Latin

Зэр Зэвсэг Минь Баяртай - 12

Süzlärneñ gomumi sanı 4610
Unikal süzlärneñ gomumi sanı 1859
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Хоёр цагдаа ирж дэд хурандааг эрэг тийш аваачив. Толгой нүцгэн тэр өвгөн бороонд хоёр цагдаагийн дунд орж явсан бөгөөд би буудахыг нь харсангүй, зөвхөн буун дууг нь сонсов. Тэд дараах хүнийг нь байцааж байна. Тэр хүн бас ангиасаа тасарсан офицер байлаа. Учирлах гэхэд нь зөвшөөрсөнгүй. Өврийн дэвтрийн хуудсанд бичсэн ялын тогтоол уншихад тэр уйлж, түүнийг буудан алахад нөгөөдүүл дараачийн хүнийг байцааж байв. Байцаалгаж дөнгөж дууссан хүнийг голын захад аваачиж буудах үед дараачийн хүнийг байцааж байх гэж тэд ямагт яарч буй ажээ. Үүнээс үзэхэд энд яах ч аргагүй нь илэрхий байлаа. Хүлээж байцаалгах уу эсхүл даруй зугтах арга бодох уу гэдгээ би мэдэхгүй байв. Би итали цэргийн хувцастай герман болж таарах нь илэрхий байлаа. Хэрэв тэд ухаантай сан болоод ухаанаараа боддог сон бол юу бодож буйг нь би төсөөлж байлаа. Тэд цөм залуус агаад тэд эх орноо аварч буй ажээ. Тальяментад хоёрдугаар армийг дахин бүрэлдүүлж буй болно. Ангиасаа л тасарсан байвал тэд хошууч болоод түүнээс дээш цолтой офицерыг ч буудан алж байлаа. Тэрчлэн итали цэргийн хувцастай германы ухуулагчдыг бас яллаж байв. Тэд болон мөн хэдэн цагдаа төмөр малгай өмсжээ. Бусад цагдаа нь өргөн хүрээтэй бүрх өмссөн бөгөөд бид тэднийг онгоц гэж хочилдог билээ. Бид бороонд зогсож, нэг нэгээр маань гарган байцааж буудна. Алах ялаас амь хэлтэрсэн хүн өдий болтол нэг ч гарсангүй. Бусдын амьдралыг тооцоолохдоо тэд дэндүү хүйтэн хандаж хууль зүйг үл хайхрах агаад гэтэл тэдний амьдралыг заналхийлсэн зүйл ер үгүй байна. Тэд одоо замын хорооны хурандааг байцааж байна. Бас л гурван офицер авчрав.
— Хороо чинь хаана байна? гэв.
Би цагдаа нарыг ажлаа. Шинэ барьж ирсэн хүмүүсийг тэд харж, бусад нь хурандааг харсаар байв. Би гэнэтэд ухасхийж хоёр сахиулын дундуур харайгаад, гол руу бөхийн зугтав. Эрэг хүрээд бүдрэн ус хүчтэй цацан орлоо. Ус тун хүйтэн байв. Би чадах чинээгээрээ усан доогуур шургав. Урсгал дагуу урсаж явлаа. Амьсгаагаа барьж ядталаа би усан дор шумбаж байлаа. Тэгээд дээшээ цухуйж амьсгаа авмагцаа дахин усан доор орлоо. Бүрэн хувцастай, шаахайтай тул усан дор шумбахад хялбар байна. Хоёрдох удаа амьсгаа авахдаа би өмнөтэй урсаж буй гуалинг харж түүнийг гүйцэн нэг гараар зуураад ард нь толгойгоо нууж юм харахыг ч бодсонгүй. Эрэг рүү харах дургүй байлаа. Эхлээд гүйхэд, дараа нь анх түрүүн амьсгаа авахад буун дуу сонстож билээ. Гүехэн усан доогуур хөвөхөд ч буун дуу сонстон байв. Одоо буун дуу дуулдахгүй байна. Усан дээгүүр гуалин займарч би нэг гараараа зууран, эрэг тийш харахад тун хурдан жирэлзэн өнгөрөх шиг болно. Холын захаар их ой өнгөрнө. Ус тун хүйтэн байна. Бут ургасан жижигхэн арал өнгөрлөө. Би гуалингаас хоёр гардан барьж урсав. Эрэг үзэгдэхээ болив.


XXXI

Түргэн урсгалтай голоор хөвөхөд удсан удаагүйг мэдэхүйеэ бэрх билээ. Удсан мэт санагдах боловч тун удаагүй байж ч болно. Ус хүйтэн агаад тун их байлаа. Үерлэх үед эрэг дээрээс хамагдсан янз бүрийн юм зөндөө урсана. Аз болоход хүндхэн гуалин тааралдаж, би зуурч бариад хүйтэн усанд биеэ эгцлэн эрүүгээ модон дээр тавьж, хоёр гараар барихад хялбарчилж ядна. Би шөрмөс татахаас айж, эрэг тийш урсаж очоосой гэж хүснэ. Холуур тахирлан урссаар байв. Үүр тэмдгэрч эргийн бут харагдахаар болов. Өмнө талд бут ургасан арал харагдаж усны урсгал тэр эрэг тийш чиглэв. Гутал хувцсаа тайчиж хаяад сэлж эрэг хүрье гэж бодож байснаа болив. Яаж ийгээд эрэг дээр гарна гэж би бат итгэж байсан бөгөөд гуталгүй болчихвол харин хэцүү болно. Юуны өмнө Местре хүрэх хэрэгтэй.
Эрэгт нэг ойртож, нэг холдож алгуур хөвөн хөвсөөр бүр ойртож бургасны мөчир танигдах болов. Гэтэл гуалин гэнэт эргэж эрэг ар талд гарав. Би усны эргүүлэгт оржээ. Тэгээд нэгэн байрандаа алгуур эргэлдэв. Эрэг дахин харагдаж бүр ойрхон болоход нэг гараар гуалингаас барьж нөгөө гараар самран хөлөөрөө сэлж эрэг тийш ойртох гээд гуалингаа татаж дийлсэнгүй. Эргүүлгийн дунд орчих вий гэж би ихэд айж байв. Тэгээд нэг гараараа гуалингаас барьж хөлөөрөө гуалинг жийж хүчлэн эрэг тийш үсрэв. Эхлээд бут харагдсан боловч хүчин зүтгэл минь талаар өнгөрч би урсгалд автан нөгөө тийшээ хөвөв.
Шаахайнаасаа болж живэх нь гэж хачин их аймшиг төрөөд хамаг хүчээрээ устай тэмцэлдэж нэг хартал над руу эрэг ойртож ирэх шиг болоход айхавтар хүнд хөлөө татан эрэг хүртэл самчиж бургасны мөчрөөс зууран барьж зүүгдэв. Татаад гарчих тамиргүй боловч живэхээс өнгөрсөн гэж бодож байлаа. Гуалингаас барьж явахдаа ч би ер живнэ гэж бодоогүй сэн билээ. Хүчилснээс болж дотор балартахад мөчрөөс барьсан хэвээр түр хүлээгээд дотор онгойход жаахан ахиж, бас жаахан амарч, бут тэврэн мөчрөөс зүүгдэж тэг тэгсээр уснаас гараад бургасан дундуур орж эрэг дээр гарав. Үүр бараг цайгаад хүн амьтан үзэгдэхгүй байна. Би газар хажуулдаж хэвтээд усны шуугиан, борооны чимээ чагнан байв.
Хэсэг байснаа босож эрэг дагаж явав. Латизан хүртэл нэг ч гүүр байхгүй гэж би бодов. Барагцаалбал Сан-Битогийн нөгөө талд явж байна гэж би бодлоо. Тэгээд би цаашид хэрхэх тухайгаа бас бодов. Өмнө талд гол руу орсон суваг байна, Би тийш очив. Тэр орчинд хүнгүй тул би сувгийн эрэг дээр бутны ёроолд сууж шаахайгаа тайлж усыг нь асгав. Тэгээд цэрэг цамцаа тайлж хажуу хадааснаас нь баримт мөнгө сэлт нь нэвт норсон түрийвчээ авч цамцаа мушгив. Мөн өмдөө тайлж шавхраад дараа нь дотуур өмд цамцаа тайлж усыг нь базав. Биеэ би алгаараа нэлээд илбэж барилж байгаад дахин хувцаслав. Би малгайгаа гээсэн байна.
Цэрэг цамцаа өмсөхийн өмнө би ханцуйнаас нь цэмбэн таван хошуудыг авч мөнгөтэй хамт хажуу халаасанд хийв. Мөнгө маань норсон боловч бүтэн байна. Би мөнгөө тоолж үзэв. Гурван мянга гаран лир байлаа. Хамаг хувцас нойтон учир биед наалдана. Биеэ сэргээх гэж би хоёр гараа даллаж үзэв. Би ноосон дотуур хувцастай тул, яваад байвал лав хатгалга тусахгүй биз. Гар бууг минь замд хураасан учир гэрийг нь би цамц дотуураа нуув. Цувгүй болоод бороонд би даарч байлаа. Тэгээд би сувгийн эрэг дагаж явлаа. Үүр бүр цайгаад, эргэн тойрон нойтон, эзгүй уйтгартай ажээ. Эзгүй тал нойт дааж тэртээ захад нь гонх ёрдойно. Би замаар орж явлаа. Гэтэл тэр замаар өмнөөс чиглэн явган цэргийн отряд айсуй явна. Би хазганан замын зах барьж явахад цэргүүд намайг ер тоолгүй хажуугаар өнгөрөв. Тэд гол орж яваа пулемётын анги ажээ. Би цааш одов.
Тэр өдөр би Венецийн талыг тууллаа. Тэрхүү тэв тэгш нам дор газар нь бороонд бүр ч мэлтийн харагдана. Тэнгис талдаа элсэн хошуу олонтой агаад зам багатай, тэр талыг гатлахад, тэнгист цутгах голын адгаар хэрэн, суваг дагуух зөргөөр явна. Тэр талаар би умраас өмнө зүг чиглэн» төмөр замын хоёр шугам, мөн олон зам огтлон гарч нэгэн зөргөөр орж явтал, элсэн тохой захлан одсон төмөр зам тааралдав. Тэр нь Триест-Венецийн зам агаад өндөр бөх далантай, өргөн бат хос замтай юм. Цааш хэсэгхэн явтал түр зогсоол тааралдаж, харуул зогсож харагдав. Замын нөгөө талд элсэн тохой руу урссан гол гардаг гүүр байна. Гүүрийн тэнд бас харуул зогсоно. Тал дундуур би умар тийш эргэн явтал галт тэрэг яваа харагдав. Цэлгэр талд холоос харагдах галт тэргийг үзээд би, Портогруарогоос яваа энэ галт тэргэнд үсрэн гарч болох болов уу гэж бодов. Тэгээд би харуул тийш хараад, далангийн ирмэг налан хэвтэв. Замын хоёр тал нэлэнхийдээ харагдаж байлаа. Гүүрийн хажуу дах харуул, зам дагуу намайг чиглэн хэд алхсанаа, эргэж гүүр тийш явав.
Өлсгөлөн би бээр галт тэрэг хүлээж хэвтэв. Холоос харагдах тэр галт тэрэг ихээхэн урт учир биеэ дааж ядан алгуур явах бөгөөд, явуут дунд нь үсрэн гарч болмоор санагдана.
Хүлээж ядан байтал галт тэрэг ч ойртон ирлээ. Галт тэрэг яг намайг чиглэн тодрон тодорсоор. Би эргэж харуул тийш харлаа. Харуул, замын нөгөө талын гүүрний наад үзүүрт явж байна. Галт тэрэг хүрч ирэхдээ намайг харуулаас хаахаар байлаа. Тэгээд би галт гэрэг ойртохыг харав. Галт тэрэг уухилан явна. Тун урт аж. Галт тэргэнд манаа буй гэж бодоод би олж харъя гэтэл үзэгдчих байх гэж айгаад чадсангүй. Миний хэвтэж буй газарт галт тэрэг бараг зэрэгцэж толгой нь дэргэдүүр гарахдаа уухилан, доорх газраа үлээн машинч нь ч харагдахгүй болж өнгөрөхөд бид босож, манаа нь цонхоор харсан ч сэжиг авахааргүй, замын дэргэд ойртон хэсэг зогсов. Ачааны хэдэн битүү вагон өнгөрлөө.
Дараа нь дээгүүрээ брезент татсан эндхийнхний гондол гэж нэрлэдэг намхан задгай вагон залгаатай харагдав. Би тэр вагоныг бараг өнгөрмөгц үсрэн гараад хажуугийн бариулаас атган тогтов. Тэгээд би, гондол болон, дараагийн ачааны битүү вагоны хоорондох тавцан дээр гарлаа. Намайг лав хүн олж хараагүй байх гэж бодлоо. Тэгээд би залгуур руу жийж бариулаас барин суув. Гүүр хүрч ирэхийн үед харуул санаанд оров. Хажуугаар нь өнгөрөхөд харуул намайг харлаа. Тэр бараг хүүхэд агаад дэндүү том төмөр малгай нүдийг нь таглажээ. Ихэмсэг янзтай харахад минь тэр эргэж, галт тэрэгний бригадын хүн гэж бодов бололтой галт тэрэг өнгөрөн өнгөртөл тэр харуул тайван хэвээр харж байв. Брезент яаж бэхэлснийг үзэхээр би тонгойв. Зах нь цагаригтай бөгөөд олсоор уясан тул би хутгаа гаргаж огтлоод гараа оруулж тэмтрэхэд бороонд норсон хатуу хөөнгө зүйл байна. Урагш харвал, урд талын вагоны тавцан дээр манааны цэрэг өөр тийш харж зогсоно. Тэр даруйд нь брезент доогуур шургав. Духаараа нэг юм мөргөж, нүд харанхуйлаад нүүр рүү цус урсах шиг болоход улам цааш орж элэглэн хэвтэв. Тэгээд би эргэн босож брезентийг дахин бэхлэв.
Би брезент дор тос, керосин ханхалсан зэвсэг дотор хэвтэн дугуйн түргээн, борооны чимээ чагнан байв. Гаднаас нэвтэрсэн бүдэг гэрэлд би брезент ууттай зэвсэг ажин, гуравдугаар армиас илгээсэн зэвсэг байхдаа гэж бодно. Духан дээр минь булдруу тогтжээ. Би цусыг нь тогтоон, зогсоох гэж хөдлөлгүй хэвтээд шархыг нь хөндөлгүй хатсан цусыг нь маажихад өвдөхгүй байлаа. Надад алчуур байсангүй тул брезентээс гоожиж буй борооны усаар хатсан цусны үлдэгдлийг норгон хурууны өндгөөр угаагаад ханцуйгаараа цэвэрлэн арчив. Намайг хараад хүн сэжиг авахгүй байх ёстой. Местре хүрэхээс өмнө би буух хэрэгтэй. Яагаад гэвэл тэнд хүн ирж зэвсэг шалгана. Энэ зэвсэг цөөн учир хүн төөрөөд байх юм алга байна. Би тун ч өлссөн байв.


XXXII

Би брезент доорх тавцангийн банзан дээр зэвсэг дунд, норсон, бээрсэн, ихэд өлссөн хэвтэнэ. Тэгээд би эргэн түрүүлгээ харан гараа дэрлэв. Өвдөг минь шархирна. Гэвч түүнд зовж гомдох юмгүй. Валентин хийдгээ сайн хийсэн. Би түүний хийж өгсөн энэ өвдгөөр ухралтын хагасыг явган туулж, Тальяментол хэсэг зуур сэлсэн. Үнэндээ түүний хийж өгсөн өвдөг шүү дээ. Нөгөө өвдөг нь минийх юм. Эмч хүн биед чинь элдэв юм хийнэ. Тэгээд тэр нь чинийх бус болно. Толгой минь минийх, гэдэс дотор минь мөн минийх билээ. Одоо тэр гэдэс дотор тун их өлсөж, хамаг юм нь мушгиралдана. Толгой минь минийх боловч захирагдахгүй, юм бодоод л, өнгөрснийг дэндүү санагдуулах юм.
Би Кэтринг санаж болно. Гэвч дахин уулзах эсэхээ мэдэхгүй. Тэр хүүхнийг санаад бодоод байвал би галзуурч ч магадгүй. Би тэр хүүхнийг бодохгүй байх гэж хичээлээ. Яах вэ, Тэр хүүхний тухай түргэхэн бодъё. Яах вэ, дугуй удаахан эргэх зуурхан л бодъё. Гэрэл брезент нэвтлэн бүдэгхэн цацарна. Би Кэтринтэй хамт тавцангийн банзан дээр хэвтэж байна. Тавцангийн банзан дээр нойтон хувцастай хэвтэхэд хатуу агаад бодол арилж, зөвхөн мэдрэн байна. Дэндүү удаан уулзахгүй явжээ. Банз ёврон ергөнө. Дотор сэтгэл уйтгартай, гагцхүү нойтон хувцас биед наалдаад, эхнэрийн оронд хатуу банз л байна.
Брезент дор зэвсэг дунд тун аятай таатай буй боловч бороо нэвтэрдэг брезент төмөр тос үнэртсэн брезент дугтуйтай зэвсэг ачааны тавцангийн банзанд дурлаж болохгүй. Харин өдгөө дүрслэн бодох зүсгүй ч гэсэн өөр нэгэн хүнд чиний хамаг дурлал чиглэн буй. Дэндүү хүйтэн хурц хараагаар өдгөө хий ширтэн байнам даа. Хүйтэн ч гэхээргүй, харин хурц хоосон гэмээр аж. Нэг арми ухарч, нөгөө арми давшсаныг үзсэний эцэст түрүүлгээ харж хэвтээд хоосон харцаар хий ширтэн байнам даа. Түймэр гарахад тасгийнхаа барааг шатаг гэсэн худалдагч шиг би машин хүнээ сөнөх болгосон билээ. Гагцхүү эд агуурс нь даатгал үгүй байжээ. Өдгөө тэгээд түүнээсээ амсалцан байна. Одоо өөр хийх алба байхгүй. Дэлгүүр шатсаны дараа, урьдын адил худалдагчид нь хувь нийлүүлэгчтэй ярилцаж байвал буудан алдаг сан бол, дэлгүүр дахин онгоймогц худалдагчид эргэж ажиллана хэмээн хэн ч хүлээхгүй нь лавтай билээ. Хэрэв өөр ажил байгаад цагдаа баривчлаагүй бол тэд өөр ажил хайх болно.
Хорсол үүрэг хоёрыг минь цугт нь голын ус угаачихсан. Тэр ч байтугай, захнаас минь цагдаа барьж авах үед л би үүргээ умартсан. Гадаад байдлаараа би уг хэрэгт нэн холбогдолгүй боловч цэрэг хувцсаа тайлмаар санагдлаа. Тэгээд би сэтгэлээ л тайтгаруулах гэж таван хошуудаа ханз татав. Энэ ч нэр төрийн хэрэг биш. Би ер нь хүнд муу санаж яваагүй. Зүгээр л би тэр нэг юмыг алсан. Би тэднийг ер сайн яваасай гэж хүсдэг байсан. Тэдний зарим нь сайн санаатай зоригтой, тэсвэртэй, ухаантай байсан болоод ч амжилт олсон. Тэр ч одоо надад ямар хамаа байх билээ. Харин энэ новшийн галт тэрэг бушуухан Местре хүрээсэй. Тэгвэл нэг юм идэж, бодлоосоо ангижрах юм сан. Ангижрах ч ёстой.
Намайг буудан алуулсан гэж Пиани хэлнэ. Буудан алуулсан улсын өвөр түрийг нэгжиж баримт бичгийг нь авдаг. Миний баримт бичиг олдохгүй. Намайг живсэнд тооцож ч болно. Нэгдсэн Улсад юу гэж мэдээлэх болдоо. Шарх буюу өөр шалтгаанаар үхсэн гэнэ. Даанч их өлсөж байна даа. Манай лам яасан бол доо. Ринальди яасан бол доо. Порденонд очсон болов уу. Цааш ухраагүй л бол тэнд бий. За дээ, бид хоёр дахиад ер уулзахгүй биз. Дахиад би хэнтэй нь ч ер уулзахгүй биз. Тэр нэгэн амьдрал төгсжээ. Ринальди тэмбүүрсэн нь үнэн гэж үү дээ. Яалаа ч, цагт нь л эмнэвэл, тэр ч тийм хэцүү өвчин биш гэдэг дээ. Гэхдээ тэр сандарна. Би ч бас сандарна. Ер хэн хүн сандарна.
Би бодох л гэж төрөөгүй. Би идэх гэж төрсөн. Хар чөтгөр гэж дээ. Идэж, ууж Кэтринтэй унтах гэж төрсөн. Өнөөдөр ч магадгүй. Тэр ч худлаа. Тэгвэл маргааш сайн хооллож, цагаан даавуу дэвсэж, дахиад хаашаа ч явалгүй, дандаа хамт байх гэж үү дээ. Тун удалгүй явах болно биз. Тэр явна. Түүнийг явна гэж би мэдэж байна. Хамт хэзээ явах вэ? Чухам энэ тухай л бодох хэрэгтэй. Харанхуй болж байна. Хаашаа явахаа бодож би хэвтэнэ. Явах газар зөндөө байна.


ДӨТГӨӨР ДЭВТЭР


XXXIII

Милан хотод өглөө эртүүр, үүр цайхаас өмнө галт тэрэг буудалд ойртон хурдаа алгуур саамагц би үсрэн буулаа. Би далан гараад, нэгэн, барилга дундуур явж, гудамжинд гарав. Нэгэн зуушны газар онгорхой тул кофе цай уухаар орлоо. Дарстай аяганы нойтон мөр, халбага дүрсэн кофе цайтай аяга харагдаж тоостой холилдсон өглөө эртийн үнэр татна. Лангууны дэргэд эзэн нь зогсож, хоёр цэрэг ширээний цаана сууна. Би лангуун тийш очиж, аяга кофе цай уугаад, зүсэм талх идэв. Сүлсэн кофе цай сааралтаж, хөөсийг нь би талхны хальсаар хамав. Эзэн нь намайг ажиглана.
— Аяга граппа дарс уух уу?
— Үгүй ээ. Баярлалаа.
— Үнэ авахгүй гээд багахан аяганд дүүргэн над руу дөхүүлээд:
— Фронтод сонин юу байна? гэж асуув.
— Мэдэхгүй.
— Эд согтуу байна гэж ширээний цаана суугаа хоёр цэргийг заав. Үнэхээр ч тэр хоёр согтуу аж.
— Фронтод сонин юу байна, яриач! гэж тэр хэлэв.
— Фронтын тухай би юу ч мэдэхгүй.
— Буухыг чинь би харсан. Чи галт тэрэгнээс харайж буусан.
— Ухарч л байна.
— Би сонин уншдаг. Шинэ юм юу байна? Хэзээ дуусах вэ?
— Болоогүй байхаа.
Банхгар лонхноос граппа дарс аягалаад
— Хэрэв та будилаантай бол би нууж чадна шүү гэв.
— Над будилаантай юм байхгүй.
— Хэрэв будилаантай бол энд бай.
— Энд хаана нь?
— Манайд бай. Олон хүн бий. Будилаантай хүмүүс ер нь энд суудаг юм.
— Тийм хүн олон уу?
— Юун тухайгаасаа болно. Чи өмнөд америкийн хүн үү?
— Үгүй.
— Испаниар ярьдаг уу?
— Бага зэрэг ярьдаг.
Тэгээд тэр лангуугаа арчив.
— Одоо хил давахад хэцүү, гэхдээ болно.
— Би давах гээгүй.
— Тэгвэл энд хэдий хүртэл ч байж болно. Намайг ямар хүн болохыг мэдэж болно.
— Би одоо явъя. Би хаягийг чинь марталгүй, эргэж ирье.
Тэр толгой сэгсрээд:
— Ингэж ярьж байгаа хүн ч эргэж ирдэггүй дээ.
Би үнэндээ таныг будилаантай хүн гэж бодсон юм.
— Надад ер будилаан байхгүй. Гэхдээ танилынхаа хаягийг мэдэж байх таатай л даа.
Кофе дайны үнэ төлж, би арван лир лангуун дээр тавив.
— Надтай граппа дарс уугаач гэж би хэлэв.
— Уух албагүй.
— Уугаач.
Тэр хоёр аяганд хийв.
— Мартахгүй биз. Наашаа ирээрэй. Өөр хэнд ч бүү итгэ. Чи энд сайн байж болно.
— Би итгэж байна.
— Итгэж байна уу?
— Итгэж байна.
italki
Тэр намайг ихэд анхааралтай харав.
— Тэгвэл би чамд нэг юм захья. Энэ хувцастайгаа битгий гадуур яв.
— Яагаад вэ?
— Таван хошууд мулталж авсан ор нь ханцуйн дээр чинь өнгө ялгарч харагдаад илхэн байна.
Би дуугүй л байв.
— Хэрэв чамд бичиг байхгүй бол би олж өгч болно.
— Ямар бичиг вэ?
— Чөлөөний бичиг.
— Надад тийм бичиг хэрэггүй. Надад бий.
— За, хэрэв бичиг хэрэгтэй болбол би ямрыг ч олж өгч чадна шүү гэж тэр хэлэв.
— Тийм бичиг ямар үнэтэй байх вэ?
— Ямар бичиг гэдгээсээ болно. Үнэ багатай.
— Одоо надад юу ч хэрэггүй гэхэд минь тэр мөрөө хавчисхийн.
— Надад бүх юм ёсоороо бий гэж би хэлэв.
Тэгээд намайг гарахад тэр:
— Би нөхөр чинь гэдгийг бүү мартаарай гэв.
— Мартахгүй.
— Дараа уулзъя.
— Заавал уулзана гэж би хэлэв.
Тэндээс гараад би, буудлын түүгээр цэргийн эргүүл байж магадгүй газрыг тойрч, бяцхан цэцэрлэгийн хашааны гаднаас сүйх тэрэг олоод цэргийн эмнэлэг хүргэнэ үү гэж хөтчид хэлэв. Цэргийн эмнэлэг очоод хаалгачийн өрөөнд ороход хаалгачин гар барин угтаж, эхнэр нь намайг үнсэв.
— Эргээд ирэв үү! Эрүүл биз!
— Тийм ээ.
— Цайлсан уу?
— Цайлсан
— Бие сайн биз дээ, дэслэгч ээ? Бие сайн уу? гэж эхнэр нь асууна.
— Сайн сайн
— Бидэнтэй цуг цайлах уу?
— Зүгээр баярлалаа. Баркли, хүүхэн одоо энд бий юу?
— Сувилагч хийдэг англи хүүхэн.
Амраг нь гэж эхнэр нь хэлээд миний мөрийг илбэж инээмсэглэв.
— Байхгүй, явчихсан гэж хаалгачин хэлэв. Дотор аягүй оргив.
— Та сайн мэдэж байна уу? Өндөр, цагаан, залуухан англи хүүхэн шүү дээ.
— Мэдэж байна. Стрез орохоор явсан.
— Хэзээ явсан бэ?
— Хоёр хоногийн өмнө, бас нэг англи сувилагч хүүхэнтэй явсан.
— За, би та нараас нэг юм гуйя. Надтай уулзсан гэж хэнд ч битгий яриарай. Үүнийг эрхэмлэж гуйя.
— Би хэнд ч хэлэхгүй гэж хаалгачин хэлэв.
Би түүнд арван лирийн дэвсгэрт гаргаж өгөхөд тэр буцааж түлхээд
— Хэнд ч хэлэхгүй гэж би чамд амласан. Надад мөнгө хэрэггүй гэв.
— Ноён дэслэгч, танд өөр юу хэрэгтэй вэ? гэж эхнэр нь асуув.
— Өөр юм хэрэггүй гэж би хэллээ.
— Бид хэлгүй юм шиг л байя. Өөр юм хэрэгтэй болбол надад мэдэгдээрэй гэж хаалгачин хэллээ.
— За баяртай. Дараа уулзъя гэж би хэлэв.
Тэд хойноос минь харсаар үүдэнд зогсоно.
Би сүйх тэргэнд сууж, нөгөөх дуулж сурч байсан танил Симмонсынд очихоор явав. Порт Маджентын ойролцоо хотын нөгөө захад Симмонс суудаг билээ. Намайг очиход тэр орондоо хэвтэж, нойр нь сайн ханаагүй бололтой байна.
— Геври чи яасан их эрт босдог юм бэ? гэж тэр хэллээ,
— Би өглөөний галт тэргээр ирлээ.
— Ухрагсад юу болж байгаа юм бэ? Чи фронтод байсан уу? Янжуур татах уу? Ширээн дээр хайрцагт бий.
Нэг ханандаа ортой, нөгөө буланд нь төгөлдөр хууртай, шүүгээтэй, ширээний том тасалгаа байна. Орны ойролцоох мухар сандал дээр би сууж, Симмонс ар дороо дэр ивж суугаа тамхи татна.
— Сим минь, миний үйлс бүтэл муутай байна гэж би хэлэв.
— Би ч адилхан. Миний үйлс дандаа бүтэлгүй. Тамхи татах уу? гэж тэр хэлэв.
— Үгүй. Швейцар очиход юу хэрэгтэй вэ? гэж би хэллээ.
— Чамд уу? Италичууд чамайг хил гаргахгүй.
— Тийм ээ. Түүнийг би мэдэж байна. Швейцаричууд яах бол? Швейцаричууд яадаг бол доо?
— Тэд чамайг тэнсэн авна.
— Би мэдэж байна. Түүний чинь нарийн учир нь ямар вэ?
— Ямар ч үгүй. Тун хялбархан. Дуртай газраа явж болно. Шалгуулж байдаг уу, нэг л тиймэрхүү юм байдаг байх. Юу бол оо вэ? Чамайг цагдаа мөрдөж байна уу?
— Одоохондоо мэдэгдсэн юм алга.
— Ярих дургүй болбол яах вэ. Сонсвол сонин л байх сан. Энд онцын юм болдоггүй. Пьяченцад би осолтой унасан.
— Яагаад тэр вэ.
— Яах вэ дээ, тун тааруухан юм болсон. Уг нь сайн л дуулсан. Би одоо энд Лирикод нэг үзээд алдъя гэж бэлдэж байна.
— Би даанч сонсох боломжгүй нь харамсалтай байна.
— Чи дуунд их дуртай юмаа даа, Үнэхээр хэцүү явдал тохиолдсон уу?
— Сайн мэдэхгүй л байна.
— Ярих дургүй бол яах вэ.
— Чи тэр тамын фронтдоо байхгүй, яагаад энд ирэв?
— Миний хувьд боллоо гэж би үзсэн.
— Сайн байна. Би чамайг ухаан самуураагүй гэж мэддэг байсан юм. Би яаж чамд тус болох хэрэгтэй вэ?
— Та ажил ихтэй байна.
— Генри минь гайгүй, гайгүй. Би туслахдаа баяртай л байна.
— Чи бид хоёр нуруугаар адил юм. Чи явж надад энгийн хувцас худалдаж авч өгөөч. Надад хувцас бий. Гэхдээ цөм Ромд бий.
— Аа чи урьд нээрэн тэнд сууж байсан. Ёстой адгийн газар. Тийм газар чи яаж сууж байсан юм бэ?,
Би уран барилгачин болох гэж байсан юм.
— Ёстой нэг таарахгүй газардаа. Юу ч бүү худалдаж ав. Хэрэгтэй бүгдийг чинь би өгье. Яг л хувцаслаад өгье. Тэр хувцасны өрөөнд ор. Тэнд ханын шүүгээ бий. Сэтгэлдээ нийлсэн бүгдийг аваарай. Найз минь, юм худалдаж авах хэрэггүй.
— Сим минь, би худалдаж авч ч болох байна.
— Найз минь, юм худалдаж авахаар явсанд орвол байгаа бүхнээ чамд өгсөн нь дээр байна. Чи паспорттай юу? Паспортгүй бол хол явахгүй шүү.
— Тийм ээ. Хуучин паспорт минь бий.
— Найз минь тэгвэл хувцасла. Хуучин сайхан Гельвецид очих хэрэгтэй.
— Тийм ч амаргүй. Би бас Стрез очих ажилтай.
— Найз минь, түүнээс дээр юмгүй. Тэндээс завинд суугаад л шууд явж нөгөө талд нь гарна. Хэрэв би дуулахгүй сэн бол хамт явмаар байна. Явна чиг.
— Тэнд чи өөр хоолойгоор дуулж болох юм.
— Найз минь тэгнэ чиг. Би дуулж чадна шүү дээ. Ингээд л хачин даа.
— Чамайг дуулж чаддаг гэдэгт толгойгоо ч тавихад бэлхэн байна.
Тэр гэдийн хэвтэж, бас нэгэн янжуур татав
— Толгойгоо ч тавиад яах вэ. Ямар ч гэсэн би дуулж чаддаг шүү дээ. Тун сонин юм даа.
— Би дуулж чадна аа. Дуулах ч дуртай. Сонсоно уу гээд тэр «Америкчууд» хэмээх дуунаас бархиран дуулахад нь хүзүү нь нугдайн судас нь гүрийв.
— Би дуулж чадна. Тэнд дуртайгаар нь дуулж чадна гэж тэр хэллээ.
— Сүйх тэргээ явуулъя гэв.
— Найз минь хурдхан ирээрэй. Халти сууж цайлъя гээд тэр босож суниагаад гүн агаар татан амьсгалж биеийн тамирын дасгал хийж эхлэв. Би гадагш гарч, хөтчид мөнгө төлөв.


XXXIV

Энгийн хувцас өмсөхөд наадамд яваа юм шиг санагдана. Би цэрэг хувцас тун удаан өмссөн тул одоо хувцас бие барихгүй болоод, өмдний хоёр гуя салбаганаад байх шиг санагдана. Би Миланаас Стрез орох билет худалдаж авав. Мөн бүрх худалдаж авлаа. Симийн бүрхийг би өмсөж чадахгүй юм. Харин костюм нь тун аятай байв. Тэр хувцаснаас тамхи ханхлаад галт тэргэнд сууж цонхоор харах үед миний шинэ малгай шив шинэхэн, костюм хув хуучин санагдав. Цонхны цаанах нойтон газар мэт сэтгэлд уйтайн дээр надтай нэг тасалгаанд суусан нисэгчид намайг дорд үзэж ийм залуу хүн энгийн хувцастай явах нь сэжиглэлтэй гэж үзээд харах ч дургүй байна. Би ер гомдсонгүй. Урьд нь сан бол би тэднийг доромжилж зодоон үүсгэх сэн биз. Тэд Галларатад буув. Ганцаар үлдсэндээ би баяртай байв. Надад сонин байсан боловч би дайны тухай унших дургүй хүрээд! ер уншсангүй. Дайны тухай би мартъя гэж шийдлээ! Би ганцаар тогтнох болов. Би ганцаардан цөхөрч явтал ашгүй галт тэрэг Стрез хүрч ирэв.
Галт тэрэгний буудал дээр зочид буудлаас төлөөлөгч байх болов уу гэтэл нэг ч байсангүй. Улирлын байдал өөрчлөгдөөд галт тэрэг угтахаа больжээ. Дотроо хоёрхон цамц бүхий Симийн өгсөн хөнгөхөн чемоданыг барьж буугаад галт тэрэг хөдөлтөл замын хажуугийн тавцан дээр зогсов. Ямар зочид буудал онгорхой бол гэж би галт тэрэгний буудлын нэгэн ажилчнаас асуухад Гранд-Отель, мөн Дезиль Борром болон жилжингээ хаадаггүй хэд хэдэн жижиг буудал онгорхой гэнэ. Би чемоданаа барин бороон дундуур Дезиль Борром орохоор явж байтал сүйх тэрэг хажуугаар өнгөрөхөд хөтчийг нь дуудав. Сүйх тэргэнд сууж хүрэх үед шүхэр барьсан хаалгачин угтан гарч ирэг. Тэр тун уриалагхан байна.
Би сайн байр шилж орлоо. Саруул том тэр байрны цонхоор нуур харагдана. Нууран дээгүүр намхан манан татжээ. Нарны гэрэлд онцын үзэсгэлэнтэй харагдах биз. Эхнэр ирнэ гэж би хэлсэн бөгөөд тэр тасалгаанд хоёр хүний өргөн ор, letto matrimoniale25 торгон хөнжилтэй байна. Энэ буудал тун чамин аж. Би урт гудмаар явж, өргөн шатаар буугаад шөнийн гуанзанд оров. Гуанзны зөөгч миний хуучин танил агаад би өндөр сандал дээр сууж давсалсан бүйлс шарсан төмс авав. Мартин дарс хүйтэн бөгөөд цэвэр тунгалаг байв.
— Та in borghese26 өмсөж энд юу хийж байна? гэж надад дахин мартин дарс найруулж өгөх зуураа зөөгч асуув.
— Чөлөөгөөр явна. Биеэ сайжруулах гэж чөлөө авсан гэв.
— Энд одоо эзгүй байна. Яагаад буудал хаахгүй байгааг би мэдэхгүй юм.,
— Загасчилж байна уу?
— Би хэдэн том тулбага барьсан. Яг өдий үед том тулбага үргэлж таардаг юм.
— Миний явуулсан тамхийг авсан уу?
— Авсан. Миний явуулсан ил захидлыг чи аваагүй юу?
Би инээд алдав. Тэр захисан тамхийг нь би явуулж чадаагүй билээ. Тэр нь гаансанд татдаг америк тамхи бөгөөд манай гэрээс ирэхээ больж, эсхүл нэг газар саатаад ч юм уу тасарсан юм.
— Би танд олж өгнө. Энэ хотод та, хоёр залуухан англи хүүхэнтэй тааралдаагүй биз? Уржигдар тэд ирсэн юм гэж би хэлэв.
— Энэ буудалд тийм улс байхгүй.
— Тэд цэргийн эмнэлгийн сувилагчид
— Сувилагчийн хувцастай хоёр хүүхэн харсан. Байзнаарай, тэд хаана байгааг нь би мэдээд өгье.
— Нэг нь миний эхнэр, би уулзах гэж ирсэн юм.
— Нөгөө нь миний эхнэр.
— Би тоглоогүй шүү.
— Дэмий би тоглож байна. Уучлаарай. Би ойлгосонгүй гэж тэр хэлэв.
Тэгээд тэр гарч, удаан явах зуур би давсалсан бүйлс шарсан төмс идээд лангууны арын толинд энгийн хувцастай биеэ харав. Гэтэл зөөгч ирэв.
— Галт тэрэгний буудлын дэргэдэх жижиг буудалд бий гэнэ гэж тэр хэлэв.
— Сэндвич27 танайд байдаг уу?
— Би одоохон утасдъя. Энд хүнгүй болоод бэлэн юм юу ч байхгүй.
— Бүр эзгүй байгаа юу?
— Гэхдээ ганц нэг хүн бий.
Сэндвич авчрахад би гурвыг идээд, дахин мартин дарс уув. Би тийм хүйтэн цэвэр юм урьд нь ууж үзээгүй мэт байв. Мартин дарсны амт соёлт хүний мэдрэхүйг минь эгүүлэн ирүүлэв. Би тун удаан хугацаанд улаан дарс, талх бяслаг, муудсан кофе цай, грапп дарсаар тэжээл хийж явжээ. Навчит мод, хүрэл, толь дунд өндөр сандал дээр би тавтайхан сууж, юу ч үл бодно. Надаас зөөгч юм асуулаа.
— Дайны тухай ярих хэрэггүй гэж би хэлэв. Дайн их алс хол болж байгаа, эсхүл дайн огт болоогүй ч байж мэднэ. Энд дайн болоогүй.
Миний хувьд дайн дуусжээ гэж би гэнэтэд бодов. Гэсэн ч дайн үнэхээр дууссан гэж надад итгэгдэхгүй байна. Хичээлээс зугтаагаад, одоо сургуульд юу болж байгаа бол гэж бодсон сурагч шиг л байна би.
Намайг буудалд нь очиход Кэтрин, Эллен Фергюсон хоёр үдийн хоолоо идэж суув. Ширээ тойрон сууж байхыг нь би бүр гудмаас харлаа. Кэтрин цааш харж хөндлөн суух агаад үсний нь цаанаас хацар, сайхан хүзүү, мөр нь харагдана. Фергюсон юм ярьж байснаа намайг ороход дуугүй болоод:
— Бурхан минь! гэв.
— Сайн байцгаана уу? гэж би хэлэв.
— Өө, чи ирээ юү? гэж Кэтрин хэлээд нүүр нь туяарав. Баярласандаа тэр гайхаж ядна. Намайг үнсэхэд Кэтрин улайв. Би тэдний дэргэд суулаа.
— За, ийм байдаг байжээ. Юу хийж байна? Хооллосон уу? гэж Фергюсон хэлэхэд би.
— Үгүй гэлээ.
Зөөгч хүүхэн ирэхэд, аяга таваг авчирч өгөөч гэж би хэлэв. Кэтрин баяссан харцаар цаг ямагт намайг ширтэнэ.
— Юу болоод чи ийм муфти28 өмсөө вэ? гэж Фергюсон асуув.
— Чи ямар нэгэн өөдгүй юманд холбогдоо биз.
— Би албанд орсон.
— Ферж минь инээмээр байвал, жаахан инээж үз.
— Чамайг харахад нэг их баясаад баймаар юм алга. Чи энэ хүүхнийг ямар юманд унагаад байгааг чинь би мэднэ. Ер нь чамайг хараад баясах юм надад огт алга.
Кэтрин над руу харж инээмсэглэн, ширээн доогуур хөлөөрөө намайг шүргэв.
— Ферж минь намайг хэн ч ямар ч юманд унагаагүй. Би өөрөө л орсон.
— Би үүнийг зүгээр өнгөрөөж чадахгүй. Энэ чамайг л итали зан хар санаагаар тоглож хөнөөсөн. Америкууд италиасаа бүр доор гэж Фергюсон хэлэв.
— Харин Шотландчууд төлөв улс шүү гэж Кэтрин хэлэв.
— Би энэ тухай яриагүй. Би үүний итали зан, хар санааны тухай ярьж байна
— Ферж минь, би тийм хар санаатай гэж үү?
— Тийм. Чи адгийн хар санаатан. Чи ёстой могой. Итали цэрэг хувцас, цув нөмөрсөн могой.
— Би итали цэргийн хувцсаа тайлчихсан.
— Энэ чинь чиний хар санааны хуурамч нотолгоо. Чи зунжингаа дурлалаар тоглоод, энэ хүүхнийг хүүхэдтэй болгоод одоо зайлах гэж байгаа биз дээ.
Би Кэтринг харж инээмсэглэхэд Кэтрин хариу инээвхийлэв.
— Бид хоёул зайлах гэж байна хэмээн Кэтрин хэллээ.
— Та хоёр таарах юм уу? Кэтрин Баркли, би чиний төлөөнөө ичиж байна. Чи яг л үүн шиг хар санаатай, ичгүүргүй, нэрээ боддоггүй амьтан юмаа гэж Ферж хэллээ.
— Ферж минь зүгээр. Надад бүү уурлаач дээ. Бид хоёр бие биедээ хайртайг чи мэднэ шүү дээ гэж Кэтрин хэлээд гарыг нь илбэв.
— Гараа ав гэж Фергюсон хэлэхдээ царай нь улайсан байв. Тэгээд тэр ийн өгүүлрүүн:
— Хэрэв чи ичгүүрээ алдаагүй сэн бол өөр л байх сан. Хэдэн сард жирэмсэлсний чинь бурхан мэдэж байхад, харин чи энэ доромжлогчоо эргэж ирлээ гээд инээдээр хамаг юмыг тоглоом болгож өнгөрөөх гэж байдаг. Мөн ч таарч дээ. Чамд ер ичих зовох юм гэж алга гээд уйлав. Кэтрин дэргэд нь очиж нэг гараар тэвэрч аргадаад босоход нь ажваас биеийн хэлбэрт нь өөрчлөгдсөн юм алга байлаа.
— Надад ч ямар хамаа байх вэ. Гэхдээ тун аягүй юм гэж Фергюсон мэгшив.
— За, за Ферж минь би ичиж байна. Ферж минь битгий уйл. Миний хайрт Ферж минь бүү уйл л даа гэж Кэтрин аргадав.
— Би уйлаагүй байна гэж Фергюсон мэгшээд цааш ийн өгүүлрүүн: Би уйлаагүй байна. Чамайг яаж явааг чинь бодохоос л эвгүй байна гэснээ намайг хараад
— Би чамайг үзэн ядна. Чамайг үзэн ядлаа гээд энэ хүүхэн оролцох эрхгүй. Чи адгийн хар санаатай америкийн итали гэж хэлэхэд уйлсандаа болоод нүд хамар нь улайсан байв.
Кэтрин намайг харж инээмсэглэв..
— Намайг тэвэрч байгаа үедээ үүн рүү харж бүү инээ.
— Ферж минь, чи хатуу сэтгэлтэй юм даа.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Зэр Зэвсэг Минь Баяртай - 13
  • Büleklär
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 01
    Süzlärneñ gomumi sanı 4367
    Unikal süzlärneñ gomumi sanı 2151
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 02
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 03
    Süzlärneñ gomumi sanı 4545
    Unikal süzlärneñ gomumi sanı 1961
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 04
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1761
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 05
    Süzlärneñ gomumi sanı 4567
    Unikal süzlärneñ gomumi sanı 1675
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 06
    Süzlärneñ gomumi sanı 4608
    Unikal süzlärneñ gomumi sanı 1722
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 07
    Süzlärneñ gomumi sanı 4551
    Unikal süzlärneñ gomumi sanı 1742
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 08
    Süzlärneñ gomumi sanı 4495
    Unikal süzlärneñ gomumi sanı 1738
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 09
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 1662
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 10
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1786
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 11
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 1639
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 12
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 1859
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 13
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 14
    Süzlärneñ gomumi sanı 4455
    Unikal süzlärneñ gomumi sanı 1805
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 15
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1672
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 16
    Süzlärneñ gomumi sanı 4086
    Unikal süzlärneñ gomumi sanı 1492
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.