Latin

Ноёдын Төр Өнгөрч, Ардын Төр Мандсан Эрин - 3

Süzlärneñ gomumi sanı 4172
Unikal süzlärneñ gomumi sanı 1802
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Монгол утга зохиолын эртний дурсгалын нэгэн болох Монголын Нууц Товчоо гэдэгт одоогоос долоон зуу гаруй жилийн өмнө Мажар гэдэг нэгэн улсын нэр гардаг. Одоо Ойрх дорно зүгийн Араб, Алжир, Ирак, Иран, Ливан, Мисир, Гүрж зэргийн улсын хэлнээ тэр улсыг мөн Мажар гэж нэрлэсээр байна. Одоогийн унгарын эрдэмтэн сэхээтэн нь Монголын Нууц Товчоог сайхан орчуулж нийтэлснээр танилцаад, ах дүү Монголчууд биднийг Мажар гэж их дээр цагаас мэддэг байсан байна гэж талархдаг бөгөөд Унгар гэж нэрлүүлэхээсээ Мажар улс, мажар хүн, мажар хэл гэж Монголоор мажар гэдэг нэрээ нэрлүүлэх нь сайхан санагддаг байна.
Энэ Мажар улсын нэрийн тухай утга судлалын ажиглал тайлбар хийгээд шинэ эрин цагийн үед мажар-Монгол хоёр ард түмний найрсаг харилцаа нь Монгол ардын хувьсгалаар сэргэн улам зузаан болсон сайхан сэдвийн нэгэн зүйлийг дурдан хүсэх минь: Сүхбаатар жанжны ардын журмын цэрэг Нийслэл хүрээгээ чөлөөлж ардын засгийг төвлөн суух хот болгосон үес Хүрээнд европ ёсны анагаах ухааны эмийн сан анх бий болж, түүний эм найруулагч нь бөгөөд эрхлэгч нь мажар залуу оюутан Панцель байсан билээ. Тэр хүн уг нутагтаа эм найруулах дээд сургуульд суралцаж байгаад дэлхийн нэгдүгээр дайны үеэр Австри-Унгарын хаант улсын цэрэгт дайчлагдан татагдаад, дайнд явж, хаант Оросын цэрэгт олзлогдоод Сибирийн хорих лагерьд австри-унгар олон олзлогдогсдын хамт байж байтал нь Октябрийн хувьсгал манджээ. Лагериасаа чөлөөлөгдөөд, улаан цэргийн эмнэлгийн газар мэргэжил дагуу эм найруулах ажил хийж байгаад, Хүрээ орж европын анагаах ухааны ёсны хамгийн анхны эмийн сан байгуулахад эм найруулах, мөн эмийн сан байгуулан, эмийн зүйлийг гадаадаас захиалах ажлыг эрхлэн хариуцжээ.
Сүхбаатар жанжны эмч нь байсан бөгөөд манай партизан мажар доктор Ротт агсны бие, тэр Панцелийг сайн таньдаг байсан билээ. Доктор Ротт, Панцелийн эрхэлж байсан эмийн санг дурдан ярихдаа: Хүрээний анхны эмийн сангийн байдал нь, манай Мажар нутгийн тэр үеийн аймгийн бяцхан эмийн сангийн байдлыг ихэд санагдуулдаг сан. Будапештын зарим хороонд ч гэсэн, төвөөс нь алсалсан газар мөн тэр Панцелийн эмийн сантай адил газар байдаг сан. Давын өмнө хэрэглэх алив эмийн зүйл цөм гарын дор бэлхэн, Эм найруулдаг хүн нь мөн эрхлэгч хавсран, бас шууд эмийн зүйл биш боловч, эрүүл цэврийн байдалд холбогдолтой зүйл - гарын сайр арилгах саван, тос, амнаас архины үнэр арилгах үрэл, рашаан унд, бас сайхан кава байдаг нь, Будапештын бяцхан кавын газартай адил сайхан үнэр ханхалсан кава (орос, герман хэлээр кофе гэдэг гашуун хар ундыг мажар чех зэргийн улс, уг дорно дахины нэрээр нь кава гэдэг юм) бяцхан шаазан аяганд хийж зочилдог сон. Эмийн сангийн байшин байр нь дотроо их цэвэрхэн, шил хаалгатай эмийн шүүгээнд, мөн шил жаазтай лангуунд нь янз бүрийн эм өрөөстөй байдаг сан. Хүрээнд байсан зөвлөлтийн зэрэг гадаадын хүн, мөн албан хаагч нар, тэр үед Хүрээнээ байсан цөөн европ эмчийн жороор найруулах эм захиалж, тэр эмийн сангаар ордог байсан гэж надад тэр жил, Хүрээний тухай дуртгал яриандаа Панцелийн эрхэлж байсан эмийн сангийн тухай ярьж дурдсан билээ. Миний мэдэхэд, тэр эмийн сангийн байшин нь, одоогийн дүрслэх урлагийн музейн зүүн хамар хашаанд хойшоо харсан дээрээ бяцхан давхартай байшин байсан билээ. Ороход, нээрээ ч дотроо тун цэвэрхэн бөгөөд Жанчивлан гэдэг хаягтай шилтэй рашаан байдаг сан. Үнэ нь тэр үеийн ханшаар хямдхан. Хаягт нь Жанчивлангийн рашааны хувилахуй ухааны задлаг хийж, тийм тийм махбод бүхий найрлагатай рашаан. Гэдэс дотор тэргүүтэнд тустай эх зэргийн бичээстэй байдаг сан. Жанчивлангийн рашааныг сонирхоод, шинжилгээг нь Зөвлөлт улсад явуулан хийлгээд, шилд наах хаягийг нь тэр шинжилгээ задлангийн зүйлийг тодорхойлон, рашааны шилд наадаг хаяг ёсоор улсын хэвлэх үйлдвэрийн газар ажилладаг Кавельмахер гэдэг найз мэргэжилтнээрээ хэвлүүлж, морин тэргээр архины үйлдвэрээс шил ачуулж, шилийг нь илчүү бөглөөгөөр тагладаг хэрэгсэл олж аваад, морин тэрэгнийхээ ажилчныг шиллэн таглахыг сургаж, долоо хоног тутам Жанчивлангаас рашаан ачуулж, эмийнхээ санд худалдах боллоо. Сэлбийн рашааны задлаг шинжилгээг нь арай гаргуулж амжаагүй гэж надад 1927 оны намар ярьж билээ. Зөвлөлтийн эмч, хол ойр нутгийн Монголчуудын тун их хүндэтгэдэг өвгөн Шастин гуай агсны биеэ, Панцелийг их тоодог байсан нь : - Ажилдаа дуртай, тун нямбай хүн дээ. Мэргэжил санаачилга сайтай. Ер бидний эмчийн бичсэн жорны найрлагад ордог эмийн зүйлсээс дутах юм санд нь бараг байдаггүй, ямар чиг ховор зүйлтэй найрлага бүхий жор бичээд өгсөн, ер дутаадаггүй, эмчийн заавар ёсоор найрууллаа л гэж суудаг хүн. Шинэ шинэ ямар зүйлийн эм хаа гарч байгааг анддаггүй, эм найруулах тухай хэвлэл үргэлж захиалан үзэж байдаг юм гэдэг сэн. Панцелийн эмийн санд цөөхөн хүнтэй. Тэдэнтэй ариун цэврийн боловсролын ажил хийж, сангаа жигтэйхэн цэвэрхэн байлгадаг сан. Жанчивлангаас рашаан зөөдөг морин тэрэгний нь ажилчин, бас маш ариун цэвэрч. Рашаан зална гэж морин тэргээрээ Жанчивлан орохдоо, Панцелийн заавар дагаж заавал ариун цэврийн хэрэглэл, саван, хөвөн, спирт зэргийг авч, шилээ цэвэрлэх, таглааг нь ариун цэврээр таглах заавартай юм гэж сонин болгож ярьдаг сан. Ардын хувьсгалын мандсан цагаас мажар-Монгол найрсаг харилцаа тогтоож, Монгол ардын журмын цэргийн эмч партизан доктор Ротт, Улаанбаатар хотын Ардын Цэнгэлдэх Хүрээлэнг Монгол гэрээс загвар авч, зураг төслийг нь зохион барьсан инженер Гелета, Улаанбаатарын анхны эмийн сангийн эрхлэгч бөгөөд эм найруулагч нь байсан Панцелийн зэрэг нэлээд олон мажар нөхдийн нэрийг дурдаж, манай улсын хөгжилд хувь нэмрээ оруулсны нь дурдан тэмдэглэж болно. Цааш нь бодоод үзэхэд, Октябрийн хувьсгалтай холбогдож, тэр агуу их хувьсгалаар хүмүүжин, Зөвлөлт шинэ засаг тогтохын тэмцэлд Орос орны ажилчин тариачинтай мөр зэрэгцэн явалцаад, Монгол ардын шинэ байдлаа зохиоход мэргэжил мэдцээрээ туслалцан, ардын төрийн эхний үес интернационалч үүргээ гүйцэтгэж, манай аж-ахуй, эрүүлийг хамгаалах зэргийн салбарт шударгаар зүтгэж, мажар Монгол хоёр улсын ард түмний найрсаг харилцааны уламжлалыг үүсгэн зузаатгаж байсан нь одоо Унгар гэдэг Мажар улс бас Ард улс болж, Монгол Мажар хоёр ард улсын зүйл бүрийн харилцаа улам зузаан бөгөөд найрсаг болж байхад дурдан бодвоос сайхан байнам.
“Хөдөлмөр” 1970-7-2 № 78


АНХНЫ ХАНЫН СОНИН ГАРГАСАН МААНЬ

Умар хязгаарын Алтанбулаг хот дахь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн долоодугаар үүр бол, ардын хувьсгалын эхээр байгуулсан анхны залуучуудын үүрийн нэг нь байжээ. Хилийн хотод байсан учраас Зөвлөлтийн Троицкосавск гэж тэр үед нэртэй, одоо Хиагт хот гэж нэрлэдэг хотод буй комсомолын үүртэй найртай харилцаатай үүр байсан билээ. Троицкосавскийг Монголчууд анхнаас нь эхлэн Дээд Шивээ гэж нэрлэдэг, тэрний наана манай хилд тун ойрхон дүүрэг хотыг нь Дунд Шивээ гэдэг байсан. Оросоор түүнийг Хиагт гэж нэрлэдэг байжээ. Тэгээд Доод Шивээ гэж Монгол Хиагтын Наймаа хотыг нэрлэдэг байж билээ. Доод Шивээ гэдэг Хиагтын Наймаа хотын зүүнтээ нь Алтанбулаг гэдэг хот бий болж, Умард хязгаарын хэргийг таслан шийтгэгч сайдын Яам гэж Алтанбулагт Ардын засгийн үед байгуулсан яам байж билээ, Алтанбулагт байгуулсан залуучуудын үүрийн нэг хэсэг гишүүд нь тэр сайдын яаманд ажилтай байсан цаг. Тэгээд Дээд Шивээнд комсомолын үүрийн хурал цуглаанд нь Алтанбулагийн хувьсгалт залуучуудын үүрийн гишүүдээс очилцон суралцаж, Май, Октябрийн баяраар бас жагсаал ёслолд нь оролцдог байлаа. Комиссар Гомбожав буюу Жаал Гомбожав гэдэг залуу, Алтанбулагийн бага сургуулийн захирал багш Чимэд, Рагчаа, би явалцдаг байлаа. Тэгээд, Дээд Шивээний комсомолынхон жүжиг концертдоо биднийг урьж, үүрийнхээ ханын сонин гаргаж эхэлснээ бидэнд сонирхуулан үзүүлдэг байсанд, түүнээс нь санаа авч, Алтанбулагийнхаа үүрээс ханын сонин гаргавал зүгээр юм байна гэж хэдүүлээ хэлэлцээд, үүрийнхээ хуралд би санал гаргасан билээ. Тэгэхэд комсомолын тэр ханын сонин үзсэн хэдэн хүн санал нэгтэй, бусад гишүүд маань, Хүрээнд сонин хэвлэл байхад, ханын сонин гэж байсны хэрэг байна уу даа? гээд санал хураахад олонх нь түдгэлзжээ. Тэгэхлээр нь түдгэлзсэн нөхөдтэйгөө ярьсаар, нэлээд олон хүн зөвшөөрөх болж, бас нэг хуралд санал гаргахад олонх нь зүйтэй гэж, комсомолын ханын сонин үзсэнээрээ тэр ханын сонин ямар байдгийг мэдэх тул, эрхлэгч нь бол гэж тэр хурлаар сониноо “Соёл” гэж нэр өгөөд, сонины зөвлөлийн гишүүнээр Даш, эмэгтэй Янжинсүрэнг сонгожээ. Янжинсүрэн сүрхий идэвхтэй гишүүн бөгөөд анхны санал дэвшүүлэхэд ханын сонин гаргах нь зүйтэй гэж байсан хүн хожим нь Хүрээ орж, намын Төв Хорооны эмэгтэйчүүдийн хэлтэст дэвшин ажиллаж байсан билээ. Гурвуул сонин гаргахаар болж, Дээд Шивээний комсомолынхон ганцхан хувь ханын сонин гаргадаг бол, бид нэлээд хэдэн хувь гаргая гэж хэлэлцээд, Алтанбулагийн хоршооны салбараас олон хувь зарлал падаан үржүүлэн хэвлэдэг тосон барын хэрэгсэл чөлөө цагаар нь хэрэглэхээр олж аваад, бичих өгүүлэл мэдээгээ тэр тосон бараар үржүүлж, морин тайлан гэдэг цаасанд тосон бараар хэсэг хэсэг залгуулан барлаж, анхныхаа ханын сониныг арваад хориод ширхэг барлаад, хязгаарынхаа сайдын яамны бичээчийн өрөө, Алтанбулагийн хоршооны албан газар, зарим нэгийг нь хязгаарынхаа яамны хашаа, ойр хавийн гудамжны хашаанд наагаад, нэг хувийг нь сонирхуулж, манай анхны ханын сонин танай туршлага хэрэглээд, тосон бараар хэд хэдэн хувь гаргасан маань энэ гэж Дээд Шивээний комсомолын үүрийн нөхдөд найртай харилцааны ёсоор бэлэглэн өгсөн билээ.
Бидний санаачлаагүй тосон бар хэрэглэсэн тань сонин байна гэж комсомолын нөхөд их л сонирхож байсан билээ. тэгж бидний гаргаж байсан “Соёл” гэдэг ханын сонин бол, тэр үеийн нийслэл Хүрээнд гараагүй шинэ зүйл боллоо. Хожим 1927 онд Ленинградын сургууль төгсгөн буцахдаа тэр үед Дээд-Үд гэж байсан одоогийн Улаан-Үд хотод Ар Хиагт хүртэл явах галт онгоц хүлээж хэд хонох завсар, Буриадын комсомолын хороогоор сонирхон ороход минь, нарийн бичгийн даргын өрөөнд ширээний нь ард туурганд нь манай Алтанбулагийн залуучуудын үүрээс хорин хоёр онд гаргаж байсан “Соёл” гэдэг анхны маань ханын сонин хадаастай байж билээ. Үзэхэд их л сонин санагдаж, манай энэ сонин хаанаас олж авсан бэ? гэж асуухад, Дээд Шивээний комсомолын байгууллагаас Алтанбулаг дахь Монголын Хувьсгалт Залуучуудын үүртэй найрсаг харилцаатай юм. Тэгээд Монголын анхны ханын сонин гэж манай комсомолын хороонд ирүүлсний нь би туургандаа хадаад байгаа юм гэсэн билээ.
Алтанбулагийн хязгаарын сайдын яамны тал бичээч, залуучуудын долоодугаар үүрийн гишүүн байсан Б. Ринчен Доктор профессор

“Залуучуудын үнэн” 1970. 11. 9 ¹ 126


ШИНЭ ЦАГИЙН АНХНЫ ДУНД СУРГУУЛЬ


Улаанбаатар хот дахь Маршал Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр дунд сургууль энэ жил тавин жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Энэ завсар тэр сургуульд суралцаад, дээд боловсролтой эрдмийн цолтой болсон, улсын ажилд өчнөөн жил хүчин зүтгэсээр ирсэн үр хүүхэд нь байтугай ач зээ нь хүртэл мөн тэр сургуульд суралцсаар буй хүн өдий төдийг бодоход сонин сайхан байна. Миний бие, өнгөрснийг нэхэн дурдваас, энэ сургуультай бас хоёр удаагийн холбоо бий. Анх Зөвлөлт улсын Ленинград хотоос сургууль төгсгөж ирээд Ардыг гэгээрүүлэх Яамны харьяа байсан Судар бичгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийхээр очсоны дараа нэгэн өглөө сайд Батхаан утсаар дуудан ирүүлээд,
— Газарзүйн багш хий гэлээ.
— Сайд аа, миний мэргэжил Монголын судлал болохоос газар зүйд холбогдолгүй гэж хариулахад,
— Гадаадаас ирсэн багш буцах болсон. Дундад, дээд боловсрол бүхий хүн, чи юу гэж хэлж байна? гэж тушаал гарган намайг багшаар шилжүүлсэн билээ. Захирал нь тэр үес Цэвэгжав гэдэг хүн байсан. Хэсэг сурагч хөдөөгөөс ирсэн тул сургуульдаа байртай байв.
“Орчлонт ертөнцийн байдал” гэдэг гурван дэвтрээр газарзүйн мэдэгдэхүүнийг үзэж, Германы Лейпциг хотноо хэвлүүлсэн Монгол атлас, дэлхийн хоёр тал бөмбөрцгийн зураг, Монгол улсын зураг мэтийн Монгол сайхан хичээнгүй үсгийн бичигтэй жигтэйхэн сайхан хэвлэлийн зурагтай байдаг сан. Тэдгээр зургийн үгийг мөн сургуулийн багш Авирмэд гэдэг Монгол манж бичигтэй хүн герман хэвлэлийн газарт бэлтгэж өгсөн юм. Монгол хэл бичгийг Авирмэд, Жүрмэд зэргийн сүрхий сайн багш нар зааж, сурагч нар Монгол бичиг найруулгад тун сайн байдаг сан. Эх хэлнийхээ хичээлд багш нар нь, гэрийн даалгавар, цээжээр бичүүлэх зүйлд, найруулгыг тун эрхэм болгож байдаг тул “надыг” гэсэн буруу хэллэгийг “намайг чамайг” гэж хэлдэг юм шүү гэж засан сургаж, хэлний боловсролд маш анхаардаг байсан билээ.


1-р сургууль
italki
Тэгээд орныхоо нэг хүн олж, дахин Судар бичгийнхээ хүрээлэнд очсон хойно Гэгээрүүлэх яамны сайдаар Дугаржав гэдэг хүн очиж, захирал Цэвэгжав намын сургуульд шилжсэн намар намайг захирал багшаар томилсонд анхны захирал Ишдорж багш, дараа нь Цэвэгжав, түүний халааг нь би хүлээн авч байсан билээ. Тэр үед олон улс нийтэд заадаг ерөнхий боловсролын хичээлийг цөмийг манай анхны тэр сургуулийн хөтөлбөрт оруулсан байжээ.
Орчин үеийн газарзүй, тоо бодлого, хэмжих ухаан (геометр), томьёоны ухаан (алгебр), геодези шугам зураг, технологийн анхны мэдэгдэхүүн, орос, англи, мөн тэр үед хэрэгцээтэй байсан манж хэл, Монголын түүх, олон улсын түүх заадаг байсан бөгөөд Зөвлөлтийн Монголч эрдэмтэн академич Козин, Польшийн Монголч эрдэмтэн Котвичийн зэрэг эрдэмтэн, Монголын түүх соёлын тухай бас лекц яриа хийдэг байсан бөгөөд хүний бие махбодын тухай Цыбыктаров доктор гэдэг хожим баронд амь үрэгдсэн хувьсгалч эмчийн зэрэг хүн заадаг байсныг би 1945 онд академич Козиноос Зөвлөлтийн академийн 220 жилийн ойгоор Москвад олж сонирхон сонссон билээ.
Эсперанто хэл гэж олон улсын хэл мэддэг Хаянхярваа гэдэг нэгэн хүн байв. Намайг тэр хэл оролд гэж заан сургасанд сонирхож, манай залуу үеийнхэнд бас хэрэг болох юм байна гэж тэр багшаар нэгэн ангид эсперанто хичээл заалгаж үзсэн билээ. Дүрэм нь авсаархан тул, эсперанто үзэж байсан сурагч нар, орос, англи хэлэнд бас эсперанто хэлний дүрэм нь ухаарахад тустай юм байна гэж сонирхдог байж билээ.
... Орчин үеийн дундад боловсролын анхны сургуультай болсон маань даруй 1913 оноос эхэлж, гадаадын түрэмгийлэгчдийн үед тэр сургууль ч хаагдаж хэвлэлд бэлтгэж байсан сурах бичиг нь ч, гэминд шатаалгаж үгүй болсныг олж мэдсэн билээ. Тэгээд ирэхэд орчин үеийн дундад сургуулийн анхных нь 1913 оны анхдугаар сургууль байж, ардын хувьсгал мандахад сэргээн ардын засгийн үеийн анхны дундад энэхүү сургууль нээн байгуулсан юм. Ийнхүү ардын төрийн үед Зөвлөлт улсын дунд сургуулийн туршлагаар дундад сургуулийн өргөн тогтолцоотой болсон гэж үзэх нь аргагүй байна гэж боддог тул, ардын төрийн үеийн анхны дунд сургуулийн тавин жилийн ойг тэмдэглэхэд баяртай байна. Түүний түүх нь Монголын ард түмний тусгаар тогтнохын тэмцлийн үрээр, бусдын колоничлолын дороос мултран салах явдалтай салшгүй холбогдолтой бөгөөд түүний нэг үр уламжлал нь юмаа гэж үздэг.
“Пионерын үнэн” 1973 ¹ 6


ХЭВЛЭЛИЙН КОМБИНАТЫН ХАЖУУГААР ӨНГӨРӨХӨД

(Дуртгал)


Шинэ байшинд шинэ машинтай болохыг нь үзлээ


Монгол Улсын арван долоон оны зун, аргын улирлын найман сард нэгэн өдөр Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэ Батухаантай уулзаар Судар бичгийн хүрээлэнгээс очтол, сайд, яамлах танхимаасаа гарч байгаатай дайралдлаа. Амар мэндийг асууж, хаа хүрэх гэж явааг асууваас, энүүхэнд ойрхон, хэвлэх үйлдвэрийн шинэ орон сууцыг үзэх гэж явна гээд, манай хэвлэлийн шинэ байшин төхөөрөмжийг сонирхон үз гэлээ.


Монгол улсын гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхаан Германы иргэн судлаач, жуулчин Г. Констены хамт, (1925 он Бад Бланкенбург хот)

Тэр шинэ байшин нь одоогийн улсын хэвлэлийн комбинатын урд нүүр, Сүхбаатарын талбайгаас зүүн тийшээ гарсан гудмын хойд талын дан модон байшин даруй мөн. Тэр үед гудамж нь ч байгаагүй, Сүхбаатарын талбай гэдэг талбай ч үгүй, Зүүн хүрээнээс Чойжин ламын сүм хүртэл нэг их сул газар. Одоогийн засгийн ордны хавьд Цэнгэлдэх хүрээлэнгийн бөмбөгөр модон байшин босон гүйцэх шахаж, Гелета гэдэг мажар инженер, доторх хэрэглэлийг нь гүйцээх гэж тэр цэнгэлдэхийн гадуур дотуур нь үргэлж эргэж явдаг байсан цаг. Хэвлэх үйлдвэрийн тэр дан модон байшин гаднаас нь барьж гүйцээд, дотор нь зарим газар шалыг нь хараахан гүйцээгүй, хэвлэлийн шинэ машин тавих суурийг нь зоож, зарим суурь босгож гүйцсэн газар өндөр хэвлэлийн герман машин угсарч, АЕГ гэдэг дэлхийд алдаршсан герман цахилгаан нийгэмлэгийн инженер, хэвлэлийн машин босгож, цахилгаан хэрэгслийг залган ажиллаж байсан билээ. Хэвлэх үйлдвэрийн газар ажиллаж байсан Кавельмахер гэдэг герман гаралтай бөгөөд ардын журмын цэргийг Хүрээ чөлөөлөх үес аргын мянга есөн зуун хорин нэгэн он Зөвлөлтийн Улаан цэргийн ангитай орж ирээд, тэр үеийн Хүрээнд үлдэж, хэвлэлийн мэргэжил дагуу ажиллаж байсан тэр хүн, герман мэргэжилтний үгийг сайд Батухаанд оросоор хэл залгуулж, ажлын явц байдлыг танилцуулан, өрөгчийн тасаг, хэвлэгчийн тасаг, чулуун барын тасаг энд байх юм гэж хэдэн том бага өрөөг үзүүлэхэд нь Шанхайгаас ирсэн хэдэн дотор хүн, чулуун барын тасагт хэрэглэх барын том бага хавтгай чулуу, суурь, хэвлэлийн будаг хэрэгсэл агуулах сав шүүгээ (одоогийн хотын борчуулын зуугаад үгтэй хэлээр ашкаав, шакаав, ишкаав гэдэг) шив шинэхэн будагтай, зарим нь шиллэсэн, зарим нь шилгүй саваар дүүрэн чулуун барын будаг, хувилахуй ухааны аргаар барын чулууны зураг үсгийг арилгах тодруулах зэргийн шингэн хуурай янз бүрийн хэрэглэл өрснөө үзүүлж, зарим хэвлэж байгаа зургаа үзүүлэн сонирхуулж байсан билээ. Тэр дотор хүнийг дагалдах хэдэн Монгол ажилчинтай. Тэдний боловсролыг асуун сонирхвол, бага сургууль ч хийсэн хүн байхгүй. Зарим нь муухан Монголтой, зарим нь төвөдөөр унших төдий боловсролтой байх билээ. Манай хэвлэлийн зураач, чулуун бараар хэвлэх, мөн офсет хэвлэлд зураг зурах Шарав гэдэг зураач гэж Кавельмахер хижээлдүү шар хүнийг нэг ширээний ард сууж, өмнөө өнгийн будаг, харандаа тавиад, юм зурж байснаа, гэгээрүүлэх яамны сайдын орж ирэхэд босоод, сайдын зүг мэхийн ёсолж байсан, түүний ширээн дээр дэлгээстэй, Монгол зургийн маягаар зурж байсан юмыг үзүүлсэн билээ. Нэрийг нь урьд дуулсан боловч, Марзан гэдэг Шаравын зүс царайг тэр өдөр анх үзсэн минь тэр билээ. Зурж байгаа юмны нь төрх байдлыг үзэхэд, мөн зураад, шүүгээ, ширээнийхээ шургуулгад хийсэн юмыг нь сонирхон үзвээс, “Уриа” гэдэг цэргийн сонинд буу барьсан Монгол цэргийг зурсан цэргийн сурган боловсруулах газар ажилтай байсан Монгол зураачийн зурдаг байдалтай тун адил боловч, цэргийн газрын зураач, Шарав зураач хоёрын зурах байдал нь бас өөр. Тэр хоёрын зургийг нэг үзсэн хүн, юу ч зурсныг нь андахгүй, энэ нь Шаравын зураг, энэ нь нөгөө зураачийн зураг гэж ялгах шинж бүрдсэн нь Монгол бичигт сайн хүн, энэ нэг бичээчийн үсэг, тэр бол өөр нэг бичээчийн үсэг гэж ялган таньдагтай адил ажээ.


Кавильмахер
Үсэг өрөгч цөөвтөр шиг хүн байсан нь, цөмөөрөө Монгол үсгээр яаж татлан бичсэнийг гаргаж чаддаг тийм сүрхий улс байсан билээ. Тэдний өрж байсан эхийг ном өрж гүйцсэний сүүлээр дахин үдэж товхиод хадгалсан хэд хэдэн бийрийн бичмэл дэвтэр одоо ч манай улсын номын санд бий. Түүнийг үзсэн хүн, хэвлэх үйлдвэрийн өрөгчийн олон гар дамжсан номын эх гэж одоогийн өрөгчийн эх үзсэн хүний зүүд зөнд ч орохгүй, тийм цэвэрч нямбай өрж, хэвлэлийн эхэд тугалганы бар, гар хурууны хир огт халдаадаггүй эртний Монгол хэвлэлийн сүрхий уламжлалтай байсан өрөгч байжээ.
Хэвлэгч нь бас жигтэйхэн нямбай. Зурагтай хэвлэлд зургийг нь сайхан гаргах гэж их хичээдэг байсныг санахад, соёлт Монголын ард түмний өндөр соёл уламжлалыг хадгалж чадсан хүн байж, хэвлэсэн номыг маань хүн унших юм шүү дээ гэж уншигчийг хүндэтгэдэг уламжлал эртнээс нааш залгамжлан ирсээр, хэвлэгч бүхэн тун нямбай ажилладгийг нь үзэхэд, тусгай хэвлэлийн сургууль гадаадад хийсэн нэг ч байхгүй мөртөө, номыг маш хүндэтгэн үздэг манай эртний соёлт ард түмний дундаас гарсан өрөгч хэвлэгч, дэвтэрлэгч тул, ардынхаа ном хүндэтгэж, уншигчийг дээдлэн үздэг сайхан уламжлалаар хүмүүжсэн нь надад их таатай санагддаг байлаа.


1924 онд барьсан Хэвлэх үйлдвэрийн байшин

Тэгээд, одоо хэвлэлийн комбинатын урдуур гарсан хөндлөн гудамжны амаар огтлон гарахдаа, одоо нэлээд хуучрасхийсэн тэр модон байшин сая босож гүйцээд, тэр үед хотод маань байгаагүй герман хэвлэлийн шинэ машин угсран тавьж байгаа герман инженер, Монгол ажилчин, өрөгч, хэвлэгч, үсгийн алдааг шүүн засагч, зураг зурагч хүн санаанд орж, нямбай хичээнгүйг нь ном үзэгч уншигчийгаа хүндэтгэн бодож, аль болохоор цэвэрхэн сайхан гаргахыг хэнээр ч шахуулахгүй, үнэн сэтгэлээсээ хичээдэг тэднийг санаж, Сүхбаатар жанжин маань хэвлэлийн газар мөн л тийм нямбай боловсон, хичээнгүй нарийн ажиллаж байсан байх ёстой. Манай өндөр соёлт ардын уламжлал тийм байсан хойно, ардын дундаас гарсан сайчуул тийм байх нь аргагүй гэж бодохдоо, одоогийн залуучууд, ардынхаа тэр сайхан уламжлалыг залган үргэлжлүүлэх нь хойчийг залгамжлагчийн нэр төрийн хэрэг гэж бодож явдаг.


Үйлдвэрийг улсын хэвлэл болохыг үзлээ


Сонин сэтгүүл, сурах бичиг зэргийг хэвлэх хэмжээ нь жил бүр нэмэгдсээр, шинэ модон байшин нь нэмэн өргөтгөх машин тэргүүтнийг багтаахгүй болж, Девель Барановски гэдэг хоёр инженерээр хэвлэлийн байшингийн баруун талд нь тоосгон байшин бариулах ажил үүсгээд бас нэлээд шинэ машин угсруулан тавьсан үес Германд сургууль хийж байсан залуусаас хэвлэлийн мэргэжил бүхий Лувсаннамжил, Баатарсэнгэ хүрэлцэн ирж, улсын олон сургуулийн сурах бичгийн тоо төрөл нэмэгдэж, Гэгээрүүлэх яаманд мөн Германаас сурагчдын хамт буцаж ирсэн Ишдорж багш, шинэ үеийн сурах бичиг хянан боловсруулах, зохиох, мөн орос герман хэлнээс найруулан Монголчлох ажил үүсгэж их юм хийж эхэлсэн цаг билээ. Чингээд Улсын хэвлэл байгуулах асуудал гарч, Янжмаа даргатай улсын хэвлэл бий болоход Ишдорж багш, Гэгээрүүлэх яамнаас шилжин ирж, уран зохиолын зүйл хэвлэн нийтлэх бололцоо бүрдэж ирсэн билээ. Түүний өмнө тусгайлан уран зохиолын ном гаргах буюу гадаадаас орчуулах уран зохиолын томхон хэлбэрийг сэтгүүлд эс оруулбал, эрхлэн гаргах эзэн, төсөв олддоггүй байсан нь, Улсын хэвлэл бий болоход зохиолын үүд нээгдсэн билээ.


Лувсаннамжил

Судар бичгийн хүрээлэнгийн хэвлэлийн ажлыг Дуун ухааны тасгийг эрхэлдгийн хувьд миний бие хариуцаж, хувьсгалаас өмнө Орос консулын хэвлэл байгаад сүүлдээ Зөвлөлтийн хэвлэх үйлдвэр болсон хэвлэлийн бяцхан газрын олон жил дарга нь байсан Эпов нөхөртэй танилцаж, Хүрээлэнгийн зарим юм тэнд Монгол орос үсгээр хэвлүүлэхийн зэрэгцээгээр Гэгээрүүлэх яамны гол хэвлэл байсан Монгол хэвлэх үйлдвэртэй бараг өдөр бүрийн холбоотой болж, Улсын хэвлэл болоход нь хэвлэлийн ажилчин ажилтны тоо ч нэмэгдэж, орос, Монгол, герман, хятад хэлтэй хүн ч бий болж, уран зохиолын зүйл биеэ даасан ном дэвтэр болж гарахыг үзлээ. Аргын улирлын хорин есөн оны сүүлээс латин үсэг захиалан, Монгол хуудам үсгээ халж, латинчлах үес үсэг өрөгчөөс эхлэн үсэгтэй холбогдсон ажилчин ажилтныг латин үсэгтэй болгох гэж их цаг хүч зарцуулахыг үзлээ. Тэр үе хүртэл Судар бичгийн хүрээлэнгээс Ишдорж багшаар оросоос түмэн бодисын мэдлэгийг нийтийн хүртээл болгох гэж Рубакин гэдэг оросын соён гийгүүлэгч зүтгэлтний бий болгосон газар зүй, бодис зүй, хувилахуй ухааны анхны чухал мэдэгдэхүүнийг ухахуйяа хялбар болгон зохиосон дөчин дэвтрийг орчуулгаад, дэвтэр бүрийн утга агуулгыг тайлбарласан хэвлэлийн зурагт модон бар захиалан Зөвлөлтөөс ирүүлж, Газар, Ус, Эрт галавын амьтан гэх зэргийн хэдэн дэвтэр гаргаж, Германаас буцаж ирсэн оюутан дотроос Б. Содномыг оролцуулан, хэвлэлд орох эхийн үг найруулгыг үзэх ажлыг хийлгэн, Наваан-Юндэнгийн зэрэг Монгол бичиг үсэгт сайн залуучууд Германаас ирснийг туслалцуулан, хөлс шагналыг олгон хийлгэж байлаа. Монгол хэвлэлийн ажилчин маш хичээнгүй нямбай тул, тэдгээр дэвтрийг одоо ч үзэхэд хаа ч гологдохгүй маш сайн хэвлэсэн байдал илэрхий. Зургийг балархай хэвлэсэн буюу хэвлэлийн будгийг тааруулаагүйгээс зарим хэвлэлийн хуудас нь будаг цагаан, үсэг балархай зэргийн өө сэв огт байхгүй, жигтэйхэн тэгшхэн сайн хэвлэсэн нь одоогийн манай улсын хэвлэлийн комбинатын адил инженер техникч гэж огт байгаагүй, гадаадад сургууль хийсэн хүн гэхэд Баатарсэнгэ, Лувсаннамжил гэдэг хоёр залуугаас өөр хүнгүй байсан боловч, хэвлэх чанар сайн байсныг бодоход сонин санагддаг. Монголын цэцэн үгэнд “урд гарсан чихнээс сүүлд гарсан эвэр” гэдэг мэргэн үгийг бидэнд сүрхий шаардлага тавьсан цэцэн үг шүү гэж манай хэвлэлийн комбинатаар барахгүй академийн шинжлэх ухааны хэвлэлийн ажилчин ажилтан ч гэсэн бодож явууштай үг шүү!
Рубакин гэдэг тэр соён гийгүүлэгч зүтгэлтний гавьяаг дурдаж, Зөвлөлтийн сонин хэвлэлд хэдэн жилийн өмнө тэмдэглэн бичсэн зүйлийг үзээд, хорин есөн оны үес Монголоор хэвлүүлж байсан тэр дөчин дэвтрийг маань учир мэдэхгүй мөртөө мэдэмхийрдэг хоёр хүн “хуучирсан юм хэвлэлээ” гэж зогсоолгосон нь миний санаанд ороод, Рубакины соён гийгүүлэх гавьяаг Зөвлөлтийн хэвлэлд бахархан дурдаж байхад, тэр хүний олон түмний гэгээрэлд зориулсан номыг нь хориглосон этгээдийн Монголынхоо ард түмний орчин үеийн түмэн бодисын мэдэцтэй болж, мухар сүсгийн хүлээс алдруулахад чухал мэдлэгийн бичгийг зогсоосон нь манай ардын соёл боловсролыг саатуулж чадсангүйгээр барахгүй, тийм этгээд байсан юм гэж нэрийг нь ч мэдэх хүнгүй болсныг хэвлэх үйлдвэрийн хажуугаар өнгөрөн гарахдаа санаж, Боржгин Дашдоржийн Нацагдоржийг Пушкины Анчар, Хоригдол гэдэг хоёр шүлгийг Монгол болгоод, надтай орчуулгаа нийлүүлэн шүүж байх үеэр өнөөх хоёр орж ирээд, ”помишиг тайжийн шүлэгчийг албан цагаар орчуулж суудаг юм уу?” гэж бид хоёрыг загнаж байсан нь бас санаанд ордог юм. Зөвлөлтөөс зориуд захиалж ирсэн тэр номын өчнөөн төчнөөн сайхан зургийн гайхамшигт бар нь, тэр хоёр ”цэцчүүлээс” болж устгуулсан нь миний сэтгэлд тодорхой.
Улсын хэвлэл бий болоход нэлээд ухуулах зураг хэвлэн нийтэлсэн түүнд Хүрээлэнгийн сүрхий авьяаст залуу зурагч Соёлтайн зурсан зураг ч бий. Марзан гэдэг Шаравын зурсан ухуулах зураг ч бий. Хэвлэлд нэлээд хэдэн жил ажиллаж, европ зургийн байдлыг үзсэний өчүүхэн нөлөө туссан нь, зарим зурагт хүний нүүр царайг самнан зурсан үзэгдэл бий. Чингэвч, зураачийнхаа барилыг түүгээр огт алдаагүй тул, түүний хэдэн зургийг үзсэн хүн, энэ лав Шаравын зурсан зураг гэж ер андахгүй дэг. Аргын гучин хоёр оны үед Улсын хэвлэлийг татан буулгасанд, нэгэн өдөр яг албан тушаалтны сууж байсан өрөөг нь үйлдвэрийн тасаг болгох гэж цэвэрлэн засаж байх үеэр тааралдан ороод, буланд байсан нэг тантанд нулимах гээд очтол, тэр тантанд Демакероны орчуулгын эх ноорог чихээстэй хэвтэж байсан нь нүдэнд минь торж, урьд жил нь тэр орчуулгыг Улсын хэвлэлээр гаргуулах гэж Хүрээлэнгээс өгснийг минь, өнөөх Пушкинийг “помишиг тайжийн шүлэгч” гэж загнаж, Рубакины 40 дэвтрийг хэвлүүлэхийг хориглосон тэр этгээд, Декамероныг дэлхийд алдарт бөгөөд лам нарын аль мууг нь гаргаж жигшүүлсэн нэрт зохиол гэж ухааралгүй, “хар шар феодалын жаргал цэнгэлийг сурталчилсан хоцрогдмол зохиол” гэж хэвлүүлэхийг саатуулан татгалзаж байлгасан нь, Улсын хэвлэлийн татан буулгахад, хянан боловсруулах хэлтсийнхэн өөр газар шилжиж, хариуцсан эх ноорог зохиол нь хогийн хайрцаг тантанд орж байсантай ам мөчид дайралдаж, Декамероны зохиолын нэг хэсгийг нь санамсаргүй тохиолоор аварсан минь тэр билээ. Тэгээд, тэр тантангаас олдсон эх нооргийг Хүрээлэнгээс миний эрхлэн байгуулсан ”Хэл бичгийг сайжруулах бодлогын бичиг” гэдгийн нэгэн дэвтэр болгож, “Улсын хэвлэл” нь бууж, улсын хэвлэх үйлдвэр болсон хэвлэлийн газар хэвлүүлсэн билээ. Бүрэн гүйцэд орчуулгыг нь Москва дахь гадаадын үйлдвэрчний хэвлэл түүнээс асар удалгүй хэвлэн нийтэлж гаргасан хойно, сүрдүүлэн далайлгадаг мунхгийнхаа муныг хураалгачихсан тэр хүнээс, “пиодлын жаргал сурталчилсан” гэж хорьж байсан өнөөх зохиолыг Зөвлөлтөд дэлхийн сонгодог зохиолын нэг гэж Монгол уншигчийн ширээнээ толилуулж байгааг та юу гэж болгоож байна? гэж нэг ам асуугаад, хэлэх үггүй, дэмий л шүдээ ярзайлган ангалзахыг нь үзсэн билээ.
Тийм этгээдээс болж оросоос орчуулсан миний хэдэн орчуулга үрэгдэж, Неверовын ”Талхаар баян Ташкент хот”, Уолт Үитмений ”Өвсний навч” гэдгийн орчуулгыг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамьян гуай, Бат-Очир Шадар гуайгаар найруулгыг нь засуулсан минь үрэгдэж, Тургеневын “Сенилиа” гэдэг хөөрхөн хөөрхөн яруу найруулгыг орчуулсан минь энэ байшинд үгүй болсон юм даа гэж дэргэдүүр нь өнгөрөхдөө, өнгөрсөн цагийн хоцрогдмол этгээдийг энэ газар ажиллаж байсан сайчуулыг санахын зэрэгцээгээр сэтгэлд мунхгийн мунатангуудын нэр дүр нь ургахад сүүрс алдан алхаж явдаг. Хэвлэх үйлдвэрийг тэр тоосгон байшинд орсон хойно Кавельмахер гэдэг мэргэжилтэн өөрийн санаачилгаар нэлээд хэрэглэл бүтээн босгож, өдий төдий хүнийг хэвлэл цахилгааны мэргэжилтэй болгосон нь санаанд ордог. Ажилдаа идэвхтэй, санаачилга сайтай, хэвлэлдээ элэгтэй хүн байсныг цухас ч гэсэн, олон жил хэвлэлийн ажлын тухайд харилцаж байсныхаа хувьд дурдалтай байна.
Германаас буцаж ирээд олон жил ажилласан Баатарсэнгэ бас нарийн мэргэшлийн сайн сургууль хийсэн хүн байсан юм. Номын захыг гоёмсгоор хавтаслахдаа алталж чаддаг ганц хүн байж билээ. Хэвлэлийн хүчнийг мэргэшилтэй болгоход хувь нэмрээ оруулсан хүн. Зуурдаар нас элэгджээ. Германд суралцаж байсан хэвлэлийн мэргэжилтнээс Лувсаннамжил гэж олон жил ажил хийсээр ирсэн хүн. Монгол хичээнгүй үсэг мэтэд сайн тул, номын нүүр хавтсанд түүний маш сайхнаар бичсэн хичээнгүй үсэгт ном манай улсын номын санд цөөнгүй бий. Бас марзан Шаравын зурсан Лениний зургийг хайхралгүй энд тэнд агуулахын ёроолд хаясаар ирсэн нь, зургийн даавуу нь энд тэндээ цоорч урагдсаныг Лувсаннамжил сайхан засаж, бүрэн бүтэн болгохдоо, ар дэвсгэр болсон дэлхийн хоёр тал бөмбөрцгийг Шарав зураач, газарзүй эс үзсэн тул, хойг тивийн хэлбэр ямар байхыг анзааралгүй, нэг л азгар барзгар юм зураастай байдаг гэж дэлхийн бөмбөрцгийн тив далайд огт төсгүй юм зурчихсаныг хүртэл, орчин үеийн мэдлэгийн үүднээс өөрчлөн засаж сэлбэсэн билээ. Түүнийг үл мэдэх хүн, Марзан Шарав л анхнаасаа ингэж бөмбөрцгийн төрх байдлыг зурсан юм гэж бодож, мөн чингэж бичиж ч эхэлж байгаа үүнд үнэн байдлыг үнэнээр нь дурдаж, тэр зураг судлан бичих хойчийн хүнд Лувсаннамжилын уран бөгөөд мэдлэгтэй гар оролцсоныг энэ дуртгалдаа тэмдэглэсүү.


Улсын хэвлэлийг газар хөсөртэй болголоо


Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Ноёдын Төр Өнгөрч, Ардын Төр Мандсан Эрин - 4
  • Büleklär
  • Ноёдын Төр Өнгөрч, Ардын Төр Мандсан Эрин - 1
    Süzlärneñ gomumi sanı 4402
    Unikal süzlärneñ gomumi sanı 1974
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Ноёдын Төр Өнгөрч, Ардын Төр Мандсан Эрин - 2
    Süzlärneñ gomumi sanı 4330
    Unikal süzlärneñ gomumi sanı 1850
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Ноёдын Төр Өнгөрч, Ардын Төр Мандсан Эрин - 3
    Süzlärneñ gomumi sanı 4172
    Unikal süzlärneñ gomumi sanı 1802
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Ноёдын Төр Өнгөрч, Ардын Төр Мандсан Эрин - 4
    Süzlärneñ gomumi sanı 1199
    Unikal süzlärneñ gomumi sanı 715
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.