Latin

Цэвэр Тунгалаг Гэрэлт Газар

Süzlärneñ gomumi sanı 2376
Unikal süzlärneñ gomumi sanı 1242
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
ЭРНЕСТ ХЕМИНҮВЭЙ
ЦЭВЭР ТУНГАЛАГ ГЭРЭЛТ ГАЗАР
“УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР” Улаанбаатар хотноо 1974 онд эрхлэн хэвлүүлсэн “БРОДҮВЭЙН ШӨНӨ (америк өгүүллэгийн түүвэр)” номоос
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.



Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Эрнест Хеминүвэй


ЦЭВЭР ТУНГАЛАГ ГЭРЭЛТ ГАЗАР

Цаг орой болж цахилгаан гэрэл халхалсан моддын сүүдэрт сууж буй өвгөнөөс өөр хүн цайны газар үлдсэнгүй. Өдөр нь энэ гудамжнаа тоос манаран байх бөгөөд шөнийн цагт шүүдэрт дарагдах тул ийнхүү шөнө дүл болтол суух нь өвгөнд нэн таатай, хэдий дүлий ч шөнийн нам гүмийг ялгах бүлгээ. Өвгөн яльгүй балгасан байсан бөгөөд ийм үедээ бол өглөгч сүрхий боловч их согтвол мөнгөө төлөлгүй явчихдагийг мэдэх хоёр үйлчлэгч цайны газраа сууж халамцуу өвгөнд хараа тавина.
— Өнгөрсөн долоо хоногт энэ өвгөн амиа хорлохыг оролдсон гэж нэг нь хэлэв.
— Яагаад?
— Сэтгэлээр унаад
— Юунаас болоод тэр вэ?
— Юунаас ч болоогүй
— Чи яаж мэдээ вэ?
— Бөөн мөнгөтэй юм чинь.
Хоёр үйлчлэгч үүдний хажуу хананд шахаж тавьсан ширээнээ сууж навчис нь салхинд үл мэдэг сэржигнэн буй модны сүүдэрт суугаа өвгөнөөс өөр хүнгүй болсон тавцангийн зүг харуулдана.
Гудамжаар цэрэг, бүсгүй хоёр явж байлаа. Гудамжны гэрэлд цэрэг эрийн зах дээрх зэс тоо гялалзана. Бүсгүй толгой нүцгэн агаад хоцрохгүйн тулд яаран алхана.
— Эргүүлд баригдана даа гэж нэг үйлчлэгч нь хэлэв.
— Зорьсондоо л хүрч байвал яадаг юм бэ.
— Гудамжнаас одоохон арилсан нь дээр дээ. Ингэж явж эргүүл дээр халз орох нь ээ. Тэд яваад таван минут ч болоогүй байна.
Сүүдэрт сууж буй өвгөн хундагаараа дийз тогшив. Залуувтар үйлчлэгч түүн рүү очлоо.
— Юу гээ вэ?
Өвгөн үйлчлэгч рүү хараад
— Дахиад коньяк гэвэл үйлчлэгч
— Та согтчихно гэхэд өвгөн өөдөөс нь сүрхий харав. Үйлчлэгч эргэж ирээд
— Бас л шөнөжин суух нь ээ. Нойр хүрч байгаа гэж юу хэлэх вэ. Гурван цагаас өмнө бүр унтахаа болилоо. Лүд чинь өнгөрсөн долоо хоногт мажийчих нь яав даа гэж хэлэв.
Үйлчлэгч лангуунаас шил коньяк, цэвэр дийз авч өвгөний ширээн дээр тавьж хундагыг нь дүүргэв. Тэгснээ «үхэж далд орох нь яав» гэж дүлий өвгөнд хэлэхэд цаадах нь хуруугаараа зангаад «Дахиад жаахан» гэв. Үйлчлэгч хундагыг нь хальтал дүүргэтэл коньяк дийз дээр асгарлаа.
Өвгөн «Баярлалаа» гэв.
Үйлчлэгч шилтэй дарсаа барьсаар эгэн ирж хуучин сандалдаа суугаад яриагаа үргэлжлүүлэв.
— Согтож орхижээ.
— Шөнө болгон шүү
— Яагаад амиа хорлох гэсэн юм бол?
— Би яаж мэдэх бил ээ?
— Яахчаа болсон юм бол?
— Олсоор боомилсон юм байх аа
— Тэгээд хэн салгаж аваа вэ?
— Ач охин нь
— Ямар юмаа хийж салгаа юм бол?
— Сүнснээс нь айгаа биз
— Хэр их мөнгөтэй юм бол доо?
— Уул овоо л гэсэн үг
— Одоо ная хүрээ биз дээ?
— Ная гарсан ч байж магадгүй
— Хариасай даа. Би ер гурван цагаас өмнө унтаж үзсэнгүй. Энэ ч тоглоом биш шүү.
— Ингэж суух нь сайхан байдаг юм байлгүй.
— Энэ чинь гон бие гозон толгой. Гэтэл би хань бүлтэй хүн. Эхнэр маань орондоо хүлээж байгаа.
— Энэ ч бас нэгэн цагт хань бүлтэй байгаа биз
— Одоо бол үүнд авгайн хэрэг алга.
— Тэр ч дэмий. Авгайтай бол арай л дээр байх сан даа.
— Ач охин нь харж ханддаг юм.

— Харин яагаа вэ. Тэр нь л амийг нь аварсан гээ биз дээ.
— Би л бол ингэтлээ их наслахгүй. Өтлөөд ирэхлээр өөдгүй болох юм.
— Хүн болгон адилгүй. Энэ өвгөн ч бас цэмцгэр хүн шүү. Согтуу хэр нь өчүүхэн ч цалгиулахгүй ууж байгааг нь хар л даа.
— Харах ч хүсэл алга. Харих л юм сан. Ажил төрөлтэй хүн байна гэдгийг анзаарах ч үгүй хүн юм.
Өвгөн нүдээ хундаганаас салгаж талбайн нөгөө тал руу харснаа үйлчлэгчид рүү эргэн хундагаа зааж дахин коньяк нэхвэл гэр лүүгээ яарч буй үйлчлэгч босож очоод мулгуу хүмүүс гадаадынхантай юм уу, согтуу улстай харьцдагчлан «Одоо боллоо хаах минь» гэв.
— Дахиад ганц хундага өгчих л дөө.
— Үгүй, хаалаа! гэж хэлээд үйлчлэгч ширээний буланг арчих зуур толгой сэгсэрнэ.
italki
Өвгөн босоод халааснаасаа арьсан хэтэвч гаргаж, дийзээ тоолон дарсны үнийг төлөөд харамжид нь бас хагас песет өгөв.
Үйлчлэгч өвгөнийг гаргаж өгвөл насан өтөл тэр бээр гудамж уруудан алхах нь итгэлтэй биш боловч бардам янзтай ажээ.
— Юунд чи түүнийг хөөгөөд явуулчихаа вэ? Хоёр цаг хагас ч болоогүй байна шүү дээ гэж нөгөө яараагүй үйлчлэгч нь хэлэв. Тэд цонхныхоо хаалтыг хааж байлаа.
— Харьж унтмаар байна л даа.
— Ганц цаг саатлаа гэхэд ямар ялгаа байх вэ дээ.
— Өвгөнд бол ч тийм л байх, надад бол их ялгаатай.
— Цаг бол хүн бүхэнд л адил шүү дээ.
— Чи л ёстой зөнөчихсөн юм шиг байна. Цаадах чинь ганц лонх юм аваад гэртээ аваачиж ууж болдог юм байгаа биз дээ.
— Тэр ч өөр хэрэг л дээ.
— Нээрээ л тийм дээ гэж авгайтай үйлчлэгч зөвшөөрөнгүй хэлэх нь хударгагүй загнах гэж огт бодоогүй, зүгээр л яарч л байгаагаа мэдэгдэх гэсэн мэт ээ.
— Тэгвэл чи яаж байгаа чинь энэ вэ? Ерийнхөөсөө эрт харихаасаа сэтгэл чинь түвдэхгүй байна уу?
— Чи намайг гоочлох нь уу?
— Үгүй дээ, анд минь. Зүгээр л тоглосон юм.
Яарч буй үйлчлэгч нь төмөр хаалтыг доош нь буулгачхаад өндийн
— Би бүрэн итгэлтэй хүн. Бие сэтгэлд минь бүрэн итгэл байна гэвэл настайвтар үйлчлэгч нь:
— Чамд залуу нас байна, итгэл хайр, ажил алба байна. Хүнд ер өөр юу хэрэгтэй сэн билээ дээ гэв.
— Аа чамд юу дутаад байна?
— Надад ажлаас өөр юм алга шүү дээ.
— Надад байгаа юм бүхэн чамд бий.
— Яалаа гэж. Итгэл гэдгийг энэ насандаа үзсэнгүй, тэгээд залуу нас минь өнгөрлөө шүү дээ.
— Хөдөлж үз, хөдөлж үз. Дэмий донгосохоо болиод хаахаа бодвол дээр байх
Настайвтар үйлчлэгч нь
— Би цайныхаа газар суух дуртай. Хөнжил гудсандаа үхэн хатан яардаг хүмүүстэй биш, нойроо умартан гэрэл барааддаг хүмүүстэй л суух дуртай гэв.
— Би ч харьж унтах минь.
— Бид хоёр ч зиндаа таарахгүй улс юм.
— Хэдийгээр залуу нас, итгэл гэдэг үнэхээр сайхан ч энэ бол зөвхөн түүний тухай яриа биш юм. Цайны газрыг хэн нэг нь хүсэмжлэн байж мэдэх бус уу гэж бодохоос түүнийг хаахгүй байх хүсэл шөнө болгон төрдөг гэж настайвтар нь хэлэв.
Тэр харихаар хувцсаа өмсжээ.
— За боль доо, архины мухлагууд шөнө туж онгорхой байдаг шүү дээ.
— Чи юмны учир ойлгоход яана даа. Манай цайны газар бол цэвэрхэн бөгөөд тохилог. Тэгээд бас цэлгэр сайхан гэрэлтэй. Гэрэл гэдэг чинь чухал юм шүү дээ. Бас модны сүүдэр ч гэсэн дээ.
— Сайхан нойрсоорой гэж дүүмэд үйлчлэгчийн хэлэхэд нөгөөх нь мөн л
— Сайхан нойрсоорой гэв.
Тэр гэрлээ унтраах зуур ганцаараа ярьсаар л авай. Гол нь гэрэл шүү дээ. Гэвч бас орчин тойрон цэвэр тохитой байх нь зүй. Хөгжмөөр яах вэ гэдэг. Хөгжим ч нээрээ хэрэггүй л байгаа биз. Ийм цагаар, хэдий өөр аргагүй ч дарсны газрын лангууны дэргэд бардамхан зогсож болохгүй. Түүнд айх юм юу байна вэ? Хэргийн учир айх хамгаалахдаа биш ээ! Энэ чинь түүний сайн мэддэг ч зүйл биш. Бүх юм юу ч биш, хүн ч өөрөө юу ч биш. Гагцхүү гэрэл гэгээ, эмх цэгц, цэвэр цэмцгэр байдлаас өөр юу ч хэрэггүй. Зарим нь дотор нь байсаар байж хэзээ ч түүнийг ойлгодоггүй юм. Гэвч энэ бүхэн nada у pues nada y nada pues nada1 гэдгийг тэр мэднэ. Юу ч бишид орших бидний юу ч биш, нэр чинь, удам судар чинь ч юу ч биш, өдөр тутмын юу ч биш, ирээдүйн юу ч биш. Nаd у рues nada. Чөтгөр ав юу ч биш, бүүр юу ч биш. Юу ч биш чамд шүглэжээ.
Инээмсэглээд кофе чанадаг гялалзсан сав бүхий дарсны газрын дэргэд зогсов.
— Юу хэрэгтэй вэ? гэж эзэн нь асуув.
— Nada
— ‘Otro Iogo mas2 гээд эзэн нь цааш эргэв.
— Жижиг аяганд гэж үйлчлэгч хэллээ. Эзэн түүнд кофе цай аягалж өгөв.
— Гэрэл тун тааламжтай хурц байна санж. Гэвч лангууг цэвэрлэсэнгүй дээ гэж үйлчлэгч хэлэв.
Эзэн түүн рүү харсан боловч хариу хэлсэнгүй.
Цаг тун орой болсон тул яриа өдөх хэрэггүй байлаа.
— Нэмж захина уу?
— Үгүй. Танд баярлалаа.
Хоол зөөгч гарч одов. Архины мухлаг, дарсны газрыг бодохоос ой нь гутах бүлгээ.
«Гэрэл гийсэн цэвэрхэн цайны газар бол өөр хэрэг.
Одоо юу ч эс бодон гэр лүүгээ харьж явна. Орондоо ороод үүр цайх үеэр унтана. Энэ ч олон хүнд байдаг нойр хулжихын зовлон буй заа» гэж тэр амандаа гүвтнэв.




«БРОДҮВЭЙН ШӨНӨ» НОМЫН ТУХАЙ БУЮУ ЕР НЬ АМЕРИК ӨГҮҮЛЛЭГИЙН ТУХАЙ ТОВЧХОН ӨГҮҮЛЭХ НЬ

Энэ бол гадаад хэл сонирхон, сурч эзэмшсэн манай шинэ залуу сэхээтэн орчуулагчдын англи эх хэлнээс нь шууд орчуулсан анхны ном (түүврийн хувьд) бөгөөд дэлхийн улс түмний өв их соёл-уран зохиолын сан хөмрөгөөс дам дам орчуулгаар бус, тэр улс оронд уншдагаар нь зохиолч бүтээлчдийн бичсэнээр амтархан үзэж, америк нийгмийн үнэн нүүр царай, дэлхийн нөгөө бөөрнөө амьдран суугч жир америк ард түмний амьдрал, хүсэл бодлыг танин ойлгоход тус дөхөм болох ном болно.
1935 оны үед америкийн богино хэлбэрийн зохиолын уран дархнуудын нэгэн Эдгар Аллан По-гийн «Алтан цох» хэмээх адал явдлын сонин номыг их зохиолч Д. Нацагдоржийн дуун хөрвүүлснээр уншиж толилсноос хойш эдүгээ. Марк Твейн, Теодор Драйзер, Жек Лондон, Эрнест Хеминүвэй, О. Хенри, Жон Рид, Фенимор Купер, Хенри Лонфелло, Бичер-Стоу Гарриет (зохиолч эмэгтэй), Уальт Уитмен, Роберт Фрост зэрэг олон зохиолчидтой танилцан, зохиол бүтээлийг нь амтархан уншсаар билээ.
Америк оронд анх өгүүллэг, туурь зэрэг богино хэлбэрийн зохиол XIX зууны эхэн үед үүсэж буй болсон бөгөөд скандинав нутагт өргөн дэлгэр ярьдаг «сага» юм уу, орос оронд газар сайгүй хэлэлцдэг «былина»-тай адил хууч тууль, бэнсний үлгэр ховор байсан тус оронд адал явдал, шог ярианы маягаар шинэ тутам дэлгэрч тархсан аман хууч - өгүүллэг нь эдүгээ америкт хамгийн өргөн дэлгэр уран зохиолын төрөл болох өгүүллэгийн эх суурь болжээ.
Америк орны аглаг зөөлөн ой, хязгааргүй өргөн тал нутгийг байлдан эзлэгчид-модчин, анчин, хөлөг онгоцны замчин, фермийн эзэд, зүсэн бүрийн хүмүүс бие биеэ шоглон, бахархан хөөрөн ярьж, байгалийн хар хүчнийг даван туулсан ялалт, эр зориг, хүчин чадалдаа итгэсэн итгэл, тэмцэгч-хүний ухаан бодол, суу билгийг бахадсан хүсэл сэтгэлийн нь илэрхийлэл болсон аман зохиол яван явсаар уран зохиолын бие даасан төрөл болж, анхны туурь, өгүүлэл зохиогчид Вашингтон Ирвин, Эдгар По нар болон ард түмний цэцэн билиг, уран үгийн амьдруулагч эх булаг болсон уран зохиолд элэгтэй, түүнийг бүтээгч авьяас билигт бичгийн хүмүүсийн өвөрмөц дуу хоолойтой зохиол бүтээлээр баяжин улам цэцэглэн хөгжсөөр америк өгүүллэгийн арвин сан хөмрөг тогтнон буй болсон байна.
Хөрөнгөтний нийгмийн явцуу албархаг ёс горимыг басамжлан инээж, хий хоосон, хуурамч бүхнийг дооглон тохуурхсан зохиолоороо америк өгүүллэг дэх реалист хандлагын эх үүсвэрийг тавьсан романтик зохиолч Вашингтон Ирвин, «чухам яаж төгсөх бол, юу болдог бол?» хэмээн тэсэж ядан, мөр болгоныг нь хорхойтон шунан унших адал явдлын зохиол бичиж, энэ төрлийн тулганы чулууг тавьсан Эдгар По, америкийн уран зохиолын жинхэнэ морин сувд болсон тансаг сайхан өгүүллэг туурвигч их уран авьяастан Марк Твейн, түүний араас замнагсад Хамлин Харленд, Френк Норрис, Жек Лондон, Теодор Дрейзер, америкийн утга зохиол дахь цоо шинэ арга барил-социалист реализмын тугийг өргөгч Жон Рид, өөрийн онцгой авьяас, байгаль ертөнц амьдралыг харах билгийн хурц хараа, суу оюунаараа дэлхийн сонгодог зохиолчдын эгнээнд зүй ёсоор багтан орсон их зохиолч Эрнест Хеминүвэй, арьс өнгөөр ялгаварлах үзэл, хар арьст ард түмний эрх чөлөө, тэгш эрхийн төлөөний тэмцлийг магтан дуулагч Ленгстон Хьюз, коммунист зохиолч Альберт Мальц, социалист реализмыг цаашид хөгжүүлэгч Меик Күин, Эрскин Колдүвэлл, Меикл Гоулд цөм америк уран зохиолын сан хөмрөгийг баяжуулан, туурь өгүүллэгийн төрлийг хөгжүүлэхэд гар бие оролцон, өөрсдийн нэмэр хандивыг оруулсан улс юм.
Америк өгүүллэгийн түүвэр-эл бяцхан номд дээр нэр дурдсан алдар цуутнуудын цөмийнх нь өгүүллэг тууриас багтаан оруулах боломжгүй бөгөөд бид ч тийм зорилт тавиагүй билээ. Энэ номоос уншигчид өөрсдийн эртний танил Т. Драйзер, Жон Рид, Э. Хеминүвэй, О. Хенри нарын өгүүллэгээс гадна Альберт Мальц, Эрскин Колдүвэлл, Шервүд Андерсон, Меик Күин зэрэг зохиолчидтой цоо шинээр танилцан, зохиол бүтээлээс нь амтархан толилно.
Бродүвэй гудамжнаа өнгө өнгийн гэрэл солонгорон, зарлал ухуулгын эрээн мяраан гэрэл асаж, унтран, дагшаа хөгжим хаагчиж, сэгсгэр, залуус хоолой мэдэн бархиран орилоод «америк маягийн амьдрал, америк ёс төрх ийм байна» хэмээн зарлан тунхаглаж, гудамжны нөгөө уулзварт тэр амьдралын амьд гэрч болсон янхан хүүхэн «бор хоног өнгөрөөх хань» хайгуулдан зогсож буйг («Бродүвэйн шөнө») бие биеэсээ өрсөн амь зогоох өчүүхэн ажил олохоор үүр шөнө, цас шуурганаар овоорон, оочирлон зогсоо ажилгүйчүүд (Т. Драйзерийн «өгүүллэгүүдэд») хувь амьжиргаагаа яльгүй өөд нь татах гэж ухаан бодол, амь биеийг үл хайрлан зүтгэсний хариуд амиа алдаж байгаа тариачин негр «Кристи Такер амь эрсэдсэн нь»), ууж согтуурахаас өөр хорвоогийн жаргал сайхан амьдрал байхгүйд итгэсэн дол эр («Түшиглэх юм минь»), өвлийн тэсгэм хүйтнийг шоронд өнгөрөөхийн тулд гэмт хэрэг үйлдэхээр улайран хөөцөлдөгч гудамжны хүүгийн өрөвдөм, инээдтэй амьдрал («Цэнхэр хувцастан ба мөргөлийн дуулал»), ер америк нийгмийн урьд байсан одоо байгаа бүх л амьдралыг нүднээ тов тодхон харагдахуйцаар, дэлгэн харуулсан эдгээр өгүүллэг нь хөрөнгөт нийгмийн хуурамч багийг хуулан хаяж, цаана нь нуугдан буй бузар булайг илчлэн харахад уншигч Танд үнэхээр туслахуйц зохиол гэдэгт бүрэн итгэж байна.
Америкийн дэвшилтэт зохиолчид өнөөдөр өөрийн орны бодит нүүр царай «хүн төрөлхтний аз жаргалын өлгий диваажин» хэмээн магтан гайхуулдаг хөрөнгөт нийгэмд хүмүүс үнэн хэрэг дээрээ яаж амьдардгийг, юу хүсэж мөрөөдөн, юу ярьж суудгийг илэн далангүй бичихийг эрмэлзэж байна.
Жар шахам жил уран бүтээлийн ажил дагнан эрхэлсэн дэвшилтэт зохиолч Эрскин Колдүвэлл «бичиж сурна гэдэг бол нэр төртэй, амар тайван, сэтгэл өөдрөг, шударга зөв амьдарч сурна, хаана өгөөмөр нинжин байх, хаана эрс тэс эвлэршгүй байхыг сурна гэсэн үг юм. Тэр «хаана?» гэдэгт л зохиолч бидний, цаашилбал, хүмүүн төрөлхтний эрийн цээнд хүрсний шалгуур буй. Одоо үед сонин хачин юмаар хөөцөлдөн, юмны өнгөн талаас нь бичиж их амжилт, нэр сүр олж болох байна. Гэвч тэр хуурамч нэр сүр, түргэн амжилтаас л чухам толгой эргэдэг юм» гэж хэлсэн нь америкийн дэвшилт санаа бодолтой, жинхэнэ уран бүтээлчдийн цөмийнх нь үг ажээ.
Хойшдын бүтээлд үлгэр сургаал, тус дөхөм болохуйц найртай уг зарж шүүн толиловоос нэн хүндлэн талархнам.

Редактор Л. Дашням


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


1974 оны “БРОДҮВЭЙН ШӨНӨ (америк өгүүллэгийн түүвэр)” номын ГАРЧИГ

Өмнөх үг
Жон Рид : Америк Мак (Д. Нацагдоржийн орчуулга)
Жон Рид : Бродүвэйн шөнө (Д. Нацагдоржийн орчуулга)
Т. Драйзер : Харанхуйгаар (Д. Лхамжавын орчуулга)
Т. Драйзер : Шуурганаар
Т. Драйзер : Цастайд
Эрнест Хеминүвэй : Индианы гацаа (Н. Доржготовын орчуулга)
Виллям Сароян : Хоньчны охин
Эрскин Колдүвелл : Охин минь
Эрскин Колдүвелл : Кристи Такер амь эрсэдсэн нь
Ленгстон Хьюз : Түшиглэх юм минь (Д. Нацагдоржийн орчуулга)
Меик Күин : Хүний адаг, хөрөнгийн эзэн
Менкл Гоулд : Нөгөө гайхал ухуулагч
Меик Күин : Хавьтамгүй эр
Шервүд Андерсон : Багш (Ц. Сумъяагийн орчуулга)
Алберт Мальц : Замд дайралдсан хүн (Л. Цэцэгмаагийн орчуулга)
Эрнест Хеминүвэй : Испанийн төлөө нөгчсөн америкчуудад (Д. Алтанхуягийн орчуулга)
Эрнест Хеминүвэй : Цэвэр, тунгалаг, гэрэлт газар
Цэнхэр хувцастан ба мөргөлийн дуулал (Л. Дашнямын орчуулга)


1974 оны “БРОДҮВЭЙН ШӨНӨ (америк өгүүллэгийн түүвэр)” номын Хэвлэн нийтлэлийн мэдээлэл


БРОДҮВЭЙН ШӨНӨ
(америк өгүүллэгийн түүвэр)

Улсын хэвлэлийн газар
Улаанбаатар— 1974

Г (Амер)
А 531

Редактор Л. Дашням
Уран сайхны редактор Д. Сандагдорж
Техник редактор Д. Юмжав
Хянагч Ч. Дашзэвэг, Д. Наранцэцэг

Өрөлтөд 1973 оны 11-р сарын 9-нд
Хэвлэлд 1973 оны 12-р сарын 31-нд

Хэвлэсэн тоо 3200

X. х. 4,6
X. н. х. 5,4
т. х.4,45
Цаасны хэмжээ 70X90 32

Х.г за № 344

Улсын Хэвлэлийн Комбинатад хэвлэв.
Улаанбаатар, Сүхбаатарын талбай, 2.


Заметки

[←1]
Юу ч биш, зөвхөн юу ч биш (Испани)


[←2]
Бас нэг хагас ухаантай амьтан (Испани)


Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.