Latin

Мичиганы Өндөрлөгт

Süzlärneñ gomumi sanı 1797
Unikal süzlärneñ gomumi sanı 1042
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
Эрнест Хемингуэй

МИЧИГАНЫ ӨНДӨРЛӨГТ

Дагвасамбуугийн Алтангэрэлийн орчуулсан “Up in Michigan” өгүүллэгийг Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2020 онд газарт цахим хэлбэрт хөрвүүлэв.


Найзтайгаа хуваалцаарай:


Жим Гилмор гэдэг эр Канадаас Хортонс Бэй-д нүүж ирээд Хортон өвгөний төмрийн дархны газрыг худалдан авлаа. Жим дунд зэргийн нуруу, хар үс, өтгөн сахал, том бадируун гартай эр ажээ. морь тахлахдаа янзтай. Гэвч ширэн хормогчоо зүүсэн байлаа ч гадна төрхөөс нь төмөрчин гэж хэлэхэд баахан хэцүү. Дархныхаа газрын дээд давхарт нэг өрөөнд амьдрах ба хоол гүнцгээ Д. Ж. Смит ноёнтныхоос хүртэж орхино.
Смитийнд гэрийн үйлчлэгч эмэгтэй Лиз Коутс амьдарна. Махлаг тарган биетэй, сайхан сэтгэлтэй Смит хатагтай, Лиз Коутс авхай шиг сэтгэлд нийцсэн нямбай эмэгтэйтэй таарч байсангүй гээд л яриа дэлгэнэ. Лиз авхайн хөл үнэхээр сайхан. Хормогч нь үргэлж цэвэрхэн бас үс гэзгээ хэзээд эмх цэгцтэй самнасан байдгийг Жим анзаарчээ. Ямагт баяр хөөрөөр гэрэлтэх Лиз авхайн царайг харах урамтай ч Жим үнэндээ түүний тухай өөр илүүг бодож байсангүй билээ.
Харин Жим Гилмор үйлчлэгч бүсгүйд үнэхээр их таалагддаг, түүнийг дархны газраасаа дөтлөн явахыг нь харах дуртай Лиз авхай түүнийг зам дээр гарч ирэхийг хүлээн гал зуухны үүдэн дээр отон зогсдог байлаа. Өтгөн хар сахал, инээхэд нь гэрэл ойх мэт цагаан шүд нь сэтгэл булаана. Эрхэм Смит, түүний гэргий хоёр Жимийг ихэд үнэлдэгт нь, мөн гадна төрх нь төмөрчинтэй ер адилгүйд нь Лиз авхай гойд дуртай.
Нэг удаа хаалганы дэргэд, төмпөнд хүзүү сээрээ угааж буй Жимийг олж харлаа. Хар үсээр битүү хучигдсан гар нь бугуйнаасаа дээш цайвартан үзэгдэх тэр агшинд өөрт нь нэг л сонин мэдрэмж төрөхийг Лиз авхай анзаарчээ. Тэгээд тэр мэдрэмжээсээ учиргүй ичив.
Бойн сити, Чарлвокс хот хоёрын хооронд орших их зам дээр байдаг Хортонс Бэй суурин ердөө тавхан байшингаас бүрдэнэ. Урд талыг нь зориуд өндөр хийсэн намхан байшинд мухлаг мөн шуудан байрлана. Үүдэнд нь хэн нэгний бүхээгт тэрэг үргэлж зогсоотой. Залгаад Смитийн, Струдын, Диллвортын, Хортоны, Ван Хүсены байшин үргэлжилнэ. Байшин тус бүрийг томоохон төгөл хүрээлэх ба хооронд нь элсэн зам холбох ажээ. Энэ элсэн замын хоёр талаар ой мод, хувийн аж ахуйтны ферм үргэлжилнэ. Сууринд орж ирэх замын эхэнд нэгэн сүм оршино. Харин сууринаас гарах замын аманд бага сургуулийн байшин сүндэрлэнэ. Сургуулийн эсрэг талд улаан өнгөөр будсан төмөрчний газар үзэгдэнэ. Ойн элсэн зам нуурын хөндий рүү тохойрон уруудаад талийжээ. Ноён Смитийн байшингийн хойд жигүүрийн тавцангаас нуур өөд хошуурсан ой, тэртээ булан тохойн эрэг алган дээр юм шиг ил харагдана. Хавар зуны улиралд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм. Тохой нарны гэрэлд цэнхэртэн мяралзаад, Чарлвокс хотын зүгээс үлээх зөөлөн салхинд Мичиган нуураас туугдсан хөвсгөр цагаахан хөөсөрхөг давлагаа нуурт хаялан байдаг сан. Бойн хот орохоор хөвж яваа хүдэр тээсэн ачааны онгоцыг Лиз авхай тавцан дээр зогсоод хардаг байлаа. Яг ширтэн байхад хөлөг онгоц огт хөдлөхгүй байрандаа зогсоод байх шиг санагдана. Харин гал тогоонд ороод аяга таваг угаагаад ирвэл аль хэдийн булан ороогоод талийсан байна.
Жим Гилморын тухай бодол Лиз авхайн сэтгэл зүрхнээс салахгүй болжээ. Харин Жим түүний сэтгэлийг огт анзаарсангүй бололтой. Ноён Смиттэй төмрийн дархны талаар, бүгд найрамдах нам эсвэл сенатор Жеймс Г. Блейны тухай яриа дэлгэнэ. Тэгээд үдэш зочдын өрөөнд бүгж “Толедын чичлүүр хутга” хэмээх ном шагайх юм уу эсвэл Гранд Рапидээс илгээсэн сонин хэвлэл гарчиглаад сууж орхино. Заримдаа шөнө харанхуйд загас барина гээд ноён Смиттэй хамт нуурын зүг алга болчихно. Намрын нэг өдөр мань эр ноён Смит мөн Чарли Ваиман нарын хамт Вандербилтээс чанагш, ойт хээр талд очиж буга агнана гээд майхан сав, хоол хүнс, буу зэвсэг, сүх шийдмээ тэргэнд ачаад хоёр нохой дагуулан аян замд гарлаа. Тэдний аян замын хүнсийг хатагтай Смит, Лиз авхай хоёр дөрөв хоног базаажээ. Жимд амттай хүнс зэхмээр санагдавч хатагтай Смитээс гурил, өндөг гуйх зүрх хараахан хүрсэнгүй. Тэгээд ч бүх хоол хүнсийг нь худалдан авч нийлүүлж байхад сэтгэлд нь юм хийхээс эмээжээ. Хатагтай Смит мэдээж сүйд болгохгүй ч гэсэн Лиз авхай айгаад юу ч хийж чадсангүй.
Жимийг буга агнаж явах үест Лиз авхай зөвхөн түүний л тухай бодож байжээ. Жим үгүй бол аймшигтай санагдана. Түүнийг дэндүү их мөрөөдөн бодсоор сүүлдээ бүр унтаж чадахгүй болсон ч тэр бодолдоо өлгийдүүлэх нь Лиз авхайд сайхан байв. Тэгээд Жимийг гэх бодлын цулбуураа сул орхисонд сэтгэл нь баахан уужирчээ. Эрчүүдийг ангаасаа ирэхийн өмнө шөнө Лиз авхай огт унтаж чадсангүй ээ. Дав дув хийгээд, унтахгүй байна гэж зүүдлэх шиг эсвэл үнэхээр цурам хийсэнгүй юу бүү мэд.
Тэртээд айсуй яваа тэрэгний бараа үзэгдэв. Лиз авхайн бие сулран бадайрч цанх нь эвхэрчих шиг боллоо. Жимийн барааг харах л юм бол бүх зүйл сайхан болоод явчих мэт санагдахад байж ядан хүлээн зогсоно. Тэрэг өндөр царс модны дор ирж зогсоход хатагтай Смит, Лиз авхай хоёр эрчүүдийг угтахаар гэрээс гарлаа. Тэдний сахал овоо ургасан үзэгдэнэ. Бүхээгийн ард гурван буга ачсан агаад чөргөр мөчнүүд нь бүхээгийн дээгүүр сөрдийх ажээ. Хатагтай Смит нөхрөө үнсэхэд нөхөр нь халуунаар тэврэн авлаа. Харин Жим “Лиз ээ, сайн уу?” гэх төдий ам нээгээд хөгжилтэй инээмсэглэв.
Жимийг ирэхэд юу болох ёстойг Лиз авхай өөрөө ч хэлж мэдэхгүй боловч үргэлж нэгэн зүйлийг хүсэн хүлээсээр байжээ. Гэвч юу ч болсонгүй. Анд явсан хүмүүс гэртээ эргэн ирлээ. Тэгээд л амар сайхандаа жаргав. Жим агнасан бугаа тааран уутнаас гаргах үед Лиз авхай харах гэж очлоо. Нэг гайгүй бүдүүн эр буга унагажээ. Буга нэгэнт хөшсөн тул Жим барьц алдахын даваан дээр тэрэгнээс буулгав.
— Жим ээ, энэ бугыг чи буудсан уу? хэмээн Лиз авхай асуулаа.
— Би буудсан. Сайхан амьтан шүү? гээд Жим бугаа үүрээд амбаар руу явлаа.
Чарлвокс хот явахад нэгэнт оройтсон тул Чарли Ваиман ноён Смитийнд үлдэж үдийн хоол идэхээр боллоо. Эрчүүд гар нүүрээ угаагаад хоол бэлэн болтол зочдын өрөөнд цаг нөхцөөв.
— Хөргөгч хувинд юм үлдээгүй биз, Жим ээ? хэмээн ноён Смит асуулаа. Жим гадагш гарч саравчинд оруулсан тэрэгний бүхээгээс анд явахдаа авч явсан лонхтой виски олов. Дөрвөн галлон агуулдаг лонхонд овоо юм үлджээ. Жим саравчнаас байшин хүрэх замдаа вискинээс сайтар балгаад авав. Балгах үед лонхны том амсар халин багахан виски цамц руу асгарч орхилоо.
Лонхтой виски тэвэрсээр орж ирэх Жимийг хараад ноён Смит, Ваиман нар баярлан инээлдэв. Ноён Смитийн хүсэлтээр Лиз авхай гурван шилэн аяга авчирч ширээн дээр тавихад Смит виски дүүргэв.
— Смит гуайн эрүүл мэндийн төлөө гэсээр Чарли Ваиман өргөв.
— Жимийн агнасан тэр бугын төлөө хэмээн ноён Смит өгүүлэв. Харин Жим:
— Бидний алдаж буудсан бугуудын төлөө гээд хөнтөрч орхилоо.
— Сайхан орж байна!
— Өвчин бүхнээс ангижруулагч шилдэг эм.
— Нөхөд өө, дахиад нэг тогтоочих уу?
— Эрхэм Смит гуай таны эрүүл мэндийн төлөө.
— Алив татчих.
— Хүүе, дараачийн ан гөрөөний олз омгийн төлөө.
Жим дэндүү хөгжилтэй болж орхисон байлаа. Мань эр халуу дүүгэх вискиний амт мөн тэр шингэнээс үүдэн өөрийг нь эзэмдэх мэдрэмжид нэн дуртай нэгэн аж. Тэр ангаас эргэж ирсэндээ, мөн өөрийг нь хүлээж буй тав тухтай ор, халуун хоол цай бас төмрийн дархны газартаа үнэнхүү сэтгэл хангалуун байлаа. Жим вискинээс дахин нэг хүртэж орхив. Зоогийн өрөөнд орж ирэхдээ тэдний дуу нэлээд өндөрсөж чамгүй найрсаг болсон ч биеэ сүрхий захирч байв. Хоол цай тараан өгч дуусаад Лиз авхай тэдэнтэй суун үдийн хоолоо идлээ. Хоол сайхан амттай болжээ. Эрчүүд ярьж хөөрөхөө умартан амтархан идэж дуусаад дахин зочдын өрөөнд очив. Хатагтай Смит, Лиз авхай хоёр ширээн дээр үлдсэн аяга тавгаа цэвэрлэж эхэллээ. Дараа нь хатагтай Смит өрөөндөө очихоор шат өгсөн одлоо. Түдэлгүй ноён Смит гал зуухны өрөөгөөр дамжин эхнэрийнхээ араас өгсөв. Жим, Чарли хоёр зочдын өрөөнд суусаар үлджээ. Лиз авхай галын өрөөнд цахилгаан зуухны дэргэд ном уншиж буй дүр эсгэн сууна. Гэвч зөвхөн Жимийг л бодож байжээ. Унтаж хэвтэх хүсэл байсангүй харин галын өрөөгөөр зайлшгүй дайран гарах Жимийг нэг харчхаад тэр дурсамждаа өлгийдүүлэн орондоо орохыг хүсэж байжээ.
Нүд нь гялалзаж үс нь ялимгүй өрвийсөн Жимийг галын өрөөнд орж ирэхэд Лиз авхай гагцхүү түүний л тухай бодож суужээ. Лиз авхай харцаа бууруулан номоо ширтэв. Харин Жим түүний араас дөхөж ирээд сандалд нь тулан зогслоо. Амьсгалах нь сонсогдоно. Тэгээд араас нь тэврэн авлаа. Жимийн гарт өртсөн хоёр хөх нь хатууран бумбайж, товч нь сэрийгээд ирлээ. Өнөөг хүртэл хэн ч биед нь гар хүрч байгаагүй болохоор Лиз авхай баахан айн балмагдсан боловч “ямар ч байсан тэр хүрээд ирлээ. Над руу хүрээд ирлээ” гэсэн бодолд өөрийн эрхгүй автжээ. Айж балмагдсандаа биеэ хураан чангалсан Лиз авхайг яахаа мэдэхгүй сууж байтал Жим сандалд нь улам шахаад үнсэж эхлэв. Зүсэх мэт хурц, төөнөх мэт халуун, тэсэж тэвчихийн аргагүй шаналгаат сайхан мэдрэмж. Лиз авхай Жимийг сандлын түшлэгийн араас нэвт мэдрэх шиг дагаад тэр шаналгаат сайхан мэдрэмж тэвчээрийг нь барах мэт боллоо. Гэнэт дотор онгойн бачуурал тайлагдаад бүлээн дулаахан, хүслэнт мэдрэмж эзэмдэн авах нь тэр. Жим түүнийг сандлын түшлэгт шахан өвдтөл нь тэвэрнэ, гэтэл одоо өөрөө тэгэхийг нь хүсэж эхэллээ.
“Явж зугаалъя” хэмээн Жим шивнэн хэлэв.
Лиз авхай галын өрөөний өлгүүрээс хүрмээ авч өмсөөд, тэд гадагш гарлаа. Жим түүнийг тэврэн авлаа. Тэд үе үе зогсон тэврэлдэж, Жим зогсох бүрдээ авхайг үнсэн энхрийлж байв. Саргүй шөнө, харанхуй ойгоор шагай татсан элс туучин булангийн эрэг дахь онгоцны зогсоол, агуулах зүглэн явлаа. Нуурын ус эргээ долоон хаялж, булангийн тэртээд тохой хошууран харлана. Хүйтэн зэврүүн ч дэргэд нь Жим яваа болохоор Лиз авхайн бие халуу дүүгэн байжээ. Тэд агуулахын хана налан сууцгаалаа. Жим түүнийг биедээ шахан тэврэхэд яагаад ч юм бэ, айх сэтгэл төрөв. Түүний гар даашинзных нь товчийг тайлаад энгэр цээжийг нь илж эхэллээ. Нөгөө гараа өвдөг дээр нь тавьжээ. Юу хийхийг нь Лиз авхай мэдэхгүй бас айх эмээх совин татавч Жимд улам ойртон наалдлаа. Гэтэл өвдөг дээр нь байсан хүнд гар аажим гулсан хөлийн завсар гуя даган дээшлэх нь тэр.
— Жим ээ, хэрэггүй хэмээн Лиз авхай амьсгаадан хэлсэн боловч өнөөх хүнд гар улам дээшилсээр байлаа.
— Болохгүй. Жим ээ, ингэж болохгүй.
Жим, түүний хүнд гар аль аль нь Лиз авхайн үгэнд орохоосоо нэгэнт өнгөрсөн байжээ. Тавцангийн банз айхтар хатуу юм. Жим тэр хоёр нэг юм хийж эхлэв. Энэ нь Лиз авхайд нэн аймшигтай мэт санагдаж байвч чухам үүнийг л хүсэж байсан билээ. Ингэхийг өөрөө хүссэн, гэвч одоо тэр хүсэл нь эргээд өөрийг нь айлгаж орхив.
— Болохгүй Жим ээ, болохгүй, ингэж... болохгүй.
— Үгүй ээ, яагаад болохгүй гэж. Ингэх хэрэгтэй. Чи өөрөө мэдэж байгаа шүү дээ.
— Үгүй ээ. Жим, битгий л дээ. Битгий. Ёо ёо. Ямар муухай юм бэ. Ёо ёо оо... Аймаар өвдөж байна. Болиоч ээ. Ёо ёо оо... Жим ээ...
Агуулахын тавцангийн банз хатуу, арсгар, хүйтэн агаад Жим хүнд жинтэй учир Лиз авхайг үнэхээр өвтгөж байлаа. Түүний байрлал нэн тухгүй, Жимийг түлхье гэвч хамаг бие нь сулбайн тавирч орхив. Жим унтаад өглөө. Хөдөлгөж дийлсэнгүй тэгээд оролдсоор арайхийн дороос нь сугаран гарч суулаа. Банзал, хүрмээ янзлан үсээ самнахчаан болов. Жим амаа хагас ангайлгаад унтаж орхижээ. Лиз авхай тонгойн хацар дээр нь үнслээ сэрсэнгүй. Толгойг нь өндийлгөн аяархан сэгсэрлээ сэрсэнгүй. Харин толгойгоо хажуу тийш гилжийгээд шүлсээ гүдхийтэл залгив. Лиз авхай цурхиран уйллаа. Тэгээд эрэг дээр очоод ус гөлрөн хэсэг суув. Булангаас манан хөөрч үзэгдэнэ. Даарч жихүүцэн нэг л уйтгартай. Болох ёстой зүйл болдгоороо болоод нэгэнт өнгөрчээ. Жим дээр ирээд сэрж магадгүй гэхдээ мөрнөөс нь чангаан сэгсэрч үзлээ. Лиз авхай цөхрөн уйллаа.
— Жим ээ. Жим ээ. Сэр л дээ... Жим ээ...
Жим нэг хөрвөөснөө хэвтрээ сэлгээд хурхирч гарлаа. Лиз авхай хүрмээ тайлан Жимд нөмөргөөд тал талаас нь сайтар тумлайдан нямбай гэгч нь хучив. Тэгээд харьж амрахаар зогсоол дундуур гарч тойруу элсэн замаар гэр лүүгээ гэлдэрлээ. Булангаас хүйтэн манан хөөрөн дэгдэх нь моддын завсраар үзэгдэж байлаа.

Орчуулсан Дагвасамбуугийн Алтангэрэл
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.