Latin

Африкийн Ногоон Толгод - 06

Süzlärneñ gomumi sanı 4507
Unikal süzlärneñ gomumi sanı 2100
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Өвгөн П. О. М. хоёр зөөгчдийг араасаа дагуулан хүрч ирцгээв.
— Бурхан минь, санаснаас дээр бух байна шүү гэж би хэлэв.
— Нөгөөх биш байна. ёстой бух байна. Тэр энэнтэй цуг явсан хэрэг.
— Би үнээтэйгээ цуг явж байна гэж бодсон юм. Хол байсан болохоор ялгаж чадаагүй.
— Дөрвөн зуун алхам газар байсан даг. Тэнгэр минь, та энэ өчүүхэн амьтныг онох нь оножээ.
— Толгойгоо хоёр хөлийнхөө завсар хийгээд тонгорохоор нь нь би онолоо гэж мэдсэн юм. Гэрэл сайтай газар зогсож байсан л даа.
— Би ч бас мэдсэн. Харин нөгөөдхийг биш гэж бодсон шүү. Бид шархадсан хоёр бухтай боллоо гэж бодсон юм. Эхний удаа мөөрөхийг нь дуулаагүй шүү.
— Мөөрөхийг нь дуулахад мөн ч сайхан байлаа. Гунигтай дуу байсан, модон дотор сигнал дуугарч байгаа юм шиг санагдсан гэж П. О. М. хэлэв.
— Надад бол хачин сайхан санагдсан. Тэнгэр минь үүний төлөө уух ёстой шүү. Ингэж буудахад яах вэ. Ийм сайн бууддагаа хэлэх нь яасан юм бэ? гэж Өвгөн хэлэв.
— Битгий донгос.
— Хачин сайн мөрч, бас шувуу буудахдаа ямар билээ гэж тэр П. О. М.-оос асуув.
— Сайхан бух байна, тийм ээ? гэж П. О. М. өөдөөс нь асуув.
— Сайхан амьтан. Залуу боловч сайхан толгойтой бух байна.
Зураг авах гэсэн боловч жижиг аппарат байсан бөгөөд хөшиг нь гацсан байлаа. Хөшигний тухай маргасаар байтал гэгээ муудаж хөшигнөөс болж зураг авч чадахгүй болсондоо уур шатаж хараал урсгав. Зэгсэн дотуур явж буудаж, тэр ч байтугай алсан ан маань бух байж хөөрсөн сэтгэлээрээ удаан жигүүрлэж чадсангүй, гэвч дотор нэг юм уужирч ирлээ. Ална гэдэг сэтгэл хөдөлгөх юм биш, би аяга ус уугаад П. О. М.-д хандав. Гаслахаас өөр замгүй, аппаратаа орхисон шаар санж. П. О. М. намайг тайтгаруулж, бид цөм тайтгарч М’Кола тонгойн бухын арьсыг ярж байхыг харцгаан бие биеэ нигүүлсэн зургийн аппарат сэлтийн тухай ойлголцон шахалдаж зогсов. Виски уухад амтгүй байсан боловч би асгасангүй.
— Дахиад нэг хийгээдхээч гэж би хэлэв.
Хоёр дахь аяга нь арай зүгээр байлаа.
Бид хирсэд хөөгдлөө гэдэг нөгөө жад бүхий эрээр газарчлуулан хуаран руугаа буцаж, Друпи толгой өвчихөөр бусад нь махыг чононцорт идүүлэхгүйн тул эвдэж модонд өлгөхөөр хоцорцгоов. Тэд харанхуйд буцахаасаа айх тул би Друпид том буугаа үлдээлээ. Тэр буудаж чадна гэсэнд би сумыг гаргаж замгийг цоожлоод буцааж өгч яаж буудахаа үзүүл гэв. Тэр бууг мөрлөж зүүн нүдээ аниад гохыг хэдэнтээ чанга буулгав. Дараа нь цоожийг нь үзүүлж хэдэнтээ хаалгаж нээлгэж, гохыг нь хоёр гурав даруулав. Друпийг цоожтой буугаар буудах гэж ноцолдож байхад М’Кола тун дээрэлхүү царайтай харахад Друпи хулгах аж. Би буугаа хоёр сумтай үлдээж, тэд бүрэнхийд цөм мах эвдэцгээн хоцорч, бид жадтай эрийн хойноос бага шиг бухын мөрөөр хөдөлцгөөж цус ололгүй толгойн орой хүрээд хуарангаа зүглэв. Бид хоолойнуудын эхээр хэдэрч, сайран дундуур гаран жалгуудыг огтолсоор явж их хярд хүрэхэд нэгэнт харанхуй, сэрүүн болж цөм ядарч сульдсан байлаа. Нэг удаа Өвгөний том буу болон баахан лонх, хоёр нүдний дуран, ууттай ном авч яваа М’Кола түрүүнд нь шуурхай алхаж байгаа газарчид хандан баахан юм шулганасан нь хараал мэт санагдав.
— Юу гэв? гэж Өвгөнөөс асуусанд
— Хурдан явдгаараа битгий гайхуул. Энэ дотор настай ч хүн яваа гэж байна.
— Хэнийг настай гэж байгаа юм бол, өөрийгөө юу? Эсвэл таныг юм болов уу?
— Хоёулыг.
Хүрэнтэх толгодын цаанаас манантсан улаан сар дээшилж бид гэрэл нь сүүмэлзэх тосгоны зүг буув. Муусайн барилгууд нь цөм янгинатал түгжигдсэн, хонь ямааны шивх ханхлах ажээ. Гол гарч тэртээх нүцгэн энгэр дээр манай майхны үүдэнд асаж байгаа галын зүг явцгаав. Салхи ихтэй хүйтэн шөнө байлаа.
Өглөө нь бид булгийн дэргэд хирсийн мөр олж жимсний цэцэрлэг шиг талыг туулж хавцалд эгц нийлсэн хоолой руу ортол нь дагав. Халуун гэдэг жигтэйхэн, бариу гутал нь П. О. М.-ийн хөлийг бас холгожээ. Тэр өөрөө хэлээгүй боловч би мэдсэн юм. Бид ядрахын ихээр ядарсан байлаа.
— Чөтгөр аваг цааш нь. Том л биш бол би дахиад ер буудахгүй, долоо хоноход өөр олигтой юм унагаж болно биз. Одоо бол би түрүүчийнхээрээ цэглэж Карлтай нийлнэ. Тэндээс болбол бейз гөрөөс авлаж бас тахийн хэдэн арьс олж аваад хүдүүнд гарцгаана гэж би Өвгөнд хэлэв.
Бид толгойн орой дээр модны ёроолд сууцгааж байлаа. Хавь ойр, Рифт ангалагт нийлсэн хавцал, Маниара нуур илхэн харагдана.
— Зөөгчид авч хөнгөн шиг явж тэр хоолой, нуурын хавиар гөрөөлбөл зүгээр дээ гэж Өвгөн өгүүлэв.
— Сайхан хэрэг. Ачааны машинууд, юу гэдэг билээ, тэр нэг газар биднийг амдуулж очиж болох юм.
— Майи—Мото
— Болохгүй нь юу байх бил ээ? гэж П. О. М. асуув.
— Аль зэрэг газар болохыг Друпигээс асууна.
Друпи тэр газрыг эс мэдэх аж. Жадат эр маш их бартаатай, Рифт ангалагт орсон голын цутгалангаас цааш явахад тун бэрх гэв. Тэр биднийг ийм ачаатай түүгээр гарч чадна гэж бодохгүй байгаагаа хэлэв. Бид бодлоо орхиход хүрлээ.
— Хийгүүштэй аян байна даа. Зөөгчдийн хөлс бензинийхээс бага шүү дээ гэж Өвгөн хэлэв.
— Буцах замдаа ийм аян хийж болохгүй юу? гэж П. О. М. асуув.
— Болно. Гэвч олигтойхон хирс олъё гэвэл Кени ууланд гарах хэрэгтэй болно. Тэнд ч ёстой лут юмнуудтай тааралдана даа. Энд хүдүү ч ховор Кени, Кабалыг яавч гүйцэхгүй. Тэгээд хүдүү авлаад цааш Хандений нутагт очиж сэлмэн эвэрт буга агнах цагтай болно гэж Өвгөн хэлэв.
— За тэгвэл явъя гэж би шуудхан хэллээ.
Бид Карлын авласан хирсэд атаархахаа болиод удаж байлаа. Бид түүнийг хирсээ алсанд цөм талархаж явлаа. Одоо тэр бейз гөрөөс авласан байж магад. Би тэгж найдаж байна. Карл бол сайн хүн, тэдгээр ер бишийн толгойнуудыг олж авсан нь сайн хэрэг.
— Хөөрхий, хонгор ээж минь та яаж байна даа?
— Зүгээр. Хөл амраахаас би буцахгүй. Гэвч ингэж гөрөөлөх сайхан байна.
— Тэгвэл буцацгаая. Хоол идээд хуарангаа ачиж шөнөдөө талд гаръя.
Тэр шөнөдөө бид Муту-Умбу дахь замаас холгүй аргил моднуудын дор орших хуучин хуарандаа ирсэн билээ. Энэ бол африкт бидний байрласан анхны хуаран, нов ногоон дэвсгэр мөчиртэй моднуудтай, түргэн урсгалт тунгалаг голтой, бид анх буудалласан сайхан газар аа. Өнгөрснөөс ялгаатай болсон юм гэвэл шөнө их халуун, зам тоос ихтэй, бид олон газар үзсэн байлаа.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бид элстэй зам даган, тэгш тэгш шилээр өнгөрч буттай толгодыг өгсөж уруудан, модтой хошууг ороон Рифт ангалагийн ирмэгт хүрч ирэв. Тэр доор тал, хясааны яг ёроолд, шигүү ургасан ой, цаана нь Маниара нуурын ээрмэн захтай зууван мандал наранд гялтганаж нэг буланд нь үй олон жижиг улаан цэг харагдах нь нил дэглий шувууд ажээ. Зам тэндээс ангалагийн хажуу руу эгц бууж модон дундуур дайран хэсэг хэсэг ногоон арвай, гадилын тариалан, ойн захтай нийлсэн нэрийг нь үл мэдэх мод бүхий хоолойн тэгш талыг туулж энэтхэгийн дэлгүүр болон овоохойнуудын дэргэдүүр өнгөрч түргэн урсгалтай тунгалаг хоёр горхийг гүүрээр гарч шаварт талбай руу хошуурч ирсэн бас нэг ойг нэвтлэн шороотой нугачаанд хүрч ирэв. Үүгээр явахад зам гүнзгий шантай, тоостой зөрөг болж бутан дундуур хөтөлсөөр Муту-Умбу хуарангийн сүүдэрт хүргэлээ.
Тэр шөнө хоол идсэнээс хойш харанхуйд нисэж байгаа нил дэглийнүүдийн чимээ сонсогдож байв. Тэр чимээ нарнаас өмнө нисэж яваа нугасны жигүүрийн дэвэлт шиг мөртөө яруухан хүчтэй, түмэнтээ давтагдах ажээ. Өвгөн бид хоёр халамцуу, П. О. М. туйлын их ядарсан байлаа. Карл бас л уруу царайтай байв. Хирс алж сэргэсэн урмыг нь бид хугалж, тэр явдал яаж ийсхийгээд өнгөрсөн боловч бейз гөрөөсний авд хоцорч болох билээ. Бас ирвэст яваа хар дэлтэй мундаг арслантай тааралдсан удаа бий. Маргааш өглөө нь хирсийн сэг дээр очиход нь тэр арслан хоргодоод байсан боловч ойн нөөц байсан тул түүнийг алаагүй ажээ.
— Ямар харамсалтай юм бэ! гэж би түүний уйтгарт байдалд нийцүүлэн хэлсэн боловч бусдын чиг дагахааргүй хөгжүүн байлаа. Өвгөн бид хоёр яс махандаа хүртэл ядран, яриа дэлгэж содтой виски ууж суулаа.
italki
Дараа өдөр нь Рифт ангалагийн хуурай шороот газраар бейз гөрөөс хайж эцэст нь Масай тосгоны цаадах модтой толгодын ёроолд сүрэг бейзтэй таралдав. Тэд гэдгэр хар эвэр, гоё толгойтойгоос биш масайн сүрэг илжигнээс ялгарах юмгүй санжээ. Ойртож сайн ажиглавал хоёр гурав нь бусдаасаа илт дөмөг тул би газар бууж хамгийн сайн нэгийг нь сонгоод тэдний цувралдахад нөгөөхийг анав. Сум пүдхийж нөгөөх бусдаасаа тасран дороо тойрч, тойрох нь улам түргэсгэхэд би оносноо мэдэв. Тэгээд нэрмэж буудсангүй.
Карл ч гэсэн түүнийг оноож байсан ажээ. Тэрний нь би мэдэлгүй, хар амиа бодон ядаж энэ хэр хамгийн дөмөг гэмээрийг нь шилж буудсан юм. Гэвч Карл өөр овоо нэгийг мөн унагасан бөгөөд бусад нь саарал тоосон үүл босгон хатирч алга болсон билээ. Буудахад зэрэглээ мэт яралзах эврүүдээс өөр догдлуулах юмгүй, тэд ердөө илжиг шиг санагдаж байлаа. Машин ирж М’Кола, Чаро хоёр толгойнуудыг өвчиж махыг нь эвдэж дуусахад бид пүргэсэн тоосонд нүүр амаа саарал болтол булуулан хуаран руугаа явж байхад хөндийг дагаад халуун зэрэглээ яралзаж байлаа.
Тэр хуаранд гурав хоносон билээ. Бид нутагтаа найз нөхдөдөө амласан тахийн хэдэн арьс олж авах хэрэгтэй байлаа. Аятайхан өвчихөд цаг хэрэгтэй байв. Тахь агнах таатай ажил биш. Цэлгэр тал дүнхийж толгодоос цааш гандуу, халуун, шороо ихтэй бөгөөд тэр үеийн дуртгал гэвэл бид шоргоолжны үүрний дэргэд сууж сүрэг тахь сааралтан манарах халуунд тоос босгон хатирч бас тэртээ шаргал талд хойно хойноосоо цувралдсан гурван цагаан юмны дэргэдүүр шувуу эргэлдэж өвчигчид ба мах авах гэсэн тосгоны хүмүүсийг суулгасан ачааны машины тоос өд адил нэвсийж байсан билээ. Сайн дураар өвчигчид махыг нь хэрэглэе, алж өгөөч гэж гуйсан тул би тэр халуунд нэг гөрөөс хэд хэд бүтэлгүй буудсан юм. Би түүнийг шархдуулж гурав дөрөв нэхэж буудаж алдаад бараг үд болтол тал дундуур дагаж арай ядан ойртон буудаж алсан билээ.
Тэр өдрийн үдээс хойш бид суурины дундуур нэг энэтхэгийн их дэлгүүрийн булангаар гардаг замаар хөдлөв. Тэр энэтхэг арилжаа муутай, эелдэг янзтай, юм авах болов уу гэсэн царайтай нялуун инээдээр инээмсэглэн зогсож байв. Машин тэр булангаас зүүн тийш эргэж жим дагавал, тэр жим өтгөн ой хоёр талаас тулж ирсэн нэвсгэр ширэнгэн дундуур гарч бүдүүн дархи, гуалингаар хийсэн гүүрээр дамжин гол гарч ширэнгэ сийрэхэд өвслөг хөндий рүү гарч өмнө хулсаар хүрээлэгдсэн хуурай захтай дотор нь нил дэглийнүүд хөхөрч ягааран гялтганаж харагдах нуурын сав хүртэл үргэлжлэх ажээ. Захын моднуудын сүүдэрт загасчдын овоохойнууд байх ба салхи хөндий дээгүүр нуурын сав руу үлээж наранд шарагдагч мандалд нь машинаас үргэсэн олон жижиг амьтан түгдгэнэн цайран сааралтаж байлаа. Тэд бол хулсны ямаан гөрөөс агаад алсад хөдөлж байгаа нь аймхай, сонин авч шахалдаад зогсож байх нь журамтай сээхгэр амьтад ажээ. Бид машинаа эргүүлэн өтгөн, намхан өвс рүү орж нуурын хуурай зах дээр ирэхэд баруун зүүн тал бүрээс нь горхинууд цутгаж тэдний захаар нуур хүртэл хулстай намаг тогтсон агаад нугаснууд нисэлдэн намгаас шовойсон довууд дээр сүрэг галуу тархан сууж байлаа. Нуурын хуурай хөвөө хатуу хөрстэй, бид машинаараа түүгээр явж нойтон зөөлөн болоход нь сая зогсож машинаа орхиод сум болон шувуу зөөлгөх гэж Карл Чарог, би М'Колаг авч намгийн хоёр талаар явж шувуу хайж буудахаар тохиролцож Өвгөн П. О. М хоёр нугас нисэж очиж болох нуурын нөгөө талын горхи дагасан намаг хүрэхээр зүүн эргийн өндөр зэгсний зах руу оров. Бидний харж байхад онгосон хилэн цамцтай том өмд, саарал хаки цамц, гутал, том бүрх малгай өмссөн жижигхэн тэр хоёр ил газраар алхлан түрүүн харсан хулс руу бөхийн, ороод бараа нь тасрав. Горхины захад хүрэх санаатай яваад сайнгүй төлөвлөгөө сэдсэнээ мэдлээ. Би хатуу газар олж хичээнгүйлэн гишгэвч хүйтэн заваан шаварт өвдгөө хүртэл шигдэж шавар багасаж усаар хүрээлэгдсэн довууд гарч ирсэн боловч үе үе бэлхүүсээ хүртэл шигдэж явлаа. Тэр хавиас нугас, галуу нисэн нэг хэсэг нь зэгсэн дотор нуугдаж байгаа бусад дээрээ очсоны дараахан П. О. М-ын бууны хоёр дахин огцом дуугарч, нугаснууд нуурын зүг нисэлдэн сарнисан бөгөөд мөн галуунууд бүгд задгай ус руу чиглэв. Шөвгөр хошуулсан сүрэг хар чөрх Карлын байгаа горхины нөгөө талын намгаас нисэж бидний дээгүүр өндөрт эргэлдээд зэгс рүү оров. Дархи бүр дээр сараалжин шувуу болон хар цагаан цууцаль байх бөгөөд би нугас байгаа газар хүрч чадахаа бүр байж М’Колагийн ойг гутаан сараалжин шувуу буудаж гарлаа. Бид намгаас гарч бас нэг горхийг буу болон халаасандаа сумтай цуваа дээш өргөн туулж гараад П. О. М., Өвгөн хоёрын байгаа газар очихоор зүтгэж явтал нэг гүнзгий цөөрөм тааралдаж чөрхнүүд нисэхэд нь гурвыг унагав. Харанхуй болох гэж байхад тэр хоёрыг оллоо. Тэр хоёр нуурын хуурай хөвөөний зах дахь голын цаад эрэг дээр байж байв.
Тэр гол гатална гэхэд гүнзгий, ёроол нь лаг шавартай тул түүн рүү орсон хулсны гөрөөсний дагтаршсан мөр олж түүнд найдан гол руу ороход ёроол нь хатуу, ус нь улаан сугаар татав. Уснаас гарч ус дуслуулан ногоон дээр зогстол сүрэг чөрх үргэн дээгүүр хурдан гэгч ниссэнд буудах гэж Өвгөн хамт шороон дунд хэвтэв. Гурвыг онож тэр гурав, зайсаар явж өндөр өвсөн дотор пидхийн ойчицгоов. Бид хичээнгүйлэн эрж тэр гурвыг олов. Тэд нисэж байсан тул зайж явсаар санаснаас хол ойчсон байв. Харанхуй юу юугүй ойртож бид нуурын савын хатсан саарал шавар дундуур машиныхаа зүг хандвал шигдэж гутал нэвтэрч байлаа. П. О. М. нугас унагасандаа баяртай явлаа. Сернгетид агнаснаас хойш нугас унагаагүй байсан бөгөөд ямар сайхан амттай байдгийг нь санацгааж байлаа. Манай машин хавтгай талбай хатсан шавар, өвслөг хөндий хийгээд ойн наана өчүүхэн бага харагдаж байлаа.
Дараа өдөр нь судалт тахитай хөөцөлдөж хөлс ба машинаас боссон шороо хоёртой саарал болтлоо зууралдаж хуарангийнхаа зүг тал дундуур салхинд нүдүүлэн буцаж ирсэн билээ. П. О. М., Өвгөн хоёр гадагш гарсангүй. Гарч шороогоор амьсгалах хэрэг юу байх билээ. Карл бид хоёр нар, шороо хоёрт эдлүүлэн түүртэж уурлахад үүсдэг иймэрхүү янзын яриатай явсан билээ.
— Яав аа?
— Дэндүү хол байсан.
— Эхлээд л алдсан
— Дэндүү хол байсан шүү дээ.
— Буудахгүй бол горьгүй.
— Та бууд л даа.
— Би хувиа борлуулсан. Бид хоёрын дунд ердөө арван хоёр арьс л хэрэгтэй шүү дээ. Та шамдаач.
Тэгээд нэг нь түргэн бууд гэсэнд нь шаралхаж түргэн гэгч хэд хэд буудаж орхиод шоргоолжны үүрний араас босож, нөгөө дээрээ ирэхэд цаадах нь ихэрхүүгээр
— Юу болов? гэвэл
— Дэндүү хол байна шүү дээ гэж арга тасарсан янзтай хариулна. Ихэрхүү нь
— Тэднийг хар л даа гэж шартайяа хариулна. Судалт тахиуд өвчигчид авч яваа ачааны машин ойртон ирэхэд үргэж хуйларснаа тойрсхийн хөндөлдөж зогсоцгоов. Нэг нь буудахын сэхээгүй ууртай харагдах бөгөөд дараа нь
— Алив. Бууд! гэв.
Ихэрхүү нь зарчмыг дээд зэргээр баримтлан татгалзаж:
— Өөрөө бууд гэв.
— Буудаж ханалаа гэж нөгөө нь хэлэв. Буудах сэхээгүй уурласан, ямар нэг гайд учрах гээд байгаагаа тэр мэдэх ажээ. Гайтай юм хэзээд тааралдана. Санаанд дүйцээгүй нөхцөл байдалд ямар нэг юм хийх эсвэл нөхцөл байдал бүрдээгүй үед яв цав биш тушаалаар үйлдэх эсвэл түмний нүдний өмнө буудах, яаран буудах явдал ямагт тулгардаг билээ.
— Бид хэдийнээ арван нэгийг авлачихлаа гэж ихэрхүү нь аргадангуй хэлэв.
Тэр наадхыгаа яаруулаад хэрэггүй нь, тайван байлгасан нь дээр, яаруулбал улам уурлуулахаас цаашгүй гэж мэдэж байлаа. Тэгээд ч бас л ихэрхүү дүрэмдэх байдлаар
— Ганцыг хэзээ ч алж болно. Явцгаая. Бо, машинд сууцгаая гэв.
— Үгүй, заавал эндээс авлана. Чи бууд.
— Больё, явъя.
Машин ирэхэд түүнд суугаад тоосон дундуур давхиж явахад уур омог дарагдаж, цаг давчуу болсонд бас л гашуудна. Тэгээд
— Юу бодож байна? Намайг яадаг гөлөг вэ? гэж бодож байна уу? гэж асуув.
Тэгэхэд
— Үдээс хойш яахаа бодож байна гээд шороонд дарагдсан нүүрээ үрчийлгэн инээмсэглэв.
— Би ч гэсэн гэж хариу өчив.
Үд өнгөрөхөд энэ удаа шаварт шигдвэл хөлөө сугалж авахад хялбар брезент гутал өмсөж намаг дундуур дов дамжин ус туучин нугаснууд урьдын адил нуураас нисэлдэхэд баруунтаагуур холуур тойрч нуур луу ирж ёроол нь хатуу болохыг шалгаж мэдээд ус өвдгөөр таттал яваад сүрэг шувууг дэрхийтэл буудаад М'Колагийн хамт намсхийв. Шувууд агаарт шуугилдан байхад эхлээд хоёрыг, дараа нь бас хоёрыг унагаад эгц дээр яваа нэгийг буудлаа. Толгой дээгүүр, нэлээд доогуур баруун тийш өнгөрч байгаа нэгийг буудаж алдав.


Шувууд гаагалсаар буу цэнэглэх завдал өгөлгүй хурдан нисэж буцаж бууна. Шархадсан нугаснуудыг өгөөш болгохоор шийдээд хэрэгцээнийхээ буюу даахынхаа хэрээр авлаж болохоо мэдсэн тул шилж буудна. Эгц дээр өндөр яваа нэгийг «coup de roi5» маягаар гэдийж байж буудахад том халтар нугас М’Колагийн дэргэд пидхийн ойчиход тэр түг түг инээв. Тэгтэл дөрвөн зэрэмдэг юм сэлж холдоход авсан нь дээр гэж алав. Өвдөгцөө ус туулж сүүлчийн зэрэмдэгт ойртон түүнийг аваад буцаж явахдаа халти үсэрч нүүрээрээ ус руу ойчоод өндийж хүйтэн усанд нэвт норсондоо нуруу руу сэрүү оргиж байгаад баясан булингартай усанд шаварт хөхүүлэн сууж нүдний шилээ арчиж, сумнуудын цаасан хонгио задрахаас өмнө амжиж буудаж болох болов уу? гэж бодон, буундаа орсон усыг гаргаж байхад М’Кола элгээ хөштөл хөхрөв. Тэр ангийн цуваар дүүрэн нугас барин байснаа гэнэт газар хэвтэхэд нь үзвэл сүрэг галуу дээгүүр гинжлэн нисэж байсанд норсон сумаар буугаа сумлах гэж оролдов. Сумлаад буудав. Гэвч эсвэл хол болоод тэр үү, нэг бол би дэндүү гэдийгээд тэр үү, алдаж, буун дуугаар нил дэглийнүүд дэрхийн нисэлдэж нарны наагуур үүл мэт бүрхэж нуурын хаяаг тэр чигт нь ягаан хөх болгов. Тэд усан дээр буцаж суулаа. Буудах бүрдээ усанд тольдож байгаа нар, үнэмшихүйеэ бэрх хурдан хөөрөөд аажуу доош буух энэ ягаан хөх үүл хоёрыг эргэж харна.
— М’Кола гээд би тэр зүг рүү заав.
Н’Дио гээд тэр тэр зүг харснаа
— М’узури гэж хэлээд сум нэмж өгөв.
Бид урьд нь ганзага дүүрэн антай байсан боловч энэ удаа нуурт хийсэн ан хамгийн олзтой нь болсон билээ. Тэндээс хөдөлж гурван өдрийн дараа Бабатийн жижиг зочид буудлын бяцхан шатны сүүдэрт ачааны машинуудаа ирэхийг хүлээх зуур нугасны төрлийн шувууд дотроос хамгийн амттай зөөлөн махтай шивээ нугасны хүйтэн мах Пан-Яны лаазалсан ногоо сэлтийг Бабатигаас худалдаж авсан улаан дарсаар даруулан амталж суусан сан. Машинууд шөнө орой нэг юм ирэхэд бид толгодоос ирээгүй байгаа найзынхаа найзын эзгүй байранд хооллож суусан билээ. Шөнө хүйтэн байсан тул цув өмсөцгөөчихсөн, эвдэрсэн машинаа цөхөртлөө хүлээж мансууртлаа ууцгааснаас хачин их өлсөж П. О. М. эгшигт хайрцгийн аянд кофейн тариалангийн эзэн, Карл хоёртой бүжиглэж, миний дотор муухайрч толгой өвдөж түүнийгээ Өвгөнтэй хамт шатан дээр суун содтой вискигээр гайгүй сайн эмнэж суутал тас харанхуйд салхи шуурч байхад нөгөө шивээ нугаснууд ногоогоор хачирлагдан ширээн дээр уур савсуулан гарч ирсэн билээ. Азарган сувд гургуул аятайхан бөгөөд шөнө идэх гэж нэгийг хайрцаглан машины ард хийсэн билээ. Гэвч шивээ нугаснууд ёстой дээд зэргийн хоол ажээ.
Бид Бабатигаас гарч толгод дундуур цаана нь жижиг тосгон харагдах ерхөгт талын сэжүүрт хүрч ирэв. Тэртээ уулын хормойд анчдын өртөө байдаг бөлгөө. Тэнд бид хуарагнаж модтой толгод, задгай талын захад ирдэг, ойт хөндийд нутагладаг хүдүү гөрөөс авлахаар ирсэн билээ.


ТАВДУГААР БҮЛЭГ

Це-це ялааг зайлуулах гэж бүсэлж ургуулсан модны ёроолд хуарагнасан нь тун халуун, цавчим шовх, бут, бартаа ихтэй толгодоор мацаж зүдрэн бас бугын цэцэрлэгт зугаалах мэт модтой хавтгайнуудаар зовлонгүй явж гөрөөлдөг байлаа. Це-це ялаа хаа ч явсан хоргоож хүзүү болон цамц нэвт их бие, гар, чихний ар луу өвдтөл хатгана. Би гөрөөлөхдөө навчлаг мөчир олж аваад ар шилээ дэвдэг байсан. Бид таван өдөр хоёр нарны хооронд явган гөрөөлөөд харанхуй болсон хойно ирэхдээ мах болтлоо ядрах авч харанхуй болж сэрүү татан це-це хазахаа болиход баяртай байдаг байв. Бид толгод, хөндийгөөр эргэж буцан гөрөөлдөг байсан ба Карл гойд сайхан оронго алсан боловч уруу царайлсаар л байв. Хүдүүний ангийн талаар тэр тун бүтэлгүй сэтгэгдэлтэй байлаа. Урагшгүйтэхээрээ ердийнхөө зангаар тэрнээс ч боллоо энэнээс ч боллоо гэж газарч, отсон газар, толгодын аль нэгийг муу хэлж ирнэ. Энэ бүгд түүнээс урвасан юм шиг ярина. Тэр толгодоос залхаж хөндийд итгэхгүй болсон ажээ. Би түүнийг нэг юм унагаж, сэргэх болов уу гэж өдөр бүр горьдовч хүдүүний авын тухай сэтгэгдэл нь улам тойвтой болж байлаа. Мацахдаа муу түүнийг толгод үнэхээр залхааж гүйцжээ. Үүний нь хөнгөвчлөх санаатай би авирахын ихийг авиравч тэр маань эцэстээ хүдүү чухам л толгодод байдаг юм байна, би талаар шал дэмий явж цаг алдлаа гэж бодох болсон билээ.
Тав хоноход би арав гаруй хүдүү зүртэй тааралдаж тэдний дунд гунан гур байхыг ажигласан билээ. Зүрүүд том бие, орог зүс, жижигхэн толгой, дэлдэн чихтэй, алаг бөгөөд ухаан тавин том гэдсээ цүлхэлзүүлэн зөөлөн бөгөөд хурдан дэгдэж мод руу далд орно. Залуу гурын эвэр мушгиа сууж эхэлж байгаа боловч хараахан богино, олиг муутай. Үдэш ерхгийн захад биднийг байж байтал хажуугаар цувран давхисан зургаан зүрийн гурав дахийг нь ажвал гур гэхээс том биетэй, бүдүүн хүзүү, хар дэл, сайхан эвэр, хүрэвтэр үстэй дуудлагын хөгшин хандгай гэмээр байсан.
Нэг удаа нар гудайж гэрийн зүг толгодын завсар дахь цавчим шилээр бууж явтал газарч маань наран сөрөгт, толгойн оройн тэнд цагаан судалтай хоёр орог амьтан хөдөлж байсныг заав. Тэр хоёрын зөвхөн их бие нь модны завсраар цухуйх бөгөөд хүдүү гур мөн гэв. Эвэр нь харагдаагүй бөгөөд биднийг толгойн оройд хүрэхэд нар шингэсний дээр газар нь чулуу ихтэй тул тэр хоёрын мөр эс олдов. Халти харснаас үзэхэд тэр хоёр, бидний үзсэн зүрүүдээс өндөр тул гур гэж бодохоор байлаа. Бид хяраар харанхуй болтол гөрөөлөөд тэднийг дахин олж харсангүй. Маргааш нь Карлыг явуулахад ч мөн дайралдаагүй билээ. Бид усны ямаан гөрөөс олныг босгодог байлаа. Нэг удаа ёроолдоо гүн жалгатай хяраар гөрөөлж яваад усны гөрөөстэй тааралдав. Тэр бидний анирыг авсан боловч үнэр аваагүй, биднийг зогсоход тайвширч М’Кола гараа минийх дээр тавьж, бид түүнийг арван хоёр алхам газраас ажиглавал хар зүс, лухгар хүзүү, сэрвэгэр хар дэлтэй, босоо хоёр эвэртэй гоолиг амьтан бөгөөд догдолж хамраа сарталзуулан үнэр хайж байлаа. М’Кола инээмсэглэн миний бугуйгаар чанга атган, бараа нь харагдахгүй байгаа аюулаас айн догдолж байгаа том сэрхийг ажиглацгаалаа. Гэтэл алсад нутгийнхны хар дарьт бууны дуу лүгхийсэнд нөгөө сэрх ухасхийн бидний дээгүүр харайн алдаж хяр өөд дэгдэв.
Бас нэг өдөр П. О. М.-той цуг гагцхүү ширэнгэтэй хавтгайнуудаар гөрөөлж яваад зөвхөн бөөн бөөн бут бүхий талын зах дээр гарч иртэл хархирах мэт хоолойн гүнзгий хүрхрээ дуулдав. Би М’Кола руу харав.
— Симба гээд тэр эвгүйрхэв.
— Уапи? (хаана байна?) гэж би шивнэв.
Тэр хуруугаараа дохилоо. Би П. О. М.-д «арслан байна, өглөөнийх мөн байх, чи тэр моднуудын цаана байж бай» гэж шивнэв.
Биднийг өглөө босож байхад арслан хүрхрэх нь сонсогдсон юм.
— Би чамтай цуг байсан нь дээр.
— Өвгөний сэтгэл зовно. Чи тэнд хүлээж бай л даа!
— За яах вэ. Чи харин болгоомжтой л оролдоорой.
— Би давгүй, зогсож буудна. Гэхдээ болмооргүй бол буудах ч үгүй.
— За яах вэ.
— Нааш ир гэж би М'Колад хэлэв.
Тэр зэвхий даагаад огт таагүй шинжтэй байлаа.
— Уапи Симба? гэж би шивнэн асуув.
— Тэнд гэж дурамжхан хэлээд хурц ногоон талбар, муруй хазгай арал мэт хэсэг ширэнгийн зүг заав. Би газарчийн нэгэнд, П. О. М.-ийг аваад буц гэж дохиод модны хаяа руу хоёр зуун алхам хэртэй явтал нь хойноос нь харав.
— Явъя гэж би М’Колад хэлэв. Тэр инээх ч үгүй толгой сэгсрээд хойноос дагав. Бид тун хянуур, ширэнгэ нэвт харахыг хичээн ширтсээр урагш дөхөж байлаа. Арсланг олж харахгүй л байв. Тэгтэл биднээс баруун урагшхан хүрхрэх дуу дахин гарав.
— Болохгүй «Хапана, Б’вана» гэж М’Кола шивнэв.
— Явъя гэж би хэлээд долоовор хуруугаараа хүзүүгээ чичиж эрхийгээ доош харуулаад «Куфа» гэж шивнэв. Арсланг хүзүүгээр нь буудаж ална гэх гэсэн минь тэр билээ. М’Кола толгой сэгсрэх бөгөөд царай нь улам зэвхийрч хөлс нь бурзайж ирэв.
— Хапана гэж тэр шивнэв.
Бид урьд шоргоолжны үүр байсанд тэрхүү аржгар шавар дээр гарцгааж эргэн тойрныг харав. Ногоон ширэнгэн дундаас юу ч олж харсангүй. Уул нь би шоргоолжны үүрэн дээрээс арсланг олж харна байх гэж бодсон боловч буцаж буухад хүрсэн бөгөөд өргөст ногоон ширэнгэ рүү хоёр зуун алхам ойртов. Бидний өмнө дахин хүрхрэх сонсогдож жаалхан азнатал архирах дуу гарав. Архирах нь нэн сүртэй, юм бодогдуулахаар байлаа. Шоргоолжны үүрэн дээр гарснаас хойш миний зүрх дэлсэж эхлэв. Тэр болтол би ойрхноос сайн буудаж болно, Өвгөнгүйгээр ганцаараа алж орхивол удаан үлдэх тааламжтай дуртгалтай болно гэж бардам итгэж байсан минь алдаа болсон билээ. Алж чадна гэх бүрэн итгэлгүй бол буудахгүй юм шүү гэж хатуу шийдэв. Үүнээс урьд би гурвыг алж ямархуу байдгийг нь мэдэх болсон боловч энэ удаа бүх насаараа гөрөөлөхдөө үзээгүй догдлолд автаж байлаа. Өвгөнийг байхгүйд тайвуухан тааламжтай буудаж болох байсан боловч одоогийн хийх гэж байгаа маань тун горьгүй хэрэг гэж бодогдов. Биднийг урагшлахад тэр удаан боловч цаашилсаар байлаа. Тэр бидэнд хүрхрэлт нь дуулдсан өглөөн цагаар цадтал идэж аваад одоо явахгүй хэвтэхийг хүсэж байгаа нь илт байлаа. М’Кола байж ядна. Миний төлөө Өвгөний өмнө хүлээх хариуцлага, миний ухаарахгүй байгаа аюултай тэр араатнаас өөрөө айх аймшиг хэмжээлшгүй их ажээ. Тэр сүнсээ зайлтал айжээ. Эцэст нь тэр мөрөн дээр гараа тавьж нүүрээ миний нүүрэнд бараг тулгаж, толгойгоо хүчтэйеэ гурав сэгсрэн:
— Хапана! Хапана! Хапана! В’вана! гэж эгдүүцэх гаслах гуйх гурван өнгөөр хэлэв.
Би буудаж боломгүй зүг түүнийг чирэх ажлаас сая нэг ангижирч буцъя гэвэл өөрөө ч гэсэн сэхээ орон амсхийв.
— За яамай гэж би хэлэв.
Бид хоёр шууд эргэж, ирсэн замаараа явж задгай газрыг дайран П. О. М.-ийн хүлээж байгаа модыг зүглэв.
— Барааг нь харав уу?
— Харсангүй. Дууг нь л гурав дөрвөн удаа сонслоо гэж би хэлэв.
— Айв уу?
— Хумсын чинээ. Гэхдээ. Сүүлдээ шүү. Дэлхий дээр ямар ч юмнаас дор тэр золигийг би алдаг л байсан юм.
— Тэнгэр минь! Больсонд чинь баяртай байна гэж тэр өгүүлэв.
Би халааснаасаа толь бичиг гаргаж шуалигаар нэг муухан өгүүлбэр эвлүүлэв. Миний эрсэн уг «Дуртай» гэдэг үг билээ.


— М’Кола чи симбад дуртай юу?
М’Кола сая нэг инээмсэглэж амны нь хоёр булан дахь хятад сахал сэрвэлзэв.
— Хапана гээд тэр хоёр гараа нүүрнийхээ өмнө авчран маажих дүр үзүүлэв.
«Хапана» гэж «Үгүй» гэсэн үг билээ.
— Хүдүү алах уу? гэж би сануулав.
— Болно гээд М’Кола шуалигаар сүрхий дуулгавартайяа, — Сайн. Дээр. Тендалла, болно, тендалла гэв.
Гэвч бид тэр хуарангийн ойролцоо хүдүү гуртай огт тааралдаагүй бөгөөд хоёр хоноод Бабати орж тэндээсээ Кандо орж Ханденийн зүг тал газраар давхин цаашаа эрэгт хүрсэн билээ.
Тэр хуаран санаанд огт нийцээгүй, газарчид нь ч гэсэн тэр, буцах сан гэхээс арга барагдаж байсан билээ. Тэнд хүдүү байдгийг, Уэльсийн жонон тэр хуарангаас хүдүү алсныг мэддэг байсан. Гэвч энэ улиралд тэнд гурван баг анчин ирсэн хийгээд нутгийн хүмүүс бодоход ургацаа хамгаалах гэж сармагчин агнадаг байсан. Зэс мөрөвчтэй буу үүрсэн нутгийн хүнтэй тааралдахад сармагчныг шамбанаасаа арваад мод хөөж хүдүүг толгод руу оруулж бууддаг шиг байсан. Би тэндээс шалавхан зайлж Хандений чигт байгаа бидний хэн маань ч үзээгүй шинэ нутагт очихыг хүсэж байлаа.
— Тэгвэл явцгаая гэж Өвгөн хэлэв.
Шинэ нутаг өгөөмөр их бэлэг шиг санагдсан билээ. Хүдүүнүүд нүүрэн дээр гарч ирцгээн анчин хамгийн том нь гарч ирэхийг хүлээж аятайхан толгойтойг нь шилж байж буудаж болох байжээ. Гэтэл сэлмэн эвэрт гөрөөс үзэгдэж хэн нь ч хамаагүй нэг нь хүдүү албал сэлмэн эвэрт гөрөөстэй нутагт очиж гөрөөлье гэж тохирцгоов. Тэр гайхамшигт шинэ нутгийн өгөөжийг бодоход урам зориг минь бадран Карл хөл нь газар хүрэхгүй баярлаж эхлэв. Тэр нутагт сэлмэн эвэрт буга унаган амьтан нь бөгөөд тэднийг ойшоохгүй өнгөрвөл ичгүүртэй хэрэг байлаа.
Нар туссаны дараахан бид бусдаасаа түрүүлэн хөдлөв. Тэд хуарангаа буулгаад ачааны хоёр машинаар хойноос гарах ёстой болов. Бид Бабатид нуурын ирмэгт байдаг жижиг зочид буудалд саатаж Пан-Яны лаазалсан ногоо нэлээдийг худалдаж аван хүйтэн пиво жаал уув. Дараа нь бид Каир хошууны замаар өмнийг зорин хөдлөв. Энэ зам сайтар засагдсан тэгш бөгөөд Масайн их талын урт шаргал шилнүүд рүү өнгийсөн модтой толгодыг эвтэйхэн зүсэж гаран, хатмал хөхтэй чавганц, үрчгэр царайтай хавирга нь хэрзийсэн өвгөдийн хагалж байгаа тариан талбар дундуур өнгөрч хэдэн бээр шороон дундуур, бас хэдэн бээр яваад наранд гандсан хортонтой газраар цааш зурайв. Тэндхийн газрыг харахад элс шууран байх агаад зам маань сүүдэр болгож мод суулгасан чамин цэвэрхэн герман цэргийн хотхон Кандо-Иранги руу орж ирэв.
Ачааны машинуудыг ирэхээр олж ав гэж М’Колаг замын зөрлөг дээр үлдээгээд машинаа сүүдэрт тавиад цэргийн оршуулгын газар очицгоов. Бид эндэхийн удирдлагатай уулзах хүсэлтэй байсан боловч хоолны цаг болоод байсан тул түвэг учруулахаас цааргалж, аятайхан цэвэр, тордогдож байдаг, үхэгсэд нь бусад газрынхаас илүү ч үгүй дутуу ч үгүй оршуулгын газрыг үзсэний дараа модны сүүдэрт сууж пиво уухад хүзүү мөрнөөс шарж байсан нарны халуун жингийн дараа үйлдэж байгаа хүйтэн шавшлага шиг таатайхан байлаа. Дараа нь машиндаа сууж замын зөрлөг дээр очиж ачааны машинуудтайгаа уулзаад шинэ нутгийг зорин зүүн зүг түрүүлэн хөдөлцгөөв.


ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Энэ нь бидний хувьд цоо шинэ боловч өнө эртийн шинж төгөлдөр нутаг байлаа. Зам маань цавчим хясаануудын ёроолоор жингийн цуваа, малын хөлөөр гарсан жим бөгөөд хоёр эгнээ моддын дундуур дов болдогтой газраар уул өөд гарах ажээ. Энэ хавь Арагонтой тун адилхан, тохоштой луусын оронд хөл, толгой нүцгэн, хөвөн эдээр хийсэн цагаан өмсгөлийг тога маягаар мөрөндөө эгэлдрэглэсэн нутгийн арав гаруй хүмүүстэй тааралдаагүй сэн бол Испанид явж байна гэж бодож бодохуйц байлаа. Цааш явахад хясаануудын шилээр жимтэй агаад жимийн хажуугийн өндөр моддыг харахад Испани дүрээрээ мөн шиг би испанид бас л морь унан яваа шиг санагдана. Бидний урд ч, ард ч, морь явах бөгөөд урд яваа морины бөгсөнд шавсан ялааг ажиж баахан явав. Тэд бидний авласан арслангуудыг шавж байсан нөгөөх тэмээн ялаа ажээ. Испанид бол энэ ялааг цамцан дотуур орвол хагацахын тул цамцаа тайлдаг билээ. Тэр цамцны захаар ороод нуруу гар даган гүйж, хүйс харвинд ч болтугай хүрнэ. Гаргаж эс хаявал үл буцан, овжин бөгөөд хурдан гүйсээр яах ийхийн завгүй хамаг хувцсыг чинь тайлуулж орхино.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Африкийн Ногоон Толгод - 07
  • Büleklär
  • Африкийн Ногоон Толгод - 01
    Süzlärneñ gomumi sanı 4549
    Unikal süzlärneñ gomumi sanı 1967
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 02
    Süzlärneñ gomumi sanı 4491
    Unikal süzlärneñ gomumi sanı 2008
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 03
    Süzlärneñ gomumi sanı 4255
    Unikal süzlärneñ gomumi sanı 2007
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 04
    Süzlärneñ gomumi sanı 4525
    Unikal süzlärneñ gomumi sanı 1971
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 05
    Süzlärneñ gomumi sanı 4618
    Unikal süzlärneñ gomumi sanı 1953
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 06
    Süzlärneñ gomumi sanı 4507
    Unikal süzlärneñ gomumi sanı 2100
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 07
    Süzlärneñ gomumi sanı 4439
    Unikal süzlärneñ gomumi sanı 2048
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 08
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 09
    Süzlärneñ gomumi sanı 4471
    Unikal süzlärneñ gomumi sanı 2047
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 10
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 2055
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 11
    Süzlärneñ gomumi sanı 4575
    Unikal süzlärneñ gomumi sanı 1888
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 12
    Süzlärneñ gomumi sanı 4541
    Unikal süzlärneñ gomumi sanı 2156
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 13
    Süzlärneñ gomumi sanı 90
    Unikal süzlärneñ gomumi sanı 71
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.