Latin

Алтан Цох - 3

Общее количество слов 3488
Общее количество уникальных слов составляет 1325
0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
Кидийн дээрэмдэн овоолсон эд нь хязгаарлашгүй болохыг хэн бүхэн мэднэ. Эдгээр баялаг эдүгээ хүртэл газар дор энх амгалнаар оршсоор бөгөөд энэхүү олохын арга үгүй болсон зүйлийн хадгалагдан бүхий газрыг зааж өгөх эрдэнэ мэт саарийг олж аван, бараг түүнийг үзэхүй дор хүрсэн учрыг өгүүлбээс чи их л гайхах биз ээ хэмээнэ. Үүн дор “Би хэрхэн мэдэв” хэмээн асууваас Легранд бас өгүүлрүүн:
Түүнээс би саарийг гал дор бас дахин нэн нэн халаавч ер юу ч үзэгдэх үгүй болохуйяа энэ нь уг саарь их хиртэж буртаг болсноос дээрх зүйл нь илрэн эс гарах аж хэмээн сэтгэж, даруй дор бүлээн усаар түүнийг сайтар угаан цэвэрлээд тугалга гүйлгэсэн тавгийн дотор хохимой толгойн дүрс бүхий талыг дорогш хандуулан агуулж модны нүүрс улайлгасан тулганы дээр тавин, бас халаав. Нэгэн хэдэн хувийн хойно мөнхүү таваг халсан дор сайх саарийг үзвээс түүний дээр хэд хэдэн газар тооны тэмдгүүд хөндлөн зэрэглэн үзэгдэхүй дор гэнэт баярласан нь өгүүлшгүй.
Тэгээд түүнийг бас дахин нэгэн зуур тавгийн дотор хийгээд гэдрэг авсан дор ийм тэмдгүүд илрэн гарсан бүлгээ хэмээн мөнөөх саарийг гаргаж, гал дор халаагаад над дор өгөхийг авч үзвээс хохимой толгой, ишигний дүрс хоёрын хооронд улаан бэхээр бичсэн тэмдгүүд нь:

53##+305)) 6*; 4826) 4#.) 4#); 806*; 48+8||60)) 85;1#(; :# *8+83(88)5*+; 46( ;88*96*? ; 8)*# (; 485);5*+2:*# (; 4956*2 (5*-4)8 || 8*; 4069285) ;) 6+8)4##; 1(#9; 48081; 8 : 8#1; 48 +85; 4)485+528806*81(#9; 48; (88; 4(#? 34; 48)4#; 161; : 188;#? ;

ийн буюу. Үүнийг би үзээд түүн дор эгүүлэн өгч хэлсэн нь, “Ер би бас л учрыг олох үгүй байна. Энэхүү оньсого мэт юмыг тайлбаас Голкондын16 хамаг эрдэнэсийг шагнал болгон өгнө хэмээвч би, хувь дор хэрхэвч тайлан чадах үгүй болой” хэмээвээс Легранд,
— За хаанаас, үүнийг анх харахуй дор бэрхтэй мэт үзэгдэвч чухамдаа тийм бус болой. Эдгээр тоо ба тэмдгүүд нь нэгэн нууц үсэг хэмээн хэн ч болов ойлгох биз. Бас ч Кид аваас хүний олж ядмаар тийм айхавтраар тоогоор үсэг төлөөлүүлэн зохиохуйц чадвартай хүн бус хэмээн санана. Түүнээс тэрхүү нууц бичиг нь зөвхөн бүдүүлэг хүмүүс түлхүүр үгүйгээр тайлж чадах үгүйн төдий ерийн нэгэн хялбархан нууц бичиг хэмээн үзэв хэмээхүй дор “Чингээд чи түүнийг үнэхээр тайлсан гэж үү?” хэмээн асууваас Легранд өгүүлрүүн:
— Энэ нь маш хялбар хэрэг. Би түүнээс мянган хувь хэцүү зүйлүүдийг тайлж агсан буй. Аливаа нэгэн учир шалтгаанаар ба ялангуяа миний ухаан энэ мэтийн оньсого дор их л гүйдэг учир дамжиг үгүй тайлбарлах хэмээсэн бөгөөд ер ч хүний хурц ухаанаар зохиосон зүйлийг мөнхүү хурц ухаанаар тайлж үл болох юун. Нэгэн хамт холбон уншиж болохуйц тэмдгүүд байхыг үзээд түүний утга учрыг олох дор бэрх үгүй хэмээн бодов.
Энэхүү зүйл дээр ба ердөө ямар нэгэн нууц бичгийг тайлбарлахуй дор юуны урьд ямар хэл дээр бичсэнийг мэдэх хэрэгтэй буюу. Юун хэмээвээс хэдийгээр энгийн нууц бичиг хэмээвч тайлахын гол журам түүн лүгээ холбогдож, нэгэн тусгай хэлний бодлого дор дулдуйдна. Энэхүү нууц бичгийг чухамдаа аль болох хэлнүүд дээр туршин үзвээс зохих авч гагцхүү үүн дээр гарын үсэг нь тэр мэтийн нуршуудлыг аяндаа орхиулав. Юун хэмээвээс Кид хэмээх овгийн нэр байсан нь зөвхөн англи хэл дээр болохыг заажээ. Хэрэв тийм нэр байсан үгүй аваас эрт цагийн далайн дээрэмчин нар нууц зүйлээ испани, франц хэлэн дээр бичиж агсныг санаж тэдгээр хэл дээр турших агсан бүлгээ. Харин эцэс дор дээр дурдсан ёсоор англи хэлээр тайлахыг шийдэв.
Чиний үзсээр тэрхүү нууц бичгийн үгнүүдийг тасалсан үгүй байна. Хэрэв тэр тасалгаатай аваас их л хялбар байх асан. Тиймийн тул би түүний дотроос ганц үсгээр бичигдэх А17 (нэг) буюу I18 хэмээх мэтийн богино үгийг юуны урьд олж авбаас ганц нууц бичгийг тайлахын үүд нээгдэнэ хэмээн шийдэж эхлэв. Гэтэл үг үгийг хооронд нь зай гаргалгүйгээр үргэлжлэн бичсэн болох нь түүний дотроос нэн тэргүүнээ хамгийн олонтоо хэрэглэгдэх үсгийг, дараагаар хамгийн цөөхөн хэрэглэгдэх үсгийг ялган танихыг эрхлэв. Түүнээс бүхий л тэмдгүүдийг тоолж үзвээс түүний дотор:

8 ийм тэмдэг 33 удаа бичигджээ.
; ийм тэмдэг 26 удаа бичигджээ.
4 ийм тэмдэг 19 удаа бичигджээ.
#) ийм тэмдэг 16 удаа бичигджээ.
* ийм тэмдэг 13 удаа бичигджээ.
5 ийм тэмдэг 12 удаа бичигджээ.
6 ийм тэмдэг 11 удаа бичигджээ.
1 ийм тэмдэг 8 удаа бичигджээ.
0 ийм тэмдэг 6 удаа бичигджээ.
92 ийм тэмдэг 5 удаа бичигджээ.
:3 ийм тэмдэг 4 удаа бичигджээ.
? ийм тэмдэг 3 удаа бичигджээ.
|| ийм тэмдэг 2 удаа бичигджээ.
-. ийм тэмдэг 1 удаа бичигджээ.

Тэмдгийг олон цөөхнөөр хэрэглэсэн байдал ийм бөгөөд олноор хэрэглэгддэг үсгийг дэс дараалбаас англи үг дор хамгийн олон хэрэглэгддэг е түүний дараагаар а, о, i, d, h, n, r, s, t, u, y, c, f, g, l, m, w, b, k, p, q, x, z үсгүүд орно. Ийм бөгөөд е үсэг нэгэн өгүүлэл дор хамгийн олон хэрэглэгддэг үсэг мөн учир ийм дор ерийн нэгэн саналаас баримттай үндэс нь гарч ирэв.
Энэ мэтийн зүйл дээрээс хүснэг дор утга илэрхий. Харин чухамхүү нууц бичиг дээр олонтоо нурших хэрэгтэй тул сайх тэмдгүүд дор хамгийн олон бичигдсэн 8 хэмээсэн тэмдэг нь е хэмээсэн үсгийг төлөөлсөн бололтой. Бас магадалбаас англи үг дор е үсэг нэг доор давхарлах нь олон бөгөөд жишээлбээс: mееt, flееt, sрееd, sееn, deеn, аgrее гэх зэрэг буюу. Түүнчлэн мөнөөх тоогоор үйлдсэн нууц бичиг охор атал түүний дотор 8 хэмээх тэмдэг таван удаа давхарласан тул 8 хэмээх нь е үсгийг төлөөлсөн тэмдэг болох нь зайлшгүй.
Иймийн тул 8 хэмээсэн нь е үсэг хэмээсүгэй. Ердөө англи үг дор thе19 хэмээх үг маш олон хэрэглэгддэг бөгөөд нарийвчлан ажиглаваас 8-аар дуусгаж зэрэгцсэн хоёр тэмдгүүд түүний дотор олонтоо тохиолдоно. Дэс дараалан үзвээс тийнхүү зэргэлсэн ;48 хэмээсэн тэмдэг тав зургаан удаа байх тул түүнийг th хэмээсэн үг хэмээж болох учир ; -ийг t, 4-ийг h, 8-ыг е хэмээн тэмдэглэсүгэй. Үүнээс нууц бичгийг тайлахуй дор нэгэн ихээхэн алхам давшив.
Гэтэл ийнхүү нэгэн үгийг олсноор нэлээд чухлыгe магадлан чадах бөгөөд юун хэмээвээс түүгээр бусад үгнүүдийн эх ба адгийг олж болно. Жишээлбээс, дээр тохиолдсон байдлаар ;48 гэдэг тэмдэг лүгээ холбосон тэмдгийг үзвээс нууц бичгийн бараг эцэс дор мөнхүү ;48 хэмээсэн тэмдэг (che)-ийн дараа ; хэмээх тэмдэг байх нь t үсгээр эхэлсэн нэгэн үг байхыг илэрхийлсэн бөгөөд түүний дараа тохиолдох басхүү нэгэн ; 4 8 хэмээх тэмдгийг хүртэл нэгэн үг бүтээхүй дор үл мэдэгдэх тэмдэг даруй зургаа болох үүн дор ямар үсгийг төлөөлсөн болохыг эс мэдэх тэмдгийн орон дор зай үлдээж тайлбаас тэрхүү нэгэн үгийн үүсгэл нь ийнхүү гарч ирнэ.

t . eeth

Ийнхүү үзвээс үүний эцсийн th гэсэн хоёр үсэг нь t-гээр эхэлсэн үгний үргэлжлэл бус харин бас нэгэн үгний эх хэмээн илэрхий мэдэгдэх бөгөөд юун хэмээвээс англи үгнүүдийг цагаан толгой дараалан бүртгэвээс t-гээр эхэлж нэгэн үсэг завсарлаад дараа нь хоёр е орж бас th залгах үг ер үгүй болой. Тиймийн тул эцсийн th хоёр үсгийг орхиж

t .ee

хэмээхээр дан нэгэн үг болгохыг мөнхүү цагаан толгойгоор дараалан туршваас

tree

хэмээсэн үг20 хэмээн тайлж болмоор буюу. Иймийн тул (, тэмдгээр r хэмээх үсгийг төлөөлүүлсэн болохыг олж мэдсэн бөгөөд өмнөх гишүүн лүгээ холбовоос

the tree

“тэр мод” хэмээсэн үг болой. Түүнээс цааш ;48 ( the) гэсэн тэмдэг хүртэл холбосон хэдэн тэмдгүүдийг жагсаан үзвээс

the tree ; 4(#? 34 the

хэмээсэн буюу. Үүний тайлбар олсон тэмдгүүдийг үсгээр орлуулан жагсааваас:

the tree thr#? 3h the

хэмээжээ. Үүн дор буй тайлаагүй тэмдгийн орон дор зай гаргаж, цэг тавиваас:

the tree thr...h the

хэмээсэн болохыг үзэж, тус тус зай дор гурван үсэг нөхөж, нэгэн үг болгохыг эргэцүүлбээс гэнэт throught21 хэмээх үг санаан дор орж ирснээр #?3 эдгээр гурван тэмдгээр о, u, g эдгээр гурван үсгийг төлөөлснийг олж мэдэв. Бас мөнхүү нууц бичиг үгний холбоогоор нь улмаар хуваан ажиглаваас хуудасны бараг эхэн дор

83 (88

хэмээсэн тэмдэг буюу.
Үүнийг дээр олсон тайлбараар орчуулбаас egree хэмээх толгой үгүй үг гарах нь degree22 хэмээх үг болох нь зайлшгүй учир + хэмээх тэмдэг нь d хэмээх үсэг төлөөлсөн болохыг олж мэдэв. Энэхүү degree хэмээх үгнээс дөрвөн үсгийн чинагш

; 4 6 (; 8 8 *

хэмээх холбоо үг байх нь тайлсан үсгүүдийг төлөөлүүлэн тавьж үл тайлсныг зай гарган үзвээс

th.rtee.

Ийм болох нь thriteen23 хэмээх үг даруй мөний тул * 6 энэ хоёр тэмдэг нь i, n хоёр үсэг болохыг олж мэдэв. Нууц бичгийн эхэн дор бүхий зэрэглэсэн тэмдгүүдийг үзвээс:

5 3# # +

Үүнийг дээр үйлдсэн ёсоор үсэгчилбээс

.good (сайн)

хэмээсэн үг болох нь түүний эхний 5 хэмээсэн тоо нь чухам юуг төлөөлсөн болохыг эргэцүүлбээс английн өгүүлэл буюу үгийн эхэн дор ямагт явах А* гэсэн үг яв цав мөн болох учир тэр нь

А good
хэмээх үг болохыг танив.
Энэ мэтээр чинагш сурвалжлан олсон тайлбаруудыг самуурах үгүйн тул юуны урьд сийрүүлэн бичвээс
5 нь а
нь d
8 нь е
3 нь g
4 нь h
6 нь i
* нь n
# нь o
( нь r
; нь t
? нь и
Ийн буюу. Арван илүү үсгийг энэ мэт аргаар тайлж чадсан агаад түүнээс бусдыг чинагш уламжлан хэрхэн тайлж олсныг чам дор нэгд нэгнээр нурших хэрэг үгүй биз. Энэ мэтийн нууц бичгийг санаачлан тайлах дор бэрх үгүй учрыг хэдийнээ хэлсэн билээ. Дээр дурдсан байдлаар үзвээс уул нууц бичиг нь хамгийн хялбар нууц бичиг болохыг чи батлах биз. Харин эдүгээ гагцхүү чам дор саарь дээр бичсэн зүйл нь юун болохыг орчуулсныг үзүүлбээс ийн буюу:

A good glass in the bishop’s hostel in the devil’s seat forty-one degrees and thirteen minutes northeast and by north main branch seventh limb east side shoot from the left eye of the death’s head a bee line from the tree through the shot fifty feet out

Энэ нь “Нэгэн сайн шил бишопын хостел дор чөтгөрийн суудал дээр дөчин нэгэн хоног ба арван гурван хувь зүүн хойд, хойд хоёр зүгийн завсар гол гишүүн долоодугаар мөчир дор зүүн этгээд хохимойн толгойн зүүн нүднээс унага нэгэн шугамаар модноос туссан бөмбөлгийг дайруулан, тавин тохой газар чинагш” хэмээсэн үг болно хэмээхүй дор үүний учрыг би бас олж үл мэднэ. “Урьд адил балар нууцгай амой. Тэрхүү чөтгөрийн суудал, хохимойн толгой, бишопын хостел гэх зэргийн мэдэгдэх үгүй үгнээс яахан утга олно” хэмээвээс Легранд өгүүлрүүн: “Энэ нь өнгөц үзэхүй дор нэн ч мэдэхүйеэ бэрхтэй, үүн дор би юуны урьд тэрхүү нууц бичгийн өгүүллийг өөрөө бичсэн мэт тасалбар тавин хуваав” хэмээнэ. Чингээд “Чи түүнийг цэг тасалгаар ялгасан гэж үү?” хэмээн лавлаваас Легранд “Тийм янзтай үйлдсэн” хэмээнэ. Чухам хэрхэн учрыг лавлаваас, “Тэрхүү нууц тэмдгийг бичсэн хүн тайлахуй дор улам бэрхтэй болгохын тул үгнүүдийг таслал үгүйгээр зориуд үргэлжлүүлсэн ажээ хэмээн санав. Гэтэл онц ухаантай бус боловч бяцхан зүйлийг төсөөлөх хүн аваас түүнийг тайлан чадах нь магад. Түүнийг бичихдээ чухамдаа цэг буюу тасалга тавиваас зохих газар дор тухайлан санаачилж тэмдгүүдийг шахаж тавьсан болно. Түүний уг эх дээр тийнхүү онцоор хавчиж бичсэн нь таван хэсэг газар болохыг үзвээс тодорхой буй. Түүнийг баримтлан би ийнхүү тасалга үйлдсэн билээ” хэмээн үзүүлэх нь ийн буюу

A good glass in the bishop’s hostel in the devil’s seat–forty–one degrees and thirteen minutes–north- east and by north–main branch seventh limb east side– shoot from the left eye of the death’s-head–a bee-line from the tree through the shot fifty feet out

“Нэгэн сайн шил бишопын хостел дор чөтгөрийн суудал дээр–дөчин нэгэн хоног ба арван гурван хувь–зүүн хойд, хойд хоёр зүгийн завсар–гол гишүүн долоодугаар мөчир дор зүүн этгээд–хохимойн толгойн зүүн нүднээс унага–нэгэн шугамаар модноос туссан бөмбөлгийг дайруулан тавин тохой газар чинагш” хэмээжээ.
Ийнхүү тасалга үйлдсэн боловч бас л балар болох учрыг хэлбээс Легранд өгүүлрүүн: “Би ч мөн хэдэн өдөр болтол учрыг олох үгүй агсан бүлгээ. Түүнээс энэ завсар би тус Сэлливан арлын ойр хавиар бишопын хостел хэмээх нэр бүхий ямар нэгэн газрыг шамдан эрсэн бөгөөд юун хэмээвээс эрт цаг дор хостел хэмээн нэрлэж байсан нь яван явсаар хотел хэмээгдэх болсон учир тийнхүү Бишопын хотел хэмээн ирсэн болой. Ийнхүү ойр хавиар эрээд юу ч олдох үгүй болохуйяа чинагш нэлээд хол газраар яван, нарийн арга хэрэглэж улируулан сурвалжилсан нь гэтэл Бишоп хэмээх үг нь балар эрт цаг дор тус арлаас умар этгээд дор дөрвөн миль хиртэй газар нэгэн цайзыг эзэлж агсан хүний Бесшоп хэмээх хуучин овгийг хэлсэн ажээ хэмээн гэнэт сэтгэгдэв. Түүнээс би ийш тийш хэсүүчлэн нутгийн хөгшин негрүүдээс сурвалжлан явсан нь, эцэс дор нэгэн туйлын хөгшин эхнэр Бесшопын кастел24 хэмээх нэгэн газар буй хэмээвч чухамдаа тэр нь урт цайз ч бус харин нэгэн өндөр цохио хэмээнэ.
Үүн дор би тэр газрыг зааж өгмүү? Их шан өгсүгэй хэмээн гуйсан дор тэрхүү эхнэр нэгэн зэрэг цааргалсан боловч даруй зөвшөөрөн, намайг дагуулан одов. Түүнээс удсан ч үгүй зүдсэн ч үгүй мөнхүү газрыг олсон дор би хөгшин эхнэрийг хойш буцааж, тэрхүү цохиог шинжлэн эхлэв. Энэхүү кастел хэмээгч нь хамаа үгүй олон хад цохио сэхүйлцэн цухуйлцсан болох бөгөөд тэдний дотор олноос онц өндөр ганцаар зогссон ноён цохио байх нь урлан үйлдсэн мэт нэн ч жигтэй сонирхолтой ажгуу. Би түүний орой дээр авиран гараад хэрхэхийг гайхан авай.
Нэгэн зуур ийнхүү эргэцүүлэн бодмоглож байх үе миний зогсож байгаагаас доор нэгэн метр хир дор цохионы зүүн тал дор гадагш бултайсан нэгэн нарийхан ирмэг байхыг гэнэт үзэв. Энэхүү ирмэг цухуйсан нь арван найман ямх, өргөн нь нэгэн тохой бөгөөд яг түүний дээр хадны нэгэн хонгил нүх байх нь бидний эртний эртэс өвгөдийн хэрэглэж байсан хөндий налууртай сандал лугаа нэлээд төсөөтэй буй. Түүнээс мөнөөх нууц бичиг дор өгүүлсэн чөтгөрийн суудал хэмээгч нь дамжиг үгүй энэ ажээ хэмээн шийдвэрлэсэн бөгөөд нууц бичгийг тайлах замыг олж авав. Бас сайн шил хэмээсэн нь дуранг хэлжээ хэмээн сэхээрэв. Юун хэмээвээс далайн хүн дуранг ерд шил хэмээн хэлэлцдэг билээ. Чингээд энэ явдал дор нэгэн дуран хэрэгтэй болох ба үүгээр чухамхүү газрыг олж болохыг мэдсэнээс гадна мөнхүү нууц бичиг дор дөчин нэгэн хоног ба арван гурван хувь зүүн хойд, хойд хоёр зүгийн завсар хэмээсэн нь дурангаар харваас зохих зүг чигийг заасан болохыг мэдэв. Эдгээр зүйлийг олж мэдсэндээ ихэд бахдан хөөрч, яаран гэртээ харьж, нэгэн дуран аваад цохионоо гэдрэг буцаж ирэв.
Чингээд би дорогш хадны ирмэг рүү үзвээс сууж болмоор нэгэн оновчтой суурь үзэгдэнэ. Энэ нь миний хэдийнээс бодсон зүйл дор нийлэлцэв. Зүүн хойд, хойд хоёрын завсар хэмээн зүг чигийг нэгэнт заасан тул дөчин нэгэн хоног, арван гурван хувь хэмээсэн нь чухамдаа гагцхүү тэнгэрийн хаяанаас өндийлгөн үзэхийг хэлсэн болох биз хэмээн тогтоож мөнхүү зүгийг бяцхан луужингаар магадлаад дуранг дөчин нэгэн хоногийн өнцөг зүг дээш өргөн, ямар ч туслах багаж хэрэгсэл байсан үгүй учир дээш дорогш ихэд болгоомжлон хөдөлгөж атал нэгэн дүгрэг нүх мэт буюу бусдаас өндөрлөсөн нэгэн том модны навчийн завсар мэт юм үзэгдэв. Энэхүү нүхний төв дор нэгэн өчүүхэн цагаан юм гялалзахуй дор юун болохыг анхан дор би ер таньж чадсан үгүй бүлгээ. Даруй дурангийн хол ойрын хэмжээг тааруулж, дахин харваас харин нэгэн хохимойн толгой ажгуу.
Түүнээс би үүнийг олж мэдээд, би нууц бичиг тэмдэглэлийн оньсогыг тайлав хэмээн бахдаж урамшсан бөгөөд юун хэмээвээс гол гишүүн долоодугаар мөчир, зүүн этгээд хэмээсэн нь гагцхүү тэр модны дээрх хохимойн толгойн байгаа газрыг заасан болох ба хохимойн толгойн зүүн нүдээр унага хэмээсэн нь нуун далдалсан булшны сангийн байгаа газрыг тодорхойлохыг өгүүлсэн болох бөгөөд үүн дор нэгэн бөмбөлгийг хохимойн толгойн зүүн нүдээр унага хэмээсэн болох ба нэгэн шулуун шугамаар модноос туссан бөмбөлгийг дайруулан тавин тохой газар чинагш тат хэмээсэн нь нэгэн тухайлсан газрыг заасан ба тэрхүү газар дор үнэ бүхий эдийг булсан ч биз хэмээн бодов хэмээнэ. Үүн дор миний асуусан нь:
“Эдгээрийг үйлдсэн нь үнэхээр тодорхой бөгөөд мэргэн аж. Мөн ч хялбар бөгөөд ухагдмаар, харин чи Бишопын хостелоос буцаад хэрхэв” хэмээвээс Легранд өгүүлрүүн:
“Түүнээс би мөнхүү модыг маш чухал зүйл болгон тэмдэглээд гэр дор буцсан бүлгээ. Чөтгөрийн суудлаас буумагц дүгрэг нүх нь над дор үзэгдэх үгүй болсон авч би түүнийг хэзээ хэрхэн олж үзэхүйг хүсэлхийлэв. Эдгээр бүхий л явдал дор тэр дүгрэг нүх нь гагцхүү хадны нарийхан ирмэг дээрээс өөр үзэхүйц газар үгүй нь нэн ч гайхалтай.
Юпитер сүүлийн хэдэн долоо хоног дор миний байдлыг ажиг аваад, намайг ер ганцаар илгээхийг үл хүсэх агсан нь дамжиг үгүй тул Бишопын хостел дор одохдоо түүнийг дагуулан явсан бүлгээ. Харин эцсийн өглөө модыг олж үзэхээр уул дор ганцаараа тэнэв. Ихэд алжаан эрж, түүнийг олж үзээд гэр дор эргэж ирвээс миний зарц намайг жанчих хэмээв. Түүнээс хойш юу болсныг чи надаас дутуу үгүй мэдэх биш үү?” хэмээв. Бас миний лавласан нь
“Бид нар анх удаа ухахуй дор юу ч гарсан үгүй нь, Юпитер цохыг хохимойн толгойн зүүн нүдээр унагаваас зохихыг баруун нүдээр унагаснаар чухамхүү газрыг ташаарснаас болсон учир буюу” хэмээвээс Легранд өгүүлрүүн:
“Үнэхээр тийм болой. Цохыг модны ёроол дор унагаахдаа зөвхөн хоёр ямх хагас хирийн газар хазгайлан унагааснаас ташаарагдсан бөгөөд хэрэв булшны сан нь бөмбөлгийн унасан газар байваас зохих агсан аваас бас ч тийм их ташаа гарах газар үгүй бүлгээ. Гагцхүү модноос тэрхүү бөмбөлгийг дайруулан шулуун шугам татаж, өөр газар малтваас зохих нь хоёр ямх хагасын ташаа нь чухам малтваас зохих газрыг тийнхүү төөрүүлсэн болой. Эхлэх газраас хоорондын тэмдгийг дайруулан, тавин тохой газар шугам татахуй дор хоёр ямх хагасын зөрүү зам нь шугамын үзүүр дор даруй хэдэн тохой газрын самуурал болно. Хэрэв булшны сан нь тэрхүү газар оршино хэмээн нотод баримталсан үгүй аваас бидний зүдэрч ажилласан нь талаар хоцрох агсан” хэмээнэ. Дараагаар би асууруун:
“Ер нь чи тэрхүү цохыг шижмийн үзүүр дор уяж, илбэ үзүүлэгч мэт болон эргүүлэн маяглаж явсныг би ч их л гайхсан бөгөөд чамайг магад солиорсон ажээ хэмээн санаж явсан билээ. Ердөө чи хохимойн толгойн нүдээр нэгэн бөмбөлгийг унагааваас зохихын орон дор цохыг унагаасан нь ямар учиртай юм буй” хэмээвээс Легранд өгүүлрүүн:
“Чухамхүү учрыг хэлбээс чи миний эрүүл ухааныг самуурчээ хэмээн сэжиглэсэн дор би хорсож, өөрийн байдлыг илэрхийлэн чамайг бяцхан эрүүл ухаанаар хуурахыг бодсон буй.
Тиймийн тул би зориудаар цохыг ийш тийш эргүүлж явсан ба түүнийг модноос унагаасан билээ. Чи түүнийг хүнд хэмээн үзсэн нь над дор ийм саналыг төрүүлсэн бүлгээ хэмээнэ. Үүн дор би асууруун:
“Тийм бол би учрыг нь олов. Гагцхүү лавлах нэгэн зүйл нь булшин дотор агсан хүний ясан юун буй хэмээвээс Легранд өгүүлрүүн: “Энэ нь би ч хэмээн чамаас тодорхойгоор үл мэдэх нэгэн зүйл болой. Энэ тухай таамаглан хэлж болмоор нэгэн зүйл буй. Гэвч бодвоос тэр нь бусчир жигшүүртэй ийм нэгэн үйл болох нь санахуйяа зэвүүн бөгөөд аймшигтай. Кид, хэрэв тэрхүү булшны санг булсан аваас түүн дор энэ ажил дор туслагч этгээд байсан нь дамжиг үгүй. Хэрэг барсны хойно гэрч этгээдийг сэмээр сөнөөсөн нь лавтайяа. Нүх малтаж байхдаа тэр өөр дор элбэгчийг зээтүүгээр хоёр удаа цохисон байх ч магад үгүй, эсвээс арван хоёр удаа цохисон ч байж болно. Хэн түүнийг хэрхэн мэднэ?


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Эдгар Аллан По. АЛТАН ЦОХ


Edgar Allan Poe. The gold-bug.

Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн 25 (1935) оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тогтоолоор

[... Түүхийн тасгийн эрхлэгч Нацагдоржоос нөхөр Ринчиний захисан ёсоор Америк улсын уран зохиолч Аллан По-гийн зохиосон “Алтан цох” хэмээх зохиолыг герман хэлнээс орчуулан бичиж гүйцэтгэсний тул хянан тогтоож, зохих үнэ хөлсийг олгоно уу хэмээснийг хэлэлцээд зүйтэй тул ёсоор болгон хэвлүүлэхээс гадна уул орчуулгын үнэ хөлсийг хэвлэлийн хуудсаар бодон, 230 төгрөгийг Нацагдорж дор олгохоор тогтов]

хэмээн дарга Дэндэв, тэргүүлэгч Амар, Тубянский, Цэенрэгзэн, Юндэнбазар нарын нэр бүхий шийдвэр бий.
Эл шийдвэрийн дагууд

[Америкийн уран зохиол Эдгар Аллон По-гийн зохиол “Алтан цох” герман хэлнээс Нацагдорж монголчлов.. Монгол Ард улсын Шинжлэх ухааны хүрээлэнгээс Монгол улсын 25 дугаар он 8 сар дор 1000 хувийг Улаанбаатар хотон дахь Монгол хэвлэлийн хорооноо дармаллав]

гэсэн 59 тал хуудас бүхий ном монгол үсгээр хэвлэгдсэн билээ.
Уул номын хоёр дахь удаагийн хэвлэлийг 1958 онд

[Америкийн уран зохиолч Эдгар Аллан По-гийн “Алтан цох” хэмээх зохиолыг герман хэлнээс анх Монголын шинэ цагийн ууган зохиолч Д.Нацагдорж монголчилжээ. Уг номыг Монгол улсын 25 онд 1000 хувь дармалласан байна. Одоо манайд нэн ховордсон энэ зохиолыг уншигч олны санал хүсэлтийн дагуу шинэ үсгээр дахин хэвлэв. Улсын хэвлэлийн газар]

гэсэн өмнөх үгтэйгээр дармаллажээ. Үүнээс хуулбарлан Эдгар Аллан По-гийн “Алтан цох” зохиолыг “Марташгүй ном” цувралаар “Монсудар” хэвлэлийн газраас 2005 онд хэвлэжээ.
Эдгээр номыг харьцуулан үзэхэд 1958, 2005 оны хэвлэлд зарим нэгэн зөрөө гарсан, засвар хийсэн зэрэг мадаг багагүй байх тул 25 (1935) оны хэвлэлийг баримталснаа дахин нягтлав. Энэ хэвлэлээс шинэ үсэгт буулгахдаа зарим үг, томьёолол мэтийг Эдгар Аллан По-гийн “The Gold-Bug” хэмээх англи эх, мөн А. Старцевын орос орчуулга зэргийг харгалзан үзэв. Эдгар Аллан По-гийн “Алтан цох”-ыг герман хэлнээс орчуулахдаа Д. Нацагдорж орос хэлний орчуулга зэргийг давхар ашигласныг Монгол улсын түүхийн төв архивд байгаа (Фонд 23, Товьёг 1, хадгаламжийн нэгж 561) “Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаас гаргасан 46 тоот тушаалын ёсоор дуун ухааны ба түүхийн тасгийн эрхлэгч Нацагдоржийн эрхлэн байсан тус тасгийн бүхий л эд хогшил ба албан хэргүүдийг мөнхүү тасгийн судлагч оюутан Буянчуулган, Дашдорж нарт шилжүүлэн өгсөн акт бичиг [26(1936) 11. 21]”-ийн 4 дүгээр зүйлд “... европын номын сангаас авсан номуудаас эдүгээ ор үгүй дутагдаж буй 5 болох”-ын дотор “5. По, Эдгар. Золотой жук. Инв. 7162 цена 10 м” байсан баримт гэрчилнэ. Гэхдээ Нацагдорж орос хэлний орчуулгыг гол баримжаа болгоогүй, германаас хөрвүүлсэн нь илэрхий бөгөөд зохиолчийн гарт байсан герман орчуулга англи эхтэйгээ тун ойр байсныг харуулах жишээ олон байгаа болно.

Орчуулсан эхтэй тулгаж хэвлэлд бэлтгэсэн: Д. Цэдэв


Заметки

[←1]
Америкийн холбоот улсын нэгэн болох Виргиниагийн нийслэл


[←2]
Английн нийслэл Лондон хотын нэгэн хэсэг


[←3]
Америкийн холбоот улсын нэгэн


[←4]
Хойд Америкийн нэгэн их хот.


[←5]
Америкийн холбоот улсын хамгийн их хот.


[←6]
Хойд Америк дор бүхий хотын нэр (орчуулагч).


[←7]
Америкийн холбоот улсын нэгэн (орчуулагч).


[←8]
Бутны ургамал, 80 орчимын янз буй. Их төлөв Өмнө Америк дор ургана. Зарим нэгнийг байшингийн тасалгаа чимэхийн тул тарина. Энэ тухай Баруун Европ дор үлгэр домог олон буй. Зарим газар ургасан нь эм дор хэрэглэгдэнэ. Латинаар Муrtus хэмээнэ (орчуулагч).


[←9]
Нидерланд улсын хүн, хорхой шавжийг судалсан эрдэмтэн, 1637 дугаар оноо төрөөд 1685 дугаар оноо үхжээ (орчуулагч).


[←10]
Латинаар thlipa гэнэ. (орчуулагч)


[←11]
Хувилах ухааны тэмдэг НgCl2 (орчуулагч)


[←12]
Хувилах ухаанаар найруулсан усны нэр латинаар Aqua regia гэнэ. (орчуулагч)


[←13]
Хувилахуй ухааны тэмдэг Со (орчуулагч)


[←14]
Англи үг. Монголоор ишиг гэсэн үг (орчуулагч).


[←15]
Сэлливан арал бол маш дулаан газар болох нь гал түлэх учрал нэн ховор тохиолддогийн учир буюу (орчуулагч).


[←16]
Эдүгээ Энэтхэгийн Хийдэрбад гэдэг мужид бүхий эрт цагт алмас зэрэг эрдэнийн чулуу ба алтаар туйлын баялаг байсан нэгэн хотын нэр болно (орчуулагч).


[←17]
Энэ нь Англи үг. Монголоор нэг сайхан өдөр, нэг хэдэн хүн, нэг их далай гэх мэтийн ярианд хэрэглэдэг “Нэг” гэсэн үгтэй адил болно. (орчуулагч).


[←18]
Энэ нь Англи үг. Монголоор “Би” гэсэн үг (орчуулагч).


[←19]
Энэ нь англи хэлэнд биет нэр үгний өмнө орж явах гишүүн юм (орчуулагч).


[←20]
Энэ нь англи үг. Монголоор мод хэмээсэн үг буй (орчуулагч).


[←21]
Энэ нь англи үг. Монголоор дайруулан (нэвт) хэмээсэн үг болно (орчуулагч).


[←22]
Энэ нь англи үг, Дэлхийн бөмбөрцгийн гурван зуун жаран хоногийн хуваарийг хэлжээ (орчуулагч).


[←23]
Энэ нь англи үг. Монголоор арван гуравдугаар хэмээсэн үг буюу (орчуулагч).


[←24]
Энэ нь англи үг. Монголоор ЦАЙЗ хэмээсэн үг болно (орчуулагч).


Вы прочитали 1 текст из Монгольский литературы.
  • Части
  • Алтан Цох - 1
    Общее количество слов 4602
    Общее количество уникальных слов составляет 1764
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Алтан Цох - 2
    Общее количество слов 4694
    Общее количество уникальных слов составляет 1692
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Алтан Цох - 3
    Общее количество слов 3488
    Общее количество уникальных слов составляет 1325
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов