Latin

Тарас Бульба - Монгол хэл - 2

Süzlärneñ gomumi sanı 4542
Unikal süzlärneñ gomumi sanı 2137
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Тэхэд Остап ах нь ямар ч арга сүвэгчлэхийг хэрэгсэхгүй, өршөөл хэлтрүүлэхийг гуйлгүй дээлээ тайчиж хаяад зодуулах гээд хэвтээд өгдөг байжээ. Андрий эр цэргийн гавьяа байгуулах гэж боддог боловч, сэтгэлд нь өөр зүйлийн юм бас ордог байжээ. Арван найман нас өнгөрөхөд эмэгтэй хүн сэтгэл санаанд нь орох болж философийн тэмцэлдээн сонсож байхдаа, хар нүдтэй тааламжтай сайхан урь залуу охин хүн нүдэнд нь үргэлж үзэгдэж, гялалзсан, чанга сайхан мээм, зөөлөн сайхан нүцгэн гар, гялавхийн үзэгдэж охин хүний чийрэг сайхан үе гишүүнийг барьсан хувцас хүртэл өгүүлшгүй хурьцангуйн шинжтэй сэтгэгдэж байдаг билээ. Залуугийн хурьцангуй сэтгэлийн тэр хөдөлгөөнийг Андрий нөхдөөсөө их л нуудаг байжээ. Учир нь тэр цагт хасаг хүн дайн байлдаан үзэлгүйгээр янаг амраг, охин эмэгтэйг бодох нь ичгүүртэй шившиг гэж үздэг байжээ. Сургуулийн сүүлийн хэдэн жилд Андрий үймүүлдэг залуучуудыг удирдах нь цөөн болж, их төлөв ганцаараа интоорын цэцэрлэгээр бүрхэгдсэн бөглүү зэлүүд Киевийн нэг гудамжинд, гудамж дахь хүний дур булаан татсан намхан намхан байшингуудын дундуур хэсэж явах дуртай болсон билээ. Заримдаа одоогийн хуучин Киевийн язгууртны гудамжинд украйн, польшийн тайж нарын суудаг газар байшингийн нь баахан янзлан маяглаж барьсан гудамжаар ч явдаг байжээ. Нэг удаа тэгж алмайран явж байтал нь, Польшийн нэгэн ноёны сүйх тэрэг дайран алдаж, тэрэгний өмнө сууж явсан аймшигтай сахалт хөтөч нь ташуураараа ороолгоод авсан билээ. Залуу хүү хилэн бадарч, тамир тэнхээ ихтэй гараар сүйхний хойд дугуйг шүүрэн татаж тэргийг зогсоосонд хөтөч айн эмээж яаран сандран морио ташуурдмагц, морьд ухасхийж завшаанаа Андрий дугуйг тавьсан боловч, түрүүлгээ нүүрээр шавар руу ойчиж билээ.
Гэнэт сайхан хүний хангинан инээх чимээ дээр нь сонстон, үзвэл цонхоор нэгэн хосгүй сайхан хүүхэн харж байлаа.
Түүний нүд хар, царай нь өглөөний мандах нарны туяа туссан цас адил цагаан, үнэн сэтгэлээс инээх нь түүний гуа сайхныг улам ч хосгүй болгожээ. Андрий бахардаж дэмий л нүүрийн шаврыг арчлан, улам халтар болж алмайран харсаар энэ сайхан хүнийг чухам хэн гэгч билээ гэж залуу бандуурч хөгжимчнийг тойрон, хаалганы гадна овооролдон зогссон гоёмсог хувцастай олон зарц нараас асууя гэвэл цаадуул нь шавар болсон халтар царайг нь үзээд дооглож элэглээд хариу эс хэлж билээ.
Тэгсээр тэр сайхан хүнийг түр тус хотод хүрч ирсэн Гродногийн сэнгун сайдын охин гэж мэдэж билээ. Хойд шөнө нь Бурсийн сурагчдын нэг зүрх гаргаж шивээ хашааг даваад цэцэрлэгт нь орж байшингийн орой дээр гишүүн найлзуураар дэлгэсэн өндөр модноо авиран тэр доор дамжиж байшингийн дээвэр дээр гарч камин гэдэг задгай гал түлдэг зуухын яндангаар өнөөх сайхан хүний тасалгаанд лааны өмнө сууж чихнээсээ үнэ ихт ээмгээ авч байтал гулган оржээ. Тэр сайхан польш хүүхэн огт үл таних хүнийг үзээд их л цочин айж үг дуугарч чадсангүй билээ. Тэгээд тэр Бурсийн сурагчийг гараа хөдлөх зүрхгүй доош харж эмээн зогсож байгааг ажиглаж гудамжинд шаварт ойчсон өнөөх залуу мөн байгааг таниад инээд нь хүрчээ. Андрий үзвэл бие царайд аймшигтай байдал огт үгүй бөгөөд зүс маш цэвэр сайхан тул тэр хүүхэн үнэн сэтгэлээсээ инээж удтал зугаацав. Тэр сайхан хүүхэн, польш хүүхэн шиг хөнгөн дөлгөөн зантай боловч гайхамшигт хурц тунгалаг нүд нь бат тогтвортойн шинж бүрдсэн удаан харцтай байж билээ. Бурсийн сурагч гараа ч хөдөлгөх зүрхгүй шуудай дотор чихүүлсэн адил хөдлөлгүй зогстол сэнгун сайдын тэр охин дэргэд нь зоригтой хүрч ирээд толгойд нь гялалзсан титмээ өмсгөж уруулд нь сүүхээ зүүгээд алтан хатгамал хэлтэй торгон саа цамцаа нөмөргөн чимж салхин долгион зантай польш хүүхний зангаар хүүхэд шиг аашлан, түмэн зүйлээр дэмий аашлан тоглоход хөөрхий тэр сурагч Андрий их л сандран мэгдэж сайхан хүний гялалзсан нүдийг ам ангайн алмайран ширтэж их л инээдэмтэй амьтан зогсов. Тэгтэл хаалгыг хүн тогшиж, охин цочин айгаад, Андрийг орон дор нуугд гээд олзлогдсон татар шивэгчнийг дуудан ирүүлж залуу хөвүүнийг цэцэрлэгт болгоомжлон аваачиж тэндээс хашаа дээгүүр давуулан явуул! гэхэд тэр нэгэн удаад арай урьдахтай адил азтай давж чадсангүй. Нойрноосоо сэрсэн манаачид хөлөө цохиулаад олон зарц нар цугларч гудамжинд нэлээд зодтол хөлийн хурдаар мултран гарч одсон билээ. Тэр ноёны зарц маш олон тул хашаа байшингийн хавиар нь өнгөрөн гарахад бэрхтэй болж Андрий, бас нэгэн удаа охины дуганд дайралдан харвал, охин түүнийг хэдийн сайн таньсан хүний байдал дүрэм үзүүлж маш таатайхнаар инээмсэглэсэн билээ. Тэгээд бас нэгэн удаа хальт харсан боловч ковеногийн сэнгун сайд удалгүй буцсан тул хар нүдтэй сайхан польш хүүхний оронд тэр байшингийн цонхоор нэгэн улцгар царайтай хүн шагайж суух болсон билээ. Андрий тэр тохиолыг бодож, толгойгоо унжуулан морины дэлийг гөлрөн харж бодлого болсоор явжээ.
Тэгтэл бүгдээр хэдийн хөх ногоо бүрхсэн уудам хээр талд орж өндөр өвс дэрсэн дундуур гагцхүү тэдний хасаг хар малгай нь өндөр өвсний завсраар цухалзан харагдаж явлаа.
Бульба бодлого бодож явснаа та нар юунд бясалгал хийсэн лам шиг чимээгүй болчхов? юунд гунив? орхи тэр гунилаа, гаансаа зууж нэг тамхилаад, морио гуядаж хээрийн шувуунд гүйцэгдэхгүй ухасхийе гэв.
Хасгууд морин дээрээ бөхийсхийгээд өндөр өвсөн дотор хар малгай нь ч харагдахгүй болж гагцхүү хага ярсан өвсний хөдөлгөөнөөр давхиж яваа нь мэдэгдэв. Цэлмэсэн тэнгэрт хэдийн нар гарч сэргээн хөгжүүлэгч гэрэл элчээр өргөн талыг гийж хасгуудын сэтгэлд гунисгэсэн бүхэн цөм үгүй болж сэтгэл зүрх нь жигүүртэн мэт дэрвэсхийн сэргэв.
Явах тусам өргөн хээрийн байдал улам сайхан болж ирэв. Одоогийн Новоросси буюу шинэ орос гэдэг нутаг болсон тэр өмнө газар Хар тэнгис хүртэл атар сайхан цөл газар байж давлагаа долгио адил намилзсан их өвсний үндсэнд ер анжис хүрч үзээгүй гагцхүү адуун сүрэг тэр их өвсөнд гүн их модонд хоргодсон шиг явж өвс ногоо гишгэлдэг байж билээ. Дэлхий дээр ер, тэр атар хээр тал шиг сайхан юмгүй байжээ.
Түг түмэн цэцэг цацарсан ногоон алтан далай шиг өргөн талын өндөр өвсний завсраар өнгө өнгийн цэцэг дэлгэрэн цэцэглэж, газрын хаанаас ч гарч ирснийг бүү мэд, буудайн залгаа үзэгдэж өвсний ёроолоор ятуу шувуу хүзүүгээ сунган гүйж, шувуу бялзуухайн жиргэх донгодох, зүйл зүйлийн дуу сонстож, тэнгэрт харцага шувуу далавчаа дэлгээд өвсөн дахь амьтныг ширтэн тэртээ нэг холын нуурт үй олон зэрлэг галуун сүргийн нисэн донгодож яваа нь сонстож, өвсөн дотроос цахлай шувуу дэвэн нисэж агаарын хийн хөх долгионд шумбаж өндөр огторгуйд үгүй болон одож гагцхүү өчүүхэн хар цэг мэт хөдөлж явснаа далавчаа эргүүлэн наранд гялсхийх нь үзэгдэв. Энэ бүх байдлыг үзэхэд эзгүй хээр юутай бахтай сайхан бэ?
Манай жуулчин үдийн хоол идэх гэж хэдэн минут зогсоод тэднийг дагаж явсан арван хасаг цэрэг мориноос бууж архитай модон хавчиг, хулан савыг мориноос буулгаад, гахайн өөхтэй талх юм уу, боорцог идээд аян замд согтож болохгүй гэж Тарасын цаазалсныг дагаж нэг нэг хундага архи уучхаад үдэш болтол аялан явдаг байжээ.
Үдэш эзгүй хээрийн байдал нэгмөсөн өөр болж нарны сүүлчийн туяанд эрээн мяраан, энгүй их өвс ногоо нь гэрэлтээд бүрэнхий болох тусам аажмаар харлаж сүүдэр нүүхэд хар ногоон харагдаж, уур өтгөрөн дэгдэж, өвс ногоо цэцэг тутам үнэр анхилан өргөн тал хавтгайгаараа сайхан үнэр ханхалж цэнхэр хөх тэнгэрт мундаг том бийрээр зурсан адил ягаан алтан өргөн зурвас зурайж энд тэнд сэмжин цагаан үүл цайж, далайн долгио мэт сэрүү татсан сайхан салхи өвсний үзүүрийг ганхуулан хүний хацрыг илбэлээ. Өдрийн дуу чимээ намдаж өөр өөр зүйлийн дуу чимээ сонстов. Эрээн зурам нүхнээсээ гарч оцойн суугаад хашхирч, дэвхрэг царцаахайн дуугарах чимээ улам тодхон чанга болж, зэлүүд буйд нэгэн нуураас хааяа хун шувууны дуу сонстож агаарын хийд цуурай нь сонсогддог байлаа. Манай аянчин эзгүй хээр сэтгэлд таатай газар хоноглон буудаллаж гал түлж тогоо тулга тавиад хоолоо хийхэд нь тогооны уур агаарт утаа шиг баагьдаг байлаа. Хасгууд морио чөдөрлөж хоолоо идээд дээлээ дэлгэж унтдаг байлаа. Дээрээс нь шөнийн одон жирэв жарав гэж өвсөн дэх тоо томшгүй олон хорхой, шавж, царцаахай, дэвхрэгийн дуу чимээ гарах нь шөнийн тунгалаг агаарт, сонстож, үүргэлэгч хүний чихийг бүүвэйлэн, өөдөө өндийн босож харсан хүний нүдэнд галт хорхой нисэх нь өргөн талаар оч бүрэн цацарсан адил үзэгдэж нуга гол дагуу хуурай хулс, зэгс шатааж байгаагийн холхи туяа шөнийн тэнгэрийг хаяа энд тэнд гэрэлтүүлж умар зүг нисэж явсан хун шувууны цуваа түймрийн мөнгөлөг ягаан туяанд харанхуй бараан тэнгэрт улаан алчуур нисэж байсан шиг үзэгддэг байлаа.
Аянчин, элдэв саад төвөггүй энх мэнд явж зам гудас ер нэг ч мод үзэгдэхгүй зах хязгааргүй уудам сайхан хээр талаар замнаж хааяа алс хол Днепр мөрний эргийн мод хөхрөн үзэгддэг байв. Нэг удаа Тарас алсын өвсөн дунд нэгэн юм харлаж үзэгдсэнийг зааж, хүүхэд, үзэв үү? Тэр, нэг татар хүн давхиж явна гэж билээ. Холоос тэр сахалтай бяцхан толгой хасгуудын өөдөөс онигор нүдээ ширтэн, тайга нохой шиг салхи шиншлэн үнэрлээд, арван гурван хасаг хүн явааг харж мэдмэгц зээр адил өндөр өвснөө алга болжээ. Тарас за хүүхэд минь тэр татар хүнийг гүйцээд үзэх үү? гэж асуугаад гүйцье гэж бүү сана! Энэ насандаа та нар түүнийг гүйцээд барьж чадахгүй байх, тэр татаарын яваа морь нь миний унаж яваа чөтгөрөөс хурдан шүү гэж хэлээд дайсан бүгж байх болзошгүй гэж болгоомжлон Днепрт цутган ордог Татар гол гэдэг бяцхан голын зүг давхиж морьтойгоо усанд ороод усаар нэлээд явж одоо манай мөрийг олохгүй болов гэж бодохдоо уснаас гарч цааш замнаж билээ.
Түүнээс хойш гурав хоноод уг зорьсон газартаа дөхөж агаарын хий гэнэт хүйтэн болж сэрүү татаад их Днепр мөрөн ойр болсны шинж мэдэгдэв. Тэгсээр их мөрөн гялалзан харагдаж тэнгэрийн хормойгоос ялгаран бараан зурвас мэт үзэгдэж хүйтэн долгион давлан давласаар улам ойртон дөтлөх тутам улам их өргөн болж үзэгдэх газрын бараг хагасыг эзэлсэн далайн их ус болж мэлтгэнэн үзэгдэв. Боргио чулуунд хавчигдсанаа мултарч дураар далай шиг халин шуугьж байсан газар нь тэр байжээ.
Дунд нь чулуудсан юм шиг харагдаж байгаа арлууд их мөрний усны урсгалыг шахаж эргээс нь халиулан давлагаа долгио хадан цохио дов толгойгүй тэгш газар бялхан цэгж байлаа. Манай аяны хүмүүс мориноос бууж сал онгоц дээр гараад гурван цаг усаар явж байраа байн байн үрэлдэг Сечийн байрласан Хортиц аралд хүрчээ.
Эрэг дээр бөөн амьтан онгоцчинтой хэрүүл хийж байв. Аяныхан олом жирмээ засаж янзлаад, Тарас, бүсээ чанга бүсэлж сахлаа ихэмсгээр шувтран сүр бадруулав. Хоёр хүү нь бас биеэ баахан эмээсэн бахадсан байдалтай үзэж шалгаад Сечиэс нэгэн газрын зайтай байсан Түүрэгт нь бөөнөөр орвол газар нүхэн гэр ухаж дээрээс нь ширгээр бүтээсэн төмрийн дархны хорин таван газар нижигнэж байсан тавин лантууны их дуунд чих нь дөжрөн алдаж билээ. Бяртай, бяртай элдүүрчин, гудамжинд хаалганы саравч дор суугаад, чийрэг гараар үхрийн шир элдэж байв.
Бүхээгийн наймаачин, даавуу татсан нөмөр дороо цахиур хэт, дарь овоолоод сууж байв. Армян худалдаачин үнэтэй, үнэтэй алчуур дэлгээд хоол худалддаг татар худалдаач, хонины мах, гурил шорлож эргүүлэн шарж жүүд хүзүүгээ сунган өлийж гангаас архи гоожуулж байлаа. Манай аянчид анх дайралдсан нь, замын яг дунд алдлан хэвтэж байсан сечь хүн байжээ. Тарас Бульба өөрийн эрхгүй мориныхоо амыг татаад, тэр хүнийг бахдан харж:
— Яасан сүрхий алдалж хэвтдэг, юутай сайхан бие бялдартай хүн бэ? гэж гайхан хэлэв. Өнөөх тэр хүн сүрхий үзэгдэж билээ. Зам дээр арслан шиг сунаж сүртэй сэвлэгийг тохой хиртэй дэлгэж, үнэтэй цэмбэн шалбуур өмдөө зориуд, тоохгүй байдал үзүүлэх гэж тэрэгний тосоор будсан байжээ. Бульба түүнийг бахархан хараад буудах наргихаас өөр юм чадахгүй сечийнхний гэдсийг цатгаж мөрөнд нь юм өмсгөдөг тэр түүргээр улс бүрийн амьтан дүүрч, янз бүрийн дархнуудын дархаа хийж байсан хөлтэй үймээнтэй гудамжаар яв явсаар түүрэг өнгөрмөгц энд тэнд тарсан хэдэн хүрээ үзэгдэв.
Тэр цэргийн хүрээг ширгээр бүтээж зарим татар ёсоор эсгийгээр бүрж, зарим хүрээнд үхэр буу өрөөтэй байлаа. Цэргийн хүрээнд түүрэгтэй адил ер, хашаа, мөн намхан модон баганатай, саравчтай бяцхан байшин огт үзэгдэхгүй, шорооны бяцхан далан цогцолсон буюу модон шөрөг хийсэн нь, огт хамгаалах харуулгүй, ер дайснаас өчүүхэн ч болгоомжлохгүй байдал илэрхий ажээ. Зам дээр хэдэн чийрэг хасаг цэрэг амандаа гаанс зууж хэвтэж байсан нь Бульба нөхөд сэлтийг ажиггүй харж ер замаас зайлж өгсөнгүй. Сайн байна уу? Таминь гэж Тарас тэдний завсраар аяархан өнгөрвөөс, сайн, та нар сайн явж байна уу? гэж хэвтжээ. Тал дүүрэн улс амьтан, тав, арваар овооролдон, хүрэн улаан царайг нь үзэхэд дайнд хатуужсан бэрхийг туулж сурсан улсын шинжтэй. Сечь гэдэг ийм газар байжээ. Арслан мэт хатан бат зоригтой сүрхий эрийн үүр уурхай нь энэ байжээ. Бүх Украинд эрх чөлөө, баатар хасаг эр төрдөг газар энэ байжээ. Манай аянчин яв явсаар хурал хийдэг уудам их талбайд гарч ирээд, тэр талбайд хөмөрсөн том ган дээр нэг хасаг цэрэг цамцаа тайлж, хагархайг нь яаралгүй оёж суухыг үзэв. Тэгтэл олон хөгжимчин манай аянчны зам хөндөлсөж нэг залуу эр, малгайгаа сүр бадруулан хэлтгий өмсөөд, гараа дэлгэн дэвж, галзуу догшноор бүжиглэн, хөгжимч минь шалбалж бай! Фома минь буянтан ах дүү нарт архи сархдаа хайрлалгүй түгээ! гэж хашхирч, өрөөсөн нүдээ аньтлаа зодуулсан өнөө Фома гэдэг нь дайралдсан хүн бүхэнд том гэгчийн аягаар архи сөгнөж, тэр залуу эрийн хажууд дөрвөн хижээл шиг хүн дэвхцэн бүжиглэж гэнэт, гэнэт хуй мэт ширүүн үсэрч хөгжимчний толгой дээр буумаар өндөр үсрээд газар тэв хийтэл бууж, мөнгөн тахаар дагтарсан газрыг дүнгэнэтэл цохиж явган суун үсрэн харайн бүжиглэхэд нь, тэр хавьд гоёлын мөнгөн тах хангинан газар дүнгэнэж гопак, тропак гэдэг ширүүн бүжгийн пажигнах чимээ хол сонстож, тэр бүжигч олны дотор нэг сайн эр, бусдаас эрчимтэй бүжиглэж, хашхиран дэвхцэх нь онц байжээ.
Сэвлэг нь салхинд хийсэж, бяртай чийрэг хэнхдэгээ яраад өвлийн нэхий дээлтэй бүжиглэж байсан тэр эрийн хөлс бороо орох адил асгаж байсанд, Тарас Бульба, үгүй энэ халуунд дээлээ тайлж үзээч гэж билээ. Цаадах нь үгүй, болохгүй, болохгүй гэж хашхирав. Яагаад болохгүй юм билээ гэж асуухад нь болохгүй, болохгүй би тайлсан юмаа архинаас өгчихдөг хүн юмаа гэж билээ. Үзтэл тэр сайн эр бүс ч үгүй, алчуур ч үгүй, илүү дутуу юмаа хэдийн архинаас өгчихсөн эр байжээ. Тэр бүжиглэж байгаа олны хажууд амьтан хүрч ирсээр, хүн олон болж, зарим дуртай нь бас бүжиглэж дэлхий ертөнцөд хосгүй ширүүн шаламгай галзуу түргэн бүжиглэцгээж байгаа тэр олныг үзэхэд үнэхээр сэтгэл хөдлөм бөгөөд тэр сүрхий бүжгийг хасаг бүжиг гэж анх зохион гаргасан зоригт эрсийн нэрээр нэрлэдэг бүжиг байжээ.
Тарас тэр бүжиг харсаар айдаа мориноос буувал ч, би ч бас бүжиглэж үзэх юм сан гэж бахархан харж байв аа. Олныг харж байтал бүх Сечид гавьяатай, дарга явсан буурал, буурал сэвлэгтэнгүүд үзэгдэх болжээ. Тарасын таних үзэгдэх болов. Остап Андрий хоёрын чихэнд зай завсаргүй, а! Печериц уу? чи минь! за Козолуп сайн байна уу? Үгүй чи Тарас хаанаас гарч ирэв? Цүүн ч хаанаас гарч ирэв? За Кирдяга сайн байна уу? Густый сайн уу? Сур минь ээ! чамтайгаа ер уулзана гэж ер санаанд ч орсонгүй! гэж Дорнод оросын бүх зүг зовхисоос цугласан баатар эрс харилцан үнсэлцэж, бие биеэсээ сонин юу байна гэж асуулцан, за Касьян яасан бэ? Бородавка яасан бэ? Колонпёр юү хийж байна? Пидсыток хаа байна гэж, Тарасын асуухад Бородавакийг дайсан Толопанд дүүжилж алсан, Колопёрийн арьсыг дайсан Кизикерменд туламлан өвчиж алсан. Пидсытогийн толгойг туркчүүд давсалж хавчигт хийгээд хаан балгасан гэдэг Стамбулд явуулсан гэж хариу сонсоод баахан гуньхарч, тэр нөхдөө сайн хасаг эр байсан юм даа гэж ам дотроо үглэж явав.


III


italki
Сечид бараг долоо хонож хоёр хүү нь тэр завсар, цэргийн сургууль төдий л хийсэнгүй. Сечийнхэн цэргийн сургууль хийж цаг гарздан, түвэг чирэгдэл гаргах дургүй, залуу хүмүүсийг гагц туршлагаар дайн байлдаанд сургадаг байсан учир, дайн тасардаггүй байж билээ. Хоёр дайны хооронд завсар чөлөө гарвал, хасаг цэрэг бай буудах, хөдөө талд гөрөөс намнаж давхихаас өөр ямар ч хичээл сургууль хийдэггүй, чөлөө гарвал найр наргиан хийдэг байсан нь уужим самбаатай эрчүүл байжээ. Бүх Сечийг үзэхэд ер бусын сонин газар билээ. Байдал нь, нэг эхлээд, төгсгөл нь үзэгдэхгүй болсон их найр хуримын байдалтай, үргэлж хуримлан найрлаж байдаг газар билээ.
Зарим нэг хүн ур дарх хийж, зарим нэг хүн бага сага дэлгүүртэй наймаа хийж байдаг боловч, олонх нь өвөрт нь баахан мөнгө байгаад, наймаачин, архины пүүсийн эзний гарт ороогүй байвал, өглөөнөөс үдэш болтол архидан найрладаг байжээ. Ингэж нийгмээр найрладаг нь хүн амьтны сэтгэлийг татдаг, нийтийн найрын шинжтэй болжээ. Ингэж найрлаж байгаа нь ядарсан зовсондоо болж архи ууж согтуурдаг архичны наргиа биш, зугаатай их найр байдаг байжээ.
Сечид ирсэн хүн бүхэн, урьд сонирхон хийж байснаа мартаад, өнгөрсөн явдлаа сэтгэл зоволтгүй гээж, гэр орон гэж хойшоо татах татлаагүй, хөх тэнгэрийн дор сэтгэл тайван цэнгэлдэн найрлахаас өөр юм мэдэхгүй, эрх чөлөөтэй нөхөдтэйгөө нөхөрлөн найрладаг учир гайхам бахтай зугаатай байдаг байжээ.
Тийм бах цэнгэл, бус ямар ч шалтгаан нөхцөлөөс гарч чадахгүй ажээ. Газар суух нь сууж, хэвтэх нь хэвтэж амсхийн цугласны ярих хөөрөх нь тун ч инээдэмтэй, тун ч амттай байдаг учир Днеприйн боргионы хүн шиг, төв самбаатай хүн бүхэн бол ер тэсэхийн аргагүй инээд хүрмээр байдаг билээ. Одоо хүртэл өмнөд газрын орос хүн, тэр хэв заншлыг агуулж, царай нь төв болон барагтай юманд инээдэггүй шүү. Тэр цугласан олны наргих нь шуугиан ихтэй боловч, архины хар мухлагт намуухнаар шуугин уйтгараа сэргээхтэй адил биш, сургуулийн үетнүүдийн цуглан найрлаж байсантай адил, дотнын шинжтэй, гагцхүү сургуулийн нөхдийн цугласнаас ялгаатайг нь хэлбэл, багшийн модон үзгээр заахыг дагаж суудгийн оронд таван мянган моринд мордож уулгалан дайрдаг улс байжээ. Сургуульд бөмбөг тоглодог хайстай газрын оронд харуул сахиулгүй хилтэй улс байжээ.
Тэр хилийн нь хавьд хүрч ирсэн татар хүн, хурдан хөдөлдөг толгойгоо бөндгөнүүлж, ногоон бүс ороосон малгайтай турк хүн хүйтнээр ширтэн хардаг билээ. Сечийн тэр найрлан хурималчныг сургуулийн сурагч нөхөдтэй зүйрлэн үзэхэд ялгаатай байгаа нь бас олон сурагчийг албаар сургуульд нийлүүлдэг бол Сечийнхэн харин өөрийн сайн дураар эцэг эхийг орхиж гэр орноо хаяад, Сечь орох гэж ирсэн улс байдаг байжээ. Зарим нэг нь хүзүүндээ дүүжлүүлэх олс зүүлгээд, үхдэг цагаа үзэхийн даваан дээр амьдрах замаа олж, үхлээс мултран гарч найрлан наргисаар ирсэн улс байжээ. Зарим нь эд мөнгийг өвөртөө тогтоож чаддаггүй, олсноо үрэн таран үгүй хийдэг улс байжээ.
Зарим нь нэг төгрөгтэй болбол их мөнгөтэй боллоо гэж үздэг байгаад, газар түрээслэгч жүүдийн ачаар халаасыг урвуулсан ч унаж тусах мөнгөгүй болсон улс байж билээ. Сургуульдаа зодуулахаас оргож, номын нэг ч үсэг тогтоож чадсангүй, бурса сургуулийнхан байдаг билээ. Тэдний хамтаар бас Гораций цицерон гэдэг хэн гэдэг ямар улс байсан бэ? Бүгд Найрамдах Ром Улс гэж юү байсан бэ? гэдгийг мэддэг, мөнхүү сургуульд суралцан хичээж байсан улс ч дайралддаг билээ. Хуучин, вангийн цэрэгт гарамгай дайчин гавьяа байгуулсан офицер хүн ч байдаг билээ. Бас сайн хүн дайн байлдаан хийхгүй бол муухай хэрэг, хаа ч хэнтэй ч дайн хийсэн хамаагүй хэрэг гэж боддог хашир туршлагатай партизанууд ч байдаг байжээ.
Бас хожим, би ч гэсэн тэр Сечид байж үзсэн хашир эр юмаа гэж амьтанд гайхуулах гэж зориуд ирсэн улс ч ирсэн байдаг байжээ. Тэр Сечид цугласан олонд янзын улс байдаг билээ. Чухамхүү тэр цаг үеийн хэрэгцээгээр бүрдсэн нэг ёсны хачин Бүгд Найрамдах Улсын шинжтэй ажээ. Дайн хийж явах дуртай, алтан хотноо цомгор, алтан дукат, реал зоосонд дуртай хүн тэр газар хэзээ ч ажил олох байжээ. Гагцхүү эм хүүхэн эргүүлдэг улс, ашиг завшаан олохгүй байжээ.
Учрыг хэлбэл, Сечийн түүрэгт нэг ч эм хүн үзэгдэж зүрхлэхгүй, хориултай байжээ. Остап Андрий хоёр, тэдний Сечид ирээд байх үед өчнөөн төчнөөн хүн гаднаас ирээд, хэн ч тэднийг та нар юун улс яах гэж ирэв гэж асуудаггүй, эрх дураар нь агуулдагт их л гайхаж тэр олон ирүүл амьтны түр гадагш гарч ирээд гэртээ ирж байсан шиг чөлөөтэй явдгийг гайхдаг байлаа. Сечид шинэ ирсэн хүн жанжныд очоод жанжин нь за сайн байна уу? чи христос тэнгэрт шүтдэг үү? гэх төдийг л асуудаг байжээ. Тэхэд нь сайн байна. Шүтдэгээ гэдэг байжээ. За тэгвэл гурван эрдэнэд шүтдэг биз? гэж асуудаг байжээ, Шүтдэг ээ! гэхэд нь: Сүм дуганд мөргөх гэж очдог уу? гэдэг байжээ. Очдог оо гэхэд нь: Аль залбиран наманчлаад үз гэхэд нь, шинэ ирсэн хүн залбиран наманчилдаг байжээ. Тэхэд нь за болж, болж гээд аль дуртай хүрээндээ очиж цэрэгт элс! гэж хэлээд явуулдгаар Сечийн хасаг цэрэг болох бүх ёслол төгсдөг байжээ. Сечь нийгмээр ганц сүмд мөргөж, хэдийгээр бацаг сахих, буян үйлдэх гэдгийг сонсох ч дургүй байдаг боловч тэр сүмээ амь мэт сахин хамгаалахад бэлхэн байдаг билээ. Сечийнхэн наймаацалдах дургүй өвөр халааснаас хэдий мөнгө атгаж гаргавал, төдийг л өгдөг заншилтай учир, ашигт их шунасан жууд, армян, татаарууд амь хайргүй Сечид ирж, түүрэгт нь наймаа хийж суудаг байжээ. Гэвч ашигт шунасан тэр наймаа нарын эцсийн явдал хөөрхийлөлтэй, галт Везуви уулын хормойд суусан тариачинтай адил байсан улс байж билээ. Юү вэ гэхэд, Сечийнхэн мөнгө тангаар дутаад, ирэхдээ, тэр наймаа нарын лангууг хэмх дайрч, юмыг нь талан авдаг байж билээ.
Сечийнхэн, бүгд жар илүү хүрээ цэрэгт хуваагдаж хүрээ тус бүр бараг, тус тус тусгаар тогтносон улс шиг, өөрөөр зүйрлэж хэлбэл, хамаг бэлэн юман дээрээ суудаг, бурса сургуулийн танхимынхан шиг улс билээ. Сечийнхний хэнд нь ч өмчирхөх юм байдаггүй, хамаг юмаа хүрээний атаман гэдэг даргадаа хадгалуулж, тэр даргаа аав гэж дууддаг байжээ. Атаман аавын гарт эд мөнгө, хувцас хунар, саламат будаа, тулам хүртэл байдаг байжээ. Мөнгөтэй хүн мөнгөө ч хадгалуулдаг байжээ. Хүрээ цэрэг нь, хүрээтэйгээ хэрэлддэг байлаа. Хэрэлдээд тэр дороо зодолдож, талбай дүүрэн хүрээ цэрэг бужигнаж, зодоо хийсээр нэг тал нь дийлээд архидан найрладаг байжээ.
Залуу хүний дур сэтгэл татсан тэр Сечийн байдал тийм байж билээ.
Остап Андрий хоёр, тэр наргианы далайд залуу хүний хав гаргаж ороод, урьд сэтгэл санаанд нь орж байсан гэр орон, бурса сургууль хамаг юмаа мартаад, Сечийн наргиантай зугаатай ёс заншлыг сонирхон, дур зоргоороо байгаа тэр улсад дэндүү чанга гэж санагдмаар хатуу, амархан цааз хуулийг хүртэл сонирхон гайхжээ.
Хасаг цэрэг хулгай хийж ялимгүй юм авсан боловч, бүх хасаг цэргийн нэр сүрийг гутаасан муухай хэрэг гэж үздэг учир ёс алдсан амьтан гэж хулгайчийг ичээх баганад уяад дэргэд нь шийдэм тавьдаг байжээ. Түүний дэргэдүүр гарсан хүн тэр шийдмээр нэг цохидог ёстой байжээ. Тэг тэгсээр үхтэл нь цохидог байжээ. Өрөө төлж чадахгүй хүнийг үхэр буунд гинжээр гинжлээд, өрөвдсөн нөхдөөс нь өрийг төлж гаргатал гинжилдэг байжээ. Үүнд Андрийн сэтгэлд их л сүртэй үзэгдсэн нэгэн зүйлийг дурдвал: Хүн алсан хүнийг сүрхий цаазаар аваачдагаас их л сүрдэж билээ. Андрийг харсаар байтал, нүх ухаад, хүн алсан хүнийг амьдаар нь тэр нүхэнд хийгээд, дээрээс нь өнөөх алуулсан хүний хүүртэй авс тавиад, үхсэн амьд хоёр хүнийг шороогоор булахад Андрий их л сүрдэж, хожим нүдэнд нь дээрээ австай хүүр тавиулаад амьдаар булуулсан тэр хүн үзэгддэг байж билээ.
Тэг тэгсээр, хоёр залуу эр, бусад хасаг цэргийн дунд сайн нэртэй болж, цэргийн хүрээний нөхөдтэй хамт, мөн бусад зэргэлдээ цэргийн хүрээнийхэнтэй хамт хээр гарч тоо томшгүй олон хээрийн шувуу, буга гөрөөс буудах гэж явдаг боллоо. Бас цэргийн хүрээ тутамд, шодож байгаад олгосон, гол горхиноос загас хавчиж бүх цэргийн хүрээний хүнсэнд нийлүүлэх гэж явдаг болж билээ.
Ингэж явахад хасаг эрийн чадлыг үзүүлэх эрдэм хав хэдий хэрэглэх газаргүй боловч, манай хоёр залуу бусад залуу нөхдийн дундаас идэрхэг зоригтой юм бүхэнд азтай байдлаар товойж гараад, бай буудахдаа мэргэн, бас Днепр их мөрний урсгал өөд сөрөн усчилж гардгаараа ямар ч шинэ хүнийг хасаг цэргийн тоонд үг дуугүй оруулдаг тэр шалгалтыг давж гарсан хоёр залуу билээ.
Гэвч өвгөн Тарас хоёр хүүдээ өөр зүйлийн ажилтай болгохыг хүсэж, дэмий хэвтүүлэх дургүй, ёстой эр хүний ажил хийвэл зохино гэж бодсоор баатар эрийн эрэлхэг явдалд бүх Сечийнхнийг хөдөлгөх арга сүвэгчилж, нэг ухаан олоод, бүх хасаг цэргийн жанжинд нэг өдөр очоод:
— За жанжин минь, Сечийнхэн эр чадлаа нэг гаргавал зүгээр юм биш үү гэхэд нь цэргийн жанжин амандаа зуусан бяцхан гаансаа аваад хажуу тийш нэг нулимаад;
— Эр чадал гаргах газар алга даа гэж хариулж билээ.
— Яагаад газар алга гэж? Турк, Татартай байлдвал яадаг юм бэ? гэхэд нь жанжин гаансаа дахин амандаа зуугаад хэнэггүй өгүүлрүүн;
— Турк, Татаарын алинд нь ч халдаж болохгүй гэжээ.
— Яагаад болдоггүй юм бэ? гэхэд нь,
— Бид Султан хаанд нь найрамдах гэж ам алдсан билээ гэхэд нь,
— Үгүй тэр чинь тэрсүүд буруу номтой улс юм биш үү? Бурхан номын ёсонд буруу номтныг даран сөнөөж байх ёстой биш билүү гэхэд нь,
— Тэр болохгүй, бид бурхан номоороо тангараглан ам алдсан билээ. Эс тэгвэл бас ч нэг учир байж болох юм сан гэхэд нь,
— Яагаад болохгүй юм бэ? Чи юу хэлж байгаа хүн бэ? Би хоёр хүүгээ энэ рүү авчирсан шүү. Тэр хоёр залуу хүн болсоор цэрэг дайнд явж үзээгүй улс билээ. Тэхэд чинь тэр болохгүй гэдэг чинь ямар үг вэ? гэхэд нь,
— Болохгүй болсноос хойш яая гэхэв? гэтэл,
— Хасаг эрийн баатар чадал зориг нь талаар үрэгдэх ёстой болж уу ? Эх орондоо, христос шашиндаа ч тус болж чадахгүй, буянтай сайн үйлс хийж чадахгүй, нохой шиг дэмий үхэх цаг байгаа хэрэг үү? Бидний ингэж зүгээр суудаг маань ямар золигтой хэрэгтэй юм бэ? Чи ухаантай хүн, чамайг жанжин тавьж сонгохдоо учир мэдэх хүн гэж сонгосон байх. Бидний ингэж дэмий хэвтдэгийн хэрэг юү вэ? Чи надад түүний учрыг хэлж өг гэж Тарасын шахахад Сечийн цэргийн жанжин, хариу өгсөнгүй их хөшүүд зантай хасаг цэрэг байжээ. Баахан чимээгүй байгаад:
— Үгүй дайн хийж болохгүй гэж хэлж билээ. Тарас дахин асууж:
— Дайн хийж болохгүй болов уу? гэхэд нь,
— Болохгүй нь дэг ээ гэхэд нь,
— Ер горьдлогогүй юү? гэхэд,
— Горьгүй дээ гэж билээ.
Тарас дотроо их л хорсоод, чамайг даа, муу золигийг, би нэг сайхан чадъя даа гэж зориглоод, үүгээр түүгээр амьтантай сэм хуйвалдаад найр хийж, хэдэн согтуу хасаг цэрэг, чуулган чуулахыг зарладаг харангыг модноос уясан өргөн талбайд очоод, харанга цохих дохиур дохиурчинд байхгүйд нь түлээнээс мод авч нүүр нүдгүй балбахад нь, нойрт дарагдсан өрөөсөн нүдтэй өндөр дохиурч гүйж ирээд:
— Ямар амьтан, аймшиггүй харанга цохив гэж хашхирвал согтуу дарга нар;
— Дуугүй бай! Хүн харанга цохиж байхад чи бушуухан дохиураа авч ирээд цохилц гэж загнаж билээ.
Хэрэг ийм болбол ингэхээс зайлахгүй гэдгийг мэддэг хашир дохиурч өврөөсөө дохиураа гаргаж, учир начиргүй харанга хангинуулж, удалгүй тал талаас олон зөгий цугласан юм шиг, Сечийн хасаг эрс бөөн бөөнөөр цуглаж эхлэв. Цугласан бүгдийг нь хүрээлэн зогсоход харанга гуравдугаар удаа цохимогц цэргийн жанжин гартаа бялуугаа барьж цэргийн шүүлэнг, цэргийн тамга барьж, цэргийн бичээч бэх нагвумаа барьж, цэргийн засуул дарга ёслолын сорив таяг барьж хүрч ирээд жанжин дарга нар малгайгаа авч ташаагаа тулж, их зантай зогсож байсан олон хасаг цэргийн зүг мэхийн ёслоод;
— Энэ хурал чуулган зарладаг учир юу билээ? Эрхмүүд юуг хүсэв гэж жанжны асуутал өөдөөс хараан хашхиралдаж үг хэлүүлсэнгүй.
— Золигийн хархүү бялуугаа хураалга, бялуугаа хураалга, чамаар жанжин хийхээ байя гэж хашхирцгаан, зарим согтоогүй хасаг цэрэг тэхийг дургүйцэн эсэргүүцэхийг завдмагц эрүүл согтуу хүрээнийхэн зодолдож, улам их бужигнан шуугив. Цэргийн жанжин үг хэлэх гэтлээ байдал нэгэнт ийм болсон учир дур зоргоор аашилдаг энэ олон амьтанд зодуулах болов уу гэж айгаад, үг дуугүй мэхийн ёслоод, жанжны тэмдэг болсон бялуугаа тавиад, олны дотор шурган оржээ. Цэргийн шүүлэнги, бичээч, засуул гурав бэх нагбум, цэргийн тамга, сорив таягаа тавих гэж зэхээд,
— Бид бас ёслолынхоо тэмдгийг орхих уу? эрхмүүдээ? гэж асуув.
— Үгүй та нар тушаалдаа хэвээр байцгаа! Бид жанжнаа эм хүн шиг өөдгүй амьтан байсан учир хөөж байгаагаас та нар хамаагүй. Бид жанжинд эр зоригтой хүнийг сонгоно гэж олны дотроос хашхирцгааж, дарга нар:
— За эрхмүүд, одоо хэнийг жанжинд сонгох билээ гэж асуув. Олон цэргийн зарим нь Кукубенкийг сонгоно! гэж хашхираад зарим нь үгүй Кукубенкийг сонгохгүй, нас нь бага шар завжтай зулзага биш үү гэж хашхирч:
— Шөвгөн хүүгээр жанжин тавья! гэж хашхирахад, шил рүү шөвгөө шаа! Тэр нохойн гөлөг татар хүн шиг хулгай хийдэг амьтан. Тэр архич Шөвөг ямар золигоо хийдэг юм гэж хашхиралдан, Сахалтыг, Сахалтыг жанжин тавья! гэж хашхиртал; Сахалтаар жанжин тавихгүй, Сахалтыг чөтгөр аваачиг гэж шуугилдаж билээ.
Тарас сэм шивнэн, Кирдягийг сонгоно гэж хашхир гэж хэдэн хасагт хэлмэгц,
— Кирдягийг, Кирдягийг сонгоё! Сахалтыг, Сахалтыг сонгоё! Шөвгийг сонгоё! талий цаашаа Шөвөгтэйгээ! Кирдягийг гэж бужигнан шуугьсанд нэр гарсан улс олны дотроос ялгаран гараад, биеэ сонгуулах гэж бусдыг өдөөн хатгасан биш гэдгээ үзүүлэх гэж олноос ялгаран онцгойдуу зогсвол, Кирдягийг, Кирдягийг гэж хашхиралдах нь улам чимээтэй болж, ондоо хүний нэр гаргасныг зодож нүдэлдсээр, Кирдягийг сонгох талынхан нь дийлж:
— За Кирдягийг аваад ир! гэж хашхиралдвал, арваад хүн Кирдягийн хойноос очихоор болж, зарим нь согтуу хөлчүүгийн учир, хөл дээрээ арай гэж тогтож ядан, Кирдягийнд очиж жанжин сонгон өргөмжилснийг мэдэгдэв.
Кирдяг гэдэг өвгөжөөр, сүрхий цовоо хэрсүү хасаг эр, өөрийнхөө цэргийн хүрээнд огт юм мэдээ ч үгүй болж суусан дүрэм үзүүлж, за эрхмүүд юү гэж ирэв гэж асуувал:
— Яв! чамайг бүх Сечийн жанжин болгосон шүү гэхэд нь:
— Өршөөж хайрла дүү нар минь. Өчүүхэн миний бие яаж цэргийн их жанжин болдог юм билээ? Тийм чухал тушаалыг явуулахад миний ухаан ч хүрэхгүй, энэ их цэргийн дунд надаас дээр хүн олдсонгүй гэж үү дээ? гэхэд нь:
— Чамайг яв гэм! гэж хашхираад, хоёр цэрэг сугадан чирч, Кирдягийн яаж ч очихгүй гэж эсэргүүцэхэд хүчээр чирч, харааж ёворсоор, золигийн хүү чи битгий ухраад бай! Олны ёслон хүндэтгэж байхад, чи хүлээх ёстой гэж загнаж түлхсээр цэргийн чуулганд авчраад, Кирдягийг авчирсан эрчүүд, олны зүг хандаж:
— За эрхмүүдээ! энэ хасаг цэргээр жанжин тавивал ямар вэ? гэж асуухад нь тавья! гэж бүгдээрээ талаар дүүрэн хүнгэнэтэл хашхирч билээ. Цэргийн нэг дарга жанжны бялууг авч шинэ сонгосон жанжинд баривал, Кирдяг ёс дагаж, анх удаад нь авахгүй гэж татгалзав. Дарга тэр бялууг дахин өргөв. Кирдяг мөн авахгүй гээд, гурав дахь удаад сая тогтоож авбал, олон бүгдээр зөв зөв гэж хүнгэнэн хашхирч олны дундаас хамгийн өвгөн настай дөрвөн буурал хасаг эр гарч ирэв: (Сечийнхний хэн нь ч, өөрийн үхлээр үхдэггүй дайнд нас бардаг учир тийн их настай хүн байдаггүй байжээ).
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Тарас Бульба - Монгол хэл - 3
  • Büleklär
  • Тарас Бульба - Монгол хэл - 1
    Süzlärneñ gomumi sanı 4438
    Unikal süzlärneñ gomumi sanı 2192
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 2
    Süzlärneñ gomumi sanı 4542
    Unikal süzlärneñ gomumi sanı 2137
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 3
    Süzlärneñ gomumi sanı 4609
    Unikal süzlärneñ gomumi sanı 2029
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 4
    Süzlärneñ gomumi sanı 4258
    Unikal süzlärneñ gomumi sanı 1986
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 5
    Süzlärneñ gomumi sanı 4580
    Unikal süzlärneñ gomumi sanı 1958
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 6
    Süzlärneñ gomumi sanı 4460
    Unikal süzlärneñ gomumi sanı 2060
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 7
    Süzlärneñ gomumi sanı 4266
    Unikal süzlärneñ gomumi sanı 2092
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 8
    Süzlärneñ gomumi sanı 4665
    Unikal süzlärneñ gomumi sanı 2080
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Тарас Бульба - Монгол хэл - 9
    Süzlärneñ gomumi sanı 2881
    Unikal süzlärneñ gomumi sanı 1714
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.