Latin

Фиеста (наран бас л мандсаар байна) - 10

Süzlärneñ gomumi sanı 4530
Unikal süzlärneñ gomumi sanı 1646
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Тэд хэдийнээ улаан зээрд болчихсон байх тул тэднийг гүйцнэ гэж санахын ч хэрэггүй байлаа. Билл гутал цэвэрлэгч хөлслөн Майклын гутлыг цэвэрлүүлэв. Гутал цэвэрлэгчид үүдээр шагайх бүрд нь Билл дуудаж нэгээр нь Майклын гутлыг тослуулна.
— Би арван нэг дэх удаагаа гутлаа тослуулж байгаа нь энэ. Билл ёстой л илжиг юм гэж Майкл хэлэв.
Гутал цэвэрлэгчдийн дунд энэ мэдээ үзтэл тарав бололтой.
Өөр нэг нь орж ирээд
— Limpia botas?22 гэж Биллээс асуув.
— Минийхийг биш, энэ ноёныхыг тосол гэж Билл хэлэв.
Гутал цэвэрлэгч завгүй буй нэгнийхээ хажууд сөхрөн сууж цахилгаан гэрэлд тэртэй тэргүй гялалзан байгаа Майклын тайлсан шаахайг цэвэрлэж эхлэв.
— Биллийн бах нь ханаж байгаа юм гэж Майкл хэлэв.
Би улаан дарс ууж тэднийг бодвол эрүүл байсан болохоор гутал цэвэрлүүлж байгааг хараад жаахан сэтгэл дундуурхан байв. Өрөөг нь тойруулан харвал хажуугийн ширээнд Педро Ромеро сууж байлаа. Би толгой дохисон чинь босож ирээд намайг нөхөртэйгөө танилцана уу гэв. Манай ширээтэй бараг залгаа ширээнд суугаа нөхөртэй нь танилцсанд Мадридын бухын тулалдааны шүүмжлэгч, туранхай царайтай жижигхэн хүн байв. Би Ромерод нөхрийн чинь ажил гоц санагдаж байна гэсэнд ихэд таашаалаа. Бид испаниар ярьцгаав. Харин шүүмжлэгч франц хэл жаахан мэддэг байлаа. Би ширээн дэх дарсны дашмагаа авах гэж гараа сунгатал шүүмжлэгч намайг болиулахад Ромеро инээв.
— Эндээс уу гэж тэр англиар хэлэв. Англиар ярихдаа тун ичимхий ч ярих дуртай. Хамт ярих үед эргэлзсэн үгээ санаж надаас асууна. «Corridа de toros»-ийг англиар юу гэдэг, яг оносон орчуулгыг нь мэдэх гэж хичээх ажээ. «Бухын тулалдаан» хэмээх англи үгийг тэр эргэлзэж байлаа. «Бухын тулалдаан»-ыг испаниар Zidia toro гэнэ. Corrida гэсэн испани үг англиар бух давхилдах гэсэн утгатай гэж би тайлбарлав. Францаар Course dе taureaux гэсэн үг гэж шүүмжлэгч нэмж хэлэв. Бухын тулалдаан гэдэг испани үг байдаггүй юм.
Педро Ромеро Гибралтард байхдаа ойр зуурын англи хэл сурсан юм гэнэ. Рондад төрсөн юм. Энэ нь Гибралтариас нэг их холгүй оршино. Малагад байхдаа тэндхийн бухтай тулалдах сургуульд сурч бухтай тулалдахын арга ухааныг эзэмшжээ. Сургуульд ердөө л гуравхан жил байжээ. Шүүмжлэгч Ромерог, Малага хэллэг их хэрэглэж байна гэж тохуурхав. Арван есөн настай гэнэ. Ах нь бандерильеро23 бөгөөд энэ зочид буудалд биш арай жижиг буудалд Ромерогийн дагуултай хамт байгаа гэнэ. Бухын тулалдааны хүрээнд та намайг хэдэн удаа харсан бэ гэж надаас асуув. Би гуравхан удаа л харсан гэж хэлэв. Үнэндээ би хоёрхон удаа харсан ч гэсэн нэгэнт буруу хэлснээ тайлбарлахыг хүссэнгүй.
— Урьд нь та намайг хаана харсан бэ? Мадридад уу?
— Тийм гэж би худал хэлэв. Би түүний Мадридад хоёр удаа тулалдсан тухай бухын тулалдааны сониноос уншсан тул дажгүй байв.
— Эхний тулалдааны үеэр үү эсвэл удаахаар нь уу?
— Эхнийхээр
— Би их өөдгүй байсан. Хоёр дахь нь дээр байсан гэснээ
— Та санаж байгаа биз дээ? гэж асуугаад шүүмжлэгч рүү эргэв.
Огт зовсон шинжгүй агаад ажил төрлийнхөө тухай түүнийгээ алсаас ажин харж буй мэт ярив. Ярианд нь өөрийгөө магтсан буюу биеэ тоосон зүйл өчүүхэн ч үгүй.
— Миний ажил таны сэтгэлд нийцсэнд би баяртай байна, гэхдээ танд харах юм бий. Маргааш сайн бух таарвал танд үзүүлэхийг хичээнэ гэж Ромеро хэлэв. Ингэж хэлээд биеэ магтаж байна гэж шүүмжлэгч бид хоёрын хэн нь ч бүү бодоосой гэсэн бололтой зовонгуй инээмсэглэв.
— Таны тулалдахыг үзвэл сайн сан. Та намайг үүндээ итгүүлэхээр тулалдах гэж шүүмжлэгч хэлэв.
— Энэ хүн миний арга ажиллагааг нэг их таашаадаггүй юм гээд Ромеро над руу эргэв. Түүний царайд ноцтой шинж тодрох аж. Ромерогийн хөдөлгөөн надад гойд санагддаг ч гэсэн гүйцэд биш байдаг юм гэж шүүмжлэгч тайлбарлав.
— Маргааш л хар даа. Хэрвээ сайн бух таарвал.
— Маргаашийн бухуудыг харсан уу? гэж шүүмжлэгч надаас асуув.
— Харсан. Буулгаж байхад нь харсан. Педро Ромеро урагшаа бөхийж,
— Ямар санагдав? гэж асуув.
— Сайхан бухууд. Хорин зургаа орчим арробын24 бух байсан. Их богинохон эвэртэй юм билээ.
— Өөрөө үзээгүй юу?
— Өө, үзэлгүй яах вэ гэж Ромеро хэлэв.
— Тэр бухууд яасан ч хорин зургаан арроб татахгүй гэж шүүмжлэгч хэлэв.
— Үгүй байлгүй гэж Ромеро хэлэв. Шүүмжлэгч
— Эвэр ч гэж дээ гадил л гэсэн үг гэж хэлэв.
— Та гадил гэв үү? гэж Ромеро асуугаад над руу эргэж инээмсэглээд
— Та арай гадил гэхгүй биз дээ? гэв.
— Үгүй, муугүй эвэр гэж би хэлэв.
— Дэндүү богинохон л доо. Богино богино гэхэд даанч хэтэрхий. Гэхдээ арай ч гадилтай зүйрцэхгүй гэж Педро Ромеро хэлэв.
— Хүүе, Жейк биднийгээ чи бүр орхио юу? гэж Бретт хажуугийн ширээнээс дуудан хэлэв. Би хариуд нь
— Түр зуур. Бид бухын тухай ярьцгааж байна гэв.
— Их байх шиг вэ!
— Бухад эвэр байдаггүй юм гэж цаадхадаа хэл гэж Майкл хашхирав. Тэр согтуу байлаа.
Ромеро над руу асуусан байдалтай харлаа. Би
— Бүр согтчихож. Borracho! Muy borracho!
— Та бидэнд нөхдөө танилцуулахгүй юм уу? гэж Бретт хэлэв. Тэр Педро Ромерогоос харцаа огтхон ч салгалгүй байлаа. Би Педро Ромеро, шүүмжлэгчийг хамтаараа хүрэн цай ууцгаахгүй юу гэж асуув. Тэр хоёр босов. Ромерогийн царай их л бараан харагдав. Хүнтэй харьцах байдал нь гойд.
Би тэднийг цөмийг нь танилцуулаад сууцгаах гэвэл суудал хүрэлцсэнгүйд бүгдээрээ ханын дэргэдэх том ширээ рүү очиж хүрэн цай ууцгаах болов. Майкл нэг шил Фундадор дарс, хүний тоогоор жүнз захилаа. Согтуугийн яриа их л өрнөлөө. Билл
— Зохиол бичих нь шившгийн юм шиг санагддаг гэж тэрүүндээ хэл. Хэл хэл. Би зохиолч болсондоо ичиж байна гэж түүнд хэл гэв.
Педро Ромеро Бреттийн хажууд сууж, ярихыг нь сонслоо.
— За тэрүүндээ хэлээч! гэж Билл хэлэв,
Ромеро инээмсэглэн дээшээ харав. Би
— Энэ эрхэм, зохиолч хүн гэв.
Ромеро Биллийг хүндэтгэсэн янзтай харав. Тэр хүн ч гэсэн бас зохиолч гээд би Кон руу заав.
— Вильяльттай төстэй юм гэж Ромеро Билл рүү харангаа хэлээд, — Рафаэль Вильяльттай төстэй юм тийм ээ? гэв.
— Төс алга гэж шүүмжлэгч хэлэв. Ромеро
— Үзтэл энэ хүн Вильяльттай тун ч адилхан юм. Тэр согтуу нь юу хийдэг вэ? гэж испаниар асуув.
— Юу ч хийдэггүй.
— Тэгээд л уудаг юм уу?
— Үгүй. Энэ хүүхэнтэй гэрлэх гэж хүлээлгээд байгаа юм.
— Бухад эвэр байдаггүй юм гэж цаадхадаа хэл! гэж Майкл ширээний булангаас тун согтуу хашхирав.
— Юу гэж байна аа?
— Согтчихож
— Жейк ээ. Бухад эвэр байдаггүй юм гэж тэрүүндээ хэл! гэв.
— Чи ойлгож байна уу? гэж би асуув.
— Ойлгож байна.
Би ойлгоогүй гэдгийг нь лавтай мэдэж байсан тул санаа ер зовсонгүй.
— Нөгөө ногоон өмдөө өмсөхийг чинь Бретт харъя гээд байна гэж хэл.
— Больж үз, Майкл
— Түүнийг нөгөө ногоон өмдөө яаж өмсөхийг нь Бретт харах сан гэж байж ядан байна гэж цаадхадаа хэл!
— Амаа тат.
Эл ярианы үеэр Ромеро жүнзээ оролдон Бреттэй ярьж суув. Бретт францаар ярьж, Ромеро испаниар, мөн жаахан англиар ярьж инээнэ.
Билл жүнзнүүд дүүргэж байв.
— Түүндээ хэл, Бретт...
— Өө, больж үз Майкл. Бурхан тэнгэрийг бодож больж үзээч.
Ромеро инээмсэглэн дээш хараад, — Больж үз. Үүнийг би мэднэ гэв.
Тэгтэл Монтояа өрөөнд орж ирэв. Над руу инээмсэглэн ширээ дүүрэн согтуу хүмүүс, мөн нүцгэн мөртэй хүүхэн бид хоёрын дунд инээн коньяктай том жүнз барьж суусан Ромерог харав. Монтояа толгойгоо ч дохисонгүй.
Түдэлгүй Монтояа өрөөнөөс гарч явав. Майкл хундага өргөхөөр боссон байлаа. Энийг бүгдээрээ... гэж эхлэхэд нь «Педро Ромерогийн төлөө» гэж би хэлэв. Бүгд бослоо. Ромеро хундагаа тун ёсорхуу авч бид хундага тулган уув. Майкл уух ёстой юмныхаа төлөө бус шал өөр юмны төлөө уулаа гэж хэлэх гээд байсан учир би жаахан түргэлүүлэв. Гэвч бүгд зүгээр өнгөрч Педро Ромеро хүн бүртэй гар бариад шүүмжлэгчтэй хамт гарч одов. Бретт
— Бурхан минь! Ёстой сайхан хүү юм. Түүнийг хувцсаа яаж өмсөхийг нь. Гутлаа өмсөхдөө лав эвэр хэрэглэдэг биз гэв. Майкл
— Би түүнд хэлэх гэтэл Жейк яриаг минь яагаад тас дайраад байсан юм бэ? Чи өөрийгөө надаас испаниар илүү ярьдаг гэж бодож байгаа юм уу? гэв.
— Өө Майкл минь болиоч дээ! Чиний яриаг хэн ч таслаагүй байна.
— Үгүй ээ. Би үүнийг тодруулмаар байна санж гээд надаас эргэж, — Кон чи өөрийгөө их чухал амьтан гэж бодож байна уу? Энд бидний дунд эзлэх байртай хүн гэж өөрийгөө бодно уу? Тэр тусмаа наргиж цэнгэх хүсэлтэй улсын дунд шүү. Бурхныг бодож ингэж битгий шууг Кон! гэв.
— Өө үүнийгээ боль Майкл гэж Кон хэлэв.
— Бретт, чамайг энд байгаасай гэж хүсэн байгаа гэж чи бодож байна уу? Чамтай байхад илүү хөгжилтэй байдаг гэж боддог юм биш биз. Чи яагаад бүлх залгичихсан юм шиг суугаад байна вэ?
— Хэлэх ёстой бүхнээ бүгдийг нь эртээдхэн чамд хэлсэн Майкл.
— Би бол зохиолч биш. Майкл хөл дээрээ дэнжгэнэн байх бөгөөд ширээ тулжээ. — Би ухаантай хүн биш ээ. Гэвч би өөрийнхөө хэрэг барагдсаныг тэр дор нь ухаардаг. Кон чи яагаад ад үзэгдэж байгаагаа мэддэггүй юм бэ? Яв! Бурхныг бодож явж үз! Наад уйтгарт еврей зүсээ цааш нь. Миний зөв биз дээ? Кон бидэн рүү харав.
— Яг зөв. Бүгдээрээ Ируна руу явцгаая гэж би хэлэв.
— Үгүй ээ, та нар миний зөв гэж бодохгүй байна уу? Би энэ бүсгүйд хайртай юм шүү дээ.
— Өө дахиад л нөгөөдхөө эхлэхээ боль. Амаа тат Майкл гэж Бретт хэллээ.
— Жейк! Миний зөв биш гэж үү?
Кон ширээндээ суусаар л. Царай нь зэвхий шарангуй болсон байхад зохисон мэт харагдана. Доромжлогдох бүрдээ царай нь ийм болдог юм. Халамцуу гэнэн зангаар өөрийгөө сүрхий эр гэж боддог байх. Сурвалжит эмэгтэйтэй холбогдсоноос болсон хэрэг
— Жейк, миний зөв биз дээ гэж Майкл хэлэв. Тэр бараг уйлж байв.
— Чи аан гэж бай! гээд Кон руу эргэж, — Яв, одоохон яв! гэлээ.
— Би явахгүй, Майкл гэж Кон хэллээ.
— Тэгвэл би явуулж өгье.
Майкл босож ширээ тойрон түүн рүү хүрч очив. Кон босож нүднийхээ шилийг авав. Тэр зэвхий царайлан гараа унжуулсхийн бардам эрэлхүүгээр довтолгоог хүлээн өөрийнхөө дурлалт хүүхнийхээ төлөө тулалдаанд бэлтгэн зогсож байлаа.
Би Майклыг барьж аван, — Цайны газар луу явъя. Энд энэ зочид буудалд чи Коныг цохиж болохгүй гэв.
— Зөв. Зүйтэй санаа гэж Майкл хэллээ. Бид босож одов. Намайг эргэж харахад Майк шатан дээр бүдрээд өндийж Кон нүднийхээ шилийг дахиад зүүж байх нь харагдлаа. Билл фундадор дарс хундагалан сууж байлаа. Бретт эгц урагшаа ширтэн суув.
Гадаа талбайд бороо хэдийнээ намжиж, сар үүлний цаанаас цухуйлаа. Салхи сэвэлзэж байв. Цэргийн үлээвэр хөгжим тоглож, талбайн тэртээ талд бөөн хүмүүс галт бөмбөлөг хөөргөж буй галлагч, хүү хоёрыг хүрээлжээ. Бөмбөлөг огцомхон ташуулдан хөөрч салхинд хагарах буюу эсвэл талбайн байшингууд руу туугдана. Зарим нь хүмүүс рүү унана. Магни гялалзан бөмбөлөг тэсрэхэд хүмүүс тал тал тийш бутарна. Талбай дээр бүжиглэх амьтан нэгээхэн ч алга. Хайрган зам хэтэрхий норсон байлаа.
Бретт Биллийн хамт гарч ирээд бидэнтэй нийлэв. Бид хүмүүсийн дунд ороод, галын наадмын хаан Дон Мануело Оркитог жижигхэн тавцан дээр зогсож бөмбөлгүүдийн саваагаар зөөлөн түлхэж, салхинд хөөргөж байхыг харлаа.
Салхинд тэр бүгд нь ойчих буюу хүмүүс рүү бууж дэлбэрэн шатаж, хөл доор оч бутруулан байгаа галын нарийн ажлаасаа болж Дон Мануело Оркитогийн нүүр нь хөлөрсөн байв. Гэрэлтэж буй цаасан бөмбөлгүүд хэлтийж, гялс хийн унах бүрд цугларагч олон хашхиралдах аж.
— Тэд Дон Мануелог тохуурхаад байна гэж Билл хэлэв.
— Дон Мануело гэдгийг нь чи яаж мэдээв? гэж Бретт асуулаа.
— Нэр нь хөтөлбөр дээр байгаа.
«Дон Мануело Оркито esta ciudad25 галын мэргэжилтэн»
Glоbos jlluminados26 Globos jlluminados-ын цуглуулга гэж зарлал дээр бичсэн байна лээ гэж Майкл хэлэв. Хөгжмийн эгшиг салхинд сарнина. Бретт
— Ядаж нэг нь хөөрөөсэй. Дон Мануело бүүр байж ядаж байна гэв.
— Энэ бөмбөлгүүдийг хөөргөж «Хутагт ферминий алдар мандаг» гэдэг үгсийг гаргахын тулд тэр хүн лав хэдэн долоо хоног бэлтгэсэн байх гэж Билл хэлэв.
— Globos jllumanados Ерын Globos illuminados-ын цуглуулга гэж Майкл хэлэв.
— Явцгаая. Энд зогсоод яах вэ гэж Бретт хэлэв.
— Авхайтан юм ууя гэж байна гэж Майкл хэлэв.
— Чи яаж ингэж гадарладаг юм бэ! гэж Бретт хэллээ. Цайны газарт хүн ихтэй, чих дөжрөм шуугиантай байв. Бидний орж ирэхийг анзаарсан хүн нэгээхэн ч алга. Бид ширээ олж чадсангүй. Тэнд чимээ шуугиан гэж нөхцөлгүй ажээ.
— Явцгаая, эндээс гаръя гэж Билл өгүүлэв. Гонхнуудын дор баяр ёслол өрнөн байлаа. Тэнд Биаррицаас яваа Америкчууд, англичууд биеийн тамирын хувцастайгаа ширээнд сууцгааж байлаа. Зарим эмэгтэйчүүд нь зугаацагчдыг бариултай дурангаараа харах аж. Бид Биаррицаас ирсэн Биллийн танилтай тааралдав. Урьд нүүр учирч танилцсан хүн байв. Тэр бүсгүй «Гранд отеле»-д өөр нэгэн бүсгүйн хамт сууж байгаа аж. Найз бүсгүйн нь толгой өвдсөн тул унтахаар явжээ.
— Энд байна, зуушны газар гэж Майкл хэлэв.
Энэ нь жижиг давчуу «Миланын зуушны газар» гэгч бөгөөд энд хооллодгоос гадна арын өрөөнд нь бүжиглэцгээдэг аж. Бид бүгдээрээ ширээнд сууцгааж нэг шил фундадор дарс захиалав. Зуушны газарт хүн сэлүүхэн, наргиан цэнгээний ул мөр ер үгүй байв.
— Золиг шиг уйтгартай газар юм даа гэж Билл хэлэв.
— Дэндүү эрт болоод тэр
italki
— Ганц шил юм аваад явъя. Оройхон энд эргэж ирье. Ийм эрт энд суугаад яах вэ гэж Билл хэлэв.
— Явж англи хүн харья. Хармаар санагдаад л байдаг юм гэж Майкл хэллээ.
— Тэд ёстой зэвүүн шүү. Ер нь тэд хаанаас ирцгээсэн юм болоо гэж Билл хэлэв.
— Тэд чинь Биаррицаас ирцгээсэн юм. Испанийн энэ сонин баярын төгсгөлийн өдрийг үзэхээр ирцгээсэн юм гэж Майкл хэллээ.
— Тэдэнд би фиестаг үзүүлнэ гэж Билл хэлэв.
— Та ч ёстой үнэхээрийн сайхан бүсгүй юм аа гэж Майкл эргэж Биллийн танил хүүхэнд хэлээд, — Та хэдийд ирээв? гэж асуув.
— Майкл больж үзээч
— Түүнийг сайхан бүсгүй гэж би хэлж байна. Би хаана байлаа. Харц минь чухам юун дээр тусаж байсан юм бэ? Та нээрээ сайхан хүүхэн юм. Бид танилцав шив? Билл бид хоёртой хамт яв. Бид англичуудад Фиестаг үзүүлээд өгье.
— Би тэдэнд фиестаг үзүүлнэ ээ. Тэд энэ фиестагийн үеэр ямар золигоо хийж байгаа юм болоо? гэж Билл хэлэв.
— Явцгаая. Ердөө л гурвуулаа явцгаая. Бид тэр цустай англичуудад Фиестаг үзүүлэхээр явлаа. Таныг англи бүсгүй биш гэж би бодож байна. Би өөрөө шотланд хүн. Англичуудыг үзэн яддаг. Би тэдэнд фиестаг үзүүлнэ. Билл ээ, явъя гэж Майкл өгүүлэв. Тэр гурвын гар гараасаа хөтлөлцөөд цайны газар луу явж байхыг нь бид цонхоор харлаа. Талбайд пуужин хөөргөсөөр л байв.
— Би эндээ сууж байя гэж Бретт хэлэв.
— Би чамтай үлдье гэж Кон хэллээ.
— Өө хэрэггүй. Бурхан минь нэг тийшээ яв. Жейк бид хоёр ярилцмаар байгааг харахгүй байна уу? гэж Бретт хэлэв.
— Өө харла. Би жаахан халамцуу байгаа болохоороо л энд сууя гэж бодсон юм л даа гэж Кон өчив...
— Хэн хүнтэй хамт байх сайхан шалтаг олж дээ. Чи халамцуу байгаа юм бол явж унтахгүй юу! Явж унт гэж Бретт хэллээ.
— Контой би ширүүн ярив уу даа? гэж Бретт асуув. Кон ч явжээ.
— Бурхан минь түүнд бүр зэвүү хүрэх юм.
— Энэнд ч хүнийг хөгжөөх юм бага даа.
— Тэр намайг бүр сэтгэлээр унагаачихдаг юм.
— Тэр ёстой эвгүй ааштай хүн.
— Жигшүүртэй муухай. Уг нь нэлээд зүгээр араншинтай байвал болохоор байсан юм.
— Өдийд тэр аягүй бол хаалганы цаана хүлээж байгаа байх.
— Тэгэх л хүн дээ. Яаж байгаагийн учрыг би ойлгож байна. Үүнд ер атгаг санах юм үгүй гэдгийг үнэмшиж чадахгүй л байгаа.
— Би мэднэ.
— Ийм араншинтай хүн үүнээс өөр үгүй. Энэ бүхнээс би бүр залхаж гүйцлээ. Майклаас ч ялгаагүй. Тэр ч уг нь зүгээр шүү.
— Энэ лав Майклд хэцүү байгаа даа.
— Тийм ээ. Гэхдээ тэгж гахай шиг байх хэрэггүй сэн.
— Хүн бүр л эвгүй араншинтай. Тэдэнд бололцоо өг л дээ гэж би хэллээ.
— Чи уг нь тийм биш сэн гээд Бретт над руу харлаа.
— Би Кон шиг бас л тийм үхэр шиг тэнэг байх байсан юм.
— Хайрт минь ийм завхарсан юм бүү яриач.
— За яах вэ. Чи дуртай юмаа л ярь.
— Уурласны хэрэггүй. Чи бол миний гэх цорын ганц хүн шүү дээ. Энэ орой надад маш аймшигтай байна.
— Чамд Майкл байгаа шүү дээ.
— Тийм ээ, Майкл байгаа. Энэ ч бас сайхан биш гэж үү?
— За тэгвэл Коны сүүл шиг дагах, чамтай хамт байхыг нь харах Майклд хэцүү л байгаа даа.
— Боль доо хайрт минь, би үүнийг чинь мэднэ. Миний дургүйг улам л хүргэх зүйлийн тухай ярихгүй байж үз.
Бреттийг ийн бачимдсан байхыг урьд нь би огт үзээгүй билээ. Надаас харцаа буруулан урагшаа хана ширтэн байв.
— Явах уу?
— Тэгье, явъя.
Би нэг шил фундадор дарс бөглөн үйлчлэгчид өглөө. Бретт
— Үүнээс дахиад нэг уучихъя. Санаа нэн тавгүй байна гэв. Бид нэг нэг хундага зөөлөн, анхилуун архи ууцгаалаа.
— За явъя гэж Бретт хэллээ.
Биднийг хаалгаар гарах үес Кон гонхон дороос гарч явахыг нь би харав.
— Нөгөөх чинь тэнд байж шүү гэж Бретт өгүүлэв.
— Чамаас холдож чадахгүй байна.
— Хөөрхий амьтан.
— Надад түүнийг өрөвдөх юм ер алга. Түүнийг би ч үзэн ядах юм.
— Би ч мөн түүнийг үзэн ядах юм гээд чичирсхийн
— Би түүний балай гунигийг жигшдэг гэв.
Бид сугадалцаад олон улс, талбайн гэрлээс гарч нарийн гудамжаар явцгаав. Гудамж нойтон харанхуй, бид хотын захын бэхлэлтүүд рүү алхлаа. Бид үүдээр нь харанхуй нойтон гудамж руу гэрэл тусаж, гэнэт хөгжим нижигнэх нь сонстож буй дарсны мухлагийг өнгөрөв.
— Орох уу?
— Үгүй
Бид чийгтэй өвсөн дундуур туучин гараад бэхлэлтийн чулуун хана өөд гарцгаав. Чулуун дээр сонин дэвсэж Бретт дээр нь суув. Талын чанадах уулс харагдан байлаа. Салхи ширүүсэж сар үүлэн цаагуур орлоо. Бидний доогуур бэхлэлтийн харанхуй сувгууд харагдана. Модод, сүмийн сүүдэр сүглийн хот сарны гэрэлд бараантах ажээ.
— Битгий гутар гэж би хэлэв.
— Надад ч ёстой там шиг л байна. Юм ярилгүй сууцгаая гэж Бретт хэлэв. Бид талын зүг харцгаалаа. Сарны гэрэлд эгнэсэн урт модод сүүдэртэх аж. Уул өөд өгссөн замаар машины гэрэл гялалзана. Уулын орой дээр гялалзах цайзын гэрлийг бид харцгаав. Доор, зүүн талд нь гол байна. Бороо орж үерлээд оволзон байна. Эргийн дагуух модод л бараантан байна. Бид энэ бүгдийг харан суулаа. Эгц урагшаа харж суусан Бретт гэнэт чичирсхийв.
— Хүйтэн байна.
— Буцах уу?
— Цэцэрлэг дундуур явъя.
Бид бэхлэлтээс бууцгаав. Дахиад л үүлшээд байлаа. Модод дунд харанхуй аж.
— Жейк чи надад сэтгэлтэй хэвээрээ юу?
— Хэвээрээ гэж би хэллээ.
— Би өнгөрсөн хүн шүү дээ гэж Бретт өгүүлэв.
— Яалаа гэж?
— Би өнгөрсөн хүн. Энэ Ромеро гэдэг залууд бүр унаж гүйцлээ.Сэтгэлтэй болчих шиг боллоо.
— Би л чиний оронд байсан бол ингэхгүй сэн.
— Би яаж ч чадахгүй нь. Би дүүрсэн хүн. Санаа сэтгэл минь сүйрч гүйцлээ.
— Битгий ингэ.
— Би яаж ч чадахгүй нь. Би ямарваа нэг юмыг хэзээ ч зохицуулах чадваргүй хүн юм.
— Чи үүнийгээ тат.
— Би яаж татах юм бэ? Би больж чадахгүй гээд гар нь чичрэн байх аж.
— Санаа сэтгэл минь үүн шиг л салгалан байна.
— Ингэх ч учиргүй дээ.
— Би яаж ч чадахгүй нь. Ямар ч байсан би дүүрсэн хүн. Чи үүнийг ажиж мэдээгүй гэж үү.
— Үгүй.
— Би нэг юм хийнэ ээ. Үнэхээр хүсэж байгаа юмаа хийнэ. Би өөрийгөө хүндлэхийг ч больсон.
— Битгий тийм юм хийгээрэй.
— Өө хонгор минь битгий зов. Тэр еврейг, бас тэр Майклын ааш авирыг тэсвэрлэх надад хэцүү байгааг чи мэдэж байна уу?
— Мэдэж байна.
— Би үргэлж халамцуу байж чадахгүй.
— Чадахгүй.
— Хайрт минь надтай үлд л дээ. Чи надтай үлдэж туслаач дээ.
— Тэгье л дээ.
— Үүнийгээ би зөв гэж хэлэхгүй ээ. Гэхдээ энэ чинь наддаа л зөв. Би ер нь хэзээ ч ийм булай шулам байгаагүй сэн.
— Би тэгээд яах юм бэ?
— Явъя. Явж түүнийг олъё гэж Бретт хэлэв. Бид хоёр цэцэрлэгт хүрээлэнд харанхуйн дундах моддын доогуурх хайрга цацсан замаар явсаар хаалгаар гарч хот руу одсон замаар оров.
Педро Ромеро цайны газар сууж байлаа. Бухын тулалдааны шүүмжлэгчид, бухтай тулалдагчдын хамт байв. Бүгдээрээ навчин тамхи татаж байна. Бид хоёрыг орж очтол наашаа харцгаав. Ромеро инээмсэглээд мэхэсхийв. Бид тасалгааны гол дахь ширээнд суулаа.
— Ромерог энд ирж хамт ууя гэж хэл.
— Жаахан хүлээзнэ, өөрөө ирнэ.
— Би өөдөөс нь харж ч чадахгүй нь
— Түүнийг харахад аятайхан байх юм.
— Би үргэлж л өөрийнхөө санасныг хийдэг хүн.
— Мэднэ ээ.
— Надад маш шившигтэй санагдах юм.
— Аргагүй.
— Бурхан минь, эмэгтэй хүн ер юу эс үзнэ вэ.
— Тийм үү?
— Өө надад маш шившигтэй санагдаж байна.
Би тэдний суусан ширээ рүү харав. Педро Ромеро инээмсэглээд ширээнийхээ бусад нөхдөд нэг юм хэлчхээд бослоо. Тэгээд манай ширээ рүү ирэв. Би босож бид гар барилцлаа.
— Та бидэнтэй цуг сууж уухгүй юу? гэтэл Ромео
— Та нар надтай уух ёстой гэв. Бреттээс үг дуугаралгүй зөвшөөрөл авч манай ширээнээ суув. Түүний байдал нэн гойд. Гэхдээ навчин тамхиа татсаар л байлаа. Навчин тамхи царайд нь чимэг болжээ.
— Та навчин тамхи татах дуртай юм аа гэж би асуутал,
— Харин тийм. Дандаа навчин тамхи татдаг гэв.
Ийм тамхи түүнд жин нэмж, ахимаг харагдуулдаг аж. Би арьсыг нь ажиглавал цэвэрхэн, гөлчгөр, нэн бараан өнгөтэй байлаа. Шанаа дээр нь гурвалжин сорви байв. Бреттийг ширтсэн байхыг нь би үзэв. Тэдний хооронд ямар нэгэн юм байгааг мэдлээ. Ер нь Бреттэй гар барихдаа үүнийг мэдрэх ёстой байсан юм. Ромеро их л болгоомжтой, итгэлтэй байна, будилахгүй юм сан гэж л байна даа гэж би бодов.
— Та маргааш тулалдах уу? гэж би асуулаа.
— Тэгнээ. Өнөөдөр Мадридад Алгабено гэмтсэнийг та нар дуулав уу?
— Үгүй, хүнд бэртээ юу? гэж би асуув.
Ромеро толгой сэгсрээд
— Онц юм болоогүй. Эндээ гээд гараа заав.
Бретт гараа сунган түүний хуруунуудыг тэнийлгэв.
— Өө та мэргэлдэг юм уу? гэж Ромеро англиар асуув.
— Хааяа л. Мэргэлүүлнэ үү?
— Тэгье. Би ийм юманд дуртай.
Ромеро гараа тэнийлгэн ширээн дээр тавив. — Намайг мөнх явна, саятан болно гээд хэлээд аль. Ромеро маш эелдэг агаад өөртөө эрдүү байв.
— Хардаа. Миний гарт бух харагдаж байна уу? гээд инээв. Гар нь маш сайхан бөгөөд шуу нь нарийхан байлаа.
— Мянга мянган бух байна гэж хэлж буй тэр бүсгүйн сэтгэл ер дэнсэлсэн шинжгүй байлаа. Маш дур булаам харагдаж байлаа.
— Сайн байна. Сайхан явдал гээд Ромеро инээн
— Тус бүр мянган дуро гэсэн үг гэж надад испаниар хэлээд
— Цааш нь яриач гэж Бреттээс гуйв.
— Энэ чинь сайхан гар юм гээд Бретт, — Лав урт насална гэж бодож байна гэв.
— Үүнийгээ найздаа биш надад хэлээч.
— Таныг урт удаан насална гэж би хэлсэн.
— Би өөрөө мэднэ ээ. Би хэзээ ч үхэхгүй гэж Ромеро хэллээ.
Би ширээн дээр хурууныхаа өндгөөр тогштол Ромеро харж толгойгоо сэгсрээд
— Үгүй ээ. Бүү ингэ. Бух бол миний шилдэг нөхөд байгаа юм гэв.
Би үүнийг нь Бреттэд орчуулж өгөв.
— Тэгэхээр та нөхдөө алдаг байх нь уу гэж асуулаа.
— Дандаа л гэж англиар хэлж инээгээд, — Тэднээр алуулахгүйн тулд гээд ширээн дээгүүр Бреттийг харав.
— Та англи хэл сайн мэдэх юм аа?
— Мэднэ ээ. Зарим үед муугүй ярьчихдаг. Харин үүнийгээ би бусдад мэдэгдэх ёсгүй. Бухтай тулалдагч англиар яривал маш муу юм болно гэв.
— Яагаад? гэж Бретт асуув.
— Энэ маш муу. Хүмүүс үүнд л дургүйцнэ. Ингэж болохгүй.
— Яагаад болохгүй гэж?
— Тэд дургүйцнэ. Бухтай тулалдагч ийм байж болохгүй. Ингээд малгайгаа нүд рүүгээ дарж өмсөөд янжуураа сэлгүүлэн зууж нүүрээ төв болгоод
— Яг л энэ ширээнд суугаа мэт байх ёстой гэж хэллээ. Би түүн рүү харав. Тэр яг л Насионалийг элэглэн байв. Тэгээд урьдын адил инээмсэглээд, — Би англи хэлийг мартах ёстой гэв.
— Одоохондоо үүнийг битгий мартаарай гэж Бретт хэлэв.
— Битгий гэнэ ээ?
— Битгий
— За
Ромео дахиад инээв.
— Ийм малгай надад зүгээр санагдах юм гэж Бретт өгүүлэв.
— Сайн байна. Би танд нэгийг олж өгөмз.
— Сайн байна. Харж л байя.
— Өгнөө. Өнөө шөнө л нэгийг олоод өгнө.
Би бослоо. Ромеро ч өндийв.
Суугтун. Би нөхдөө олж энд авчрах ёстой гэж би хэллээ. Тэр намайг харав. Энэ бол бүх юм ойлгомжтой биз гэж асуусан харц байлаа. Энэ бол ойлгомжтой.
— Суу л даа. Та надад испани хэл зааж өгөөч гэж Бретт түүнд хэллээ.
Ромеро суугаад Бреттийг харав. Би ч гарч одлоо. Бухтай тулалдагчийн ширээнд суугаа хүмүүс ширүүн харцаар намайг үдэв. Таагүй л санагдлаа. Хориод минутын дараа намайг буцаад цайны газар орж ирэхэд Бретт, Педро Ромеро хоёр алга байлаа.
Цайны аяга бид гурвын коньяк уусан хоосон жүнзнүүд ширээн дээр үлджээ.
Алчуур барьсан үйлчлэгч ирж хундагануудыг хураагаад ширээг арчив.


АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ

Милано хэмээх зуушны газрын үүдэнд би Билл, Майкл, Эдна нартай тааралдав. Эдна гэдэг нь Биллийн танил охины нэр.
— Биднийг хөөгөөд гаргачихлаа гэж Эдна хэлэв.
— Цагдаа гаргасан юм. Энд надад дургүй хэдэн улс байна гэж Майкл хэлэв. Эдна
— Би эднийг дөрвөн удаа зодолдох гэхэд болиуллаа. Та одоо надад туслах болж дээ гэв. Биллийн царай улсхийж
— Эдна, буцаж оръё. Буцаж ороод чи Майклтай бүжиглэ гэв.
— Даанч дээ. Ахиад л хэрүүл маргаан дэгдэнэ гэж Эдна хэлэв. Билл
— Биаррицын тэнэг гахайнууд гэж зүхэх аж. Майкл
— Оръё. Энэ зуушны газрыг тэд эзэгнээд байхдаа яадаг юм бэ гэв. Билл
— Хөөрхий муу Майкл минь, нэг муу англи гахай энд хүрч ирээд доромжилж наадам гутаах санаатай гэнэ гэв. Майкл
— Тэд нар чинь бүгдээрээ өөдгүй амьтан Англичуудыг би үзэн ядна гэв. Билл
— Тэд Майклыг доромжилж чадахгүй. Майкл гэдэг чинь гайхамшигтай эр байхгүй юу. Майклыг доромжилно гэвэл санасны гарз. Би үүнийг тэвчихгүй. Үүний дампуурсан, үгүй нь хэнд хамаатай юм бэ? гэснээ гэнэт дуугүй болов.
— Хэнд хамаатай юм бэ? Би өөрөө ч үүнд санаа зовохгүй. Жейкд ч хамаагүй. Чамд хамаагүй, тийм биз? гэж Майкл асуув. Эдна
— Үгүй. Та дампуурчихсан юм уу? гэв.
— Тэгэлгүй яах вэ. Чамд хамаагүй, тийм үү Билл? Билл Майклыг дал мөрөөр нь тэврэв.
— Би дампуурсан ч болоосой. Энэ новшнуудад ёстой үзүүлээд өгөх сөн.
— Эд чинь ердөө л англичууд шүү дээ. Тэдний юу хэлэх нь огт хамаагүй гэж Майкл хэлэв.
— Новшийн гахайнууд. Би тэднийг хөөж гаргана. Эдна
— Билл гээд над руу харснаа, — Билл, битгий буцаж орооч дээ. Цаадуул чинь тэнэг амьтад шүү дээ гэв. Майкл
— Тийм ээ, тэнэг амьтад. Тэгээд ч ингэлээ гэдгийг нь бид мэдсэн юм гэв. Билл
— Тэд Майклын тухай тийм юм хэлэх ёсгүй гэв.
— Чи тэднийг таньдаг уу? гэж би Майклаас асуусанд
— Үгүй би ер үзээгүй юм байна лээ. Харин намайг таньдаг юм гэнэ гэв.
— Би ийм явдлыг тэвчихгүй гэж Билл хэлэв. Би
— Явцгаая. Суйсо руу очъё гэв. Билл
— Эд Биаррицаас ирсэн, Эднагийн найз нар нь байгаа юм гэвэл Эдна
— Тэд чинь зүгээр л нэг мулгуу амьтад гэв. Билл
— Нэгийг нь Чарли Блэкмэн гэдэг юм. Чикагогийн хүн гэв. Майкл
— Чи Чикагод энэ яваа насандаа ер очиж үзээгүй гэв. Эдна зогсоо зайгүй хөхөрч байснаа
— Дампуурагсад минь, намайг эндээс зайлуулж өгөөч гэв. Би Эднагаас
— Юун хэрүүл болсон юм бэ? гэж асуув. Бид Суйсогийн зүг талбай дундуур явж байлаа.
Билл алга болжээ.
— Юу болсныг би мэдэхгүй. Цаад өрөөнд нь сууж байсан Майклыг хөөж гаргуулахаар нэг нь цагдаа дууджээ. Майклыг Каннед байхад нь зүс үзсэн хэдэн хүн байсан юм гэнэ. Майкл ер нь яасан юм бэ?
— Тэдэнд лав өртэй байсан биз. Хүмүүс голцуу үүнээс л болж уурладаг шүү дээ гэж би хэлэв. Талбай дээр билет зарах бүхээгийн өмнө хүмүүс хоёр эгнээ болон зарим нь сандал дээр, зарим нь хөнжил, сонин сэлт дэвсэн газар сууцгаажээ. Бухын тулалдааны билет өглөө зарахыг нь хүлээн байгаа нь энэ аж. Шөнө тэнгэр цэлмэж, саран үүлсийн цаанаас гарав. Тийнхүү цувран суугаа улсын зарим нь унтсан байна. Бид Суйсо хэмээх зуушны газар орж суугаад фундадор захиж байтал Роберт Кон орж ирэв. Тэр
— Бретт хаана байна вэ? гэж асуув.
— Мэдэхгүй.
— Чамтай хамт байсан шүү дээ.
— Лав орондоо орсон биз.
— Үгүй байна.
— Хаана байгааг би мэдэхгүй.
Коны царай гэрэлд зэвийн үзэгдэнэ. Кон зогссоор л байлаа.
— Хаана байгааг нь хэлээд өгөөч
Би
— Суу, хаана байгааг нь мэдэхгүй гэв.
— Худлаа!
— Эндээс зайл!
— Бретт хаана байгааг хэлээд өгөөч
— Хэлэхгүй!
— Хаана байгааг нь чи мэдэж байгаа.
— Мэдэж байлаа ч хэлэхгүй.
— Кон, чамайг эрлэг аваасай билээ гэж ширээний цаанаас хашхираад Майкл — Бретт бухтай тулалдагч хархүүтэй арилаад өгсөн. Одоо тэдний хувьд бал сар нь болж байгаа гэв.
— Амаа тат.
— Эрлэг авмар гэж Майкл гунигтайяа сунжруулан хэлэв.
— Энэ үнэн үү? гэж Кон надаас асуув.
— Эрлэг авмар
— Чамтай цуг байсан. Энэ үнэн үү?
— Эрлэг авмар.
— Чамаар заавал хэлүүлнэ дээ, хараал идсэн зууч минь гээд Кон урагш давшив.
Би гар далайн цохисон боловч Кон бултжээ. Хажуу тийшээ далжисхийн бултахыг нь би чийдэнгийн гэрэлд харав. Би өөрөө цохиулаад чулуун зам дээр лагхийн суув. Босох гэж завдтал тэр хоёр дахин цохилоо. Би арагшаа савж ширээн доогуур унав. Босоод түүнийг цохьё гэж бодоод босох гэж оролдтол хөл маань мэдээгүй болжээ. Ашгүй Майкл намайг түшиж босгов. Нэг хүн галуун хүзүүт дүүрэн ус толгой руу хийлээ. Майкл миний бүсэлхийгээр тэврэн сандал дээр суусныг мэдэв. Майкл миний чихийг үрэн байж.
— Чамайг мажийчихлаа гэж бодлоо шүү гэв.
— Чи чинь хааччихдаг гом бэ?
— Энд л байж байлгүй яах вэ.
— Үүнд оролцъё гэж бодсонгүй юу?
— Тэр бас Майклыг дэлсээд унагаачихсан юм гэж Эдна хэлэв. Майкл
— Арай ч унатал дэлсээгүй. Би зүгээр л хэвтэж байсан юм гэв.
— Танай баяр наадмын үеэр орой болгон ийм явдал гардаг уу? Энэ чинь нөгөө Кон уу? гэж Эдна асуув.
— Одоо гайгүй боллоо. Толгой л жаахан эргэж байна гэж би хэлэв. Биднийг тойрон хэдэн үйлчлэгч, баахан хүмүүс зогсжээ. Майкл
— Явцгаа, Явцгаа гэв. Үйлчлэгчид тэрхүү шавсан улсыг тараалаа. Эдна
— Харууштай л юм байна. Тэр лав боксчин байж таарна гэв.
— Яг тийм.
— Билл энд байсан болоосой. Билл яасхийж унах бол, харах юм сан. Түүнийг хүнд цохиулбал яасхийж унах бол гэж би дандаа боддог. Ер нь их өндөр хүн дээ гэж Эдна хэлэв. Майкл
— Кон лав үйлчлэгчийг цохиж унагах байх тэгээд баригдаад явна гэж хараад л байсан юм. Роберт Коныг шоронд сууж байхыг нь үзвэл би мөн ч их баярлана даа гэв. Би
— Үгүй байлгүй гэв. Эдна
— Та тоглож байгаа байлгүй, үнэхээр тэгж бодоогүй биз гэв.
— Үнэхээр тэгж бодсон юм. Хүнд зодуулж явдаг нь би биш. Тэр байтугай би тоглоом тоглодог ч хүн биш гэж Майкл хэлээд, хундагатай дарсаа уув.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Фиеста (наран бас л мандсаар байна) - 11
  • Büleklär
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 01
    Süzlärneñ gomumi sanı 4446
    Unikal süzlärneñ gomumi sanı 1956
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 02
    Süzlärneñ gomumi sanı 4483
    Unikal süzlärneñ gomumi sanı 1864
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 03
    Süzlärneñ gomumi sanı 4607
    Unikal süzlärneñ gomumi sanı 1736
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 04
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 1826
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 05
    Süzlärneñ gomumi sanı 4548
    Unikal süzlärneñ gomumi sanı 1873
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 06
    Süzlärneñ gomumi sanı 4584
    Unikal süzlärneñ gomumi sanı 2014
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 07
    Süzlärneñ gomumi sanı 4549
    Unikal süzlärneñ gomumi sanı 1837
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 08
    Süzlärneñ gomumi sanı 4587
    Unikal süzlärneñ gomumi sanı 1922
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 09
    Süzlärneñ gomumi sanı 4497
    Unikal süzlärneñ gomumi sanı 1837
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 10
    Süzlärneñ gomumi sanı 4530
    Unikal süzlärneñ gomumi sanı 1646
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 11
    Süzlärneñ gomumi sanı 4515
    Unikal süzlärneñ gomumi sanı 1796
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 12
    Süzlärneñ gomumi sanı 4401
    Unikal süzlärneñ gomumi sanı 1961
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 13
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 1936
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 14
    Süzlärneñ gomumi sanı 1105
    Unikal süzlärneñ gomumi sanı 637
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.