Latin

Тарас Бульба - Монгол хэл - 5

Süzlärneñ gomumi sanı 4580
Unikal süzlärneñ gomumi sanı 1958
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Дагина минь - гэж Андрий, сэтгэл дүүрэн баясаж дуудаад, чамд юу л хэрэгтэй, юу л хүсэх юм бол тушаан хэлээд бай! Энэ дэлхийд амьтны хүч хүршгүй бэрх юм хий гэсэн ч, би хийнэ гээд л гүйнэ л! Хүний хийж чаддаггүй юм хий гэвэл чинь амь биеэ үрж, хийнэ би! Амь бие хайрлахгүй, хайрлахгүй! Тэнгэр мэдэг, чиний төлөө амь биеэ үрэхэд жаргалын дээд гэж үзнэ! Түүнийг хэлээд барахгүй нь. Би хөдөө нутагтаа гурван газар орон сууцтай. Миний эцгийн адуун сүргийн тал хувь нь минийх, миний ээжийн авчирсан хамаг юм нь, миний эцэгт хэлээгүй нуудаг юм нь - хүртэл цөм минийх! Миний зэвсэгтэй адил сайхан зэвсэг манай хасгийнханд ч байдаггүй. Миний сэлмийн ганц бариулыг азаргаар адуу шилжүүлж, дээр нь гурван мянган хонь өгье гэж хүн гуйдаг юм. Чамайг ганц үг хэлээд юм уу, нарийн хар хөмсгөө нэг хөдөлгөн дохивол чинь би тэр бүгдийг тэвчиж орхиод, хаяад, шатаагаад, усанд хаяж орхино! Гэвч, тэнэг мангуу үг чалчиж байгаагаа би мэдэж байна. Зохихгүй ч байх. Энд миний ингэж байдаг минь. Ван ноёд, сайд дээдэс рыцариуд аль сайчуул нь ордог энэ газрын горим ёсоор ер над шиг Бурсад өсөж, Запорожид байсан амьтан, яаж ч ярьж чадах вэ дээ. Чи минь, бид мэтийг бодвол, өөр, эрхэм төрөлхтөн гэдгийг би мэдэж байна. Буярын гэргий охид авхай нар бүгд чиний өмнө юу ч биш гэдгийг би гадарлаж байна. Бид, чиний боол ч болох хувьгүй амьтан, гагцхүү тэнгэрийн сахиус л чамд зарагдаж байгууштай!- гэхэд нь идэр залуугийн охь төгөлдөр сэтгэл нь тэр үгэнд нь толинд тодорсон шиг үзэгдэж байгаа тэр үгийг өнөөх охин, нэг ч үг дуугаралгүй, чих тавин сэтгэл их л дотнолон бахархаж, зүрхний угаас гарч байгаа үг тутамд аугаа хүчин оршсонд, тэр охин хавтай сайхан нүүрээ урагш өлийсхийн саад хийх үсээ хойш нь орхиж, ам юугаа нээгээд удтал ангайн ширттэлээ нэг юм хэлэх гэсэн шиг болоод гэнэтэд байж, тэр баатар эрийн зорил өөр билээ л. Ах дүү, эх нутаг, эцэг нь өшөөгөө авах гэж ирээд байгаа юм л, хотыг бүслээд авсан Запорожийнхан тун аюултай л, хотын хүн амьтан бүгдээр, үхлийн муугаар үхэх болоод байгаа юм л... гэж бодож олмогц тэсгэлгүй, нүдний нулимс гарч, мяндсан хатгамал алчуураа яаран шүүрч аваад, нүүрээ бүтээгээд орхиход нь төдхөн нойтон болоод гоо сайхан толгойгоо гилжийлгэн дун цагаан шүдээрээ хөмхийгөө зууж, ямар нэгэн хорт могойд гэнэтэд хатгуулсан юм шиг суухдаа, сэтгэл зүрх шимшрэн, элэг эмтэрмээр гаслахыг нь хүн амьтан бүү үзэг гэж нүүрээ алчуураар бүтээн суухад нь пүүсүү шиг гялгар сайхан гарыг нь бариад;
— Наддаа ганц үг ч хэлж хайрлаач дээ гэж хэлээд Андрий тэр охины гарыг барихад, хамаг судас шандсаар нь гялалзсан гал гүйсэн шиг болж гарт нь мэдээгүй хэвтэж байсан тэр сайхан гарыг атгахад огт үг хэлэхгүй, нүүрээ алчуураараа бүтээсэн хэвээрээ огт хөдлөхгүй байж билээ.
— Яагаад, чи минь ингэж гашуудав, хэлээч наддаа, яагаад ингэж гашуудав? гэхэд нь өнөөх алчуураа авч хаяад нүдэн дээр нь нөмрөн буусан гэзэгнийхээ урт үсийг хойш нь хаяад, элэг зүрх эмтэрмээр уяралтай үг, аяархан гэгчийн намуухан дуугаар хэлсэн хоолой нь зүйрлэвэл тунгалаг сайхан үдэш усны хулс зэгсэнд салхи хөдөлж, навч намиа нь шөргөлдөн гунилтай чимээ шуугин гарахыг аяны хүн уяран сонсоод, нар шингэж бүрий барай болж байгааг ч мартчихаад, тариалан хадлангаас гэлдрэн буцаж яваа улсын ч баярлан дуулахыг сонсохоо байгаад алс холуур явж байгаа тэрэгний чимээг ч сонсохоо баймаар ийм чимээ хулс зэгсний шуугинахад гардагтай адил уяралтай ажээ.
— Үүрд гаслантайяа хөөрхий миний бие! Намайг төрүүлсэн хонгор эх минь хувь муутайяа! Даанч хөөрхий миний бие муу заяатайяа! Догшин хувь зохиол минь хөөрхий миний аюулт зандалчин болов уу даа? Хүн бүгдийг миний өмнө хөсөрдүүлэн сөгдүүлж байсан хувь зохиол минь, язгууртан сайдын шилдэг сайныг, баян гэгчийн ноёд, харь газрын гүн хэу цолтныг манай рыцариудын охь манлай бүхнийг сөгтгөж билээ. Хувь заяа минь. Тэр бүгд намайгаа таалан амраглахыг хүсэж билээ. Миний гар занган дохимогц язгуур сайтай, царай сайтай тэдний аль нь гэсэн миний эр нөхөр дуртай болох сон. Аюултай хувь заяа минь, миний сэтгэл зүрхийг тэд бүгдийн алинд нь ч хандуулсангүй.
Манай улсын нутгийн баатар сайчуулыг алгасалж хартан дайсанд минь сэтгэл зүрхийг минь дагуулж өгдөг чинь юу ч билээ? Их дагина минь, ямар хир хилэнц үйлдсэнд минь намайг ингэж энэрэлгүй тарчилгав даа? Элбэг сайхнаар цагийг өнгөрүүлж, тансаг сайхан идээ ундаар ханаж байсан минь эцэстээ юу боллоо? Юундаа хэрэгтэй юм байлаа? Улсын дотор хамгийн адгийн гуйлгачны үхдэгээс ч дор үхлээр үхүүлэх гэж ингэсэн юм билүү, хувь заяа минь? Ийм азгүй, ийм муухай үйлтэйгээр барахгүй, би бас өөрийгөө үхэхийн өмнө, энхрий эцэг эхийнхээ үхлийн муугаар тарчлан үхэхийг үзэж тэдний амийг аврах гэж хорь дахин үхсэн ч буцахгүй, миний бие ийм зовлон үзээд барахгүй. Бас, хүн болж төрсөөр үзэж сонсоогүй янагийн үг сэтгэлийг үхэхийнхээ өмнө үзэх юутай муу заяатай амьтан билээ би! Миний гашуун үйл улам бэрх гашуун болог, залуу бага амь нас минь улам өрөвдөлтэй болог.
Үхэл минь улам хэцүү аюултай болог! Үхэхдээ ч намайгаа догшин хувь заяагаа муулан гасалж үхэг! Их дагина чамдаа өршөө дөө намайгаа, их дагина чамдаа ч гомдон үхэг гэж үйл минь, энэ хүний чин зүрхний үгээр миний сэтгэл зүрхийг уяруулан эмтрүүлжээ! гээд үг дуугүй болж, горь тасарсан сэтгэл гонсорсон байдал царайд нь тодорч, гунин бөхийсөн тэргүүний манлай доошоо харсан мэлмийнээс эхлэн ягаан улаан болсон хацарт нь тогтоод, татаж байсан нулимсанд нь хүртэл, цөм, энэ амьтны царайд жаргалын шинж алга! гэдэг байдлыг үзүүлж байлаа.
— Дэлхийд байдаг сайчуул бүхэн, бурхан шүтээний өмнө сөгдсөн шиг өмнө нь сөгдвөл зохих, ийм сайхан хувьтай охидын манлай болсон сайхан хүн тийм гашуун хувь заяатай болох ёс дэлхий ертөнцөд байж болохгүй. Үгүй, чи үхэх ёсгүй, үхдэг нь чи биш, энэ ертөнцөд төрснөө, хамаг хайртаа амлаж тангараглая. Чи минь үхэх ёсгүй, хэрэв тийм юм болдог баймаажин, хүчээрээ ч гэсэн, залбирал мөргөлөөрөө ч гэсэн, эр зоригоороо ч гэсэн, тэр гашуун хувь зохиолыг өөрчилж эс болдог юм бол бид хамт үхье. Урьдаар би үхэг, чиний энэ сайхан өвдөгний өмнө, чинийхээ өмнө үхье. Намайг чамаас хагацуулдаг юм бол үхсэн хойно минь хагацуулаг гэж Андрийн хэлэхэд;
— Баатар зоригтон минь, чи сэтгэлээ бүү хуур, намайгаа ч бүү хуур, би мэдэж байна. Гай болж мэдэж байна. Чи надад дурлаж болохгүй шүү дээ, би чиний гүйцэтгэх чин журмыг мэдэж байна шүү. Чамд хойно чинь эцэг чинь, нөхөд чинь, эх орон чинь байна шүү. Би бол чиний дайсан хүн биш үү? гэж сайхан толгойгоо ганхуулж тэр охины хэлэхэд Андрий эгшин зуур толгойгоо сэгсрэн, голын улиангар шиг шулуун нуруугаа тэнийлгээд;
— Эцэг нөхөд, эх орноор би юугаа хийдэг юм бэ. Хэрэв тиймд хүрвэл, надад тийм юм юу ч хэрэггүй, юу ч байхгүй гэж гараа занган хэлэх хоолойн байдлыг үзэхэд өөр хүний зорьшгүй бэрх юмыг зориглон шийдсэн хасаг эрийн байдал шинж бүрдэж, миний эх орныг Украин гэж хэн хэлсэн билээ. Хэн түүнийг миний эх орон болгож өгсөн билээ? Эх орон гэж хүний сэтгэл зүрхний хүсдэг юмыг хэлдэг юм биш үү? Хүний сэтгэл зүрхэнд хамгийн хайртай юмыг эх орон гэдэг юм биш үү? Миний эх орон болбол чи байна! Чи миний эх орон байна! Насныхаа хэмжээ хүртэл би эх орон болсон чамайгаа сэтгэл зүрхэндээ хадгалж явна. Хасгуудын хэн нь миний эх орон болсон чамайг сэтгэл зүрхнээс минь сугалахыг би үзье! Ийм эх орны төлөө би юугаа ч хайрлахгүй өгнө, худалдаж өгнө! гэж хэлэхэд нь тэр охин босоо сайхан хөрөг мэт, гайхан нэгэн агшин хөдлөлгүй зогсоод, нүд өөд нь хараад, гэнэтэд уяран уйлж, сэтгэлийн сайхан хөдөлгөөний хувь төгс, учир зүйг бодож нягталдаггүй сайхан сэтгэлт эмс охидын бахтай хурдан хөдөлгөөнөөр Андрийг хүзүүдэн цас мэт цагаан сайхан гараараа тэврээд цурхиртал уйлжээ. Тэр хооронд гудамжинд бүрээ, цангийн чимээ, амьтны хашхиралдан шуугилдах нь сонстовч, Андрий огт сонссонгүй, сайхан охины амнаас хүжсийн үнэрт халуун амьсгал нүүрт нь тусаж, гялалзсан мяндсан сайхан үс нь Андрийг нөмөрч, охины нулимс нь булгийн ус шиг, нүүр дээр нь унан урсахаас өөр юуг ч хэдийнээ мэдэхээ байжээ.
Тэгтэл, гаднаас өнөөх татар хүүхэн, бид амь гарлаа, амь гарлаа! гэж ухаан мэдээгүй баярлан хашхирч, манайхан хотод орж ирлээ тариа будаа, гурил авч ирлээ. Запорожийнхныг олзолж хүлээд авч ирлээ гэхэд нь ямар «Манайхан» орж ирснийг, ямар Запорожийнхныг хүлж авчирсныг огт сонссонгүй. Андрий энэ ертөнцөд амсдаггүй жаргалыг амсаж, хацарт нь наалдсан ангилам сайхан уруул амыг үнсэж, тэр уруул ам нь хариу үнсэж озож харилцан нийлэн үнсэж озсон нь бүх насандаа хүний ганц эдэлдэг жаргалыг амсуулжээ.
Тэгээд, тэр хасаг эр сөнөжээ! Хасаг баатар эрстээ олдохгүй болон сөнөжээ! Дахин Запорожаа ч үзэхээ байжээ. Эцгийнхээ орон гэрийг ч үзэхээ байжээ, орон хийдээ ч үзэхээ байжээ! Украин ч эх орноо хамгаална гэж боссон үр хөвүүдийнхээ шилдэг тэр баатар хөвүүнийг үзэхээ байжээ. Өвгөн Тарас тэр мэдээг сонсвол буурал сэвлэгээсээ үсээ угз татаад ийм үртэй болсон өдөр цагаа хараалын муугаар хараах биз ээ!


VII


Запорожийнхны цэргийн хүрээнд их л бужигналдлаа. Дайсны цэрэг, хэдийн хот орсон тул анхан ер учир байдлыг мэдэж ядан гайхалдлаа. Хожим үзэхэд, хотын хэрмийн хажуугийн хаалган тушаа байсан бүх Переяславын хүрээний цэрэг цөм үхширтлээ согтоод, дайсны уулгалан дайрсны учрыг олохын өмнө хагас нь хядуулж, хагас нь хүлүүлж орхисныг ер гайхах хэрэг алга байжээ.
Ойр хавиар буусан хүрээний цэргийг шуугиан бужигнааны чимээгээр нойрноосоо сэрж, буу зэвсгээ шүүрэн бостол, өнөөх дайсны цэрэг хэдийн хотонд орж, хагас согтуу, хагас нойрмог Запорожийнхны ундуй сундуй давхилдан дайрахад өөдөөс нь буудсаар, сүүлчийн цэргүүд, хотын хэрмийн хаалгаар дотогшлон орж явлаа.
Хасаг цэргийн жанжин нь бүх цэргээ цуглуулаад, олон цэргийг хүрээлэн жагсаж, малгайгаа авч чимээгээ намдахад,
— За, ноён ах дүү нар минь, архинаас болж, энэ шөнө муухай юм болов оо доо! Дайсанд бид муухай гэгчээр дарлуулав аа даа, та нарын энэ байдлыг үзвэл, ер нь уудаг архины хэмжээг нэг хувь нэмээд өгөхөд бүр дэвттэлээ ууж согтуураад, христосын цэргийн дайсныг хүрч ирээд, өмдийг тань тайлахад мэдэхгүйгээр барахгүй, нүүр дээр чинь найтаан нийхэд нь та нар мэдэхгүй нь ээ гэж буруушаан хэлжээ.
Гэмээ мэдсэн олон цэрэг, толгойгоо бөхийлгөн гэмшиж, ганц Незамайковын хүрээний цэргийн Атаман Кукубенко хариу нэг үг хэлж, аав ноён та аядаж хайрла. Бүх цэргийн жанжныг түмэн цэргийн өмнө үг хэлж байхад, өөдөөс нь эсэргүүцэн зөрөх хуульгүй боловч, үнэнийг хэлэхэд, арай таны хэлсэнтэй адил байсангүй юм даа. Та биднийг хилсдүүлэн хэллээ. Аян дайнд хүнд хүчир ажилд манай хасаг цэрэг архи ууж согтуурсан юм болбол цаазаар аваачууштай буруутай билээ. Байдал арай тийм биш, бид хийх юмгүй дэмий л хотын өмнө овооролдож байсан хэрэг. Энэ завсар бацаг барих, шашин номын ёсоор идээ умд тэвчихийн зүйл байсангүй. Иймд хүн, хийх юмаа олж ядан уйдахдаа архи ууж согтдог нь аргагүй хэрэг биш үү? Үүнийг гэм унал гэж үзэж арай болохгүй болов уу? Бид, харин, зүгээр байсан хүнд дайсны халддагийн хариу авна даа. Урьд сайн залхаж байсан бол, одоо бүр голд нь ортол залхаана даа! гэж хэлэхэд нь хүрээ цэргийн тэр атаман даргын үгийг бүгдээр зүйтэй үг гэж гонсойн бөхийсөн толгойгоо өөд нь болгож, Кукубенко түмэн зүйтэй үг хэлжээ гэж олон цэрэг ойшоон дохив.
Жанжны ойр зогсож байсан Тарас, жанжаан! Энэ Кукубенко зүйтэй үг хэлж шүү, чи юу гэж бодож байна гэж билээ.
— Юу гэх вэ? Ийм хүүтэй эцэг, буянтай эцэг байх ёстой гэж л хэлнэ дээ би. Ер нь хүнийг муулан дайрч хэлэхэд нэг их ухаан чадал орохгүй хэрэг. Харин хүний мууг голчлохгүйгээр усны сайныг ундлан уусан морийг годхийтэл зориг оруулан ташуурдсан шиг, урам хугарсан хүний зориг сэргэх үг хэлэхэд их чадал ухаан хэрэгтэй шүү. Би ч сүүлдээ та нарт зориг сэргээх үг хэлэх гэж бодож байсан биз ээ. Харин, Кукубенко учрыг олоод урьтад хэллээ гэхэд нь Запорожийнхан;
— Жанжны үг зүйтэй! Зүйтэй үг хэллээ гэж хэлэлцэв. Өл буурал тагтаа шиг өвгөн буурал хасаг цэрэг ч буурал сахлаа хөдөлгөсхийн, толгойгоо дохиод, зүйтэй сайхан үг хэлжээ гэж билээ.
— За, ноён ах дүү нар минь, сонсоорой! гэж жанжин үгээ үргэлжлүүлж өгүүлрүүн, цайз харайн байлдаж, харь германы урчууд шиг хэрэм өөд авирах, газар доогуур нүх ухаж шургах нь ерөөс зохисгүй, бидний хасаг цэргийн ажил биш. Долоон уулын цаагуур орог! Байдлыг бодож үзэхэд, дайсан, хотын хаалгаар дотогшлон орохдоо нөөц хүнс багатай орсон бололтой. Ачаа тэрэг бага үзэгдсэн шүү. Хотын амьтан одоо хоосон нойтон байгаа. Лав, тэр авчирсан юмыг нь агшин зуур идэж орхино.
Бас, тэр цэргийн агтад өвс хэрэгтэй байлгүй яах вэ. Тэгээд ирэхэд нь өвс хаанаас олж авах билээ? Тэнгэр өөд ацаа тосоход нь бурхан тэнгэр нь ацан дээр нь өвс хаяж өгдөг гэж горьдох улс уу, яах улс вэ? Түүнийг бүү мэд, Ксендз лам нар нь амаараа сүрхий болохоос биш, чадал хаа байх вэ? Ийм байдалтай тэд нар, заавал, хотоосоо гадагш гарах болно, та нар гурван хэсэг болж, хэрмийн гурван хаалганы өмнөх гурван замыг эзлэн сахь! Их хаалганы өмнө таван хүрээ цэрэг, бусад хаалганы өмнө гурав гурван хүрээ цэрэг батлан сахь. Дядькив, Корсуны хоёр хүрээ цэрэг бүгж, Тарас хурандаа, хороо цэргээ аваад, бас бүг. Тытарев, Тымошевийн хоёр хүрээ цэрэг, их ачааны баруун гарын талд бэлтгэл цэрэг болж бай. Шербин, Стебликовины дээд хоёр хүрээний цэрэг, зүүн гарын талд бэлтгэл цэрэг болж бай. Хор маажих хурц үгтэй хүн байвал, урагшаа давшин гарч, дайсны хорыг мааж. Ляхууд сагсуу зантай хөөргөн улс. Харааж зүхэхэд тэсгэлгүй, өнөөдөртөө гарч байлдах юуны магад. Хүрээний атаман дарга нар тус тусын хүрээ цэргийн орон тоог шалгаж үзээд, цэрэг дутуу байвал Переяславын хүрээний үлдсэн цэргээс дутуугаа нөхөж ав. Сайн шалгаж үз! Хүн бүхэнд архины шарыг дарах нэг нэг хундага архи тавин олгож, цэрэг тутамд нэжгээд талх өг! Гэвч, өчигдөр цадтал идээд, та бүхэн цатгалан байгаа юм байлгүй дээ. Үнэнийг хэлэхэд, та нар урьд шөнө амаараа гартал идээд, яаж гэдэс тань шөнө дэлбэрчихсэнгүй билээ гэж гайхмаар байсан шүү.
Бас нэг захих занах үг байна. Хэрэв ямар нэгэн архи худалддаг жүүд, хасаг цэрэгт архи худалдаж тушаал зөрчвөл, духанд нь гахайн чих хадаад, тархиар нь уруу, тагалцгаар нь өөд нь харуулж дүүжилнэ шүү! За, нөхөд минь, шамдаж үз, шамдаж үз! гэж их жанжин тушаал заавраа өгөв. Цөм Жанжиндаа мэхийн ёслоод, малгайгаа өмсөлгүй, ачаа галын зүг чиглэж нэлээд холдсон хойно, сая малгайгаа өмсөцгөөв. Хүн болгон юмаа зэхэж, илд сэлмээ үзэж, хүүдийтэй дариа дарийн хотонд хийж, угсарсан тэргээ түлхэн зайлуулж шараа хөллөж, морио агт сүргээс барьцгаав.
Тарас, хороо цэрэг дээрээ очиж явахдаа, Андрий яагаад алга болчхов? Нойрмогоор нь бариад, хүлэн олзлов уу? гэхэд арай ч амьдаар олзлогдох хүн биш юм сан даа гэж гайхаж, алагдсан цэргийн хүүр дунд эрэн хайхад үзэгдэхгүй аж. Үүнд их л гайхаж, бодлого болсоор цэргийнхээ жагсаалын өмнүүр явж явахдаа хажуугаас нь хүний дуудаж явахыг огт сонссонгүй. Гэнэт ухаан санаа орж, за, хэн намайг дуудав гэж гайхан үзвэл, Янкель жүүд зогсож байв.
— Ноён хурандаа, ноён хурандаа! гэж дуу нь огцомдон тасалдаж, ямархан нэгэн чухал мэдээ хэлэх байдалтай, тэр жүүд, ноён хурандаа би хот ороод ирлээ гэжээ.
italki
Тарас, түүнийг их л гайхаж, хэдийдээ хотоор ороод ирдэг юм билээ гэж сонирхон, ямар золиг чамайг тэр рүү оруулсан билээ? гэж асуухад нь;
— Би одоо учраа хэлье. Үүрээр шуугилдах чимээ сонсоод, хасаг цэргийн буудаж эхлэхэд би, дээлээ шүүрэн нөмрөөд, хотын зүг гүйж замдаа арай чүү гэж ханцуйлж өмсөөд, сүүлчийн цэргийг дотогшлон орж байх үеэр хэрмийн хаалганд хүрээд очсон чинь, цэргийн өмнө тугч ноён Галяндович явж байлаа. Би, тэр хүнийг таньдаг юмаа. Надаас зуун алтан зоос аваад, 3 жил болж байгаа хүн. Би, тэр хүнээс өрөө нэхэж авах нэрийдлээр хойноос нь дагаж хот ороод ирлээ гэж Янкелийн хэлэхэд;
— Чи яаж хот ороод бас, өрөө нэхэж авах гэдэг хүн билээ? Чамайг нохой шиг дүүжлэн алсангүйеэ, тэр хүн? гэж Тарасын асуухад;
— Дүүжилж ална гэсэн, Зарц нар нь намайг барьж аваад, хүзүүнд минь олс өлгөтөл, би амиа гуйж мөнгөө одоо нэхэхээ байж, хэчнээн бол хэчнээн хүлээе, бусад ноёдоос өрөө нэхэхэд минь хэрэв тугч ноён та тусалдаг болбол, би ноёнд бас мөнгө зээлдүүлье гэж аргадаж байгаад амь гарлаа. Үнэнийг хэлэхэд, тэр тугч ноён, өвөр түрийндээ, ганц ч зоосгүй болчихсон амьтан юм даа. Хөдөө гэр оронтой, дөрвөн шилтгээнтэй, бас, Шклов хот хүртэл хөдөө их нутагтай хүн боловч, хасаг цэргийн нэгэн адил ер мөнгө зоос тогтоодоггүй амьтан юм. Одоо ч гэсэн Бреславын жүүд нар түүнийг зэвсэглүүлээгүй юм болбол дайнд мордож чадахгүй амьтан байжээ. Мөнгөгүй учраас тэр хүн их чуулганд ч суулцаж чадсангүй билээ гэж Янкелийн хэлтэл, Тарас,
— За, чи хотод юу хийв? Манайхантай дайралдав уу? гэж асуужээ.
— Дайралдалгүй яах вэ, манайхан тэнд олон бий. Ицка, Рахум, Самуйло, Хаивалох, бас түрээсэлдэг нэг еврей байна билээ гэхэд нь:
— Үхэж хатаг, тэр муу сайн ноход чинь! Чи надад тэр жүүд нараа тоочоод яах гэж байгаа юм бэ? Би чамаас манай Запорожийнхныг асууж байна гэж Тарасын унтууцан зандрахад:
— Манай Запорожийнхныг би харсангүй. Харснаас ганц Андрий ноён л байна билээ гэхэд нь:
— Андрийг харав уу? Түрүүн хэлэхээ яасан амьтан билээ чи! Хаа харсан бэ? Нүхэнд, зооринд байна уу? Муугаа үзэж хүлээстэй байна уу? гэхэд нь:
— Андрий ноёныг ямар хүн аймшиггүй халдан хүлэх билээ. Одоо тэр хүн их том жанжин баатар болсон шүү... Ээ бүү үзэгд. Би хараад, таньсангүй шүү. Хуягийн мөрний зузаалга нь алт, тохойвч нь алт, толь нь ч алт, малгай нь ч алт, бүс нь ч алт, харсан газар бүхэнд цөм алт, Ер нь хавар болж, ногооны газар бялзуухай жиргэж, өвс ханхалж байдаг цагийн нар шиг гялалзаж, дан алт, бас Сэнгүн ноён, хүлгийнхээ сайныг унуулж, хоёр зуун алтан зоосны үнэтэй морь билээ гэхэд нь Бульба гайхаж, яах гэж, хүний хувцас өмссөн юм билээ гэж асуужээ.
— Яах вэ, Сайхан байхад нь өмссөн байгаа биз. Андрий өөрөө ч морь унаад явж байна билээ. Бусад хүн ч морь унаад явж байна билээ. Өөрөө ч бусдыг сургаж, бусад нь ч түүнийг сургаж, ер нь Польшийн аймгийн баян ноён хүний шинжтэй болжээ гэхэд нь:
— Хэн түүнийг тэг гэж албадсан юм бэ гэж Бульбагийн асуухад:
— Хэн ч албадсан зүйлгүй, Андрий сайн дураараа дагаар орсныг ноён та мэдээгүй билүү? гэж асуухад нь,
— Хэнийг дагаар орсон гэж байна? гэж Тарас асууж,
— Андрий ноёныг л хэлж байна гэхэд нь;
— Хэнийг дагаар орсон гэж байна даа чи? гэхэд нь,
— Цаадуулыг л дагаар орсон гэж байна шүү би. Одоо Андрий бүрмөсөн тэднийх болсон гэхэд нь,
— Муу гахайн чих, худал хэлж байна! гэтэл,
— Худлаа хэлж яаж болдог юм бэ? Би худал хэлэх тийм тэнэг хүн юм уу? Хар толгойгоо идэх гэж худал хэлэх ёс байж болох уу? Ноёны өмнө худал хэлбэл муу жүүд хүнийг нохой шиг дүүжлэн алдгийг би даанч мэдэлгүй яах вэ гэхэд нь,
— Тэгвэл, шашин төрөө худалдсан хүн болж байна уу даа тэр чинь? гэж асуужээ.
— Үгүй, би ер худалдлаа барилаа гэж хэлээгүй шүү. Би гагцхүү тэдний талд дагаар орсон гэж л хэлсэн билээ гэхэд нь Тарас,
— Золигийн муу жүүд, чи худлаа хэлж байна. Христосын шашинтай газар усанд ийм хэрэг урьд өмнө гараагүй билээ. Чи, муу нохой юу гэж будилж байгаа амьтан бэ? гэжээ.
— Би будилсан бол миний босгонд хамхуул шарилж ургаг! Би мунгинаж будилсан бол миний аав ээж, хадам эцэг, миний өвөг эцэг нагац эцгийн яс тавьсан газар, хүн нулимаг! Ноён хүсвэл, би, Андрийн тэр дагаар орсон учир шалтгааныг хэлж өгье гэхэд нь,
— За, ямар учиртай юм билээ? гэж асуужээ.
— Сэнгүн ноён, нэг сайхан охинтой билээ. Ээ бурхан минь, юутай сайхан охинтой билээ гээд тэр жүүд, юм амссан юм шиг амаа мурийлган, өрөөсөн нүдээ аниад, гараа алдалж царай байдлаараа тэр хүүхний сайхныг чадлаараа үзүүлэх гэж оролдов.
— За тэгээд яасан бэ? гэхэд нь,
— Тэр хүүхнээс л болж, дагаар орсон шүү дээ. Хүн хэрэв хүүхэнд дурлавал, усанд дэвтээсэн ул шиг, хаашаа мушгивал, гарын ая дагаж нугардаг шиг болчихдог шүү дээ гэхэд нь,
Бульба их л бодлого болов. Буурай эмэгтэй хүний чадал тун ч их. Аугаа их хүчтэнийг сөнөөж байсан удаа ч олон бий. Андрийн бие ерөөс тэр талаар тун сулхан хүн билээ гэж бодоод, тэр зогссон газраа зоомол мод шиг хэчнээн зогсов.
— За, ноён та сонсож бай. Би хамаг учир начрыг тоочъё гээд тэр жүүд өгүүлрүүн,
Би, чимээ сонсоод, хэрмийн хаалгаар цэрэг орж байгааг хармагц, хотод лав язгууртны эмс охид, сайхан хүүхэн байх ёстой. Байвал, амандаа идэх юмгүй ч гэсэн, сувд заавал авна даа гэж бодоод, нэг хэлхээ сувд авч орсон билээ. Өнөөх тугч ноёны зарц нарыг намайг суллан тавимагц, би тэр Сэнгүн ноёны өргөөнд сувд наймаа хийх гэж очоод, зарц татар хүүхнээс хамаг учрыг асууж мэдлээ. Запорожийнхныг хөөж зайлуулмагц найр хурим тогтож гэнэ билээ. Андрий ноён өөрөө бас, Запорожийнхныг хөөн зайлуулна гэж хэлж гэнэ гэхэд нь,
— Тэр муу золигийн хүүг чи тэр дор нь алахгүй юугаа хийв гэж Тарасын дуу алдан хашхирахад,
— Яалаа гэж алах вэ? Сайн дураараа дагаар орсон хүн шүү дээ. Ямар гэм хийсэн юм биш. Тэр газар сайн сайхан байхад л тэр талд дагаж орсон байгаа биз гэж хариулбаас,
— Чи бүр нүүр тулж үзэв үү? гэж асуужээ,
— Тэнгэр мэднэ... Би бүр нүүр тулж үзсэн. Их сайн баатар эр! Бүгдээс нь сүр жавхлангаар илүү үзэгдсэн шүү. Бурхан тэнгэр түүнийг өршөөх болтугай. Намайг хараад, дороо таньж, дэргэд нь намайг хүрээд очиход надад... гэж Янкелийн хэлтэл, Тарас яаран,
— Юу гэж хэлсэн бэ чамд гэжээ.
— Надад хэлэхдээ урьдаар хуруугаараа намайг дохиж дуудаад, сүүлд нь Янкель гэж хэлжээ. Би, өөдөөс нь Андрий ноён минь! гэлээ Тэхэд, Янкель, чи аавд минь хэлээрэй! Ахад минь хэлээрэй. Хасаг, Запорожийнханд бүгдэд нь хэлээрэй. Намайг одоо аавыгаа аав гэж үзэхгүй, ахыгаа ах гэж үзэхгүй, нөхдөө нөхөд гэж үзэхгүй. Тэдэнтэй бүгдтэй нь намайг байлдана гэж хэлээрэй гэж захисан гэхэд нь,
— Худлаа, муу золигийн Юда! Муу нохой чи худал хэлж байна. Танай муу жүүд нар, христосыг загалмайд хадсан, бурхан тэнгэрийн хараал шингэсэн заяа муутай улс! Муу золигийг ална! Аминдаа хайртай бол далд ор! гэж сэлмээ сугалахад нь айж сандарсан жүүд, эцэнхий нарийн шилбэнийхээ тэнхээ мэдэн дутаав. Хасаг цэргийн ачаа буудлын хоорондуур гэдрэгээ эргэлгүй хэчнээн зугтааж, цагаан талд гараад, Тарасыг тэр завсар баахан тайтгараад, уур хилэндээ болж аль дайралдсан хүнийг сүйдлэх нь тусгүй гэж бодоод, хөөхгүй байхад нь, мөн дутаасан хэвээрээ л хэчнээн болтол гүйжээ.
Тэр завсар Тарас дотроо эргэцүүлэн бодсоор, урьд шөнө, Андрийг нэг эм хүнтэй явж байсныг үзсэн шиг болсноо олж санаад, буурал толгойгоо гудайлган дарж, даан ч, хүү минь ингэх гэж байх уу даа? Төр шашнаа худалдаж шившгээ ингэж хутгах гэж дээ гэж дотроо бас л итгэж ядав.
Тэгээд хороо цэргээ бүгэх газар удирдан аваачиж, хасаг цэргийн хараахан шатаагаагүй нэг хэсэг ой модны цаана оруулав. Явган, морьтой запорож нар гурван замаар хотын хэрмийн гурван хаалганы зүг хуваан очиж, хойно хойноосоо Умань, Поповичев, Канев, Стеблик, Незамайко, Гургузив, Тытарев, Тымошевын хүрээ цэрэг цуварч ганцхан Переяславын хүрээ алга байжээ. Тэр хүрээний хасаг, бөх гэгчээр унтаад, хувь заяагаа унтан өгчээ. Сэрсэн нэг нь дайсны гарт хүлээстэй сэрээд, сэрээгүй нэг нь сэрэлгүй тэр чигээрээ чийгтэй газар хүүр болон хоцорч хүрээний атаман Хлиб, өмд цамцгүйгээр Лях дайсны гарт оржээ.
Хотынхон, хасаг цэргийн үймэлдэн хөдлөх чимээг мэдээд, цөмөөрөө шороон далан дээр авирч гарсан нь Польшийн баатар эрчүүд нэг нь нэгнээсээ илүү сайхан, цөм жагсацгааж зэс дуулга нь хун цагаан өдөн өрөвлөгтэй, наран адил гялалзан зарим нь орой нь хажуу тийш унжсан ягаан хөх өнгийн хөнгөн малгайтай, алтан хатгамал, зарим нь туушингаар угалз гаргасан, ханцуйлдаггүй, гоёл болгож унжуулдаг урт ханцуйтай сайхан гоё хуйтай сэлэм буутай ажээ.
Хамгийн түрүүнд алтан чимэгтэй гоё улаан малгайтай Бужааны хурандаа ихэрхэг байдалтай зогсоод, нуруугаар бүгдээс өндөр, их зузаан, бүдүүн нүсэр хүн, гоё сайхан, өргөн гэгчийн дээлдээ арай гэж багтаж байлаа. Нөгөө талд нь бараг хажуугийн хаалганы тушаа бас нэг хурандаа зогсож байгаа нь бие бага хатангир боловч, өтгөн их хөмсөг дороос нь хурц бяцхан нүд нь их л сүрхий харцтай. Биеийн хөдлөх эргэх байдал маш шаламгай гавшгай, нарийн туранхай гараараа ийш тийш зааж, тушаал өгч байгааг нь үзэхэд, бие хэдий бага боловч, цэргийн эрдэмд боловсорсон догь эр байжээ. Түүний ойролцоо, өндрөөс өндөр тугч ноён, өтгөн гэгчийн сахалтай нэг хүн зогсож байгааг үзэхэд, өнгө будгаар зүс царай нь дутмаггүй хүрэн улаан царайтай ажээ. Лав, найр хурим, хатан, дарс сархдад дуртай эр бололтой. Түүний ард зогсоочингуудыг үзэхэд зарим нь өөрийн хөрөнгөөр, зарим нь вангийн сангвар, зарим нь өвгөд дээдсийн шилтгээнд байсан ахуй байхыгаа жүүдэд бариулж зэвсэглэцгээсэн улс бололтой.
Бас, сенатор ноёдын хурим найрт морилохдоо ямба ёслолыг эрхэмлэж бараа бологчид болгон дагуулахад нь явалцаад хуримтлахад нь будаалгын ширээ эргэнэг саваас мөнгөн хундага хулгай хийгээд хурим найр дээр хүндэт зочдын хамт хүндлүүлж байгаад, хойд өдөр нь ямархан нэгэн ноёны жолоо барьж яваа тийм амьтан ч цөөнгүй үзэгдэж байлаа. Янз бүрийн амьтан байсны дунд балга архи олж уух тэнхэлгүй мөртөө дайнд мордохдоо гоёж чимэглэн мордоцгоосон ажээ. Хотын хэрмийн өмнө жагсан зогссон хасаг цэрэг чимээ имээгүй нам гүм зогсож, алтан эрдэнээр гайхуулан чимсэн хүн алга, хааяа нэг сэлмийн бариул, бууны тоногт алт гялсхийн үзэгдэх төдий. Ер, хасгууд, дайнд чимэглэн гоёх дургүй, жирийн хөө хуягтай, ерийн дээлтэй бөгөөд улаан оройтой, хонин малгай нь, тал дүгрэг харлан улайж жигдрэн жагсжээ.
Запорожийн цэргийн жагсаалаас хоёр морьтой хасаг урагш давшин гарч, нэг нь идэр залуу, нөгөө нь баахан өвгөжөөр, хоёулаа үгэнд цэцэн, тулалдаанд баатар Охрим Наш, Мыкыта Голокопытенко гэдэг хоёр хасаг ажээ. Хойноос нь Демид Попович гэдэг чийрэг зузаан хасаг гарч ирсэн нь Сечид их л удсан хүн, Туркийн Эдирне яваад, бэрх хатуу гал усны гашууныг нэлээд үзэж, галд шаруулж, сахлаа хуйхлуулж, толгойгоо хар болтол давирхайгаар будуулан амь мултран гарч Сечдээ хүрч ирээд дахин тэвээрч, сэвлэгээ чихнийхээ араар унжуулан тас хар сахал ургуулаад авсан айхтар хатуу амтай эр байжээ. Польш цэргийг үзээд,
— Аа, сайхан дээлтэй цэрэг байх шив дээ. Эр чадал нь дээлтэйгээ адил сайхан байдаг болов уу, үзээд авах юм сан гэхэд нь,
— Та нарыг даа! гэж далан дээрээс өнөөх зузаан хурандаа зандарч, та нарыг цөмийг хүлнэ. Муу боолчууд, буу морио өргөн тушаахгүй, аль цагийг аймшиггүй хүлээж байна? Танайхныг миний барьж хүлснийг үзэв үү? Тэр запорожийнхныг нааш нь гаргаад ир! гэж тушаахад нь хүлээстэй запорожийнхныг гаргаад ирснийг үзэхэд хамгийн түрүүнд нь хүрээний атаман Хлиб өмд цамцгүй, нойрмог согтуу баригдсан тэр чигээрээ гарч ирлээ. Нохой шиг нойрмогоор баригдсандаа бас, хасаг нөхдийнхөө өмнө чармай нүцгэн гарч ирсэндээ ичингүүрч, толгойгоо доош даржээ. Чийрэг тэргүүний нь үзвэл ичингүйрэн зовсондоо, ганцхан шөнийн дотор үс нь буурал болжээ.
— Хлиб минь, битгий гуньхар! Бид чамайгаа суллаж авна! гэж хасгууд далангийн дороос хашхирч Бородаты гэдэг хүрээний атаман, нөхрийн сэтгэлийг тэжээж;
— Нөхөр минь, гутрах хэрэггүй! Чамайг нүцгэн баригдсанд зоволтгүй, ямар ч хүнд осол гай тохиолдож болох хэрэг, харин, чиний нүцгэн биеийг нөмрөх юмгүй, олны өмнө чирч гаргасан цаадуул чинь ичих ёстой гэлээ.
Голокопытенко, далан өөд гараад, та нар унтаж байгаа хүнийг дайрахдаа баатар цэрэг шив дээ гэв.
— Тэгж л байгаарай, та нар, сэвлэгийг чинь тас огтолно доо! гэж дээрээс нь цаадуул нь хариу хашхиралдаж, Попович морио эргүүлээд өөрийнхөө цэргийн зүг хараад;
— Эднүүд, яаж, манай сэвлэгийг огтолдог юм бэ? Үзэх юм сан. Гэвч ортой ч байж магадгүй, тэр нь. Хэрэв тэр их гэдэст амьтан, эднийг дагуулж тарвал түшигтэй л улс юм байна гэжээ.
Хасгууд, тэр Поповичийн нэг их ёжтой үг хэлэх гэж байгааг мэдээд,
— Яагаад түшиг гэж, чи минь бодов доо? гэж асуужээ.
— Яах юу байх вэ. Энэ их гэдэсний ард нь бүгдээрээ нуугдаад жадалж болохгүй байх аа гэж хариу хэлэхэд нь хасгууд түсхийтэл инээлдлээ. Зарим нь толгойгоо ганхуулан, энэ Попович гэж мөн ч гайтай амтай хүн шүү. Юм хэлбэл, мөн ч сүрхий шүү гэж байтал нь ляхууд Поповичийн тэр дайрал үгийг сонсоод, хор нь загатнасан бололтой өнөөх хурандаа нь гараараа дохио өгсөн тул, хасаг цэргийн жанжин яаран тушааж хэрмээс бушуу холдож үз, холдож үз, холдож үз гэж хашхирлаа. Хасгуудыг арай гэж зайлан завдтал, далан дээрээс үхэр буу хоргол сумаар буудаж, далан дээр амьтан бужигнав.
Буурал хурандаа морьтой гарч ирээд, хаалга нээгдэж цэрэг давхин гарч, хамгийн урдаар хатгамал хувцастай цувран, хойноос нь жад барьсан лубждин цэрэг (Лубждин гэж нэг зүйлийн хатуу хуяг өмссөн цэрэг) тэдний хойноос зэс дуулгатай цэрэг, дараагаар шилдэг тайж нар, хүн бүр нэг нэг янзын хувцастай их зантай тайж нар, бусадтай хутгалдан жагсах дургүй, захирсан цэрэггүй тайж нь, зарц нараа дагуулан явжээ. Тэгээд дахин жагсаалаар цэргийн цувахад хойноос нь тугч ноён гарч ирээд, түүний хойноос дахин цэргийн жагсаал цувж, өнөөх зузаан хурандаа гараад, бүх цэргийн шувтаргад палдгар хурандаа гарч ирлээ.
— Олон хүрээний цэрэг, цөмөөрөө дайран орцгоов. Дайсанд цэргийн жагсаал жигдрэх зав битгий өг! Дайраад бай! Бусад хаалганаас наашаа хүрч ирцгээ! Тытаревын хүрээний цэрэг хажуу талаас нь дайраад бай! Дядковын хүрээний цэрэг нөгөө талаас нь дайраарай!
Кукубенко, Полывода хоёр араас нь дайр. Үймүүлээд, салгаж бай! гэж жанжны тушаахад, хасаг цэрэг, тал талаас нь дайсны зүг дайран орж хутган үймүүлээд, өөрсдөө бас хутгалджээ. Гавшгай дайрснаараа буудах зав өгөлгүй тулалдаж, жад сэлмээр байлдан, бүгдээр бөөгнөрч хүн бүр бяр чадлаа гаргав.
Демид Попович, гурван сул тайжийг жадалж яасан сайн морьтой юм бэ, ийм морьтой болох юм сан гэж би хэдийн хүсэж явсан юм гээд морийг нь гадагш цагаан тал өөд хөөгөөд, зайдуу байсан хасаг цэргийг бариад ав гэж хашхирсаар хоёр тэргүүн зэргийн тайж нарыг морин дээрээс нь унагаав.
Тэгээд, дахин олны дунд шурган орж, өнөөх унагаасан тайж нарынхаа нэгийг алаад, нөгөөдхийн бүснээс алтан зоостой хэтэвчийг тайлж үнэ ихтэй бариул бүхий сэлмийг хурааж аваад, хүзүүнээс нь бугуйлдаж талаар чирэн давхилаа.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Тарас Бульба - Монгол хэл - 6
  • Büleklär
  • Тарас Бульба - Монгол хэл - 1
    Süzlärneñ gomumi sanı 4438
    Unikal süzlärneñ gomumi sanı 2192
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 2
    Süzlärneñ gomumi sanı 4542
    Unikal süzlärneñ gomumi sanı 2137
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 3
    Süzlärneñ gomumi sanı 4609
    Unikal süzlärneñ gomumi sanı 2029
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 4
    Süzlärneñ gomumi sanı 4258
    Unikal süzlärneñ gomumi sanı 1986
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 5
    Süzlärneñ gomumi sanı 4580
    Unikal süzlärneñ gomumi sanı 1958
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 6
    Süzlärneñ gomumi sanı 4460
    Unikal süzlärneñ gomumi sanı 2060
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 7
    Süzlärneñ gomumi sanı 4266
    Unikal süzlärneñ gomumi sanı 2092
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 8
    Süzlärneñ gomumi sanı 4665
    Unikal süzlärneñ gomumi sanı 2080
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 9
    Süzlärneñ gomumi sanı 2881
    Unikal süzlärneñ gomumi sanı 1714
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.