Latin

Африкийн Ногоон Толгод - 10

Общее количество слов 4378
Общее количество уникальных слов составляет 2055
0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
Тэр өдөр бороо орсон гэж өвгөн хэлэв. Тэднийг өглөө гарахад ус ширэнгэн гүүр дээгүүр халиагүй байсан гэнэ. Миний урам хугарах тийшээ хандав. Зөргөөр нь хүдүү явж байсан ширэнгэт, үзэсгэлэнт аглаг нутагт нэвтэрч ирээд энэхэн горхины эрэг дээр хэн нэгний тариан талбайд тулаад зогсох нь энэ. Тариан талбайтай учирна гэж бодоогүй болохоор дургүй бүр хүрэв. Шишийн талбайгаар гарах зөвшөөрөл олж болно, тэгвэл горхийг гаталж цаад эрэг өөд нь гарах хэрэг гэж бодоод усны ёроол ямар болохыг мэдэхээр шийдэж хөл нүцгэлж горхиор гарч үзвэй. Усны ёроолд налсан бут болон унасан моднууд байх тул хурд ихтэй дайрвал гараад явчих юм гэж итгэв. М’Кола, Камо хоёр болно гэж үзсэнд цаад эргийн ямар болохыг үзэхээр очив. Нялцгай, зөөлөн хөрстэй боловч доороо хатуу байлаа. Хожуул дундуур нэвтэрч чадвал цаашаа суулаа ч гэсэн ухаад гарч болох юм гэсэн санаа төрөв. Гагцхүү ачаагаа буулгаж байж гарах хэрэгтэй.
Овоохойнуудын зүгээс хүүхэд дагуулсан хоёр хүн айсуй харагдав. Тэднийг хүрэлцэн ирэхэд би «Жамбо» гэж амрыг нь эрэв. Тэд «Жамбо» гэж хариу мэндчилээд өвгөн, Уандеробо хоёртой яриа үүсгэлээ. М’Кола миний зүг толгой дохив. Ганц ч үг ойлгохгүй ажээ. Тариан талбайгаар гарах зөвшөөрөл гуйж байгаа биз гэж би бодов. Нөгөө хоёр өвгөнтэй ярьж гүйцээд над руу ирж гар барив.
Тэд хэд миний мэддэг негрүүдээс шал өөр төрлийн хүмүүс байлаа. Царай нь цайвар бор, ахимагдуу нь тавь эргэм насны уруул нимгэн, бараг грек хамартай, төвгөрдүү шанаа, сэргэлэн том нүдтэй ажээ. туйлын намбатай, төвшний дээр ухаантай шинжийн хүн аж. Арай залуувтар нь мөн тиймэрхүү төрхтэй тул дүү нь байх гэж таав. Гучин тав эргэм насны болов уу гэмээр харагдах аж. Хөвгүүн, охин юм шиг гоолиг, халирхай, томоогүй аж. Ирж явахыг нь хараад би охин гэж санасан билээ. Тэр гурав цардаагүй, ромын тогархуу эд мөрөндөө эгэлдрэглэсэн учир хөвгүүний бие байдал харан даруй танигдсангүй.
Хамт яваа өвгөнөө тэдэнтэй ярьж байгааг нь ажиглавал эл тариалангийн эзэнтэй адил төстэй зүйл царайд нь байх шиг санагдав. Уандеробо массай ч гэсэн түрүүхэн учирсан гоолиг массайчуудын дүй муутай шог зураг шиг санагдаж билээ.
Тэгээд горхи руу очицгоож Камо бид хоёр дугуйнуудаа олсоор хүлж, Ахмад «Ром» болон бусад хүмүүс ачаа буулгаж хүнд нэгүүдийг нь эгц эрэг дээр авчирцгаав. Усыг нь ярагдтал хар хурдаараа зүтгүүлж горхины цаад эрэг өөд гардгийнхаа даваан дээр сууж орхив. Хүрзээр ухаж байж, машинаа эрэг дээр гаргавал эрдэнэ шишийн талбайд тулж очих ажээ. Тэндээс цааш хаачихаа мэдэхээ болив.
— Одоо яах бил ээ? гэж би Ахмад «Ромоос» асуув. Тэд Гаррикийн орчуулсныг эс ойлгосонд өвгөн тодруулж өгөв.
Тэр зүүхэнтэй модны захад байгаа унанги ширэнгэн болхи хашааны зүг заав.
— Машин тэр хүрч чадахгүй.
— Кампи гэж М’Кола тэнд хуарагная гэж байгаагаа илэрхийлэв.
— Чөтгөр шүглэсэн газар гэж би дургүйцэв.
— Кампи гэж М’Колаг шийдвэр төгс хэлсэнд бүгд толгой дохив.
— Кампи! Кампи! гэж өвгөн уриалав.
— Тэнд хуарагнацгаана гэж Гаррик сүржигнэн зарлав.
— Чөтгөр лүү тонил чn гэж би хөгжөөнтэй хэлэв.
«Ромтой» цуг, хуарагнах газраар явахад тэр огт мэдэхгүй хэлээр яриа хөврүүлсээр байв. М’Кола надтай цуг явж бусад нь ачаагаа дахин ачnж, харгалзаж байлаа. Хачиг буюу бусад хортноос болж орхигдсон нутгийн хүмүүсийн байранд хуарагнаж болохгүй гэж нэг номоос уншсан минь санаанд орж тэнд хуарагнахаас татгалзъя гэж шийдсэн билээ. Унанги ширэнгэн хашааны цоорхойгоор орвол дүнз, ширэнгэ зоож мөчрөөр торлож хийсэн хорго байлаа. «Ром» гараа сарвалзуулан ярьсаар хорго болон хашааг бидэнд онгойлгож өгөв.
— Нохой бөөс гэж би сүрхий дургүйцэн М’Колад шуалигаар хэлэх нь ээ:
— Байхгүй. Нохой бөөс байхгүй гэж тэр миний санааг шууд няцаав.
— Нохой бөөс муу. Олон байгаа. Өвчин гэсэнд,
— Нохой бөөс байхгүй гэж тэр түвдэхгүй хэлэв.
Нохой бөөс үгүйсгэгчид дийлж, би ам хамхилгүй ярьсаар буй «Ромд» зарим гол ажлынхаа талаар нэлээд найдлага тавив. Машин ирж хашаанаас тавиад ярд зайтай том модны ёроолд зогсож хүмүүс хуарагнахад хэрэгтэй юмсаа авч ирцгээлээ. Миний майхныг тахианы хоргоны нэг талд хоёр модны хооронд босгосон бөгөөд би бензиний лааз дээр сандайлж суугаад «Ром», өвгөн, Гаррик гуравтай, хэрхэн гөрөөлөхөө ярилцаж, Камо, М’Кола хоёр хуарангаа төвхнүүлж, Уандеробо-массай амаа ангайн өрөөсөн хөл дээрээ зогсож байлаа.
— Хүдүү хаана байв?
— Тэр хойгуур гэж «Ром» гараар дохив.
— Том юм уу?
Эврийн уртыг төсөөлөх гэж «Ром» гараа алдлаад үг урсгаж гарав.
Би толь бичиг нухаж байж
— Нөгөө таны мөрдсөн хүдүү хаана вэ? гэв.
Энэ маань огт нэмэр болсонгүй. Ром дуржигнаж ярианы нь өнгөнөөс бид цөмийг нь мөрдөж байгаа гэх утгатай юм хэллээ гэж би ойлгов.
Үд хэвийсэн агаад тэнгэр бөөн бөөн нэвсгэр үүлтэй байлаа. Би бэлхүүсээ хүртэл норж, оймс заваарч гүйцсэн байв. Машин түрэлцэж, мод цавчилцсанаас бас сүрхий хөлөрсөн билээ.
— Хэзээ хөдлөх вэ? гэж намайг асуутал Гаррик:
— Маргааш гэж Ромыг дугарахын хооронд өлгөж авав.
— Үгүй. Энэ үдэш хөдөлнө гэж би хэлэв.
— Маргааш. Орой боллоо. Ганц цаг болоод харанхуй болно гэж Гаррик ач тач хариулав.
Ганц цаг гэдгээ тэр миний цаг дээр зааж үзүүлэв.
Би тольдож байж
— Үдэш гөрөөлнө. Сүүлчийн цаг сайн цаг байдаг юм гэв.
— Хүдүү хол байгаа гэж тэр бас шалтаг заав. Хүдүү байгаа газар хүрээд буцаж ирж амжихгүй гэж тэр дохиогоор хэлээд «Маргааш» гэв.
— Муу шаар гэж би англиар хэлэв.
Энэ хооронд «Ром» өвгөн хоёр таг чиг зогсоцгоож байлаа. Миний бие жихүүцэв. Борооны дараа агаар бүгчим байсан авч нар үүлний цаагуур ороход сэрүү татаж байлаа.
— Өвгөн гэж би дуудав.
— Жаа, эзэнтээн, гэж өвгөнийг хэлэхэд би хичээнгүйлэн тольдож байж:
— Энэ үдэш хүдүүнд явъя. Сүүлчийн ганц цаг сайн байдаг юм. Хүдүү ойр бий юу? гэв.
— Байж болох юм.
— Агнавал яана?
Тэд яриа хөөрөө болцгоов.
— Маргааш агнана гэж Гаррик хөндлөнгөөс оролцов.
— Жүжигчин минь амаа хамхи! гэж түүнд хэлээд би, — Өвгөөн, одоо жаалхан гөрөөлбөл яасан юм бэ? гэв.
— Тэгье гэж өвгөнийг зөвшөөрсөнд «Ром» толгой дохиж
— Жаалхан азнаад гэв.
— Сайн байна гэж хэлээд би дотуур гадуур цамц, хос оймсоо авахаар оров.
— Ингээд гөрөөлье гэж М’Колад хэлсэнд тэр:
— Тэгье. М’Узури гэв.
Хуурай цамц, шинэ оймс, мөн гутал сольж өмсөөд, бие хөнгөрөн «Ромын» ирэхийг хүлээж бензиний лааз дээр сандайлан виски ууж суулаа. Хүдүү буудна гэж лавтай итгэн хөдлөхийн өмнөх энэ мөчид уурлахгүй байхыг хичээж байсан билээ. Мөн салхинд цохиулж ханиад авчихгүйг хичээв. Сайхан амтанд нь, сэтгэлийн жаргал эдлүүлдэг, биед тэнхээ нэмдэгт нь болоод бас виски уумаар байсан билээ.
«Ром» айсуй харагдахад гутлынхаа цахилгааныг товчилж, спрингфильдийнхээ дайзтай сумыг шалгаад холын дуран харааг сольж ойрынхоор шагайж үзэв. Тэгээд лаазны дэргэд үлдээсэн цагаан аягатай вискигээ авч уучхаад босож цамцны халаасанд хос алчуур хийсэн эсэхээ шалгав.
М’Кола хутга, Өвгөний том дуран хоёрыг зүүсэн ирэв.
— Чи үлд гэж би Гаррикт хэлэв.
Тэр ч татгалзсангүй. Бидний ийм орой гөрөөнд гарч байгааг тэнэг хэрэг хэмээн үзэж буруудахыг минь үзэхийг хүсэх бололтой. Уандеробо хамт явъя гэв.
— Одоо болно гэж хэлээд би эргэж өвгөний зүг гараараа дэвээд малын хашаанаас хөдлөв. Жад барьсан «Ром» түрүүлж араас нь би, миний араас гүйцэд сумтай Менлихер, дурантай М’Кола, хамгийн сүүлд жад барьсан Уандеробо массай орж цувралдацгаав.
Цаг тав өнгөрч байхад бид шишийн талбайгаар гарч, нөгөө далангаас зуун ярд хэртэй дээгүүр, өндөр ургасан ногоо бүхий горхины нарийн газраар гарав. Тэртээд нь байгаа ногоотой эргээр бүслэхээр татсан чийгтэй өвс, хөвд дунд умбан яарч сандрахгүй, хянуур алхацгаав. Хөдөлсөөр арван минут ч болоогүй горхины эрэг даган сэрэмжтэй алхаж явтал «Ром» үг дугаралгүй гараас минь доош угзарчхаад хэвтэн тусах нь тэр. Би хэвтэнгүүт замгаа татаж хоолойд сум хийлээ. «Ром» амьсгаагаа барин горхины дээгүүр хуруугаараа нэг юм руу заах ажээ. Тэр зүг харвал горхины цаадах модны хаяанд их биедээ цагаан судалтай асар том хоёр эвэр нь ар тийш гэдийсэн орог саарал амьтан чимээ чагнах бололтой толгойгоо бидний зүг эргүүлчихсэн, хөндөлдөөд зогсож байх нь тэр ээ. Буугаа өргөн шагайх гэтэл замд нь бут тороод болохгүй байв. Хэвтээ чигээрээ бут давуулж буудъя гэвэл бүтэхгүй хэрэг ажээ.
— Пига гэж. М’Кола шивнэв.
Мөлхөж бутны урд талд гаръя гэж дохиогоор хэлээд ингэж тухлах гэсээр байтал давхиад явчих вий гэж үхтэл айснаа «цагаа олоорой» гэж Өвгөний захисныг санав. Бутны урд гарваас торох саад нэгэнт үгүй болсонд өрөөсөн өвдгөө гозойлгож суугаад дуран хараагаар шагайвал том гэдэг нь яахын аргагүй амьтан байх бөгөөд за нэг их хичээгээд яах вэ, сурсан заншлаараа л буудъя гэж шийдээд улаан суганд нь бариад л атгаж орхив. Буу ч тасхийж, нөгөөдөх ч огло харайгаад мод руу оров. Онолоо гэдэгт би эс эргэлзэв. Орог саарал бие нь модны завсраар зурсхийх үед дахин нэг буудаж М’Кола «Пига! Пига. Онолоо! Онолоо!» гэж хашхирав. Тэгтэл ч «Ром» мөрөн дээр минь нэг алгадчихаад тогагаа шилэн дээрээ хаяж, чармаа нүцгэн болж аваад түрүүлэн ухасхийж бид дөрөв тайга ноход шиг хар хурдаар жирийсээр горхийг шал палхийлгэн туулж цаад эрэг дээр нь гарч ирцгээв. Нүцгэн Ром бидний өмнө ширэнгэн дундуур чавхдаж явснаа тонгосхийгээд тодхон улаан цустай навч тастаж, ар тийш над руу сарвайвал М’Кола «Даму! Даму! (Цус! Цус!)» гэж баясав. Хурц туурайгаар ухагдаж гарсан мөр даган бараг харанхуй ширэнгэн дундуур чавхдацгааж агшин зуур мөрөө алдан баруун тийш эргэн дахин цус олтол Ром чичгэнэж ирээд гараас мөн угзарч хоёул амьсгаа хураан урагш харах нь ээ зуун ярд хэр зайтай ширэнгийн чөлөөнд дэлбэгэр чих, гайхамшгийн сайхан эвэр, цагаан судалтай орог саарал нүсэр амьтан цааш зүгтэй толгойгоо арагш эргүүлэн над руу хараад зогсож байх нь тэр. Харанхуй болох гэж байгаа тул энэ удаа нам унагах хэрэгтэй гэж цэгцрээд амьсгаагаа хурааж араас нь улаан сугыг нь бариад буудаж орхив. Сум тусах дуулдаж буун дуунаар нөгөөдөх хүнд гэгч огло харайн давхив. М’Кола «Пига! Пига! Пига!» гэж хашхиран нөгөөдхийг далд ороход хойноос нь бид ноход шиг жирийн явснаа нэг юм дамналдаж золтой л тээглэж ойчицгоосонгүй. Тэгэх нь ээ мушгирч сэртийсэн мундаг том эвэртэй цэлгэр сайхан, нүсэр хүдүү гур хажуугаараа тэрийгээд хэвтэж байх нь тэр. Үнэмшихэд бэрх нэг зүйл гэвэл эл гур сая миний буудсан газраас тавхан ярд зайтай хэвтэж байх ажээ. Урт нарийн хөл, цагаан судалтай жигд орог нүсэр бие, заан соёо шиг шовх үзүүртэй мушгирч сэртийсэн хар хүрэн эвэр, том чих, сэгсгэр сонин дэл бүхий хүзүү, нүдний нь хоорондох цагаан сар, цагаан хоншоор сэлтийг нь шохоорхон ажиж зүүд хүдүү хоёрын алин болохыг магадлах гэж тонгойн барилж үзэв. Сум орсон талаа дарж хэвтсэн бөгөөд, сум гарсан газаргүй, ногоо идсэн үхрийн амьсгаа, борооны дараах модны үнэр шиг тааламжтай сайхан үнэр сэнгэнүүлэх ажээ.


Тэгтэл «Ром» хүзүүгээр минь тэвэрч, М’Кола хачин нарийн хоолойгоор дуу аялж Уандеробо-массай мөрөн дээр алгадаж, тэр гурав дэвхцэх бөгөөд нэг нэгээрээ над дээр ирж огт мэдэхгүй хачин заншлаар гар барилцацгаав. Ингэхдээ тэд харцаа цог шиг хурцатган нүд рүү эгц ширтэн байж эрхий хуруу атгаж сэгсэрч тавиад, бас дахин атгаж сэгсэрч тавих ажээ.
Бид олзоо ширтэцгээн, М’Кола сөхрөн эврийн нь мушгиануудыг тоолж, сэрийлтийг нь алдалж хэмжээд «ооо-ёёё-ёёё» хэмээн догдолсон нарийн хоолойгоор дугарч дэл хоншоорыг нь илбэж таалав. Би «Ромын» нурууг алгадаж дахин эрхий барилцацгаав. Би ч бас тэдний эрхийг дугтарсан билээ. Би Уандеробо-массайг тэвэрсэнд хуруу хүчтэй атгаж, сэтгэл нь догдолсон тэр цээжээ алгадан
— Уандеробо-массай гайхамшигтай газарч гэв.
— Уандеробо-массай гайхамшигтай массай гэж би хэлэв.
М’Кола хүдүүг ажин толгой сэгсрээд хачин нарийн дуу гаргав. Тэгээд «Доуми, Доуми, Доуми! Б'вана Кабор Кидого, Кидого» гэв. Энэ нь «Гурын дээд гур, Карлын алдаг жижигхэн, энэний дэргэд юу ч биш» гэсэн утгатай билээ.
Өөр хүдүү ташаарч алсан, эхлээд буудсан тэр хүдүү эдүгээ нэгтэй үхсэн хэвтээг цөм мэдэж байсан бөгөөд гэвч энэ гайхамшгийн амьтныг үзээд түүнийг нэг их чухалд бодоцгоохгүй байлаа. Гэхдээ би түүнийг олж үзэхийг хүсэж байв.
— Нөгөө хүдүүн дээр очъё гэж би уриалав.
— Үхсэн. Куфа гэж М’Кола хэлэв.
— Явцгаая.
— Энэ нь дээр.
— Явцгаая.
— Хэмжье гэж М’Кола учирлав. Эвхдэг ган метр гарган эврийн нь мушгиаг хэмжив. Эвэр нь тавин ямх илүү байлаа. М’Кола над руу тайван биш харав.
— Том! Том! Б’вана Каборынхоос хоёр дахин том гэж би хэлэв.
— Еёё-ёёё гэж тэр шүүрс алдав. «Ром» нэгэнт алхаж байлаа. Анхны гурыг буудсан газар очвол ухасхийсэн газрын нь бутны өндөр навчис дээр цус олгойдсон байлаа. Зуун ярд мөрдөхөд гур үхсэн хэвтлээ. Саяныхаас томгүй ажээ. Эвэр нь уртаараа адил боловч нарийн, гэвч цэвэрхэн бөгөөд гур бут налж ойчсон байлаа.
Бид дахин гар барилцаад дээд зэргээр баяр талархал илэрхийлэх арга бололтой хуруу дугтралаа мөн үйлдэцгээв.
— Энэ бол «аскари» бие хамгаалагч гэж М’Кола тайлбарлав. Жижиг нь томынхоо бие хамгаалагч буюу толгойн сэргийлэх нь байжээ. Бид анхныхыг харах үед том нь хамт явснаа ширэнгэн дотор үлдэж багыгаа яагаад хоцров гэж эргэж харж байснаас зайлахгүй.
Би зураг авахаар шийдэж «Графлекс» кино аппарат, гэрэл авчруулахаар М'Колаг «Ромтой» хамт хуаран өөд илгээв. Хуарангийн талд нэлээн дээр горхинд ойр байгаагаа ухаарч «Ром» зам дөтлөн нар жаргахаас өмнө ирнэ гэж би найдаж байлаа.
Тэр хоёр явж шингэх гэж байгаа нар үүлний хаяагаар цухуйн хурц гэрлээ гялалзуулсаар өдөр дуусаж байх энэ зуур Уандеробо-массай бид хоёр хүдүүгээ шинжин хоёр эврийг нь хэмжиж, гоё үнэрээр нь амьсгалж, хоншоор, хүзүү далыг нь илж, том хоёр чих, чилгэр, цэмцгэр арьсыг нь атгаж сэвс сэвсхийтэл алхдаг уртлаг, зууван хөнгөн дөрвөн туурайг нь сонжиж, улаан сугаар нь орсон сумны нүхийг харж би Уандеробо-массайтай дахин гар барьж, тэр биеэ магтан би тэрийг сайн нөхрөө гэж үзэж явах болно гээд дөрвөн салаа чамин тонгоргоо тэрүүнд бэлэглэж жаргалын дээдээ эдэлцгээсэн билээ.
— Уандеробо-массай, эхний гур луу очъё гэсэнд Уандеробо-массай учрыг зөв ойлгон бид хоёр том гурын хэвтэж байгаа ширэнгийн цоорхойн зах руу буцав. Хоёул тойрч шинжээд би цээжийг нь өргөж Уандеробо-массай гараа доогуур нь явуулж сумны нүх олон хуруугаа хийв. Тэгээд цус духандаа түрхээд:
— Уандеробо-массай гайхамшигтай газарч! гэж урт үг хэлэхэд нь би:
— Уандеробо-массай гайхамшигтай газарч! Уандеробо-массай миний нөхөр гэв.
Би хөлс ихтэй байсан тул М’Колагийн авч явсан цувыг өмсөж захыг нь босгов. Нар харан, аппарат ирэхээс өмнө далд орчих вий гэж айж байлаа. Удалгүй нөгөөдүүл ширэнгэн дундуур ирж яваа дуулдсанд би байгаа газраа мэдэгдэх гэж чимээ өгөв. М’Колаг хариу дуугарсанд бид хоёр хэд хэд хашхираад шингэж буй нарыг сэтгэл зовнин ширтэж байх зуур нөгөөдүүл тас нясхийлгэн ширэнгэн дундуур дүнгэр дүнгэр ярилцсаар бидэн рүү ирж яваа нь мэдэгдэв. Тэдний бараа харагдмагц би нарны зүг хуруугаар зааж «Гүйгээд! Гүйгээд!» гэж М’Колад хашхирсан авч тэд гүйсэнгүй. Тэд дөтийг бодон толгой давж ширэнгэн дундуур чигээр зүтгэжээ. Аппаратаа авангуут дуранг нь сайтар нээн модны ойрхон нарны гэрэлд гурынхаа зургийг авахаар шагайлаа. Хэдэн арав дараад илүү гэрэлтэй газар луу чирцгээж байх зуур кино зураг авч, нар ч жаргаж сэтгэл бялхам баяртай, харанхуйд ялалтын хариуцлагаас бүрэн ангижирч аппаратаа гэрт нь хийгээд толгойг авахдаа, шилний нь арьсыг эвдүүзэй гэж М’Колад товч заав. М’Кола хутгаар чадамгай ажиллаж, би толгой өвчихийг нь шохоорхов. Бүрэнхий ч болж, би эхлэх газар, урд хөлүүдийг нь ярж, аймхайгаар нь дайруулж нийлүүлээд буцааж өвчүү дээгүүр гаргахыг зааварлаад цаашид байлцаж чадаагүй билээ. Учир юун гэвэл анхны гурыг дурсаж явахыг хүссэн юм. Энэ нутагт надад анх харагдсан нь тэр билээ. Тэгээд би бүрэнхийд түүн дээр ирж, гялба гэрэл авчрахыг хүлээж суухдаа амьтан алж, алснаа өвчиж, эсвэл өвчихийг хөндлөнгөөс харж явсан боловч бүгд анх амьд харагдсан тэр янзаараа дурсагддагийг санав. Өвчихийг харахгүй байгаа нь залхуурч тавагтай хоолоо өглөө болтол хойш тавьсан хэрэг шиг санагдаж М’Колаг хоёр дахь гурыг өвчихөд нь гэрэл тусган ядарсан боловч урьдын адил түргэн, цэвэр нямбай өвчихийг нь харан баясаж, шил гаргаж хүзүүг нь нугалаад эврээс ганхуулан татаж толгойг шил юутай нь хүзүүнээс бүрэн салгасанд хиртэй хаки, улаан гар дээр нь тусаж байгаа чийдэнгийн гэрэлд урт нойтон шил унжиж ирэв. Уандеробо-массай, Гаррик, «Ром», түүний дүү дөрвийг гураа өвчиж дуусаад махыг нь янзал гэж дэнлүүтэй орхиод М’Кола, өвгөн хоёр тус бүр толгой, би чийдэн, хоёр буу авч харанхуйн дундуур хуарангаа зүглэв.
Харанхуйд өвгөн бүдэрч унасанд М’Кола инээв. Үүрч явсан толгойны шил нүүрийг нь таглаж өвгөн бүтэж үхэх шахсанд М’Кола бид хоёр хөхрөлдөв. Өвгөн ч бас өөрөө инээв. Удалгүй М’Кола таварцаглаж өвгөн бид хоёр хөхрөлдөв. Жаалхан цаашлаад намайг, амьтны малтсан нүхэнд нүүрээрээ шааж ойчиход М’Кола жиг, жиг гэж, өвгөн гийг, гийг гэж байх нь дуулдсан билээ.
— Юу гэгчийн золиг вэ? Чаплины жүжгийг тоглох нь энэ үү? гэж би тэр хоёроос англиар асуув. Мань хоёр толгой үүрээстэй инээлдэж байлаа. Ширэнгэн дундуур мунгинасаар явж хашаанд нэг юм хүрч ирэхэд хуарангийн гал харагдаж өвгөн цоорхойгоор орох гэтлээ бүдэрч ойчиж хараал тавьсаар толгойгоо арай ядан өндийлгөж, намайг чийдэн асааж замыг нь гэрэлтүүлж өгөхөд М’Колагийн бах тав ганц ханаж байх шиг санагдав.
Галын дэргэд ирээд өвгөний царайг харах нь ээ хаалганы шон мөргөж нүүрээ шалбалснаас цус гарч байлаа. М’Кола авч явсан толгойг газар тавиад өвгөний нүүрийг хараад толгой сэгсрэн инээлээ. Өвгөн бүр больчихсон, нүүр нь шалбарч цус, шороо болчихсон байв ч инээхчээ аядах ажээ.
— Б'вана ойчсон гээд М’Кола миний унасныг дуурайн уналаа. Тэр хоёр жиг жиг хийлцэв. Би тэдний зүг ширэв татаад «Шензи!» гэв. М’Кола миний ойчсоныг дахин элэглэж, Камо толгой сэгсрэн маш эелдэг, ихэд хүндэтгэсэн байдалтай
— Сайн байна, Б’вана! Маш сайн, Б’вана! гэж хэлээд толгойнуудын дэргэд очиж сөхрөөд хоёр нүд нь гэрэлтэн том болж, эвэр чихнүүдийг нь илбэн М’Кола адил «ооо-ёёё-ёёё» гэв.
Би дэнлүүгээ нөгөөдүүлд орхисон тул майханд харанхуй, орж гараа угаагаад чийгтэй хувцаснуудаа тайлж тэмтчиж байж үүргэвчнээсээ гэрийн хувцас, биеийн алчуур сэлтээ авав. Гэрийн хувцас, шумуулын гутал сэлтээ өмсөж галын дэргэд ирлээ. Чийгтэй хувцаснуудаа галын захаар тавьсанд Камо тэднийг дор бүр нь модонд өлгөж, гутлыг тус бүр нэжгээд модонд углаж голомтоос хол түлэгдэхээргүй газар тавив.
Би галын гэрэлд модны ёроолд бензиний лааз дээр сандайлж суувал Камо ташмагтай виски авчирч аягалж өгсөнд би савтай уснаас нэмж, бодож шаналах юмгүй, дүүрэн баяртай, гал ширтсээр шимж суухад дотор халаан бие тавируулах нь орондоо ороод үрчийсэн даавууг тэнийлгэдэг шиг санагдаж билээ. Энэ завсар Камо оройн хоол юу идэхийг мэдэх гэж хүнснээсээ юм авчирсан нь гурван лааз битүүний нарийн махан таташ, гурван лааз яргай загас, гурван лааз холимог жимс, шоколадтай боов, битүүний чавгатай жигнэмэг эдгээр байлаа. Би Кати махан татшийг ямар юм гэж санадаг бол гэх бодсоор бүгдийг нь буцаав. Бид чавгатай жигнэмгийг хоёр сарын турш хайсан билээ.
— Мах байна уу? гэж би асуув.
Биднийг хуарангаасаа хорин таван бээр зайтай газар мараагаар гөрөөлж явах үес тал газар өвгөний буудсан сүүлтүүдийн нэгний шарсан урт бэлхнэг, талх авчирч өглөө.
— Пиво бий биз?
Тэр литрийн шилтэй герман пивоны нэгийг авчирч онгойлгов.
Бензиний лааз дээр суухад тохь муутай тул галын захад хатсан газар цуваа дэлгэж, ард байгаа модон хайрцгийг налж, хоёр хөлөө жийж суулаа. Өвгөн мах шорлон шарж байлаа. Өөрөө шилж, тогандаа боож ирсэн мах ажээ. Удалгүй нөгөөдүүл мах, арьс үүрсээр хүрэлцэн ирж, би тэрийж хэвтээд гал руу ширтэн пиво ууж бид мах шаран хүүрнэлдэв. Шөнийн саруулд сэрүү татасхийж шарсан мах, утааны үнэр, уур савсуулж байгаа миний гутлын үнэр, надаас холгүй явган суусан эрхэм Уандеробо-массайн үнэр аль аль нь содон байлаа. Гэвч модон дотор хэвтэж байсан хүдүүний гоё үнэр надад үнэртсээр л байлаа.
Хүн бүр өөрсдийн хувийг нэгмөсөн бөөнөөр нь юм уу, эсвэл жижиглэн шорлоод гал тойрон сууж эргүүлж тойруулан шарж яриа дэлгэцгээх ажээ. Овоохойнуудаас урьд үзээгүй хоёр хүн өдрийн хүүхэдтэй цуг ирсэн байлаа. Би Уандеробо-массайн шорноос шарсан элэг авч үмхээд бөөр нь хаана бол гэж гайхав. Элэгний амттайг хэлээд яах вэ. Би гайхан бөөр нь хаана байна? гэж асуух санаатай толь авах гэтэл М’Кола:
— Пиво авах уу? гэв.
— За яах вэ, тэгье.
Нэг шил пиво авчирсны талыг шарсан элэгний даруулга болгон уув.
— Ёстой жаргалтай амьдрал гэж энийг хэлнэ гэж би М’Колад англиар өгүүлэв.
Тэр инээмсэглэж
— Дахиад пиво уух уу? гэж шуалигаар асуув.
Түүнд англиар хэлсэн минь шогчилсон хэрэг билээ.
— Харж бай гээд, би шилтэйг авч ам руугаа гудран амьсгаа авалгүй бүгдийг нь цааш хийв. Испанид байхдаа дашмагтай дарс амьсгал авалгүй залгилж сурсан миний хуучны мэх билээ. Ингэхийг үзээд «Ром» мэл гайхжээ. Цуван дээр сөхөрч суугаад яриагаа эхэллээ. Их л юм ярив.
— Яриа юу байх вэ. Цаашаа болсон чинь дээр гэж би түүнд англиар хэлэв.
— Дахиад пиво уух уу? гэж М’Кола асуулаа.
— Чи хөгшнийгөө согтоох гээ юу?
— Н! Дио (тийм) гэж англи хэл мэддэг хүн болж хэлэв.
— «Ром» чи харж бай гээд би шилтэйг авч мөн амьсгалгүй залгилахад Ромын хоолой минийхийг даган гүвэлзэж байгааг ажигласаар амьсгаагаа давхцахаар нь шилээ буулгав.
— Гүйцээ. Нэг орой хоёроос илүү ингэж болохгүй. Элгэнд муу юм болно.
«Ром» өөрийн хэлээр яриагаа үргэлжлүүлэв. Тэгтэл «Симба» гэдэг үг дуулдаад явчхав.
— Энд симба бий юу?
— Энд байхгүй, тэнд л гэж харанхуйд гараар дохисон бөгөөд би цаашид олныг сонсож чадсангүй. Гэвч «Симба» гэдэг үг сайхан санагдаж ирлээ.
— Би симба олныг алсан. Симбаг ёстой хяддаг хүн би. М’Колагаас асуу. Би онгирч эхэллээ гэдгээ мэдэвч Өвгөн П. О. М. хоёр байхгүй, дуулахгүйгээс хойш яадаг юм бэ гэж бодлоо. Хүн ойлгохгүй байхад онгирох онц биш, тэгснээс зүгээр байсан нь дээр байдаг. Онгирч байгаа минь яахын ч аргагүй тодорхой, пиво уухдаа хүртэл онгирсон хэрэг байлаа.
— Сонин шүү гэж би «Ромд» хэлэв. Тэр юмаа ярьсаар л байв. Шилний ёроолд жаалхан пиво үлдсэн ажээ.
— Өвгөөн, Мзи гэв.
— Юу вэ, ноёнтоон? гэж өвгөн асуув.
Энэ жаалхныг чамд өгье. Настай хүнд ямар л гэм болов гэж.
Би пиво ууж байхдаа өвгөний нүдийг ажиж миний өрөөсөн байна даа гэж мэдсэн юм. Тэр шилтэйг авч шавхаад шилээ нандигнан барьж шортой мах руугаа бөхийв.
— Дахиад пиво авах уу? гэж М’Кола асуув.
— Дахиад. Бас сумнууд аваад ир.
«Ром» мөн ярьсаар л байв. Тэр Кубын Карлосын ярьдгаас урт намтар ярих бололтой.
— Лут сонин хэрэг боллоо шүү. Чи ч бас шулам шиг эр юм. Би бид хоёр хоёулаа сайн! гэж би түүнд хэлэв. М’Кола бас нэг шил пиво, халаасандаа сумтай хаки хүрэм авчрав. Пивоноосоо жаалхан балгахад өвгөний ширтэж байгаа харагдсан бөгөөд би зургаан ширхэг сум гаргаж тавив. Тэгээд онгирч байна. Тэсэх хэрэгтэй шүү, мэдэв үү! гээд сумнуудаа дараалуулан өрж «Симба, Симба, Фаро, Ниати, Тендалла, Тендалла. Чи юу гэж бодож байна? Үнэмшихгүй л байгаа биз дээ. М’Кола нааш ир!» гээд дахин «Арслан, Арслан, хирс, махь, хүдүү, хүдүү» гэж зургуулыг нэрлэв.
— Аяа гэж «Ром» цочин шагшив.
— Н’Дио. Үнэн шүү гэж М’Кола батлав.
— Ай-яа гээд Ром миний эрхийг атгав.
— Бурхны зарлиг шиг үнэн. Магадлах юмгүй цэвэр үнэн, тийм ээ?
— Н’Дио гэснээ М’Кола, — Симба, Симба, Фаро, Ниати, Тендалла, Тендалла гэж аргагүйн эрхэнд тоочив.
— Бусдыг нь чи ярь. Мөн ч их онгирч байна даа. Өнөө шөнөдөө ингэх нь шиг байна гэж би англиар хэлэв.
«Ром» урт яриагаа дахин үүсгэж би анхааралтай сонсож бас нэг хэрчим шарсан элэг идлээ. М’Кола толгойнуудыг янзлан, өрөөсөн духыг нь өвчөөд хялбар бусдыг нь Камогоор өвчүүлэх гэж зааж өгч байлаа. Нүд, хамар, чихний угийг эвтэйхэн тойруулж өвчөөд дараа нь толгойн арьсыг эсгэлгүй шар махлах гэдэг бол хоёрхон хүнд их ажил бөгөөд мань хоёр галын гэрэлд хичээнгүй, цэвэрхэн ажиллаж байлаа. Эдүгээ би хэзээ орондоо орцгоосон, ер нь орондоо орцгоосон эсэхийг санахгүй байна.
Би толь авч жаал хүүгээс эгчтэй юу гэж асуу гэсэнд М'Кола тун туйлбартай бөгөөд ёслол төгөлдөр «Үгүй үгүй» гэснийг санаж байна.
— Зүгээр л тэгж байхгүй юу. Сонирхож байна.
М’Кола хэлбийхгүй байсан билээ. «Үгүй» гээд тэр толгой сэгсэрсэн. «Хапана» гэж тэр нэгэн удаа шугуйд арслангийн мөр хөөж явахдаа хэлсэнтэйгээ ижил өнгөөр дугарч билээ.
Нийгмийн амьдралд оролцох завшаан тийнхүү хаагдсанд би бөөр сураглав. «Ромын» дүү өөрийнхөө хувиас хэсгийг огтолж өгсөнд би хоёр зүсэм элгэнд хавчиж шорлоод шарж гарав.
— Өглөө идэх сайхан хоол хийнэ ээ. Лаазтай махнаас хамаагүй сайхан хоол хийнэ гэж чанга хэлсэн билээ.
Дараа нь бид сэлмэн эвэртийн тухай удтал ярьсан билээ. Ром түүнийг «тарахалла» гэхгүй, энэ нэрийг тоомсорлохгүй байлаа. Махийн тухайд жаалхан будилцгаасан. «Ром» «Ниати» гэх боловч хар зүстэй болж ирээд махитай адил гээд байлаа. Тэгээд галаас үнс татаж зурцгаасан нь сэлмэн эвэрт болж таарсан болой. Эвэр нь ар тийшээ шууд гэдийж сэрвээгээ хүрдэг ажээ.
— Гур биз?
— Гур ч бий, зүр ч бий.
Өвгөн Гаррик хоёроор орчуулуулалцаж байж хоёр сүрэг байгаа юм байна гэж ойлгосон билээ.
— Маргааш
— Тэгье. Маргааш гэж «Ром» хэлэв.
— Кола, маргааш хүдүү, сэлмэн эвэрт, махь, симба!
— Махь хапана! Симба хапана! гэж тэр толгой сэгсрэв.
— Тэгвэл би Уандеробо-массайтай хамт махь агнана.
— Тэгье, тэгье гэж Уандеробо-массай сэртхийн тосож авав.
— Энэ хавьд мундаг том заан бий гэж Гаррикийг хэлсэнд би:
— Маргааш заан гэж М’Калог цаашлуулбал:
— Заан хапана! гэв. Тэр цаашлуулж байгааг мэдсэн хэр нь тоглоом ч гэсэн энэ тухай дуулах дургүй байлаа.
— Заан, махь, симба, ирвэс.
Уандеробо-массай хөгжин толгой дохиж:
— Хирс! гэж нэмэв.
— Хапана! гээд М’Кола толгой сэгсрэв. Түүний сэтгэл түгшиж эхэлжээ.
Өвгөн сүрхий сандран, босчхоод овоохойнуудын зүг зааж байгаа «Ром»-ын хэлснийг
— Энэ толгодоор махь элбэг гэж орчуулав.
— Хапана! Хапана! Хапана! гэж М’Кола хурц бөгөөд туйлбартай хэлснээ, — Дахиад пиво уух уу? гээд хутгаа газар тавив.
— За, за, би тоглосон юм.
М’Кола хажууд суугаад ямар нэг юм тайлбарлав. Тэр өвгөний нэрийг хэлсэн бөгөөд үзтэл Өвгөн энд байсан бол үүнийг Яавч зөвшөөрөхгүй биз гэж би дотроо бодов.
— Чамайг л цаашлуулсан юм гэж би англиар хэлээд, шуалигаар, — Маргааш сэлмэн эвэрт авлах уу? гэв.
— Тэгье, тэгье гэж тэр элэгсэг дуугаар хэлэв.
Дараа нь «Ром» бид хоёр удтал хүүрнэлдэхдээ би испаниар тэр чухам юугаар ч юм бэ ярьсан бөгөөд би маргааш бүхэл бүтэн зохистой ажил хийхээр төлөвлөлөө гэж итгэсэн билээ.


ХОЁРДУГААР БҮЛЭГ

Тэр шөнө хэрхэн хэвтэж, өглөө нь хэрхэн боссоноо эдүгээ би санахгүй байна. Үүрийн харанхуйд цагаан аягатай цай, үнстэй холилдоод тийм ч таатай биш болсон шортой зууш хоёроо барьчхаад галын захад сууж байснаа л сананам. «Ром» зогсчихсон үүр хаяарч буй зүг дохисоор илтгэж алдаж байсан бөгөөд би шөнөжингөө яриад хоносон шаар биш байгаа даа гэж бодож билээ.
Толгойнуудын арьсыг тэнийлгэж сайтар давсалж эвэртэй гавлуудыг дүнз болон модон байшин түшүүлж тавьсан санжээ. М’Кола толгойн арьснуудыг эвхэж байлаа. Камо лаазтай хүнснээс авчирсанд би жимстэй нэгийг онгойлго гэв. Хөрж хоносон холимог жимс, хүйтэн шүүс хоёр сэрүү татуулаад аятайхан орж байлаа. Дахиж нэг аяга цай уугаад майхандаа орж хувцаслаад хуурай гутал өмсөж хөдлөхөд бэлэн боллоо. Үдийн хоолноос өмнө ирцгээнэ гэж «Ром» хэлж билээ.
Бид «Ромын» дүүг газарчаар авч явлаа. «Ром» өөрөө миний хүрч чадах ойр газраар сэлмэн эвэртийн сүрэг хайн нөгөө сүргийг нь бид хайхаар болцгоосон юм. Дүү нь тога өмсөж, жад барин тэргүүлж араас нь би мөрөндөө спрингфильдтэй, халаасандаа жижиг Цейс аппараттай, миний араас М’Кола нэг мөрөндөө Өвгөний том дуран, нөгөөдөө лаазтай ус зүүж, халаасандаа өвчих хутга, балгууш, илүү хайрцаг сум, шоколадтай боов, мөрөн дээгүүрээ том буу дамнуулчихсан, сүүлд Уандеробо-массай жад барьж нум саадаг агссан ийнхүү бид цувралдан анд гарав.
«Ромтой» салах ёс гүйцэтгээд хашаанаас гарч явахад хоёр толгойн хоорондох ониор нар цухуйж тариан талбай, овоохойнууд, алсад цэнхэрлэх толгодыг гийгүүлэв. Тунгалаг сайхан өдөр болох төлөвтэй байлаа.
Дүү нь биднийг тэргүүлэн хүн далд орох битүү ширэнгэн дундуур нэвтэрч цааш бид сийрэг ойгоор өнгөрч хуаран байгаа хавтгайн захаас дээш сүндэрлэсэн хяр өөд авирцгаалаа. Тэндээсээ бартаагүй дардан жимээр нар хараахан тусаагүй байгаа толгодын зүг буув. Би нойрмогдуухан, хөл солбисхийн өглөө эртийн сайханд баясан хүн болгон тайван болгоомжтой алхаж байх шиг санагдавч дэндүү олуул явна даа гэж бодож эхэлтэл өөдөөс хоёр хүн айсуй харагдлаа.
«Ром» шиг галбиртай болж ирээд арай буурь муутай, тога өмсөж нум саадаг агссан нуруу өндөр аятайхан эр, ард нь яваа гэргий нь болох маш хөөрхөн, маш даруу, эхнэр хүний намба бүрэн төгс, хүрэн өнгийн нимгэн хувцастан, хүзүүндээ зэс цагариг, бугуй шагайндаа олон төмөр цагариг гоёлтой бүсгүй хоёр байлаа. Бид зогсож «Жамбо» гэж мэндчилээд, «Ромын» дүү, хот дахь контор луугаа явж буй албаны хүний төрхтэй овгийнхоо тэр хүнтэй ярилцаж хурдан хурдан асууж хариулж байх завсар би жишүүдүүхэн зогсож байгаа шинэхэн бэрийн шинжтэй тэр эхнэрийг ажиж жүрж шиг шовгор хөөрхөн хоёр хөх, цэвэрхэн урт хоёр хар хөл, уран голшиг биед нь шохоорхон нөхөр нь түүнд хандтал ширтэв. Нөхөр нь огцом цочир нэг үг хэлснээ намуухан учирлан захирах өнгөөр ярьсанд тэр доош харан биднийг тойрч бидний ирсэн замаар ганцаараа ороход цөм хойноос нь харсаар хоцров. Нөхөр нь бидэнтэй цуг явах гэж байх шиг санагдав. энэ өглөө хоёр сэлмэн эвэрт харсан ажээ. Гэвч далд орж яваа эхнэрийн дээд эхнэрээ орхисондоо, бид эхнэрийг нь нүд салгалгүй ширтсэнд зэвүүцэсхийн баруунаа одох бартаагүй, тодоос тод зөргөөр биднийг дагуулан ой дундуур замнав. Тэр ой манай нутгийн ойтой адилхан бөгөөд ийм газраас шотланд цорхируу сүргээрээ дэрхийн нисэж өөр толгод буюу тал руу оддог сон гэж бодож явлаа.
Вы прочитали 1 текст из Монгольский литературы.
Следующий - Африкийн Ногоон Толгод - 11
  • Части
  • Африкийн Ногоон Толгод - 01
    Общее количество слов 4549
    Общее количество уникальных слов составляет 1967
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Африкийн Ногоон Толгод - 02
    Общее количество слов 4491
    Общее количество уникальных слов составляет 2008
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Африкийн Ногоон Толгод - 03
    Общее количество слов 4255
    Общее количество уникальных слов составляет 2007
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Африкийн Ногоон Толгод - 04
    Общее количество слов 4525
    Общее количество уникальных слов составляет 1971
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Африкийн Ногоон Толгод - 05
    Общее количество слов 4618
    Общее количество уникальных слов составляет 1953
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Африкийн Ногоон Толгод - 06
    Общее количество слов 4507
    Общее количество уникальных слов составляет 2100
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Африкийн Ногоон Толгод - 07
    Общее количество слов 4439
    Общее количество уникальных слов составляет 2048
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Африкийн Ногоон Толгод - 08
    Общее количество слов 4493
    Общее количество уникальных слов составляет 2059
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Африкийн Ногоон Толгод - 09
    Общее количество слов 4471
    Общее количество уникальных слов составляет 2047
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Африкийн Ногоон Толгод - 10
    Общее количество слов 4378
    Общее количество уникальных слов составляет 2055
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Африкийн Ногоон Толгод - 11
    Общее количество слов 4575
    Общее количество уникальных слов составляет 1888
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Африкийн Ногоон Толгод - 12
    Общее количество слов 4541
    Общее количество уникальных слов составляет 2156
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Африкийн Ногоон Толгод - 13
    Общее количество слов 90
    Общее количество уникальных слов составляет 71
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов