Latin

Фиеста (наран бас л мандсаар байна) - 08

Süzlärneñ gomumi sanı 4587
Unikal süzlärneñ gomumi sanı 1922
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Майкл түр дуугүй болсноо
— Оёдолчинд тун золгүй явдал тохиолдсон гэв.
— Үгүй байлгүй. Би бол оёдолчныг харин ч азтай хүн юм гэж бодохоор байна гэж Билл хэлэв.
— Гайхалтай сайн оёдолчин. Одоо намайг үзээд үүнд итгэх аргагүй. Би түүнийг хэл амгүй шиг байлгая гэсэндээ жил бүр зуун стерлингийн фунт төлдөг байлаа. Тэгээд тэр надад ер тооцооны хуудас явуулдаггүй байв. Намайг дампуурахад тэр л тун их хохирсон доо. Энэ нь тэр медалийн хэргээс хойхно болсон юм. Тэгээд ч захидлууд нь тун ширүүн үгтэй байх болсон юм гэж Майкл ярив. Билл түүнээс
— Яаж дампуурсан юм бэ? гэж асуув.
— Хоёр янзаар. Эхлээд зугуухан дараа нь гэнэтхэн
— Юунаас дампуурсан юм бэ?
— Найз нөхдөөс болж, би учиргүй олон анд нартай байлаа. Дандаа инээдэг дайснууд. Бас надад мөнгө зээлдүүлдэг улс байсан. Англид над шиг тийм олон хүнд өртэй хүн бараг байгаагүй биз.
— Эдэнд, шүүхэд очсон тухайгаа яриач гэж Бретт хэлтэл, Майкл
— Би халамцуухан байсан болохоор санахгүй байна гэв.
— Халамцуу шүү! Бүр ухаангүй байсан гээч! гэж Бретт дуу алдав.
— Ер бусын явдал! Маргааш нь хуучин нөхөртэйгөө уулзсан юм. Тэгээд надад архи авч өг гэж гуйж билээ гэж Майкл ярив. Бретт
— Чи нөгөө эрдэмтэй өмгөөлөгчийнхөө тухай эдэнд ярьж өгөөч гэсэнд Майкл
— Үгүй эрдэмтэн өмгөөлөгч маань бас ухаангүй байсан юм. Ер нь энэ маань тун гунигтай түүх. Бух авчрахыг үзэхээр явцгаах юм уу, үгүй юу?
— За, явцгаая.
Бид үйлчлэгчийг дуудаж мөнгөө төлчхөөд хотын нөгөө тал руу алхацгаалаа.
Би Бреттэй хамт түрүүлэн явтал Кон биднийг гүйцэж ирээд Бреттийн нөгөө талд зэрэгцэн алхав. Бид гурав тийн явсаар тагтан дээрээ намирсан туг далбаа бүхий ayuntamientо15-г өнгөрч тэндээсээ уруудсаар зах цааш Арга голын гүүр лүү очдог эгцхэн гудмыг гатлав. Бух авчрахыг үзэхээр яваа улс нэн олон, хөсөг тэрэг тэргүүтэн толгойн уруу цуван гүүрээр гарлаа. Хөтөч, морьд, ташуур гудамжинд яваа улсын толгой дээгүүр ялгаран үзэгдэнэ. Гүүрээр гараад бид хашаа руу очих зам руу эргэв. Тэгээд «сайн дарс литр нь 30 сентиме» гэсэн бичиг цонхонд нь тавьсан дарсны дэлгүүрийн дэргэдүүр гарав.
— Мөнгөө барагдахад ирэх газар маань энэ байна гэж Бретт хэлэв.
Дарсны дэлгүүрийн үүдэнд зогсож байсан нэг авгай биднийг хажуугаараа гарахад харц салгалгүй ажин байснаа байшинд байгаа нэг хүнийг дуудав. Тэгтэл гурван охин цонхон дээрээ ирээд харж зогсов. Тэд Бреттийг ажиж байлаа.
Хашааны үүдэнд хоёр хүн тийшээ орох улсын билетийг хурааж байлаа. Бид хашааны хаалгаар орвол модтой, нэгэн намхан чулуун байшин байлаа. Бүүр цаад талд нь хашааны чулуун хана үзэгдэв. Тэрхүү хашааны нүүрэн талын чулуун хана дагуу буудлагын нүх адил сэхээвчнүүд байлаа. Хананд тавьсан шатаар хүмүүс дээр нь гарч хоёр хашааг тусгаарласан тэрхүү хашлагаар тархан явцгаана. Моддын ёроолоор ногоон дундуур явсаар шатны зүг ирэх замдаа дотроо бухтай том том, саарал будагтай торон бүхээгийн дэргэдүүр гарцгаав. Тэрхүү зөөврийн торон бүхээг тус бүрд нэг бух хийжээ. Тэднийг Кастилийн бухын аж ахуйгаас галт тэргээр авчирч, галт тэрэгний буудал дээр задгай вагоноос буулгаад хашаанд нь оруулахаар тэндээс энд буулгасан байна. Торон бүхээг бүхэнд бухын эзний нэрийг хаджээ.
Бид шатаар дээш гараад хашаа руу харсан газар олж зогсов. Чулуун ханыг шохойдсон, газарт сүрэл дэвсэж тэжээлийн модон тэвш, усны онгоц хана дагуулан тавилжээ.
— Тийшээ хараач гэж би хэлэв.
Голын чанад хотын өндөрлөг хэсэг тодхон үзэгдэнэ. Хуучны хана хэрэм, бэхлэлт, далан дээгүүр хүмүүс шавааралдан зогсжээ. Бэхлэлтийн гурван давхар ханан дээгүүр хүмүүс эгнэн зогссон нь даруй гурван хар зураас татсан мэт үзэгдэнэ. Ханануудын дээгүүр байшингуудын цонхоор хүмүүсийн толгой шоволзоно. Өндөрлөгийн цаад захаар хүүхдүүд модонд авиран гарчээ.
— Тэд лав ямар нэг юм болно гэж хүлээн байгаа бололтой гэж Бретт хэлэв.
— Бух харах гэж л энэ.
Майкл, Билл хоёр хашааны нөгөө талын ханан дээр зогсож байлаа. Тэд бидний зүг гар дохив. Хожуу ирсэн улс бидний араар зогсох бөгөөд өөр улс чихэлдэн орж ирээд биднийг бас шахах аж.
— Яагаад эхлэхгүй байгаа юм бэ? гэж Роберт Кон асуув.
Торон бүхээгийн нэгнээс уясан луус түүнийгээ чирсээр хашааны ханан дахь хаалган дээр авчрав. Царил барьсан хүмүүс тэр торон бүхээгийг тус хаалганы харалдаа болгох гэж хөшиж, түлхэх аж. Өөр хэдэн хүн хашааны хаалга, торон бүхээгийн үүдийг нээхээр зэхэн ханан дээр зогсож байлаа. Хашааны нөгөө талд нэг хаалга нээгдтэл хоёр шар, толгойгоо сэжлэн, биеэ займчин давхин орж ирэв.
Тэгээд бух орж ирдэг хаалганы зүг харан зэрэгцэн зогсов. Бретт
— Эд тийм ч таатай биш байгаа бололтой гэв.
Ханан дээр зогсож байсан эрс гэдийн хашааны хаалгыг нээгээд. Дараагаар нь торны үүдийг бас нээлээ.
Би ханан дээгүүр тонгойн торон бүхээг рүү харах гэж оролдов. Тэнд харанхуй байлаа. Нэг хүн нь торон бүхээгийг төмөр ташуураар ороолгов. Бүхээгийн дотор нэг юм тэсрэх мэт боллоо. Бух хоёр талынхаа модон ханыг эврээрээ ээлжлэн сэжиж учиргүй их чимээ гаргах ажээ. Тэгтэл тэр бухын хар хоншоор эврийн нь сүүдэр харагдаад түдэлгүй бүхээгийн модон шалыг нижигнүүлэн ухасхийж хашаанд орж ирэв. Газар дэвссэн сүрэл дээр урьд хоёр хөлөөрөө гулсасхийн зогсоод, толгойгоо өргөн чулуун хананууд дээр шавсан улсыг хармагц хүзүүний нь булчин овойж, бүх л биеийн нь булчин шөрмөс гүрэлзэн чичирхийлж байлаа. Хоёр шар бухаас харц салгалгүй духайн арагш хана руу ухарлаа.
Бух тэр хоёрыг харангуутаа ухасхийв. Гэтэл тэжээлийн хайрцгийн ар талд зогсож байсан тэндхийн нэг ажилчин хашхиран малгайгаараа хайрцгийг балбатал шар луу хүрэн алдсанаа зогтусан эргээд биеэ хөвчлөн тэр зүг ухасхийн очоод хайрцгийн цаана зогсогч хүнийг баруун талынхаа эврээр олин хаясугай гэж чармайн түргэн түргэн сэжин байлаа.
— Тэнгэр минь, ямар сайхан амьтан бэ? гэж Бретт хэлэв. Бид түүнийг дээрээс нь харж байлаа. Би
— Хараач эврээ яаж хөдөлгөвөл зохихыг гайхамшигтай сайн мэдэж байна шүү. Зүүн баруун хоёр талынхаа эврээр сэжиж байгааг нь, яг л боксчин гэлтэй юм гэв.
— Үнэхээр үү?
— Хар л даа.
Хэтэрхий хурдан сэжих юм.
— Хүлээж бай. Одоохон бас нэг бух орж ирнэ.
Хаалган дээр бас нэг торон бүхээг авчирчээ. Хашааны бүүр цаад буланд модон хаалтын цаана зогссон нэг эр нөгөө бухын анхаарлыг өөртөө татан байж бухыг эргэх үес хаалга нээгдэж өөр нэг бух хашаанд орж ирэв.
Шуудхан шарнуудын зүг ухасхийхэд хашлаганы цаанаас хоёр эр гүйн гарч ирээд түүнийг эргүүлэх санаатай хашхирав. Тэд «Хаа! Хаа! гэж хашхирч гараа сарвалзуулавч ер тоосонгүй. Хоёр шар ч мөргүүлэхээр хөндөлдөн. зогсов. Бух тэдний нэг рүү нь довтлон хүрлээ. Би Бреттед
— Битгий хар гэж хэлэв. Гэвч Бретт өөрийн эрхгүй харан байлаа. Тэгэхэд нь би
— Өөрт чинь эвгүй санагдахгүй бол харах нь зөв гэвэл Бретт
— Харсан шүү би. Эхлээд зүүн эврээрээ олиод дараа нь баруун эврээрээ олихыг нь харлаа гэв.
— Маш сайн байна.


Шар хүзүүгээ гүрдийлгэн толгойгоо мурийн газар унаад тэр л чигтээ хэвтсээр байлаа. Бух түүнийг орхиод, энэ бүхнийг харан толгойгоо сэжлэн тэртээ талд зогсон буй нөгөө нэг шарын нь зүг явав. Шар амь тэмцэн зугтавч бух гүйцээд сүвээ рүү нь зөөлхөн ольсноо эргэж ханан дээр шавсан олны зүг өлийн харав.
Сэрвээний нь булчин гүрийн овойжээ. Шар түүний зүг хүрч ирээд үнэрлэх янз үзүүлсэнд бух түүнийг хайхрамжгүй янзтай мөргөв. Тэгснээ шарыг үнэрлээд түдэлгүй хоёул нөгөө бух руу шогшиж хүрэв.
Дараачийн бух хашаанд орж ирэхэд түрүүн орж ирсэн хоёр бух шарын хамт бөөрөө нийлүүлэн, шинээр ирсэн бухын зүг эврээ далжийлган зогсож байлаа. Чингээд хэдэн минутын дотор шар шинээр ирсэн бухыг тайтгаруулж амжаад сүрэгтээ нийлүүлэв. Сүүлчийн хоёр бухыг хашаанд оруулахад бүх л сүрэг нэг газар бөөгнөн зогссон байлаа.
Мөргүүлсэн шар өндийж чулуун хана түшин босов. Бухуудын нэг нь ч түүн рүү ойртсонгүй, тэр шар ч нийлэхийг оролдсонгүй.
Бид бөөн улсын хамт хананаас бууж, хашааны ханан дахь нүхээр бухуудыг бас дахин харцгаав. Тэд бүгд тайвшраад толгой гудайн зогсож байлаа. Гадаа гараад бид тэргэнд сууж зуушны газар луу явцгаав. Майкл Билл хоёр биднээс хагас цагийн хойно ирцгээлээ. Тэд замдаа ганц хоёр хундага юм уух гэж тийнхүү саатжээ.
Бид зуушны газар сууцгаалаа.
— Тун гайхамшигтай юм гэж Бретт хэлсэнд Роберт Кон
— Сүүлд орж ирсэн бухууд түрүүчийнх шигээ сүрхий тулалдах байсан бол уу? Амархан тайвширцгаалаа даа гэвэл би
— Бүгд нэг нэгнийгээ мэдэцгээдэг юм. Ганц нэгээрээ юм уу хоёул, гурвуулхнаа байхдаа л аймшигтай юм шиг байдаг юм гэж хэлэв.
— Аймшигтай юм шиг гэсэн чинь юу гэсэн үг вэ? Надад бол аймшигтай санагдсан гэж Билл хэлэв.
— Ганц нэгээрээ болохоороо л улайрчихдаг юм.Чи тэнд ороод нэгийг бусдаас нь таслах гээд үз л дээ, тэгвэл л аймшигтай улайрсан амьтан болно.
— Энэ чинь ойлгоход бэрх эд юм. Майкл минь, чи намайг сүргээс минь ер салгаж болохгүй нь байна шүү гэж Билл хэлэв. Майкл
— Ер нь л сайхан бухууд юм, тийм үү? Та нар эврийг нь харцгаасан уу? гэж асуусанд
— Харахаар барах уу даа. Ямархуу байдгийг нь би урьд нь төсөөлдөггүй байлаа гэж Бретт хэлэв.
— Нэг бух тэр шарыг мөргөхийг харсан уу? Ёстой ер бусын юм гэж Майкл хэлэв. Роберт Кон
— Шар шиг бол ч хэрэг алга гэсэнд Майкл
— Чи тэгж бодлоо гэж үү дээ? Роберт, чамайг бол би шар шиг байх хүсэлтэй хүн л гэж бодмоор байна гэв.
italki
— Майкл, чи юу гэх гээд байна вэ?
— Тэд тайван амьдралыг хүснэ. Дув дуугүй, бусдын аяыг дагана.
Бид нүүр халах шиг болж Билл хөхөрч, Кон уурлав. Майкл ярьсаар л байлаа.
— Чамайг ийм амьдралд дуртай гэж би бодсон юм. Чамд ер хэлэх юм байхгүй шүү дээ. Роберт Кон, зүгээр суугаад яах вэ. Нэг юм хэлж үзээч.
— Би энэ тэр юм ярьсан шүү дээ. Чи санахгүй байна уу? Шарын тухай ч санасан бодсоноо хэлсэн.
— Өөр ямар нэг юм яриач. Инээдтэй юм ярихгүй юу. Бид бүгд хөгжилдөн байгааг чи харахгүй байна гэж үү?
— Болиоч, Майкл чи согтож байна гэж Бретт хэлэв.
— Би согтоогүй. Үнэнээсээ ярьж байгаа минь энэ. Роберт Кон яг л тэр шар шиг Бреттийн сүвээнд ямагт наалдан явах юм уу?
— Амаа татаач, Майкл, хүмүүжилтэй хүн гэдгээ үзүүлэх гээд үз.
— Нохой долоо. Тэр бухуудаас илүү хүмүүжсэн амьтан ер нь байна уу? Үнэндээ тэр бухууд гайхамшигтай бус уу? Билл, тэд чамд сайхан санагдаагүй гэж үү? Роберт, та яагаад юу ч хэлэхгүй байна вэ? Үхсэн амьтан шиг царайлан битгий тэнд суугаад байгаач. Бретт чамтай завхайрсан гэж бодъё. Тэглээ гээд юу бол оо вэ? Энэ чинь чамайг дагуулахгүй эрс олныг үзсэн хүүхэн
— Амаа тат! Амаа тат, Майкл! гээд Кон босож ирэв.
— Өө, намайг цохих гэж байгаа янз гаргаж босож харайгаад яана вэ. Ингэлээ гээд би чацавхийхгүй, Роберт, яагаад чи Бретийг хөөрхий муу шар шиг дагаад салахгүй байна вэ гэдгээ хэлээч. Чамайг тоохгүй байгааг гадарлахгүй байна гэж үү? Би тоогдохгүй боллоо гэдгээ хүн дор нь л ухаардаг сан. Чи тоогдохгүй болчхоод байгаа хэр нь, яагаад түүнийгээ мэддэггүй юм бэ? Чамайг хэн ч хүсээгүй байтал Сан Себастьянд яваад очсон. Тэгээд л Бреттийг хувь заяагүй хөөрхий шар шиг дагаад л байсан шүү дээ. Чи үүнийгээ зөв зүйтэй гэж бодож байна уу?
— Амаа тат. Чи согтуу байна.
— Би согтсон байж болно. Харин чи яагаад эрүүл байна вэ? Роберт, чи яагаад согтдоггүй юм бэ? Бидний найз нөхдийн нэг нь ч чамайг урьж байгаагүй болохоор Сан-Себастьянд тух тавгүй байснаа чи мэднэ. Үүнийг буруу гэж бодох ёсгүй. Эсвэл буруу гэж бодож байна уу? Би тэднийг гуйж хүртэл үзсэн. Тэгтэл чамайг уриагүй дээ. Иймээс тэдний буруу гэх арга алга. Аль буруу гэж бодож байна уу? Буруу мөн үү, биш үү гэдгийг чи хэлээд өгөөч.
— Майкл, болиоч
— Би л тэднийг буруутгаж чадахгүй. Чи бол буруутгана биз. Яагаад чи Бреттийг сүүдэр шиг дагаад байна вэ? Чи ямар гэгч ааш авиртай хүн бэ? Надад ямар санагдаж байгаа байх гэж чи бодож байна? Бретт
— Ааш авирын талаар ёстой л ярьж баймаар хүн чинь чи дээ. Чи үнэхээр сайхан ааш авиртай хүн шүү гэж хэлэв. Билл
— Роберт, явъя гэв.
— Яагаад чи энэ хүүхнийг салахгүй дагаад байна вэ?
Билл босож Коныг гараас нь татав.
— Битгий яв. Роберт Кон архи авах гэж байна гэж Майкл хэлэв.
Билл, Контой хамт явлаа. Коны царай зэвхий даасан байлаа. Майкл ярьсаар л. Би яриаг нь хэсэг зуур чагнан суув. Бретт уурласан янзтай байлаа. Бретт үгийг нь тас дайран
— Майкл минь тэнэглэхээ больж үз. Түүнийг буруутай гэж би хэлээгүй шүү гэж над руу харан хэлэв. Майкл дуугаа төв болгов. Бид гурав бие биеэ бүрэн дүүрэн ойлгож байлаа.
— Би та нарын бодож байгаа шиг тийм ч их согтуу биш ээ гэж Майкл хэлэв. Бретт
— Чиний согтоогүйг би мэдэж байсан гэв.
— Бид бүгд л халамцуухан байгаа гэж би хэлэв.
— Би бодсон санаснаа л хэлсэн.
— Гэхдээ тун эвгүй загналаа гэж Бретт инээв.
— Юу боловч үхэр шиг тэнэг амьтан даа. Хэнд ч хэрэггүй хэр нь Сан Себастьян руу явсан. Тэгээд Бреттээс салж өгдөггүй, ширтэж гөлөрчхөөд дагаад байсан. Үүнд нь би үхтлээ зэвүүрхсэн.
— Даанч тусгүй загнасан гэж Бретт хэлэв.
— Бретт урьд өмнө хайртай сэтгэлтэй хүнтэй байжээ. Тэр бүхнээ надад ярьдаг. Энэ Коны захидлуудыг унш гэж надад өгсөн, би уншаагүй.
— Гайхалтай шударга хүн юм аа, чи.
— Жейк, чи аан гэж бай. Бретт хайр сэтгэлтэй залуустай байсан хүн. Тэдэн дотор нь нэг ч еврей байгаагүй, эцэст нь ингээд сүүдэр шиг дагаад байгаа ч үгүй.
— Сайн залуус байсан юм. Тийм байхад энэ тухай ярина гэдэг утга алга. Майкл бид хоёр бие биеэ ойлгодог юм.
— Надад Роберт Коны захидлыг өгсөн хүн энэ. Би уншаа ч үгүй,
— Хонгор минь, чи ямар ч захиа унших хүн биш. Миний захиаг ч уншихгүй байж чадах бий.
— Би захиа уншиж чаддаггүй юм. Инээдэмтэй байгаа биз? гэж Майкл хэлэв.
— Чи юу ч уншиж чадахгүй.
— Тэгвэл ч худлаа шүү. Би их уншдаг. Гэртээ бол би толгой өөд татахгүй дээ.
— Тэгж байгаад мөд зохиол бичих биз. Майкл, ингэхэд чи битгий гутар. Түүнтэйгээ эвлэр л дээ. Тэр хүн нэгэнт энд байгаа болохоор яая гэхэв. Фиестаг тавтай тухтай үзэхэд минь бүү саад бол гэж Бретт хэлэв.
— Тэгвэл тэр хүн намбатай байвал зохино.
— Тэр хүн намбатай байх биз. Би өөрт нь хэлнэ.
— Жейк, чи түүнд хэлээрэй. Хүн төрхтэй бай, эсвэл зайл гээрэй.
— Тэгье. Би ингэж хэлбэл таатай л байна.
— Бретт, Роберт чамайг юу гэснийг Жейкд хэлээч. Тун сүрхий үг гэдгийг чи өөрөө ч мэдэж байгаа шүү дээ.
— Өө, үгүй, аманд багтамгүй юм.
— Хэл дээ. Бид бүгд найз нөхөд. Жейк, бид чинь найз нөхөд мөн биз дээ?
— Тэгвэл би хэллээ.
— Майкл, боль. Бүү тэнэглэ.
— Үүнийг Цирцея16 гэж нэрлэсэн дээ. Эр улсыг гахай болгож нохойн замаар хөтөлж байна гэж хэлсэн. Гайхамшигтай сайхан үг. Би энэ мэт зохиолч байсан ч болоосой.
— Энэ маань сайн зохиолч болж мэдэх хүн шүү. Захиа л лав сайхан бичдэг юм гэж Бретт хэлэв.
— Тийм ээ, Сан Себастьянаас надад захиа бичсэн гэж би хэлэв. Бретт
— Тэр чинь юухан ч биш. Хэчнээн догь захиа бичнэ гэж санана гэв.
— Энэ намайг албадаж бичүүлсэн юм. Өөрөө өвдсөн хүн болж маяглаад байна лээ.
— Би үнэхээр өвчтэй байсан юм чинь
— За явж хооллоцгооё гэж би хэлбэл Майкл
— Би Контой яасхийж уулзах вэ? гэж асуув.
— Юу ч болоогүй юм шиг л бай.
— Надад бол хулчийх юм ер алга. Юундаа зовох билээ гэж Майкл хэлэв.
— Юм хэлбэл би согтуу байжээ л гэж хэл.
— Зөв. Тэгээд ч хамгийн инээдэмтэй нь, би үнэхээр ч согтсон бололтой.
— Явцгаая. Энэ хорныхоо мөнгийг төлсөн үү? Хоолонд орохоосоо өмнө усанд орох минь гэж Бретт хэлэв.
Бид талбай дундуур явав. Хэдийнээ харанхуй болж талбайн эргэн тойрон гулдангийн доорх уушны газрын гэрэл харагдана. Моддын доорх хайрга дэвссэн замаар буудал руугаа очоод дээшээ гарч, би Монтояатай ярихаар хоцров.
— За, бухууд ямар санагдав даа? гэж Монтояа асуув.
— Сайхан. Сайн бухууд юм.
— Ер нь зүгээр бухууд. Гэхдээ тийм ч сайн бишээ гэж Монтояа толгой сэгсрэн өгүүлэв.
— Юу нь тусгүй санагдаа вэ?
— Өөрөө ч хэлж мэдэхгүй байна. Нэг л санаанд хүрсэнгүй.
— Юу хэлэх гэснийг тань ойлголоо.
— Тэгэхдээ ер нь л зүгээр шүү.
— Тийм ээ, зүгээр юм.
— Нөхдөд тань ямар санагдаа бол.
— Сайхан
— Сайн байна гэж Монтояа хэлэв.
Би дээшээ гарлаа. Билл өрөөнийхөө тагтан дээр талбайн зүг харан зогсож байв. Би хажууд нь очиж зогсоод
— Кон хаана байгаа вэ? гэж асуув.
— Дээр, өрөөндөө байгаа.
— Цаадах чинь яаж байна?
— Яаж олигтой байх вэ дээ. Майкл тун муухай авирлалаа. Согтохоороо тавтиргүй хүн юм.
— Тийм ч их согтоогүй байсан даа.
— Яалаа гэж согтоогүй байх вэ дээ. Уушны газар ирэх замдаа бид хэдий хэр юм ууснаа мэдэж байна.
— Дараа нь архи нь гарчихсан.
— Тийм болог. Гэхдээ л тун тавтиргүй загнасан. Би Конд дургүй. Сан-Себастьян руу явсан нь дэмий санагдсан, харин Майкл шиг тэгж ярих нь хэнд ч тусгүй.
— Бухууд ямар санагдав даа?
— Маш сайхан. Хашаанд оруулж байгаа нь тун сонин юм.
— Маргааш Мьюрсийнхийг авчирна.
— Фиеста хэзээ эхлэх вэ?
— Нөгөөдөр
— Майклыг ингэж согтохоос нь сэргийлж байгууштай юм байна. Тусгүй юм боллоо.
— Хоолноос урьд үс зүсээ янзалъя.
— Тэгье. Лав хөгжилтэй байх биз.
— Өөрөөр ямар байх бил ээ?
Үнэхээр ч бид оройн хоолон дээрээ хөгжилтэй байлаа. Бретт ханцуйгүй хар даашинз өмссөн үзэсгэлэнтэй харагдана. Майкл ер юу ч болоогүй юм шиг байх аж. Би дээшээ гарч Роберт Коныг дуудав. Хүйтэн хөндий, ёсорхуу, царай нь бүрзгэр шарангуй хэвээрээ байсан ч яваандаа тайвширлаа. Кон Бреттийг харалгүй байж ер чадсангүй, үзтэл энэ нь баяр баясгалан төрүүлж байлаа. Гоо жавхланг нь харан нүд баясаж, би цуг явж байгаа, үүнийг маань хүн бүхэн мэдэж байгаа гэж бодох нь түүний хувьд таатай байх нь зүйн хэрэг.
Түүний баяр баясгаланг нь хэн ч булаан авч чадахгүй. Билл их л хошигнож байлаа. Майкл ч бас тийм байлаа. Тэр хоёр бол нийлдэг хоёр.
Энэ нь дайны үеэс сэтгэлд үлдсэн зарим дайллага цайллагыг санагдуулав. Үлэмжхэн дарс, албадлагын хайхрамжгүй байдал, яавч зогсоошгүй болох гээд буй явдлыг мэдрэх совин энэ бүгд энд ноёрхжээ. Таагүй байдал маань дарсны аагт даруулаад сэтгэл санаа цэнгэлд автав. Цуг байгаа улс маань бүгд л хүний дээд мэт санагдлаа.


АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Би хэдийд орондоо орсноо мэдсэнгүй. Хувцсаа тайлж халаадаа өмсөөд тагтан дээр гарч зогссоноо санаж байна. Маш их согтоод өрөөндөө эгж оруутаа орны толгой тушаах чийдэнг асааж ном уншиж эхэлснээ бас санаж байна. Би Тургеневийн зохиолыг уншиж байлаа. Лав хоёр хуудсыг нь л дахин дахин уншсан бололтой. Энэ нь «Ангуучны тэмдэглэл»-ийн нэг өгүүллэг байсан юм. Өмнө нь уншсан хэр нь анх удаагаа уншиж байгаа мэт санагдав. Байгалийн байдлыг нүдэнд үзэгдтэл зурсныг уншаад толгой дүйнгэтэн байсан нь ашгүй зүгээр болов. Үлэмж согтуу би нүд анихад өрөө тасалгаа маань эргэлдээд байх мэт санагдах тул тийнхүү ном уншин хэвтэх нь дээр байлаа. Чингэвэл тэгж санагдахаа болих аж.
Бретт, Кон хоёр шатаар өгсөн ирж яваа нь тодхон дуулдав. Кон үүдэнд ирээд Бреттэд сайхан нойрсоорой гэж хэлээд дээшээ өрөө рүүгээ явав. Бретт зэргэлдээ хаалгыг онгойлгон өрөөндөө оров. Майкл цагийн өмнө надтай цуг ирээд орондоо орчихсон байлаа. Бреттийг орж очиход сэрэв бололтой, энэ тэрийг ярилцацгаав. Тэгснээ инээлдэж сонстов. Би гэрлээ унтраагаад унтах гэж өөрийгөө албадлаа. Одоо юм унших хэрэг байсангүй. Нүдээ анихад толгой эргэхээ нэгэнт больж харин нойр хүрэхгүй байлаа. Яагаад харанхуйд юм бүхэн гэрэлд байдгаасаа өөр харагддаг юм бэ гэдгийн учир шалтгааныг би ер олохгүй байлаа. Олоод ч яах юм билээ!
Би энэ бүхнийг бүтэн зургаан сарын турш бодож үзсэн бөгөөд унтахдаа чийдэнгээ ер унтраадаггүй байлаа. Энэ бол бас л нэг гялалзсан хурц бодол санаа. Ер юу боловч энэ хүүхнүүдийг эрлэг авбал таарна. Бретт Эшлей, таныг ч гэсэн эрлэг авбал таарна.
Бүсгүйчүүлтэй нөхөрлөх нэн сайхан. Бүүр аймшигтай сайхан. Нэг эмэгтэй хүнтэй нөхөрлөх бат ул суурийг бий болгоё гэвэл юуны өмнө сэтгэлтэй болох хэрэгтэй. Би Бреттийг найзаа хэмээн үзсээр ирсэн. Гэхдээ энэ нөхөрлөлийг би түүний талаас ер бодож үзсэнгүй билээ. Би хариуд нь юу ч хүртээлгүйгээр ямархан нэгэн зүйлийг нь аван авсаар байжээ. Энэ нь тооцоо тэгшитгэх явдлыг хойшлуулсаар байна. Нэгэн цагт тооцоо тэгшитгэх нь ёс. Энэ бол бат найдвал зохих гайхамшигт зүйлийн нэг.
Би өр төлөөс бүхнээ төлсөн. Гэхдээ эмэгтэйчүүд шиг биш. Тэд төлж л байдаг, төлж л байдаг, төлж л байдаг улс. Үүнд хариу, шийтгэлийн тухай санахын ч хэрэггүй. Ердөө л үнэт зүйлийн солилцоо гэсэн үг. Нэг юм өгч хариуд нь нэг юм авна. Эсвэл ямар нэг юмны төлөө хөдөлмөрлөнө. Ямар ч байлаа гэсэн заримдаа сайхан санагддаг бүхэндээ төлнө. Миний өр төлөөсөө өгсөн тэр бүх зүйлийн дотор өөрийн минь мөрөөссөн юмс үлэмж. Эргээд санавал цаг хугацааг муугүй өнгөрөөжээ. Нэгэн бол тэр бүхний тухай мэдлэг юм уу туршлага, дадлага, эсвэл аз үзсэн явдал буюу мөнгөөр өр төлөөсөө дарна. Амьдралын амт шимтийг авна гэдэг бол даруй мөнгөнийхөө үнэ цэнтэй дүйх зүйлийг авч чадах, үүнийгээ ухаарах ухаарал мөн. Мөнгөнийхөө хэр хэмжээтэй дүйх юм авч хэн ч чадна. Энэ ертөнц бол арилжаа наймааны таатай газар мөн гэж би боддог байлаа. Энэ нь гүн ухааны муугүй онол мэт санагддаг. Чингээд таван жил өнгөрөхөд энэ маань миний урьд өмнө бодож сэдэж байсан тэр л гүйлгүү ухааны гарамгай ололтуудын нэгэн адил мулгуу бодол юм аа даа гэж бодлоо.
Энэ худлаа ч байж болно. Он жил өнгөрөх тусам хүн ухаан суудаг байж мэднэ. Дэлхий ертөнц ер ямар вэ гэдэгт санаа зовж явсангүй. Миний мэдэхийг хүссэн зүйл юу вэ? гэвэл энэ дэлхийд яаж аж төрөх вэ гэдэг л байлаа. Аж төрөх арга ухааныг олчих юм бол ямар болохыг ухаардаг ч байж болох юм.
Юу боловч Майкл Коныг тэгж эвгүй загнах хэрэггүй байлаа. Майкл ууж чаддаггүй байхад Бретт сайхан уух юм. Билл ч бас сайхан уух юм. Кон ер согтож байгаагүй. Майкл хэмжээнээсээ хэтрэхлээр тавтиргүй загнадаг хүн юм. Коныг доромжилж байгааг нь харж суух надад аятайхан байсан. Гэхдээ битгий дэндүүлээсэй гэж бодож байлаа. Учир нь үүнээс болж дараа нь би өөртөө гэмшсэн. Хожим нь гэмшинэ гэдэг бол ёс суртахуунтай шинж. Үгүй, энэ чинь ёс суртахуунгүйн илрэл байж таарна. Энэ бол зоригтой шийдвэр. Шөнийн цагт хүний толгойд ямар их утга учиргүй юм эргэлддэг юм бэ. Утгагүй юм гэж Бреттийн хэлэх нь чихэнд дуулдах шиг болов. Утгагүй юм! Англичуудтай хамт байгаад байхаар тэдний хэлэлцдэг үгээр бодож сэтгэдэг болчих юм. Англи ярианы хэл, наанадаж тэдний дээдсийн хүрээний хүмүүсийн ярианы хэл эскимос хэлнээс ч цөөхөн үгтэй байж мэднэ. Эскимос хэлний талаар би юу ч мэдэхгүй нь үнэн. Эскимос хэл лав сайхан хэл байж таарна. Ирокез хэлийг ч гэсэн аваад үзье л дээ. Энэ хэлний талаар би бас юу ч мэдэхгүй. Англичууд үгийг аялгуулан ярьдаг. Тэр аялгуу нь юуг ч илэрхийлж болно. Үүнд нь л би дуртай даа. Тэдний ярилцаж байгаа нь надад сайхан санагддаг юм. Жишээ нь Харрис байна. Гэтэл Харрис дээдсийн зиндаанд багтдаггүй хүн.
Би гэрлээ дахин асаагаад ном уншиж эхлэв. Тургеневийн нөгөө л өгүүллэгийг уншлаа. Их дарс уусны эцэст, оюун ухаан хэт мэдрэмтгий болоод үүнийг уншихад үйл явдал нь үе үе санаанд дүрээрээ орж ирээд сүүлдээ харин өөрт минь тохиолдсон зүйл мэт санагдана гэдгийг би мэдэж байлаа. Энэ бол миний сурсан зан. Өртөг үнийг нь төлөөд өөртөө шингээн авсан тэр эрхэм зүйлсийн нэг нь энэ. Чингээд би нэлээд хугацаа өнгөрсний эцэст үүрийн өмнөхөн унтав.
Удаах хоёр хоногийг бид нам тайван, хэл амгүй өнгөрөөв. Памплона хот фиестад зэхэн байлаа. Бухуудыг хашаанаас гарган хот дундуур цэнгэлдэх_хүрээлэн рүү туух үес хажуугийн гудмуудыг хааж бэхлээд хаалгыг ажилчид барьж байлаа. Тэд нүх ухаж шон зоогоод, шон тус бүр дээр харьяалах газрын дугаарыг тавив. Хотын цаадах өндөрлөг дээр цэнгэлдэх хүрээлэнгийн арын наранд шарагдсан хатуу талбайд тэндхийн ажилчид пикадоруудын17 унах морьдыг хар гүйхээр нь хөөн сургуулилна. Цэнгэлдэх хүрээлэнгийн гол хаалгыг цэлийтэл нээгээд үзэгчдийн суудлыг шүүрдэж байлаа. Дэвжээг нь тэгшлэн засаад усалжээ. Суудлын өмнүүрх хаалтын муудаж, гэмтсэнийг мужаанууд засаж сэлбэн байлаа. Элс асган тэгшилж зассан дэвжээний захад, зогсоод дээшээ харвал цэнгэлдэх хүрээлэнгийн лоожийн шалыг эмгэд хөгшид хичээнгүйлэн шүүрдэж буй нь үзэгдэнэ. Хотын хамгийн захын гудамжнаас цэнгэлдэх хүрээлэнд ордог хаалга хүртэл гудамласан урт хашаа барьжээ. Бухын тулалдаан эхлэх өдрийн өглөө үүгээр бөөн улс гүйлдэн цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх бөгөөд цаана нь улайрсан бухууд сааглан давхиж байдаг юм. Адуу, үхрийн зах нээх хөндийн цаанах моддын дунд цыганууд буудаллажээ.
Архи, дарсны наймаачид энд тэндгүй бүхээгээ барьж байлаа. Нэгэн бүхээг дээр Anis Del Toro буюу Гоньдын дарс гэсэн бичиг хаджээ. Даавуун дээр бичиж банзанд хадсан тэр хаяг нь хурц наранд гялайн үзэгдэнэ. Хотын төв болох их талбайд одоохондоо өөрчлөгдсөн юмгүй байлаа. Бид уушны газрын гаднах дэвсэг дээр сүлжмэл цагаан сандалд шигдэн сууж автобуснууд ирж зогсоод хөдөөгөөс ирсэн тариачдыг буулган, хотоос авсан энэ тэр зүйлийг даалиндаа цүндийтэл чихсэн тариачдыг суулгаж аваад давхин одохыг харан байлаа. Хайрга дэвссэн талбай, гудмыг усалж байгаа хүн, тагтаануудаас өөр амьд амьтны бараа үл харагдах талбай дээгүүр давхилдах өндөр, өндөр саарал автобуснууд л хөл хөдөлгөөн арай ч тасарчхаагүйг илтгэх ажээ.
Орой нийтийн зугаалга болно. Үдийн хоолны дараа уушны газар ердийн байдлаар хөл ихтэй, талбайн наад захын гудамжаар царайлаг охид, цэргийн дарга нар хотын гангачуул цаг хэртэй хөлхөнө.
Өглөөгүүр би голцуу уушны газар сууж Мадридын сонин уншаад дараа нь хот дундуур явах юм уу эсвэл бүүр хотын зах руу гарна.
Билл заримдаа надтай хамт явна, зарим үес өрөөндөө бичиг цаастай зууралдан хоцорно. Роберт Кон өглөөгүүр Испани хэл оролдох юм уу үсчинд очиж сахлаа хусуулахаар гарна. Бретт Майкл хоёр үд болтол орноосоо босох нь үгүй. Үдэд бид бүгдээрээ уушны газар очиж вермут дарс ууцгаана. Энэ хоёр хоногт, бидний хэн маань ч ер согттолоо уулгүй бүгд нам жим байцгаалаа. Би хоёр ч удаа сүмд очихдоо нэг удаагийнхад нь Бреттэй хамт явлаа. Тэр намайг мөргөлийн уншлага унш гэхэд нь би энэ бол боломжгүйгээс гадна чиний бодож байгаа шиг тийм сонирхолтой зүйл биш, тэгээд ч өөрийн чинь мэдэхгүй хэлээр унших болно гэж хэлэв. Сүмээс гармагц бид Контой дайралдав. Биднийг бараадан дагаж явсан нь илт байтал ер хулгасан шинжгүй, байдал төрх нь энгүүн найрсаг байх аж. Чингээд бид гурвуул цыгануудын отог руу очиж тэнд Бретт хувь заяагаа шинжүүлэв.
Нэн сайхан өглөө болж уулсын дээгүүр тэртээ өндөрт цагаан үүлс нүүгэлтэнэ. Гүвээн дээр гарахад шөнө орсон шиврээ борооны чийг ханхлан сэрүү татаж тэндээс орчны байдал харагдана. Бидний сэтгэл сэргэж, дотор уужраад Конд дургүйлхэн, тээршээх аяс миний бодлоос хийсэн арилжээ. Ийм сайхан өдөр ямар нэгэн зүйлд сэтгэл түвдэнэ гэдэг болшгүй зүйл ажээ. Энэ нь фиестийн урьд өдөр байлаа.


АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ

Долоодугаар сарын зургааны ням гарагийн үд дунд ФИЕСТА чинээндээ тултал хөгжлөө. Үүнийг өөрөөр дүрслэхийн аргагүй. Өглөөнөөс авхуулаад хөдөөгөөс цувсан хүмүүс хотоор нэг тарж, хөдөөгийнхөн гэж ялгагдамгүй байв. Хурц нартай өдөр талбайд ердийнхөөрөө л нам гүм. Тариачид зайдуухан дарсны мухлагт дарс ууцгааж фиестад зэхэн байв. Тэд нар тун саяхан уул талаас ирцгээгээд үнэ цэнтэй зүйлээ аажим арилжих нь чухал гэж байлаа. Тэд нар эхлээд ууш, зуушны газар оролгүй мөнгөнийхөө ид шидийг дарсны мухлагт гаргацгаажээ. Уг нь мөнгө ажилласан цаг, арилжсан бушел тарианы үнээр хэмжигддэг тодорхой үнэ цэнтэй зүйл байсан сан. Фиеста ид дундаа ороход хаа юу авч хэдийг төлсөн нь тэдэнд ялгаагүй болох ажээ.
Хутагт Ферминий баяр эхлэх анхны өдөр тэд хотын нарийхан нарийхан гудамж дахь дарсны мухлагуудад хар өглөөнөөс авхуулаад сууцгаажээ. Би өглөөний мөргөл хийхээр Сүм рүү очих замдаа тэдний дуулалдахыг нь мухлагийн нээлттэй хаалгаар сонслоо. Тэд халцгааж л байж дээ. Арван нэгэн цагт мөргөл эхлэхэд хүн олон байлаа. Хутагт Ферминий өдөр нь мөн л шашны баяр юм. Би сүмээс гарч доош уруудан талбайн тэндэх зуушны газар луу очдог гудамжаар орж явав. Бараг үд дунд болох гэж байхад тэнд очтол Роберт Кон, Билл хоёр сууж байв. Тэнд урьдын хаш вандантай ширээ, цагаан сүлжмэл сандлуудынх нь оронд ширээсэн төмөр ширээ, хатуу эвхмэл сандал тавилжээ. Энэ цайны газар тулалдаанд бэлэн болсон хөлөг онгоц мэт. Энэ өдөр үйлчлэгчид өглөөжингөө сонин уншиж суухад та ямар нэг юм авах уу гэж асуух ч үгүй, байдгаасаа шал өөр болжээ. Намайг ширээнд суунгуут нэг үйлчлэгч ирэв.
— Та хоёр юу ууцгаах гэж байна? гэж Билл, Роберт хоёроос намайг асуухад
— Шери, гэж Кон хэлэв.
— Jeres гэж би үйлчлэгчид хэлэв.
Үйлчлэгчийг шери дарс авчрахын өмнөхөн талбайд фиеста нээснийг пуужингаар дохио өгөхөд пуужин дэлбэрч талбайн нөгөө зах дахь Гаяр театрын тушаа өндөрт бөөн саарал утаа татуулав. Тэрхүү бөөн утаа тэнгэрт дэлбэрсэн дарь мэт байхыг ажин байтал өөр нэг пуужин түүний чигт хурц наранд утаагаа жирэлзүүлэн гарч ирээд дэлбэрэхдээ тод гэрэл гаргаж нэг жаахан утаа үүсгэв. Ийн хоёр дахь пуужин дэлбэрэх үед тун саяхан хүнгүй байсан сүүдрэвчинд тоймгүй олон улс шавсан байх тул үйлчлэгч шилтэй дарсыг толгойн тушаагаа дээр барьсаар олны дундуур явж арай гэж бидний ширээнд хүрч ирэв. Хүмүүс талбай руу зүг бүрээс цувсаар гудамжинд лимбэ, цуур, бөмбөрийн дуу ойртон байх нь дуулдав. Тэд riau—riau хэмээх ая тоглон лимбэ уянгалж, бөмбөр нижигнэн хөгжимчдийн араас эрэгтэйчүүд багачуул бүжиглэн явав. Цуур хөгжимчид хөгжимдөхөө болиход гудамжинд буй бүх хүмүүс тонгойцгоож байснаа хулсан лимбэ, цуур хөгжим уянгалж, дамар, бөмбөр дахин нижигнэхүйд цойлон үсэрч бүжицгээлээ. Олны дундаас бүжигчдийн толгой, мөн л дээшээ, доошоо болох нь үзэгдэж байна.
Талбайд нэгэн эрэгтэй хүн бөхийсөөр хулсан лимбэ тоглон явах бөгөөд бөөн хүүхэд араас нь хашхиран дагацгааж, хувцаснаас нь чангаан гүйцгээж байна. Хүүхдүүдийг дагуулан талбайгаас гарч ирэхдээ мөн лимбээ л үлээсээр хүрэн цайны газрын хажуугаар өнгөрч булан тойров. Ар хойноо хүүхэд шуугиулан хувцас хунараасаа чангаалгасаар лимбэдэн яваа тэр хүнийг хажуугаар нь өнгөрөхөд нь бид хэнэггүй цоохор царайг нь үзэв.
— Хараач! Энэ лав тосгоны нэг тэнэг байх гэж Билл хэлэв.
Гудамжинд бүжигчид ирэв, гудамж нэлэнхийдээ эрэгтэй бүжигчдээр дүүрэв. Хөгжимчид, бөмбөрчдөө даган бүжицгээж нэгэн зүйл нэгдэл холбоонд багтсан улс уу гэмээр цөм ажилчин хүний хөх цамц өмсөцгөөж хүзүүндээ улаан алчуур зангидаад хоёр ишинд уясан асар том далбаа авч явав. Олон хүмүүсээр бүчүүлэн талбайд орж ирэхэд далбаа дээш доош тэр аяараа намилзан байлаа.
— «Дарс мандтугай! Гадаадынхан мандтугай!» гэж далбаан дээр бичсэн байв.
— Гадаадынхан нь хаана байна аа? гэж Роберт Кон асуув.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Фиеста (наран бас л мандсаар байна) - 09
  • Büleklär
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 01
    Süzlärneñ gomumi sanı 4446
    Unikal süzlärneñ gomumi sanı 1956
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 02
    Süzlärneñ gomumi sanı 4483
    Unikal süzlärneñ gomumi sanı 1864
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 03
    Süzlärneñ gomumi sanı 4607
    Unikal süzlärneñ gomumi sanı 1736
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 04
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 1826
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 05
    Süzlärneñ gomumi sanı 4548
    Unikal süzlärneñ gomumi sanı 1873
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 06
    Süzlärneñ gomumi sanı 4584
    Unikal süzlärneñ gomumi sanı 2014
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 07
    Süzlärneñ gomumi sanı 4549
    Unikal süzlärneñ gomumi sanı 1837
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 08
    Süzlärneñ gomumi sanı 4587
    Unikal süzlärneñ gomumi sanı 1922
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 09
    Süzlärneñ gomumi sanı 4497
    Unikal süzlärneñ gomumi sanı 1837
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 10
    Süzlärneñ gomumi sanı 4530
    Unikal süzlärneñ gomumi sanı 1646
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 11
    Süzlärneñ gomumi sanı 4515
    Unikal süzlärneñ gomumi sanı 1796
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 12
    Süzlärneñ gomumi sanı 4401
    Unikal süzlärneñ gomumi sanı 1961
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 13
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 1936
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 14
    Süzlärneñ gomumi sanı 1105
    Unikal süzlärneñ gomumi sanı 637
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.