Latin

Фиеста (наран бас л мандсаар байна) - 04

Süzlärneñ gomumi sanı 4556
Unikal süzlärneñ gomumi sanı 1826
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
— Гүн гал зуухны хаалганы хажууд зогсоод сагстай дарсаа харсаар.
— Жимсний архи танд аятайхан бол уу гэж бодож байна. Одоо ч бид Америкт сайн дарс ховорхон амсана байх. Харин үүнийг бол би архи эрхэлдэг нэг найзаасаа авлаа гэж хэлэв.
— Худалдаа, үйлчилгээнд хаа ч та үргэлж л нэг найзтай байдаг шүү дээ гэж Бретт хэлэв.
— Тэр хүн усан үзмийн эдлэнтэй. Мянган акраар л ярина.
— Хэн бэ? Бэлэвсэн Клико юу? гэж Бретт асуув.
— Үгүй. Тэр Барон хүн гэж гүн хэлэв.
— Гайхамшигтай. Бид цөмөөрөө хэргэмтэй байхад яагаад чамд байдаггүй юм бэ, Жейк ээ? гэж асуув.
Гүн гараа миний бугуйн дээр тавиад,
— Танд л гэж хэлэхэд хэргэм зэрэг гэдэг ямар ч ашиггүй, мөнгөний л үрлэг гэв.
— Мэдэхгүй юм даа. Заримдаа ч жигтэйхэн хэрэгтэй байхаа гэж Бретт хэлэв.
— Надад хэрэг болсныг би ер мэдэхгүй юм.
— Та үүнийг ашиглаж чадахгүй болоод л тэр. Миний хэргэм л лав надад үргэлж маш их зээллэг нээдэг юм.
— Гүн, та суугаач, Таягаа нааш нь өгчих гэж би хэлэв. Гүн хийн гэрлийн доорх ширээний цаад талд суугаа Бреттийг харсаар л байв. Бретт янжуур татаж, үнс нь хивсэн дээр унасаар байлаа. Миний ажигласныг мэдээд,
— Жейк, би хивсийг чинь түлчихгүй юм сан. Надад үнсний сав өгөөч? гэв. Би хэд хэдэн үнсний сав олоод тарааж тавилаа. Жолооч давс цацсан мөстэй хувин барьсаар хүрч ирэв.
— Хоёр шилийг наадахдаа хийчих, Хенри гэж гүн хэлэв.
— Өөр яах вэ?
— Өөр юмгүй, доор машиндаа хүлээж бай гээд гүн Бретт бид хоёр луу эргэн, — Булоны ойд очиж үдийн хоол идэцгээх үү? гэв. Бретт
— Тааллаараа л бол. Би л лав юу ч идмээргүй байна гэлээ.
— Сайн зуушнаас ч би буцахгүй хүн гэж гүн хэлэв.
— Жимсний архиа авчруулах уу гэж жолооч асуув.
— Авчир, авчир, Хенри гэж Гүн хэлэв.
— Гүн гахайн зузаан арьсаар хийсэн тамхины хайрцаг гаргаж ирээд над руу сунгаад
— Жинхэнэ Америк янжуур шивших үү? гэв. Би
— Баярлалаа. Энэ янжуураа дуусгаадахъя гэв.
Янжуурынхаа ишийг цагныхаа гинжин оосрын үзүүрт зүүсэн бяцхан алтан хутгаар таслаад, — Би тамхиа гүнзгий сорох дуртай. Таны татаж байгаа шиг тал тамхийг бол ингэж сорж болдоггүй юм гээд тамхиа асааж сорон Бретт рүү харж суув.
— Та баталгаагаа салгахад л авхай Эшлей, хэргэм тань үгүй болно.
— Тийм, тоогүй дээ, Гүн
— Яалаа гэж. Танд хэргэм цол хэрэггүй, таны язгуур чинь илт байна.
— Баярлалаа, та хачин эелдэг хүн юмаа.
— Тоглоом биш гээд гүн тамхиныхаа утааг үлээж танд байгаа шиг их угсаа сайт шинжийг танаас өөр хүнээс ер олж үзсэнгүй. Энэ бүхэн чухам танд л байна.
— Тааламжтай хүнээ та. Эх минь дуулбал баярлах сан байгаа. Та үүнийгээ биччихвэл би захианд хийгээд ээждээ илгээе гэж Бретт хэлэв. Гүн
— Би ээжид чинь ч бас л ингэж хэлнэ. Би ер тоглоом хийгээгүй ээ. Ер нь ч би хүмүүсээр дамшигладаггүй хүн. Дамшиглана гэдэг чинь өөртөө дайсантай болж байгаа хэрэг. Энэ бол миний амны уншлага гэв.
— Таны хэлдэг зөв, тун зөв. Би үргэлж хүмүүсээр дамшиглаж явдаг болохоор орчлон дээр надад энэ Жейкээс өөр ганц ч найз нөхөр гэх хүн үгүй гэж Бретт хэлэв.
— Та үүнийг бол дамшигладаггүй юм уу?
— Үгүй
— Одоо бол яаж байгаа нь энэ вэ? Та түүгээр тоглож байгаа юм биш биз? гэж гүн асуув. Бретт над руу хараад нүднийхээ булангаар ирмээд
— Үгүй, би тоглоогүй гэв. Гүн
— Хараач тоглоогүй байна гэнэ шүү! Бретт
— Яасан амтгүй яриа вэ? Тэр дарсаа баривал ямар вэ? гэв. Гүн бөхийн шилтэй дарснуудаа гялтганасан хувин дотор нь эргэлдүүлснээ
— Сайн хүйтэн болоогүй байна. Чи үргэлж л ууж суух юм даа, хонгор минь, зүгээр ярих дургүй байна уу?
— Би ер нь их ярьж байна. Жейкд хамгийгаа ярьчихсан юм.
— Чиний ярихыг сонсмоор байна санж, хонгор минь. Чи надтай ер бүтэн өгүүлбэр ч ярьж байсангүй.
— Таныг дуусгана биз гээд орхидог юм. Өгүүлбэр бүрийг үзэмжээрээ төгсгөнө биз ээ.
— Тун сонирхолтой арга байна.
Гүн бөхийн дарснуудаа эргэлдүүлэв.
— Гэлээ ч би ярихыг чинь сонсмоор байна.
— Энэ ер нь тэнэг дэг гэж Бретт хэлэв.
— Одоо ч хүйтэн болсон бий гээд гүн нэг шилтэйг гаргаж ирэв.
Би алчуур авчирч өгвөл лонхыг хаттал арчаад өөд нь өргөөд
— Би дарс морин шилнээс уух дуртай. Ийм дарс илүү дээ. Гэхдээ хүйтэн болгох нь бэрх гэж хэллээ.
Гүн шилтэйгээ барьсаар түүн рүүгээ харсаар л байх зуур би шилэн аяганууд гаргаж тавив.
— Онгойлгооч та хэмээн Бретт шавдуулав.
— Яриа юу байх вэ, хонгор минь. Одоо онгойлголоо. Үнэхээр гайхамшигтай дарс байлаа.
— Энэ ч ёстой дарс байна гээд Бретт хундагаа өргөн, — Нэг юмны төлөө ууцгаая. Үүнийг сүр жавхлангийн төлөө ууцгаая гэлээ.
— Дэндүү сайхан дарс юм, хонгор минь. Иймэрхүү дарсанд автагдсан сэтгэлийг үг хэлж сатааруулах хэрэггүй. Амт нь алдагддаг юм. Бреттийн хундага суларсан байв.
— Гүн та архины талаар ном бичмээр юм даа гэж би хэлэв.
— Ноён Барнес ээ! Архинаас олж авах ганц юм нь цэнгэл л байгаа юм гэж гүн хэлэв.
— Энэнээсээ арай илүүхэн шиг цэнгэцгээе гээд Бретт хундагаа урагш нь түлхэв. Гүн их л хянамгай дарс хундагалаад
— Хонгор минь, үүгээр ягуухан шиг цэнгэ. Дараа нь согтож амжина гэж хэлэв.
— Юу, согтох оо?
— Хонгор минь, чи согтчихлоороо догь доо.
— Хүн ярихыг сонсооч.
— Ноён Барнес гээд гүн миний хундагыг дүүргэн, — Согтохлоороо эрүүл шигээ дур татсан хэвээр байдаг бүсгүйг насандаа би ер үзсэнгүй гэв.
— Насандаа та бага юм үзсэн ч байж болзошгүй.
— Үгүй, хонгор минь. Маш их юм үзлээ. Үзэх ёстой юмныхаа ихэнхийг л үзчихсэн хүн дээ. Бретт
— Дарс уу. Бид бүгдээрээ их юм үзсэн улс. Танаас дутуугүй юм үзсэн хүн энэ Жейк байна гэж хэлэв.
— Хонгор минь, ноён Барнес их юм үзсэн гэхэд итгэлтэй. Намайг ингэж бодоогүй гэж та бүү бодоорой. Би бас ч их юм үзсэн хүн шүү.
— Та их юм үзсэн нь мэдээж, хонгор минь. Зүгээр тохуурхсан юм гэж Бретт хэлэв.
— Долоон дайн, дөрвөн хувьсгалд биеэрээ оролцов оо гэж гүн хэлэв.
— Байлдсан уу? гэж Бретт асуув.
— Заримдаа байлдаж явсаан, хонгор минь... Шархдаж ч үзлээ. Та ер сумны шарх үзсэн үү?
— Үзүүлээч!
Гүн босож хантаазныхаа товчийг тайлаад, цамцаа сөхөв. Дотуур цамцаа эрүүндээ хүртэл нь татаж, хийн гэрэлд памбайн харагдах хар хэнхдэг, булчинлаг гэдсээ гаргав.
— Харав уу?
— Доод хавирганы доор хоёр цагаан овгор байв.
— Нуруунд хаагуур гарсныг нь хар л даа.
Бүсэлхийнээс нь дээгүүр хуруу хэр овойсон хоёр сорви байв.
— Энэ ч харин бэрх эд юм.
— Бүр нэвт гээ.
Гүн цамцныхаа хормойг өмд рүүгээ хийв.
— Хаана ингээ вэ? гэж би асуув.
— Абиссинийд. Би хорин нэгтэй байсан.
— Юу хийж байсан бэ? Цэрэгт үү? гэж Бреттийг асуухад
— Ажлаар явж байсан юм, хонгор минь гэв.
— Бидний өрөөсөн дугуй гэж би чамд хэлээ биз дээ гээд Бретт над руу эргэж
— Би танд хайртай, гүн та сайхан хүн юм гэв.
— Дуулахад ёстой сайхан байна. Гэвч худлаа шүү дээ.
— Битгий тэнэглэ.
— Та ойлгоно байх аа, ноён Барнес. Би их юм үзлээ. Иймдээ ч одоо ингэж цэнгэж чаддаг юм. Энэ зөв биз.
— Зөвөөр барах уу. Гүн
— Би мэднэ ээ. Үүнд л хамаг учир байгаа юм. Үнэнхүү үнэ цэнийг нь олж мэдэх нь чухал гэв.
— Танд үнэлмээр юм тохиолдож байгаагүй юу? гэж Бретт асуув.
— Үгүй ер юу ч тохиолдож байсангүй.
— Хэзээ ч дурлаж яваагүй юу?
— Дандаа. Дандаа л дурлаж явлаа.
— Үнэлгээ чинь юу болдог вэ?
— Миний үнэлгээнд ордог л юм даа.
— Үгүй, танд үнэлэгдэхээр юм юу ч алга. Таныг үхсэн мэт хүн л гэхээс өөр арга үгүй.
— Үгүй хонгор минь, энэнд чинь үнэний хувь алга. Би тийм хүн биш ээ. Бид гурван шил дарс ууцгаалаа. Гүн сагсаа манай гал зууханд орхив. Бид үдийн хоолоо Булоны ойд нэг цэнгээний газар идэцгээв. Сайхан ч хоол байлаа. Бидний хоол гүнгийн үнэлдэг юманд дээгүүр орж байлаа. Яг л бидний уусан дарсных шиг. Бретт ч, гүн ч хооллож байх зуур хөхиүн байлаа. Бид энэ оройг аятайхан өнгөрөөлөө.
— Та хаашаа явах санаатай байна? гэж Гүн хооллосны дараа асуув. Цэнгээний газар биднээс өөр хүн үгүй болжээ. Хоол зөөгч хоёр хүн хаалга налан зогсоцгоов. Тэд гэртээ харихыг бодоцгоожээ.
— Уулаар явцгааж болно шүү дээ. Бид сайхан байлаа биш үү? гэж Бретт хэлсэнд гүн сэргэж ирэв. Тун ч тааламжтай байгаа бололтой.
— Та хоёр хоёулаа сайн улс юм гэж хэлээд ахиад навчин тамхи асааж татах зуураа
— Яагаад та хоёр суудаггүй юм бэ? гэж асуув.
— Бид өөр өөрийнхөөрөө амьдрах дуртай юм даа гэж би хэллээ.
— Нэр төрөө бодоцгоосон юм. Явцгаая, эндээс гаръя гэж Бретт хэлэв.
— Өө, шарз ууцгаая гэж гүн хэлэв.
— Ууланд очоод авч ууцгаая.
— Үгүй, энд, нам гүм газар ууя.
— Та тэр нам гүмдээ л бай. Энэ чинь юу гээч вэ? Эрчүүл ч ямагт нам гүмийг хайдаг болж байна уу? гэв.
— Нам гүм ч сайхан даа. Тан шиг нь бас тан шиг л шуугианд дуртай байдаг юм, хонгор минь гэж гүн хэлсэнд Бретт
— За яах вэ. Энд нэгийг ууцгаая л даа гэв.
— Үйлчлэгч ээ! гэж гүн дуудав.
— Юу гээ вэ?
— Хамгийн эртний ямар шарз танайд байна?
— Мянга найман зуун арван нэгэн оных л бий дээ, ноёнтоон
— Нэг шилийг аваад ир.
— Бүү маягла. Хоол зөөгчийг дуудчих, Жейк
— Аан гээч, хонгор минь. Би эртний гэж үздэг юмс дотроосоо эртний архинд илүү мөнгө үрдэг.
— Танд эртний юм их үү?
— Гэрээр дүүрэн бий.
Тэгж тэгж бид Монмартр луу явцгаав. Зеллийн клубт хүмүүс пиг дүүрэн, утаа дүүрсэн, шуугиантай ажээ. Оронгуут хөгжим чихэнд хадав. Бретт бид хоёр бүжиглэлээ. Хөдлөх зайгүй болтлоо чихцэлджээ. Негр бөмбөрчин Бреттийг даллав. Бид хоёр бөөн хүмүүсийн дунд орчхоод тэр негрийн өмнөхөн талд нэг л газраа бүжиглэсээр байв.
— Ямаршуу амьдарч байна?
— Гайхамшигтай.
— Сайн байна.
Түүний гялалзсан шүд, уруул хоёр л нүдэнд тусах аж. Бретт
— Миний тун сайн найз. Гайхамшигтай бөмбөрчин гэв.
Хөгжим зогсож бид ч гүнгийн сууж буй ширээний зүг зүтгэв. Тэгтэл ахиад л хөгжим дуугарч бид бас л бүжиглэв. Би гүн рүү харвал навчин тамхи татан ширээнээ сууж байлаа. Хөгжим бас л зогсов.
— Түүн рүү очъё.
Бретт ширээ рүү явлаа. Хөгжим ахин эхэлж бид бүгчимдсэн олны дунд дахиад л бүжиглэлээ.
— Чи ч зовоох бүжигчин юм аа, Жейк. Майкл миний мэдэх хэнийг ч дагуулахгүй бүжигчин хүн шүү.
— Мэднэ ээ, сайн бүжигчин
— Түүнд сайн чанар их бий. Би
— Надад сайхан санагддаг юм. Би түүнийг ихэд хайрладаг гэв. Бретт
— Түүнтэй би сууна. Гэвч би бүтэн долоо хоног түүний тухай юу ч бодсонгүй шүү гэв.
— Түүнд чи захиа бичихгүй байгаа юу?
— Үгүй ер нь захиа бичиж байгаагүй.
— Цаадах чинь бичдэг биз дээ?
— Хэлээд яах вэ, гайхамшигтай сайхан захианууд бичдэг гээч
— Хэзээ та нар гэрлэцгээх вэ?
— Би яаж мэдэх юм бэ? Гэрлэлтээ цуцлуулмагц л Майкл эхийгээ мөнгө гарга гэж ятгаж байгаа юм.
— Би нэмэр болох болов уу?
— Бүү тэнэглэ. Ах дүүс нь бөөн мөнгөтэй улс.
Хөгжим зогсов. Бид ширээ рүүгээ очицгоолоо. Гүн босож ирээд
— Маш сайхан. Та нар маш сайхан байлаа гэв.
— Та бүжиглэхгүй юу, гүн? гэж би хэлэв.
— Үгүй, би хөгшиднө.
— За боль доо гэж Бретт хэлэв.
— Хонгор минь, надад цэнгүүн санагдсан бол бүжиглэлгүй яах вэ? Харин та нарын бүжиглэхийг харж суух аятайхан байна. Бретт.
— Сайн байна. Танд гэж би дахин чадах ядахаараа бүжиглэе гэв.
— Танай нөгөө бяцхан Зизи найз сайн уу?
— Танд л гэхэд, би тэр хүүг дэмжиж тусалдаг ч ойр зуураа байлгах дургүй.
— Түүнтэй байх хэцүү юу?
— Тэр хүүг ирээдүйн замаа олчихсон хүн гэж боддог. Харин хувьдаа түүнийг харахгүй байхыг хүсдэг юм.
— Жейк ч бас адилхан.
— Бодохоос нуруу руу хүйт оргидог юм.
Гүн мөрөө хавчин
— Тийм ээ. Юу болохыг нь та ер хэлж мэдэхгүй. Эцэг нь миний эцгийн сүрхий найз байсан юм гэв.
— Явж бүжиглэе гэж Бретт хэлэв. Бид бүжиглэцгээлээ. Чихцэлдэн зайгүй байлаа. Бретт
— Өө найзаа. Би ийм л жаргалгүй амьтан даа гэв. Үүнийг сонсоод аль эрт болж өнгөрсөн бүхнийг хачин тодоор мэдэрч байлаа.
— Хормын өмнөхөн чи асар их баяртай байсан. бөмбөрчин «хоёр удаа яавч чадахгүй...» гэж хашхиран дуулав.
— Бүгд өнгөрсөн.
— Яав?
— Мэдэхгүй. Надад эвгүй байна. Бөмбөрчин дуулаад цохиураа авлаа.
— Явах уу?
Хар дарсан зүүд шиг л бүх юм эргэн давтагдаж, урьд өмнө туулж өнгөрөөсөн бүхнээ одоо бас л туулан гарах хэрэгтэй болох нь ээ гэсэн бодол төрөв.
Бөмбөрчин намуухнаар дуулав.
— Явъя. Чи яаж байна? гэж Бретт асуув. Бөмбөрчин чангаар хашхирч Бретт рүү харан инээмсэглэв.
— Зүгээр гэж би хэлэв. Бид чихцэлдээнээс гарч, Бретт хувцасны өрөө рүү явлаа.
— Бретт явъя гэнэ гэж би гүнд хэлбэл толгой дохилоо.
— Тийм үү? Тэгвэл явцгаая даа. Та нар машинаар яв. Би эндээ жаахан азная. Ноён Барнес. Бид гар барьцгаалаа.
— Бид сайхан байцгаалаа. Үүнийг авна уу гээд би халааснаасаа мөнгө гаргавал,
— Ноён Барнес, битгий хөх инээд хүргээд бай гэж гүн хэлэв. Бретт гадуур хувцсаа өмсөөд, ширээ рүү ирж гүнг үнсээд босгохгүй хэмээн мөрөн дээр нь гараа тавьжээ. Гарахдаа эргэж харвал түүний ширээнээ гурван бүсгүй суужээ. Бид түүний сунагар машинд сууцгаалаа. Бретт жолоочид буудлынхаа хаягийг хэлэв.
— Битгий дээшээ гар гэж Бретт буудлын үүдэн дээр хэлээд хонх дарсанд үүд тайлагдав.
— Үнэхээр үү?
— Тийм ээ. Би
— Сайхан нойрсоорой Бретт. Бие чинь эвгүй бол уу гээд сэтгэл минь зовж байна гэв.
— Сайхан нойрсоорой Жейк. Сайхан нойрсоорой найзаа. Бид ахиж уулзахгүй биз дээ гэв.
Хаалганы өмнө зогсоод бид хоёр үнсэлдэж сүүлд нь Бретт намайг түлхлээ. Бид ахин үнсэлдэв.
— Өө одоо боллоо гэж Бретт хэлэв. Бретт огцом эргэж буудал руу оров. Жолооч гэрт минь хүргэж, би түүнд хорин франк өглөө. Жолооч малгайныхаа саравчинд гараа хүргээд,
— Сайхан нойрсоорой хэмээгээд хөдлөв. Хонхоо дарвал үүд онгойв. Буудалдаа орж дээшээ гараад орондоо орлоо.


Дэд дэвтэр


НАЙМДУГААР БҮЛЭГ

Бреттийг Сан Себастьянаас буцаж ирэн иртэл нь би түүнтэй ахиж ер уулзалдсангүй билээ. Тэнд байхдаа надад Конча зочид буудлын зурагтай нэгэн ил захидал илгээж «Хонгор минь! Энд амар амгалан энх тунх байна. Бүгдэд хайртайг минь хэлээрэй! гэж бичжээ.
Би Роберт Контой ч дахин уулзалдсангүй. Фрэнсисийг би Англи руу явсан гэж дууллаа. Чухам хаана очихоо мэдэхгүй байна, юу боловч хотоос гарч хоёр гурван долоо хоног явах санаатай байна. Харин өнгөрөх өвөл ярьж байснаараа чамайг Испани руу загасчлахаар авч явмаар байна гэсэн бичгийг Коноос авав. Миний хаягийг манай хадгаламжийн газрын эзнээс тухай бүр лавлан мэдэж болно гэж тэр бас бичжээ.
Бретт явчихсан байлаа. Кон өөрийн гунил түгшлээр намайг залхаахгүй бас ч хийх зүйл их байсан тул одон бөмбөг тоглохгүй болов гэж би баярлав. Би морины уралдаан үзэж, найзуудтайгаа үдийн унд уух агаад зургаан сарын сүүлээр бүхнийг нарийн бичгийн даргадаа орхиод Билл Гортонтой цуг Испани руу явахад дөхмийг бодож чөлөө цагаараа ч ажил дээрээ сууж сонинд оруулах материалаа эмхэлж цэгцэллээ. Билл Гортон энд ирээд хэд хоног манайд байж байгаад Вена руу явсан байлаа. Их л хөгжүүн байсан бөгөөд Нэгдсэн улсад гайхамшигтай сайхан байна. Нью-Йоркт ч мөн ялгаагүй гэж ярилаа. Ээлжит тоглолт нэн амжилттай болсон, хагас хүнд жингийн бөөн боксчид тодрон гарсан, тэдний хэн нь ч өсөж, жиндээ цэгцрээд Демпсийг хүртэл ялах ирээдүйтэй гэнэ. Билл ер нь л гялалзаж байлаа. Сүүлчийнхээ номоор үлэмж их мөнгө олоод өдгөө түүнээсээ ч их мөнгө олохоор шамдан байгаа ажээ. Парист ирснээс нь хойш бид их л зугаатай байтал тэр маань түдэлгүй Вена руу явлаа. Чингээд гурван долоо хоногийн эцэст тэндээс эгж ирээд надтай хамт загасчлах, Памплон хотод очиж Фиеста7 үзэхээр явах ёстой байлаа. Венад нэн таатай байна гэж тэр бичлээ. Тэгснээ удалгүй Будапештаас «Жейк ээ, Будапештад нэн таатай байна» гэсэн ил захидал бичив. Дараа нь «Даваа гарагт буцаж очно» гэсэн цахилгаан авав.
Даваа гарагийн орой Билл манайд хүрч ирлээ. Гадаа такси зогсохыг мэдээд цонх руугаа очиж түүнийг дуудав. Билл гар дохичхоод тээшээ барин довжоо руу өгсөв. Би түүнийг шатан дээр тосон уулзаж тээшний нь нэгийг аваад
— За, аян зам чинь өлзийтэй л биз дээ гэвэл тэр
— Яриангүй. Будапешт үнэхээр гайхамшигтай хот юм гэв.
— Вена ямар санагдав?
— Жейк минь, онцгүй юм. Онцгүй юм. Санасанд хүрсэнгүй.
— Юу гэсэн үг вэ? Би шилэн аяга, гуурс авчирч тавив.
— Жейк минь, согтуу байлаа л даа. Би чинь согтуу байсан юм.
— Хачин л юм даа. За, үүнийг уучихвал зүгээр. Билл духаа үрчив.
— Гайхалтай хэрэг ээ. Яагаад тийм болсноо ер санахгүй юм. Нэг л мэдэхэд архидчихсан байсан.
— Удаан уу?
— Дөрвөн өдөр, Жейк. Яг дөрвөн өдөр архидсан.
— Хаана тэр вэ?
— Санахгүй байна. Чамд ил захидал явуулсан. Үүнийгээ л тод санаж байна.
— Өөр юм хийсэн үү?
— Мэдэхгүй юм даа. Магад ч үгүй
— За цааш нь юу болсныг яриад бай.
— Санаанд орох юм алга. Мэдэх бүхнээ ярьчихлаа шүү дээ.
— Яриад бай. Үүнийг уучих, тэгээд л санаж эхэлнэ. — Бага сага юм санаанд орж ч болзошгүй нь. Шагналт тэмцээний тухай бүрэг бараг юм санаанд байна. Венын шагналт сүртэй тэмцээн болсон. Нэг негр тоглож байсан. Тэрийг би бүр тодхон санаж байна.
— Цааш нь ярь.
— Гайхамшигтай негр. Тигер Флауерстай адилхан. Тэгэхдээ түүнээс дөрөв дахин том. Гэнэтхэн тэнд байсан хүн бүхэн түүн рүү юм шидэцгээж эхэлсэн. Гагц би л зүгээр байлаа. Тэр негр, Венын нэг цагаан арьстан залууг цохиод унагачихсан юм. Тэгээд бээлийтэй гараа өргөн үг хэлэх гэсэнд нөгөө цагаан арьст залуу цохиод авсан. Тэгэхэд нь ухаан алдтал нь цохиод авлаа. Тэгтэл бүгд л сандлаа дэвжээ рүү шидэцгээж эхэлсэн. Тэр негр эр хувцсаа ч авч чадаагүй бөгөөд миний пальтог өмсөн бидний машинд сууж явсан. Одоо л цугийг нь нэгд нэггүй саналаа. Тэр орой тун ч нүргээнтэй юм болсон.
— Юугаар төгссөн бэ?
— Негрт хувцаснаасаа өмсүүлээд мөнгийг нь олж өгөхөөр тэр хавиар цуг явцгаатал энд байсан хүмүүс негрээс мөнгө шаардацгаасан. Түүний буруугаас болж тэндхийн биеийн тамирын танхим эвдэрч гэмтсэн гэнэ. Чухам хэн тэдэнд хэлмэрчиллээ, бодоод бодоод олохгүй юм байна. Эсгүүл би хэлмэрчилсэн юм болов уу?
— Чи хэлмэрчилсэн байж яавч таарахгүй.
— Яг тийм. Яав ч би л биш дэг. Өөр нэг залуу байсан юм. Бид түүнийг профессор гэж дуудаж байсан шиг санагдана. Одоо л саналаа, хөгжим суралцдаг гэсэн.
— Тэгээд юу болов доо?
— Олигтой юм болоогүй ээ, Жейк. Шударга явдал хаана ч алга. Тэр негр эр нутгийн аваргад ялагдана гэж амлажээ. Гэтэл энэ гэрээгээ зөрчсөн байна. Венын аваргыг Венад ялж яаж болох билээ гэж шүүгч нь хэлж байсан. «Бурхан минь, Ноён Гортон, түүнд ялагдах гэж би дөчин минутын турш хичээгээд ер хөдлөөгүй шүү. Тэр цагаан арьст жаал над руу довтолж ирээд өөрөө бэртсэнээс зайлахгүй» гэж нөгөө негр гомдоллон байлаа.
— Мөнгөө олж авцгаасан уу?
— Үгүй шүү, Жейк минь. Бид ердөө негрийн хувцсыг л авцгаасан. Цагийг нь бас нэг нь авчихсан байсан. Гайхалтай сайн негр. Венад шал дэмий очлоо байна. Тун тусгүй, Жейк минь. Тун тусгүй юм боллоо.
— Нөгөө негр чинь яасан бэ?
— Кельн рүү явсан. Тэнд суудаг юм гэнэ. Гэрлэсэн. Хүүхэдтэй. Надад захиа бичнэ, зээлсэн мөнгөө явуулна гэсэн. Гайхалтай сайн негр. Би хаягаа зөв бичиж өгсөн байх гэж бодож байна.
— Тийм л байх болтугай.
— За юу боловч явж хооллоцгооё. Тэгэхгүй бол чи явсан газрын сонин энэ тэр гээд шалгаагаад салахгүй нь.
— Цааш нь юу болсныг ярь л даа.
— Явж хооллоцгооё.
Бид доошоо буугаад Гэгээн Мишелийн модот гудамнаа гарцгаав. Зургаадугаар сарын дулаахан орой байлаа.
— Хаачих вэ?
— Арал дээр очвол ямар вэ?
— Тэгье.
— Бид модот гудамжийг уруудан явцгаав. Тэрхүү модот гудамж хийгээд Ден-Фер-Рошеро гудамжны уулзвар дээр намирсан хувцастай хоёр эрийн хөшөө байх аж.
— Эдний хэн болохыг би мэднэ. Эм судлалыг үндэслэсэн улс байгаа юм. Намайг Парисын өнгө жавхаагаар илбэдэн татахыг бүү оролд гэж Билл тэр хоёр чулуун хөшөөний зүг харан өгүүлэв. Бид цааш явцгаалаа.
— Хүүе, амьтны чихмэл зарж байна. Чи ямар нэг юм авахгүй юм уу? Тэр сайхан нохойн чихмэлийг аваач гэж Билл хэлэв.
— Явцгаая, чи юун дэмий юманд дурлах юм бэ.
— Тун догь чихмэл байна. Чиний өрөөг лав чимэх биз.
— Явъя.
— Ядаж ганцыг явъя. Үнэндээ бол надад ямар ч хэрэггүй л дээ. Гэхдээ ганцыг авъя л даа, Жейк
— Явъя.
— Аливаа зүйлийг авсны дараа тэр чинь чамд хэрэгтэй юмны нэг болно. Худалдан авна гэдэг бол үнэт зүйлсийг солилцож байгаа хэрэг. Чи эдэнд мөнгөө өгөхөд эд чамд нохойн чихмэл өгнө шүү дээ.
— Буцахдаа л нэгийг авъя.
— За яах вэ, чинийхээр болог. Явах замд маань зарагдаагүй нохойн чихмэл дүүрчээ. Энэ чинь миний буруу биш шүү.
Бид замаа хөөв.
— Чи яагаад гэнэт нохойд хайртай болчхов оо?
— Би ер нь нохойд хайртай хүн. Чихмэл амьтдыг гоц шохоорхдог хүн дээ.
Бид нэгэн мухлагийн дэргэд түр саатан юм авч уув.
— Уухад бол бүүр ч дуртай. Жейк, чи бас хааяа ууж бай л даа.
— Чи ч намайг бодоход энэ талаар хол давсан хүн.
— Бүү гутар. Хэзээ ч гутарч болохгүй. Амжилтын маань нууц нь энэ. Би ер хэзээ ч гутарч байгаагүй хүн. Хүмүүсийн дунд бол бүүр ч үгүй.
— Чи хаана ингэтлээ уучихаа вэ?
— Замдаа «Крийон»-д орсон юм. Жорж надад хэд хэдэн хундага дарс өгсөн. Жорж гэдэг чинь агуу их хүн шүү. Түүний амжилтад хүрсэн нууцыг мэдэх үү? Хэзээ ч гутарч байгаагүйдээ л гол нь байгаа юм.
— Чи ахиад гурван хундага перно дарс уухад л биш болно.
— Хүмүүсийн дунд бол үгүй шүү. Унах нь гэдгээ мэдмэгц л хурдхан зайлан оддог. Энэ талаараа бол би муужгай л гэсэн үг.
— Чи Харви Стоунтай хэзээ уулзсан бэ?
— Крийонд уулзсан. Харви яльгүй гутарсан янзтай байна лээ. Гурван өдрийн турш хэлэн дээрээ юм тавиагүй гэнэ. Ер нь хоолноос гарсан юм байх. Яг л муужгай шиг сэмхэн амьтан болжээ. Их л гунигтай байна лээ.
— Дажгүй эр шүү.
— Бүр гайхалтай гээч. Мууран зангаа татвал зүгээр сэн. Тэр нь л надад тусгүй санагддаг юм.
— Өнөө орой яах вэ?
— Яасан ч яах вэ. Гагцхүү санаа сэтгэлээр уначихгүй л байвал сайн сан. Энд чанасан өндөг байж магадгүй. Тэгвэл арал руу сажлах хэрэг юу байх вэ?
— Тийм юм бүү сана. Явж ёстой төртэй хооллоцгооё.
— Би зөвхөн саналаа л хэлсэн юм. Тэгвэл явцгаая л даа.
— Явъя.
Бид дахиад л модот гудамжийг уруудан явцгаалаа. Нэгэн сүйх тэрэг бидний хажуугаар өнгөрөв. Билл түүнийг хараад л байлаа.
— Энэ морь хөллөсөн сүйхийг харж байна уу? Би түүнийг чихмэл болгоод чамд шинэ жилээр бэлэглэе. Бүх л найз нартаа би амьтны чихмэл бэлэглэнэ. Би чинь байгалийн зохиолч хүн.
Нэгэн такси хажуугаар давхин өнгөртөл сууж явсан хүн бидний зүг гараараа даллаад жолоочийг зогс гэж дохив. Такси явган замд тулан зогслоо. Бретт сууж явжээ.
— Энэ сайхан хатагтай биднийг хулгайлах гэж байгаа бололтой гэж Билл хэлэв. Бретт
— Сайн уу? гэв.
— Энэ эрийг Билл Гортон гэдэг юм. Танилц, хатагтай Эшлей. Бретт Билл рүү инээвхийлэн байлаа.
— Би дөнгөж сая ирлээ. Усанд ч орж амжаагүй явж байна. Майкл өнөө орой ирнэ.
— За, бидэнтэй цуг явж хоол ид. Тэгээд дараа нь түүнийг угтаж авъя.
— Би усанд ормоор байна.
— Дэмий бүү ярь. Явцгаая.
— Усанд оролгүй болохгүй. Тэр есөөс нааш ирэхгүй.
— Тэгвэл бидэнтэй цуг явж жаахан юм уучхаад дараа нь усанд ор.
— Тэгж болох юм. Энэ чинь тун зөв санаа.
Бид таксинд сууцгаалаа. Жолооч нь бидэн рүү эргэж харахад нь
— Хамгийн ойрын уушны газар луу явъя гэж би хэлэв.
— Клозери руу явцгаавал дээр. Би эндхийн энэ балай коньякийг ууж чаддаггүй юм гэж Бретт хэлэв.
— «Клозери де Лила» руу яв.
Бретт Билл рүү эргэж хараад
— Та энэ балай хотод ирээд удаж байна уу? гэж асуув.
— Би дөнгөж өнөөдөр Будапештаас ирээд байна.
— Будапештад ямаршуу байна даа?
— Гайхалтай сайхан. Будапешт тун сайхан хот юм.
— Үүнээс Вена хотын талаар асуугаач.
Билл
— Вена ч ер нь л хачин газар юм гэв.
— Яг л Парис гэсэн үг гээд Бретт түүн рүү харан инээмсэглэв. Нүдний нь буланд үрчлээ тодрох аж.
— Яг тийм. Одоо бол яг л Парис гэсэн үг
— Та ч гараа сайтай яваа хүн юм аа.
— «Клозери де Лила»-гийн гаднах тавцан дээр суусны эцэст Бретт соодтой виски захиалав. Би мөн соодтой виски захисан бөгөөд Билл бас л перно дарс авав.
— Жейк, ямаршуу байв даа?
— Тун сайхан, өдөр хоногийг муугүй өнгөрөөж байлаа. Бретт над руу харав.
— Эндээс явсан минь тун тэнэг хэрэг, Парисаас явна гэдэг мулгуу хүний ажил.
— Чи тэнд аятайхан байв уу?
— Ер нь зүгээр. Миний хувьд сонин л байсан. Гэхдээ тийм их сүйдтэй юм болоогүй.
— Хүн амьтантай уулзав уу?
— Үгүй, бараг л үгүй. Би ер гадагшаа гараа ч үгүй.
— Усанд ч сэлж байгаагүй гэж үү?
— Үгүй, тэнд би ёстой юу ч хийгээгүй.
— Венад байсантай минь адилхан юм дуулдаж байх чинь вэ гэж Билл хэлэв. Бретт түүнлүү нүдээ жийхайлган харав.
— Венад та бас тийм янзтай байсан юм бий.
— Тэглээ
Бретт түүн рүү ахин инээвхийлэн харлаа.
— Жейк, найз чинь тун сайн хүн юм аа.
— Муугүй эр. Амьтны чихмэл хийдэг хүн дээ.
— Өөр нэг оронд байхдаа би тийм ажилтай байсан юм. Тэгээд ч тэндхийн адгуус нэртэй бүхэн амь тавьчихсан байсан юм:
— Одоо нэг уучхаад явалгүй горьгүй. Үйлчлэгчийг такси дууд гэж хэл гэж Бретт хэлэв.
— Бүүр энүүхэн урьд эгнээд зогсчихсон байна шүү дээ.
— Яамай л даа.
Бид хундагатайгаа уучхаад Бреттийг таксинд суулгав.
— Арван цагийн үес «Селект»-д очихоо мартав аа. Найз чинь ч бас очно биз. Майкл тэнд байна.
— Бид очно гэж Билл хэлэв.
Такси хөдлөхөд Бретт бидний зүг гараараа дохив. Билл
— Ёстой л сайхан хүүхэн байна даа. Майкл гэдэг нь юун хүн бэ? гэлээ.
— Түүнтэй суух гэж байгаа юм.
— Зэ, зэ. Миний уулзсан учирсан болгон ямагт ийм үе дээрээ байдаг юм. Би тэдэнд юу илгээвэл зохих вэ? Хурдан морины хос чихмэл санаанд нь таарахгүй гэж үү?
— Юу боловч хооллоцгооё.
— Сен Луй арлын зүг таксигаар явж байгаад Билл
— Энэ авхай үнэхээр хэргэм зэрэгтэй юм уу? гэв.
— Байлгүй дээ. Угийн судар гээд л энэ тэр бичиг баримтад хэргэм зэрэг нь бичээстэй байгаа юм.
— Зэ, зэ.
Арлын бүүр цаад буланд орших хатагтай Лекомтын зуушны газар бид хооллоцгоов. Америкчууд тэнд шавчихсан байсан тул бид суудал гарахыг хүлээв. Нэг нь энэхүү зуушны газрыг америкчуудын очиж үзээгүй. Парис хотын эрэг орчмын өвөрмөц нэгэн орчин хэмээн нэрийдэж Америкийн эмэгтэйчүүдийн клубийн лавлах бичигт оруулснаас эдүгээ тийнхүү хөлд дарагдаж гүйцсэн тул бид даруй ширээ сулрахыг хүлээн дөчин таван минутын турш зогслоо. Билл энэ зуушны газар 1918 онд, найрамдал зарласны дараахан хооллож байсан тул хатагтай Лекомте түүнийг үзээд хөл алдан уулзав. Билл
— Бидэнд суух ширээ олж өгье гэж хичээгээгүй. Гэсэн ч сайн авгай гэв. Бид шарсан тахиа, шинэхэн ногоон үрэл, нухсан төмс, давсалсан ногоо, алимтай боов, бяслаг гээд л ер нь сайхан хоол идэцгээв.
— Танайд түм түжигнэж, бум бужигнаж байх чинь вэ гэж Билл Лекомте авгайд хэлсэнд тэр гараа өргөн.
— Тэнгэр тэтгэг гэв.
— Та ч баяжиж гүйцэх нь ээ.
— Тэгэх л болтугай.
Нэг, нэг хундага коньяк уусны эцэст урьдын адил самбар дээр шохойгоор бичсэн хоолны тооцоог авав. Энэ нь тэрхүү зуушны газрын бас нэгэн «онцлог» болох нь эргэлзээгүй. Чингээд бид мөнгөө төлж, хатагтай Лекомтетой гар барьчхаад үүд рүү зүглэв. Хатагтай Лекомте
— Ноён Барнс та энд ирэлгүй уджээ гэв. — Энд нутгийнхан маань пиг байна даа. Өглөөний ундны үеэр ир. Хүн цөөн байдаг юм.
— Тэгвэл удахгүй ирнэ.
Арлын Орлеаны талын үзүүр дэх голын хөвөөг дагаж ургасан моддын дундуур бид явцгаалаа. Голын чанад хуучин байшингуудын нурсан хана сэрийн үзэгдэнэ.
— Тэр балгасыг зайлуулж, гудамж тавих гэж байгаа юм.
— Тийм бололтой гаж Билл хэлэв. Бид цааш явсаар арлыг тойров. Ус нь харлан харагдах голоор хурц гэрэл гялалзуулсан галт онгоц хурдан, дуу чимээгүй хөвсөөр гүүрэн доогуур орж үзэгдэхгүй болов. Голын доод биед Мари дар эхийн сүм үдшийн тэнгэрт сүүхийн үзэгдэнэ. Бид Бетюмы эргээс модон гүүрээр Сена мөрний зүүн эрэг рүү явав. Гүүрэн дээр зогсон голын доод бие рүү Мари дар эхийн сүмийг харан зогслоо. Ийнхүү гүүрэн дээр зогсон байхад арал харанхуйлан харагдах агаад модод сүүдэртэн, байшингууд тэнгэр өөд сүүхийнэ. Билл,
— Маш сайхан байна. Буцаж ирэх гэж хэчнээн дурлав аа, бурхан минь гэв.
Гүүрийн модон мөхүүг тохойлдоод голын эх өөд том гүүрнүүдийн гэрэл өөд харцгаав. Голын ус намуухан агаад харлана. Гүүрийн тулгуурыг ус мөргөх нь ч үл дуулдана. Бидний хажуугаар нэгэн хархүү бүсгүйн хамт өнгөрөв. Тэд тэврэлдэн явцгаах ажээ.
Бид гүүрээр гараад Кардинал Лемуаны гудамжаар өгсөцгөөв. Энэ нь их л сүрхий өгсүүр тул Контрэскарпын талбай хүртэл явган явцгаалаа. Дугуй дэнлүүний гэрэл моддын навчсын дундуур цацран байна. Моддын доор замд гарахад бэлэн такси зогсоно. «Хөгжилтэй Негр» хэмээх цайны газрын дэлгээтэй цонхоор хөгжмийн эгшиг хангинаж байна. «Сонирхогчдод» хэмээх цайны газрын цонхоор урт, цайран лангуу үзэгдэнэ. Гадна нь тавцан дээр ачигчид дарс ууцгаана. «Сонирхогчдод»-ын задгай гал тогоонд тогооч бүсгүй төмс тосонд хуурч байлаа. Тэнд үхрийн мах хийсэн төмөр лааз байв. Тогооч бүсгүй шил улаан дарс өрөөсөн гартаа бариад хажууд нь зогсож буй өвгөнд мах тавагт хийж өгч байв.
— Уух уу?
— Үгүй, хэрэггүй гэж Билл хэлэв.
Бид Контрэскарп талбайгаас баруун тийш эргээд эртний өндөр өндөр байшингийн дундуурх эгц нарийхан гудамжаар явцгаав. Зарим нь гудамж руу түрсэн байх агаад зарим нь цаана байна. Бид По-де-Фер гудамж руу орж ирэн Сен-Жакийн гудамж хүртэл яваад өмнө зүг эргээд, Валь-дө-Грасын эмнэлгийн төмөр хашааг тойрон Дю-Пор-Роялын модот гудамнаа гарч ирэв.
— Яая гэж бодож байна? Селект рүү явж Бретт Майк хоёртой уулзах уу? гэж би асуув.
— Тэгье
Бид Пор-Рояли гудамжнаас Монпарнас хүртэл яваад «Клозери де Лили», Лавинийн ундааны газар, Дамуа, бусад жижиг цайны газрын дэргэдүүр гараад Ротондын зүг зам хөндлөн гараад, түүний гэрэл, ширээг өнгөрөн Селект рүү явав.
Майк биднийг тосон гарч ирэв. Царай нь наршсан агаад гялтганаж байлаа.
— Амар байна уу, Жейк! Сайн уу! Сайн уу! Эртний нөхөр м..нь? гэж тэр хэлэв.
— Чи бүүр махалчихжээ. Майк.
— Нээрэн гээч! Би жигтэйхэн таргалсан. Зугаалахаас өөр юм хийсэнгүй. Өдөржингөө л зугаалдаг байлаа. Өдөрт цайн дээрээ ээжтэй ганц хундага юм уудаг байлаа.
Билл цэнгээний газар луу орж өндөр явган сандал дээр хөлөө ачин сууж байгаа Бреттэй ярилцан зогсоно. Тэр эмэгтэй оймсгүй байлаа.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Фиеста (наран бас л мандсаар байна) - 05
  • Büleklär
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 01
    Süzlärneñ gomumi sanı 4446
    Unikal süzlärneñ gomumi sanı 1956
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 02
    Süzlärneñ gomumi sanı 4483
    Unikal süzlärneñ gomumi sanı 1864
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 03
    Süzlärneñ gomumi sanı 4607
    Unikal süzlärneñ gomumi sanı 1736
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 04
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 1826
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 05
    Süzlärneñ gomumi sanı 4548
    Unikal süzlärneñ gomumi sanı 1873
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 06
    Süzlärneñ gomumi sanı 4584
    Unikal süzlärneñ gomumi sanı 2014
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 07
    Süzlärneñ gomumi sanı 4549
    Unikal süzlärneñ gomumi sanı 1837
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 08
    Süzlärneñ gomumi sanı 4587
    Unikal süzlärneñ gomumi sanı 1922
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 09
    Süzlärneñ gomumi sanı 4497
    Unikal süzlärneñ gomumi sanı 1837
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 10
    Süzlärneñ gomumi sanı 4530
    Unikal süzlärneñ gomumi sanı 1646
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 11
    Süzlärneñ gomumi sanı 4515
    Unikal süzlärneñ gomumi sanı 1796
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 12
    Süzlärneñ gomumi sanı 4401
    Unikal süzlärneñ gomumi sanı 1961
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 13
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 1936
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 14
    Süzlärneñ gomumi sanı 1105
    Unikal süzlärneñ gomumi sanı 637
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.