Latin

Африкийн Ногоон Толгод - 04

Süzlärneñ gomumi sanı 4525
Unikal süzlärneñ gomumi sanı 1971
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
П. О. М. уутнаас номуудаа гаргаж Өвгөн тэр хоёрын уншиж байх зуур би уулын хажуугаас буусан гол хүртэл хоолойгоор уруудаж арслангийн шинэхэн мөр, босоо хүнээс өндөр ургасан өвсөн дундуур хонгил адил харагдах хирсийн олон гүйдэл олов. Элстэй хавцал өөд буцаж авирахад тун халуун тул би нуруугаараа мод налж суугаад Толстойн «Севастополийн» өгүүллэгүүдийг уншив. Шинэхэн ном бөгөөд түүнд францчууд хүч нэмсэн нэгэн гайхамшигт тулалдааныг дүрслэн бичсэн байлаа. Би Толстойн тухай ба ер нь дайн, зохиолчид хэчнээн их туршлагаа өг өө бол гэж бодож суув. Дайн бол чухал бөгөөд бичихэд мэдээжийн хэрэг хамгийн хэцүү сэдвийн нэг ээ. Дайныг нүдээр үзээгүй зохиолчид атаархахдаа түүнийг чухал биш эсвэл ёс суртахуунгүй буюу эмгэгтэй сэдэв болгох гэдэг. Чухамдаа дайн бол тэдний хараагүй өнгөрч байгаа юугаар ч орлуулж болшгүй нэгэн сэдэв билээ. Севастополь гэхлээр Парист байдаг Севастополийн өргөн чөлөө, Страсбургээс бороон дундуур дугуйгаар харьдаг байсан минь, трамвайн зам бороотойд халтирамхай байдаг, саарал барагшин ба чулуун замаар явдаг байсан минь, бас тэр үед цамхгийн өргөн чөлөөнд ойрхон байртай байсан минь санаанд тодхон орж би сууж байсан байраа, түүний тавилга, хананы нь цаас, мөн хашаандаа модны хөрөөтэй Нотре Дам де Шаны эхэнд хөлслөн авсан байшингаа (хөрөөний гэнэт чахрах дуу үртэсний үнэр дээврээс өндөр ургасан туулайн бөөр мод, доод давхарт суудаг солиотой хүүхэн мөнгөөр гачигдаж байсан жилээ (илгээсэн өгүүллэгүүдийг минь шуудан зөөгч мод хөрөөддөг хашааны хаалганд гаргасан хаалганы завсраар хийсэн байх бөгөөд редакцын дагалт бичигт нь өгүүлдэг биш байна, харин хошин шог, үлгэр цоохор гэх зэргээр голсон байдаг гологдсон бид талхны хэлтэрхий, кагор, усханаар голоо зогоодог байсан) бас Обсерваторын талбайн усан оргилууд руу юутай сайхан байдаг (цацран буух усанд хүрэл морьдын дэл, дал, цээж ногоорон харагддаг сан), Люксембургээс Суф гудамж орох зам дахь цэцэрлэгүүдийн уулзварт Флоберийн цээж хөшөө бид итгэж хайрлан үл шүүмжилдэг Флоберийн нүсэр чулуун хөшөө бахдалд дүйцэн байдаг сан) босгосон сэлтийг дурдан санаж суув. Тэр дайныг нүдээр үзээгүй боловч хувьсгал ба коммуныг үзсэн. Сохроор дагахгүй учрыг мэдэн хандвал хувьсгал гэдэг хамгийн сайхан зүйл ээ. Яагаад гэвэл хүн бүр нэгэн хэлээр ярих болдог юм. Дайнуудын дотроос иргэний дайн хамгийн төгөлдөр бөгөөд зохиолч хүнд үлэмж өгөөмөр билээ. Стендаль дайныг нүдээр үзэж Наполеон түүнийг бичиж сургасан гэдэг. Хүн бүрд заадаг байсан авч нэгээс бусад нь сураагүй ажээ. Достоевский Сибирьд цөлөгдөн байж зохиолч болжээ. Илд давтагдан байж хатаагддаг лугаа нэгэн адил зохиолч шударга бус явдалд давтуулан байж ёстой зохиолч болдог ажгуу. Ингэж гэм ёстой зохиолч болгодог аваас Том Уольфыг Сибирь буюу эсвэл Тортига арал руу илгээвэл зүй ёсны цохилт болж ус шиг урсдаг үгийг нь хазаарлан, тэнцвэрийн ухамсар тогтоож түүнийг ёстой зохиолч болгож чадах байсан болов уу хэмээн гайхширч байлаа. Болгож ч мэдэх болгохгүй байж ч мэдэх хэрэг ээ. Тэр үнэндээ Кариерын адил үргэлж гуньхарч байсан. Толстой намхан биетэй хүн байжээ. Жойс дунд зэрэг нуруутай, хараагүй болтлоо ажилласан хүн. Сүүлчийн тэр шөнө Жойсын хажууд би согтуу байсан бөгөөд тэр Эдгар Кинээс «Frajche et rose comme au jour de La bataille4» гэж жишээ татаж хэлж байсан. Эсвэл би хутгаж байж ч магад. Дахин уулзахад тэр гурван жилийн өмнө дутуу орхисон яриагаа үргэлжлүүлдэг байсан удаа ч бий. Манай үед том зохиолчтой уулзана гэдэг сайхан хэрэг.
Миний хийх ёстой юм бол ажиллах билээ. Би энэ бүх ажил чухамдаа юунд хүргэхийг нь нэг их тоодоггүй. Өөрийнхөө амьдралыг юман чинээн боддоггүй. Харин бусдынхыг л, тийм ээ, өөрийнхөө биш. Хүмүүс миний дургүй юмыг хүсдэг, би ажиллах л юм бол тэрхүү хүсээгүй юмандаа хүрнэ. Ажиллана гэдэг миний хийморийг үргэлж сэргээж байдаг зүйл билээ. Миний золиг шиг амьдрал өөрийн минь гарт тул өөрийн дураар хөтөлдөг. Тэгээд би ийм маягаар хаана ч зоргоороо амьдарч ирсэн. Эдүгээ энд ингэж яваа минь туйлын таатай байна. Тэнгэр нь италийнхаас ч сайхан байна. Гайхаад гайхаад барамгүй сайхан. Тэнгэр Итали, Испанид намар, Умард Мичиган ба Кубын буланд намар сайхан байдаг юм. Эндэхийн тэнгэрээс илүү тэнгэр бий, гэхдээ эндэхээс илүү сайхан газар нутаг хаана ч үгүй.
Миний бодож хүсэж байгаа ганцхан зүйл бол Африкт буцаж ирэх л байна. Одоогоор бид буцаагүй байна, гэвч шөнө унтаж байгаад сэрэхэд Африкийг саначихсан, чимээ чагнан хэвтэж байх юм.
Хавцлын дээгүүр салхинаа туугдан нүүж яваа цагаан үүлст тэнгэрийг модны цоорхойгоос ийнхүү ажиж суухдаа би, өр зүрхний хайрт бүсгүйгээ нэгэнтээ янаглан таалсны дараа сульдсан авч дахин таалах хүсэл оргилон, хүч чадал чинь дахин сэргэж ахин бас таалавч хүсэл сэтгэл нь үл ханан цэнгэх, хүсэл улам бүр оргилон, гэнэт дуусдаг хэзээд хэмээх урт хугацааны турш энд ахин дахин цэнгэх, энд оршин байх, аж төрөх, энэ нутгийг ахин дахин эзэгнэх сэн гэсэн жаргалын дээд хүсэлд автан хайрлаж байнам. Ийнхүү хайрлахад цагийг түр уяж зогсоомоор, заримдаа анирыг нь хожим ч гэсэн чихнээ уянгалж байхаар хоногштол нь удаан зогсоохыг ч мөрөөддөг билээ. Хэзээд гэдэг эхлэх нь харин алгуур байдаг. Хүсэл хэдий дутуу хоцровч хожим чи ганцаардахгүй. Учир юун хэмээвээс чи тэр бүсгүйгээ, харамсан гуних юмгүй, гагцхүү жаргалын дээдийг хуваалцан үнэнхүү зүрхнээсээ янаглан таалсан ахул тэр бүсгүй чамайг хэзээд хайрлаж явах болно. өөр хэнд ч сэтгэлтэй бол, хаа ч яв хамаагүй чамайг хэзээ ч хайрлаж явах болно. Тэгэхлээр чи аливаа бүсгүй хүн буюу газар оронд хайртай болбол аз заяатай хэрэг, дараа нь үхсэн ч гомдолгүй. Эдүгээ би африкт байхдаа энэ нутгийн улирлуудын хувирал, аялахад саадтай бороо, аялж тохь алдах мод, жижиг амьтад, бүх шувуудын нэрийг хэлж сурч түүгээрээ ярих, яаралгүй хөдлөхийн сайхныг таалаад таалаад ханахгүй байна. Би насаараа газар оронд хайртай явсан хүн. Газар орон хүнээсээ илүү сайхан байдаг юм. Хүнд би хааяа л бага сага анхаарал тавьдаг.
П. О. М. унтаж байлаа. Тэр амьтан шиг атиран, Карлтай адил амьсгалаа хураасан юм шиг биш тайван унтаж байв. Унтаж байхад нь түүнийг харахад хэзээд аятайхан байдаг билээ. Өвгөн мөн тайван унтаж, сүнс нь биедээ нягт байгаа нь илт харагдана. Намхан бие нь шавхийгээд энд тэндээ өөр өөр, овгор товгор эндээ ч тэндээ ч цүлхийвч, дотроо Вамийн доод хөндийд арслангийн хойноос хатируулж явсан шигээ залуу, өндөр гоолиг билээ. Доод зовхины нь үрчлээнүүд тод харагдана. Унтаж байхдаа тэр П. О. М.-д харагддаг шигээ тааламжтай ажээ. М’Кола, хар дарах буюу элдэв чимээ гаргалгүй тайван унтана. Друпи унтаагүй байлаа. Тэр явган суугаад ирэх хүмүүсийг харуулдаж байв.
Тэдний ирж яваа нь холоос харагдлаа. Эхлээд өндөр өвсөн дээгүүр хайрцгууд цухалзаж, дараа нь толгойнууд нь цувралдан тодроод өвсний хонгилоор ороход гагцхүү сэлмүүд нь нарнаа гялалзана. Дараа нь ил гарч гинжин цуваагаар бидний зүг айсуй харагдлаа. Тэд биднээс ялимгүй зүүнтээгүүр чиглэсэнд Друпи даллаж дохио өгөв. Тэд ирж хуарангаа босгов. Өвгөн тэдэнд чимээ багатай байхыг сануулж, бид гал зуухны майханд түшлэгтэй сандал дээр тухлан сууж ярилцав. Тэр шөнө анд гарсан боловч юмтай тааралдсангүй. Маргааш өглөө нь гараад хоосон, орой нь гараад бас хоосон. Гөрөөлөхөд сонин байсан боловч ямагт ганзага хоосон ирж байлаа. Зүүнээс салхи хүчтэй үлээж, тэр хавь ойгоос цувран үргэлжилсэн богино дэл хад бүхий толгодтой тул өнгийхдөө салхиар үнэрээ тараан амьтан болгонд хүргэхгүй байх аргагүй байлаа. Оройд бас баруунтай орших бараан сүүдэртэй толгодын энгэр дээрээс нарыг харах нөхцөлгүй ажээ. Учир нь хирс модноос гарч ирүүштэй цаг болохоор нар тэдгээр толгодын цаагуур орох ажээ. Тийнхүү нар орой хэвийхэд баруун тийш гөрөөлөх горьдлогогүй, талаар яваад хоосон ирдэг байлаа. Карлын хуаран руу явуулсан зөөгчид мах авчирчээ. Зөөлөн шинэ талхны дөрөвний нэг зэрлэг сонгино, наранд эвэрсэн мах ирж галч нар гал тойрч хэвтэн баяр хөөртэй махаа шорлон шарцгаалаа. Өвгөн, хирс яагаад үзэгдэхгүй байна гэж бачимдан байв. Өдөр ирэх тутам хирс үзэгдэх нь цөөрч бид сар хээр хонож байгаагаас шөнө модноос гарч идээшлээд нарнаас өмнө буцаж ордог байх, эсвэл үнэр авах буюу хүний дуу сонсон айж модноос гарч чадахгүй байна уу, яагаад байна гэж ярилцаж байв. Бид онол туурвиж Өвгөн тэр онолыг хүн саранд хүрнэ гэж ярьж байгаа юм шиг заримдаа сонирхож, заримдаа үл ойшоон егөөднө.
Бид эрт хэвтсэн бөгөөд шөнө бага зэрэг бороо оров. Тэр бол жинхэнэ бороо ч биш уулнаас ирсэн будангийн хаялга байлаа. Өглөө нь бид нарнаас өмнө босож өвстэй цавчим хяр дээр гарч хуарангаа, голын сав дагасан хавцал, бас голын нөгөө талын эгц эргээс цааших газрыг харуулдав. Толгодын энгэр, модны хаяа мөн харагдаж байлаа. Гэгээ орохоос өмнө хэдэн галуу дээгүүр нисэж, дурандъя гэвэл модны хаяа бас л бүрэнхий хэвээр байв. Толгодын орой дээр гурван харуул суулгаж дохио өгөхийг нь харах гэж гэгээ орохыг хүлээцгээв.
Тэгтэл Өвгөн
— Тэр нохойн гөлгийг хараач гээд М’Колад буу авчир гэж хашхирлаа. М’Кола толгойгоос гүйхээрээ бууж гол гаран бидний зүг шууд ирэв. Хирс голын хөндий даган хурдан гэгч хатирч яваа харагдав. Харж байтал хурдаа улам нэмэн хатирснаа цочир эргэн голын эрэг рүү чиглэв. Улаан шаварт хутгалдсаны дээр эвэр нь тодхон харагдаж зориуд хурдалж байхад нь гайхмаар юм огт үгүй байв. Түүний барааг хараад би ихэд догдлов.
— Гол гарна. Сум тусах зайд ирнэ гэж Өвгөн хэлэв.
М’Кола Спрингфильдийг бариулахад би чадах нь уу, үгүй юу гэдгээ үзэхээр шагайж туршив. Хирс далд орж гагцхүү өндөр өвснүүд ганхалзаж байлаа.


— Хэр хол гэж бодож байна?
— Гурван зуу орчим
— Нохойн гөлгийг унагана даа.
Би дотроо уужруулан ер биш байдалд оруулдаг хөөрлийнхөө хавхлаасыг хаах мэт болж ажигласаар байлаа.
Хирс уд мод, дараа нь бул чулуутай урсгал руу орохдоо хатираагаа сааруулав. Алдалгүй буудаж болох нь гэж цэгцрэн бодсон боловч сайн ойртуулж амдуулсхийж буудах ёстой гэж шийдэв. Шагайж шагайж амдуулсхийгээд гохоо атгав. Сум тусах чимээ сонсогдож хатирааны нь байдлаас үзэхэд урагш ухасхийх шиг болов. Улайран мөөрч ус шалчигнуулан зүтгэсээр байлаа. Дахин буудсанд цаана нь ус сацрав. Өвс рүү ордгийн нь даваан дээр дахин буудав. Бас л давлаа.
— Оносон! Оносоон! гэж М’Кола хэлэв.
Друпи зөвшөөрнө.
— Онов уу? гэж Өвгөн асуув.
— Яриангүй. Унагасан даг аа гэж би хэлэв.
Друпи гүйж би буугаа дахин цэнэглээд хойноос нь харайлгав. Хуарангийнхны тэн хагас нь гараараа даллан хашхиралдсаар толгодын энгэр хэжин ирж явлаа. Хирс тэдний байсан баруун доод руу чиглэж хоолойн эх рүү тулж ирсэн ойн зүг хатирав. Өвгөн П. О. М. хоёр хүрч ирлээ. Өвгөн том буугаа, М’Кола минийхийг барьсан ажээ.
— Друпи мөрийг нь олог! М’Кола оносон гэж андгайлж байна гэж Өвгөн хэлэв.
— Оносоон гэж М’Кола батлав.
— Уурын тэрэг шиг мөөрөх чинь билээ. Явж байгаа нь аятайхан байсан биз? гэж П. О. М. хэлэв.
— Сүүгээ хүргэж өгөх гэж яарч явж л дээ. Лав оносон гэж бодож байна уу? Мөн удаж байж буудна билээ дээ гэж Өвгөн хэлэв.
— Лавтай оносон. Алсан гэдэгт эргэлзэх юм огт алга.
— Хүн бүгдэд ингэж битгий яриарай. Үнэмших хүн гарахгүй шүү, гэснээ тэр, Байзнаач! Друпи цус олж гэв.
Тэр дороос Друпи өндөр өвсөн дотор өвсний ширхэг барьчихсан бидний зүг сунгаж харагдав. Тэгснээ цааш эргэж дахин цуст мөрийг мөшгөв.
— Пига, гээд М’Кола, — М’Узури! гэв.
— Тогтдог юм бол нь харж болохоор дээш гаръя гэснээ Өвгөн, — Друпийг хараач гэв.
Друпи малгайгаа авч барив.
— Болгоомж хэрэгтэй болж л дээ. Бид хоёр том буу авчрах Друпи хувцаснаасаа нэгийг нь хасаж мөрдөх хэрэг бол оо шив дээ гэж Өвгөн хэлэв.
Тэр мөр хөөлцөж яваа нөхрийнхөө хамт зогсов. Друпи гараа өргөлөө.
— Чимээ сонсож. Явцгаая гэж Өвгөн хэлэв.
Бид тэдний зүг хөдлөв. Друпи бидний өөдөөс ирж Өвгөнтэй ярилцлаа.
— Энүүхэнд байна гэнэ. Хачиг шувууны дуу сонссон байж болох юм, гэвч эдний нэг нь бас хирсийн дуу сонслоо гээд байна. Бид салхи сөрж явах хэрэгтэй. Та Друпитэй цуг яв. Мэмсаиб миний ард байг. Том буу ав. За яв гэж өвгөн хэлэв.
Хирс өндөр өвсөн дунд бутнуудын цаана, нэгтэй байгаа ажээ. Тэр зүг явахад бүдүүн сунжруу дуу гарч байв. Друпи над руу эргэж хараад инээмсэглэв. Мөөрөх дуу дахин гарч, энэ удаа цусандаа хахаж санаа алдах мэт болоод зогсов. Друпи инээсээр байлаа. «Фаро» гэж шивнээд алгаараа шанаагаа дараад, дугжирч байна гэж дохиогоор хэлэв. Бяцхан шувуун сүрэг үргэж хошууран нисэхийг нь үзвэл хөөрөн холдож байгаа хачгууд ажээ. Байгаа газрыг нь товлож өндөр өвсийг ярсаар аажим урагшлан хирсийн дээрээс оров. Хажуугаараа хэвтээд үхжээ.
— Юу ч гэсэн дахин нэг буудсан нь дээр байх гэж Өвгөн хэлэв. М’Кола авч явсан срингфильдээ надад гардууллаа. Замаг нь түгжээгүй байсанд би М’Кола руу ууртай ширэв татаад сөхөрч суун хирсийн сэрвээ рүү нь буудав. Хөдөлсөнгүй. Друпи надтай гар барьж. М’Кола түүний жишээг дагав.
— Энэ золиг, спрингфидьдийг түгжээгүй байхгүй юу гэж би Өвгөнд хэлэв.
Буу түгжээгүй байсанд уур минь шатсан билээ.
М’Кола ажиг ч үгүй байв. Тэр ихэд хөгжин хирсийн эврийг тоншиж үзэн дараа нь төөлөөд, сумны нүх эрж байлаа.
— Дарж хэвтсэн талд нь бий гэж би хэлэв.
— М’Кола П. О. М.-ийг яаж харгалзан хамгаалж байсныг та харсан болоосой. Тэгээд л буу түгжээгүй байхгүй юу.
— Энэ буудаж чаддаг юм уу?
— Чадахгүй. Гэвч буудах л байсан гэж өвгөн хэлэв
— Миний өмдийг оног л дээ. Их санаатай муу шаар гэж би хэлэв.
Хуарангийнхан цөм цугларахад бид хирсийг сөхөрч хэвтсэн аятай байрлуулан дэргэдэх өвсийг нь хяргаж зай гаргаад зураг авав. Сумны нүх нэлээн дээр, уушгины нь ард байлаа.
— Гайхалтай буудаж. Гайхалтай буудаж. Гэхдээ хүнд л битгий хэлээрэй гэж өвгөн хэлэв.
— Чи надад баталгаа өг.
— Тэгэх юм бол хоёулаа худалч болно. Хирс гэдэг янзын амьтан шүү дээ. Тийм биз?
Нүсэр бие, цүлхгэр бөөртэй, түүхийн өмнөх үеийн амьтны төрхтэй, арьс нь хийтэй хаймар аятай чинэрмэл, шувуу суухаар эврээрээ сэжилснээс үүссэн сүрхий шархнуудтай, сүүл нь бүдүүн бөөрөнхий болоод шувтан, дээр нь олон хөлт хачгууд шавсан гахайных шиг жартгар нүдийг нь тойрсон үстэй, хамар дээрх эврийн нь угт хаг ургасан ажээ. М’Кола хирсийг харан толгой сэгсэрнэ. Би түүнтэй санал нэг байлаа. Тэр хачин амьтан юм даа гэж бодож байгаа нь илт.
— Эвэр нь аль зэрэг вэ?
— Муу биш. Тэгэхдээ нэг их онцгой ч юм биш. Ах минь та тун гайхалтай буудаж дээ гэж Өвгөн хэлэв.
— М’Кола их баярлаж байгаа шүү дээ.
— Чи ч гэсэн өөрөө их баярлаж байгаа гэж П. О. М. өгүүлэв.
— Би энүүнээс болж галзуурахад ганц хуруу дутуу байна. Надтай олон юм бүү ярь. Миний тарчилж байгаад бүү зов. Аягүй бол унтаж байгаад сэрэхээрээ босож ирж бодоод байх болно гэж би учирлав.
— Та бол гарамгай сайн мөрч, бас шувууны жигтэйхэн сайн анч, бусдыг нь өөрөө ярь даа гэж Өвгөн хэлэв.
— Зүгээр байлгаач дээ. Халангир байхдаа л ганцхан удаа тэгж хэлсэн шүү дээ.
— Ганцхан удаа гэнэ ээ? Шөнө бүгд ярьдаггүй бил үү? гэж авгай маань дуу алдав.
italki
— Тэнгэр минь, би шувууг бол сайн бууддаг.
— Тийм вий. Би бол ингэж ер боддоггүй шүү. Өөр бас яаж чаддаг билээ та?
— За, за! Чөтгөр ав!
— Яаж буудсаныг нь ойлгуулаад яах вэ. Шатаж гарна гэж Өвгөн П. О. М.-д хэлэв
— М’Кола бид хоёр үүнийг мэднэ гэж би хэлэв.
М’Кола дэргэд ирээд
— Б’вана, М’узури сана гэв.
— Цаадах чинь зориуд ингэж буудаж гэж бодож л дээ гэж Өвгөн өгүүлэв.
— Түүнийг битгий ятга!
— Пига М’узури. М’узури гэж М’Кола хэлэв.
— Энэ лав таны бодож байгааг бодож байна гэж Өвгөнийг хэлэхэд би
— Миний найз юм чинь гэв.
— Яг тийм гэж Өвгөн өгүүлэв.
Хуаран руу буцаж явах замдаа би хоёр зуун алхам газраас гар дээрээсээ, хулсны ямаан гөрөөс буудан аман хүзүүг нь тас цохиж гайхуулав. М’Кола ихэд баярлаж Друпи бишрэв.
— Цаадхыг чинь зогсооё гэж өвгөн авгайд минь хэлээд, — Үнэндээ та хаана нь шагайсан бэ? гэв.
— Хүзүүнд нь гэж би худал хэлэв.
Уг нь дал хавсарч шагайсан билээ.
— Үгүй мөн, мэргэн ээ гэж П. О. М. өгүүлэв.
— Хэчнээн ч сайн буудсан үнэлдэг биш дээ. Гайгүй тэгж л байгаарай.
— Мөрөн дээр сууж хүндлүүлэх санаатай юм байна л даа. Хирс буудсан нь л хөө тарилаа гэж Өвгөн хэлэв.
— За гайгүй. Харж л байгаарай. Чөтгөр ав! Муу буудаж яваагүй юм чинь.
— Нэг гөрөөс яаж буудсан чинь санаанд орж байх чинь гэж Өвгөн егөөдөв.
Тэр нь миний ч санаанд орж байлаа. Нэг сайхан гөрөөсийг өглөөний турш, талаар дагаж халуунд өчнөөн төчнөөн зогсож тоо томшгүй буудаад өөр нэгийг буудах гэж шоргоолжны үүрэн дээр мөлхөж гартал нэг их ч сайнгүй, бас нэг гур харагдлаа. Жаал амсхийгээд тавин алхам зайгаас өөдөөс хараад хамраа өргөн ямар ч хөдөлгөөнгүй зогсож байхад нь омрууг нь барьж буудаад алдсан юм. Гэдрэгээ харан ойчиход нь яваад очтол босон харайж цаашаа салгалсан билээ. Би сууж, зогсохыг нь хүлээгээд занганд орсон мэт яг зогсоход нь суугаагаараа бууныхаа мөрөвчийг гартаа ороон тэвдэлгүй, хичээнгүйлэн шагайж хүзүүг нь барьж буудав. Зөрүүд, мугуйд уур хоёр хөдлөн, барилаа ч өөрчлөлгүй нэг хараалсан газраа найм буудаж алдав. Буу баригчид инээлдэн машинаар ирсэн африкчууд намайг гөлрөн П. О. М., Өвгөн хоёр таг дуугүй, би үдийн нар жигнэн нозооруулах талаар нөгөө гуртайгаа хөөцөлдөн түүнийг хөдөлгөхгүй, хүзүүг нь заавал тас буудна гэж хүйтэн царайлж солиотой юм шиг шазайж байсан юм. Нэг нь ч дуугарахгүй байлаа. Би сум аль гэж М’Колагийн зүг гар сунгаад хичээж дахин буудсан нь алдаж орхисон. Арав дахиа буудаж байж тэр золигийн хүзүүг сая нэг хугалсан юм. Би түүнийг эргэж ч харалгүй яваад өгсөн билээ.
— Хөөрхий муу аав минь гэж П. О. М. хэлсэн.
— Нар, салхинаас болоод тэр. Нэг л газар тусаад байна. Шороо пурхийж байхыг нь харсан гэж Өвгөн өгүүлсэн.
Тэр үед бид хоёр бие биеэ сайн мэддэггүй байсан юм.
— Би хачин зөрүүд тэнэг амьтан байгаа юм гэж би хэлж билээ.
Одоо бол ямар ч гэсэн буудаж сурчээ. Бараг ямагт аз таарах бөгөөд нэн хийморьтой байлаа.
Бид хуарангаа харагдахад хашхирав. Хүн гарч ирсэнгүй. Тэгж тэгж Карл майхнаасаа гарч ирэв. Тэр биднийг харчхаад буцаад орчхов. Тэгснээ буцаад гарч ирэв.
— Хөөе, Карл гэж би дуудав. Гараа сэгсэрчхээд майхандаа буцаад орчхов. Тэгснээ дахин гарч ирээд бидэн рүү алхав. Ихэд догдлон чичрэх бөгөөд гарынхаа цусыг угаасан нь илт байлаа.
— Юу унагаав?
— Хирс.
— Зүдрэв үү?
— Үгүй. Нам унагасан.
— Сайн байна. Хаана байна тэр чинь?
— Тэр модны цаана байгаа.
Бид явж очлоо. Тэнд ёстой хирсийн толгой янзлаад тавьчихсан байлаа. Миний алдгийнхаас хоёр дахин том ажээ. Жартгар нүд нь аниастай, нэгний нь буланд цус нулимс мэт тунаж байлаа. Тэр толгой сүрлэг том, эвэр нь ар тийшээ хачин гоё махийжээ. Шилний арьс ямх зузаан, огтлогдсон зах нь дөнгөж сая зүссэн бяслаг шиг цавцайж байлаа.
— Урт нь хэд вэ? Гучин ямх орчим уу?
— Яалаа гэж. Хүрэхгүй. Гуч ч биш ээ гэж Өвгөн хэлэв.
— Ноён Жексон, хачин сайхан эд биш үү? гэж Дэнийг хэлэхэд Өвгөн
— Тийм ээ. Сайхан эд гэв.
— Хаана унагасан бэ?
— Хуарангийн улаан дэргэд
— Бутан дотор зогсож байна билээ. Мөөрөхийг нь бид дуулсан юм.
— Махь байна гэж бодсон гэж Карл өгүүлэв.
— Хачин сайхан эд гэж Дэн давтан хэлэхэд нь би
— Би туйлын их баяртай байна гэв.
Бид гурав жижиг эвэр нь ч бидний алдаг хирсийн том эврээс урт бөгөөд бүдүүн, нүдэндээ нулимстай гайхал хирс, толгойг нь авчихсан эл гайхамшигт хирсийн талаар шударга ёсны баяр хүргэх санаатай зогсоцгоох боловч онгоцонд зайлагдсан буюу эсвэл өр алдсан улс шиг гонгиноцгоож байлаа. Ичсэндээ бид яаж ч чадахгүй байв. Би ямар нэг чин сэтгэлийн тааламжтай үг хэлэх гэсэн боловч
— Хэд буудсан бэ? гэж асууж орхив.
— Мэдэхгүй. Бид тоолоогүй л дээ. Тав бил үү, зургаа буудсан байх.
— Тав л байх гэж Дэн хэлэв.
Баяр хүргэхчээ болж байгаа ийм гурван амьтныг хараад хөөрхий Карл баяр хөөрийнхөө замхарч байгааг нь ухаарчээ.
— Бид ч гэсэн нэгийг авласан гэж П. О. М. хэлэхэд:
— Сайн байна. Энэнээс том уу? гэж Карл асуув.
— Яалаа гэж. Энэний дэргэд бөөстэй торой.
— Харамсалтай хэрэг гэж Карл жирийн бөгөөд үнэн санаанаасаа хэлэв.
— Ийм сайхан хирс унагачхаад харамсаад ямар чөтгөрөө хийх юм бэ? Сайхан л амьтан байна шүү дээ. Аппарат авчир, зургийг нь авъя.
Би аппаратаа авчрахаар буцав. П. О. М. намайг сугадаж явлаа.
— Аав минь хүн төрхтэй байхыг бодооч дээ. Хөөрхий муу Карл. Чи түүнийг бүр зовоож орхилоо.
— Мэдэж байна. Би тийм зан гаргахгүйг хичээж л байна.
Өвгөн бидний араас ирлээ. Тэр толгой сэгсрээд:
— Ингэж явж үзээгүй юм байна. Өр лүүгээ өшиглүүлэх шиг санагдлаа. Мэдээжийн хэрэг би биширч байна даа гэв.
— Би ч гэсэн. Ингэхийн оронд намайг зодсон нь дээр байсан юм. Учрыг нь чи мэдэж байгаа. Үнэн шүү. Яагаад тэр биднийхээс хоёр ч юм уу гурван ч ямх урт эвэртэйг алав аа? Яагаад тэр, минийх дэргэд нь өчүүхэн байх тийм томыг алав аа? Биднийх дэргэд нь утгагүй юм болж байна.
— Тэгэхдээ та яаж буудсанаараа бахархах ёстой.
— Чөтгөр ав! Ёстой санамсаргүй тохиолдол. Тэнгэр минь яасан лут хирс вэ?
— Явъя хоёулаа. Уужирч, соёлт хүмүүс шиг байхыг бодъё.
— Бид ёстой гайхалтай байсан шүү гэж П. О. М. өгүүлэв.
— Мэдэж байна. Би эелдэг байх гэж их хичээсэн. Түүнийг ийм сайхан амьтан унагаж гэж биширч байсан шүү дээ.
— Та хоёр үнэндээ... хоёулаа наргиантай байсан гэж П. О. М. өгүүлэв.
— Та М’Колаг харсан биз? гэж Өвгөн асуув.
М’Кола хирс рүү уруу царайтай харчхаад толгой сэгсрээд яваад өгсөн билээ.
— Гайхамшигтай хирс. Бид даруу загнаж Карлыг баясуулах хэрэгтэй гэж П. О. М. хэлэв.
Гэвч энэ маань оройтсон хэрэг байлаа. Удтал бид Карлыг ч баясуулж, өөрснөө ч баясаж чадахгүй билээ. Зөөгчид тээштэйгээ хуаранд ирэв. Бид тэднийг цөмийг нь, өөрсдийнхнийгөө цөмийг нь сүүдэрт хэвтээ хирсийн толгой руу очихыг харж байлаа. Тэд цөм дуугүй байлаа. Гагцхүү өвчигч хуаранд ийм толгой байгааг үзээд гайхсанаа нууж эс чадах аж.
— М’Узури сана! гэж надад хэлэн эврийг нь төөлөөд тэр, — Кубва сана! гэв.
— Н’Дио М’Узури сана гэж би зөвшөөрөв.
— Б’вана Кабор үүнийг ал аа юу?
— Тэгж
— М’узури сана.
— Тийм ээ, М’узури сана гэж би толгой сэгсрэв.
Өвчигч манайхны дотроос хамгийн эелдэг нь байв. Бид цаашид авлахдаа өрсөлдөхгүй байхыг хичээсэн билээ. Карл бид хоёрын аль аль нь дайралдсан бүхнийхээ олигтойг нь нэгэндээ ноогдуулахыг хичээдэг байлаа. Би Карлд үнэн голоосоо хайртай, тэр ч хувиа бодох нь үгүй, нөхрийн төлөө бүхнээ зориулдаг хүн байлаа. Би түүнээс сайн буудаж түүнийг давна гэдгээ ямагт мэдэж байтал тэр харин минийх дэргэд нь зулзага болохоор ан унагана. Миний мэдэхээр тэр хэд хэд муу буудсан, би тэгэхэд аялж явахдаа хоёр удаа муу буудсан. Нэг нь тэр гөрөөс, нөгөө нь талд дайралдсан тэр нэг өлөгчин. Гэвч тэр биднээс ямагт давсаар байлаа. Нэг хэсэг бид үүнийгээ наргиан болгож, яваандаа хариугаа авна гэж би үздэг байлаа. Гэвч ингэж чадахгүй байлаа. Эдүгээ энэ нутагт эхлээд л хирсийн анд сүйрлээ. Бид Карлыг хоолны мах олуулахаар үлдээж өөрсдөө шинэ нутгийг зорьсон билээ. Түүнтэй бид муу ч үгүй, онц сайн ч үгүй харьцдаг. Гэвч тэр давдаг хэвээрээ л байна. Давах нь ч яах вэ, даваад бас зогсохгүй, миний хирсийн толгойг тэр, бидний хамт суудаг жижиг хотод байхын аргагүй болголоо. Түүнийг арчиж хаялаа. Тэр ийм жигтэйхэн том хирс алаагүй бол би санаж бодож явах, юу ч үгүйсгэж үл чадах олзтой байх байлаа. Би ер бишийн өөртөө итгэх итгэлийн үүднээс эрт орой хэзээ ч бахдаж явах ан хийлээ гэж үзэж байсан юм. Гэтэл Карл тэр хирсийг авлаж миний мөрөөдлийг талаар болгов. Тэр майхандаа захидал бичиж суулаа.
Гал зуухны майхны шанаа дор Өвгөн бид хоёр яавал дээр болохоо ярилцаж суув.
— Тэр юу ч гэсэн энэ хирсийг авлаж. Цагт хэмнэлттэй хэрэг. Та энэ өдрийн ангаар хязгаарлаж болохгүй гэж Өвгөн хэлэв.
— Тийм ээ.
— Гэвч энэ хавийг самнаж гүйцлээ. Нэг л гаж буруу юм байна. Друпи эндээс ачааны машинаар гурван цагийн газар явж зөөгчид авч бас цаг хэр явж хүрэх сайн нутаг мэддэг гэж байна лээ. Цөөн хүн авч үдээс хойш тийш очоод машинаа буцаая. Карл, Дэни хоёр уруудаж М’Уто Умбу орж, бейз гөрөөс авлаг.
— Зүйтэй.
— Тэр бас өнөө орой юм уу, маргааш өглөө хирсийнхээ сэгийг сахиж ирвэс унагаж ч болох юм. Ирвэсийн дуу гарсан гэж Дэн ярьж байна билээ. Бид Друпийн сонгосон тэр цагаас хирс олж авлахыг бодъё, дараа нь та тэдэнтэй нийлж хүдүүнд гарна биз. Хүдүүнд их цаг гаргая гэж байгаа юм.
— Зүйтэй.
— Тэнд та бейз гөрөөс олохгүй ч байсан гэмгүй. Өөр нэгтэйгээс авлана биз.
— Ерөөсөө олохгүй ч байлаа гэсэн яамай. Дараа болно биз. Хүдүүнд явах хэрэгтэй байна.
— Хүдүү олно оо та, өөрөө ч гэсэн тэгж л бодож байгаа биз.
— Юуны өмнө нэг олигтой хүдүү унагая, бусдыг нь дараа болъё. Хирс авлах ч яах вэ зугаа төдий хэрэг. Би Карлын тэр хирсээс дутахааргүй хирс унагамаар байна.
— Яриа юу байх вэ!
— Энэ бүгдийг Карлд хэлсэнд тэр
— Санаснаараа л хий. Минийхээс хоёр дахин томыг унагах байх гэж найдаж байна гэв.
— Энэ үгийг тэр үнэн голоосоо хэлсэн юм. Түүний сэтгэл санаа засраад байсан билээ. Биднийх ч мөн адил.


ГУРАВДУГААР БҮЛЭГ

Халуунд улаан хөрстэй буттай навтгар толгодыг хэдрэн Друпийн сонгосон газар ирвэл айдас хүрмээр нутаг байлаа. Тэр нутаг це-це ялаанаас хамгаалах гэж бүслүүрдсэн ойн зах ажээ. Хуарангийн чанх цаана шороо тоостой, нутгийн бохир тосгон байлаа. Хөрс нь улаан, энд тэндээ идэгдсэн, дэлбэрэх нь үү гэмээр ажээ. Хуарангаа бяцхан горхи ба цаана нь байгаа бохир тосгоны тэртээгээс өндийсөн толгойн энгэртээ хатмал моднуудын сиймхий сүүдэрт салхин дунд тэвдэн босгов. Харанхуй болохоос өмнө бид Друпи болон нутгийн хоёр газарчныг дагуулж цааш явж бараг хавцал гэмээр гүнзгий хоолойн наадах хадтай хяр дээр авирч гарав. Нөгөө талд нь хэд хэдэн тахиралдсан хоолой байх ба тэд эгц бууж нөгөө хавцалд нийлэх ажээ. Тэдгээр хоолой мод ихтэй, хоорондох хярууд нь ногоотой, цаана нь хулсан ширэнгэтэй уул байлаа. Хавцал уруудах тутмаа нарийссаар хажуугаас нь сэтлэн Рифт ангалагт нийлэх ажээ. Ногоотой хяр энгэрүүдийн цаана шигүү ойтой толгод харагдана. Гөрөөлөхөд ёстой тамын орон ажээ.
— Юм олж харья гэвэл хавцлын ёроол руу эгц буух хэрэгтэй. Тэндээс ширэнгэтэй толгойн нэгээр давж дүүрэн хайргатай жалгуудыг хэдрэх юм байна. Юм үзэгдвэл хараандаа байлгах гэхийн хэрэггүй, мацаж биеэ зовоохын нэмэр. Эгцийг нь яана. Энэ хайрганууд нөгөө нэг үдэш бид буцах замдаа туулж зүдэрсэн гэмгүй царайт хайргатай адилхан байна шүү.
— Олиггүй царайтай газар байна даа гэж Өвгөн өгүүлэв.
— Би яг ийм нутагт гөрөөс агнаж үзсэн, Вайомингийн ширэнгэт голын урд хярд. Энгэрүүд нь мөн хэц ээ. Ёстой там байна даа. Бартааг нь ээ. Бид ч маргааш зэгсэн залхах вий.
П. О. М. юу ч хэлсэнгүй. Өвгөн л биднийг энд авчирсан, Өвгөн л биднийг эндээс гаргах ёстой гэж тэр бодох аж. П. О. М. хөлөө холгох вий л гэдгээс өөр юу ч эс бодно. Гутал нь хавчисхийж санааг нь зовооно. Би газрын бартааг гоочлон үглэсээр харанхуй болсон хойно Друпийг дотроо зэмлэсээр хуарандаа уруу царайтай ирэв. Гал салхинд дүрэлзэн асаж, бид түүнийг тойрон, сар мандахыг ажиглан, чононцрын улихыг чагнаж суулаа. Бага зэрэг балгасныхаа дараа тэр газрыг нэг их голохоо болив.
— Сайн газар гэж Друпи зүтгээд байгаа юм. Яг ирэх гэсэн газар нь биш гэнэ. Энэнээс цааш гэнэ. Гэвч энэ хавийг сайн гэж андгайлж байна гэж Өвгөн хэлэв.
— Би Друпид сайн. Бүрэн итгэдэг гэж П. О. М. хэлэв.
Друпи жад барьсан нутгийн хоёр хүн дагуулж галын дэргэд ирэв.
— За юу дуулж гэнэ? гэж би асуув.
Нутгийн хүмүүс нэлээн яриа болсны дараа Өвгөн
— Энэ хоёр тамирчны нэг нь өнөө өглөө нэг мундаг хирсэд хөөгдсөн гэж байна. Хөөгдсөн бол ямар ч байсан том харагдаж таарна л даа.
— Эвэр нь хэр урт вэ гэж асуугаач...
Нутгийн тэр хүн дэлэм гэж заав. Друпи инээмсэглэв.
— Хаахна тэгж хөөгдөө вэ?
— За мэдээжийн хэрэг тэнд л гэнэ биз. Та мэднэ байх. Тэнд л гэнэ. Тийшээ л гэнэ. Аливаа юм дандаа «тэнд» л тохиолдож байдаг юм чинь гэж Өвгөн хэлэв.
— Сонин хэрэг. Яг бидний очих гэсэн газар байна шүү.
— Нэг сайн нь Друпи огтхон ч уруу царайлахгүй байна. Тун бардам байгаа шинжтэй. Эцсийн бүлэгт энэ бүхэн түүний л хийсэн ажил гэж Өвгөн хэлэв.
— Тийм ээ. Гэхдээ бид мацаж таарах нь.
— Нөхрийн чинь сэтгэлийг сэргээх үү? Намайг бүр гутрааж орхилоо гэж Өвгөн П. О. М.-д хэлэв.
— Хэр сайн бууддагийн нь тухай ярьцгаах уу?
— Цаг эрт байна. Би гутраагүй. Урьд надад яг ийм газар тааралдаж байсан. Зүгээр. Таалагдана. Захирагч та мацаж гүзээгээ жаахан багасга.
Маргааш нь би тэр нутгийг тун буруу ойлгож байснаа мэдсэн билээ.
Бид үүрээс өмнө цайгаа уугаад нар хөөрөхөөс урьд тосгоны цаадах толгой өөд шил шилээ харан мацацгаав. Хамгийн түрүүнд жадтай, нутгийн газарч, дараа нь Друпи миний том буу, устай лонхтой, дараа нь би спрингфильдтэйгээ, миний араас Өвгөн манлихертэйгээ, П. О. М. хуучин зангаараа юу ч үгүй. М’Кола өвгөний том буу, бас нэг лонх устай, хамгийн сүүлд нь нутгийн хоёр жадтай иргэн, хөхүүртэй ус, өдрийн хоол хийсэн цаасан хайрцагтай явж байлаа. Үдийн халуун болохоор хэвтэж байгаад харанхуй болсон хойно буцахаар төлөвлөсөн билээ. Өглөөний сэрүүнд аялахад сайхан. Өдрийн халуунд нозоорсны дээр, хад хясаа дамжин энэ жимээр өчигдөр нар шингэх үес явж тамаа цайснаас шал өөр байлаа. Энэ жимээр мал байнга явдаг бөгөөд нунтаг хуурай шороотой тэр нь хяруунд бага зэрэг чийгтсэн ажээ. Чононцрын мөр бишгүй тааралдаж жим явсаар саарал хясааны ирмэгийг дагахад цавчим хавцлын хоёр хажуу хоёулаа харагдах бөгөөд жим цаашаа хавцлын ирмэгийг дагахад хясааны доорх шороотой хэсэг газар хирсийн шинэхэн мөр харагдав.
— Тун сая урагшаа явжээ. Шөнө болохоор л энүүгээр тэнэдэг байх гэж Өвгөн хэлэв.
Хавцалын ёроолд өндөр моддын орой, модны чөлөөнд ус ёлтойн харагдаж байлаа. Цааш нь харвал толгойн цавчим энгэр, өнгөрсөн шөнө бидний шинжсэн хайргат амнууд байлаа. Друпи, хирсэд хөөгдсөн гэж ярьсан нутгийн нөгөө газарч хоёр мөр зэрэгцэн шивнэлдэн алхаж байлаа. Удалгүй тэр хоёр эгц замаар хавцал уруудав.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Африкийн Ногоон Толгод - 05
  • Büleklär
  • Африкийн Ногоон Толгод - 01
    Süzlärneñ gomumi sanı 4549
    Unikal süzlärneñ gomumi sanı 1967
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 02
    Süzlärneñ gomumi sanı 4491
    Unikal süzlärneñ gomumi sanı 2008
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 03
    Süzlärneñ gomumi sanı 4255
    Unikal süzlärneñ gomumi sanı 2007
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 04
    Süzlärneñ gomumi sanı 4525
    Unikal süzlärneñ gomumi sanı 1971
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 05
    Süzlärneñ gomumi sanı 4618
    Unikal süzlärneñ gomumi sanı 1953
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 06
    Süzlärneñ gomumi sanı 4507
    Unikal süzlärneñ gomumi sanı 2100
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 07
    Süzlärneñ gomumi sanı 4439
    Unikal süzlärneñ gomumi sanı 2048
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 08
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 09
    Süzlärneñ gomumi sanı 4471
    Unikal süzlärneñ gomumi sanı 2047
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 10
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 2055
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 11
    Süzlärneñ gomumi sanı 4575
    Unikal süzlärneñ gomumi sanı 1888
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 12
    Süzlärneñ gomumi sanı 4541
    Unikal süzlärneñ gomumi sanı 2156
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 13
    Süzlärneñ gomumi sanı 90
    Unikal süzlärneñ gomumi sanı 71
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.