Latin

Тарас Бульба - Монгол хэл - 9

Süzlärneñ gomumi sanı 2881
Unikal süzlärneñ gomumi sanı 1714
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Энд байгаа тэрсүүд буруу номтой бүгдээр, христостон хүний энэлэн зовж гаслан гашуудахыг тав ханаж сонсохгүй болтугай, тэнгэр минь! Бидний нэг маань ч үг алдан, муугаа бүү үзүүлээсэй! гээд, эрүүлэн цаазлах газар ойртвол Бульба:
— Зөв зөв хүү минь гэж аяархан хэлээд, буурал толгойгоо гудайв.
Зандалчин, Остапын уранхай навтас болсон хувцас хунарыг ховх татаад, дөрвөн мөчийг тусгай зэхсэн суурьт торгож хүлэв. Остапыг эрүү тулган тамласан аймшигт их эрүү зовлонг энд тоочиж, энэ бичиг үзэгч авгай нарын үсийг сэхүйн бостол сэтгэлийг чилээгээд яанам. Тэр муухай эрүүгийн зүйл нь, хүний энэрэнгүй сэтгэл төрөөгүй, гагцхүү цэргийн баатар гавьяаг насан турш эрхэм болгож байсан тэр бүдүүлэг догшин, үеийн заншил туршил болсон бөгөөд тэр үе мөчлөгөөс хэтийдсэн зарим хүн, аймшигт догшин харгис тэр зүйлийг эсэргүүцэвч, хүч хүрэхгүй байжээ. Оюун сэтгэл нээгдсэн ван, зарим баатар эрс, тийнхүү харгис эрүү шүүлт хэрэглэвэл, нийт олон хасаг цэргийн хорсол хонзон улам зангирах болуузай гэж сануулавч, төрийн их ямбатан, даан ч ухвар мөчид бөгөөд холч бодлогогүй нь гайхавч баршгүйн дээр хүүхэд мэт хэнтэг, хэтэрхий ихэрхгээрээ улсын чуулганыг хасгийн хэрэг шийтгэх хурлын адил элэг доог болгож, үймүүлэн бужигнуулах, дур мэдэн аваачих нь вангийн эрх хэмжээ, цэцэд мэргэдийн зүйтэй саналыг огоот явцгүй болгожээ. Остап, тэр бэрх эрүү хорыг тэсвэрлэх нь сэтгэшгүй хатан зоригтны адил, Олон эрүү тулгасаар, эцэс сүүлд нь дөрвөн мөчийг хэмх цохиж, яс аймшигтай харчигнах чимээ, алс хол зогссон хүнд хүртэл ив илхэн сонстож, олон ноёхон нүд халтиран, харж чадахгүй болж байтал, Остапын амнаас ёолох чимээ нэг ч гарсангүй, царай нь огтхон хувирсангүй. Тарас, олны дунд тэргүүнийг дарж, нүдээ баахан дээш болгон харж зогсохдоо, зөв, зөв хүү минь гэж ойшоон өгүүлж байв. Тэгтэл хамгийн эцсийн үхэм бэрх эрүү хор тулгах үед Остапын зориг баахан суларсан мэт болж, орчин тойрныг харвал аяа тэнгэр! Нэг ч таних хүний зүс царай үзэгдэхгүй, цөм үзэгдээгүй нүүр царай үзэгдэн, үхэхийн энэ цаг дээр ойр садны нэг хүн байдаг ч болоосой. Үр нэгэн буурай эхийн элэг эмтрэн уйлахыг буюу үсээ үгтээн, цагаан сайхан хэнхдэгээ дэлдэн гасалж гэргийн ухаангүй гашуудан гаслахыг үзэх сэн гэж хүсэхгүй, харин нас эцэс болох цагт зоригт цэцэн үгээр сэтгэлийг нь сэргээн хатангатгах чигмай баатар эрийг үзэх ч болоосой гэж зориг шантран мохож, тэсгэлгүй мөхөстөн дуудаж, аав аа! Чи хаа байна? Миний үүнийг мэдэн сонсож байна уу? гэвэл олон бүгдийн нам гүм, чимээгүйн дундаас, сонсож байна! гэж хүнгэнэсэнд, түг түмэн амьтан нэг зэргээр цочив. Морьтой цэргийн зарим нь цугласан олныг байцаан нэгжиж эхлэв. Янкель үхэж байх адил царай зэвхий болж, морьт цэргийн хүнийг баахан холдмогц, Тарас хаа байна вэ гэж айн эмээн эргэж харвал бараа туруугүй болжээ.


XII


Тарасын мөр сураг гарсан нь, нэгэн бум хоёр түмэн хасаг цэрэг, Украины зах хил дээр үзэгдэж, тэр их цэрэг нь олз омог хайж мордсон буюу татаарын хойноос нэхэн мордсон хэсэг баг цэрэг буюу нийт олны хорсол тэсэхүйеэ бэрх болж, бүх хасаг цэрэг даяар хөдөлж, эрх ёсоор доромжлуулан хяхуулсан, биеэ гутам шившигтэй дарлуулсан, ариун хэв заншил, өвгөд дээдсийн шашин шүтлэгээ доромжлуулсан харь ноёдын ёс бусчилсан, хавчин дарласан, шашин мөргөлийг нь католиктой нэгтгэсэн жүүд нар, христосын шашинтай газар гутам муухайгаар эзэрхсэн зэргээр эртнээс нааш хасаг цэргийн өшил зангируулсан бүгдийн хариу авах гэж хөдөлжээ. Нас залуу боловч зориг хатан гетман Остраниц, тэр их хасаг цэргийг удирдаж, нас сүүдэр дээр гарсан, хашир суусан, нөхөр зөвлөх нь Гуня, гетман жанжинд арга зөвлөн туслан дагалцаж, найман хурандаа тус бүр нэгэн түм хоёр мянган цэрэг бүхий хороог даан удирдаж, хоёр их засуул ноён их монцогт ноён (монцог гэж молцог тугийг хэлжээ) аянд гетманыг дагалдан явах ажээ. Их тугч ноён, жанжин тугийг удирдаж, өчнөөн төчнөөн туг, хөрөг далбаа, алсад намилзан дэрвэж, монцогт нөхөд, монцгоо залан авч явав. Их цэрэгт бас хорооны ачааны тушаалтан, цэргийн хаванчууд, цэргийн бичээч нар морьтой явган баг цэрэг удирдан явж, жинхэнэ дансны хасаг цэргийн тооноос дутуугүй сайн дураар мордсон мөн данс цэсгүй хасаг цэрэг мордоцгоож, зүг зүгээс хөдөлсөн нь, Чигирин хот, Переяслав хот, Батурин хот, Глухав хотоос, Днепр мөрний адгаас, тэр их мөрний бүх эх салаа арал олтиргоос цэрэг цутган хөдөлж, тоо томшгүй агт, цувраа тэрэг, талаар үргэлжилж, тэр олон хасаг цэргийн дунд тэдгээр найман хороо цэргийн дунд хамгийн шилдэг нэгэн хороо байсныг Тарас Бульба даргалжээ. Нас их болж, их хашир чадамгай болсон, бас цэрэг захиран хөдөлж чадах чадал, дайсныг бусдаас илүү өшин занах өшил зэргээр нөхөд дундаасаа давуутай ажээ. Үүнд, хасаг цэрэг хүртэл, түүний хэтэрхий догшин харгисыг гайхан үзэхэд, буурал өвгөний амнаас шатаа, дүүжил гэхээс өөр үг гарахгүйн дээр, цэргийн зөвлөлд санал гаргахдаа хүйс тэмтрэн хядах, үнсэн товрог болгохоос өөр санал байдаггүй байжээ.
Хасгийн чадал юугаан үзүүлсэн бүх тулалдаан, тэрхүү аян дайны бүх явцыг энд тоочсоны хэрэггүй болов уу, тэр зүйл цөм судар түүхэнд тэмдэглээтэй. Орос газар шашин шүтлэгийн төлөө дайн хийвэл ямар байдаг нь мэдээжийн хэрэг ажээ. Шашин шүтлэгээс давуу хүчтэй зүйл алга. Тэр нь долгио ихт үүрд хувьсагч тэнгис далайн дунд өөрөө бүтсэн хад мэт давагдашгүй сүртэй бөгөөд тэнгис далайн ёроолын төвөөс тэнгэрийн зүг эвдрэн цөмөршгүй сүндэрлэж, ан цавгүй бүтэн бүхэл чулуугаар бүтээд, зүг зүгээс харагдаж өнгөрөн цувагч, долгионы өөдөөс эрслэн харж байх ажээ. Тэгээд тэр хаданд мөргөх хөлөг онгоц муугаа үзэх нь, хамаг хатуу хэрэгсэл нь зомгол залтас болон зад хэмх мөргөж, хэрэгслийн хамаг юм үйрч, амь хохирогсдын хөөрхий гаслант дуу агаарын хийг дуурьсах ажээ.
Судар түүх үзэхүл, чөлөөлөгдөж байгаа хотоос Польшийн дарангуй цэрэг хэрхэн зугтаан зайлж, ичих зовохыг мэдэхгүй түрээсчин жүүд нар яаж дүүжлүүлж гүйцсэн, бас зарлигийн гетман жанжин Неколай Потоцкий олон цэргийн чуулганы сэлт, тэрхүү их хүчний эсрэг яахын аргагүй буурай байсан, хэрхэн дарагдаж, хөөгдөн зугтаасаар бяцхан горхиноо шилдэг цэргээ цацаан үхүүлсэн, хэрхэн Полонно гэдэг бяцхан суурин газар догшин сүрт хасаг цэрэг, түүний цэргийг бүслэн цухалдуулж, арга мөхөстсөн Польш гетман жанжин хэрхэн андгай тангараг өгч, ван хийгээд төрийн тушаалтан бүхний өмнөөс бүрэн гомдлыг таслан хангаж, хуучин эрх дархыг цөм ёсоор болгоно гэж тангарагласныг тодорхой өгүүлжээ. Гагцхүү, хасаг цэрэг, тэр ам тангарагт итгэхгүй хаширч, Польшийн андгай тангараг ямар байдгийг осолгүй мэдэх болжээ. Тэгээд тэр бяцхан суурин газар байсан орос лам нар биш болбол, Потоцкий жанжин зургаан мянган алтан зоосны үнэтэй аргамгаа гайхуулан унаж, тайж язгууртан нарын хорхой хүргэн, сурвалжит гоёхон авгай нарын нүдний хужир болж явахгүй сэн. Сенаторуудад арвин сайхан хурим идүүлж, чуулганд шуугиулж явахгүй сэн ажээ. Тэр бяцхан суурин газраас хасаг цэргийг угтаж, бүх орос лам нар, гэрэлт алтан жанч хувцас юугаа өмсөцгөөн, хөрөг шүтээн загалмайгаа залсаар, өмнө нь тэргүүлэгч лам өөрөө гартаа загалмай барьж, их багшийн номт малгай өмсөж угтсанд хасаг цэрэг цөм, малгайгаа авч, тэргүүнийг бөхийлгөн ёсолж билээ. Тэр үес, вангаас бусад хэнийг ч тоож дагахгүй байсан боловч, өөрийн христос шашны өөдөөс эсэргүүцэн мөчөөрхсөнгүй, лам нараа хүндэтгэж, үг захиаг дагаж, гетман хурандаа сэлтээр Потоцкийг христосын бүх орон хийд, сүм дуганыг дархалж, хасаг цэрэгт ямар ч хохирол хяхалт учруулахгүй, алив хуучин өшөө хорсголыг бүрмөсөн мартан гээхийн ам тангаргийг авч суллан тавихаар болсонд, ганцхан хурандаа тэгж найрамдахыг эс зөвшөөрсөн нь Тарас байжээ. Толгойн сэвлэг үснээс үгтээн гашуудаж өгүүлрүүн:
— Ай гетман жанжин, хурандаа дарга нар минь! Ингэж ухвар мөчид эмсийн адил хөнгөмсөглөж, ляхуудын аманд битгий хууртагтун. Тэд муу нохой, та нарыг лав бачилна гээд, цэргийн бичээч, гэрээ болзоог бичиж, гетман жанжин гарын бат үсэг зурсанд зүүж явсан гянт болд нандин турк сэлмээ авч хулс зэгс мэт нуга дарж хоёр анги болгон хугалаад, тус тус хоёр тийш хол хаялж, за, хагацъя даа! Энэ мэсийн хоёр хугархай үүрд нийлж нэгэн бүтэн сэлэм болохгүйтэй адил, нөхөд минь, та бид ч энэ ертөнцөд дахиж уулзахаас өнгөрчээ. Миний ганцхан салахын сануулах үгийг битгий мартагтун! гэж дуу нь маш өндөр хүчирхэг болж орхирон өгүүлэхэд, ирээдүйг зөгнөсөн тэр үгийг сонсож, бүгд хирдхийн цочвол, өгүүлсэн нь, үхэх цаг дээрээ та нар миний үгийг санах байх! Үүгээр энх амгалан, эв найрамдлыг худалдаж авав гэж та нар бодож байна уу? Гар газар, хөл хөсөр ноёрхоно гэж бодож амуу? Ондоо ноёрхлоор ноёрхох болно доо та нар, гетман жанжин чи үст толгойн хуйх өвчүүлж, сагадайн хивэг чихүүлээд, яармаг болгонд удтал үзмэр болгуулна даа! Та, бусад ноёд ч гэсэн, мөрөн дээрээ толгойгоо тогтоож чадахгүй бий. Хонь шиг, амьдаар тогоонд эс чануулбал чулуу хэрэмд амьдаар битүүмжлүүлж, чийгтэй нүхэн тамд үхэж дуусах бий, та нар! гээд өөрийн цэргийн зүг хандаж, за, хүүхэд та нар өөрийнхөө үхлээр үхэх дуртай хүн байна уу? Муусайн сэг адил зуухын ард эмсийн ханзан дээр буюу архины пүүсийн хашааны ёроолд согтуугаар үхэхгүй, шударга хасаг эрийн үхлээр бүгдээр хээр талд нэгэн хамт, дэр нийлсэн хүргэн хүү, бэр хүүхэн хоёр шиг цөм цугаар хэвтэж, хасаг сайн эрийн үхлээр үхэх дуртай юу? Эсхүл гэр орондоо буцаж, эрэмдэг шашинтай хавчуур болж, Польш ксендз лам нарт зайдлуулах дуртай юу? гэхэд нь, Тарасын хорооныхон цөм;
— Ноён хурандаа таныгаа дагая, таныгаа дагая! гэж хашхиралдан, нэлээд олон цэрэг, тэр хороонд дагаж оров.
— Намайг дагавал, намайг дага даа! гээд Тарас, малгайгаа лав өмсөж, тэнд үлдсэн бүгдийг нэг ширүүн хүйтэн харж, морин дээрээ хормой хувцсаа засаж, сүр бадруулж, цэрэгтээ хашхиран өгүүлрүүн, биднийг хэн ч хорсом муу үгээр үл дайрах болтугай! За, хүүхэд минь, католикуудад зочлоор очъё! гэж морио ташуурдан хөдөлсөнд ачаатай зуун тэрэг хойноос нь дагаж, өдий төдий морьтой явган хасаг цэрэг дагалдсанд, морин дээрээс эргэж, үлдэн хоцрогсдыг хилэнт нүдээр эргэн ширтэлхийлсэнд, харц нь их л ууртай догшин бүлгээ. Тэгж мордоход нь хэн ч аймшиггүй хориглон эс зогсоов. Бүх цэргийн харсаар атал, тэр хороо цэрэг ганцаар тасран одож, Тарас удтал байн байн эргэж занасаар далд орвол, Гетман жанжин, олон хурандаа, ямар нэгэн муу ёр зөгнөсөн адил удтал дуугүй, хирдхийн цочиж зогсов. Тарасын зөгнөн хэлсэн үг, учиртай үг байжээ. Цөм түүний хэлсэн ёсоор болж, Каневын тэнд гэрээ болзоог польш нар эвдлэн тэсрүүлж, удалгүй Гетман жанжны толгойг тэргүүн олон түшмэдийн толгойн хамтаар шорог модонд өлгөсөн билээ. Тарас хэрхэв? гэвэл, хороо цэргээ удирдан, бүх Польшоор хөндлөн гулт явж, арван найман бага хот суурин, дөч орчим католик орон сүм үнсэн товрог болгож, Краков хотод хүрэх шахав. Польш тайж нарыг их л хядаж аль баян шилдэг шилтгээнийг талан сүйтгэж, хасаг цэрэг нь ноёдын зооринд хэдэн зуун жил хадгалж байсан нарийн дарс бал бурам архийг хөсөр бялхаан асгацгааж, зоориноос олсон нарийн цэмбэн хувцас хунар, эд таваарыг тас цавчин шатаажээ. Тарас юу ч бүү хайрла гэж давтан захицгааж, хасаг цэрэг, хар хөмсөгт ноёхон авгай нарыг ч цагаан хөхт тунгалаг царайт охидыг ч өршөөн өрөвдсөнгүй. Тэр хөөрхий охид, дуган сүмийн сахиус шүтээний дэргэд ч амь хоргодон зайлж чадалгүй, Тараст дуган сүм, бурхан тахилтайгаа шатаалгадаг байв. Гал авалцан дүрвэлзэж шатахад хэчнээн олон цасан адил цагаан гар, дөлөн дундаас тэнгэрийн зүг сарвалзаж, гаслан дуудах шаналалт дуунд нь газар хотойж, хээрийн өвс ч өрөвдөн налрим гашуун боловч, хатуу сэтгэлт хасаг эрс, огт ажиггүй билээ. Гудамжнаа нялх цоров хүүхдийг жадаар өлгөж аваад галд шидэн, үхэж байгаа эмс охидын дээрээс хаяж орхидог байлаа. Тэхэд нь, Тарас, дайсан лях мэдтүгэй! Энэ бол Остапын хойноос буян хийж байгаа минь билээ. Айл суурин тохиолдох бүр тийм буян хийсээр явахад нь Польшийн засгийн газар Тарасын тэр өдүүлж байгаа явдлыг энгийн уулга дээрмээс баахан том хэрэг гарав гэж өнөөх Потоцкий жанжинд таван хороо цэрэг захируулан явуулж, Тарасыг заавал барьтугай гэж одуулав.
Хасгууд тэр цэргийг хөөн нэхэхэд хөдөө замаар зургаан хоног довтлон зайлж, морь нь, тийм сүрхий зугтахад нь арай гэж тэсвэрлэн, хасаг цэргээ дайснаас аварсаар билээ. Гэвч, Потоцкий тэр удаа уг даалгасан зүйлийг нэртэй сайнаар гүйцэтгэж, цуцалтгүй нэхсээр Тарасыг түр амсхийх гэж нэгэн эвдэрхий цайзад Днестр голын эрэг дээр буусныг гүйцжээ.
Тэр цайзын нурсан хэрэм, тасарсан далан сүндэрлэн үзэгдэж, хэзээ хэзээгүй хийсэн нурмаар өнгийсөн хадны хэмхдэг чулуу дүүрсэн байжээ. Тэр газар зарлигийн Гетман жанжин Потоцкий, Тарасыг гүйцээд, хээр талын зүг хандсан хоёр талаас хавчин байлдвал хасгууд дөрвөн хоног тулалдаж, тоосго чулуугаар шидлэн эсэргүүцэв. Тэгсээр хүчин мохож зэвсгийн хэрэгсэл шавхарч, Тарас, арга буюу дайсныг сэтлэн гарахаар оролдов. Хасаг цэрэг нь үнэхээр, эсэргүүцэл этгээдийн хүрээлснийг шувтлан гарч, хурдан морь нь эзэн эрсийг аюулаас гаргах болзошгүй асанжээ. Гэтэл, хар хурдаар давхиж явах зуур Тарас, байз! гэж хашхиран гэнэт зогсож, гаанс тамхи минь ойчив. Дайсан ляхад гаансаа ч би үлдээхгүй! гээд өвгөн атаман дарга, тэнгис далай, хуурай зам, аян дайн, орон нутагтаа салдаггүй гаанс тамхиа өвсөн дотор бөхийн тэмтэрвэл, гэнэт дайсны бүлэг цүлэг цэрэг бужигнан ирж, чийрэг мөрнөөс нь шүүрэн ноцов. Үе мөчөө дугтран хөдөлтөл, ноцож барьсан гайдукууд урьд адил хөсөр пижигнэн ойчсонгүй, өвгөн чийрэг хасаг эр, Аяа насанд дарагдав! насанд дарагдав! гэж уйлжээ. Гэтэл, насанд дарагдсаны ч гэм биш, хүчин давуу хүчинд автагдсан ажээ. Хөл гараас нь бараг гучаад хүн зууралдан ноцож, ляхууд, за, муу турлиах баригдав уу чи одоо! Энэ муу нохойг одоо яаж залхаан алах арга сүвэгчилье гэлцэж, Гетман жанжны зөвшөөрлөөр амьдаар олны өмнө шатааж алахаар тогтов. Тэр хавьд орой нь аянгад бут ниргүүлсэн нэг хувхай мод байжээ. Тэр модонд төмөр гинжээр холбон уяж газар бүрээс харагдахаар өргөн, хоёр гарыг хадаасаар хадаад модны ёроолд гал түлэв. Хөөрхий Тарас түүнийг шатаах, тэр галыг харж, бодолгүй, өндөр дээрээс хасаг цэргийн буудалцан тулалдаж байгаа зүг ширтэн харж, тэр хэсэг модны ар дахь толгойг хүүхэд минь, бушуухан эзэлж ав. Тэр толгой өөд дайсан халдаж чадахгүй! гэж хашхирвал, салхи сөрж үг нь сонсогдсонгүй. Тарас цөхөөд одоо үхэх нь дээ, талаар үхэх нь дээ! гэж гашуудтал, дорогш Днестрийн гялалзах зүг харж, нүдэнд баярын тэмдэг тодрон гялалзав. Шугуйн цаанаас дөрвөн завь онгоцны хитгэ цухуйсныг харж, байдаг тэнхээ мэдэн өндөр их дуугаар бархиран, хүүхээд! Эрэг рүү давхи, эрэг рүү давхи! зүүгээр уулын хормой дагасан цувц замаар бууцгаа. Эрэг дор завь онгоц байна. Дайсанд хөөгдөхгүй гэж байдаг завийг цөмийг аваад, яваарай! гэж хашхирвал, завшаанаа салхи тэр зүг хөдөлж, хасгууд захиа үгийг цөм сонсов. Гэтэл, тийм санал зөвлөгөөн өгсний хариуд, сүхний онгиор толгой дээр нь буулгасанд, нүд эрээлжлэн ухаан алджээ.
Тэр завсар хасаг цэрэг, уулын хормой дахь нарийн зөрөг замаар тэнхээ мэдэн давхиж, нэхүүл хойноос нь үлдэн хөөвөл, тэр нарийн зөрөг зам ийш тийш гудран мурийж, дайсан тун айсуй тул бүгд агшин зуур зогсоод за, нөхөд минь, чигээрээ давхих уу даа! гээд минаа ташуураа өргөцгөөж, исгэрмэгц, татар морь нь дүүлж, сур мэт сунаад, гүн гулдхал дээгүүр нисэн гарч, тэр чигээр Днестр голд пал хийтэл буусанд, хоёрхон хүн өндөр дээрээс голын усанд хүрэлгүй, гулдхалын чулуун дээр ойчиж морь унааны хамт, дуугарч завдалгүй үхэж далд оров. Бусад хасаг цэрэг морь унасан тэр чигээр голын усанд самарч, онгоц завины уяасыг тайлж завдав. Ляхууд, тэр сүрхий ёроолгүй гулдхалын ирмэг амсар дээр зогсоод хасаг эрсийн тэр гайхамшиг зоригтойг ихэд жигтэй сонин хэрэг гэж, бид бас тэгж дүүлэх үү, дүүлэхгүй юү? гэж гайхаж байтал, хөөрхий Андрийн толгойг эргүүлэн мунхруулсан өнөөх сайхан польш хүүхний төрсөн ах, нас залуу, цус шингэн, зориг идэрхэг хурандаа, удаан бодолгүй хасгийн хойноос тэнхээ мэдэн дүүлж, агаарт морьтойгоо гурав эргэж, хурц ирмэгт хад чулуун дээр ойчоод гүн гулдхалын эрвэн сэрвэн хурц чулуунд тасар тасар татуулж алга болоход нь, тархи нь цустайгаа холилдож тэр нүхэн цөмөрхий гулдхалын төвгөр түнхгэрээр ургасан бут сөөгийг шүршжээ.
Тарас, цохиулсандаа ухаан алдаад сэхэж, Днестр рүү харахад хасгууд, завь онгоцонд сууцгаан сэлж явав.
Дээрээс дайсан, тэдний зүг хүчлэн буудавч, сум хараахан хүрч тусан чадахгүй болсонд өвгөн атаман даргын нүдэнд баярын гал гялалзаж, дээрээс хашхиран өгүүлрүүн:
— За, нөхөд минь, сайн яваарай! Намайгаа дурсаж, ирэх хавар эрхбиш энэ рүү дахин ирж сайхан гэгчээр чадлаа үзүүлэн наргиж үзээрэй! За, золигийн муу ляхууд та нар үзэв үү? Хасаг хүний айх юм дэлхий дээр байдаггүй гэж мэдэв үү, та нар? Байзнаарай, таанууд, үнэн ёст оросын шашин ном гэж ямар юм байдгийг мэдэх цаг та нарт ирэх бий, ирэх бий! Хол ойрын улс түмэн, орос газарт өөрийн хаан бий болж мандаад, дэлхий ертөнцөд түүнийг үл дагах хүчин байхгүй болохыг одоогоос зөгнөн мэдэж байна шүү! гэвэл, их түүдгийн гал дөл дээшээ дүрвэлзэн өрөвхийж, хөлийг нь долоон мод өөд ноцжээ. Гэвч, оросын хүчийг давж дарах тийм гал түүдэг, эрүү хор, хүчин чадал дэлхий дээр хаана байх билээ? Днестр гол гэдэг их ус билээ. Тэр голд булан тохой олон, хулс зэгс ихтэй, бас, хөлгүй ч газар бий, ус нимгэнтэй зах хошуу газар ч бий, хун цэн шувууд цэнгэл болж донгодсон усны мандал нь гялалзан, зоригт боролзой галуу ч хурдлан хөвж, хулс зэгс эргийн захаар хавтгалжин, улаан хөеөт тотголжин зэрэг шувуу оршинхон байдаг билээ. Хасаг цэрэг тэр голоор нарийн урт бөгөөд хоёр залуурт завь онгоцоор хурдлан явж, нэгэн зэрэг сэлүүрдэн усны шувуу үргээн, ус нимгэн, хайрдам газрыг өнгөрч явахдаа, атаман даргаа дурсан хэлэлцэж явлаа.


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
italki
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


("Цог" сэтгүүлд хэвлэгдэхэд бичсэн төгсгөл үг)


Миргород гэдэг тэргүүн хэсэг төгсөв хэмээсэн үүнийг монгол болгож уншигч олон авгай нарт толилуулах сан гэж 25 жил хүсэн эрмэлзсээр холбон найруулж хөрвүүлэн орчуулъя даанч хатуу гэж хүч хүрэн ядаж байснаа ноднин уржнангаас үдшийн шөнөөр мэр сэр орчуулан, нухалсаар сүүлийн хэдэн бүлгийг 16-р жарны хар луу жилийн, дэлгэр сайхан зуны адаг сарын 29-ний улаагчин тахиа өдөр, Хэнтий ханы Цэнхэр Мандалын нутаг Хэрлэн голын хөвөө дэх Загастын хошуунд хэдэн хоног амрах зуур өглөө үдэш барьж, чадан ядан орчуулсаар төгсгөөд, оросын алдарт бичгийн хүн Гоголийн Миргород гэдэг туужсийн 2-р хэсгээс Вий гэгч сүүрт туужийг хойтон жил орчуулж, монгол үзэгч олон ах дүү нартаа дэлхий дахинд алдаршсан оросын утга зохиолын зүйлээс уламжлан толилуулахын сайн ерөөл тавья. Үүнээ онож орчуулсан бол төдий л буй заа. Олон жил хүсэн бахдаж орчуулах гэсэн Тарас Бульбын тууж үүнийг уг зохион бичсэнтэй адил сайхнаар баян үгт бэлэн монгол хэл аялгуундаа буулгаж эс чадсан болбоос, дуун хөрвүүлэгч Ринчен хэмээгдэх буурал болхи нэгэн бээр үзэгч олон нөхөд өршөөн уучилмуу хэмээн хүлцэн өчив. Хойч өдөр улам улам сайн орчуулагч, зохиолч нар гарч ард Монголын утга зохиол өвтэгш мандах болтугай!

Ринчен


“Улсын хэвлэлийн газар” Улаанбаатар хотноо 1957 онд эрхлэн хэвлүүлсэн "ТАРАС БУЛЬБА" номын Хэвлэн нийтлэлийн мэдээлэл:


Техник редактор А. Нацаг

Хянагч Д. Жалцан
Хэвлэлтэд 1957 оны 3 дугаар сарын 19-ны өдөр.

Цаасны хэмжээ 84X108 1/40.

Хэвлэлийн хуудас 5/5 Б-3945

Захиалсан №82

Сүхбаатарын нэрэмжит, Улсын Хэвлэх үйлдвэр,
Улаанбаатар. Чойбалсангийн гудамж. 2


Заметки

[←1]
Сэнгүн гэж эрт цагт газар орныг захирсан жанжныг хэлжээ. Түүний харьяат газрыг сэнгүүлиг гэдэг.


[←2]
Ботон - гэж архи хийдэг том сав.


[←3]
Даравч - гэж морь явуулах гэж гутлынхаа өсгийд зүүдэг төмөр.


[←4]
Еврей үгээр аяа халаг, нохой минь гэж гаслах аялгуу байсан нь гаслах гайхах алинд нь ч хэрэглэх болжээ.


Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
  • Büleklär
  • Тарас Бульба - Монгол хэл - 1
    Süzlärneñ gomumi sanı 4438
    Unikal süzlärneñ gomumi sanı 2192
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 2
    Süzlärneñ gomumi sanı 4542
    Unikal süzlärneñ gomumi sanı 2137
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 3
    Süzlärneñ gomumi sanı 4609
    Unikal süzlärneñ gomumi sanı 2029
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 4
    Süzlärneñ gomumi sanı 4258
    Unikal süzlärneñ gomumi sanı 1986
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 5
    Süzlärneñ gomumi sanı 4580
    Unikal süzlärneñ gomumi sanı 1958
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 6
    Süzlärneñ gomumi sanı 4460
    Unikal süzlärneñ gomumi sanı 2060
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 7
    Süzlärneñ gomumi sanı 4266
    Unikal süzlärneñ gomumi sanı 2092
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 8
    Süzlärneñ gomumi sanı 4665
    Unikal süzlärneñ gomumi sanı 2080
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 9
    Süzlärneñ gomumi sanı 2881
    Unikal süzlärneñ gomumi sanı 1714
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.