Latin

Фиеста (наран бас л мандсаар байна) - 12

Süzlärneñ gomumi sanı 4401
Unikal süzlärneñ gomumi sanı 1961
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
— Бид өөрсдийн байрласан давхрын гудамд зогсож байлаа. Тэндээс Бретт гудмаар явсаар Ромерогийн өрөө рүү очиж хаалгыг нь тогшсонгүй, шуудхан татаж ороод л хаачихлаа. Би Майклын өрөөний үүдэнд очоод хаалгыг нь тогшлоо. Хариу байдаггүй. Бариулыг нь эргүүлтэл үүд нээгдлээ. Өрөөний доторх юмс үлэмж эмх замбараагүй байна. Бүх л чемодан сав нь онгорхой, хувцас хунар нь энд тэнд хөглөрөн хэвтэнэ. Орны нь хажууд баахан хоосон шил байв. Майкл орон дээрээ хэвтэж байна. Царай нь өөрийг нь үхсэн хойно нүүрнээс нь хэв авбал ийм байх болов уу гэмээр харагдав. Майкл нүдээ нээн над руу харав. Тэгээд
— Сайн уу, Жейк? Би дугхийх гэж байна. Дугхийх сэн гэж эртнээс бодсон юм сан гэж сулхан дуугарч өгүүлэв.
— Юм нөмрүүлэх үү?
—Үгүй. Ер даараагүй. Битгий яв. Нойр хүрэхгүй нь.
— Майкл, одоохон унтчихна. Бүү гутар, найз минь.
— Бретт нэг бухтай тулалдагчийг уургалаад авсан. Нөгөө еврей нь явчихсан гэж Майкл хэлээд над руу эргэж хараад, — Үлэмж гайхалтай хэрэг, тийм үү? гэв.
— Тийм ээ. Майкл, одоо унт. Ямар ч байсан нойр авах хэрэгтэй.
— Одоо унтлаа. Би дугхийх гэж байна. Тэгээд нүдээ анив. Би өрөөнөөс нь гараад хаалгыг нь сэмээрхэн хаав. Билл миний өрөөнд, сонин уншин сууж байлаа.
— Майклтай уулзав уу?
— Уулзлаа.
— Явж хооллоцгооё.
— Би доор хооллохгүй. Нөгөө герман ахлах үйлчлэгч байгаа. Намайг Майклыг нааш нь авчирлаа гэж зэвүүн загнасан.
— Биднийг ч бас зэвүүн загнасан
— Бүүр гадагшаа гараад хотод нэг газар хооллоё. Бид шатаар бууцгаалаа. Нэг бүсгүй бүтээлэгтэй цартай юм барьсаар бидний урдаас өгсөв.
— Бреттийн хоолыг авч явна гэж Билл хэлэв.
— Бас нөгөө жаалынх.
Гадаа гулдан хаалганы доорх явган зам дээр герман ахлах үйлчлэгч биднийг тосон хүрч ирэв. Улаан хацар нь гөлчгөнөн байна. Их л найрсаг загнан
— Ноёдоо, би та нарт хоёр хүний ширээ зэхчихсэн гэсэнд Билл
— Тэндээ өөрөө суу гэж хэлэв. Бид гудамж хөндлөн гарцгаалаа. Бид талбайн хажуугийн нэгэн гудамжинд орших ресторанд хооллоцгоов. Тэнд дандаа эрэгтэй хүмүүс хооллоцгоож байлаа. Тамхины утаа хөшиглөн хүмүүс дарс ууж дуулалдана. Тэндхийн хоол, дарсны аль аль нь сайн байлаа. Бид хоорондоо нэг их ярьсангүй. Хоолоо идчихээд уушны газар очиж Фиестагийн хөл хөдөлгөөн туйлдаа хүрэхийг харцгаав. Бретт үдийнхээ хоолыг идчихээд бидэн рүү ирж, бидний өрөө рүү шагайлаа, — Майкл унтаж байна лээ гэв.
Фиестагийн хөл хөдөлгөөн тийнхүү туйлдаа хүртэл өрнөөд цэнгэлдэх хүрээлэн рүү цутгаж эхлэхэд бид ч бас тийшээ явцгаав. Бретт дэвжээний ойр эхний эгнээнд Билл бид хоёрын дунд суулаа. Яг бидний доор хашлаганаас улаан модон хана, суудал хоёрын хоорондуур явах зай харагдана. Бидний арын олон эгнээ түдэлгүй хүнээр дүүрэв. Урагш харвал хашлага ханын чанад дэвжээнд асгаж тэгшилсэн элс шаргалтан үзэгдэнэ. Бороонд норсон хэсэг нь яльгүй зуунги харагдах боловч наранд хатаж гүйсэн ажээ. Илд баригчид, цэнгэлдэх хүрээлэнгийн ажилчид, бухтай тулалдагчдын өмсдөг хувцас хийсэн сийрсэн сав мөрөн дээрээ тавьсаар буув. Тэрхүү сийрсэн савнуудад цус бялдсан нөмрөг сэлтийг сайтар эвхэн хийжээ. Илд баригчид хүнд ширэн хайрцгийг нээтэл улаан даавуугаар ороосон баахан илдийн бариул тов тодхон үзэгдэв. Тэд хар хар толботой улаан даавууг дэлгэн бухтай тулалдагчид барьц гаргах гэж модон савхнуудаар чагтлав. Бретт энэ бүхнийг харж суулаа. Бухтай тулалдагчтай холбогдох аливаа юмсыг туйлаас шохоорхон байна.
— Ромеро бүх л нөмрөг, далбаан дээрээ нэрээ хатгасан юм. Даавууг нь яагаад далбаа гэдэг юм бэ? гэж Бреттийг асуухад, би
— Мэдэхгүй гэв.
— Үүнийг ер угаадаг болов уу?
— Үгүй биз дээ. Өнгө нь үхчихнэ гэдэг биз.
— Цусанд дараймаар юм гэж Билл хэлэв.
— Цусыг ер тоохгүй байна гэдэг сониноо гэж Бретт хэлэв.
Доор хашлага, суудал хоёрын хоорондох зайд илд баригчид бүхнийг бэлтгэн зэхжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудал, хөл тавих зайгүй болоод дээд талын лоож ч пиг дүүрчээ. Ерөнхийлөгчийн лоожоос бусад газар сул суудал нэгээхэн ч эс үзэгдэнэ. Түүнийг ирмэгц л тулалдаан эхлэх болно. Бидний эсрэг талд, элс дэвссэн дэвжээний цаадах хашаанууд руу орох гол хаалган дээр бухтай тулалдагчид нөмрөгөө гар дээрээ тохоод дэвжээн дээр гарах дохио өгөхийг хүлээн хоорондоо энэ тэрийг ярилцан зогсох аж.
Бретт тэднийг дурандан сууснаа
— Чи харна уу? гэв.
Би дуранг нь авч үзвэл бухтай тулалдагч гурван залуу харагдлаа. Ромеро дунд нь, зүүн талд нь Белмонт, баруун талд нь Марсьял зогсож байна. Тэдний цаана дагалдан хүмүүс нь харагдах бөгөөд бандериллеро буюу жад шидэгчийн цаана пикадор буюу бухын тулалдааны үеэр морьтой давхиж очоод бухын хүзүүг хутган жадаар дүрэгсэд зогсож байлаа. Ромеро хар хувцас өмсжээ. Гурвалжин малгайгаа нүд рүүгээ дарсхийн тавьсан харагдана. Царайг нь сайтар харъя гэхэд малгай нь халхлаад нүүр нь сүрхий гэмтсэн янзтай байна. Эгц урагш хараад зогсож байлаа. Марсьял янжуур алгандаа нуун их л болгоомжтой татаж байна. Белмонт мөн л эгц урагш харан зогсох бөгөөд царай нь зүдэнгэ шарангуй, чонон эрүү нь бүүр ч ээтийсэн харагдав. Юу ч үл үзэгдэх хязгааргүй гүнд харцаа шилжүүлжээ. Ромеро тэр хоёрын аль нь ч бусадтайгаа ямар ч холбоогүй, гав ганцаараа л энд байгаа мэт харагдлаа Бидний дээр лоожид хүмүүсийн алга таших нь дуулдсаныг үзэхүл ерөнхийлөгч иржээ. Би дурангаа Бреттэд өгөв. Цэнгэлдэх хүрээлэнд хурсан олон алга ташиж, хөгжим эгшиглэв. Бретт дурандсанаа
— Май хар гэв.
Белмонт Ромерод нэг юм хэлж байлаа. Марсьял биеэ цэхлэн янжуураа хаяв. Тэд гурвуул толгойгоо гэдийн эгц урагш харж сул гараа хаялан урагш давшин гарч ирлээ. Тэдний араас бандериллерууд хөлөө нийлүүлэн алхалж, нөмрөгөө намируулан гараа хаялсаар, ар талд нь пикадорууд морь унаж хутган жадаа илд адил өргөсөөр гарч ирэв. Жагсаалын эцэст хөллөгөөтэй хоёр шар, цэнгэлдэх хүрээлэнгийн ажилчид явлаа. Бухтай тулалдагчид ерөнхийлөгчийн лоожийн өмнө гурвалжин малгайгаа авалгүй бөхийн ёслоод бидний доорх хашлага руу ирэв. Педро Ромеро алтан хошмогтой нүсэр нөмрөгөө тайлан хашлага дээгүүр илд баригчдаа өгөөд нэг юм хэлж байлаа. Яг бидний дор зогсож байгаа Ромерогийн уруул хавдаж памбайгаад нүд нь хөх алаг юм болсон нь тодхон харагдав. Нүүр нь бэлцийн энд тэнд нөжирчээ. Илд баригч нөмрөгийг аваад Бретт рүү харснаа Ромерогийн нөмрөгийг түүнд өгөв.
— Урдаа дэлгэж барь гэж бид Бреттэд хэлэв. Бретт урагш бөхийв. Нөмрөг нь үлэмж хүнд бөгөөд алтан саагаар хажсан тул дэргэр байлаа. Илд баригч бидэн рүү эргэж хараад нэг юм хэлэв. Миний хажууд сууж байсан нэг эр Бретт рүү тонгойн байж
— Битгий дэлгэ, эвхээд өвөр дээрээ тавь гэж байна гэв.
Бретт тэрхүү нүсэр нөмрөгийг эвхээд өвөр дээрээ тавив.
Ромеро бидэн рүү харсангүй, Белмонттой ярилцан зогсов. Белмонт ёслолын нөмрөгөө найз нартаа өгүүлээд тэдэн рүүгээ хараад чоно ярзайх мэт зөвхөн уруулаараа инээвхийлэв. Ромеро хашлага дээгүүр бөхийн савтай ус авчир гэв. Илд баригч нь ус авчирч өгтөл Ромеро нөмрөгийнхөө доторт усыг асгаад хормойг нь элсэнд хутган дэвсэв.
— Яагаад ингэж байгаа юм бэ? гэж Бретт асуув.
— Салхинд дэрвэлзүүлэхгүй гэж ингэж байгаа юм.
— Царай нь тусгүй байна гэж Билл хэлсэнд Бретт
— Бие нь их муу байгаа юм. Уул нь хэвтэж л байвал таарах байсан юм гэв.
Эхний бухтай Белмонт тулалдав. Нэн сайн тулалдаж байлаа. Үнэндээ ч тэр дэвжээн дээр гарахынхаа төлөө гучин мянган песета авсан, хүмүүс ч тулалдахыг нь үзэх гэж шөнөжин билетэд оочирлосон тул тэнд хурагсад түүнийг бүүр гарамгай, гоц гойд тулалд гэж шаардаж байлаа. Белмонт бухаас ер хөндийрөлгүй тулалддаг тул хүмүүс бахархан шагшина. Бухын тулалдаанд дэвжээг бухтай тулалдагчийн бүс, бухын бүс гэж хоёр зааглана. Бухтай тулалдагч өөрийнхөө бүсэнд байсан цагт аюул харьцангуй бага гэж үзнэ. Бухын бүсэд орох бүрийд амь насны аюул үлэмж их болно. Белмонт ямагт бухын заагт бүсэд гялалзтал тулалддаг байлаа. Үүгээрээ дэр дөтлөн буй эмгэнэлт явдлыг үзэхийн хүслэнг үзэгчдэд төрүүлнэ. Хүмүүс бухын тулалдаанд Белмонтыг харах, энэхүү эмгэнэлт явдлыг мэдрэх, тэр ч байтугай Белмонтын үхэхийг үзэх гэж ирдэг ч байж болзошгүй. Арван таван жилийн өмнө, Белмонтыг тулалдаж байгааг нь харах гэвэл хурдхан оч, одоохондоо эсэн мэнд байна гэцгээдэг байлаа. Энэ завсар Белмонт, мянга илүү бух хороожээ. Чингээд бухын тулалдааны дэвжээн дээр үзэгдэхээ болиход нь түүний тухай домог яриа өрнөн тархсан байтал дахин гарч ирэхэд нь хүмүүс мэл гайхаж цэл хөхөрчээ. Учир нь Белмонтын урьд өмнө тулалдаж байсан шиг тийнхүү бухаас ер хөндийрөлгүй тулалдах хүн нэгээхэн ч үгүй, тэр ч байтугай Белмонт өөрөө ч юу л бол гэж үзсэнээс тэр болой. Тэгээд ч бас Белмонт болзол тавьж, тулалдах бухууд нь тийм ч том биш, эвэр нь үлэмж сүртэй, аюултай биш байх ёстой гэж шаардсан тул нэгэнт гарцаагүй учрах ёстой гэж тачаадан хүлээх эмгэнэлт явдалд найдах үндэсгүй болсны дээр үзэгчид урьд өмнө Белмонтын дөнгөх байснаас гурван хувь илүү уран чадварыг эдүгээ гуур өвчинд талхиулсан Белмонтоос хүсэн хүлээх учир өөрсдийгөө дөнгүүлэв хэмээн үзэж байлаа. Энэ бүхнийг эс тооцон Белмонт эрүүгээ улам ч ээтийлгэх бөгөөд царай нь зэвийсээр л, эмгэг хууч нь шаналгахын хэрээр хөдөлгөөн нь удаашран байлаа. Ийн байсаар эцсийн бүлэгт үзэгчид бүгд түүний эсрэг хандсан боловч царайд нь нөгөө л тоомжиргүй байдал тод байна. Өнөөдөр өөрийн нь хувьд гайхамшигт өдөр болно гэж бодож байжээ. Гэтэл үзэгчид өөрийг нь харааж зүхэж, дооглон тохуурхаж улмаар урьд өмнө гайхамшигт ялалт байгуулж явсан дэвжээ рүү нь жинтүү, талхны зах, ногоо сэлтээр шидэллээ. Белмонт эрүүгээ л улам ээтийлгэнэ. Үзэгчид үлэмж хорсолтойёо дайран доромжлоход хааяа нэг тэдний зүг эргэж харан уруулаа шазайлгаж чоно мэт ярзайн инээвхийлнэ. Хөдлөх бүрийд нь өвчин нь улам даамжран даамжирсаар царай нь маажингийн өнгөтэй болов. Тэгээд хоёр дахь бухаа алчхаад, үзэгчдийн зүгээс нэгэнт жинтүү талх тэргүүтэн шидэхийг больсны хойно ерөнхийлөгчийн өмнө очиж нөгөө л тоомжиргүй янзаараа харж чоно мэт ярзайн инээвхийлсээр мэхийн ёсолсны эцэст илдээ арчуулж хайрцагт нь хийлгэхээр хашлага дээгүүр өгчхөөд суудал хашлага хоёрын хоорондох зайд орж ирээд шаналгаат өвчнөөс өөр юуг ч анзаарах сөгөөгүй амьтан хашлагыг түшин гараараа нүүрээ даран зогсов. Хэсэг зуур тийн зогссоны эцэст сая толгой өндийлгөн ус гуйв. Тэгээд уснаас. балгаснаа амаа зайлан газар нулимаад нөмрөгөө авч дэвжээ рүү буув.
Үзэгчдийн санаа сэтгэл нэгэнт Белмонтын эсрэг хандаж Ромеро руу эргэсэн тул хашлаганаас холдож бухын зүг хөдөлсөн агшнаас эхлэн үзэгчид алга ташин угтлаа. Белмонт ч бас Ромерог харж байлаа. Гэхдээ ер харахгүй байгаа янз үзүүлэвч алхам бүрийг хулгай нүдээр ажих ажээ. Харин Марсьялыг ер хайхарсангүй. Марсьялын хөдөлгөөн бүрийг Белмонт урьдаас хэлж дөнгөх байлаа. Марсьялыг яавч, дагуулахгүй гэж санасандаа л түүнтэй өрсөлдсүгэй гэж энэ дэвжээн дээр дахин гарч ирсэн билээ. Марьсял болон декадентийн од болсон бусад улстай өрсөлдөнө, арга барилаа тэднийхээс гоц ялгарна, дэвжээн дээр гарах төдийд л үзэгч олныг өөртөө татна гэдгийг мэдэж байлаа. Гэтэл он удтал завсарласны эцэст ийнхүү дэвжээн дээр ахин гарч ирээд амжилт олоход нь Ромеро тотгор болжээ. Ромеро тулалдахдаа ямагт тайван, жигд намуухан, харц булаам сайхан хөдлөх бөгөөд энэ нь эдүгээ Белмонтын хувьд өөрийгөө албадвал л хааяа нэг дөнгөх зүйл болжээ. Үзэгчид үүнийг мэдлээ. Тэр ч байтугай Биаррцаас ирсэн жуулчид, америкийн элчин сайд ч байн байсаар үүнийг ухаарлаа. Ийм тэмцээнд Белмонт лав орохгүй байсан. Учир нь энэ нь аминд осолтой шарх юм уу, үхэлд хүргэж болзошгүй зүйл билээ. Белмонтын гялалзаж явсан үе нэгэнт өнгөрчээ. Бухын тулалдааны дэвжээн дээр ид хаваа үзүүлэх тийм эгшин энэ удаад тохиосонгүй, ер нь дахиад тохиох байх гэж найдахгүй байлаа. Аливаа юмс хувиран өөрчлөгдөөд эдүгээ амьдралын гэгээ гэрэл түүний хувьд хааяа нэг гялсхийхээс үл хэтэрнэ. Бухтай тулалдаж байхад нь урьд өмнийн нь суу гайхамшиг үе үе тодрох авч машинаар давхиж очиж бух үржүүлэгч найз нөхрийнхөө бухуудаас торон чингэлэгт хориотой байхад нь урьдаар шинжиж тулалдах бухаа шилж авсан болохоор үнэ цэнгүй санагдана. Белмонт олигтой эвэргүй давжаа биетэй хоёр бухтай тулалдаж үргэлжид шаналгах өвчнөө мэдрэх авч суу гайхамшгаа сэргээхээр урьдаас тооцоолсон байтал сэтгэл санааг нь сэргээн ид хавыг нь бадраасан нь үгүй. Суут чадвар байвч бухын тулалдаан түүний хувьд гайхамшиг байхаа нэгэнт больжээ.
Педро Ромерогийн цог заль бадарч байлаа. Бухын тулалдаанд дуртай хүн, Бухыг энэрдэг хүн юм, бас Бреттэд хайртай юм гэж би бодлоо. Ромеро тэр өдрийн турш орон зайн хувьд өөрийн удирдан чадах бүх тохиолдолд Бреттийн өөдөөс харан байж тулалдлаа. Гэхдээ нэг ч удаа өөдөө харсангүй. Иймээс ч Бреттийн төлөө төдийгүй мөн өөрийнхөө төлөө гайхамшигтай сайн тулалдав. Санаа сэтгэлд нь нийцэж байгаа эсэхийг олж үзсүгэй гэж Бретт өөд харалгүйгээр, бодол сэтгэлээ бүхэлд нь өөрийнхөө төлөө хөвчлөн чадсан нь хүч чадлыг улам ч нэмжээ. Гэхдээ энэ бүхнийг түүний төлөө хийхдээ өөрийгөө өчүүхэн ч хохироосонгүй. Иймээс ч гэр бүх л өдөржин гайхалтай сайн тулалдав. Анхны тулалдаан нь яг бидний урд болж өнгөрөв. Бухтай тулалдагч гурав бухаа пикадор луу довтлох бүрийд ээлжлэн тогтоож байлаа. Эхлээд Белмонт, дараа нь Марсьял тогтоов. Чингээд Ромерогийн ээлж боллоо. Тэр гурав гурвуулаа морины зүүн талд байж байлаа. Малгайгаа нүд рүүгээ дарж өмссөн пикадор жадаа бух руу хараалан чиглүүлж бариад зүүн гартаа жолоогоо барин морио давируулаараа давирсаар урагш зүтгүүлэв. Бух улайран ширтэх аж. Хөндлөнгөөс харахад унаж яваа цагаан морийг ширтэх мэт авч чухамдаа жадны зүрхэн хэлбэрт ган зэвийг нүд салгалгүй ширтэж байлаа. Бух толгойгоо сэжлэв. Бодвоос дайрахаас зүрхшээжээ. Үүнийг үзээд Ромеро барьсан нөмрөгөө дэрвэлзүүлэн хөдөлгөтөл хурц улаан өнгө бухын анхаарлыг татлаа. Бух өөрийн зөнгөөр ухасхийтэл урд нь хурц өнгөт нөмрөгийн оронд цагаан морь тулгарчээ. Пикадор мориныхоо дээгүүр урагш өцийн байж шид модон урт жадныхаа ган зэвийг бухын сэрвээн дээр зангиран овойх булчинд зоогоод улам гүн шигтгэх гэж жадаа тулсан хэвээр морио давиран тойрон давхив. Бухын сэрвээн дээгүүр цус жирэлзлээ. Белмонттой тулалдуулахаар зэхсэн бух энэ байлаа.
Сэрвээ рүүгээ шаасан ган зэвийн аясыг бух дуулгавартайяа дагана. Бух морь руу дайрахыг үнэхээр хүссэнгүй. Түүнийг мориноос зайлан эргэхэд ганцаараа зогсож байсан Ромеро нөмрөгөөрөө даллан дэвжээний гүн рүү аваачив. Тэр үлэмж тайван намбатайяа дохисоор дэвжээний гүнд хүрч ирээд бухын халз өөдөөс харж зогсоод нөмрөгөө өмнөө барив. Бух сүүлээ сөхөн мөргөхөөр дайртал биеэ цэхлэн зайлсхийгээд нөмрөгөө дэлгэв. Чийгтэй элсэнд хүндрүүлсэн нөмрөг дэрвэсхийн дэлгэгдээд салхинд дарвуул адил хүнхийв. Ромеро нөмрөгөө тийнхүү дэлгэн барьсаар бухын яг эвэр дор дороо бүрэн эргэв. Ийнхүү эргэхэд тэр хоёр мөн л халз өөдөөсөө харан зогслоо. Ромеро инээмсэглэх аж. Бух дахин мөргөхөөр ухасхийж нөмрөг бас л дарвуул адил дэлгэгдэв. Тэгэхдээ энэ удаад нөгөө гар талд нь дэлгэгджээ. Бух мөргөхөөр ухасхийх бүрийдээ сүвээг нь бараг шүргэн ойрхон өнгөрнө. Бухтай тулалдагч, бух, түүний өмнөхөн талд дарвуул мэт дэрвийн эргэх нөмрөг сэлт хоромхон зуурт нэгдэн нийлчих шиг санагдана. Энэ бүхэн нэн ягуухан нэгэн хэмээр болж Ромеро бухыг унтуулахаар бүүвэйлээд байна уу даа гэлтэй санагдана. Ромеро дөрвөн удаа тийнхүү эргээд эцэст нь дутуу эргэсхийн бух руу нуруугаа харуулан зогссоноо нөмрөгөө нэг гар дээрээ тохон нөгөө гараараа ташаагаа тулаад, алга ташин угтах үзэгчдийн зүг явав. Бүх нь холдон одохыг нь гөлрөн ширтсээр хоцров.


Ромеро өөртөө ноогдсон бухуудтай маргаангүй сайн тулалдав. Эхний нь тулалдсан бух хараа муу бух байлаа. Хоёр удаа нөмрөгөө дэлгэн эргэснийхээ дараа Ромеро хараа нь хэр муудсаныг яг таг тогтоож бухдаа хөдөлгөөн бүхнээ тохируулав. Энэ нь гялалзсан сайхан биш ч ер нь маргаангүй сайн тулалдаан боллоо. Үзэгчид бухыг нь солихыг шаардацгааж шуугилдацгаав. Өнгө ялгахгүй бухтай яаж сайн тулалдах юм бэ гэцгээсэн боловч ерөнхийлөгч түүнийг соль гэж тушаасангүй.
— Яагаад солихгүй байгаа юм бэ? гэж Бретт асуув.
— Тэд нэгэнт худалдаж авсан болохоор хохирол үзэхгүй.
— Энэ чинь шударга биш л байна даа.
— Улаан өнгийг ч ялгаж танихгүй бухтай яаж тулалдаж байгааг нь хараач.
— Энэ миний харах дургүй юмны нэг.
Тэрхүү тулалдан байгаа хүний төлөө ямар нэгэн талаар санаа тавьдаг хүний хувьд хөдөлгөөн бүрийг нь хөндлөнгөөс харж суух нь тийм ч таатай зүйл биш. Тэгээд ч бух нь нөмрөгийн өнгө, улаан цэмбэн далбааг ялгаж харах сөгөөгүй тул Ромеро түүнийг өөрийн биеэр өдөхөд хүрчээ. Ромеро бухад тулж очоод ухасхийн дайрахад нь далбаа мөргүүлээд тэрхүү дайралтыг сонгодог барилаар няцааж байлаа. Биаррцаас ирсэн жуулчдад энэ нь гойд санагдсангүй. Ромерог айж байна, айсандаа л бухын дайралтыг өөрөөсөө далбаагаар хууран зайлуулаад өөрөө хажуу тийшээ гараад байна гэж бодоцгоожээ, Тэдэнд Белмонтын өөрөө өөрийгөө давтах, Марсьялын Белмонтыг хуулбарлан дуурайсан нь илүү сайхан санагджээ. Бидний арын эгнээнд гурван тийм жуулчин сууж байлаа. Тэд хоорондоо
— Тэр юунд айгаад байгаа юм бэ? Бух нь ядаж далбааны хойноос дайрахаас өөр юм мэдэхгүй мулгуу амьтан юм.
— Дөнгөж л тулалдаж сурч байгаа эр бололтой.
— Урьд нь нөмрөгөөр тун сайн хуурч байх шиг санагдсан юм.
— Одоо сандарч тэвдээд байх шиг байна гэж хэлэлцэв.
Дэвжээний голд Ромеро гав ганцаараа нөгөө л янзаараа Бухын харцанд өртөж анхаарлыг нь татах гэж ойртон очоод, түүнийг дэмий л гөлрөн зогсохуйц улам ч ойртож тэгснээ бүүр урд нь тулж очиход цаадах нь сая харж мөргөхөөр ухасхийхэд Биаррицийн жуулчдын дургүйг хүргэсэн үл ажиглагдам хөдөлгөөнөөрөө улаан далбааг дэлгэн мөргүүлсээр байлаа.
Би Бреттэд,
— Одоо Ромеро тэр бухыг алах болно. Бух нь ер сульдаагүй, түүнийг сульдаах боломж ч алга гэв.
Дэвжээний голд Ромеро бухын халз өөдөөс харан зогсоод далбааны хуниаснаас илдээ суга татан аваад өлмий дээрээ өндийн урагш сунгав. Ромерог урагш ухасхийхэд бух ч өөдөөс нь дайрав. Ромеро зүүн гараараа барьсан далбаагаараа бухын нүдийг гялбуулсугай гэж хоншоорыг нь бүтээнгээ хоёр эврийн нь хоорондуур баруун мөрөөрөө түрэн илдээн сэрвээ рүү нь шаав. Сэрвээнд нь бариулд нь тултал шаасан илдээс баруун гараараа зууран бухын сэрвээн дээгүүр цухалзан Ромеро, бух хоёр хоромхон зуурт нэгдэн нийлчих шиг санагдав. Тэгээд түдэлгүй бие биеэсээ хөндийрлөө. Ромеро бухыг гараараа түлхэн арагш болоод эгц урдаас нь өрөөсөн гараа өргөн зогсож байлаа. Цамцны нь суга урагдаад салхинд дайвалзан дэрвэнэ. Сэрвээн дээр нь илдийн улаан бариул ёрдойх бух толгойгоо гудайлган хөл нь туйвганан тогтож ядан байлаа.
— Одоохон уналаа гэж Билл хэлэв.
Халз өмнө зогсож байсан Ромерог бух харсаар л байлаа. Гараа өргөсөн хэвээрээ, бухад ямархан нэг юм хэлэх аж. Бух нэгэнтээ хамаг биеэ хураан толгойгоо гудайлгаад ягуухан хазайн хазайсаар гэнэт дөрвөн мөчөө өөд нь сэрийлгэн газарт унав.
Ромерод илдийг нь авч өгөхөд тэр торгон үзүүрийг нь доош харуулан барьж далбаагаа өрөөсөн гар дээрээ тохон ерөнхийлөгчийн лоожийн зүг очоод мэхийн ёсолсноо биеэ цэхлэн хашлага руу ирээд илд, далбаа сэлтээ өгөв. Илд баригч нь,
— Хэцүү амьтан юм гэсэнд Ромеро
— Намайг бүр хөлсөлж орхилоо гээд нүүрээ арчив. Илд баригч нь гүцтэй ус өгвөл уруулаа норгох төдий болов. Гүцнээс юм ууна гэхэд уруул ам нь хөндүүрлэжээ. Бидний зүг харсан ч үгүй.
Марьсялын хувьд энэ өдрийн тулалдаан үлэмж амжилттай болж өнгөрлөө. Үзэгчид Ромерогийн тулалдах сүүлчийн бухыг дэвжээнд гарч ирэн иртэл Марсьялыг талархан алга ташсаар байлаа. Энэ нь өглөөгүүр олны эцэст гүйж явсан нэг эрийг ухасхийн дайрч мөргөн алсан тэр бух байлаа.
Анхныхаа бухтай тулалдаж байх үед Ромерогийн нүүр ам бэртсэн нь илт байлаа. Түүний хөдөлгөөн бүр нь үүнийг илтгэв. Өнгө ялган харж чаддаггүй бухтай хамаг анхаарал, хүч чадлаа дайчлан тулалдсан нь түүний байдлыг онцгой харуулав. Конд зодуулсан нь түүний сэтгэл санааг өчүүхэн ч хөндсөнгүй, гэхдээ нүүр ам нь гэмтэж, бие нь бэртжээ. Эдүгээ биеийнх нь тэрхүү шаналгаа арилсаар байлаа. Түүний уян налархай хөдөлгөөн бүр нь биед учирсан шаналгааг улам улмаар намжаав. Сүүлчийн бух нь том биетэй, даргар эвэртэй, шалмаг хөдөлгөөнтэй, сайн бух байлаа. Энэ нь Ромерогийн хүслийг булаасан бүх шинж бүхий нэгэн байлаа. Ромеро далбаагаар хэд хэд дахин хуурсны эцэст түүнийг алахаар зэхтэл үзэгчид тулалдаанаа үргэлжлүүлэхийг шаардав. Тэд энэхүү тулалдааныг дуусгачих нь гэж харуусахдаа тэр бухыг алуулахыг хүссэнгүй. Ромеро тулалдаанаа үргэлжлүүлэв. Энэ нь бухын тулалдааны арга барилын тухай хичээл зааж байгаа юм шиг л санагдлаа. Түүний хөдөлгөөн бүхэн арга барил бүхэн нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой төгс төгөлдөр, ягуухан тайван үргэлжилсээр эцсийн алхамдаа хүрэв. Энэ тулалдаанд ов заль худал хуурмаг явдал нэгээхэн ч байсангүй. Огцом хөдөлгөөн ч байсангүй. Тухай тухайн арга ажиллагааг туйлдаа хүрэх бүрийд өөрийн эрхгүй дотор шимшрээд явчихна. Үзэгчид үүнийг эцэс төгсгөлгүй үргэлжлэн байгаасай гэж хүсэв. Бух нь дөрвөн хөлөөрөө цахдан эцсийн мөчөө хүлээн зогсох бөгөөд Ромеро түүнийг яг бидний доор хороов. Ромеро энэ бухыг түрүүчийн бухын нэгэн адил өөр арга зам байгаагүйн улмаас бус, харин ч өөрийн хүсэл эрмэлзлээр хороохоор шийдсэн мэт байлаа. Тэр бухын халз урд зогсоод далбааны нугалааснаас илдээ суга татан аваад урагш сунгав. Бух түүнийг харц салгалгүй ажин байлаа. Ромеро түүнд өрөөсөн хөлөөрөө зөөлхөн хүрээд ямар нэг юм хэлэв. Бух дайрахаар зэхэн толгойгоо гудайлгатал Ромеро далбаагаа буулгаж, илдээ хараалан сунгаж бариад яльгүй алцайн зогсов. Далбаагаа доош буулган барихад бух түүн рүү нь ухасхийн дайрч Ромеро хөлөө хавсран зүүн тийш зайлсхийх зуураа илдээ сэрвээ рүү нь шаав. Бух урагшлах гэж зүтгэсэн боловч дөрвөн мөч нь салгалан бүх бие нь найган найгасаар тэнцэрснээ хэвтэн тусахад Ромерогийн ах араас нь хүрч ирээд эврийн нь уг руу богинохон хутгаар хатгав. Эхний удаад тэр онож хатгасангүй дахин хатгасанд бух татваганасхийн саван унаснаа хөдөлгөөнгүй болов. Ромерогийн ах өрөөсөн гартаа бухын, эвэр нөгөө гартаа хутгаа барьсаар ерөнхийлөгчийн лоож руу харлаа.. Цэнгэлдэх хүрээлэн дэх үзэгчид бүгд л алчуураар даллан байв. Ерөнхийлөгч лоож дээгүүрээ тонгойн хараад алчуур гаргаж даллав. Ромерогийн ах үхсэн бухын им тамга бүхий хар чихийг огтлон аваад Ромерогийн зүг гүйв. Нүсэр биетэй хар бух элсэн дээр хэлээ унжуулан хэвтэнэ. Дэвжээний тал бүрээс эрэгтэй хүүхдүүд гүйлдэн хүрч ирээд бүчсэнээ тэрхүү үхсэн бухыг тойрон бүжиглэж эхлэв. Ромеро бухын чихийг ахаасаа авч ерөнхийлөгчийн сууж байгаа лоожийн зүг өргөлөө. Ерөнхийлөгч хариуд нь мэхийн ёслов. Чингээд Ромеро өөрийг нь хуйлран дагах олны өмнө гарах гэж хичээн гүйсээр бидэн рүү ирээд хашлага дээгүүр бөхийн тэрхүү бухын чихийг Бреттэд өгтөл тэр нь толгой дохин инээмсэглэлээ. Хүмүүс шаваад авлаа, Бретт нөмрөгийг нь түүн рүү сарвайв.
— Чамд таалагдав уу? гэж Ромеро асуув.
— Бретт хариу юу ч хэлсэнгүй. Тэд бие биесийг ширтэн инээмсэглэв. Бретт бухын чихийг атгасаар л байлаа.
— Цусанд будагдчихав аа гээд Ромеро инээв. Шавсан улс түүнийг авч явах гэж шаардан байлаа. Хэдэн залуу Бретт рүү хашхирав. Тэрхүү шавагсад нь залуус, бүжигчид, халамцуу улс байлаа. Ромеро эргэн тэдний дундуур гарах гэж оролдов. Гэтэл бүгд л түүнийг өргөн мөрөн дээрээ суулган авч явах гэж хичээлээ. Ромеро үзэлцсээр байж тэдний гараас мултраад хошууран дагах олны дунд хаалганы зүг харайлгав. Хүмүүсээр өргүүлэн явахыг хүссэнгүйдээ ингэсэн байжээ. Гэлээ ч түүнийг барьж аваад дээш нь өргөв. Хоёр хөл нь санжганан, бэртэнгэшсэн биеэ ийнхүү өргүүлэхэд өөрт нь их л эвгүй байлаа. Ромеро нэг хүний мөрөн дээр гараараа тулаад бидний зүг гэмшсэн янзтай эргэн харав. Өргөсөн бөөн улс хаалгаар гүйлдэн гарцгаалаа.
Бид гурвуулаа буудалдаа ирж, Бретт дээшээ гарлаа. Билл бид хоёр доод давхрын гуанзанд ороод гүйцэд чанасан өндөг идэж, хэдэн шил пиво уув. Белмонт ерийн байдлаар хувцаслаад өөрийн бие төлөөлөгч, өөр хоёр хүний хамт орж ирээд бидний хажуугийн ширээнд сууж хооллоцгоолоо. Белмонт арвитай юм идсэнгүй. Тэд долоон цагийн галт тэргээр Барселона руу хөдлөх ёстой байлаа. Белмонт цэнхэр судалтай цамц, хар костюм өмсжээ. Дутуу чанасан өндөг идэв. Бусад нь цадталаа хооллоцгоов. Белмонт юу ч ярихгүй, гагцхүү бусдынхаа асуусан зүйлд хариу хэлэх аж. Билл бухын тулалдаан үзээд ядарчээ. Би ч бас ядарсан байлаа. Бид хоёр тэрхүү тулалдааныг сэтгэл үлэмж догдлон үзсэн билээ. Өндгөө идэх зуур би Белмонт, түүнтэй нэг ширээнд суусан улсыг харан суулаа. Белмонттой хамт яваа хүмүүс буурьтай, ажил хэрэгч хүний дүртэй улс аж.
— Уушны газар луу явцгаая. Абсенит уумаар байна гэж Билл хэлэв. Энэ нь фиеста дуусах сүүлчийн өдөр байлаа. Тэнгэрийн байдал үүлших янзтай харагдана. Талбай дээр түм түжигнэж бум бужигнан галт бодисын мэргэжилтнүүд оройн галын наадмыг зэхэн эвэрлэг модны мөчрөөр бүтээж байлаа. Тэднийг тойрон хүүхдүүд шавжээ. Урт урт хулсан саваанд хатгасан пуужингууд тавилсан лангууны хажуугаар бид явав. Уушны газрын гадна өчнөөн хүн цугласан байлаа. Хөгжим эгшиглэж, бүжигчид бүжиглэцгээнэ. Хүдэр булиа эрс, атигар одой хүмүүс хөлхөцгөөнө.
— Эдна хаана байгаа вэ? гэж би Биллээс асуув.
— Мэдэхгүй.
Бид Фиестагийн эцсийн орой ямархуу янзтай эхлэхийг ажин сууцгаалаа. Абсенит уун суухад юм юм л улам ч сайхан санагдана. Энэ ундааг чихэр хийлгүй дангаар нь уухад аятайхан эсгэлэн амтагдана.
— Коныг бодохоос өрөвдөх юм. Түүний хувьд тун ч хэцүү байсан шүү гэж Билл хэлэв.
— Тэр Контойгоо тонилбол таарна.
— Чи түүнийг хаашаа явсан бол гэж бодож байна?
— Парис руу
— Тэнд очоод хэрхэнэ гэж бодож байна?
— Надад падгүй
— Чи түүнийг хэрхэнэ гэж бодож байна вэ?
— Хуучин хүүхэнтэйгээ л эв зүйгээ олно биз.
— Хуучин хүүхнийг нь хэн гэдэг юм бэ?
— Фрэнсис гэж нэг хүүхэн бий.
— Бид дахин нэг нэг хундага абсенит авав.
— Чи хэзээ буцах вэ? гэж би асуув.
— Маргааш гээд хэсэг чимээгүй байснаа, — Фиеста тун сайхан болж өнгөрлөө гэв.
— Тийм ээ, цаг ямагт хийх юмтай байлаа гэв.
— Итгэхэд ч бэрх юм. Яг л гайхалтайяа хар дарсан зүүд шиг л
— Би бол бүхнийг итгэж байна. Хар дарсан зүүдийг ч
— Чи яав аа? Тусгүй байна уу?
— Тусгүйгээр барах уу даа.
— Дахиад нэг хундага абсенит уучих, хүүе үйлчлэгчээ! Энэ хүнд нэг хундага абсенит авчраад өг.
— Ёстой балай юм гэсэнд Билл
— Үүнийг уучих. Тавьж суугаад уучих гэв.
Харанхуй болж эхэллээ. Фиеста хэмээх энэ баяр наадам үргэлжилсээр л. Би согтож эхэлсэн ч санаа сэтгэл маань ер тайвширсангүй.
— Яаж байна?
— Маш, муу байна.
— Дахиад нэг хундагыг ууна уу?.
— Энэ ер нэмэр болохгүй.
— Уугаад үз. Нэмэр болох ганц хундага ч юм билүү хэн мэдэх билээ. Хүүе, үйлчлэгчээ! Энэ хүнд бас нэг хундага абсенит авчраад өгөөч!
Би хундагатай дарс руу шуудхан ус хийгээд хутгав. Билл түүн рүү мөс хийлээ. Би будантсан хүрэн уусмалд хийсэн мөсийг эргэлдэн хөвтөл нь халбагаар хутгав.
— Ямар байна?
— Сайхан.
— Ингэж битгий яаран уу. Дотор чинь эвгүй оргино. Би хундагатай дарсаа ширээн дээр тавив. Уг нь яаран уух гэж бодоогүй юм сан.
— Би согтлоо.
— Согтохоор барах уу даа.
— Чи намайг согтооё гэж бодсон, тийм. үү?
— Тийм. Согт, Согтоод уй гунигаа март.
— За тийм байж, би согтжээ. Чи намайг согтооё гэж бодсон, тийм үү?
— Суу.
— Үгүй, Буудал руу явлаа.
Би үлэмж их согтлоо. Урьд өмнө согтоогүй ихээр согтлоо. Буудалд ороод дээшээ гарав. Бреттийн өрөөний үүд онгорхой байлаа. Тийшээ шагайвал орон дээр нь сууж байсан Майкл барьж байсан архины шилээр дохиод,
— Жейк, ороод ир гэв.
Би ороод суув. Нэг л юм тогтоож харахгүй бол тэр чигтээ дайвалзан эргэж байх шиг санагдлаа.
— Бретт нөгөө бухтай тулалдагч залуутай явчихсан.
— Үгүй байлгүй.
— Явчихсан. Салах ёс гүйцэтгэх гэж чамайг эрээд л байсан. Тэд долоон цагийн галт тэргээр явцгаасан.
— Тийм үү?
— Тусгүй юм болсон. Тэр уг нь явах ёсгүй байсан юм гэж Майкл хэлэв.
— Яалаа гэж.
— Юм ууна уу? Би одоохон пиво авчруулъя.
— Би согтчихлоо. Өрөөндөө орж унтлаа гэж би хэлэв.
— Чи бүүр ухаангүй согтуу байна уу. Би ч бас ухаангүй байсан.
— Би юу? тийм ээ. Ухаангүй согтжээ гэсэнд Майк
— За яах вэ, явж унт даа, Жейк минь гэв.
Би тэндээс гараад өрөөндөө орж хажуулав. Ор маань дайвалзан хөдөлж эхэлсэнд би орон дээрээ өндийн суугаад тийнхүү хөдлөхийг нь болиулах гэж хана руу харав. Гадаа талбай дээр Фиеста үргэлжилсээр л байлаа. Энэ нь миний хувьд ямар ч утга учиргүй зүйл мэт санагдав. Нэлээд байзнасны эцэст Билл, Майкл хоёр доошоо хамт бууж. хооллох санаатай өрөөнд маань орж ирцгээв. Би унтаж байгаа янз үзүүлэв.
— Унтчихжээ. Сэрээж хэрэггүй.
— Мал болтлоо согтсон байна лээ гэж Майкл хэлэв. Тэд гарцгаалаа.
Би босоод тагтан дээр гарч, талбайд бүжиглэх улсыг харж зогсов. Дэлхий ертөнц эргэлдэн байснаа больжээ. Бүх л юмс нэн тод харагдах бөгөөд гагцхүү хөвөө захаараа яльгүй манантан байлаа. Би нүүр гараа угааж, үсээ самнаад гуанз руу буув. Билл намайг үзээд,
— Харав уу? Жейк минь, ирсэн чинь сайн боллоо. Чамайг ер яах ч үгүй гэдгийг би мэдэж байсан юм гэв. Майк
— Эртний хонгор согтуу толгой минь, сайн уу? гэв.
— Өлсөөд сэрчихлээ.
— Шөл уу гэж Билл хэлэв.
Ширээнээ гурвуулаа сууж байвч наад зах нь зургаан хүний суудал эл хуль онгойн байх шиг санагдлаа.


Гуравдугаар дэвтэр


АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Өглөө болоход урьд өдрийн хөл хөгжөөн үгүй болсон байлаа. Фиеста дуусжээ. Би есөн цагийн үес сэрээд, усанд орж, хувцаслаад доошоо буув. Талбай эл хуль, гудамжаар хүн амьтан үгүй байв. Хэдэн хүүхэд талбай дээр пуужингийн иш саваа төмөр түүцгээж байна. Зуушны газрууд дөнгөж онгойж, үйлчлэгчид нь суухад таатай, сийрсэн сүлжмэл цагаан сандлууд гаргаад, гонхонд агч гантиг тавцантай ширээ тойруулан тавилав. Хүмүүс гудамж шүүрдэн олгой хоолойгоор ус шүршинэ.
Би тэрхүү сүлжмэл сандлын нэгэн дээр суугаад түшлэгийг нь тухлан налав. Үйлчлэгч нь над руу мөд ирэх янзгүй харагдлаа. Бух буулгах тухай зарлал, хурдан галт тэрэгний явах цагийн хуваарь бүхий том том хуудас гонхны баганад наалттай хэвээр байлаа. Хөх хормогчтой үйлчлэгч хувинтай ус, алчуур барьсаар гарч ирээд зарлал сэлтийг хэсэг хэсгээр нь хуу татан авч чулуун баганад наалдсан үлдцийг нь угааж арилгав. Фиеста дуусжээ. Кофе цай уучхаад сууж байтал Билл талбай дундуур ирж яваа харагдав. Тэгээд миний ширээнд суугаад кофе захилаа. Тэр
— За, фиеста болоод өнгөрөв өө гэсэнд би
— Тэглээ. Чи хэзээ явах гэж байна? гэж асуув.
— Хэзээ ч явахаа мэдэхгүй л байна. Ер нь машин хөлсөлцгөөвөл яасан юм бэ? Чи Парис руу буцна биз дээ?
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Фиеста (наран бас л мандсаар байна) - 13
  • Büleklär
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 01
    Süzlärneñ gomumi sanı 4446
    Unikal süzlärneñ gomumi sanı 1956
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 02
    Süzlärneñ gomumi sanı 4483
    Unikal süzlärneñ gomumi sanı 1864
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 03
    Süzlärneñ gomumi sanı 4607
    Unikal süzlärneñ gomumi sanı 1736
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 04
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 1826
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 05
    Süzlärneñ gomumi sanı 4548
    Unikal süzlärneñ gomumi sanı 1873
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 06
    Süzlärneñ gomumi sanı 4584
    Unikal süzlärneñ gomumi sanı 2014
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 07
    Süzlärneñ gomumi sanı 4549
    Unikal süzlärneñ gomumi sanı 1837
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 08
    Süzlärneñ gomumi sanı 4587
    Unikal süzlärneñ gomumi sanı 1922
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 09
    Süzlärneñ gomumi sanı 4497
    Unikal süzlärneñ gomumi sanı 1837
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 10
    Süzlärneñ gomumi sanı 4530
    Unikal süzlärneñ gomumi sanı 1646
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 11
    Süzlärneñ gomumi sanı 4515
    Unikal süzlärneñ gomumi sanı 1796
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 12
    Süzlärneñ gomumi sanı 4401
    Unikal süzlärneñ gomumi sanı 1961
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 13
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 1936
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 14
    Süzlärneñ gomumi sanı 1105
    Unikal süzlärneñ gomumi sanı 637
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.