Latin

Испанийн Төлөө Нөгчсөн Америкчуудад

Общее количество слов 1525
Общее количество уникальных слов составляет 929
0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
ЭРНЕСТ ХЕМИНҮВЭЙ
ИСПАНИЙН ТӨЛӨӨ НӨГЧСӨН АМЕРИКЧУУДАД
“УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР” Улаанбаатар хотноо 1974 онд эрхлэн хэвлүүлсэн “БРОДҮВЭЙН ШӨНӨ (америк өгүүллэгийн түүвэр)” номоос
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.




Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Эрнест Хеминүвэй


ИСПАНИЙН ТӨЛӨӨ НӨГЧСӨН АМЕРИКЧУУДАД

Нөгчигсөд энэ шөнө Испанийн хүйтэн шорооноо нойрсон буй. Цасан чидун жимсний шугуйг нэвт шувт шууран моддын үндэс орвонд хунгарлаад булшны оронд хатгасан ёдроос (ёдор хатгаж амжсан бол) хуйлран хийснэм. Доод талын мөчрийг нь танк далдлахаар огтчин авсан тул чидун жимсний модод хүйтэн салхинд чөргөрхөн үзэгдэх агаад Харама голын дэнж бяцхан толгодын хүйтэн шороонд нөгчигсөд нойрсном. Тэд айхтар хүйтэн хоёрдугаар сард амь эрсэдсэн бөгөөд тэр цагаас хойш улирал солигдон хувьссаныг эс мэдэх бүлгээ.
Линкольны нэрэмжит батальон Харамын өндөрлөгийг дөрвөн сар хагасын турш хамгаалсан тэр үеэс хойш даруй хоёр жил өнгөрч тэнд нөгчсөн америкчуудын түрүүч эдүгээ Испани нутгийн шороонд уусан шингэжээ.
Энэ шөнө нөгчигсөд Испанийн хүйтэн шороонд нойрсон байх бөгөөд газар дэлхий тэдэнтэй тэврэлдэн унтахуй дор хүйтэн өвлийг үднэ. Гэвч хавар болоход хур бороо шаагин газар дэлхий сэргэн амилна. Өмнийн салхин толгодын зүг намуухнаар үлээнэ. Өгөршин харласан модод гөлөглөн ногоорч Харама голын дэнжид алимын модод цэцэглэнэ. Нөгчигсөд газар дэлхий амилан сэргэж буйг хавар цагт л мэднэ.
Юу гэвэл тэд Испанийн газар шороонд уусан шингэсэн бөгөөд энэхүү газар шороо үеийн үед мөнх буюу. Газар шороо өвөл бүр таг чиг нойрсон буй мэт санагдавч хавар бүр сэргэн цэцэглэмүй. Нөгчигсөд маань үүрд амьд бүлгээ.
Газар шороо мөхөхгүйн адил нэгэнт эрх чөлөөгөө олж авсан эдгээр хүмүүс хэзээ ч боолчлолыг эгж үзэхгүй. Манай нөгчигсдийн цогцос шингэсэн газрыг боловсруулан буй тариачид юуны учир амиа зольсныг нь мэднэ. Дайны хоёр жил тэд үүнийг ойлгож мэдсэн бөгөөд одоо хэзээ ч мартахгүй.
Тэд маань Испанийн тариачид, Испанийн ажилчид, Бүгд Найрамдах Испани Улсын төлөө тэмцэж, ирээдүйд итгэж явсан ерийн шударга олны сэтгэл зүрхэнд амьд байна. Тэд маань Испанийн газар шорооны нэгэн хэсэг болж, газар дэлхийн насыг наслах учир ямар ч харгис хүчин Испанийг дийлэх учиргүй.
Фашистууд бусад орноос тонож дээрэмдсэн төмрийн хар хүчээр газар орныг эвдлэн сүйтгэж мэдэх юм. Урвагчид, аймхай амьтдаар дэмжүүлэн урагшаа ахиж ч болох юм. Тэд нар хот сууриныг эвдлэн түйвээж, ард түмнийг эзлэн боолчлохыг бодож болно. Гэвч нэг ч ард түмнийг боолчилж болохгүй ээ.
Испанийн ард түмэн ноёрхлын эсрэг урьд өмнө босож байсан шигээ дахин босох болно.
Нөгчигсөд босох хэрэггүй. Тэд одоо газар шороо болсон. Газар шороог эзлэн боолчилсон нь түүхэнд үгүй. Юу гэвэл газар шороо үеийн үед оршин тогтносоор бөгөөд алив дарангуйллыг элээн барах бүлгээ.
Газар шорооноо нэр төртэй шингэсэн бүхэн үхэлгүй мөнхийн алдрыг олж байгаа нь тэр. Гэвч Испанийг хамгаалан тулалдсаар нөгчсөн дайчдаас илүү их нэр төртэйгөөр ийн шингэсэн нь байна уу?

1939 оны хоёрдугаар сарын 14




«БРОДҮВЭЙН ШӨНӨ» НОМЫН ТУХАЙ БУЮУ ЕР НЬ АМЕРИК ӨГҮҮЛЛЭГИЙН ТУХАЙ ТОВЧХОН ӨГҮҮЛЭХ НЬ

Энэ бол гадаад хэл сонирхон, сурч эзэмшсэн манай шинэ залуу сэхээтэн орчуулагчдын англи эх хэлнээс нь шууд орчуулсан анхны ном (түүврийн хувьд) бөгөөд дэлхийн улс түмний өв их соёл-уран зохиолын сан хөмрөгөөс дам дам орчуулгаар бус, тэр улс оронд уншдагаар нь зохиолч бүтээлчдийн бичсэнээр амтархан үзэж, америк нийгмийн үнэн нүүр царай, дэлхийн нөгөө бөөрнөө амьдран суугч жир америк ард түмний амьдрал, хүсэл бодлыг танин ойлгоход тус дөхөм болох ном болно.
1935 оны үед америкийн богино хэлбэрийн зохиолын уран дархнуудын нэгэн Эдгар Аллан По-гийн «Алтан цох» хэмээх адал явдлын сонин номыг их зохиолч Д. Нацагдоржийн дуун хөрвүүлснээр уншиж толилсноос хойш эдүгээ. Марк Твейн, Теодор Драйзер, Жек Лондон, Эрнест Хеминүвэй, О. Хенри, Жон Рид, Фенимор Купер, Хенри Лонфелло, Бичер-Стоу Гарриет (зохиолч эмэгтэй), Уальт Уитмен, Роберт Фрост зэрэг олон зохиолчидтой танилцан, зохиол бүтээлийг нь амтархан уншсаар билээ.
Америк оронд анх өгүүллэг, туурь зэрэг богино хэлбэрийн зохиол XIX зууны эхэн үед үүсэж буй болсон бөгөөд скандинав нутагт өргөн дэлгэр ярьдаг «сага» юм уу, орос оронд газар сайгүй хэлэлцдэг «былина»-тай адил хууч тууль, бэнсний үлгэр ховор байсан тус оронд адал явдал, шог ярианы маягаар шинэ тутам дэлгэрч тархсан аман хууч - өгүүллэг нь эдүгээ америкт хамгийн өргөн дэлгэр уран зохиолын төрөл болох өгүүллэгийн эх суурь болжээ.
Америк орны аглаг зөөлөн ой, хязгааргүй өргөн тал нутгийг байлдан эзлэгчид-модчин, анчин, хөлөг онгоцны замчин, фермийн эзэд, зүсэн бүрийн хүмүүс бие биеэ шоглон, бахархан хөөрөн ярьж, байгалийн хар хүчнийг даван туулсан ялалт, эр зориг, хүчин чадалдаа итгэсэн итгэл, тэмцэгч-хүний ухаан бодол, суу билгийг бахадсан хүсэл сэтгэлийн нь илэрхийлэл болсон аман зохиол яван явсаар уран зохиолын бие даасан төрөл болж, анхны туурь, өгүүлэл зохиогчид Вашингтон Ирвин, Эдгар По нар болон ард түмний цэцэн билиг, уран үгийн амьдруулагч эх булаг болсон уран зохиолд элэгтэй, түүнийг бүтээгч авьяас билигт бичгийн хүмүүсийн өвөрмөц дуу хоолойтой зохиол бүтээлээр баяжин улам цэцэглэн хөгжсөөр америк өгүүллэгийн арвин сан хөмрөг тогтнон буй болсон байна.
Хөрөнгөтний нийгмийн явцуу албархаг ёс горимыг басамжлан инээж, хий хоосон, хуурамч бүхнийг дооглон тохуурхсан зохиолоороо америк өгүүллэг дэх реалист хандлагын эх үүсвэрийг тавьсан романтик зохиолч Вашингтон Ирвин, «чухам яаж төгсөх бол, юу болдог бол?» хэмээн тэсэж ядан, мөр болгоныг нь хорхойтон шунан унших адал явдлын зохиол бичиж, энэ төрлийн тулганы чулууг тавьсан Эдгар По, америкийн уран зохиолын жинхэнэ морин сувд болсон тансаг сайхан өгүүллэг туурвигч их уран авьяастан Марк Твейн, түүний араас замнагсад Хамлин Харленд, Френк Норрис, Жек Лондон, Теодор Дрейзер, америкийн утга зохиол дахь цоо шинэ арга барил-социалист реализмын тугийг өргөгч Жон Рид, өөрийн онцгой авьяас, байгаль ертөнц амьдралыг харах билгийн хурц хараа, суу оюунаараа дэлхийн сонгодог зохиолчдын эгнээнд зүй ёсоор багтан орсон их зохиолч Эрнест Хеминүвэй, арьс өнгөөр ялгаварлах үзэл, хар арьст ард түмний эрх чөлөө, тэгш эрхийн төлөөний тэмцлийг магтан дуулагч Ленгстон Хьюз, коммунист зохиолч Альберт Мальц, социалист реализмыг цаашид хөгжүүлэгч Меик Күин, Эрскин Колдүвэлл, Меикл Гоулд цөм америк уран зохиолын сан хөмрөгийг баяжуулан, туурь өгүүллэгийн төрлийг хөгжүүлэхэд гар бие оролцон, өөрсдийн нэмэр хандивыг оруулсан улс юм.
Америк өгүүллэгийн түүвэр-эл бяцхан номд дээр нэр дурдсан алдар цуутнуудын цөмийнх нь өгүүллэг тууриас багтаан оруулах боломжгүй бөгөөд бид ч тийм зорилт тавиагүй билээ. Энэ номоос уншигчид өөрсдийн эртний танил Т. Драйзер, Жон Рид, Э. Хеминүвэй, О. Хенри нарын өгүүллэгээс гадна Альберт Мальц, Эрскин Колдүвэлл, Шервүд Андерсон, Меик Күин зэрэг зохиолчидтой цоо шинээр танилцан, зохиол бүтээлээс нь амтархан толилно.
Бродүвэй гудамжнаа өнгө өнгийн гэрэл солонгорон, зарлал ухуулгын эрээн мяраан гэрэл асаж, унтран, дагшаа хөгжим хаагчиж, сэгсгэр, залуус хоолой мэдэн бархиран орилоод «америк маягийн амьдрал, америк ёс төрх ийм байна» хэмээн зарлан тунхаглаж, гудамжны нөгөө уулзварт тэр амьдралын амьд гэрч болсон янхан хүүхэн «бор хоног өнгөрөөх хань» хайгуулдан зогсож буйг («Бродүвэйн шөнө») бие биеэсээ өрсөн амь зогоох өчүүхэн ажил олохоор үүр шөнө, цас шуурганаар овоорон, оочирлон зогсоо ажилгүйчүүд (Т. Драйзерийн «өгүүллэгүүдэд») хувь амьжиргаагаа яльгүй өөд нь татах гэж ухаан бодол, амь биеийг үл хайрлан зүтгэсний хариуд амиа алдаж байгаа тариачин негр «Кристи Такер амь эрсэдсэн нь»), ууж согтуурахаас өөр хорвоогийн жаргал сайхан амьдрал байхгүйд итгэсэн дол эр («Түшиглэх юм минь»), өвлийн тэсгэм хүйтнийг шоронд өнгөрөөхийн тулд гэмт хэрэг үйлдэхээр улайран хөөцөлдөгч гудамжны хүүгийн өрөвдөм, инээдтэй амьдрал («Цэнхэр хувцастан ба мөргөлийн дуулал»), ер америк нийгмийн урьд байсан одоо байгаа бүх л амьдралыг нүднээ тов тодхон харагдахуйцаар, дэлгэн харуулсан эдгээр өгүүллэг нь хөрөнгөт нийгмийн хуурамч багийг хуулан хаяж, цаана нь нуугдан буй бузар булайг илчлэн харахад уншигч Танд үнэхээр туслахуйц зохиол гэдэгт бүрэн итгэж байна.
Америкийн дэвшилтэт зохиолчид өнөөдөр өөрийн орны бодит нүүр царай «хүн төрөлхтний аз жаргалын өлгий диваажин» хэмээн магтан гайхуулдаг хөрөнгөт нийгэмд хүмүүс үнэн хэрэг дээрээ яаж амьдардгийг, юу хүсэж мөрөөдөн, юу ярьж суудгийг илэн далангүй бичихийг эрмэлзэж байна.
Жар шахам жил уран бүтээлийн ажил дагнан эрхэлсэн дэвшилтэт зохиолч Эрскин Колдүвэлл «бичиж сурна гэдэг бол нэр төртэй, амар тайван, сэтгэл өөдрөг, шударга зөв амьдарч сурна, хаана өгөөмөр нинжин байх, хаана эрс тэс эвлэршгүй байхыг сурна гэсэн үг юм. Тэр «хаана?» гэдэгт л зохиолч бидний, цаашилбал, хүмүүн төрөлхтний эрийн цээнд хүрсний шалгуур буй. Одоо үед сонин хачин юмаар хөөцөлдөн, юмны өнгөн талаас нь бичиж их амжилт, нэр сүр олж болох байна. Гэвч тэр хуурамч нэр сүр, түргэн амжилтаас л чухам толгой эргэдэг юм» гэж хэлсэн нь америкийн дэвшилт санаа бодолтой, жинхэнэ уран бүтээлчдийн цөмийнх нь үг ажээ.
Хойшдын бүтээлд үлгэр сургаал, тус дөхөм болохуйц найртай уг зарж шүүн толиловоос нэн хүндлэн талархнам.

Редактор Л. Дашням


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


1974 оны “БРОДҮВЭЙН ШӨНӨ (америк өгүүллэгийн түүвэр)” номын ГАРЧИГ

Өмнөх үг
Жон Рид : Америк Мак (Д. Нацагдоржийн орчуулга)
Жон Рид : Бродүвэйн шөнө (Д. Нацагдоржийн орчуулга)
Т. Драйзер : Харанхуйгаар (Д. Лхамжавын орчуулга)
Т. Драйзер : Шуурганаар
Т. Драйзер : Цастайд
Эрнест Хеминүвэй : Индианы гацаа (Н. Доржготовын орчуулга)
Виллям Сароян : Хоньчны охин
Эрскин Колдүвелл : Охин минь
Эрскин Колдүвелл : Кристи Такер амь эрсэдсэн нь
Ленгстон Хьюз : Түшиглэх юм минь (Д. Нацагдоржийн орчуулга)
Меик Күин : Хүний адаг, хөрөнгийн эзэн
Менкл Гоулд : Нөгөө гайхал ухуулагч
Меик Күин : Хавьтамгүй эр
Шервүд Андерсон : Багш (Ц. Сумъяагийн орчуулга)
Алберт Мальц : Замд дайралдсан хүн (Л. Цэцэгмаагийн орчуулга)
Эрнест Хеминүвэй : Испанийн төлөө нөгчсөн америкчуудад (Д. Алтанхуягийн орчуулга)
Эрнест Хеминүвэй : Цэвэр, тунгалаг, гэрэлт газар
Цэнхэр хувцастан ба мөргөлийн дуулал (Л. Дашнямын орчуулга)


1974 оны “БРОДҮВЭЙН ШӨНӨ (америк өгүүллэгийн түүвэр)” номын Хэвлэн нийтлэлийн мэдээлэл


БРОДҮВЭЙН ШӨНӨ
(америк өгүүллэгийн түүвэр)

Улсын хэвлэлийн газар
Улаанбаатар— 1974

Г (Амер)
А 531

Редактор Л. Дашням
Уран сайхны редактор Д. Сандагдорж
Техник редактор Д. Юмжав
Хянагч Ч. Дашзэвэг, Д. Наранцэцэг

Өрөлтөд 1973 оны 11-р сарын 9-нд
Хэвлэлд 1973 оны 12-р сарын 31-нд

Хэвлэсэн тоо 3200

X. х. 4,6
X. н. х. 5,4
т. х.4,45
Цаасны хэмжээ 70X90 32

Х.г за № 344

Улсын Хэвлэлийн Комбинатад хэвлэв.
Улаанбаатар, Сүхбаатарын талбай, 2.


Вы прочитали 1 текст из Монгольский литературы.