Latin

Орчуулах Эрдэм - 6 - 7

Süzlärneñ gomumi sanı 4054
Unikal süzlärneñ gomumi sanı 1992
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Аливаа хэлэнд «орчуулагддаггүй» үгс гэж огт байдаггүй, хамгийн наад зах нь тайлбарлан орчуулж болдог. Энэ нь чухамдаа янз бүрийн зохион байгуулалт бүхий ямар ч хэл аливаа ойлголт, бодол санааг илэрхийлэх бүрэн чадвартай» (Л. С. Бархударов. Язык и перевод. М., 1975, с 19) гэсэн орчуулгын онолын ерөнхий зарчимд тохирох бөгөөд үүнийг манай орчуулагчид орчуулгын практикт баримталж байна. Гэхдээ орос хэлний реалийг манай орчуулгын практикт хэрхэн буулгаж ирсэн нь өнөө хэр орчуулагчид ба орчуулга судлаачдын сонирхлыг татсаар байна.
Манайд монгол хэлний үсгийн дүрмийн зөв бичих зүйн толь, тайлбар толь, орчуулгын толь зэрэг томоохон хэмжээний олон толь хэвлэгдэн гарсны дотор «Монгол орос толь» (А. Лувсандэндэв М., 1957) «Орос монгол толь» (Ц. Дамдинсүрэн, А. Лувсандэндэв УБ., 1983) зэрэг хоёр хэлний толийг онцлон нэрлэж болно. Эдгээр тольд орос хэлний реалийг хэрхэн яаж буулгаж, монгол хэлний үгсийн санг ямар арга замаар баяжуулсан байдлыг сонирхож үзье.
Зөвлөлтийн эрдэмтэн В. Г. Костомаров, Е. М. Верешагин нар орос хэлний реалийг «оноох тохироогүй үг хэллэг»-ийн (безэквивалентная лексика) хүрээнд оруулж, зөвлөлт үг хэллэг буюу орчин үеийн шинэ амьдралтай уялдан гарсан үг хэллэг, ахуй амьдралын уламжлалт юм, үзэгдлийг заан нэрлэсэн үг хэллэг, түүхэн үг хэллэг, хэлц үгийн бүрэлдэхүүнд орсон үг хэллэг, ардын аман зохиолд гардаг үг хэллэг, орос биш гаралтай (украйн, түрэг, монгол зэрэг хэлнээс орсон) үг хэллэг гэж долоон бүлэгт хуваан авч үзсэн байдаг.
Академич Ц. Дамдинсүрэн, сурвалжлагч гишүүн А. Лувсандэндэв нарын зохиосон «Орос монгол толь»-д,

1. Зөвлөлт үг хэллэг: Верховный Совет — Дээд Зөвлөл, Совет Союза — Холбооны Зөвлөл, Совет Национальностей — Үндэсний зөвлөл, сельсовет — тосгоны зөвлөл, комсомол — коммунист залуучуудын эвлэл, комсомольский билет — комсомолын батлах, большевик — большевик, оросын эв хамт намын гишүүн, всесоюзный — бүх холбоотын, советская власть — зөвлөлт засаг, колхоз — хамтрал, братская республика — ах дүү бүгд найрамдах улс гэх мэт;

2. Орчин үеийн шинэ амьдралтай уялдан гарсан үг хэллэг: ударник — гавшгайч, пятилетки — таван жилийн төлөвлөгөө, общественная собственность — нийгмийн өмч, декретный отпуск — жирэмсний чөлөө, детский сад — хүүхдийн цэцэрлэг, социалистическое соревнование — социалист уралдаан, стахановское движение — стахановын хөдөлгөөн гэх мэт,

3. Ахуй амьдралын уламжлалт юм үзэгдлийг заан нэрлэсэн үг хэллэг: борщ — улаан манжинтай шөл, борщ — хүрэн шөл, блины — шүүрмэг бин, хуймаг, бублик — цагариг боорцог, баранка — цагариг боорцог, балалайка — домбор, товшуур, гусли — ятга, ватрушка — цагаан идээтэй боов, аарцтай боов, изба — (тариачны) байшин, каша — (чанасан) будаа, амс, агшаамал, квас — каваас, эсгэс, крендель — мушгиа боов, колобок — бөөрөнхий талх, косоворотка — жишүү захтай цамц, лапта — лаптуу бөмбөг цохих, оладьи — сам боорцог, окрошка — хүйтэн квас шөл, рассольник — давсалсан хэмхтэй шөл, сарафан (эмэгтэй хүн өмсдөг ханцуйгүй хувцас) сарафан, хоровод — тойронцох бүжиг, частушки — явган дуу гэх мэт.

4. Түүхэн үг хэллэг: аршин — аршин, хагас алд, (71 см), армяк — өрмөг дээл, жанч, бурлак — барлаг, онгоц чирэгч, гражданская война — иргэний дайн, декабристы — декабристууд, декабрийнхан (1825 оны бослогод оролцогсод) зипун — зэвхүүн дээл, калач — цагариг талх, каравай (том цагариг) талх, картуз — хатуу саравчтай малгай, кафтан — кафтан, тэрлэг, лукошко — дурсан сэгс, шээзгий, лапти — долон маахай, дурсан маахай, маёвка — хувьсгалын өмнөх оросын ажилчны майн нэгний нууц хурал, масленица — шар тосны баяр (славян зэрэг христосын шашинтны өвлийг үдэх баяр), тачанка — хөнгөн тэвштэй тэрэг гэх мэт.

5. Хэлц үгийн бүрэлдэхүүнд орсон үг хэллэг; косая сажень в плечах — өргөн мөртэй, ханхар цээжтэй, мерить на свой аршин — өөртэйгээ адилаар бодох, тертый калач — хашир хүн, на чужой каравай рта не разевай — бусдын юманд бүү шуна, знать почём фунт лиха — хал үзэж дол цохих гэх мэт.

6. Ардын аман зохиолд гардаг үг хэллэг: добрый молодец — сайн эр, красна девица — сайхан хүүхэн, суженый — заяаны хань, суженая — заяаны эхнэр, снегурочка — (үлгэрт гардаг) цасан хүүхэн, русалка — лусын охин, баба-яга — эмгэн шуламс, Кощей (Бессмертный) үхэшгүй мөнх, үгүйршгүй баян, жар-птица — (гэрэлт шувуу) орос үлгэрт гардаг шувуу, водяной — лус, лещий — ойн эзэн, савдаг, домовой — гэрийн онгон гэх мэт.

7. Орос биш гаралтай (түрэг, украин, монгол зэрэг хэлнээс орж ирсэн) үг хэллэг: аркан — бугуйл, цалам, хуйв, арба — мухлагтай тэрэг, аул — айл, гацаа, суурин, акын — хуурч, үлгэрч, базар — зах зээл, буран — нүдгүй шуурга, балык — давсалсан загасны ууц, вареники — идмэг боорцог, хачиртай боов, гетман — гетман дарга, гопак — гопак бүжиг, дэвхрэх бүжиг, джигит — жигит, гавшгай морьтон, моринд чадамгай хүн, изюм — үзэм, инжир — инжир (дулаан орны мод, түүний шүүсэрхэг амттай жимс), курень — хүрээ (Запорожийн хасаг цэргийн нэг анги), кубанка — кубан малгай, кобза — украин ховис, орда — орд, папаха — папах малгай гэх мэт хамгийн идэвхтэй түгээмэл үгийг нэлээд орчуулжээ.

Дээрх ангиллаас үзэхэд нийтлэг зорилтын төлөө хамтран тэмцэж буй хөрш зэргэлдээ манай хоёр орны хувьд нэг, хоёрдугаар бүлгийн реали түгээмэл хэрэглэгдэж байгаа тул орчуулгын олон аргыг хослуулан хэрэглэж байжээ. Энэ бүхнээс үзэхэд хоёр хэлний толь бичигт гол төлөв хуулбарлан буулгах аргаар орчуулж, бусад бүлгийн реалийг орчуулахдаа үндэсний ахуйд зохицуулан бүтээлч өөрчлөлт хийх, утгыг хураах, нэмж дэлгэрүүлэх, галигаар буулгах, ойролцоо утгатай монгол үгээр орлуулах, тайлбарлан орчуулах зэрэг олон аргыг хэрэглэж, жинхэнэ орчуулагчийн эх хэлний мэдлэг, уран сайхны чадвар, орчуулах авьяас билигт дулдуйдан бүтээлчээр баяжуулсан байна. Гэхдээ бублик, баранка, ватрушка, крендель, колобок, оладьи, вареники зэрэг реалийг ямар нэгэн боов, боорцог, талх гэх буюу армяк, зипун, кафтан гэдгийг дээл, тэрлэг гэж утга ойролцоо үгээр буулгахад үндэсний өвөрмөц онцлог шинж нь тодорхой нэг хэмжээгээр алдагддаг байна.
Хам үгийн орчуулга нь толь бичгийн орчуулгатай эсрэгцэлдэх боловч, практикт хамгийн их хэрэглэгддэг орчуулга юм.
Үгийн арвин их утгыг толь бичигт тэр бүр тусгах бололцоогүй учир хоёр хэлний толь бичигт үгийг хэрхэн оноож тайлбарласнаар хязгаарлан орчуулгыг хийх гэвэл бүр ч боломжгүй болно. Иймийн учир орчуулах явцад л хам сэдвийн хүрээнд шинэ шинэ утга илрэн гарч, орчуулгыг сая яруу сайхан болгодог байна. Үүнийг орчуулгын практикт хэрхэн хэрэгжүүлж буй нь хэд хэдэн орчуулгын жишээн дээрээс тодорхой харагдаж байна. Оросын реалист яруу найрагч А. С. Пушкиний «Ахмадын охин» туужид: «Как не розябнуть в одном худеньком армяке!» гэдгийг манай ахмад орчуулагч Э. Оюун «Энэ муу дээлтэй хойно даарахгүй яах юм бэ?» (А. С. Пушкин. 1 боть, УБ., 1979, х 293) гэж орчуулжээ. Энд «армяк» гэдгийг «өрмөг дээл», «жанч» зэрэг утгын хэд хэдэн хувилбараас шууд «дээл» гэсэн үгийг сонгож авсан нь монгол уншигчдын ахуй амьдралд орчуулгыг ойртуулах гэсэн орчуулагчийн бүтээлч хандлагыг илэрхийлж байна. Иймэрхүү жишээг өөр хэд хэдэн орчуулагчийн бүтээлээс харж болно. М. Ю. Лермонтовын «Манай үеийн баатар» туужид «Хорошо!» сказал Азамат и поскакал в аул. «Тэгье» гэж хэлээд Азамат хот айлын зүг давхин одов гэсэн өгүүлбэрт «гацаа, айл, суурин гэсэн утга бүхий «аул»-ыг хот айл гэсэн холбоо үгээр илэрхийлсэн бол Л. Толстойн «Дайн ба энх» романд, «Видишь черты квартирьеры! Пятая рота, гляди уже в деревню заворачивает, они кашу сварят, а мы еще до места не дойдем», «Байр хуваарилсан чөтгөрүүдийг харж байна уу? Тавдугаар суман тосгон руу орж байна. Тэд хоолоо болгочихсон байхад, бид дөнгөж байрандаа хүрэх нь ээ» гэхэд каша-г будаа, амс, агшаамал гэлгүй хоол гэсэн ерөнхийлсөн утгад хурааж авсан нь мөн л монгол уншигчдын сэтгэхүйд тохируулсан хэрэг юм.
Гэтэл зарим орчуулгад орчуулгыг улам ойлгомжтой тодорхой болгохын үүднээс бас нэмэлт үг үсгийг зайлшгүй оруулах шаардлагатай болдог. А. С. Пушкиний «Ахмадын охин» туужид: «...да коли успеешь, надень на Машу сарафан. Хэрэв амжвал Машад тариачны банзлыг нь өмсүүлээрэй. (А. С. Пушкин I боть, УБ., 1979. х. 332) гэсэн өгүүлбэр бий Сарафан гэдгийг толь бичигт «эмэгтэй хүн өмсдөг ханцуйгүй хувцас» гэж тайлбарласан бий. Гэтэл орчуулагч жирийн орос тариачин эмэгтэйн гол төлөв сарафан өмсдөг тэр дүр байдлыг илэрхийлэхийн үүднээс «тариачны банзал» гэжээ. Мөн өөр нэг орчуулгыг авч үзвэл: «Слушаю, Ваше сиятельство, отвечал хохол, встряхивая весело головой», «Мэдлээ, гэгээн ноён минь, гэж украйн залуу цэрэг хөгжилтэйгөөр толгой дохив» гэж орчуулсан нь «хүний согсоо, эвэр» гэсэн утгатай «хохол» гэдэг үгийг толийн орчуулгаас бүр өөрөөр, тухайлбал украйн хүний согсоотой байдаг онцлогийг харуулахын үүднээс «украйн залуу цэрэг» гэдэг үгийг зориуд нэмж уншигчдад төдий л танил бус украин үндэсний онцлогийг тодруулж өгчээ. Орчуулгад үндэсний агуулга оруулах, ерөнхий санаанд хураах, утга нэмэн дэлгэрүүлэх аргыг хэрэглэхээс гадна зарим орчуулгад галигаар шууд буулгасан байна. И. С. Тургеневийн «Муму» зохиолд: «Но вот Герасима привезли в Москву, купили ему сапоги, сшили кафтан на лето, на зиму тулуп, дали ему в руки метлу и лопату, и определили его дворником» «Герасимыг Москвад авчирч, зун өмсөх кафтан, өвөл өмсөх нэхий дээл, гутал авч өгөөд гарт нь хүрз, шүүр бариулан хашаа цэвэрлэгчээр томилжээ» гэхэд «кафтан»-ыг ямар ч тохиолдолд уг үгээс нь өөрөөр буулгах боломжгүйг орчуулагч судалж үзээд хэвээр нь авчээ.
Орчуулгын практикт хуулбарлан, утга ойролцоо үгээр буулгасан тохиолдол ч бас тааралдаж байна. Л. Н. Толстойн «Дайн ба энх» романд «...вокруг стола сновали слуги в красных кафтанах...» «... зочдын араар улаан хувцастай зарц нар гүйлдэнэ» Орос ардын үлгэрт: «И только отламил — умер Кощей Бессмертный, прахом рассыпался» «Зүүг дөнгөж хугалмагц, үхэшгүй Кащей үнс болон бутарлаа» гэжээ.
Мөн орчуулгад харь хэлний явцуу утгатай үгийг ерөнхий утгатай үгээр солин орчуулсан жишээ олон бий. А. С. Пушкин «Дубровский туужид; «Тело бедного старика лежало на столе, покрытое саваном, окруженное свечами. Хөөрхий өвгөний шарилыг ширээн дээр тавьж, цагаан хучлагаар ороогоод олон лаа барьжээ. (А. С. Пушкин. I боть УБ., 1979, х 178) гэсэн өгүүлбэрт «саван» хэмээх нас эцэслэсэн хүнд өмсгөх цагаан хувцсыг орчуулагч Г. Гонгоржав «цагаан хучлага» гэж ерөнхийлсөн үгээр сольсон байна. Л. Толстойн «Дайн ба энх» романд: «Князь Андрей одевишись в дорожный сюртук без эполет, в отведенных ему покоях укладывался с своим камердинаром», «Андрей ноён эполет хадаагүй замын хувцас өмсөөд өрөөндөө орж, зарцтайгаа хамт юмаа төхөөрч байлаа» гэсэн өгүүлбэрт урт хормойтой, хоёр энгэртэй эрэгтэй хүний хувцас болох «сюртук»-ийг «хувцас» гэж ерөнхий үгээр орчуулсан нь угтаа олон үгтэй тайлбарласан орчуулгаас зайлсхийх арга болжээ. Ер нь эх хэлээр тайлбарлан орчуулах арга нь эх хэлээр илрэх санааг уншигчдад бүрэн дүүрэн ойлгуулахад ашигтай боловч, зохиолын найруулга, өнгө аяс, хэлний хэмнэлийн зарчимтай ихээхэн харшилдаг тул тэр бүр орчуулахад тохиромжтой арга биш. М. Горькийн «Хүүхэд ахуй нас» романд: «В то время Алексей понял, как несчастны, забиты и запуганы были рабочие-крендельщики», «Талхны ажилчид ямар их аймтгай, дорой байдгийг тэр үед Алексей ойлгожээ» гэж «мушгиа боов» гэсэн орчуулга бүхий «крендельийг талх» гэж орчуулсан нь угтаа талхны үйлдвэрт л энэ мушгиа боовыг хийдэг тул «талхны ажилчид» гэж ерөнхий утгад хураан авч үзсэнээр оновчтой орчуулга болжээ.
«Зөвлөлтийн зохиолч Ч. Айтматов өөрийнхөө зохиолыг киргиз хэлнээс орос руу буулгахдаа орос хэлэнд аль эрт орж, уншигчдад хэдийн танил болсон аксакал, юрта, акын, арык, мулла, бешмет аил, жигит зэрэг реалийг тэр хэвээр нь үлдээснээс гадна, орос уншигчдын ой тойнд тэр бүр буухгүй айран, джерганак, курджун зэрэг реалийг ч бас орчуулалгүй хэвээр нь үлдээсэн» гэж нэгэн судлагчийн бичсэнийг энд тэмдэглэвэл зохино. Энэ нь чухамдаа орчуулгад гарч ирж буй аливаа реалийг орчуулахгүй орхино гэсэн ч хэрэг биш, тэгж ингэж орчуулах ёстой гэсэн тогтсон бэлэн жор заавар ч байх бус, гагцхүү орчуулагч хүний авьяас чадвар, орчуулах эрдмээс шалтгаалан тухай тухайнхаа үе цаг, үг үсэг дээр хэрхэн орчуулах нь шийдэгдэнэ гэсэн хэрэг юм.


ДУРСАМЖ ТЭМДЭГЛЭЛ


Н. НАВААН-ЮНДЭН: ХИЧЭЭНГҮЙ ОРЧУУЛАГЧ


Авьяаст хичээнгүй орчуулагч Балжиннямын Гонгоржав бол Ардын хувьсгалын дараа өрнөн өссөн манай сэхээтний төлөөлөгчдийн нэгд зүй ёсоор тооцогдох юм. Гонгоржав Улаанбаатар хот дахь анхны дунд сургуульд суралцаж байгаад, Улаан-Үд, Ленинград хотуудад эрдмийн мөр хөөж явсаар хүний их эмчийн мэргэжил эзэмшин ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үлэмж хувь нэмэр оруулжээ.
Б. Гонгоржав орос хэлнээс зүйл зүйлийн орчуулга хийж монгол уншигчдадаа улс төрийн болон, эрдэм боловсрол, уран сайхны олон зохиол бүтээл танилцуулсан гавьяа сайшаалтай хүн байв.
italki
Бүүр 1929 онд хорь гаруйхан настай байхдаа химийн ухааны сурах бичиг орос хэлнээс орчуулан, дунд сургуулийн гарын авлага болгосон юм. Гонгоржав орчуулах эрдэмд цаашид мэргэших тутам монгол хэлнээ хөрвүүлэхэд нэн хэцүү байдаг дэлхийн суут ухааны бүтээлээс эх хэлэндээ буулгаж эхэлсэн байна. В. И. Лениний: «Большевик нам хөдөлмөрчний хөдөлгөөнд ямар дайснуудтай тэмцсээр бат бэх болов?», «Большевикуудын их амжилтын шалтгааны нэг нь», «Нийгэм журамт хувьсгал ба үндэсний тусгаар тогтнол» хэмээх бүтээлүүдийг орчуулсан нь монгол уншигчдын уншин судлах өврийн ном болж байсан билээ. Түүнчлэн Б. Гонгоржав дэлхийн сонгодог уран зохиолоос монгол хэлнээ хөрвүүлсэн нь Лев Николаевич Толстойн «Хаджи Мурат», Александр Сергеевич Пушкиний «Дубровский» зэрэг нэр цуутай зохиолууд бий.
Гонгоржав агсан сурагч байхаасаа шүлэг бичдэг авьяастай, дотоод гадаад дуу дуулах дуртай байв. Түүний зохиосон «Сар хиртсэн нь» гэдэг шүлгийг олноор таашаан, сурах бичигт хэвлэж байв. Гонгоржав бид тэр үед үерхэн нийлж, уран зохиолын талаар хүүрнэлддэг байлаа. Нэгэн удаа бид монгол газар зүйн нэр томьёоны тухай ярилцаж «Цэцэрлэг мандал» гэж ер ямар сайхан нэр вэ!» гэж түүний дуу алдсан нь санаанаас минь гардаггүй бөгөөд миний бие «Тал дээрх ганц гэр» гэдэг анхны нэгэн өгүүллэг бичихдээ тэр нэрийг авсан билээ.
Бас нэгэн зүйлийг дашрамд дурдахад сонин гэж бодов. Юу гэвэл, тэр нэгэн жил Ленин багшийн төрсөн ой ойртож байсан нэгэн өдөр сургуулийн хэдэн сурагч надтай уулзаж; «Бид нийслэлийн 21-р сургуулиас явж байна. Манай сургууль дээр «Их багш Лениний зохиолоос хэн анх монгол хэлээр орчуулсан бэ?» гэдэг сэдэвт үдэшлэг зохиох гэсэн юм. Үүнд бид Ленин багшийн зохиолоос хэн гэгч орчуулагч анх түрүүнд монгол хэлэнд орчуулсныг олж мэдэх гэж Улсын нийтийн номын санд очиж лавласанд Наваан-Юндэн гуай таныг Лениний зохиолын анхны монгол орчуулагч гэж хэлж өглөө. Ингээд бид таныг урьж явна. Манай 21-р сургууль дээр очиж, бидний зохиох үдэшлэгт оролцоно уу? гэв. Би ч нэлээд гайхлаа. В. И. Лениний зохиолоос надаас өмнө өөр орчуулагч монгол хэлээр орчуулсан баймаар юм гэж бодогдов. Гэсэн ч нэгэнт урилга авсан болохоор Улаанбаатар хотын Сэлбэ голын гоё эрээн арслантай чулуун гүүрнээс өмнө орших 21-р дунд сургуульд хүрч очлоо. Надтай хамт зохиолч Н. Надмид тэнд очсон юм сан. Ингэж «дэлхийн суут багш Владимир Ильич Лениний зохиолоос хэн анх монгол хэлээр орчуулсан бэ?» гэдэг сэдэвт үдэшлэгт оролцон: «Нийгэм журам ба анархизм» хэмээх зохиолыг анх 1931 онд орос хэлнээс монгол хэлэнд орчуулсан ба тэр товхимол 5000 ширхэг хэвлэгдсэн хийгээд худалдаанд дорхноо алга болж, нийтийн хүртээл болсон тухай тус сургуулийн багш сурагчдад сонирхуулан ярьж өгч билээ.
Гэтэл хожим бас юу болсныг хэлье. Өгүүлэх нь 1925 онд эрдэмтэн Жамсрангийн Цэвээн В. И. Лениний «Залуучуудын эвлэлийн зорилт» зохиолыг хамгийн анх орчуулсан байж билээ. Бас орчуулагч Гонгоржав В. И. Лениний «Нийгэм журмын хувьсгал ба үндэсний тусгаар тогтнол» гэдэг зохиолыг мөнөөхөн 1931 онд монголоор орчуулж, хуучин үсгээр хэвлэв гэж Улсын нийтийн номын санд тэмдэглээстэй байж байх юм.
Ер нь хичээнгүй орчуулагч Балжиннямын Гонгоржав бол 1930 оны орчим Ардын цэргийн газар орчуулагчаар ажиллаж байхаас эхлэн, Сайд нарын зөвлөлийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Арьс өнгөний эмнэлгийн ерөнхий эмч, Шинжлэх ухааны академийн Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайдын өндөр албан тушаалд байхдаа ч гэсэн орчуулах эрдмийг огооролгүй орчуулж туурвисаар байсан. Б. Гонгоржав манай соён гэгээрүүлэх дайчин эгнээнд хамт халин нисэж явсан анхны хаврын нэг алтан хараацай байсныг дурсан тэмдэглэе.


Ц. ХАСБААТАР: ЯРУУ НАЙРАГЧ, ОРЧУУЛАГЧ Д. ГОМБОЖАВ


Монголын зохиолчдын III их хурлын (1962) үеэр авхуулсан зургууд өмнө минь дэлгээстэй байна. Тэдгээрийн дотор Гайтав, Эрдэнэ, Явуухулан, Гомбожав бид хэдийн зураг байна. Тэр үед бид уран зохиолд сэтгэл оюунаа зориулж ойр дотно үерхэж найзалж явлаа.
Доржийн Гомбожав хурц сэргэлэн ухаантай, бичгийн чадал сайтай, авьяас билигтэй яруу найрагч байсан юм. Гомбожавын бүрэн зохиолын эмхэтгэлд шүлэг, найраглал, өгүүллэг, найруулал бичиж дуусаагүй туужийн хэсэг бүгд нэгэн зуун тавин таван зохиол орсон гэж М. Цэдэндорж бичжээ.
Д. Гомбожав авьяаслаг шүлэгч төдийгүй чадварлаг орчуулагч байсныг би энэ өчүүхэн дуртгалдаа тэмдэглэн хэлэхийг хүссэн юм.
Д. Гомбожав Шота Руставелийн «Барсан хэвнэгт баатар», С. Маршакийн «Дуу, шүлэг, үлгэр», Уолт Уитмений «Өвсний навч», мөн Петеефи Шандар, Эминэску, Т. Шевченко зэрэг алдарт шүлэгчдийн олон зохиол орчуулан хэвлүүлжээ.
Д. Гомбожав «Шота Руставели» гэдэг шүлэгтээ,

«Хүнд та юутай хайртай байсан шиг
Хүндэт танд бид бас хайртай
Эх хэлээрээ Шотаг орчуулж
Эрхэмсэг оюуныг бишрэн биширнэм
Өнөөдөр Тариэлийн барсан хэвнэг дэрвэж
Өнөр Гүржийн суу билэг бадарч
Орчлон ертөнцөд Шота Руставели
Огторгуйн баатруудтай зэрэгцэн дүүлнэм»

гэж бичсэн байна.
Миний, Улсын хэвлэлд ерөнхий редактораар ажиллаж байх үед Гомбожав над дээр ирж Гүржийн энэ найраглалыг орчуулъя гэж ярьж тохиролцож байсныг санаж байна. Бид залуу ч байж, зоригтой ч байж. Д. Гомбожав тэр үед зориг гаргаж дэлхийд алдартай энэ том шүлэглэсэн зохиолыг орчуулаагүй сэн бол манай орчуулгын сан хөмрөг өнөөдөр нэг сонгодог зохиолоор дутуу байх байсан ч байж болох юм.
1985 оны нэгдүгээр сарын 9-нд зохиолч, академич Ц. Дамдинсүрэн гуай Москвагийн радиогоор Монголын зохиолчдын байгууллага анх үүссэн тухай, уран зохиолын өнөөгийн хөгжлийн тухай ярьж байхыг сонслоо. Дамдинсүрэн гуай уран зохиолын орчуулгын тухай ярихдаа Гомбожав «Барсан хэвнэгт баатрыг» сайхан орчуулсан гэж цохон дурдлаа. Би нөхрийнхөө нэрийг сонсоод үнэн сэтгэлээсээ баярлалаа.
Зөвлөлт Гүржид би хоёр ч удаа очсон. Очих болгондоо анд найзаа дурсаж, Гүржийн зохиолчдод түүний бүтээлийг бахархан ярьдаг байлаа. Жаран хэдэн онд миний Москва хотноо аспирантурт сурч байх үед Ш. Руставелийн мэндэлсний 800 жилийн ой болж би Гомбожавыг Гүрж орох замдаа Москвад хэзээ хүрээд ирэх бол гэж тэсэж ядан хүлээж байж билээ. Гэвч би анд найзтайгаа Москвад учрах хувьгүй байжээ. Москвад битгий хэл Улаанбаатарт ч уулзах хувьгүй байсныг хожим мэдсээн. Гомбожав 1966 онд гучин дөрөвхөн насандаа зуурдаар нас баржээ.
Гүржүүд Шота Руставелийг туйлаас бишрэн хүндэтгэдгийг би Тбилисид байхдаа бүр ч сайн ойлгож мэдсэн. Улаанбаатарт ажиллаж байсан гүрж эмч нар «Барсан хэвнэгт баатрыг» орчуулсан хүнд хүндэтгэлээ илэрхийлье гэж манай зохиолчдын хороонд хүсэлт тавиад Гомбожавын булшинд цэцэг өргөсөн гэж би дуулсан.
Гомбожав манайхаар дандаа ирдэг сэн. Бид хоёр Румыны яруу найргийн түүвэр гаргая гэж ярилцаж байж билээ. Гомбожав А. Депарацяну гэдэг яруу найрагчийн шүлгээс орчуулж эхэлж байсан юм. «Эжий» гэдэг шүлгийн орчуулга надад хадгалагдан үлджээ. Гомбожавын хуучин үсгээр, бал харандаагаар татаж бичсэн эх нооргийг шинэ үсгээр дор сийрүүлэв.

ЭЖИЙ

Хоосон авгай, бэлэвсэн авгай
Хоёр хүүтэй, хонгор үртэй
Харамлах сэтгэлгүй эх хүн хөөрхий
Хар талхны өөдөс гаргаж
Хоёр хүүдээ, хонгор үрдээ
Хооронд нь тэнцүүхэн хувааж өгөв
Ээжээ өөрт чинь юм үлдэв үү дээ гэж
Энхрий үрс нь уйлан хэлэхэд
«Яах вэ дээ, та нар минь байхад» гэж
Ядрангуй дуугаар ээж нь өчив.

Зөвхөн энэ хэдэн мөрүүдээс харахад Гомбожав жинхэнэ яруу найрагчийн сэтгэлээр орчуулга хийдэг, монголоор гарамгай сайхан найруулдаг байсан нь илт байна.
Манай уран сайхны орчуулгын түүхэнд «Барсан хэвнэгт баатар» шиг ийм том найраглал орчуулж байсан нь ховор биз ээ. Ч. Чимид, X. Пэрлээ, Д. Гомбожав зэрэг нөхдийн түмэн алжаалыг эдлэн байж дэлхийн уран зохиолын эрдэнэсийн сангаас орчуулсан зохиол бүтээл манай утга соёлыг баяжуулахад үлэмжхэн хувь нэмэр болсныг онцлон тэмдэглэе.


Л. ХУУШААН: М. ЦЭДЭНДОРЖ БОЛ УРАН ОРЧУУЛАГЧ


I


Монголын орчин үеийн утга зохиолын орчуулгын эрчимтэй хөгжлийн үе 1960—1970-аад оноос эхэлсэн гэж би бодож байна. Учир нь гэвэл, энэ үед л монголын үндэсний сэхээтний залгамж шинэ үе өсөн бойжиж ирсэн байна. Дэлхийн II дайны дундуур 1942 онд байгуулагдсан Монгол улсын их сургууль 10 гаруй удаа төгсөлт хийснээс гадна 1950 оны үеэс эхлэн ЗХУ ба ах дүү социалист бусад орнуудад сургах монголын оюутны тоо эрс нэмэгджээ. Энэ нь гадаад, дотоодын дээд сургууль төгссөн, эрдмийн цол зэрэг хамгаалсан төрөл бүрийн гадаад хэлний мэдлэг, мэргэжилтэй үндэсний сэхээтний шинэ арми төрж, орос хэл болон бусад гадаад хэлнээс ном, зохиол орчуулах чадвартай хүмүүсийн тоо олшрох таатай нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн байна. Урьд нь айл зэргэлдээ буюу соёлын талаар нэлээд өргөн харилцаатай орнуудын тухайлбал, орос, хятад хэлээс голчлон орчуулдаг байсан бол 60—70-аад оны үеэс эхлэн англи, франц, герман, испани, чех, польш, унгар, болгар зэрэг хэлнээс шууд орчуулдаг орчуулагчид бий болжээ. Урьд нь бид Европ дахины уран зохиолыг голчлон орос хэлээр дамжуулан орчуулж байсан юм. Тэгээд уран зохиолыг эх хэлнээс нь шууд орчуулах боломжтой болсон явдал бол монголын утга зохиолын орчуулгын хөгжлийн бас нэг тодорхой дэвшилтэт алхам билээ. Энэ бол манай нам, засгаас монголын социалист шинэ соёл, нэн ялангуяа үндэсний утга зохиол, түүний нэг чухал салбар болсон утга зохиолын орчуулгыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал халамж тавьж ирсний бас нэг тодорхой үр дүн юм.
Монголын шинэ үеийн утга зохиолын орчуулгын цулгуй газар үүссэнгүй. Манай утга зохиолын орчуулга бол монголчууд бичиг үсэгтэй болж, зохиол бүтээл туурвиж эхэлсэн тэр үеэс эхэлж, мянга шахам жилийн түүхийн урт замыг туулж, баялаг өв уламжлалыг хуримтлуулсан байна.
Арван хоёрдугаар зууны дунд үед Энэтхэгийн «Камила Дмина хоёр» хэмээх зохиолыг гадаад хэлнээс орчуулж байсан мэдээ баримт бий. 1264 онд Хубилай хааны үед гадаад ном зохиол орчуулах, төрийн түүх зохиох (өөрөөр хэлбэл он тооллын бичиг хөтлөх) хороог байгуулж, тэр нь дорно дахины түүх, гүн ухаан, уран зохиолын сонгодог бүтээлүүдийг монгол хэлээр орчуулдаг байжээ. Нэлээд сүүлийн жишээг дурдвал 17-р зууны үед цахар гэвш Лувсанчүлтэм төвөд хэлнээс «Эрдэнийн сан Субашидыг» монгол хэлээр яруу сайхан орчуулсан нь өнөө бидний амтархан уншдаг номын нэг болж байна. 17, 18-р зууны үеийн Энэтхэг, төвөдийн гүн ухаан, яруу найраг, дуун ухаан, анагаах ухаан, учир шалтгааны ухааны бүтээлийг багтаасан 108 боть Ганжуур, 226 боть Данжуурыг монголын эрдэмтэн мэргэд уран сайхан орчуулсан нь зөвхөн манай орны орчуулгын утга зохиолын алтан фондоор зогсохгүй дэлхийн орчуулгын утга зохиолын алтан фондод ховор эрдэнэст тооцогдох бүтээл билээ.
19-р зууны үед манайхан зөвхөн дорно дахины тухайлбал Энэтхэг, Төвд, Хятадын утга зохиолоос орчуулаад зогсохгүй, Өрнөд Европын болон оросын дэвшилт утга зохиолоос орчуулж эхэлсэн байна.
1921 онд ардын хувьсгал мандмагц орчуулгын ажил, түүний дотор уран зохиолын орчуулгыг хувьсгалын нэгэн чухал хүчин зүйл гэж үзэж хөхүүлэн хөгжүүлэх талаар МАХН, Ардын засгаас ихэд анхаарч байсан нь 1925 онд хуралдсан улсын хоёрдугаар их хурлын тогтоолд «... ном орчуулан зохиож, хөрвүүлэн гаргаж гэгээрч боловсроход дөхөм болгох хэргийг хөгжүүлэхийг эрхэмлэн тусгай зохиох, хөрвүүлэх газар нэмэн байгуулахаар төлөвлөн буй» гэж тэмдэглэснээс тодорхой байна. Тэр үед орчуулагч сэхээтний дотор өрнө зүгийн хэл мэдэх ба баруун европын болон оросын зохиол бүтээл орчуулах дадлага туршлагатай хүн цөөн байснаас гадна дэлхий дахины сонгодог бүтээлээс юуг нэн түрүүнээ түүвэрлэн орчуулбал зохистойг ялган тунгааж, зөв сонголт хийх хэрэгтэй болсны улмаас ч 1925 онд Эрдэнэбатхан Максим Горькийд захиа бичиж энэ талаар асууж лавласан байна.
Пролетарийн их зохиолч Максим Горький түүний асуудлыг маш нарийн шүүн тунгааж бодоод «...европ зүгийн номоос идэвхтэй зарчим ухааны шаргуу дүрийг илт үзүүлсэн бөгөөд номой чөлөөг хүсэх биш, харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг шилж орчуулбаас зохих болов уу гэж би санаж байна» гэж хариу захидалдаа цохон тэмдэглэжээ.
Максим Горькийн энэ чин сэтгэлийн нөхөрсөг зөвлөгөө манай орчуулгын утга зохиолын хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэснийг түүний хөгжлийн 50 гаруй жилийн түүхэн замнал нотлон харуулж байна. Ингээд хувьсгалын дараах жилүүдэд улс орны хөгжлийн тухайн цаг үеийн шаардлагыг ихээхэн анхаарч орчуулах зохиолд сонголт хийж байснаас гадна мөн хүн ардынхаа уран зохиол унших дур сонирхлыг оргилуулж чадах, тэдний ахуй амьдралд ойр дөт, ойлгоход хялбар тийм зохиолуудыг орчуулахыг чухалчилж байжээ. Түүний дотор «Үүлэн бор», «Чин зоригт баатарлаг биет адгуусны үлгэр», «Арван таван наст капитан», «Робинзон Крузо», «Гуливерийн аялан явсан түүх», «Мянга нэгэн шөнийн үлгэр», «Декамерон», «Помещикийн байранд өнгөрүүлсэн нэг өдөр», «Миний их сургууль», «Эх», «Салхич шувууны дуу», «Салават баатар», «Дугтуйтай бичиг», «Болд хэрхэн хатаагдсан нь», «Чапаев» зэрэг олон зохиолыг нэрлэж болно.
1950-иад оноос орос, зөвлөлтийн ба дэлхийн сонгодог утга зохиол, мөн Ази, Африкийн зохиолчдын зохиол бүтээлээс идэвхтэй орчуулж эхэлжээ.
Манай шинэ үеийн утга зохиолын орчуулгын үндэс суурийг тавилцаж түүнийг цаашид хөгжүүлэхэд ахмад үеийн алдарт төлөөлөгчид Д. Нацагдорж, Б. Ринчин, Ц. Дамдинсүрэн, Ж. Цэвээн, Ш. Лувсанвандан, Б. Гонгоржав, X. Пэрлээ, Э. Оюун нарын зэрэг нөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэдгээрийн өвийг уламжилж, өсгийг гишгэн төрсөн авьяаслаг орчуулагчид гэвэл Ч. Чимид, Ц. Хасбаатар, С. Доржпалам, С. Бадраа, Б. Дашцэрэн, Д. Гомбожав, М. Цэдэндорж, Г. Дамдин, С. Сандагдорж, Ц. Батцэвэл, Ш. Цэндгомбо, Т. Содномдаржаа, Ц. Шүгэр, Д. Даш, Б. Самдан, Ж. Намсрай зэрэг олон арван хүнийг нэрлэж болно.


II


Тавин насныхаа босгыг дөнгөж алхаад хорвоогийн мөнх бусыг үзсэн манай нэрт яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, уран нийтлэгч, сэтгүүлч М. Цэдэндорж бол орчин үеийнхээ нэртэй сайн орчуулагчдын нэг байлаа. 1984 онд би түүний төрсөн дүү Б. Пүрэвдоржийн хамт М. Цэдэндоржийн шилдэг шүлэг, найраглалын түүврийг эмхэтгэж, редакторлан хэвлэлд шилжүүлэхдээ М. Цэдэндоржийг сайн мэдэх, ойр дотно ажиллаж, амьдарч байсан хэд хэдэн хүний дуртгалыг бичүүлж уул номд оруулсан юм. Тэдгээр хүмүүс, Цэдэндоржийн уран бүтээлээ хэрхэн туурвиж байсан тухай сонин сайхан жишээ баримт олныг дурдсанаас гадна бас түүний орчуулгын уран бүтээлийн тухай ч тодорхой зүйлүүдийг бичсэн байлаа. Эрдэмтэн, зохиолч П. Хорлоо гуай "Сайн шүлэгч, чадварлаг орчуулагч" гэсэн гарчигтай дурсамждаа "... түүний шүлэглэх ур чадвар нь орчуулгын шүлэг зохиолд нь бас шингээстэй. Р. Гамзатов, Э. Межелайтес, Э. Хемингуэй нарын шилдэг сайхан шүлэг, зохиолын амт шимтийг уншигч олон маань Цэдэндоржийн орчуулгаас л олж мэдсэн гэж хэлж болно. М. Цэдэндорж бол үнэхээр сайн шүлэгч, чадварлаг орчуулагч байсан юм даа" гэж бичжээ.
Чехословакийн нэрт монголч эрдэмтэн, манай утга зохиолыг орчуулж өөрийн орны уншигчдын хүртээл болгох талаар дорвитой ажил хийсэн доктор Иржи Шима «Анд нөхрөө эргэн санахад» өгүүлэлдээ «Монголын уран зохиолын орчуулгыг яагаад яруу найргаас эхэлсэн юм бэ?» гэж миний олон нөхөд үе үе надаас асуудаг юм. Үнэндээ ч яруу найраг орчуулна гэдэг амаргүй ажил л даа. Хэрэв би монголын яруу найрагчдын дотроос олон сайхан чин үнэнч нөхөд, зөвлөхтэй байгаагүй сэн бол тэр лут ажлыг шүүрэн авч хэзээ ч зориглохгүй байсан биз.
«... Цэдэндорж дэлхийн алдарт сонгодог зохиолч Хемингуэй, Бернс, Гамзатов, Лу Синь болон Горькийн бүтээлээс орчуулах ялдамдаа чехийн цуутай шүлэгч Незвалын яруу найргаас орчуулж байсан нь бидний сэтгэлд тун таатай байдаг» гэж бичжээ. М. Цэдэндоржийн уран бүтээлийн талаар энэ мэт сонирхолтой дурсамж олныг эш татан өгүүлж болно. М. Цэдэндорж бол зөвхөн өөрийн орноор зогсохгүй хилийн чанадад их нэртэй сайн яруу найрагч, орчуулагч байсан билээ. Цэдэндорж уран зохиол бичих, орчуулах ажлыг бараг зэрэг эхэлсэн гэж хэлж болно. 1949 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуулийн хэл бичиг, утга зохиол, түүхийн факультетад орж суралцсан тэр үеэс эхлэн Цэдэндорж орос хэлийг махран оролдсон юм. Хэдийгээр тэр үед орос ном уншаад сайн ойлгодоггүй байсан ч тэрээр орос ном их цуглуулдаг, суганд нь ямагт нэг ном явдаг байсан нь орос зөвлөлтийн утга зохиолын сурах бичиг байсныг би тодорхой санаж байна. Орос, зөвлөлтийн нэрт зохиолчдын намтрыг толь бичгийн тусламжтайгаар уншдаг, уншсан зүйлээ бидэнд (ангийнхандаа) ярьж өгөх их дуртай байж билээ. Тэрээр Багшийн сургуулийг төгсөөд өөрийн төрсөн нутаг Говь-Алтай аймагтаа дунд сургуулийн хэл бичиг, утга зохиолын багшаар очиж ажилласан юм. Тэр үед Говь-Алтайн төвд ажиллаж байсан тарваган тахлын станцын хоёр орос эмчээр туслуулан орос хэл сурах гэж тун их мэрийж байснаа өөрөө хожим дурсан ярьдаг байлаа.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Орчуулах Эрдэм - 6 - 8
  • Büleklär
  • Орчуулах Эрдэм - 6 - 1
    Süzlärneñ gomumi sanı 4143
    Unikal süzlärneñ gomumi sanı 1699
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 2
    Süzlärneñ gomumi sanı 3762
    Unikal süzlärneñ gomumi sanı 1494
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 3
    Süzlärneñ gomumi sanı 4203
    Unikal süzlärneñ gomumi sanı 1866
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 4
    Süzlärneñ gomumi sanı 4050
    Unikal süzlärneñ gomumi sanı 1855
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 5
    Süzlärneñ gomumi sanı 4263
    Unikal süzlärneñ gomumi sanı 1681
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 6
    Süzlärneñ gomumi sanı 4276
    Unikal süzlärneñ gomumi sanı 2042
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 7
    Süzlärneñ gomumi sanı 4054
    Unikal süzlärneñ gomumi sanı 1992
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 8
    Süzlärneñ gomumi sanı 4301
    Unikal süzlärneñ gomumi sanı 1731
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 9
    Süzlärneñ gomumi sanı 2531
    Unikal süzlärneñ gomumi sanı 1234
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.