Latin

Хураангуй Алтангэрэлээс - 2

Süzlärneñ gomumi sanı 4267
Unikal süzlärneñ gomumi sanı 1888
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Энэ үеэс үлдсэн зохиолоос “Мандухай хатны домог”, “Убаши хунтайжийн тууж” хоёрыг дурдаж болмуй. Өнгөрсөн нэг мянган жилийн түүхэнд үзвэл бүх монголчууд хоёрхон удаа нэгдэж нэг улс болж байсан юм. Нэг удаа Чингис хаан Монгол улсыг нэгтгэсэн юм. Нөгөө удаа нь арван тавдугаар зууны үед Мандухай хатан нэгтгэсэн юм. Энэ баатар эмэгтэйн Монголын голомтыг сахих зориг төгөлдөр тангаргийн шүлэг байдаг. Убаши хунтайжийн тууж бол баруун, зүүн монголын хоорондын тэмцлээс сэдэв авч бичсэн бяцхан уран зохиол юм.
Монголд чухам хэдийд үүсэж хэдийд дэлгэрсэн нь сайн мэдэгдээгүй хоёр их баатарлаг тууль байдаг. Энэ бол Гэсэр, Жангар хоёр юм. “Гэсэрийн тууж” бол Төвд, Монгол оронд ам ба бичиг хоёр зүйлээр их дэлгэрсэн зохиол юм. Монгол Гэсэрийн эхний долоон бүлэг 1716 онд хэвлэгдэж гарчээ. Энэ үлгэр бол Грекийн Илиада, Одиссея, Энэтхэгийн Махабрататай зэрэгцүүлэн хэлэлцэж болох сайхан үлгэр юм.
“Ядуу доодсын өмөг түшиг болж өндөр язгууртны шилийг дарах”˗аар Хурмаст тэнгэрийн хөвгүүн Гэсэр алтан цээжтэй, мөнгөн бөгстэй шувуу болон тэнгэрээс нисэж ирээд Лин орны нэг өвгөний хүү болон төржээ. Гэсэр багадаа ядуу хөвгүүн байсан боловч хожим их болоод баатар эр болж хаад ноёдтой тэмцэн ялж тус орны хаан болов.
Чингээд гадаадаас халдаж ирсэн мангасыг эгүүлэн хөөхөөр мордоод Гэсэрийг эзгүй байх завсраа Шарайголын гурван хаан Лин оронд халдаж ирээд Гэсэрийн хатан Рогмог булаан авав. Үүнд Лин орны ноён Цотон дайсны талд урваж орон нутгаа Шарайголын харьяат болгов. Гэсэр гадаадын дайсныг дарсны дараа нутагтаа буцаж ирээд урвасан Цотон ноёныг цээрлүүлэн шийтгэж Шарайголын гурван хааныг ялж Рогмо хатнаа буцааж авчирсан ийм явдлыг уран үгээр бичсэн юм.
“Жангарын үлгэр”˗т ард олны сайн сайхныг мөрөөдөх хүсэл тодорч гарсан юм.
Жангарын орон нутаг бол даарах хүйтэнгүй, халах халуунгүй, зовох зовлонгүй ийм орон юм. Энэ оронд хүн төрөх гэж байхаас биш, өтлөх үхэх гэж байдаггүй. Хүн бүр хорин таван нас хүрээд цааш өтлөхгүй тогтож мөнх амьдардаг байна. Гадаадаас халдаж ирсэн дайсныг мангасын дүрээр үзүүлсэн бөгөөд тэр аюулт мангасуудаас Жангар тэргүүтэй баатрууд төрсөн нутгаа арчлан хамгаалж дайснаа дарж дархан цолоо мандуулж байна.
“Жангарын үлгэр”˗т уран зохиолын давруулах аргыг үлэмж хэрэглэсэн юм. Нэг баатрын том аварга биетэйг хэлэхдээ:

Тавлаад суухлаар тавин хоёр хүний зайд суудаг
Тахийгаад суухлаар хорин таван хүний зайд суудаг

гэжээ.
Жангарын алтан торлог байшинг барихад огторгуйд хүргээд баривал арай хэтрэх юм. Огторгуйгаас гагцхан хуруу дутуугаар баръя гэж тогтсон байна.
Жангарын хатныг бичихдээ:
Цаашаа харахад нь цаад далайн зах гэрэлтмээр
Наашаа харахад нь наад далайн зах гэрэлтмээр
Цуснаас улаан хацартай
Цаснаас цагаан санчигтай бөгөөд ерэн нэгэн чавхдастай индэр мөнгөн хуураа аваад татахад нь:
Хулсан дундаа өндөглөсөн хунгийн дуун гараад
Нуур дундаа өндөглөсөн нугасны дуун гараад
Арван хоёр аясаар хангинаад байна

гэж бичжээ.
Монголчууд эртнээс бөө мөргөлийг шүтдэг байлаа. Бөө мөргөлд аман зохиол байхаас гадна нэлээд баялаг бичгийн зохиол байдаг юм. “Галын тахилга”, “Уул усны тахилга”, “Тэнгэрийн тахилга” зэрэг болно. Энэ бол цөм цэцэн үгтэй шүлэг байдгаас гадна үүний зарим нь шажин мөргөлд холбогдол багатай, ардын ерөөл хүслийн зохиол байдаг юм. Жишээ нь, харьсан шувууг буцаж ирэхэд баярлан угтах тахилга байна.
Арван долдугаар зууны үеэс монгол оронд бурханы шажин их дэлгэрээд олон сүм хийд байгуулагдаж, энэ сүм хийдэд олон лам шавилан сууж төвд хэлээр ном үздэг болсон юм. Ингээд төвд хэл бол монгол оронд монгол хэлний адилаар буюу илүүгээр ч хэрэглэгддэг болов. Монголын лам нарын дотроос төвд хэлээр бичдэг эрдэмтэн зохиолч нар нэлээд гарлаа. Монгол лам нар Энэтхэгийн гүн ухааны номд өдий төдий тайлбар бичсэнээс гадна уран зохиолын онол ба уран зохиолыг ч цөөнгүй бичжээ. Эдний дотроос Говийн ноён хутагт Равжаа, Их Хүрээний Хайдав хамба, Зава Дамдин зэргийн зохиолчийг дурдаж болно.
Мөн арван долдугаар зууны үеэс эхлэн төвд хэлээс орчуулсан ном маш үлэмжхэн байна. Арван наймдугаар зууны үед бурханы шажны гол зохиолын их цоморлог Ганжуурын 108 боть, Данжуурын 225 ботийг монголчлон орчуулаад модон бараар хэвлэж гаргасан баймуй. Ганжуурын нэг боть “Үлгэрийн далай”˗д 52 үлгэр багтсан баймуй. Энэ үлгэрүүд их төлөв шажны уран зохиол юм. Жишээ болгож хэлбэл, нэг айлд нэг хүү төрж өсөв. Энэ хүүгийн гар газарт хүрэх бүр нэг алтан зоосыг атгаж ирдэг байна. Энэ хүү нэг өдөрт хэдэн зуун алтан зоосыг газраас авч баялаг болж тэр хөрөнгөөр лам нарыг хүндэлж их буяныг үйлдсэн байна. Яагаад ийм болсон бэ гэвэл энэ хүү урьд насандаа нэг ядуу зарц хүн байсан бөгөөд бүх л насаар айлд зарагдаж байж гагц алтан зоос олсон, түүнийгээ бурхан ламд хайргүй өргөсөн гэнэ.
Тэр буянаар таван зуун төрөлдөө ингэж газраас бэлэн алтан зоосыг авдаг болсон гэнэ. Энэ бол лам нарт юмаа хайргүй өргөж хүндэлж бай хэмээсэн сургаал юм.
Үүнээс гадна “Үлгэрийн далай”˗н дотор Илданди зэргийн ерийн үлгэр бас буй. Мөн ийм шажны номлолын орчуулгын зохиол монгол оронд үлэмжхэн дэлгэрч байсны заримыг дурдваас “Чойжид дагинын тууж”, “Очироор огтлогчийн тус эрдмийг үзүүлсэн тууж”, “Саран хөхөө шувууны тууж” зэрэг болно. “Чойжид дагинын тууж”˗ ийн дотор хаад ноёдыг хүндэлж байсан хүмүүс хойд насандаа бурханы жаргалант оронд очиж, хаад ноёдыг эсэргүүцсэн хүмүүс хойд насандаа тамд орж зовж байсан гэж бичсэн байна. Энэ зохиол бол хуучны уран зохиол ангийн чанартай байсны нэг гэрч болно. Үүний хажуугаар лам ноёдыг ил далдаар эсэргүүцсэн ардын ангийн чиглэлийн уран зохиол үлэмжхэн байжээ. Ийм чиглэлийн зохиолд "Алтан ордны үйсэн дээрх бичиг", “Өнчин хөвгүүний шастир”, “Гэсэрийн тууж”, “Жангарын үлгэр”, Ишданзанванжилын шүлгүүд, “Хав, муур, хулгана гурвын үлгэр” зэргийг оруулж болмуй. Үүнээс гадна шажны уран зохиолын нөлөөнд бичигдсэн шажны ба иргэний уран зохиолын завсрын хэлхээ болсон туужууд байдаг. Үүний жишээ нь “Цагаан дара эхийн тууж”, “Ногоон дара эхийн тууж” зэрэг болно.
“Цагаан дара эхийн тууж”˗д нэг ядуу хүү их эрдэм сураад хааны шадар түшмэл болдог. Түүний эхнэр нь цэргийн жанжин болоод их гайхамшиг гавьяа байгуулж хааны нутагт халдаж ирсэн их хүчит дайсныг няцаан дарсан баймуй. Энэ баатар эхнэр дайсанд хорлогдож үхээд тамын газар эрлэг хааны хэрэг шийтгэж байхыг үзэж ирээд хуучин биедээ орж амьдарсан явдлыг хэлмүй. Цэргийн жанжин болсон эмэгтэйн явдал нь ерийн иргэний уран зохиол бөгөөд ийм зохиолд тамын орныг оруулсан нь шажны туужийн нөлөө юм.
“Ногоон дара эхийн тууж”˗д бол далан долоон жил бясалгал хийсэн Ногоон дара хатан бурхан тэнгэр нарт залбирсны ачаар нэг хүүтэй болжээ. Гэтэл хүүгээ гэнэт алджээ. Чингээд Ногоон дара хатан орчлон ертөнцийг тойрон удтал эрсэн боловч олохгүй байлаа. Ногоон дара хатан олон жил бясалгал хийж их буянтай болсны хүчээр замд тохиолдсон зовлонт амьтныг зовлонгоос хагацуулсаар явав.
Нэг өдөр огторгуйн мэргэн Цагаан аршаас хүүгээ асуусанд, “Хүүг чинь Шигэмүни (Шигмунь) бурхан аваачаад нууж байх бололтой” гэж айлдав. Чингэхлээр Ногоон дара хатан Шигэмүни бурханы оронд очоод айлын зарц эмэгтэй болж аргал түүж явав. Түүнийг Шигэмүни бурхан мэдээд хүүг нь олон давхар бумбад хийж бодисадва нараар харгалзуулж “Эхэд нь битгий өг” гэж зарлиг болов. Гэвч хүү нь эхийгээ ирснийг мэдээд олон давхар бумбыг хага өшиглөөд гарч эхтэйгээ уулзав.
Шигэмүни бурхан хүүг нь авч нуусан учир бол Ногоон дара хатныг орчлонгийн элдэв орноор тэнүүлж зовлонт амьтныг зовлонгоос хагацуулах хэмээсэн санаа гэнэ.
Бурханы оронд айлын зарц эмэгтэй аргал түүж явна гэдэг хачин хэрэг шүү. Тэгээд Ногоон дара хатан хүүдээ тэнгэрийн дагиныг эхнэр болгон авч өгөөд Замбуутивд ирж амьтныг жаргалантай болгоод тамын оронд очиж түүнийг жаргалангийн цэцэрлэг болгон хувилгасан гэнэ. Тийм учраас тамд зовох амьтан үгүй болж Эрлэг номун хаан хийх ажилгүй болоход хүрсэн байна.
Энэ хачин сонин туужид Шигэмүни бурхан Эрлэг хаан зэргийг шог дүрээр үзүүлээд Ногоон дара хатныг бурхан тэнгэрээс илүү хүчтэй болгосон баймуй. Энэ хоёр “Дара эхийн тууж”˗ийг эрдэмтэн нар төвдөөс орчуулсан зохиол гэдэг боловч чухамдаа Энэтхэг, Хятадын зохиолыг бага сага дуурайлгасан Монголын зохиол гэж үзвэл зохих мэт. Төвд хэлэн дээр энэ хоёр “Дара эхийн тууж”˗тай адил зохиол олдохгүй байна. Арван зургаадугаар зууны үеийн Төвдийн зохиолч Даранатын зохиосон “Дара эхийн тууж” гэж байх боловч монгол “Дара эхийн тууж”˗аас огт өөр бөгөөд Дара эх бурханд залбирсны ачаар хулгай дээрэм, дайн, гал, ус, араатны аюулаас ангижирсан тухай арван хэдэн жижиг өгүүллэг баймуй.
Ер нь Монголын зохиолыг нэлэнхийд нь буюу ихэнхийг орчуулгын зохиол гэж Европын эрдэмтэн нар хэлдэг заншлыг өөрчлөх цаг хэдийн болсон билээ. Эрдэмтэн Лауфер монголын уран зохиолыг “Уламжилж давтах” уран зохиол гэж Монголын уран зохиолын тухай номынхоо төгсгөлийн бүлэгт хэлсэн баймуй. Нарийвчлан хянаваас тэр орчуулж уламжилж давтсан гэдэг зохиолын нэлээд нь жинхэнэ монголын зохиол байна. “Эндүүрэл хааны тууж” гэж шүлэглэсэн зохиол байдаг.
Энэ туужийн дотор Эндүүрэл хаан их хатнаа нөгчсөний дараа нэг шулам эмийг эхнэр болгож авав. Тэр эм нь хааны их хатны хоёр хөвгүүний бөөр, зүрхийг иднэ гэж шаардсанд хаан зөвшөөрсөн боловч хааны сайн санаат түшмэл нь нохойн зүрх, бөөрийг авч бага хатанд идүүлээд хоёр хөвгүүнийг алс газраа оргуулан явуулав. Тэр хоёр хөвгүүн өсөж эрдэм чадалтай болоод шулам хатан нь хааныг залгиж идэхийг завдаж байхад нутагтаа ирээд шулам эмийг мянган алд гүн нүхэнд хийж, эцэг хаанаа аварсан явдлыг өгүүлмүй.
Энэ сэдэв нь “Сайн төрөлхт хаан, Оюун чихт хөвгүүн хоёрын тууж” ба Төвдийн Банчинлувсан˗Ишийн зохиосон “Артасэд хааны тууж” зэрэгтэй төсөөтэй боловч түүний аль нэгийн орчуулга бус монгол хүн, харин дурдсан зохиолоос сэдвийг авч өөрөө зохиосон байна. “Эндүүрэл хааны тууж”˗д гарч байгаа хүмүүсийн дүр байдал, үг хэл нь цөм монгол шинжтэй юм. Энэ туужид нэг өвгөн нас барсан эмгэнийхээ тухай гашуудан дуулсан нь:

Бөрт цоогчноо унаж
Бөглүүхэн айлд очоод
Бөөрний өөхийг хавтгалж
Бөгцөр бөгцөр хатирч ирэгч
Эмгэн минь
Даарт цагаагчнаа унаж
Далдын айлд очиж
italki
Дээлийн нэхий ганзагалан
Дэвэр дэвэр хатирч ирэгч
Эмгэн минь
Алаг цоогчноо унаж
Айл бүрийг хэсэж
Аарц тараг хөнөглөж
Амчир амчир хатирч ирэгч
Эмгэн минь

гэжээ. Бөөрний өөх, нэхий дээл, аарц, тараг гэж бичсэн зүйлээс үзэхэд Энэтхэгийн халуун орны зохиол бус монгол зохиол гэж мэдэгдэж баймуй. Үүний төгсгөлийн үгэнд Очирой сайн хааны Ач дүүрэгч ноёны зарлигаар Зарлигийн эрхт далай (Агванжамц буюу Гаванжамц) усан бар жил (1602) зохиосон гэж бичсэн баймуй.
Энэтхэг, Төвдийн зохиолтой сэдвээр адил зохиол Монголд нэлээд байх, үүнд ямар нь орчуулга, ямар нь монгол зохиол болохыг нягтлан судалж мэдэх нь чухал байна.
Энэтхэг, Төвдөөс орчуулсан зарим зохиолыг улмаар монголын ахуй байдалд зохицуулан монголчилж монгол зохиол болгосон явдал бас цөөнгүй. Үүний нэг жишээ нь Молон тойны тууж болмуй. Энэтхэгийн зохиол “Молон тойны (Модгилванийн) эхийн ач хариулсан тууж”˗ийг монгол хэлэнд хэд дахин орчуулсан баймуй. Үүний нэг орчуулгыг арван дөрөвдүгээр зууны үеийн орчуулга бололтой гэж “Руднеевын цуглуулсан номын тухай” өгүүлэлдээ Владимирцов багш бичсэн билээ. Бас энэ хэдэн орчуулгаас гадна монгол хэлээр найруулан бичсэн бололтой бөгөөд зураг хавсаргасан “Молон тойны тууж” Монгол оронд түгээмэл байдаг.
Зохиолын байдал цөм монгол хэлбэртэй болсон баймуй.
Монголын уран зохиолын түүхэнд Хятад, Төвд, Энэтхэгээс орчуулсан далай мэт их зохиол үлэмжхэн нөлөөлсөн нь илт баймуй. Монголын билигт шүлэгч, зохиолч нар өөрсдөө зохиож бичихийг төдий л хайхрахгүй ямагт орчуулга хийсээр бүх насаа барж байсан нь цөөнгүй. Тэдний нэлээд орчуулга нь монголын уран зохиолын санд багтах чухаг эрдэнэ мөн болмуй. Арван дөрөвдүгээр зууны үеийн Чойжи˗Одсэр, Шаравсэнгэ, арван зургаадугаар зууны үеийн Хөх хотын Гүүш цорж, арван долдугаар зууны үеийн Ойрадын Зая бандид, арван наймдугаар зууны үеийн Цахар гэвш Лувсанчүлтэм, Авгын Дай гүүш Агвандампил, арван есдүгээр зууны үеийн буриад Номтын Ринчин нарын орчуулга бол жишээ болохуйц гайхамшиг бүтээлүүд болмуй. Энэтхэг, Төвдөөс орчуулсан зохиол дотор Энэтхэгийн Калидасын “Үүлэн элч” гэдэг найраг, Дандины “Яруу найргийн онол”, Наганжунын “Рашааны дусал”, Төвдийн Гунгаажалцаны “Эрдэнийн сан Субашид” зэрэг ерийн иргэний зохиол үлэмжхэн байна.
Энэтхэгийн ардын үлгэрийн цоморлогууд “Панчатантрын үлгэр”, “Шидэт хүүр”, “Гучин хоёр модон хүний үлгэр” зэрэг Монголд нэвтэрч түгээмэл дэлгэрээд монголын үлгэр болж шингэсэн баймуй. Үүний заримыг төвд хэлнээс монголчилсон бус харин энэтхэг хэлнээс монголчлон орчуулаад дараа нь монголоос төвд хэлэнд орчуулсан ч буй. Жишээ нь: “Гэсэнэ хааны бичмэл тууж”˗ийн төгсгөлд, “Ранза Гэсэнэ хаан богд Бигармижид хаан хоёрын энэ үлгэрийг Даранат Маха Гүрүгийн шавь Баха бандид азар Энэтхэгийн хэлнээс монгол хэлэнд орчуулбай” хэмээжээ.
Өндөр гэгээний намтарт Өндөр гэгээн, дурдсан хоёр үлгэрийг Баха бандидаар орчуулгасан гэж бичсэн байдаг. Баха бандид болбоос Өндөр гэгээний шадар бараа бологч Чулуун хуруут азар мөн гэж тэр намтарт бичсэн баймуй. Үүнд “Даранат Маха Гүрү” гэж Даранатын хувилгаан Өндөр гэгээнийг хэлсэн бололтой. “Гэсэнэ хаан”, “Бигармижид” хоёрын үлгэрийг монгол хэлнээс нэг монгол ламын төвд хэлэнд орчуулсан бичмэл ном Монгол улсын номын санд буй.
Монголын сэхээтний нэлээд хэсэг нь төвд хэлийг өөрийн төрөлх хэлнээс илүү мэдэж хэрэглэдэг байсан учраас төвд хэлээр тэдний бичсэн зохиол үлэмж байна.
Үүнийг монголын уран зохиолын түүхэнд оруулж хэлэлцвээс зохимуй. Арван есдүгээр зууны эхээр ноён Хутагтын тавдугаар дүр Равжаа гэж алдартай шүлэгч байжээ. Үүний төвд, монгол хоёр хэлээр бичсэн олон шүлэг хэсэг бусгаар олдож байна.

Ноёд ноёд гэмээнэ
Нутаг зуураа хүндтэй
Номтой ламын шавь нар
Газар болгон хүндтэй
гэх зэргээр түүний шүлэглэсэн дууг олон хүн мэддэг баймуй. Шүлэгч Равжаа “Цаасан шувууны үлгэр” гэдэг түгээмэл дэлгэрсэн уран шүлэглэлийг Төр гэрэлтийн тавдугаар он буюу 1825 онд зохиосон хэмээмүй. Үүний төвд орчуулга бас бий. Их хүрээний Хайдав хамбын зохиосон “Хонь, ямаа, үхэр гурвын үлгэр” монгол, төвд хоёр хэлээр дэлгэрчээ. Алшаагийн Дандар лхаарамбын зохиосон “Хүний номын баяр хурим”, Сүмбэ хамба, Цахар гэвш нарын шүлгүүд, Зава Дамдин гавжийн “Энэрэнгүй ёсны дуулал”, бадарчин Гомбодоржийн “Үнээний гомдол” зэрэг олон зохиол төвд хэлээр бичигджээ.
Энэтхэгийн “Рашааны дусал”, Төвдийн “Эрдэнийн сан Субашид”, Монголын “Оюун түлхүүр” зэрэгтэй төсөөтэй сургаал гэдэг тусгай хэлбэрийн шүлэглэсэн зохиолууд Монголд түгээмэл дэлгэрчээ. Энэ сургаалын дотор шашны номлол гол суурийг эзлэх боловч ертөнцийн амьдралын сургаал буюу ихэс лам ноёдыг шүүмжлэн буруушаасан зүйл цөөнгүй байдаг. Сургаалын шүлгийн уран чадвар нь ихэнхдээ гойд сайн баймуй.

Сайхан цаст цагаан ууланд
Сарны гэрэл тусваас нэн цаймуй.
Саруул ухаант мэргэдийн чихэнд
Сайн үгийг сонсговоос нэн мэргэжмүй

гэх мэт уран сайхан шүлэг, сургаалуудын дотор үлэмж бий.
Жанжаа хутагт, Нэйж тойн, Зая бандид, Өндөр гэгээн, Цахар гэвшийн намтар зэрэг намтрын зохиол нэлээд буй. Эдгээр зохиолд шашны зүтгэлтэн нарын амьдралыг гол төлөв бичдэг боловч түүхийн чухал мэдээ байхаас гадна мөн уран зохиол гэж үзмээр хэсгүүд ч байдаг.
Хуучин цагт уран зохиол, ерийн зохиол хоёр сайн ялгараагүй байсан учир түүх зохиолыг бичихдээ ч уран шүлгээр чимэглэн бичдэг байсан. Энэ заншил болбоос “Нууц товчоо”˗оос эхэлсэн уламжлалтай юм. Ийм учраас нэлээд түүхийн зохиолуудыг уран зохиолд оруулан хэлэлцэх хэрэгтэй болдог юм. Арван долдугаар зууны үед Саган сэцэний зохиосон “Эрдэнийн товч", арван наймдугаар зууны үед баарин Рашпунцагийн зохиосон “Болор эрих”, арван есдүгээр зууны үед зохиогдсон “Болор толь” зэрэг зохиолд уран сайхнаар бичсэн хэсгүүд үлэмжхэн буй.
Арван наймдугаар зууны үеэс эхлэн Хятадын сонгодог уран зохиол монгол хэлэнд үлэмжхэн орчуулагдаж гар бичмэлээр дэлгэрч байв. “Гурван улсын түүх, “Улаан асарт хаалга”, “Тансан ламын баруун газар жуулчилсан бичиг”, “Жүн дагинын тууж”, “Шүйху бичиг” зэргийг монголын сэхээтэн монгол хэлээр хэдийнээс уншсаар ирсэн юм. “Гурван улсын түүх”, “Лю Жай Жи” бичиг зэрэг монгол хэл дээр хэдэн удаа хэвлэгдсэн баймуй. Эдгээр зохиолын заримыг монгол үлгэрч, хуурч нар бүрэн цээжлээд шүлэглэн засаж хуурдан дуулж явах нь цөөнгүй болсон билээ.
Ингээд зарим роман нь монгол оронд зохицон хувирч хятад эхээс танигдамгүй өөр болсон ч удаа баймуй.
Хятадын уран зохиол, монголын уншигч зохиолч нарт сайн нөлөөгөө үзүүлсэн юм. 1871 онд монголын зохиолч Инжинаш “Хөх судар” гэдэг түүхэн романыг зохиож гаргав. Уран сайхан хэлээр баатарлаг зоригтой, идэвхтэй тэмцэгч хүмүүсийн дүрийг Инжинаш (Инжинааш) гаргаж бичсэн юм. Энэ зохиолын оршилд монголын феодалын нийгмийн ялзарсан байдлыг эрс ширүүнээр шүүмжилсэн байна. Инжинашийн зохиосон өөр хэдэн роман тууж буй. Хятадын уран зохиолын нөлөөгөөр бичигдсэн бололтой ядуу хөвгүүн, ихэмсэг багшийг цэцэн үгээр мухардуулан шантраасан тухай “Багш шавийн үлгэр” гэдэг зохиол баймуй.
Арван есдүгээр зууны орчмоос феодалын ангийг эрс тэс шүүмжилсэн зохиолууд улам олширсон юм. Хатагины Гэндэн мэйрэний зохиосон “Хав, муур, хулгана гурвын үлгэр”˗т ихэс лам ноёдын хамжлага харьяат нараа булаалдсан явдлыг өгүүлсэн баймуй. Ордосын Данзанванжилын шүлэгт мөн феодал ангийн ялзарсан байдлыг хурц ширүүнээр шүүмжилсэн баймуй. Хуульч Сандаг Чонын үг, Зээрийн үг, Ингэний үг, Ботгоны үг гэх зэргийн богино хэлбэрийн шүлгүүдийг бичсэн юм.
Энэ зохиолууд нь их дэлгэрч зарим нь ардын аман зохиол болж хувирсан байна.
Ордосын Хишигбат, Үзэмчний Гамаал захирагч зэргийн олон шүлэгчдийн зохиолыг судлах байтугай цуглуулан авч чадаагүй баймуй.
Монголын дотор ерөөл гэж тусгай хэлбэрийн уран шүлэглэл байдаг. Ийм ерөөлийг бичдэг, хэлдэг зохиолч нар олон байсны дотор ялангуяа их алдаршсан нь ерөөлч Гэлэгбалсан болно. Гэлэгбалсан Тэнгэрээс хур гуйх ерөөл, Наадмын ерөөл, Сур харвахын ерөөл зэрэг олон ерөөлийг бичсэн юм. Ийм ерөөлийг баяр ёслолын үе, эсгий хийх, бэр буулгах, хурим, морь уралдах, бөх барилдах, наадам зэргийг эхлэхэд хэлдэг юм. Аягатай сүү хадгийг барьж байгаад ерөөлийг цээжээр хэлдэг юм. Ерөөлд монголчууд их дуртай. Ерөөлийг мэдэх хүн олон байдаг. Ерөөлийн тусгай дэвтрүүд ч бий. Одоо ч ардын дотор ерөөлч хүмүүс олон бөгөөд түүний зарим нь зохиолчдын эвлэлийн гишүүд болсон баймуй.
Энэ дурдсан зүйлээс үзэхэд монголын ард түмэнд уран зохиолын өв уламжлал үлэмжхэн байгаа юм. Шинэ уран зохиолыг бид нүцгэн газар байгуулж эхлээгүй.
Урьдын зохиолч нарын бүтээлийн сайн тал ба ардын баялаг аман зохиолыг ашиглан түшиглэж шинэ уран зохиолыг хөгжүүлж баймуй. Бид хуучин зохиолын уламжлалыг хүндэтгэн хэрэглэхийн хамтаар социалист реализмын аргыг Зөвлөлтийн уран зохиолоос суралцаж байна.


ХУРААНГУЙ АЛТАНГЭРЭЛЭЭС Аравдугаар бүлэг Дамбадаржаа гүүш


Тэндээс Радна Арчиси охин тэнгэр, энэ гүн номыг номлосныг сонсож, Ялж төгс нөгчсөн бурханаа ийн хэмээн өчвэй. “Бодь явдал хийгээд, үнэн дүрийг надад нигүүлсэхүй бээр номлон соёрх” хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн бурхан зарлиг болруун: “Ав аль сэжгээ асуухын тул өчтүгэй. Зүйлээр нэхэж номлож өгсүгэй”.
Тэндээс охин тэнгэр өчвэй. “Бодисад нар сансар нирваанаас ангижирсан бодь явдлаар хэр явагдъюу” хэмээвээс Бурхан зарлиг болруун: “Номын чанарт аж бүрүүн.
Бодисад нарын явдлаар явснаар, тэгш сац дор хичээн үйлдэхүй больюу. Хэр бүрүүн номын чанарт аж тэгш сац дор хичээн үйлдьюү” хэмээвээсийн хэмээн зарлиг болруун: “Таван цогцсыг номын мөн чанар хэмээн нэрийдвэй. Номын мөн чанар хэмээвээс таван цогц бөгөөд болой. Хоёр лагшнаас ангижирсан, хоёр хязгаарт үл агч үзэгдэхүй үтүйгээс нөгчсөн нэр хийгээд, бэлэг үгээгүй түүнийг номын чанар хэмээн өгүүльюү.
Хэрвээ төрөн барсан төрөх болбоос, шалтгаанаа нөхцөлдөгч бээр хэрэг үгүй болох ёст. Хэрвээ эс төрсөн төрөхүй болбоос, эл төрөхүй үзэгдэхүй үгүй болох. Аль тэр эс төрсөн ном хэмээвээс буй бусын тулд нэр үгээгүй, бэлэггүй тэнлэхүй үлихүй хийгээд, адилтгахуй бээр үл өгүүлэгдэхүй болъюу. Нөхцөлдөгч хоёроор төрүүлдэхүй бээр бус буй. Адилтгаваас хөөргийн дуун мод арьсан хийгээд, гарт дулдуйдаж дуун гармуй за.
Модноос эс гарвай. Арьснаас эс гарвай. Гараас бээр гарсан бус. Нэгэн бээр бус. Өөр бээр бус болой. Хэрвээ нэгэн болбоос л, номын чанар лугаа ялгал үгүй болох. Хэрвээ өөр өөр болбоос хамаг бурхан бодисад нар, дээр үгүй үнэн төгс туулсан бодь хутгийг илт туулж, бурхан үл болох. Түүгээр таван цогцсыг номын чанар хэмээн номловой.
Янагуухыг бээр эс тэвчсэн. Үнэмлэхүй лүгээ бээр эс ангижирсан. Түүнийг номын чанарт аж. Бодисад нарын явдлаар явсан хэмээгдьюү.
Охин тэнгэр өчрүүн: “Ялж төгс нөгчсөн бурхан аа, бодисад нарын тэр явдалд, би суралцан үйлдсүгэй” хэмээн өчвөөс Радна Арчиси охин тэнгэрээс Эсруа тэнгэр ийн хэмээн асуувай. “Охин тэнгэр ээ, бодисад нарын явдлаар хэр явмуй чи” хэмээвээс өгүүлрүүн: “Усан дахь саран мэт, зүүдэн мэт, зэрэглээн мэт, тэр мэт би бээр бодь явдлаар явмуй”. Эсруагийн хаан өгүүлрүүн: “Мөн хувилгаан бээр чанар үгүй бөгөөтөл тэдний сэтгэл ба сэтгэлээс болсон хаанаас төрөх болъюу”, өгүүлрүүн: “Аль тэр номын чанар буй бээр бус, үгүй бээр бус, хэмээн үнэнийг ер мэдсэн тэдгээр энэ гүн утгыг мэдэн чадъюу”. Их Эсрүн Ялж төгс нөгчсөн бурханаа ийн хэмээн өчвэй. “Энэ Радна Арчиси бодисад энэ номын гүн голд мэргэн” хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: “Энэ Радна Арчиси бодисад хэр номлосон ёсоор хичээн бүтээгдэхүй. Энэ Радна Арчиси бодисад хойно ирэхүй цагт эрдэнийн гэрэл өлзийт зүрхэн нэрт бурхан болох” хэмээн зарлиг болбой. Хэдвээ үүнийг зүүвээс, бариваас, уншваас зарим сард хүртэл уншваас түүний буян тоо томшгүй, сэтгэшгүй төрөхүй болъюу. Эсруа Хурмаст тэргүүтэн хамаг тэнгэр нар бээр сахихуй ивээхүй болъюу.
Дээд судрын хаанаас хоосонд дулдуйдаж сэтгэл төгссөн нэрт аравдугаар бүлэг.

Хорин дөрөвдүгээр бүлэг

Язгууртны охин тэнгэр ээ, эртний ерөөл аль буй хэмээвээс “Раднашихи бурхан бээрийг нирваан болж номчлон засдаг болсон цагт, Дива Индра Браба нэрт номт хаан бөлгөө. Хотол амьтны эцэг эх мэт бөлгөө.

Тэр хааны улсад Задиладари нэрт эмчлэхүй үйлст мэргэн сартваахь бөлгөө.
Сартваахийн хөвгүүн Залавахани нэрт маш гүн билигт ажгуу.
Тийн атал тэр хааны улс элдэв жийргэмшигт олон зүйл өвчин болсныг үзэж, тэднийг аврахын тулд, өөрийн эцэг сартваахид, өвчний зүйлийг санаж мэдээд, тэдгээр олон амьтныг өвчнөөс тонилговой”.
Дээд Алтангэрэлт судар нугуудын хаанаас хамаг өвчнийг сайтар амарлиулсан нэрт хорин дөрөвдүгээр бүлэг.

Хорин тавдугаар бүлэг

Язгууртны охин тэнгэр ээ, бас бээр Дива Индра Браба хааны улсад бүхүй өвчнийг үгүй болгож, өвчин цөөн болсноор өглөгөөр өгөөд бас ийн хэмээн өгүүлэлдвэй. “Хамаг амьтны өвчнийг анагаагч оточны хаан илт магад бодисад бөгөөд буй, хэмээн илт магтвай.
Залаваханийн Усны лянхуан зүрхэн нэрт гэргий бөлгөө. Түүний Усны дээл, Усны зүрхэн нэртэн хоёр хөвгүүд бөлгөө. Залавахани аглаг зүлгэд орвоос, түмэн загад уснаас ангижирсныг үзээд, Дива Индра Браба хаанаас, хорин заан авч, зуун үхрийн тулам усыг ачиж тэд загадад түсэргээд, олон идээнээр цатгаад, Раднашихи бурханы нэрийг сонсоод, энэ тарнийг өгүүлбэй. Тарни нь... гэгээн гэрэлтэй нэрт тарни буй.
Хамаг тэнгэр нар даган баясвай. Тэр цагт, дөрвөн Махранз тэнгэр нар энэ тарнийг өгүүлбэй
Тэр загад үхэж гучин гурван тэнгэрт төрснөөр эдгээ энд ирвэй.
Тэр цаг дахь Задиладари сартваахь хэмээвээс, Судатаниг хаан буюу. Залавахани хэмээвээс би буюу, Усны Лянхуан Зүрхэн гэргий хэмээвээс Шагжлигуудын охин хөвгүүн буюу. Рахули тэр цагт Усны зүрхэн нэрт болбой. Бадрахуй ялгалын жавхлант хаан тэргүүтэн тэдгээр түмэн тэнгэрийн хөвгүүд тэр цагт түмэн загад болбой”.
Дээд Алтангэрэлт судар нугуудын хаанаас Залавахани хөвгүүний Вайниш жида загасанд төрсөн нэрт хорин тавдугаар бүлэг.

Хорин зургаадугаар бүлэг

Тэндээс Ялж төгс нөгчсөн бурхан багш бидний тэргүүлшгүй амьтны дотор нь, тэмдэгтэйеэ мянган аяга тэхимлэгүүдээр хүрээлүүлж тэрхүү Багцал улсын иргэнийг бядан одож хүрвээс чинхэр өнгөт зөөлөн сайн өлөнгүүдээр, чанадаас долгисон хөөрч бүх дэлхийд, чанараас асар сайн үнэрт цэцгүүдээр, чимэгдсэн нэгэн газрыг үзвэй бүхүйгээр. Хутагт бурхан багш олон амьтны тусын тул, хурднаа Анандад зарлиг болруун л: “Хурьцахуй мэт энэ оронд суун атал, хотлоор суурин бэлдээд өчтөл. Над танд өгүүлэхүйн орон нь буй” хэмээвээс “Үүр үл одон суурин бэлдвэй” хэмээн өчвөөс эрхт Бурхан тэр оронд сууж зарлиг болбоос эдгээр хурсан нөхөд маш баясвай. Хүсвээс бурхан мянган талт хүрдэн бэлэгт хөлөөр босож газарт хүргэж гараар дарваас, бүхүйгээс та дэлхий дэнслэн хөдөлсөн бээр, бүрэд эрдэнэсээр шигтгэсэн суварган гарсаар Ялж төгс нөгчсөн бурхан “Суваргыг нээ” хэмээв. Илт Ананд нээвээс алтан хуурцаг гарвай. Ямагт үзүүлбээс долоон давхар буй. “Бас нээтүгэй”. Илбэдүүлэн нээвээс цасан ба гүмүда цэцэг мэт ясан гарвай.
Алдарт бурхан багш тэр ясныг өмнөө барьж бөхийрүүн аяга тэхимлэгүүд бүгдээр мөргөрүүн, Ананд өчвэй: “Амьтнаа мөргөгдөхүй ёст бурхан, аваад үүнд хэр мөргөмүү” хэмээвээс зарлиг болруун: “Эрт нөгчсөн цагт Махаради нэрт, эн олон хүчин хөлгөн хийгээд төгс бүхүйд, үүний Маханада, Махадива, Махасаду нэрт эрхт Чагарбадын хааны гурван хөвгүүн бүлгэй тэр үед. Махаради хаан хөвгүүдээ наадгахын тул, маш үзэсгэлэнт цэцэглэгт наадган атал, магад гурвуул яваад арван хоёр ойд хүрвээс л, Маханадын сэтгэлд аюул төрөн атал, хоёр дүү нэрт ийн хэмээн өгүүлбэй. “Хортон араатнаа алагдахуй мэт аюул төрвэй. Хурднаа үтэрхнээ ирэдхүн” хэмээвэй. Хуйхаа ширвүүлэн айж дуудан байвай. Яваад Махадива тэднээ өгүүлрүүн: “Ай миний сэтгэл түрч айхуй үгүй болруун. Амраг чухал ба хүнээс ангижрахуй хүрүүн. Ахуухүү сэтгэлд минь хорсохуй төрмүй” хэмээрүүн. Чин сэтгэлт Махасаду ийн хэмээн өгүүлбэй. “Чанад дайсан хийгээд хортны аюул ба үгүй. Чухал хүнээс ангижрахуй ба үгүй. Чадагчдын сайшаасан энэ орноос мөн би.
Үлэмж буян нугуудыг сайтар нэмүүлэгч үргэлж сайн шалтгааныг үтэр олгуулагч,
Үнэн төгс туулсан бурхан бологч, үргэлж баясгалан төрмүй, сэтгэл үлэмж”.
Тодорхойёо эд үгсийг өгүүлэлдэн явтал, долоон хоногт өег эс олсон бөгөөтөл дотроос гарсан зулзаганаа идэхээр хүрсэн л. Тус болж таван зулзагат өлөгчин барсыг үзэн атал. Ахмад Маханада өгүүлрүүн: “Аяа хөөрхий энэ зургаан өдөр үү, долоон өдрийн үү. Ай зулзагалан бөгөөтөл, өег үгүй бээр зулзагадаа идмүй. Ангид эс бөгөөс барс хийгээд араатны идэш болмуй”. Тэд нь Махадива түүнийг үзэж өгүүлрүүн: “Тэд хэмээвээс халуун мах цусан таалахуй болруун. Түүнийг хэнээс амиа тэвчмүй авраруун”. Тийн хэмээн өгүүлсэн нь сонсруун. Бас бээр Махасаду ийн хэмээн өгүүлбэй. “Ба бүрэн мэт өчүүхэн оюутнаа бэрх буй. Биеэ тэвчихүй эр богдсоо бэрх бус буй. Бэлэгтэйеэ үүнд тэвчвээс илүү сайн эсэх буй”. Тэндээс Махасаду ах нараа “Урьдаа яв” хэмээгээд тэр барсын өмнө хэвтэж унан өглөөд түүнээ барс юун ба эс хийсэнд мөн бөгөөд, тэдний нигүүлсэхүй сэтгэлээр маш эрж эс олоод зуун он болсон хатуу модныг авч, Жинуда тэр модноор хүзүүгээ хатгаж жадалж унуулаад барс бээр үтэр босож, жирин зулзагадаараа цадвай. Дураа ханаж энэ дэлхий зургаан зүйлээр ихэд хөдөлбэй. Эрхтэн тэнгэр нар цэцгүүдийн хурыг оруулбай. Эдгээр бэлгэсийг үзэж тэр орон дахь тэнгэр өгүүлбэй. “Эрт богд үтэр хутгийг олох чи” хэмээн магтвай. Тэндээс Маханада газар хөдөлснөөр, тийн айж дүүдээ өгүүлснээр дэд дүү нь бас мөнхүү сэрмүй хэмээснээр тэд хоёулхан уйлан уйлан зорчиж хүрснээр модны гишүүнд дээлээ өлгөснийг үзвэй. Мундаж барсын аман цустсаныг ухвай. Муна тана болж үхэтхийн унаж одвой. Мунд тэлэрч үргэхүй дуунаар уйлбай. Хаадаа дээшид өргөн энэлэхүй шаналахуй дуунаар “Хаан эцэг хийгээд хатан эх бид нь лянхуат адил чамай бээр хааш одвой” хэмээн асууваас бээр “Хаана тавив” хэмээн өгүүлье би бээр. Ай хохой бид хоёр мунд мөн. Ах нар дүү нар энд үхвээс илүү сайн.
Тэр цагт эх хатан бээр зүүдэлснийг ухагдахуй. Тийн хоёр хүүгээ огтолдоод шүдэн унасныг зүүдэлбэй. Тэнд гурван хүүрзгэний зулзагыг олсноос нэгийг дээрээс шувуунаа автсаныг зүүдэлбэй. Нүгэлт муу зүүдийг үзсэнээс сэрж атал, нэгэн нарийн охин зүдэж ирж өгүүлбэй. Хатнаа эл нүгэлд одох мэт дуунаар уйлан хаанаас хотол, нулимсаа чиврэн (цувран) бөгөөтөл шалтгааныг нь ухвай. Түгтэл тэндээс хаан хатан үхэтхийж газарт унавай. Тэнд өнө удсаны хойно арган тэлэрч босов. Тэргүүн дэх үснээ алдруулж уйлбай. Төдийхүү гараар өвчүүнээ хатан дэлдвэй. Хөдөөд гарсан загасан мэт хөрвөн хөрвөн, хөвгүүнээ сайныг хэмээж, бас бас магтан магтан, гүр их улс иргэн лүгээ нэгнээ уйлан уйлан хөдөлж зорчвой.
Хатан бээр хайлан хайлан, тугалаа завхсан Махи мэт мөөрөн мөөрөн, тоост дээлийг өмсөж хүртэл өсөн өсөн, доошид дээш ихэд дүүлэн дүүлэн, тодорхойёо нэрлэж махасун махасун хэмээж ботгосоо завхсан ингэ мэт борхирон борхирон, буртагт нусан нулимсаа цувруулан цувруулан, бодисун хөвгүүнээ нэрийдэж дуудан дуудан, Богд хаан бээр нэгнээ элдэвчлэн магтан магтан уйлбай.
Эрхт төрсөн хөвгүүнээ тэр ясыг авч бүрүүн. Элдэв эрдэнэсээр шигтгэсэн суварган босгоруун. Энд тавьсан шалтгааныг номлож өгсөнд нэгэн төдий уйлан, эн дээд бодичид сэтгэл үүсгэлдвэй бүрнээр.
Ананд аа, тэр цагт, тэр учирт Махасаду нэрт болсон тэр хөвгүүнийг бус нэгэн аху уу хэмээн сэтгэвээс, чи тэр тийн үл сэтгэгдэхүй. Тэр юуны тул хэмээвээс, тэр цаг дахь тэр учир дахь Махасаду хөвгүүн хэмээвээс би буюу. Тэр мэт зовлонтныг олонтоо аварснаар дээд бодь хутгийг үнэн олсноор, тэргүүлшгүй олон амьтны удирдагч багш болсон тэндэх шалтгааныг этгээдэд номловой ухсанаар, Махаради нэрт их хаан хэмээвээс, Судадана хаан буюу. Хатан дээд Махамаяа Маханада болбой. Эдүгээ Майдари. Түүнчлэн Махадива хөвгүүн бээр болов. Тэр эдүгээ орь Манзушири. Эм барс хэмээвээс Маха Бразабади зулзаган болбой таван банчаги, нэгэн зулзага нь Молондай буюу. Нэгэн нь Шарибудари. Нэгэн нь Ананд, нэгэн нь Рахули, нэгэн нь Субуди бүлгэй”.
Дээд Алтангэрэлт эрхт судар нугуудын хаанаас барсад биеэ өгсөн нэрт хорин зургаадугаар бүлэг.

Төгсгөлийн үг нь
Хутагт дээд Алтангэрэлт судар нугуудын хаан нэрт их судар төгсөв.
Дамбадаржаа бодисун гүүш багш бээр язгууртан хаан хатан харцас иргэн ба, огторгуйн хязгаар лугаа сац хамаг амьтан ба, олон амьтны тул хураан зохиовой.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Хураангуй Алтангэрэлээс - 3
  • Büleklär
  • Хураангуй Алтангэрэлээс - 1
    Süzlärneñ gomumi sanı 4017
    Unikal süzlärneñ gomumi sanı 1609
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Хураангуй Алтангэрэлээс - 2
    Süzlärneñ gomumi sanı 4267
    Unikal süzlärneñ gomumi sanı 1888
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Хураангуй Алтангэрэлээс - 3
    Süzlärneñ gomumi sanı 1455
    Unikal süzlärneñ gomumi sanı 768
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.