Latin

Жүжгийн Зохиол - 2

Süzlärneñ gomumi sanı 4049
Unikal süzlärneñ gomumi sanı 1701
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Шинэхэн ханилахын үед
Шимтэй сайхан амттай,
Санамсар үгүй агсаар
Сүү шиг хурдан гашилдаг юм
Янаг амраг хэмээгч
Эмзэг нь яах арга үгүй
Яльгүй бяцхан хөдөлгөвөөс
Эмтэрч эвдрэх хялбархан
Бадарч байгаа янаглал
Зүрхний дотор халуун
Бүүрч хувирах үедээ
Нүдний үзүүрт хүйтэн
Хатсан газрын хөрсөн дээр
Цэцэг ариун ургадаг үгүй
Харласан сэтгэлийн дотор
Алт цутгаад цайдаг үгүй
Орчлон гэдэг нь бөөрөнхий
Эргэж хувирч байдаг юм
Уяран гашуудах хэрэг үгүй
Ондоо зам байдаг юм
Залуу эр зоригтой
Чанга бодож яв л даа
Энэлж шаналж уйтгарлаваас
Эгч чинь зугаацуулж үзье,
Эцэг эх минь хөгшин
Эзлэх толгойлох хүн үгүй
Энэ бие ганцаар
Одоо манайд оч л доо!
Гэр орон ч хол үгүй
Хэтийн зам ч нарийн үгүй
Хэзээний ерөөл байснаас
Хоёулаа уулзах нь энэ үү!
Хоёр уулын хооронд
Хоёул амраглан янаглаж...

хэмээн босохуй дор Юндэнгийн ханцуйнаас татан хөтөлж одно. Юндэн бяцхан ухарсан мэт боловч эргэн түүнийг дагаж одтол хөшиг хаана.


ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ


Зүүн уулын өмнө талд Нансалмааг мордуулж байгаа үзэгдэнэ. Тэргүүн дор Балган буу үүрсэн явах ба дараагаар нь Нансалмаагийн толгойг улаан юмаар бүтээж хоёр талаас сугадан авч явна. Хойноос (нь) хоёр эр хүн явах бөгөөд Нансалмаа уйлан гэдрэг тэмүүлэн байна. Түүнээс тэд зүүн уулын хойгуур тойрон хойд уулын араар далд орж үгүй болно. Зам дор Нансалмаагийн хоёр тал дор яваа хүүхний нэг нь:

Хадамд очдог нас шүү!
Хайлж уйлаад яах буй?
Хан хүний хүү шүү!
Хатан болох нь та шүү дээ
Сайн хүний хүү юм шүү!
Сайхан төрсөн эр юм шүү!
Санаа сэтгэл хоёр чинь залган
Нансалмаа дээр болсон юм шүү

хэмээн дуулж явна. Бас нөгөө нь:

Зөв харвал инээ л дээ
Буруу харвал уйл л даа
Эрд очих гэгч чинь
Энэ насны жаргал шүү!
Угсаат хүний хүү юм шүү
Урьдаас чам дээр сорголсон юм
Учирсан нөхөр хэн гэх буй?
Ухаан санаандаа бодоорой.
Ард нь яваа дагасан хоёр хар хүний нэг нь:
Уйлаан майлаан болж байна
Унд хоол нь болоогүй байна
Эртхэн аваачиж өгөөд
Идэж уух юм сан даа

хэмээн инээлдэн дуулж явна. Бас нөгөө нь:

Бэр хүргэх бэлэгтэй
Бялхаж халгих хуримтай
Байр нийлүүлэх жинтүүтэй
Дээгүүр доогуур хүслэнтэй

хэмээн инээлдэн дуулж явна. Яарал үгүйгээр хойд уулыг даван ормогц олон хүний дуу гаран инээлдэж, баяр бололцон байх бөгөөд найрын чимээ сонстож, нэгэн хэсэг болохуй дор Юндэн зүүн талаас гарч ирж Нансалмаагийн хойно явж байгаа мэт. Энэ үе тайзны гэрэл шөнийн байдал дор болохуй дор мөнөөх найрын дуу хөгжим намхран дан ганц зөөлөн хуурын дуу гарахуй дор

Юндэн
(ийн дуулна):
Хайрт залуу хоёр
Халуун сэтгэлдээ татагдаж,
Хойно хойноосоо эрэлцэхийг
Харсан хүн уярна
Хос хос нүд нь
Хоёр бие дээрээ тусч
Хоёр амраг зүрх нь
Бие биедээ тэмүүлнэ
Амраг сэтгэл цавуу шиг
Арга үгүй салах нь цахилгаан шиг
Үүнийг нарийвчлан бодохуй дор
Сэтгэл заавал эвдэрнэ
Мөрөөдсөн хүмүүс учрахуй дор
Мөс боловч хайлмаар
Дурласан хүн салахуй дор нь
Чулуу авч хэмхэрмээр
Санасан хэрэг болзош үгүй
Санаатай юм тохиолдоно
Сайхан бүсгүй ирэв
Санаа сэтгэлийг бусниулав
Уран үгтэй хүүхэн ээ
Уруул хацар нь хөөрхөн өө
Ертөнц гэдэг бөөрөнхий
Янаг сэтгэл хувирдаг.
Хуурчийн шүлэг:
Хоёр уулын үзэсгэлэн
Хүн бүхнээ гоёмсог
Хосолсон амрагийн үг
Бие биедээ урамтай
Сар шиг өнгө(тэй) охин
Нар шиг гэрэлт эр,
Намрын тунгалаг өдөр
Зэрэглэн суух нь гоёмсог
Агуу сайхан нар
Гэгээн гэрлээ тусгана
Алтан сайхан дэлхий дээр
Хоёр янаг баясна
Намрын салхи зөөлөн,
Янагийн үг цэвэрхэн
Ярьж хэлэлцэхийг нь сонсох дор
Хэн ч сэтгэл хөдөлнө
Үзэсгэлэнтэй төрсөн Нансалмаа
Өөрийн хошуундаа хайрлагджээ
Үнэхээр түүний сэтгэл
Ганцхан хүн дээр шийдсэн сэн
Хос амраг зай үгүй ч
Гурвалжин болоход нь будилаантай
Янагийн үлгэр гэгч
Ингэж эхэлдэг ажээ.
Холбож ёслохоор шийдсэн юм сан
Хайртай амраг хүүгээ
Харийн хүнд алдаад
Хойд уулын энгэр дээр
Ганцаар юунд гуниглана
Хэлэлцсэн яриа яасан буй?
Хэдэн үгээ солих юм сан
Албадаж чамайг аваачив уу!
Ааш зан чинь хувирав уу!
Хатуу зориг чинь байна уу!
Гараад ирж уулзана уу!
Хоёр сэтгэл хэвээрээ бол
Гал уснаас халшрах үгүй.

Уулын чанадаас:

Нансалмаа:
Уулын оройгоос дуулж байна уу!
Ухаан санаа сэргэж байна уу!
Учирч уулзахыг хүсэж байна уу!
Улсын нойрсохыг хүлээе

хэмээн дуулан байтал, мөн хойд уулын баруун талаас Хоролмаа гарч ирэн Юндэнгийн дэргэд очиж:

Хоролмаа
Хэний хойноос хараа буй?
Хүний хүнээс ичих үгүй юу?
Гэр орондоо тогтох үгүй
Хээр гүйх чинь юу буй?

Юндэн:
Харийн хүн аваад явахуй дор
Хар нүд минь халтирна
Харамсах сэтгэл багтах үгүй
Голт зүрх минь гарах нь
Алтан нар далд орохуй дор
Дахиж үзэх үгүй гэж мэдэрч
Амраг янаг дор автаж
Ертөнцөөс салахыг шийдэв
Өндөр уулын дээр гарахуй дор
Холын (бараа) харагддаг юм
Өөрийн хэргээр сууж байна
Өөр бусдад хэрэг үгүй.

Хоролмаа:
Өнгөрсөн юмаар яах буй!
Өөр замыг бод л доо!
Ингэж суугаад хэрэг үгүй
Үгэнд минь эрх үгүй ор л доо!

Юндэн:
Ижил хоёр шувуу
Дуу дуугаа таньдаг юм
Замын хоёр хүн
Зүг зүгтээ явдаг (юм).

Хоролмаа:
Санаа сэтгэл нь хэвээрээ бол
Салж хаанаас явах буй!
Эргэж тойроод яах буй!
Эртхэн замаа эр л дээ.

Уулын цаанаас Нансалмаа гарч ирнэ. Түүнийг Хоролмаа хармагц, уулын ард нуугдан орно.

Юндэн
(Нансалмаатай учирч ийн дуулна):
Ижлээс салсан ангир
Эргэлдэн тойролдон ганганана
Энхрий чиний хойноос
Элэг зүрх минь эмтэрч байна.

Нансалмаа:
Хойноос ирэх үгүй болоход чинь
Хорлогдсон хэмээн бачимдав.
Хослон дуудах хоолойг чинь
Холоос сонсоод баярлана.

Юндэн:
Торонд орсон болжмор шиг
Тогтож ядахыг чинь өрөвсөв
Хадмын хар гинжнээс
Хэрхэн мултарч ирэв.

Нансалмаа:
Шөнийн харанхуй болоход
Журмаар эцэслэхийг бэлтгэв
Өнийн ерөөл байснаас
Чамтайгаа бас учрав.

Юндэн:
Уулын орой дээр гарч
Амь тэмцэн харуулдав
Амраг хүү минь хүрээд ирэхэд
Арав таван үгээ солив

Нансалмаа:
Бүрий баруй болж байна
Бүдэг одон сүүмэлзэж байна
Бүрмөсөн хагацах энэ үү
Бодож санах юм үгүй юу.

Юндэн:
Орчлон ертөнц харанхуйллаа
Олны хөл нь татарч байна
Олж бид хоёрыг чадахгүй биз
Одоо хоёулаа явъя.

Нансалмаа:
Алсын замаар явъя даа!
Амраг хүүгээ дагая даа!
Сэтгэлийн зовлон хэцүү юм
Шийдсэн сэтгэл чам дээр шүү. (Оргон явна.)

Хоролмаа босон, уул даван одно. Удал үгүй Балганы хамт хэдэн хүнийг дагуулан Юндэнг барих хэмээн явна.

Нансалмаа;
Төрсөн нутгаас ангижрахад
Дотор балсдан (балардан) харанхуйлна
Түмэн замын бэрхэд
Чамтайгаа явъя аа.

Юндэн:
Хангай орноо орхиод
Харийн газар тэнүүчилье
Амьдрах үхэх шороо
Аль газар буй гэнэм.

Нансалмаа:
Гэрэлтэй байсан уул
Сүртэй аймшигтай үзэгдэнэ
Гийж байсан сэтгэл
Түг түг түгшинэ.

Юндэн:
Саруул сайхан хөндий
Хав харанхуй болов
Сайхан бодсон хүсэлд
Саад болох юмгүй дээ!

хэмээн дуулж явтал гурван хүн гүйн гарч ирээд хүч хавсран Юндэнг барьж жанчина. Нансалмаа, Юндэнд туслахыг бодовч Балган чирч, уул даван одно. Үлдсэн хоёр хүн Юндэнг жанчаад мөн явна. Мөнөөх модон дотор Юндэн хүлээтэй хэвээр хавчин байж ийн дуулна.

Юндэн:
italki
Хайлаас модны дээр
Харцага шувуу жиргэхэд
Хайртай амраг хүүтэйгээ
Хамтрах үгээ ярьсан
Хамаг бодис найралдахад
Хоёр сэтгэл ч бахтай сан
Харин эцсийн өдөр
Хантайруулан хүлэгдэхийг санасан үгүй
Эзгүй хээрийн газар
Ингэж үхэх цаг байжээ
Эр байж дээ
Өшөө хариугаа авах сан

хэмээн дуулж толгой унжуулан байтал, уулын зүүн сугаас

Хоролмаа
(гарч Юндэнгийн дэргэд ирээд ажиглан ийн дуулна):
Хасын чулууг хагалбал
Хамаг үнээ алддаг юм
Хайрласан үгэнд орох үгүй бол
Хар толгойд чинь тохиолддог юм
Эргүү мунхаг болж байна чи!
Эр чадал чинь аль буй?
Эмийн хойноос явсаар
Ингэж байхдаа ичих үгүй юу!
Энэрч хайрласан сэтгэлээс
Эргэж чамайг ирсэн (юм)
Нансалмааг авах чинь өнгөрсөн шүү!
Надтай суувал дээр шүү дээ

хэмээн дуулан Юндэн шазуур (зуун) дур үгүй байдалтай байна.
Хоролмаа уурласан байдалтай гэнэт ханцуйнаасаа хутга гаргаж Юндэнг дүрэх байдалтай очоод Юндэнгийн хүлээсийг таслаад Хоролмаа, Юндэнгийн гараас барьж одно.

Хуурчийн шүлэг
Амраг янаг хэмээгч
Аль ч хүнд байдаг юм
Алт мөнгөөр цохиж
Авах дор бэрхтэй нь үнэн ээ
Хайртай амраг хэмээгч
Хагацах нийлэх нь болзоо үгүй
Харж суугчдын дотор
Бас ч тийм биз
Хоёулаа нийлээд явахуйд нь
Хүсэл санаа хангалтай
Хол газар одоход нь
Хүний сэтгэл эвдэрмээр
Халуун хүйтний зовлонг
Хамтаар үзэх нь журамтай
Хоёр биеийг холбож
Хэзээ жаргах юм бол доо!
Түмэн лангийн амраг дор
Нэг цэнгийн тусламж үгүй
Түүнийг зовоогч этгээд дор харин
Хүн бялдуучилна
Хоёр хүн нийлсэн сэн
Дөрвөн хүн болов
Хэн хэн дор зохицохыг
Хэрхэн одоо мэднэ.


ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ


Хөшиг нээмэгц, тайзны дотор тунгалаг сайхан өдрийн байдалтай байна.

Юндэн
(зүүн уулын дээр шанаагаа түшин сууж ийн дуулна):
Алтан нарны гэрэл
Арван зүгт цацарна
Агуу сайхан туяанд нь
Амраг хүү минь үзэгдэх үгүй
Алс харахад уужим
Амьсгал дотор цухал,
Амьд мэнд явбал
Учрахын ерөөл бий болов уу

хэмээн дуулж байтал цаанаас

Хоролмаа
(сэмээр гарч ирэн Юндэнгийн өмнө очиж ийн дуулна):
Үүлээр нисэн эрэвч
Амраг чамд олдох үгүй
Өдөр шөнө үгүй хүлээвч
Сэтгэл санааны гарз
Мянганы газар харуулдавч
Янаг хүн чинь ирэх үгүй
Мах яс чинь хайран үгүй юу!
Ямар ч заяа байхгүй биз

хэмээн дуулахад

Юндэн:
Алс харуулдахыг минь хориглоно биз
Амраг сэтгэлийг минь хорих үгүй биз
Эргүүлж саатуулж чадавч
Үүрд хувируулж чадах үгүй

Хоролмаа:
Мэргэн ухаан чинь самуурсан биз
Мэдэл санаа чинь төөрсөн биз
Үйл зовлонг эдэлсэн шүү!
Өрөвдөж чамайг хайрлана

хэмээн дуулахуй дор

Юндэн:
Олс дээсээр холбосон ч
Хутга хайчаар тасалдаг юм
Нийлсэн хоёр сэтгэлийг
Илд жадаар салгах үгүй

хэмээн дуулахуй дор

Хоролмаа:
Хутга мэсийг гаргасан үгүй
Хар санааг агуулсан үгүй
Хайрлах энэрэхдээ хэлсэн юм
Харьж суувал дээр үгүй юу

хэмээн дуулж суухад

Нансалмаа
(хойд уулын дээр ирж ийн дуулна):
Шөнө харанхуй үес
Аялгуу дуу жихүүн
Сэтгэлийн хүнээс салахад
Зүрхэнд хутга орсон шиг
Оргож бүгж гарав
Ой модоор тэнэв
Хөх тэнгэр гэгээрэв
Хөөрхий хүү минь олдох үгүй

хэмээн дуулахуй дор

Юндэн
(тэр зүг ширтэн):
Тунгалаг сайхан өдөр
Түмэн бодис баясна
Түүний сайхан цэнгэлийг
Хэзээ бид амснам
Огторгуйд байгаа одыг
Унагаж буулгаж болох үгүй
Онцолж зохицсон сэтгэлийг
Огтолж бас чадах үгүй

хэмээн дуулахад Хоролмаа уурлан: “Яах гэж гиюүрсэн юм буй? Яв, эртхэн!” хэмээн Юндэнгийн гараас чангаахад Юндэн уурлан: “Яасан ч чамд хамаа үгүй!” хэмээн гарыг дэлэн хүчтэйгээр түлхэхэд Хоролмаа уулын ар руу өнхрөн унана. Юндэн даруй босож Нансалмаа руу очих хэмээтэл хойд уулын араас

Балган
(гарч ирэн Нансалмаагийн дэргэд сууж, ийн дуулна):
Хүсэл сэтгэл дамжигтай ч
Хөх хадгаар нийлүүлсэн шүү!
Төрийн ёсыг дагавал
Түмэн баяр гүйцэлдэнэ шүү!
Цагаан гэрийн дотор
Улаан энгэсгийг түрхэж,
Торго магнагийн дунд
Дураар цэнгэхийг бодох үгүй юу?

хэмээн дуулах дор Юндэн, Нансалмаа руу очих хэмээснээ түр зогсон зүүн уулын баруун хойд хажуу дор гайхан байх бөгөөд Балганы хариу дор

Нансалмаа
(ийн дуулна):
Тэн тэн үгүй ачаа нь
Тэмээ малын зовлон
Тэнцэхээр үгүй амраг
Сэтгэл санааны зовлон
Харлаг царайг чинь үзэхэд
Хамаг бие минь жихүүцнэ
Хэзээ ч намайг авах үгүй шүү!
Хэтийн замаа бод л доо

хэмээн дуулахуй дор

Балган:
Тэнцээр үгүй ачааг
Тэнчин олсоор тэнцүүлдэг юм
Дэнсэлж донсолсон сэтгэл
Тэгсээр байгаад тогтдог юм
Эрх мэдлээ өгье
Эцгийн хөрөнгийг тушаая
Өвдөг дор чинь явъя аа
Өчүүхэн надтай суугаач ээ

хэмээн дуулахуй дор

Нансалмаа:
Уул шиг алт ч хэрэг үгүй
Өчүүхэн амраг хэрэгтэй.
Янагийн хооронд битгий ор
Явдаг газраа тэнүүчил
Алсын зоригоо бодно.
Алтан амиа бодох үгүй
Авлигач муухай аашилбал
Алалцаж байгаад үхнэ

хэмээн Балганыг түлхсэнд, Балган хойд уулын ар руу өнхрөн унана. Түүн дор Юндэн сочих мэт болон бяцхан өндийхүй дор

Нансалмаа
(инээмсэглэн баяртайгаар ийн дуулна):
Шөнийн сүрхий салхинд
Шугуйн навч унав.
Сэтгэл зүрх минь сэрчигнэж
Чиний хойноос тэмүүлэв.
Хүний гар дор орон алдлаа
Хүзүү толгой салан алдлаа
Хүүтэйгээ уулзахыг санасан үгүй
Хурдан янагш ирмүү!

хэмээн дуулахуй дор Юндэн босож Нансалмаагийн дэргэд очин гараас нь барихуй дор Нансалмаа баярласан бахадсан янзтайгаар түүнийг түшнэ.

Юндэн
(ийн дуулна)
Намрын хонгор салхи нь
Найган ганхан салхилна
Намайг чамайг зовоосон
Яасан сүрхий орчлон буй?

Нансалмаа
(хариу дор):
Алтан наран мандаж
Дэлхий дахиныг гийгүүлсээр
Аяа бидэн хоёр
Түүний доор зовсоор

хэмээн дуулахуй дор

Юндэн:
Ингэж хааяа уулзахад
Элэг зүрх минь эмтэрнэ
Энхрий чамайгаа хүсэхэд
Энэрэлт чам руу тэмүүлнэ

хэмээн дуулна.

Нансалмаа:
Харгис хүн хэцүү ч
Халуун сэтгэлийг халхлах үгүй
Халдан түрэмгийлэх нь хортой ч
Хайртай хүү минь хувираа үгүй

хэмээн дуулж Юндэнг тэврэхүй дор Юндэн түүнийг тэвэрч үнсэн тэр хэвээр нэлээд удаан болж салчихсан дараа Юндэн Нансалмаа хоёр хослуулан:

Нарны элч үгүйгээр
Навч цэцэг ургах үгүй
Алтан сайхан гэрэлд чинь
Өчүүхэн бидэн хоёр амраглана
Урьхан хонгор салхинд нь
Уулын нуга ганхана
Удаж уулзсан бидэн хоёр
Уушги тэнийж баярлана
Хөх тэнгэр цэлмийж
Хөвөн үүл хөвсийхөд,
Хүсэж мөрөөдөлцсөн бид хоёр
Хослон явалцах нь сайхан аа
Уудам талд өссөн сөн
Уужим газар дассан сан
Огцом зовлонгоос гэтлэв үү дээ
Одоо хоёул харья даа

хэмээн дуулж сугадалцан уулнаас бууж явтал гэнэт уулын баруун талаас Балган, зүүн талаас Хоролмаа (хоёр) хүнийг дагуулан Юндэн, Нансалмаа хоёрыг эрсэн янзтай гарч ирэх бөгөөд тал тал дор тархан одно. Гэтэл нэгэн хүн “Энд байна” хэмээхүй дор Юндэн барин авч ноцолдон дийлнэ. Удал үгүй тийнхүү Хоролмаа ирэхүй дор Юндэн уурласан байдалтайгаар өндийхүй дор Хоролмаа айн зайлж одно. Бас даруй нэгэн хүн ирж мөн үсдэлцэн дийлж байтал, Балган ирж доороо хийн жанчихуй дор Нансалмаа даруй Балганы ард байсан хутга сугалан авч дүрэх гэтэл Балган босуут хутгаа аваад Юндэнг дүрэн ална.
Юндэн мөнөөх урьдын чулууны дэргэд унана. Хоёр хүн “Чи юунд амины хэрэг гаргав. Маныг хэрэг дор холбогдуулмуу. Чамайг албаны газар хүргэж, бид хэргээс гарна!” хэмээн туслахыг байж харин түүнийг барин хүлж авч одохуй дор Балган арга үгүй болж хөтлөгдөн явах зам дор “Нансалмаа над дор хэрэг үгүй” хэмээн чанга дуугаар хоёр гурав дахин хэлж одно.
Хоролмаа айсан мэт болж “Юндэн над дор хэрэг үгүй” хэмээн мөн чанга дуугаар хэдэнтээ хэлж зугтан одно.
Нансалмаа ганцаар сандран хоцорч Юндэн дээр очиж уйлан бархиран эргүүлж хөрвүүлж бие нүд зүрхийг дарж үзэх бөгөөд нэгэнт үхсэн болохуйяа ихэд гашуудах байдал гарган түүний хажуу дор сөгдөн сууж энэлэнтэй янз гарган толгойг нь илэн уйлан:

Хайртай амраг хүү минь
Гагцхүү намайг хэмээсээр
Хайран амиа алдахад
Гашуудан гашуудан барах үгүй
Эрээлэн ганхах цэцэгт
Өвлийн хүйтэн дайсан аа!
Ижил үгүй хоёр амрагт
Үжид хүн эрлэг ээ!
Орчлонт ертөнцийн наран нь
Олон хүнийг баясгуулна
Орой үдэш шингэвч
Өглөө дахин мандана
Өчүүхэн миний наран нь
Өнөө өдөр эцэслэв
Эгүрдэ (үүрд) дотор минь харанхуй
Энэ насан хэрэг үгүй
Дассан чамаас салаад би
Талд хоцорсон янзага шиг
Дэлхий дахины дээр
Түвдэж оршиход бэрхтэй
Ихэмсэг сайхан уулын хажууд
Энэхүү хуучин чулууны дэргэд
Эхний өдөр баясгалантай асан
Эцсийн өдөр гаслантай аж
Ижлээсээ хагацсан шувуу
Эргэж тойрох нь энэрэлтэй
Эрээс салсан намайг
Өрөвсөх хүн байна уу
Хос үгүй, адил үгүй эр чи
Хоёр үгүй дагасан эм би
Холбох нийлэхийн заяа үгүй бол
Хоёул үхвээс баяр байсан
хэмээн дуулж сүүлчийн бадгийг эхлэхийн үе дор Юндэнгийн цээж рүү шаалттай хутгыг сугалан авахуй бөгөөд дуулж төгсгөхүй дор зүрх рүүгээ шааж унана.

Хөшиг хаана.

ТӨГСӨВ.
1934


"БИ БИШ" ХЭМЭЭХ ЖҮЖИГ


Энэхүү жүжиг дор гарах хүмүүс:

Хуурч Соном- 40 орчим настай
Цэрэнжав - Гэрийн эзэн, 50 гаруй настай
Ханд - Цэрэнжавын эхнэр
Чулуун - хүргэн хүү
Дэнсмаа - Цэрэнжавын охин
Гэ мингийн ноён - гоёмсог ба ихэмсэг
Гэ мингийн дарга
Гэ мингийн цэрэг


НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ


Чанад дор “Эр бор харцага”-ыг дуулж хуурдаж байх үес

Хуурч:
“Унтахаас хэвтэх нь, уухаас наргих нь хэмээсэн юм аа. Аль буй хүүхээд, дуу хөгжим өө!” хэмээн чанга дуун гарахуй дор бүгдээр нирхийтэл инээлдэн хөгжим үргэлжлэхүй цаг дор хөшиг нээнэ.
Цэрэнжавын гэр байна. Хоймор дор гүнгэрваатай бурхан тахисан хуучин хотын нэгэн тохитой айл, зүүн баруун этгээд дор нэжгээд хашлага ор байх бөгөөд үүний баруун талынх нь гоёмсог, тулганы хажуу дахь ширээнүүд дээр тавагтай идээ, аягатай цай, архи, мах зэргийг тавьсан агаад энэ нэгэн энх үзэгдлийн дунд наргиж даргиж баяртай байцгаах бөгөөд баруун этгээд, дээд тал дор Дэнсмаа сууж, түүнийг Чулуун налан, тамхи татаж, дараа нь хуурч хуурдан, түүнийг дагаж Дэнсмаа, “Алим гэдэг амттай, амаар дүүрэн шимүүстэй” хэмээх дууг дуулан байна. Чулуун, Дэнсмаагийн гарыг барьж, харилцан их л амраг байдалтай байна. Хуурч хуурдахдаа их л баяртай найгаж ганхаж алиа янзтай байна. Энэ үе зүүн этгээд, дээд тал дор Цэрэнжав завилан сууж цай уугаад, аягатай цайгаа балгаж тавьж, балгаж тавьж байн байн ийш тийш их л хөгжилтэйгөөр харан инээж байна. Түүний эхнэр Ханд тулганы хажуу дор сууж архи зэргийг аягалж, энэ тэрийг бэлтгэн самбаганаж байна.

Цэрэнжав
(Хуурчийн зүг):
“Өвгөн ч бас сайхан хуурдаад байна шүү”.

Хуурч:
“Хуурдах ч хуурддаг л юм асан. Одоо өтлөөд харин гар хөдлөхөө байж”.

Ханд:
“Соном авгай тэр жил Дэмчигийн хурим дээр бас сайхан хуурдаж байж билээ. Чингэхэд би ч мөн бага байж. Бас дуулж ч байлаа шүү дээ”.

Хуурч:
“Үнэхээр тийм, үгүй Дэнсмаа чамайг дуурайж сайн хуурч (дууч) болох нь байна шүү дээ. Сая дуулж байгааг нь үзэв үү? Хүүхэд байж энэ хэр дуулах гэдэг чинь бэрх юм шүү дээ”.

Цэрэнжав:
“Цаадах чинь дуулахыг нь ч ер нь дуулах санаатай л юм шүү. Харин Соном авгай сайхан зааж өгч үзээрэй. Хуучны үг “Эрхийг сурахаар бэрхийг сур” гэж таны гар хуруунаас дуурайж авбал ашигтай үгүй юу”.

Хуурч:
“Дэнсмаа ч бас хөгжим дор надаас дутуу үгүй болж байна шүү. (Дэнсмаагийн зүг)
Аль буй хүүхээн, шанзаа аваад ир, хоёулаа нэг юмаа нийлүүлж үзье”.
Дэнсмаа (Эргэж шанзыг аван) “Үлэмжийн чанар”-ыг дуулан хамтаар шанз цохиж, хуурч хуурдаж байх дор Цэрэнжав, Ханд, Чулуун нар гайхалдан харилцан сайшаан ярилцаж архинаас балгаж инээлдэн хөгжимдөж (хөгжилдөж) байна.

Ханд:
“Уу, уу” (хэмээн хуурчийг зочилно)

Дараагаар мөн тэр хоёр хуурдан, бүгдээрээ “Арга үгүй амраг” хэмээхийг нийлүүлэн дуулж найрын ид болон инээдэм баяртай хөгжиж байтал, гэнэт хашааны хаалгыг чанга цохихуй дор тэд нар сочин сандарч дуу хөгжмөө огцом зогсоож: “Юу буй, юу буй?” хэмээлцэн бие биес өөдөө ширтэлцэж гайхсан байдалтай байх бөгөөд,

Xанд
(Чулууны зүг)
“Хүү минь гарч үз, гарч үз” (хэмээхүй дор хуурч зай тавин өгнө.)
Чулуун ажиг үгүй янзтай алхуулсаар (алхсаар) хашааны хаалган дээр хүрч нээмэгц чанадаас нь юуны урьд гэнэт нэгэн бууны жадтай үзүүр цухуйхуй дор Чулуун сочих мэт болон хашаа налан зайлна. Урьдаар тэрхүү буу барьсан Гэ мин цэрэг орж ирэн түүнийг нудраад зэрэгцэн зогсмогц дараагаар Гэ мингийн дарга орж Чулуун руу муухай хараад зогсоно. Бас дараагаар Гэ мингийн ноён орж ирнэ.

Дарга:
(Чулууны зүг)
“Суух байшин байна уу?” хэмээн зандрахуй дор

Чулуун (Дуу үгүй хойд байшин руу дохино)
Тэд нар Чулууныг дагуулан хойд байшин дор орно.
Энэ үе гэрт бүхий хүмүүс чагнан агсаар бөгөөд чимээ үгүй болоход нь Ханд үзэхээр гэрийн хаалгаар шагайтал, тэд нар байшин үзээд нөгөө талаар тойрон буцаж ирэхүйг хармагц,
“Гэ мин ирлээ”
хэмээн дуу алдан зогсохуй дор гэрээс Дэнсмаа, Цэрэнжав, хуурч нар архи идээгээ хураан сандран гарч ирэн бүгдээр үүдэндээ шавааралдан зогсож, шивнэлдэн сандарсан байдалтай зогсож байх бөгөөд энэ үе тэдний дэргэдүүр тэдгээр гэмингүүд өнгөрөөд гарахуй дор Гэ мингийн ноён тэд нарыг ихэд ширвэн ажиглах янзтай яваад эргэж зогсон Дэнсмаагийн зүг байн байн ширтэж инээмсэглэн сахлаа илж байх дор хажуу дахь дарга нь “Байшин муу байна, сууж болох үгүй байна”

Ноён:
“Зүгээр, зүгээр засаад суух баа”
хэмээхүй дор дарга цэрэг рүү дохиж хамтаар хойд байшингийн зүг явчихна. Ноён хүүхнийг ажигласаар хоцрох бөгөөд үүн дор Дэнсмаа айсан байдалтай Цэрэнжав нарын араар бултаж байхуй дор ноён даруй гэр дор орно. Бүгдээр дагалдан орно. Чулуун уурласан байдалтай байна.
Ноён зүүн хойно сууна. Түүний дараа Цэрэнжав сууна. Ханд цай хийж өгнө. (Дэнсмаа) зүүн өмнө хатавчин дор зогсоно. Баруун тал дор хуурч сууж ноён дор идээ барина. Их л сандарсан байдал гаргаж басхүү хажуугаар нь алиална. Гэтэл, ноён, аягатай цайг ширээн дээр тавиад, өврөөс янжуур гаргаж татан байн байн Дэнсмаа, Чулуун хоёрын зүг харна.
Удал үгүй мөнөөх дарга орж ирэхүй дор, ноён хятадаар хэдэн үг хэлэн, Чулууны зүг нүдээ хялайн дохио өгөхүй дор дарга ёслоод гарч одно. Дараагаар тэд нар бүгдээр сандарсан байдал хэвээр байх бөгөөд,
Ноён:
(босож баруун тал дор гаран хуурчийн хуурыг авч үзэн):
“Энэ хэний хуур?”

Хуурч:
“За, миний хуур”

Ноён:
“Чи чадна?”

Хуурч:
“Чадна, чадна”

Ноён:
“Хуурд” (хэмээхүй дор)
Хуурч босож хуураа аван хажуу дор нь суун хуурдах бөгөөд доор бичсэн нэгдүгээр дууг дуулна. Энэ үе ноён Дэнсмаагийн дэргэд очиж янжуур өгнө. Дэнсмаа толгой сэгсрэн бяцхан чинагш болохуй дор ноён ханцуйнаас нь татаж дээл малгай энэ тэрийг нь сонирхогч болон гоочилж эхэлнэ. Хүүхэн арга үгүй дөлж сууна.
Хуурч, дуулан хуурдахуй дор ноён ихэд сонирхсон байдалтай байх бөгөөд муугаар хараасныг нь сайнаар магтаж байна хэмээн буруу ухаж, сайн сайн хэмээн өврөөсөө пиуз гаргаж өгч байна. Дэнсмааг ноён гоочлохуй дор, хуурч хуурдахдаа, хуурдаж бүхий гараар ноёныг нудран байхуй дор байн байсаар уцаарлаж хоорондоо ширээ тавин сууна.

Xуурчийн дуулах дуун нь
(Нэгдүгээр дуун):
Хялгасан хуураа хуурдъя даа хэмээсэн юм
Гэ мингийн цэргүүд гүйлдээд байна уу даа
Хангинатал, хангинатал дуулъя даа хэмээсэн юм.
Хаалга үүдээр хөлсөөд байна уу даа
Эртнийхээ дууг эгшиглэе дээ хэмээсэн юм
Илжгэн Гэмингүүд үймүүлээд байна уу даа
Энэхэн Монголын оронд нь бол
Энхээр амьдран суусан юм асан
Урьхан ч хөгжмөө уянгалуулъя даа хэмээсэн юм
Улсын маань сэтгэл тогтвор үгүй болов уу даа
Уул (агула) талынхаа өгүүллийг ярья даа хэмээсэн юм
Ухаан ч санаа минь догдлох болжээ
Холын газраас ховдоглон ирсэн гахайнууд
Хомхой ч шүлсээ хойгуур, урдуур цувруулна
Үнсэнхэн царайлан ирсэн өмхий цагаан чөтгөрүүд
Үмхэх залгихыг эрж үүгээр түүгээр тэнүүчилнэ
Халхынхаа сайхан нутаг дор болбол,
Хагур (хуур) дуугаа наадсаар ирсэн ээ
Хангинасанхан ярууд нь хүн бүхэн баясдаг
Хааяа аяархан болоход нь хамаг бүхэн уярах нь юун билээ
Адуу л унага минь янцгаан унгалдаад
Айраг цагаа минь дүүрэн мэлмэлзэх үед
Агудамхан (уудамхан) ч талдаа уужмаар давхиж
Урт л дуугаа хангинатал дуулдаг билээ
Шар л хүрэмтнүүд хар л магнагтанууд
Шашны л дайсан, төрийн л хулгайчууд
Сайхан газрыг минь шунахайчууд дор худалдаад
Саруул нутгийг минь бузар хүмүүсээр дүүргэв.
Тунгалаг сайхан тэнгэртэй төрсөн миний нутаг аа
Түмэн эхээ дуулан түрж найрлан хөгжилддөгийг
Мойног хуруу мохис хийж, морин хуур дон хийхүй дор
Монгол ах дүү та нарын сэтгэл үл хөдөлнө”

Ноён:
(Улмаар Дэнсмаа дор ойртож)
“Чиний царай яасан цэвэрхэн байна”
(хэмээн гараас нь барьж үжидлэхүй дор хүүхэн Чулуунруу зүтгэнэ). Чулуун муухай харан босож ирнэ.
Ноён, хүүхнийг тавьж, бас өмнөөс нь босон ширээний өмнө харилцан харж хялайлцан зогсмогц,

Хөшиг хаана


ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ


Орой үдэш Цэрэнжавын хойд байшин дор Гэ мин ноён, Дэнсмаа, хуурч гурав байх бөгөөд бяцхан ширээ зассан, нэгэн цэрэг элдвийг зөөн, ноён, хуурч хоёр архи ууж басхүү хааяа хааяа хар тамхи сорно.

Хуурч хуурдан, Дэнсмаа шанз цохин,
1. Цагаан сар
2. Жий-Жиү хот
3. Өндөр Диан эдгээрийг дуулна. Ноён Дэнсмааг дэргэдээ суулган баяртай байна. Дэнсмаа дор архи өгнө. Дэнсмаа үл ууна.
Хуурч дор архи өгнө. Хуурч өгснийг уухаар үл барам өөрөө хийж ууна. Хуурч хуурдана, дуулна, алиална.
Ноён, өөрөө байн байн ууж, согтох тутам Дэнсмааг улам улам гоочлон гарыг нь барьж өвөр дээрээ суулгаж үнсэх зэргээр аашлан байгаад удал үгүй өөрөө салгалан өнхөрч унана. Энэ үе дор Дэнсмаа гарч одно. Хуурч ганцаараа архинаас нь уугаад ноёны толгойн тус газар их зантай сууж ийн дуулан хуурдана.

Хоёрдугаар дуун:
“Харийн газраас ирсэн
Хамуутай зэвхий нохойнууд
Халхын хүүхнийг үнэртэж
Хамар амаа долоомуу чи
Үнсэн өнгөтэй чөтгөрүүд
Өлөгчин саарал гичийнүүд
Өлссөн гэдсээ хооллож
Өвчүү цээжээ маажилмуу чи
Хэдэн мянган газрын
Хяр уулын хунхуузууд
Хэл амаа шилбэж
Хэдэргэн соёогоо ярзайлгамуу чи
Орон байшин бэдэрсээр
Орж ирсэн тэнэмлүүд
Өнгөтэй хүүхнийг үзээд
Өлөн шүлсээ гоожуулмуу чи
Харангассан гэдсээ цэдийлгэж
Хар архиар халууцуулмуу чи
Харгис толгойгоо мансууруулж
Хараалгаж зүхэхдээ таарав уу чи
Зандчилан хөмсгөө атируулж
Чоно шиг нүдээ буруулмуу чи
Завж уруулаа саагиулж
Залгиж чадахаа байв уу чи
Өлссөн гэдсээ шандууруулаад
Өвөр дээрээ бөөлжмүү чи
Өнгөлзсөн санаа чинь үхэтхийгээд
Үнсэн царай чинь зэвхийрнэ
Хувхай толгой чинь унжаад
Хоймор сууж чадах үгүй еэ чи
Хоёр гараа хугасхийгээд
Хог дээр хэвтвээс таарна.
хэмээн дуулж бараад бас архи уун, тамхи татан дэмий хуурдан байх ба заримдаа ноёныг хөдлөхүй дор сочиж хуураа дуугарган, эс хөдлөхөд нь архи уун юмаа идэж байна. Гэтэл,

Ноён
(сэрнэ):
“Дэнсмаа хаачсан буй?” хэмээн байн байн асууна.

Хуурч:
“Мэдэх үгүй, мэдэх үгүй”, хэмээн заримдаа хуурдан заримдаа инээн алиалан байна.

Ноён:
“Чи мэднэ, олж өг. Хэл!” (хэмээн давшлан буу гаргахуй дор),
Хуурч сандран байтал, Дэнсмаа гаднаас айсан байдлаар ирэхүй дор,

Ноён:
“Миний хүү ирэв үү, ирэв үү”
хэмээн босон харайн тосож гараас нь барин авчрахуй дор,

Дэнсмаа
“Миний ахыг танай цэрэг барьж гэнэ” (хэмээн уйлна).

Ноён:
“Чиний ах хэн буй?”

Дэнсмаа:
“Миний ах Чулуун” (хэмээн бас уйлна.)

Ноён:
(тэвэрч)
“Зүгээр зүгээр” (хэмээн хонх дарахуй дор цэрэг ирнэ).

Ноён:
(Хятадаар түүн дор үг хэлээд гаргана) (Хүүхнийг үнсэж таалж байх бөгөөд)
“хуурчийг хуурд” хэмээнэ. “Хүүхнийг дуул” хэмээнэ.
Хуурч Дэнсмаа хоёр хуурдаж дуулж байтал Чулууныг нэгэн цэрэг дагуулан ирнэ.
Ноён, цэргийг гарган, Чулууныг суулгаж салгалан босож түүн дор архи хийж өгнө.
Мөн өөрөө ууна. Чулуун архийг сэмхнээр асгана. Ноён хэд хэд уугаад эцсийн хундагыг ноён барьж Чулуун дор ийн хэлнэ.
Ноён:
“Би, өнөө орой танай дүүтэй жаахан жаахан жаргаж байна. Чи миний хүүхний ах тул би чамайг тавиулсан. Одоо чи бид хоёр бас ах дүү хоёр байна. Одоо чи миний цэрэг бол. Бас сүүл дор чамайг дарга болгоно!” хэмээн өөрийн бууг, “Би чамайг шагная” хэмээн өгөхүй дор Чулуун хүлээн авна.
Хуурч, сэмхнээр дохихуй дор өвөртөө хийгээд дуугүй сууна.
Ноён бас архи ууна. Хуурч дор өгнө.

Ноён:
“Дуул, хуурд”
хэмээнэ. Хуурч хуурдана. Дэнсмаа дуулж байна.
Ноён, Дэнсмааг гоочлон байгаад удал үгүй түүнийг дэрлэн унахуй дор Чулуун босож мөнөөх бууг гарган ноёны толгой руу буудах гэх дор

Дэнсмаа:
“Чулуун чи байз, байз, одоо болох үгүй”.
Хуурч мөн хориглоно.


ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ


Хөшиг нээмэгц. Шөнийн байдлын дунд Цэрэнжавын гэр байна. Цэрэнжав, Ханд, хуурч, Дэнсмаа нар цугаараа байх бөгөөд Чулуун цэрэгт явахыг төхөөрч байна.

Хуурч:
“За, хүү минь, Бүргэдэй уулын ар дор цаадуул чинь цуглаж байгаа буй. Өнөө шөнөдөө яваад л очиж нийлж үзэхийг бодоорой. Эр хүн санасандаа, чоно зуусандаа гэдэг юм шүү”.

Чулуун:
“Гайгүй морь сайн даа, хүрэл үгүй дээ”

Цэрэнжав:
“Ханд аа тэр үстэй дээлийг гаргаж өг”
Ханд, Дэнсмаа хоёр (богц дор) юмаа хийж төхөөрөн байна. Хойд байшингийн цонхоор гэрэлтэй бөгөөд дотор нь хятадаар хуалж наргин бүхий чимээ сонстож байна.

Хуурч:
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Жүжгийн Зохиол - 3
  • Büleklär
  • Жүжгийн Зохиол - 1
    Süzlärneñ gomumi sanı 4042
    Unikal süzlärneñ gomumi sanı 1648
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Жүжгийн Зохиол - 2
    Süzlärneñ gomumi sanı 4049
    Unikal süzlärneñ gomumi sanı 1701
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Жүжгийн Зохиол - 3
    Süzlärneñ gomumi sanı 4141
    Unikal süzlärneñ gomumi sanı 1643
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Жүжгийн Зохиол - 4
    Süzlärneñ gomumi sanı 4711
    Unikal süzlärneñ gomumi sanı 1675
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Жүжгийн Зохиол - 5
    Süzlärneñ gomumi sanı 4310
    Unikal süzlärneñ gomumi sanı 1776
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Жүжгийн Зохиол - 6
    Süzlärneñ gomumi sanı 4343
    Unikal süzlärneñ gomumi sanı 1687
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Жүжгийн Зохиол - 7
    Süzlärneñ gomumi sanı 4171
    Unikal süzlärneñ gomumi sanı 1717
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Жүжгийн Зохиол - 8
    Süzlärneñ gomumi sanı 4193
    Unikal süzlärneñ gomumi sanı 1751
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Жүжгийн Зохиол - 9
    Süzlärneñ gomumi sanı 78
    Unikal süzlärneñ gomumi sanı 48
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.