүй байсан нэг бүтэлгүй хүний явдлаас өөр юм санаанд орж ирээгүй. Аятайгаас Аруша дахь Уардений ангийн танхимд үзсэн гайхамшигт хос эвэр санаанд бууж байв. Эдүгээ би сэлмэн эвэртүүдтэй учирч хамгийн томыг нь олж буудах болоод байгаа хэрэг билээ.
— Арай л хол байна гэж би М’Колад хэлэв.
— Тийм байна.
— Явъя гээд би доошоо бай гэж бусдадаа цохиод хоёул толгойн ёроол хүрэхээр мөлхөв. Нэг модны ард орж эргэн тойрноо шинжив. Дуранд эврүүд нь тод харагдахын дээр нөгөө гурав нь ч ил болж ирэв. Бидний сонгодог эднийхээ дотор үнэхээр том нь, эврийг нь шинжвэл мөн хамгийн урт ч, гэдгэр ч юм шиг байлаа. Биднийг шинжээд баярлан догдолж хэвттэл М’Кола «Б’вана» гэж шивнэх нь дуулдав.
Дурангаа доошлуулж эргэж харах нь ээ нөгөө Гаррик ажиг ч үгүй чалчсаар бидэн рүү дөрвөн хөллөсөөр айсуй харагдав. Би түүний зүг гар сунган алгаараа доош гэж дохисон боловч эс хайхран хотын гудамжинд яваа юм шиг тачигнатал ярин дөрвөн хөллөсөөр явлаа. Нэг гур бидэн рүү юуны өмнө түүн рүү сүрхий харж эхлэв. Тэгтэл ч гурав нь босож ирэв. Нөгөө том бас босож бидний зүг толгойгоо эргүүлэн хөндөлсөж зогсох үес Гаррик хажууд ирж «Пига Б’Вана! Пига! Доуми! Доуми! Кубва сана» гэж шивнэлээ.
Голж сонгодог цаг биш боллоо. Үзтэл тэд сэжиг авч, би хэвтсэн чигээрээ оосроо тохойлж баруун хөлийнхөө эрхийгээр газар тулж аваад бугын далны тэгэх дунд бариад гохоо дарав. Сум ульж, бүтэлгүй юм болсон нь илт боллоо. Давуулж орхих нь тэр. Нөгөөдүүл огло харайцгааснаа хаанаас дуу гарсныг эс мэдэн зогтусацгаалаа. Дахин буудаж давуултал тэд жирийгээд өгөх нь тэр. Дахин нэхэж буудсанд нөгөөдөх нэг цовхроод ойчоод өгөв. Тэгснээ босон харайж мөн дахин буудаж оносон боловч тэр сүргээ гүйцэж нийллээ. Бусад нь хажуугаар нь хурдлан өнгөрөх үес дахин буудсан боловч алдах нь тэр. Дахин нэг буудахад нөгөөдөх удаан гэгч сажилсан бөгөөд би онож гэж мэдлээ. М’Кола сум гардуулж би новшийн муу заваан, салга спрингфильдийн дайзыг сумлаж байх зуур нөгөөдөх горхи гарчихсан сажилж явав. Муугүй оножээ. Тэр ч чүү чамай сажилж яваа харагдана. Цаадуул нь ширэнгэ рүү орж яваа харагдав. Нарлаг нөгөө талд явааг нь ажвал цөм, миний бууддаг ч гэсэн ялгаагүй тас хар биш байлаа. Нөгөөдүүлийг нь хар хүрэн гэмээр, миний бууддагийг бол бараг хар гэмээр ажээ. Тас хар биш тул би буруудсанаа мэдэв. Сумлаж дуусаж байтал Гаррик баяр хүргэх гэж гар дээрээс чангаав. Яг энэ үед сэлмэн эвэртүүд хоолойн эхнээс бидэнд харагдаагүй нэгэн жалгатай цагаан газрыг хөндлөн огтолж хар хурдаараа давхицгааж явлаа.
— Бурхан минь! гэж би бодлоо. Тэд цөм миний бууддагтай адил байлаа. Нэг томыг унагая гэж шийдэв. Биеэр тун ойролцоо, хуйлран давхилдах бөгөөд ёстой жинхэнэ гур нь гарч ирлээ. Тэр сүүдэрт ч гэсэн тас хар, наранд гарахад сор нь гялалзах бөгөөд угаараа эгц үзүүрээрээ хойш гэдийсэн том гэгч тас хар хоёр эвэр нь хондлойгоо хүртэл сунайх ажээ. Гур нь ч гур байлаа. Ямар гэгчийн сайхан гур вэ гэж бодов.
— Доуми, Доуми! гэж М’Кола чихэнд хэллээ.
Би буудаж тэр буун дуутай зэрэг үхэтхийн уналаа. Нөгөөдүүл нь бут үсэрснээ дахиж нийлцгээв. Алдаж орхижээ. Нөгөөдөх босож хоолойн чанх эх өөд шахуу, өндөр ногоон дундуур явахад нь дахин буудаад түүний барааг алдав. Нөгөөдүүл нь дахин сарниж хоолойн эхний толгой, баруун талын толгой, ширэнгийн цаадах толгой өөд ганц нэгээрээ цойлцгоолоо. Сэлмэн эвэрт гур гарч ирэхэд нөгөөдүүл цөм, эхлээд миний бууддаг ч гэсэн зүр байж таарсан юм. Гур нь огт гарч ирээгүй бөгөөд өндөр өвстэй газар унасан гэж бодов. Манайхан цугларч надтай гар эрхий барилцаад бид жалгын зах барин модон дундуур хар хурдаараа чавхдацгаалаа. Тэр бугыг, гэдгэр сайхан эврийг нь бодон оюун ухаан, нүдний хараа, хамаг дотор харанхуйлж дотроо бурханд залбиран харагдангуут нь чамайг даа гэж буугаа цэнэглэсэн билээ. Би түүнийг догдолж байж буудсан юм. Бахархал огт байгаагүй. Догдолсондоо болоод онож шагайхын оронд чиглүүлж байгаад л дарсан бөгөөд үүнээсээ ихэд ичсэн билээ. Ер нь манайхан цөм мансууртлаа догдолсон байсан юм. Намайг алхах гэтэл тэд сүрэг ноход шиг тэсгэлгүй цааш гүйцгээсэн. Нөгөө долоог анх олж харсан задгай нугыг өнгөрч гур далд орсон босоо хүнээс өндөр ногоон дундуур орж, хурдаа саацгаав. Тэнд усны сав руу одсон, хүнээс зэгсэн өндөр ногоо, бартаа ихтэй, ваар шиг арав хорин алхам гүнзгий хавцал өнгөлөгдөн орших ажээ. Бид цус олох нь ээ ан маань зүүн тийш эргэж усны саваар гарч хоолойн эхний толгойн энгэр өөд одсон байлаа. Анхны бууддагийг юм уу гэж бодтол ширэнгэ рүү бууж явсныг нь санахад алхаа нь хол юм шиг байлаа. Би том гөрөөсний мөрийг олох гэж эргэн тойрныг нэгжив. Гэвч тэр олон мөр, тийм өндөр ногоо, бартаатай газраас, түүний явсан мөрийг ялган олоход бэрхтэй байлаа.
Манайхан цөм цусан мөр хайж яваа нь үхсэн шувуу эрж яваа гөлгөн ноход шиг нэг нэгээсээ өрсөлдөн тэмүүлцгээж байлаа.
— Доуми! Доуми! Кубуа сана! Гөрөөс! Том гөрөөс гэж би хэлэв.
— Тийм гэж цөм зөвшөөрөөд, — Энд! Энд! гэцгээв. Цусан мөр. Усны саваар гарсан байлаа. Энэ бол сүрхий шархадсан нөгөөдөх нь бол гайгүй гэдгийг мэдэн уул мөрийг дагав. Тэгснээ би буруутаж байна, энэ бол нөгөө том зүр байж болно, биднийг гүйлдэж явах хооронд эргэж энэ өндөр ногоон дотуур өнгөрсөн байж болох юм гэж бас тээнэгэлзэв. Түрүүнд нь буруудсан шүү гэж дотор орж ирж байлаа.
Энгэр өөд түргэн гарч ширэнгэ рүү ороход цус сул цувсаар баруун хойшоо эргэн өөд эгц гараад хоолойн эхэн дэх хадан дунд хүртэл сэлмэн эвэрт босон харайх нь тэр. Хадан дундуур торж бүдэрсээр давхихчаа боллоо. Агшин зуур ажвал тэр гур биш, эвэр нь махир хар хүрэвтэр боловч нөгөө хар хүрэн зүрүүдийн нэг даруй мөн байлаа. Яг бууддагийнхаа даваан дээр тогтов. Буугаа доошлуулж:
— Манамоуки. Зүр байна гэж би хэллээ.
М’Кола ром газарч хоёр зөвшөөрөв. Би буудах тун шахсан билээ. Таван ярд явтал бас нэг зүр босож ирэв. Тэр улангасан эврээрээ сэжлэн хад чулуу байгааг харахгүй байх шиг байлаа. Тэр хүнд шархтай тул би огт тэвдэлгүй хянуур буудаж хүзүүг нь зад цохив.
Очиход хүрэвтэр хар, бараг ч хар гэмээр ар тийшээ гэдийсэн чамин хар эвэртэй хөмсөг, хошуу, хээлүүр цагаан нүсэр амьтан хэвтэж байлаа. Гур биш ажээ.
М’Кола итгэж өгөхгүй магадалж хөхийг нь тэмтрээд «Мацамоуки» гэж толгой сэгсрэв.
Энэ маань Гаррикийн гур гэж заадаг мөн ажээ.
Гур тэр дор бий гэж би заалаа.
— Тийм гэж М’Кола өгүүлэв.
Шархдаад тогтсон бол тамирдаж гүйцээ биз, уруудахад тэр лав байж байна гэж бодогдлоо. Тэгээд М’Колагаар хүзүүний арьсыг яруулж өвгөнийг өвч гэж үлдээгээд гурын хойноос доошоо уруудлаа.
Би савтай уснаасаа уув. Гүйж мацсанаас ам цангаж, нар ч хөөрч халуу шатаж эхэлсэн билээ. Шархадсан зүрийн мөр хөөж ирсэн хоолойн нөгөө тал руу очицгоож өндөр ногоон дундуур эргэлдэн, гурын мөрийг хайцгаав. Олдохгүй байлаа. Сэлмэн эвэртүүд бөөнөөрөө явсан тул ганц мөр цохон хөөх нөхцөлгүй байв. Тэгтэл анх буудаж зугтаалгасан газар ногооны иш дээр гоожсон цус байлаа. Мөрнүүд цаашаа салж биднийг даажигнах мэт болж хөндий, толгодыг чиглэн дагаж явтал мөр алга болох нь тэр. Эцэст нь би хоолойн эхэнд тавин ярд орчим яваад өвсний толгойноос цус олж, тэр өвсийг тастаж авсан юм. Энэ маань буруу хэрэг болсон билээ. Хүмүүс авчирч үзүүлдэг байсан юм. М’Колагаас бусад нь бугыг олно гэдэгт найдахаа больсон болой.
Гур байдаггүй. Үгүй болох нь тэр. Ул мөргүй болох нь тэр. Ер нь байгаагүй ч байж болох юм. Үнэхээр гур байсан гэж хэн хэлж чадах бил ээ? Тэр өвсийг л тастаагүй бол би хүмүүсээ итгүүлж чадах байсан биз. Тэр цустай өвс баталгаа болох байсан. Дахиад би цус олж чадахгүй, дагуулууд маань итгэл алдан сажилцгаадаг болов. Өндөр ногооны уг бүрийг, судгуудын ам бүрийг нэгжихгүй л юм бол мөр олох аргагүй болов. Халуун ч шатаж хүмүүс маань мөр хөөх гэж ёстой нэг нүд хуурцгааж байлаа.
Гаррик хүрч ирж цөм зүр, гур байхгүй. Цөм зүр. Та том зүр алсан. Түрүүн тааралдсан. Жижиг зүрүүд арилаад өгсөн гэв.
— Самбаганасан муу гөлөөг гээд би хуруу даран, — Аан гэж бай. Долоон зүр. Хожим нь арван таван зүр. Нэг зүр гурыг оносон. Тэр одоо энд бий гэв.
— Цөм зүр гэж Гаррик зөрөв.
— Нэг зүр, нэг гур буудсан.
Би итгэхээр зоримог хэлсэн бөгөөд тэд цөм зөвшөөрөн хэсэг эрсэн боловч тэдний итгэл буурч байгаа нь илт байлаа.
— Нохой ч байдаг болоосой. Нэг сайн нохой гэж би бодов.
Гаррик дахин хүрч ирж:
— Цөм зүр. Мундаг том зүрүүд гэв.
— Чи өөрөө зүр. Дэнхийсэн том зүр гэж хэлэв. Энэ үг бүр дор орчхоод байсан Уандеробо-массайн инээдийг хүргэсэн билээ. «Ромын» дүү эргэлзэж, нөхөр хэнд маань ч итгэхгүй байлаа. Өнгөрдөг орой хүдүү унагасныг ч үнэмшихгүй биз гэж бодогдов. Гэвч муу буудсандаа бантаад тэдэнд буруу эс өгөв.
М’Кола уруу царайлан ирж:
— Хапана гэснээ, — Б'вана та гур буудсан гэж үү дээ? гэлээ.
— Буудсан гэв.


Үнэндээ ч гур байсан юм гэж үү дээ гэж мөч хэртэй эргэлзэв. Тэгтэл өндөр бөгтрөгтэй үзүүрээрээ махир урт гэдгэр эвэртэй, бусдаасаа булиа бугалгатай тас хар том амьтан тэдний дотор харайлгаж явсан нь дүрээрээ дахин санаанд орж ирлээ. М’Кола ч гэсэн өөртөө төрж байсан итгэл алдалтын бүүдгэр мананг нэвтлэн тэр гурыг дотроо дахин дурсжээ.
— Тийм. Би үзсэн. Та буудсан гэж тэр хэлэв.
Би дахин
— Долоон зүр. Томыг нь буудсан. Арван таван зүр нэг гур. Гурыг нь буудсан гэлээ. Тэд мөн үнэмшиж хэсэг эрцгээснээ нарны халуун, өвсний шигүүд автан итгэл нь дорхноо харив.
— Цөм зүр гэж Гаррик дахин улиглахад Уандеробо-массай ам ангайн дагалдав. Өөртөө төрж байгаа шинэ бодлыг мэдрэн би ч гэсэн санаа амарч ирлээ. Тэр халуунд, тэр нүцгэн газар, тэр цавчим толгодоор наранд шарагдан гөрөөлөх лайгаас сална гэдэг хачин хялбар хэрэг. Толгой өвчиж дуустал хоолойн хоёр хажуугаар явж уруудаж гураа эрье гэж би М’Колад хэлэв. Итгэл ингэж буурсан цагт гөрөөлөх гэдэг нөхцөлгүй хэрэг. Тэднийг хөдөлгөх, сахилгажуулах аргагүй болсон. Хууль гэж юм байдаггүй сэн бол Гаррикийг буудаж алаад цаадуулыг нь хөдөлгөх буюу сэнхрүүлж чадах билээ. Тэднийг би уул нь гөрөөлөхөөс буцахгүй байсан гэж бодном. Гаррик гэдэг тун өөдгүй амьтан. Адгийн муу хор, гай хөө тарьсан юм.
М’Кола бид хоёр хоолойгоор уруудаж шувуу хайж яваа ноход шиг эргэн буцан мөр бүрийг шиншиж үзэв. Халуу шатаж, ам ангах нь тэсэхүйеэ бэрх. Нар гэдэг яая даа гэмээр хэцүү зүйл болж ирлээ.
— Хапана гэж М’Кола дуугарав. Бид түүнийг олдог хөг өнгөрчээ. Гур ч бай, зүр ч бай тэр нэгэнт алдагджээ.
— Зүр ч байсан байж болох юм. Эсвэл ер нь оноо ч үгүй байж болох юм гэж итгэлээ цуцлахад бие сэтгэл таатай оргиж ирэв. Бид баруун талын толгойгоор самнаад зүрийн толгойг хуарандаа аваачих «Ромын» сонинг дуулахаар болцгоов. Ам хатах гэдэг бүр хэцүүдэж савтай усаа хуурайлсан тул хуарангаас ус ч авмаар байлаа.
Толгой өөд авирцгааж явтал бутан дотроос сэлмэн эвэрт босон харайх нь тэр. Зүр гэж таньж завдалгүй буудчих шахав. Ингэж ч нуугддаг юм байна гэж бодлоо. Хүн нэмж авч тэр хавийг дахин самнаж болох юм шиг санагдлаа. Тэгтэл өвгөний зүгээс бачимдаж хашхирах дуу гарав.
— Доуми! Доуми! гэж тэр байдгаараа хашхирах ажээ.
— Хаана байна? гэж би дуудан асууж өвгөний зүг толгой давж харайлгав.
— Тийшээ! Тийшээ! Тийшээ явчихлаа! Тийшээ! гэж байв.
Бид хар хурдаараа жирийцгээж очсон боловч буга толгойн энгэрийн ширэнгэ рүү далд орсон байлаа. Өвгөний хэлэх нь, лут том эвэртэй гур хажуугаар нь арван ярд зайтай гарч, хэвлий, хондлой хоёртоо шархтай боловч түргэн явж, болдогууд дундуур гаран энгэр өөд өгсжээ.
Гэдсээр нь буудаж гэж би бодлоо. Цаашаа хараад давхихаар нь араас нь буудсан. Хэвтэн тусахад нь буудаад оноогүй. Биднийг явж өнгөрсөн хойно тэр босож явсан хэрэг байлаа.
— Явцгаая гэж би хэлэв.
Цөм догдлон явахаас ч буцахгүй болж өвгөн түүний тухай чалчсаар толгойны арьсыг эвхэж, толгойг нь толгой дээрээ тавихад бид хадан дундуур өгсөж энгэрийг нэгжив. Өвгөний заасан газар сэлмэн эвэртийн том мөр, туурайн нь өргөн дэрвэгэр дардас байх бөгөөд ширэнгэн дундуур өгссөний дээр цус зөндөө нэлийж байлаа.
Дээрээс нь орж нам буудах санаатай шуурхайлан мөрдөцгөөсөн бөгөөд модны сүүдрээр гоожсон цус дагахад төвөггүй байлаа. Тэгтэл мөр өгссөөр толгойг түргэн нь аргагүй давлаа. Цус нь ягаанаараа, эвэрч амжаагүй нойтон хэвээрээ авч бид гүйцэж чадахгүй байв. Би нэг бол өмнө хэвтэж байгаа эсвэл ширэнгэн дундуур толгой руу бууж яваа гэж итгэн мөрийг харалгүй урагш ширтсээр, М’Кола Гаррик хоёр бусдаараа туслуулан мөрдөж, өвгөн зүрийн эвэртэй гавал, толгойны арьс хоёрыг буурал толгой дээрээ тавьчихсан туйвж яваа харагдлаа. Өвгөн ядарч яваа хэрэг ажээ.
Гур ирсэн мөрөө харж ард нь зогссон бололтой бутны ард хадны дээр цус нэлийсэн газар ирцгээж салхины чигийг тандвал бидний араас байлаа. Салхи нэлээн түргэн, гурыг гэлдрүүлэх горьдлогогүй болсон, бидний урд байгаа хөдөлж чадах аливаа амьтан зайлж одох нь дамжиггүй болов. Би М’Колаг авч дөтлөн амдъя, бусдаар нь мөрдүүлье гэж бодсон боловч түргэн урагшилж яваа, бас чулуу, унасан навч ногоон дээр туссан цус шив шинэхний дээр амдана гэхэд толгой цавчим шовх байлаа.
Бид мөр дагасаар хавцалтай газар ороод, явах маань удааширч авирахад бэрх боллоо. Жалгад байгаа хэрэг боллоо, дээрээс нь оръё гэж бодсон боловч цус тийм ч шинэ биш болж овгоруудыг сүлжин хад өөд авирсаар дэл хадны ирмэг дээр хүрч ирэв. Эндээс эргэж доошоо буусан байгууштай. Толгойн оройд гарах нь давшгүй даваа баймаар. Доош л буухаас өөр зам байхгүй, гэвч хаашаа буусан бол оо? Хавцлын уруу буусан юм бол уу? Би бууж болох гурван зам руу бусдыгаа илгээгээд барааг нь олж харахаар дэл хадны оройд гарлаа. Тэд юу ч олж чадахгүй байтал баруун дор явсан Уандеробо-массай цус байна гэж дуудав. Бууж очвол чулуун дээр үнэхээр цус байх бөгөөд түүнийг мөрдвөөс ганц нэг дусал болон нугын ангал руу эгц буулаа. Уруудахад нь урам орж өвдөгцөөр татах өтгөн ногоотой нуга дундуур дагахад төвөггүй байлаа. Өндөр ургасан ногоо хэвлийг нь арчиж, мөр бүдгэрэхэд бөхийж ногоог ярахын хэрэггүй, толгойд нь цус бэлхгэнэж байх ажээ. Аагим халуун наранд мөр биднийг хадны ирмэг дээр авчирч цаг алдуулсан нь илт болов.
Эцэст нь мөр анх өглөө бидэнд харагдсан нугаар гарсан хуурай сувгийг огтолж тархай модтой тэртээ энгэр өөд өгслөө. Тэнгэрт бүртийх үүлгүй, нарны халуун чинээндээ хүрээгүй боловч хүзүү, толгой дүнсийн хөшиж ам хатаж байлаа. Халуун нь халуун боловч яая гэхээргүй байлаа. Гэхдээ л жинтэй санж. Гаррик мөр хөөхөө бүүр болиод, М’Кола бид хоёрыг цус шалгахад намжирдаж гайхуулахаас цаашгүй явж байлаа. Ингэж оронцоглохын оронд уг нь амарвал сайн амарч аваад олигтойхон мөрдвөл дээр байсан юм. Уандеробо-массай шинжиж хайхдаа маруухан тул түүнийг дэмий байлгахгүйг хичээн М’Кало бид хоёр том буунуудаа үүрүүлэв. «Ромын» дүү үзтэл анчин хүн биш, нөхөр бол ангийн тухай огтхон ч бодохгүй явах шиг байлаа. Тэрэнд ан хийж явсан царай алга байлаа. Бид мөр мөшгөн мунгинаж удсан бөгөөд нар ч шарж газар ч улайсан тачир ногоон дээр дусалсан, цацагдсан цус хатаж хар өнгөтэй болж дүү, Гаррик. Уандеробо-массай гурав нэг нэгээрээ алга болж тархай моддын сүүдэрт орцгоосон байлаа.
Нар ч тэсгэлгүй төөнөж мөр шагайгаад тонгойж явахад алчуураар бүтээсэн боловч толгой лугшиж байлаа.
М’Кола улайран, яарах ч үгүй, цуцах ч үгүй мөрдөх ажээ. Малгайгүй халзан толгойны нь хөлс бурзайж ирээд нүүр нүд рүү нь урсан, мань хүн өвс тастаж хоёр үзүүрээс нь бариад магнай, халзан хар оройныхоо хөлсийг хуссаар явав.
Бид газар авах нь тун удаан байлаа. Би мөр хөөхдөө М’Колаг дагуулахгүй гэж Өвгөнд ямагт онгирдог байсан юм. Тэгээд, би урьд алдсан мөр хөөж яваад цус олохоороо энэ Гаррик шиг л сагсуурдаг байж дээ гэж ухаарсан билээ. Халуун там гэдэг шиг толгой шалзлах нь холгүй цонож байгаа гаргуут халуун наранд тачир өвстэй улайссан газраар чармайн мөр хөөхөд өвсөн толгой дээр унасан цусан дуслууд хатаж тас харлаад олж харахад төвөгтэй байлаа. Хорин ярд ч магадгүй явж байж нэг маань ганцыг олно. Нөгөөгөө шинийг эрж олтол түүнийгээ баримжаа болгон сахиж, олохоор нь мөрний хоёр талыг самнахад хүрч байлаа. Цусан дусал олдоход дугарахаасаа залхуурцгаан өвсний ишээр зангачхаад сайтар харж аваад хоёул түүнийгээ авч гар өргөж дохио өгнө. Хүзүүнийхээ лугшилтыг намдаах гэж өндийхөд улайдсан газар эргэлдэнэ. М’Кола хосгүй сайн эр, сайн мөрч болохыг би мэдэж авав. Өвгөнд хэлье дээ гэж бодсон болой.
Яг ингэж явахад М’Кола хошигносон билээ. Миний ам хатаад үг дугарахын хариугүй байсан юм.
Намайг нуруугаа эгцлэн хүзүүнийхээ хөшөөг гаргах гэж шөргөөж байтал М’Кола:
— Б’вана гэв.
— Аан.
— Виски уух уу? гээд тэр над руу ташмаг сунгав.
— Шаар даа, чамайг гэж би англиар хэлсэнд тэр жуг, жуг инээгээд толгой сэгсрэв.
— Хапана виски?
— Лүд дээ, чамайг гэж би шуалигаар хэлэв.
М’Кола толгой сэгсрэн инээж бид хоёр мөрөө дагатал удалгүй ногоо өндөр болж, бидний ажлыг хөнгөвчлөх мэт боллоо. Өглөө толгойгоос харагдсан амыг хөндлөн гарч энгэр барьж буухад мөр өндөр ногоонд дахин шургав. Би өндөр ногоон дотор нүдээ онийлгосхийн мөр хайж явтал гур нөгөө мөрөөрөө дайрч гарсан газар тааралдсанд би М’Колагийн инээд хүргэн цус эрэхээ больж чигээр алхлаа. Тэндээс гарвал тачир ногоо, хад чулуу бүхий газар дахин тааралдаж мөр олоход бэрх болж ирэв.
Цус хаях нь цөөрч иржээ. Нарны халуунд шарх нь эвэрсэн бололтой. Чулуун дээрээс л ганц нэг дусал олдог боллоо.
Гаррик хүрч ирж хэдэн дусал байгааг олж гялалзсан нээлт хийчхээд модны ёроолд суугаад өгөв. Бас нэг модны ёроолд хөөрхий муу Уандеробо-массай эхний бөгөөд эцсийн нь ажил болох буу баригчийнхаа үүргийг гүйцэтгэсээр сууж байгаа харагдлаа. Өөр нэг модны ёроолд өвгөн согооныхоо толгойг дэргэдээ тавьчихсан хэвээр, бөөн хар гайг ёрлох мэт тас харлаад сууж байлаа. М’Кола бид хоёр яарч тэвдэлгүй тун няхуур нэхсээр хадтай урт энгэрийг хэдэрснээ эргэж тархай модтой нугаар гарч адаг руугаа нурж хэлтэрсэн овгоруудтай урт талбай руу орж ирэв. Талбайн дунд ирээд мөрөө бүрмөсөн алдаж хоёр цаг хэртэй эргэж буцан мунгинаж байж цусан дуслын бараа харсан билээ.
Биднээс зэгсэн хагас бээр зайтай овгоруудын хавиас өвгөн цус олсон юм. Өвгөн шархтай гур тийшээ явсан байж магадгүй хэмээн санаачилж тэр зүг очсон юм байжээ. Өвгөн анчин хүн мөнөөсөө мөн байлаа.
Тэр мөрийг хичээнгүйлэн дагаж чулуурхаг хатуу газраар бээр хэртэй бэдэрцгээв. Газрын хөрс амьтны мөр гарахааргүй хатуугийн дээр цусан дусал олдохоо болих нь тэр. Бид гур хаашаа одсон байж болох талаар янз бүрийн онол туурвиж элдэвчлэн хайсан боловч тэр газар барахын аргагүй уудам, бидний аз ч нэгэнт хаяж алга болсон байлаа.
— Муу байна гэж М’Кола өгүүлэв.
Би нуруугаа сая тэнийлгэж том модны сүүдэрт суулаа. Ус шиг сэрүү татуулан нойтон цамцыг минь нэвт сэнгэнүүлж байлаа. Би тэр гурыг бодон, яах ч гэж буудлаа хэмээн бурханд залбирч суусан. Шархдуулаад алдах нь энэ ажгуу. Тэр амьтан чигээрээ явсаар энэ нутгаас гарна гэдэгт эс эргэлзэв. Эргэж буцсан шинж огт байгаагүй юм. Тэд од түгэх цагаар үхэж чононцруудын хоол болно. Тэрнээс ч долоон дор юм болж, чононцрууд түүнийг амьдаар нь хүү татна. Цусны үнэр анх авсан нэг нь эцсийг нь хүртэл лав мөрдөнө. Шархдуулаад алддаг ёстой нохойн гөлөг юм даа би гэж бодолд автаж суусан. Би алив юм, алив амьтныг алахаас буцдаггүй, цэцэн буудвал тэд нам үхэж, уул явдал агшин зуур мартагдаж гэмших юм үлддэггүй. Махыг нь идэж, арьс эврийг нь авдаг. Харин энэ гурын төлөө сэтгэл ихэд зовниж байлаа. Тарчлаалаа гэхээс гадна түүнийг олж авах сан хэмээн мөрөөдөн нүгэлтэй их, тэсэхийн аргагүй их мөрөөдөн шаналж байлаа. Тэр уул нь бидний урхинд орж ирэх нь ирсэн хэрэг. Анх уруудаж явахад нь л унагах бүрэн бололцоо байсан боловч чадсангүй. Чааваас гэж, унагаж чадаагүй юм. Буу барьдаг хүн л бүү асуугаасай, сайтар шагайж буудахын оронд чиглүүлсхийгээд буудсан, ер нь буудсан минь энэ муу хар толгойн хийсэн заваан алдаа мөнөөс мөөн. Нохойн гөлөгний гэдсээр нь буудсан байна. Хэт бардам зан гаргаж яваад эгзэгтэй цаг болоход ганц хазгай гишгэснээс болсон хэрэг ээ. Ингээд алдах нь тэр. Энэ халуунд түүний мөрийг хөөх нохой орчлонд байдаг болов уу гэж бодов. Үлдсэн ганц горьдлого нохой л байлаа. Толь гаргаж «Ромын» тэр хавиар нохой бий юу гэж өвгөнөөс асуув.
— Байхгүй, хапана гэж өвгөн хариуллаа.
Холуур тойрон самнахаар шийдэж Дүү, Нөхөр хоёрыг нэг тийш явуулав. Ингэж хайгаад ч зөрөг, мөр, цусны алийг нь ч эс олон хуаран руугаа буцъя гэж М’Колад хэлэв. Дүү, Нөхөр хоёр миний буудсан зүрийн махыг авах гэж хоолой өөд өгсөв. Бид цөхөрч бүр гүйцсэн хэрэг ээ.
М’Кола бид хоёр тэргүүлэн бусад маань араас дагаж гал шиг халуунд униартан дүнсийх цагаан газраар уруудан хуурай сувгийг хөндлөн гарч өгсөсхийн модон дундуур нэвтэрсэн сүүдэрлэг, аятайхан зөргөөр явцгааж байв. Нар сүүдэр хоёрыг ээлжлүүлсээр дөтлөх санаатай замаас зуун ярд гаран ойн хавтгай, бамбалзуураар явж байтал ширэнгэ дотор сүрэг сэлмэн эвэрт бэлчин бидний зүг харцгааж байлаа. Би зогтусаж том эвэртэйг нь шилж эхлэв.
— Доуми, Доуми. Кубуа сана! гэж Гаррик шивнэлээ.
Би түүний заасныг харав. Хүрэн хар зүсэмтэй, хамар, хээлүүр цагаан, үзүүр лүүгээ махир том эвэртэй лут нүсэр зүр ажээ. Тэр зүр хөндөлдөж зогсоод бидний зүг харж байлаа. Би бусдыг нь хичээнгүйлэн ажиглав. Цөм зүр бөгөөд, үзтэл миний гурыг нь шархдуулаад алддаг нөгөө сүрэг толгой давж ирээд энд нийлэн бэлчиж байгаа нь энэ бололтой.
— Хуарандаа очицгооё доо гэж би М’Колад хэлэв.
Биднийг хөдөлтөл нөгөөдүүл ухасхийн хажуугаар гарч урдах зам огтлон давхилдлаа. Аятай эвэр харагдах бүр Гаррик:
— Гур Б’вана, Мундаг. Мундаг гур. Бууд, Б’вана. Бууд. Буудаач ээ! гэж байсан билээ.
Тэд сиймхийгээр нь нар тусах ширэнгэн дундуур ухаан жолоогүй давхиж өнгөрсөн хойно би:
— Цөм зүр байна гэж М’Колад хэлсэнд:
— Тийм байна гэж тэр зөвшөөрөв.
— Өвгөөн гэж намайг дуудахад тэр хүрч ирэв.
— Наадхыгаа газарчид өг.
Өвгөн зүрийн толгойг газарт буулгав.
— Чадахгүй гэж Гаррик дургүйцэв.
— Чад. Чадах л болно доо гэж би тушаалаа.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Африкийн Ногоон Толгод - 12
  • Büleklär
  • Африкийн Ногоон Толгод - 01
    Süzlärneñ gomumi sanı 4549
    Unikal süzlärneñ gomumi sanı 1967
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 02
    Süzlärneñ gomumi sanı 4491
    Unikal süzlärneñ gomumi sanı 2008
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 03
    Süzlärneñ gomumi sanı 4255
    Unikal süzlärneñ gomumi sanı 2007
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 04
    Süzlärneñ gomumi sanı 4525
    Unikal süzlärneñ gomumi sanı 1971
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 05
    Süzlärneñ gomumi sanı 4618
    Unikal süzlärneñ gomumi sanı 1953
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 06
    Süzlärneñ gomumi sanı 4507
    Unikal süzlärneñ gomumi sanı 2100
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 07
    Süzlärneñ gomumi sanı 4439
    Unikal süzlärneñ gomumi sanı 2048
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 08
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 09
    Süzlärneñ gomumi sanı 4471
    Unikal süzlärneñ gomumi sanı 2047
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 10
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 2055
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 11
    Süzlärneñ gomumi sanı 4575
    Unikal süzlärneñ gomumi sanı 1888
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 12
    Süzlärneñ gomumi sanı 4541
    Unikal süzlärneñ gomumi sanı 2156
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 13
    Süzlärneñ gomumi sanı 90
    Unikal süzlärneñ gomumi sanı 71
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.