Latin

Тарас Бульба - Монгол хэл - 6

Süzlärneñ gomumi sanı 4460
Unikal süzlärneñ gomumi sanı 2060
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Идэр залуу сайн эр, Копитан гэдэг хасаг, польш цэргийн бас нэг их баатар эртэй тулалдан, удтал байлдаад гардан ноцолдож дайснаа дийлж, хурц турк хутгаар хэнхдэг рүү нь чичтэл, анасангүй чамархайгаа бууны халуун суманд чивхийтэл цохиулан ойчиж үхжээ. Копитаныг Польш ноёны эрхэм язгуурт, эртний вангуудын овогт цэвэр үзэмжит баатар сайн эр буудан унагаажээ. Тэр баатар эр ганган улаан мориороо давхиж, тоорой мод шиг найгалзан баатар буярын ид чадал үзүүлж, хоёр запорож хүнийг өрөөл өрөөл болгон тас цавчаад, Федор Корж гэдэг хасаг сайн эрийг морьтой нь унагааж, морийг нь буудаж, эзний нь морины нь цаанаас жадалж, олон хүний толгой гарыг тасар тасар цавчин, Копитаныг чамархайгаар нь буудан унагаасанд, Незамайкийн хүрээний атаман Кукубенко энэ хүнтэй л би эр чадлаа үзэх юм сан гэж хашхираад морио довтолгон тэр сайн эрийн араас дайран орохдоо ойр хавьд байсан бүгдийг цочтол нэг их муухай хашхиран дайрсанд тэр Лях морио гэнэтэд эргүүлж өөдөөс нь дайрах гэтэл морь нь Кукубенкийн хашхирснаас бусган үргэж, халив үсрээд Кукубенко хойно нь буудаж хоёр далын дундуур нь халуун сум шигтгэсэнд Лях эр мориноос ойчивч бас л тулах санаатай боловч гар нь сэлмээ даахаа байж, Кукубенко хүнд мэсээ хоёр гараараа өргөж зэвхийрсэн уруул ам руу нь цавчин, дун цагаан хоёр шүдийг булга цавчин, хэлийг нь хоёр анги тас цохиод, аман хүзүүг нь хага цавчиж мэсээ газар шаатал дайснаа үүрд хөсөр хэвтэх хүүр болгов.
Эрхэм тайжийн цус нь голын эрэг дээр ургасан бүрэлгэнийн жимс шиг улаан цус нь өөдөө год хийж олгойдоод, алтан хатгамал шар дээлийг нь будаж орхив. Кукубенко хэдийн тэр дайснаа орхиод незамайкийнхантайгаа бас нэг овооролдсон олны зүг шурган орлоо.
— Ийм сайхан хувцас хунар орхих гэж дээ! гээд Уманы хүрээ цэргийн атаман Бородаты, Кукубенкийн алсан тайжийн хэвтэж байсан газар нөхдөөсөө тасарч ойртоод, би долоон тайжийг алаад, ийм гоё хувцастай хүнийг үзээгүй билээ гэж Бородаты олзонд шунаад үнэ ихтэй өмч хувцсыг нь авах гэж бөхийгөөд, эрдэнийн чулуу шигтгэсэн хуйтай турк хутгыг нь авч алтан зоостой хэтэвчийг нь бүснээс нь тайлж, дурсгал болгон хадгалж явсан хүүхэн хүний үстэй, цалин мөнгөтэй, нарийн хувцастай уут зүүж явсныг мултлан аваад, Бородаты хоёр удаа мориноос ховх цохиулж нэлээд сайн шарх тэмдгийн дурсгалтай болсон өнөөх улаан хамартай тугч ноёныг араасаа дайран орохыг мэдсэнгүй, тэр самбаанд нь өнөөх тугч ноён далайхын ихээр далайж, Бородатын бөхийсөн хүзүү дээр сэлмээ буулгаж, эдэд шунасан хасаг эрийн чийрэг толгой нь үсрэн ойчоод, толгойгүй хүүр нь орчин газар цусаар шүршин унаж, хасаг тэр эрийн сүнс нь ийм чийрэг биеэс ингэж зуурд хагацах гэж дээ гэж хилэгнэн гомдсоор дээшээ өндрийн зүг дэгджээ. Өнөөх тугч ноён тэр атаманы сэвлэгт толгойг шүүрэн авч мулцаглан ганзагалах гэж завдтал өшөө авагч сүрхий эр айсуй хүрч ирлээ.
Огторгуйд халин нисэгч харцага шувуу, хүч ихт жигүүрээ дэвж, хэд хэд илэн халин эргээд гэнэтэд, өлгөөстэй юм шиг нэг газар тогтон зогсоод, замын хажууд дуугарч байгаа эр Бүднээ шувууг сум шиг харван шаадагтай адил Тарасын хүү Остап тэр тугч ноёныг гэнэтэд дайран довтолж бугуйлдаад, хүзүүгээ боомилуулсан тугч ноёны хүрэн улаан царай нь улам улаан болж гар буугаа яаран шүүртэл, гар нь таталдаж буугаа чиглүүлж чадсангүй, дэмий л цагаан талын зүг бууджээ. Остап тэр тугч ноёны эмээлийн ганзаганаас олзолсон хүний гар хүлэх гэж авч явдаг мяндсан хүлээг тайлж аваад, гар хөлийг нь хүлээд, хүлгийн үзүүрийг эмээлдээ торгож Уманы хүрээний цэргийг, Атаман даргынхаа нас барсанд ёслол гүйцэтгэ гэж өндөр дуугаар хашхиран зарласаар тугч ноёныг чирэн давхижээ. Уманынхан, хүрээнийхээ Атаман, Бородатыг үгүй болж гэж сонсмогц, байлдахыг байж ясыг нь авах гэж давхилдан хүрч ирээд хэнийг хүрээний Атаман болгох билээ гэж хэлэлцэж, ер нь зөвшилдөн хэлэлцээд ч юу гэх бэ. Бульбагийн Остапыг л Атаман болговол зохих биз ээ. Насаар тэр хүн бага дүүмэд боловч, ухаан санаа нь өвгөн настай хүн шиг хашир мэргэн билээ гэж тогтов.
Остап, малгайгаа аваад хасаг нөхдөдөө ёс хийж тал өгөөд, дайн хийж байгаа цагаар биеэ нас бага хашир үзээгүй гэж нурших цаг бус тул дайсны бөөгнөрсөн газар шууд нөхдөө удирдан оруулж атаман дарга болгож сонгосон нь алдаагүй болсныг агшин зуур үзүүллээ. Ляхууд хэрэг горьгүй боллоо гэж мэдээд, ухран зайлж, өөр газар цуглан овооролдсонд намхан хурандаа, хэрмийн хаалганы тушаа зэхээстэй зогсож байсан дөрвөн зуун цэргийн зүг гар занган дохилоо. Тэр цэрэг, үхэр бууны хоргол сумаар хасаг цэргийн овоорсон газар буудаж, гагцхүү тусаж оносон нь төдий л олонгүй. Харин, дайн болж байгааг нүд бүлтийн харж байсан, хасаг шарыг туссанд олон шар цочин мөөрч, хасгийн хашааг дайран ороод, хашаа тэрэг эвдэж, олон хүнийг гишгэлэн сүйдлэв. Тэр завсар, далд газар бүгж байсан Тарас Бульба хороо цэргээ дагуулан уухай хийж, үхрийн өөдөөс сүртэй дайран орж галзууран догширсон олон шар, тэр их уухай хийж дайран орсон хасаг цэргийн сүртэй дуунаас айж, гэдрэгээ эргээд лях цэргийг дайран, морьтой цэргийг гишгэлэн сүйдэлж, дайсны цэрэг бүгдийг үймүүлэн сандрааж сүйд хийв.
— Ээ, болж болж! Эзний алба хааж байсан шар маань, одоо цэргийн албан хааж, их тус боллоо гэж запорожийнхан зориг орж хашхиран дайраад, их л олон дайсныг хядан алав. Метелиця, Шило хоёр Писаренко, Вовтузенко зэрэг олон хүн, эр чадлаа гаргав. Ляхууд, хэрэг биш болов гэж сандраад, хиур далбаагаа яаран дэлгэж хэрмийн хаалга нээ! гэж хашхиралдав.
Төмөр бүрээстэй их хаалга хяхнан нээгдэж, тэнхээ тамир тасарсан, тоос товрог болсон морьтон цэрэг, хотондоо орж байгаа хонь шиг хэрмийн хаалгаар бужигнан орж эхлэв. Зарим Запорожийнхон тэдний хойноос гэзэг даран орохыг завдаад, Остап, өөрийнхөө Уманыхныг, ноён ах дүү нар, тэр хэрмээс холдож үз, холдож үз гэж зугтаж билээ. Тэгдэг нь их л зөв байжээ. Өнөөх хэрэм дээрээс их бага буугаар сүрхий буудаж олон хүн хохирч билээ. Тэр завсар жанжин хүрч ирээд, Остапыг магтаж, шинэ атаман боловч, цэргээ удирдах нь, хуучин хашир атаман шиг ажээ гэж магтав.
Өвгөн Тарас, ямар шинэ атаманыг хэлж байна гэж эргэж хараад Уманыхны өмнө атаманы бялуу гартаа бариад, малгайгаа зулай дээрээ хазгай тавиад, морин дээрээ сүртэй үзэгдэж байгааг нь хараад Хараач! гэж их л баярлаад, хүүгээ ингэж хүндэтгэн өргөмжилсөнд Уманыханд баяр хүргэв.
Хасаг цэрэг дахин ухраад ачаа байрандаа очих гэж байтал нь хувцас нөмрөг урагдсан ляхууд, дахин хотын далан дээр гарч ирээд, гоё гоё дээлтүүдийн үнэтэй гоё дээл нь цус бялхаж, сайхан зэс малгай нь тоос дарагдсан байдалтай үзэгдэв.
— За, биднийг хүлж орхино гэсэн чинь аль бэ? гэж доороос нь Запорожийнхан хашхиралдав.
— Та нарыг даа! гэж өнөөх бүдүүн хурандаа дээрээс нь олсоо үзүүлж, эцэж тоос товрог болсон цэрэг бие биеэ занан хараасаар, хоёр талаас үгэнд хурц нэг нь бие биеэ дайран авалцаад, цөмөөрөө тарцгааж, зарим нь байлдаанд ядраад, түр амсхийж, зарим нь шархандаа шороо хийж, алсан дайсны үнэтэй хувцас алчуурыг шархаа боох нь цуу татаж байлаа. Тэнхлүүн нэг нь дайнд унасан цэргийн хүүрийг оршуулах ёслол гүйцэтгэх гэж, жад сэлмээ нүх ухах, малгай хормойндоо ухсан шороо хийж нүхнээс гараад, хасаг эрчүүдийн ясыг хүндэтгэн оршуулж, махчин бүргэд хэрээнд нүдийг нь ухуулахгүй гэж, нойтон шороогоор булж дараад, лях хүүрийг эмнэг адууны сүүлд хамаа намаагүй уяад, цагаан талаар хөөж, удтал ташуурдан давхиулахад, догшин морь эхлэн донхол, гуу жалга, усан татуур дундуур давхицгаан, цус шороо болсон лях хүүр газар цохилон чирэгдэв.
Тэгээд, хасаг цэрэг, хүрээ хүрээгээр оройн хоол идэх гэж хүрээлэн сууцгаагаад, хойч үеийн хүн, явуул хайгуулын хэлэлцэх домог болох тулаан байлдааныхаа явдлыг удтал ярьцгааж, их л орой болтол унтсангүй. Өвгөн Тарас, тэдний дунд бодлого болсоор дайсан цэргийн дунд Андрий үзэгдсэнгүйн учир юу билээ гэж унтахыг мартан бодож, урвасан тэр Юда, өөрийнхөө цэргийн өөдөөс гарах зүрх хүрсэнгүй юу, эсвэл тэр жүүд, худал хэлж, Андрий дайсанд баригдсан бол уу гэж гайхан бодтолоо Андрийг эм хүний үгэнд их л оромтгойг бодож олоод гашуудан гасалж, хүүг нь эрхэндээ оруулсан тэр польш хүүхнийг их л өшин занав.
Тэр өшөөгөө авч, гоё сайхны нь ч харахгүй, өтгөн сайхан гэзэгнээс нь үсдэн чирээд, хасаг цэргийн дундуур цагаан талаар чирэх юм сан. Өндөр уулын оргил дахь хайлдаггүй цастай зүйрлэмээр сайхан хөх мөрий нь газар чирсээр цус нөж, шороо тоос болгох юм сан. Хонгор сайхан биеийг нь үе мөчөөр салгаж орхих юм сан гэж тэр хүүхнийг хэдий хорсовч, маргаашийн өдөр чухам юу болох заяатай байгаагаа мэдэхгүй учраас Бульбагийн нойр хүрсээр унтжээ. Хасаг цэрэг, хоорондоо ярь ярьсаар архи дарс амсдаггүй харуулын цэрэг, галын дэргэд шөнийн тууш нүд анилгүй манаанд зогсжээ.


VIII


Нар, тэнгэрийн дундад хүрээгүй байтал, бүх Запорожийнхан, хүрээ, хүрээгээр хүрээлэн цуглаж, Сечээс хасаг цэргийн эзгүй хойгуур татар дайран орж харайсан барайсан бүгдийг талан тоноод, хасаг цэргийн далд газар нууж хадгалсан сан хөмрөгийг малтаж аваад Сейчид байсан бүгдийг алахыг нь алж, олзлохыг нь олзлоод, бүх сүрэг малыг нь талан тууж Перекопын зүг чиглэсэн мэдээ хүрч ирсэн байжээ. Тэр олзлогдсон олны дотроос ганц Максим Голодуха гэдэг хасаг замдаа татаарын гараас амь золбин гарч, татаарын Мирза ноёныг хутгалж алаад, алтан цехин зоостой уутыг нь аваад татар морь унаж, татар хувцас өмсөөд хоёр шөнө бүтэн хагас өдөр зугтаж, морио түгшиж үхэхэд замдаа бас нэг морь юүлж, тэр морио түгшиж үхэхэд, бас нэг морь олж унаад, Запорожийнхныг Дубно хотын дэргэд байгаа сураг олж тэр гуравдугаар мориороо Запорожийнхны буудал дээр хүрч ирсэн байжээ. Их аюул тохиолдсоноо хэлээд, ямар учраас тийм гай болсон билээ. Үлдсэн Запорожийнхан хасаг заншлаараа архи ууж согтуураад, шал согтуугаар баригдав уу, цэргийн сан хөмрөгийг нууж булсан газрыг татаарууд яаж олж мэдэв гэдэг учрыг огт хэлж чадсангүй, замдаа их л агсагдан ядарч, хамаг бие нь хавагнаад, нар салхинд нүүр нь гандаад, тэр дороо ойчоод бөх гэгчээр унтчихаж билээ. Запорожийнхан, тийм хэрэг тохиолдоход олзлогдсон хүмүүс бага Азийн зах зээл, Смирна хот, Крит арлын зэрэг хүн амьтны санаа оноонд ороогүй газар, сэвлэгтэй Запорожийнхны толгой нь үзэгдэж болох тул, дайран уулгалсан дайсны хойноос ам тосож, нөхдөө салгах гэж тэр дороо хөөцөлдөн давхидаг зантай байж билээ. Тэр учраас бүх Запорожийнхан цуглаж, ах ихсийн сургаал, атаман дарга нарын тушаал сонсох гэж цугларсангүй, эрх тэгш зөвлөн тогтох гэж цугласан тул нэгд нэгэнгүй цөмөөрөө малгайгаа өмсөцгөөн иржээ. Ах ихэс маань санал зөвлөгөөнөө гарга! гэж олны дотроос хашхиралдан, жанжин, санал зөвлөгөөнөө хэл гэж шаардав.
italki
Жанжин нь малгайгаа аваад, жанжны хувиар биш, нөхрийн хувиар олны зүг хандаж, намайг хүндэтгэж миний санал зөвлөгөөн сонсохыг хүссэнд баярлав гэж хасгуудад тал өгөөд, өгүүлрүүн:
— Бидний дунд нас ахмад мэргэн цэцэн хүн олон боловч та бүхэн намайг ингэж хүндэтгэн сонсохыг хүсвэл, миний саналаар болохул, нөхөд минь цаг өнгөрүүлэлгүй татаарын хойноос нэхэх хэрэгтэй. Та нар татаарын занг андахгүй шүү дээ. Манай, хүрч ирэхийг татаарууд хэрхэвч хүлээхгүй, бараа туруугүй болж орхино шүүдээ. Миний санал гэвэл, хөдөлж үзье. Энд бид чадлаа үзүүлж, ляхуудад хасаг эрийн эрэлхгийг голд нь ортол мэдүүлсэн шүү. Шашныхаа төлөө өшөөгөө бид чадах чинээгээрээ авлаа. Энэ хоосон хот сахиад суусны нэмэр одоо бага болжээ. Миний саналаар бол одоо мордъё гэж хэлэхэд нь,
— Одоо мордъё гэж Запорожийн олон хүрээний цэрэг шуугилдан дуугарлаа. Тэр үг, Тарас Бульбагийн сэтгэлд тун нийлэмжгүй санагдаж, умрын жигүүн цан болсон оройтой, Уулын магнайд ургасан сөөг мэт хар буурал хутгалдсан өтгөн хөмсгөө атируулан:
— Жанжны санал арай буруу болов уу? ингэж хэлэмгүй цаг биш үү! Ляхуудын гарт олзлогдсон манай нөхөд энд хоцрох гэж байгааг жанжин мартаж орхив уу даа. Нөхөрлөлийн эрхэм ариун ёсыг тэвчээд, ах дүү нараа амьдаар арьсаа өвчүүлбэл өвчүүлэг. Украин дахь шилдэг орос баатар эрс болон, Гетман сайдын мууг нь үзсэнтэй адил, манай хасгуудын биеийг үе мөчөөр нь салгаад, хот тосгоноор үзүүлж яваг гэж байгаа юм уу та? Манай дайсан, бидний эрхэмлэдэг шүтээнийг дарлан доромжилсон нь багадав гэж үзэж байна уу? Би, та бүхнээс асууя. Ер нь бид юу болж байна аа? Нөхрөө харь газар үхвэл үхэг гэж нохой шиг хаяж орхидог тийм хасаг хүн байж болдог юм уу, хэрэв буурал сахал руугаа нулимуулаад, дайрах муу үгээр хэлүүлээд, хасаг нэрээ огт бодохоо байсан юм бол, би тийм хүн биш. Ганцаараа ч гэсэн, би үлдэнэ гэхэд нь зогсож байсан олон запорож нарын сэтгэл хөдөллөө. Жанжин тэхэд өгүүлрүүн:
— Баатар хурандаа, чи татаарын гарт бас л манай нөхөд ороод байгааг мартав уу? Тэднийг одоохон салгаж авдаггүй болбол, тэднийг маань нэг насаар нь буруу номтны боол болгон худалдаж хохируулахад хүргээд, тэр нь үхлийн муугаар тарчилган тамлаж үхүүлснээс дор болох гэдгийг та мартав уу? Христосын шашинтан биднийг цусаа урсгаж олсон эд, өлөг, сан хөмрөгийг одоо дайсны гарт ороод байгааг мартаж орхив уу? гэхэд нь олон хасаг, цөм бодлого болж, хэлэх үгээ олж ядлаа. Нөхрийн журмыг эвдсэн муу нэртэй болохыг тэдний хэн нь ч хүсэхгүй байв. Тэгж байтал, олны дундаас бүх Запорожийн цэрэг эрийн хамгийн нас ихтэй Касьян Бовдюг урагш давшин гарлаа.
Тэр хүн, хасаг бүхэнд хүндтээгийн дээр, хоёр удаа ч жанжинд сонгогдож дайнд баатар эр байжээ. Гагцхүү нас дээр гарч, аян дайнд явахаа байгаад, хүнд үг заах зөвлөх дургүй болж, урьдын явдал, хасаг цэргийн аян дайн хийснийг ярих сонин үг хасаг цэргийн хүрээнд хэлэлцэхийг сонсож хэвтэх дуртай хүн болж билээ.
Тэхдээ, хүний үгэнд хөндлөнгөөс үймүүлэн хутгалддаггүй, чих тавин сонсоод амнаасаа салгадаггүй богино гансныхаа үнсийг хуруугаараа дарж нүдээ аньсхийгээд сууж байхад нь унтаж байгаа, сонсож байгаа аль нь ч мэдэгддэггүй тийм зантай хүн байжээ. Аян дайнд олны явахад гэрээ сахин суудаг боловч, тэр нэгэн удаа өвгөний сэтгэл хөдөлж, хасаг ёсоор гараа зангаад, за яавал ч яаг! Би ч гэсэн нэг яваад үзье. Хэн мэдэх вэ. Хасаг цэрэгт миний бие мөн нэг тус нэмэр болж магадгүй гэж мордсон хүн байжээ. Тэр өвгөний үг хэлж байхыг ер хэдийн сонсоогүй хасгууд хурлын өмнө давшин гарч ирэхэд нь чимээгээ нам болгож, Бовдюг маань юу хэлэх нь бол? гэж чихээ тавьжээ.
— Ноён дүү нар минь, одоо миний үг хэлэх ээлж ирж дээ гэж тэр өвгөн үгээ эхлээд, өвгөн намайг хүүхэд минь сонсоно уу? Жанжны үг мэргэн зөв байна. Бүх хасаг цэргийн толгой нь болсон хүний хувиар, цэргийнхээ хойноос санаа сэтгэл тавьж, цэргийн санг бодох хүний хувьд, саяын хэлснээс илүү мэргэн юу хэлэх вэ?
За миний хэлэх үг энэ билээ. Одоо миний хэлэх бас нэг үгийг сонсоно уу? Тэр хэлэх үг минь юу билээ? гэвэл, Тарас хурандаа ч мэргэн зүйтэй үг хэллээ. Бурхан тэнгэр өршөөж, нас нь урт болог. Украинд маань ийм хурандаа олон болох болог. Нөхрийн журмыг эрхэм болгох нь хасаг хүний хамгийн эрхэм ёс, хамгийн тэргүүний нэр төрийн хэрэг. Би одоо хүртэл наслахдаа, ноён дүү нар минь, ер, хасаг хүнийг нөхрөө хаясан юм уу худалдсан гэж сонсоогүй билээ.
Энд дайсны гарт байгаа нөхөд, тэнд дайсны гарт орсон нөхдийн аль аль нь ч та бидний нөхөд мөн шүү дээ. Бүгдээрээ бидний хайртан шүү дээ. Ингэхэд, би юу хэлэх гэж байгаа юм бэ? гэвэл татарт автагдсан нөхдөө хайрлах нь татаарын хойноос явбал яана? Ляхын гарт озлогдсон нөхдөө хайрлаад үнэн зөв хэргээ дутуу зуурам хаяхгүй гэж бодсон нэг нь эндээ үлдвэл яана даа? Манай жанжин маань, үүргийн ёсоор, явах цэргийн хамт, татаарын хойноос мордоод, энд үлдэх цэрэг нь өөртөө захирах атаман сонговол ямар байна. Үүнд, цал буурал намайгаа сонгоё гэвэл, миний л санахад Тарас Бульбаг л захирах Атаман болговол түмэн зүйтэй байна даа. Бидний түмэн эр чадлаар түүнийг гүйцэх хүнгүй шүү дээ гэж хэлээд, өвгөн Бовдюгийн чимээгүй болоход, олон хасаг цэрэг цөм өвгөний ухаан заасанд баярлаж, малгайгаа дээш нь өргөцгөөн, өвгөн аавын ачтай үг мэргэн сайхан байна! Дуугүй байж байж, нэг үг хэлэхэд айхавтар мэргэн ухаантай хэлж дээ. Энэ аянд мордохдоо би ч гэсэн, хасаг цэрэгтээ тус болох магадгүй гэж их л учиртай үг хэлж мордсон байжээ, өвгөн маань хэмээн олон бүгдээрээ бахдан хашхиралдав.
— За, бүгдээрээ энэ саналыг зөвшөөрөх үү? гэж жанжны асуухад, хасгууд:
— Бүгдээрээ зөвшөөрнө өө, зөвшөөрнө! гэж хашхиралдав.
— Тэгвэл, манай энэ хурал зөвлөгөөн тарах нь зүйтэй шив дээ? гэхэд,
— Зүйтэй зүйтэй! гэж хасгийн хашхиралдахад, жанжин өгүүлрүүн.
— За, хүүхээд, одоо цэргийн цааз сонс гээд урагш давшин малгайгаа өмсөхөд нь олон Запорожийнхан бүгд ах хүний үг сургаал хэлэхэд хүндэтгэдэг ёсоор, малгайгаа авч, дорогш харж зогсов.
— За, ноён ах дүү нар! Татаарын хойноос мордох хүн баруун тийшээ, эндээ хоцрох гэсэн хүн зүүн тийшээ ялгар. Хүрээ цэргийн олонхыг Атаман дарга нь дагаж яваг. Цөөнх нь нэг талд орвол, олон хүрээнд хуваагдан нийл гэж жанжны тушаахад нь амьтан зүүн баруун тийшээ бужигнаж, хүрээ цэргийн ихэнхийн орсон талд нь хүрээний Атаман дарга дагалдан орж, цөөн хүн нэг талд орвол, олон хүрээгээр хуваагдан тарж, эцэс сүүлдээ явах хоцрох хоёр талын цэрэг бараг адил шахам болж, үлдэх цэрэг нь гэвэл, Незамайкийн хүрээ тэр чигээрээ, мөн Уманы хүрээ тэр чигээрээ, Каневын хүрээ тэр чигээрээ Стебликивийн хүрээний их дундуур нь, мөн Тымашев хүрээний их дундуур нь үлдээд, бусад нь цөм татаарын хойноос мордох болов.
Ингэж хоёр анги салсан цэргийн аль аль ч талд нь чийрэг баатар хасаг цэрэг олон байв. Татаарын хойноос явах гэж зорьсон цэргийн дунд Череватый, бас Пакотыполе гэдэг өвгөн сайн эр хасаг Лемиш, Прокопович Хома, бас нэг газар удаан тогтож чаддаггүй, Лях гэдэг польш нартай нэг үзэлцээд, одоо татартай үзэлцэнэ гэж Демид Попович мөн явах цэргийн талд оржээ. Хүрээний атаман дарга нараас Ностюган, Покрыка, Невылычкийн зэрэг эрэмгий зоригтон хасаг эрчүүд татартай, эр чадал, илд мэсээр үзэлцээд авах гэж зорьжээ. Үлдэх цэргийн дунд ч бас сүрхий сүрхий сайчуул олон байгаа нь хүрээний атаман дарга Демытрович, Кукубенко, Вертихвыст, Балабан, Бульбенко Остап үлдэж, бас нэртэй бяртай хасгаас Вовтузенко, Черевыченко, Стапан Гуска, Охрам Гуска, Мычола Чусты, Задорожно, Метелиця, Иван Зачрутыгуба, Мосий Шило, Диогтяренко, Сыдоренко, Писаренко, бас нэг Пысаренко, бас нэг Пысаренко зэрэг олон сайн хасаг эр үлджээ.
Цөм, юм үзсэн, урт жолоотой улс, Анатолийн эрэг хавиар ч явж үзсэн, Крымийн цайдам талаар ч явж үзсэн, мөн Днепр мөрөнд цутган ордог их бага гол горхи, Днеприйн арал татуур бүгдээр явж, Молдав, Волга, Турк газраар ч аян дайн хийж, Хар тэнгист хоёр залуурт хасаг завиар ч яваагүй газаргүй, эд ихтэй, өндөр гэгчийн хөлөг онгоцыг ч тавин завь эгнэн зэрэгцэж дайран байлдаж, Туркийн их олон галер онгоц живүүлж, нэлээд ч их дарийг пур хийтэл утаа болгож үзсэн улс байжээ. Чархи гутлын татлага болгож, үнэтэй нандин хилэн торго цуу татаж, өмдний өлгөсөн хуухнаг хэтэвчээ алт, цехин зоосоор дүүргэж явсан улс ажээ. Ондоо хүний нэг насандаа эдэлж барахгүй буяныг, идэж уусаар үрэн таран үгүй хийснийг тоочивч баршгүй. Хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж, найрлан цэнгэг гэж хөгжимчнийг хөлслөн, харсан хүнээ зочлон найрласаар, байдаг бүхнээ хасаг эрийн ёсоор үрж дууссан улсууд байжээ.
Тэгэвч, татар уулгалан дайруузай гэж Днеприйн арлаар энд тэнд хулс зэгсний ёроолд хундага, мөнгөн шанаа бугуйвч булж дараагүй хүн ховорхон байсан байх. Тэгэвч эзэн нь тэр булж нуусан газраа мартаж байхад, хөндлөнгийн татар хүн олж авна гэдэг нь чухаг биз дээ. Журмын нөхөд хийгээд христосын шашны төлөө лях, польш нараас өшөөгөө авъя гэж хоцрохоор санаа шулуудсан хасаг иймэрхүү улс байжээ! Өвгөн Бовдюг хасаг, одоо миний нас болбол, татаарын хойноос хөөцөлдөхөөс өнгөрчээ. Хасаг эрийн үхлээр яс тавья гэвэл энд мөн газар байна. Насан эцэс болох цагтаа христосын ёсны ариун үйлсийн төлөө дайнд насаа эцэс болгохын хутаг би хэдийн тэнгэрээс гуйдаг билээ. Тэр хүсэл минь бүтэв.
Өвгөн хасаг эр надад, өөр газар үүнтэй адил сайнаар үхэх завшаан олдохгүй гэж хэлжээ.
Олон цэрэг ялгарч, цөм хоёр тийш салаад, хүрээ хүрээгээр хоёр эгнээ жагссан хойно, жанжин, тэр цэргийн жагсаал дундуур өнгөрөн гарч:
— За ноён ах нар, та нар аль аль талдаа харилцан сэтгэл ханалтай юу? гэж асуужээ.
— Сэтгэл ханалтай гэж хариулахад нь,
— За, тийм байвал үнсэлд хагацах ёс хийцгээ. Дахиж улаан нүүрээ үзэх эсэхийг тэнгэр мэдэх хэрэг. Атаман даргынхаа тушаалыг дагаж, хийвэл зохих юм хийдэг ёсоор хийж яваарай. Хасаг эрийн ёсыг та нар хэлэлтгүй мэдэх улс шүү дээ гэхэд нь булт хасаг үнсэлдэв. Урьдаар, атаман дарга нар эхэлж, буурал сахлаа шувтраад, хацар духаа үнсэлцээд гар гараа барилцан за, ноён ах дүү минь, дахин бид уулздаг билүү, үгүй билүү? гэж асуух гээд амнаас нь тэр үг гарч өгсөнгүй, буурал толгойтнууд дуугүй бодлого болцгоов. Явах үлдэх аль алинд ч хийх ажил маш их гэж, хасаг эрчүүд цөм салах ёс хийвч, хасаг цэргийн тоо хорогдсоныг, дайсанд мэдэгдэхгүй гэж одоо мордохгүй харанхуй бүрэнхий болгож байгаад хөдлөхөөр тогтов. Тэгээд хүрээ хүрээндээ өдрийн хоол идэх гэж тараад, явах цэрэг нь ийм эрх тааваараа сүүлчийн удаа нойрсон амарч байгаа юм билүү гэсэн шиг, удтал маш бөх унтаад, нар жаргахад сая босож, баахан бүрэнхий болмогц, тэрэгнийхээ гол тосолж ачаагаа урьдаар хөдөлгөөд, нөхөдтэйгөө дахин ёслоод ачааны хойноос аяархан хөдлөв. Явган цэргийн хойноос морьтой цэрэг, морио шавдан исгэрэх чимээ гаргахгүй, аяархан хөдөлж, төдхөн харанхуйд бараа туруугүй болов. Гагцхүү олон морины туурайн төвөргөөн бүдэг сонсогдож, харанхуй болоход сайн тосолж чадаагүй буюу, эргээгүй удсан дугуйн хааяа хяхнах чимээ сонстов. Мордсон цэргийн бараа туруугүй далд орсон хойно ч хоцорсон нөхөд, удтал гараа даллан үдээд, байр байрандаа буцаж, олон од түгсний гэрэлд үзэхэд өдий төдий нөхөд нь яваад өгч, ачаа тэрэгний нь хагас нь шахуу байхгүй болсонд, хүн бүр, санамсаргүй бодлого болж гунин, наргидаг толгойгоо бөхийлгөн гонсойжээ.
Тарас, хасаг цэргийн жагсаал, зориг шантрангуй болж, баатар эрийн сэтгэлд үл зохих гуниг, сэм төрж байгааг үзэвч, нөхдөөс хагацсандаа гуньхарсан тэр сэтгэлдээ ч дасаагүй нь юм бүхэнд цаг хэмжээ бий гэж дуугүй байсан боловч, дотроо чимээгүй тэд бүхнийг гэв гэнэт хасаг эрийн заншлаар гууглаж сэргээгээд, хүн бүрийг урьдахаас илүү л удмаа дагаж тэгж чаддаг нь бусад угсаатны дэргэд, урсгал муутай голын дэргэд, усны сан далай байгаа юм шиг билээ л. Их далай, цагийн түгшүүртэйд орхирон нижигнэж, уул шиг давлагаа долгилж байдгийг ус багатай чадал муутай гол, яахан гүйцэх ажээ. Салхигүй нам гүмд усны сан далай бол гол голоос тунгалаг тавиун бөгөөд нүдний хужир болсон хязгааргүй шил толь мандлаа тунгалаг мэлтгэнүүлэх ажээ.
Ачаан дунд, этгээд хөндий шүү байсан нэг тэрэг ачааг уудал гэж зарц нартаа тушаагаад, тэр ачаатай тэрэг нь бусад тэрэг, тэрэгнээс том бөх бөгөөд мундаг мөөр нь давхар төмөр ул татаастай, ачаа ихтэй, бүрээс сайтай үхрийн бөх ширээр сүрхий хучиж, давирхайтсан аргамжаар баглан хүлээстэй ачаа байжээ. Тэр ачаа тэргэнд, Тарасын зоориноо удтал хадгалж байсан хуучин сайн архи ботон ботонгоор2 ачсан нь чухал цаг үе тохиолдвол чухал урам зориг ортугай гэж хасаг эр бүрд нандин тэр архинаас уулгаж чухал их цагт, чухал их үйлст хэрэглэнэ гэж авч явсан байжээ. Олон зарц, тэр хурандаагийн тушаал сонсмогц, ачааны зүг ухасхийн бүх аргамжийг илдээр тас огтлон, зузаан гэгчийн шир нэмнээг хуу татан авч, ботон хавчиг савтай архийг тэрэгнээс яаран буулгав.
— За, та бүгд шанага савтай нэг нь саваа тос. Сав саальгүй нэг нь морио усалдаг ховоогоо тос. Бээлэй малгайтай нь бээлэй малгайгаа тос. Огт амсартай юмгүй нэг нь хоёр алгаа хавсран тос гэж Тарасын хэлэхэд олон хасаг эр шанага халбагатай нь шанага халбагаа, морь услах ховоотой нь ховоогоо, бээлийтэй нь бээлийгээ, малгайтай нь малгайгаа, ор юмгүй нэг нь хоёр алгаа хавсран тосоцгоосонд, Тарасын зарц нар, цэргийн жагсаал дундуур явж, хүн бүрд ботон хавчиг саваас архи хийж өгөв. Тарас олон хасаг эрийг, миний дохио өгөхөөс урьд битгий уу, нэгэн зэрэг ууна шүү гэж захиад нэг үг хэлэх санаатай байжээ. Хуучин сайн архи, хэдий чадал ихтэй бөгөөд хүний зоригийг хатан болгох эрдэмтэй боловч, зохистой үг нэмэн хэлж өгвөл, архины чадал улам нэмэгдэхийг андахгүй ажээ.
— За, ноён ах дүү нар минь, та бүхэндээ сархад өргөе! гээд Тарас, өгүүлрүүн, энэ бол намайг атаман болгосны ачийг хэдий их эрхэм боловч хариулж байгаа юм биш шүү. Нөхдөөсөө хагацсаны ёс ч хийж байгаа юм биш шүү. Тэр мэт зүйлийг жич цагт гүйцэтгэх ёстой, одоо тийм цаг арай биш. Их хүч хөлс гаргаж, хасаг эрийн гавьяа байгуулах цаг болоод байна. За, нөхөд минь, нэгэн зэрэг ууя. Буруу номтон бүгдээрээ христосын шашинтан болж, дэлхий дахинд ганц ариун шашин тунгалаг мандах тэр цаг ирэг гэж, арилсан христосын шашны төлөө юуны өмнө сархад дэвшүүлэн ууя. Бас Сечийгээ бүх буруу номтон тэрсүүдийн ерөндөг болж, өнө удаан мандан тогтоод, жил ирэх тутам, улам улам сайн эр гарч байг гэж ерөөн хамтатгая. Бас, урьдын нэгэн цагт нөхрийн журмыг эвдэж тэсрүүлэлгүй, нөхдөө дайсны гарт орхилгүй зорьсон улс байсан юм шүү гэж ач үрийн минь үр хүүхэд нь дурсаж байг гэж өөрсдийнхөө алдрын төлөө сархад дэвшүүлнэ. За, ноён ах дүү нар, шашин номынхоо төлөө сархдаа дэвшүүлье! гэхэд нь ойр хавьд нь зогсож байсан эрчүүд өтгөн дуугаар, шашин номынхоо төлөө! гэж дуугарч, алс хол зогссон нь шашин номынхоо төлөө! гэж өлгөж аваад, хөгшин залуугүй, цөм шашин номынхоо төлөө сархдаа дэвшүүлэн уув.
— Сечийихээ төлөө! гэж Тарасын гараа дээш нь өргөхөд, урдуур зогсоочин Сечийн төлөө! гэж өтгөн дуугаар өргөж аваад, өвгөн настнууд, буурал сахлаа хөдөлгөн, Сечийн төлөө! хэмээлцээд, залуус начин шонхор шиг гэдэсхийн, Сечийнхээ төлөө хэмээвэл талаар дүүрэн цуурайтаж, Сечээ дурдах олон хасаг эрийн цуурай дуурьсав.
— За, нөхөд минь, сүүлчийнхээ балга архийг алтан дэлхийд оршигч христосын шашинтны төлөө дэвшүүлье! гэхэд нь алтан дэлхийд оршигч христос шашинтан бүхний төлөө шавхартал архиа ууж, олон цэргийн жагсаал, хүрээ хүрээн дундуур, алтан дэлхийд оршигч бүх христосын шашинтны төлөө гэж удтал ерөөн ёсолж ууцгаав.
Сархад чилсэн боловч, хасаг цэрэг, гараа өргөцгөөн, удтал зогсож, сархдын чадлаар нүдэнд нь зориг баяр төрөвч, бодлого болон зогсжээ. Цэргийн олз ашиг олно. Азтай нэг нь алтан зоос, эрдэнийн мэс зэвсэг, хатгамал дээл, черкес хөлөг морь олно гэж үл бодон өөр бодол төрсөн нь алсаас харахад, эрэг дагуу хот балгас, дэлэнч ялаа овоорсон шиг үзэгдэн, ой мод, намхан өвс шиг харагдан, хааяа захаараа эргийн хөвөө зурсхийн үзэгдэнэ. Далбаа дарвуулт элдэв онгоц хөлөг, жигүүртэн шувуу шиг дүүрсэн уудам их далайг алслан харах, чулуурхаг өндөр их уулын оргил дээр бодлого болсон бүргэд шиг орчин тойрны тал газар, ирээдүйдээ хувь зохиолыг эргэнхэн харав.
Уудам тэр тал нь хасаг эр тэдний цусаар бялдаж, эвдэрхий ачаа тэрэг хугархай сэлэм жадаар дүүрч, хөндлөн гудас цагаан ясаар нь цайлзанхан харагдах болно бий. Нөж болсон мушгирсан сэвлэгтэй, унжсан сахалтай толгой нь, тал дүүрч, жигүүртэн бүргэд хасаг эрийн нүдийг ухах болюу. Уудам талаар дэлгэн дүүрч тэгж эцсийн хоног хийх нь бас ч их хэрэг ээ! Эрхэм журмын үйлс талаар өнгөрдөг ёсгүй. Хасаг эрийн алдар гавьяа нь бууны торхног дахь дарийн өчүүхэн хумхи шиг замхран алга болох ёсгүй! Хэнхдэгээ хүрсэн буурал сахалтай хуурч өвгөн буюу эр зориг чадал төгс боловч, цэл буурал толгойтой, оюун их билигтэй өвгөн хүн, тэдний алдрыг мандуулан, чадал ихт мэргэн үгээ хэлэхийн цаг бий. Бүгдийг ариун мөргөл хийгтүн гэж сайхан дохио өгөх өтгөн дуу нь хот балгад, орд овоохойгүй түгтүгэй гэж, үнэ ихт эрдэм цагаан алт хайргүй холин цутгасан зэс хонхны хүнгэнэхтэй адил, алс сонстох мэргэн үг нь тэдний алдар нэрийг алтан дэлхийд мандаж, хойчийн амьтан, цөм тэднийг шагшин хэлэлцэж явахын цаг бий.


IX


Запорожийнхны нэгэн дундуур нь татаарын хойноос мордсоныг хотын хүн мэдсэнгүй. Хотын захиргааны их цамхаг дээрээс харуулын цэрэг харахдаа, нэг хэсэг ачаатай тэрэг, модны далд орсныг үзэвч хасаг цэрэг, бүгэх гэж байгаа болов уу гэж бодоод Франц инженер ч мөн тэгж боджээ. Гэтэл запорожийнхны цэргийн жанжны үг ортой байжээ. Хотынхон, төдхөн, хүнсээр гачигдсан нь тэр өнгөрсөн үеийн заншлаар хотын цэрэг, чухам хэчнээн хүнс хэрэглэл базаахыг бодсонгүй байжээ. Хотоос байлдан гарч үзье гээд, тэгж зүрхэлсэн цэргийн нэгэн дундуур нь хасагт хядуулаад, үлдсэн нь хот руугаа гар хоосон буцан орж билээ. Харин жүүд нар, тэр самбаанд хамаг учрыг заншлан мэдэж, Запорожийнхон, чухам хааш ямар зорилготой мордож, хэн хэн жанжинтай хэд хэчнээн хүрээ үлдсэн, юу хийх санаатай байгааг цөм хэдийн нэгд нэгэнгүй мэдсэн тул хотынхон ч, төдхөн, бүх байдлыг мэдэв. Хурандаа нар, зориг орж байлдана гэж зэхэв. Тарас, хотод их л хөлтэй болсныг үзээд, тэр учрыг мэдэв. Тушаал заавраа шаламгайлан өгч, цэргийн хүрээг гурван анги хувааж, ачаатай тэргээр хэрэм мэт хүрээлэн баталсан нь Запорожийнхны автагдахгүй бат арга байжээ. Хоёр хүрээ цэргийг сэм бүгүүлж талын нэгэн хэсэгт эвдэрхий зэвсэг, хугархай жад, үзүүртэй гадас шааж, дайсны морин цэргийг завшаан тохиохул тэр зүг шахан хөөхөд бэлдэв. Тэгээд, хамаг зэхэх бэлдэх зүйлээ гүйцээд, хасаг цэрэгт, үг хэлсэн нь зориг оруулах гэсэн биш, тэртэй тэргүй, зориг хатан гэж мэдэх ажээ. Гагцхүү сэтгэлдээ бодож явснаа хэлье гэж үг хэлсэн нь:
— Нөхрийн журмыг ноён та олонд хэлэх хүсэл над байна. Манай газар орон, урьд хааяагүй хүнтэй байсныг өвгөд дээдсээсээ та нар сонссон биз ээ. Хан балгасаас ч алтан зоос алба татаж, хот балгас дуган сүмээр, бахтай баян, ноёд маань ч орос угсааны өөрийн ноёд байсан. Католик мөргөлтэй, дутуу саармаг шашинтай ноёд байгаагүй хэрэг. Буруу номтонд тэр бүгдийг автагдан алдаад юу ч үгүй болж, бид өнчрөн үлдээд, бидэнтэй өширсөн газар орон маань, түшигтэй сайн эр нөхрөө алдан өнчирсөн бэлэвсэн эм шиг үлджээ. Тийм цаг үеэр бид бие биедээ, ах дүү болъё гэж гар гараа өгөлцөж, бидний нөхрийн журам тогтож билээ! Нөхрийн журам гэж, журмын дээд нь билээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Тарас Бульба - Монгол хэл - 7
  • Büleklär
  • Тарас Бульба - Монгол хэл - 1
    Süzlärneñ gomumi sanı 4438
    Unikal süzlärneñ gomumi sanı 2192
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 2
    Süzlärneñ gomumi sanı 4542
    Unikal süzlärneñ gomumi sanı 2137
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 3
    Süzlärneñ gomumi sanı 4609
    Unikal süzlärneñ gomumi sanı 2029
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 4
    Süzlärneñ gomumi sanı 4258
    Unikal süzlärneñ gomumi sanı 1986
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 5
    Süzlärneñ gomumi sanı 4580
    Unikal süzlärneñ gomumi sanı 1958
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 6
    Süzlärneñ gomumi sanı 4460
    Unikal süzlärneñ gomumi sanı 2060
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 7
    Süzlärneñ gomumi sanı 4266
    Unikal süzlärneñ gomumi sanı 2092
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 8
    Süzlärneñ gomumi sanı 4665
    Unikal süzlärneñ gomumi sanı 2080
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 9
    Süzlärneñ gomumi sanı 2881
    Unikal süzlärneñ gomumi sanı 1714
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.