Latin

Чингисийн Хоёр Эр Загалын Тууж Оршив - 2

الفاظ کی کل تعداد ہے 4254
منفرد الفاظ کی کل تعداد ہے 1750
0.0 الفاظ 2000 سب سے عام الفاظ میں ہیں
0.0 الفاظ 5000 سب سے عام الفاظ میں ہیں
0.0 الفاظ 8000 سب سے عام الفاظ میں ہیں
ہر بار فی 1000 سب سے عام الفاظ کے الفاظ کی فیصد کی نمائندگی کرتا ہے۔
ads place
Энэ үеэс үлдсэн зохиолоос “Мандухай хатны домог”, “Убаши хунтайжийн тууж” хоёрыг дурдаж болмуй. Өнгөрсөн нэг мянган жилийн түүхэнд үзвэл бүх монголчууд хоёрхон удаа нэгдэж нэг улс болж байсан юм. Нэг удаа Чингис хаан Монгол улсыг нэгтгэсэн юм. Нөгөө удаа нь арван тавдугаар зууны үед Мандухай хатан нэгтгэсэн юм. Энэ баатар эмэгтэйн Монголын голомтыг сахих зориг төгөлдөр тангаргийн шүлэг байдаг. Убаши хунтайжийн тууж бол баруун, зүүн монголын хоорондын тэмцлээс сэдэв авч бичсэн бяцхан уран зохиол юм.
Монголд чухам хэдийд үүсэж хэдийд дэлгэрсэн нь сайн мэдэгдээгүй хоёр их баатарлаг тууль байдаг. Энэ бол Гэсэр, Жангар хоёр юм. “Гэсэрийн тууж” бол Төвд, Монгол оронд ам ба бичиг хоёр зүйлээр их дэлгэрсэн зохиол юм. Монгол Гэсэрийн эхний долоон бүлэг 1716 онд хэвлэгдэж гарчээ. Энэ үлгэр бол Грекийн Илиада, Одиссея, Энэтхэгийн Махабрататай зэрэгцүүлэн хэлэлцэж болох сайхан үлгэр юм.
“Ядуу доодсын өмөг түшиг болж өндөр язгууртны шилийг дарах”˗аар Хурмаст тэнгэрийн хөвгүүн Гэсэр алтан цээжтэй, мөнгөн бөгстэй шувуу болон тэнгэрээс нисэж ирээд Лин орны нэг өвгөний хүү болон төржээ. Гэсэр багадаа ядуу хөвгүүн байсан боловч хожим их болоод баатар эр болж хаад ноёдтой тэмцэн ялж тус орны хаан болов.
Чингээд гадаадаас халдаж ирсэн мангасыг эгүүлэн хөөхөөр мордоод Гэсэрийг эзгүй байх завсраа Шарайголын гурван хаан Лин оронд халдаж ирээд Гэсэрийн хатан Рогмог булаан авав. Үүнд Лин орны ноён Цотон дайсны талд урваж орон нутгаа Шарайголын харьяат болгов. Гэсэр гадаадын дайсныг дарсны дараа нутагтаа буцаж ирээд урвасан Цотон ноёныг цээрлүүлэн шийтгэж Шарайголын гурван хааныг ялж Рогмо хатнаа буцааж авчирсан ийм явдлыг уран үгээр бичсэн юм.
“Жангарын үлгэр”˗т ард олны сайн сайхныг мөрөөдөх хүсэл тодорч гарсан юм.
Жангарын орон нутаг бол даарах хүйтэнгүй, халах халуунгүй, зовох зовлонгүй ийм орон юм. Энэ оронд хүн төрөх гэж байхаас биш, өтлөх үхэх гэж байдаггүй. Хүн бүр хорин таван нас хүрээд цааш өтлөхгүй тогтож мөнх амьдардаг байна. Гадаадаас халдаж ирсэн дайсныг мангасын дүрээр үзүүлсэн бөгөөд тэр аюулт мангасуудаас Жангар тэргүүтэй баатрууд төрсөн нутгаа арчлан хамгаалж дайснаа дарж дархан цолоо мандуулж байна.
“Жангарын үлгэр”˗т уран зохиолын давруулах аргыг үлэмж хэрэглэсэн юм. Нэг баатрын том аварга биетэйг хэлэхдээ:

Тавлаад суухлаар тавин хоёр хүний зайд суудаг
Тахийгаад суухлаар хорин таван хүний зайд суудаг

гэжээ.
Жангарын алтан торлог байшинг барихад огторгуйд хүргээд баривал арай хэтрэх юм. Огторгуйгаас гагцхан хуруу дутуугаар баръя гэж тогтсон байна.
Жангарын хатныг бичихдээ:
Цаашаа харахад нь цаад далайн зах гэрэлтмээр
Наашаа харахад нь наад далайн зах гэрэлтмээр
Цуснаас улаан хацартай
Цаснаас цагаан санчигтай бөгөөд ерэн нэгэн чавхдастай индэр мөнгөн хуураа аваад татахад нь:
Хулсан дундаа өндөглөсөн хунгийн дуун гараад
Нуур дундаа өндөглөсөн нугасны дуун гараад
Арван хоёр аясаар хангинаад байна

гэж бичжээ.
Монголчууд эртнээс бөө мөргөлийг шүтдэг байлаа. Бөө мөргөлд аман зохиол байхаас гадна нэлээд баялаг бичгийн зохиол байдаг юм. “Галын тахилга”, “Уул усны тахилга”, “Тэнгэрийн тахилга” зэрэг болно. Энэ бол цөм цэцэн үгтэй шүлэг байдгаас гадна үүний зарим нь шажин мөргөлд холбогдол багатай, ардын ерөөл хүслийн зохиол байдаг юм. Жишээ нь, харьсан шувууг буцаж ирэхэд баярлан угтах тахилга байна.
Арван долдугаар зууны үеэс монгол оронд бурханы шажин их дэлгэрээд олон сүм хийд байгуулагдаж, энэ сүм хийдэд олон лам шавилан сууж төвд хэлээр ном үздэг болсон юм. Ингээд төвд хэл бол монгол оронд монгол хэлний адилаар буюу илүүгээр ч хэрэглэгддэг болов. Монголын лам нарын дотроос төвд хэлээр бичдэг эрдэмтэн зохиолч нар нэлээд гарлаа. Монгол лам нар Энэтхэгийн гүн ухааны номд өдий төдий тайлбар бичсэнээс гадна уран зохиолын онол ба уран зохиолыг ч цөөнгүй бичжээ. Эдний дотроос Говийн ноён хутагт Равжаа, Их Хүрээний Хайдав хамба, Зава Дамдин зэргийн зохиолчийг дурдаж болно.
Мөн арван долдугаар зууны үеэс эхлэн төвд хэлээс орчуулсан ном маш үлэмжхэн байна. Арван наймдугаар зууны үед бурханы шажны гол зохиолын их цоморлог Ганжуурын 108 боть, Данжуурын 225 ботийг монголчлон орчуулаад модон бараар хэвлэж гаргасан баймуй. Ганжуурын нэг боть “Үлгэрийн далай”˗д 52 үлгэр багтсан баймуй. Энэ үлгэрүүд их төлөв шажны уран зохиол юм. Жишээ болгож хэлбэл, нэг айлд нэг хүү төрж өсөв. Энэ хүүгийн гар газарт хүрэх бүр нэг алтан зоосыг атгаж ирдэг байна. Энэ хүү нэг өдөрт хэдэн зуун алтан зоосыг газраас авч баялаг болж тэр хөрөнгөөр лам нарыг хүндэлж их буяныг үйлдсэн байна. Яагаад ийм болсон бэ гэвэл энэ хүү урьд насандаа нэг ядуу зарц хүн байсан бөгөөд бүх л насаар айлд зарагдаж байж гагц алтан зоос олсон, түүнийгээ бурхан ламд хайргүй өргөсөн гэнэ.
Тэр буянаар таван зуун төрөлдөө ингэж газраас бэлэн алтан зоосыг авдаг болсон гэнэ. Энэ бол лам нарт юмаа хайргүй өргөж хүндэлж бай хэмээсэн сургаал юм.
Үүнээс гадна “Үлгэрийн далай”˗н дотор Илданди зэргийн ерийн үлгэр бас буй. Мөн ийм шажны номлолын орчуулгын зохиол монгол оронд үлэмжхэн дэлгэрч байсны заримыг дурдваас “Чойжид дагинын тууж”, “Очироор огтлогчийн тус эрдмийг үзүүлсэн тууж”, “Саран хөхөө шувууны тууж” зэрэг болно. “Чойжид дагинын тууж”˗ ийн дотор хаад ноёдыг хүндэлж байсан хүмүүс хойд насандаа бурханы жаргалант оронд очиж, хаад ноёдыг эсэргүүцсэн хүмүүс хойд насандаа тамд орж зовж байсан гэж бичсэн байна. Энэ зохиол бол хуучны уран зохиол ангийн чанартай байсны нэг гэрч болно. Үүний хажуугаар лам ноёдыг ил далдаар эсэргүүцсэн ардын ангийн чиглэлийн уран зохиол үлэмжхэн байжээ. Ийм чиглэлийн зохиолд "Алтан ордны үйсэн дээрх бичиг", “Өнчин хөвгүүний шастир”, “Гэсэрийн тууж”, “Жангарын үлгэр”, Ишданзанванжилын шүлгүүд, “Хав, муур, хулгана гурвын үлгэр” зэргийг оруулж болмуй. Үүнээс гадна шажны уран зохиолын нөлөөнд бичигдсэн шажны ба иргэний уран зохиолын завсрын хэлхээ болсон туужууд байдаг. Үүний жишээ нь “Цагаан дара эхийн тууж”, “Ногоон дара эхийн тууж” зэрэг болно.
“Цагаан дара эхийн тууж”˗д нэг ядуу хүү их эрдэм сураад хааны шадар түшмэл болдог. Түүний эхнэр нь цэргийн жанжин болоод их гайхамшиг гавьяа байгуулж хааны нутагт халдаж ирсэн их хүчит дайсныг няцаан дарсан баймуй. Энэ баатар эхнэр дайсанд хорлогдож үхээд тамын газар эрлэг хааны хэрэг шийтгэж байхыг үзэж ирээд хуучин биедээ орж амьдарсан явдлыг хэлмүй. Цэргийн жанжин болсон эмэгтэйн явдал нь ерийн иргэний уран зохиол бөгөөд ийм зохиолд тамын орныг оруулсан нь шажны туужийн нөлөө юм.
“Ногоон дара эхийн тууж”˗д бол далан долоон жил бясалгал хийсэн Ногоон дара хатан бурхан тэнгэр нарт залбирсны ачаар нэг хүүтэй болжээ. Гэтэл хүүгээ гэнэт алджээ. Чингээд Ногоон дара хатан орчлон ертөнцийг тойрон удтал эрсэн боловч олохгүй байлаа. Ногоон дара хатан олон жил бясалгал хийж их буянтай болсны хүчээр замд тохиолдсон зовлонт амьтныг зовлонгоос хагацуулсаар явав.
Нэг өдөр огторгуйн мэргэн Цагаан аршаас хүүгээ асуусанд, “Хүүг чинь Шигэмүни (Шигмунь) бурхан аваачаад нууж байх бололтой” гэж айлдав. Чингэхлээр Ногоон дара хатан Шигэмүни бурханы оронд очоод айлын зарц эмэгтэй болж аргал түүж явав. Түүнийг Шигэмүни бурхан мэдээд хүүг нь олон давхар бумбад хийж бодисадва нараар харгалзуулж “Эхэд нь битгий өг” гэж зарлиг болов. Гэвч хүү нь эхийгээ ирснийг мэдээд олон давхар бумбыг хага өшиглөөд гарч эхтэйгээ уулзав.
Шигэмүни бурхан хүүг нь авч нуусан учир бол Ногоон дара хатныг орчлонгийн элдэв орноор тэнүүлж зовлонт амьтныг зовлонгоос хагацуулах хэмээсэн санаа гэнэ.
Бурханы оронд айлын зарц эмэгтэй аргал түүж явна гэдэг хачин хэрэг шүү. Тэгээд Ногоон дара хатан хүүдээ тэнгэрийн дагиныг эхнэр болгон авч өгөөд Замбуутивд ирж амьтныг жаргалантай болгоод тамын оронд очиж түүнийг жаргалангийн цэцэрлэг болгон хувилгасан гэнэ. Тийм учраас тамд зовох амьтан үгүй болж Эрлэг номун хаан хийх ажилгүй болоход хүрсэн байна.
Энэ хачин сонин туужид Шигэмүни бурхан Эрлэг хаан зэргийг шог дүрээр үзүүлээд Ногоон дара хатныг бурхан тэнгэрээс илүү хүчтэй болгосон баймуй. Энэ хоёр “Дара эхийн тууж”˗ийг эрдэмтэн нар төвдөөс орчуулсан зохиол гэдэг боловч чухамдаа Энэтхэг, Хятадын зохиолыг бага сага дуурайлгасан Монголын зохиол гэж үзвэл зохих мэт. Төвд хэлэн дээр энэ хоёр “Дара эхийн тууж”˗тай адил зохиол олдохгүй байна. Арван зургаадугаар зууны үеийн Төвдийн зохиолч Даранатын зохиосон “Дара эхийн тууж” гэж байх боловч монгол “Дара эхийн тууж”˗аас огт өөр бөгөөд Дара эх бурханд залбирсны ачаар хулгай дээрэм, дайн, гал, ус, араатны аюулаас ангижирсан тухай арван хэдэн жижиг өгүүллэг баймуй.
Ер нь Монголын зохиолыг нэлэнхийд нь буюу ихэнхийг орчуулгын зохиол гэж Европын эрдэмтэн нар хэлдэг заншлыг өөрчлөх цаг хэдийн болсон билээ. Эрдэмтэн Лауфер монголын уран зохиолыг “Уламжилж давтах” уран зохиол гэж Монголын уран зохиолын тухай номынхоо төгсгөлийн бүлэгт хэлсэн баймуй. Нарийвчлан хянаваас тэр орчуулж уламжилж давтсан гэдэг зохиолын нэлээд нь жинхэнэ монголын зохиол байна. “Эндүүрэл хааны тууж” гэж шүлэглэсэн зохиол байдаг.
Энэ туужийн дотор Эндүүрэл хаан их хатнаа нөгчсөний дараа нэг шулам эмийг эхнэр болгож авав. Тэр эм нь хааны их хатны хоёр хөвгүүний бөөр, зүрхийг иднэ гэж шаардсанд хаан зөвшөөрсөн боловч хааны сайн санаат түшмэл нь нохойн зүрх, бөөрийг авч бага хатанд идүүлээд хоёр хөвгүүнийг алс газраа оргуулан явуулав. Тэр хоёр хөвгүүн өсөж эрдэм чадалтай болоод шулам хатан нь хааныг залгиж идэхийг завдаж байхад нутагтаа ирээд шулам эмийг мянган алд гүн нүхэнд хийж, эцэг хаанаа аварсан явдлыг өгүүлмүй.
Энэ сэдэв нь “Сайн төрөлхт хаан, Оюун чихт хөвгүүн хоёрын тууж” ба Төвдийн Банчинлувсан˗Ишийн зохиосон “Артасэд хааны тууж” зэрэгтэй төсөөтэй боловч түүний аль нэгийн орчуулга бус монгол хүн, харин дурдсан зохиолоос сэдвийг авч өөрөө зохиосон байна. “Эндүүрэл хааны тууж”˗д гарч байгаа хүмүүсийн дүр байдал, үг хэл нь цөм монгол шинжтэй юм. Энэ туужид нэг өвгөн нас барсан эмгэнийхээ тухай гашуудан дуулсан нь:

Бөрт цоогчноо унаж
Бөглүүхэн айлд очоод
Бөөрний өөхийг хавтгалж
Бөгцөр бөгцөр хатирч ирэгч
Эмгэн минь
Даарт цагаагчнаа унаж
Далдын айлд очиж
Дээлийн нэхий ганзагалан
Дэвэр дэвэр хатирч ирэгч
Эмгэн минь
Алаг цоогчноо унаж
Айл бүрийг хэсэж
Аарц тараг хөнөглөж
Амчир амчир хатирч ирэгч
Эмгэн минь

гэжээ. Бөөрний өөх, нэхий дээл, аарц, тараг гэж бичсэн зүйлээс үзэхэд Энэтхэгийн халуун орны зохиол бус монгол зохиол гэж мэдэгдэж баймуй. Үүний төгсгөлийн үгэнд Очирой сайн хааны Ач дүүрэгч ноёны зарлигаар Зарлигийн эрхт далай (Агванжамц буюу Гаванжамц) усан бар жил (1602) зохиосон гэж бичсэн баймуй.
Энэтхэг, Төвдийн зохиолтой сэдвээр адил зохиол Монголд нэлээд байх, үүнд ямар нь орчуулга, ямар нь монгол зохиол болохыг нягтлан судалж мэдэх нь чухал байна.
Энэтхэг, Төвдөөс орчуулсан зарим зохиолыг улмаар монголын ахуй байдалд зохицуулан монголчилж монгол зохиол болгосон явдал бас цөөнгүй. Үүний нэг жишээ нь Молон тойны тууж болмуй. Энэтхэгийн зохиол “Молон тойны (Модгилванийн) эхийн ач хариулсан тууж”˗ийг монгол хэлэнд хэд дахин орчуулсан баймуй. Үүний нэг орчуулгыг арван дөрөвдүгээр зууны үеийн орчуулга бололтой гэж “Руднеевын цуглуулсан номын тухай” өгүүлэлдээ Владимирцов багш бичсэн билээ. Бас энэ хэдэн орчуулгаас гадна монгол хэлээр найруулан бичсэн бололтой бөгөөд зураг хавсаргасан “Молон тойны тууж” Монгол оронд түгээмэл байдаг.
Зохиолын байдал цөм монгол хэлбэртэй болсон баймуй.
Монголын уран зохиолын түүхэнд Хятад, Төвд, Энэтхэгээс орчуулсан далай мэт их зохиол үлэмжхэн нөлөөлсөн нь илт баймуй. Монголын билигт шүлэгч, зохиолч нар өөрсдөө зохиож бичихийг төдий л хайхрахгүй ямагт орчуулга хийсээр бүх насаа барж байсан нь цөөнгүй. Тэдний нэлээд орчуулга нь монголын уран зохиолын санд багтах чухаг эрдэнэ мөн болмуй. Арван дөрөвдүгээр зууны үеийн Чойжи˗Одсэр, Шаравсэнгэ, арван зургаадугаар зууны үеийн Хөх хотын Гүүш цорж, арван долдугаар зууны үеийн Ойрадын Зая бандид, арван наймдугаар зууны үеийн Цахар гэвш Лувсанчүлтэм, Авгын Дай гүүш Агвандампил, арван есдүгээр зууны үеийн буриад Номтын Ринчин нарын орчуулга бол жишээ болохуйц гайхамшиг бүтээлүүд болмуй. Энэтхэг, Төвдөөс орчуулсан зохиол дотор Энэтхэгийн Калидасын “Үүлэн элч” гэдэг найраг, Дандины “Яруу найргийн онол”, Наганжунын “Рашааны дусал”, Төвдийн Гунгаажалцаны “Эрдэнийн сан Субашид” зэрэг ерийн иргэний зохиол үлэмжхэн байна.
Энэтхэгийн ардын үлгэрийн цоморлогууд “Панчатантрын үлгэр”, “Шидэт хүүр”, “Гучин хоёр модон хүний үлгэр” зэрэг Монголд нэвтэрч түгээмэл дэлгэрээд монголын үлгэр болж шингэсэн баймуй. Үүний заримыг төвд хэлнээс монголчилсон бус харин энэтхэг хэлнээс монголчлон орчуулаад дараа нь монголоос төвд хэлэнд орчуулсан ч буй. Жишээ нь: “Гэсэнэ хааны бичмэл тууж”˗ийн төгсгөлд, “Ранза Гэсэнэ хаан богд Бигармижид хаан хоёрын энэ үлгэрийг Даранат Маха Гүрүгийн шавь Баха бандид азар Энэтхэгийн хэлнээс монгол хэлэнд орчуулбай” хэмээжээ.
Өндөр гэгээний намтарт Өндөр гэгээн, дурдсан хоёр үлгэрийг Баха бандидаар орчуулгасан гэж бичсэн байдаг. Баха бандид болбоос Өндөр гэгээний шадар бараа бологч Чулуун хуруут азар мөн гэж тэр намтарт бичсэн баймуй. Үүнд “Даранат Маха Гүрү” гэж Даранатын хувилгаан Өндөр гэгээнийг хэлсэн бололтой. “Гэсэнэ хаан”, “Бигармижид” хоёрын үлгэрийг монгол хэлнээс нэг монгол ламын төвд хэлэнд орчуулсан бичмэл ном Монгол улсын номын санд буй.
Монголын сэхээтний нэлээд хэсэг нь төвд хэлийг өөрийн төрөлх хэлнээс илүү мэдэж хэрэглэдэг байсан учраас төвд хэлээр тэдний бичсэн зохиол үлэмж байна.
Үүнийг монголын уран зохиолын түүхэнд оруулж хэлэлцвээс зохимуй. Арван есдүгээр зууны эхээр ноён Хутагтын тавдугаар дүр Равжаа гэж алдартай шүлэгч байжээ. Үүний төвд, монгол хоёр хэлээр бичсэн олон шүлэг хэсэг бусгаар олдож байна.

Ноёд ноёд гэмээнэ
Нутаг зуураа хүндтэй
Номтой ламын шавь нар
Газар болгон хүндтэй
гэх зэргээр түүний шүлэглэсэн дууг олон хүн мэддэг баймуй. Шүлэгч Равжаа “Цаасан шувууны үлгэр” гэдэг түгээмэл дэлгэрсэн уран шүлэглэлийг Төр гэрэлтийн тавдугаар он буюу 1825 онд зохиосон хэмээмүй. Үүний төвд орчуулга бас бий. Их хүрээний Хайдав хамбын зохиосон “Хонь, ямаа, үхэр гурвын үлгэр” монгол, төвд хоёр хэлээр дэлгэрчээ. Алшаагийн Дандар лхаарамбын зохиосон “Хүний номын баяр хурим”, Сүмбэ хамба, Цахар гэвш нарын шүлгүүд, Зава Дамдин гавжийн “Энэрэнгүй ёсны дуулал”, бадарчин Гомбодоржийн “Үнээний гомдол” зэрэг олон зохиол төвд хэлээр бичигджээ.
Энэтхэгийн “Рашааны дусал”, Төвдийн “Эрдэнийн сан Субашид”, Монголын “Оюун түлхүүр” зэрэгтэй төсөөтэй сургаал гэдэг тусгай хэлбэрийн шүлэглэсэн зохиолууд Монголд түгээмэл дэлгэрчээ. Энэ сургаалын дотор шашны номлол гол суурийг эзлэх боловч ертөнцийн амьдралын сургаал буюу ихэс лам ноёдыг шүүмжлэн буруушаасан зүйл цөөнгүй байдаг. Сургаалын шүлгийн уран чадвар нь ихэнхдээ гойд сайн баймуй.

Сайхан цаст цагаан ууланд
Сарны гэрэл тусваас нэн цаймуй.
Саруул ухаант мэргэдийн чихэнд
Сайн үгийг сонсговоос нэн мэргэжмүй

гэх мэт уран сайхан шүлэг, сургаалуудын дотор үлэмж бий.
Жанжаа хутагт, Нэйж тойн, Зая бандид, Өндөр гэгээн, Цахар гэвшийн намтар зэрэг намтрын зохиол нэлээд буй. Эдгээр зохиолд шашны зүтгэлтэн нарын амьдралыг гол төлөв бичдэг боловч түүхийн чухал мэдээ байхаас гадна мөн уран зохиол гэж үзмээр хэсгүүд ч байдаг.
Хуучин цагт уран зохиол, ерийн зохиол хоёр сайн ялгараагүй байсан учир түүх зохиолыг бичихдээ ч уран шүлгээр чимэглэн бичдэг байсан. Энэ заншил болбоос “Нууц товчоо”˗оос эхэлсэн уламжлалтай юм. Ийм учраас нэлээд түүхийн зохиолуудыг уран зохиолд оруулан хэлэлцэх хэрэгтэй болдог юм. Арван долдугаар зууны үед Саган сэцэний зохиосон “Эрдэнийн товч", арван наймдугаар зууны үед баарин Рашпунцагийн зохиосон “Болор эрих”, арван есдүгээр зууны үед зохиогдсон “Болор толь” зэрэг зохиолд уран сайхнаар бичсэн хэсгүүд үлэмжхэн буй.
Арван наймдугаар зууны үеэс эхлэн Хятадын сонгодог уран зохиол монгол хэлэнд үлэмжхэн орчуулагдаж гар бичмэлээр дэлгэрч байв. “Гурван улсын түүх, “Улаан асарт хаалга”, “Тансан ламын баруун газар жуулчилсан бичиг”, “Жүн дагинын тууж”, “Шүйху бичиг” зэргийг монголын сэхээтэн монгол хэлээр хэдийнээс уншсаар ирсэн юм. “Гурван улсын түүх”, “Лю Жай Жи” бичиг зэрэг монгол хэл дээр хэдэн удаа хэвлэгдсэн баймуй. Эдгээр зохиолын заримыг монгол үлгэрч, хуурч нар бүрэн цээжлээд шүлэглэн засаж хуурдан дуулж явах нь цөөнгүй болсон билээ.
Ингээд зарим роман нь монгол оронд зохицон хувирч хятад эхээс танигдамгүй өөр болсон ч удаа баймуй.
Хятадын уран зохиол, монголын уншигч зохиолч нарт сайн нөлөөгөө үзүүлсэн юм. 1871 онд монголын зохиолч Инжинаш “Хөх судар” гэдэг түүхэн романыг зохиож гаргав. Уран сайхан хэлээр баатарлаг зоригтой, идэвхтэй тэмцэгч хүмүүсийн дүрийг Инжинаш (Инжинааш) гаргаж бичсэн юм. Энэ зохиолын оршилд монголын феодалын нийгмийн ялзарсан байдлыг эрс ширүүнээр шүүмжилсэн байна. Инжинашийн зохиосон өөр хэдэн роман тууж буй. Хятадын уран зохиолын нөлөөгөөр бичигдсэн бололтой ядуу хөвгүүн, ихэмсэг багшийг цэцэн үгээр мухардуулан шантраасан тухай “Багш шавийн үлгэр” гэдэг зохиол баймуй.
Арван есдүгээр зууны орчмоос феодалын ангийг эрс тэс шүүмжилсэн зохиолууд улам олширсон юм. Хатагины Гэндэн мэйрэний зохиосон “Хав, муур, хулгана гурвын үлгэр”˗т ихэс лам ноёдын хамжлага харьяат нараа булаалдсан явдлыг өгүүлсэн баймуй. Ордосын Данзанванжилын шүлэгт мөн феодал ангийн ялзарсан байдлыг хурц ширүүнээр шүүмжилсэн баймуй. Хуульч Сандаг Чонын үг, Зээрийн үг, Ингэний үг, Ботгоны үг гэх зэргийн богино хэлбэрийн шүлгүүдийг бичсэн юм.
Энэ зохиолууд нь их дэлгэрч зарим нь ардын аман зохиол болж хувирсан байна.
Ордосын Хишигбат, Үзэмчний Гамаал захирагч зэргийн олон шүлэгчдийн зохиолыг судлах байтугай цуглуулан авч чадаагүй баймуй.
Монголын дотор ерөөл гэж тусгай хэлбэрийн уран шүлэглэл байдаг. Ийм ерөөлийг бичдэг, хэлдэг зохиолч нар олон байсны дотор ялангуяа их алдаршсан нь ерөөлч Гэлэгбалсан болно. Гэлэгбалсан Тэнгэрээс хур гуйх ерөөл, Наадмын ерөөл, Сур харвахын ерөөл зэрэг олон ерөөлийг бичсэн юм. Ийм ерөөлийг баяр ёслолын үе, эсгий хийх, бэр буулгах, хурим, морь уралдах, бөх барилдах, наадам зэргийг эхлэхэд хэлдэг юм. Аягатай сүү хадгийг барьж байгаад ерөөлийг цээжээр хэлдэг юм. Ерөөлд монголчууд их дуртай. Ерөөлийг мэдэх хүн олон байдаг. Ерөөлийн тусгай дэвтрүүд ч бий. Одоо ч ардын дотор ерөөлч хүмүүс олон бөгөөд түүний зарим нь зохиолчдын эвлэлийн гишүүд болсон баймуй.
Энэ дурдсан зүйлээс үзэхэд монголын ард түмэнд уран зохиолын өв уламжлал үлэмжхэн байгаа юм. Шинэ уран зохиолыг бид нүцгэн газар байгуулж эхлээгүй.
Урьдын зохиолч нарын бүтээлийн сайн тал ба ардын баялаг аман зохиолыг ашиглан түшиглэж шинэ уран зохиолыг хөгжүүлж баймуй. Бид хуучин зохиолын уламжлалыг хүндэтгэн хэрэглэхийн хамтаар социалист реализмын аргыг Зөвлөлтийн уран зохиолоос суралцаж байна.


ЧИНГИСИЙН ХОЁР ЭР ЗАГАЛЫН ТУУЖ ОРШИВ


Ум сувасди шири.
Эрт урьд цагт
Сод богд Чингис хааны
Эрмэг цагаагч гүү нь
Эр хоёр загал унага
Төрсөн ажгуу.
Тэр онд
Арван гүүнээ тэлж
Арга хийж онд оруулав гэлээ.
Эзэндээ дааган ахуун цагт унуулж
Үрээ ахуй цагт хуяглаж
Тэр хоёр загалыг унаж
Алтай ханыг арлан авлаж
Хөхүй ханыг хөвчлөн авлаж
Их загалыг унаж
Алтай ханыг авлан тавив.
Аргал угалзыг алж
Аргагүй бардаж ирэхүйд
Арван түмэн
Авын хүмүүн
Нэгээхэн бээр эс гайхав.
Бага загалыг унаж
Хөхүй ханыг хөвчлөн тавьж
Хүйлэн хөх чоныг хядан алав.
Өвсний оройгоор
Өрвөлзүүлэн ирэхүйд
Хэдэн түмэн авын хүн
Нэгээхэн бээр эс гайхав.
Хэнтий ханыг
Хэрэн авлан хэдэн түмэн амьтныг
Гүйцэж явахуйд
Хэн ч хүн
Хэрэглэн эс гайхав.
Онон хатны
Ой талыг авлаж
Олон амьтныг гүйцэж
Ойр хол бүгдэд
Адил боловч
Олон бүгд эс гайхав.
Тэр дээр уярах сэтгэл төрж
Дааган цагт минь давтсан болж
Үрээ цагт минь
Өрсөн болж
Хязаалан цагт минь хянасан болж
Соёолон цагт минь сорьсон болж
Хэмээн бага загал нь их загалдаа хэлэв.
Ээ авгай минь явъя
Алтай ханыг авлахуйд
Арван түмэн улс эс магтав.
Ай хайран дур минь
Хөхүй ханыг авлахуйд
Хүй олон улс эс магтав
Хөвчин хайран санаа минь
Хэнтий ханыг авлахуйд
Хэдэн түмэн улс эс магтсан
Хайран дур минь
Энэ бүгдийг маань
Үл магтах юу болов
Ээ авгай минь ер явъя
Манай одсоны хойно
Хан эзэн минь
Нэг хоёр дурдваас
Нэрийн алдар биш буюу
Ээ авгай минь
Алтай гэгч газраа
Агь шаваг өвстэй гэнэм
Аялан хүрч амарч хэвтье
Авгай минь
Хөхүй хан гэгч газраа
Хөвөг шаваг өвстэй гэнэм
Хөөрөм цөөрөм нууртай гэнэм билээ
Хөдлөн хүрч хөлбөрч барьж хэвтье
Авгай минь
Бүр явъя
Хэнтий хан гэгч газраа
Гэмгүй таргатай гэнэм
Хий хуй болон хүрч
Хижэйлэн хэвтье
Авгай минь үтэр явъя
Онон хатан гэгч газраа
Урт сайхан устай гэнэм билээ
Ой тал олон гэнэм
Үдлэн хүрч
Ундаа үгүй хэвтье
Авгай минь бүр явъя
Ээ авгай минь
Ах мэт санагч
Алзал бор нь буй за
Хөвгүүн мэт санагч
Хөгшин шарга нь буй за
Гөжин ширүүн аашлагч
Чи бид хоёр буй за
Хатнаа мэт санагч
Хар хул нь буй за
Харь дайсан мэт санагч
Авгай чи бид хоёр буй за
Бүр явъя
Хүйтэн өдөр барин
Хөндлөн хөх төмөр үмхүүлэн
Хөрзөнт тохмыг
Хөлстэй тавин
Хүйтэн төмөр үмхэж
Яахиж аяа
Авгай бүр явъя
Халуун өдөр барин
Хаттал уян
Халуун наранд шаран
Хайр шороо үмхүүлэм
Яахиж аяа
Авгай бүр явъя
Бага загал нь
Их загалдаа
Газар газарлая гэж хэлэв
Авай бор туурам минь
Юу гэнэм чи
Эзэн гэж эзэнд адил
Эзэн олдох буюу
Эх гэж эрмэг цагаагч ижийд адил
Эх олдох буюу
Ер эр хүн баярлах гэж
Манлай үл хагарах гэлээ.
Агт морь таргалж
Арьс үл хагарах гэлээ
Авай бор туурам минь гэлээ.
Юу гэнэм чи
Ээ авгай минь
Сайн хүнд нөхөр олон биш үү
Сайн моринд эзэн олон биш үү
Өнөр хүнд нөхөр олон биш үү
Өнчин хүнд ноён олон биш үү
Санаат хүнд сэжиг олон биш үү
Сайн моринд газар ойр биш үү
Авгай минь явъя
Авай бор туурам минь
Эетэй хүнд нөхөр олон гэлээ
Ийлсэн моринд уурга олон гэлээ
Эегүй хүнд өштөн олон гэлээ
Эцсэн моринд ташуур олон гэлээ
Хүнэй гэж хөвчин бүгдээр үлдэм зэ
Дайсан гэж даяар үлдэм зэ
Зэрлэг гэж зэвийн үзүүрээ унаганам зэ
Авай бор туурам минь
Юу гэнэм чи
Хадны өвс хагд идье
Бутны өвс богтой идье
Өсгөн төрүүлсэн
Өл буурал ахай юугаан
Яахиж мартъя гэнэм чи
Өргөн төрсөн
Эрмэг цагаагч ижий юүгээн
Яахиж мартъя гэнэм чи
Арван хоёр сар
Нуруугаа чилтэл өргөсөн
Ангир шар уургаа шимүүлсэн
Ачит цагаан сүүгээ хөхүүлсэн
Амраг эх юүгээн
Яахиж мартъя гэнэм чи
Авай бор туурам минь
Юу гэнэм чи
Омгоо дараагүйд
Уушгиа цэрдээгүйд
Яахинам болов уу чи минь
Хайрлан хадгалсан
Хан эзэн минь
Ханилан өссөн
Хайран харь олон
Эд бүгдийг
Яахин орхин газарлая гэнэм чи
Өөд үгүйг өсгөн хурааваас
Тусгүй гэлээ
Байг хэмээн хэлэв.
Сайн хүнд нөхөр олон гэлээ
Сайн моринд газар ойр гэлээ
Бүр явъя гэж
Бага загал гагцаараа явсуу хэмээн санаж
Их загалаа орхиж
Гурван цавчуурын зүгт явав
Ах минь нэхэх болов уу хэмээн санаж
Түрхэн зуураа алтан улиасны сүүдэрт
Хүлээж байн атал
Дөрвөн зүгт нь
Дөрвөн өнгийн шувуу
Нэг эгшгээр донгодов
Бага загал чихээ сэртийж
Сүүлээ өргөж чагнан байв
Алтан гургалдай шувуу
Алтан улиасны дээр суун жиргэв
Ах дүү хоёр загал
Салан газарлав гэж жиргэв
Дахин аялгуулан жиргэв
Хөхөө нэрт шувуун донгодов
Хөөрхий бага загал
Урван газарлав гэж жиргэв
Богширго шувуун босон жиргэв
Богд эзний хайран хоёр загал
Салан газарлав гэж жиргэв
Хайргана шувуун
Хадны дээр суун жиргэв
Хан эзний хайран хоёр загал
Хагацан газарлав гэж жиргэв
Тэр дөрвөн өнгийн шувууны
Дууг сонсоод
Бага загал тэсэлгүй явав
Түргэн түргэн явахуйд
Түнгэрцгийн чинээ чулуу хөдөлгөж
Аргар аргар явахуйд
Аяганы чинээ чулуу хөдөлгөж
Гурван цавчуурыг зорьсуу
Авгай минь нэхэх болов уу хэмээн санаж
Хөх өндрийн өвөрт
Өвс таталж байв
Их загал нь
Өглөө наранд нэхэж
Үдийн наранд
Хамраа хавчиж
Хар хөлсөө асгарч
Амиа тэмцэж гүйцэж ирэв
Ээ бор туурам минь
Хүнэй гэж хөвчин үлдэж
Дайн гэж даяар хөөхүй
Зэрлэг гэж зэвийн үзүүртээ унагах буй за гэж
Их загал нь бага загалдаа хэлэв.
Хоёр загалын одсоны хойно
Нэг шөнө сод богд эзэн зүүд зүүдлэв.
Эрхт тэнгэр эцгээс заяатай
Эрмэг цагаагч гүүнээс төрсөн
Эр хоёр загал минь
Ийлэн газарлав гэнэм би
Богд эрхт тэнгэрээс заяатай
Буянт цагаагч гүүнээс төрсөн
Бууралтгүй хайран хоёр загал минь
Буруулан газарлав гэнэм
Хан эрхт тэнгэрээс заяатай
Хас цагаагч гүүнээс төрсөн
Хайран хоёр загал минь
Гаран газарлав гэнэм би
Хазаараа эгэлдэрч
Явган явнам гэж зүүдлэв би
Энэ зүүд минь үнэн буюу худал буюу гэж
Шивэгчнээ зарлиг болов
Адуунд орж үз
Худал болбоос дуугүй ир
Үнэн болбоос дөрвөн харь
Есөн өнгийн улсыг минь
Эрт цуглуулж ир хэмээн зарлиг болов.
Боол Бачин адуунд орвоос
Өл буурал азарга нь
Өрвөлзөн өрвөлзөн ийн тийн харж
Унгалдаж байх аж
Эрмэг цагаагч гүү эх нь
Ийн тийн харж
Нүднээс нулимс гаргаж байхыг үзэв
Боол Бачин яарч
Дөрвөн харь есөн өнгийн улсаа
Манагаар эрт цуглуулж ирэв
Сод Богд алзал бор морио унаж
Алтан хуураа авч
Зэл цагаан нумаа дүрж
Аргасан хуурчийг хөтөч хийж
Алжин харцгай юугаан барьж
Эхдээ эргэх болов уу хэмээн санаж
Эрмэг цагаагч гүүнийг хөтлөв
Төдий морилон явахуйдаа
Хаан ноён сод богд зарлиг болов
Хөхүй ханы өврөөр цувъя
Алтай ханы араар авлая
Отын хүн урд яв
Тахилзуурын хүн тасралгүй яв
Тэр хоёр загалыг минь
Хэн гүйцсэн хүн бүү харва
Барьж үз
Барьсан хүнд дөрвөн хошуу малаа
Тэгшхэн хуваах би хэмээн зарлиг болов
Төдий хоёр загал
Хойд нэхсэн авын барааныг
Харж үзээд
Их загал нь бага загалдаа хэлэв.
Туурам минь
Би эс хэлэв үү
Хүнэй гэж хөвчин үлдэх буй за
Зэрлэг гэж зэвийн үзүүрээ унагах буй за гэж
Эс хэлэл үү би
Энэ биш үү гэв
Бага загал нь хэлэв
Ээ авгай минь
Эр хүн хэлсэн үгэндээ хүрэх биш үү
Агт морь зорьсон газартаа хүрэх биш үү явъя
Яахисан эм мэт охорхон санаатай билээ чи
Манийг гүйцэх мориноос болох
Барааныг мань харах буюу гэв
Алтай ханы ар орохуйд
Аргал угалзыг алгуулан бууя
Хөхүй ханыг өвөрлөн явахуйд
Хөх алаг бугыг гишгэлэн гаръя
Төвийн хүнд тоосоо үзэгдье
Бүр гурван цавчуурыг зоръё гэв
Бага загал ергөн хөдлөв
Их загал шогшин хөдлөв
Бага загал их загалдаа хэлэв
Авгай минь
Ах мэт санагч
Алзал бор морь яахинам болов гэж хэлэв
Төдий дээр барьсангүй.
Гурван цавчуур газрыг зорин хүрэв
Их загал нь хоёр санааг санаж
Хайран хан эзэн минь
Хайран хас цагаагч эх минь гэж
Нүднээс нулимс гаргаж
Өр элгээ өмөрч
Өвдгөө сөгдөж явав
Сод богд эзэн нь
Хөх өндөр дээр гарч
Барааныг нь харж
Шаналан уярав
Болдогийн бор толгойд гарч
Хаан эзэн нь хайлав
Эрийн сайнаар
Эзэн эс боллоо би
Эрхт тэнгэр эцгийн заяагаар
Эзэн боллоо би
Эрмэг цагаагч гүүнээс төрсөн
Эр хоёр загал минь
Ийлэн газарлав уу чи
Эвий минь
Эмээлээ барьж яахин харъя
Эргэж ирэх болов уу чи
Эвий минь
Булаан авч эзэн эс боллоо би
Богд тэнгэр эцгийн заяагаар
Эзэн боллоо би
Буянт цагаагчин гүүнээс төрсөн
Хайран эр хоёр загал минь
Буруулан газарлав уу чи
Эвий минь
Хайрлан авч
Эзэн эс боллоо би
Хаан тэнгэр эцгийн хайраар
Эзэн боллоо би
Хас цагаагчин гүүнээс төрсөн
Хайран хоёр загал минь
Хагацан газарлав уу чи
Эвий минь
Харьж ирэх болов уу чи
Эвий минь
Учиртай их
Уралдаан болоход
Юугаа хагсаая
Учирт их авын болоход
Юугаа уная
Хайран хоёр загал минь
Харь олон дайсан болоход
Юугаа хуяглая
Хайран хоёр загал минь хэмээгээд
Төдий сод богд эзэн
Орд харшдаа харьж ирэв
Хоёр загал
Гурван цавчуурт зорин хүрч
Дөрвөн он нутаглав
Бага загал нь
Арьсаа язартал таргалав
Их загал нь
Зун зуссан морь мэт хатайртаад
Өвөл болоход хацарт нь
Аяганы чинээ мөсөн хүрэв
Уй гашуунд уярах сэтгэлийг нь мэдээд
Бага загал нь асуув
Ээ авгай минь
Өвсийг эрүүгээр иддэг атал
Усыг уруулаар уун атал
Авгай арьстай шөрмөстэй хатах чинь
Юун буй хэмээн асуув
Их загал хэлэв
Авай бор туурам минь
Юу гэж үл мэднэм чи
Хайрлан өсгөсөн хан эзнээ
Ханилан учирсан хайран нөхдөө
Хайран төрсөн эх юүгээн санахул
Хайрт газарт туруугаа
Хомоолт газар эрүүгээ хүргэж ядав
Өсөн төрсөн эх юүгээн санахул
Өвсөнд эрүүгээ
Усанд уруулаа хүргэж ядав
Авай бор туурам минь
Яахиж үл мэднэм чи
Эвий минь гэв
Тэр цагт бага загал нь
Зөв харж инээн
Буруу харж уйлан
Их загалд хэлэв
Ээ авгай минь
Арьс шөрмөстэй чинь хатаан алж
Арьсыг чинь өмсмүй би
Махыг чинь идмүй би
Ачит авгай минь
Одоо харъя хэмээн хэлэв
Их загал гурав дахин шилгээгээд
Нэг хоёр өвс татлан байв
Их загал ергөн хөдлөв
Бага загал шогшин хөдлөв
Гурван сарын газраа
Гурван гурав хоногт хүрье гэв
Тэр хоёр загалын
Хүрч ирэхийн шөнө дөлд
Сод богд эзэн нь
Нэгэн зүүд зүүдлэв
Эрхт тэнгэр эцгээс заяатай
Эрмэг цагаагчин гүүнээс төрсөн
Эр хоёр загал минь
Ийлэн газарлаж билээ
Эргэж ирэх болов уу
Эмээлээ тохож байнам гэж
Зүүдлэв би гэв
Энэ зүүд минь үнэн буюу худал буюу
Боол Бачиныг адуунд орж үз гэж
Хаан эзэн сод Богдын зарлигаар
آپ نے منگول سے 1 متن پڑھا ہے ادب۔
اگلا - Чингисийн Хоёр Эр Загалын Тууж Оршив - 3
  • حصے
  • Чингисийн Хоёр Эр Загалын Тууж Оршив - 1
    الفاظ کی کل تعداد ہے 4017
    منفرد الفاظ کی کل تعداد ہے 1605
    0.0 الفاظ 2000 سب سے عام الفاظ میں ہیں
    0.0 الفاظ 5000 سب سے عام الفاظ میں ہیں
    0.0 الفاظ 8000 سب سے عام الفاظ میں ہیں
    ہر بار فی 1000 سب سے عام الفاظ کے الفاظ کی فیصد کی نمائندگی کرتا ہے۔
  • Чингисийн Хоёр Эр Загалын Тууж Оршив - 2
    الفاظ کی کل تعداد ہے 4254
    منفرد الفاظ کی کل تعداد ہے 1750
    0.0 الفاظ 2000 سب سے عام الفاظ میں ہیں
    0.0 الفاظ 5000 سب سے عام الفاظ میں ہیں
    0.0 الفاظ 8000 سب سے عام الفاظ میں ہیں
    ہر بار فی 1000 سب سے عام الفاظ کے الفاظ کی فیصد کی نمائندگی کرتا ہے۔
  • Чингисийн Хоёр Эр Загалын Тууж Оршив - 3
    الفاظ کی کل تعداد ہے 3857
    منفرد الفاظ کی کل تعداد ہے 1497
    0.0 الفاظ 2000 سب سے عام الفاظ میں ہیں
    0.0 الفاظ 5000 سب سے عام الفاظ میں ہیں
    0.0 الفاظ 8000 سب سے عام الفاظ میں ہیں
    ہر بار فی 1000 سب سے عام الفاظ کے الفاظ کی فیصد کی نمائندگی کرتا ہے۔