Latin

Тарас Бульба - Монгол хэл - 7

Süzlärneñ gomumi sanı 4266
Unikal süzlärneñ gomumi sanı 2092
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Эцэг хүн үрдээ хайртай, эх хүн үрдээ хайртай, үр нь эцэг эхдээ хайртай байдаг боловч, нөхрийн журмыг бодоход тэр юу ч биш, нөхөд минь. Адгуус ч гэсэн, үрдээ хайртай байдаг шүү дээ! Яс махан төрлөө татахгүй, сэтгэл журмын төрлийг татах нь ганц хүн төрөлхтний чанар буй заа. Бусад газар нөхөр байдаг боловч, орос газрынхтай адил нөхрийн журам хаа ч үгүй. Та нарын хэн ч харь газар удтал явж үзсэн улс. Харьд ч мөн хүн байдаг! Үг сольж, өөрийн хүнтэй адил хэлэлцэх хүн байдаг боловч үнэн сэтгэлийнхээ үг хэлэхэд хүрмэгц амнаас гарсангүй, ажиглан үзэхэд цэцэн хүн байдаг боловч манайхантай яаж ч зүйрлэхийн аргагүй. Манайхантай адилхан хүчтэй боловч, арай л нэг биш байдаг шүү дээ! Нөхөд минь, орос хүн шиг хүнд чин сэтгэлтэй болж, ганц ухаан санаагаараа ч биш тэнгэрийн төрүүлсэн бүх бие сэтгэлээрээ ай даа! гээд Тарас, гараараа зангаж, буурал толгойгоо сэгсрээд, сахлаа хөдөлгөөд, тэгж хэн ч хайрлан амраглаж чадахгүй даг аа! Одоо манай орон нутагт даанч тусгүй болсныг би мэдэж байна.
Тариагаа нуруулдаад л азаргаар адуутай, зоорио дийзтэй савтайгаа бал бурам архитай байвал барав гэж боддог болжээ. Буруу номтны булай муу заншил дагаж дуурайдаг болжээ. Өөрийнхөө хэлээс жигшдэг болжээ. Өөрийнхөө улстай ярих дургүй, өөрийнхөө хүнийг зах дээр мал адуу шиг зардаг болжээ. Харин вангийн хишиг, вангийн хишиг байтугай, шар гутлаар хошууг нь өшиглөдөг Польшийн ноёны бузар хишиг хүртэх гэж, түүний ах дүү нөхрийн журмаас илүү болгодог болжээ. Тийм боловч, зусардан мөргөсөөр хог буртаг адгийн муу амьтанд ч гэсэн, орос хүний сэтгэл, зайн төдий үлдээд байгаа юм шүү. Тэр сэтгэл нь хөдлөх цаг ирэх бий. Тэгвэл, зовлонт тэр амьтан, ханцуйгаа сэгсрэн, толгойгоо тэврээд, бузар булайгаар насаа өнгөрүүлснээ муулж, гутамшгаа арилгаж, ямар ч хэрэг зовлон эдлэхээс буцахгүй болох бий. Тийм амьтан бүгд орос газар нутагт, нөхөр журам гэдэг юу байдгийг мэдэг! Үхдэгийн нэг цаг ирвэл, тэдний нэг нь ч ийм журамтайгаар үхэж чадахгүй! Тэдний хэн ч чадахгүй, хулгана мэт, өчүүхэн төрөлхтөн тэдний чанар чадал нь тэхэд хүрээгүй! гэж хэрэхэд атаман дарга, хасаг эрийн явдалд цал бууралтсан толгойгоо сэгсэрсээр байхад, хэлсэн үг нь сонссон бүгдийн сэтгэлийн угт хүрч, жагсаалд зогсож байсан өвгөн их настнууд, буурал толгойгоо бөхийлгөн, үг дуугүй зогсож, нүднээс нь нулимс мэлмэлзэн, ханцуйгаараа аяархан арчицгааж, хоорондоо үгсэн тогтсон юм шиг, нэгэн зэрэг гараа зангаж юм үзсэн толгойгоо сэгсэрцгээв. Зовлон эдэлж, зориг хатамжлан, хал үзэж, хашир таньсан хүний сэтгэлийг ч мөн тийм их юм үзээгүй боловч, сувд мэт сайхан орь залуу сэтгэлээр нэгэн ачит буурал аав ээжээ үүрд баясгах их юм зөгнөн мэдсэн хүний сэтгэл санааг ч өвгөн Тарас хөдөлгөн чадаж билээ.
Гэтэл, хотоос дайсны цэрэг татаж хэнгэрэг дэлдэж давшин гарсан нь, цэргийн өмнө тоо томшгүй, зарц дагуулсан ноёд ташаагаа тулцгаан явлаа. Бүдүүн хурандаа тушаал заавраа өгч хасаг цэргийн хүрээг хавчин бүсэлж орохдоо, зэс хуяг дуулгаа гялалзуулан нүдээ бүлтийлгэн, буу цоороо шагайсаар айсахад нь бууны сум, хүрэх газар ойртсоныг үзмэгц, хасаг цэрэг, 7 төө урт буугаараа бүгд нэгэн зэрэг буудаж завсар сэхээн өгөлгүй буудаж эхэлсэн нь орчин тойронд тал дүүрэн бууны нижигнэх дуу тачигнан үргэлжилж дарийн утаа униар газар бүрхвэл Запорожийнхан бууны дуу тасалдалгүй нижигнүүлэн буудацгааж арын хүн, буугаа сумлаж урд нь зогссон хүн буудаж байхыг дайсан учрыг олж ядан буугаа хэдийд нь сумлан завдаж байгаа юм бэ? гэж машид гайхжээ.
Хоёр талын цэрэг, утаа униарт бараа туруу харагдахгүй болоод цэргийн жагсаалд унасан эр харагдаж мэдэгдэхгүй боловч, бууны сум маш арвин байдал Польшийн цэрэгт мэдэгдэж тулалдаан ширүүн болсон нь илэрхий. Тэгээд утаанаас зайлж учир байдлыг харах гэж ухарвал их л олон цэрэг эр, суманд тусагдан унасныг сая мэджээ. Хасаг цэргийн дунд зуун ерээс хоёр гурван төдийхөн хүн амь хохирсон ажээ.
Тэгээд зогсоо сэхээгүй буудан буудсаар байх тул Польш цэрэгтэй явсан харь газрын инженер тэрхүү урьд өмнө үзээгүй тактикийг их л бишрэн гайхаж Запорожийнхан юутай сайн эрс билээ! Бусад гүрний цэрэг ч эдний адил байлдвал зохино! гэж олны өмнө магтан хэлээд хасаг цэргийн хүрээний зүг үхэр буугаа зогсоогоор чиглүүл гэж сануулан хэлжээ. Өргөн хоолойт ширмэн үхэр буу түн хийж газар дэлхий донслоод, дарийн утаа униар өргөн талыг урьдахаас илүү татав. Зах ойрын хот балгасны гудамж зээлээр хүртэл хүхэр дарийн үнэр утаа ханхлав. Гагцхүү үхэр бууч дэндүү дээгүүр чиглүүлсэн тул улайсган халаасан сум хэтэрхий дээгүүр нум мэт зам зурайн татуулан хасаг цэргийн хүрээний тэртээ хол давж хар шороог зад онгичин хаялж газар гүнээр шигджээ.
Үхэр буучийн тийм чадваргүйг хараад франц инженер үсээ зулгаан сандарч хасаг цэргийн завсар сайгүй буудахыг үл анзааран үхэр буугаа өөрөө шагайн чиглүүлж эхлэхэд нь, Тарас бүх Незамайков, Стебликивийн хүрээнийхэнд аюул тусах нь гэж холоос харж мэдээд тэрэгний араас өтөр түргэн гарч мориндоо мордоцгоо гэж өндөр дуугаар хашхиран тушаахад нь хасаг цэрэг тэрэгний араас ч гарч завдахгүй мориндоо ч мордож чадахгүй байсан билээ. Завшаанд Остап дайсны төв дунд дайран орж зургаан үхэр буучийн бялт ховх цохиод гагцхүү дөрвөн бялт ховх цохиж чадсангүй. Польш цэрэг олонд түрэгджээ. Тэр завсар харь газрын ахмад урьд өмнө хасаг цэргийн үзээгүй аймшигт их үхэр буугаар буудах гэж бялт барив. Тэр их үхэр бууны ангайсан сүртэй амнаас эрлэгийн түмэн элч мордоход бэлхэн байжээ.
Тэр их үхэр бууны дугармагц хойноос нь нөгөөх гурван үхэр буу нь дуугарч, газар дэлхийг дөрөв дахин донсолгож амьтанд их л гай зовлон учруулав. Эцэнхий гараараа хөөрхий элэг хэнхдэгээ гаслан цохилж хасаг эр хүүгээ үгүйлэн уйлах эмгэн эх юутай олон гарав. Глухов, Немиров, Черигув зэргийн хотноо хэчнээн эмс тэр дөрвөн буунаас болж бэлэвсрэв. Өдөр бүр зах зээлийн газар гүйн одож өнгөрсөн цэрэг эр бүгдийг шүүрэн царайг нь ширтэн харж хайрт минь олон цэргийн дунд үзэгдэх болов уу гэж дэмий л горилон хотоор янз бүрийн цэрэг цуван өнгөрөвч хайрт нөхөр нь үүрд олдохгүй болов.
Незмайковын хүрээний нэгэн дундуур нь тэр үхэр бууны сумнаа амь хохирч сагсайтал ургасан арвин тариаг мөндөр тас цохисон шиг тарайн унацгаажээ.
Хасаг цэрэг түүнээ юутай хорсов! Бүгдээр юутай өшин хорсов. Хүрээний атаман Кукубенко, харьяат хүрээ цэргийн аль сайн нь хохирсныг үзээд юутай тачаадав. Үлдсэн Незмайковынхонтой дайсны дунд дайран орж бадарсан хилэндээ тохиолдсон дайснаа налам салам цавчиж олон хүнийг мориноос унагааж жадаараа морьтой хүнтэй нь цуг жадлаад үхэр бууч дээр хүрээд нэг үхэр буу булааж авбал Уманы хүрээ цэргийн атаман мөн байлдан түрж, Степан Гуск, дайсны жанжин бууг булаан байлдаж байгааг үзээд тэр хасаг цэргээ үлдээн дайсныг зузаан тийш дайран ороход нь шувтлан гарсан газартаа гудамж гаргаж, эргэсэн газартаа догол гаргаж хиар хядахад, лях гэдэг польш цэргийн жагсаал нүдний өмнө сийрэгшин энд тэндгүй ойчив.
Ачаа тэрэгний тушаа Вовтузенко, өмнө нь Червиченко, цаад тэрэгний зах сэжүүрт Дегтяренко, түүний цаанаас нь хүрээ цэргийн атаман Вертихвыст байлдаж Дегтяренко, Польшийн хоёр тайжийг жадалж, гуравдугаар тайж дайралдсан нь хэцүү эр байжээ. Бултрах хэцүү чийрэг тэр лях хэрэглэл сайтай бараа болох хүн олонтой, ганц зарц тавин хүнийг дагуулжээ. Дегтяренког ихэд дарж газар унагаагаад сэлэм далайн, муу нохой хасгийн дундаас миний эсрэг зүрхлэх нэг ч хүн алга гэж хашхиртал,
— Бий шүү! гэж хэлээд, Мосий Шило урагш давшжээ. Угаас чийрэг сүрхий хасаг эр билээ. Тэнгис далайд олон удаа дараалан явж элдэв бэрх ширүүнийг үзсэн хүн билээ. Трапесонтын хавьд Турк цэрэг Шилог нөхөд сэлтийн хамт барьж боол болгоод гар хөлд нь гав гинж зүүж онгоц сэлүүрдүүлэхдээ бүтэн долоон хоногоор будаа идүүлэхгүй дан ганц амандаа хийшгүй муухай шорвог тэнгис далайн усаар ундлуулж байхад нь боол болсон хөөрхий тэд шашин номоо алдахгүй болбол яамай гэж түмэн бэрхийг тэсвэрлэвэл атаман дарга Мосий Шило тэсэж чадалгүй шашин номоо хөлөөрөө гишгэн бузарлаж хилэнцэт толгойдоо лалын цагаан малгай өмсөж, Паш ноёнд итгэлтэй шадар хүн болоод барих түлхүүрч болоод бүх боолын ах зах дарга нь болжээ.
Хөөрхий боолчууд их л гуньхарч шашин номоо тэвчиж тэрслэн хүн дарлагч дайсны талд урваж орвол ямар ч буруу номтноос догшин хэрцгий байдаг гэж гутран зовжээ. Үнэхээр тэдний эмээн санасан ёроор болж, Шило, тэднийг гурван давхар гинжээр гинжлээд ширүүн олс аргамжаар ясанд нь шигдтэл тас хүлээд хүн бүгдийг шилэн хүзүүг нь шааж зодов.
Туркчүүд тийм сүрхий зарцтай болсондоо баярлаад номын цааз умартаж архи уун, найрлаж согтон ойчсон хойно Шило, бүх жаран дөрвөн түлхүүрээ авчраад гав гинжний цоожийг тайлж далайд хаяцгааж оронд нь сэлэм барьцгааж, Туркийн толгой цавч гэж тараан өгч билээ.
Тэр аянд хасаг цэрэг үлэмжийн их олз олж эх нутагтаа дархан цолоо мандуулан буцаж ирээд хуурч нар, Мосий Шилогийн самбаатай баатрыг удтал дуулан магтаж байсан билээ. Мосийг бүх цэргийн жанжин ч болгож сонгомоор байсан удаа бий. Гагцхүү тэр хүний зан байдал маш сонин. Заримдаа ямар ч цэцэн мэргэн хүний ухаан гүйцэхгүй хэрэг явдлыг шийтгэн атал заримдаа даан ч тэнэг мангуу адил аашилдаг байжээ. Хамаг байдгаа архинаас өгч бараад Сечийнхэн бүхэнд өртэй болж бас шөнө өөр хүрээний байдаг хазаар хударгыг хулгайлан, архины пүүсийн хүнд аваачин данжилж өгөөд хулгайдаа баригдаж тэр шившигт хэрэгт ял шийтгүүлсэн нь зах дээр модноос уяад дэргэд нь шийдэм тавьж хэн хүн чадлаараа нэг нэг гөвштүгэй гэж ял унагаасан нь урьдын ач гавьяаг бодоод занчих хүн нэг ч олдсонгүй билээ.
Мосий Шило гэдэг тийм эр байжээ. Тэр хүн, өнөөх Польшийн өөдөөс дайран орохдоо:
— Муу нохой та нарыг гөвшдөг хүн бий дээ! гэж цавчилдаж эхэлсэн нь хуягийн мөрөвч төмөр, толь төмөр хотойж хонхойтол цавчилдаж, байсан лях, хөө хуягийг тас цавчиж, биед нь мэсийнхээ ир шигтгэсэнд хасаг эрийн хуяг, улаан цус бялдавч, Шило, огт ажиггүй, хүнд гэгчийн нударгаа зангидаж, зулай дээр нь буулгамагц, зэс дуулга хага бууж, өнөөх Лях шарваж ойчив. Толгой дүүрэн манарч, ойчсон тэр дайсныг цавчин балбаж эхэллээ. Хасаг зоригт эр минь, ойчсон дайсны голыг самнах гээд яах юм. Гэдрэгээ харж үз! Гэдрэгээ эргэж харсангүйн учраас осолдож, өнөөх унасан дайсны нэг зарц Шилогийн хүзүүг хутгалаад, эргэж түүнийг цавчъя гэтэл дарийн утаа униарт далд орон алга болжээ. Зүг зүгээс бууны дуу тачигнаад Шило ширвэсхийж үхэх шарх олсноо мэдэж ойчоод шархаа гараараа бөглөж нөхдийн зүг за ноён ах дүүс минь хагацах ёс хийе! Шашин номтой орос улс үүрд мөнх тунгалаг мандаж, насан турхруу алдар хүнд нь бадран мандаг! гээд бүрэлзэх нүдээ аниад хасаг эрийн сүнс нь хатан чийрэг биеэс нь зайлан одов. Тэгтэл, Запорожний цэргээ дагуулан хүрээний атаман дарга Вертыхвост дайсны жагсаалыг дайрч балбан давшин гарчээ.
Тарас хүрээний атаман дарга нартай дуу дуугаа авалцаад,
— За, ноёд минь дарийн хотонд дарь байна уу? Хасаг эрийн хүчин мохоогүй биз? Хасаг эрс бууран автагдах болоогүй биз? гэж асуужээ.
italki
— Аав ноён минь дарийн хотонд дарь бий. Хасаг эрийн хүчин мохоогүй. Хасаг эрс бууран автагдаагүй гэж хариулаад хасаг цэрэг хүчлэн давхиж дайсны жагсаалыг нэг мөсөн үймүүлэв. Оготор биет хурандаа ноён цэрэг хураах дохио өг гэж тушааж тал дүүрэн тархсан цэргээ хураасугай гэж зурмал найман туг босгосонд лях цэрэг тугаа үзээд цөм түүнийг зүг тэмцэн гүйлдэж жагсаж завдахуйяа хүрээний атаман Кукубенко, Незмайковынхантайгаа дахин дайсны төвийг дайран довтолж бүдүүн хурандаад халдан орвол хурандаа морио эргүүлж тэсгэлгүй зугтав.
Кукубенко түүнийг хороо цэрэгт нь нийлүүлэх зав өгөлгүй талаар хөөн үлдэв. Хажуугийн хүрээ цэргээс түүнийг хараад Охрим Гуска, бугуйл бариад, хөндлөнгөөс амдан тосох гэж морины хүзүүнээ бөхийн давхиж, бугуйлаа хурандаагийн хүзүүнд нь орхивол, хурандаа, хоёр гараараа бугуйлын гогцоог тас татах гэж зүс царай час улаан болж шүүрэн татвал, Гускийн аюулт жад хэдийн гэдсэнд нь шаан орж газар хадав. Гэтэл Гуска ч бас дайснаа эрсдэж, хасаг цэргийг эргэж харахын завгүй, Гуска хэдийн дөрвөн жадын үзүүрт тэлэгдээд, хөөрхий баатар эр, дайсан бүхэн сөнөн мөхөөд, үүрдийн үүрд орос улс жарган мандтугай! гэж хэлээд, амь тасрав.
Хасаг эрсийн эргэж үзэхэд, хажуу талаас Метельця хасаг, лях нарыг толгой түрүүг нь цавчлан, нөгөө талаас атаман дарга Невельчки хасаг цэргийн хамт хавчив байлдаж, ачаа тэрэгний тэнд Закрутычгуба дайсныг эргүүлэн тулж, цаад захын тэрэгний тус, гуравдугаар Писаренко бөөн дайсныг хөөн зайлуулж нөгөө ачаа тэрэгний тэнд гардан тулалдаж, тэргэн дээр хүртэл тулалдан байгаа бүх цэргийн урдуур Тарас атаман явж өнгөрөхдөө:
— За, ноёд минь! Дарийн хотонд дарь байна уу? Хасаг эрийн хүчин мохоогүй биз? Хасаг эрс бууран автагдах болоогүй биз? гэж асуувал,
— Аав ноён минь, дарийн хотонд дарь бий. Хасаг эрийн хүчин мохоогүй. Хасаг эрс бууран автагдаагүй гэж хариулцгаавч, зүрхэн дор нь сум тусаад Бовдюг, тэргэн дээрээс унаад өвгөн эр байдаг тэнхээгээ хурааж, за алтан дэлхийгээс ингэж хагацахад ч гомдолгүйдээ! Хүн бүр миний адил ийм сайхнаар насан эцэслэх болтугай! Галав юүлтэл орос улс мандтугай! гэж ерөөгөөд насан эцэс болж сүнс нь Орос улсад юутай сайхан байлддаг бас ариун шашныхаа төлөө, юутай сайхан амиа өгч чаддагийг урьд нөгчсөн өвгөддөө хэлэх гэж тэнгэрийн зүг дэгдэн одов.
Хүрээний атаман дарга Балабан, төдий удалгүй хөсөр ойчин унажээ. Хүнд илд, бууны сум, жад гурвын үхэх гурван шарх олсон ажээ. Угтаа, хасаг эрийн магнай сайчуудын нэг нь байжээ. Атаман дарга явахдаа, далайгаар их олон аян хийсний дундаас Анатолын эргийн зүг аялан явсан явдал нь хамгийн цуутай сайхан аян болж билээ. Тэр аянд алтан цехин зоос, үнэ ихт төгрөг, торгомсог элдэв эд хэрэглэл үлэмжийг олж, буцах замдаа харин гай зовлон амсаж билээ. Туркийн үхэр бууны сумнаа тусагдаж их хөлөгнүүдээс буудмагц хасгийн завь бага онгоцны нэг дундуур нь эргэлдэн хөмрөөд, өдий төдий хасаг усанд живэн үхэвч, завины хоёр хажуу талаас хулс зэгс баглан уясан нь арай завь эс живжээ.
Балабан, сэлэхийн сайнаар бултчин зайлж, нар тушаа зогсоход, Туркийн онгоцны хүн, нар өөд нүд гялбаад харалгүй алджээ. Тэгээд завины цоорхойг нөхөж шөнөжин малгай утгуураараа усыг нь хутгаж хаясаар хасаг өмдөөрөө дарвуул хийгээд, Туркийн маш хурдан хөлөг онгоцонд гүйцэгдэлгүй гарч, Сечдээ олз омогтой хүрч ирснээр барахгүй, Киев, Межигорын хийдийн их ламд алтан хоргой жанч, Запорож дахь, нөмрөгийн хийдэд цагаан мөнгөн гуу бас авчирсан билээ. Тэгээд, хуурчин, тэдний азтай хувьтайг удтал магтан дуулдаг байлаа. Одоо тэр сайн эр, амь тэмцэн энэлж зовох цаг ирснээ сэрэн мэдээд, толгойгоо гудайлган, нам дуугаар өгүүлрүүн, ноён ах нар минь, миний бодоход би сайн үхлээр насан эцэслэж байна. Би долоон хүнийг цавчин алж, есөн хүнийг жадлаад, мориор олныг гишгүүлэн, чухам хэчнээнийг буудан алснаа тоо алдав. Орос улс үүрд бадран мандтугай! гээд сүнс нь зайлан одов.
Аяа, хасгууд, цэргийнхээ магнай сайн эрийг дайсанд бүү автагдагтун! Дайсан, Кукубенкийг зүг зүгээс бүслэн тойроод бүх Незамайковын хүрээний цэргээс арайхан долоон хүн амьд үлдээд, дайсныг чүү чамай эсэргүүцэн тулж, Кукубенкийн хувцас нь хэдийнээ улаан цус буджээ. Тарас, түүний хэцүүдсэнийг үзээд яаран тэнхрүүлэхээр давшивч, баахан хожимджээ. Тойрон байлдах дайсныг дайран хөөж хариултал, жад хэдийнээ Кукубенкийн зүрхэнд шигдэн орж, хасаг цэрэг яаран тосвол, тэдний гар дээр аяархан унаад, залуу цусан год хийж урссаныг адилшаавал, болгоомжгүй зардсан нар, зоориноос шил савтай нандин нарийн архи авч яваад, үүдэнд халтиран үнэт шил савыг хага алдаад, олдохуйяа бэрх архийг асгасанд, тэнгэр заяавал, өтөлсөн хойно залуу насны найз нөхөртөө учран золгоод, урьдын цагт, хүн амьтан ондоо сайхнаар цэнгэдэг өнгөрсөн тэр цаг үеийг дурдан уух гэж хадгалж байсан тэр архиа асгуулсныг эзэн хүн гүйн ирж мэдээд тархи толгойгоо шүүрэн гаслах адил. Кукубенко, орчин тойрныг нүдээрээ буландан үзээд, та нөхдийн нүдний өмнө нас эцэс болгосондоо тэнгэрт баярлан өчим үү!
Манай хойд үеийн хүн, биднээс бүр сайн хүн гарч, христос тэнгэрийн өршөөн хайрладаг Орос улс мөнхөд дэлхийн чимэг болтугай! гээд, залуу сүнс нь биеэс мултран гарав. Тэнгэрийн сахиулсан, тэр сүнсийг тосон өргөж, тэнгэр өөд, залан одсон нь тэнгэрийн орноо, жарган ах буюу. Христос, түүнээ, за, Кукубенко чи миний баруунтаа суу! Нөхрийн журмыг чи тэрсэлсэнгүй бузар хэрэг үйлдсэнгүй, зовлонд нэрвэгдсэн хүнийг дайсанд барьж өгсөнгүй, миний шашныг хайрлан сахиж явсан билээ! хэмээх буй за. Кукубенкийн нас барсанд бүгд гуньж, хасаг цэргийн тоо их л цөөрч, олон баатар эр, тулалдаанд унавч хасаг эр бас л зоригтой тулж байв.
Тарас, үлдээд байсан хүрээний цэрэгтэй дуу авалцан, за ноёд нөхөд минь! Дарийн хотонд дарь байна уу? Сэлэм арай мохоогүй биз? Хасаг эрийн хүчин тэнхээ тасраагүй биз? Хасаг эрс зориг мохоогүй биз? гэвэл,
— Ноён ах минь, дарь бас бий, сэлэм мохоогүй, хасаг эрийн зориг мохоогүй гэж хариулаад, цэрэг эр огт хохироогүй мэт, баатар зоригоор дахин дайсныг дайран оров. Хүрээний атаман даргаас гурвын төдий үлдэж, газар сайгүй улаан цус, гол ус мэт урсаж, хасаг дайсан хоёрын хүүр энд тэнд овоорон тэр цусан гол дээгүүр гүүр тавьсан мэт болжээ. Тарасыг тэнгэр өөд харвал, олон шонхор цувран ниссэнийг үзээд, одоо нэг талын завших цаг болж дээ гэж бодов. Гэтэл Метелицийг жадын үзүүрт өргөж, нөгөө Писаренкийн толгой нь эргэлдэн эргэж, нүдээ анив хийжээ. Охрим Гуска дөрвөн анги тас цавчуулаад, эвхрэн нугарч, газар пидхийтэл ойчоод өгөв.
Тарас үүнийг үзээд, за! гэж алчуураар дохио өгвөл Остап, тэр дохионы учрыг хэдийнээ мэдээд бүгсэн цэргийн хамт дайсны зүг дайран оров. Ляхууд тэр бүгсэн цэргийн ихэд түрснийг эсэргүүцэж чадсангүй зугтааж, Остапт хөөгдсөөр цав хэмээн өнөөх эвдэрхий хэмхэрхий жад газар хатгаад шаасан газрын зүг зугтаан довтолж, морь нь ойчиж, ляхууд нь морины толгой дээгүүр тонгорцоглон унаж эхлэв. Ачаа тэрэгний ард хамгийн шувтаргад зогсож байсан Корсуныхан, дайсныг бууны сум тусах газар хүрч ирснийг үзээд гэнэт буудацгааж, ляхууд их л дарагдан сандарцгаагаад, хасаг цэргийн зориг сэргэж, за дайснаа даран ялав гэж энд тэндгүй дуугарцгаан, бүрээ үлээж, ялсан туг дэлгэн өргөв. Тарас, хэрмийн хаалганы зүг харж, арай ч даран ялах болоогүй гэж, түмэн зөв хэлжээ.
Хэрмийн хаалга цэлийтэл нээгдэж, бүх морин цэргийн охь манлай, чимэг болсон Гусар цэрэг, цөм нэгэн ижил хүрэн зүсмийн агармаг унацгаажээ. Бүгдийн өмнө нэгэн баатар эр хурдлан довтолсон нь бүхнээс үзэсгэлэн, бүхнээс гавшгай эр ажээ. Зэс малгай дороос хар үс нь хийсэж, хамгийн сайхан хүүхний уран гараар оёсон үнэ ихт алчуур гартаа уясан нь салхинаа намирчээ. Тарас түүнийг үзээд, Андрийг таньж их л гайхан овортов. Тэр залуу эр байлдаанд халаад, гартаа зүүлгэн өгсөн бэлгийн хариу гавьяа байгуулахыг чармайн довтолж, сүрэг тайга нохойн хамгийн шүдэрхэг залуу, гуа нохой дайран давхиж, чадмаг анчны тухирмагц, дөрвөн хөлөө агаарт сунган жийж, бүх биеэ хажуу тийш хазайлган, цас хийсгэж, гүйсэн эрчдээ хөөх туулайнаасаа арав дахин түрүүлж давхих адил довтлов. Тарас зогсоод, Андрийг хоёр тийш цавчлан зам гаргаж, тохиолдсон бүгдийг хөөн довтолж байгааг хараад тэсгэлгүй хорсон хашхирч, өөрийнхөө хүнийг чи яаж байна? Өөрийнхөө хүнийг золигийн хүү, чи өөрийнхөө хүнийг хядаж байна уу? гэтэл, Андрий өмнөө хүний өөрийн гэж ялгахыг байж, нүдэнд нь гагцхүү өнөөх сайхан хүний уртаас урт үс, мөрөн голын хун шувууны хэнхдэг шиг сайхан хэнхдэг, цасан цагаан хүзүү, мөр, ер нь ухаангүй үнсэн таалах хамаг бүгдий нь нүдний өмнө харахаас өөр юу ч харах, үзэхгүй довтолжээ.
— Хүүхэд, наадахыгаа мод руу аргацаан оруулаад өгнө үү, мод руу оруулаад өгнө үү? гэж Тарас хашхирахад гучин маш шаламгай хасаг эр, Андрийг аргацаан мод руу оруулах гэж өндөр малгайгаа засаад, Гусар цэргийн зам хөндөлсөн довтолж, өмнө давхиж явсны нь хажуу талаас дайран таслаад, дайралдсанаа цавчтал, Голокопытенко, Андрийг сэлмийн мөрөөр нуруун дээр нь нэг татаад, тэнхээ мэдэн зугтаасанд Андрий тэсгэлгүй ундууцан морио хурц даравчаар3 шавдан довтолж, хасгуудын хойноос хар хурдаар давхихдаа, ардаа юу болж байгааг анзаарсангүй, дагах олон цэргээс арайхан гэж хориод хүн, морины сайнд гүйцэн дагалцаж явсныг мэдсэнгүй.
Тэгтэл өнөөх хасаг цэрэг, хар хурдаар давхисаар, шууд модны зүг морины жолоог залжээ. Андрий ширүүлэн давхисаар, Голокопытекийг гүйцэн алдтал, нэгэн чийрэг гар, морины цулбуурыг гэнэт шүүрэн зогсоовол үзтэл, Тарас ажгуу! Андрий чичрэн дагжиж, гэнэт царай зэвхийрэв. Үлгэрлэвэл, сургуулийн сурагч хүүхэд, нөхрөө санамсаргүй халдан дайраад, хариу, шугамаар цохдуулаад, уур хилэн гал мэт бадраад, ширээний цаанаас галзуу мэт суга үсрэн босож, цочин эмээсэн нөхрийг уран тастмаар завдаж хойноос хөөн нэхтэл, үүдэнд багшийн орж ирэхтэй тохиолдон, хорсол хилэн хурамхан зуур нэгмөсөн дарагдах адил, Андрийн хилэн бүрмөсөн арилж, гагцхүү аймшигт эцгээ өмнө нь зогсон буйг үзэв.
Тарас, нүд ширтэн, за, одоо чи бид хоёр яадаг билээ? гэж асуувал, Андрий огт үг өчиж чадахгүй, дэмий л уруугаа харж зогсов.
— За, хүү минь, чиний ляхууд чинь чамд их тус болж байна уу? гэж асуутал Андрий бас, үг өчиггүй зогсжээ.
— Аа, чи ингэх хүн бий?
Шашин номоо тэрслэн худалдах, ураг элгэнээ тэрслэн худалдах хүн бий? Буу, мориноосоо! хэмээн зандарвал, үгийг хүүхэд адил дагаж мориноосоо буугаад, Тарасын өмнө ухаан амьгүй дуугүй зогсов.
— Зогс, бүү хөдөл! Би чамайг төрүүлсэн, би чамайг ална гээд Тарас нэгэн алхам ухарч, үүрсэн бууг авбал, Андрийн царай цав цайвар, уруул нь аяархан хөдөлж, нэгэн хүний нэр дуудах нь эх нутаг буюу төрсөн эх, эсхүл ахын нэр биш, өнөө сайхан Польш хүүхний нэр ажгуу. Тарас буудаад, Андрий, хадуурт хяргуулсан тариа, зүрхэнд амь таслах зэв орсон янзага мэт толгойгоо унжуулан үг өчиггүй өвсөн дээр унажээ.
Хүүгээ алсан хүн, дэргэд нь зогсоод, амьсгал тасарсан хүүрийг удтал ширтвэл, үхсэн ч бие бялдар үзэсгэлэн, саяхан хүчин чадал төгөлдөр бөгөөд эмсийг тэсгэлгүй татах гоо жавхлантай царай нь гайхамшигт үзэсгэлэнтэй ажээ. Цайвар царайд нь тас хар хөмсөг, бэлэвсрэлийн хар хилэн чимэг мэт үзэгджээ.
Хүнээс доргүй хасаг эр байж шүү дээ гээд, Тарас өгүүлрүүн, нуруу өндөр, хөмсөг хар, зүс царай тайж хүн шиг, дайнд гар чадалтай мөртөө, муу нохой шиг үхжээ, муу нохой шиг үхжээ гэвэл, Остап хүрч ирээд:
— Аав, та яав? Та алж орхив уу? гэвэл, Тарас толгой дохив. Остап, үхсэн дүүгийн нүдийг ширтээд, дотроо өрөвдөн хайрлаж, өгүүлрүүн:
— Ааваа, дайсанд доромжлуулахгүй, нохой шувуунд уруулахгүй оршуулж үзье гэвэл.
— Бидэнтэй бидэнгүйгээр оршуулах хүн олдоно! Бэлэвсрэн гашуудаж уйлах хүн ч олдох бий! гээд, чоно нохой идэг гэж хүүрийг энд хаях уу, баатар эр хүн, баатар эрийг хүндэтгэдэг ёсоор болгох уу гэж бодтол, Голокопытенко давхин ирж, атаман дарга, гайтай боллоо, ляхт туслах цэрэг иржээ! гэж хэлж барахын урьд, бас Вовтузенко давхин ирж, атаман дарга, гайтай болов. Шинэ цэрэг түрж ирэв хэмээн хэлж завдтал, Писаренко морьгүй явган гүйж, аав ноён, хасаг цэрэг, таныг эрж байнам.
Хүрээний атаман дарга, Невэлычки алагдаад Черевиченко алуулсан. Хасаг цэрэг тулалдсаар, таны улаан царайг үхэхийн өмнө нэг үзэх сэн гэж байна гэхэд, Тарас, мордоё, Остап! гэж хасаг цэрэгтэй уулзаж, үхэхийн өмнө улаан нүүрээ харалцъя гэж шийдэв. Модны захад гарч ирэхийн өмнө, дайсны цэрэг, тэд модыг зүг зүгээс бүсэлж, модны завсар, жад сэлэм барьсан морьтой цэрэг үзэгдэв.
Остап, Остап! дайсанд бүү автагд! гэж хашхирсаар Тарас сэлмээ суга татаж, дайралдсан дайсныг цавчиж эхлэв. Тэгтэл, Остапт зургаан хүн гэнэт халдан ороод нэгийн толгой нь тас цавчуулан өнхрөв. Нөгөө нэг нь ухраад, эргэлдэн ойчив. Бас нэг нь хавирга өөдөө жадлуулав. Бас нэг цэрэг, баахан зоригтой шаламгай тул, толгойгоо бууны сумнаас зайлуултал сум нь морины омруунд нь тусч, догшин морь цоройн харайж ойчихдоо эзнээ дарж алав. Уухай даа Остап! Тулаад бай. Би хойноос чинь хүрч ирнэ гэж Тарасын хашхиран байлдаж, халдах дайсныг няцаасаар, толгой түрүүгүй цавчилж явтал Остапын зүг харвал, дахин дайсан халдаж лав наймаад хүн бүслэн тулж буйг үзээд, Остап, Остап! Бүү автагд! гэж хашхиран тэмүүлтэл, Остапыг дайсан дийлж, нэгэн цэрэг хүзүүнд нь цалам орхиод, хүлж хэдийнээ олзолсонд, Ээ Остап, Остап!.. гэж гашуудан хашхиртал, хүнд чулуугаар цохиулсан мэт, нүд эрээлжлэн, хамаг юм эргэлдэх мэт болж, хоромхон зуур хүний толгой, жад утаа, гал, навч, гишүү мөчир, нүдний нь өмнө эрээлжлэн үзэгдээд, Тарас, хядуулсан царс модон адил хөсөр ойчоод нүдий нь манан бүрхэв.


X


Архи дарсандаа согтууран удтал алжаан унтаад сэрсэн адил Тарас, ай би юутай удаан унтав гээд орчин тойрны юмыг юу билээ гэж танин ядав. Тэнхээ тамир тасарч үл танигдах байшин тасалгааны булан, туурга бүрэлзэн үзэгдэх мэт. Тэгээд, ширтэлхийлэн харвал, өмнө нь Товкач сууж, байдал нь Тарасын хөдлөх амьсгах бүрийг ажиглан сууж байгаа мэт.
Тэр Товкач, Тарасын юутай удаан унтав гэснийг сонсоод, удаан унтахаар барахгүй, аягүйтвэл, үүрд унтах чинь холгүй байж шүү гэж дотроо бодовч, үг дуугарсангүй, хуруугаараа дохиж чимээгүй бай гэж мэдэгдэв.
Тарас, юу болсон, яаснаа санаж ядан, үгүй би одоо чухам хаана яагаад байна гэж асуувал нөхөр нь чандлан зандарч дуугүй бай! Юугаа мэдэх гэсэн юм бэ? Зад тас цавчуулж орхисноо мэдэхгүй байна уу? Чи бид хоёр, амьсгаа сэхээ авах зайгүй зугтаан давхисаар хоёр долоо хонож байна. Чи шархны халуун тусаж, дандаа дэмий донгосон, дэмийрч, одоо л сая нэг амар жимэр унтсан шиг боллоо. Өөрөө өөртөө гай татах гэж байгаагүй бол чи минь дуугүй бай! Тарас, юу болсноо санаж олох гэж мэрийсээр, үгүй намайг барьж аваад, ляхууд тал талаас бүсэлж орхисон биш билүү? Тэдний дундаас ер миний шувтлан гарах аргагүй болсон биш билүү? гэхэд нь дүрсгүй хүүхдийг асрах хүн, тэсэж ядахдаа зандрах адил, Товкач уурсан зандарч, дуугүй бай гэм, золигийн хархүү! Яаж мултарч гарснаа мэдээд мэдээд, чамд ямар нэмэр болох юм бэ? Гарвал барав биш үү? Чамайг дайсны гарт оруулахгүй хүн олдсон гэж мэдвэл л болоо юм биш үү? Чи бид хоёр бас нэлээд олон хоног давхих учиртай шүү. Чамайг дайсан, энгийн хасаг эртэй адил үзсэн гэж бодож байгаа юм биш биз, чи тийм биш шүү. Чиний толгойг хүргэж ирсэн хүнд хоёр мянган алтан зоосны шантай гэж зарласан билээ гэтэл, Тарас гэнэт, өндийх гэж оролдон Остап хаа билээ? гэж хашхиран, Остапыг харсаар байтал бариулаад хүлүүлснээ санаад ляхын гарт хэдийнээ байгааг нь бодож олмогц, уй гашуу цээж дүүрэн бөглөж, хамаг шархны боолт ховх татан хаялаад, өндөр дуугаар юм хэлэх гэтэл, дахин халуун хөдөлж, дэмий донгосон, учир утга үгүй, ухаан сэхээгүй үг чалчив. Журамт нөхөр нь гомдон гутах хатуу үг тоогүй хэлсээр, өмнө нь зогсож эцэст нь Тарасын гар хөлийг шүүрч бариад, бага хүүхэд манцуйлах мэт боож шархны боолт бүгдийг дахин засаад, үхрийн ширээр ороон чиг барьж хүлээд, мориндоо ачаад дахин довтолж, чамайг үхэвч биеийг чинь нутаг усанд нь хүргэж өгнө. Лях дайсанд мууг чинь үзүүлж үе мөчөөр чинь тас татуулж хар усанд хаяулахгүй. Чиний нүдийг ухдаг юм болбол, польш газраас ирдэг лях бүргэдээр ухуулахгүй. Ухвал манай хээр талын бүргэд ухаг. Чамайг, амь тавьсан ч Украиндаа хүргэж өгнө гэж өдөр шөнөгүй давхисаар ухаан мэдээ алдсан Тарасыг Запорожийн Сечид хүргэж ирэв. Тэгээд эмт өвсөөр эмнэж жин тавьсаар, бас нэг чадамгай жүүд домч эмээр аргадуулсан нь сарын турш янз бүрийн эм дом уулгаж эмнэсээр Тарасын бие баахан илаарь болов. Эм дом тус болов уу, бие сайнтайгаас болов уу, бүтэн хагас сар болоход хөл дээрээ босож шарх нь аниад, гагцхүү сэлмийн сорви нь өвгөн хасгийн ихэд шархтсаныг үзүүлэх ажгуу. Бие илаарьшивч Тарасын зан байдал илт өөр болж уйтгартай гунигтай хүн болов. Гурван их үрчлээ, магнайд зурайн гараад арилахгүй тогтжээ. Орчин тойрныг үзвэл Сечид цөм шинэ хүн болж хуучин нөхөд бүгд үхчихсэн ажээ. Үнэн хэрэг, шашин төр, ах дүүгийн ёсыг эрхэмлэн зүтгэгчдээс нэг ч хүн үлдсэнгүй. Бүх цэргийн жанжинтай тэр нэгэн өдөр, их цэргээс хагаслан тасарч, татаарын хойноос хөөцөлдөн явагсад ч хэдийн амь хохирч, зарим нь эр баатрын үхлээр дайнд унав, зарим нь Крымын цайдамд өл алдаж цанган үхжээ. Зарим нь олзлогдоод, ичих гутахыг тэсэж чадалгүй үхэж, бүх цэргийн өвгөн жанжин ч хэдийн амь үрэгдэж хуучин нөхдөөс нэг ч хүн үлдсэнгүй, урьд бужигнаж байсан хасаг эрийн хүчин чадал нь адилтгавал аль хэдийн орхигдож өвс шарилжид дарагдсан эзгүй бууц мэт болов. Тарас, зүйрлэвэл, урьд шуугиантай их найр хурим болж, хамаг ваар савыг хага няц цохицгоон, дусал ч сархад үлдсэнгүй, зочид сөнч зарц нар нарийн нандин хундага цөмийг хулган авч үгүй хийгээд, найр хийсэн гэрийн эзэн, дэмий ч тэр найр хурим хийж балрав уу даа гэж мансууран зогсох мэт болжээ. Тарасын сэтгэлийг сэргээх гэж түмэн зүйлийн арга хэрэглээд мохов. Өвгөн буурал сахалт хуурчин хоёр гурваараа ирж, түүний хасаг эрийн баатар явдлыг магтан хуурдавч, огт ажиггүй хүйтэн царайлж, гагцхүү дарагдашгүй гунил, хөдөлшгүй зүс царайд нь мэдэгдсэн хүү минь Остап минь! гэж толгойгоо доош даран нам дуугаар өгүүлэх ажгуу.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Тарас Бульба - Монгол хэл - 8
  • Büleklär
  • Тарас Бульба - Монгол хэл - 1
    Süzlärneñ gomumi sanı 4438
    Unikal süzlärneñ gomumi sanı 2192
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 2
    Süzlärneñ gomumi sanı 4542
    Unikal süzlärneñ gomumi sanı 2137
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 3
    Süzlärneñ gomumi sanı 4609
    Unikal süzlärneñ gomumi sanı 2029
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 4
    Süzlärneñ gomumi sanı 4258
    Unikal süzlärneñ gomumi sanı 1986
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 5
    Süzlärneñ gomumi sanı 4580
    Unikal süzlärneñ gomumi sanı 1958
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 6
    Süzlärneñ gomumi sanı 4460
    Unikal süzlärneñ gomumi sanı 2060
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 7
    Süzlärneñ gomumi sanı 4266
    Unikal süzlärneñ gomumi sanı 2092
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 8
    Süzlärneñ gomumi sanı 4665
    Unikal süzlärneñ gomumi sanı 2080
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 9
    Süzlärneñ gomumi sanı 2881
    Unikal süzlärneñ gomumi sanı 1714
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.