Latin

Хос Тогоруу

Süzlärneñ gomumi sanı 2626
Unikal süzlärneñ gomumi sanı 1593
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
Д. Цэвэгмид
ХОС ТОГОРУУ
“Улсын хэвлэлийн газар” Улаанбаатар хотноо 1974 онд эрхлэн хэвлүүлсэн “Д. Цэвэгмид: ЗОХИОЛУУД” номоос авч Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2020 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.


ЦАХИМ НОМЫН САН: www.e-nom.mn


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


НЭГ

Довын энгэрт агь нүдэлж, нөмөр газар хөх яргуй товчилсон цаг, хүйтэн холдож дулаан ойртсон хаврын нэгэн өглөө, уудам талыг хөндлөн огтолсон урт сайхан замын дэргэд хос тогоруу нисэн ирж буулаа. Тэд нарын өнгө зүс нь ч ижилхэн том жижиг нь ч адилхан, бодвол эгч дүү байлтай. Эсхүл анд нөхөд ч байж болзошгүй. Амраг хоёр ч байж магадгүй. Ямар боловч энэ хоёр алс холын аян замын бартааг хамт туулж, анх төрсөн газар өндөг байхаас эхлэн өсөж бойжсон өлгий нутаг таа иржээ.
Үүрийн цагаан гэгээ тусаж буй өргөн талаас тэнүүн юу байх билээ. Алсын бараа тодрох нь соньхон, сэтгэл тэнийм уудам сайхан. Тэртээ нүдний үзүүрт уул үүл уулзан золгоно. Түүнээс нааш бууралтан долгилж дуу гүй дүнсийн цэлэлзэх их хөндийн айлуудаас хөх утаа суунаглана. Замын дэргэд саяхан буугаад орчин тойрныг сонирхон ажих хос тогорууг үхэр оготно үзмэгцээ хөеө дээрээ гарч час час исгэрэх нь «Хүүе, нөхөд өө! яасан инээдэмтэй амьтад вэ? Хүзүү нь тохигор, хөл нь дэнжгэр юм. Хараач, үзээч, та минь» гэх шиг.
Холын дорнод зүгт, эхлээд дээд хүрээ нь, дараа нь тал бие нь аажимхан цухуйсаар өглөөний наран мандаж улбар шар туяагаараа Орхоны их хөндийг гийгүүлэх үес, салхи сэвэлзэн хөдөлж өвлийн турш бутны ёроолд унтсан бужгар хазаар өвсийг сэрүүлэв.
Өнгөрсөн намрын хөгшин хазаар өвс өнхрөн тонгорон ирэхэд хос тогоруу «Юу болох нь энэ вэ?» гэсэн шиг хирдхийн цочиж ийш тийшээ харуулдавч өвсөн толгой намалзан хийсэх их талын уудмыг өмнө газар олон дахин үзсэн далайн давлагаа лугаа адилтгаж хэдэнтээ бие биеэ дуудалцаад нам тайван алхлав.
Удалгүй айлын хонин сүрэг бэлчээрлэж, хоньчин хүүхэд түүнийг даган гарахыг мань хоёр үзэхдээ «Ноднин зуны дэрчгэр чихт биш байгаа даа» гэж бодовч «Одоо бид нисэж чадна, чамд дахин баригдахгүй» гэсэн шиг жигүүрээ дэлгэн сэгсэрч дэгэн догон цамнана.
Өглөөний наран өндийн өндийсөөр нэлээд дээр гарахын чацуу морьтой хүмүүс, хөсөгтэй аянчид ойрх замаар цувж эхлэвч тэрхүү хос тогоруу ер тайван «За даа, ийм юмс явдаг л юм» гэсэн байдалтай нахис бөхөс алхлан өвсний үр буурцаг тоншино.
Эх нутагтаа ирснээс хойш энэ мэтээр өдөр хоног олныг өнгөрүүлэв. Тэрэгтэй, тэмээтэй аянчдаас айх, сэжиглэх нь огт үгүй, харин замын дагуу улаан тоос хадаасан, учир дүрсгүй хурдан, дөрвөлжин хар юм хааяа давхин өнгөрөхөд баахан зэвүүцэж, толгой өргөн удтал ажиглах бөгөөд хэрэв тэр гайхал хэтэрхий ойртох буюу гэнэт зогсоход хүрвэл шуурхайлан цааш алхах зуураа гэдрэгээ эргэн харсаар нэлээд холдоод нэгэн хэсэг сээтэгнэн ажиж зогсовч машин далд орохын чацуу аймшгийг мартаж хэвийн байдлаар тонгос, тонгос алхлан газраас юухан хээхнийг түүнэ. Тэр хоёр үргэлж хамт явна. Нэг нь нөгөөгөөс өчүүхэн ч тасарвал гурруу гур-руу гэж бие биеэ дуудна.
Эд, эх нутгийнхаа хүн мал, эргэн тойрны үзэгдэл бүхнийг таних учир айх юмгүй амар жимрээр шар наран, бор хоногийг өнгөрөөнө. Өдрийн бэлчээрт олсон бүхнээ хуваана. Шөнийн хэвтэрт ээлжлэн манаанд гарна. Ингэж үргэлж хамт амьдардаг, салшгүй хос, сааршгүй анд нөхөд байжээ.
Тэр хоёр, хаврын хатуу улирлыг эсэн мэнд өнгөрөөн зуны сайхан цагийн босгыг алхав. Өргөн тал өнгийн цэцгүүдээр хучигдаж болжмор шувуухайнууд бутны ёроолоор үүр засаж эхлэв.
Мөнхүү хоёр тогоруу ч гэдэн гэдэн алхаж дэмий хэсүүчлэхээ зогсон, эрээн цахиур элбэгтэй, элсэрхэг нэгэн дэнж хавьд тогтуухан байдаг болсон бөгөөд түүний нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаж, сав л хийвэл хэвтэж байх нь үзэгдэнэ.
Анхилам цэцгүүд найгасан аялуун зуны нэгэн өдөр байлаа. Орхоны их тал дээр ногооны дэнхэр униар татаж, алсын бараа зэрэглээнд сүүмэлзэнэ.
Алсад яваа тэмээн хөсөг уултай чацуу өндөр болон шовойгоод бас дундуураа тасалдан дэнжгэнэнэ. Бага үд болохын хир, замын тоос бужигнан дэгдэж түүний дундаас нэгэн машин гарч ирээд хос тогорууны зэргэлдээ утаа хаялуулан урагш хойш ухасхийн тар түр зогссоны дотроос хэдэн хүн гарч ирлээ.
Тэдний нэг нь хэвтээ тогорууны зүг хэд алхаж оцойн суухад босоо байсан тогоруу нь «Яах гээд байгаа юм бэ?» гэж сэжиглэсэн янзтай цаашаа холдох зуураа ижил тийшээ хандаж, «Босох юм биш үү! Цаадуул чинь ямархан л улс бол доо» гэсэн дохио өгсөн боловч хэвтэж буй нь «Гэмгүй биднийг яана л гэж дээ» гэсэн байдалтай, итгэл дүүрэн, санаанд үгүй, хэвтсээр байв.
Бутны ёроолоос болжмор шувуухай эрвэсхийн нисэж агаарт тогтохыг хүсэх мэт дэрвэн байж тайван цагийн уяхан дуугаа дуулан жиргэнэ. Тэр дуундаа:

Эвий хөөрхий ангаахайнууд минь
Ээж нь удахгүй мөдхөн очно
Эрээн дальт эрвээхэйнүүдийг
Элбэг дэлбэгээр түүгээд очно

гэж дуулна. Гэнэт «Чив», «Фус» гэсэн чимээ гарч дарийн муухай үнэр ханхлав.
Хэвтээ байсан тогоруу ухасхийн босож нисэхийг завдан гүйсэн боловч газраас хөөрч чадсангүй, өрөөсөн жигүүрээ хэд дэвээд ойчив.
Энэ үе өндөр дээрээс болжмор шувуухай жиргэн жиргэсээр л боловч дууны өнгийг өөрчилж,

Хөөрхөн бор ангаахайнууд минь
Хүзүүгээ дарж хөдлөлгүй хэвт,
Алаг бор ангаахайнууд минь
Амаа хумхиж чимээгүй нуугд!

гэж түгшүүр зарлан жиргэв.
Машины дэргэд сүүдгэнэх хүмүүс тогоруу унаж, үзэгдэх бараа тасрахад «Мэргэн буу байна» «За явъя» гэлцэх нь сонстоод удалгүй гаж буруу тэр машин газар дэлхийг доргитол хажигнаж пажигнасаар далд оров.


ХОЁР

Бууны дуугаар нисэн холдсон тогоруу ижлийнхээ дэргэд эргэж буумагц ийш тийшээ харуулдаж аюул сэрэмжлэх байдлаар нэгэн хэсэг зогсоод, «Бос, эндээс холдъё» гэсэн шиг цааш алхлахад нөгөө нь арайхан хөл дээрээ өндийвч өрөөсөн далавч нь салбайтал унжсан, өвчүү талын өд ноолуур нь цусанд зууралдсан байв.
Энэ хоёр юу болтугай ч замаас холдохыг шийджээ.
Эрүүл нь «Намайг дагаад яв» гэж байгаа бололтой, хэд хэд алхаад гэдрэг эргэн харна. Шархтай нь түүний хойноос өрөөсөн жигүүрээ чирсээр гэлдрэх боловч байн байн хэвтэнэ. Хэвтэх үед нь түрүүчийн тогоруу эргэж түүний дэргэд ирээд нэгийг ятган хэлэх мэт толгой гудайн зогсоно. Тэгээд тэр хоёр дахин цаашаа гэлдэрнэ.
Эрүүл, өвчтэй энэ хоёр тогоруу ингэж явсаар замаас нэлээд зайдуу байгаа өтгөн дэрсэнд хүрч үзэгдэх бараа тасрав.
Тогорууны хүч жигүүртээ байдаг. Хүч чадал бүрэн үед салхийг урууддаггүй, харин сөрөн нисэж уулыг ч давдаг, үүлийг ч нэвтэлдэг. Хүч чадал бүрэн үед чийг ханхалсан бөглүү газар ойртдоггүй, харин холын бараа ил харагдах аль өндөр дэнжийг зорьдог билээ.
Гэтэл ижил энэ хоёрын нэгэнд үрэхээр гай тохиолджээ. Жигүүр хугархай шувуу явлаа гээд хаана хүрэх вэ, зугтаалаа гээд юу базаах ажээ. Арга буюу нэг мөч ч болсон амьд явахын тэмүүллээр далд газар нуугдсан хэрэг биз.
Ижлээ дэрсэнд хэвтүүлээд эрүүл нь ийш тийшээ явж идэш тэжээл түүнэ. Олсон олзоо хошуундаа зуун авчирч ханийнхаа аманд хийж өгнө.
Аз тохиолдвол амьдралаа үүрд холбосон энэ минь эдгэрч юу магад гэсэн итгэлээр аль амттай зүйл, шинэ ургамлын үндэс, үр буурцаг олохыг хичээнэ.
Орой бүрий нөмрөн ирж сэрүү татах үес шархтай тогоруу өндийж ижлээ даган цааш гэлдрэв. Бодвол харанхуйд халхлагдаж газар дөхөхийг хичээсэн хэрэг биз.
Чухам хаана хүрэхээр зорьсныг бүү мэд. Жигүүртэй үед хэдхэн гуаглаад уулыг давдаг билээ. Жигүүргүй болсон шувуунд уулыг давах байтугай урьдах хотгорыг ч гатлах нь хэцүү даваа болжээ.
Эхлээд нэг, дараа нь хоёр, гурваар тодрон тодорсоор тэнгэрийн мандалд түг түмэн одон мичид мяралзан түгэв. Одны олонд огторгуйн уудам нь уйтан мэт, газар тэнгэрийн уулзварт хүртэл өдий төдий одод гялалзаж орчлон дэлхийг ширтэх боловч зовлонд нэрвэгдэгсдийг огтхон ч хайхрахгүй нь харамсалтай.
Тэр хоёр, гэлдэрсээр яваад бяцхан цөөрмийн эрэгт хүрч зэгсэнд шурган дахин хэвтэв. Ядарсан амьтдад унд болох ус олдсон нь яамай даа.
Өндөр тэнгэрийн уудам зайд багтаж ядсан, мянга мянган од мичид өчүүхэн цөөрмийн усанд цөмөөр, бүгдээр багтан тусаж түүний гүнд гялалзах нь соньхон. Энэхэн эгшинд цөөрмийн ус ёроолгүй гүнзгий юм шиг харагдана.
Эрүүл нь өвчтэйнхөө биеийг шөнийн хар чийгээс халхлан, халуун далавчаараа нөмөрч хэвтэв.
Шөнө урт, уйтгарлан гонсойж олныг бодох цаг их, уй гашууны нь хэмжээгээр түүний нүднээс нулимс гардаг сан бол тэрхэн цөөрмөөс багагүй усан цүнхээл тогтох сон. Гагцхүү түүний ус нь амсамгүй шорвог болох нь давсных биш, эмгэнэлийн гашууных байх биз.
Хүн гэдэг уужим сэтгэлтэй, огторгуйн бүх оддыг багтаасан энэ цөөрмөөс ч гүнзгий ухаантай байх ёстой. Гэтэл даанч яав даа. Бид хүнд ямар хор хүргэсэн билээ. Харин малын бэлчээрийн нь ургамлын хортныг түүж, баян дэлгэр нутгийн нь бараа чимэг болон явдаг биш бил үү? Махыг маань иддэггүй, арьсыг маань ашигладаггүй атлаа юунд буудав. Буудах бай мундаа юу, зугаацах цэнгэл ховордоо юу, энэрэх өрөвдөх, халам жилж хайрлахыг яагаа вэ дээ гэж гомдоно. Байн байн халаглана.
Монгол газрын зуны шөнө богинохон байдаг. Гэтэл энэ нэгэн шөнө нь зовлонд учирсан тогорууны бодолд маш урт, амьдралдаа өнгөрүүлсэн бүх шөнөөс нь ч урт юм шиг санагдлаа. Хамгийг халхалсан харанхуй, өдрийн гэгээнд уусан арилах үед хөөрхий энэ минь тэнхрэх болов уу гэж горьдоно. Нарыг хүлээнэ, өдрийг хүлээнэ. Энэ зуур эрт эдүгээг эргэцүүлэн саналаа. Туулж өнгөрүүлсэн зам нь нүдний нь өмнө дурайх шиг болов.


ГУРАВ

Өнгөрсөн жил билээ. Намрын сэрүү татаж өвсний толгой шарлах үес олон газрын тогоруу Орхоны хөндийд цугларч баян гэрийн хониноос ч хавьгүй олноор сүрэглэв. Ишээ ганхуулсан тариан түрүү намилзан халиурч салхины аясаар давлагаалан долгиолно. Амттай будаа газар бүр, өдөржин шөнөжин идэвч барагдашгүй элбэг үнэхээр тогоруу бүхэн цэнгэлийн далайд умбах ажээ. Гэтэл хашир тогоруунууд «Одоо явалгүй горьгүй, цаг оройтох нь» гээд ниснэ. Энэ сайхан нутгаас илүү ямар газар нүүх гэсэн юм гээд үр төл нь хойш сууна. Зарим залуу тогоруунууд, хөгшдөө даган нисэвч уул давахын үес гэдрэг буцна Тэдний хойноос аав ээж нь хөөн ирж «Явъя» гэж аргадна. Энэ мэтээр олон дахин нисэж, олон дахин буцаж урагш хойшоо холхисны эцэст намрын эхэн цасаар сая өмнө зүг бүгдээр ниссэнээ саналаа.

* * *

Өвөлжин өл хоолгүй, амар тайван амсхийх аятай оронгүй, үргэлж ийш тийшээ хөөгдөж байсны харгаагаар арьс, яс болтлоо эцэж цуцсан учир их говийг туулахад үнэхээр хэцүү байлаа. Гэвч төрсөн нутгийнхаа захыг эрхбиш үзээд ойчно гэж жигүүрийн хүчээ хөвчлөн зүтгэсний ачаар санасандаа хүрч номин хөхийн говьд орж чадлаа Тэгээд бяцхан цайдмын эрэгт буув. Тэнд баахан зуур амсхийгээд хөдлөх гэсэн нь хөл нь хөх шаварт шигдчихсэн байв. Хөхүүл хөх шавартай тэмцэлдэж хүч чадлаа барсны эцэст улам ундаасан өлсөж, ядралын туйлд хүрээд үхлээ хүлээж байтал нь морьтой хоёр хүн айсуй. Тэд нараас зугтан амь гарах арга алга, дэмий л хүзүү дохин мөргөж хэвтэв.
Тэр хүмүүс, мориноос буун ойртож ирээд харж зогссоныхоо дараа, тэднийг шавраас гаргаж хуурай дэнж дээр тавиад давхин одсон билээ. Энэ нэгэн учралыг санахдаа, өндөг байхаас эхлэн өсөж бойжсон өлгий нутгийнхан шиг ивээлтэй сайн хүмүүс хаана ч байдаггүй юм байна. Гэмгүй биднийг хорлох хүсэлтэй хүн Монгол нутагт л лав байхгүй. Харин ижлийг минь жигүүрийг гэмтээсэн тэр этгээд эндүүрэн буудсанаас зайлахгүй. Хэвтээ хөх тогорууг ургаа хөх чулуу гэж ташааран харж болох юм.
Хүний хараа тогорууныхаас муу учир давхар шилэн нүд хийдэг байх нь л дээ.
Иймээс хэрэв хүн ойр үзэгдвэл их зан гарган хэвтэж өнгөрүүлэх нь хүндэтгэлгүй хэрэг болох нь, даруйхан босож олонтоо бөхөсхийн амрыг нь эрж тогоруу гэдгээ таниулах нь чухал юм гэх зэргээр урьдах, хойдох элдвийг бодон хэвттэл нь тэнгэрийн зүйдэл эргэж, огторгуйн од мичид ов тов болон харагдах нь үүр цайхын эхний тэмдэг байв.

* * *

Үүрийн туяа татавч наран цухуйхгүй удах нь Монгол орны баялгийн далай Орхоны их хөндийн тэнүүн цэлгэрийг хөндлөн гулд гийгүүлэхээс зүрхшээж байгаа мэт.
Удаж, удаж уулын оройд улаан наран сая нэг тусаж, өвчтэй ханиа өөрийн биеэр жигнэн дулаацуулж хэвтэх хөөрхий амьтны хүслийг хангав. Энэ тогоруу эрүүл боловч сэтгэлийн шархтай, ижлийнхээ төлөө элэг эмтэрнэ. Шөнө ч шанална. Өдөр ч шанална. Гэвч зовлонг минь нар, уул, цэцэг хуваалцах болов уу гэсэн шиг гэрэлт өдрийг хүсэн хүлээжээ.
Урьд адил цэлмэг өдөр болов. Наран нэлээд дээр гарах үес, хүнд биетэй том амьтны хөлийн чимээ ойрхон сонстож нисэхийн зав өгөлгүй нэг юм дэргэд нь ирэхийг ажиглавал: Хуучивтар хөх тэрлэгийнхээ хормойг шуусан, томдуу гуталтай, толгой нүцгэн, дэрчгэр чихтэй дүрсгүй янзын боловч сэргэлэн хурц нүдтэй нэгэн хүү хэд ажээ. Түүний барьж яваа шилбүүрийг үзмэгцээ өнөөх тогоруу ухасхийн босож хэдэн алхмын цаана зайлан очоод олонтоо бөхөсхийх нь хоньчны мэндийг асуун хутаг өршөөл гуйж байгаа мэт.
Өнчин өрөөсөн, үгээгүй ядуу, өлбөрсөн ядарсан бүхнийг өрөвдөж үздэг тэтгэж тэнхрүүлдэг угийн удам сайтай малчин ардын хүү хоньчин хүүхэд тэр шархтай тогорууг нэрвэхийг огтхон ч бодсонгүй. Харин яавал түүнийг бүтэн далавчтай болгож нисэх чадал олгох аргыг сүвэгчлэхдээ хурганы хугарсан хөлийг рашааны шавраар эмнэж эдгэрүүлснээ гэнэт санав.


ДӨРӨВ

Орхоны саруул хөндийд алтан тариа намилзан цэцэг дэлгэрсэн, эргэх улирал ээлжит намрын нэгэн өдөр байлаа.
Танан цагаан хонин сүрэг шаргалтан харагдах ухааг бүрхжээ. Сүргийн дэргэдээс хоньчин хүүхэд холын барааг саравчилна. Түүний хурц нүдэнд хярын оройн адуу, голын захын үхэр, цайдмын хөндийд бэлчээрлэх тэмээд, цаадах давааг өгсөх морьтой хүмүүс илхэн харагдана.
Түүний сонор чихэнд Номтын хөтлийн цаанаас машины чимээ, Номгоны талын дундаас тракторын дуу хүнгэнэх нь тодхон сонстоно.
Хонь, бэлчээрийн хязгаарт хүрч тогтоход хоньчин хүүхэд чулуугаар хот гэр барьж тоглов. Эхлээд өөрийнх, дараагаар нь өвгөн аавынх, эцэст нь ахынх гэж гурван гэрийн буурийг өнгийн сайхан чулуугаар өрөв. Тэдгээрийн дунд хонины хашааг ногоон цахиураар дүгрэглэн барив. Өөрийн гэр болгож хүрмэн чулуугаар зассан хүрээний хойморт хадан цагааны хэсгийг тавиад «Энэ авдар» түүний дээр хүрэн гантигийн хэлтэр хийг өрөөд «Энэ хүлээн авагч» гэж өөрөө өөртэйгөө ярилцсаар ор дэр, аяганы шүүгээ, айргийн хөхүүр, тулга, тогоо зэрэг гэр доторх эд хогшлоо цөмийг янз бүрийн чулуугаар дүрслэн байрлуулав. Энэ мэтчилэн бусад гэрүүдийн дотоод засал, гүүн зэл, морины уяа зэргийг зүг чиг, тоо байгаар нь бүрэн дүрслээд эхэлсэн ажлаа дуусаж санаа амарсан байдалтай цэлмэг өдрийн цэвэр агаарыг чээж дүүрэн амьсгаалж сууна, босно, эргэн тойрныг ажиглана. Хөх огторгуйн мандал өндөрт, мянга, түм, сая бээрийн хол газар сая саяын цаадах тоогоор хэмжигдэх алсад цэнхэрлэн хараа булаах нь хоньчин хүүхдийн ирээдүйг зөгнөх сониуч оюунд огторгуйн нисгэгч Гагарины аяллыг санагдуулна. Бас одон гаригт чухам хэзээ, очих болоо гэж бодохын хамт сургууль эхлэх цаг ойртсоныг санаж сэтгэл баярлана.
Намрын бэлчээрийн соргог ногоонд ирсэн учир хонь нь тогтууртай ажээ. Гагцхүү зүгийн муугаас урьж үлээсэн зэвүүн салхитай, үүл бөөн бөөнөөр хойшоо нүүх нь ойрын өдрүүдэд хур орохын тэмдэг, цас ч орж магад. Энэ нутагт намрын сарууд өнтэй, тарган. Намар удтал үргэлжилдэг боловч тэнгэрийг итгэхэд хэцүү, урьж салхилсны эцэст хүйтэн бороо, заримдаа цас ч хаях нь тохиолдоно.
Ойрхон газар, хоньчны бүр дэргэд гэнэт тогоруу дуугарав. Тогоруу ингэвэл тэнгэр яахыг зөгнөв гэдэг билээ, орохыг уу? Аль цэлмэхийг үү? гэж бодсоор хоньчин хүүхэд өндийн харвал хоёр хөх тогоруу явгалан гүйж тэд нарын хойноос сүүлээ хавчиж, амаа ангайн, шүлсээ гоожуулсан муухайгаас муухай нэвсгэр даахитай, хөглөгөр хөх чоно харайж явах ажээ. Тогтуун байсан хоньд үргэж хуйлрах чимээгээр чоно тэр зүг ухасхийтэл өнөө хоёр тогоруу яаран нисэж өмнө нь буугаад араатны анхаарлыг өөрсөд тийшээ хандуулав. Чонын хөөж гүйцэх үес, нисэн холдоно. Ингэсээр яваад тэр хоёр, өнөөх муухай чоныг дагуулан холдуулж далд оруулав.
Хос тогорууны нэгний нь далавчийн байдал, тэмдгээр саяхан эмчилж эдгээгээд ижилд нь нийлүүлсэн тогоруу маань мөн гэж хоньчин хүүхэд таньсан бөгөөд гэртээ ирэхэд нь тогоруу хөөж явсан галзуу чоно, Лүн толгойн ард саяхан хороогдсон тухай мэдээг тэндээс ирсэн нэгэн хүн ярьж суув.
Эргэх улирлын нэг, ээлжит намрын туйл боллоо. Аялуун сайхан намрын аясын зөөлөн салхинд, алтан тарианы залаа ахин намилзан хийсэв. Орхоны саруул хөндийд давлагаалан долгиолсон ургацын баян далай дээгүүр нисэн өнгөрч буй жигүүртний сүргээс хос тогоруу цойлон гарч өндөр огторгуйн гүнд удтал элэн хальж эргэн тойрон нисэх нь эх нутгаас салж ядсаны тэмдэг ажээ. Тэр хоёр, цөөрмийн эрэгт, тариан талбайд, төрсөн дэнж дээрээ дахин дахин бууж өдөр хоногоор удаж түдсээр нүүдлийн шувуудын хамгийн сүүлд өмнө зүгийг барьж нисэхдээ «Өвлийн хүйтнийг өнгөрүүлээд, үүрд, энхийн орон, баян дэлгэр нутагтаа бас л дахиад ирье.
Энэрлийн далай болсон эх Монгол газрын маань сүр сүлд нь улам бадарч, сүү шиг цагаан сэтгэлтний хийморь цог заль нь улам мандаг» гэж ерөөлийн дуугаа дуулснаас үзвэл ухвар мөчид буюу нүдний хараа муутай ганц нэг «анчны» алдаа гэмийг ойлгож мэдсэн нь зайлшгүй.

* * *

Цаг цагаар, цахилдаг хөхөөр байдаггүй, эргэх улирлын нэг ээлжит хавар дахин ирлээ.
Довын энгэрт шар цэцэг цухуйх үес нүүдлийн шувуудын түрүүч нь үзэгдэвч тэдний дунд, дэрчгэр чихт хүүхдийн хуучин танилууд байсангүй. Хамгаас түрүүн ирэх ёстой. Тэр хоёр тогоруунд чухам ямар саад учирсныг бүү мэд. Ямар ч саад тотгортой тааралдаж болох алсын газар одсон билээ. Хэрэв замдаа эцэж цуцаад ойчиход хүрвэл тэд нарт хэн нэгэн тусалдаг болов уу? Чухам хаана газардсанаас л хамаг хэрэг шийдэгдэх буй за.
1968 он
Улаанбаатар


1974 оны хэвлэл “Д. Цэвэгмид: ЗОХИОЛУУД” номын Хэвлэн нийтлэлийн мэдээлэл:


Д. ЦЭВЭГМИД

ЗОХИОЛУУД

УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР
УЛААНБААТАР 1974

Редактор Б. Бааст
Зураач Д. Сандагдорж

Уран сайхны редактор В. Одгийв
Техник редактор Д. Юмжав
Хянагч Н. Буянжаргал, Л. Дашдаваа

А— 51785.
Өрөлтөд 1973 оны 10-р сарын 25-нд
Хэвлэлд 1974 оны 2-р сарын 20-нд
Хэвлэсэн тоо 7300
Х.х 13, 5 Х.н.х. 21, 4 Т.х. 18, 90
Цаасны хэмжээ 84X108/32.
X. г. № 423/73.
Зах №323

Улсын хэвлэлийн комбинатад хэвлэв.
Улаанбаатар, Сүхбаатарын талбай


Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.