Latin

Педро Хэмээх Одой Азарга - 6

Süzlärneñ gomumi sanı 2842
Unikal süzlärneñ gomumi sanı 1580
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Би африкийн одой үүлдрийн Мук нэртэй ухныг харан харан инээнэм. Тэр бээр фокстерьер үүлдрийн нохойноос томгүй бөгөөд цатгалан тайван байхдаа цээжнийхээ гүнээс майлна. Ингэж майлахад дуу нь мөнгөн утас жингэнэх шиг зөөлөн бөгөөд сэтгэл зүрхний гүнд нэвтэрнэ. Харин тэр бээр өлсөж уурлавал уу! Өнөөх мөнгөн утасны жингэнээ төмөр харших хяхтнаан болж хувирна. Энэ дуу муурын оройн цагт хашааны харанхуй булангаас дуугарах дуунаас ч эвгүй зэвүүн билээ.
Мукийн идүүрийн тавагт Педрогийн тэвшинд байгаатай л адилхан тэжээл байдаг байсан боловч ухна азарганы тэвш рүү өнгөлзөөд болдоггүй байлаа. Тэр бээр Педрогийн чихээ хулмайлган дайрахыг юман чинээ санадаггүй, гялсхийн бултаад л зайлчихна. Азарга хэд хий дайраад, ухныг онож хазаж чадахгүй болохдоо өөрөө мэдэг гэсэн байдалтай зогсоод өгнө. Үүнд нь өмөгшсөн ухна бүр азарганы тэвш дээр үсрэн гарч, хэрчсэн сүрэл дотор умбан зогсож аваад дан овьёосыг нь түүж иднэ.
Педро чихээ хулмайлгачихсан харж зогсож зогсож, хомхой ухна бүр зайлах шинжгүй болохоор ахиад нэг хазах гэж дайрч үзнэ. Ингэхийг нь хүлээж байсан ухна ухасхийн азарганы урдаас дайрч, зөөлөн хошуу руу нь бяцхан мөртөө сүрхий бөх хоёр эврээрээ ёворно. Арай гэж нэг цадаад зайлан явах үедээ «талархсаны тэмдэг болгож» хэдэн хоргол унагаад явна. Ингээд тэвшинд үлдсэн шавхруу ч идэхийн аргагүй болно.
Бид цаг тухайд нь учир эвийг нь олж байгаагүй бол Педро лав л харангалж үхэх байсан байх.
Ер нь одой бяцхан амьтад хэзээд л зальхай байдаг болохоор Мукийн бяцхан толгой ч дүүрэн заль ажээ. Бариад уях гэхэд бултаж зугтсаар Педрогийн дөрвөн хөлийн завсар ороод зогсчих нь «Чадалтай бол хүрээд ир л дээ. Ах минь чамд үзүүлээд өгнө! гэх адил билээ.
Педро, түүний ирээдүйн хос Стелла хоёрыг ганц шавар хана тусгаарлаж байсныг би дээр өгүүлсэн билээ. Тэд нэг нэгийгээ харахгүй боловч үнэрээрээ мэдрэлцэж байв. Тэд шавар хана нэвт тийнхүү хайраараа мэдрэлцэж байхдаа бушуухан уулзаж, хошуугаараа үрэлцэн үнсэлцэхийн мөрөөдөлд умбаж байсан нь мэдээжээ.
Тэгээд ч шавар ханыг наанаас нь Педро цавчиж, цаанаас нь Стелла үрж маажсаар байтал нэг өдөр бяцхан нүх гарч сүйт хоёр үнэрээ авалцаад зогсохгүй халуун амьсгаагаараа учирч золгож байдаг болов. Харин халуун хошуугаараа учран золгох гэхэд нүх арай л жижигдээд байлаа.
Стелла хатагтайн аашийг засахаар хуримд нь бэлтгэж байх үед араас минь гэнэт халуун амьсгал төөнөхийг дан цамц нэвт мэдрэхдээ миний бие олонтоо цочсон билээ.
Стеллад керосинд дүрсэн бээлий хазуулж, хүн хазахыг нь болиулах гэж байсан тэр өглөө гэнэт нэг бөөрөнхий чулуу хөлийг минь урд ирж унахад эргэж харсан чинь шавар ханан дунд гарсан нүхэн дотроос дун цагаан шороо болчихсон, эрүүн дороо урт нарийхан сахалтай, дунд хавьдаа хоёр том ногоон нүдтэй, орой дээрээ оготор хоёр эвэртэй аймшигт амьтны нүүр гараад ирсэн байсан. Айснаас хашхиръя гэтэл хэл татаж, хөдөлье гэтэл бие хөгшчихсөн байж билээ. Миний бие чөтгөр шулам байдаг гэдэгт хэзээ ч итгэж яваагүй ч боловч, яг тэр агшинд юу ч билээ дээ? гэж эргэлзэж билээ.
Тэгтэл мөнгөн утас жингэнэх шиг дуугарсанд энэ чинь өнөөх Мук золиг байна шүү! гэж сая л танилаа. Удалгүй ухнын толгой далд орж, оронд нь Педрогийн зөөлөн хошуу, сарталзсан самсаа бүхий хамар нь гараад ирлээ. Гүү баяртай үүрсэн, тонгойж, Педротой хошуу үрэлцэн үнсэлцлээ. Би тэрхэн үед мал адгуус ч гэсэн баярлаж талархсаны тэмдэг болгон нэг нэгэндээ тусалдаг юм байна шүү. Ухна азарганы хувийг идчихээд оронд нь тус хүргэж байгаа нь энэ байна! гэж бодож билээ. Таван сар гараад байсан цаг шүү. Миний гэнэн бодлыг минь уучлаарай, нөхөд минь.
Таван сарын тэр гэнэхэн бодлоосоо би маргааш өдөр нь хагацаж билээ. Учир нь өглөө ороод ирсэн чинь морьдын мэндчилгээний нүх зөндөө том болчихсон, тэр нүхээр Мук ухна орж ирээд Стелла хатагтайн өрөөний нэг талд хураалттай байсан тэжээлийн нөөц дотор умбаж ороод зогсчихсон, овьёос гэдгийг гүзээлж гарсан байлаа. Биеийг нь харахад торх шиг бөв бөөрөнхий, тэглээ ч гэсэн нэгэнт дотор нь орсных гэж бодсон бололтой овьёос чихсээр л байлаа.
«Янаг хосын эвэрт зууч минь ээ, арай л элбэг загнаж байгаа юм биш үү?» гэсэн чинь цээжнийхээ гүнээс ундран гардаг өнөөх л мөнгөн утсаа чичрүүлнэ. Энэ удаа тэр дуу миний зүрх сэтгэлийн гүн рүү нэвтэрсэнгүй, би даруй цементтэй зуурмаг хийж нүхийг нь бөглөлөө. Цементтэй зуурмаг дорхноо чулуу болон хатсан бөгөөд түүн дотор мал адгуусны тус санах тухай гэнэхэн хонгор бодлоо би дахин хэзээ ч гарч ирэхгүй болгон булшиллаа.


БҮР Ч ЖААХАН МОРЬД

Хамаг жигүүртний сүүл барьдаг алтан хараацай, алтан гургалдай хоёр ч ирлээ. Тэд манай нутагт хавар хамаг гоёлол чимгээ зүүж гүйцсэн хойно сая л дулаан орноосоо наашаа гардаг юм.
Болгоомжтой гургалдайн нуугдсан нялх навчны цаанаас улбар шар өд сөд цухуйх нь өмнө зүгийн жимс манай модонд ургачихаа юу? гэж бодогдмоор. Алтан гургалдайг харсан хүн сайханд нь болоод барьж авахыг хүснэ. Тэгээд ч энэ жигүүртэн тийм айхавтар болгоомжтой байдаг болов уу? Аяа, хүний хүсэл! Сайхан дууг нь л сонсвол болоо юм биш үү дээ?
Хямгадаж хураасаар байсан бяцхан нууцаа задлах цаг минь болов бололтой: Миний бие өнгөрсөн хугацаанд Педрогоос гадна шотланд үүлдрийн гурван бяцхан морьтой болсон билээ. Шотландын пони бол дэлхийн хамгийн жаахан морь юм. Манай улсад энэ үүлдрийн морьд голдуу амьтны хүрээлэн циркт байдаг юм. Харин зарим оронд тэр бээр бүхнээс тэвчээртэй, бүхнээс хямд, хамгийн адгийн муу өвсийг ч үл голох, тэр ч байтугай хөвд, зэгс идээд л хооллоод байдаг ажлын гайхамшигт хүч билээ.
Шотланд үүлдрийн энэхүү бяцхан морьдыг Педротой харьцуулахад Педрог манай хөршийн «бүдүүн хатагтайтай» харьцуулсан шиг сонин юм харагдана. Тийм ээ! Одой азарга Аксел, одой гүү Сильва, Мари гурваа би тариачдын бүдүүн морьдоос илүү ашигтай гэж зоригтой хэлнэ.
«Чамайг чинь зохиол бичих ажилтай хүн гээгүй бил үү?» гэж бүдүүн морьдыг эзэд төвөгшөөн өгүүлнэ.
«Тийм ээ. Гэхдээ ингэж юм юманд оролцож явахгүй бол бичсэн зүйл минь устай сүү шиг амт шимтгүй «болчихно» гэж би хариулна. Тариалангийн талбай дээгүүр трактор мөлхөнө. Тэр бээр газрыг гүнзгий бөгөөд сайн хагалах боловч талбайн захыг харин сүйдэлж орхино. Тэрхүү сүйдэлчихсэн хэсгийг хүрзээр засаж янзалж үнэтэй цаг барах гэж үү? Мориор хагалж, цэвэрлэж болох юм. Гэхдээ тариачдын бүдүүн морьд овьёос гэдгийг шуудайгаар нь идчихнэ. Овьёос үнэтэй, ховор, яавал дээр вэ? Овьёосонд арвин гавшгай хөдөлдөг жижиг морьтой байх хэрэгтэй.
«Тариачид бид нар л тэргээ муурт хөллөхгүй дэг!» гэж тариачид эсэргүүцнэ. «Хотын дэлгүүр мухлагт овьёосны нэвс ховордоод байна шүү дээ» гэж би эсэргүүцнэ.
Хэний буруугаас гэж?
«Овьёосыг шуудай шуудайгаар цусалдаг та нарын бүдүүн морьдын буруугаас!»
Өрөөнд минь нэгдлийн дарга сууна. Тэр бээр тосгоны хамгийн дэвшилттэй тариачдын нэг нь билээ.
«Миний хэлдэг зөв үү, үгүй юу?» гэж би хоргооно. Дарга «Хаврын цагт эрт босох хэрэгтэй...» гэдэг дууг исгэрэхдээ үл мэдэг толгой дохино. Толгой тархинд нь тариачны хоцрогдсон баярхах үзэл үгүйг би мэднэ. Сууж сууж: «Тэр бяцхан амьтад чинь нугын өвс хадаж чаддаг ч болоосой доо?» гэсхийнэ. Нэгдэл нуга дотроос өвс авдаг бөгөөд түүгээ элэнц хуланцын үеийнх шигээ гар хадуураар хаддаг билээ.
Трактор болон том морьд тийшээ орно гэж санахын ч хэрэггүй байлаа.
Би: «Таарсан машин байхад тэр авсаархан амьтад чинь өвсийг нуга дотроос байтугай газраас хадахдаа л нэг хадна даа» гэнэ.
Дарга нэгдлийнхээ зургаан том морины жилд идэх овьёосыг барагцаалан тооцоолж суулаа. Зургаа үржих арван найман центнер гэхээр зуу гараад явчихна.
Гэтэл бяцхан морь бол зургуулаа нийлээд аравхан центнер овьёос иднэ.
Дарга: «Улаан нартай уралдан босох хэрэгтэй...» гэж түрүүчийн дууныхаа үргэлжлэлийг исгэрснээ: «Үзээд алдах хэрэг ээ, хө!» гэнэ.
«Тэгвэл би хавар нэгдэлд хоёр бяцхан морь бэлэглэе», «Тэгвэл бүр гялайлаа» дарга хаврын тухай дуугаа исгэрч гүйцээгээд «Ер нь тэр бяцхан амьтад чинь тун ч болмоор юм шиг байна шүү!» гэнэ. Тэжээлийн овьёос хэмнэх тэмцэл маань ингэж эхэллээ. Одоо надад худлаа юм амлаагүй гэдгээ ажил дээр нь харуулах л үлдлээ. Амьдрал намайг давлагаанаараа өөр лүүгээ татаж байгаад баяртай байна би.


АЗАРГАНЫ НОЦОЛДООНООС БИ ЮУ СУРАВ?

Шар нүдэт хаврын навтаалж нь цэнхэр тэнгэр өөд мөрөөдөнгүй ширтсэн мөнгөлөг саарал хонин ботууль нь дороо бодолд умбасан хайрган уул бол Акселийн мэдлийн нутаг юм. Хажууд нь Мари, Сильва хоёр гүү байна. Хайрган уулыг тойруулан хоёр төмөр утас татаад төмөр утсыг аккумлятортай холбосон тул морьдын нэг нь нялх хөх тарианд орох санаатай хашаанаас гарах гэж яваад түүнд хүрвэл цахилгаанд цохиулаад авах нь тэр. Цахилгааны цохилт зөөлхөн буулгасан ташуурын цохилтоос хүчтэй биш боловч, хэд цохиулснаас хойш морь төмөр утсанд ойртохоос айдаг болчихдог юм. Хүн гэгч ийнхүү амьгүй цахилгааныг хүртэл малынхаа манаа болгон хувиргадаг байна. Ай, хүний ухаанд төгсгөл байна уу? Нэг өдөр би Педрог ойн соргог бэлчээрт гаргахаар хөтлөөд бид хоёрын хойноос нэгэн зурагчин бүсгүй хөрш айлын Манфред хоёр дагачихсан явж байлаа. Бид хайрган уулын дэргэдүүр гарлаа. Хоёр азарга бие биеэ хармагцаа хээр замд халз тулгарсан хоёр тосгоны сургуулийн хөвүүд шиг хэн нь хүчтэйгээ мэдье гэх шиг урд урдаасаа сүрхий харж зогсоно. Хоёулаа л өөрийгөө хүчтэй гэж бодож байх шиг: Педро тэнгэр шилгээж, газар цавчилж, булчин шөрмөсөө гүрэлзүүлэн, хангинатал янцгаах нь өөрийгөө бүхнээс аюултай амьтан гэж зарласан хэрэг байлаа. Одой бяцхан Аксел хэдийгээр Педро шиг тэнгэр газрын завсар тонгочихгүй боловч үзэлцэхэд бэлэн зогсож байлаа. Тэр бээр цахилгаан гүйдэлтэй төмөр утаснаас хагас алхмын зайтай зогсоод хоёр гүүндээ хандан үүрсэх нь: «Бүү айцгаа, эр нөхөр чинь энд байна!» гэж хэлэх адил байлаа. Хоёр гүү бөөр бөөрөө нийлүүлэн зогссон нь юу болохыг хүлээснийх ажээ.
Юу л болов гэж дээ? гэж хүн бодохоор байлаа. Учир нь Педрог би урт аргамжны үзүүрт хөтөлж явлаа, Аксел «цохидог» утсан торны цаана зогсож байлаа. Педрог би: «Чиш гэм! Одоо нэг дуугаа татаж үз!» гэж загналаа. Гэвч тэр бээр дуу дээрээ дуу, сүр дээрээ сүр нэмэн тонгочих, эцэст нь намайг тойрон давхиж, бяцхан Акселийн дээрээс буух гэлээ.
Энэ нь Акселийн хувьд хэтэрсэн доромжлол болов бололтой «Чи намайг хэн л гэж бодоод байна, аа, хөө!» гэх адил часхийтэл янцгаагаад өнөөх аюултай тор морийг бүр мартчихав бололтой тас дайран гараад, Педрогийн урдаас давхин очиж, боксёр үүлдрийн нохой шиг ганц тод үсрээд биед нь асчихлаа.
Акселийн өтгөн дэл нь өрвийн босож, ам нь араатных шиг асар том ангайн, урт цайвар нүд нь тачигнаж байхыг харахад үргэлж дөлгөөн царайлан явдаг одой дорой азарга мөн гэж танихад хэцүү байлаа. Бид бүр гайхаж, айж хоцорлоо.
Аксел Педрогийн арьсанд шүдээ тас шигтгэн хүзүүнээс нь ургаа юм шиг зүүгдчихжээ. Педро яаж өшиглөж тангараад, эргүүлж шидээд, цовхорч цоройгоод шотландын одой азаргыг дийлсэнгүй. Акселийн бяцхан биеийн эд эс бүхэнд хээр талын зөн билэг нь сэрснээс тэр бээр хүүхэд хөгшдийн зугаа гаргагч эдүгээгийн номой бяцхан морь биш, балга халуун цусны төлөө амиа алдахаас эс буцах урьд балрын махчин араатан болон хувирчээ.
Педро амь шавхан тэмцэж байж Акселийн нэг мөрнөөс аваад шидтэл өнөөх нь пүрштэй юм шиг год үсрээд л нөгөө мөрөнд нь ирээд асчихна. Аксел чимээгүй тэмцэлдэж байхад Педро орилж байлаа. Тэр нь ааг омог нь хэтэрснээс биш арга ядаж өвчнийг эс тэсвэрлэснээс ажээ. Энэ бүхэн хэдхэн агшны дотор болсон тул бид яахаа мэдэлгүй алмайран зогсчихсон байлаа. Би Педрог урт аргамжаар хөтөлж явсан минь сайн болжээ. Тэгээгүй бол түүнийг бүрмөсөн ч алдах байсан юм билүү бүү мэд. Учир нь тэр бээр өрсөлдөгчөө яагаад ч дийлж чадахгүйгээ мэдмэгцээ зугтлаа. Энэ үед Аксел баруун далнаас нь ургаа юм шиг зүүлттэй явлаа. Би зурагчин бүсгүйд аргамжны үзүүрийг бариулчхаад овоорсон хоёрын дээрээс харайн орлоо. Би аймшиггүй зоригтойдоо ч биш, Педрогийн гаслан орилох дуунд зүрх минь өвдсөнөөс тэгсэн билээ. Би бяцхан босоо ороолон Акселийн дэлээс зуурч Манфред ташуураар Педрогийн дал, Акселийн хошуу хоёрын дундуур ороолгосоор байж хоёр азаргыг арай гэж салгалаа.
Би Акселийг торон хашаа руу нь түлхэн оруулсанд тэр бээр ахиад л номхон царайлан сүргийнхээ манаанд гарахдаа дайсныхаа хөдөлгөөн нэг бүрийг анхааралтай ажиглаж байлаа.
Зурагчин Педрог хөтлөөд жаахан цааш явтал азарга түрүүчийн л онгирсон чанга дуугаараа дайснаа тэмцэлд уриалан чарлаж гарав. Ингэсэн нь ч мөн л чадалгүй хөвүүд ялагдсаныхаа дараа орилдгоос өөрцгүй байв.
Ойн гүнд орсон хойноо ч тулалдаанд дийлдсэн Педро толгой хаялан нааш цааш давхих тул аргамжны үзүүрийг би арай гэж байж нэг модноос уяхдаа: «Нэгэнт ялагдсан хойно одоо ингэж дэмий сүржигнээд яана даа, сул биетэн минь!» гэж зандарч байлаа. Яг энэ үед баруун хөл минь аргамжинд орооцолдож, Педро ч надад хөлөө сугалж авахын завдал өгөлгүй мод тойрон давхихдаа бас зүүн хөлийг минь ороосон тул, би газар уналаа. Аргамж цаашаа л чангарвал хөл минь яаж ч мэдэхээр болсныг би ойлгохдоо хэвтээгээр ухасхийн аргамжин дээрээс шүүрч аваад зууралдсаар байж хөлийг минь ороосон гогцоог баахан сулрууллаа. Тэгсээр өндийн сууж аваад аргамжнаас огцом угзраад орхичихсон чинь азарга өвдөг дээрээ сөгдөөд ирлээ. Тэр чөлөөг ашиглаж би: «Зүгээр зүгээр, Педро, тайвшир!» гэсээр гэдрэгээ унан, хэвтээгээр орооцолдооноос мултарч авлаа. Дараа нь бид хоёр нэгэн зэрэг босон харайж, урд урдаасаа сүрхий ширтэлцлээ.
«Чамайгаа би сул биетэн гэчихээ юу? Уучлаарай, хөлөг минь!» Би дахиад л юм сурч авлаа: Одоо муу санагдаж байсан юм. Дараа, өөр нөхцөл дор, сайн болж болох ажээ.
italki
Аливаа юманд их л бодож байж дүгнэлт өгөх хэрэгтэй юм даа.


АДУУНЫ ХУРИМ

Ай хавар, амьд байгалийн сэргэн өсөж өндийж, үржиж төлжихийн цаг! Цэцэрлэг доторх интоорын модод багсайн цайран харагдана. Үхэр огдойн хашхирах дуу цээжин дотор хөнгөн гуниг төрүүлнэ. Хайр дурлал байгаа газар гуниг заавал байдаг бололтой. Тэр бээр дороо аяархан инээх шиг болсноо гэнэт алсад дуулдахаар уянгалуулан хашхирах нь хань ижлээ дуудсан хэрэг байлаа. Удалгүй хань ижил нь ирж, хос жигүүртэн ногоон ой дээгүүр нисэн одно. Хавар цагт хамаг амьтан амьдралын хэмжээлшгүй хүсэлд умбана. Олон хүн шүлэг бичнэ. Тэд нүүсэн үүл, сэвэлзсэн салхи, уярсан сэтгэлээр бялхсан тэр шүлгээ өвөл хогон дээр хаяна. Өвлийн хахир хүйтэнд хаврын амьдралын асар их хүслэн, зуны гуа сайхан бүхнийг эс мартан цонх өөд цоройсон нүцгэн хөлдүү мөчир дээр анхилам цэцэг дэрвэлзэхийг харж чадсан хүн л ёстой яруу найрагч байдаг.
Хөөрхөн хатагтай Стеллагийн догшин ширүүн ааш ул мөргүй арилсан байлаа. Тэр бээр амьдрах эрхээ ган туурай, хурц шүдний хүчээр хамгаалах зэлүүд талд бус, номхон гэмгүй амьтдын дунд шургаагаар хашигдсан бэлчээр дээр байгаагаа ухамсарлав бололтой.
«Чамд гэм хор хүргэх гэсэн амьтан алга, тэгэхээр чи бусдад гэм хор бүү хүргэ дээ, хатагтай минь!» гэж би олонтоо ухуулсан сан.
Педро бэлчээрийн хашаан дундуур толгойдоо гялалзсан цагаан ногттой давхиж явлаа. Тэрхүү хуримын ногтыг цайруулах гэж би авгайнхаа зуны гутлын цагаан тосыг барсан билээ.
Ойн захаас хэрээ сөөнгө хоолойгоор нугад хүртэл дуулдахаар гуаглах нь: «Эрээд бай! Эрээд бай!» гэж азаргад хандан хэлсэн хэрэг байлаа.
Педро зог тусаад толгойгоо өргөхөд хоёр нүд нь чулуун нүүрс норсон мэт гялалзаж, таван сарын урьхан салхи хур дэлтэй нь наадна. Ингэж зогсох нь багын минь сэтгэлдээ дүрслэн бодож явсан ойн савдгийг санагдуулна.
Гүүгээ хашаанд орууллаа. Хөндлөнгийн хүн харвал Педро Стелла хоёрыг нэг гүүний унага гэж бодмоор: Зүсээр ч ижил, биеэр ч ижил. Азарга гүүг чиглээд давхин ирлээ. Дөрвөн хөлийнх нь даан ч янзтай чамин хөдлөхийг харсан хүн үл үзэгдэх үлгэрийн баатар уначхаад жолоо юуг нь барьж явна гэж бодохоор ажээ. Үлгэрийн баатар унасан хөлгийнхөө алхаа гишгээгээр өөрийн хүслээ илэрхийлэх билээ. Адгуус унасан эзнийхээ тушаалаар хөдөлдөг. Харин Педро азаргыг одоо гагцхүү сэтгэлийнх нь жолоо нь захирч яваа билээ. Стелла хатагтай одой азарганы хэр хэмжээнээсээ хэтэрсэн хайранд нэг их итгээгүй аятай зогсож байв. Азарга гүү хоёр хамраа үрэлцэх нь таван сарын энэ сайхан өдөр уулзаж учирсандаа баясан үнсэлцсэн хэрэг байлаа.
Тэгснээ хөөцөлдөж эхэллээ. Энэ нь нэг нь зугтъя, нөгөө нь гүйцье гэж хөөцөлдсөн биш, зүгээр л сэтгэлийнхээ чилээг гаргаж цэнгэх гэсэн зугаалга байлаа. Гүү давхиж явснаа гэнэт зог тусаж азарганы гүйцэн ирэхийг хүлээнэ. Азарга гүйцэж ирээд гүүг үнэрлэн, үүрсэж, хурц шүдээ арьсанд нь зөөлхөн шигтгэх нь хайраа илчилсэн хэрэг байлаа. Ингэхэд нь гүү: «Хүүш яадаг билээ, та минь!» гэж ичингүйрэн дуу алдах адил чарласнаа аальгүйтэн зугтана.
Цэцэг жигдэрсэн зүлгэн дээгүүр хос дэвүүр эрвээхэй дэрвэлзэн ниснэ. Тэд дээшээ нисэн ниссээр нарны түмэн алтан цацрагт уусах адил алга болно.
Гэтэл намайг дөнгөж дахиад доошоо харахын хооронд өнөөх эрвээхэйнүүд хөл дор минь байгаа зүлгэн дээр ургасан дурсгал цэцэг дээр буугаад ирэх нь харагдана. Амьд байгалийг тэнгэр гагцаараа тэжээж үл чадах ажээ.
Хөх тэнгэр, хөрст дэлхий хоёул байж байж л сая амьд байгальд амьдрал жаргал гэгчийг хайрлаж чадах ажээ.
Педро Стелла хоёр хашааны тэртээ өнцөгт зогсож байлаа. Педро байн байн үүрсэх нь хайрын дуу дуулж байсан хэрэг биз. Адгуус бүхэн өөрийн дуутай байдаг, хамгийн сайхан дууг бүтээж чадсан нь хүн ажээ. Хос дэвүүр эрвээхэй гурав дахь удаагаа тэнгэр өөд цойлох үед Педро Стеллаг тэврээд авлаа. Тэдэнд хандан: «Хайрын дээдийг амталцгаа!» гэж хэлэхдээ адгуусны эцэг болчихсон шиг санагдлаа.
Үдэш хос адгуус саравчиндаа ирэхэд дэл сүүл нь өрвийж сэгсийчихсэн, ихэд ядарсан байдалтай байлаа. Хоёулыг нь нэг дор оруулсан чинь тун ч эвтэй найртай байлаа.
Педро тэжээлээ анх удаа эс харамлав. Стелла гүү тэвшнээс нь идэлцэнэ. Хайр дурлал ховдог адгуус Педрог ч гэсэн ийн хувиргах чадалтай ажээ. Хашааны нөгөө өндөгт байдаг бяцхан зэгсэн саравчнаас хөгжмийн уянга ая эгшиглэлээ. Хүмүүс дуулж байв. Би ч бас дууллаа.
Агтын саравчнаас байн байн амгай хангинах нь хөгжмийн аятай нийлнэ.


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


1974 оны хэвлэлийн Хэвлэн нийтлэлийн мэдээлэл:

Эрвин Штриттматтер

ПЕДРО ХЭМЭЭХ ОДОЙ АЗАРГА
(Сургуулийн бага дунд насныханд)

Орчуулсан Ч. Галсан
Редактор Г. Лувсан
Зураач С. Сэндэнгарам
Уран сайхны редактор Д. Батсуурь
Хянагч С. Норовсүрэн, Г. Ханджав
Тех ред. Б. Алтансаргай

За № 341
Хэв. Газ. № 421/73
Өрөлтөд 1973 оны 11-15-нд.
Хэвлэлтэд 1974 оны 12-30-нд.
Цаасны хэмжээ 84X108/16.
Хэвлэлийн хууд. 5,75
Хэв нэгж хууд. 9,43
Тооцооны хууд. 4,57
Хэвлэсэн тоо 5700

БНМАУ Ардын боловсролын яам.
Барилгачдын талбай 15.

Д. Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинатад хэвлэв.
Сүхбаатарын талбай 2.


Заметки

[←1]
Моргэн — Германы дээхэн үеийн талбай хэмжих нэгж. Моргэн гэж өглөө гэсэн үг бөгөөд нэг өдрийн дотор хагалж амжих талбайг ингэж нэрлэсэн ажээ.


[←2]
Пони — нэгэн зүйлийн одой үүлдрийн адуу.


[←3]
Газраас тах олбол бэлгэшээж тотгон дээгүүр хадаж авах ёс байдаг ажээ.


[←4]
Энэ нь цочсоноос болж сүнс зайлж болно гэж итгэдэг мухар сүсэгтэй холбоотой ажээ.


[←5]
Шильдбургерүүд— Эртний германы олон домгийн баатар. Үргэлж хөглөж явдаг усан тэнэгүүд


[←6]
Чихэртэй буцалсан усан дээр коньяк хийж бэлтгэсэн, даарч бээрэх үед уух ундаа.


[←7]
Кентавр — эртний герегийн үлгэр домогт гардаг хүн цээжтэй, морь бөгстэй аварга амьтан.


[←8]
Сигар : Навчинд ороож хатаасан хуруу бүдүүн янжуур навчин тамхи ч гэдэг.


[←9]
Пегасус — эртний герегийн үлгэр домогт гардаг яруу найрагчийн нисдэг морь.


Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
  • Büleklär
  • Педро Хэмээх Одой Азарга - 1
    Süzlärneñ gomumi sanı 4531
    Unikal süzlärneñ gomumi sanı 2128
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Педро Хэмээх Одой Азарга - 2
    Süzlärneñ gomumi sanı 4327
    Unikal süzlärneñ gomumi sanı 2113
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Педро Хэмээх Одой Азарга - 3
    Süzlärneñ gomumi sanı 4467
    Unikal süzlärneñ gomumi sanı 2085
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Педро Хэмээх Одой Азарга - 4
    Süzlärneñ gomumi sanı 4528
    Unikal süzlärneñ gomumi sanı 2129
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Педро Хэмээх Одой Азарга - 5
    Süzlärneñ gomumi sanı 4425
    Unikal süzlärneñ gomumi sanı 2119
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Педро Хэмээх Одой Азарга - 6
    Süzlärneñ gomumi sanı 2842
    Unikal süzlärneñ gomumi sanı 1580
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.