Latin

Сүүлчийн Могикан - 10

Süzlärneñ gomumi sanı 4409
Unikal süzlärneñ gomumi sanı 1982
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Тийм, тийм, би санаж байна хүү минь. Таны үг тодорхой нуух хаах юмгүй байсан. Харин эрхэм та миний охинтой мөн л тийм тодорхой ярьсан уу? гэж асуултаар үгээ төгсгөвөл
— Огт үгүй гэдгээ хэлье! Хэрэв би өөрийнхөө эрх мэдлийг ашиглан тийм үг цухуйлгасан бол таны итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг болох байсан шүү дээ гэж Дункан бараг хашхирах шахав.
— Хошууч Хейворд та үнэхээр эрхэм хүний санадгийг сахидаг юм байна, ийм хүн л ёстой сайн даа. Гэтэл Мунрогийн Кора бол даруу зантай учраас хэн нэгний байтугай, эцгийнхээ ч асрамж авахгүй хүн шүү гэж өвгөн хэлсэн тул
— Кора ий? гэж Хейворд гайхвал
— Тийм ээ, Кора, та бид хоёр чинь Мунро хатагтайд таны дуртайн тухай ярьж байгаа биз дээ, эрхэм ээ? гэжээ.
— Би... би... би... нэрийг нь хэлээгүй шиг билээ дээ гэж Дункан санд мэнд ээрэн хэлсэнд
— Тэгвэл хошууч Хейворд та хэний нь хүссэн юм бэ? гэж бодсон санасан нь буруу болсонд гомдсоноо нуулгүй ахмад дайчныг асуухад
— Танд өөр, саяныхаас дутуугүй сайхан охин бий шүү дээ гэж Хейворд хэлэв.
— Алиса юу? гэж өвгөн тун сая Дункан их охины нь нэрийг гайхан цочирдож асуусан шигээр дуу алдсанд
— Тийм ээ, би түүнд тань дуртай гэж Дункан давгүй хэлжээ.
Тэгээд хэлсэн үгэнд нь Мунро хэрхэн хандахыг хүлээн дуугүй байв. Хурандаа өрөөн дотроо удтал нааш цааш алхав. Түүний ширүүн дүртэй нүүр нь үе үе татав татав гээд, их л гүн бодолд автсан мэт байлаа. Тэгж тэгж өвгөн, Хейвордын өөдөөс харан зогсоод нүд рүү нь эгцлэн ширтэж
— Дункан аа, би танай судсанд хэний цус гүйж байгааг мэдэх учраас танд хайртай байдаг юм. Бас танай хувийн зан чанарт би дуртай. Явсаар байгаад та охиныг минь жаргааж чадна гэж бодоод бүр ч дуртай болсон. Харин миний хар санаж байгаа тэр зүйл үнэн байхад хүрвэл миний бүх хайр ивээл тэр чигээрээ үзэн ядах үзэл болж хувирна шүү гэв.
— Миний ямар нэгэн үйл ажил юм уу, бодол санаа тийм муухай өөрчлөлт хэзээ ч гаргахгүй гэж Мунрогийн өөдөөс огтхон нүд далдиралгүй харж байсан залуу хүн ам шүд алдав.
Өвгөн, Дунканыг миний сэтгэлийг хөдөлгөж байгаа тэр зүйлийг ойлгосонгүй дээ гэж бодсонгүй хэр нь, түүний царай хувьсхийхийг харж уяраад нэлээд тайвнаар
— Дункан та миний хүү болъё гэдэг хүсэлтэй байгаа юм байна, гэтэл та эцгээ болгоё гэж байгаа хүнийхээ намтрыг огт мэдэхгүй. Залуу нөхөр минь суу, би танд товч хэдэн үгээр сэтгэл зүрхнийхээ шархыг хөндөн яриад орхиё... гэлээ.
Энэхэн минутад Монкальмын хэлүүлсэн ам даалгаврыг авчирсан Дункан ч авах ёстой Мунро ч, аль аль нь адилхан мартсан байжээ. Тэр хоёр хоёулаа сандлаа ойртуулан суулаа. Тэгээд ахмад дайчныг ямархан нэгэн маш гунигтай юм бодож буй бололтой хэсэг дуугүй байх зуур залуу дарга тэсэж ядан хүлээж байгаагаа мэдэгдэхгүйг хичээхдээ их л анхааран хүндэтгэж байгаа дүр үзүүллээ. Тэгж тэгж Мунро ам нээхдээ:
— Хейворд хошууч! Би таны насан дээр байхдаа Шотландын зэгсэн баяны ганц охин Алиса Грэхемтэй үнэнч явахын үг солилцсон юм сан. Гэтэл Алисагийн аав бид хоёрыг суулгах дургүй байлаа. Энэ нь миний ядуугаас ч болсон юм биш. Иймээс би шударга хүний ёсоор залуу хүүхэнд үгийг нь буцааж өгөөд, өөрөө эх орноо орхин явж билээ. Би олон харь орон үзэж, олон янзын нутагт их ч цус асгаруулсан. Тэгсээр байгаад цэрэг хүний үүрэг ёсоор Баруун-Энэтхэгийн аралд ирсэн юм. Тэнд ирээд нэг бүсгүйтэй танилцсан минь, миний эхнэр, Корагийн ээж болсон тэр хүүхэн энэ арлын унаган хүний охин байсан бөгөөд эх нь аз дутахад ингэж л хэлэхээс өөр юу гэж хэлэх вэ дээ, баян тарган хүмүүсийн босгоны шороо зөөдөг боол болж хоцорсон хүмүүсийн үр удам байжээ. Харин одоо миний охинд тэр үзлийн үүднээс хандаж нүд үзүүрлэх хүн гарах юм бол миний хамаг уур хилэнг амсаж сална вий. Хошууч Хейворд та өөрөө эрлийз хүнийг доод арьстанд тооцдог өмнө зүгт төрсөн хүн шүү дээ гэж ярьсанд
— Аз дутахад тийм ээ, эрхэм минь гэж Дункан хэлчхээд зовохдоо доошоо харав.
— Миний охиныг та тэгж зэмлэх үү? Хэдийгээр Кора сайн сайхан ч гэсэн та түүнийг «доод» арьстанд тоолоод Хейворд овогтны цусыг бузарлахгүй гэж бодох юм биш биз? гэж Мунро эгдүүцэн хэлэхэд нь
— Надад хэзээ боловч тийм муухай зэрлэг, хүнлэг бус бодол төрөхгүй! Харин, эрхэм хурандаа, таны бага охины үзэсгэлэн гоо, ариун нандин, даруу төлөв чанар миний сэтгэлд даанч их нийцэж байгаа учраас та намайг ингэж шударга бусаар зэмлэхийн хэрэг алга байна гэж Дункан хариулав.
— Эрхэм ээ,таны хэлдэг зөв гэж өвгөний дуу намуухан болоод бүр ч энхрийлсэн өнгөтэй болж, — Энэ охин эхийгээ өвчсөн юм шиг дуурайсан байгаа юм. Грэхем хатагтайг сэтгэлийн зовлонд унаагүй байх үеийнхтэй нь жигтэйхэн адилхан шүү. Би анхныхаа авгайг нас барахад Шотланд руугаа буцсан. Гэтэл харин Дункан та бод л доо! Алиса Грэхем хорин жилийн турш, урваад явсан намайг дурсан санасаар хүнтэй суугаагүй гав ганцаархнаа хүлээж байсан юм шүү. Тэгээд л тэр хүүхэн ч миний урвасныг умартаад, бүх саад хавчлага арилахад миний эхнэр болохыг зөвшөөрсөн билээ гэж ярихад
— Тэгээд Алисаг төрүүлсэн юм уу? гэж Дункан дуу алдав.
— Тийм ээ, Би түүнтэйгээ ганцхан жил л амьдарсан даа. Энэ бол залуу зандан насаа дэмий уйдаж өнгөрөөсөн түүний минь түр зуурын жаргал байжээ гэж өвгөн хэлэв.
Өвгөний гуниглан уйтгарлах нь сүртэй ч юм шиг, аймаар ч юм шиг байсан тул Хейворд тайтгаруулах үг хэлж зүрхэлсэнгүй. Мунро, Дунканы байгааг ч мартчихаад зовон шаналсан царай, нүднээсээ бөмбөрөн гарах том том нулимсыг халхалсангүй дуугүй сууснаа гэнэт сэхээ авах мэт болоод суудлаасаа босож өрөөн дотуураа алхаад Дунканы өөдөөс харан зогсмогц
— Хошууч Хейворд та Монкальмын ямар нэг даалгаврыг надад хэлэх гэсэн бил үү? гэж ширүүхэн асуужээ.
Дункан ч өөрцгүй мөн л агшин зуурт цочмогдож барьц алдсан боловч дорхноо биеэ барьж франц даргын хэлснийг бараг мартах шахсанаа эвлүүлэн хэлбэл өвгөн ихэд уурсан хилэгнэж
— Хошууч Хейворд, таны хэлсэн зүйл хангалттай боллоо. Миний танаас дуулсан юмаар франц хүний нялуун зангийн тухай бүхэл бүтэн боть бичиж болох байх. Тэр эрхэм, гавьяа чадвар төгс орлогчоо явуулж байхад минь бас намайг ирж хэлэлцээр хий гэсэн байна шүү. Дункан аа, та хэдийгээр нас залуу ч таныг ингэж хэлж болно. Тэгсэн хэр нь надад тодорхой хариу хэлэхгүй байна гэнэ ээ, чамайг даа! гэж хашхирах шахан үгийг нь тасалжээ.
— Монкальм, таны төлөөний хүнийг тийм сүрхий сайн хүнд тооцоогүй байж болох шүү дээ, эрхэм ээ! Түүний давтан хэлж байгаа урилга нь хориглолтын комендантад илгээгдсэн болохоос бус түүний туслагчид биш гэдгийг та сана л даа гэвэл
— Тэгвэл орлогч дарга, даалгавар өгч байгаа хүнийхээ бүх эрх мэдэл, нэр хүндийг эдэлдэггүй юм гэж үү? Франц дарга, Мунротой уулзах хүсэлтэй гэнэ ээ! Хэдийгээр түүний цэрэг олон, бүх талаар давуутай ч бид хатуу бодлоосоо ангижрахгүй хэвээрээ байна гэдгээ наад зах нь үзүүлэхийн тулд түүний шаардлагыг биелүүлмээр санагдаад байх боллоо. Залуу минь, тийм ажиллагаа муу бус улс төрийн бодлого болох байх гэж би бодож байна гэж өвгөн хэлэв.
Тагнуулчийн булаалгасан захианы утгыг даруй түргэн мэдэх нь хамгийн чухал гэж үзэж байсан Дункан Мунрогийн саналыг дуртай зөвшөөрч
— Франц генерал таны өчүүхэн ч сандраагүй байхыг үзвэл тийм сайхан сэтгэлтэй салахгүй нь мэдээж гэв.
— Та үүнээс илүү шударга дүгнэлт хэлж байгаагүй билээ гэж хурандаа хэлбэл
— Ирэх уулзалттай холбогдуулж та ямар арга хэмжээ авах вэ? гэж Дункан асуужээ.
— Би тэр францтай уулзана, уулзах уулзахдаа одоохон айх юмгүй учирна. Хошууч Хейворд та явагтун! Хүн явуулж тэдний лагерь луу хэн очих болсныг францчуудад мэдэгдэгтүн. Бид бяцхан баг цэрэг авч явна. Дункан аа, сонсоорой гээд хурандаа өрөөнд хоёулхнаа байсан хэр нь бараг шивнэх шахам
— Энэ бүх явдалд урван тэрслэх, хэлсэн үгнээсээ буцах хар санаа байж магадгүй гэж үзвэл туслах отрядыг ойролцоогоо авч явсан нь дээр байж болох юм биш үү? гэв.
Залуу эрийг тэдний өрөөнөөс гарахад оройхон болж байсан тул шаардагдах бүх заавар өгөхөөр яаран явжээ. Хэдэн минут болоход тэрээр цэрэг жагсаагаад францын лагерь луу дарцаг бүхий элч илгээж, хориглолтын дарга очих гэж байгааг мэдэгдчихсэн байлаа. Хейворд энэ бүхнийг жин тан болгоод цөөн дагалдан хамгаалагч авч баруун хаалган дээр ирэхэд комендант нь Монкальм руу очиход бэлэн зэлэн болоод өөрийг нь хүлээж байжээ. Ердийн ёслол болсны дараахан комендант, залуу нөхрийн хамт дагалдан хамгаалагч нараа аваад хэрмээс гарч явлаа.
Тэднийг бэхлэлтээс зуу гаруй метр холдоод байхад хориглолт ба бүслэгчдийн их бууны байр хоёрыг тусгаарласан горхи урсдаг хотгорт франц генералын бараа бологсод угтан айсуй нь үзэгдэв. Хэрмээс гарч явснаас хойш Мунрогийн бие өндөр сүрлэг, нүүр царай нь ихэмсэг, бардам болжээ. Хурандаа Монкальмын малгайн оройд дэрвэгэнэн хийсэх цагаан өдийг хармагц нүд нь гялалзаад, туулж өнгөрүүлсэн бүх амьдралын ул мөр чийрэг зузаан биеэс нь хоромхон зуур алга болох шиг санагдлаа
— Эрхэм ээ, өөрийнхөө цэргүүдэд сэрэмжтэй байцгаа гэж тушаагтун гэж Мунро, Дунканд аяархан хэлэв.
Ойртон ирэх францын отрядын бөмбөрийн дуун өвгөний үгийг таслав. Англичууд мөн тийм дуугаар хариу ёслол үйлдлээ. Отряд тус бүрээс цагаан дарцаг барьсан хүн урагш ялгаран гарахад ахмад дайчин хаширлан зогсжээ. Английн дагалдан хамгаалагчид хажууд нь зогсоцгоолоо. Цэргийн ёсоор товчхон мэндлэлцсэний дараа Монкальм сэвэлзтэл алхалсаар Мунрогийн урдаас ирж, малгайгаа авахад түүний малгайн оройн цасан цагаан өд бараг л газар шүргэв.
Мунрогийн биеэ авч байгаа байдалд сүрлэг эрэлхэг шинж байвч франц даргынх шиг тайван, залирхаг эелдэг зан алга байжээ. Тэр хоёрын аль алин нь үг дуугаралгүй хэдэн хором зогсож, бие биеэ айхтар ажиглан ширтэцгээв. Тэгж тэгж ахмад цолтойгоороо ч гэсэн, уулзах санал тавьснаараа ч гэсэн арга буюу франц дарга түрүүлэн ам нээх болов. Ёс болсон баяр хүргэлтийн дараа Монкальм Дунканы зүг инээмсэглэн танилын ёсоор хандаад
— Бидний ярианд та байлцах гэж байгаад би их баярлаж байна. Одоо бидэнд хэлмэрчийн туслалцаа авах хэрэгцээ алга гэж бодно. Учир нь таныг миний үгийг дамжуулахдаа яг л би өөрөө англи хэлээр ярьсан шиг зөв нарийн орчуулна байх гэж найдаж байна хэмээн францаар хэлжээ.
Дункан толгой мэхийн зөвшөөрөв.
Монкальм, английн бяцхан отрядыг дуурайн өөрийнх нь дэргэд ирсэн дагалдан хамгаалагч нартаа хандаж:
— Хүүхдүүд ээ, гэдрэгээ болцгоо! Жаахан хойшоо болцгоо! гэж хэлэв.
Хейворд хошууч итгэж байгаагаа үзүүлэхийн тулд мөн тийм үг хэлэхээсээ өмнө хотгор дагуулан харвал ойн ширэнгэн дотроос олон тооны индиан өлийн цухуйж, хоёр жанжны уулзалтыг сонирхон харцгааж байлаа.
Тиймийн учир хошууч, бараг зүг бүрд шахам харагдаж байгаа хүрэн арьстны зүг зааж:
italki
— Эрхэм Монкальм та бидний байдал ямар ялгаатай байгааг харж байгаа биз дээ. Бид өөрсдийхөө бие хамгаалагчийг буцаачихвал тэр чигээрээ дайсны гарт орчхож болох юм биш үү гэж жаахан дургүйлхэх маягтай хэлсэнд
— Хошууч аа, та нарыг аюулаас хамгаалж байна гэдгийг танд амласан шүү дээ гэж Монкальм гараараа зүрхэн тушаагаа даран хариулаад, — Ингээд байхад л болох юм шиг санагдаж байна гэжээ.
Дункан английн дагалдан хамгаалагчдыг толгойлсон даргад
— За, та минь гэдрэгээ болцгоо! Бидний яриаг дуулахгүй болтол ухарцгаа, тэгээд тушаал авахад бэлэн байгтун гэж хэлэв.
Мунро, хамгаалагч нарынхаа ухрахыг хараад илтэд санаа зовж, ямар учиртай ингэх болсныг даруй тайлбарлахыг хүссэн тул
— Эрхэм ээ, итгэхгүй байгаа дүр үзүүлэх нь бидэнд ашиг болохгүй. Эрхэм Монкальм бидний аюулгүй байдлыг хангана гэж үнэнчээр амлаж байна. Тийм учраас би дагалдан хамгаалагч нараа гэдрэг болгож эдний үгэнд итгэж байгаагаа үзүүлье гэж бодсон юм хэмээн Дункан таниуллаа.
— Энэ явдал үнэхээр шударга зөв байж болох юм. Гэхдээ би энэ даргын үгийг төдийлөн их итгэхгүй л байна шүү гэж хурандааг хэлэхээр Дункан:
— Эрхэм минь, бид Европ, Америкийн аль алинд нь алдраа дуурьсгасан даргатай ярилцаж байгаагаа та мартаж байна. Ийм их нэр хүндтэй хүнээс айх юм ердөө ч байхгүй гэж хэлжээ.
Өвгөн өөр яах билээ дээ гэсэн байртай гараа дэлгээд дуугүй болжээ.
Монкальм аяархан ярилцах яриаг тэвчээртэй хүлээж нэлээд байгаад Мунро руу ойртон ирж хэлэлцээр хийх яриагаа эхлэхдээ
— Хошууч аа, танай даргатай ингэж уулзахыг хүссэн явдал бол энэ хүнийг өөрийн хаан эзний нэр төрийг хадгалахын тулд хэрэгтэй бүхнийг хийсэн гэдгийг нь зөвшөөрөн батлаад, хүн хүнээ энэрэх үзлийг баримтална уу гэж ойлгуулах гэсэн юм. Би хаана хэдийд боловч танай даргыг эрэлхгээр эсэргүүцэн тулалдсан, дайсныг няцаах сүүлчийн ганц найдвараа алдталаа бууж өгөөгүй юм шүү гэдгийг магтан сайшааж явах болно гэж ярьжээ.
Дункан энэ үгийг өвгөн комендантад орчуулж өгсөнд Мунро маш их буурьтай ихэмсэг хэр нь эелдэг байдлаар
— Таны гэрчлэн ярих тэр зүйл аргагүй л үнэтэй хэрэг мөн боловч би тэгж магтагдах зүйлээ дуусан дуустал нь хийсэн бол бүр чиг жинтэй болмоор юм шиг санагдаж байна гэв.
Хурандаагийн үгийг Хейворд орчуулж өгөхөд Монкальм инээмсэглээд
— Огтын хэрэггүй үр ашиггүйгээр зөрүүдлэн зүтгэсний дараа миний саяын хэлдэг зүйлүүд хэлэх хэрэггүй зүйл болчих юм биш байгаа гэж би бодно. Эрхэм хурандаа, манай лагерийг биеэрээ үзэж, манай цэргийн тоог мэдээд эсэргүүцээд амжилт олохгүй гэдэгт итгэвэл дээргүй сэн болов уу? гэхэд
— Францын хааны цэрэг сайн гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ манай хаан эзэн ч гэсэн бас л тийм хүчтэй бөгөөд үнэнч цэрэгтэй юм шүү гэж англи дарга туйлбартай хариулсаар байлаа.
— Бидний аз болоход таны хэлдэг тэр хүчтэй цэрэг алга байх шив дээ гэж Монкальм хэлэв.
Тэгэхэд нь Мунро эгдүүцэн:
— Хейворд оо, франц генералыг яндан дурангаа аваад Гузон тийш харвал болох сон бол уу гэж байна гэж хэлээдэх. Бас бид генерал Вэббийн хүчний туслалцааг хэдийд хаагуур авахыг маань мэдэж байгаа юм уу, үгүй юу гэж асуугаадах гэв.
Аргат Монкальм:
— Генерал Вэбб танд өөрөө хариулаг л даа гэж хэлээд гэнэт задгай захиа гаргаж Мунро руу сарвайн, — Май эрхэм хурандаа минь, генерал Вэббийн отряд миний армийг айлгахгүй байгааг та эндээс үзэж мэдэх болно гэжээ.
Ахмад дайчин, франц даргын үгийг орчуулахыг хүлээлгүй тэр цаасыг нь шүүрэн авахыг үзвэл тэрээр тэрхүү булаагдсан захиаг маш чухал зүйлд тооцож байгаа нь илэрчээ. Мунро захианы мөр дагуулан маш хурдан унших тутмаа аажмаар дайчин эрийн цог хийморь нь буураад гүн их уйтгарт дарагдах мэт болжээ. Комендантын уруул татваганаж, барьсан захиагаа газар алдаж, ганцхан цохилтоор бүх найдвар нь баларсан хүний байдлаар толгойгоо сүр сүлдгүй унжууллаа. Дункан захиаг газраас авч, чөлөөтэй загнаж байгаадаа уучлал ч гуйсангүй түүний хэцүү утгатайг нь уншиж мэдэв. Генерал Вэбб Мунрод эсэргүүцэхийг зөвлөөгүйгээр үл барам Уильям-Генрийн комендант ганц ч хүн явуулан туслах бололцоогүй байгаа учраас хориглолтыг бушуу түргэн буулгах хэрэгтэй гэж зөвлөжээ.
— Үнэн л юм байна даа. Вэббийн гарын үсэг байж байна. Нөгөө булаалгасан захиа энэ мөн байх нь гэж Дункан захиаг ар өвөргүй харж хэлбэл
— Вэбб намайг чадлаа даа! Тэр хэзээ ч муу муухай шившгийн юм дуулгаагүй гэр бүлийн нэрийг хөөдлөө, буурал толгойг минь ингэж шарах гэж дээ! гэж Мунро гашуудан дуун алдахад
— Битгий тэгж яригтун! Бид одоо хэрмийн эзэн, манай цэргийн нэр төрийн эзэн хэвээрээ байна! Өөрсдийнхөө амь биеийг дайсанд асар их үнээр худалдъя, тэгэхэд дайсан үнэрхэх байх гэж Дункан хэллээ.
— Баярлалаа, хүү минь! Чи Мунрод эрх үүргийг нь санууллаа! Бид одоо хориглолтдоо харьж, бэхлэлт дотроо булшаа бэлтгэцгээе гэж өвгөн хэсэг алмайран балмагдаж зогссоноо болиод хэлтэл
— Эрхмүүд ээ та нар Луи де Сен-Веран буюу намайг муу мэддэг юм байна. Би энэ захиаг ашиглаж, зоригт хүмүүсийг доромжлох юм уу, ийм шившгийн замаар эргэлзээтэй алдар олохыг хичээх хүн биш шүү. Миний тавих болзлыг та нар сонсоно уу гэж Монкальм урагш хэд алхан хэлжээ.
— Энэ франц юу гэж байна? Чухал газрын нь захиатай тагнуулчийг барьсан гэж онгирч байгаа юм биш биз? Ам хэлээрээ дайснаа айлгая гэж бодож байгаа бол энд бүслэхээ болиод Эдуардын хориглолт руу очвол дээр байх гэж хэлэгтүн гэж ахмад дайчин ширүүхэн хэлэв.
Дункан Монкальмын хэлсэн үгийн утгыг хурандаад тайлбарлаж өгөв. Монкальмын үгийг Хейворд хурандаад орчуулж дуусахад хурандаа:
— Эрхэм Монкальм, бид таны хэлэх зүйлийг сонсъё гэжээ.
— Ийм цагт хориглолтыг хамгаална гэдэг та нарт бололцоогүй хэрэг болжээ. Манай улсын эрх ашгийн үүднээс энэ бэхлэлтийг устгах ёстой нь үнэн. Харин би танд болон таны зоригт нөхдөд, цэрэг хүнд хамгийн эрхэм санагдах тийм бүх хөнгөлөлт үзүүлнэ гэж амгалан санаат дайсан зугуухан учирласанд
— Манай туг яах вэ? гэж Хейворд асуув.
— Та нар англидаа буцааж аваачаад, хаан эзэндээ үзүүлэх болно гэж франц генерал хариулав.
— Зэр зэвсэг яах вэ? гэхэд
— Та нартаа үлдэнэ. Тэр зэвсгийг та нараас илүү нэр төртэйгөөр авч явах хүн хаана ч байхгүй гэв.
— Манай гаралт, хэрмийг хүлээлгэж өгөх ямар янзтай болох бол? гэвэл
— Та нарын хувьд хамгийн хүндтэйгээр бүх юмыг жин тан болгоно доо гэж хариулав.
Дункан, Мунрод хандаж Монкальмын саналыг тайлбарлаж өгөв. Хурандаа түүнийг их л гайхан сонсож, санамсаргүй, ер бусын ууч сэтгэл үзүүлсэнд нь уярсан мэт болоод
— Дункан аа, та явагтун. Энэ эрхэмтэй эдний майханд очоод бүх хэргийг зүйл дуусгагтун. Би нөхөртөө туслахаас айдаг англи хүн, өөрийнхөө хүч давуутайг буруугаар ашигладаггүй маш үнэнч франц хүн хоёрыг насандаа ч үзээгүй явсан юм сан гэж хурандаа хэлжээ.
Ахмад дайчин тэгж хэлээд дахин толгойгоо бөхийлгөн явсаар хориглолт руугаа очжээ. Түүний гунигтай байдал сэтгэл түгшсэн гарнизоныхонд нь хэрэг бүтэлгүй болсныг шууд мэдэгдүүлжээ.
Хориглолтыг буулган өгөх болзлын талаар тохиролцохоор Дункан, Монкальмын дэргэд үлджээ. Тэгээд Дункан шөнийн анхны харуул гарсан цагаар тэндээсээ бэхлэлтдээ буцаад коменданттай уулзаж товчхон зөвлөөд дахин хаалгаар гарч явжээ. Түүнийг хоёр дахиа гарч явах үед дайны үйл ажиллагааг зогсоосон тухай, Мунрогийн гарын үсэг зурсан гэрээний дагуу маргааш өглөө хориглолт дайсны гарт орох болсон тухай, цэргүүд зэр зэвсэг, туг хиур, эд агуурсаа биедээ авсан хэвээрээ байхаас гадна цэрэг гэсэн ариун нэртэй хэвээрээ үлдэх болсон тухай зарлан тунхаглажээ.


XVII БҮЛЭГ

Дайсагнагч хоёр этгээдийн цэрэг 1757 оны наймдугаар сарын 9-ний шөнийг Гориканы ойролцоох цөл газар өнгөрүүлсэн нь Европын тэгш тал нутагт ийм хэрэгтэй тулгарсан бол бас л иймэрхүүгээр байх байсан байх даа гэж бодмоор аж. Ялагдсан талын хүмүүс дуу шуу ч үгүй уйтгар гунигт автагдан баргар царайлан байхад, ялсан талынхан нь бөөн баяр байжээ. Гэвч гонсойх баярлах хоёрын аль алинд хязгаар бий ажээ. Бүр өглөө болохоос өмнө чимээ бүрмөсөн тасраад, хязгааргүй их ойн нам гүмийг зөвхөн францын харуулын залуу цэргийн ганц нэг хашхирах юм уу, товлосон цагаас урьтаж халдах гэсэн дайсны өөдөөс сүрдүүлэн заналхийлэх дуу хэрмийн зүгээс дуулдах л хааяа хааяа эвдэнэ. Тэглээ ч гэсэн энэхүү тохиолдлын чанартай хашхираан гууглаан үүр цайхын өмнөхөн бас л таг чиг болжээ.
Ийнхүү туйлын нам гүмийн дундуур францын лагерийн нэгэн том майхны хормой алгуурхан хоёр тийшээ ярагдаж, нэгэн өндөр хүн гарч иржээ. Энэ хүн цув өмссөн нь түүнийг хөвчийн хүйтэн шүүдрээс сайн хамгаалахаас гадна бүх биеийг нь далдлан халхалжээ. Франц даргын унтаж байхад сахиж байсан торгон цэрэг түүнийг хажуугаараа чөлөөтэй нэвтрүүлэх нь байтугай цэргийн дүрмээр хүндэтгэн ёсолжээ. Тэр дарга бяцхан хот гэмээр майхнуудын завсраар түргэн өнгөрч Уильям-Генрийн хориглолтыг чиглэв.
Үл мэдэгдэх дарга зам хөндөлсөн урдуураа орсон олон харуулын нэгэнтэй уулзахдаа асуусан асуултад нь түргэн бөгөөд хангалттай хариу өгч байх шиг байв. Юутай ч атугай түүний цааш явахыг нэг ч хүн эс саатуулжээ.
Тэрээр ийнхүү байн байн дайралдах түр зуурын зогсолтыг оруулахгүй бол сааталгүй явсаар лагерийн төв хэсгээс толгойн шугам хүртэл дув дуугүй явсан бөгөөд эцэст дайсны хориглолтод хамгийн ойрын цэгийг манаж байсан харуулын цэрэг дээр иржээ. Тэр цэрэг:
— Хэн бэ? гэхэд
— Франц байна аа! гэж хариулав.
— Нууц нэрээ? гэхэд нь
— Ялалт гэж дарга хэлээд чангахан шивгэнэсэн ч дуулдахаар газар дөхөж очив.
— Сайн байна, та их эрт салхинд гарах юм аа даа гэж харуулын цэрэг буугаа мөрөндөө эгэлдрэглэн хэллээ.
— Хүү минь сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэж тэр хүн хэлээд цувны энгэрийг жаахан ярж түүний нүүр өөд хараад английн хэрмийн зүг явснаараа явлаа.
Харуулын цэрэг давхийн цочиж, буугаа доош нь аваад урагш сунгаж, тэр нэгэн үл мэдэгдэх хүнийг хүндэтгэлийн дээдээр хүндэтгэв. Тэр залуу цэрэг буугаа дахин мөрөндөө эгэлдрэглэн үүрээд огцом эргэж өөрийнхөө байр луу ирэхдээ
— Үнэндээ сонор сэрэмжтэй байх ёстой юм байна. Манай генерал ер нь унтдаггүй хүн юм аа даа гэж өөрөө мэдэлгүй үглэн явжээ.
Тэр дарга, харуулын цэргийн амнаас цочмогдон гарсан гайхах үгийг дуулсан шинж үзүүлэлгүй чигээрээ явсаар нуурын намхан эрэгт тулж, Уильям-Генрийн хориглолтын баруун цамхгийн хажуудах аймаар газар хүрээд алхаа татжээ. Сэмжин үүл сарыг халхалсан боловч түүний бүдэгхэн туяанд эргэн тойрны нь юм бүрэн тодорхой бус ч гэсэн харагдахуйц байжээ. Дарга болгоомжлон хардаж нэгэн мод налж зогсоод английн бэхлэлтийн харлан дүнхийх хана хэрмийг нэгд нэгэнгүй ажиглан, ой ухаандаа буулгаж авах мэт байлаа. Тэрээр хэрмийг харахдаа зүгээр нэг сонирхогч саваагүй нэгэнтэй адилгүй, цэргийн хэргийг сайн мэддэг хүний шинжтэй бүх юмыг ээлж дараалан ширтэнэ. Ийнхүү цувтай хүн ажигласан юмандаа сэтгэл ханасан бололтой, өглөө болохыг тэсгэлгүй хүлээж ядах мэт дорно зүгийн сарьдгуудын зүг нэгэнтээ өлийн хараад буцаж явахыг завдтал ойрын цамхаг дээр ямархан нэгэн аяархан чимээ сонсогдсон тул сэрэмжлэн зогсов.
Яг энэхэн үед бас нэгэн өндөр хүн цамхгийн захад тултал ирээд дороо саатаж, бас л францын лагерийн хамгийн цаад үзүүрийн майхнуудын зүг ширтэн таг чиг зогсжээ. Энэ хүний нүүр дорно зүг хандсан нь мөн л өглөө болохыг хүлээж сэтгэл түгшүүрлэн байгаа нь илт ажээ. Тэгснээ энэ бараан дүрс усан доорх тэнгэр гэмээр тоо томшгүй олон од мичид анивалзуулсан нуурын толигор мандлыг харж байгаа мэтээр хана налан зогсчихлоо. Гунигтай байдал, өглөө эртний үе, Мөн түүнчлэн тэр өндөр хүн английн бэхлэлт түшээд бодлогошрон зогссоныг үзэхэд хэн болох нь харсан хүнд тодорхой байлаа. Францын лагериас ирсэн дарга болгоомжлон сэргийлэхдээ нэгэн модны ард орж нуугдав. Бас энэхэн хоромд бас нэгэн шинэ чимээ гарсан тул зогссон газраа яг хөдлөхгүй чагнав. Тэр нь ус аяархан пүлхийж, эргийн хайрга шаржигнах чимээ дуулджээ. Харсаар байтал нэгэн хүн усан дотроос гараад франц даргын зогссон газар луу мяраан гэтэж эхлэв. Дараа нь тэр хүн бууныхаа амыг алгуурхан дээшлүүлж бууддагийн даваан дээр франц даргын гар урагш сунгагдан, гохыг нь халхлан барьжээ.
Хулгайгаар буудах гэж байгаад ингэж санаанд ороогүй баригдсан индиан хүн мэл гайхахдаа
— Хэ! гэж чанга дуу алдлаа.
Франц дарга хариу хэлэхийн оронд индианы мөрөн дээрээс барьж нэг ч үг дуугаралгүй татаад, үг яривал нэгэнд нь аюул учруулж мэдэх тэр газраас холдуулан аваачжээ. Монкальм цувныхаа энгэр заамыг ярж хувцас хунар, одон сэлтээ харуулаад
— Юу болох нь энэ вэ? Англи, канадын эцэг өвгөд найрамдал байгуулсныг миний хүү мэдэхгүй байна гэж үү? гэж ширүүн асуувал
— Гурончуудад ямар хамаа байна аа? Манай дайчдаас нэгэн нь ч толгойн арьс өвчиж чадаагүй байгаа шүү дээ, тэгэхэд зэвхий царайтан аль хэдийн найрамдаж байдаг гэж тэр индиан буруу зөв ч гэсэн францаар хэлэхчээ болов.
— Ай, Аргат Үнэг минь! Ингэж улангасан тэмүүлэх нь тун саяхан манай дайсан байсан хүний зүгээс илүүц юм шүү. Үнэгийг английн лагериас гарч явснаас хойш хорвоогийн наран хэчнээн удаа жаргав даа? гэж Монкальм асуухад
— Тэр наран тань хаашаа алга болов оо? Уулын цаагуур ороод, хаана л бол хаана харанхуй хүйтэн байна. Нар дахин гарахад саруул дулаан болох байлгүй. Аргат Үнэг гэдэг тань өөрийнхөө аймгийн наран нь юм шүү дээ. Аргат Үнэг, түүний аймаг хоёрын хооронд бөөн үүлтэй байсан цаг бий, харин одоо энэ наран нь мандаад тэнгэр цэлмэжээ гэж индиан хүн царайгаа барайлган ярилаа.
— Үнэг өөрийнхөө аймгийн бүрэн эзэн нь гэдгийг би маш сайн мэднэ. Тийм ч учраас Үнэг өчигдөрхөн гурончуудын толгойн арьсны төлөө улайрч байсан байхад өнөөдөр тэд түүний үгэнд ороод түүдгийнхээ дэргэд сууцгааж байна гэж Монкальм хэлбээс
— Магуа бол агуу их удирдагч шүү гэж тэр индиан хэлэхэд
— Тиймийн учир Магуа манай шинэ нөхдөд хэрхэн хандах тухайд өөрийнхөө аймгийн хүмүүсийг сургавал зохино гэж франц генерал хариуллаа.
— Юунд канадчуудын тэргүүн нь залуу цэргүүдээ ойд аваачаад их буугаараа нүхэн гэрийг буудсан юм бэ? гэж аргат индиан асуусан тул
— Түүнийг эзэлж авахын төлөө тэгсэн юм. Миний эзэн, энэ газрын эзэн учраас надад болон чиний эцэгт эндээс английнхныг хөөн зайлуулах тушаал өгсөн юм. Тэд нэгэнт зайлахыг зөвшөөрсөн тул тэднийг дайсан гэхээ цаашид больсон юм шүү дээ гэж хариулав.
— За тийм байж. Гэтэл Магуа балтаа цусаар мялаахын тулд авч явсан байдаг. Одоо Үнэгний байлдааны балт гялалзаж байна. Хэзээ миний балт улаан цус болсон цагт би түүнийгээ газар булна гэж индиан мэтгэлээ.
— Гэтэл Магуа Францын нэрийг хөөдөхгүй гэж ам өгсөн шүү дээ! Шорвог нуурын цаана байгаа манай дайсан бол Магуагийн дайсан байх ёстой. Тэгвэл манай нөхөд Магуа болон түүний аймгийн нөхөд байх ёстой гэж хэлэхэд
— «Нөхөд» гэнэ ээ! Эцэг та Магуадаа гараа өг л дөө гэж индиан эр хүйтнээр хэлжээ.
Монкальм туслагчаа болгож авсан дайчин аймгуудыг хүч хэрэглэхээсээ жижиг сажиг буулт хийх замаар эрхэндээ байлгах нь дээр гэж бодоод дуртай дургүй ч гэсэн индиан эрийн шаардлагыг биелүүлжээ. Магуа, франц генералын хурууг цээжнийхээ гүнзгий сорви дээр хүргээд
— Энэ юу болохыг эцэг та минь мэдэж байна уу? Энүүхэн байгааг юу гэж бодож байна даа? гэж уйлагнан асуухад нь
— Цэрэг хүн болгон шархны сорвийг мэдэлгүй яах вэ дээ. Энэ чинь хар тугалган сумны гаргасан сорви байна гэж генерал хариулав.
— Тэгвэл энэ юу гэсэн үг вэ? гээд индиан хүн Монкальмд ар нуруугаа нүцгэлэн үзүүлэв. Яагаад ч юм түүний нуруунд цув мув байсангүй.
— Энэ үү? Миний хүү айхтар доромжлуулсан юм байна даа. Хэн ингэж зодсон хэрэг вэ гэж асуухад
— Магуаг англичуудын овоохойд бөх гэгчээр унтаж байхад ар нуруун дээр нь ийм мөр үлдээчихсэн юм даа гэж индиан эр хариулаад, цаанаа занан зүхэж байгаагаа нуулгүй битүүхэн хүйтнээр инээснээ гэнэт төв байдалтай, болоод
— Чи явж цэргүүддээ энх цаг ирснийг хэл. Харин Аргат Үнэг гуроны цэрэгтэй юу гэж ярихаа өөрөө мэднэ гэж ихэмсгээр хэлжээ.
Тийн Аргат Үнэг, Монкальмаас хариу үг хүлээлгүй буугаа сугавчлаад өөрийнхөө аймгийнхны нуугдаж байгаа мод руу аажимхан алхав. Түүний алхам тутамд харуулын цэрэг дуудан шалгаах боловч огтхон ч зогсохгүй, баргар царайлан явсаар байжээ. Цэргүүд түүний алхаа гишгээ, биеийн байдал, шантаршгүй зоригоор нь таниад амь насанд нь халдахгүй байсан хэрэг билээ.
Монкальм, хүрэн арьстны орхисон тэр газар, зэрлэг нөхрийнхөө гөжүүд зантайг мэдээд удтал гуниглан зогсжээ.
Тэгж тэгж, ийм баяр ёслолын үед ингэж сэтгэлээ зовоож байх нь миний муугийнх гэж бодоод майхан руугаа буцжээ. Тэрээр замдаа дайралдсан харуулын цэрэгт ердийн дохио өгч лагерийг сэрээгтүн хэмээн үүрэг өгөв.
Франц бөмбөр нижигнэн дуугарч тэр дууг нь хавийн ой мод давтан цуурайтууллаа. Хэдхэн агшны дотор бүх хөндий хоолой цэргийн хөгжмийн аялгуугаар дүүрч, завсраар нь бөмбөр нижигнэж хөгжмийн хоршил үүсэв. Ийнхүү ялагчдын бүрээ бишгүүр дуугарсаар хамгийн залхуу хойрго цэрэг босож зохих байрандаа зогстол эгшиглэжээ. Дараа нь англичуудын уртаар татсан чанга дохио ганцхан удаа сонсогдоод чимээгүй боллоо.
Удалгүй Францчууд генералтайгаа уулзахаар эгнэн жагссан бөгөөд Монкальмыг цэргүүдээ үзэж явахад тунгалаг нарны туяанд түүний цэргийн зэр зэвсэг гялалзан байж билээ. Монкальм цэргүүдийн аль хэдийнээ мэдсэн амжилтын тухай баяр баясгалантайгаар зарлан сонсгов. Бас тэрхэн зуурт хориглолтыг хамгаалах хүндэт отряд эмхлэн байгуулсан нь тэр отряд цэрэг даргынхаа өмнүүр жагсаж өнгөрлөө. Дараа нь Францчууд ойртон очиж байгааг англичуудад мэдэгдсэн дохио хангинажээ.
Энэ үед английн хэрмэн дотор шал өөр юм болж байжээ. Ялагчид ирж явна гэсэн дохио зогсмогц эндээс бушуухан явах бэлтгэл ажилд шууд оров. Цэргүүд сумлаагүй буугаа баргар царайлан үүрцгээсэн болж, байн байн энд тэнд гөлрөн зогсох нь саяхны амжилтгүй тулалдаанд оргилон хөөрсөн цус нь хараахан хөрөөгүй байсных бол уу гэмээр ажээ. Ер нь нэр төрөө ингэж доромжлуулж байгаагийнхаа өш хонзон авах юм сан гэж тачаадан байгаа бололтой байлаа. Тэглээ яалаа ч англичууд цэрэг дайны нарийн дэглэмийн дагуу бүх зүйлийг ёсчлон гүйцэтгэв. Эмэгтэйчүүд хүүхдүүд ийш тийшээ гүйлдэн, энэ тэр юмнаасаа авч харагдах бөгөөд байн байн өөрсдийн нөхөр хань эцэг өвгөдөө энхрийлэн харцгаах ажээ.
Зоримог боловч гунигтай царайлсан Мунрог ирэхэд цэргүүд дуугаа хураан зогслоо. Мунро хэдийгээр өөр дээрээ буусан энэ золгүй явдлыг эрэлхгээр давахыг хүчлэн байвч ийм санамсаргүй явдал сэтгэл зүрхийг нь яах аргагүй шархдуулсан нь илт байлаа.
Настан буурлын ийнхүү гунигласан хэр нь, тайван уужим сэтгэлтэй мэт байгаа нь Дунканыг ихэд уяруулсан тул тэрээр өөртөө оногдсон үүргийг биелүүлмэгц хурандаад очиж, би танд биечлэн туслах юм байна уу? гэж асуужээ.
— Миний охид гэж Мунро юу юунаас ч ойлгомжтойгоор хэлсэн тул
— Тэнгэр минь! Тэдний санааг засах бүх юм хийгдсэн биз дээ? гэж асуухад
— Өнөөдрийн хувьд би ердөө л цэргийн хүн шүү дээ, Хейворд хошууч минь. Энд байгаа хэн боловч миний хүүхдээс өөрцгүй байх ёстой гэж ахмад дайчин хэлжээ.
Зөвхөн энэ үг л Дунканд хангалттай байсан учир, үнэт цагаасаа өчүүхэн ч алдалгүй Кора, Алиса хоёрыг эрж олохоор Мунрогийн байр луу гүйжээ. Дунканыг тийнхүү гүйж очиход хоёр охин нь аавынхаа байрласан байрны үүдэн дээр гарчхаад гадагш мордоход нэгэнт бэлэн болж, хажууд нь баахан авгай хүүхэн уйлалдан байгаатай дайралдав. Корагийн хацар цусгүй болж, битүүдээ сэтгэл түгшин байгаа нь илт боловч хатан зоригоосоо өчүүхэн ч гээгээгүй байлаа. Алисагийн нүд улайсныг үзвэл удтал гашуудан уйлсныг батлан үзүүлнэ. Залуу хүүхнүүд хоёулаа л Дунканыг илтэд баярлан угтсан бөгөөд ер, урьтаж ам нээдэггүй байсан Кора энэ удаад түрүүлэн дуугарав.
— Хэдийгээр бидний нэр хүнд унаагүй ч гэсэн хориглолт нэгэнт баларчээ гэж тэрээр мушилзан инээмсэглэж хэлэхэд нь
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Сүүлчийн Могикан - 11
  • Büleklär
  • Сүүлчийн Могикан - 01
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 2246
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 02
    Süzlärneñ gomumi sanı 4559
    Unikal süzlärneñ gomumi sanı 2031
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 03
    Süzlärneñ gomumi sanı 4511
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 04
    Süzlärneñ gomumi sanı 4397
    Unikal süzlärneñ gomumi sanı 2099
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 05
    Süzlärneñ gomumi sanı 4431
    Unikal süzlärneñ gomumi sanı 2093
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 06
    Süzlärneñ gomumi sanı 4466
    Unikal süzlärneñ gomumi sanı 2104
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 07
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2144
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 08
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2063
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 09
    Süzlärneñ gomumi sanı 4449
    Unikal süzlärneñ gomumi sanı 2062
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 10
    Süzlärneñ gomumi sanı 4409
    Unikal süzlärneñ gomumi sanı 1982
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 11
    Süzlärneñ gomumi sanı 4479
    Unikal süzlärneñ gomumi sanı 2096
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 12
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2073
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 13
    Süzlärneñ gomumi sanı 4560
    Unikal süzlärneñ gomumi sanı 2068
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 14
    Süzlärneñ gomumi sanı 4408
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 15
    Süzlärneñ gomumi sanı 4430
    Unikal süzlärneñ gomumi sanı 2190
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 16
    Süzlärneñ gomumi sanı 4499
    Unikal süzlärneñ gomumi sanı 2081
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 17
    Süzlärneñ gomumi sanı 4398
    Unikal süzlärneñ gomumi sanı 2129
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 18
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 19
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1991
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 20
    Süzlärneñ gomumi sanı 4498
    Unikal süzlärneñ gomumi sanı 2139
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 21
    Süzlärneñ gomumi sanı 4315
    Unikal süzlärneñ gomumi sanı 2158
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 22
    Süzlärneñ gomumi sanı 523
    Unikal süzlärneñ gomumi sanı 399
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.