Latin

Африкийн Ногоон Толгод - 01

Süzlärneñ gomumi sanı 4549
Unikal süzlärneñ gomumi sanı 1967
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
ЭРНЕСТ ХЕМИНГУЭЙ
АФРИКИЙН НОГООН ТОЛГОД
(тууж)
“УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР” Улаанбаатар хотноо 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “ЭРНЕСТ ХЭМИНГУЭЙ : АФРИКИЙН НОГООН ТОЛГОД, ФИЕСТА” номоос
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2023 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.





Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Ernest Hemingway

Green Hills of Africa

Англи хэлнээс орчуулсан Н. Цэвэгмид
Редактор Д. Алтанхуяг


ХЕМИНГУЭЙН ТУУЖ, РОМАН ХОЁРЫН ТУХАЙ

«Хүн бүхэнд өөрийн хайртай зохиолч гэж байдаг. Чухам яагаад тийм ийм зохиолчийг хайрладаг вэ гэдгээ тайлбарлах нь, яагаад тийм хүүхэнд хайртай вэ гэдгээ тайлбарлахтай адил хэцүү. Өөрийн үеийн бүх зохиолчдоос би Хемингуэйд хамгийн их хайртай байсан» гэж зөвлөлтийн нэрт зохиолч, улс түмний хооронд энх тайвныг бэхжүүлэх дэлхий дахины Лениний шагналтан Илья Эренбург «Хүмүүс, он жил, амьдрал» гэдэг дуртгал номдоо бичсэн билээ. «Африкийн ногоон толгод» тууждаа Хемингуэй бичсэн нь: «Сайн зохиолч гэвэл Генри Жеймс, Стивен Крайн, Марк Твен юм... Орчин үеийн америкийн бүх утга зохиол Марк Твены «Гекльберри Финн» гэдэг нэртэй нэг номоос гарсан. Түүнээс америкийн бүх утга зохиол гарсан. «Гекльберри Финнээс» өмнө юу ч байгаагүй. Түүнээс хойш ч тэнцэх юм аанай гарсангүй» гэжээ.
Тэр өнгөрсөн үеийн бүх шилдэг зохиолчдоос суралцаж амьдралыг хамгийн үнэнээр, хамгийн шударгаар үзүүлж «америкийн зохиолч № 1» гэсэн үнэлэлтийг олох гэж энэ зохиол бичихээсээ эрмэлзэж санасандаа хүрсэн юм. Тэр бээр уран зохиолын сургуулийн угийн бичгээ «Гекльберри Финн» болоод Гертруд Стайны зарим зүйлээс эхэлсэн гэж хэлсэн бөгөөд Флобер, Стендалийн нарийн хийц, Марк Твены өвөрмөц хэллэг ихтэй ярианы хэл, энгүүн, давтагдашгүй хэлбэр зэргээс Хемингуэйн хэлбэр үүссэн гэдэг. Сезанн зураачаас амьдралыг дүрслэн бичихийг сурдаг байсан гээд чухам юу сурдаг байснаа хэлж аль гэхэд тэр бол уран бүтээлийн нууц юм гэжээ. Амьд байгаа зохиолчидтой уралдахгүй, амьд буй зохиолч гэдэг нь нэгдүгээрт; жинхэнэ зохиолч мөн биш нь шалгараагүйн дээр, хоёрдугаарт: атаа их үүсдэг тул уралдаж болохгүй, харин нас барсан зохиолчдоос өөрөө хэнийг нь хамгийн сайн зохиолч гэж үзсэн, түүнээ давахыг зоривол сая амжилт олно гэж үздэг байв. Нас барахаас нь өмнөхөн Эрнест Хемингуэйтэй «Парис ревью» сэтгүүлийн сурвалжлагч уулзаж залуу зохиолчдод юу зөвлөх тухай нь асуухад шударга ёсны мэдрэхүй, уран сайхны авьяас хоёр бол зохиолч хүнд онцгой чухал зүйл гэж хариулсан байна. Эл хоёр чанарын дээд зэргийн илрэл бол Хемингуэйн зохиол юм. «Надад өөр олон сонирхол бий. Амьдралдаа би тун хангалуун, тэгэхдээ бичих л надад чухал, яагаад гэвэл, би ямар нэгэн тодорхой тоотой үг бичихгүй л бол хамаг амьдрал маань өнгө жавхаагаа алдана... Аль болохоор сайн бичиж явц дундаа суралцах нь надад чухал» гэж тэр бээр «Африкийн ногоон толгод» номдоо бичсэн нь буй.
«Африкийн ногоон толгод» номоо зохиолч тодорхойлохдоо санаанаас зохиосон нэг ч баатаргүй, хэн ч уншихад өөрийн нь тухай зохиол шиг санагдахаар туйлын үнэн ном бичихийг зорьсноо хэлсэн байдаг. Эрнест Хемингуэйн эл тууж, «Фиеста буюу наран бас л мандана» роман болон бусад зохиолыг уншихад баатруудын яриа тун их байдаг. Энэ бол нуршуу яриа хэрхэвч биш, харин Хэмингуэйн зохиолын амин сүнс юм. Тэр зохиолын баатрууд, цөөхөн цөөхөн үгээр онцын ач холбогдолгүй юм ярьж буй мэт боловч үг бүр нь цаанаа гүн утгатай, тэдгээр хүмүүсийн сэтгэл санааг илэрхийлж хүн яг л ингэж хэлдэг дээ гэж өөрийн эрхгүй санагдуулж жинхэнэ амьд баатруудын дунд уншигчийг оруулж, унших тусам уншигч өөрөө тэр зохиолын баатрууд дунд орсон мэт болох нь түүний уран чадвар юм. Энэ талаар Илья Эренбург бичсэн нь: «Би Хемингуэйгээс их юм сурсан. Миний бодоход, түүнээс өмнө зохиолчид хүмүүсийн тухай ярьдаг, бүр ч гайхалтай ярьдаг байжээ. Харин Хемингуэй баатруудынхаа тухай хэзээ ч ер ярьдаггүй, гагцхүү үзүүлдэг юм. Үүгээр ч янз бүрийн орны зохиолчдод түүний нөлөөлснийг тайлбарлаж болох бөгөөд бүгдээр мэдээж түүнийг хайрлаагүй ч гэсэн бараг бүгдээр түүнээс суралцсан юм» гэжээ. Хемингуэйн уран чадвар ийм л өвөрмөц онцлогтой юм. «Африкийн ногоон толгод» тууж нь анчдын нэг л сарын амьдралыг үзүүлсэн ном мэт боловч юм юмны тухай өгүүлж энэ номоос ан агнуурын тухай хамгийн үнэн тодорхой зүйлийг уншихын дээр африкийн шилдэг сайн нөхөрсөг хүмүүсийн тухай, байгаль газар орны тухай, америкийн тухай, зохиолч, уран бүтээлчдийн тухай, хайр сэтгэлийн тухай унших болно.
Хемингуэйн тухай хүмүүсийн бичсэн үг болон утга зохиолын арга барилынхаа тухай түүний бичсэн зүйлийг уншихад тэр бээр амьдралыг тодорхой үнэнээр харуулахыг хичээдэг байсан тул заримдаа бодит хүний нэрийг оруулж бичсэнээ өөр нэрээр солих гээд зүрхэлдэггүй аж. Энэ нь амьдралыг яг хуулдаг гэсэн үг бус туйлын үнэнээс хазайж зүрхэлдэггүй байсан гэсэн санаа юм. Тийм ч учраас түүний зохиолд гарч буй зүйлс бол бодитой, шинжлэх ухааны бат үндэстэй, амьдралын гүн ухаан, сэтгэл зүйн жинхэнэ үнэн байдаг гэж ойлгож болно. Тэгээд ч одоо дэлхийд эрдэмтэн хүмүүс реалист зохиолуудыг уншин судалж шинжлэх ухааны нээлт хийдэг явдал өргөжиж байна. Би Хемингуэйн зохиолыг чухам тийм үндэстэй гэж давхар хэлэхийг хүсэж байна.
Хорьдугаар зууны хориод оны үед америкийн олон нэрт зохиолч Парис хотноо сууж «америкийн утга зохиол францад нүүж ирлээ» гэж ярьж байсан цагт Эрнест Хемингуэй мөн Парист сууж уран зохиолынхоо ажлыг дагнан эрчимтэй эхэлсэн байна. Тэр үед тэнд Эзре Паундыг хүрээлсэн хэсэг зохиолч, нэрт зохиолч эмэгтэй Гертруд Стайн, Фицжеральд Скотт нар Хемингуэйг шууд дэмжиж эгнээндээ оруулж авсан юм. 1925 онд хэвлүүлсэн «Ялагдашгүй» гэдэг өгүүллэг нь маш их амжилт олж «түр зуур дийлдэвч ёс суртахуунаар ялагдашгүй үлдэх ёстой» гэсэн Хемингуэйн тэр санаа түүний хойшдын бүтээл ялангуяа «Фиеста буюу (наран бас л мандсаар байна)» гэдэг анхны романы нь мөрийн хөтөлбөр болжээ.
Испани улсын Валенсий хотод байхдаа 1925 оны зургаадугаар сарын 21-нд Эрнест Хемингуэй төрсөн өдрөө тохиолдуулан роман бичиж эхэлжээ. Романаа «Фиеста» гэж нэрлэсэн бөгөөд энэ нь испанийн үндэсний баяр наадмын нэр юм. Фиеста наадмын гол нэг тоглоом нь улайрсан бухтай тулалдах тэмцээн юм.
Зургаан долоо хоногт романыхаа эхний бичлэгийг дуусжээ. Маш шаргуу хөдөлмөр юм. Амжилт олох ч үндэс байлаа. Яагаад гэвэл тэр бээр өөрийн үеийнхэн, олон жил цуг амьдарч ажиглаж зан чанарыг нь андахаа байчихсан нөхдийнхөө тухай, мөн өөрийнхөө тухай, хамаг мэддэг амьдралын туршлага, үзсэн харснаа тунгаан бичсэн болно. Зарим зохиолчийн анхны бүтээл маш амжилттай болоод хойших нь буурдаг нь тэр зохиолч анхны бүтээлдээ амьдралын хамаг мэдлэгээ шавхаад дахин хуримтлуулж чаддаггүйгээс болдог буй заа. Харин Хемингуэй тийм биш юм. эр хүн хэвтэж байж үхэх эрхгүй гэсэн уриа доор амьдралын хамгийн ширүүн долгион дунд явж байсан учраас амьдралын мэдлэг туршлага нь баян дэлгэр юм. Гэвч анхны энэ романд нь хойшдынх нь зохиол бүтээл давж гарч чадаагүй уран дүрслэлтэй хэсэг бий. Романы хоёр гол баатар Жейк Барнс, Бретт Эшли хоёр бол өнгөрсөн дайнаас хохирсон хүмүүс юм. Ер нь эл романд гарч буй хүмүүс цөм л өнгөрсөн дайнд хохирсон залуус юм. «Та нар цөм хохирсон үеийнхэн» гэж Гертруд Стайны хэлсэн үгээр Эрнест Хемингуэй өмнөх үг болгож анх хэвлүүлсэн байна. Зохиолын гол баатар нь зохиолч сэтгүүлч хүн бөгөөд түүгээр өөрийн тухай үзүүлжээ. Дайны аюул хөнөөлөөс гадна дайнд ороод дайны дараа хайхрах эзэнгүй хаягдаж хохирсон үеийн тухай Хемингуэй ер их санаа зовж олон зохиолдоо тэр үеийг үзүүлж байлаа. Сурвалжлагчийн асуултад хариулахдаа Хемингуэй хэлсэн нь: «Миний санахад тэр бол эвдэрсэн үеийнхэн, олон талаар эвдэрсэн үеийнхэн юм. Гэхдээ чөтгөр алгад гэж! амь үрэгдэгсдээс гадна мэдээж эрэмдэг болж яах аргагүй галзуурсан болов чиг бид ер нь мөхөөгүй. Мөхчихсөн үеийнхэн! Үгүй ээ! Бид тун их тэсвэртэй үеийнхэн...» гэжээ. Хемингуэй өөрөө дайнд явж тэгж хохирч үлдсэн үеийнх байлаа. Тэгээд хохирсон ч гэсэн ялагдашгүй гэсэн санаа, дайны дараа фронтоос ирсэн залуучуудыг хамгаалж бичдэг Хемингуэйн нэгэн гол сэдэв болсон юм. Дайны эсрэг, фашизмын эсрэг америкийн нэрт зохиолч бүтээлээрээ тэмцсэн юм. Одоо түүний уран бүтээл дэлхийн олон хэлээр гарч их зохиолчийн тэмцлийг үргэлжлүүлж хүн ардын дунд цогт уриа болж байна.
Манай монголын уншигчид Хемингуэйн зохиол бүтээлтэй танилцсаар нэлээд удаж байна. Анх монгол хэлээр түүний «Өвгөн тэнгис хоёр», дараа нь «Зэр зэвсэг минь баяртай» роман гарсан билээ. Эл хоёр зохиол бол Хемингуэйн олон улсын утга зохиолын дээд шагнал болох Нобелийн шагнал хүртсэн зохиол нь юм. Мөн «Климанжарогийн цас» гэж алдартай өгүүллэг нь гарч эдүгээ «Африкийн ногоон толгод», «Фиеста буюу (наран бас л мандана)» гэдэг тууж, роман хоёр нь хэвлэгдэж байна. Үүнээс хойш түүний олон өгүүллэг, тууж романтай манай уншигчид эх хэлээрээ танилцах нь дамжиггүй.
«Фиеста буюу (наран бас л мандсаар байна)» романдаа Эрнест Хемингуэй зөвхөн хохирсон үеийнхнийг үзүүлэх гэсэн бус бас тэр зохиолдоо эшлэл болгосноор хүн төрөлхтний үе нэг нь одож, нөгөө нь ирж нөхөж байдагчлан, наран маргааш дахиад мандахын тулд жаргаж газар дэлхий ямагт нэмэгдэж байдгийг үзүүлэх гэсэн гэжээ. Газар дэлхий ямагт нэмэгдэн өргөжиж байдаг шиг алдартай зохиолч Хемингуэй насан эцэслэсэн авч зохиолоороо үүрд мөнхөрч уншигчид нь үеийн үед нэмэгдэж байх болжээ.

М. Цэдэндорж


АФРИКИЙН НОГООН ТОЛГОД


ХҮНДЭТ НОЁН Ж. Ф.

Энд та зохиомол дүр, яриаг чинь ийм хэллэгтэй болгосон зохиолчтой учирснаа өөрийг чинь дайрсан том гай гэж ярьж байгаарай. Хүмүүжил сайтай улс хэчнээн чамин ярьдгийг та бидэн юу эс андах билээ. Гэвч бүдүүлэг зангаас үхтэл айдаг их зохиолчдоос санаа огт авдаггүй нэгүүд бишгүй л байдаг шүү дээ. Өөрийг чинь Өвгөн гэдэг улстай хэрхэн харилцахаа та бас мэдэх вий. Өөрийг чинь харин Өвгөн болгон басамжилж бичээгүй юм шүү. Энэ бол нөгөө л зохиомол дүр билээ. Юутай ч гэсэн энэ номыг танд зориуллаа. Таныг бид их л үгүйлэх юм даа.

Э. X.


Нэгдүгээр хэсэг : МӨР ХӨӨЛТ БА ЯРИА


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Айсуй яваа машины дуу гарахад бид марааны захад гишүү мөчрөөр Уандеробо нутгийн анчдын барьсан нуувчинд сууж байлаа. Тэр дуу эхлээд алсад гарч юуны дуу болохыг хэн маань ч хэлж мэдсэнгүй. Тэгтэл дуу зогсож, бид салхи сэвэлзсэн юм уу, ер нь дуу гараагүй ч юм уу гэж бодов. Удалгүй тэр дуу дахин гарч, аажмаар наашилж улам тодорсоор, жигд тэсрэн луг лугхийх моторын дуу мөн нь яахын ч аргагүй болж замд нийлэхээр бидний архнаар өнгөрөв. Хоёр мөрчийн жүжигчин галбиртай нэг нь босож иржээ.
— Өнгөрлөө гэж тэр хэлэв.
Би амандаа гараа хүргэн доошоо гэж түүнд дохио өгөв.
— Өнгөрлөө гэж тэр дахин хэлээд хоёр гараа сарвасхийлгэв.
Тэр мөрч миний санаанд ерөөсөө таардаггүй, энэ хэр бүр ч зэвүүн байлаа.
— Азная гэж намайг шивнэхэд М’Кола толгой дохив. Би түүний үсгүй хар гавлыг ширтэв. Ялимгүй жишүү харахад завжинд нь байгаа хятад маягийн шингэн, хар сахал нүдэнд тусав.
— Хапана М'Узури (сайн биш хэрэг) гэж хэлэв. Би түүнд:
— Жаалхан азная гэв.
Тэр овоолсон гишүүнээс цухуйхгүй болтол толгойгоо дахин бөхийлгөж, бид өмнөх юмс харагдахгүй болтол шороотой нүхэн дотор сууцгаав. Гэвч юу ч гарч ирсэнгүй. Жүжигчин маягийн мөрч тэсэж ядан хавьчиж байлаа. Сүүлчийн гэгээ тасрах үеэс тэр буудахын аргагүй бүрэнхий боллоо гэж М’Колад бас шивнэжээ.
— Дуугай бай, чи. Бвана (ноён), чамайг юу ч харахгүй болсон ч онож чадна гэж түүнд хэлэв.
italki
Сүрхий эрдэмтэй нөгөө нэг мөрч хөлийнхөө эрээн булчингийн хар арьсан дээр шовх үзүүртэй гишүүгээр «Абдулла» гэж нэрээ бичиж эрдэмтэйгээ дахин илчлэв. Би ямар ч шохоорхолгүй ажиж М’Кола өчүүхэн ч анхаарсан царайгүй тэр үгийг харж суулаа. Хэсэг азнаад мөрч нөгөөхөө баллав.
Эцэст нь би бүрий тасрахын даваан дээр буугаа шагайж үзлээ. Овоо хараа ч харагдахгүй, дуран хараагаар хараад ч нэмэргүй байлаа.
М’Кола намайг ажиж суусан билээ.
— Болохгүй нь гэж би хэлэв.
— Тийм байна. Хуаран руугаа буцах уу? гэж тэр шуалигаар хэлэв.
— Тэгье.
Бид босож, нуувчаас гаран модны хоорондуур, нэлмэгэр мөчрүүдийн доогуур, элсэрхэг шавар дундуур алхлан зам руу буцав. Замаар бээр хэртэй явтал манай машин хажууд нь зогсож байлаа. Биднийг зэрэгцэн ирэхэд жолооч Камо гэрлээ асаав.
Ачааны машин ирж хамаг юм балласан хэрэг. Тэр өдрийн үдээс хойш бид машинаа замын дэргэд орхин тун болгоомжтой явж марааны захад хүрсэн юм. Урьд өдөр нь бага зэрэг бороо орсон боловч марааг угааж чадаагүй байлаа. Мараа ойн бяцхан цоорхойд эргэлсэн зурвас газраар нягт хүрээлэгдэн тогтсоны дээр тал бүрдээ сэтэрхийтэй, түүгээр нь ан амьтад мараа долоох гэж орж ирдэг ажээ. Бид тэнд дөрвөн том хүдүү1 гурын зүрх шиг шовх шинэхэн мөр, мөн бэсрэгдүү хүдүүний олон шинэ мөр байхыг үзсэн юм. Эдгээрээс гадна мөр, малтаж самардаж хаясан сүрлэн баасны овоо сэлтээс үзэхэд мөн хирс шөнө бүр энд ирдэг нь илэрхий байлаа. Мараа руу нумаар харвахад хүрэхүйц зайд нуувч барьсан агаад тэхий дундаа хүртэл үнс, шороо дүүрсэн тэр нүхэнд хоёр өвдгөө гозойлгон, ар тийшээ налж толгойгоо бөхийлгөн хатсан навчис, нарийн мөчрүүдийн дундуур харуулдаж суутал ширэнгэн дотроос бэсрэгдүүхэн хүдүү гур цоорхойн захад гарч ирээд марааны дэргэд очиж зогссон юм. Би бүдүүн хүзүү, орог зүстэй бөгөөд мушгиралдсан хоёр эвэр нь нарны зүг сэрийгч, тэр гоолиг амьтны цээжинд нь шагайснаа бүрий болохоор зайлшгүй гарч ирэх том гурыг айлгахаас болгоомжлон буудахаа даруй болив. Тэгтэл ч тэр биднээс өмнө машины дуу авангуут мод руу орох нь тэр. Талд ургасан ширэнгэн дотор явж байсан, эсвэл бяцхан толгодоос марааны зүг бууж явсан амьтад лүг лүгхийх тэр дуунаар цөм зогссон биз ээ. Харанхуй болоход тэд лавтай ирэх боловч даанч оройтох хэрэг байлаа.
Тэгээд зурвас элсэн замаар машин дотор явахад элсэн дээр нугдайн явган сууж байгаа шөнийн шувуудын нүднээ гэрэл тусч байлаа. Тэдгээр шувуу машин бараг тулж очиход хирдхийн нисэж, бидний өмнө байгаа өлсгөлөнт нутгийг орхин энэ замаар өдөр нь баруун зүг одож байсан аянчдын гал дээгүүр өнгөрч байлаа. Бууныхаа бөгсөөр хөлийнхөө хажууд тулан гол төмрийг нь зүүн гарынхаа тахимд байрлуулаад, хоёр өвдөгний завсарт яваа ташмагтай вискинээс цайран аяганд хийж мөрөн дээгүүрээ давуулан харанхуйд ард сууж яваа М’Колагаар савтай уснаас нэмүүлэн тэр өдрийн анх болох, сайхан хундагыг таалан шимж нэвтэрч яваа балар ширэнгийг ширтсээр шөнийн сэрүүн салхийг сөрөн африкийн тааламжит үнэрээр цээж дүүрэн амьсгалж явахад үнэхээр жаргалтай байлаа.
Тэгтэл бидний өмнө том түүдэг хараагдаж, дэргэдүүр нь өнгөрч явтлаа замын хажууд ачааны машин зогсож байхыг олж харав. Би жолоочдоо хэлж машинаа зогсоогоод бууж нөгөө гал руу буцаж очвол тироль нутгийнхны өмсдөг бүрх малгай, сарьсан богино өмд өмссөн, майга хөлтэй тагдгар эр моторын нь хавхгийг сөхсөн машины өмнө нутгийн хүмүүст шавуулчихсан зогсож байлаа.
— Бид туслах уу? гэж намайг асуухад:
— Хэрэггүй. Механикч биш бол хэрэггүй. Бүр дургүй хүргэж орхилоо гэм. Бүх машин ингэдэг юм.
— Хуваарилагч чинь гэмтсэн байх аа. Бидний хажуугаар өнгөрөхөд чинь хуваарилагч чинь гэмтсэн юм уу гэмээр санагдсан.
— Тэрнээс ч муу юм болсон дог оо. Бүр өөр муу юм санаанд ороод байна.
— Манай буудалд очвол ч уул нь механикч бий дээ
— Хэр хол вэ?
— Хорин бээр орчим.
— Тэгвэл өглөө л очихыг бодъё. Дотор нь үхлийн дуу гарч байгаа энүүгээр одоо явахаас айж байна. Энэ золиг надад дургүй нь хүрээд үхье гээд байна. За миний ч гэсэн дургүй хүрч гүйцлээ. Намайг үхвэл энэ тоохгүй.
— Балгах уу? гээд ташмагтайгаа барин, — Намайг Хэмингуэй гэдэг гэхэд
— Кандиский гээд тэр мэхэсхийснээ: — Хэмингуэй гэдэг чинь дуулсан нэр байх юм. Хаана дууллаа? За байз, хаана бил ээ? Өө тийм, Хэмингуэй чинь яруу найрагч биз дээ?
— Та юунаас уншсан бэ?
— Куершнитээс
— Тэгвэл, тэр Хэмингуэй чинь би байна гэж сэтгэл баясан өгүүлэв.
Куершнит гэж германы нэг сэтгүүл бөгөөд би түүнд хэдэн болхи шүлэг, америкт юмаа борлуулахаас жилийн өмнө бас нэг тууж нийтлүүлсэн билээ.
— Үгүй мөн хачин юм аа. Үгүй та Рингелнатцийг ямар гэж боддог вэ? гэж тироль малгайт асуув.
— Гайхалтай сайн зохиолч.
— Уухай. Та Рингельнатцийг сайшаадаг юм байна. Сайн хэрэг. Тэгвэл Хайнрих Манныг ямар гэж боддог вэ?
— Онц биш.
— Үнэхээр хэлж байна уу?
— Уншаад ойлгохгүй юм байна гэдгээ л лав мэдсэн юм.
— Тэр ер нь өөдгүй зохиолч л доо. Бид хоёр чинь санал нийлэх юмтай улс байна шүү. Энд та ямар хэргээр ирсэн бэ?
— Авлах гэж
— Арай ч заан биш биз?
— Яалаа гэж, хүдүү авлахгүй юу
— Хүдүү авлаад яадаг байна. Та бол соёлтой, яруу найрагч хүн, тэгээд хүдүү авлана гэж байх.
— Одоогоор ч авлаагүй л байна. Харин ирэх арав хоног ёстой нэг авлаж гарна даа. Таны машин саад болоогүй бол сая ч гэсэн нэгийг унагаах л байлаа.
— Энэ муу машин уу. Гэвч та бүтэн жил авлаж болно шүү дээ. Жил өнгөрөхөд та олон амьтан ална, тэгээд сүүлд нь яах ч гэж ингэв дээ гэж харамсана. Ганцхан төрлийн амьтан авлана гэдэг балай хэрэг. Та яагаад тэгдэг юм бэ?
— Тэгэх дуртай юм.
— Дуртай бол ч аргагүй биз. Үгүй та Рилкег чухамдаа ямар гэж боддог вэ?
— Би нэг л зохиолыг нь уншиж үзсэн юм.
— Юуг нь?
— Корнетийг нь
— Аятайхан санагдав уу?
— Тэгсэн.
— Би бол Корнетийг хүлцэж чаддаггүй юм. Дээдсийн магтаал шүү дээ. Валери бол зүгээр. Түүнд сайн юм бий. Дээдсийг магтах нь ч магтдаг. Ингэхэд та арай заан авлахгүй байх аа?
— Бүр томыг нь авлана гээч
— Аль зэрэг том бэ?
— Далан фунт юм уу арай бага шигийг болох юм.
— Бидэнд бас санал зөрөх зүйл бий юм байна. За тэр ч яамай. Куершнитийн хуучин зузаан найзуудын нэгтэй уулзаж байгаа нь тааламжтай хэрэг. Үгүй та Жойсийг ямар гэж боддог вэ? Бэл муутай болоод зохиолуудыг нь авч чаддаггүй юм. За Синклэр Льюис ч юу ч биш. Би зохиолыг нь олж авсан юм л даа. За больё, больё. Та маргааш ярьж өгөөрэй. Ойролцоо буувал та татгалзах сан болов уу? Нөхөдтэйгөө ирсэн үү? Тантай хамт цагаан арьстан анчин яваа юу?
— Эхнэртэйгээ ирсэн. Таныг ойр буувал бид ихэд баярлана. Цагаан арьстан анчин ч бий.
— Тантай цуг явахгүй яасан юм бэ?
— Намайг оронгод ганцаараа явна гэдэгт тэр эргэлздэггүй юм.
— Ер нь оронго авлаад ч яадаг юм бэ дээ. Тэр анчин ямар үндэстэн бэ? Англи уу?
— Тийм.
— Чөтгөр шиг амьтан биз?
— Үгүй. Сайхан хүн. Танд лав таашаагдана.
— За яв даа та. Би таныг саатуулаад ч яах вэ. Маргааш тантай уулзаж бодох юм. Үгүй, ингэж уулзана гэдэг мөн сонин хэрэг шүү.
— Тийм ээ. Маргааш манайханд машинаа үзүүл л дээ. Өөр хэрэгтэй юу байна? гэж би хэлэв.
— Баяртай. Тавтай явж хариарай гэхэд нь
— Баяртай гэв.
Бид хөдлөв. Нутгийн хүмүүсийн зүг тэр гараараа даллан галын зүг алхаж харагдав. Яагаад нутгийн хорин хүн дагуулж явааг нь ч, хэрэг зориг юунд болохыг нь ч би асуусангүй. Би эргэж нэг харснаа юу ч асуусангүй. Хүнээс илүү дутуу юм асуух уулаас дургүй билээ. Тийм занг эелдэг биш гэж намайг сургаж хүмүүжүүлсэн юм. Бабатигаас өмнийг зорин гараад бүтэн хоёр долоо хоноход ч дараа нь хаа нэг индиан худалдаачин тааралдах, өлсгөлөн хязгаарыг орхин нүүж байгаа нутгийн хүмүүс тасралтгүй цувах энэ нэгэн замд гарснаас хойш цагаан арьстан хүнтэй огт тааралдахгүй явснаа Бенчлейн бүтээсэн шог зургийн Тироль малгайтай хүн шиг энэнтэй уулзаж, тэр нэрийг минь мэдэж, яруу найрагч гэж, куершнитнийг уншсан, Иохим Рингельнацыг биширч бас Рилкийн тухай яриулах гэж байгаа нь ухаанд багтамгүй хачин санагдаж байлаа. Тэгтэл энэ хачин явдлыг чухам гүйцээх гэсэн мэт өмнөх зам дээр уур савссан гурван шовгор юм машины гэрэлд харагдав.
Би Камод зогсох дохио өгч, тоормос гишгэн бид тэр гуравт тулж зогсов. Тэдгээр юмс хоёроос гурван тохой орчим өндөр бөгөөд нэгийг нь барьж үзэхэд бүлээн байлаа.
— Тембо (заан) гэж М’Кола өгүүлэв.
Тэр гурав тун сая зам хөндлөн гарсан зааны баас, үдшийн сэрүүнд уур савсуулан байгаа нь тэр санжээ. Бид удалгүй буудалдаа хүрч ирэв. Би үүрээр босож нар гарахаас урьтаж мараа өөд хөдлөв. Биднийг модон дундуур ойртож явтал марааны зах дээр нэг гур зогсож байв. Тэр нохойныхорхуу болж ирээд чанга, хоолойн огцом дуугаар орилсноо дуугүй болж далд орон дараа нь ширэнгэн дотор сүр сархийх дуу гаргаад дахин бидэнд харагдсангүй. Тэр мараанд ойртоход бэрх, бартаатай байлаа. Тойрон ургасан мод нь тун шигүү, ан маань нууцад, та бид цулгуй газраар дөхөж явна гэмээр байлаа. Тэнд ойртох цорын ганц арга гэвэл нэг л хүн мөлхөж болох боловч сүлжилдэж ургасан моднууд нь саад болоод хорин ярд хүртэл ойртдоггүй л юм бол онож буудах арга үгүй ажээ. Ан аль талаас нь гарч ирсэн хорин таван ярд зайд ил гарах ёстой тул бид бөөн модон дотор, бас нууцад сууж үзэх нь үзсэн. Гэвч арван нэгэн цаг хүртэл хүлээхэд юу ч эс гарч ирэв. Дахиад ирэхэд гарсан шинэ мөр байх эсэхийг мэдэх гэж марааны захын элсийг гишгэчин хоёр бээр явж замд хүрэв. Намнуулж догширсон амьтад зөвхөн шөнө нь ирээд нарнаас өмнө алга болдог ажээ. Тэр өглөө ганц гур байж байгаад биднээс үргэн одсон нь найдварыг улам бага болгов. Том хүдүү хайсан арав дахь өдөр маань тэр байсан боловч нас бие гүйцсэн хүдүүтэй тааралдахгүй л байлаа. Өдөр бүр Родезиас умар зүг борооны үүл нүүж, тохитой бэлтгэлгүй учир бороо эхлэхээс өмнө хөдөлж, ядаж Хандемид хүрэхээс өөр аргагүй байсан тул гуравхан хоног л үлдээд байлаа. Хоёрдугаар сарын арван долооныг борооноос урьтаж гарч болох сүүлчийн өдөр болгож товлов. Өглөө бүр нэвсгэр бараан үүл цаг хэртэй тэнгэрт нэлмийн бороо айсуйг аргагүй санагдуулсаар умар зүг зогсолтгүй нүүх нь зураг дээр байгаа юм шиг тов тодорхой байв.
Удтал мөрөөдөж явсан юмаа хайн горьдож, хууртаж, орой бүр ганзага хоосон ирэвч, анд гарч, мөрдөх бүрдээ аз дайрч зорьсон юмаа олно гэж найдан гөрөөлж явахад сайхан байлаа. Гэвч цагт хавчигдан оронго даруйхан авлах хэрэгтэй, аягүй бол авлаж ч чадахгүй, бүр барааг нь ч харж чадахгүй өнгөрч магадгүй болоод байгаа нь тааламжгүй хэрэг байлаа. Энэ бол ан биш. Сайн зохиолч буюу зураач болохоор хоёр жилийн хугацаагаар Парист очиж, энэ хугацаандаа амжилттай суралцаж чадахгүй бол гэртээ ирж эцэг эхийнхээ ажил төрөлд туслахаас өөр замгүй болдог хүүхдүүдтэй тун адил хэрэг. Аливаа ан амьтан байж гэмээж, та өөрөө аж төрж байж гэмээ нь гөрөөлдөг жамтай, үүний адил хүн өөрөө бас будаг, зотон байж гэмээ нь зурдаг, та өөрөө аж төрж байж гэмээ нь харандаа цаас юм уу бэх мөн бичих машин, бас сэдэв байж гэмээ нь бичдэг жамтай. Өөр жамаар бүтээх гэвэл танд утгагүй санагдана, та тэнэг хүн болж таарна. Гэтэл цаг, бороо, мөнгөнд хавчигдахын эрхээр авласан ч бай, авлаагүй ч бай, өдөр бүр анд морддог цэнгэл маань эдүгээ хүчинд автагдаж амьдралын ёс жам дэндүү гажуудахад хүрлээ. Аливаа ажлыг бага цагт дуусгах хэрэгцээ яах ч аргагүй гарч ирдэг ажээ. Тэгээд нар цухуйхаас хоёр цагийн өмнө гараад үдийн хэрд гуравхан хоног үлдээд байгаад цухалдсаар эргэж ирэхэд гал зуухны майхны шанаа дор тироль малгайтай Кандиский ширээний ард яриа дэлгэж суув. Би түүнийг ор мартчихсан байлаа. Тэр
— Мэнд сайн уу? Антай юу? Хоосон уу? Нөгөө хүдүү яасан бэ? гэж асуув.
— Ирж нэг урамдчихаад яваад өглөө гээд би эхнэртээ хандан, — Хүүхэн сайн уу? гэв.
Авгай маань инээмсэглэв. Ихэд харамссан шинжтэй байлаа. Тэр хоёр нар тусахаас аваад буун дуу гарахыг чих тавин хүлээн суужээ. Зочин ирж байхад ч, захидал бичиж суухдаа ч, ном уншиж байхдаа ч, Кандиский эргэж ирэн яриа дэлгэхэд ч буу дуугарахыг чих тавин чагнасаар суужээ.
— Та хүдүү буудсангүй юу?
— Буудсангүй. Барааг нь ч харсангүй. Үзтэл Өвгөн мөн харамсан уур нь нэлээн хүрсэн бололтой харагдав. Тэд нэлээд удаан хүүрнэлдсэн бололтой аж.
— Пиво уу, хурандаа гэж тэр надад хэлэв.
— Бид нэгийг үргээчихлээ, буудах арга байдаггүй шүү. Мөр зөндөө байх юм. Гэтэл нэг ч юм дахиж гарч ирсэнгүй. Салхи чигээ өөрчлөөд болдоггүй. Банди нараас асуу л даа гэж учраа хэлэв.
Кандиский арьсан өмдтэй араа ганалзуулсхийн бүдүүн булчинтай сүрхий үслэг хөлөө ачаад
— Та нар энд удаан байж болохгүй. Бороо ойртон явааг ухаарахгүй бол горьгүй. Арван хоёр бээр үргэлжилдэг нэг газар бий. Бороо орох юм бол та нар түүнийг гаталж чадахгүй гэж би хурандаа Филлипсд хэлсэн. Энэ боломжтой хэрэг гэв.
— Энэ ингэж хэлээд байгаа юм.
— Би уул нь ноён л доо. Цэргийн цолыг бид хоч болгон хэрэглэж байгаа юм. Та өөрөө хурандаа болбол битгий гомдоорой гэснээ надад хандан, — Золигийн мараануудаас болж байна. Тэднийг орхивол та лав антай даа гэж Өвгөн өгүүлэв.
— Мунгинуулж гүйцэх юм. Гэвч удахгүй мараан дээр буу дуугарна гэдэгт чи итгэж болно.
— Толгодоор яв л даа.
— Явна.
Өвгөн
— Хүдүү алах ер нь юу юм бэ? Нэг их сүйд болоод баймааргүй юм биш үү. Шалихгүй юм шүү дээ. Жилд та хэдийг ч алж дөнгөнө.
— Та ангийн хэлтэст л битгий тэгж хэлж үзээрэй гэж Өвгөнийг өгүүлэхэд:
— Та буруу ойлгож байна. Хэн ч гэсэн нэг жил болбол гэж хэлж байна шүү дээ, би. Гэвч тэгэх хүн байхгүй л дээ гэж Кандиский тайлбарлав.
— Чухам аа. Хүдүүтэй нутагт байнга суудаг хүн л тэгж чадах байх. Ширэнгэт энэ нутагт томоороо цуутай гөрөөснүүд бий юм. Гэтэл барааг нь харъя гэхэд хясчихдаг юм гэж Өвгөн хэлэв.
— Би юм алддаггүй л дээ. Үгүй та нар нутгийн хүмүүсийг яагаад онц сонирхдоггүй юм бэ? гэж Кандиский хэлэв.
— Сонирхдог гэж авгай батлав.
— Үнэхээрийн сонин улс. Аан гэж бай гээд Кандиский түүнд ярьж гарав.
— Гайгүй чөтгөрт алгадуулмарууд намайг толгодоор явахаар муусайн шаарнууд мараа руу буугаад ирнэ л дээ. Зүрүүд нь толгодоор байгаа, харин гурууд нь тэдэнтэй цуг байгаа бол уу, үгүй бол уу. Өглөө толгодоор явахад мөр гарсан байдаг юм. Тэд нөгөө заваан мараанууд дээр байдаг хэрэг. Үргэлж ер нь тэнд очдог байх гэж би Өвгөнд хэлэв.
— Магадгүй.
— Бид мараанууд дээр лав өөр өөр гуруудтай тааралдаад байна. Тэд хоёр хоноод л мараа руу гүйдэг бололтой. Карл нэгийг нь буудсанаас болж бусад нь лав сэжиг авсан биз. Цэвэрхэн нудрахын оронд золигийн нутгаар хэрж хөөцөлдсөнийг нь яана. Карл тэр золигийг цэвэр нударсан болов уу, өөр гурууд хүрээд ирэхгүй юу. Тэгвэл бид ирэхийг нь хүлээж суухаас өөр ажилгүй байхгүй юу. Карлын буудсаныг ч цугаараа ч мэдээгүй байх л даа. Гэхдээ л тэр энэ хавийг золигттол нь цочоож орхиж.
— Карл их улангассан. Гэхдээ тэр сайн залуу, нөгөө ирвэсийг мөн сайхан буудсан аа. Түүнээс цэвэрхэн нудрах гэж байхгүй гэж та лав хэлнэ байх. За энэ яриаг орхицгооё.
— Тэр ч үнэн. Би түүнийг зүхэхдээ цаанаа юм санадаггүй.
— Үгүй нууцад өнжөөд юу болсон бэ?
— Золигийн салхи чигээ өөрчлөөд болсонгүй. Бидний үнэрийг зүг бүрд тараагаад л. Тэгж өөрсдийгөө зарлан тэнд суусны хэрэг огт байхгүй юм билээ. Золигийн салхи л зогсдог сон бол болох байна. Абдулла өнөөдөр үнс авч явсан.
— Авч явна билээ.
— Биднийг очиж явахад өчүүхэн ч салхигүй гэрэл гэгээ сайтай байсан. Абдулла салхи байгаа эсэхийг мэдэхийн тул үнсээ зүг бүр цацаж явсан. Би Абдуллаг авч бусдыгаа ардаа үлдээн яаралгүй алхсан. Энэ зөөлөн ултай гуталтайгаа явсан. Зөөлөн хөвөн ултай юм. Тэгээд тавин ярд зайтай очтол нөгөө шаар үргээд явчих нь тэр.
— Та ер нь чихийг нь ялгаж харахаар газар дөхөж очсон уу?
— Чихийг нь ялгаж харсан уу, гэнэ үү? Тэгсэн бол өвчигчид одоо ажилтай болсон байхгүй юу.
— Муусайн шаарнууд. Энэ мараа сахихыг би бүр үзэн яддаг боллоо. Та тэдэнтэй өлөн сэргэг байхад нь тааралддагт л урагшгүй явдлын учир байна. Мараа долоож байхад нь тааралдвал буудуулж л орхино гэж Өвгөн өгүүлэв.
— Өлөн, сэргэг байх тусмаа харин сайхан байхгүй юу. Бүтэн сар ингэсэн ч би гутрахгүй. Би оцойж сууж авлах дуртай юм. Хөлс ч асгарахгүй, гарз огт гарахгүй, суугаад л ялаа барьж, шоргоолж хооллуулаад л. Би ингэж гөрөөлөх дуртай. Үгүй хэдэн цаг болж байна вэ?
— Цаг ч талийгаад байна аа.
Кандиский авгайд маань
— За тэгээд... Үзмээр нэг юм бий. Нгома буюу үндэсний бүжгийн их наадам. Ёстой жинхэнэ их наадмыг нь үзэх хэрэгтэй гэж ярив.
Би Өвгөнд
— Хүүе, өнгөрсөн шөнө миний сахидаг нөгөө мараа «гол» замд ойроос биш ёстой бололцоотой газар байна билээ шүү гэсэнд:
— Бэсрэг хүдүүний ёстой орон гэр гэж мөрчид ярьж байна билээ. Даанч хол юм. Ирж очихын наян бээр.
— Тийм нь ч тийм. Гэвч тэнд дөрвөн мундаг гурын мөр байна билээ. Эргэлзээ байхгүй, нөгөө ачааны машин ирээгүй бол болох байсан юм. Өнөө шөнө сахиад үзвэл яасан юм бэ? Шөнөжин өглөө болтол сахихгүй юу. Бас том хирсийн мөр ч байна билээ. Ээ том мөр.
— Тэг л дээ. Хирсийг ч гэсэн бас унагаж л орхи гэж Өвгөн хэлэв.
Өвгөн бол ална гэснээсээ өөр юм алах, ташрамд алах, саваагүйтэж алах, амины тоо гүйцээж алахын алийг ч үзэн яддаг, гагцхүү алахгүй сэн гэвч алах хүсэлд автан алах, арилжаанд зайлшгүй учир алахыг зөвшөөрдөг боловч намайг тайтгаруулах гэж хирсийг ч гэсэн унага гэж байгааг нь би ойлгов.
— Том биш бол алахгүй гэхэд:
— Алах хэрэгтэй. Сэтгэл чинь ханаж сайхан болохгүй юу. Санаанд чинь таарахгүй бол эврийг нь зарж орхино биз. Зөвшөөрөгдсөнөөс нэг дутуу байгаа гэж Өвгөн хэлэв. Кандиский
— За тэгээд та хоёр зохицост ажлын төлөвлөгөө боловсруулчхав уу? Хөөрхий ан амьтдыг яаж хуурч урхидахаа товлов уу?
— Тэглээ машин чинь юу болсон бэ? гэж хэлэв.
Кандиский
— Тур дууссан. Нэг ёсондоо би амрах нь тэр. Их юмны бэлгэ тэмдэг боллоо. Шамбагаас үлдсэн ганц ажил маань тэр байсан юм. Одоо ажил дуусаж санаа амрах нь тэр.
Миний эхнэр П. О. М.
— Шамба гэдэг чинь юу вэ? Хэдэн сар болоход энэ үг олонтоо сонсогдлоо. Хүн бүгд хэлээд байдаг болохоор асуухаасаа зовоод байдаг юм гэж асуув.


— Шамба гэж тариалангийн газар. Машинаас бусад нь дууссан хэрэг. Тэр машинаар би энэтхэгийн шамба руу ажилчин авч яваа юм. Маалинга тарьдаг нэг лут баян энэтхэг байдаг юм. Би түүний хэрэг хөтлөгч нь ямар ч энэтхэг маалингын шамбагаас үлэмж орлого олдог юм.
— Юм бүхнээс гээч гэж Өвгөн хэлэв.
— Тийм ээ. Бид урагшгүй улс. Бидний өлсөж харангалж үхэх газраас энэтхэгчүүд мөнгө өвөрлөж байдаг юм. Сүрхий овжин энэтхэг дээ. Тэр намайг үнэлдэг. Би европын байгууллагыг нь хариуцдаг юм. Энэ удаа би орон нутгийнхныг зохион байгуулах газраас явж байна. Цаг их орно. Энэ нь горьгүй. Би гэрийнхэнтэйгээ уулзаагүй гурван сар болж байна. Байгууллага байгуулагдлаа. Долоо хоногт амархан бүтээж болно, гэхдээ сэтгэгдэл төрүүлэхээр юм болж чадахгүй.
— Эхнэр чинь хаана вэ? гэж авгайг асуухад
— Хэрэг хөтлөгчийн байр болох миний гэрт охинтойгоо хүлээж суугаа
— Авгай чинь танд их хайртай юу?
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Африкийн Ногоон Толгод - 02
  • Büleklär
  • Африкийн Ногоон Толгод - 01
    Süzlärneñ gomumi sanı 4549
    Unikal süzlärneñ gomumi sanı 1967
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 02
    Süzlärneñ gomumi sanı 4491
    Unikal süzlärneñ gomumi sanı 2008
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 03
    Süzlärneñ gomumi sanı 4255
    Unikal süzlärneñ gomumi sanı 2007
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 04
    Süzlärneñ gomumi sanı 4525
    Unikal süzlärneñ gomumi sanı 1971
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 05
    Süzlärneñ gomumi sanı 4618
    Unikal süzlärneñ gomumi sanı 1953
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 06
    Süzlärneñ gomumi sanı 4507
    Unikal süzlärneñ gomumi sanı 2100
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 07
    Süzlärneñ gomumi sanı 4439
    Unikal süzlärneñ gomumi sanı 2048
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 08
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 09
    Süzlärneñ gomumi sanı 4471
    Unikal süzlärneñ gomumi sanı 2047
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 10
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 2055
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 11
    Süzlärneñ gomumi sanı 4575
    Unikal süzlärneñ gomumi sanı 1888
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 12
    Süzlärneñ gomumi sanı 4541
    Unikal süzlärneñ gomumi sanı 2156
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 13
    Süzlärneñ gomumi sanı 90
    Unikal süzlärneñ gomumi sanı 71
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.