Latin

Өвгөн Тэнгис Хоёр - 3

Общее количество слов 4520
Общее количество уникальных слов составляет 1928
0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
— Миний завинаас даруй хоёр фут урт юм гэлээ.
Утас тэнгис рүү орсоор байвч, загас ер айж сандраагүй бололтой жигдхэн дорогшилсоор байна. Өвгөн хоёр гараараа тэрхүү утсыг тултал нь татсаар байв. Өвгөн хэрэв ийм жигд эсэргүүцлээр загасны явцыг удаашруулахгүй бол бүх бэлтгэл утсыг нь дуустал тавиулж тасална гэдгийг мэднэ.
«Энэ аварга том загас юм. Би түүнд хүчтэй гэдгээ итгүүлэх ёстой. Тэр бээр миний тамиргүйг мэдэж, хэрэв дутаах ахул хүссэн бүхнээ бүрэлдүүлж чадах юм гэдгийг түүнд мэдэгдэж болохгүй. Хэрэв би түүний оронд байсан бол юм бүхнээ тодорхой болгоод, ямар нэгэн зүйл эвдэрч сүйдтэл урагшаа довтлох сон. Гэвч бурхны авралаар загас, хэдий хүнээс гавшгай, сайн төрөлтэй боловч, өөрсдийг нь алдаг хүмүүсээс төдий л ухаантай биш юм даа» гэж бодов. Өвгөн энэ яваа насандаа олон том загастай золгожээ. Тэр, хоёр мянга илүү фунт жинтэй загас олныг үзсэн бөгөөд өөрөө хоёр тийм загас барьсан боловч, ганцаараа үйлдэж огт яваагүй билээ. Одоо их далайд урьд өмнө хэзээ ч үзээ хараагүй, хэзээ ч сонсоо дуулаагүй тийм том загастай бат бөх холбогдоод, бүргэдийн атгасан савар мэтээр зүүн гарын нь шөрмөс таталдаж яваа ажээ.
«Гарын минь шөрмөс татахаа болино доо. Баруун гартаа туслах гэж тавигдах нь зүй биз ээ. Эрт урьд цагт ах дүү гурав болох миний хоёр гар, загас гурав байжээ. Зайлшгүй тавигдана. Ийнхүү шөрмөс татсан нь ёстой ичгүүр мөн» гэж бодов. Загасны явах удааширч, урьдын адил хурдаар явах болжээ. «Яагаад гэнэт ил гарсан нь сонин юм. Хэр зэрэг томыгоо үзүүлэхийн тулд л ил гарсан гэж бодож болно. Түүнд хүн гэдгээ харуулж чадахгүй яваа минь харамсалтай байна. Тэгвэл миний чинэсэн гарыг үзэх сэн гэж бодъё. Миний үнэн байдлаас илүүгээр намайг бодвол бодог. Тэгвэл би үнэндээ сайн болно. Эр зориг, ухамсраасаа гадна загасанд буй бүх зүйлийг авахын тулд загас болох сон» гэж сэтгэв.
Өвгөн, завины банзан туургыг налж тухтай суугаад өөрийгөө зовоож байгаа өвчнийг үг дуугүй давахад, загас ч урагш урьдын адил шаргуу довтолж, завь хар усан дээгүүр аажуухан хөдөлсөөр салхи дорнодоос үлээж өчүүхэн долгио босгов. Үдийн алдад өвгөний гар бүүр сэргэлээ.
— Одоо загас чи хэцүүднэ дээ гэж өвгөн хэлээд, утсыг нурууныхаа өвчлөөгүй хэсэгт шилжүүлэв.
Өвчин урьдын адил түүнийг шаналгасаар байвч, сэтгэлээ сэргээж, хэрхэн өвдөж байгаагаа үл харгалзан хатамжин явах ажээ.
— Миний бие бурханд сүжиггүй боловч, энэхүү загасыг барихын тул эцэг тэнгэрийн магтаалыг арав дахин, мөн түүнчлэн эх дагинын ерөөлийг төдий дахин уншнам. Хэрэв би энэ загасыг баривал тэнгэрийн эх дагинын Кобрений мөргөлд очих ам өгнө. Ам өгнө гээд өвгөн уншлага уншиж эхлэв. Үе үе асар их ядарснаа мэдэрч, уншлагынхаа үгийг мартахдаа, үгийг өөрөө урсаж гардаг болгохын тул аль болохуйц хурдан уншихыг чармайна. Эцэг тэнгэрийн магтаалыг бодохдоо эх дагинын ерөөлийг давтахад хялбар юм гэж бодно.
— Эх дагина, өглөгийн эзэн Мария минь бурхан чамтай байгаа тул баярлан соёрх, чи ерөөлт гэргий, ерөөлт үртэй байж бидний сүнсийг аврахаар түүнийг төрүүлжээ. Бурхан хараг гээд хэдийгээр энэ загас гайхалтай боловч, түүнийг үхүүлэхийг ариун гэгээн эх дагина минь айлтга гэж залбирав.
Энэхүү залбирал уншаад, өвчин нь багасах байтугай магад улам хүчтэй болсон боловч, бие нь хэдэн хувь сайжирсан мэт санагдаад завины хошууны туурга налан сууж, зүүн гарынхаа хуруугаар санамсаргүй дасгал хийж эхлэв. Хэдийгээр урин салхи аажуухан хүчтэй боловч нар төөнөсөөр байлаа.
— Жижиг гохдоо өдөөл хийж бас тавих хэрэг гарах нь. Хэрэв загас бас нэг шөнө хөвбөл над идэх уух хэрэг гарна. Тэгээд бас шилний минь ёроолд ус жаахан үлджээ. Эндээс макрелиас ондоо юм барина гэж бодохгүй байна. Гэвч, хэрэв шууд идчихвэл тийм ч муухай биш. Шөнө завинд минь олбо загас орвол юутай сан билээ. Түүхий олбо загас тэргүүн зэргийн хоол бөгөөд гэдэс дотрыг нь гаргах хэрэггүй юм. Одоо би хүчээ гамнах ёстой. Бурхан минь, тийм том юм гэдгийг нь би мэдээгүй шүү. Тэртэй тэргүй би түүнийг том ч байсан, жижиг ч байсан, сайхан ч байсан ялна гэлээ. «Хэдийгээр энэ нь шударга бус үйл боловч, хүн юу чадах, юуг тэсвэрлэн давахыг нь чамд үзүүлнэ» гэж дотроо боджээ.
— Би жаал хүүд, ер бусын өвгөн гэдгээ хэлсэн биз дээ. Одоо түүнийг нотлох цаг ирэв гэлээ.
Үүнийг мянга дахин нотолсонд нь ямар ялгаа байна вэ? Одоо дахиад нотлох хэрэгтэй юү? Хийснээ тус бүрд нь шинээр тооцоолох тул өвгөн өнгөрснийг үл санана.
«Энэ загас унтахлаар би ч бас унтаж, зүүдэн дотроо арслан үзэхийг хүснэм. Яагаад арслан миний санаанд төрсөн юмны дээж болж хоцроо вэ» гэж бодов.
— Өвгөн минь бодол болох хэрэггүй. Банз налаад чимээгүй амар. Юуны ч тухай бүү бод. Загас хөдөлмөрлөсөөр байна. Чи одоохондоо аль болохуйц бага хөдөлмөрлө гэж өөртөө захилаа.
Нар шингэх дөхөвч, завь аяархан, тасралтгүй хөвсөөр байна. Дорнодын салхи түүнийг ташуурдаж, өвгөн номхон давлагаан дунд аяархан ганхаж, мөрөн дээгүүр нь олс даран өвтгөхөд хүлцэнгүй хөнгөн өнгөрөөнө. Үдээс хойш утас ахиад аяархан дээшээ гарч эхлэв. Гэвч загас ил гаралгүй нэлээд бага гүнд явдлаа үргэлжлүүлэв. Нар өвгөний нуруу, зүүн мөр, гарыг нь ээх болов. Үүнээс өвгөн, загас зүүн хойшоо эргэснийг мэдэв.
Өвгөн, загасыг нэг удаа харсан тул, загас усан доор цээжнийхээ нил өнгөтэй, жигүүр адил сэрвээг өргөн дэлгэн, хүчирхэг сүүлээрээ харанхуйг зүсэн айсуйг дүрслэн бодож чадахуйц болов. «Тийм гүнд их сайн хардаг болов уу? Түүний нүд нь асар том. Морины нүд түүнийхээс учиргүй бага боловч харанхуйд сайн харна. Дээр үед би харанхуйд сайн хардаг байж билээ. Тэгэхдээ тас харанхуйд биш боловч, миний хараа муурынхтай адил шахам байжээ».
Нарны гэрэл ба тасралтгүй хийсэн дасгал энэ бүхэн шөрмөс нь татсан зүүн гарыг нь бүрмөсөн сайжруулж, өвчнийг өчүүхэн атугай ч намдуулахын тулд өвгөн, загасны таталтын хүндийг нурууны булчингийн тусламжтайгаар аажуухан нөгөө гартаа дамжуулж эхэлжээ.
— Хэрэв чи одоо эцээгүй яваа бол үнэндээ ер бусын загас байх нь гэж өвгөн үглэнэ.
Тэр өөрөө туйлгүй их ядарснаа мэдэрч удахгүй шөнө болоход хөндлөнгийн өөр зүйлийн тухай бодохыг хичээж, түүнд Gran Ligas болох бейсболын алдарт холбооны тухай, өнөөдөр Нью-Йоркийн «Америкчууд» Детройтын «Барсуудтай» тоглох тухай боджээ.
«juegos11-ийн үр дүнгийн тухай хоёр хоног юу ч мэдэхгүй явнам. Өлмий хулгуу өвчнөөр шаналж байвч, юм бүхнийг гайхалтай сайхан гүйцэлдүүлдэг аугаа Ди Мажиогийн нэрийг хугалахгүйн тул би хүчиндээ найдах ёстой. Ясны хулгуутан гэгч юү вэ? Un espuelo de hueso. Манай загасчдад тийм өвчин байдаггүй юм. Тэгээд тэр нь агсам тахианы эвэр хумсаар өлмий рүүгээ өшиглүүлсэн шиг өвчтэй гэж үү? Миний бие тийм цохилт юм уу, нэг буюу хоёр нүдээ алдахыг тэсвэрлэмээргүй бололтой бөгөөд зодсон тахианууд мэт нүдэлцээд байж чадахгүй дэг ээ. Хүн бол тэдгээр гайхамшигт араатан, шувууны хажууд юу байх бил ээ. Миний хувьд бол одоо тэнгисийн гүнд хөвж яваа тэр араатан болохыг хүснэ» гэж бодоод,
— Тэгэхдээ аварга загас довтлоогүй үед шүү. Хэрэв аварга загас довтолбол намайг ч, тэр загасыг ч тэр бурхан өршөөх болтугай гэв.
«Их Ди Мажио загастай чам шиг шаргуу зууралдах байсан гэж чи бодож байна уу? Тийм ээ, тэр яг үүнчлэн ажиллах ба надаас залуу, хүчтэй тул илүү ч байж мэднэ гэж найдаж байна. Тэгээд бас түүний эцэг нь загасчин байсан... Ясны хулгуугаас болж түүнд тун өвчтэй байдаг бол уу?» гэж өөрөөсөө асуугаад,
— Мэдэхгүй, хэзээ ч над ясны хулгуутан байгаагүй гэлээ.
Нар шингэхэд өвгөний сэтгэл сэргэж нэг удаа Касабланкийн гуанзанд, усан буудалд хамгийн хүчтэй хүн болох, Сьенфуэгосоос ирсэн негртэй хэрхэн хүчээ үзсэн тухайгаа дурсан санажээ. Тэд, ширээн дээр шохойгоор зурсан зураасан дээр тохойлдон, гараа нугалалгүй алгаа чанга атгалцаад урд урдаасаа ширтэн бүхэл хоног суужээ. Хэн хэн нь нөгөөгийнхөө гарыг ширээ рүү нугалахыг эрмэлзжээ. Энд тэндгүй бооцоо мөрий тавьж керосины дэнлүүний бүдэг гэрэлтүүлсэн танхимд улс орж гарч, өвгөн тэр негрийн гар, тохой, нүүрийг нүд ирмэлгүй ширтэн байсан юм. Эхний найман цаг өнгөрөхөд шүүгчид унтаж амрахын тулд дөрөв дөрвөн цагаар солигдож эхлэв. Барилцсан хоёрын хуруу хумснаас цус шүүрч, бие биеийнхээ нүд, гар, тохойг ширтээд мөрий тавьсан улс, өрөөнд орж гарч, хана дагуу байгаа өндөр сандал дээр суугаад, энэ тэмцээн яаж төгсөхийг хүлээж байжээ. Байшингийн модон хана тод хөх өнгөтэй бөгөөд дэнлүү түүн дээр сүүдэр тусгана. Негрийн сүүдэр асар том, тэгээд бас салхинд дэнгийн гал сүүмэлзэхэд тэр сүүдэр нь ханан дээр хөдөлнө.
Бүхэл шөнөжин давуу тал хэн хэнд нь ээлжлэн шилжиж, негрийг ром архиар ундалж, янжуур зуулгасаар байлаа. Негр ром архи уугаад маш их хүч гаргаж тэгэхэд бараг гурван ямх өндөр Сантьяго Де Сатреоп гэгдэж байсан өвгөний гарыг нэг удаа нугалж амжсан боловч, өвгөн ахиад шулуутгажээ. Үүний дараа өвгөн, лут хүчтэй сайн залуу болох негрийг яллаа гэдэгтээ эргэлзэхээ байжээ. Үүрээр улс хайнцсан гэж үзэхийг шүүгчээс шаардахад, негрийн далаа хавчихыг мань өвгөн ашиглан гэнэт бүх хүчээ шавхаж негрийн гарыг доош нь хазайлган хазайлгасаар ширээнд наалдтал даржээ. Тэр өрсөлдөөн бүтэн сайн өдрийн өглөө эхлээд даваа гарагийн өглөө шувтарчээ. Түүнд оролцсон хүний олонх нь Хаваны нүүрсний компанийн нүүрс буюу шуудайтай чихрийг ачихаар усан буудлын ажилд гарах цаг болсон тул тэгж хайнцсан гэж зөвшөөрөхийг шаардаж билээ. Хэрэв тийм ажилгүй сэн бол уралдааныг шувтаргад нь хүргэхийг хүсэх сэн. Гэтэл өвгөн ялсан бөгөөд ачаалагчдын ажилдаа тарахын өмнөхөн ялжээ.
Түүнийг аварга гэж өнө болтол нэрлэсэн бөгөөд алдсанаа эгүүлэх боломж хавар болсон хойно негрт олдсон юм. Гэвч мөрий нь урьдын адил тийм удаан үргэлжлээгүй бөгөөд учир нь Сьенфузгосын негрийн хүчиндээ итгэх итгэл бүүр анхны тэмцээнд нугарсан тул өвгөн хоёр дахь удаагаа амархан ялжээ. Дараа нь Сантьяго бас хэд хэдэн тэмцээнд оролцсон боловч удалгүй түүнийг орхисон билээ. Хэрэв хүсвэл ямар ч өрсөлдөгчийг дархан давахаа ойлгоод, тэрхүү өрсөлдөөн нь түүний загас барихад хэрэгтэй баруун гарт хортойг ухжээ. Тэр хэдэн удаа солгой гараараа тэмцэхийг оролдовч, зүүн гар нь түүнд захирагдахыг үл хүсэн дандаа хожигдоход хүргэжээ.
«Солгой гарыг минь одоо сайн ээж байна. Дахиад зориут бадайрахыг зүрхлэхгүй болох бөгөөд шөнө жихүүн болох гэж үү? Ирэх шөнө над юү амлаж байгааг мэдэх сэн»
Түүний толгой дээгүүр Майамыг зүглэсэн нисэх онгоц өнгөрөхөд өвгөн, олбо загасны сүрэг онгоцны сүүдрээс хэрхэн үргэж, агаарт дэгдэхийг үзэв.
— Энд ийм олон олбо загас байхад түүний ойролцоо макрель байх ёстой гээд өвгөн, загасыг өчүүхэн боловч ойртуулж болох эсэхийг шалган, утсыг нуруугаараа хүчтэй тулав. Гэвч удалгүй утас дахин чавхдас лугаа адил чичирхийлэн тасрахаар заналхийлж усан дусал бөнжгөнөхөд тэгж болохгүйг ухав. Завь алгуурхан урагшаа хөвсөөр өвгөн, онгоцыг далд ортол нүдээрээ үдлээ.
«Онгоцноос харахад юм бүхэн хачин байдаг байж магад. Тийм дээрээс тэнгисийг харахад ямар дүрстэй байдаг нь сонирхолтой юм. Загасаа чанх дээрээс нь харахын тулд хоёр зуун сажин өндөрт алгуурхан нисэхийг хүсэж байна. Миний бие лаг мэлхийн анд явахдаа шонгийн оройд авирч гараад нэлээд олон зүйлийг үзэж амждаг байж билээ. Түүн дээрээс харахад макрель ногоовтор өнгөтэй, нил судал, толбыг нь ялгаж, бүх сүрэг хэрхэн хөвж явааг үзэж болно. Яагаад гүн харанхуйд хурдан шаламгай хөвөгч загаснуудын нуруу нь нил өнгөтэй, эсхүл зарим нь нил судалтай буюу толботой байна вэ? Макрель зөвхөн ногоон өнгөтэй мэт үзэгдэх боловч үнэндээ алтлаг өнгөтэй. Гэвч маш өлсгөлөн, ав хайдаг хийж буй үед хажуу талд нь марлинтай адил нил судал бий болно. Уурласандаа тэр үү? Эсхүл ердийн хөдөлгөөнөөсөө хурдан хөдөлсөндөө ч тэгж үзэгдэж магад?» гэж бодов.
Үдшийн бүрийгээр саргасын замгийн томхон сөөгийн дэргэдүүр өнгөрөхөд нь тэр замаг долгионы аясаар оволзон ганхах нь тэнгис далай, шар хөнжил доор ямар нэг юмтай тэврэлцэж байгаа мэт бөгөөд бяцхан гоход нь макрель загас оров. Түүний ачаар үсэрч, шингэх нарны туяанд цул алтаар гялалзанхан сэрвээгээ галзуурсан мэт дэвэхэд нь өвгөн үзсэн ажээ. Тэр загас циркийн ёстой тамирчин мэт ахин дахин үсрэхэд, өвгөн завиныхаа хитэг дээр гарч суугаад том загасны утсыг солгой гараараа барьж, мөн талын нүцгэн хөлөөрөө макрелийн утсыг гишгэж, түүнийг тохойгоороо татаж гаргалаа. Макрель яг завины дэргэд ирэхдээ, галзуурсан мэт цовхийн, ийш тийш үсрэхэд өвгөн хитэг дээгүүр өнгийн нил хээтэй, алт шиг өнгөтэй, халуун загасыг завинд татаж оруулсан билээ. Өвгөн, алтаар гялалзсан толгой дээр нь цохиж тэр загас чичирхийлэн нам гүм болтол, ам нь гох зуун таталдаж, урт хавтгай бие, толгой, сүүл нь завины ёроолыг шавхуурдсан ажээ.
Загасчин өвгөн загаснаас гохоо салгаж, ахиад түүндээ сардин загас хийгээд ус руу хаялав. Тэгээд завины хошуун дээр алгуурхан гарав. Солгой гараа угааж өмдөндөө арчаад утасны таталтын хүндийг баруун мөрнөөсөө зүүн мөрөндөө шилжүүлж нарны гэрэл хэрхэн тэнгис далай руу бууж, том утас ямар өнцгөөр усанд орж байгааг ажиглан, зүүн гараа угаалаа.
— Цөм хэвдээ шив гэж тэр дуугараад, усанд гараа дүрмэгц завины хөдөлгөөн маш их удааширсныг мэдрэв.
— Шөнө завиа тоормослуулахын тулд хоёр сэлүүрээ холбож завины сүүлд хөндлөн бэхэлнэ. Энэ загасны хүч ирэх шөнөжин хүрэлцэхүйц аж, миний ч хүч хүрэлцэнэ гэлээ.
«Бүх цусыг нь гаргачихгүйн тулд оройхон макрелийнхаа гэдэс дотрыг нь гаргавал дээр биз. Завийг тоормослохын тулд сэлүүрээ холбосны дараа азнаж байгаад тэр ажилд оръё. Загасыг сандраах хэрэггүй, ялангуяа нар шингэж байхад тун ч болохгүй. Нар шингэх нь аливаа загасанд муу нөлөөлнө» гэж бодов.
Гараа салхинд хатаагаад утсыг шүүрэн, өөрийгөө завины хошууны банзанд наалдтал татах боломж загасанд өгч, тийнхүү биеийнхээ тулах хүчийг завинд байрлуулав.
«Бид жаал жуул юм сурлаа. Одоо дээрээ загасанд хэрхэж хандахаа мэднэ. Өдөөл залгиснаас хойш юу ч идээгүйг нь санах хэрэгтэй бөгөөд энэ загас том тул үүнд их хоол хэрэгтэй. Би бүхэл бүтэн тунц идсэн. Маргааш макрель иднэ. (Өвгөн макрелийг dorado гэнэ) Түүнийг цэвэрлэх үедээ нэг зүсэм иднэ. Макрелийг идэх, тунцээс хэцүү. Тэгээд хорвоод амархан олдох юм гэж байдаггүй шүү дээ»
— Загас чиний бие лагшин тунгалаг уу? Миний бие лагшин сайн. Солгой гар минь эдгэрсэн, бас бүтэн шөнө, бүхэл өдөр хүрэх хоолтой шүү. За яах вэ, завийг минь чирээд бай гэж чанга үглэв.
Үнэндээ өвгөний лагшин төдий л сайн биш, олсны нуруунд нь учруулсаар буй өвчин үгдрэн задарч өвчин биш, аймшигтай шархиралт болж хувирсан тул түүний санааг зовоосоор билээ. «Үүнээс хэцүү зүйл над тохиолдсон билээ. Гар минь ялихгүй шархтсан бөгөөд нөгөө гарын минь шөрмөс ахиад яасан ч татахгүй. Хөл минь янздаа, бас хоолны талаар яривал, загасыг бодвол ч давуутай гэж өөрийгөө тайтгаруулна. Харанхуй болжээ. Есдүгээр сард нар шингэсний дараагаар гэнэт харанхуй болдог. Өвгөн, давсанд идэгдсэн банз налан хэвтэж аль болохоор амрахыг хичээнэ. Хөх тэнгэрт анхны одод үзэгдэв. Өвгөн, Ригель одыг мэдэхгүй боловч, түүнийг үзмэгц удалгүй бусад нь үзэгдэж, тэрхүү алсын найз, нөхөд болсон одод түүнтэй хамт болохыг ойлгов.
Загас бас миний нөхөр, би ийм загас ер үзээгүй бөгөөд ийм загас байдаг гэж огт сонсоогүй. Би түүнийг алах ёстой. Бид одыг хага цохидоггүй нь юутай сайн бэ! «Хүн өдөржин шөнөжин сарыг алахыг оролдоно гэж бодъё. Түүнээс сар зугтана. Хэрэв хүн өдөр бүр нарыг гөрөөлөхөд хүрвэл яах вэ? Үгүй ер, бид ч түүнийг авлахгүй төрсөн золтой улс юм» гэж бас бодов.
Тэгээд юу ч идэхгүй яваа том загасыг өрөвдлөө. Хэдий түүнийг хайрлаж уйтгарлавч, түүнийг алах шийдмэг зориг нь өөрчлөгдсөнгүй. Тэр загас хэчнээн хүнийг цатгах вэ? Хүмүүс түүнээс гавьяатай юү? Үгүй. Түүний хэрхэн биеэ авч, хэчнээн их азтай явааг бодвол, хорвоо ертөнцийн хэн ч идэхэд гоомойдно.
«Миний бие олон зүйлийг ойлгохгүй боловч нар, сар, одыг алах хэрэг бидэнд гардаггүй нь сайн! Бид тэнгисээс хоол хүнс гохдож, ах дүүсээ хяддаг маань хангалттай хэрэг.
Одоо би сэлүүрэн тоормосны тухай бодох ёстой. Түүнд сайн муу хоёр тал бий. Би загасаа алдахын төдий тийм утас алдаж болох бөгөөд хэрэв загас надаас мултрах гэвэл сэлүүрэн тоормос завийг хөдөлгөөнгүй болгоно. Завины хөнгөн шингэн нь загас болоод миний шаналгааг уртасгах боловч түүнд миний аврагдахын баталгаа оршино. Хэрэв загас хүсвэл улам хурдан хөвж чадна шүү. Юу ч боллоо гэсэн макрелийн ялзрахаас өмнө түүний гэдэс дотрыг гаргаж тамиржихын тулд жаахан идэх ёстой.
Одоо би нэг цаг амраад, загас ямар нэг юм сэдээгүйг үзвэл завины хошуун дээр гарч, хэрэгтэй бүхнийг хийгээд сэлүүрийн талаар шийд гаргана. Мөн тэр хугацаанд загас хэрхэн биеэ авч явааг ажна. Сэлүүрээр саатуулагч хийх нь мэргэн арга бөгөөд, одоо яг таг ажиллах хэрэгтэй. Загас төгс хүчтэй хэвээрээ, бас гох завжинд нь тээглэсэн тул амаа сүрхий жимийж яваа. Түүнд гох дэгээний учруулах зовлон төдий л их биш, харин аюул сэрэхийг мэдэхгүй тул өлсөхийн туйлд хүрч яваа вий. Өвгөн минь амар, чиний ээлж иртэл загас ажиллаг гэж үглэнэ.
Өвгөний бодлоор, хоёр цагаас доошгүй амарчээ. Сар орой гарсан тул түүгээр цагийн баримжааг тодорхойлж чадсангүй. Тэр, загасны таталтыг урьдын адил нуруундаа мэдэрч, завины хошууны банзыг гараараа тулж, биеийнхээ жинг аль болохуйц ихээр завинд өгөхийг эрмэлзэнэ.
«Хэрэв би утсыг завинд уяж болдог сон бол юм бүхэн юутай хялбар байх билээ. Гэтэл загас өчүүхэн төдий ухасхийвэл утас тасрах болно. Миний бие загасны таталтыг тасралтгүй өөрийнхөө биеэр сулруулж хэзээ ч утсыг хоёр гараараа тавихад бэлэн байх ёстой» гэж бодов.
— Өвгөн минь чи унтаагүй шүү дээ. Хагас өдөр, нэг шөнө, бас нэг өдөр өнгөрөхөд чи унтсангүй. Загас дүрсгүйтээгүй талбиун тайван үед унтахыг бод. Хэрэв чи унтахгүй бол, ухаан санаа чинь самуурна.
«Одоо ухаан минь саруул. Бүр хэт саруул байна. Миний эгч дүүс болох од мичид шиг л тийм саруулхан байна. Ямар ч байсан би унтах хэрэгтэй. Од, сар, нар цөм нойрсож тэр байтугай урсгалгүй бүрэн нам гүм үед далай ч унтана. Унтахыг бүү март. Утсыг орхих энгийн хялбар арга саам бодож, унтаж үз. Нэн даруй завины сүүл хүрч, макрелийн гэдсийг гарга. Хэрэв чи хонхойвол сэлүүрэн тоормос осолтой эд гэж мэд. Гэвч би явуут унтаж чадна. Тийм ээ, чи явж чадах боловч тэр чамд осолтой»
Өвгөн, загасыг түгшүүлэхгүйг хичээн дөрвөн хөллөж завины хитэг дээр гарахаар авирав. «Загас зүүрмэглэж байж бас мэднэ» Үгүй, түүний амрахыг би зөвшөөрөхгүй. Үхэж хатахаасаа нааш завийг минь чирэх ёстой гэж бодно.
Өвгөн хитэг дээр гараад эргэж загасны таталтын бүх хүндийг солгой гартаа үүрүүлж, баруун гараараа хутгаа хуйнаас нь сугалав. Од гэрэл ихтэй тул макрель тодхон үзэгдэнэ. Өвгөн толгойг нь хутгалан түүнийг дэвсгэр доороос татаж гаргаад, хөлөөрөө даранхан сүүлээс доод эрүүний нь уг хүртэл ярж, хутгаа тавингуут баруун гараараа гэдсийг нь гаргаж заламгайг нь таслав. Ходоод нь хүнд гулсамхай байсан тул хагалахад нь хоёр олбо загас байв. Олбо загас шинээрээ бүтэн байсан тул завины ёроолд зэрэгцүүлэн тавиад гэдэс дотрыг нь ус руу хаяв. Гэдэс ус руу живэхдээ гэрэлтэй цагаан мөр гаргажээ. Оддын сүүн цагаан гэрэлд макрель муухай цайвар өнгөтэй үзэгдэнэ. Өвгөн түүний толгойг хөлөөрөө даранхан, нэг хажуугийн нь арьсыг өвчив. Дараа нь эргүүлж нөгөө талын нь арьсыг өвчөөд, толгойноос хөл хүртэл хоёр талын нь махыг зүсэв.
Макрелийн араг ясыг ус руу хаяад ус дугуйрах нь харагдах бол уу гэж харсан боловч яс зөвхөн гэрэлтсэн мөр үлдээсээр живэхийг үзжээ. Тэгээд өвгөн эргэж, хоёр олбо загасыг макрелийн гол махны зүсэм дунд тавиад хутгаа хуйлж, ахин завины хошуунд хянуур болгоомжтой хүрэв. Утасны таталт түүний нурууг хотойлгож, баруун гартаа загасаа барьжээ.
Тэр хошуундаа буцмагц банзан дээр загасны гол махыг өрж, мөн олбо загаснуудыг зэрэгцүүллээ. Тэгээд утасны таталтыг нурууныхаа эрүүл хэсэгт шилжүүлэн, дахин дарах хүндийг хошууны банз тулсан солгой гартаа өгчээ. Завины хажуу руу бөхийж олбо загасыг угаах дашрамдаа тэнгисийн ус гар дороо хэдий хурдан хөдөлж байгааг ажив. Гарт нь макрелийн арьс наалдсанаас гэрэлтэн харагдаж, түүнийг ус хэрхэн угааж байгааг үзэв. Одоо ус алгуур урсаж өвгөн гараа завинд арчиж байхдаа фосфорын хэсэг хэрхэн алгуурхан хитэг рүү урсахыг харжээ.
— Загас эсхүл ядарсан, эсхүл амарч байна. Хурдан идэж уугаад, жаахан унтаж амрах хэрэгтэй гэлээ.
Тэр зүсэм гол махны талыг шөнө жихүүн хүйтэн болж байгааг мэдээд од мичдийн гэрэлд урьдчилан гэдэс дотрыг нь гаргасан нэг олбо загасны хамт зооглов.
— Болсон макрелиас амттай юү байх бил ээ? Түүхийдээ юутай муухай вэ! Давс, нимбэггүйгээр ахиад яасан ч тэнгист гарахгүй.
«Толгой минь мөрөн дээрээ байсан цагт бүхэл өдөржин завины хошуун дээр ус асгаж ширгээгээд, орой нь давстай болчих байсан юм. Гэтэл би макрелийг нар шингэж байхад барьсан шүү дээ. Гэвч би олон зүйлийг урьдаас бодсонгүй. Бүхэл хэсгийг үмхэхэд, бөөлжис хутгахгүй байгаа хойно болж» гэж бодов. Дорнодын тэнгэр бүрхэж, танил одод нэг нэгээрээ үзэгдэхээ байв. Өвгөн үүлсээс бүрдсэн аварга хавцал руу орохоор айсуй мэт. Салхи нам гүм байв.
— Гурав дөрөв хоногоос тэнгэр муухайрах нь, тэгэхдээ өнөөдөр биш, маргааш биш юм. Загас амгалан яваа үед өвгөн чи унтаж амар гэлээ.
Баруун гараараа утсыг барьж гуяндаа дараад бүх биеэрээ завины их биеийг налав. Тэгээд утсыг нуруу руугаа жаахан доошлуулж зүүн гараараа барилаа.
Баруун гарынхаа тэнийтэл утсыг барина. Хэрэв баруун гар минь зүүдэндээ тэнийвэл солгой гар тэнгис рүү утсаа алдаж байгааг мэдэрч намайг сэрээх болно. Баруун гар минь хэцүүдэх нь лавтай ч, зовлон бэрхшээлийг тэсвэрлэж дассан юм. Хэрэв би хорин минут буюу хагас цаг атугай ч унтаж чадвал сайн сан гэж бодно.
Өвгөн завины ирмэгийг налж загасны таталтын хамаг хүндийг баруун гартаа үүрүүлээд унтлаа.
Өвгөн зүүдэндээ арсланг үзэвч найм буюу арван миль үргэлжилсэн далайн гахайн үй түмэн сүрэг зүүдэнд нь орж, тэдний ороо нь орсон үе тул агаарт асар өндөр үсрээд, үсрэхэд гарсан усан нүхэндээ дахин шумбаж байна гэж зүүдэлжээ.
Цаашилбал хөдөө тосгондоо, овоохой доторх орон дээрээ хэвтэж, умардын салхи үлээснээс жихүүцэж, дэрний оронд баруун гараа дэрлэсэн тул тэр нь чинэж байна гэж зүүдэлжээ.
Урт шар сайр дээр анхны арслан гарч хойноос нь тэд хэд цувахад өвгөн занга хаясан онгоцны тэвшийг эрүүгээрээ тулаад, хуурай газрын салхинд илбүүлэн туйлын баясгалантай «дахиад арслан гарах вий» гэж хүлээж байх шиг байлаа. Сар аль хэдийн далд орсон боловч өвгөн унтсаар бөгөөд загас завийг нэгэн хэмээр чирч үүлний завсраар оруулав. Ухасхийхэд нь өвгөн сэрж баруун гарын нь нударга түүний нүүрийг балбаж, утас алгыг нь галдах шахан ус руу оров. Тэр солгой гараа үл мэдэрсэн тул утсыг баруун гараараа саатуулахыг оролдоход утас юунд ч тогтохгүй юм шиг тэнгис рүү орсоор байв. Эцсийн эцэст солгой гар нь утсыг мэдэрч, түүнийг нуруугаараа тулахад, загасны таталтын хамаг хүнд зүүн гар, нуруунд нь оногдон түлж шатаах шахлаа. Тэр бэлтгэл утасны ороомгийг харахад маш хурдан барагдаж байна. Тэрхэн агшинд загас ил гарч далайн гилгэр гадаргууг зад татсанаа дахиад тэнгисийн гүн рүү асар хүндээр живэв. Загас дахин дахин үсэрч, хэдийгээр утас хөвөрсөөр байвч, завь урагш тэмүүлж, өвгөн утсыг нэг тултал нь татаад дахин агшин зуур тавьж, тасарна гэдгийг мартан дахиад хар хүчээрээ татаж явав. Загас өвгөнийг хошуутай наалдтал татаж нүүрийг нь макрелийн махтай нийлүүлсэн тул хөдөлж үл чадна.
«Үүнийг бид хүлээсэн юм. Тэсэж л үз. Би түүнээс утасныхаа хариуг авна. Би түүнээс хариугаа авна» гэж бодов.
Өвгөн, загас үсрэн харайхыг үл үзэвч, далай хэрхэн шуугьж, загас дахиад ус руу унахад ус хэрхэн хүчтэй цалиглахыг сонсоно. Завины эх биеэс цааш хөвөрч буй утас гарыг нь гамгүй зүсэж, тэгнэ гэдгийг тэр урьдаас мэдэх учир арга буюу хуруугаа огтлуулахгүйн тул гарынхаа эвэржсэн хэсгийг утсанд тавьж өгөхийг эрмэлзэнэ.
«Жаал хүү надтай хамт байсан бол утсыг усаар норгож өгөх сөн тийм ээ, хэрэв жаал хүү надтай байсан бол юутай сайн бил ээ! Жаал хүү надтай байсан бол юутай сайн бил ээ!»
Утас хөврөн хөвөрсөөр байвч, хөврөх нь хэцүү болж, ямх тус бүрийг нь өвгөнөөс байлдаж авах хэрэг загасанд тулгарч байв. Толгойгоо өндийлгөж, шанаа нь бинтэй адил болсон нүүрээ макрелийн махнаас салгах боломж өвгөнд олджээ. Эхлээд өвдөг дээрээ өндийж, алгуурхан хөл дээрээ босов: Тэрээр утсыг тавьсан хэвээрээ боловч улам улам бага тавьж өгөх болжээ. Харанхуйд утасны ороомгийг хөлөөр тэмтэрч болох газар ойртоод, үлэмжхэн нөөц утастайгаа мэдэв. Усанд, мөн төдий хэр бий тул загас түүнийг эд бад хийтэл тийм ч амар биш.
«За тэр, загас арван хэд үсэрч» нурууныхаа уутыг хийгээр дүүргэсэн тул далайн гүнд орж болохгүйгээр үхэх хорвоо нь өнгөрөв. Удахгүй тэр цагариглан тойрох тул би ажиллаж эхлэх ёстой. Юу түүнийг ингэж галзууруулсан нь сонин юм? Өлсгөлөн түүнийг ингэж шийдүүлэв үү, эсхүл харанхуйд айж сандрав уу? магадгүй, гэнэт айж эмээсэн ч байж мэднэ. Тэгээд тайван ааштай, хүчтэй загас байсан; шүү дээ. Аймшиггүй хүчиндээ итгэсэн мэт билээ. Хачин юм даа!» гэж өвгөн бодоод,
— Өвгөн минь айхыг өөрөө мартаж хүчиндээ аль болохуйц их итгэвэл дээр. Чи, түүнийг барьж байвч ямх ч утас хожиж чадахгүй. Удахгүй тэр загас цагариглан тойрно гэлээ.
Одоо өвгөн солгой гар, мөрөөр утсыг тогтоож нүүртээ наалдсан макрелийн махыг угаахын тулд баруун гараараа ус утгав. Тэр бөөлжин тамир алдаж мэднэ гэж эмээжээ. Өвгөн нүүрээ угаагаад, баруун гараа давстай усанд дүрж гэгээрч байгаа тэнгэрийг ажив. «Одоо яг дорно зүг рүү явж байна. Энэ нь ядраад урсгалын дагуу яваа хэрэг. Удахгүй тойроод унах вий. Тэгэхэд нь ёстой ажил эхэлнэ дээ».
Гараа давстай усанд нэлээд дүрээд гаргаж үзэв.
— Эр хүнд өвдөх юу ч биш тул тийм ч аймшигтай биш гэлээ.
Өвгөн утсыг шинэ зүсэгдсэн газарт хавьтуулахгүйг хичээн, болгоомжтой бариад, солгой гараа давстай усанд дүрэхээр биеийнхээ жинг байрлуулав.
— Ийм өөдгүй хэрэг гартал чи биеэ муугүй авч явлаа. Гэвч намайг чадаж байсан цаг ч чамд бий гэж солгой гартаа хандлаа.
«Би яагаад хоёр сайн гартай төрсөнгүй вэ? Түүнийг цаг тухайд нь зүй ёсоор сургаагүй нь миний ч буруу байж мэднэ. Гэвч өөрөө сурч чадах байсныг нь тэнгэр харж байна...
Үнэнийг нь хэлэхэд, өнгөрөгч шөнө намайг төдий л чадаагүй бөгөөд ганцхан удаа шөрмөс, татсан. Хэрэв тэр нь давтагдах ахул утас түүнийг бүрмөсөн тас огтлох болтугай» Өвгөн ингэж бодоод оюуныхаа самуурсныг мэдэв. Бас нэг зүсэм макрель хүлхэх хэрэгтэй.
«Үгүй чадахгүй бөөлжиж тамирдахын оронд оюун минь самуурах болтугай. Нүүр минь түүнд наалдсанаас хойш махыг ходоодондоо тогтоож чадахгүй болсноо мэднэм. Би ядахдаа тэр махыг ялзрах болтол нь хадгалъя. Одоо тамир орох нь оройтжээ. Тэнэг минь, чи нөгөө олбо загасыг идэж болохгүй юү!» гэж өөрийгөө загнав.
Гэдэс дотроо гаргуулсан цэвэрхэн олбо загас хэвтэж байна. Өвгөн түүнийг солгой гараараа ясыг нь хүртэл хэмлэн юу ч үлдээлгүй цөмийг нь идэж орхилоо.
«Үүнд бусад загасыг бодоход тэжээл их бий. За одоо би хийж чадах бүхнээ хийв. Түүнийг эргэлдэж эхлэнгүүт тулалдана даа» гэж бодно.
Түүний тэнгист гарснаас хойш гурав дахиа нар мандаж загас ч холуур дугуйран эргэж эхлэв.
Тэр усанд орсон утасны хазайлтаар загас дугуйран эргэлдэж эхэлсэн эсэхийг хараахан тодорхойлж чадахгүй билээ. Түүнийг мэдэхэд эрт билээ. Таталт өчүүхэн суларсныг мэдэрч, утсыг баруун гараараа аяархан хурааж эхлэв. Утас урьдын адил тултлаа татагдаж хариугүй тасардгийн даваан дээр гэнэт суларч чөлөөтэй болов. Тэгэхэд нь өвгөн бөхийж мөрөө дарж байсан утсыг мултлаад тэрхүү утсыг яаралгүй нэгэн хэмээр хураалаа. Өвгөн хоёр гараа ээлжлэн дэлж ажиллахад муу хөл мөр нь гарын хөдөлгөөнийг дэмжинэ.
— Тэр тун холуур дугуйрч байна. Ямар ч атугай дугуйрч байна гэж өвгөн үглэнэ.
Гэнэт утасны хөдөлгөөн саатахад, дээр нь усны дусал алтан нарны туяанд бөнжгөнөтөл татлаа. Утас буцаж татахад нь өвгөн өвдөг дээрээ гэдийж суугаад дургүйхэн хар ус руу тавив.
— Одоо дугуйралтынхаа хамгийн алсын хэсгийг гүйцэтгэж байна билээ.
Түүнийг аль болохуйц чанга барих хэрэгтэй. Хүчтэй татагдсан оосор тойролт бүрийг нь багасгана. Магадгүй цагийн дараа би түүнийг үзнэ. Эхлээд түүнд хүчээ үзүүлж, дараа нь дийлэх хэрэгтэй гэлээ.
Түүнээс хойш хоёр цаг өнгөрч, загас завийг алгуурхан тойрсоор байлаа. Өвгөний хөлс нь дусал дуслаар урсаж хэмжээ хязгааргүй ядрав. Загасны дугуйран эргэх нь үлэмжхэн богиносож ус руу орж байгаа утасны байдлаар загас аажуухан дээшээ гарч байгаа нь илэрхий боллоо.
Бүхэл бүтэн цаг өвгөний нүдэнд хар толбо сүүмэлзэн давслаг амттай хөлс урсан нүд, нүдэн доорх шарх, духан дээрх шархыг нь хорсгох ажээ. Хар толбо түүнийг үл айлгана. Утсыг төчнөөн хүчтэй татаж байгааг бодвол түүнд гайхалтай юм алга туйлдан тамирдсанаа хоёр дахь удаагаа мэдэрсэн нь түүний сэтгэлийг үнэхээр зовоожээ.
«Би ямар нэг загаснаас гэнэдэж үхэх гэж үү? Бүгд бүтэмжтэй байгаа энэ үед гол нь үхэх гэж үү. Бурхан тэнгэр, тэсвэрлэхэд минь тусал. Би, зуу дахин «эцэг тэнгэрийн магтаал» мөн зуу дахин «эх дагинын ерөөлийг» уншина. «Гэхдээ одоо биш, одоо чадахгүй... Намайг уншсан гэж бод. Би дараа нөхөж уншина» гэж үглэнэ.
Энэ агшинд хоёр гараараа барьсан утсыг нь цохиж байгаа нь мэдэгдэв. Угзралт нь огцом хүчтэй ажээ. «Гох дэгээнд уяатай утсыг чавчирч байна. Тэр зүйн хэрэг. Тэгэх ч ёстой юм. Гэвч энэ нь түүнийг үсрэхэд хүргэх бөгөөд одоо дугуйран хөдлөөсэй гэж хүснэ. Агаар авахад нь үсрэлт хэрэгтэй байсан юм. Одоо алив үсрэлт нь гох дэгээний гаргасан шархыг ихэсгэн загас тасарч мэднэ».
— Загас минь битгий үсэр, үсрэхгүй байж ажаамуу.
Загас ахин дахин утсыг чавчрахад өвгөн толгой сэгсрэн утсыг бага багаар султгана.
«Би түүнд илүү өвчин учруулах ёсгүй. Миний өвчин биедээ л хоцрог. Би түүнийг тэсвэрлэн өнгөрөөж чадна. Харин загас өвдсөнөөс галзуурч мэднэ» гэж бодлоо.
Хэсэг зуур болоод загас утсыг цохихоо байж, бас дахиад алгуурхан дугуйрч эхлэв. Өвгөн утсыг нэгэн хэмээр хураана. Дахиад дотор нь муухай болж, солгой гараараа тэнгисийн ус утгаад толгой дээрээ асгав. Тийнхүү толгой дээрээ нэлээд ус асгаад шилэн хүзүүгээ арчлаа.
— За, шөрмөс татаагүй хойно гайгүй. Загас удахгүй ил гарах бөгөөд би түүнийг хүлээж чадна. Өвгөн минь чи тэсэх ёстой. Тэсэхгүй гэж бодож тун болохгүй.
Тэр өвдөг дээрээ сөхөрч утсаа түр зуур нуруундаа тохов. «Түүний дугуйрч байхад нь амраад ойртоход нь босож дахиад утсаа хураана даа»


Завины хошуун дээр нэлээд удаан амарч, утсаа хураалгүй загасыг илүү нэг тойруулахыг тун их хүсэв. Гэтэл утасны таталт загас хагас тойроод завь руу ойртож явааг мэдүүлсэн тул өвгөн босож аль болохуйц их утас хураахын тулд их биеэ ийш тийш нь хаялан, хоёр гараа ээлжлэн дэлив.
«Би амьдралдаа нэг ч ядраагүйгээ ядарч тэгээд бас салхи ширүүсэж байна. Миний энэ загасыг гэртээ аваачихад салхи хүчээ авна. Энэ салхи над тун их тус болно.
Вы прочитали 1 текст из Монгольский литературы.
Следующий - Өвгөн Тэнгис Хоёр - 4
  • Части
  • Өвгөн Тэнгис Хоёр - 1
    Общее количество слов 4416
    Общее количество уникальных слов составляет 1934
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Өвгөн Тэнгис Хоёр - 2
    Общее количество слов 4555
    Общее количество уникальных слов составляет 1919
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Өвгөн Тэнгис Хоёр - 3
    Общее количество слов 4520
    Общее количество уникальных слов составляет 1928
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Өвгөн Тэнгис Хоёр - 4
    Общее количество слов 4514
    Общее количество уникальных слов составляет 1854
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Өвгөн Тэнгис Хоёр - 5
    Общее количество слов 2164
    Общее количество уникальных слов составляет 1203
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов