Latin

Фиеста (наран бас л мандсаар байна) - 01

Общее количество слов 4446
Общее количество уникальных слов составляет 1956
0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
ЭРНЕСТ ХЕМИНГУЭЙ
ФИЕСТА
Наран бас л мандсаар байна
(Роман)
“УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР” Улаанбаатар хотноо 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “ЭРНЕСТ ХЭМИНГУЭЙ : АФРИКИЙН НОГООН ТОЛГОД, ФИЕСТА” номоос
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2023 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.




Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Ernest Hemingway

Fiesta - The Sun Also Rises

Англи хэлнээс орчуулсан Д. Алтанхуяг
Редактор Ц. Шүгэр


ХЕМИНГУЭЙН ТУУЖ, РОМАН ХОЁРЫН ТУХАЙ

«Хүн бүхэнд өөрийн хайртай зохиолч гэж байдаг. Чухам яагаад тийм ийм зохиолчийг хайрладаг вэ гэдгээ тайлбарлах нь, яагаад тийм хүүхэнд хайртай вэ гэдгээ тайлбарлахтай адил хэцүү. Өөрийн үеийн бүх зохиолчдоос би Хемингуэйд хамгийн их хайртай байсан» гэж зөвлөлтийн нэрт зохиолч, улс түмний хооронд энх тайвныг бэхжүүлэх дэлхий дахины Лениний шагналтан Илья Эренбург «Хүмүүс, он жил, амьдрал» гэдэг дуртгал номдоо бичсэн билээ. «Африкийн ногоон толгод» тууждаа Хемингуэй бичсэн нь: «Сайн зохиолч гэвэл Генри Жеймс, Стивен Крайн, Марк Твен юм... Орчин үеийн америкийн бүх утга зохиол Марк Твены «Гекльберри Финн» гэдэг нэртэй нэг номоос гарсан. Түүнээс америкийн бүх утга зохиол гарсан. «Гекльберри Финнээс» өмнө юу ч байгаагүй. Түүнээс хойш ч тэнцэх юм аанай гарсангүй» гэжээ.
Тэр өнгөрсөн үеийн бүх шилдэг зохиолчдоос суралцаж амьдралыг хамгийн үнэнээр, хамгийн шударгаар үзүүлж «америкийн зохиолч № 1» гэсэн үнэлэлтийг олох гэж энэ зохиол бичихээсээ эрмэлзэж санасандаа хүрсэн юм. Тэр бээр уран зохиолын сургуулийн угийн бичгээ «Гекльберри Финн» болоод Гертруд Стайны зарим зүйлээс эхэлсэн гэж хэлсэн бөгөөд Флобер, Стендалийн нарийн хийц, Марк Твены өвөрмөц хэллэг ихтэй ярианы хэл, энгүүн, давтагдашгүй хэлбэр зэргээс Хемингуэйн хэлбэр үүссэн гэдэг. Сезанн зураачаас амьдралыг дүрслэн бичихийг сурдаг байсан гээд чухам юу сурдаг байснаа хэлж аль гэхэд тэр бол уран бүтээлийн нууц юм гэжээ. Амьд байгаа зохиолчидтой уралдахгүй, амьд буй зохиолч гэдэг нь нэгдүгээрт; жинхэнэ зохиолч мөн биш нь шалгараагүйн дээр, хоёрдугаарт: атаа их үүсдэг тул уралдаж болохгүй, харин нас барсан зохиолчдоос өөрөө хэнийг нь хамгийн сайн зохиолч гэж үзсэн, түүнээ давахыг зоривол сая амжилт олно гэж үздэг байв. Нас барахаас нь өмнөхөн Эрнест Хемингуэйтэй «Парис ревью» сэтгүүлийн сурвалжлагч уулзаж залуу зохиолчдод юу зөвлөх тухай нь асуухад шударга ёсны мэдрэхүй, уран сайхны авьяас хоёр бол зохиолч хүнд онцгой чухал зүйл гэж хариулсан байна. Эл хоёр чанарын дээд зэргийн илрэл бол Хемингуэйн зохиол юм. «Надад өөр олон сонирхол бий. Амьдралдаа би тун хангалуун, тэгэхдээ бичих л надад чухал, яагаад гэвэл, би ямар нэгэн тодорхой тоотой үг бичихгүй л бол хамаг амьдрал маань өнгө жавхаагаа алдана... Аль болохоор сайн бичиж явц дундаа суралцах нь надад чухал» гэж тэр бээр «Африкийн ногоон толгод» номдоо бичсэн нь буй.
«Африкийн ногоон толгод» номоо зохиолч тодорхойлохдоо санаанаас зохиосон нэг ч баатаргүй, хэн ч уншихад өөрийн нь тухай зохиол шиг санагдахаар туйлын үнэн ном бичихийг зорьсноо хэлсэн байдаг. Эрнест Хемингуэйн эл тууж, «Фиеста буюу наран бас л мандана» роман болон бусад зохиолыг уншихад баатруудын яриа тун их байдаг. Энэ бол нуршуу яриа хэрхэвч биш, харин Хэмингуэйн зохиолын амин сүнс юм. Тэр зохиолын баатрууд, цөөхөн цөөхөн үгээр онцын ач холбогдолгүй юм ярьж буй мэт боловч үг бүр нь цаанаа гүн утгатай, тэдгээр хүмүүсийн сэтгэл санааг илэрхийлж хүн яг л ингэж хэлдэг дээ гэж өөрийн эрхгүй санагдуулж жинхэнэ амьд баатруудын дунд уншигчийг оруулж, унших тусам уншигч өөрөө тэр зохиолын баатрууд дунд орсон мэт болох нь түүний уран чадвар юм. Энэ талаар Илья Эренбург бичсэн нь: «Би Хемингуэйгээс их юм сурсан. Миний бодоход, түүнээс өмнө зохиолчид хүмүүсийн тухай ярьдаг, бүр ч гайхалтай ярьдаг байжээ. Харин Хемингуэй баатруудынхаа тухай хэзээ ч ер ярьдаггүй, гагцхүү үзүүлдэг юм. Үүгээр ч янз бүрийн орны зохиолчдод түүний нөлөөлснийг тайлбарлаж болох бөгөөд бүгдээр мэдээж түүнийг хайрлаагүй ч гэсэн бараг бүгдээр түүнээс суралцсан юм» гэжээ. Хемингуэйн уран чадвар ийм л өвөрмөц онцлогтой юм. «Африкийн ногоон толгод» тууж нь анчдын нэг л сарын амьдралыг үзүүлсэн ном мэт боловч юм юмны тухай өгүүлж энэ номоос ан агнуурын тухай хамгийн үнэн тодорхой зүйлийг уншихын дээр африкийн шилдэг сайн нөхөрсөг хүмүүсийн тухай, байгаль газар орны тухай, америкийн тухай, зохиолч, уран бүтээлчдийн тухай, хайр сэтгэлийн тухай унших болно.
Хемингуэйн тухай хүмүүсийн бичсэн үг болон утга зохиолын арга барилынхаа тухай түүний бичсэн зүйлийг уншихад тэр бээр амьдралыг тодорхой үнэнээр харуулахыг хичээдэг байсан тул заримдаа бодит хүний нэрийг оруулж бичсэнээ өөр нэрээр солих гээд зүрхэлдэггүй аж. Энэ нь амьдралыг яг хуулдаг гэсэн үг бус туйлын үнэнээс хазайж зүрхэлдэггүй байсан гэсэн санаа юм. Тийм ч учраас түүний зохиолд гарч буй зүйлс бол бодитой, шинжлэх ухааны бат үндэстэй, амьдралын гүн ухаан, сэтгэл зүйн жинхэнэ үнэн байдаг гэж ойлгож болно. Тэгээд ч одоо дэлхийд эрдэмтэн хүмүүс реалист зохиолуудыг уншин судалж шинжлэх ухааны нээлт хийдэг явдал өргөжиж байна. Би Хемингуэйн зохиолыг чухам тийм үндэстэй гэж давхар хэлэхийг хүсэж байна.
Хорьдугаар зууны хориод оны үед америкийн олон нэрт зохиолч Парис хотноо сууж «америкийн утга зохиол францад нүүж ирлээ» гэж ярьж байсан цагт Эрнест Хемингуэй мөн Парист сууж уран зохиолынхоо ажлыг дагнан эрчимтэй эхэлсэн байна. Тэр үед тэнд Эзре Паундыг хүрээлсэн хэсэг зохиолч, нэрт зохиолч эмэгтэй Гертруд Стайн, Фицжеральд Скотт нар Хемингуэйг шууд дэмжиж эгнээндээ оруулж авсан юм. 1925 онд хэвлүүлсэн «Ялагдашгүй» гэдэг өгүүллэг нь маш их амжилт олж «түр зуур дийлдэвч ёс суртахуунаар ялагдашгүй үлдэх ёстой» гэсэн Хемингуэйн тэр санаа түүний хойшдын бүтээл ялангуяа «Фиеста буюу (наран бас л мандсаар байна)» гэдэг анхны романы нь мөрийн хөтөлбөр болжээ.
Испани улсын Валенсий хотод байхдаа 1925 оны зургаадугаар сарын 21-нд Эрнест Хемингуэй төрсөн өдрөө тохиолдуулан роман бичиж эхэлжээ. Романаа «Фиеста» гэж нэрлэсэн бөгөөд энэ нь испанийн үндэсний баяр наадмын нэр юм. Фиеста наадмын гол нэг тоглоом нь улайрсан бухтай тулалдах тэмцээн юм.
Зургаан долоо хоногт романыхаа эхний бичлэгийг дуусжээ. Маш шаргуу хөдөлмөр юм. Амжилт олох ч үндэс байлаа. Яагаад гэвэл тэр бээр өөрийн үеийнхэн, олон жил цуг амьдарч ажиглаж зан чанарыг нь андахаа байчихсан нөхдийнхөө тухай, мөн өөрийнхөө тухай, хамаг мэддэг амьдралын туршлага, үзсэн харснаа тунгаан бичсэн болно. Зарим зохиолчийн анхны бүтээл маш амжилттай болоод хойших нь буурдаг нь тэр зохиолч анхны бүтээлдээ амьдралын хамаг мэдлэгээ шавхаад дахин хуримтлуулж чаддаггүйгээс болдог буй заа. Харин Хемингуэй тийм биш юм. эр хүн хэвтэж байж үхэх эрхгүй гэсэн уриа доор амьдралын хамгийн ширүүн долгион дунд явж байсан учраас амьдралын мэдлэг туршлага нь баян дэлгэр юм. Гэвч анхны энэ романд нь хойшдынх нь зохиол бүтээл давж гарч чадаагүй уран дүрслэлтэй хэсэг бий. Романы хоёр гол баатар Жейк Барнс, Бретт Эшли хоёр бол өнгөрсөн дайнаас хохирсон хүмүүс юм. Ер нь эл романд гарч буй хүмүүс цөм л өнгөрсөн дайнд хохирсон залуус юм. «Та нар цөм хохирсон үеийнхэн» гэж Гертруд Стайны хэлсэн үгээр Эрнест Хемингуэй өмнөх үг болгож анх хэвлүүлсэн байна. Зохиолын гол баатар нь зохиолч сэтгүүлч хүн бөгөөд түүгээр өөрийн тухай үзүүлжээ. Дайны аюул хөнөөлөөс гадна дайнд ороод дайны дараа хайхрах эзэнгүй хаягдаж хохирсон үеийн тухай Хемингуэй ер их санаа зовж олон зохиолдоо тэр үеийг үзүүлж байлаа. Сурвалжлагчийн асуултад хариулахдаа Хемингуэй хэлсэн нь: «Миний санахад тэр бол эвдэрсэн үеийнхэн, олон талаар эвдэрсэн үеийнхэн юм. Гэхдээ чөтгөр алгад гэж! амь үрэгдэгсдээс гадна мэдээж эрэмдэг болж яах аргагүй галзуурсан болов чиг бид ер нь мөхөөгүй. Мөхчихсөн үеийнхэн! Үгүй ээ! Бид тун их тэсвэртэй үеийнхэн...» гэжээ. Хемингуэй өөрөө дайнд явж тэгж хохирч үлдсэн үеийнх байлаа. Тэгээд хохирсон ч гэсэн ялагдашгүй гэсэн санаа, дайны дараа фронтоос ирсэн залуучуудыг хамгаалж бичдэг Хемингуэйн нэгэн гол сэдэв болсон юм. Дайны эсрэг, фашизмын эсрэг америкийн нэрт зохиолч бүтээлээрээ тэмцсэн юм. Одоо түүний уран бүтээл дэлхийн олон хэлээр гарч их зохиолчийн тэмцлийг үргэлжлүүлж хүн ардын дунд цогт уриа болж байна.
Манай монголын уншигчид Хемингуэйн зохиол бүтээлтэй танилцсаар нэлээд удаж байна. Анх монгол хэлээр түүний «Өвгөн тэнгис хоёр», дараа нь «Зэр зэвсэг минь баяртай» роман гарсан билээ. Эл хоёр зохиол бол Хемингуэйн олон улсын утга зохиолын дээд шагнал болох Нобелийн шагнал хүртсэн зохиол нь юм. Мөн «Климанжарогийн цас» гэж алдартай өгүүллэг нь гарч эдүгээ «Африкийн ногоон толгод», «Фиеста буюу (наран бас л мандана)» гэдэг тууж, роман хоёр нь хэвлэгдэж байна. Үүнээс хойш түүний олон өгүүллэг, тууж романтай манай уншигчид эх хэлээрээ танилцах нь дамжиггүй.
«Фиеста буюу (наран бас л мандсаар байна)» романдаа Эрнест Хемингуэй зөвхөн хохирсон үеийнхнийг үзүүлэх гэсэн бус бас тэр зохиолдоо эшлэл болгосноор хүн төрөлхтний үе нэг нь одож, нөгөө нь ирж нөхөж байдагчлан, наран маргааш дахиад мандахын тулд жаргаж газар дэлхий ямагт нэмэгдэж байдгийг үзүүлэх гэсэн гэжээ. Газар дэлхий ямагт нэмэгдэн өргөжиж байдаг шиг алдартай зохиолч Хемингуэй насан эцэслэсэн авч зохиолоороо үүрд мөнхөрч уншигчид нь үеийн үед нэмэгдэж байх болжээ.

М. Цэдэндорж


ФИЕСТА
Наран бас л мандсаар байна

(Роман)


Тэргүүн дэвтэр


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Роберт Кон нэгэн үе Принстон хотын их сургуульд боксын дунд жингийн аварга байлаа. Ийм алдар нэрийг нь би нэг их биширдэг байсан гэж бүү бодоорой. Харин Коны хувьд бол ч бокст сүжиггүйгээр барахгүй харин ч дургүй учраас нэлээд өөр байсан билээ. Гэвч Принстоныхон түүнийг еврей гэж гадуурхах тул тэр байдлаас гарч өөртөө үл итгэгч хулчгар зангаасаа салахаар бие хайргүй зовон байж боксчин болжээ. Биеийн тамирын тасалгаанаас өөр газар хэзээ ч бокстож яваагүй даруугаас даруухан залуу хэдий боловч өөрт нь дээрэлхсэн хэнбугайг ч үсэртэл цохино гэж дотор уужуухан явна. Тэр залуу Спайдер Келлийн шилдэг шавь нь байв. Спайдер Келли шавь нараа зуун тав юм уу хоёр зуун таван фунт1 байлаа ч хамаагүй бүгдийг хөнгөн жингийнхэн шиг тоглоход сургадаг байжээ. Энэ нь ч Коны санаанд нийцсэн аж. Кон чухам л шалмаг хүн. Тун сүрхий тоглодог түүнтэй Спайдер халз тоглоод муужиртал нь цохиж хамрыг нь үүрд нармийлгажээ. Энэ нь Коны бокст дургүйг улам ч дэврээсэн боловч басхүү бахдах санаа төрж, хамраа сөхөв. Ингээд Принстонд байсан эцсийнхээ жил харааны шил зүүх болтлоо их уншжээ. Нэг ангийнхнаас нь Коныг дурсаж буй нэгээхэн ч хүнтэй би учирсангүй, ядаж боксын дунд жингийн аварга байсныг нь ч үл дурсана.
Жирийн цагаан цайлган хүмүүсийг, ялангуяа тэдний өөрсдийнхөө тухай үнэмшилтэй мэт ярьсан яриаг нь итгэдэггүй би Роберт Кон боксын дунд жингийн аварга байсан гэдэгт үргэлжид эргэлзэж явлаа. Харин нүүр лүүгээ моринд өшиглүүлсэн юм уу, ээж нь ямар нэгэн зүйлээс айснаас ч юм уу эсвэл нялх балчиртаа унаж тусчихсан байж ч болох юм гэж боддог байлаа. Би байн байсаар уг явдлыг Спайдер Келлигээс олж мэдэв. Тэр Коныг зөвхөн дурсаад зогсохгүй, яаж явааг гайхсан.
Роберт Кон эцгээрээ бол Нью-Йорк дахь хамгийн баян еврей удмын, эхээрээ бол хуучны сурвалжит хүн ажээ. Принстоны их сургуульд орохын өмнө цэргийн сургуульд суралцаж байхдаа хөл бөмбөгийн багтаа байнгын ялалтыг авчрагч нь байсан бөгөөд тэнд түүнийг арьсны бэртэгчин үзлээр гадуурхах хүн нэгээхэн ч байсангүй. Ер нь Принстонд ирэхээс нь өмнө хэн ч бусдаас ялгаварлаж үзсэнгүй. Дэндүү ичимтгий мөртөө нөхөрсөг сайн залуу үндсээр ялгаварлах харьцаанд ихэд хорсдог байсан аж. Тэр хоорондоо бокс сурч нахиу хамартай, хэтэрхий биеэ тоосон хүн болж Принстоноос гараад өөрт нь эелдэг хандсан анхны бүсгүйтэй гэрлэжээ. Таван жил өрх толгойлж гурван хүүхэдтэй болоход эцгээс өвлөсөн тавин мянган долларын ихэнх нь үрэгдэж үлдсэн жаахан хөрөнгө нь эхэд нь шилжив. Бэлтэй эхнэрийн байнгын хэрүүл маргаан, хатуу ширүүн байдлын нөлөөгөөр дүнсгэр хүйтэн хүний нэгэн болж хувираад авгайгаа орхих санаа сэдэж харин нөгөөдөх нь өрсөж нэг зураачтай ханилан оджээ. Авгайгаасаа салах тухай олон сарын турш бодсоор байсан ч шуудхан хаячихвал хэрүүл дэгдэнэ биз гээд шуударч чадахгүй явтал ингэж салсан нь маш аятайхан сургамж болсон бөлгөө.
Гэрлэлтээ цуцлуулсны дараа Роберт Кон өрнө эргийн зүг явж, тавин мянгаасаа үлдсэн бага сага мөнгөтэйгөөр Калифорнийд зохиолчдын дунд орж удаж түдэлгүй урлагийн том сэтгүүл гаргах болов. Уг сэтгүүл нь Кармел, Калифорнийд хэвлэгдэж эхлээд Массачусет муж улсын Провинстаун хотод хаагджээ. Урьд нь нэр бүхий болж, нэр нь сэтгүүлийн эхний хуудсан дахь зөвлөлийн гишүүний буланд л гарч байсан Кон одоо энэ сэтгүүлийн цорын ганц эрхлэгч нь болжээ. Энэ нь түүний мөнгөний хүч байсан агаад эрхлэгчийн эрх дарх өөрт нь зохихыг ухаарсан ажээ. Сонин сэтгүүл хэвлүүлэх явдал хэт үнэтэй болох үед Кон учиргүй харамсаж энэ ажлаа удалгүй орхихоос өөр арга байсангүй. Энэ завсар тэр өөр нэгэн зүйлд сэтгэл хоёрдох болсон нь уг сэтгүүлээр дэгжих гэж санаархсан нэгэн авгайн гарт орсон явдал юм. Тэр эмэгтэй аргатай хүний нэгэн бөгөөд Кон ч түүний эрхэнд орохгүй байж чадсангүй. Тэгээд ч Кон өөрийгөө энэ эмэгтэйд сэтгэлтэй хэмээн бодож байлаа. Сэтгүүл дэгжихгүй нь гэдгийг мэдмэгцээ авгай Коноос яльгүй хөндийрч ирснээ болох бүхнийг арга тасартлаа туршаад үздэг хэрэг гэж шийдээд өөрөө боловсрол олж авсан Европыг, Коны зохиолч болох газар гэж ятгасаар тэнд ирцгээж гурван жил суув. Тэд эхний жилд энд тэнд явж сүүлийн хоёр жилийг Парист өнгөрүүлсэн аж. Энэ гурван жилийн дотор Кон хоёр найзтай болсон нь Брэддокс бид хоёр билээ. Брэддокс бол уран бүтээлийнх нь нөхөр, би одон бөмбөгнийх нь найз байсан юм.
Роберт Коны сэтгэлийг булаасан Фрэнсис гэгч энэ хүүхэн хоёр дахь жилийн эцэс болоход гоо үзэмжээ харьж явааг ухаармагц санаа амарлингуй байдлаа орхиж түүнийг гартаа атгаж аваад ханилж суухыг хүчлэх болжээ.
Энэ хугацаандаа Робертын эх хүүдээ санаа тавьж сард гурван зуу орчим доллар гуйвуулж эхлэв. Хоёр жил хагасын турш би Роберт Кон өөр бүсгүйд сээтэн хаядаг гэж огтхон ч санадаггүй байлаа. Европт суурьшсан олонх америкчуудын адилаар америкт амьдрахыг илүүд үздэгийг нь л үл өгүүлбэл Кон овоо жаргалтай, бас ч зохиолч хэмээх алдрыг хүртсэн байлаа. Нэг роман бичсэн нь үнэхээр нэн ядмагхан болсон авч хожим нь шүүмжлэгчид их муу зохиол биш гэж үзэв. Кон ном ихэд уншдаг, хөзөр, одон бөмбөг тоглодог, биеийн тамирын зааланд очиж бокс тоглодог байв.
Бид гурвуул хамт хооллосон нэгэн орой анх удаа би явдаг хүүхэн нь түүний талаар юу бодож явдгийг мэдсэн билээ. Бид Л’Авенюд хооллосныхоо дараа Версаль гэдэг цайны газар луу кофе уухаар очицгоов. Кофе ууж бас бага зэрэг шарз нэмэрлэжээ. Тэгээд би явалгүй болохгүй гэдгээ хэлэв. Кон хотоос гарч ганц сайхан зугаалахыг бодоод бямба, ням гарагт хоёул нэг тийшээ явъя гэж надад ярив. Страсбург хүртэл онгоцоор нисэж, Сент Одилд руу эсвэл Эльзас руу явгаар явбал зүгээр гээд би
— Страсбургт хотоо танилцуулчихаар нэгэн бүсгүйг танина шүү гэж хэллээ.
Нэг хүн намайг ширээн доогуур ёвроод авав. Санамсаргүй л ингэлээ гэж би бодоод цааш нь үргэлжлүүлэн
— Тэр эмэгтэй тэнд хоёр жил болж байна, хотын тухай мэдэж болох бүхнийг мэддэг, маш аятайхан бүсгүй байгаа юм гэв.
Ахиад л ширээн доогуур намайг нудраад авахад нь өөдөө харвал Робертын бүсгүй Фрэнсис шанаагаа тулаад уруу царайлчихсан байв.
— Заавал Страсбург явах хэрэг юу байгаа юм бэ? Брюгге юм уу Арденн руу ч явж болно шүү дээ гэж би хэллээ.
Кон санаа нь амарсан харагдав. Би ч ахиж ёвруулсангүй.
Сайхан нойрсохыг ерөөгөөд намайг гарахад, Кон сонин худалдаж авна бас ч намайг гудамжны булан хүртэл гаргаж өгнө гэв.
— Бурхан минь, Страсбург дэх бүсгүйн тухай юунд ярив аа? Фрэнсисийг та харсан уу?
— Харлаа гээд яах юм бэ? Страсбургд суудаг америк бүсгүйг миний таньдаг байх нь Фрэнсист ямар гай болох юм?
— Ялгаагүй. Ямар ч бүсгүй байсан би явахгүй. Гүйцээ.
— Битгий дэмийрээд бай.
— Фрэнсисийг чи мэдэхгүй. Ер нь хүүхнүүд бүгд адил шүү дээ. Түүний ямаршуу царайтай байхыг нь харсангүй юу?
— За тэгвэл яах вэ, Сенлис рүү явцгаая.
— Битгий уурла л даа.
— Би уурлаагүй ээ. Сенлис бол сайхан газар, тэгээд ч Грэнд Керф-д байж байгаад ой модон дундуур явсаар гэртээ ирж болох юм.
— Сайн байна. Тэгвэл ч сайхан л байна.
— За тэгвэл маргааш одон бөмбөг тоглохдоо уулзъя гэж би хэллээ.
— Сайхан нойрсоорой, Жейк! гээд Кон цайны газар луу эргэв.
— Чи сонин авна гэснээ мартчихлаа гэж би хэлэв.
— Өө тэгж гээд надтай хамт гудамжны булан дахь сонины мухлаг хүртэл явлаа.
— Жейк чи уурлаагүй биз дээ?
Кон гартаа сонин барьсаар эргэв.
— Яалаа гэж дээ.
— Одон бөмбөг дээр уулзъя гэж тэр хэллээ. Түүнийг сонин бариад цайны газар луу явахад нь би араас нь харсаар хоцров. Кон надад дотно санагддаг юм. Түүний амьдрал энэ бүсгүйтэй тийм ч таатай байдаггүй нь илт ажээ.


ХОЁРДУГААР БҮЛЭГ

Өвөл нь Кон романаа Америк руу авч яваад нэгэн томоохон хэвлэлийн газар хэвлүүлжээ. Түүний явсан нь Фрэнсис тэр хоёрын хооронд аймшигтай хэрүүл маргаан тарьж, Нью-Йоркт байхад нь нэлээд хүүхнүүд нүүр өгч сээтгэнэснээс болж Фрэнсис түүнийгээ алдахад хүрсэн бөгөөд огт өөр хүн болоод Парист буцаж ирсэн ажээ. Америкийг байдаггүйгээр магтдаг болоод жирийн энгийн биш, нэг л олиггүй болсон байв. Романыг нь хэвлэлийн газрынхан магтаад толгойг нь мансууруулав. Тэгээд бас хэд хэдэн хүүхэн нүүр тал өгөн халамжилсан нь түүнийг дэвэргэв. Бүтэн гурван жил эхнэрээсээ цааш илүүчилсэнгүй. Гурван жил орчим хугацаанд Фрэнсисээс өөрийг олж ч харсангүй. Хайр дурлалгүй амьдарч явааг нь би итгэдэг билээ.
Дээд сургуульд хэцүүхэн хэдэн жил өнгөрүүлээд гэрлэсэн нь тайтгарал болов. Эхнэрийнхээ хувьд орчлон дээрх хамаг юм нь байж чадаагүйгээ мэдсэн үед нь Фрэнсис санааг нь амраажээ. Хайр сэтгэлгүй ч гэсэн бүсгүй хүний жолоо алдуулахуйц хүн юм гэдгээ ойлгосон бөгөөд нэгэн хүүхэн түүнтэй амьдралаа холбоё гэж байгаа нь гайхмаар зүйл биш ажээ. Энэ нь түүний араншныг эвдэж, орчныхон нь хөндийрөх боллоо. Мөн Нью-Йоркын танилуудтайгаа хөрөнгийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн асар их мөрийтэй хөзөр тоглон хэд хэдэн зуун доллар даруй хождог байжээ. Үүгээрээ ихэд сайрхан, аргагүйдвэл мөрийтэй тоглож амьдраад байж ч дөнгөнө гэж нэг биш удаа ярьж байжээ. Түүгээр ч барахгүй тэр Б. X. Худсоныг уншдаг байлаа. Энэ нь гэмгүй мэт санагдавч Кон «Улаан Орон»-ыг ахин дахин уншлаа. Эл «Улаан орон» номыг нас тогтсон хойноо уншихгүй бол их л гайтай ном доо. Маш сайхан байгаль бүхий нэн амарлингуй оронд өө сэвгүй, төлөв англи хүний санаанаас зохиосон хайр дурлалын адал явдлыг их л урнаар өгүүлдэг юм. Гучин дөрвөн насандаа энэ номыг ямар ч бодлогогүйгээр амьдралынхаа мөрдлөг болгоно гэдэг нь мөнхүү насандаа Францын даяанчийн сүмээс гараад «Гутал цэвэрлэгчээс саятан болтол» хэмээх цуврал номоор зэвсэглэн шууд Уолл Стрит хүрнэ гэж санасантай адил үлгэр юм. Кон энэ номын үг бүрийг «Санхүүгийн мэдээлэл» мэт үсэгчлэн цээжилсэн биз гэдэгт би эргэлзэхгүй. Тэр уул номын тайлбарыг нь орхидог биз, гэхдээ ерөнхийд нь маш чухгаар тусгаж авчээ. Түүний өөрчлөгдөхөд нь дутаад байсан юм нь л энэ байжээ. Миний ажил дээр хүрч ирсэн нэгэн өдрийг хүртэл тэгтлээ өөрчлөгдөнө гэж би санасангүй явлаа.
— Сайн байна уу, Роберт? Намайг хөгжөөхөөр ирэв үү? гэж би хэллээ.
— Жейк, Өмнөд Америк явмаар байна уу? гэж тэр асуув.
— Үгүй.
— Яагаад явахгүй гэж?
— Мэдэхгүй. Ер нь явъя гэж хүсэж ч байгаагүй. Хэтэрхий үнэтэй л дээ. Өмнөд америкчуудыг үзье гэвэл Парист хэдийг ч үзэж болно шүү.
— Тэд чинь жинхэнэ өмнөд америкчууд биш л дээ.
— Надад яг л яс махны өмнөд америкчууд гэмээр байдаг.
Би долоо хоногийнхоо мэдээ цуглуулгыг шуудан галт тэргээр явуулах ёстой байсан боловч түүнийхээ дөнгөж тал хувийг бичээд байв.
— Хов живгүй л байна уу? гэж би асуув.
— Үгүй.
— Эрхэм нөхдийн чинь хэн ч салж сарниагүй юу?
— Үгүй, сонс, Жейк. Хэрвээ би хоёулынхаа зардлыг даавал өмнөд Америк руу чи надтай явах уу?
— Надаар яах юм бэ?
— Чи испаниар ярьдаг. Тэгээд ч ер нь хоёулаа явбал зугаатай байна байх.
— Үгүй, «энэ хот надад аятайхан санагддаг юм. Ер нь ч би Испани руу зун явна гэж би хэлэв.
— Тэгж жуулчлахыг бүх л насаараа хүссэн юм, гэж Кон хэлээд сууснаа, — Ингэж явах гэсээр байтал минь бүүр нас явчихна гэв.
— Бүү дэмийр, чи мөнгө ихтэй хүн, хүрье гэсэн газраа л хүрнэ.
— Тэр ч тийм. Харин би нэг л эхэлж чадахгүй байна.
— Бүү гунь, бүх орон яг сүүдэр зураг гэсэн үг гэв.
Би үнэхээр гутарсныг нь хараад өрөвдлөө.
— Хүн шиг амьдарч яагаа ч үгүй байхад минь амьдрал ийм хурдан өнгөрч буйг бодохгүй яаж байх вэ?
— Бухтай тулалдагсдаас өөр хэн ч, хэзээ ч дүүрэн амьдарч байгаагүй.
— Би тэднийг сонирхдоггүй, энэ бол солиотой амьдрал. Өмнөд америкийн бүр гүн рүү буцмаар байна санж. Тэгвэл ёстой сайхан жуулчилна даа.
— Би Британийн Өмнөд Африкт очиж ан хийх сэн гэж ер бодож байсан уу?
— Үгүй, энэ надад сонирхолтой биш.
— Чи энэ тухай ном ер уншаагүй болоод л тэр. Явж өнгөлөг сайхан бараан дагинасын янаглалын явдлаар дүүрэн ном уншаач
— Би Өмнөд Америк руу л явмаар байна.
Тэр, еврейн тэс зөрүүд занг нэвт шингээсэн хүн билээ.
— Доошоо бууж юм ууя.
— Чи ажлаа хийхгүй юу?
— Үгүй гэж би хэлэв.
Бид доод давхар дахь цайны газар луу бууцгаалаа. Би найз нараасаа хялбар хөндийрөх нэг шилдэг арга олсон юм. Цуг сууж уучхаад «би буцалгүй горьгүй нь, мэдээ юмаа явуулна» гэж хэлээд л гүйцээ. Ажлаа хийж суугаагаа хэнд ч хэзээ ч харагдахгүй байхыг шаарддаг Сонины ажилд энэ мэт яс амар хагацах иймэрхүү ёс зүйн зүйлийг мэдэж байх нь чухал. Ингээд бид цайны газар орж, содтой виски архи авцгаав. Кон хана дагуу өрсөн хайрцагтай архи руу хараад
— Энэ чинь аятайхан газар байна гэв.
— Учиргүй их архитай гэж би зөвшив.
— Хүүе, Жейк гээд тэр лангуун дээр тохойлдон, — Гоц гойдын юм үзэлгүй байтал амьдрал минь дэмий өнгөрч байна гэж чи боддог уу? Амьдралынхаа бараг талыг нь тууллаа гэж ер ухаардаг уу? гэв.
— Үе үе тэгж боддог.
— Гучин таван жилийн дараа тэгэхэд чи бид байхгүй байна гэдгийг чи мэддэг үү?
— Болиоч, Роберт, болиоч.
— Чин үнэнээсээ ярьж байна.
— Үүнд л миний сэтгэл түгшдэггүй юм гэж би хэлэв.
— Түгших л ёстой доо.
— Цагтаа би цөхөртлөө түгшиж явсан зүйл олон. Гүйцээ.
— Ямар ч болов Өмнөд Америк л явах сан.
— Роберт оо, чи аан гэж бай. Өөр оронд очлоо ч ер ялгаагүй. Би ч бас бүгдийг үзээд алдсан юм. Нэг газраас нөгөөд ирэхдээ чи өөрөө өөрөөсөө хөндийрч чадахгүй шүү ээ. Энэнд юу ч нэмэргүй.
— Тэгвэл чи Өмнөд Америкт насандаа байгаагүй юм шив дээ?
— Өмнөд Америкийн хэнээ тусжээ. Чи энэ байдалтайгаа тийшээ явбал ч бахь л байдгаараа байна даа. Парис чинь сайхан хот доо. Яагаад чи жинхэнэ амьдралаа энд эхэлж болдоггүй юм бэ?
— Парис, Латин хороолол хоёр бүрмөсөн дур гутааж гүйцлээ.
— Латин хороолол руу явахгүй байхгүй юу. Эргэн тойрноо хянан яв, өөртөө юу тохиолдож буйг ажигла.
— Надад юу ч тохиолддоггүй. Би нэг шөнийн турш гав ганцаараа тэнэж үзсэн. Дугуйтай цагдаа намайг зогсоож, үнэмлэх бичиг шалгаснаас өөр юу ч болоогүй.
— Хот шөнийн цагт сайхан байв уу?
— Парисыг би гоц гэж боддоггүй.
Ийм л байна даа. Би түүнийг өрөвдлөө. Гэтэл түүний хоёр их зөрүүд бодолтой тулгарах тул юугаар ч тус болох аргагүй. Өмнөд Америкийг аврах газраа гэж үзэж Парисыг үзэн ядаж байна. Түүний бие нэг дэх үзлээ номоос олсон, хоёр дахийг мөн л ямар нэг номоос олж аваа биз гэж би боддог юм. Би
— За би дээшээ гарч мэдээгээ явуулъя даа гэв.
— Чи заавал явах нь уу?
— Тэгье. Би мэдээгээ явуулах ёстой.
— Ажил дээр чинь цуг очиж жаахан суувал ямар вэ?
— Тэг л дээ.
Кон дамждаг өрөөнд суугаад сонин, «Эрхлэгч, хэвлэгч хоёр» гэдэг сэтгүүл уншиж, би хоёр цагийн турш толгой өөд таталгүй ажиллав. Тэгээд би гар бичмэлээ хувилаад хоёр том дугтуйд хийгээд, агаараар явуулахаа тэмдэглэж, Сенлазарын буудал руу хүргүүлэхээр шуудан зөөгчийг дуудав. Нөгөө өрөө рүү орвол, Роберт Кон зөөлөвчтэй том сандал дээр гараа дэрлээд унтжээ. Би түүнийг сэрээмээргүй байсан боловч албаны өрөөгөө цоожлоод гарах хэрэгтэй байлаа. Мөрөн дээр нь гараа тавивал «Би үүнийг хийж чадахгүй. Би үүнийг хийж чадахгүй. Яалаа ч би үүнийг хийхгүй» гээд толгойгоо гарынхаа хоорондуур улам нугдайлгав.
— Роберт оо! гэж дуудаад мөрнөөс нь дугтартал толгойгоо өндийлгөж, инээмсэглэн нүдээ анивчив.
— Би сая их тод ярив уу?
— Үглээд л байсан. Тэгэхдээ тод биш л дээ.
— Бурхан минь, ямар муухай зүүд вэ?
— Бичгийн машин нойрыг чинь хүргэчхэв үү дээ?
— Магадгүй. Урьд шөнөжингөө унтаагүй л дээ.
— Яагаад?
— Ярьсаар гэж тэр хэлэв
Би үүний тоймыг дүрслэн бодож чадахаар байна. Найз нарынхаа унтлагын өрөөний байдлыг санаандаа зурчихдаг хачин зуршилтай хүн юм би. Бид «Наполитайн» цайны газар луу аперитив уух, модот гудамж дахь оройн зугаалга харахаар гарцгаалаа.


ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хаврын дулаахан шөнө байлаа. Робертыг явсны дараа би Наполитайн цайны газрын гаднах тавцангийн ширээнээ бүрэнхий болоход ассан гэрлэн зарлал, замын хөдөлгөөний зогсох, явах улаан ногоон гэрлэн дохио, зорчих олон, тасралтгүй цувах такси, тог тог шогшин явах морин тэрэг, оройн зоогоо хайн ганц хоёроороо яваа «шувуухайнуудыг» харж суулаа. Миний ширээний хажуугаар өнгөрөн одсон нэгэн аятайхан бүсгүйг гудамж өгсөн явахыг нь харуулдсаар бараа нь тасрахад өөр нэгийг хараад сууж байтал түрүүчийн бүсгүй эргээд айсуй. Ахин миний хажуугаар гарахад нь би улаан хараад автал миний ширээнд суув. Үйлчлэгч ч хүрч ирлээ.
— За та юу уух вэ дээ? гэж би асуув.
— Пернод
— Тэр ч бага охидод тусгүй дээ.


— Өөрөө жаахан хүү байж, Гарсон2 ганц жүнз пернод
— Надад ч бас пернод
— За яаж байна даа? Цаг нөхцөөж байна уу? гэж тэр хэлэв.
— Яг тийм. Харин чи?
— Мэдэхгүй байна. Та энэ хотод юу ч мэдэхгүй шүү.
— Чи Парист дуртай юу?
— Тийм.
— Тэгвэл, чи яагаад өөр тийшээ явдаггүй юм бэ?
— Өөр очих газар алга.
— Чи жаргалтай байна л даа.
— Жаргалтай ч гэж дээ!
Пернод гэдэг нь агийн шүүс шиг ногоовтор өнгөтэй, дуураймал ус юм. Түүн дээр ус нэмбэл сүү шиг цагаан болно. Эл дарс чихэр өвс шиг амтагдан анхандаа сэтгэл сэргээх авч эцэст нам унагана. Бид суусаар, уусаар л, охины царай уруудуу харагдав. Би түүнд
— За чи намайг дайлах гэж байна уу? гэсэнд тэр мушилзасхийв. Яагаад инээх дургүй байгааг нь би ойлголоо. Уруулаа жимийхлээр аятайхан харагдаж байв. Би хоолны үнээ төлөөд, гудамжнаа гарцгаалаа. Морин тэрэг дуудсанд явган зам руу хүрч ирэв. Бид зөөлөн явдалтай тэргэнд тухлан суугаад, гялбалзсан их гэрэлтэй, хөл татарсан Оперийн өргөн гудамжаар цонх нь гэрэлтэй авч хэдийнээ хаачихсан дэлгүүрүүдийг өнгөрөв. Бидний суусан тэрэг цонхондоо дүүрэн цагтай Нью-Йорк Гералд сонины товчоог мөн өнгөрөн явав.
— Юунд ийм олон цаг байгаа юм бэ? гэж бүсгүй асуув.
— Америк даяарх цагийг зааж байгаа юм.
— Битгий зал.
Бид Риволийн давчуу гудмаар ороод Пирамидын гудамж руу эргэж, харанхуй хаалгаар ороод Тюилерийн зүг явав. Бүсгүйг над руу налахад нь би тэврэн авав. Үнсүүлэхээр өлийн нэг гараараа илбэхэд нь гарыг зайлуулж орхилоо.
— Боль доо.
— Яав? Өвчтэй юу?
— Тийм.
— Хүн бүхэн өвчтэй, би ч ялгаагүй. Бид Тюилерээс гэрэлд гарч, Сенаг гараад, Гэгээн Өвгөдийн гудамж руу эргэв.
— Өвчтэй юм бол юунд перонод уув аа.
— Чи ч гэсэн.
— Надад бол гэмгүй. Эмэгтэй хүнд гэм болохгүй.
— Чамайг хэн гэдэг вэ?
— Жоржетте. Чамайг?
— Жейкоб.
— Фламанд нэр юм аа.
— Америкт тийм нэр бий.
— Чи фламанд биш үү?
— Биш, Америк.
— Тэнгэр минь. Фламандчуудыг би үздэггүй.
Ингэж явсаар бид ресторанд хүрч ирсэн бөгөөд би хөтчийг зогс гэлээ. Бууцгаатал энэ ресторан Жоржеттын сэтгэлд нийцсэнгүй.
— Тийм ч аятайхан газар биш байна.
— Үгүй, Чи фоеот руу очмоор байна уу. Юунд чи тэргээ хүлээлгэсэнгүй вэ?
Хүнтэй хамт хоолловол аятайхан байх биз гэсэн бүрэг бараг уян сэтгэл төрөөд би түүнийг дагуулж явсан юм. Би ийм «шувуухайтай» цуг хооллолгүй удлаа. Тэсэшгүй гунигтай байснаа умартжээ. Бид ресторанд ороод, хатагтай Лавинагийн албан ширээг өнгөрч, нэгэн, бяцхан өрөө рүү явцгаав.
Жоржет хооллочхоод, арай хөгжөөнтэй болж
— Энэ чинь овоо юм. Нэг их гоцгүй гэх нь ээ хоол нь сайн байна гэв.
— Льжед хооллосноос л дээр.
— Чи Брусселд гэж хэлэх гэсэн байлгүй.
Бид ахин нэг шил жимсний архи ууцгаавал, Жоржет хөгжиж эхлэв. Жоржет арзганан инээж хундага тулгав.
— Уг нь чи зүгээр хүн юм. Харин өвчтэй байдаг чинь ичмээр байна. Бид сайхан байх сан. Ер нь яасан юм бэ? гэв.
— Дайнд шархадсан юм гэж би хэлэв.
— Аа! нөгөө гутамшигт дайн.
Тэгээд л бид лавтайяа дайны тухай ярьцгааж, дайн иргэншлийг дэвсэлж байна, түүнгүйгээр бид илүү ч сайхан байх байсан гэж ярилцацгаах байсан биз. Би ч овоо хөгжүүн байлаа. Гэтэл яг энэ үед нөгөө тасалгаанаас нэг хүн. «Барнс! Хүүе Барнс! Жейкоб Барнс!» гэж дуудав.
— Найз маань дуудаж байна гээд би гарав. Нэг том ширээнд Брэддокс нөхөдтэйгөө, Кон, Фрэнсис Клайн, хатагтай Брэддокс, миний танихгүй хэдэн хүн тэнд сууцгааж байв.
— Бүжиглэхээр явах уу, аан? гэж Брэддокс асуув.
— Хаана?
— Яагаа вэ, бүжгийн газар. Бид түүнийг сэргээснийг мэдэхгүй байна уу? гэж хатагтай Брэддокс хажуугаас хэлэв.
— Бидэнтэй цуг яваач, Жейк. Бид цөмөөрөө явлаа гэж цомцойн суугаад хүчлэн инээмсэглэж байгаа Фрэнсис ширээний цаад булангаас хэллээ.
— Мэдээж энэ явна гээд Брэддокс, — Бидэнтэй цайлаач, Барнес гэв.
— За
— Найзтайгаа цуг ир гэж хатагтай Брэддокс хөхрөв. Тэр канад, угаасаа наргианч хүн ажээ.
Баярлалаа. Бид ирнэ гэж хэлээд би нөгөө бяцхан өрөө рүүгээ буцаж оров.
— Найз нар чинь ямар улс вэ? гэж Жоржетте асуув.
— Зохиолчид, зураачид.
— Голын энэ талд иймэрхүү улс олон шүү.
— Дэндүү олон.
— Тийм ээ, одоо ч тэдний зарим нь мөнгө их олдог юм.
— Яриа юу байх вэ.
Бид хоол, дарсаа дуусгав.
— Гарцгаая, явж тэдэнтэй цуг кофе ууя гэж би хэлэв. Жоржетте цүнхээ онгойлгож, толинд харан нүүрээ хэдэнтээ илбэж, уруулаа будаад, малгайгаа засаад
Вы прочитали 1 текст из Монгольский литературы.
Следующий - Фиеста (наран бас л мандсаар байна) - 02
  • Части
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 01
    Общее количество слов 4446
    Общее количество уникальных слов составляет 1956
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 02
    Общее количество слов 4483
    Общее количество уникальных слов составляет 1864
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 03
    Общее количество слов 4607
    Общее количество уникальных слов составляет 1736
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 04
    Общее количество слов 4556
    Общее количество уникальных слов составляет 1826
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 05
    Общее количество слов 4548
    Общее количество уникальных слов составляет 1873
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 06
    Общее количество слов 4584
    Общее количество уникальных слов составляет 2014
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 07
    Общее количество слов 4549
    Общее количество уникальных слов составляет 1837
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 08
    Общее количество слов 4587
    Общее количество уникальных слов составляет 1922
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 09
    Общее количество слов 4497
    Общее количество уникальных слов составляет 1837
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 10
    Общее количество слов 4530
    Общее количество уникальных слов составляет 1646
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 11
    Общее количество слов 4515
    Общее количество уникальных слов составляет 1796
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 12
    Общее количество слов 4401
    Общее количество уникальных слов составляет 1961
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 13
    Общее количество слов 4493
    Общее количество уникальных слов составляет 1936
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 14
    Общее количество слов 1105
    Общее количество уникальных слов составляет 637
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов