Latin

Яруу Найраг - 5

Süzlärneñ gomumi sanı 3474
Unikal süzlärneñ gomumi sanı 1530
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Өндөр хадан хажууд сэмхэн ажиглаж,
Өөрийн эзэн гэртээ чимээ үгүй муу санана.
Өвгөн буурал эцэг эх минь өглөө, үдэш бодогдож,
Өнчин сэтгэл, хоосон биеийг гутаана.

Арван түмэн адууны дэлийг чичивч
Аминд ноогдох нэг ч үгүй.
Ардаг тарган болтол адгуулавч,
Авч эдлэх эрх мэдэл үгүй.

Хөлстэй дээл мөрөн дээр миний хувь,
Хөрст дэлхий хөлийн доор миний гэр.
Хүмүүжих газар эзний хаяа,
Хөөгдөх өдөр хэзээ ч болзош үгүй.

Эзгүй талыг ширтэж, сэтгэл бухимдана.
Эзний таргийг харж, нүд өвдөнө.
Эрхэм дээдсийн царайг зусардаж тайтгаруулна.
Энэ бие эрх үгүй хөсөр орхигдоно.

Ингэж яваад насыг барна
Энэ насны үйл хэмээн бодно,
Эцэс хойддоо жаргах болтугай хэмээн
Эргүү бодлого гашууныг уяруулна
(1935)


ГЭРГИЙ ХҮҮХДЭЭСЭЭ ХАГАЦАХУЙ

98

Нимгэн зөөлөн зүрхнээ минь
Ширүүн хур асгарна
Миний гүн зовлонг
Хэн хэрхэн мэднэ

Эцэг эх хоёул,
Энхрий охинтой гурвуул
Эндүүрч хуумгайдаж бодвоос,
Энэ гурвуулын зовлон оо.

Сэтгэлийн мянган зовлонг
Сэргээх юм үгүй юм гэж үү???
Сар шиг охиноо ширтэж,
Санааны чамайгаа гайхна

Ганц охиноо бодохуй дор
Хайрлах сэтгэл ундарна
Гаслант орчлон ийм тул
Хаанаас түүнийг тусална

Хайртай амраг хурц аа!
Хагацах өдөр бас буй
Хоёр сэтгэл гаравч,
Гурван зүрх хайчлагдах үгүй

Миний нэгэн сэтгэл
Чиний хатан санаа
Охины төрөлх мэдрэл
Хэн нь хэзээ тэргүүлнэм?
23/VII 1936


БИД ХОЁР

99
Би хэн буй?
Чи хэн буй?
Бид хоёр энэхүү ертөнц дээр хамгийн өчүүхэн амьтан
Бид хоёр орчлонгийн долгионоо учралдаад бас түүнийг дагалдан хөвнө
Бид хоёр ямар ч догшин ширүүн давлагаа хэмээвч гар гар юүгээн алдах үгүй бол гагцхүү манай заяа тэр.
Би хаана төрөв?
Чи хаана төрөв?
Бид хоёр монгол орноо төрж түүний усаар угаагдсан
Бид хоёр бие биеэ хэдийнээс таньсан үгүй боловч эрж олов.
Бид хоёрыг хэн ч зуучилсан үгүй
Бие биеэ үзэж харилцан янаглалдаж нийлэлдэв.
Би чамд хайртай болов?
Чи надад хайртай болов?
Бид хоёрын сэтгэл хэзээд нэгэн ямхын дотор хослов.
Бид хоёрын өчүүхэн зүрхэн
Бие биеэсээ холдвоос өлсөнө
Бид хоёрт өөр юун ч хэрэг үгүй
Гагцхүү янаглал хэмээх нэгэн үнэтэй юм буй.
Би чамайг хэмээнэ
Чи намайг хэмээнэ
Бид хоёр ертөнц дээр ангир шувууны адил явнам
Бид хоёрын зүрхэн
Бие биеэ үзвээс даруй цадна
Бид хоёр орчлонг сонирхох үгүй
Гагцхүү нөхөлдсөн сэтгэлээ хайрлалтай яа.
Миний гүехэн сэтгэл өлсөнө
Тэгээд бас амтыг сонгон олж ядна
Ай юунаас болов?
Аяа хэрхвээс зохих буй?
Ямар юм идэхээ хэлж үл өгнө
Гагцхүү амаа ангалзан тэмүүлнэ.
Хэмжээ хязгаар үгүй орчлон биш үү.
Түмэн зүйлийн өнгө цацран гялалзана
Үнэнийг үзэх гэрч бас олдох үгүй
Үзүүр үгүй бэлчсэн хүсэл гэгч тэр мөн
Хэчнээн их зовдгийг би бас төсөөлнө
Хөөрхий туйлын тэнэг сэтгэл ээ!
Хүний сэтгэл эрх дураар юм аа!
Түүнийг хөнөөж хэмжээлж огт үл болно.
Муу биеийг эзлэн дарангуйлаад,
Мөн түүнийг төөрүүлэх ч магад үгүй,
Тэгшлүүлэх ч магад үгүй.
Хэрэв сэтгэлээ цатгалан байлгая гэвэл,
Сайн сайхан огт үл бодогтун.
Орхиж чадах үгүй болоод хэтэрхий бодвол
Хоосоор чамайг зовоохоос юун өөр өө!
36 (1936). 8. 15
Шөнийн 1 цагт бичив.


НОРЖМАА ЯНАГАА БОДОХУЙ ДОР

100
Норжмаа янагаа бодохуй дор
Нойр үл хүрнэ
Яруу янаглалыг санахуй дор
Ядуу сэтгэл бөмбөрнө

Зүрхний минь хөдлөх дор
Зүү хатгах зай үгүй шүү
Түүний завсраар багтах нь
Зөвхөн миний Норжмаа

Миний хайртай Норжмаа
Мөнхийн амраг болно
Нэгэн хүүхдийг төрүүлээд
Гурвуул сайхан жаргаасай даа

Догдолсон сэтгэлийн гүнээ
Дээрх үгсээр таниулав
Доторх хайрын хүслээ
Доорх бадгаар мэдэгдье
36 (1936). 8. 15
Шөнийн 1 цагт бичив.


ХОЛБОО ШҮЛЭГ

101
Баясгалант үдшийн өргөн талбар тавцан дээр
Жавхлант залуучуудын уран биеийн тамир үзэгдэнэ.
Цагааран, улааран, ногоорон, ягааран тусах тунгалаг туяа
Цамхаглан, давхарлан, өндөрлөн бүжиглэх түмэн гоёмсог

Үзэхүйеэ сэтгэлийн дотор урьхан гижиг жирвэгэнэн
Зүрхний орчим баясгалангийн мэдээ хүргэнэ.
Эрүүл сайхан цэвэр биес жигд ижилхэн бөгөөд
Нэгэн алхам гишгэх явах нь түмний дурыг булаана.

Хөнгөн шаламгай хурдан түргэн нь цахилгаан дор тэнгэцэж
Хүч шөрмөсний зангирах нь ёстой монголын үр сад мөн
Харваас нүднээ чимэг болж уйтгарыг арилган
Хад уул, мод цэцгийн сайхан хүнээр бүтсэн мэт санагдана.
(1936)


ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭРТ ҮЛДСЭН МӨР, БАДГААС


102
* * *
Цагаан чисчүү
Улаан торго

* * *
Цагаан цасан
Улаан цусан

* * *
Орчлонгийн жам
Ойлгох хэрэгтэй

* * *
Хэрэв амтыг таниваас
Гашуун боловч мөн амттай байна
Амтнаас гашуун дор
Гашуунаас амтан дор
Архи болбоос
Анхандаа гашуун
Ахиулаад уусаар сурваас амттай

* * *
Өргөн бөгөөд гүн болоод
Хязгаалаш үгүй далайн долгион
Өглөөнөөс үдэш болтол
Дөрвөн зүг найман хязгаар дор түргэн түргэн
Өнөө өдрийн хорин дөрвөн цаг дор
Ийш тийш долгихуйдаа
Үнэн худал хэмээгчийг ялган
Нэгнийг эрэг дээр хаян
Нөгөөхийг үхэл дунд орхино

* * *
Байх үгүй юмыг олох хэрэгтэй
Ижил үгүй юмыг бодох хэрэгтэй
Онц чухал юм болох хэрэгтэй

* * *
Өвгөн шувуу гав ганцаар суухуй дор
Өндөр хад чив чимээ үгүй ажиглаад тогтжээ
Өнгийн юмыг санан бодохуйн дунд
Үнэнхүү сэтгэлийн нэгэн хүн түүнийг ширтэнэ.

* * *
Үнэн худал хэмээгч нь
Ертөнцийн нэгэн ёсон
Өнөө маргааш хэмээгч болбоос
Орчлонгийн хуурмаг явдал юм.
italki

* * *
Болжмор шувуун жир жир хэмээн жиргэж
Бургасны үзүүр сэр сэр хэмээн найгах дор
...

* * *
Үзэсгэлэнт гуа уул
Өргөн уудам тал хоёрын хооронд
Өнгийн өвсөн найгалзан
Хүн хааяа сүлжин
Гөрөөчин ийш тийш хөлхөнө
Өглөө эрт боссон анчин
Тэр зүг тэмүүлэн давхивч
Өөрийн сэтгэл дор
Ариун уурыг амьсгалан
Үл тэсвэрлэж
Түүнийг намнахаа өрөвдөн
Хааяа нэг дэмий буудна

* * *
... Атар баялаг монголын нутаг
Агудам (уудам) сайхан дор
Хүн бүхэн талбиу талбиу амьсгаална
Араатан жигүүртэн холоос ирээд
Түүний дотор чөлөөтэйгөөр зугаална
Айл бүхэн дураараа нүүдэллээд
Таван хошуу мал ийш тийшээ бэлчинэ.
Ардын хөвүүн өглөө эрт босоод
Түүний хойноос давхин гүйцнэ.

* * *
Нарсны мөчир салхин дор хийсэж
Сарны гэрэл усан дор гэрэлтэхүйеэ
Үнэхээр тунгалаг болоод
Үнэхээр найралтай сайхан...

* * *
Янаг амраг хэмээх үг нь
Илд мэсийн адил болоод
Иш нь тийш тийш дагана.

* * *
Роман гэж чадах үгүй хүн
Роман бичиж чадах уу?

* * *
Намрын шар наран
Түүний хонгор салхин
Цэлмэг сайхан тэнгэр
Хааяа цагаан үүлэн
Усны тунгалгийн үес
Шувууны буцахын цаг
Хүний сэтгэл хөдлөөд
Энэ тэрийг боддог буй

* * *
Үлгэр үгүй хүн байж үл болно

Үзэл үгүй роман байж үл болно
Роман бичихүй дор
Өөрийн үзэл эрхбиш гарах ба
Басхүү нэгэн үзэл байж болно.

* * *
Болж байх дор
Мянган төгрөг өгснөөс
Гачигдсан цаг дор
Нэгэн төгрөг өгсөн нь илүү

* * *
Эр хүний дотор
Эмээлтэй морь эргэлдэнэ
Эм хүний дотор
Зүү хуруувч эргэлдэнэ

* * *
Сайхан өдөр ч олон байсан
Тунгалаг өдөр ч олон байсан
Муу өдөр ч бас тохиолдсон
Бүрхэг өдөр ч мөн учирсан
Чинагш юун болохыг нь
Бид хоёрын хэн хэний
Ерөөлөөс заяа мэднэ

* * *
Жаргалыг хуваасан янаг
Зуурдын орны чөтгөр
Зовлонг хуваасан амраг
Ёстой миний хань аа

* * *
Хэнийг бодож юунд үл үхнэ
Хэнийг бодож юунд би амьдарна?

* * *
Монгол газар минь уудам шүү дээ
Маш сайхан газартай шүү дээ
Морио унаад давхихуй дор
Манай цог заль сэргэдэг шүү дээ

* * *
Сайхан өдөр ч олныг үзэв
Муухай өдөр ч олныг үзэв
Бас дахин сайхныг үзэв
Бас дахин муухайг үзэв
Бас дахин сайхныг үзэв
Алхах гишгэх бээр
Хүний байдлыг шинжих
Санасан үгүй юм хүрч ирэхүй
Санасаар байсан юм мартагдан орхигдохуй

* * *
Ганганан гунганан нисэх
Галуу шувуун
Юутай сайхан чөлөө жаргалтай буй
Хорхой ба ялаа болбоос
Надаас илүү жаргалтай шиг санагдана
Би юунд шувуу болж эс төрөв?
Би юунд хаан болж эс төрөв?
Би юунд баян болж эс төрөв?
Би юунд өтөл ард (эр) болж эс төрөв?
Би юунд ийм нэгэн хүн болж эс төрөв?

* * *
Хүнийг хэлж болно
Учир зүйгээс хэтэрвээс болох үгүй

* * *
Энэ хүзүүг огтолж болно
Энэ саналыг алж болох үгүй

* * *
Шувуун саарал морио унаад
Шинэхэн амраг хүүдээ очиж явахуй дор ямар байсан билээ.

* * *
Янаглал хэмээгч сүүний адил
Удах үгүй гашилдаг юм аа

* * *
Чам лугаа анхан танилцсан өдрийг бодвоос
Харилцан дасах гэгч болбоос
Хагацаж болш үгүй юм аа

* * *
Жаргалыг хамтатгасан нөхөр
Зуурдын орны чөтгөр
Зовлонг хамтатгасан нөхөр
Ёстой үнэнч итгэл мөн.

* * *
Хавар, намар хоёр
Хүний сэтгэлийг хөдөлгөнө.
Ногооны униараар
Хол газраас морин
Нутагтаа гүйнэ
Модны навчин зулзагарах
Намрын салхин дор
Хол газраас хүн
Гэр орноо мөрөөднө

* * *
Роман зохиох нь
Нэгэн сайхан байшин барих лугаа адил

* * *
Сэтгэл нийлбээс
Явдал нийлэх үгүй
Явдал нийлбээс
Сэтгэл үл нийлэх

* * *
Өвөл өнгөрч зун болов
Бас нэгэн хаврыг хүлээв
Намрын цаг модны навчин шарлаж байх үес
Хаврын цаг цасан цоохортож байх үес
Хавар намар хоёр

* * *
Түмэн лан алт ававч
Нэгэн цун үнэн сэтгэл дор хүрэх үгүй

* * *
Тэр өдөр яасан богино буй
Энэ өдөр яасан урт буй
Тэр шөнө зуны шөнө атал
Яасан урт авай
Энэ шөнө өвлийн шөнө атал
Юутай богино буй

* * *
Агула (уул) авирч барсыг барихуйяа хялбар
Аман нээж хүнээс гуйхуйяа бэрх хэмээнэ

* * *
Хаврын амьсгал үнсэгдээд
Эрт ба эдүгээг бодогдуулан
Нуугдсан сэтгэлийг сэргээнэ

* * *
Нулимс унагаан салснаас хойш
Өдрийн бодол шөнийн зүүд болж
Идэх уух босох суух дор
Ямагт бодогдоно

* * *
Өнгөрүүлсэн юм цөм зүүд мэт
Бүрэг бараг дурсагдана

* * *
Өөрийн өнгөрүүлсэн
Элдэв явдлаа бодоод гайхах бөгөөд
Бас түүнээс чинагш юуг өнгөрүүлэхээ үл мэднэ.

* * *
Цагийн улирал,
Хаврын цасан хайлж байх
Нэгэн сайхан өдөр гадна гараад
Урьд би нэгэн өдөр
Чингэж байх сан агсан хэмээн бодно

* * *
Тэр юмыг үзээд
Урьд түүнийг хэрэглэж байсан
Эзнийг санаж
Тэр үеийн хамаг явдлаа дурссан

* * *
Тэрхүү хөгжмийн дууныг сонсмогц
Арван жилийн урьдах явдал
Гэнэт санагдав

* * *
Сайн явбал шадарладаг
Муу явбал зугтдаг

* * *
Намар хаврын нэгэн өдрийг үзээд
Өнгөрсөн намар хавруудыг санаж
Хавар намар хоёр
Ийм агсан бөгөөд
Би бээр баясгалантайгаар ч олныг өнгөрүүлэв
Уйтгартайгаар ч олныг өнгөрүүлэв.
Гэтэл энэ удаа арга адил тийм
Баясгалан
Уйтгартайг
Ер үзсэн үгүй хэмээжээ

* * *
Нэгэн нэг мөч хэмээвч
Жил сар мэт
Довтолсон морины сүүдэр мэт
Харвасан сум мэт
Хурдан...
(1936)


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


2006 оны хэвлэлийн Хэвлэн нийтлэлийн мэдээлэл:


Дашдоржийн Нацагдорж

ЖҮЖГИЙН ЗОХИОЛ

Хэвлэлд бэлтгэсэн Д. Цэдэв

“Цагаан бамбарууш” хэвлэлийн газар эхийг бэлтгэв.
Хэвлэлийн газрын ерөнхий редактор Жалайр М. Баттөгс
Хавтасны загвар, монгол бичгийн бичвэрийг Ц. Тамир хийв.
Компьютерт шивж, эхийг бэлдсэн Бамбар


Заметки

[←1]
“Ушаандар” хэмээх жүжгийн гэгддэг эл дууг Д. Нацагдорж “Зохиолууд” (1961)-ын 27-28 дугаар талд хэвлэгдсэнийг баримтлан нийтлүүлэв. “Монгол дуунуудын түүвэр” (1935)-ийн 102 дугаар талд нотын хамт гурван бадаг хэвлэгдсэн нь бий. Түүнд:
“Зүүн талаас харахад
Зүйтэй сайхан уул юм аа
Зүйл бүрийн амттанууд
Ургаж болмоор уул юм аа” гэсэн Д. Нацагдорж “Зохиолууд” (1961)-д ороогүй бадаг бий.


[←2]
Монгол улсын Улсын төв номын сангийн монгол номын хөмрөгт хадгалагдаж байгаа 579/96 дугаар бүхий “Пионер багачуудын дуу” хэмээн адар хавтаснаа нэрлэсэн гар бичмэл хуулбарыг баримтлан нийтлүүлэв.
Энэ нь “Пионер багачуудын мөрдөх дэвтэр” (1926)-ийн 117-118 дугаар талд зохиогчийн нэргүйгээр нийтлэгдсэн “Залгамжлагчийг залгамжлах пионер багачуудын дуу”-тай үндэс таарч байгаа болно. Уул дууг “Хувьсгалын дуунуудын түүвэр” (1930)-ийн 13 дугаар талд анх нотолж хэвлүүлсэн нь бий.


[←3]
Монголын зохиолчдын эвлэлийн хорооны Д. Нацагдоржийн музейд (хойшид “Д. Нацагдоржийн музей” хэмээн нэрлэнэ) хадгалагдаж байсан гар бичмэл эхийг баримтлав.
Зохиогчийн гар бичмэл эхийг нягталбаас тууш шугамтай дэвтрийн цааснаа сурагчийн гэгддэг ягаан бэхээр эхэлж бичсэнээ дараа нь төлөв хар бал харандаагаар, мөн хөх будгийн харандаагаар зарим засвар хийсэн нь үзэгдэнэ.
Үүнд:
Зохиолчийн гар бичмэл эхийн
“Хүрэмтийн өртөөнөө довтлон хүрээд
Хоёр нөхөр лугаа учирч нийлэлдээд явав” хэмээх хоёр мөрийг
“Хүрэмтийн өртөөнөө хүрч хоёр шинэ нөхөр лүгээ нийлэлдээд
Хойд зүг дор гангар гунгар хийлцэн урамтайяа давхилдав” болгож, “Газар орны энэ мэт цэнгэлийг гайхалцсаар агаад... ” гэж эхэлсэн мөрүүдийг дарж “Өөрийн нутгийн цэнгэлийг гайхалцаж Харийн орны нутгийг тэмцэн хатируулав” гэсэн засвар хийжээ.
“Өвлийн улирал ойртож голын усан татарсан учир
Уурын онгоц саатсаныг нэгэн хоног хүлээв
Хүлээн хүлээж ихэд уйтгарлаад яарахдаа
Хоёр орос нөхөд лүгээ морин тэргээр хатируулав
Оросын пар тэрэг гү гү тар тар хэмээн тарчигнуулсаар
Тэр орой нэгэн тосгон дор хүрч хонов
Ирэх өглөө нь эртлэн Сэлэнгэ мөрнийг ташуулан гатлаад гараад
Шинэ хуучин сүмийн дундуур гаран явав” гэсэн мөр бадгийг нэгтгэн “Өвлийн улирал ойртож голын усан татарчээ
Уурын онгоцны орон дор морин тэргээр хатируулав
Оросын паар тэрэг гу гу (гув) тар тар хэмээн таржигнуулна
Халхын хэдэн хөвүүн түүний дээр бөндгөнөн явав” болгожээ.
“Өөрийн элчний байран дор буусан нь
Уг нутаг орон мэт бужигналдан байна.
Эртний үеэс хойш энэ газрыг мартсан авч
Эдүгээгийн монголчууд гүнээ харилцан явалцах болжээ” гэсэн бадгийг дарж бал харандаагаар
“Шинэ дэлхийн халуун зүрх Москва хот
Шинэ боловсролын охь орон Москва хот
Дугар хөвүүн юм үзэв, нүд тайлав
Эрдэм сурав, эр болов” гэсэн бадгийг нэмж бичих зэргээр зарим засварыг хийсэн нь бий.
Эл зохиол Монголын пионер багачуудын “Залгамжлагч” хэмээх сэтгүүлийн 1928 оны 9 дүгээрийн 39-70 дугаар талд “Замын тэмдэглэл ба өгүүлэл” буланд “Улаанбаатараас Берлин хүртэл” нэрээр анх нийтлэгджээ.
Эл сэтгүүлд хэвлэгдсэний дараа гар бичмэл дээрээ зохиогч дээр дурдсан засвар хийсэн байна. Эл засварыг тусгаж мөр бадгийн байрлал сольсон, үг зассан, нэмсэн, хассан зэрэг өөрчлөлтийг шинэ үсэгт буулгахыг эрмэлзэв.
Урьд өмнөх хэвлэлүүдэд “амой” гэсэн үгийг “байна”, “юм” мэтээр янз янзаар шинэ үсэгт буулгасан тул энэ удаа зохиолчийн гар бичмэл эхийг баримтлав.
“Бирваз”, “Улаан Яарсаг”, “Торойцарь”, “Омсог”, “Гаспийн” зэрэг гадаад үгийн ард (перевоз), ( Красноярск), ( Тройцкосавск), ( Омск), ( Каспийн) мэтээр тодотголыг хаалтнаа хийв.
Харин Д. Нацагдоржийн “Зохиолын түүвэр” (1955)-ийн 35 дугаар талд “*Германаар яа яа - за за, тийм тийм, найен найен - үгүй, үгүй гэсэн үг” хэмээх тайлбарыг хэвээр авав. Д. Нацагдоржийн “Зохиолууд” (1961)-ын 30 дугаар тал, “Бүрэн түүвэр” (1996)-ийн 48 дугаар тал, “Бүрэн зохиол” (Тэргүүн дэвтэр, 2006)-ын 49 дүгээр талд буй “Гэдрэг хандаж” гэснийг “Гэдрэг харж”, Д. Нацагдоржийн “Зохиолууд” (1961)-ын 31 дүгээр тал, “Бүрэн түүвэр” (1996)-ийн 49 дүгээр тал, “Бүрэн зохиол” (Тэргүүн дэвтэр, 2006)-ын 50 дугаар талд буй “харийн орны сониныг тэмцэн хатируулав” гэсэн мөрний “сониныг” гэдгийг “нутгийг”, Д. Нацагдоржийн “Зохиолууд” (1961)-ын 35 дугаар талд “Улайн харвал”, “Бүрэн түүвэр” (1996)-ийн 53 дугаар талд “Өлийн харвал”, “Бүрэн зохиол” (Тэргүүн дэвтэр, 2006)-ын 53 дугаар талд “Өлийн харваас” гэж нийтлэгдсэнийг “Олийн харваас” хэмээн гар бичмэлийн дагууд болгов.
Мөн Д. Нацагдоржийн “Зохиолууд” (1961)-ын 30 дугаар талд “баярлалцан ёслолцов”, “Бүрэн түүвэр” (1996)-ийн 48 дугаар талд “баярлалцан ёслолцов” гэснийг “Бүрэн зохиол” (тэргүүн дэвтэр, 2006)-ын 49 дүгээр талд “аяарлалцан ёслолцов” болгосныг эл удаагийн хэвлэлд гар бичмэлийн дагууд “аярлалцан ёслолцов” болгов.


[←4]
Алтанбулагийг 26. Х.20 (1926.10.20)-ны өдөр дайран гарсан.


[←5]
Үд хотыг 26. Х.28 (1926.10.28)-наа дайран гарсан.


[←6]
Яа яа-За за, тийм тийм, Найен найен - үгүй үгүй гэсэн үг


[←7]
АЛС ГАЗАР СУРААР ЯВАГЧ. Д. Нацагдорж “Зохиолын түүвэр” (1955)-ийн 289 дүгээр талд [“Алс газар сурахаар явагч” 1927 онд бичсэн бөгөөд энэ шүлгээ гадаадад сурахаар явахдаа бичжээ. Гар бичмэл нь бий] гэжээ. Гэтэл Д. Нацагдоржийн “Зохиолууд” (1961)-ын 42 дугаар талд “энэ нь монголын сургуулийн сурах бичигт хэд хэдэн удаа хэвлэгджээ” гээд гар бичмэлийн талаар тайлбарт ер дурдсангүй. Энэ хоёр түүвэрт орсон “Алс газар сурахаар явагч” шүлэг ихээхэн зөрөөтэй бөгөөд Д. Нацагдоржийн “Зохиолын түүвэр” (1955)-ийн 39 дүгээр талд үг хэллэг, мөрүүд нь засварлагдан хэвлэгджээ. Тийм болохоор Д. Нацагдоржийн “Зохиолууд” (1961)-ийн 59 дүгээр талд хэвлэгдсэнтэй дөт Далхжавын “Дундад сургуулийн гурав ба дөрөвдүгээр анги дор үзэх утга зохиолын бичиг” (1937)-ийн 14 дүгээр талд байгааг баримтлан Дашдоржийн Нацагдорж. Бүрэн зохиол. Тэргүүн дэвтэр (2006)-ийн 59 дүгээр талд нийтэлсэн юм. Гэвч Шинжлэх ухааны хүрээлэнгээс нийтлүүлж байсан “Монгол хэл бичгийг сайжруулах бодлогын өгүүлэл” сэтгүүл (1934)-ийн тавдугаар дэвтрийн 27 дугаар талд “Нацагдорж Алс газар сураар явагч” нэрээр Б. Содномын “Утга зохиолын тухай” өгүүллийн “эш татаж хавсаргасан сайн зохиолууд” дотор С. Буяннэмэх, Ц. Дамдинсүрэн нарын бүтээлийн хамт орж хэвлэгдсэнийг хоёр дахь удаагийн баяжуулж нягталсан хэвлэлд баримтлав.


[←8]
Д. Нацагдоржийн уран зохиолын цуглуулгад байгаа хуулбараас авч Д. Нацагдоржийн “Зохиолууд” (1961)-ын 43 дугаар талд хэвлэсэн эхийг баримтлан нийтлүүлэв.


[←9]
Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд (Хойшид “Хэл зохиолын хүрээлэн” гэж товчилно) хадгалагдаж байгаа зохиогчийн гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Д. Нацагдорж “Зохиолын түүвэр” (1955)-ийн 50 дугаар талд анх хэвлэхдээ “Эелдэг зөөлөн аашаар энэхүү ертөнцийг хайлуулсан” хэмээх мөрийг орхигдуулсан авай.


[←10]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Д. Нацагдорж “Зохиолын түүвэр” (1955)-ийн 49 дүгээр талд 5 дугаараас хойших мөрүүдийг засварлан анх хэвлэжээ.


[←11]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа зохиогчийн гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Тууш шугамтай дэвтрийн хуудаснаа хар бэхээр сийрүүлсний дараа ягаан будгийн харандаагаар “угааж сэрүүн салхинаа хатаана” гэсэн хэллэгээс зөвхөн “угааж”-ийг “угаана” болгож, “чийрэг агаад алхалт нь намирна” гэсэн хэллэгээс “чийрэг агаад” гэсний дараа “шулуун” гэсэн үг нэмж, бусдыг даржээ. Мөн “бөгөөд”-ийг “болоод”-оор, “амандаа нэгэн дуун”-ыг “хувьсгалын”, “урамтайгаар”-ыг “зоригтойгоор”, “бөгөөд”-ийг “тутам”-аар, “хүрэлцэх”-ийг “хүрэх”-ээр, “үл бодогдох бөгөөд”-ийг “бодогдох үгүй”-гээр тус тус сольж, “агаад”, “ба”, “намирсны” гэсэн үгсийг даржээ. Энэ шүлгийг Д. Нацагдорж “Зохиолын түүвэр” (1955)-ийн 40 дүгээр талд “Пионер” нэртэйгээр ихэд засварлан хэвлэсэн бол, “Зохиолууд” (1961)-ын 46 дугаар талд “Пионерын лагерь дээр” (Эрүүл пионер) нэрээр нийтлэхдээ зохиолчийн хийсэн засварыг харгалзан үзжээ.


[←12]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа зохиогчийн гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. МЮД гэдэг нь “Международный Юношеский День” (МЮД) “Олон улсын залуучуудын өдөр” гэсэн утгатай гурван үгийн эхний үсгийн товчлол юм. Д. Нацагдорж “Зохиолын түүвэр” (1955)-ийн 42 дугаар талд “Олон улсын залуучуудын өдөр” гэж монголчилсон нэрээр анх нийтэлжээ.


[←13]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа зохиогчийн гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Уг зохиол Д. Нацагдорж “Зохиолууд” (1961)-ын 49 дүгээр талд эхэлж хэвлэгджээ.


[←14]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа зохиогчийн гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Д. Нацагдорж “Зохиолууд” (1961)-ын 50 дугаар талд эхэлж хэвлэгджээ. Д. Нацагдоржийн өөрийн сийрүүлсэн гар бичмэлийн дарааллыг баримтлан үзвэл 1930 онд бичсэн бололтой.


[←15]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Д. Нацагдорж “Зохиолын түүвэр” (1955)- ийн 74 дүгээр талд “Соронзон” нэрээр анх “Эү лю Ба Зэүгийн залуу охин” гэсэн мөрийг “Цэвэрхэн төрсөн залуу охин” хэмээн өөрчилснөөр хэвлэжээ. Д. Нацагдоржийн өөрийн сийрүүлсэн гар бичмэлийн дарааллыг баримтлан үзвэл 1930 онд бичсэн бололтой. “Эү лю Ба Зэү” ( 欧罗巴洲 ouluobazhou ) гэсэн үг нь европ тив гэсэн хятад үгний бичлэг дуудлага болой.


[←16]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Д. Нацагдорж “Зохиолын түүвэр” (1955)-ийн 74 дүгээр талд анх хэвлэжээ. Д. Нацагдоржийн өөрийн сийрүүлсэн гар бичмэлийн дарааллыг баримтлан үзвэл 1930 онд бичсэн бололтой.


[←17]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Д. Нацагдорж “Зохиолын түүвэр” (1955)-ийн 51 дүгээр талд, нэгдүгээр мөрд “сарны” хэмээх үгийг орхиж, тавдугаар мөрд “монголын” гэсэн үгийг “нүүдэлчдийн” хэмээн сольж, арван нэгдүгээр мөрийн “тодорхой буй хэмээхээс гадна” гэснийг “тодорхой юм” болгон анх хэвлэжээ.


[←18]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. “Зохиолын түүвэр” (1945)-ийн 20 дугаар талд :
“Хоёр бие хэдийгээр
Эрх чөлөө үгүй боловч
Сэтгэл зүрх нь хэзээд
Нэгэн савны дотор хосолно” гэсэн бадгийг орхиж, анх хэвлэжээ.


[←19]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. “Залуучуудын үнэн” сонины 1930 оны 10 дугаар сарын 1-ний 18 дугаарт “Үзэг” гэсэн зохиогчийн нэрээр анх хэвлэгджээ.


[←20]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Энэ шүлгийг “Залуучуудын үнэн” сонины 1931 оны наймдугаар сарын 21-ний 73 дугаарт Нацагдорж нэрээр хэвлэжээ.


[←21]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв Энэ шүлгийг Д. Нацагдорж “Зохиолын түүвэр” (1955)-ийн 55 дугаар талд анх хэвлэхдээ үг нэмэх хасах зэргээр нэлээд өөрчилсөн бол Д. Нацагдорж “Зохиолууд” (1961) түүврийн 62 дугаар талд зохиогчийн гар бичмэлийг баримталжээ.


[←22]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Шансонет ( Сhansonnette) нь зоогийн газар дуулдаг алиа наргиа дууг хэлдэг ажээ. Энэ зохиолдоо хэдэн гадаад үгийг хэрэглэжээ. Үүнд: Пикник ( Рicnic) - хотынхон хэдүүлээ идэх уух юмтай хээр гадаа гарч зугаалахыг хэлдэг англи үг юм. Замур - улаан өнгөтэй, ишдээ сондуутай, бутлаг ургамал юм. Liebersbrief - “Шансонет”-ын сийрүүлгийн баруун талын захад германаар “Liebersbrief” (хайр сэтгэлийн захиа) хэмээн улаан будгийн харандаагаар тэмдэглэжээ. Мөн улаан будгийн харандаагаар “шансонет”-ын доод талын зайд “идээшин дассан нийслэл хотын... ” гэж эхэлсэн хэдэн бадгийг татлан бичсэнтэй утга холбоотой байж мэднэ.


[←23]
“Залуучуудын үнэн” сонины 1931 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 73 дугаарт нийтлэгдсэнийг баримтлан хэвлүүлэв. “Уриал” шүлгийн ард ”Хуучин хүү”-г шууд залган хэвлэж түүний төгсгөлд “Нацагдорж” хэмээжээ. Үүгээр нягталбал төгсгөлд тавьсан Нацагдоржийн нэрийг “Уриал”, ”Хуучин хүү” хоёуланд хамааруулснаас “Уриал”-ыг Д. Нацагдоржийн бүтээл хэмээж үзэх үндэс бий.


[←24]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Уг шүлгээ Д. Нацагдорж хар бэхээр бичсэнээ хөх будгийн харандаагаар, сүүлд ягаан будгийн харандаагаар тус тус засжээ. Эл засварын талаар Д. Цэдэв “Залуу найрагчдын урлах эрдэм” (1973-1974) өгүүлэлдээ “Зохиогчийн урлах эрдэм” (1978) номынхоо 202-20 4 дүгээр талд бичсэн нь бий. Тэгэхлээр хар бэхээр сийрүүлсэн нь бидний баримтлах эх үү, эсвэл түүний дээр хөх будгийн харандаагаар бас ч ягаан будгийн харандаа оролцуулан зассан нь бидний баримтлах эх үү? С. Лочин “Д. Нацагдоржийн зохиолын эх бичгийн асуудалд” (1984) номын 47-48 дугаар талд Д. Нацагдоржийн хар бэхээр сийрүүлснийг “Зохиолчийн эх бичмэлд буй нь” хэмээн нэрийджээ. Үүнийгээ С. Лочин Д. Нацагдоржийн хөх будгийн харандаагаар, мөн ягаан будгийн харандаа оролцуулан зассаныг эх болгосон “Зохиолын түүвэр” (1955)-ийн 44 дүгээр тал, “Зохиолууд” (1961)-ын 63 дугаар талд хэвлэгдсэнтэй зэрэгцүүлжээ. С. Лочины “Зохиолчийн эх бичмэлд буй нь” гэдэгт хар бэхээр “одмуй” гэсэн байсныг Д. Нацагдоржийн сийрүүлэг эх, засварын аль алинд ч байхгүй, “мордоно” гэсэн үгийг өөрөө шинээр зохиосон бол 1955 оны хэвлэлд “гутлын ул” гэхийг “гутал”, “зулын” гэхийг “дэнгийн”, 1961 оны хэвлэлд “зулын” гэхийг “дэнгийн” болгож тус тус засвар хийсэн нь эх бичгийн судалгааны зарчимд үл нийцнэ.


[←25]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Д. Нацагдорж “Зохиолууд” (1961)-ын 64 дүгээр талд “Халаг балаг” гэсэн нэрээр анх хэвлэжээ. Энэ зохиолыг “Ааль үгүйгээс хамар үгүй” гэсэн нэрээр хүүрнэл хэлбэрээр бичсэн хувилбар бий. “Халдаг балдаг” гэж хар бэхээр бичсэн гарчгаа дарж “Ааль үгүйгээс хамар үгүй” хэмээн өмнө нь хар балаар бичжээ. Зохиолын төгсгөлийн “... хүний царай яаж харах билээ” гэсний дараах “хагас дэмий үг хэлэх юм хэмээн дээгүүр нудчиж, доогуур чангаана” гэсэн үгсийг улаан өнгийн харандаагаар дарж “хэмээн нүүрээ таглана” гэсэн үгсийг нэмж бичжээ.


[←26]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Уг сийрүүлсэн бичмэл эхэд “хохимой” гэсэн үгийг дарж улаан будгийн харандаагаар “хувхай” хэмээн зохиолч бичжээ. Д. Нацагдорж “Зохиолын түүвэр” (1955)-ийн 59-61 дүгээр талд “Феодалын янаглал” гэдэг нэртэйгээр хэвлэхдээ: “Бадамын хүүхэн” гэхийг “Бадам хүүхэн”, “мөнгө ч” гэхийг “мөнгөөр”, “эеэр эс болбоос” гэхийг “аяар эс болбоос”, “хоёрдугаар эхнэр хэрэгтэй болов” гэхийг “хоёрдугаар эхнэр хүсэгдэв”, “хөөрхөн бүсгүйг эрвээс” гэхийг “хөөрхөн хүүхнийг эрэвч”, “баруун хороогоор явж” гэхийг “балагт хэргийн эзэн”, “бас дахин гэрлэхээр шийдэв” гэхийг “бас гэрлэхээр шийдэв”, “хоорондоо хэрэлдэнэ” гэхийг “хоорондоо үргэлж хэрэлдэнэ”, “хохимой толгойт туслагчийг” гэхийг “хожгор болсон туслагчийг”, “хорин хэдэн насанд үзээгүйг” гэхийг “хорин насанд үзээгүйг”, “хожим болсон хойно үзэв” гэхийг “хожим ингэж үзэв”, “хөрөнгө малыг хураагдаж” гэхийг “хөрөнгө малыг дуусаж” гэхчлэн засварласан ажээ.


[←27]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Д. Нацагдорж “Зохиолын түүвэр” (1955)-ийн 43 дугаар талд эл шүлэг хэвлэгджээ. Уул шүлгийн өөр нэг хувилбар “Эрүүл энхийн төлөө тэмцэх явдал ард бүхний үүрэг” (Ардын эрүүлийг хамгаалах яамнаас өөрийн арван жилийн ойд зориулав) 25 (1935) номын 21 дүгээр талд “Шинжлэх ухааны эмнэлэг” нэрээр хэвлэгджээ.


[←28]
Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Д. Нацагдорж “Зохиолууд” (1961)-ын 77 дугаар талд нэгдүгээр мөрт “гүн” гэсэн үгийг орхисноос өөр мадаггүйгээр анх хэвлэжээ.


[←29]
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Яруу Найраг - 6
  • Büleklär
  • Яруу Найраг - 1
    Süzlärneñ gomumi sanı 3749
    Unikal süzlärneñ gomumi sanı 1855
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Яруу Найраг - 2
    Süzlärneñ gomumi sanı 3763
    Unikal süzlärneñ gomumi sanı 2010
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Яруу Найраг - 3
    Süzlärneñ gomumi sanı 3750
    Unikal süzlärneñ gomumi sanı 1989
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Яруу Найраг - 4
    Süzlärneñ gomumi sanı 3614
    Unikal süzlärneñ gomumi sanı 1911
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Яруу Найраг - 5
    Süzlärneñ gomumi sanı 3474
    Unikal süzlärneñ gomumi sanı 1530
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Яруу Найраг - 6
    Süzlärneñ gomumi sanı 3673
    Unikal süzlärneñ gomumi sanı 987
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.