Latin

Тариачин Авхай - 1

Süzlärneñ gomumi sanı 4497
Unikal süzlärneñ gomumi sanı 2038
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
А. С. Пушкин
ТАРИАЧИН АВХАЙ
Зөвлөлт улстай соёлоор харилцах монголын нийгэмлэг ба Монголын зохиолчдын эвлэл 1949 онд Улаанбаатар хотноо эрхлэн хэвлүүлсэн “А. С. Пушкин-150” номоос Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2020 онд газарт цахим хэлбэрт хөрвүүлэв.


Найзтайгаа хуваалцаарай:


Б. РИНЧЕН орчуулсан


ТАРИАЧИН АВХАЙ


Хувцас бүхэн чамд зохиж
Хонгор минь чи сайхан байна.
Богданович1

Маний алсалсан нэг мужид Иван Петрович Перестовын хөдөө гэр нутаг байдаг, залуудаа торгон цэрэгт алба хааж, мянга долоон зуун ерэн долоон оны эхээр халагдаад, хөдөө нутагтаа очиж, хаашаа ч явалгүй голомтоо сахин суув.
Нэгэн ядуу тайжийн охиныг эхнэр болгон авав. Гэтэл эхнэр нь хөдөө агнаж явахад нь амаржихдаа нас баржээ.
Перестов, аж ахуйгаараа борви бохис хийлгүй хөөцөлдсөөр сэтгэлийн зовлон нь арилав. Өөрийн төлөвлөгөөгөөр байшин бариулж, цэмбэ нэхэх фабрик бариулан ашиг орлогыг гурав дахин нэмэгдүүлээд, өөрийгөө ойр хавь ижилгүй ухаантай хүн гэж бодох болов.
Гэрт нь эхнэр хүүхэд, нохойгоо дагуулан зочлоор ирэгч айл аймгийн ах дүү нар энэ бодлыг эсэргүүцэн няцуулахгүй байв. Энгийн өдөр даавуу цамц, баярын өдөр фабриктаа нэхсэн цэмбэн хувцас өмсөнө.
Зарлагаа өөрөө данслаад, сенатын2 мэдээнээс өөр юу ч уншдаггүй байлаа.
Хүмүүс, түүнийг баахан бардан зантай гэх боловч, ойшоон үзнэ. Гагцхүү саахалт нутаглах Григори Иванович Муромский түүнтэй санаа нийлдэггүй байв. Муромский бол ёстой л орос ноён байжээ. Өөрийн өв хөрөнгийн их дундуурыг Москвад үрэн таран дуусгаж бэлэвсэн хоцроод эцэст нь хөдөө тосгондоо эгж урьд хэвээр саваагүйтэвч баахан шинэ маягаар аальгүйтдэг болсон байжээ.
Нэгэн Англи цэцэрлэг байгуулсан нь хамаг бусад орлого түүнд сүйтгэдэг болж билээ. Адуучид нь Английн хөтөч екийн3 хувцас өмсдөг болж билээ. Түүний охины багш нь нэгэн Англи эмэгтэй байв. Муромский бас тариалангаа Англи аргаар боловсруулдаг хүн байжээ.
Тэгэвч, Оросын тариа харийн аргаар ургахгүй байлаа.
Бас зарлагыг нэлээд хомстгосон боловч орлого нь ер нэмэгдэхгүй байлаа. Муромский хэдий хөдөө нутагтаа суувч өр шир тавих шинэ арга олжээ. Тэгэвч, мужийн олон баячуудын дотроос өөрийн хөдөө, орон суурийг тэтгэн харгалзах зөвлөлд данжлах санааг анх олсон тул, нутгийн олон түүнийг хэрсүү ухмай хүн гэж үзнэ. Учир нь энэ явдал тэр үед туйлын зоригтой нарийн шийдвэр байлаа. Түүнийг буруушаах хүний дотроос хамгийн муу хэлэгч нь Перестов билээ. Аливаа нэгэн шинэ юмыг хорсон үзэх нь Перестовын онцлог зан байв. Зэргэлдээ байгаа Муромскийн Английг бишрэхийг өгүүлэхэд тачаадах сэтгэлээ барьж чадахгүй ам нээх бүр буруушаах үг болно. Зочин түүний тариалангийн газрын чанд зарчим, аж ахуйн нямбайг зочид үзээд шагшин магтахад нь тэр хүйтнээр инээмсэглэн би Муромский гуайтай адилгүй. Бид түүний адил Англиар дампуурснаас оросоор цатгалан суувал барав гэж хошигнон элдвээр хэлдэг байв. Айл аймгийнхан нь энэ үгэнд нь зохих тайлбар нэмэр өсгөн хавсаргаж Муромскийн чихэнд хүргэдэг билээ. Англи зантай Муромский, манай сэтгүүлч нарын адил бас л шүүмжлэл даадаггүй хүн билээ. Чингэхээр тэр яриаг сонсоод тэсгэлгүй хилэгнэж, ноцсон шүүмжлэгч Перестовыг баавгай хөдөөгийн хүдэх эр гэж хочилно. Тэр хоёрын харьцаа ийм байж билээ. Перестовын хүү гэртээ иржээ. Тэр ...-гийн их сургуульд хүмүүжээд цэргийн албанд орох гэхэд нь эцэг нь татгалзжээ. Залуу хүү өөрийгөө бичгийн албанд огт авьяасгүй гэж үздэг байв. Тэгээд эцэг хүү хоёр бие биедээ бууж өгсөнгүй. Гэвч залуу Алексей түр сул сууж завшааныг харгалзан байв. Харин хэрэгтэй болж магад гээд сахлаа тавин ургуулав. Алексей үнэхээр сайхан эр байлаа. Тийм цэлгэр сайхан биетэй хүн, цэргийн хувцас өмсөж, морин дээр ганавалзан явахын оронд, залуу насаа албан бичиг шагайж өнгөрүүлбэл үнэхээр ч гомдолтой биз ээ.
Ав гөрөөнд олны өмнө, замыг сайн муу гэж ялгахгүй довтлохыг үзсэн айл аймгийнхан нь түүнийг бичиг хэргийн олигтой сайн эрхлэгч хэрхэвч болохгүй хүн гэж нэгэн зэрэг ярилцана. Залуу авхай нар хулгай нүдээр харна. Зарим нь нүдээ салгалгүй ширтэнэ. Гэвч Алексей тэд нарыг үл хайхарна. Тэд түүний энэ байдлын учир бол лав нэг дуртай хүүхэнтэйгээс болсон биз гэж бодно. Үүнд сэдэв болмоор нэгэн зүйл олны гараар дамжин байлаа. Тэр нь

Москвад Алексейн хийдийн тушаа зэсчин Савльевийн гэрт сууж байгаа эмэгтэй Акулина Петровна Курочкинад бариулж хичээнгүйлэн гуйх нь энэ захидлыг А. Н. Р.-д уламжлан хүргэхийг гуйсугай

гэсэн нэгэн захидлын гарчгийг хуулан дамжуулж үздэг байлаа.
Миний уншигчдын дотроос хөдөө тосгонд сууж үзээгүй хүн байвал, хөдөө хязгаарын авхай нарын уянгатай сайхныг яаж мэдэх билээ дээ.
Тэд нар эрүүл тунгалаг агаарт цэцэрлэг дэх алимын модны сүүдрийн дор өсөн хүмүүжээд, ёс дүрэм, аж байдлыг цөм бичиг номоос олж мэднэ. Бөглүү аглагт эрх дураараа өсөөд, хар багаас бичиг хар уншсан тул манай хот газрын сарнимтгай ганган хүүхний мэдэхгүй санаа сэтгэл тэдэнд эртээс төрнө. Ирэх зочны хөлгийн хонхны дуу, тэдэнд нэгэн их сонин юм болдог юм. Ойр хавийн нэгэн хот орох нь амьдралын сонин зүйл болно. Зочид ирвэл удтал, заримдаа нэгэн насаар мартахгүй дурсгал үлдээнэ. Тэдний зан авирын зарим нэгэн сонин зүйлийг хараад хачин юм гэж элэглэх санаа төрж магад юм. Гэвч тэгж хөнгөнөөр шинжин үзэгч нар хэчнээн хошигновч, тэдний зан чанарын онцлог, биеэ даамхайн зэрэг сайн чанарыг яаж баллаж чадах билээ. Жан Поль4 иймэрхүү чанаргүй бол хүнд жавхлан сүргүй гэж билээ. Нийслэл хот дахь эмс охид, сурлага мэдлэгийн талаар илүү сайн байж магад юм. Гэвч олны дотор хутгалдан дадаад сэтгэл санаа зан чанар нь өмсгөл малгайн адил хэвшмэл болдог билээ. Энэ үг буруушаан шүүмжилсэн үг бүү болтугай, гэвч эртний нэгэн тайлбарлагч Nota nostra manet5 гэж бичсэн шүү дээ.
Манай хөдөөгийн олон авхай нар, энэ залуу Алексейг үзээд, сүйд болсон нь тодорхой биз ээ. Тэр тэдний өмнө энэ удаа гунсайсан сүртэй байдал үзүүлэн гээн огоорогдсон жаргал гонсойн өнгөрсөн залуу насны тухай анх удаа ярилаа. Тэр ч байтугай хохимой толгойт хар бөлзгийг зүүнэ. Энэ бүхэн нь тэр нутагт урьд үзэгдээгүй сонин хачин үзэгдэж олон авхай нар түүний хойноос сүнсээ тавив.
Миний Английг бахдагч Муромскийн Лизе (буюу эцэг нь Англиар Бетси гэж нэрлэдэг) охин бүхнээс илүү хүсэв. Хоёр залуугийн эцэг харилцан айлчилдаггүй. Бас охин Алексейг үзээгүй авч, айл ах дүүгийн олон залуу авхай нар, цөм Алексейн нэрийг амнаас ховхлохгүй ярилцдаг тул Лизе ингэж хүсэмжлэв. Охин, арван долоон настай, түүний хар нүд, бор царайг нь үзэсгэлэнтэй болгож эцгийн ганц үр тул их л эрх танхил, үргэлж элдвээр аашлахад эцэг нь баярлан талархана. Харин хүмүүжүүлэгч дөчин настай, их зантай, хөгшин хүүхэн Мисс6 Жаксон, их л гасална. Тэр хөгшин хүүхэн нүүрэндээ оо тавьж, хөмсгөө будан, жилд Памелын түүхийг7 хоёр удаа уншина. Жилд хоёр мянган рублийн цалин хөлс авна. Тэгээд, энэ бүдүүлэг орост уйдаж үхэхдээ тулжээ. Лизегийн гарт Настя охин зарагдана. Тэр насаар эгч боловч авхайнхаа адил салхи мэт хөнгөн зантай билээ. Эмгэнэлт охин түүнд их л дуртай хамаг нууцаа түүнд ярьдаг байлаа.
Өөрийн бүх явдлын тухайгаа түүнтэй зөвлөж ярилцдаг байв. Ийм ч учраас Прилучиногийн тосгонд Настя хүүхэн Францын жүжигт гардаг ямар ч шадар охиноос8 илүү том хүн байв. Нэг өдөр Настя, авхайгаа хувцаслах зуур:
— Энэ өдөр айлд зочилж очихыг зөвшөөрнө үү? гэхэд нь авхай:
— Оч л доо. Харин нь хаа очих нь вэ? гэв
— Тугилов дахь Перестовынд очъё. Тэдний тогоочийн эхнэрийн төрсөн өдрийн баяр болно. Өчигдөр ирж, намайг урьсан юм гэж Настягийн хэлэхэд охин гайхан.
— Уухай эзэд нь муудалцан, нийлэхгүй байхад, зарц нар бие биеэ урин зочилж байгаа юм уу? гэхэд нь Настя татгалзан,
— Эзэд бидэнд ямар хамаатай юм бэ? бас би таных болохоос биш, танай аавынх чинь биш шүү дээ. Бүүр тэгээд та залуу Перестовтой муудалцсан зүйлгүй шүү дээ. Өвгөд хоорондоо уралцаж л байг. Тэдэнд чинь тэгж байх нь сайхан байдаг юм гэхэд нь.
— Настя чи хичээж, тэр залуу Перестовыг үзэж ирээд, надад түүний байдлыг сайнаар хэлж өгөөрэй гэж Лизе хэлсэнд зөвшөөрөв. Тэгээд Настя явжээ. Харин Лизе өдөр турш түүний буцаж ирэхийг хүлээв. Орой Настя, эргэж ирээд,
italki
— За, би залуу Перестовтой өдөр турш хамт байж, түүнийг ханатал үзэв гэхэд нь охин
— Юу? за чи юу болсноо цөмийг дэс дараалан ярь гэв.
— Би цөмийг ярья. За тэгээд Анисья Егоровна, Ненила, Дуня бид хамт явлаа... гэтэл охин тасалж
— За мэдлээ. Тэгээд юу болов? гэв.
— Үгүй би цөмийг дэс дараалан хэлье. Бид яг хоолон дээр нь хүрч очив. Өрөө дүүрэн хүн сууж, Колбиногоос, Захарьваас, Хлупинаас бас даамал эхнэр хүүхэдтэй... гэхэд нь охин бас тасалж
— За, за Перестов очсон уу? гэж асуув.
— Та хүлээж бай л даа. Бид очоод ширээ тойрон суув. Даамлын эхнэр тэргүүнд суув. Би түүний дараагийн суудлыг эзлэв. Ингэхэд түүний хүүхэд их л дургүй бололтой байна билээ. Гэвч тэр надад ямар хамаатай юм бэ... гэхэд Лиза бас тасалж
— За, Настя минь чи яасан нуршаа юм бэ? гэв.
— Та юун яаруу хүн бэ? бид гурван цаг хэртэй будаалав. Хоол нь ч хэлж баршгүй сайхан байв. Хөх, улаан, алаг боорцгууд байсан шүү. Тэгээд хоол идэж дуусаад цэцэрлэг рүү тоглохоор явцгаав. Ингээд залуу ноён бидэн дээр ирэв гэхэд,
— За цэвэрхэн сайхан хүн гэдэг үнэн байна уу? гэж асуув.
— Үнэн, гайхалтай сайхан хүн гэж болно. Нуруу өндөр, цэлгэр, хацар улаан... гэтэл
— Аа тийм үү? Би түүнийг цанхигар цагаан царайтай гэж бодож байсан юм. За чамд ямар харагдав. Бухимдсан гашуудсан байдалтай байна уу? гэв.
— Хаанаас даа, би хүн болсоор алиа галзуу хүнийг үзээгүй. Бидэнтэй хөөцөлдөж тоглосон шүү гэхэд
— Та нартай тоглолоо гэж үү? Арай л үгүй байх гэж Настяд хэлэв.
— Үнэн, үнэн бас тоглохдоо барьж авснаа үнсдэг байсан шүү гэхэд Лиза,
— Чи худал хэлж байгаагаас зайлахгүй.
— Үгүй. Би огт худал хэлээгүй. Тэр бидэнтэй өдөр туж ноцолдож, би арай гэж салж ирэв! гэв.
— Үгүй түүнийг ямар нэгэн хүнд дурлачихсан юм. Тэгээд бусад хэнийг ч тоодоггүй гэдэг биш бил үү? гэж Лиза асуув.
— Түүнийг би мэдэхгүй. Харин намайг л их харж байсан. Бас даамлын хүүхэн Таня бас Колбины Паша бид хэдийг л даанч дэндүү гэмээр их харж байсан даг, харин шоглож халдаагүй шүү. Их л наргианч хүн билээ.
— Тэр бас гайхалтай юм даа, гэртээ ямар байдаг гэнэ? гэж Лиза асуув.
— Гэртээ байхдаа сайхан санаатай хөгжилтэй ноён гэнэ. Гагцхүү хүүхэн эргүүлэх дуртай юм гэнэ. Гэвч би бодвол тэр удалгүй томоожно биз дээ гэв. Лиза санаа алдаад,
— Яая даа, түүнийг нэг үзэх юм сан гэхэд Настя
— Үзье гэвэл юу нь хэцүү байх вэ? Тугилов манай эндээс ойрхон шүү дээ. Дөнгөж гурван мод. Та тэр зүг явган юм уу, морьтой зугаацахаар очвол лав уулзана. Тэр хүн өдөр бүр өглөө эрт буу барьж гөрөөлдөг юм гэнэ билээ гэв.
— Тэр ч арай л болохгүй л дээ. Намайг хойноосоо гүйж байна гэж хэлнэ. Бас бид хоёрын эцэг хоорондоо эвгүй тул, би танилцаж болохгүй шүү дээ... Хүүе, би мэргэн арга оллоо! Настя минь, би тариачин хүүхэн болоод очъё гэж Лиза хэлэв.
— Нээрэн тийм шүү. Бүдүүн даавуу цамц банзал өмсөөд очвол, таныг хэн ч танихгүй шүү дээ. Перестовтой заавал дайралдана гэж Настя хэлэв.
— Настя минь! хайрт Настя минь! сайхан арга байна. Би эндхийн аялгуугаар ярьж сайн чадна шүү дээ. Ингээд Лиза энэ баяр зугаатай бодлогоо эрхгүй гүйцэтгэнэ гэж бодон унтахаар хэвтэв. Маргааш нь төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд зах дээрээс бүдүүн ширхэгтэй хөх давуу, зэс товч авхуулж Настятай хамт цамц банзал эсгээд, олон зарц хүүхнээр оёулаад, үдэш бэлэн болгон өмсөж, толины өмнө зогсон үзвэл, урьд хожид үзэгдээгүй сайхан зохисон мэт санагдав. Хөдөө тариачны аялгуугаар хэлэлцэж, толгойг дохин явж мэхэсхийж, нүүрийг ханцуйгаар халхлан инээх зэргээр дахин дахин толины өмнө аашилж үзвэл, Настя түүнийг тариачин хүүхэнтэй их л адил болов гэж бүрэн сайшаав. Ганцхан хөл нүцгэн явж үзвэл ногоон дээр гишгэхэд охины булбарай хөлийг хатгах нь хэцүү, элс чулуун дээр гишгэхэд бүр ч тэсэхэд бэрх байв. Гэвч Настя хүүхэн, арга олоод, Лизагийн хөлийн хэмжээг авч, үхэрчин Трофимд очиж тариачны өмсөх чархи шаахай захив. Маргааш өглөө нь Лиза маш эрт босвол, гэрийнх нь цөм унтсаар байв Настя хаалганы гадна зогсож үхэрчнийг хүлээв. Гэтэл удалгүй үлээгүүрийн дуу сонсогдож, гацааны үхэр, ноёны хүрээний өмнүүр цуван гарч үхэрчин Трофим, Настягийн хажуугаар өнгөрөхдөө эрээн сүлжмэл бяцхан чархийг өгч шанд нь тавин мөнгө авав. Лиза тариачин хүүхний хувцсыг өмсөж Мисс Жаксоныг аргалах үгээ Настяд шивнэн хэлж, арын хаалгаар нуугдан гарч ногооны хашааг дамжин тал руу гүйн одов.
Дорно зүгт үүрийн туяа гийж, алтны өнгөт үүлсийн жагсаал, нарыг хүлээх нь эзнээ хүлээн угтах сайд түшмэдийн адил байв. Тэнгэр цэв цэлмэг. Найрт салхи салхилж, сэрүүн тунгалагт бялзуухай донгодох нь охины сэтгэлд их л хөгжилтэй бахтай байв. Таних хүнтэй тохиолдохоос болгоомжлон, нисэх адил түргэн явав. Эцгийнхээ харьяа газрын зах зааг дахь ойд хүрээд, аажмаар алхлав. Чухам энд л Алексейг хүлээх ёстой байлаа. Яагаад ч юм бүү мэд, зүрх нь их л цохилно. Тэгэвч бага залуу насанд дүрсгүйтэхийг дагалдагч айх сэтгэл их л таатай мэт санагддаг билээ. Охин харанхуй мод руу орвол, түүний шуугих чимээ угтан сонстов. Хөгжин зугаархах санаа баахан дарагдаад, харин нь байн байсаар, аятайхан юмыг бодов. Түүний бодсон нь... За больё арван долоон настай залуу авхай ой дотор ганцаараа хаврын өглөө эрт зургаан цагийн орчим чухам юу бодсоныг хэн мэдэх юм билээ. Охин, ингэж бодлого болж, хоёр талаас өндөр мод сүхийн ургасан замаар явтал, гэнэт нэгэн сайн анч нохой хуцан гүйж ирэв. Лиза хиртэхийн цочиж хашхирав. Гэтэл Tout beau, Sbogar, ici9... гэж нэгэн хүн нохойг зандраад, удалгүй модон дотроос залуу анчин гарч ирээд, "Хонгор минь бүү ай. Миний нохой зуухгүй" гэв. Охин тэр завсар цочилтоо дараад энэ байдлыг ашиглан баахан айсан дүр үзүүлэн,
— Ай ноён минь, би айж байна. Их л ууртай нохой бололтой. Дахиад үсрэх нь үү дээ гэв.
— Алексей (Уншигч авгай, түүнийг мөн гэдгийг энэ завсар таньсан биз ээ). Тариачин залуу охины зүг ширтэн байж,
— Чи айж байгаа бол би чамайг хүргэж өгье. Харин чамтай зэрэгцэн явж болох уу? гэж асуухад
— Олны явдаг замаар яагаад явж болохгүй байх вэ дээ. Та дуртай бол хэн таныг хориглох билээ дээ гэж Лиза хэлэв.
— Чи хаанах хүн бэ? гэж Алексей асуув.
— Би Прилучиногийн Василь дархны охин, мөөг түүх гэж явна, чи ноён Тугиловын хүн юү гэв. (Охин үнэхээр нэг сийрсэн поолуу барьж явав.) Алексей, охинтой тохиролцон ярилцахын тул.
— Тийм ээ! Харин би бол залуу ноёны гэрийн зарц шүү гэв. Лиза түүнийг хараад инээмсэглэн.
— Чи, битгий худал хэл. Намайг тэнэг мангуу юм бүү бод л доо. Чи ноён байна! гэв.
— Чи яагаад тэгж бодож байна? гэхэд.
— Бүх байдлаар чинь.
— Яагаад?
— За яршиг даа, ноён зарц хоёрыг ялгахгүй хэн байдаг юм бэ? өмссөн хувцас хэлэх үг чинь цөм мөртөө байна.
Бас нохойгоо дуудахдаа хүртэл манаас өөр байна шүү дээ гэв.
Алексей охиныг харах тутам улам бүр сайхан санагдав. Хөдөөгийн царайлаг хүүхнүүдтэй төдий л ёс хэлэлцэлгүй аашилж сурсан тул, охиныг тэвэрч авъя гэтэл, Лиза үсрэн зайлж царай нь хувиран хүйтэн болов. Алексей үүнийг үзээд, дотроо инээд хүрэвч харин цаашид довтлохоо болив.
Хүүхэн ихэмсгээр
— Та үүнээс хойш надтай танил тал болж явъя гэвэл ёс бүү алд, гэхэд нь Алексей тачигнатал инээн,
— Хэн чамд ийм сүрхий үг зааж өгөв? Танай авхайн охин миний танил Настя сургав уу? Боловсрол гэдэг ингэж дамждаг юм байх нь ээ! гэв. Охин, тариачин хүүхний янз байдлаа алдаж гэнэдсэнийг мэдээд, түүнээ засах гэж
— Чи юу гэж бодов? Намайг ноёны гэрт очдоггүй юм гэж бодов уу? Миний үзсэн сонссон юм их шүү, за түүгээр ч яах вэ. Үг олдож, үхэр холдох нь. Чамтай олон үг ярилцсанаас мөөгөө түүвэл дээр байна. Ноён, чи замаараа яв. Би ч мөрөө хөөе тэнгэр минь өршөөн уучил! гээд зайлахыг завдтал Алексей, охины гарыг барьж,
— Нэр чинь хэн билээ, хайрт минь? гэв.
— Лиза хуруугаа Алексейн гараас мултлахыг оролдох зуураа
— Акулина гэдэг. За ноён минь намайг тавь. Би гэртээ харих цаг болов!
— Акулина минь, би заавал чиний эцэг Василь дарханд айлчлан очно! гэхэд нь охин яаран,
— Бурхан минь битгий оч! Хэрэв манайхан намайг, ноёнтой шугуйд ганцаараа уулзаж ярилцсаныг мэдвэл, эцэг минь намайг үхтэл зодно гэв.
— Би чамтай заавал дахиж уулзахыг хүсэж байна.
— Тэгвэл би бас удалгүй энд, мөөг түүхээр ирнэ! гэж Лиза хэлэхэд,
— Хэзээ? гэж Алексей асуув.
— Маргааш ч болно.
— Хайртай Акулина минь! Чамайг үнсье гэж бодовч халдаж чадахгүй байна. Чи үнэхээр маргааш ирэх үү? гэв.
— Ирнэ, ирнэ!
— Хуурахгүй биз?
— Хуурахгүй гэж Лизагийн хэлэхэд.
— Тэгвэл ам алд гэж, Алексей шаардав.
— За, ариун баасан дагина мэдтүгэй. Би хуурахгүй заавал ирнэ! гэхэд нь сая хоёр залуу салцгаав.
Охин ойгоос гарч, талбайг дамжин яаран явсаар, цэцэрлэгт сэм оров. Түүнийг тэнд, Настя хүлээж байлаа. Тэгээд хувцсаа санд мэнд сольж, Настягийн асуултуудад ганц нэгэн үгээр хааш яаш хариулав. Ингээд цааш явж гэртээ ирээд, зочдын тасалгаанд орвол, ширээн дээр өглөөний хоол хэдийн бэлхэн тавьжээ. Мисс Жаксон нүүрэндээ оогоо тавьж, бэлхүүсээ тас ороон бүслэн, зуушны боорцгийг нарийн зүсмээр хэсэглэж байв. Эцэг нь охиныхоо өглөө эрт салхинд гарч зугаалсныг сайшаав. Ингээд цааш нь эрүүл биетэй явъя гэвэл өглөө эрт босохоос илүү сайн арга үгүй гэдэг юм. Бас эцэг нь Англи сэтгүүлээс урт насалсан хүний үлгэрийг эш татаж, зуу гаруй наслагсад архины зүйлийг огт үл амсан, өвөл зунгүй үүрээр босож байсан юм гэж ярив. Гэвч Лиза эцгийн үгийг сонсолгүй харин өглөөгүүр залуу анчинтай, Акулинагийн нэрээр уулзан ярилцсанаа эргэцүүлэн бодоод, сэтгэл нь баахан зовов. Ярилцсан үг минь ёсноос гажаагүй, бас хойд өдөр ямар ч гэм гарахгүй юм гэж дотроо бодовч их л зовов. Маргааш уулзъя гэж ам алдсанаа буцаая гэвч, Алексей хүлээж ядаад, гацаанд очиж, ёстой Акулина гэдэг нэг бүдүүн цоохор хүүхнийг олж үзээд, бүх хэрэг илэрнэ гэдгээс айна. Тэгээд арга буюу дахин маргааш Акулина болж очъё гэж шийдэв.
Алексей бас л сэтгэл их л бахдаж өдөр турш, тэр шинэ танилаа бодов. Шөнө хүрэн царайтай гуа охины тухай зүүдэлж хонов. Тэгээд үүр цаймагц хувцсаа өмсөж буугаа сумлах чөлөөгүй, Сбогар нохойгоо дагуулан гарч, болзсон газар яаран очоод, хагас цаг хэртэй тэсгэлгүй хүлээв. Гэтэл шугуйн завсар хөх банзал гялсхийн үзэгдэв. Алексей сэтгэл зүрхнийхээ Акулинагийхаа зүг яаран гүйв. Охин, түүний баярласныг үзээд мишээвч царайд нь санаа зовсон байдал илэрхий байгааг Алексей мэдээд, учрыг асуувал, охин санамсаргүй хөнгөмсгөөр хөдөлсөндөө сэтгэл зовж байв. Гагцхүү нэгэнт ам алдсандаа батыг алдахгүй гэж ирлээ. Энэ уулзалтаар тасалбар болгоё. Алсдаа энэ хэвээр үргэлжилбэл, тусгүй хэрэг гарна гэж тариачны бүдүүн хар аялгуугаар хэлэв. Харц хүүхний энгийн байдал, гайхалтай цэцэн санаа бодлыг Алексей сонсож, их л гайхав. Тэгээд Акулинагийн санааг өөрчлөх гэж бүх уран чадлаа гарган оролдов. Бас өөрийн хүсэл санаанд ямар ч бузар зүйлгүй. Охиныг юу л гэвэл, цөмийг дагана. Хойд өдөр гэмших зүйлийг ер гаргахгүй. Гагцхүү чадвал нэг өнжөөд буюу адагтаа долоо хоногт 2 удаа уулзах баярыг шагнана уу гэж учирлан хэлэв. Алексей ингэж ярихад нь түүний үнэн сэтгэл нь илэрхий байв. Тэр үед охинд аргагүй л дурлах нь илэрхий байв. Охин чимээгүй сонсож барснаа,
— Тийм бол чи намайг бусдаас сураглан асуух юм уу, гацаанд очиж намайг хэрхэвч эрэхгүйг батал. Миний болзоогүй цагт, надтай уулзах гэж явахгүй гэж бас батал! гэхэд нь Алексей ариун баасан дагинын нэрээр ам алдвал охин инээмсэглэн хорьж, чиний ам алдахыг би хэрэглэхгүй. Гагцхүү чи хүлээвэл барав гэв. Тэгээд хоёулаа ой дотор зугаацан явж, энэ тэрийг ярилцав. Гэтэл охин за явъя гээд явав. Алексей ганцаараа үлдээд, гацааны нэг жирийн хүүхэн хоёрхон удаа уулзтал, намайг ингэж эрхдээ оруулсан нь жигтэй хэрэг байна гэж их л гайхав. Акулина хүүхэнтэй харилцах нь их л соньхон санагдав.
Хачин, тариачин хүүхний зааврыг дагаж биелүүлэхэд хүнд шиг, хэцүү шиг мэт боловч ам алдсан үгээ няцах санаа ер орж ирсэнгүй. Учир нь Алексей хэдий сүрхий бөлзөгтэй нууц захиа, харилцаатай, маш сүртэй уйдсан байдалтай боловч, үнэндээ цагаан санаатай, түргэн зантай, ариун цэврийн цэнгэл жаргалыг танин чадах сэтгэлтэй хүн билээ.
Хэрэв би гагц өөрийн дурыг дагавал эрхгүй хоёр залуугийн харилцан уулзсан хоёр биедээ улам итгэлтэй сэтгэлтэй болсон, хэлсэн хэлэлцсэн үгийг нь цөм нэгд нэгэнгүй тоочих билээ. Гэвч миний уншигчийн олонх нь үүнийг таалахгүйг, би мэдэх юм даа. Ер нь үнэндээ ч нялуун зүйл болно шүү дээ. Иймд би товчилъё. Харин хоёр сар болоогүй байхад миний Алексей тэр хүүхэнд ухаан амьгүй дурлажээ. Бас охин ч хэдий түүнээс үг цөөнтэй байв ч мөн адил сэтгэлтэй болжээ. Ингэж хоёр залуу алс хэтийг асар бодолгүй, дан ганц тэр цагийн жаргалд цэнгэв гэдгийг гагцхүү халти мөлт дурдъя. Үүрдийн холбоо байгуулах хүсэл бодлого сэтгэл санаанд нь оровч, хоёулаа илчилсэнгүй. Алексей хэдий сэтгэлтэй боловч харц ядуу тариачин хүүхэн түүний бие хоёр харилцан даанч тэгшгүйг бодно. Охин, хоёр эцгийн харилцан дайсагнахыг мэдэх тул эвлэрэхэд маш хэцүү гэдгийг бодно. Бас ч Тугиловын баян ноёныг Прилучногийн төмөрчин дархны хүүхний хөлийн өмнө сөгтгөн байгааг үзэх нь их л аятайхан мэт санагдана. Тэгтэл нэгэн чухал хэрэг гарч, тэр хоёрын харилцааг арайхан өөрчилсөнгүй. Түүнийг өгүүлбэл (Их л олонтоо тохиолддог орос газрын намрын) нэгэн цэлмэг сэрүүн өглөө, Берестов авгай морь унаж зугаацаар мордон гарахдаа гурваад хос тайга нохойг нохойчтой нь тогшуурт хэдэн багачуудын хамт дагуулан гарлаа. Мөн үед Муромский авгай бас тэнгэрийн сайхныг үзэж шодон сүүлт гүүгээ унаж Англичилсан газраа эргээр мордов. Тэр ойд ойртвол, хөрш авгай нь морин дээр маш ихэмсэг байдлаар сууж үнэгэн дотортой дээл өмсөөд, шугуй дотроос багачууд, туулайг тогшуураар хөөн гаргахыг хүлээж байгаа нь харагдав. Хэрэв Муромский авгай, үүнийг үзсэн мэдсэн бол хэдий нь зайлж өөр зүг явах байлаа. Гэтэл гэнэт тохиолдож гар бууны сум тусах газар хүрч ирсэн тул, арга буюу Европын боловсон дүрэм үзүүлж дайсан болсон хүнийхээ өмнө очин мэндэлж ёслов. Берестов тэжээмэл баавгай хооллогчийнхоо тушаалаар, ноёдод ёслон дохилзохын адилаар хариу мэндлэв. Тэр завсар ойн дотроос туулай гарч давхив. Берестов нохойч хоёр нохойг тавин тэнхээгээрээ хашхирсаар хойноос нь давхив. Муромскийн гүү угаасаа гөрөөнд явж үзээгүй тул, цочиж халив үсрэн давхиж Муромский биеийг моринд чадамгай гэж боддог тул жолоогоо сул тавин, дотроо сайн шалтаг болж зайлав гэж бодон явлаа. Гэтэл гүү нь гэнэт нэгэн гуунд тулаад зогтусан, гэнэт хажуу тийш бусгасанд Муромский хөлдүү газар үсрэн унаж шодон сүүлт гүүгээ хараан хэвтэв. Гүү нь эзнээ унамагц гэнэт санаа орсон мэт давхихаа зогсов. Берестов авгай үүнийг үзээд, давхин очиж, унахдаа бэртээгүй болов уу гэж асуув. Нохойч, тэр гэмт гүүг барьж ирэв. Берестов, Муромскийг түшиж туслан мордуулав. Тэгээд Муромскийг гэртээ урьсанд, Муромский, түүний түшин тусалсныг бодож аргагүй зөвшөөрчээ. Берестов авгай, туулайгаа алснаас гадна, бас дайсан этгээд Муромскийг олзлон барьсантай адил дархан цолоо мандуулан, хөтлөн дагуулж гэрийн зүг явав. Тэгээд хоёр хөрш, хоол зууш идэхийн завсар найртай үг ярилцав. Муромский, гэртээ мориороо буцаж чадахгүй учир Берестовоос тэрэг гуйв. Ингээд Берестов шат хүртэл үдэв. Муромский түүнийг Алексейн хамт маргааш Прилучинод очиж найртай сайхнаар хоол зооглохыг уриад, заавал очих үгийг нь сонсоод сая хөдлөв. Ингэж үргэмтгий, шодон сүүлт гүүний ачаар эртний гүн өшөө арилах шахав. Муромскийг гэртээ очиход Лиза угтан ирээд, аав та юу болов? Яагаад доголов? Танай унасан морь хаа байна? Энэ хэний тэрэг вэ? гэж гайхан суув.
— Чи үүнийг хэрхэвч бодож олохгүй байх гээд Муромский учрыг нэгэнд нэгэнгүй тайлбарлан хэлэхэд нь охин их л гайхав. Эцэг нь үргэлжлүүлэн,
— Маргааш хоёр Берестов ирнэ гэсэнд охины царай гэнэт цайвар болж,
— Та юу хэлэв? Тэр хоёр маргааш манайд ирэх нь үү? Аав аа, юу ч болов гэсэн би тэдэнд үзэгдэхгүй! гэв.
— Чи солиоров уу? Хэзээ, чи тийм хүний нүүрийг үзэж чадахгүй хэрэг болсон бил ээ? Эсхүл чи тэдэнтэй үе залгамжилсан өшөөтэй юм уу? битгий дэмий галзуур гэвэл.
— Үгүй, би хэрхэвч тэдэнд үзэгдэхгүй гэж Лиза хэлэв. Муромский авгай, хүүхнийхээ этгээд зөрүү занг мэдэх тул, дэмий нуршин маргалдахыг хэмнэж, тэр гайхалтай явдлаа санан, амрахаар явлаа. Охин тасалгаандаа ороод, Настяг дуудаж, маргааш зочид ирэхэд хэрхэх аргаа зөвлөв. Алексей, сайн сургаалт авгайг үзмэгц Акулинагаа танивал юу болох бил ээ? Охины зан байдлыг ямар гэж санах билээ гэж санаа зововч бас гэнэт тийнхүү цочмог үзвэл ямархан үзэгдэх бол гэж сонирхоно. Гэвч нэгэн сайн арга олоод, Настяд хэлбэл хоёулаа их л баярлаж, заавал тэр ёсоор гүйцэтгэхээр тогтов. Маргааш нь өглөөний хоол идэж байхдаа Муромский авгай, охиноосоо,
— Берестевыхноос нуугдан зайлах санаа хэвээр үү? гэж асуувал.
— Би таны хүслийг дагаж зочидтой уулзъя. Харин би таны өмнө ямар дүрээр үзэгдэвч, та ер цочин гайхаж буруушаах байдал үзүүлж хэрхэвч болохгүйг та хүлээх хэрэгтэй гэж Лиза хэлэв.
— За чи бас нэг дүрсгүйдэх нь үү? яавал яа. Чиний дураар болтугай. Хар нүдэн дүрсгүй минь! гэж Муромский авгай инээн хэлээд, охины духыг үнсэхэд Лиза зочид хүлээн авахдаа бэлтгэхээр гүйн явав.
Хоёр цаг цохимогц, зургаан морь оруулсан, гар үйлдвэрийн сүйх тэрэг хашаанд орж ирээд зогсов. Муромскийн ёслолын хувцас өмссөн хоёр зарц өвгөн Берестовыг түшин гэрт оруулав. Түүний дагалдаагаар хүү Берестов морь унаж ирэв. Тэгээд тэр хоёр, ширээ засаж бэлтгэсэн, будаалах тасалгаанд оров. Муромский, зочдыг их л найртай хөнгөмсгөөр угтаж будаалгын өмнө цэцэрлэг, араатан адгуусны байр зэргээ үзүүлж, сайтар цэвэрлэн шүүрдээд, элс татсан замаар удирдан дагуулав. Берестов өвгөн түүнийг үзэж, ийм дэмий юманд хэчнээн цаг хүчнийг талаар сүйтгэв гэж дотроо ойшоохгүй явав. Хүү Берестов, нарийн эцгийн ойшоохгүй байдал, биеэ өргөмтгий Муромскийн бахархах байдлын алиныг ч тоосонгүй, гагцхүү гэрийн эзэгтэйн нэр алдрыг урьд их л сонссон тул хэдийгээр сэтгэл зүрх нь өөр эзэгтэй боловч залуу гуа тэр охиныг үзэхийг их л хүснэ.
Гурвуулаа, зочлох тасалгаанд эргэж ирээд суув. Хоёр өвгөн өнгөрсөн үеийн албанд байх цагийн сонин хошинг сэргээн ярилцав. Харин, Алексей Лизагийн дэргэд чухам ямар байдалтай байвал дээр бол гэж бодов. Тэгээд ер асар хайхрахгүй, хөндий шиг байвал дээр бололтой гэж шийдэв. Хаалга нээгдсэнд их л ихэрхэг байдалтай, тоохгүй дүрэм үзүүлэн толгойгоо тэр зүг эргүүлэв. Алексейн энэ байдлыг харвал ямар ч хээнцэр хүүхэн дотор нь палхийх байв. Гэтэл гай дайрч Лизагийн оронд хөгшин Мисс Жаксон нүүрийг будаж будаж, бэлхүүсээ татаж татаж, нүдийг дорогш даран орж ирээд, мэхэсхийн ёсолсонд Алексейгийн хайран сайхан дайчин хөдөлгөөн талаар болов. Тэгээд Алексей самбаа олохын завдалгүй байтал, хаалга нээгдэж Лиза орж ирэв. Цөм босоцгоов. Муромский авгай зочдод охиноо танилцуулах гэснээ гэнэт зогсож яаран сандран хөмхийгөө зуув. Үзтэл түүний Лиза, өнөөх бор царайтай Лиза нь харин чихэндээ тултал оо тавьж хөмсгийг будсан зассан нь Мисс Жаксоноос хэдэн давхар илүү, өөрийн үснээс цайвар өнгөтэй хиймэл үсийг арван дөрөвдүгээр Людовик хааны хиймэл үсний дүрмээр сэгсийлгэн зүүжээ. Маш өргөн ханцуй мөртэй бугуй бариу хувцас өмсөн бэлхүүсийг X үсгийн адил болтол тас татжээ. Эхийн алмас эрдэнийн чимгээс данжийн пүүс ломбардад хараахан бариулан завдаагүй үлдсэнийг цөм чих, хүзүү, хуруунд гялалзуулан зүүжээ. Алексей инээдэмтэй гялалзсан авхайг үзээд, Акулинагаа огт таньсангүй. Өвгөн Берестов охины гарыг үнссэнд хүү дотроо их л ойшоохгүй боловч арга буюу дагалдан үнсвэл хүүхний хуруу чичрэх мэт санагдав. Тэр завсар зориуд үзүүлэх гэж урагш нь тавьсан охины бяцхан хөлийг ажиглан харвал өмссөн нь дэндүү хээнцэр байлаа. Үүнийг үзээд, бусад чимэг зүүлтүүдийг жигших сэтгэл баахан дарагдав. Оо будаг тавьсныг хүү анх удаадаа ажигласангүй хойно ч мэдсэнгүй ажээ. Муромский авгай анх ам өгч хүлээснээ бодоод, гайхах байдал огт үзүүлэхгүйг хичээвч охины чингэж дүрсгүйтсэнийг үзээд, их сонирхон инээдээ арай гэж дарна.
Харин ёсорхог Англи хүүхэн, инээх ч чөлөөгүй байв. Учир нь оо энгэсгийг цөм түүний шүүгээнээс хулгайлж авсныг мэдээд, нүүрээ хэчнээн цайтал будсан боловч хорсон эгдүүрэхийн улаан өнгө, оо будгийг нэвтрэн мэдэгдэж, дүрсгүй охиныг байн байн муухай хялайн үзэвч, охин тайлбарыг жич болгож, түүний догшин харцыг огт ажиггүй өнгөрөөв. Тэгээд ширээнд суувал, Алексей бодлого болсон сэтгэл тэвчимтгэй сарнимтгай хүний дүрэм үзүүлсээр байв. Лиза мөн маяглан үг хэлэх бүрдээ шүднийхээ завсраар гиншин, гагцхүү франц хэл дээр ярина. Эцэг нь түүний санааг үл мэдэх тул дэмий л гайхаж, байн байн ширтэн харавч дотроо их л сонирхоно. Англи хүүхэн тэсгэлгүй хорсовч дуугүй суув. Гагцхүү өвгөн Берестов, гэртээ суух адил их л зугаатай хөгтэй чадлынхаа хэрээр ууж, хоёр хүний идэх хоолыг ганцаараа идэж байв. Өөрийн инээхэд баахан бахдан инээж, удах тутам улам дуутай шуутай болж, хэлэлцэх үг улам улам найртай болов. Тэгээд ширээнээс босож, зочид буцсаны дараа, Муромский авгай ханатлаа инээв.
Чи юунд ингэж л дамшиглав? Миний харахад чамд оо зохиж байна. Миний бие хэдий хатагтай нарын засах чимэглэх нууцыг мэдэхгүй боловч, чиний оронд бол оо хэтрүүлэлгүй зохисоор нь хэрэглэх бил ээ! гэж Муромский авгай хэлэв Лиза арга нь маш амжилттай өнгөрсөнд, их л баярлан, эцгээ тэврэн сануулсныг бодъё гэж хэлээд, хилэнт Мисс Жаксоныг тайтгаруулахаар явав. Гуйн гуйсаар түүний түгжсэн хаалгыг нээлгэж, буруугаа хүлээж, танихгүй зочдын өмнө ийм хар царайтай хар хүүхэн гарч ирэхийг санаа зовж аргагүй болсон. Тэгээд зүрх хүрч гуйж чадсангүй тул сайн сайхан санаатай Мисс Жаксон эрхгүй хожим уучлан хэлтрүүлэх биз гэж санасан юм гэх зэргээр уран үг хэлж аргадан гуйв. Охин элэглэх санаа агуулсангүйг Мисс Жаксон мэдээд дотор нь онгойж эвлэрэхийн тэмдэг болгон нэгэн жижиг савтай Англи оо бэлэглэж, охиныг үнсэв. Охин их л тал өгч бэлгийг авав.
Маргааш эрт охин болзсон ойдоо түдэлгүй очсоныг уншигч нар таасан байх даа.
Охин тэнд Алексейтай уулзмагц,
— За чи манай авхайг үзэв үү? ямар байна? гэж асуув.
— Ямрыг ч мэдсэнгүй гэж Алексей хэлэв.
— Тэгвэл гаслалтай байна даа.
— Гаслах ямар учир вэ?
— Би чамаас нэгэн юм асуух гэсэн юм.
— Юу асуух гэсэн юм?
— Намайг тэр авхайтай адилхан гэдэг үнэн үү? гэж асуух гэсэн юм.
— Тэр шал дэмий үг, тэр чиний дэргэд муухайгаас муухай амьтан байна билээ! гэж Алексей хэлэв.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Тариачин Авхай - 2
  • Büleklär
  • Тариачин Авхай - 1
    Süzlärneñ gomumi sanı 4497
    Unikal süzlärneñ gomumi sanı 2038
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тариачин Авхай - 2
    Süzlärneñ gomumi sanı 1348
    Unikal süzlärneñ gomumi sanı 817
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.