Latin

Африкийн Ногоон Толгод - 07

Süzlärneñ gomumi sanı 4439
Unikal süzlärneñ gomumi sanı 2048
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Тэр өдөр морины сүүлэн дор шавсан тэмээн ялаануудыг ажигласаар хэчнээн хэцүүг нь бодож үзвэл урьд надад тохиолдсон аймшигтай нэг явдал санаанд орж ирж билээ. Баруун гарын бугалгаа хуга буудуулчхаад цэргийн эмнэлэгт хэвтэж байсныг эс тооцвол үүнтэй зүйрцэх аймшиг үгүй байлаа. Тэгэхэд баруун гар ар нуруу руу сойлттой, хугарсан ясны үзүүрүүд махаа цоолсон нь хувилан хавдаж идээ бээрт баригдаад байсан юм. Өвдөхийн ихэд шаналан таван долоо хоног нойргүй байтал нэг шөнө, чамд далаа хуга буудуулаад зугтсан залуу хандгай ямар байдаг бол гэсэн бодол гэнэт орж ирсэн билээ. Суманд хэмх цохиулснаас болдог бүх явдлыг нүд хамхилгүй шөнөжин амсаж, биеэ тавигдасхийн ирэх үед миний эдэлж байгаа энэ зовлон бол анчин бүхэнд ноогдох шийтгэл мөн гэж ухаарсан юм. Биеэ овоо болсон хойно, хэрэв шийтгэл байдаг юм бол би эдлэлээ, дор хаяхад юу хийж явснаа ухаарлаа гэж шийдсэн билээ. Би болохгүй юм хийж явсангүй. Би буудуулж эрэмдэг болж жагсаалаас гарлаа. Аль нэг юманд өртөж алуулах байх гэж бодсоор үнэндээ ч үхэхийг юман чинээ бодохоо байсан аж. Буу барьж эхлэхээсээ цэвэрхэн алж чаддаг байсан цагтаа л ална, тийм чадалгүй болбол болино гэж бодсон сон.
Хэрэв чи идэр залуу насандаа нийгэм, ардчилал, бас бус үйлсэд цагаа нэгэнт зарж цаашид өөр юм үл сонирхон хувиа л бодох цаг чинь ирсэн бол нөхдийнхөө аятай, таатай нялуурлыг өөрөө яагаад ч орхиж чадашгүй тийм нэг зүйлээр солих болно. Миний тийм зүйл чухам юу болохыг би одоо хэр нь тодруулж чадаагүй л байна. Гэвч аливаа юмны тухай чин үнэнээр нь олигтойхон бичиж, чухам тийн бичиж байгаагаа өөрөө мэдэрч, үнэ цэнтэйг нь өөрөө мэдсээр атал хүмүүс бичсэнийг минь уншаад сэдвийг нь муушааж, худал хуурмаг зүйл гэж байхыг нь дуулах үед юм уу, эсвэл нэгэнт хэвшсэн бүх юмны адил амин чухал байсан, одоо ч чухлаараа байгааг нь өөрөө үнэхээр ухааран үйлдэж байгаа зүйлийг минь хүмүүс гайхуулаад байх юм огт биш гэх үед нэг бодол төрж ирдэг юм. Тэр бодлыг дотроо агуулан далайгаар ганцаар аялахад ивээлд нь амьдарч танин мэдэж, сурч, хайрлаж байдаг гольфстрим хэмээх энэ дулаан урсгал байснаараа л, хүн бий болохоос ч өмнөх үе дэх зангаараа урссаар л байна, Колумб олж нээхээс ч өмнө байж л байсан урт гоёмсог, гаслант энэ эргийг даган урсаж л байсан, энэ урсгалын тухай дуртгал, түүний ивээлд аж төрсөөр ирсэн бүхэн үнэтэй, хэзээд хэвээрээ юм даа гэсэн бодол орж ирдэг юм. Яагаад гэвэл энэ урсгал, индианчууд, испаничууд, англичууд, бүх кубчүүдийн үе, зүсэн зүйлийн засаг төр, баян хоосон, зовлон, зүдүүр, хээл, хахууль, харгис ёсыг өнгөрөөн эрт урьдынхаа адил хажуугаар нь ажиггүй урсаж л байх болно, эд бол цөм чиргүүл онгоцонд ачсан тод өнгө, цагаан толботой заваан үнэртэй хог новш агаад онгоц хажуулдахаар тэр номин цэнхэр ус руу асгарч түүнийг бузарлан дөрөв таван сажин гүнзгий булингартай ногоон болгоод живдэг нэг нь живж, дал модны навчис, лонхны бөглөөнүүд, лонхнууд, чийдэнгийн шатсан шил, оюутны сурах бичгийн тасарсан хуудаснууд, сүрхий зоолсон ноход, өлбөрсөн хүрэлзгэнэ, танигдахын аргагүй болсон мийнүүд хөвнө, тэднийг хог түүгчид үнэлэн үзэж урт модоор татан авч завиндаа хийж бөөцийлнө, сэхээтэн зангаар шохоорхоно, түүхчин зангаар нямбайлна, тэгээд үзэл онолоо туурвина гэж бодогддог юм. Цааш нь: Хаванад хэрэг явдал сайн, эрэг дагуу арван бээр ус хэзээ язааныхаараа тув тунгалаг номин цэнхэр өнгөлөн, гудиг ч үгүй урсаж нүднээ үл үзэгдэх хөдөлгөөнөөрөө таван сав тийм хогийг авч одсоныхоо өмнөх шиг цэнхэртэн ялалтын чимэг дал модны навчис, бидний нээлтийн зул, тасарч унасан гэрэлт бөмбөлгүүд бидний үлэмжийн их хайрын хэргээ барсан хаймаар хүүдийнүүд мөнх үргэлжлэх жирийн нэг зүйл болох энэ урсгалтай зүйрлэхэд учир утгагүй болон хөвж одно гэж бодож явав.
Машины урд суудалд суун тэнгис, газрын тухай ийн бодсоор явтал удалгүй Арагоноос гарч уруудасхийн ногоон модон эмжээртэй, хэсэг хэсэг ширэнгэн аралтай, хагас бээр өргөн алтан шарга элсэн голын эрэгт хүрч ирцгээв. Энэ голын ус элсэн доогуур урсах агаад шөнө болохоор ан амьтад буун ирж хурц туурайнуудаараа элсийг нь цавчиж ус гаргаж уудаг юм. Гол гаран цааш хөдлөхөд үд хэвийгээд байсан бөгөөд өлсгөлөнт нутгаас дүрвэж яваа хүмүүс бүлэг цүлгээрээ бидэнтэй зөрж байлаа. Замын хажуугаар бяцхан төгөл, шигүү бутнууд тааралдаж байв. Зам өгссөөр бид хэдэн цэнхэр толгодын дунд орж ирэв. Тэдгээр толгодын хөрс нь эвдэрсэн агаад эвэрлэг модорхуу модтой, энд тэнд нь утаа олгойдсон хэсэг хэсгээрээ шавааралдсан шовгор овоохойнууд байх ажээ. Мөн хотолж байгаа үхэр, сүрэг хонь, ямаа, тариалангийн талбайнууд харагдаж би П. О. М.-д:
— Галисиатай адилхан газар байна гэхэд
— Яг. Бид өнөөдөр Испанийн гурван мужаар явж өнгөрлөө гэв.
— Нээрэн үү? гэж Өвгөн асуув.
— Ялгах юм бараг алга. Барилга нь л өөр байна. Бас Друпийн газарчилж аваачсан нутаг Наваррег санагдуулж байсан. Шохойн чулуу, газрын төрх, гол горхи дагаж ургасан моднууд нь яг л ийм шүү дээ гэж би хэлэв.
— Газар орныг сонирхоно гэгч бас нэг онцгой шинж гэж Өвгөнийг өгүүлэхэд:
— Та хоёр хоёулаа их номчирхдог улс юм. Ингэхэд бид хаана хуарагнах вэ? гэж П. О. М. хэлэв.
— Энэ хавьд, хаана нь ч яах вэ дээ. Устай л бол болох нь тэр.
Нутгийн бүсгүйчүүд ус авч байгаа гурван худгийн ойролцоох хэдэн модны дэргэд хуарагнахаар болж Карл бид хоёр хаагуур агнахаа шодон байж явах газраа товлоод тосгоны цаад талын замын тэртээ орших хоёр толгойн наагуур цаагуур бүрий болтол гөрөөлөв.
— Хүдүүний нутаг шүү дээ. Та хоёр хэдийд ч антай тулгарч болох юм гэж Өвгөн хэлсэн билээ.
Гэвч ширэнгэд байсан массайхны үхрүүдээс өөр юм тааралдаагүй бөгөөд харанхуйд явган буцаж явахад машинд өдөржин агсагдсан бие тавигдан тун тааламжтай байлаа. Намайг ирэхэд П. О. М., Өвгөн хоёр галын захад гэрийн хувцастай сууж, харин Карл ирээгүй байв.
Тэр ганц ч хүдүүний бараа хараагүй бололтой нэлээн ууртай зэвийж дүнсийсэн царайтай хүрч ирээд ганц ч үг дуугарсангүй.
Удалгүй галын захад сууцгааж байтал тэр биднийг хаагуур явав гэхэд нь би нөгөө толгойнхоо наагуур цаагуур гөрөөлөөд газарчийг нөгөөдүүлийн чимээ гарч байна гэхээр нь толгойн оройгоор даван хуарандаа ирсэн гэв.
— Нөгөөдүүлийн чимээ гарч байна гэсэн чинь юу гэсэн үг вэ?
— Өөрийг чинь буудлаа гэж М’Кола ч бас хэлсэн юм.
— Хаагуур хаагуур явахаа шодож товлоцгоосон шиг санагдах юм.
— Тэгсэн л дээ. Гэхдээ өөрийг чинь буудахыг хүртэл газар луу чинь орсноо мэдсэнгүй.
— Буудахыг сонссон юм биз дээ?
— Нэг дуу гарах нь гарсан. Сайн чагнах гэж чихээ алгаараа хүрээлтэл газарч М’Колад нэг юм хэлж М’Кола надад «Б’вана» гэнэ. Тэгэхлээр нь би «Ямар Б’вана» гэх нь ээ «Б’вана Кабор» гэсэн юм. Тэр нь чи. Тэгээд бид газрынхаа захад ирснийг сая мэдэж толгойн оройгоор давж наашаа ирсэн.
Тэр ууртаа ганц үг дуугарахгүй байлаа.
— Ийм юмнаас болж бухимдаад яах вэ гэж би хэлэв.
— Бухимдсан юм алга, ядарч гүйцэж.
Өөр шиг нь эелдэгхэн, юмны учрыг сайн мэддэг, нөхрийн хэргийг өөрийнхөөсөө илүүд үздэг хүн олоход бэрх тул би түүнд итгэсэн бөгөөд тэр хүдүүний мөрөөсөл болон тэсэж ядаж байгааг нь би ухаарав.
Карлыг усанд орохоор майхан руугаа одоход нь П. О. М.:
— Шалавхан нэгийг унагаасай даа гэв.
— Та газар луу нь орчихсон юм уу? гэж Өвгөн асуув.
— Чөтгөр ав, яалаа гэж гэж би өчив.
— Бидний явсан газраар гөрөөлөг л дээ. Тавин ямх эвэртэйг ч унагах аз таарч юун магад гэж Өвгөн хэлэв.
— Хамгийн дөмгийг нь аваг. Тэнгэр минь, би ч бас нэгд санаатай юм сан гэж би хэлэв.
— Авна даа гайгүй, найз минь. Харин ямаршуу юм авах гээд байгааг чинь л мэдэхгүй байна гэж Өвгөн хэлэв.
— Чөтгөр гэж! Аравхан хоног үлдэж байна.
— Цаана нь бас сэлмэн эвэрт авлах ажил байна. Тэсэж үз. Гайгүй, хийморь сэргэнэ ээ.
— Элбэг газар нь чи хэд хоног явж байж авладаг байсан бэ?
— Гурван долоо хоног бэдрээд барааг нь ч олж харалгүй буцаж байсан удаа бий. Үдийн хугархай ч хүргэлгүй унагаж байсан ч удаа бий. Таны нутагтаа буга авлаж явсантай чинь яг ижилхэн.
— Сайхан байна. Харин энэ залуугийн ийм их азтай байгаад л дургүй хүрээд байна. Өвгөн, хамгийн сайн одос, хамгийн сайн хирс, хамгийн сайн усны гөрөөсийг тэр л агнасан шүү дээ.
— Бейз гөрөөсөөр та давна шүү дээ гэж Өвгөн өгүүлэв.
— Юун бейз гөрөөс?
— Гэртээ аваачихад чинь гэрийг чинь чимэхээр сайхан гөрөөс авлана даа та.
— Тоглосон юм.
— Сүүлт гөрөөсөөр бас давна. Та усны гөрөөс нэгдүгээр зэргийнхийг аваад байгаа. Таны ирвэс түүнийхээс дутуугүй. Гэвч аз мэдсэн юманд бол тэр таныг давалгүй яах вэ. Тун аз хийморьтой, сайн ч хүн. Хоолонд л нэлээн дурамжхан болсон бололтой.
— Түүнд миний хэчнээн хайртайг чи мэднэ. Би хүн ёсоор л хайрладаг. Олигтойхон л юм таарч байгаасай гэж боддог. Гэтэл ингэж урвалзаад байх юм бол ямар хөгжөөнтэй ав болох вэ дээ.
— Үзнэ ээ та, дараачийн хуарангаас цаадах чинь хүдүү авч магнайгаа тэнийтэл баярлах вий.
— Би дэндүү ууртай шаар л даа.
— Тийм ээ. Жаалхан балгах юм биш үү? гэж Өвгөн хэлэв.
— Тэгвэл тэгье.
Карл тайвширч найзархаг, эелдэгхэн, учрыг ойлгосон тэнүүн царайтай гарч ирлээ.
— Шинэ нутагт даруйхан очвол мөн сайхан аа гэж тэр өгүүлэв.
— Ёстой хачин сайхан байна даа гэж би хэлэв.
— Ямаршуу нутаг вэ, ноён Филлипс? гэж тэр асуусанд:
— Би тэр газрыг ер мэдэхгүй. Улс амьтны хэлэлцэх нь гөрөөлөхөд маш таатай нутаг гэдэг юм. Ан амьтан нь задгай газар бэлчдэг гэх юм байна лээ. Хачин сайхан толгойтой хэдэн амьтан бий гэж голланд хөгшин батлаад байсан гэж Өвгөн өчив.


— Чи ч лав жаран ямх эвэртэйг унагана байх аа гэж Карл надад хэлэхэд нь:
— Чи л ёстой жаран ямх эвэртэйг унагана даа гэсэнд Карл
— Гайгүй байлгүй. Надаар бүү тохуурах. Ямар ч хамаагүй хүдүү л болбол бөөн баяр болох нь тэр гэв.
— Та гайхалтай сайхан амьтан унагаж мэдэх юм шүү гэж Өвгөн дэмжив.
— Битгий тохуурх. Би тэртэй тэргүй аз хийморьтой байснаа мэднэ. Ямар ч хамаагүй хүдүү л олбол бөөн баяр болох нь тэр. Ёстой ямар ч хамаагүй.
Тэр бидний санаа бодлыг нэгд нэггүй мэдэж байсан боловч сайхан санааны үүднээс биднийг ойлгож, уучилж чадаж байлаа.
— Карл минь, чи гайхалтай сайн хүн шүү гэж би харилцан ойлголцох уужим сэтгэлд баярлан вискинд халж сэтгэл хөдөлсөндөө илэн далангүй хэлэв.
— Бид тун сайхан аялж байна, тийм ээ? Хөөрхий хонгор ээж маань хаачсан бэ? гэж Карл хэлэв.
italki
— Энд байна аа гэж П. О. М. сүүдрээс хэлээд, — Би бол амарлингуй төрсөн хүний нэг шүү дээ гэв.
— Тэнгэр минь, таныг амарлингуй гэхгүй бол хэнийг хэлэх вэ. Та хөгшнийг зөрөөд эхлэхлээр нь ганцхан үг хэлээд л тайвшруулдаг шүү дээ.
— Эмэгтэй хүнийг иймд нь л хүмүүс хайрладаг юм шүү дээ. Ноён Ж та намайг дахиад нэг магтаадхаач гэж П. О. М. хэлэв.
— Тэнгэрийг барьж андгайлахад та жижиг тайга шиг зоригтой хүн.
Өвгөн бид хоёр хоёулаа нэлээн халсан шинжтэй байв.
— Чихэнд чимэгтэй үг байна гээд П. О. М. түшлэгтэй сандлаа налан суугаад шумуулын хамгаалалт бүхий гуталтай хөлөө гараараа салаавчлав. Би галын гэрэлд түүний хуниастай цэнхэр банзал хийгээд гялалзсан хар үсийг нь ажив. — Жижиг тайгын зэрэгт оруулахаар чинь их баярладаг, юм. Ийм үед дайны тухай яриа даан их хүлээлгэхгүй байх гэж боддог юм. Эрхмүүдээс дайнд оролцож явсан хүн бий юу?
— Би бол ч үгүй. Танай хар хүн бол хүн төрөлхтний дотроос хамгийн зоригтой шаар, шувууны мэргэн буудаач, онцын сайн мөрч байгаа юм.
— Наадах чинь согтсондоо болоод чин үнэнийг хэлж орхилоо гэж би хэлэв.
— Хоолоо идэцгээе. Өлсөж үхэх нь гэж П. О. М. өгүүлэв.
Бид гэгээ ормогц машиндаа суун хөдөлж зам дагасаар тосгоноос цааш гарч шигүү буттай хөндийг туулан нар тусахын өмнөх манант талын захад хүрч ирэв. Нэлээн хол том гэгчийн биетэй сүүлт гөрөөс идшилж байх бөгөөд өглөө эртийн мананд сааралтан үзэгдэв. Бутны захад зогсон машинаасаа гарч суун дурандвал сүүлт зээрийн наад талаар сүрэг конгони6 зээр идшилж тэдний дунд массайн илжиг шиг тарган, бараан зүстэй гэдгэр, гойд сайхан урт хар эвэртэй ганц бейз зээр хоёр эврээ сэрэлзүүлэн өвс чимхлэн байгаа харагдлаа.
— Чи явмаар байна уу? гэж Карлаас асуусанд:
— Үгүй, та яв гэлээ.
Хүний дэргэд мяраах хийгээд буудах дургүйг нь мэдэх тул би «За яах вэ, тэгье» гэв.
Үнэндээ би буудах сан л гэж бодож байлаа. Ийм аминч зан Карлд үгүй билээ. Тэгээд ч бид махаар тасрах шахаад байсан юм.
Би тэдний зүг биш өөр тийш харан хааш хэрэг байгаа дүр үзүүлэхийг хичээн буугаа зээрүүдэд харуулахгүйн тул зүүн мөрөндөө үүрэн зам даган алхав. Тэд ажиг ч үгүй идээшилсээр л байлаа. Шууд чиглэн очвол үргэн зугтааж сумны тусгал хүрэхгүй болох нь мэдээж хэрэг. Тэгээд би нөгөө бейз байн байн толгой гудайлган өвс зулгааж байгааг нүднийхээ булангаар ажсаар сум тусахуйц зайд ойртон очиж суугаад бууныхаа оосроор гараа ороон нөгөөхийг толгойгоо өргөн нэг хараад хөдлөх гэтэл нь сэрвээний нь доохно бариад гохоо дарав. Ер нь анчин хүн өөрийнхөө бууны дууг дуулдаггүй боловч би сум пүдхийн тусахыг сонсов. Гөрөөс чанх урагшаа харайлгаснаа баруун тийшээ эргэх үед наран дөнгөж туссан хөндийн ан амьтад бүгд язганан урт хөлтэй чүүргэр конгони зээр морин цогиогоор жирийж, сүүлт зээрүүд эв дүй муутай халбалзан хатирч эдэн дунд цуг байсан боловч миний олж хараагүй бас нэг бейз чавхдан харайв. Гэнэт үүссэн энэхүү язганаан, түгшүүр дунд миний алах гэсэн нөгөө бейз хоёр эврээ сэрийлгэн тээр тэнд хатирч, би түүнийг гүйдэл дунд нь буудахаар шийдэж босож зогсон дуран хараагаар шагайсанд нөгөөх бүтнээрээ багтаж би мөн сэрвээний нь доохно бариад гохоо дарсанд ясыг нь цөм цохисон сумны чимээ надад сонстохоос өмнө тэр оцосхийн ойчиж тийчлэв. Нэн хол зайд их азтай оносон энэ буудлагаар би хойд хөлийг нь хуга бууджээ.
Би түүний зүг нэг ухасхийснээ хянамгайлан алхав. Босон харайж дайруузай гэж болгоомжилсон хэрэг. Тэр үүрд нойрссон байлаа. Тэр нэн огцом унасан бөгөөд сум тусах үес маш чанга дуу гарсан тул эврийг нь оночхоогүй байгаа гэж айсан билээ. Гэвч очиж үзвэл далны нь хойхно сэрвээнд нь туссан анхны сум үхлийн сум байсан, сүүлчийн сум хөлийг нь тас цохисноос ойчсон хэрэг байлаа. Манайхан цөм ирж, Чаро махнаас идэх эрхтэй болохын тул зээрт хутгаа шаав.
— Сүүлд буудахдаа та хаана нь шагайсан бэ? гэж Карлыг асуухад
— Хаана нь ч шагайгаагүй. Амдуулж дээхэн бариад л буудсан гэв.
— Мөн мэргэн тусаж шүү гэж Дэн магтав.
— Орой, мань эр, хөлийг нь зориуд тас буудсан гэнэ дээ. Энэ үүний ганц дуртай тусгал нь юм шүү дээ. Энэ тухайгаа ярьж байхыг нь дуулсан биз? гэж Өвгөн ёжлов.
М’Кола толгойг нь өвчиж, Чаро махыг нь эвдэж байтал жад барьсан нэг өндөр туранхай массай ирж мэнд усаа мэдэлцээд өрөөсөн хөлөө сойсхийн зогсож толгой өвчихийг сүрхий ажив. Тэгээд надад баахан юм хэлсэнд би Өвгөнийг дуудуулав. Массай нөгөөхөө Өвгөнд давтан өгүүлэв.
— Та өөр юм агнах уу гэж байна. Өөрт нь арьс хэрэгтэй боловч бейз зээрийнх тусгүй гэнэ. Шал дэмий эд гэж байна. Таныг ганц нэг конгони юм уу, зээр алдаггүй юм байх даа, арьсыг нь авах юм сан гэж байна гэж Өвгөн хэлэв.
— Буцах замдаа агнана гэж байна гэж хэл.
Энэ үгийг Өвгөн ёслол төгөлдөр дамжуулав. Массай надтай гар барив.
— Надтай уулзъя гэвэл Харрийн «Нью-Йорк» хэмээх уушны газар хэдийд ч очсон байж байна гэж хэл.
Массай бас нэг юм хэлээд нэг хөлөө нөгөөгөөр нь маажив.
— Яагаад хоёр дахин буудсан юм бэ? гэж байна.
— Манай овгийнхон өглөө хоёр, өдөр бол нэг буудаж алдаг заншилтай. Оройд нь өөрсдөө хагас үхлүүт байдаг юм гэж хэл. Надтай уулзъя гэвэл Нью-Стрэнли юм уу, Торрт хэдийд ч очсон байж байгаа гэж хэл.
— Эврээр юу хийдэг юм бэ? гэж байна.
— Манай овгийнхон эврийг хамгийн баян нөхдөдөө өгдөг юм. Энэ нь маш сонин үйл явдал болдог бөгөөд овгийнхныг маань заримдаа хоосон буу барьсан улс эзгүй хээрээр элдэн хөөдөг юм, гэж хэл. Надтай уулзъя гэвэл намайг номоос минь олж болно гэж хэл.
Өвгөн түүнд хэсэг юм хэлсэнд тэр надтай дахин гар барьж бид хоёр сүрхий ёсорхуу салав. Манан дунд бас хэдэн массай тал дундуур айсуй харагдав. Шороон хүрэн арьстай тэд борвио тахилзуулан алхах бөгөөд жад нь өглөөний наранд гялалзах ажээ.
Бид дахиад л машинд сууцгаав. Зээрийн толгойг тааран шуудайд хийж, махны нь цус, тоосыг цэвэрлэж бүхээгийн дор өлгөсөн байлаа. Тал хэдийнээ барагдаж улаан элсэн зам сунайн замын хажуу дахин шигүү буттай болов. Бид хэд хэдэн толгой даван амралтын цагаан байшин, их дэлгүүр, тарианы олон талбайтай Кибаяа хэмээх жижиг тосгоноор дайран гарав. Энэ бол нэг удаа Дэн тарианы газрын сэжүүр лүү хүдүү орж ирэхийг отон бухал дээр сууж байгаад сэм мярааж ирсэн арсланд золтой л бариулаагүй газар гэнэ. Энэ явдал бидэнд Кибаяа тосгоны тухай түүхэн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд нар өвсний шүүдрийг хараахан хатааж чадаагүй, сэрүүхэн байсан тул энэ газрыг сэтгэлдээ сайтар хоногшуулан, тэр ч байтугай үүрд дурсаж явахын бэлгэ болгож мөнгөн хүзүүтэй, шар, хар хондоготой, түүн дээрээ морь унасан хуяг дуулгатай дайчны зурагтай нөгөө герман пивоноос нэг шил ууцгаая гэж би санал гаргав. Ингэж Кибаяаг түүхтэйгээр шагшин тэмдэглээд урдах зам бартаагүй тул ачааны машинуудаа зүүн зүг араас дага гэж зааварлаад далайн эрэг болон хүдүүний нутгийг зоривой.
Нар хөөрч халуу шатахын хооронд Өвгөний ярьж байсан нутгаар өнгөрөн гарав. Цааших газар ямар вэ? гэж би Өвгөнөөс асуулаа. Энэ хавь бол жинхэнэ Африкийн хэдэн сая бээр дэвсгэр нутаг лугаа адил зам руу шааж орж ирсэн нэвтрэхийн аргагүй балар, хатангир ширэнгэ элбэгтэй газар ажээ.
Энэ дотор лут том заанууд байдаг юм. Авлах нөхцөлгүй, тэгээд л тэд тийм том байгаа юм. Ойлгомжтой хэрэг биз? гэж Өвгөн хэлэв.
«Сая бээрийн орноор» удтал аялсны эцэст бутаар эмжигдсэн, элстэй хуурай цөлүүд эхэлж, цаашаа армаг тармаг буттай, бутан дундаа устай жинхэнэ говь цөл, Өвгөний хэлснээр Кени мужийн хойд хил орчмын газартай адил нутаг болж ирэв. Бид явж байгаа нь залбирч байгаа мөргөлч шиг урт хүзүүт геренук7 хэмээх анаашны төрлийн оронго, бэсрэг хүдүү хайн ажиглаж явсан бөгөөд цөлийн эдгээр бутанд тийм амьтад байгаа нь мэдээж боловч нар нэгэнт дээш хөөрсөн тул ил харагдах амьтан нэг ч үгүй байлаа. Зам цааш аажим өгссөөр дахин хэсэг толгод руу хүрч ирэв. Тэр толгод намхан бөгөөд модтой, цэнхэртэнхэн харагдах аж. Толгодын хоорондуур ногооны газрын бутнаас арай сахлаг хэсэг бусаг бут хэдэн бээр үргэлжлэхийн дээр цаана нь битүү ширэнгэтэй, уул гэхэд бараг болохоор хоёр өндөр толгой байлаа. Зам нарийсан хоёр толгойн хоорондуур орж, түүгээр өгсөж байтал хэдэн зуун үхэр далайн эргийн зүг тууж яваа Самолийн худалдаачид дайралдав. Ахлагч нь тууврынхаа түрүүнд явах бөгөөд цагаан турбан болон үнэтэй даавуун хувцас өмсөж, эрх мэдлийн бэлгэ тэмдэг болгож нарны халх барьсан нүдэнд дулаахан өндөр эр ажээ. Бид үхэр дундаас зүдэрч байж гаран үзэсгэлэнтэй сайхан бутан дундуур өгсөж уруудсаар явж хоёр уулын хоорондох халцгайд гарч хагас бээр хэртэй цаашлан намхан нүцгэн шил дээр орших сүрлэн дээвэртэй барилгууд бүхий нэгэн бохир тосгонд ирэв. Эргэн харахад нөгөө хоёр уул энгэртээ ширэнгэ, шохойн чулуун хаднуудтай, ширэнгээсээ дээш зүлэг, халцгай газруудтай үзэсгэлэн төгөлдөр ажээ.
— Нөгөө газар чинь энэ үү?
— Мөн. Хуарагнах газраа товлоцгооё гэж Дэн өгүүлэв.
Тайрмал цагаан сахалтай, уул нь цагаан эд байсан бололтой даавууг ромын тога маягаар мөрөндөө эгэлдрэглэсэн хорчгор өвгөн шавар овоохойны цаанаас гарч ирэн, биднийг ирсэн замаар маань буцаан газарчлаад зүүн тийш эргэн хуарагнах тохитой газар хүргэв. Тэр тун урамгүй царайтай бөгөөд Өвгөн, Дэн хоёртой ярьсны дараа бүр ч сүр сүлд нь үхэх шиг болоод яваад өгсөн нь жилийн өмнө энд ирсэн, Дэний найз нэгэн голланд анчны зүгээр гэж зөвлөсөн, Дэнд нэрс нь бичээстэй байгаа газарчдыг авчрах гэсэн хэрэг байжээ.
Машиныхаа суудлыг авч сүглэгэр модны ёроолд ширээ, сандал болгон засаад хоол идэж, пиво жаалхан ууцгаагаад ачааны машинуудаа хүлээн ном барьцгаан зүүрмэглэн, сэрэн хэвтэцгээж байлаа. Машинууд хараахан ирээгүй байтал нөгөө өвгөн өлөн, туранхай хоёр нь туйлдаа хүрсэн бүр ч хийморьгүй нэгэн вандеробо эрийг дагуулж ирсэнд цаадах нь өрөөсөн хөлөө сойн зогсож шилээ маажих агаад нум сум агсаж, жад барьсан ажээ. Бидэнд нэр нь байгаа газарч мөн үү? гэхэд өвгөн, биш тэр эзгүй байна гэж хариулаад урам нь улам хугаран нэр бүхий газарчийг дуудахаар дахин буцав.
Сэрэх нь ээ өвгөн сүрхий хаки хувцастай нэр бүхий хоёр газарч, бас чармаа шалдан өөр хоёрыг дагуулж ирээд зогсож байв. Урт хэлэлцээр эхэлж хаки өмдөт хоёрын ахлагч нь «Сонирхогч хүмүүст» гэсэн бичиг үзүүлэв. Бичиг дээр нь үүнийг үзүүлэгч нь газар сайн мэддэг, найдвартай залуу, бололцоотой мөрч гэж өгүүлээд мэргэжлийн анчин тэр тэр гэж гарын үсгүүд зурсан байх ажээ. Хаки хувцаст мэргэжлийн анчдад өөрийгөө Б’вана Симба - Арслан хөнөөгч гэж танилцуулсан нь биднийг хирдхийлгэв.
— Ганц арслан алсан эд байх нь л дээ гэж Өвгөн өгүүлэв.
— Би бол Б’вана Фиси, чононцор хөнөөгч гэж хэл. Б'вана Фиси чононцрыг улаан гараараа багалзуурдаж алдаг юм гэж хэл гэж би Дэнд хэлэв.
Дэн шал өөр юм хэлэх шиг болов.
— Та бах мэлхийг бүтээсэн Б’вана Бах, бүх царцааг эзэгнэгч ээж Царцаатай уулзахгүй юу? гэж асуу.
Дэн ойшоосонгүй. Тэд хөлс мөнгөний талаар ярилцаж байх шиг байлаа. Өвгөн тэдний өдөр тутмын хөлсийг бодоод өдөрт бидний хэн нэгэнд маань хүдүү олдвол дагаж явсан газарчийг арван таван шиллингээр шагнана гэв.
— Фунт гэсэн үг биз дээ гэж ахлагч өлгөж авав.
— Эд өөрсдийнхөө үнэ цэнийг мэддэг улс бололтой. Б'вана Симба юу ч гэж магтсан энэ залууг нэг их юманд бодохгүй байна гэж Өвгөн хэлэв.
Б’вана Симба гарамгай анчин, далайн эрэг хавийн нутгаар хийморьтой ажил хөдөлгөдөг эр болох нь хожим тодорхой болсон билээ.
— Эднийг хоёр хэсэг болгоно, та бид шодно. Хэсэг тус бүрд нэг нүцгэн, нэг өмдтэйг оруулна. Энэ нүцгэнүүд нь бол надад дээр санагдаж байна гэж Өвгөн хэлэв.
Үнэмлэхээр зэвсэглэсэн, өмдтэй хоёр газарчид нүцгэн хоёрыг хань болгож ав гэсэн маань огт амжилт олсонгүй. Мөнгөнд дуртай, Б’вана Симба сүүлчийнхээ хүдүүг хэрхэн алсныг зай завсаргүй тоочин ярьж жүжигчин шиг авирлаж байгаа хагархай хэнгэрэг яриагаа таслаад Абдуллагаас өөр хэнтэй ч ан хийхгүй гэв. Монцгор хамарт, эрдэмт пагдгар Абдулла тэр эрхмийн мөрч гэнэ. Ямагт хамт гөрөөлдөг байжээ. Өөрөө мөрч болж үзээгүй гэнэ. Тэр бас Б’вана Симба, Б’вана Доктор ч гэх шиг нэр хүндтэй өөр бусад адгууснуудын нэрийг дурдан жүжиглэж гарав.
— Хоёр нүцгэнийг нэг, энэ хоёр Оксфордын оюутныг нэг болгож явуулъя даа гэж Өвгөн өгүүлэв.
— Тэр муу жүжигчин шаарт дургүй хүрээд байна гэж би хэлэв.
— Сүрхий эр байж мэдэх юм шүү гэж Өвгөн эргэлзэн хэлээд,
— Та ч бас мөрч шүү дээ. Нөгөө хоёрыг нь сайн гэж өвгөн хэлсэн юм даг гэв.
— Их баярлалаа. Чөтгөр лүүгээ тонил. Өвсөөр сугалаа хийх үү?
Өвгөн хоёр өвс атгаад:
— Урт нь Давид Гаррик, түүний нөхөр хоёр. Богино нь нүцгэн хоёр тамирчин гэж тайлбарлав.
— Эхлээд та сугална уу?
— Сугал, сугал! гэж Карл дэмжив.
Би Давид Гаррик, Абдулла хоёрыг суллаж орхив.
— Ёстой нэг харамсалтай юм боллоо.
— Сүрхий эд байж болох юм шүү гэж Карл тал засахыг оролдов.
— Та наймаалахгүй биз?
— Үгүй. Тэр сүрхий эд байж мэднэ.
— Одоо авын газраа шодъё. Уртыг авсан нь түрүүлж газраа сонгоно оо гэж Өвгөн тайлбарлав.
— Одоо чи эхэлж сугал.
Карл богиныг сугалж орхив.
— Ямар газар дээр вэ? гэж би Өвгөнөөс асуув.
Урт яриа болж, манай Давид янз бүрийн сууринд сууж, ил газар мярааж бас ширэнгэд байхад нь улаан дээрээс нь орж арав гаруй хүдүү алсан гэж галлав.
Эцэст нь Өвгөн
— Энд мараархуу юмнууд байдаг, хүдүүнүүд долоох гэж мянга мянгаараа ирж алуулдаг бололтой. Толгойн наагуур цаагуур санаандгүй зугаалж яваад л муу гуйлгачинтай дайралдаж нам унагах явдал ч гарч болзошгүй. Бие чинь чадал амтагдахаар сүрхий байвал мацаж очоод идээшлэх гээд гараад ирэхээр нь хадан дотор унагасан ч болно.
— Би мараа сахина аа.
— Томыг нь шилж буудна шүү гэж Өвгөн сануулав.
— Бид хэзээ хөдлөх вэ? гэж Карл асуув.
— Мараа руу үүр цүүрээр явбал дээр болов уу. Гэвч Хэм өвгөн хүсвэл өнөө орой эргэхэд болох юм. Таван бээр хэртэй машинаар яваад цааш явгалах болно. Та машинаа аваад түрүүлж гар. Карл та бол нар гудайсхийхээр эргэж нөгөө толгод руу хөдөлж болно.
— Мэмсаибыг яах вэ? Надтай цуг яваг уу? гэж намайг асуухад:
— Хэрэггүй. Хүдүүнд явахад цөөхүүл байх нь дээр гэж Өвгөн ноцтой өгүүлэв.
М’Кола, Жүжигчин, Абдулла бид дөрөв үдшийн сэрүүнд гал дээрээ их л хөгжилтэй буцаж ирсэн билээ. Марааг бүрхсэн шороон дээрх хүдүүний шинэ мөрүүд олон байсны дотор хэдэн том гурын мөр дурайж байсан юм. Тэнд барьсан нууц мараа сахих тун сайн газар мөн бөгөөд би маргааш өглөө хүдүү лав буудна гэдэгтээ сэрүүн цагт нууцад үнхүүш тавьчихад нугас заавал ирж буудуулдаг шиг бат итгэж байв.
— Гарцаагүй хэрэг. Баттай хэрэг. Өө золиг гэж, ичмээр юм. Хэн билээ дээ. Будт, Бэррэт Мак-кэллоф бил үү, яагаа вэ дээ энэ...
— Чарльз Лафтон гээд өвгөн гансаа нэрэв.
— Тэр ч тийм. Нөгөө Фред Астер байхгүй юу. Орон нутгийн болон дэлхийн алдарт хүн. Тэр содон төрсөн хүн юм. Нуугдах газраас эхлээд бүхнийг олсон. Хаана мараа байгааг андахгүй мэднэ. Шорооны байдлаар л салхины чигийг хэлж чадна. Ид шидтэн хүн. Б’вана Симба тэднийг сургасан юм байж. Өвгөөн, бид тэднийг зангандаа нэгэнт оруулжээ. Махыг нь л муутгачихгүй юм сан. Хамгийн томыг нь шилж авна шүү. Маргааш би тэр мараанаас хоёрыг унагаж өгөмз. Иргэд ээ, би юутай их баяртай байна вэ.
— Юу балгачих аа вэ та?
— Мэдээжийн хэрэг муугүй л юм балгахгүй юу. Гаррикийг дууд. Кино зурагт оруулна гэж байна гэж хэл. Шангаа аваг. Сая ирж явахдаа би бага сага юм бодлоо. Бүтэлгүй боловч нэг сэдэв сайхан санагдлаа. Отелло буюу Венецийн Мор гээч. Ямар вэ? Хачин сайхан санаа. Бидний Отелло гэдэг тэр хар, урьд нь огт учирч яваагүй бүсгүй хоёр сэтгэлтэй болдог, тэд бүсгүйг нь бид Дездемон гэдэг. Ямар вэ? Минийхээс хойш нөхөд минь хэдэн жил бичицгээх боловч амин сүнсийг нь олдог нь би юм. Амин сүнсийг нь олж амжилт гаргацгаа гэж би тэдэнд хэлдэг юм. Харри Уиллс чөтгөр гэж. Паулино түүнийг цохисон. Өөрийг нь Шаркей цохисон. Шаркейг Дэмпси цохисон. Дэмпсийг Карнера бүр нам цохисон. Ингэж зодолдохыг огт үзээгүй бол яах байсан бол оо? Чөтгөр гэж, бид хаана юу гээд тогтлоо, Өвгөөн? Греб бол үхсэн л дээ.
— Бид хот руу яг орж явсан. Банди нар тан руу юм шидэцгээж, яагаад ингэж байгааг нь мэдээгүй гэж Өвгөн булзааруулав.
— Байзнаач. Ноён, Ж. Ф. та түүгээр амин сүнсийг нь яагаад гаргуулсангүй вэ? гэж П. О. М. өгүүлэв.
— Би тэгэхэд үхтлээ ядарсан байсан юм л даа гэж Өвгөн булзааруулав.
— Та их гойд хүн шиг санагддаг юм. Одоо ингэхэд энэ мангууг чинь яадаг бил ээ?
— Ходоод руу нь балгууш цутгаад тайвширдаг эсэхийг нь үзэж дээ.
— Тайван байна, би. Гэхдээ тэнгэр минь, маргаашийг бодохоор хачин сайхан болоод байна гэж би хариулав.
Яг энэ үед хуаран руу хүмүүс орж ирсэн нь Карл, нүцгэн хоёр зэрлэг, Мохаммедэд үнэн сүсэгт буу баригч, тайрдас Чаро энэ хэд байлаа. Карлын царай галын гэрэлд цонхигор нь зэвгэр шарангуй харагдсан бөгөөд тэр өргөн хүрээтэй бүрхээ тайлж хаяв.
— За, юмтай юу? гэж тэр асуув.
— Хоосон. Байх нь ч байна. Чи яав?
— Энэ золигийн замаар явж байгаад ирлээ. Үхэр, овоохой нил, бум бужигнаж, байгаа газар хүдүү байна гэж яаж санаанд нь багтсан улс вэ?
Тэр ерийн биш байсан тул лав эвгүйрхэж байна гэж бодов. Инээд наадам болж байхад үхэл царайлж ирсэнд нь миний уур дахин хүрч;
— Бид шодсон шүү дээ гэв.
— Тийм л дээ. Бидэнд зам таарч орхиж, юу дайралдана гэж бодох бил ээ дээ? Хүдүүг ингэж агнадаг гэж үү? гэж тэр гашуудан өгүүлэв.
— Өглөө та мараанаас хүдүү авна шүү дээ гэж П. О. М. түүнд маш энэрэнгүй хэлэв.
Би нэг аяга содтой виски уусныхаа дараа
— Чи өглөө мараан дээрээс үнэхээр хүдүү авна гэж хэлэхээ сонсов.
— Та өөрөө очих ёстой шүү дээ гэж Карл хариулав.
— Үгүй. Чи оч. Би өнөө орой очоод ирсэн. Хоёулаа ээлжилье. Ойлгомжтой хэрэг, тийм биз дээ. Өвгөөн?
— Яриан юу байх вэ гэж Өвгөн дэмжив.
Бие биеийгээ эгцлэн харахаас зайлсхийн байлаа.
— Содтой виски уу л даа, Карл гэж П. О. М. тал засахад:
— За яах вэ, тэгье гэв.
Дуу шуугүй сууж өнгөрөөсөн хоолны нэгэн цаг болж билээ. Би орондоо ороод:
— Ямар бурхны түлхээсээр чи түүнийг өглөө мараан дээр оч гэж хэлэв ээ?
— Бүү мэд. Уул нь тэгж хэлье гэж огт бодоогүй юм. Бүр холиож орхилоо. За энэ тухай ярихаа больё.
— Уул нь шодож тэр гайхлыг давсан юм сан. Чи тэр журмыг эвдэх ёсгүй байсан юм. Аз хийморь сэргэсэн хэрэг байхгүй юу.
— Энэ тухай ярихаа больё.
— Би түүнийг хэвийн байна, биеэ эзэмдэж чадаж байна гэж хэлэхгүй нь. Хүсээд байгаа годронг нь чөтгөр аваад явчхаж. Энэ царайгаар бол тэр нөгөө марааг элээ нисэх өндрөөс ч дээш хийстэл нь дэлбэлж таарна.
— За больё доо, та минь
— Яримаар л байна.
— Тэгвэл ярихаас л биш дээ.
— Юутай ч гэсэн бид сэтгэлийг нь засаж чадсан.
— Чадсан эсэхийг бүү мэд. Больж үзээч дээ,
— Болимооргүй л байна.
— Ярихаас л биш дээ.
— Тавтай нойрсоорой гэж эхнэр маань хэлэв.
— Чөтгөр ав гэж гэснээ би, — Тавтай нойрсоорой гэв.
— Тавтай нойрсоорой.


ДОЛООДУГААР БҮЛЭГ

Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Африкийн Ногоон Толгод - 08
  • Büleklär
  • Африкийн Ногоон Толгод - 01
    Süzlärneñ gomumi sanı 4549
    Unikal süzlärneñ gomumi sanı 1967
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 02
    Süzlärneñ gomumi sanı 4491
    Unikal süzlärneñ gomumi sanı 2008
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 03
    Süzlärneñ gomumi sanı 4255
    Unikal süzlärneñ gomumi sanı 2007
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 04
    Süzlärneñ gomumi sanı 4525
    Unikal süzlärneñ gomumi sanı 1971
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 05
    Süzlärneñ gomumi sanı 4618
    Unikal süzlärneñ gomumi sanı 1953
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 06
    Süzlärneñ gomumi sanı 4507
    Unikal süzlärneñ gomumi sanı 2100
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 07
    Süzlärneñ gomumi sanı 4439
    Unikal süzlärneñ gomumi sanı 2048
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 08
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 09
    Süzlärneñ gomumi sanı 4471
    Unikal süzlärneñ gomumi sanı 2047
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 10
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 2055
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 11
    Süzlärneñ gomumi sanı 4575
    Unikal süzlärneñ gomumi sanı 1888
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 12
    Süzlärneñ gomumi sanı 4541
    Unikal süzlärneñ gomumi sanı 2156
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 13
    Süzlärneñ gomumi sanı 90
    Unikal süzlärneñ gomumi sanı 71
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.