Latin

Орчуулах Эрдэм - 5 - 07

Süzlärneñ gomumi sanı 4258
Unikal süzlärneñ gomumi sanı 2085
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Юань улсын үед Ши Най-ань (1296— 1370) эмхлэн зохион бичсэн, Лүе Гуан-жүн найруулан зассан «Хүйтэн уулын бичиг» (Шүй хэү жүань) хэмээгч нь эртний Сүн улсын үес төрийг нь донсолгосон тариачин олны сүртэй их бослогыг үзүүлсэн роман ажээ. Хятадын ард түмнийг феодал газрын эзэд хэтэрхий дарлан харгисалж байсныг зоригтой эсэргүүцэн тэмцсэнийг бичсэн тэр романыг манжаар орчуулсан 22 дугтуй 22 дэвтэр бичиг Бээжингийн Хааны ордны номын сайд байдаг байна. Ар Монголд «дөрвөн гайхамшигт зохиол» гэдгийн нэг нь гэж байсан тэр романыг Их Хүрээнд, монгол малж, хятад хэл нэвтэрхий мэддэг, маш сайхан найруулан бичдэг Балданцэрэн гэдэг хүн, бус хоёр хүний хамт орчуулсан аж. Тэр орчуулга нь бичмэлээр тархаж, уг бичигт гардаг гаж буруу явдалтны нэрээр манж феодал түшмэл, мөн тэдний өмнө бялдуучлан зусардаж байсан монгол ноёдыг нэрлэдэг байсан гэж монголч эрдэмтний зохиолд тэмдэглээтэй бий. Өвөрлөгч газраа, Вачинбалын их хүү, авьяаслаг яруу найрагч, орчуулагч Гүларанса Хүйтэн уулын бичгийн гол хагасыг анх монголчилсон ажээ. Гүларанса энэ тухайгаа «Шүй хэү-г монголчлов» гэдэг шүлэгтээ:

Хатуу зоригийг баримталж, зав чөлөөндөө бичсээр
Харин энэ Шүй хэү шастирын гол хагасыг монголчлов.
Халуун хүйтнийг хэдэнтээ өнгөрөөснийг хуруу даран тоолбол
Хаврын цэцэг гурвантаа дэлгэрээд, гурвантаа зулгарчээ

хэмээн бичжээ. Ванчинбалын зургаадугаар хүү Сүнвэй-данжүн «Шүй хэү»-г бүрэн монголчилж дуусгажээ.
Хүйтэн уулын бичгийн хэд хэдэн бүлэгт гардаг Си Мин цинтэй гэрлэх гэж эр нөхрөө хорлосон Пан Жин ляны явдал болон У Сүн, ахынхаа өмнөөс өшөө авч буйгаас сэдэвлэж, хятадын өөр нэгэн алдарт роман «Жин Пин Мей бичиг» гэдэг зохиол гарсан билээ. Мин улсын эрх баригч түшмэл ноёдын бурангуй явдлыг буруушаан бичсэн Жин Пин Мэй-г манж хэлээр орчуулж, Энх амгалангийн 47 (1708) дугаар оны тавдугаар сард зургаан дугтуй дөчин найман дэвтрээр модон бараар хэвлэжээ. «Жин Пин Мэй бичиг»-ийн сайхан монгол орчуулга БНМАУ-ын улсын номын санд бий.
Дайчин улсын эрдэмтэн Фү сүн лин нэгэн насандаа сэтгэл бухимдан дотроо санаж аснаа чөтгөр сахиулсны явдлаар санаа юугаа илэрхийлэн гаргасан «Ляо жай жи и»-г Жагдан хэмээгч бээр манж хэлнээ орчуулж «Сонгож орчуулсан Ляо жай жи и бичиг» нэртэйгээр Төр гэрэлтийн 28 (1848) дугаар онд гурван дугтуй хорин дөрвөн дэвтрээр, модон бараар хэвлэжээ. Эл манж орчуулгаас, Бээжингийн Монгол бичгийн хорооны ерөнхийлөгч Тэмгэтү монголчлон орчуулж, дармалдуулжээ. Энэ тухай Ляо жай жи жи бичгийн тэргүүн дэвтрийн оршилд «манай баруун Харчины Ван Рүй чан авгай үүний (сонгож орчуулсан Ляо жай жи жи бичиг. Ц. Ш) утгыг бахран, онцгой сэтгэл хүчин сүйтгэж монголчлон орчуулж бүлэг бүрийн байдлыг журамлан гаргаад монгол аймагтаа толилон үзэхүйд дөхөм болгосон...» гэж байна.
Манж хятад хэлнээс орчуулсан уран зохиолын зүйлийг феодалын нийгмийн байдлыг үзүүлсэн, феодалын ордны амьдралыг гаргасан, феодалын зохиол, чөтгөр шулмын тухай үлгэр гэх мэтээр муучилж, тэр сайхан зохиолыг яруу сайхан найруулгаар орчуулсан ард түмнийхээ хэлийг үл тоомсорлодог байсан нэгэн цагийн үзэгдэл одоо үгүй болж, тэр гайхамшигтай сайхан орчуулсан зохиолуудыг орчуулга, хэл найруулгын талаас нь орчуулгын онол, хэл шинжлэлийн ухааны үүднээс судлан шинжилж, судалгааны өдий төдий өгүүлэл, ном зохиол, цуврал бичиг гардаг болсон нь нэн бахархалтай.
Энд нэгэн орчуулгын тухай онцлон тэмдэглэе.
Ляо улсын арван дөрвөн хааны гурван зуун долоон жилийн түүхийг өгүүлсэн, эртний Кидан, манж болон монголын түүхнээ нэн учир холбоотой, түүх угсаатны зүйн чухал сурвалж бичиг болох «Их Ляо улсын судар»-ыг манж хэлэнд орчуулж хэвлэснээс хойш гурван зуу гаруй жил болж, тэрхүү бичиг манай улсын номын санд 1940 хэдэн оны үес ганцхан хувь байжээ. Тэр ганц хувь нь олон он удаан жилийн эрхээр аяндаа ноорон «өтлөөд», үг үсэг тодорхой ч, «удаан наслахгүй», болчихсон байжээ. Тэр хөгшин хонины насгүй болсон бичгийг манжич Л. Дэндэв гуай сийрүүлж, орчуулах ажлыг удирдан хийжээ. Энэ тухайгаа манж монголоор хавсран орчуулгасан бичгийнхээ оршилд бичсэн нь: «Уг түүх болбол манай монгол улсын эртний үеийн түүхийг шинжлэн судлахад үлэмжхэн холбогдолтой бөгөөд өдгөө болтол монгол хэлэнд бүрнээ сайтар орчуулсангүй хоцрогджээ. Үүнээс хорин жилийн өмнө ШУХ-ийн Бат-Очир хэмээх хүн гагцхүү монгол хэлэнд орчуулсугай хэмээн зориг хүч гаргаж туршсан боловч ихэнх тохиолдох хятад нэр үг ба хатуу үг тэргүүтэнд боогдон агсаар бүрнээ гүйцэтгэн чадалгүй нас баржээ. Энэхүү жил ирэх тутам муудаж буй ховор түүхийг үгүй болохын өмнө яаран завдаж уул түүхийг манж хэлээр тэр хэвээр нь буулган бичүүлээд бас хажууд монгол хэлээр орчуулж зэрэгцүүлэн хавсаргаж түүх судлагчдад зориулан үлдээсүгэй хэмээн МАУ-ын Улаанбаатар хотын Их сургуулийн хэл бичгийн тэнхимээс онц чухалчлан үзэж, манж хэлний багшийн хяналтын доор тус их сургуулийн хэл бичгийн 4-р ангийн оюутан Дэмбэрэл, Тарваа, Цэндсүрэн, Сандаг, Хорлоо, Жигжидсүрэн, Нацагдорж, Дэжидмаа нарын найман хүнд нэжгээд дэвтрээр хуваарилан өгч уг түүхийг манжаар сийрүүлэн буулгаж орчуулаад дахин хянан за, самжлаад нэгэнт дуусжээ» хэмээн бичжээ. Тэрхүү манж монгол хавсармал орчуулга нь МУИС-ийн номын санд хадгалагдаж байсан нь харамсалтайгаар галд хайлчихсан билээ. Үнс нурам дотроос голдоо аяганы амсрын чинээ бичигтэй үлдсэн, шатаж түлэгдчихсэн дөрвөн тамтархай орчуулга олоод тэр түлэгдчихсэн тамтархайг гэрэлд цохиулан харахад хар бэхээр бичсэн бичиг нь зурайж харагдах түүгээр нь эмтэрч сэмтэрч унасны нь утгаар нь ганц нэг үг үсгийн төдийг нөхөж сийрүүлсээр гурван дэвтрийг арайхан бартал, хараа ч муудаад өнөө дөнгөн данган торч байсан үнсэн дэвтэр маань ч үйрч бутраад нурам болчихсон билээ. Орчуулж байсан хүмүүс нь 1949 оны орчим 4-р ангийн оюутан байснаар бодоход, одоо улсдаа алба хашсан настай тохитой улс яваа нь мэдээж үүнийг үзээд тэр ховор нандин орчуулгаас нь үлдсэн бол тэр үнэтэй цэнтэй орчуулгаа шинжилгээ судалгааны гүйлгээнд оруулаасай билээ гэж энд дурдлаа.
Тэрхүү түүх бичигт түүхийн үнэт сурвалж болох мэдээнээс гадна, үлгэр домгийн чанартай ч юм бас байжээ. Жишээлбэл, эртний Зөрчид улсын тайзу хаан Абоожийн нас барсныг бичсэн нь: «Тайзу хаан, Фү ю фү хотод хүрмэгц өвдөн хүндэрч, тэр үдэш монгол гэрийн өмнө их одон унавай. Цагаагчин могой өдөр Фү ю фү хотын дотоод хотны оройд шар луу үзэгдвэй. Тэр лууны урт нэгэн газрын эцэс хүрмүй. Лууны гэрэл хүний нүүрт цөм гэрэлтээд, тэр луу Тайзу хааны ордонд орвой. Улбар хар уур бас тэнгэрийг халхалж, дэд өдөр зогсвой. Тэрхүү өдөр Тайзу хаан халивай....Тайзу хааны урьд өгүүлсэн ёсоор улаан нохой жилийн намрын тэргүүн сард эгмүй хэмээсэн лүгээ эс зөржээ» хэмээжээ.
Энд дурдсан хэдхэн ном зохиолоор манжаас монголд орчуулсан ном зохиолын зүйл дуусчхаж байгаа хэрэг огт биш, нэрд гарсан зохиолуудаас хэдхэнийг дурдаж, сонирхогч авгай нарт толилуулсан нь болой. Чин зоригт, түмнээ гэсэн халуун сэтгэлээрээ, ашид дурсагдах хөдөлмөрөөрөө монголын түүх, соёл, уран зохиолын санд үнэ цэн нь бууршгүй гайхамшигт орчуулгаараа эрдэнийн очир шигтгээ хатгаж түүхээ мөн хөлсөн хуучин бичгийн өтгөсийг дурсан, «Бид өнөөдөр манай хууччуул, одоо нас барсан монгол, нангиадач, манжич шударга зүтгэлт өвгөдөө, академич Б. Я. Владимирцовын нэн хүндэтгэн зохиолдоо талархаж тэмдэглэдэг Жамьян сайдыг, Бат-Очир, Мишиг, Дандаа нарыг Юань улсын судар, Ган-му бичиг зэрэг одоо хүртэл европын хэлэнд гүйцэд орчуулж бараагүй бөгөөд монголын түүхэнд маш чухал тулгар бичгийн зүйлийг монгол хэлээр маш сайхан орчуулсанд нь талархан бахархаж, тэдгээр шударга зүтгэлтэн өвгөдийнхөө чин сэтгэлийг дурдан тэмдэглүүштэй байна. Алжаан цуцахыг үл мэдэх тэдгээр өтгөс эрдэмтний ачаар, ардын засгийн үест чухал чухал бичиг судар монгол болж, манай бичгийн хэл мэддэг эрдэмтэн бүхний үзэн судлахад бэлхэн болжээ. Хуучин монголын сэхээтний охь дээж нь болсон тэр чин сэтгэлт эрхэм өвгөд маань, үнэхээр байдаг чадлаа улс орондоо шавхан гаргаж өгсөн билээ. Өдий төдий олон жил махран оролдож сурсан судалснаа ардын хувьсгалаас хойш Судар бичгийн хүрээлэнд түүний байгуулж байсан номын санг зузаатгахад зориулаад, манай утга зохиолыг тэргүүн зэргийн сайхан орчуулгаар баяжуулсанд нь, монголч хэл бичгийн шинжлэлтэн, түүхчин Хүн бүр тэдэнд тал өгч баярлах бий» гэсэн үсэн буурал өтгөс Ринчен академичийн үгээр эл өгүүллээ төгсгөе.
1984. XII. 15


Г. ОХИН: ХЯТАДЫН СОНГОДОГ ЗАРИМ РОМАНЫ МОНГОЛ ОРЧУУЛГЫН ТУХАЙД

Аливаа орон өөрийн үндэсний уран зохиолын арвин их сантайн гадна бусад орны ард түмний уран зохиол-орчуулгын уран зохиолоор баяжиж байдаг билээ. Орчуулгын уран зохиол нь монголын уран зохиолд зохих байр сууриа нэгэнт эзэлжээ.
Монголын эрдэмтэн, бичгийн хүмүүс эрт дээр цагаас хөрш зэргэлдээ хятадын ард түмэнтэй бичиг соёлын харилцаатай байж, уран зохиолынх нь сор сонгодгоос эх хэлнээ хөрвүүлсээр иржээ. МЭ-ний 8-р зууны үед Кидан гүрэн хятад хэлнээс түүх судар, 10-р зууны үед Түн-ли хэмээх цаг тооны нэвтэрхий бичиг, гүн ухааны ном, хууль цаазын бичиг орчуулж байсан нь утга зохиолын анхны орчуулга байлаа. Харин уран зохиолын орчуулгыг хэзээ эхэлсэн, анхны орчуулгын зохиол нь ямар зохиол, хэн орчуулсан болохыг тогтоогоогүй байна.
Хятадын уран зохиолын түүхэнд үнэтэй бүтээлд тоолдог «Лиао жай жи и бичиг», «Жин пин мэй», «Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл», «Гурван улсын үлгэр», «Эрт өдгөөгийн гайхамшигт үзэгдэл», «Улаан асрын зүүд», «Хүйтэн уулын бичиг» зэрэг сонгодог романыг монгол хэлнээ орчуулжээ.
Лиао жай жи и бичиг бол 16— 17-р зууны үеийн хятадын дэвшилт ардчилсан зохиолч Пу сун линий бүтээл юм. Энэ роман ардын яриа, аман зохиолоос үүсэлтэй, хятадын тэр үеийн нийгмийн дүр зургийг тод харуулсан, хятадын орчин үеийн уран зохиолын үндэс суурь болсон зохиолын нэг юм.63
Лиао жай жи и-г манж, монгол, орос, япон, герман, англи, франц хэлээр орчуулсан бөгөөд англиар орчуулсан доктор X. Жайлс уг романыг Рамаянатай тэнцэхүйц бүтээл гэж үнэлжээ. Монгол хэлнээ Сундуй орчуулж Төр гэрэлтийн 28-р он буюу 1848 онд сийрүүлсэн бичмэл. 20 дэвтэр, Дундад иргэн улсын 17 он буюу 1928 онд Бээжингийн монгол бичгийн хорооноос хэвлэсэн Тэмгэтийн орчуулга 8 дэвтэр64, Сундуй (өргөсөн нэр нь Шиу фан) орчуулж 1929 онд Мүгдэний зүүн монголын бичгийн хорооноо хэвлэсэн тэргүүн дэвтэр; ийм 3 орчуулга Бээжингийн номын санд хадгалагдаж байна. Үүнээс Тэмгэтийн орчуулга 8 дэвтэр зохиолыг эхтэй нь тулган ажиглахад: эртний хятад хэлний битүү утгатай дүрс бичгийн зохиолыг монгол хүний сэтгэхүй, аж байдалд нийцүүлэн буулгаж чадсан байна. Орчуулга нь сонгодог бичгийн хэлээр утгачлан орчуулах, дуун буюу дүйлгэн орчуулах, тайл барлан орчуулах аргыг хослуулсан байна.
Монгол бичгийн эрдэмтэд эх хэлний гүн мэдлэгтэй, ихэнх нь манж, хятад, төвд хэлтэй, дорно дахины хэлнээс орчуулж мэргэшсэн байсан нь харагдаж байна. Үүний зэрэгцээ дорно дахины уран зохиолыг орчуулах арга зүй ч боловсронгуй болсон байжээ. Жишээ болгож «Чин шэн шидтэн» хэмээх хэсгээс үзье.
italki
wen deng zhou sheng yu cheng shao gong shu yan, zhu ding wéi chu yué jiao ér cheng pin gù zhong sui chang yi shou, yi chi zé zhou wéi zhang, hu zhou qi yi sao, jié xù deng tang rù yi jia yan.
Вэн дэн шианы Жоу шэн, Чэн шэнгийн хамт бяцханы цагаас нэгэн сургуульд бичиг уншиж даруй янаг нөхөр болон ханилжихуй. Чэн шэн ядуу тул жил дуустал Жоу шэнд итгэж аж төрмүй. Насыг бодвоос Жоу шэн ах болох тул Жоу шэнгийн гэргийг бэргэн хэмээн өргөж, шинэлэх баяр хуримын өдөр болбоос танхимд авирч нэгэн гэрийн адил байжихуй. shao gong shu yàn гэсэн дүрс утгыг бяцханы цагаас нэгэн сургуульд бичиг уншиж, zhong sui chang yi zhou-г жил дуустал, Жоу шэнд итгэж хэмээн товч ханз бичгийн утгыг нарийн хийцтэй гаргасан байна.
Орчуулагчид харь хэлийг өөрийн хэл шиг эзэмшээд зогсохгүй, тэр орны соёл, зан заншил, үндэсний онцлог, шашин түүхийг сайн мэддэг байсан нь орчуулгаас харагдаж байна. Бичгийн хүний аж байдал, зан суртахуун, эгэл ардын зан төрх, сүй тавих, шүтэн бишрэхийн ёс горимын онцлог, аж байдал, үндэсний өвөрмөц тал, өөрийн ард түмний мэдэхгүй зүйлийг тайлбар зүүлтгүй, ойлгомжтой орчуулсан байна.
Мөн орчин цагийн монгол хэлэнд уламжлаагүй аяс зөөлөн, яруухан үг, хэлц хэллэг энэ орчуулгад арвин байна. Жишээ нь «Лао шиан уулын бумба» хэсгээс үзвэл: wén lao shan duo xian ren fù ji wang you deng yi ding, you guan yu shen xiong yi dao shi zuo pù tuàn sheng, sù ià chui jing ér shén guan shuang mài kôu ér yù yu Ii shen yuàn miào, qing shi zhi dào shi yue; kong jiao duo bù néng zuo ku da yan néng zhi.
Лао шан уулнаа хувилгаан олон хэмээн сонсоод хайрцгийг үүрэн эчиж, нэгэн цогцгор хаданд гаран үзвээс сүмийн гэр маш ариун, Нэгэн бумба зэгсэн дэвсгэрт суугаад, цайсан үс нь хоёр мөрөнд унаж, чадал сайтай бие тэнхлүүн. Мөргөөд түүний зүг хэлэлцвээс үг маш нууц, гайхамшигтай тул багш болгосугай хэмээн гуйсанд бумба өгүүлрүүн: чи гагц ардаг залхуу, энд үйлдэж зовохуйц тэсэхгүй болов уу. Ван шэн чадмуй хэмээн өчив.
...ting song sheng sù sù xiao chong gai zou, zhong xin tan té. hui ni an ru shao. hu wen ren sheng zai xia. fu kanzhi. ting yuan wan ran yi li ren zuo shi shang shuang fa tiao shu zhu. fen shi zuo you, le ren zuo gu yue. jin ye-bai xing shu hua gu suo zeng tuan cai. ke peng yi. Shang pi liang ye. Sheng jing qi gui mo. Mao fa fin dou. bu gong shao xi. Hu bi zi. yang shi yue. Shu shang you ren nu jing qi yue. Hé qù da ren dan er an lai kui ren. Sheng da ju wu suo tiao yin. zhu pan shi xia fu di qi you nu jin lin yi. Fan hui wei huan. yu beng zuo ni zhi nian ke shi qi ba. zi tai yan jué.
...Нарс мөд шуухинан хүрэлзгэнийн дуу чахрах тул дотор нь түг түг хэмээн гэмшиж зүрх хагсах адил. Гэнэтхэн хүний дуу доор байхыг сонсоод дорогш үзвээс харин ч нэгэн гэр, нэгэн гуа эхнэр чулуун дээр суун, хоёр шивэгчин зурмал зул өргөн зогсожихуй. Гуа эхнэр өгүүлрүүн: энэ шөнө саран гэгээн, одон сийрэг. Хуан гү-гийн өгсөн цайг нэгэн цомоор буцалган ачир. Энэ сайн шөнийг саатуулъя хэмээмүй. Пу шэн түүнийг чөтгөр шулам хэмээн санаж үс нь зарайн босоод, айн сүйлэх үгүй. Гэнэт шивэгчин нь дээш үзэж өгүүлрүүн: модон дээр хүн буй. Охин сочин босож өгүүлрүүн: ямар газрын зүрх их хөвүүн сэмээр ирж хүнийг ажигламуй хэмээхүйд Пу шэн хатуужлан модноос шувтарч буун, сөгдөж хэлтрүүлэхийг гуймуй. Охин ойр сууж нарийвчлан үзээд уур шантран баярлаж татан босгоод хамт суув. Үзвэл арван долоон найман насны шахам, байдал дүр маш үзэсгэлэн.
Дээрх орчуулгыг эх ханз бичгийн утгатай тулган гуншихад үг сонгосон, оноосон нь тун бахтай. Сүмийн тэр маш ариун, дотор түг түг хэмээн гэмшиж, зүрх хагсах адил, нарийвчлан үзээд уур шантран, баярлаж гэм зэрэг уг дүрс бичигт битүү бүрхэгдүү утгатай байсан зүйлийг тод сайхан гаргасан байна.
Өгүүлбэрийн бүтцийг авч үзвэл нэмэлт гишүүд нь гол гишүүнийхээ ард явдаг тогтолцоот хэлнээс эх хэлний өгүүлбэрзүйн зарчимд нийцүүлэн, утга төгс хэсгүүдийг зэрэгцүүлэн нийлмэл утгыг нэг өгүүлбэрээр гаргасан нь олон байна. Өөрөөр хэлбэл утга төгс, дэлгэрэнгүй өгүүлбэрээр найруулан орчуулсан байна. Жишээ үзье. Гун ми би-гээс:
«...Хуан овгийн охин нэгэнтээ хатгуур хатгах цаг болоод эцгийн болзоог тасалсныг сонсоод түр юун хэмээн өгүүлсэнгүй бөлгөө. Эдүгээ эцэг эх нь охиноо бусдад өгсүгэй хэмээснээ, охин нь нулимс унагаж өгүүлрүүн: Ли лан огт угаас үгээгүй нь бус, хэрвээ баян нь урьд цагаас илүү болохул бидэнд өшөөтэй хүмүүн булаан чадах нь буй юу? Эдүгээ үгээгүйн учир тэвчвээс өршөөл бус гэхэд Хуан өвгөн таалахгүй, элдэв зүйлээр зайчлан хэлэвч охин нь эцэстлээ шилжигдэхгүй. Эцэг эх нь цөм уурлаж үдэш өглөө нулбин хараавч охин нь зөвшөөрөхөөр хүлээмүй. Удсангүй шөнө дээрэм хулгай ороод Хуан овогт эр эмийг ширж үхмээр болгоод, гэрийн юмыг нь цийрс ороосон мэт авснаар гурван жил болсонгүй гэр өрх нэгэнтээ бууран үгүйрэв. Тэр үеэс нэгэн худалдааны хүмүүн түүний охиныг гоо үзэсгэлэн хэмээн сонсоод дуртайяа тавин лан мөнгөний барилга өгсүгэй хэмээхүйд, Хуан өвгөн ашгийг хичээн ам алдаж охины зоригийг тасалсугай хэмээмүй. Охин тэр зөвлөлийг сурвалжлан мэдээд засалгаан эвдлэн, царайгаа хиртээж шөнө даруй оргон гарч, зам зуур гуйланчлац идсээр, хоёр сар илүү яваад сая Во дин пу-д хүрч ирэн, шууд Ли ши-гийн гэрийг эрж хүрвээс Ли ши-гийн эх гуйланч эхнэр хэмээн зандмуй. Охин шогшин уйлж үнэнийг хэлсний хойно эмгэн гараас нь барин нулимс унагаж өгүүлрүүн: хөвүүн амраг аа, чиний өнгө зүс юунд ийм болсон ажаам. Охин мөн уйлан учрыг хэлэхүйд эх хөвүүн цөм уйлалцав. Даруй нүүрийг угаалган гэзгийг самнуулж үзвээс царай өнгө гэрэлтэй сайхан, нүд хөмсөг ариун үзэсгэлэн тул эх хөвүүн цөм баярлав».
Орчуулагч олшрон орчуулгын уран зохиол баяжиж байгаа өнөө үед уран зохиолыг улам чансаатай сайн орчуулахад эх хэлээ төгс сурч, судлах нь чухал билээ. Монгол хэлний үгийн сан, найруулга, орчуулгын ур чадварыг залуу орчуулагчид эдгээр зохиолын орчуулгаас үзэн суралцаж болохоор санагдаж байна.


ОРЧУУЛАХ ЭРДЭМ

Ц. ХАСБААТАР: УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГЫН ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭЕ65

Владимир Ильич Ленин 1921 онд монголын төлөөлөгчдийг хүлээн авч ярилцсаныхаа дараа манай орчуулагчид хандаж хэлсэн үгэндээ орчуулгыг улс орны холбоо харилцааны гүүр гэж нэрлэсэн билээ. Энэ тухай 1935 оны тавдугаар сарын 28-нд М. Горькийд илгээсэн захидалдаа монголын ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан дурсан бичсэн байна.
Тэр цагаас хойш орчуулах урлаг манай олон улсын харилцааны гүүр болж монголын үндэсний соёлыг өрнө дорно, хол ойрын олон орны соёлтой холбож монголын эрдэм авьяаст сэхээтнүүд тэр гүүрийг эвдэршгүй бат бэх болгохыг хичээн зүтгэсээр ирсэн байна.
Социалист орнуудын уран сайхны соёл харилцан нөлөөлж, харилцан баяжиж дэлхийн дэвшилт ардчилсан соёл эрчимтэй хөгжиж байгаа одоо үед уран сайхны орчуулга улс түмний улам ойртох, харилцан ойлголцох явдалд нэн чухал, үр нөлөөтэй хүчин зүйл болж байна.
Манайд гадаадын уран зохиол орчуулан нийтлэх ажлын цар хэмжээ өргөжсөөр ирлээ. Орчуулгын зохиолын үлэмжхэн хувийг социалист реализмын анхны утга зохиол - Зөвлөлтийн олон үндэстний агуу их утга зохиолын шилдэг бүтээл зүй ёсоор эзэлж байгаа юм. Зөвхөн 1983 онд 13 орны 34 нэрийн номыг орчуулж 312,5 мянган хувь хэвлэсний дотор зөвлөлтийн 20 нэрийн зохиолыг 185,6 мянган хувиар хэвлэн гаргасан байна. Орчуулгын уран зохиол манай оюун санааг баяжуулах, гоозүйн таашаалыг шинэтгэх, гадаад улс орны, ялангуяа социалист орны утга соёлтой танилцуулах, ах дүү орнуудын уран зохиолын интернационалч харилцаа холбоог өргөтгөх нэг чухал хөшүүрэг болж байна. Уран сайхны орчуулга нь бусад орны уран зохиолтой танилцуулахаар үл барам тухайн үндэстний уран сайхны соёлыг баяжуулдаг учиртай.
Шинэ монголын сэхээтнүүд пролетарийн их зохиолч Максим Горькийн ухаант мэргэн зөвлөгөөг авч ард түмнээ соён гэгээрүүлэх энэ их ажлыг эрчимжүүлсэн билээ. Максим Горькийн зөвлөгөө монголын уран зохиолын орчуулгын бодлогод төдийгүй монголын уран зохиолын орчуулгын зохиолын хөгжилд ачтай сайхан нөлөө үзүүлснийг манай туршлага харуулж байна.
Манай хэвлэлийн газрууд дэлхий дахины уран зохиолын эрдэнэсийн сангаас орчуулан хэвлэх талаар олон талын судалгааны үндсэн дээр зохиосон хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж шинэ монголын социалист соёлын бахархал болохуйц сонгодог уран зохиолын бүхэл бүтэн номын сан бүрдүүлснийг онцлон тэмдэглэмээр байна. Зөвхөн сүүлийн хэдэн жилд А. Наваи, A. Данте зэрэг дорно өрнийн сонгодог зохиолчдын бүтээл болон Л. Толстойн туужууд, Ф. Достоевскийн «Дорд үзэгдэгсэд», Ч. Айтматовын «Зуунаас ч урт өдөр», Г. Марковын «Сибирь», А. Софроновын «Эрин цагийн найраглал», А. Чаковскийн «Ялалт», А. Ивановын «Мөнхийн дуудлага», Ю. Нагибины өгүүллэгүүд, B. Астафьевын «Хаан загас», Ю. Рытхэугийн «Мөсөн уулын сүүдэрт», Д. Кугультиновын шүлгийн түүвэр зэрэг орос зөвлөлтийн зохиолчдын ном зохиол болон Болгарын зохиолч Е. Станевын «Иван Кондарев» роман, Кубын зохиолч Николас Гильений яруу найргийн түүвэр, Вьетнамын зохиолчдын өгүүллэгийн түүвэр, Афганистаны зохиолч Н. М. Таракийн туужууд, Чехословакийн Ян Козакийн «Михаил дарга» роман, Египетийн яруу найрагч А. Аль-Хамисийн «Хайрын дээж» ном, Палестины яруу найрагч М. Бсисугийн шүлгүүд, Японы зохиолч Кэндзабуро Оэгийн «Хожимдсон залуус» роман зэрэг орчин үеийн зохиолчдын ном зохиолыг орчуулсан байна.
Монгол-Зөвлөлтийн зохиолчдын байгууллага, орчуулагчдын хэлхээ холбоо зузаарч монголын уран зохиолыг ЗХУ-д хэвлэх явдал улам өргөжсөөр байна.
ЗХУ-д «Монголын уран зохиолын номын санг» хэвлэн гаргаж байна. Арван таван боть гарахаас одоо найман боть нь хэвлэгдээд байна. Манай ном зохиолоос хамгийн их орчуулж хэвлэдэг орон бол ЗХУ юм. Монголын зуу гаруй зохиолчийн 100 гаруй зохиол ЗХУ-ын ард түмний 20 гаруй хэлээр 9,5 сая хувь хэвлэгдсэн байна.
Социалист соёл иргэншлийн хэл-орос хэлний ачаар зөвлөлтийн авьяаслаг орчуулагч, судлагчдын хүчин зүтгэлийн ачаар монголын уран зохиолын дуу хоолой улам далайцтай, улам дуулиантай болж таван тивийн сая сая уншигчдын сонорт хүрэх хамгийн өргөн зам нээгдсээр байгааг тэмдэглэн хэлмээр байна. Энэ завшааныг ашиглан монголын уран зохиолыг орчуулж нийтлэхэд үлэмжхэн хувь нэмэр оруулж байгаа зөвлөлтийн орчуулагч, зохиолч, судлагч, хэвлэлийн ажилтнуудад гүн талархал илэрхийлье.
ЗХУ-ын зохиолчдын байгууллага манайд мэргэжлийн орчуулагчид бэлтгэх талаар бодитой туслалцаа үзүүлснийг бид гүнээ талархан тэмдэглэж байна. М.
Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн манай залуу орчуулагчдын монголоос орос хэлэнд хийсэн орчуулга манай хэвлэлд, мөн зөвлөлтийн утга зохиолын сонин сэтгүүлд хэвлэгдэж эхэлж байна.
МЗЭ-ийн хорооноос уран зохиолын орчуулгыг уран зохиолын нэг чухал салбар гэж үзэж орчуулагчдын хүчийг нэгтгэн зохион байгуулах, мэргэжлийн орчуулагчид бэлтгэх, орчуулагчдын уулзалт, семинар, өдөрлөг зохиох, хэвлэлийн газруудтай ажил хэргийн холбоо тогтоож уран зохиолын орчуулгын бодлого боловсруулах, орчуулгын уралдаан зарлах зэрэг ажлыг зохиож байгаагаас гадна «Орчуулах эрдэм» гэдэг цуврал тогтмол гаргаж байна.
1980 онд Монгол-зөвлөлтийн орчуулагчдын уулзалт «Уран сайхны орчуулга, уран зохиолын харилцан нөлөөлөл» сэдвээр Улаанбаатар хотноо болж зөвлөлтийн орчуулгын нэрт онолч Л. Мкртчян тэргүүтэй төлөөлөгчид оролцсон билээ.
Өнгөрсөн жил Москва хотод болсон зөвлөлтийн утга зохиолыг орчуулагчдын олон улсын уулзалтад манай орчуулагчид оролцсон бөгөөд тус уулзалтын үеэр орчуулагч С. Бадраад А. М. Горькийн нэрэмжит утга зохиолын шагнал олгосон байна.
МЗЭ-ийн хорооны уран зохиолын орчуулгын зөвлөлөөс өнгөрсөн оны сүүлчээр анх удаа үргэлжилсэн үгийн зохиол орчуулах уралдаан зарлаж дүгнэсэн билээ. Энэ уралдаанд хот хөдөөгийн янз бүрийн ажил мэргэжлийн хоёр зуу орчим хүн оролцлоо. Орос хэлийг сурч эзэмших эрмэлзэл манай оронд маш түгээмэл болж хөдөлмөрчдийн орос хэлний мэдлэгийн төвшин дээшилж байгааг энэ уралдааны дүн харууллаа.
Орчуулагч бидний ажилд ер нь аливаа мэргэжлийн ажилд байдаг бэрхшээл гачлан тохиолдсоор байна. Уран зохиол орчуулагчдын байдлыг ажиглахад хонх нь дуугарахаар дамар нь таг, дамар нь дуугарахаар хонх нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэгчийн үлгэрээр монголоор найруулахдаа овоо нь цаад хэлэндээ тааруухан, цаад хэлэндээ овоо нь монголоор найруулахдаа барагтайхан хоёр хэлэндээ овоо нь авьяас билгээр маруухан байх явдал үзэгдэж байна.
«Орчуулах эрдэм» гэдэг эмхэтгэлийн дөрөвдүгээрт орсон манай судлаач, онолч, шүүмжлэгчдийн бичсэн шүүмж судалгаанаас үзэхэд уран зохиол орчуулъя гэсэн сайхан эрмэлзэл, баатар зориг хоёроос нь өөр сайшаах юмаар хомсхон, чанар муутай орчуулга хийгчид олширч магадгүй байна. Энэ нь бидний сэтгэлийг арга буюу түгшээж байна. Чанар муутай орчуулга гаргаж байгаагийн нэг шалтгаан бол уран сайхны орчуулгыг хянаж редакторлах ажил хангалтгүй байгаа явдал юм. Төв, орон нутгийн сонин хэвлэлд уран зохиолын орчуулгыг эх зохиолтой нь тулгаж үзэлгүй сайтар нягталж хяналгүй хэвлэж байна. Үүнээс болоод үлбэгэр муу орчуулга олширч орчуулга сонирхогчид мэргэжлийн хувьд өсөхгүй байна. Эх зохиолыг дутуу дулимаг ойлгосноо монголоор эвтэйхэн шүлэглэчхээд түүнийгээ сонин хэвлэлд хэдэнтээ хэвлүүлсэн хүн өөрийгөө жинхэнэ орчуулагч боллоо гэж төөрөлдөх явдал ч байна. Бид тэдэнд туслах ёстой. Сонин сэтгүүлийн дэргэд орон тооны буюу орон тооны биш орчуулгын редактор юм уу зөвлөгчтэй болмоор эсвэл орчуулга хянах ажлыг нэг газар төвлөрүүлмээр байна. Орчуулгын редактор бэлтгэх асуудлыг боловсруулах цаг нэгэнт болжээ.
Бид ардын засгийн үед ялангуяа европын хэлнээс орчуулсан уран зохиолын орчуулгын баялаг өв сантай болжээ. Сүүлийн үес уран сайхны орчуулгыг орчин үеийн онолын үүднээс судалж эхэлж байна. Уран зохиолын орчуулагч, шүүмжлэгч, судлагчид одоо «Утга зохиол, урлаг» сонины хуудаснаа санал бодлоо солилцож байна. Энэ бол манай орчуулгын практикт гарч ирж байгаа дэмжүүштэй зүйл юм. Цаашид энэ туршлагаа батжуулж орчуулгын онол практикийн асуудлыг үе үе хэлэлцэж байх нь зүйтэй гэж үзэж байна. Жил ирэх тутам уран зохиолын орчуулгын эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн сацуу орчуулагчдад тавих шаардлага улам өндөржих ёстой. Бид одоо орчуулгын зохиолын тоог биш чанарыг юуны өмнө эрхэмлэх ёстой болж байна.
Өнөө үед орчуулгын эн тэргүүний гүрэн гэж зүй ёсоор нэрлэгдэж байгаа Зөвлөлт Холбоот Улс уран зохиолын орчуулгын талаар өөрийн чиглэл сургуультай болж асар их туршлага хуримтлуулжээ. Тэр туршлагаас хичээн суралцаж орчуулах эрдмээ цөхрөлтгүй гүнзгийрүүлэх нь бидний мэргэжлийн үүрэг мөн.
Монголын утга, зохиолыг орчуулах, сурталчлах талаар дэлхийн олон орны монголч эрдэмтэд, дуун хөрдүүлэгчид багагүй чармайлт гаргаж байна. Монголын утга зохиол орчуулагчдын олон улсын уулзалт үе үе хийж тэднийг эх орныхоо социалист бүтээн байгуулалт, түүх, соёл, ард түмнийхээ ажил үйлс, зан заншил, аж байдалтай улам сайн танилцуулбал монголын уран зохиолын гадаад хэлээр орчуулах ажлыг эрчимжүүлэхэд тус дөхөм болно гэж бид үзэж байна.
«Дэлхий дахинд соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн үүднээс янз бүрийн орны орчуулгын байгууллагуудыг нэгтгэх зорилго бүхий» Олон улсын орчуулагчдын холбоотой (1953 онд байгуулагдсан, ФИТ) харилцаа тогтоож уг холбооноос эрхлэн гаргадаг ном, мэдээлэл. сэлттэй байнга танилцаж байх нь чухал байна. Тус холбооны ерөнхийлөгч А. Лилова манайхыг ОУОХ-нд элсэн орохыг зөвлөж байсан удаа ч бий. Иймд ОУОХ-нд элсэх асуудлыг ойрын үед бодож боловсруулмаар байна.
Жил бүр зохиодог «Орчуулгын өдөрлөгийг» өргөтгөж хот хөдөөгийн залуу орчуулагчдын семинар хийж байя гэсэн санал саявтар хэвлэлд нийтлэгдсэн. Энэ саналын дагуу орчуулгын онол практикийн хичээл заах тусгай программ боловсруулж хэлний мэргэжилтэн, туршлагатай орчуулагчид болон зөвлөлтийн орчуулгын онолч судлаачдыг урин оролцуулж орчуулагчдын семинар тогтмол хийж байх нь зүйтэй гэж үзэж байна.
Орос хэлний багшийн дээд сургуулийг түшиглүүлэн Улаанбаатар хотод байгуулсан залуу орчуулагчдын нэгдлийн ажилд тусалж түүний туршлагыг дэлгэрүүлэх нь чухал байна.
Манайд өрнө дорнын хэд хэдэн хэлнээс монголоор орчуулдаг, мөн монгол хэлнээс гадаад хэлэнд орчуулдаг залуу орчуулагчид бий боллоо. Манайхан өөрсдөө үндэснийхээ уран зохиолыг гадаад хэлээр орчуулаад хэвлэн гаргаж байгаа нь уран зохиолын орчуулгын практикт гарч ирж байгаа шинэ бөгөөд ирээдүйтэй үзэгдэл юм. Энэ нь цаашдаа манайд гадаад хэлээр ном зохиол эрхлэн нийтлэх хэвлэлийн газар байгуулахад үндэс суурь нь болж өгөх байх гэж бодож байна.
Ойрын үед уран зохиолын орчуулгын асуудлыг МЗЭ-ийн ээлжит нэг бүгд хурлаар тусгайлан авч хэлэлцэхийг санал болгож байна. Монголын зохиолчдын VII их хурлыг угтаж манай уран зохиолын орчуулан чид багагүй зүйл хийлээ. Гэвч дэлхийн уран зохиолын далай яндашгүй болохоор бидний цаашид хийх ажил бас асар их гэдэг нь аяндаа тодорхой.
Үгийнхээ төгсгөлд зохиолч нөхдөдөө хандаж хэдэн үг хэлье. Зуун тавь гаруй жилийн өмнө германы их зохиолч Гёте «дэлхийн уран зохиол» гэдэг нэр томьёог анх хэрэглэжээ. Тэр цагаас хойш дэлхийн уран зохиолын далайд буурай бүдүүлэг байсан өдий төдий улс үндэстний уран зохиол цутган орлоо. Тэр далайн эрчлэг урсгалтай, тунгалаг устай нэг цутгалан нь шинэ монголын социалист уран зохиол мөн. Зарим үндэстэн түүхийн эрхээр өндөр соёл иргэншлийг бүтээх учиртай. Нөгөө зарим нь эрхэмсэг дээд үндэстнүүдийн сүүдэр болон сүүмийж бусдын гишгэж туучсан ул мөрөөр гэлдрэх тавилантай гэж хөрөнгөтний онолчид номлож байна. Гэтэл социализм энэ харгис онолыг нэгмөсөн няцааж хүн төрөлхтний соёлын түүхэнд «их засвар» оруулжээ.
БНМАУ-ын шинэ соёл, урлаг, утга зохиолын туршлага «хэдэн жилд, хэдэн арван жилд олон зуун жилийн соёлын өрийг төлөх»66 асар их түүхэн зорилтыг биелүүлэх бүхий л бэлтгэл, нөхцөлийг социализм бүрдүүлж өгдөг гэж В. И. Лениний угтан хэлсэн мэргэн үгийг ертөнцийн сонорт дуулдтал, баттай нотолж өглөө. Бидний бүтээсэн зүйл их байна. Гэхдээ бүтээх туурвих ёстой зүйл маань түүнээс хавьгүй их гэдгийг үргэлж санаж цаг мөчтэй уралдан ажиллацгаая. Өлзийтэй сайхан ирээдүйдээ итгэлтэй явцгаая. Ердөө хэдхэн сая хүн ярьдаг монгол хэлээр хуучны судрын үгээр хэлбэл «Түмэн үед арилшгүй, баларшгүй, умарташгүй» содон сайхан зохиол гарахыг хэн байг гэх вэ!
Саявтар таалал төгссөн дэлхийн агуу их уран зохиолч Михаил Шолохов «Жижиг уран зохиол гэж байхгүй» гэж хэлж байсныг санацгаая. Шилдэг сайн бүтээл туурвихыг зохиолч нөхөд минь та нар хичээцгээ, тэр бүтээлийг чинь сая сая уншигчдын хүртээл болгож дэлхийн уран зохиолын алтан санд нэмэрлэхийг олон хэлний орчуулагч нөхөд тань хичээхдээ л хичээнэ ээ.


А. ШАРХҮҮ: ОРОС ХЭЛНЭЭС ЯРУУ НАЙРАГ ОРЧУУЛЖ БАЙГАА АСУУДАЛД

Манай орны социалист байгуулалтын эрчимтэй хурдац, уншигчдын соёлын төвшин үлэмж дээшилж, дэлхийн сонгодог уран зохиолтой танилцах хэрэгцээ байнга өсөж нэмэгдэж байгаатай холбогдон орчуулгын уран зохиол жил ирэх тутам нэмэгдсээр байна.
Гадаад хэлнээс орчуулж байгаа уран зохиолын номын дийлэнх хэсгийг орос, зөвлөлтийн зохиолчдын бүтээл эзэлж байна. Бас бусад гадаад орны зохиолчдын бүтээлийн үлэмж хэсэг, зөвлөлтийн ах дүү олон үндэстний уран зохиолыг бараг бүгдийг орос хэлнээс дам орчуулж байна. Иймд гадаад орны уран зохиол монгол хэлнээ орчуулж байгаа гол хэл-орос хэлнээс орчуулсан зохиолыг нягтлан үзэж, орчуулгын онол дадлагын тулгамдсан асуудлыг боловсруулах, улмаар орчуулгын чанарыг сайжруулах шаардлага зүй ёсоор гарч байна.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Орчуулах Эрдэм - 5 - 08
  • Büleklär
  • Орчуулах Эрдэм - 5 - 01
    Süzlärneñ gomumi sanı 4129
    Unikal süzlärneñ gomumi sanı 1602
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 02
    Süzlärneñ gomumi sanı 4129
    Unikal süzlärneñ gomumi sanı 1682
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 03
    Süzlärneñ gomumi sanı 3952
    Unikal süzlärneñ gomumi sanı 2099
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 04
    Süzlärneñ gomumi sanı 4015
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 05
    Süzlärneñ gomumi sanı 3889
    Unikal süzlärneñ gomumi sanı 1732
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 06
    Süzlärneñ gomumi sanı 3916
    Unikal süzlärneñ gomumi sanı 1782
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 07
    Süzlärneñ gomumi sanı 4258
    Unikal süzlärneñ gomumi sanı 2085
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 08
    Süzlärneñ gomumi sanı 4198
    Unikal süzlärneñ gomumi sanı 1796
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 09
    Süzlärneñ gomumi sanı 4258
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 10
    Süzlärneñ gomumi sanı 4281
    Unikal süzlärneñ gomumi sanı 2093
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 11
    Süzlärneñ gomumi sanı 4339
    Unikal süzlärneñ gomumi sanı 1864
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 12
    Süzlärneñ gomumi sanı 3071
    Unikal süzlärneñ gomumi sanı 1466
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.