Latin

Синдбад Далайчны Адал Явдал - 1

Süzlärneñ gomumi sanı 4487
Unikal süzlärneñ gomumi sanı 1821
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Мянга нэгэн шөнийн үлгэрээс

СИНДБАД ДАЛАЙЧНЫ АДАЛ ЯВДАЛ

“Улсын Хэвлэлийн Газар” Улаанбаатар хотноо 1985 онд эрхлэн хэвлүүлсэн “МЯНГА НЭГЭН ШӨНӨ : Шилдэг үлгэрүүд” номоос
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.



Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Орчуулсан: Еншөбү Б. Ринчен


СИНДБАД ДАЛАЙЧНЫ АДАЛ ЯВДАЛ

Эрт урьд Харун Рашид Халиф хааны үед Багдад хотноо Синдбад үүрэгч гэж нэгэн хүн байжээ. Угаасаа хөрөнгөөр ядуу учраас бусдын юмыг хөлсөөр үүрч амьдарна. Нэгэн өдөр хүнд үүрэвч үүрч явтал маш халуун нар шарж, хөлс асгаран ядарч явтал нэгэн баян худалдаачны хаалганы хажууд өргөн бандан байжээ. Түүн дээр тэр амарч суутал, хаалганаас найртай сайхан салхи салхилж, сайхан үнэр үнэртэв.
Тэнд хуур хөгжим, дуу, шүлэглэлийн чимээ сонсогдон тагтаа, алтан гургалдай зэрэг олон шувуу зүйл бүрээр донгодно. Синдбад үүрэгч дотроо ихэд гайхаж хаалганд ойртож үзвэл дотор нь нэг их цэцэрлэг байх ба тэр цэцэрлэгт ганц хаан Салтад байдаг тансаг эд, боол, зарц нар байна. Мөн зүйл бүрийн сайхан идээ ундны үнэр үнэртэнэ. Синдбад үүрэгч үүнийг үзээд,
— Ээ тэнгэр чиний өршөөснөөр энэ гэрийн эзэн жаргалын туйлд хүрч, зүйл бүрийн гайхамшигт унд, дарс, амттай идээ, нарийн сайхан үнэртнийг санааны дураар эдлэн, чиний заяаснаар зарим нь эцэж ядран, зарим нь амар тайван сууж, зарим нь жарган завшиж, зарим нь миний адил доройтон явна гээд шүлэглэн хэлсэн нь:

Аяа энэ сайхан цэцэрлэг модны сүүдэрт
Амар жаргалаар хэвтэх хувьгүй хүн олон байна
Аяа үйл минь юутай хачин, үүрэвч минь юутай хүнд байна.
Үзтэл эцэж ядрах минь улам улам нэмэгдлээ.
Аяа жаргал цэнгэлээр амттаныг ууж идэн
Жавхлан сүрдээ цэнгэлдэн ташууран сууж
Аяа миний нэг өдрийн зовон үүрэх үүргийг
Нэг насандаа үүрэхгүй хүн бас байна.
Аяа нэгэн дуслаас үүссэн хүн төрөлхтөн бид
Нийгэм даяар нэгэн адил баймаар байтал
Аяа харилцан ялгавартай болсон нь
italki
Амттан дарс исгэлэн цууны адил боллоо.
Аяа үүнд би хорсон гомдож байгаа хэрэг биш
Аллах шударга тогтоолдоо мэргэн ялгаач

гэж шүлгээ шүлэглэн хэлж дуусаад үүргээ үүрээд явах гэтэл, хаалганы цаанаас гэнэт, нас залуу, царай үзэсгэлэн, бие тэгш сайхан хувцастай гоёмсог янзтай нэг зарц гарч ирээд,
— Миний эзэн чамайг дуудаж байна гэж гараас нь хөтөлж нэг сайхан орд харшийн дотор орууллаа. Тэр харшийн зочдыг хүлээх танхимд олон язгууртан ноёд, сайд, гоо үзэсгэлэнтэй шивэгчин дэс дараагаар сууцгаажээ.
Дунд нь үс бууралтсан, байдал дүр ихэмсэг жавхлантай хүн байх нь гэрийн эзэн ажээ.
Танхимд зүйл бүрийн цэцэг, үнэртэн ургамал, жимс зууш, янз бүрийн сайхан хоол, төрөл бүрийн архи, найр цэнгэлийн хуур хөгжим зэргүүд байна. Синдбад үүрэгч үүнийг үзээд их гайхаж, энэ тэнгэрийн орон юм уу? Хаан Салтаны орд харш юм уу гэж дотроо бодож эелдэг найртай үгсээр олныг ерөөн ёсолж, ихэс ноёдын өмнөх газрыг үнсээд, толгойгоо бөхийлгөн зогстол гэрийн эзэн,
— Нааш морилон суу гэж өөрийнхөө хажууд суулгаж, амттай сайхан идээ ундыг бариулав.
Синдбад үүрэгч Аллах тэнгэрийн нэрийг дуудаж, цадталаа идээд Аллах тэнгэрийг магтан, гараа угааж олны зүг хандан инээв. Гэрийн эзэн:
— Чиний ирсэн өдөр их сайн өдөр юм. Чиний нэр хэн бэ? Ямар ажил хийдэг вэ? гэж асуусанд, Синдбад хариулсан нь:
— Аа, ноён минь! Миний нэр Синдбад үүрэгч гэдэг, хүний юмыг нуруун дээрээ үүрч амь тэжээж явдаг юм гэсэнд гэрийн эзэн инээмсэглэн:
— Чи бид хоёр нэг нэртэй юм байна. Намайг Синдбад далайч гэдэг. Чи надад хаалганы дэргэд шүлэглэсэн шүлгээ дахин нэг хэлж өгнө үү гэсэнд үүрэгч айж хэлсэн нь:
— Тэнгэр өршөө! Намайг битгий буруушаагаарай. Хөрөнгөөр ядуу, эцэж ядарсан, хүний ёсыг мэдэхээ больсон гээд ярьтал гэрийн эзэн,
— Битгий ай! Чи одоо миний дүү боллоо. Чиний тэр шүлэг, миний санаанд их л нийлэмжтэй байгаа тул дахин сонсохыг хүснэ гэжээ.
Үүрэгч, тэр шүлгийг аргагүй дахин хэлэв. Гэрийн эзэн ихэд Бахархан сонсож хэлсэн нь:
— Үүрэгч минь сонс! Миний үйл явдал бол маш сонин бөгөөд элбэг баян амьдралыг яаж олж авсан, энэ өдрийн суудалд яаж хүрснийгээ эхнээс нь аваад дуустал хэлье. Бас одоогийн энэ жаргалыг хэчнээн зовж зүдэрч, айж сандарч олсон гэж санана чи.
Урьд эцэж ядартлаа ажил хийж явснаа тоочвол барагдашгүй. Би урьд долоон удаа аянд явсан ба явдал бүрдээ л сонин хачин юм тохиолдсоныг сонссон хүн бүхэн магтан гайхдаг юм. Миний энэ явдал бүхэнд цөмд нь тогтоосон тоо байдаг байв. Түүнээс зайлан орговч гарах газаргүй байсан юм гээд анх удаагийн аяныхаа тухай ярьж эхэлсэн нь:
— Эрхмүүд минь, миний эцэг бол хөрөнгө чинээгээр баян, нэгэн худалдаачин хүн байлаа. Намайг бага балчир байхад эцэг маань нас нөгчсөн, эцгийн өв хөрөнгөнд эзэн болж, эрийн цээнд хүрсэн тэр үед би олон залуустай ханилан танилцаж, зүйл бүрийн сайхан хувцас өмсөж, санааныхаа дураар жарган цэнгэж, үүрд ийм чинээлэг амьдарна даа гэж бодож явтал, эцгийн минь үлдээсэн хөрөнгө барагдаж, «гэнэт төрсөн өдрөөс үхсэн өдөр дээр, үхсэн арслангаас амьд нохой дээр, ядарснаас үхсэн нь дээр» гэж Даудын хүү Сулейманы хэлсэн үгийг эцгээсээ урьд сонссоноо санаж, бүх юм, хувцас хунараа худалдаж гурван мянган зоос олоод гадаад улсад явахаар санаа шулуудаж аян замд хэрэглэх элдэв эд барааг худалдан авч онгоцонд сууж олон худалдаачны хамтаар Басар хотод хүрч, тэндээс далайгаар өдөр шөнөгүй явж олон арлыг өнгөрөн, нэг далайгаас нөгөө далайд орж, нэг газраас нөгөө газарт шилжин буудалласаар явсан газар бүхэнд арилжаа худалдаа хийж нэгэн аралд хүрэв. Тэр арал тэнгэрийн орны цэцэрлэг шиг сайхан арал байжээ. Хөлөг онгоцны эзэн онгоцоо зогсоож бэхлээд шат тавьсанд олон хүмүүс бүгдээрээ бууж, гал түлж хоолоо хийх нь хийж, зугаацан явах нь зугаацав. Би зугаацан явагчдын тоонд орлоо. Олон жуулчин, аянчин цугларч идэж ууж, наадан цэнгэж байтал гэнэт онгоцны эзэн дуудаж хэлсэн нь:
— Олон аянчин нараа! Одоохон онгоцондоо гарч ирцгээ. Юмаа орхиж амь гарахыг бодъё. Энэ бол арал биш загас байна. Нуруун дээр нь шороо товрог тогтож, эртнээс мод ургаж арал болсон байна.
Та нарын түлсэн олон галд бие нь түлэгдэж хөдөлж байна. Далайд шумбан орохоос нь өмнө юмаа хаяж бушуу түргэн онгоцонд авиран, амь гарахыг бод гэж дуудсанд олон аянчид яаран сандарч онгоцны зүг эд хогшил, адуу мал, тогоо шанагаа хаяж гүйтэл, гэнэт арал нь хөдөлж, зарим нь онгоцондоо сууж амжсан ба зарим нь бүх юмныхаа хамт далайн ёроолд шингэсэнд их долгион давлагаа хөдөллөө. Би арал дээр хоцрон үлдэгсдийн тоонд орж бусдын хамтаар далайд живтэл их Аллах тэнгэрийн өршөөл авралаар аянчны юм угаадаг модон тэвшийг шүүрэн унаж мордоод хөлөөр сэлж долгионд цохигдон баруун, зүүн тийш түлхэгдэн явж байтал, онгоцны эзэн далбаагаа хийсгэж усанд унасан хүмүүсийг хайхрахгүй явсанд, би тэвшээ унасаар нэг хонож салхи, долгионд цохигдсоор нэгэн өндөр арлын дэргэд ирвэл далай руу өнгийн ургасан модны мөчир үзэгдсэн тул арайхийж түүнээс барин авирсаар арал дээр гарч ирээд амсхийж байтал хөл минь чинэрэн өвдлөө. Загас хөлөөсөө зулгаасныг сэтгэл зовсондоо мэдсэнгүй явсан байжээ.
Арал дээр авиран гарч ирсний дараа үхэх шахаж хэдэн хоног хэвтээд тэнхээ сэхээ ороход, хөлийн хавдар улам их боллоо. Тэндээс мөлхсөөр мацсаар горхины уснаас ууж, модноос жимс идсээр хэд хонож байтал бие эрүүл болж, сэтгэл сэргэн арлын хөвөөнд нааш цааш явж модны гишүүгээр таяг хийж арлыг үзэж хэсдэг боллоо.
Нэгэн өдөр арлын захад очтол холоос нэг амьтан үзэгдлээ. Зэрлэг араатан юм уу, далайн амьтан болов уу гэж ойртон очвол нэг маш том морийг далайн захад уясан байлаа. Морины дэргэд улам ойртсон чинь, тэр их дуугаар янцгаасанд айн зовж зайлъя гэтэл, газар дороос нэгэн хүн гарч ирээд,
— Чи ямар хүн бэ? Хаанаас гарч ирэв гэж хойноос дагасанд:
— Ноён минь, би харь холын хүн билээ. Онгоцоор явж байгаад онгоц усанд живж, хэдэн хүнтэй усанд орж үхэх гэж байтал Аллах тэнгэр, модон тэвш хайрлан миний амийг аварсанд би тэр тэвшийг унаж мордоод далайн долгионд цохигдсоор энд хүрч ирсэн билээ гэв. Тэр хүн,
— Намайг дагаад яв гэж миний гараас барин газарт ухсан нэгэн зооринд оруулж, идэх уух юм өгсөнд цадталаа идэж, сэтгэл тайван боллоо. Тэр хүн миний байдлыг асуусанд, эхнээс нь аваад дуустал нь бүх үйл явдлаа тоочин хэлсэнд минь их гайхаж билээ. Тэгээд би тэр хүнд:
— Ноён минь намайг битгий буруушаагаарай. Би чамд бүх үнэн байдлаа хэлж айлтгав. Одоо чи над энэ газар доорх зооринд суудаг учраа хэлнэ үү. Арлын хөвөөнд энэ олон морь уясны хэрэг юу билээ гэсэнд тэр хүн:
— Бид энд олуулаа, энэ аралд энд тэндгүй тарж суудаг. Махранз хааны адуучин нар бөгөөд хааны агт адуу нь цөм манай мэдэлд байдаг юм. Сар бүрийн шинэдээр бид сайн угсааны адуу авчирч азарганд гишгүүлээгүй гүүг уяад энэ зооринд хоргодон сууна. Далайн азарга гүүний үнэрийг авч орчин тойронд хүнгүй бол гүүг гишгээд далайд аваад явах гэхэд нь гүү уяатай болохоор, азарга нь өшиглөн хазаж унгалдана. Тэр чимээгээр бид зоориноосоо гарч их чимээ гарган азаргыг сочоож далайд хөөнө. Тэр олон гүүнээс гарах унага нь дэлхийд ижилгүй хурдан морь болно. Нэг унаганы үнэ, тулам дүүрэн мөнгө хүрнэ. Одоо далайн азарга ирэх ойртлоо.
— Аллах тэнгэрийн тааллаар бол би чамайг Махранз хаанд хүргэж бараалхуулъя. Чи бидэнтэй уулзаагүй бол энэ арал дээр ганцаараа уйтгарлан үхэх байсан.
Харин надтай учирснаар би чамайг тэнхрүүлэн тусалж нутагт чинь хүргүүлье гэсэнд би тэр адуучин хүнд их л баярлаж ярилцан суутал гэнэт далайн азарга уснаас гарч их дуугаар унгалдаж гүүг гишгэж дуусаад далайд гүүний хамт орох гэж их дуу чимээ гарсанд адууч гартаа ширэн бамбай, илд барьж нөхдийг дуудан азаргыг хөөе гэсэнд олон хүн бамбай, жад, илд барин гарч их дуугаар хашхиран шуугилдсанд азарга цочин айж далайд усны үхэр мэт шингэн орлоо.
Тэндээс адуучин хүн бүр нэг гүү хөтөлж ирээд:
— Намайг, энэ ямар хүн бэ? гэж асуусанд миний түрүүчийн үгсийг өнөө хүн хэлэв. Тэр адуучин миний ойр сууж, хоол хүнсээ гаргаж хамт идээд надад нэг унага өгч, олон морь авч мордоод Махранз хааны хотод хүрч ирээд, адуучин, хаанд миний тухай айлтгасанд хаан намайг дуудуулжээ. Хаанд бараалхаж ёсолбол, хариу ёсолж,
— Сайн явж ирэв үү? гэж миний явдлыг асуусанд эхнээс нь эцсийг хүртэл цөмийг хэллээ. Хаан ихэд гайхаж намайг далайн боомтын дарга болгож, гоёмсог сайхан хувцсаар шагнаж шадар сайд болгов. Тэндээс далайн боомтод ирэх олон худалдаачин, далайчдаас Басар хот аль зүгт байгаа болохыг асууж Багдадад буцахыг бодовч мэдэх хүн нэг ч үгүй байлаа. Харь газар удаан хугацаагаар суусандаа уйтгарлан гасалж нэг өдөр Махранз хааныд очсон чинь олон энэтхэгчүүд байлаа. Амар мэндийг асууж, энэтхэг газрын байдлыг сураглавал энэтхэг иргэний дотор олон анги язгуур бий гэлээ. Үүний эрхэм нь шахрид юм. Хүнд хор хийхгүй, хүнийг албадах, баглахгүй бас берман гэдэг хүн бий. Архи уухгүй, дуу хөгжим сонсож жарган сууна. Тэмээ адуу бий. Энэтхэгийн иргэний дотор 72 анги язгуур бий гэсэнд гайхахын ихээр гайхсан билээ. Би Махранз хааны улсад бас хашил гэдэг нэгэн арлыг үзлээ. Өдөр шөнөгүй хэц хэнгэргийн дуу сонстоно.
Мэдэх хүмүүс ба жуулчин нараас асуувал, тэр арлын хүмүүс зөв үзэлтэй, томоотой улс гэнэ. Мөн далайд нь хоёр зуун тохой урт загас, шар шувуун толгойтой загас зэрэг сонин гайхамшигтай зүйлийг энэ аянд маш олон үзсэн боловч тэр бүгдийг тоочиход их л нурших тул тэр бүрийг хэлэхгүй. Олон арлуудыг үзэж нэг өдөр далайн хөвөөнд таягаа барьж зогсож байтал олон худалдаачинтай нэг их хөлөг онгоц ирж боомтод ороод далбаагаа хурааж, шат тавьж олон онгоцчин эд барааг буулгалаа. Би түүнийг дансанд авч хөлгийн эзнээс:
— Ондоо юм байна уу гэж асуусанд:
— Ноён минь миний хөлгөн дээр бас бараа бий боловч эзэн нь далайд үхсэн билээ. Тэр барааг бид одоо үнэ ханшийг нь мэдэж худалдаад Багдад хотод байгаа түүний төрөл хамаатны хүнд өгөх санаатай гэсэнд:
— Тэр барааны эзний нэр хэн гэгч вэ? гэж би асуусанд:
— Тэр хүний нэр Синдбад далайч гэдэг. Далайд живсэн билээ гэсэнд тэр онгоцны эзний царайг нарийвчлан үзэж таниад чанга дуугаар:
— Тэр эд барааны чинь эзэн би билээ. Синдбад далайч гэдэг би мөн. Тэр загасны арал дээр хоцорсон, нөхөд минь цөм усанд үхэж гагц би Аллах тэнгэрийн авралаар амьд гарч аянчны юм угаасан модон тэвшинд сууж хөлөөрөө сэлэн салхи долгионд түлхэгдсээр нэгэн аралд хүрч ирээд Аллах тэнгэрийн авралаар Махранз хааны адуучинтай учирч энэ хотонд ирээд Махранз хаанд бараалхсан зэрэг явсан явдлаа хэлсэнд хаан өршөөн уучилж энэ хотын боомтын дарга болгосон билээ. Чиний авчирсан энэ бараа бол миний хөрөнгө юм гэсэнд хөлгийн эзэн хашхиран хэлсэн нь:
— Тэнгэр минь ээ, энэ ертөнц дээр хүн амьтанд шударга ёс гэгч үгүй болсон юм байжээ гэв.
— Би чамд явдлаа эс хэл лүү гэвэл онгоцны эзэн,
— Чи миний үгийг сонсож эзэнгүй болсон эд байгааг олж мэдээд бусдын юманд хорсон шунаж байгаа юм биш үү. Тэр эдийн эзэн бусад аянчны хамт усанд унаж бүгдээрээ үхсэнийг бид үзсэн байтал чи тэр эдийн эзэн гэх чинь юу вэ? гэсэнд:
— Хөлгийн эзэн минь би худал хэлэхгүй гээд, Багдад хотоос гараад тэр усанд орсон арал хүртэл яаж явсан зэрэг нарийн учир байдлыг тодорхой гаргаж хэлсэнд хөлгийн эзэн ба олон худалдаачин нар миний үгийг үнэн болохыг ойлгож амь мэнд гарсанд минь мэнд хүргэж хэлсэн нь:
— Тэнгэр минь ээ бид чамайг усанд үхсэн гэж саналаа. Харин Аллах тэнгэрийн авралаар дахин амьдарсан байжээ гээд миний эд барааг тоо ёсоор тушаасанд, их үнэтэй, өнгө сайтай эдээс нэг хэсгийг шилэн авч тэр хөлгийн онгоцчидоор дамжуулан хаанд бэлэг барьж, өөрийн явсан хөлөг онгоц ирж, эд бараагаа олсон учир явдлыг хэлбэл хаан ихэд гайхаж, миний үнэн шударга үгтэйг мэдээд маш их хайрлан өршөөж хариу бэлэг өглөө. Тэндээс эд бараагаа худалдаж их ашиг олоод тэр хааны хотоос элдэв эд хогшлыг худалдан авч хөлөгтөө ачаад хаанд бараалхаж хишиг хүртэн мөргөн ёсолж орон нутаг ах дүүдээ буцах чөлөө айлтгаж мэдүүлсэнд, хаан үлэмж эдээр шагнаж салах ёс гүйцэтгэн хоцров. Тэндээс өлзийтэй сайн явж өдөр шөнөгүй аялсаар Басар хотод хүрч буугаад амь мэнд буцаж ирсэндээ тэсгэлгүй баярлаж, үлэмж үнэтэй эд бараагаа авч Багдад хотын зүг аялан явж гэр орондоо хүрч ах дүү, айл нөхөдтэйгөө золголоо. Харь газар зовсон зүдэрсэн, аян замдаа эцсэн цуцсан, айсан цочсоныгоо мартаж, боол шивэгчин, орд харш зэргийг худалдан авч эцгийн үеэс илүү элбэг болоод олон нөхөдтэй урьдынхаасаа илүү ханилж, сайхан идээ, үнэтэй ховор унд дарс ууж найр наадам, баяр цэнгэлээр жарган суух бодов.
— Аллах тэнгэрийн таалалд нийлэлцвэл, долоон аян явдлын хоёрдугаарыг чамд маргааш би хэлж өгье гэхэд далайч Синдбад явган Синдбадад оройн хоол өгч шижир алт шагнаж:
— Чи энэ өдөр бидний уйтгарыг сэргээлээ гэсэнд үүрэгч Синдбад маш их баярлан ёслоод шагнасан бэлгийг авч хүний явдал гэж бас хачин юм даа гэж гайхахын ихээр гайхаж гэртээ буцаж хоноод, өглөө боссоны дараа:
— Синдбад далайчийн гэрт очсон чинь сайн болов гээд буцаж явав. Бусад олон нөхдийг ирсэнд идээ унд засаж найр цэнгэлээр цагийг өнгөрөөн суух завсар Синдбад далайч хэлсэн нь:
— Өчигдөр би их сайхан жаргаж сууснаа та бүхэнд хэлсэн билээ. Тэгээд үлгэрээ цааш үргэлжлүүлсэн нь:
— Харь улсыг үзэж арилжаа наймаа хийж, амь зуух ашиг олъё гэж бодлоо. Тэгээд удалгүй эд хогшил үлэмжхэнийг худалдан авч баглан хүлээд сайхан эдээр хийсэн далбаатай усчин хүн олонтой, нэг сайхан шинэ хөлөг онгоцыг аваад олон худалдаачны хамтаар ачаа бараагаа тээж аянд дахин мордсон билээ.
Аянд өлзийтэй сайн явж нэгэн далайгаас нөгөө далайд орж, нэгэн арлаас нөгөө аралд шилжиж буусан газар бүхэндээ улсын сайд түшмэд, худалдаачин наймаачин панзчинтай уулзаж, арилжаа наймаа хийсээр нэг сайхан аралд хүрвэл ургамал мод, боловсорсон жимс, үнэртэн цэцэг, дуутай шувуу, тунгалаг ус байвч гэр орон, утаа гаргах хүн амьтан үгүй байжээ. Хөлгөө тэнд зогсоож аянчин худалдаачин бууж, уул ус, мод шувууг үзэж гайхан явахад нь би бас бусдыг дагалдан гарч модон дундах нэгэн тунгалаг усны эрэгт суугаад, авч явсан хүнсээ идэж байтал салхи нь найртай, сэтгэлд зохистой сайхан тул суусаар үүрэглэж унтаад боссон чинь юу ч үзэгдэхгүй байв.
Онгоцчид намайг мартаад явсан байжээ. Зүүн баруун тийш харж үзсэнд надаас өөр хүнгүй тул их л гуньхарч санаа сэтгэл зовсонд яс минь арай л хэмхэрсэнгүй. Энэ газар идэх уух юм юу ч үгүй, цөхөж ядаж анх удаа амьд гарсан бол энэ удаа дахин хүний нүүр үзэхээс өнгөрсөн байжээ гэж уйлан гасалж, гэр орондоо санаа амар, сайн хувцас өмсөж, сайхан идээ унд ууж идэж, эд мөнгөөр дутахгүй байтал аянд явах гэж урьд зүдэрсэн зовсныг бодолгүй явсандаа их гэмшин шаналж сууж байж чадахгүй болоод цааш нааш яван нэгэн өндөр модон дээр гарч үзвэл хүн амьтан огтгүй, гагц тэнгэр, ус, мод, шувуу, арал хойг, элс шорооны төдийхөн үзэгдэнэ. Тэгээд бас цааш нь анхааран үзвэл аралд нэгэн том цагаан юм үзэгдэнэ. Модноос бууж тэр юмны зүг очиж үзвэл нэгэн том цагаан памбагар юм байна. Тойрон харвал үүд хаалга байхгүй, авиран гаръя гэтэл маш гөлгөр тул гарч болохгүй байв. Тойрон явж алхаж хэмжвэл тавин том алхам байв. Энэ памбагар юмны дотор яаж орох билээ гэж гайхаж байтал нар шингэх боллоо. Гэтэл гэнэт нар халхлагдаж харанхуй болов. Үүл халхлав уу гэж дээш харвал нэг том шувуу нарыг халхлан ниссэн байжээ. Үүнийг үзээд их л гайхаж байтал гэнэт санаанд орсон нь аян замд олон удаа явсан хашир хууччуул далайн аралд Ариог гэдэг гарди шувуу бий, зулзагыг заанаар тэжээдэг гэж хэлэлцдэг. Миний үзсэн тэр памбагар юм бол гардийн өндөг байхаа гэж гайхтал тэр шувуу бууж ирээд хөлөө жийж өндгөө жигүүрээрээ тэврэн унтсанд сэмхэн очиж толгойгоо ороосон бүсийг авч биеэ тэр шувууны хөлөөс хүлээд, энэ шувуу намайг хүнтэй газар аваачвал энд хэвтсэнээс дээр биз гэж бодоод шөнө нойргүй хонолоо. Өглөө улаан нарнаар тэр шувуу өндгөн дээрээсээ босож, чанга дуугаран дэгдэн ниссээр дээр гарсанд огторгуйн үүлэнд хүрэв үү гэмээр санагдлаа. Тэндээс доош буун буусаар нэгэн газар хүрч өндөр гүдгэр дээр суусанд, би яаран сандран уяагаа тайлж шувуунаас айн чичрэн дагжиж, зайлтал, харин газраас нэгэн юм шүүрч дэгдэн ниссэнийг үзвэл нэгэн том аварга могой байв. Тэр гүдгэр газраар нааш цааш явж үзвэл эргэн тойрон том агуй, гүнзгий хавцал ам байна. Тэр амын захад тэнгэрт тулсан өндөр уул байгаа нь хүн түүний оргилыг үзэж чадмааргүй, авирвал дээр нь гарч чадахгүй тийм өндөр уул байсанд тэр аралд байх минь яав даа, жимс идэж, ус ууж амь зуух бололцоотой байлаа. Энэ хүнгүй буйд газар мод жимс, ус юу ч үгүй юм. Би гэгч нэг зовлонгоос гараад улам хүнд их зовлонд учрах юутай үйлтэй хүн билээ гэж нааш цааш тэр уулын амаар явж үзвэл тэр газрын шороо, чулуу нь цөм очир алмас байв. Энэ чулуу бол маш хатуу, төмөр цахиур хүртэл даахгүй, түүнээс хэмхэлье гэж оролдвол маш жижгээр хэмхэрнэ. Тэр уулын амаар дүүрэн хорт могой байх ба бүдүүн нь дал модны чинээ, том нь зааныг ч залгиж чадна. Гарьд шувуунаас айж могой өдөр нуугдаж шөнө гарна. Тэр олон могойг үзээд:
— Тэнгэр минь ээ. Өөрийн үхэх цагийг би өөрөө ойртуулсан байна гэж могойноос айн идэх уухыг мартаж нар хэлбийхэд хонох газар эрж нэгэн агуй олоод амсрыг үзвэл маш нарийн явцуу бөгөөд өмнө нь том чулуу байна. Агуй дотор орж тэр чулуугаар амсрыг халхлан бөглөж одоо аюулгүй боллоо гэтэл агуй дотор нэгэн аймшигтай аварга могой өндгөн дээрээ хэвтэхийг үзээд хөвчин биеийн шар үс сэрвийж заяа минь мэдэг гэж шөнө нойргүй хонож өглөө болмогц, агуйн амсрын чулууг зайлуулж гадагш гараад нойр хоолгүй, айсан зовсондоо толгой эргэж согтуу хүн мэт болоод тэр амаар нааш цааш явтал, гэнэт дээрээс нэгэн их мах унасанд цочин айж энэ юу билээ гэтэл урьд худалдаачин аянчин, жуулчин нараас очир алмасын ууланд аюул гамшиг үлэмжхэн байсан учир хүн ойртон очиж чадахгүй боловч аргатай худалдаачин, хонь, үхэр алж махыг нь хэсэглэн цавчаад тэр алмасын уулын аманд орхиж үд болтол хүлээвэл хашир бүргэд нисэж ирж тэр махыг шүүрэн ууландаа гаргахад худалдаачид их дуугаар хашхирч шувууг сочоон хөөвөл шувуунууд зууж явсан махаа унагадаг байлаа. Унасан маханд наалдан ирсэн очир алмасыг худалдаачид түүж авна. Алмасыг авахад үүнээс өөр арга байдаггүй гэж сонссоныг санаж энэ лав тэр газар мөн гэж очир алмасыг ар өвөр, гутал хувцасгүй дүүргэж нэг хэсэг их мах олж, өвчүү дээрээ тавин, түрүүчийн гардийн хөлөөс уяж байсан бүсээрээ биеэ тэр махтай сайтар хүлж хэвттэл гэнэт нэгэн бүргэд ирж махыг шүүрэн уулын оргил дээр гарч суулаа. Төдий удалгүй их дуу чимээ гарлаа. Бүргэд махыг гээж цочин ниссэнд уяаг тайлж махан дороос бостол бүргэдийг хөөсөн худалдаачин хүн ирж цус наалдсан миний хувцсыг үзээд ихэд айн цочиж
— Аллах тэнгэр минь ээ, энд шулам байна уу гэж гаслан дуудаж:
— Чи ямар амьтан бэ? Энд ямар хэргээр ирсэн билээ гэсэнд би,
— Надаас битгий ай. Би сайн хүн билээ. Миний энд ирсэн учир явдал маш гайхамшигтай. Үүний урьд би худалдаачин явсан билээ. Надаас айх зовох хэрэггүй, би чиний сэтгэлийг баясгана. Миний авч гарсан очир алмас, чиний хаясан маханд наалдсан алмасаас илүү сайн тул зовох хэрэггүй гэсэнд тэр хүн баярлан ерөөж үг ярилцаж байтал мах орхисон бусад олон худалдаачин ирж:
— Амь гарсан чинь сайн байна гэж ёсолж намайг авч явсанд энэ алмаст уулын аманд яаж ирсэн, аян замд юу юу үзсэн зэргийг нэгд нэгэнгүй хэлж, намайг аварсан тэр махны эзэнд авч гарсан алмасаасаа өгсөнд тэсгэлгүй баярлаж ихэд ерөөлөө. Олон худалдаачин хэлсэн нь:
— Аллах тэнгэр мэдэг, чи бас хувьтай хүн байна. Энэ газраас чиний адил амьд гарсан хүн урьд удаа үгүй байсан юм гэв. Аюулгүй тэр газраа нэг шөнө хонож могойн амнаас амь бүтэн гарч айл амьтантай газар хүрэх хувь заяатай байна гэж тэсгэлгүй баярлан хонож, олон худалдаачны хамт аялан явсаар нэгэн сайхан арлын цэцэрлэгт хүрч ирлээ. Тэр цэцэрлэгт зуун хүнийг халхлах сүүдэртэй гаворын их мод ургадаг бөгөөд гавор авах хүн модны оройг өрөмдөн нүхэлбэл гаворын ус урсан цавуу мэт болж царцдаг. Тэр нь гавор мөн юм. Тэр нүхэлсэн мод нь хатуу тул түлж болно. Мөн аралд манай үхэр сарлаг мэт бэлчин явах нэгэн зүйлийн амьтан байх бөгөөд бие нь тэмээнээс том, өвсөөр хооллоно. Толгойн дунд нь нэг бүдүүн эвэр бий. Биеийн урт нь арван тохой ба ерөнхий дүрс нь хүнтэй төстэй, тэр амьтныг хирс гэнэ. Бас үхрээс намхан нэгэн амьтан бий гэнэ.
Аянчин жуулчин, далайчин, бадарчин нараас сонсвол энэ хирс нь зааныг мөргөн эвэртээ хатгаж бэлчин явахад нь зааны тос халуун нарны илчинд хайлж хирсийн толгойг тосолсоор хирсийн нүд сохроод эрэг дээр хэвтэж байж гэнэ билээ. Гарьд шувуу үүнийг үзээд хирсийг шүүрэн авч түүний хамар дээрх амьтны хамтаар аваачиж зулзагаа тэжээнэ. Тэр аралд сарлагийн төрөл олон амьтныг би нүдээр үзсэн нь цөм манай энд байхгүй амьтан болно.
Алмас чулуут уулын амнаас алмас авч өврөө дүүргэн хурааж худалдаачинд өгч эд бараа зоос тэргүүтнийг авч олон худалдаачны хамт явж олон харь улс болоод Аллах их тэнгэрийн зохион заяасан бүхнийг үзэж нэг голоос нөгөө голд нэг хотоос өөр хотыг дамжин худалдаа наймаа хийсээр Басар хотод хүрч хэд хоноод Багдад хотод буцаж очир алмас тансаг эд, мөнгө зоос олонтой ирж гэр орондоо орж ах дүү хамаатан садантайгаа золгож бэлэг зэлэг өгч, өглөг хишиг түгээж, ундны сайныг ууж, идээний сайныг идэж, хувцасны сайныг өмсөж хүнтэй ханилж зовсон зүдэрснээ цөмийг мартаж цээж тэнэгэр, ухаан тунгалаг, найр наадмаар жарган суулаа. Синдбадын ирснийг сонссон бүхэн золгон уулзаж харь улсын байдал, аян замд үзсэн сонссоныг асуувал Синдбад тэвчиж чадсангүй бүгдийг тоочин хэлсэн бөгөөд сонссон бүхэн гайхаж, амьд мэнд явж ирсний баяр хүргэнэ. Синдбадын хоёрдугаар аяны явдлын төгсгөл ийм байна. Синдбад цааш нь:
— Аллах тэнгэрийн таалалд харшлахгүй бол гуравдугаар явдал аянаа хэлж өгье гэж явган Синдбадад хэлсэнд: Цугларсан бүгдээрээ сонссоноо ихэд гайхаж, оройн хоолыг идэв. Явган Синдбадад маш их шижир алт шагнасанд далайч Синдбадын үзсэн өнгөрүүлснийг гайхаж шагналаа авч буцаад гэртээ магтан мөргөж маргааш өглөө гэгээн гэрэлтэй болсонд Синдбад үүрэгч босож өглөөний мөргөл хийж далайч Синдбадын захисан ёсоор түүний гэрт очиж амгаланг асуусанд далайч Синдбад:
— Ирсэн чинь сайн боллоо гэж хамт суутал олон нөхөд хань нь сүрэглэн ирж идэж ууж, наргиж цэнгэсний эцэст далайн Синдбад гуравдугаар аяныхаа тухай хэлсэн нь:
— Миний энэ гуравдугаар аян бол танай урьд сонссон аян явдлаас улам сонин гайхалтай юм. Хоёрдугаар аянаас буцаж ирээд баярлаж, туйлын жаргал цэнгэлтэйгээр сууж байлаа би. Их ашиг олж Аллах тэнгэрийн өршөөлөөр алдсанаа нөхөж. Багдад хотод баяр цэнгэлийн туйлаар жарган суутал бас арилжаа наймаа хийж аян замд явах санаа төрж далайн аянд зохих эд бараа үлэмжийг авч баглан хүлээд Багдад хотоос гарч Басар хотод мөрний хөвөөнд очиж их хөлгийг үзвэл олон аянчин, худалдаачин байгаа нь цөм сайн санаатай сайхан улс, шашинтай номтой, өршөөлтэй, шударга номхон иргэн байжээ.
Тэдэнтэй хамт хөлөгт сууж Аллах тэнгэрт залбиран аян замд явж нэгэн далайгаас нөгөө далайд орж, нэгэн арлаас нөгөө аралд шилжиж, нэг хотоос нөгөө хотыг дамжиж явсан газар бүхэнд найр цэнгэл наймаа арилжаа хийж, нэгэн өдөр долгиолон хүрхрэх далайн дунд явтал хөлгийн эзэн онгоцны захад зогсож далайг үзтэл гэнэт далбааг эвхэж нүүрээ маажлан цохилон, сахлаа зулгаан хувцсаа урж их дуу алдав.
— Онгоцны эзэн минь юу болоо вэ гэж асуувал,
— Эй номхон аянчид аа! Бид салхинд автагдан замаас гажаад хувь зохиол доройтож үстийн ууланд ойртлоо. Тэр ууланд сармагчин мэт амьтан байх ба энэ газар хүрсэн хүн амьтнаас амьд гарч байсан удаагүй юм. Бид бүгд үхэх биз ээ гэж хэлж дуусахын хамт олон сармагчин ирж хөлөг онгоцыг тал талаас нь тойрон бүсэлсэн нь нүгэлт царцаахай мэт маш олон, ер нь олон баатраас ч хүчтэй байдаг тул сармагчныг алах, зодох, хөөх юм бол биднийг олноороо дарж, эд хөрөнгийг сүйтгэх болов уу гэж ихэд айв. Эдгээр сармагчны байдал нь маш жигшүүртэй, үс нь хар эсгийн адил, нүд шар, нүүр хар, бие бага, өндөр нь дөрвөн сөөм, хэлийг нь хүн мэдэхгүй тийм амьтан байлаа. Хөлгөн дээр авиран гарч, олс татлагыг цөмийг тас татсанд, салхи хөлгийг хөөсөөр ууланд туллаа. Тэгтэл олон сармагчин, худалдаачин аянчныг авч онгоцонд сууж далд орсонд хаашаа явсныг мэдсэнгүй. Тэр арал дахь жимс ногоог идэн, ус ууж суутал арлын дунд нэгэн байшин байхыг үзээд түүний зүг очтол, бөх баганат өндөр хэрэмт нэгэн орд харш байсан байжээ. Дотор нь орвол маш уудам чөлөөтэй, орчин тойронд өндөр үүд хаалга маш олон, төв дунд нь нэгэн өндөр том бандан харагдах ба хажууд нь олон тогоо шанага үзэгдэж, яс овоолоостой байв. Хүн огт үгүй байсанд ихэд гайхаж баахан суугаад, өглөөнөөс орой болтол унтаж байтал газар доргиж, агаарт хүнгэнэх дуу сонстож хүний байдалтай нэгэн аймшигтай амьтан гэнэт гаднаас ирсэн ба түүний өнгө нь хар, бие нь их, дал мод шиг өндөр, нүд нь галтай цуцал мэт, соёо нь бодон гахайн соёо шиг, ам нь худгийн амсар мэт, уруул нь тэмээний уруултай адил бөгөөд өвчүү рүүгээ унжжээ. Чих нь том чулуу мэт мөр лүүгээ унжжээ. Гарын хумс нь арслангийн савар шиг, тийм нэг аймшигтай амьтан гарч ирсэнд сүнсгүй айж чичрэн дагжиж, байтал тэр хүн бандан дээр сууж өндийн босоод бидний өмнө ирж намайг шүүрэн авч ганц гараараа өргөөд бяцхан юм үзэж байгаа юм шиг эргүүлэн хөрвүүлэн үзэж тэмтрэх нь яргачин, алах хонийг үзэж байгаа мэт санагдлаа. Миний бие айсан зовсон, ядарсан зүдэрсэндээ маш их эцэнхий болсныг үзээд тавьж орхиод бусад нөхдийг минь тэмтрэн үзсээр хөлгийн эзэнд хүрээд түүний бие тарган тэнхлүүн, махтай мяраатай, бүдүүн чийрэг хүн байсан тул санаанд нь тавтай нийлж, яргачин алах малыг шүүрэх мэт барьж унагаад хүзүүг нь хуга даран алж, урт сэрээний үзүүрийг зулайгаар нь гартал хатгаж их гал түлээд хөлгийн эзнийг тал талаас нь эргүүлсээр шарж болгоод, гал дээрээс авч өмнөө тавин, тахианы зулзагыг эвдэж байгаа юм шиг хэсэглэн эвдэж, махыг хумсаараа чимхлэн идэж, ясыг нь мөлжиж бараад буланд хаяж баахан суугаад бандан дээрээ хэвтэж унтан хурхирах нь хатайртсан хонь мэт, хоолойгоо огтлуулсан мал шиг дуугарч байлаа. Тэр, өглөө болсон хойно босож явлаа. Бид түүнийг нэлээд хол зайлсны дараа гаслан гашуудаж энэ галд шарагдсанаас далайд шумбаж, сармагчинд идэгдсэн нь дээр билээ гэж бодлоо.
Ингэж үхлийн муугаар үхэх гэж бас байх уу. Эндээс амьд гарах аргагүй, бидний ингэж зовж үхсэнийг хэн мэдэх вэ? гэж гасалж гашуудан махаа галд шаруулахгүй үхвэл юутай амар билээ гэж орох гарах, нуугдах хоргодох газар эрж гадагшаа гарч үзвэл орох газар, орон огт олдсонгүй орой болгож, айсан цочсондоо аргагүй өнөөх орд харшдаа буцаж ирээд баахан суутал, гэнэт газар донслон хөдөлж өнөөх аймшигт хар хүн ирээд, урьд өдрийн адил биднийг урвуулан хөрвүүлэн үзсээр нэг хүнийг шилж аваад хөлгийн эзний нэгэн адил болгож идээд хоолойгоо огтлуулсан мал шиг хурхиран унтаж нар гарч өдөр болсонд урьдын адил босон явсанд бид бүгд цугларч, Аллах тэнгэр мэдэг, ингэж үхсэнээс далайд орж үхсэн нь дээр гэж хэлэлцтэл манай нэг нөхрийн хэлсэн нь:
— Нөхдөө, миний үгийг сонсоорой, бид арга зохиож энэ хүнийг алаад мусульман шашинтныг зовлонгоос ангижруулъя гэсэнд би ингэж хэллээ.
— Нөхдөө сонсоорой, энэ хүнийг алъя гэвэл урьдаар энэ бүдүүн мод түлээг зөөж онгоц хийсэн хойно арга хайж алаад онгоцонд сууж аль хүссэн газраа хүрье, тэгэхгүй бол онгоц хүлээж дэмий суух болно. Хэрэв бид энэ хүнийг алж чадахгүй бол хийсэн онгоцондоо сууж далайд явбал болно. Тэр цагт далайд шумбаж үхэвч энэ хүний гарт үхэж галд шаруулж идүүлснээс дээр биз, энэ аргаар амьд гарч болох ба усанд орж үхэхэд гомдолгүй гэхэд;
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Синдбад Далайчны Адал Явдал - 2
  • Büleklär
  • Синдбад Далайчны Адал Явдал - 1
    Süzlärneñ gomumi sanı 4487
    Unikal süzlärneñ gomumi sanı 1821
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Синдбад Далайчны Адал Явдал - 2
    Süzlärneñ gomumi sanı 4672
    Unikal süzlärneñ gomumi sanı 1795
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Синдбад Далайчны Адал Явдал - 3
    Süzlärneñ gomumi sanı 2696
    Unikal süzlärneñ gomumi sanı 1267
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.