Latin

Фиеста (наран бас л мандсаар байна) - 07

Общее количество слов 4549
Общее количество уникальных слов составляет 1837
0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
— Энэ ч ёстой золигийн аялал болно доо.
— Тийшээ очоод загасчилж, өдөртөө аажуу, уужуу буцаж ирнэ гэхэд даанч хол юм даа.
— Аажуу уужуу гэнэ ээ. Ёстой онож хэллээ дээ. Бид тэнд очоод ямар нэг юм барилаа гэхэд очих ирэхдээ чөтгөрт хөөгдсөн юм шиг л явахад хүрэх болно.
Туулах зам урт, байгалийн байдал тун сайхан авч бид модтой уулаас огцом замаар Рио де ла Фабрикийн хөндийд бууж ирэхдээ ядарчихсан байлаа.
Зам ойн сүүдрээс халуу төөнөх наранд гарчээ. Урд маань гол харагдав. Голын чанад ганга хяр харагдана. Хярын дээр сагадайн тариалан, уулын энгэрт бөөн моддын дор нэгэн цагаан байшин үзэгдэв. Нэн халуун байсан тул бид гол гарсан далангийн хавьд хэсэг модны сүүдэрт зогсов.
Билл үүргэвчээ мод түшүүлэн тавиад бид загасныхаа хэрэгслийг угсран загасчлахад бэлэн боллоо.
— Иймэрхүү гол шиг юманд хулд загас бий гэж бодож байна уу? гэж Билл асуув.
— Энд чинь ёстой л язганаж байдаг газар даа.
— Би ялаагаар өгөөш хийнэ. Чамд Макгинти ялаа бий юу?
— Май, үүнд байгаа.
— Чи өтөөр барих уу?
— Тийм ээ. Би энэ далангийн дэргэд загасчилна.
— За, тэгвэл би савтай ялааг чинь авлаа. Би хаашаа явбал дээр вэ, өгсвөл дээр үү, уруудвал дээр үү?
Билл дэгээндээ ялаа хийв.
— Уруудвал дээр. Уг нь эх өөд нь ч загас их дээ. Билл эрэг даган уруудав.
— Чийгийн өттэй лааз ав.
— Үгүй, хэрэггүй. Ялаа үмхэхгүй бол би зүгээр л зугаалж яваад ирье.
Билл голын дээд биед урсгал харан зогслоо.
— Хүүе, замд байсан булгийн усанд дарсаа уявал ямар вэ? гэж Билл усны шуугианыг дарахыг хичээн хашхирав.
— Тэгье гэж би хариу хашхирав.
Билл гараараа даллан гол уруудан цааш явав. Би үүргэвчнээсээ хоёр шил дарс аваад төмөр хоолойгоор булгийн ус урссан замын тэр хэсэг рүү өгсөн явав. Булгийн ундаргын модон тагийг сөхөн, шилнийхээ үйсэн бөглөөг доош нь дараад усанд хийв. Нэн хүйтэн усанд хуруу гар хага ташив. Чингээд дарсыг маань хэн ч олохгүй биз гэж найдан тагийг буцааж тавив.
Би мод түшүүлэн тавьсан дэгээ, чийгийн өттэй лааз, шүүрэн ховоо сэлтээ аваад, далан руу явав. Голоор гуалин урсгахаар усыг хаасан ийм нэгэн далан болой. Би дөрвөлжлөн зассан дүнзнүүдийн нэгэн дээр суун далангийн өмнүүр дөлгөөхөн мяралзах голын ус хүрхрээ болон оволзохыг харан байлаа. Далангийн хормойд ус цайран хөөсрөх тэр газар үлэмж гүнзгий аж. Өгөөш бэлдэн байтал нэгэн хулд загас чавхдан гарч ирээд, хүрхрээ рүү оров.
Намайг өгөөшөө хаяхаас урд өөр нэгэн хулд мөн тийм чамин хүрээ татуулан хүрхрээ рүү үсрээд хүрхрэн буух усанд далд оров. Би бага биш хүндрүүлэгч уяад дэгээгээ далангийн дүнзэн хашлаганы ирмэгт хөөсрөн дэлдэх ус руу шидэв.
Эхний загас орсныг би мэдсэнгүй. Дэгээгээ татахдаа л олзтой байгаагаа мэдээд уургыг маань хугалчих гээд зүтгээд байгаа хулдыг оволзох уснаас далан дээр татан гаргав. Овоо хулд байсныг толгойгоор нь дүнз ороолгоод чичиргэнэн байснаа цэхрээд ирэхэд нь уут руугаа хийв.
Түүнийг дэгээнээсээ салгаж амжаагүй байтал хэд хэдэн хулд хүрхрээ рүү үсрэн оров. Чингээд өгөөш бэлдээд шидсэн даруйд дахин нэг загас дэгээнд минь орлоо. Би түүнийг бас л түрүүчийн адилаар гаргаж ирэв. Түдэлгүй би зургаан загастай болов. Би загасаа хүүдийнээсээ гаргаж эгнүүлэн тавьж үзвэл том багаараа бараг нэгэн адил. Бүгд л сайхан өнгөтэй, хүйтэн усанд байсаар хатуужин чангарсан загас байлаа. Халуун өдөр байсан тул би бүгдийн нь өехийг ярж гэдэс дотрыг нь заламгайн хамт аваад голын цаад эрэг рүү шидэв.
Барьсан загаснуудаа эрэг дээр авчирч далангийн дээд дөлгөөн урсгалт хүйтэн усанд угаагаад ойм зулгаан хүүдийнийхээ ёроолд дэвсэж гурван хулдаа эгнүүлэн тавиад дахин оймоор хучин үлдсэн гурвыг дээрээс нь тавьж мөн оймоор хучив. Оймоор хучсан загас бүүр ч сайхан харагдав. Эдүгээ цүндийж гүйцсэн хүүдийгээ би модны сүүдэрт тавив.
Далан дээр нэн халуун тул би чийгийн өттэй лаазаа хүүдийнийхээ хамт модны сүүдэрт тавиад үүргэвчнээсээ ном гаргаж Биллийг үдийн унд уухаар иртэл нь уншихаар модны ёроолд суув.
Үд дөнгөж хэвийж сүүдэр гэх юм бараг байсангүй. Гэвч би салаалан ургасан ихэр модны ёроолд номоо уншиж суулаа. Энэ нь А. Е. В. Мэсоны бичсэн ном. Альпийн нуруунд мөсөн хавцалд унаж осгоод сураггүй болсон хүний хүүр уулын мөнх цасанд түрэгдэн хурсан чулуулгийн дундаас олдтол яг хорин дөрвөн жил хүлээсэн сүйт бүсгүй, мөн л төдий болтол хүлээгч, тэр бүсгүйн үнэнч амрагийн тухай нэгэн гайхамшигт туужийг уншиж суув. Биллийг ирэх үес тэд мөн л хүлээсээр л байлаа.
— Юм барив уу? гэж тэр асуув.
Билл загасны уурга, уут, тор сэлтээ бүгдийг нэг гартаа барьсан, ихэд хөлөрчээ. Далангийн усны шуугианд түүний ирэхийг би мэдсэнгүй.
— Зургааг барьсан. Чи?
Билл газарт суугаад уутныхаа амыг нээн нэгэн том хулд ногоон дээр тавив. Нэг нэгээсээ том гурван загас гаргаж, модны сүүдэрт эгнүүллээ. Царай нь баясгалантай, хөлс дааварлан байна.
— Чинийх хэр вэ?
— Жижигхэн
— Үзүүлээч.
— Далд хийчихсэн.
— Чухамдаа хэдий хэр том бэ?
Бүгд л чиний барьсан загасны хамгийн жижиг шиг дээ.
— Худлаа хэлж байгаа байлгүй.
— Үгүй.
— Бүгдийг нь чийгийн өтөөр барьсан уу?
— Тэгсэн
— Залхуу амьтан
Билл хулд загаснуудаа хүүдийдээ хийгээд, амыг нь боогоогүй хүүдийгээ савчин гол руу явав. Түүнийг бүсэлхийгээ хүртэл норсныг үзээд ус туучин явж загасчилж дээ гэж би бодов. Тэгээд зам өгсөн явсаар усанд тавьсан хоёр шил бор дарсаа авлаа. Дарс маань хүв хүйтэн болжээ. Намайг эгж ирэх зуурт шил нь хөлөрчихсөн байлаа. Би замын хүнсээ сонин дээр тавьж нэг шил дарсны лацыг ховхолж нөгөөг нь мод түшүүлэв. Билл хүүдийгээ цүндийтэл хөвд чихчхээд гараа арчсаар хүрч ирээд,
— За, энэ шилтэйг амталж үздэг хэрэг гээд дарсны бөглөөг аван шилээр нь балгаснаа, — Үү, шүд хага ташиж байна гээч гэв.
— Алив, амсаадахъя.
Дарс мөс шиг хүйтэн мөртөө үлэмж гашуун оргив. Билл
— Тийм ч муугүй эд юм байна гэхэд би
— Хүйтэн тусмаа л сайн биз гэв.
Боодолтой замын хүнсээ задалцгаалаа.
— Тахианы мах
— Бас чанасан өндөг бий гээч
— Давс бий юу?
— Эхлээд өндгөө, дараа нь тахианыхаа махыг идье. Брайан хүртэл энэ дэс дарааг эрхэмлэдэг байлаа гэж Билл хэлэв.
— Брайан үхчихсэн. Өчигдөр би сониноос уншсан.
— Яалаа гэж. Үгүй байлгүй?
— Тэгсэн. Брайан үхчихсэн
Билл арилгаж байсан өндгөө газарт тавив.
— Ноёдоо, би Брайаны дурсгалыг хүндэтгэж хэвшсэн ёсыг эвдэхээр шийдлээ. Тэрхүү агуу их иргэний алдрыг бодож эхлээд тахианы мах, дараа нь өндгөө идье гээд боодолтой сонин дэлгэн тахианы нэг мөч гаргаж авав.
— Сониноо, бурхан ямар өдөр тахиа бүтээсэн юм бол?
— Ай, бид яаж мэдэх бил ээ? Энэ талаар асуух ч хэрэг үгүй. Бид энэ газар дэлхийд удахгүй, охор настай улс. Цэнгэж жаргаж, итгэж найдаж, талархаад өнгөрвөл зохино гэж Билл тахианы мөч зулгаах зуураа өчив.
— Өндөг ид. Бил нэг гартаа тахианы мөч, нөгөө гартаа шилтэй дарс барин түүгээрээ дохиж зангаж байх аж.
— Өөртөө заяасан бүхнээрээ наргин цэнгэцгээе.
Шувууны мах, үр жимсний ундааг хүртэцгээе. Дүү минь чи үүнээс жаахан хүртэнэ үү?
— Ах минь, би таны дараа болъё.
Билл дарснаасаа нэгэнтээ том балгасны эцэст
— Дүү минь үүнээс жаахан хүртчих гээд лонхтойгоо надад сарвайн, — Дүү минь, эргэлзэж явдгаа больё. Бичний гараар тахианы ариун нууцыг хөндөхөө больё. Мөрөөрөө явъя. Чи надтай санал нэгдвэл зүгээр сэн. Хариу юу гэж хэлье дээ байз? гээд намайг тахианы хөлөөр чичин байснаа, — Чи аан гэж бай. Бид санал бодлоо зарлан тунхаглая. Би ийм явдлыг бахархдаг хүний нэг. Дүү минь чи өвдөг сөхрөн байж надтай хоолой нийлүүлэн зарлан тунхагла. Байгалийн үзэсгэлэн жигдэрсэн энэ газар өвдөг сөхрөхөөс ичих хэрэг үгүй. Ой шугуй бурхны эн түрүүний дацан хийд байсан гэдгийг санан дурс. Чингээд өвдөг сөхрөн байж «Энэ тахиаг бүү идэцгээ. Энэ чинь Менкен шүү дээ» гэж зарлан тунхаглая гэв. Би
— Май, үүнээс жаахан хүрт гэв. Бид үлдсэн нэг лонх дарсны бөглөөг авав.
— Юуны учир ингэж байгаа юм бэ? Чи Брайанд дургүй байсан юм уу? гэж намайг асуусанд тэр
— Брайанд хайртай байсан. Бид бие биедээ ах дүүс шиг байсан улс гэв.
— Та хоёр хаана танилцсан юм бэ?
— Менкен бид гурав ариун загалмайн сургуульд хамт суралцаж байсан юм.
— Бас Фрэнки Фриш тэнд байсан биз.
— Үгүй. Фрэнки Фриш Фордхэмийн их сургуульд сурч байсан.
— За тийм байж. Би хамба Мэнингтэй цуг Лойолад сурч байсан.
— Худлаа. Лойолад би Мэнингтэй цуг энэ биеэрээ суралцаж байсан хүн.
— Чи согтоод байна шүү.
— Бор дарсанд уу?
— Яагаад үгүй гэж?
— Чийгийн гай даа. Энэ муу ёрын чийгийг арилгах хэрэгтэй гэж Билл хэлэв.
— Ахиж ууна уу?
— Ердөө л эднийг авчирсан юм гэж үү?
— Хоёрхон шилийг авчирсан.
— Чи хэн болохоо мэддэг үү? гээд Билл лонх руу хорхойтон харав.
— Үгүй.
— Чи бол согтууруулах ундаан эсэргүүцэгчдийн холбооны туршуул
— Би эх Марийн сургуульд Уэн Б. Уйлертай хамт байсан хүн.
— Худлаа. Харин би Остины худалдааны дээд сургуульд Уэн Б. Уйлертэй хамт сурч байсан юм. Тэр чинь манай ангийн ахлагч байсан.
— За юу боловч уушны газрууд сөнөх болно гэж би хэлэв. Билл
— Эрхэм хайрт нэг ангийн нөхөр минь чиний хэлдэг зөв. Уушны газар сөнөж би түүнтэй цуг арилах ёстой гэв.
— Чи согтжээ.
— Бор дарсанд уу?
— Тийм ээ, бор дарсанд.
— За яах вэ, согтсон ч байж болно
— Дуг хийнэ үү?
— Тэгье.
Бид сүүдэрт моддын орой харан хэвтэв.
— Чи унтаж байна уу?
— Үгүй, би юм бодож байна гэж Билл хэлэв. Би нүдээ анилаа. Ийнхүү газар хэвтэх нь нэн таатай санагдах аж.
— Хүүе, Бретт та хоёр юу болоод байна вэ? гэж Билл асуув.
— Юу гэж?
— Чи ер нь түүнд сэтгэлтэй байсан уу?
— Байсан.
— Хэр удаан?
— Сайдаж, муудахыг хослуулсаар их л удаж байна.
— Золигт гар! гэчхээд Билл, — Найз минь, уучлаарай гэв. Би
— Зүгээр, зүгээр. Одоо бол надад падгүй болсон гэв.
— Нээрээ юу?
— Нээрээ. Гэхдээ би энэ талаар ярихгүй байхыг боддог.
— Намайг ингэж асуулаа гэж уурлаагүй биз?
— Юу боллоо гэж уурлах билээ.
— Би унтлаа гээд Билл нүүрэн дээрээ сонин тавиад
— Жейк, чи үнэхээр католик шашинтан уу? гэж асуув.
— Нэрээс цаашгүй.
— Юу гэсэн үг вэ?
— Бүү мэд.
— За, за, би одоо унтлаа, элдэв юм ярьж нойр бүү сэргээчих гэж тэр хэлэв.
Би ч бас унтчихжээ. Намайг сэрэхэд Билл үүргэвчээ янзалж байв. Орой болж, моддын сүүдэр уртассаар далан хүрсэн байлаа. Газар унтаад хамаг бие хөшиж орхижээ.
— За юу болж байна? Сэрж байгаа нь энэ үү? Шөнө ханатлаа унтахгүй яасан юм бэ? гэж Билл асуув. Би суниан нүдээ арчив. Билл
— Би тун сайхан зүүд зүүдэлсэн. Юу зүүдэлснээ санахгүй байна, гэхдээ л сайхан зүүд байсан гэв.
— Би ер юу ч зүүдэлсэнгүй бололтой..
— Чи зүүдлэх ёстой. Манай алдартнууд ямагт зүүд зөнчид байсан. Фордыг хар. Ерөнхийлөгч Кулижийг хар. Рокфеллер, Жо Дэвидсоныг хар.
Би уурга дэгээ сэлтээ салгаж гэрэнд нь хийв. Билл үүргэвчиндээ авч явсан зүйлсээ хулд загастай нэг хүүдийний хамт хийв. Нөгөө нэг хүүдийг нь би гартаа авав.
— За, мартсан гээсэн юм үгүй биз? гэж Билл асуув.
— Би л лав чийгийн өтөө авсан.
Тэрийгээ нааш нь хий.
Биллийг үүргэвчээ үүрсэн хойно би лаазтай чийгийн өтөө гадна талын уутны нэгэнд хийв.
— Одоо мартсан юм байхгүй юу? Би хайлаасны ёроолын ногоонд энэ тэр юмаа мартчихаагүй байгаа гэж сайтар үзэв.
— Мартсан юм алга.
Чингээд бид ойн зүг өгссөн замаар алхацгаалаа. Бургет хүртэл нэлээд алхав. Тал дундуур явсаар зам хүрэхэд хэдийнээ харанхуй болоод, биднийг буудал руугаа явахад замын хоёр талаар эгнэсэн байшингуудын гэрэл гялалзан байлаа.
Бид Бургетэд тав хонохдоо ханатлаа загасчлав. Тэнд шөнө нь хүйтэн, өдөр нь халуун атлаа үргэлж салхитай, жин үдийн халуунд ч салхи сэвэлзэн байна. Наран шарахад, голын хүйтэн усанд ороход нэн таатай, дараа нь уснаас гараад эрэг дээр суух зуурт биед усны чийг ч үгүй болно. Бид тэнд байхдаа бардаагаар сэлж болохуйц цүнхээлтэй нэгэн голыг олж очсон билээ. Орой нь Сен Жан Пьеде Пороос явгаар ирээд тэнд загасчлахаар бидний буусан буудалд сууж байсан Харрис гэдэг англи хүнтэй хамт гурван гарын хөзөр тоглоцгоолоо. Нэн ялдамхан тэр эр, бидэнтэй цуг Ирати гол руу хоёр ч удаа явж билээ. Биднийг тэнд байх үес Роберт Кон, Бретт, Майк нарын алинаас нь ч сураг гарсангүй.


АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Нэгэн өглөө өглөөнийхөө цайг уухаар доош бууж очвол Харрис хэмээх нөгөө англи эр аль хэдийнээ ширээндээ суугаад нүдний шил зүүж сонин уншин байснаа сая над руу харж инээмсэглээд:
— Сайхан нойрсов уу. Танд захиа иржээ. Шуудан руу очтол надад ирсэн захидлын хамт үүнийг өглөө гэв.
Захиаг ширээн дээр миний суудаг талд аяга түшүүлэн тавьсан байлаа. Харрис бас л сониноо уншиж эхлэв. Би захидлаа задалбал Памплоноос дам явуулжээ. Сан Себастьян.Ням гараг гэж дээр нь бичжээ.
Уг захидалд:

Хонгор Жейк минь

Бид энд баасан гарагт ирсэн. Бретт замдаа ихэд агсагдаад хуучин нөхдийн дунд гурав хоног амруулахаар энд авчирлаа. Бид Памплон руу Мягмар гарагт очно. Тэнд Монтояа зочид буудалд бууна. Яг хэдэн цагт тэнд очихыг би мэдэхгүй. Пүрэв гарагт та нартай бүгдтэй нь хаана хэрхэн уулзвал зохих талаар зурвас бичиж автобусаар бидэнд өгүүлнэ үү? Болзсон өдрөөсөө хожигдсон явдлыг уучилна уу гэж хүсэхийн хамт чин зүрхний мэнд дэвшүүлье. Гэвч Бретт аян замд үлэмж их агсагдсанаас ийнхүү хожимдлоо. Мягмар гараг гэхэд лавтайяа сайжрах болно. Одоо ч гэсэн бие нь хэвийн байдалдаа ороод байна. Би ая занг нь сайтар мэдэх хүний хувьд сувиллаа, амаргүй юм байна. Бүх нөхдөд чин сэтгэлийн мэнд дэвшүүлье.

Майкл

Гэжээ.
— Өнөөдөр ямар гараг вэ? гэж би Харрисаас асуув.
— Мягмар гараг байхаа. Тийм ээ, мягмар гараг байна. Энэ уулархаг нутагт гараг өдрөө ч мартахад хүрдэг нь сониноо.
— Тэгэлгүй яах вэ. Бид энд чинь бараг долоо хоночхоод байна шүү дээ.
— Та нар эндээс явахаар завдан байгаа юм биш биз?
— Тийм ээ. Бид өнөө оройны автобусаар явах нь шиг байна.
— Ямар баларсан юм бэ? Ирати руу дахиад бас нэг удаа бүгдээрээ цуг явна гэж бодож байсан юм сан.
— Бид Памплона руу явах болж байна. Тэнд биднийг нөхөд маань хүлээж байгаа юм.
— Яасан заяагүй амьтан бэ би. Бид энэ Бургетед мөн ч сайхан байлаа даа.
— Бидэнтэй цуг Памплона руу яв л даа. Тэнд очоод бас хөзөр тоглоно, бас гайхалтай сайхан наадам үзнэ.
— Урьсанд чинь их баярлалаа, явмаар л байна. Тэгэхдээ би эндээ үлдэнэ. Мөд буцалгүй болохгүй.
— Та Ирати голын хамгийн том хулдыг барих гэж бодоод байна аа даа.
— Яг тийм. Тэнд гайхалтай том загас байгаа юм шүү.
— Дахиад нэг удаа оролдоод үзмээр л байна санж.
— Тэгээч. Эндээ нэг өнжчих. Надад хань болж үз.
— Бид хот оролгүй болохгүй, болохгүй гэж би хэлэв.
— Ямар тоогүй бэ!
Өглөөний ундаа уучхаад Билл бид хоёр буудлын өмнөх сандал дээр энэ тухай ярилцан нарлаж суув. Нэгэн охин хотын төвөөс буудал руу ирдэг замаар айсуй харагдав. Тэр охин бидний өмнө ирж зогсоод мөрөндөө зүүсэн ширэн цүнхнээсээ нэгэн цахилгаан гаргаж
— Por ustedes?11 гэж асуув.
Бид тэр цахилгаан руу харвал дээр нь «Барнес. Бургет» гэсэн хаяг байв.
— Тийм байна. Бидэнд иржээ.
Тэр охин миний гарын үсгийг зуруулахаар нэгэн дэвтэр гаргаж ирэхэд би хэдэн зэс зоос өгөв. Цахилгааныг «Vengo jueves Cohn» гэж испаниар бичжээ. Би түүнийг Биллд өгтөл
— Кон гэдэг чинь ямар учиртай үг вэ? гэж асуув.
— Яасан утгагүй цахилгаан бэ! Арван үгтэй цахилгаан явуулсан ч адилхан л мөнгө төлнө шүү дээ. «Би мягмарт очно». Юу гэсэн үг вэ, тийм үү? гэж би хэлэв.
— Кон хэлье гэж бодсон бүхнээ л хэлжээ.
— Юу ч болсон бид явцгаана. Бретт, Майк хоёрыг Фиестын наана нааш цааш нь хөлхүүлэх хэрэг юу байна вэ. Энэ цахилгаанд хариу бичих үү?
— Хариу өгөлгүй яах вэ. Адайр зан гаргах хэрэггүй гэж Билл хэлэв.
Чингээд бид шуудан руу очиж цахилгаан бичих хуудас авав.
— Юу гэж бичих вэ? гэж Билл асуув.
— Өнөө үдэш очно. Энэ л хангалттай.
Цахилгааныхаа мөнгийг төлчхөөд бид буудалдаа эгж ирэв. Харрис тэнд байж байсан тул гурвуул Ронсеваль руу алхацгаалаа. Бид сүмд орж үзэж сонирхоцгоолоо. Чингээд гарч ирсэн хойно Харрис
— Би энэ мэт газрыг гойд сонирхдоггүй хүн, энэ чинь харин зүгээр юм гэв. Билл
— Би бас л тийм хүн гэв.
— Үүнийг үзсэн маань онолоо. Өдөр бүхэн л ирж үзэх сэн гэж бодоод байсан юм. Ер нь сонин газар байна шүү гэж Харрис хэлэв.
— Гэвч үүнийг загасчлахтай зүйрлэх аргагүй, тийм биз? гэж Билл асуув. Үзтэл Харрис Биллийн санаанд нийцсэн бололтой.
— Яаж түүнтэй зүйрцэх бил ээ?
Бид сүмийн хуучин бунхны өмнө зогсож байлаа.
— Замын цаана байгаа тэр нэг юм, уушны газар биш үү? Эсвэл би эндүүрч байна уу? гэж Харрис биднээс асуув.
— Уушны газар шиг л харагдаж байна даа гэж Билл хэлэв.
— Уушны газаррхуу юм гэж би хэлэв.
— Тэгвэл хүртэцгээе гэж Харрис хэлэв. Тэр энэхүү «хүртэх» гэдэг үгийг Биллээс халдаан авчээ. Бид тус бүр нэг нэг шиг шил бор дарс авцгаав. Мөнгөө төлөх гэтэл Харрис биднээр төлүүлсэнгүй. Энэ бол испаниар ус цас шиг ярьдаг хүн. Уушны газрын эзэн Билл бид хоёрын өгсөн мөнгийг авсангүй.
— Залуус минь, та нартай энд байхад надад хэчнээн сайхан байгааг мэдэхгүй байна даа.
— Харрис, бид үнэхээр сайхан байлаа.
— Харрис яльгүй халжээ дээ.
— Тэгж. Харин миний хувьд ямар байсныг та нар бүрэн дүүрэн мэдэхгүй. Дайнаас хойш би олигтой юм бараг үзээгүй хүн.
— Бид, нэгэн цагт хамт загасчилна гэдгийг санаж яваарай, Харрис
— Гарцаагүй хамт загасчилна. Бид мөн ч сайхан байлаа.
— Дахиад нэг шилийг уувал ямар вэ?
— Тун сайхан санал байна гэж Харрис хэлэв.
— Үүнийг би төлнө. Эсвэл уухаа больцгооё гэж Билл хэлэв.
— Надаар төлүүл л дээ. Тэгвэл надад таатай л байх болно.
— Надад ч бас таатай байна шүү гэж Билл хэлэв.
Уушны газрын эзэн дөрөв дэх шил дарсыг барьсаар орж ирэв. Түрүүн нь авчирч өгсөн шилэн аяганууд ширээн дээр байлаа.
Харрис хундагаа өргөөд
— Үүнийг таатайхан хүртье гэв.
Билл түүний далыг алгадаж,
— Харрис, чи сайн хүн юм
— Миний нэр яг ч Харрис биш. Уг нь Вильсон-Харрис. Ердөө л дундаа зураастай ганц нэр юм шүү дээ.
— Вильсон-Харрис чи сайн хүн юм. Бид чамд хайртай учраас л Харрис гэж дуудаж байгаа юм шүү дээ гэж Билл хэлэв.
— Барнс, энэ бүхэн над хэчнээн сайхан санагдаж байгааг чи мэдэхгүй.
— За дахиад нэг аягыг хүртчихье гэж би хэлэв.
— Барнес минь, Барнес минь үнэндээ та нар мэдэх ч аргагүй. Ердөө л энэ
— Харрис уугаарай.
Бид Ронсевалиас буцах замдаа Харрисыг дундаа хийж явав. Чингээд буудалд хооллоцгоосны эцэст Харрис бидний хамт автобус руу очиж бидэнд Лондонд байдаг гэр орон, клуб, ажлынхаа газрын хаяг бүхий нэрийн хуудсаа өгөөд биднийг автобусанд суухад тус бүр нэжгээд дугтуй атгууллаа. Би өгсөн дугтуйг нь задалбал тэнд нь баахан дуураймал ялаа байлаа. Харрис эднийг өөрийн гараар хийжээ. Ер нь өгөөшний ялааг ямагт өөрөө хийдэг билээ. Би
— Хүүе Харрис гэж ам нээтэл тэр нөхөр автобуснаас буух зуураа
— Үгүй үгүй. Эд маань тийм ч олигтой өгөөш биш. Харин нэгэн цагт түүгээр загас барих болбол хамтдаа өнгөрөөсөн энэ сайхан үеийг лав дурсах биз гэж л бодсон юм гэв.
Автобус хөдөллөө. Харрис шуудангийн өмнө зогсож байлаа. Тэр гараараа даллан зогсож байгаад биднийг далд орох үес буудлын зүг эгж явлаа.
— Харрис сайн залуу юм, тийм үү? гэж Билл асуув.
— Бидэнтэй хамт байх нь үнэхээр сайхан санагдаж дээ.
— Харрист уу? Мөрийцсөн ч яах вэ.
— Памплона руу хамт явсангүйеэ дээ.
— Харрис загасчлах гээд байсан юм.
— Тийм ээ. Тэгээд ч англи эртэй маань бусад нөхөд хэр түнжинтэй байхыг хэлж мэдэхгүй шүү дээ.
— Тийм дээ.
Бид Памплонад бараг орой болсон хойно иртэл автобус маань Монтояагийн зочид буудлын үүдэнд зогсов. Фиестийн үеэр талбайг гэрэлтүүлэх гэж цахилгаан гэрлийн утас татжээ. Автобус зогсмогц хэдэн залуу гүйлдэн ирлээ. Тус хотын гаалийн нэг дарга автобуснаас буусан бүх улсыг явган хүний зам дээр тээшээ задал гэв. Бид буудал руу орцгоотол Монтояа шатан дээр дайралдвал бидэнтэй хулгасхийн инээмсэглэсээр гар барив. Чингээд
— Найз нар чинь энд буусан гэв.
— Ноён Кэмпбель үү?
— Тийм, Ноён Кэмпбель, Кон, хатагтай Эшлей нар. Надад бас юухан хээхэн хэлэх гээд байгаа янзтай инээмсэглэн зогсов.
— Тэд хэзээ ирээ вэ?
— Өчигдөр. Урьд нь сууж байсан өрөөг тань би танд хадгалаад байгаа.
— Сайхан хэрэг. Ноён Кэмпбельд талбайн зүг харсан цонхтой өрөө өгсөн үү?
— Тэгсэн. Урьд нь бидний үзэж тохирсон тэр л өрөөнүүдэд орцгоосон.
— Нөхөд маань одоо хаана байгаа бол?
— Тэд лав пелото12 үзэхээр явцгаасан байх.
— Бухын талаар ямар сонинтой вэ дээ?
— Өнөө орой өөрсдөө үзэцгээнэ. Орой долоон цагт Вилларын бухуудыг маргааш Мьюрсынхыг энд авчирцгаана. Та нар бүгдээрээ тийшээ очицгоох уу?
— Тэгэлгүй яах вэ. Эд маань бух яаж авчирдгийг үзээгүй улс. Монтояа мөрөн дээр минь гараа тавиад
— Тэнд уулзацгаая даа.
Бас л инээмсэглэв. Бухын тулалдаан бидний хоорондын гоц гойд нууц, үлэмж ноцтой, зөвхөн бидний л мэдэх маш нууц юм шиг тэр энэ тухай ярих бүрийд ийнхүү инээнэ. Энэхүү нууцад бидний л ойлгох, бусдын хувьд зохимжгүй тийм зүйл байгаа юм шиг ямагт инээнэ. Ойлгохгүй улсад энэ нууцыг дэлгэх ёсгүй аж.
— Найз тань бас aficionado юу? гээд Монтояа Билл рүү инээмсэглэн харав.
— Тийм ээ. Энэ минь Фермина гэгээнтний баярыг үзэх гэж бүүр Нью-Йоркоос зориуд ирсэн юм.
— Нээрэн үү? гэж даруухнаар гайхан асуугаад. Гэхдээ тань шиг aficionado биш л дээ гэв. Монтояа дахин гараа мөрөн дээр минь хулгасхийн тавив. Би
— Үгүй, ёстой aficionado шүү гэв.
— Гэхдээ тань шиг тийм aficionado яавч биш. aficion гэдэг нь дур шунал гэсэн үг. aficionado гэдэг нь бухын тулалдаанд шунан дурлагч гэсэн үг. Бухтай тулалдагч шилдэг эрс буюу аficion бүхий улс бүгд Монтояагийн буудалд бууцгаажээ. Мөнгөний төлөө бухтай тулалдагчид бол энд нэг л удаа буудаллахаас бус ахиж ирэх нь ер үгүй.
Бухтай тулалдагч шилдэг эрс бол жил болгон ирнэ. Монтояагийн өрөөнд байгаа тэдний зураг нь нэг бол Монтояад, эсвэл түүний эгч Хуамито Монтояад дурсгасан, гарын үсэг бүхий байна. Монтояа өөрийн бишрэн шүтдэг бухтай тулалдагчдын зургийг тусгай жаазанд хийж ханандаа хадна. aficion үгүй бухтай тулалдагчдын зургийг бол Монтояа ширээнийхээ нүдэнд хийнэ. Эдний олонх дээр нэн тааламжтай зүйлсийг бичсэн байх боловч энэ нь огтоос хамаагүй. Нэг өдөр Монтояа тэр зургуудыг бүгдийг нь ширээний нүднээс аваад хогийн саванд хийчихжээ. Тэр мэт улсын зургийг биедээ ойр авч байхыг хүссэнгүйнх биз ээ.
Монтояагийн буудалд сүүлийн хэд хэдэн жил дараалан буулаа. Бид ямагт бух, бухтай тулалдагсдын тухай ярьцгаав. Ер нь удаан үргэлжлэх нь үгүй. Санаа бодлыг солилцох төдийгөөр хэн хэний маань сэтгэл ханана. Бас алс холоос ирчхээд явахаасаа өмнө Монтояатай бухын талаар ярилцахаар Памплонд түр саатагсад цөөнгүй байдаг нь даруй aficionado мөн. Ийм улсад бол буудал пиг дүүрэн хүнтэй байлаач суух өрөө ямагт олдоно. Монтояа намайг тэдний заримтай нь танилцуулав. Тэд анхандаа их л хөндий байснаа намайг америк хүн гэж дуулаад эргэлзсэн янзтай харагдана. Яагаад ч юм бэ, америк хүний хувьд aficion байшгүй зүйл, тэд зүгээр л тийм дүр үзүүлж, эсвэл сэтгэл хөдлөлийг түүнтэй хутгадгаас бус үнэхээр aficion үгүй гэж бат итгэцгээдэг улс аж. Чингээд намайг aficion бүхий хүн гэдгийг мэдмэгцээ хулгасхийн гараа мөрөн дээр тавих юм уу Buen hombre13 гэж хэлнэ. Энэхүү aficion бий эсэхийг илэрхийлэх тогтсон үг, асуулт гэж үгүй, нэг ёсны эг магхийсэн асуулт бүхий аман шалгалт, туршилт сорилтоор үүнийг тогтооно. Ямагт тэд мөрөн дээр гараа тавих бөгөөд өөртөө төрсөн бодлын баттай эсэхийг шалгасугай гэсэндээ ингэж байх шиг санагдана.
Монтояа aficion бүхий бухтай тулалдагчийн хувьд бүхнийг өршөөнө. Оргилсон омог, аймхай явдал, тайлбарлахын эцэсгүй ухаангүй явдал, аливаа нүгэлт хэргийг уучилна. Aficion бүхий ерийн хүний хувьд бүхнийг уучилна. Миний хувьд бүх нөхдийг маань уучилсан болно. Энэ талаар Монтояа ер юу ч дугараагүй байхад эдний тухай ярих нь бухын тулалдаанд морь оролцуулсан тухай ярих шиг бидэнд нэг л ичгүүртэй санагдана.
Билл буудалд орж ирмэгцээ шууд дээшээ гараад гар нүүрээ угааж үс зүсээ янзалж байхад нь би өрөөнд нь орж очлоо.
— За, испаниар ханатлаа ярив уу? гэж тэр асуув.
— Бухуудаа өнөө орой авчирна гэж байна.
— Нөгөөдүүлээ олж аваад тийшээ явъя.
— Тэгье. Тэд лав зуушны газар байгаа байх.
— Билет авсан уу?
— Авсан. Бух буулгахыг бүгдийг нь үзэх билет авсан.
— Хэр сонин бэ?
Билл эрүүн дор нь хусаагүй газар үлдчихээгүй байгаа гэж толины өмнө хацрынхаа арьсыг дээш нь татан зогсох аж. Би
— Маш сонин. Бухуудыг хашаанд торон бүхээгээс нэг нэгээр нь гаргана. Хооронд нь мөргөлдүүлэхгүйн тулд шарнууд авчирдаг юм. Бух шар луу дайран ороход нь шар нь тайтгаруулах гэж хөгшин авгай нар шиг тойрон давхина гэв.
— Бух шарыг мөргөх үү?
— Мөргөлгүй яах вэ. Заримдаа шуудхан дайрч мөргөөд алчихдаг юм.
— Шар нь яаж ч чадахгүй юу?
— Яаж ч чадахгүй. Ердөө л эвлэрэх гэж оролддог.
— Ер нь тэнд яах гэж шар оруулдаг юм бэ?
— Бухыг тайтгаруулах, чулуун хана мөргөж эврээ хугалах юм уу бие биеэ мөргөхөөс сэргийлэх гэж.
— Шар байна гэдэг муугүй болж таарах нь ээ.
Бид шатаар буугаад буудлаас гарч «Ируна» зуушны газрын зүг талбайн дундуур явав. Талбай дээр билет зарах хоёр бүхээг бусдаасаа содон харагдаж байна. «Sol, Sol. Y. Sombre, Somdre14» гэсэн бичиг бүхий цонхнууд нь хаалттай аж. Эд нь зөвхөн фиестийн урьд өдөр л онгойдог ажээ. Талбайн чанад Ируна уушны газрын сүлжмэл цагаан ширээ сандал гонхноос халиад замын хөвөө хүртэл үргэлжилнэ. Би Бретт Майкл хоёрыг харуулдан явав. Тэд тэнд, Бретт, Майкл, Кон нар хамт сууж байв. Бретт баскчуудын өмсдөг дугуй малгай толгой дээрээ тавьжээ. Майкл ч бас тийм малгай өмсжээ. Роберт Кон толгой нүцгэн байх бөгөөд нүднийхээ шилийг зүүсэн аж. Бретт биднийг харчхаад гараараа даллав. Чингээд ширээ рүү нь хүрч очвол нүдээ жийхайлган хараад
— Залуус минь сайн уу! гэж чанга мэндлэв.
Бретт биднийг үзээд хөгжин баясаж, Майкл их л элэгсэг дотноор гар барив. Роберт Кон биднийг энд ирсний учир гар барьж мэндлэв.
— Та нар чинь хаашаа алга болчхов оо? гэж би асуусанд Кон
— Би эднийг энд авчирсан юм гэв.
— Ямар балай юм ярина вэ? Чамайг очоогүй бол бид энд эрт ирэх байсан гэж Бретт хэлэв.
— Та нар энд хэзээ ч ирэхгүй байсан.
— Балай юм! Та хоёр харин нь бүүр борлочхож. Биллийг хараач
— Та нар сайн загасчлав уу? Бид та нартай очиж нийлье гэж бодсон юм гэж Майкл хэлэв.
— Муугүй загасчилсан. Та нарыг байхгүй болохоор их л эвгүй байлаа.
— Би очъё гэж бодсон юм. Гэвч эднийг энд авчрах нь дээр гэж саналаа.
— Биднийг энд авчрах шүү! Утгагүй юм!
— Үнэхээр сайн загасчилсан уу? Олз омог их байв уу? гэж Майкл асуув.
— Зарим өдөр тус бүр арав гаргаж барьж байсан. Бидэнтэй хамт нэг англи эр тэнд байсан.
— Харрис гэдэг юм. Чи тийм хүн танихгүй юу. Майкл? Бас дайтаж явсан эр гэж Билл хэлэв.
— Азтай эр. Бид хэчнээн сайхан байсан гэж санана. Тэрхүү жаргалант үе эгж ирдэг ч болоосой гэж Майкл хэлэв.
— Бүү тэнэглэ.
— Майкл, чи дайтаж явсан уу? гэж Кон асуув.
— Дайтахаар барах уу даа.
— Энэ чинь гялалзаж явсан дайчин байхгүй юу. Эдэнд морь чинь хэрхэн Пикадилли руу авч давхисныг ярьж өг гэж Бретт хэлэв.
— Үгүй. Би тэр тухай дөрвөн удаа ярьсан.
— Чи надад ер яриагүй гэж Роберт Кон хэлэв.
— Би тэр явдлыг ярихгүй. Энэ чинь миний нэр сүрийг гутаасан хэрэг.
— Эдэнд медалийнхаа тухай яриач.
— Үгүй. Энэ бол миний нэр сүрийг маш ихээр гутаасан явдал
— Ямар явдал болсон юм бэ?
— Бретт та нарт ярьж өгөг. Нэр сүрийг минь гутаасан бүх л явдлыг энэ ярьдаг юм.
— За, Бретт яриач
— Ярих уу?
— Би өөрөө ярья.
— Майкл, чи ямар медальтай байсан юм бэ?
— Ямар ч медальтай байгаагүй.
— Арай ч үгүй байлгүй.
— Би бараг бүх медалийг хүртсэн. Гэвч өг гэж гуйж гувшиж явсангүй. Нэгэнтээ маш сүртэй дайллага хийх болоод тэнд Уэлсийн хунтайж ирэх гэнэ гэж дуулдав. Урилган дээр нь найрт орох улс бүгд одон медалиа зүүж очих ёстой гэж бичжээ. Гэтэл надад чухамдаа энгэртээ зүүх юм байсангүй. Чингээд би оёдолчныдоо очиж урилгаа үзүүлтэл намайг машид бишрэв. Тэгэхэд нь би үүнийг нь далимдуулан «Надад медаль олж өг» гэвэл «Ямар медаль вэ, ноёнтоон?» гэж асуув. «Ямар ч хамаагүй. Надад ердөө л хэдэн медаль өгөөдөх» гэвэл тэр «Ноёнтоон, та ер нь ямар медальтай хүн бэ?» гэж асуув. Тэгэхэд нь би «ямар медаль авснаа би яаж мэдэх юм бэ?» гээд намайг арай цэргийн сонин уншиж цагаа барсан амьтан гэж бодоогүй биз гэж санаад «За, надад аятайхан хэдэн медаль өгөөдөх. Өөрөө л сайн гэснээ шилж сонгоорой гэв. Тэгээд тэр надад үл ялих жижигхэн медалиуд нэг хайрцагт хийж өглөө. Би түүний нь хармаандаа хийгээд мартчихжээ. Тэгээд л нөгөө дайллагадаа очлоо. Гэтэл тэр шөнө Хенри Уэлсэнг буудчихаад хунтайж ч, ван ч тэр дайллагад ирсэнгүй, одон медаль ч зүүх хэрэг болсонгүй. Тэнд одон медалиа зүүж ирсэн улс түүнийгээ авах гэж сүйд болж байхад би гэдэг хүн байдаг медалиа хармаандаа хийчхээд зогсож байсан юм даа.
Бидний хөхрөлдөхийг үзээд Майкл яриагаа түр завсарлав.
— Ингээд л болох нь тэр үү?
— Тийм ээ, гэхдээ би олигтой ярьсангүй бололтой.
— Олигтой ярьсангүй. Гэхдээ яах вэ гэж Бретт хэлэв. Бид инээлдтэл Майкл
— Өө тийм, одоо саналаа. Тэр дайллага тун доожоогүй болсон тул би тэсэж байж чадалгүй тэндээс гарч явлаа. Чингээд бүүр орой болсон хойно хармаандаа нэгэн хайрцаг байгааг үзэв. Энэ юу байдаг бил ээ? Медаль юм уу? Цэрэг дайны хараал идсэн медаль юм уу даа? гэж бодов. Тэгээд бүгдийнх нь ар талд хадсан тогтоолыг хуу татаж нэг охинд л нэг медаль гэх мэтээр хүн амьтанд тарааж өглөө. Энэ маань нэг ёсны дурсгал. Тэд намайг ёстой дайчин эр гэдэг чинь энэ дээ, шөнийн клубт медалиа түгээж явдаг ийм эр ховорхон гэж шагширч байлаа гэв.
— Дуустал нь ярь гэж Бретт хэлэв.
— Энэ инээдтэй явдал биш гэж үү? гэж Майкл асуув.
Бид бүгд л хөхөрч хөшин байлаа.
— Тун инээдэмтэй явдал. Үүнийг бол би өөрөө батална.
За тэгтэл нөгөө оёдолчин маань медалиудаа эргүүлж өгнө үү гэж захиа бичжээ. Аваад ир гэж над руу бас хүн явуулсан гээч. Хэдэн сарын турш надад захиа бичсээр л байлаа. Бодвол нэг эр медалиудаа өнгөлүүлэхээр түүнд орхисон бололтой. Тэр нь нэг л их сүржин цэргийн хүн байжээ. Түүнээсээ болж галзуурах шахсан гэдэг.
Вы прочитали 1 текст из Монгольский литературы.
Следующий - Фиеста (наран бас л мандсаар байна) - 08
  • Части
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 01
    Общее количество слов 4446
    Общее количество уникальных слов составляет 1956
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 02
    Общее количество слов 4483
    Общее количество уникальных слов составляет 1864
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 03
    Общее количество слов 4607
    Общее количество уникальных слов составляет 1736
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 04
    Общее количество слов 4556
    Общее количество уникальных слов составляет 1826
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 05
    Общее количество слов 4548
    Общее количество уникальных слов составляет 1873
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 06
    Общее количество слов 4584
    Общее количество уникальных слов составляет 2014
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 07
    Общее количество слов 4549
    Общее количество уникальных слов составляет 1837
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 08
    Общее количество слов 4587
    Общее количество уникальных слов составляет 1922
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 09
    Общее количество слов 4497
    Общее количество уникальных слов составляет 1837
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 10
    Общее количество слов 4530
    Общее количество уникальных слов составляет 1646
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 11
    Общее количество слов 4515
    Общее количество уникальных слов составляет 1796
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 12
    Общее количество слов 4401
    Общее количество уникальных слов составляет 1961
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 13
    Общее количество слов 4493
    Общее количество уникальных слов составляет 1936
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 14
    Общее количество слов 1105
    Общее количество уникальных слов составляет 637
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов