Latin

Нийтлэл Өгүүлэл - 1

Süzlärneñ gomumi sanı 4155
Unikal süzlärneñ gomumi sanı 1599
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Дашдоржийн Нацагдорж

НИЙТЛЭЛ ӨГҮҮЛЭЛ

“Цагаан бамбарууш хэвлэлийн газар” Улаанбаатар хотноо 2006 онд эрхлэн хэвлүүлсэн "Дашдоржийн Нацагдорж Бүрэн зохиол - дэд дэвтэр" номоос
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


УЛСЫН АНХДУГААР ИХ ХУРАЛ ДОР ХУВЬСГАЛТ ЗАЛУУЧУУДЫН ӨМНӨӨС Д. НАЦАГДОРЖИЙН ИЛТГЭСЭН НЬ

1
Монгол Хувьсгалт Залуучуудын өмнөөс, улсын дээд эрхийг барих их хурал дор баярыг хүргэнэ. Урьд бидний улсын эрхийг нэгэн хүн барьж, мөн хэдхэн тооны язгууртан ноёд эзэрхэн дарангуйлж, гадаад дотоод дор хуваагдан мөлжигдсөөр агсан нь мөнөөхөн арван нэгдүгээр оны хувьсгалын ачаар энэ өдөр ийнхүү улсын дээд эрхийг барих ардын төлөөлөгчдийн хуралдааныг нээж бүхүй нь манай Монгол дор урьд үзэгдээгүй их гайхамшиг, баяр цэнгэлийг олбой хэмээн биширнэ. Бидний Монгол Хувьсгалт Залуучуудын зорилго болбоос, энэхүү оролдож бүтээсэн ардын нам, засгийн хэргийн хойчийг залгамжлан гүйцэтгэж, тус улсын дунд ба ядуу хоосон түмэн ардыг хамгаалан тэтгэж, эзэрхэг харгисуудтай эсэргүүцэн сөнөөх явдлыг чухамхүү ертөнц дэлхийн хувьсгалын мөн чанарыг мөрдөн чармайцгаах ба ялангуяа эрдэм гэгээрэл зэрэг дор дэвшин боловсорч, эр цэргийн хүчнийг бүртгэхийг ихэд хичээн амой. Урьд болбоос бидний залуучуудыг арван найман нас хүрмэгц эзэрхэг харгисын боол зардас болгож, элдэв гэгээрэл үгүйгээр дарлаж явсан нь өнөө энэхүү хувьсгалын ачаар эрх чөлөөг эдэлж, эрдэм боловсрол дор дэвшин оролдоцгоож бүхүй бөгөөд манай залуучуудын зорилго суртал дор улсын хурлын төлөөлөгч нөхдөөс тодорхой тусламж үзүүлж, Монголын хойчийг залгамжлан, эзэрхэг харгисуудыг эсэргүүцэн сөнөөх явдал дор тусыг үзүүлэх болов уу хэмээн биширнэ. Монгол Улсын Ардын Засгийн анхдугаар их хурал мандтугай. Монголын хувьсгалт залуучуудын хэрэг зүйлс (үйлс) бадран хөгжтүгэй.

1924 оны арван нэгдүгээр сарын 8


МОНГОЛЫН ХУВЬСГАЛТ ЗАЛУУЧУУДЫН ТАВАН ЖИЛИЙН ОЙ

2
Энэхүү найман сарын хорин тавны өдөр болбоос бидний хувьсгалт залуучуудын эвлэлийн эрхэмлэн ёслох дурсгалт өдөр мөн бөгөөд 1921 оны найман сарын хорин тавны өдөр манай залуучуудын эвлэлийг анх үүсгэн байгуулсан нь энэ оны энэ өдөр дор хүрсэн нь даруй таван жилийн ой болж байна. Тиймийн тул энэ өдрийн түүх ба энэ өдрөөс хойш манай залуучууд хэрхэн хөгжсөөр ирсэн, мөн улмаар уул зорилгыг туйлд хүргэхийг тэмдэглэн тодорхойлбоос зохино. Асууваас, арван нэгдүгээр он дор Ардын хувьсгалт нам анх мандаад гадаад, дотоодын харгисыг дарангуйлж, ардын эрхийг олгон, хувьсгалын замыг нээгдүүлэхүй дор бидний залуучуудын дотроос хэд хэдэн нөхөд оролцон зүтгэлцэж явсан нь чухам энэ үе дор ард түмний эрх чөлөөг хувьсгалын хүчнээр олж бататгахаас үнэн арга үгүй болохыг монголын залуучуудаас ухварлан мэдээд, анх хэд хэдэн нөхөд хуралдаж, тус улсын идэр залуучуудыг элсүүлэн, санал хүчнийг нэгтгэн, ардын эрх чөлөөг улмаар бататгах ба ардын намын үүсгэн бүхүй хэрэг дор туслалцах санаа төрж, арван нэгдүгээр оны шинэ улирлын найман сарын хорин тавны өдөр Улаанбаатар хотноо залуучуудын эвлэлийн эхэн суурийг анх босгожээ.
Эвлэлийг байгуулахын өмнө таван хүмүүс хэд хэд дахин хуралдаж, хэрхэн байгуулах явдлыг хэлэлцэж бэлтгээд, бас тус бүр нэг, хоёр таних залуучуудыг элсэж, эвлэлийг байгуулах хурал дор арван хэдэн хүмүүс болсон ажгуу. Эвлэлийн нэрийг тэрхүү хурал дээр “БОШГЫГ ХАЛАХ ЗАЛУУЧУУД” хэмээн нэрийдсэн боловч дараа Хувьсгалт залуучуудын эвлэл хэмээн нэрийджээ. Түүнээс, Хувьсгалт залуучуудын эвлэлийн уриа монголын идэр залуус бидний чихэн дор хүрсэн тул шинэ байдлыг танилцан сайшааж, хувьсгалт залуучуудын эвлэл дор нэгдэн зүтгэх хэмээсэн нөхөд улмаар нэмэгдсээр, түүний туг ба хүчин улмаар дэлгэрч, анх элсэхүй дор хэдий арван таван хүмүүс агсан боловч уудам хөдөө тал дор хүртэл нийтэлж, бүх Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл хэмээн нэгэн бат нут анги болоод эдүгээд хүртэл залуучуудын хувьсгалыг хөгжүүлэхүй дор басхүү Ардын нам ба засгийн хэрэг дор туслалцаж, ард түмний хэрэгт зүтгэсээр амой. Энэ завсар залуучуудын үүр хоёр зуу гаруй, гишүүн таван мянга гаруй тоонд хүрсэн ба их хурлыг дөрвөн удаа хуралдуулсан нь мөнхүү хурлаас цөм гол болох чухал зүйлүүдийг заан удирдсаар иржээ. Анх үүсэх үе дор харгис эзэрхгийн этгээд муучлан хэлэх буюу зарим нэгэн ард ташааран ухах газар агсан боловч эдүгээ ард түмэн учрыг мэдэж, эвлэлийг таних болжээ. Ардын засгийн газраас аймаг хошууд дор нутгийн захиргаа байгуулах, хуучны этгээдийг зайлуулан, ардын сонголтыг явуулах явдал дор туслалцсаар ирсэн ба Бүгд найрамдах ардын засгийн аливаа албан хэрэг дор гишүүдийг туслалцуулсаар иржээ. Залуучуудыг боловсруулан хувьсгалын хэрэг дор оролцуулахуй дор дан ганц эрэгтэй залуусаар үл барах бөгөөд мөн өдий төдий олон тооны бүсгүй залуусыг татан авч боловсруулан, хамтран явцгааваас их л тустай болох учир эмэгтэй нөхдийг тус залуучуудад элсүүлсээр буй ба басхүү нам лугаа хамтран бүсгүйчүүдийн хэргийг хөдөлгөн явуулсаар амой. Нам, эвлэлийн холбооны тухай нэгэн үе харилцан сайн үгүй зүйл гарсан боловч эл явдлыг буруушааж, нам, эвлэлийн хэлхээ холбоог харилцан бататгаж, нэгэнт ард түмний хувьсгалыг удирдах дор хоёрдол үгүй болгожээ. Чухамхүү ядуу ба дунд ардын этгээдийг баримталж, тэдний ашиг тусыг хамгаалах зорилгыг илэрхийлжээ.
Тус эвлэлийн гишүүдийг шалган цэвэрлэж, дэмий нэр ашгийг бодож шурган орсон буюу үзэл суртлын огт үл оролдох зүтгэл үгүй зэрэг тусгүй этгээдийг зайлуулсан бөгөөд энэ нь чухамхүү харьяат эвлэлийн доторх будилаан саад нь үгүй болж, хөгжин дэлгэрэх хэрэг дор ихэд тус болжээ.
Бидний Хувьсгалт залуучуудын эвлэл болбоос идэр залуучуудын хувьсгалыг хөгжүүлэн, ардын намын хойчийг залгамжилж, ирээдүй цагийн чухал үүргийг хүлээсэн нь мөн бөгөөд энэ нь гагцхүү нэгэн үеэр дуусах нь бус, басхүү манай залуучуудын дүү нар болох хөвүүд, охид байх нь тэдний багачуудыг удирдан, бага наснаас нь сурган хүмүүжүүлж, тус залуучуудын хойчийг залгамжлах багачуудын холбоо пионеруудыг ноднин жил арван тавдугаар оны таван сараас эхлэн үүсгэн байгуулсан нь бүгд тоон дор хүрч, Нийслэл хотоос эхлэн хөдөө дор хүртэл сургуулийн шавь нараас эхлэн хурга, тугалаа адуулагч хүүхдэд хүртэл цөм үзэсгэлэнт хувцсыг өмсөж, хувьсгалын дууг дуулан жагсаалаар явах болжээ. Энэ нь манай залуучуудын эрхэмлэн удирдаж боловсруулах үр нь мөн агаад эцсийн үе дор эдүгээгийн хувьсгалыг туйл дор хүргэж магад эд нар чадна.
Бидний монголчууд болбоос хөдөөгийн нүүдэлчин болох нь уул талаар нутаглан агч малчин залуучуудыг өргөнөөр элсэх, боловсруулан авах явдал дор эдүгээгээс хувь илүү хүчнийг гарган оролдсоор амой. Бас бус сурган гэгээрүүлэх явдлыг чухал болгон, олон гишүүдийг улс төрийн байдал лугаа сайтар танилцуулах, бичиг дэвтэр хэвлэн гаргах, оюун ухааныг сэргээх, ший жүжиг, цахилгаан сүүдэр зэргийг хот хөдөө гаргах, бичиг үгүй гишүүдийг бичиг үсэг сургах, элдэв сургууль дор явуулах зэргийг зүйл зүйлээр явуулж буй ба чухам ардын залуусыг элсэж, үүр хороодыг олон болгох, гишүүдийн бүртгэлийг нарийвчлан авах зэрэг зохион байгуулах явдлыг хөгжүүлэн явуулж буй зэрэг зүйл олон үзэгдэнэ.
Энэ мэтээр энэхүү таван жилийн завсар тус залуучуудын бүтээсэн явуулсан хэрэг бага үгүй ба уул зорилгын ёсоор өдөр тутам дэлгэрэн хөгжсөөр буй хэмээвээс болно. Тиймийн тул энэхүү таван жилийн ой болох дор баярыг хүргэж, энэ өдөр Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд бүгдээр Нийслэл хот, хөдөөд нийтээр бүлэг бүлгээр цугларан, хувьсгалын дууг дуулж, улаан тугийг хийсгэн, их жагсаалаар ёсолно. Басхүү индрийн хурлыг хуралдуулж, ард түмэн дор зорилго суртлыг илтгэн, баяр зоригийг хөгжүүлнэ хэмээхээс гадна бидний гүйцэтгэх хэрэг нэгэн хэдэн зүйл, нэгэн хэдэн жилээр дуусах нь бус, үүнээс цааш гүйцэтгэх хэрэг зүйл олон байх ба гүйцэтгэх цаг их байх тул энэ жилийн үүсгэн явуулж буй ба үүсгэн явуулах хэргүүдээс ирэх жилийн ойн дотор олон зүйлийг өргөнөөр гүйцэтгэхийг хичээх ба жил жилийн ой болох тутам дор улам улам их ажлыг бүтээж байхыг энэ өдөр гишүүн бүхэн тэмдэглэн санаж, зориглон гүйцэтгэсүгэй. Ийнхүү жил жил тутам хувьсгалт залуучуудын бүхий л хэргийг улам улмаар их их явуулахуй дор бидний эвлэлийн гол их зорилго хурдан бөгөөд хялбараар гүйцэлдэж, ирээдүй цагийн нийтийн их хэргийг сайнаар бүтээж магад чадна.
Бүх монголын хувьсгалт залуучуудын таван жилийн ой мандаж, зорьсон зорилго нь туйл дор хүртүгэй. Бүх дэлхийн залуучуудын эвлэлийн интернационал улмаар мандтугай.

1926


ПИОНЕРЫН ГЭГЭЭРЭЛ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

3
Гэгээрэл боловсрол хэмээгч нь хүн дор маш ачтай тустай нөхөр болно. Тиймийн тул аливаа хүмүүс эрдэм соёл хэрэгтэй хэмээн сайшаан хэлэлцдэг биз. Тийн атал чухамхүү гэгээрч боловсорсон нь ховор ажгуу. Түүний учир шалтгааныг хянаваас, эрдэм соёл дор сурваас тустай хэмээгчийг мэдэвч, тэр замаар их төлөв орох үгүй байна. Энэ нь мөнхүү хүний уг байдал самуун хазгайгаас төөрөгдөн, олиг үгүй болох буюу арга үгүй гачигдал учраас боогдох ба мөн ч бүдүүлэг заншлаас эс хайхрах, эсхүл өнгөрсний хойно болох энэ мэтээр хоцрогдон орхигдох байна. Үүнд, бас нэгэн чухал нөхцөл нь ард түмнийг эрдэм соёл дор боловсруулахуй дор дээр дурдсан саатал хоцрогдлуудыг арилгаж, шууд замыг нь заан удирдах этгээд үгүй, бин битүү байлгаснаас маш их хорлолтой болдог буй. Юун хэмээвээс, үүний урьд манай монголын ард түмэн харанхуй бүдүүлэг буурайн дээр, дээд эрхийг барьж удирдагчид нь дэмий л хуучны балрыг баримталсан бөгөөд ноёлог баялгийг эрхэм болгосон нь тэд нар ард түмэн дор гэгээрэл боловсролын замыг зааж засаж өгөх байтугай дарангуйлан дээрэнгүйлсний тул яахин нарийн учрыг хялбараар мэдэх аж. Энэ мэт байдлаас ард түмэн нь нэгэнт гэгээрэл боловсролыг мэдэх үгүй, сайн бол зөвхөн бичиг унших, бичих болгохоос илүү үгүй, ялангуяа шинэ байдлыг огт мэдэх үгүй, огт ойшоох үгүй, бага наснаас нь сурган хүмүүжүүлж чадах үгүй, харин олонх нь ламын эрдэм дор сургууль хийлгэж, шашныг суртахууныг дагуулж, олон амьтны тусыг үйлдүүлэх зэргээр нийтийн зовлонг бясалгалаар устгана хэмээн зориулсан атал түүнийгээ ер гүйцэх үгүй, харин ламын сурталтан ч үгүй, харын ёсон ч үгүй, завсарт бай байсаар нэгэн хэрэг үгүй ангийн этгээдийг бэлтгэх нь илэрхий болой. Эдүгээ болбоос бидний улс дор ард түмний шинэ байдал хөгжсөний тул гэгээрэл боловсролын явдлыг дэлгэрүүлэн, ард түмнийг эрдэм соёл дор дэвших зөв замыг нь уудам болгож, элдэв боогдол саатлыг нь арилган, тэдэн дор учрыг таниулан удирдан жолоодсоор бүхүй. Үүн дор, гэгээрэл боловсролын явдлыг эрмэлзэгчид ба оролдогчид урьдаас нэн олон болсон, тэр бүрийг өгүүлэх юун. Гагцхүү энэхүү гэгээрэл боловсролын явдал болбоос бага наснаас чухал холбогдолтой бөгөөд бэлхнээ хуучны үг буй. Бага дор эрдэм сурах нь мандаж буй наран мэт, дунд дор эрдэм сурах нь үдийн наран мэт, өтлөхүй дор эрдэм сурах нь шингэх наран мэт, үхтэл эс сурах нь харанхуй шөнө мэт хэмээдэг. Энэ нь мөн ч ортой үг буй. Түүнчлэн мөнхүү гэгээрэл боловсролын явдлыг бага наснаас үүсгэн оролдвол тусыг бүтээх нь их болно. Үүнд, бага наснаас оролдохуйд зам нь бэлхэн болоод буй бөгөөд ер урьдахын лугаа адил үгүй буй. Таны олон бага насны хүүхэд эцэг эхийн гараас гарч, идэх уух, наадах тоглох, явах зорчихыг өөрөө чадах болмогц мөнхүү гэгээрэл боловсролд оруулан сурган хүмүүжүүлэх эцэг ба эх чинь бас байна. Тэр хэн хэн буй хэмээвээс, ардын гэгээрлийн газраас байгуулсан сургуулийн танхим ба хувьсгалт залуучуудаас байгуулсан пионер багачуудын холбоо байна. Бага сургууль нь элдэв зүйлийн эрдэм соёл дор боловсрохын хаалга болох ба пионерын холбоо нь хувьсгалын ба улс төрийн хэрэгт боловсрохын хаалга болох тул багачууд хүүхдүүд үүнийг таньж, бага наснаас энэхүү хоёр хаалгаар орж хүмүүжвээс зохих учрыг бүгдээр мэдвээс болох цаг өөр тохиолджээ. Одоо нэгэнт пионер ба сургууль дор орсон багачууд тэр цагаа алдал үгүй хичээлийг бататган, гэгээрэл боловсролоо хөгжүүлсүгэй хэмээхээс гадна энгийн олон ардын багачуудыг энэ ёсоор явуулбаас эрхбиш тусыг хураах нь бага үгүй болохыг мэдэж, туслалцан оруулсугай. Энэ мэтээр багачууд хүүхдийн гэгээрэх нөхцөлийг өргөтгөвөөс ард түмний боловсрол улмаар зузаан их болохуй дор магад дөхөм болно. Гэгээрэл боловсролын явдал улмаар хөгжөөд гэнэтэд дарлагдсан багачууд охид сэрцгээж, гэгээн зам дор хандан орцгоотугай. Гэв гэнэт харанхуйн зовлонгоос ангижраад гэсгээн татагчид өрөвдөнгүй нь лавтай болой.

1926


МАНАЙ ҮЕ БА МАНАЙ ҮҮРЭГ

4
Эдүгээ шинэ улс төрийг байгуулаад эрх чөлөө ба эрдэм боловсролыг дэлгэрүүлэн, хир чинээгээр оролдсоор буй нь маш завшаан агаад энэ нь үүний урьд тохир тохиолдоо дор ба дахин тохиолдош үгүй үе болох тул тийнхүү чухлаас чухал үе хэмээвээс зохино. Эл байгуулагдсан улс төр, олсон эрх чөлөө, хүссэн эрдэм боловсрол энэ мэтийн оролдсон зорьсон хэргийг буурал үгүй улмаар хөгжүүлэхийг манай үүрэг хэмээнэ.
Иймийн тул бид нар энэхүү үе ба энэхүү үүргийг нэгэнт хүлээсэн учир туйл дор хүргэхийн бодлогыг эрхэмлэн бэлтгэж оролцох нь нийтийн бүгд дор, үүн дор үзэл суртал ба эрдэм боловсрол хоёрыг нь хэрэглэнэ.
Энэхүү чухал үе ба чухал үүргийг тодорхойгоор таньж, үзэл суртлыг судалцгаан, эрдэм боловсролыг сурцгааж, зорилгоо туйл дор хүргэхийг нь бидний залуучуудын ба багачуудын улмаар идэвхийлэн оролдохуй дор гүнээ холбогдоно.

italki
(1928)


ЦАГ ЦАГ ЦАГ

5
Боловсон улсын идэвхтэй хүмүүсийн цагийг хэрэглэхүй нь их л нарийн дүрэмтэй болоод цагийн хэмжүүрийг хянан тогтоож хэрэглэх бөгөөд нэгэн цаг мөч боловч дэмий өнгөрүүлэх үгүйг санаа тавьж, сахилгатайгаар явуулах агаад хэрэг ажлыг гүйцэтгэх ба сургууль хичээлийг үйлтгэх, зочид нөхөд лүгээ учрах хэлэлцэх ба бие сувилах амрах, унтах босох, идэх уух, ирэх явах ба наадах зугаацах цөмөөр цагийг тэнцүүлэн тогтоож хэрэглэдэг амой.
Америк хүмүүс цагийг хэрэглэхүй дор их л идэвхтэй нь “цаг болбоос зоос” хэмээлцэж шаламгайлан давхилдана.
Манай зэргийн шинэ байдлаар урагш дэвшихийг оролдон явуулж буй улс төр дор нэн тустай болох үүнийг улмаар боловсруулан, улсдаа дэлгэрүүлэх нь манай залуучуудын нэгэн чухал хэрэг мөн болно.

(1928)


ГЕРМАН УЛСЫН БАЙДЛААС

6
Герман улс аваас дэлхий дээр алдар бүхий хэдэн боловсон бөгөөд хүчирхэг улсын нэгэн нь мөн болой. Европ төвийн төв дунд дор оршиж буй агаад газрын хэмжээ 472 мянган дөрвөлжин хэмээнэ. Хүний тоо жаран сая буй, нэгэн дөрвөлжин километр газар дээр 130 хүн оршино. Улсын гол хот нь Берлин хэмээх бөгөөд дөрвөн сая хүн сууна.


Улс төрийн тухай


Европын их дайны дараа дотоодын хувьсгалаар эзэнт засгийг устгаж, 1918 оны 11 сарын еснөө Бүгд Найрамдах Ард улс болжээ. Улсын дээд эрхийг Улсын их хурал дор барих бөгөөд тусгай улсын үндсэн хуулийг тогтоон явуулжээ. Улсын хурал дор нийт ардаас уламжлан сонгогдсон олон намын төлөөлөгчид сууна. Тус улсын дотор бүгд их бага нам гучин илүү буй бөгөөд нэгэн хэдэн ихээхэн намуудаас нэрлэвээс Нийгэм журамт ардын нам, Германы үндсэн нам, Төвийн нам, Эв хамтын нам, Ардын эрхт нам, Зүүн эв хамтын нам, Бавар мужийн ардын нам, Аж ахуйн нам, энэ мэт олон зүйлийн нам байх бөгөөд улсын эрхийг голлон бүхий нь Нийгэм журамт ардын нам болно. Эдгээр намуудаас таван зуун орчим төлөөлөгчид улсын хурал дор суух ажгуу. Энэхүү хорин наймдугаар он май сард болсон Улсын хурлын сонголтыг 24 он 10 сард болсон сонголт лугаа тэнцүүлэн үзвээс төлөөлөгчид нь зүүн этгээдийн болох намуудаас нэмэгдэн, баруун этгээдийн болох намуудаас хорогджээ. Эдгээр олон намууд нь хөрөнгөтний этгээдийг баримталсан, жинхэнэ үйлдвэрчин ядуу ардын этгээдийг баримталсан, язгууртны этгээдийг баримталсан, дундыг баримталсан, жижиг хөрөнгөтний этгээдийг баримталсан, гагцхүү үндэснийг баримталсан. Ийнхүү зорилго суртал харилцан адил үгүй бөгөөд түүнчлэн Улсын хурлын дотор олон эрх санал оролцох тул засгийн эрх аль хүчин бүхий намын тийш хандах боловч зүй зохисыг үзэж явуулагдана. Тус улсын дотор бүгд арван найман аймаг улс ба эрх чөлөөт хотыг холбож, Герман улс болжээ.


Соёл боловсролын тухай


Герман улс аваас бүр хэдийнээс соёлын охь үндэс болсон улс бус бөгөөд энэ тухайн онц түүх өгүүлэл болгон бусад улсаас зориуд бичих зүйл ховор ажгуу. Гэвч түүх шастир бас л олныг юун өгүүлэх. Тусгайлан үзвээс Герман улс аваас байн байсаар гэнэт сүүлийн үе дор эрчимтэй боловсрол бүрэлдэж, эрдэм чадлыг олсон ба бүр сүүлийн үе дор Европын ерөнхий эрдэм ба шинжлэх ухааны ба оньсон арга мэтийн боловсрол хөгжин ирэхүй дор туйлын онцоор гүйцэлдсэн улс болох нь тодорхойяа магад буй. Эдүгээ үзвээс сургуулийн байгуулалт ба сургалт нь нарийн сайн агаад олон зүйлийн их бага сургуулиудыг газар бүгд байгуулжээ. Тэр бүгдийг тодорхойлон өгүүлэлт үгүй. Гагцхүү ямар ба ардын бүстэй бүсгүй хүүхэд зургаан насан дор заавал сургууль дор дүрмийн ёсоор ордог болох ба бичиг үсэг үл төсөөлөх хүн бараг үгүй бөгөөд арван түмэн хүний дотор нэг хоёр байх магад үгүй хэмээх нь хоёр зүйл дээрээс байдал төлөвийг мэдэж болно. Тухайлан эмчийн эрдэм ба техник хэмээх дархан машины боловсролоор дэлхий дээр нэртэй сайн болох нь үүнийг харьцуулбаас бусад гадаад улсаас өдий төдий сурагч зориуд ирж сургуулилна.


Аж ахуйн байдал нь


Герман улсын гол аж ахуй болбоос мал ба тариалан зэргийн хөдөөгийн аж ахуй явдал нэгэнт орхигдон ховор болж, фабрик машины боловсон аж ахуйн явдал онцоор дэлгэрэн буй. Үүнд мөнхүү мал ба тариалангийн ажил бага болсон авч түүнийг боловсон аргаар дөхөм үржилтэйгээр ашиглах ажгуу. Их дайны урьд аж ахуйн явдлаар дэлхий дээр тэргүүлэн гарч, хуралдааны явдлаар хоёрдугаар зэрэг дор оржээ. Элдэв байгууламж нь цөм боловсон техник хэмээх үйлдвэрээр бүтсэн агаад зүйл бүрийн фабрик заводыг бүртгэж, газрын баялгийг тэмтэрчүхүй тус улсын бүхүй л хязгаарыг төмөр замаар торлосон ба усан замын харилцаа аль аль тив дор холбожээ. Эдүгээ цагийн элдэв шинэ машин ба багаж цахилгаан ба зайн боловсрол их төлөв эндээс чанартайгаар гарч буй ажгуу.


Европын их дайн ба түүнээс хойш


Европын их дайн дор эс оролцсон улс дэлхий дээр үгүйг хэн ч мэднэ. Түүний нэгэн этгээд дор Герман улс зогсож тэмцэлдсэнийг сонссон биз ээ. Энэхүү эзэрхэг түрэмгийн дайн дөрвөн жил үргэлжлэн тэмцэлдэхүй дор завшсан улс нэгэн хоёрын төдий ба хохирсон нь их төлөв буй. Өдий төдий олон үндэсний ардууд тоолш үгүйгээр үхэж үрэгдэж, цусан далай, ясан овоо болсон ба түүн дор зарим хөрөнгөтний этгээд ашгийг ч олсон бүлгээ. Үүнээс хойш дэлхий дээр өдий төдий өөр байдал болсон ба хувьсгал ч гарчээ. Энэхүү дайн дор Герман улс, бүхүйлэн бэлтгэсэн хүчин ба бүхүйлэн нарийн шинэ арга зэвсэг, бүхүйлэн ардын биеэр эсэргүүцсэн боловч дийлэн гарч эс чаджээ. Хүний ярихыг сонсвоос тэр үе дор дотоод дор цэргийн явдал ба хэрэглэл дор чармагдаж, идэх уух зүйл хомсдож, хэдэн хэрчээс талхыг усан дор дэвтээж, хэдэн хоног хэрэглэж агсан ба явган нүцгэн энд тэнд зовж зүдсэн ба дайны хөл хямарлага дор сүйдэж үрэгдсэн ба түүнээс хойш гэр орноос хохирч, эд хөрөнгийг хохирсон ба өнчирсөн бэлэвсэрсэн зэргийг хүн бүр тоочин гаслах нь үлэмж буй. Үүнд зарим хүмүүс өгүүлэх нь, манай Герман улсыг гадаад олон улс ёсон үгүйгээр дайлсан нь хойч өдөр эрх үгүй хариу өсийг авна хэмээн дэмий л занана. Зарим хүмүүс өгүүлэх нь, тэрхүү дайн болбоос аль аль этгээдийн эзэрхэг түрэмгий ба ашиг хонжлын шалтгаанаас үүдсэн тул түүний аль аль этгээдийн өс үгүй. Гагцхүү олон ардын сүйдсэн нь хөөрхийлөлтэй хэмээнэ.
Версаль хэмээх хотноо олон улсын хурал болж их дайныг зогсоон найрамдахын хэлэлцээнээс хойш Герман улс урьд дайны цаг дор үрэгдсэний дээр нэн их хохирол эвдрэл дор унажээ. Юун хэмээвээс энэхүү хурлын тогтоолоор Герман улс хэд хэдэн хэсэг уурхай бүхүй баялаг газруудыг Франц, Польш, Литва, Дани зэргийн улсууд дор бүрмөсөн ба арав, хорин жилийн хугацаагаар өгөгдсөн ба жич тус улсын харьяат бүхий л колониудыг алджээ. Цэрэг байгуулах эрхийг хасагдаж мөн усан цэргийн хүч ба агаарын онгоц, зэвсгийн байгуулалтыг хэмжээлэгджээ. Гадаад улс дор 130 миллиард алтан маркийн өр дор унажээ. Үүнээс улсын байдал ба ард аж ахуй дор туйлын хүнд гачигдал болжээ. Эдүгээ их дайнаас хойш арван жил болоод бүхийн байдлыг үзвээс эдийн ба аж ахуйн явдал нь дайны урьдах цаг дор хүрээгүй хэмээнэ. Гэвч элдэв арга ба шинэ байдлаар давшиж буй ба дэвшихүйг оролдон буй ажгуу.


Монголчуудыг хэрхэн үздэг буй


Энэхүү Герман улс дор бүгд гучин илүү монгол сурагчид бүхүй бөгөөд зүйл бүрийн сургууль дор оролдон сураад эгж харьж, өөрийн тулгуур улс дор туслахыг зорьж, үүнд эдний улс манай Монгол лугаа харилцан холбоо үгүй боловч бидний сурагчдыг эрдэм боловсролын талаар бусад гадаад улсын сурагчдын адил үзэж сургуулилуулан буй амой. Эд нар монгол хүнийг хэрхэн үздэг буй хэмээвээс манай монгол нэгдүгээр дор газар алсалсан ба хоёрдугаар дор хятадын харьяат хэмээгдэн явсны харгайгаар монголыг мэдэх үгүй нь олон буй. Бид нар лугаа учирсан зарим хүмүүс япон буюу хятад (гэж) асууна. Би монгол хэмээхүй дор дав даруй мэдэх үгүй бөгөөд нэгэн хэдэн удаа харилцан ярилцсаны хойно сая монголыг мэдэж манай эртний түүхийг дурдаж одоогийн ийнхүү шинэ байдлаар мандаж буйг их л сонирхоно. Эдүгээ Герман газраа монголчууд суух болсноос хойш монгол хүн, Монгол улсын нэр нэлээд танигдаж буй бөгөөд германчууд монгол хүнийг үзэх нь харин бусад гадаад улсын хүмүүсээс илүү сонирхох төлөвтэй буй.
(1928)


СПОРТ ХЭМЭЭГЧ ЮУН БУЙ

7
Спорт хэмээх нь угтаа английн үг болох авч нийтийн үг болсон бөгөөд биеийн тамирыг сайжруулах хичээл буюу наадмыг нэрлэнэ. Энэ нь чухам юун буй хэмээвээс:
1. Хүн дор зугаа наадам болж, дурыг хангуулан, сэтгэлийг хөгжүүлэх
2. Хүний биеийг сэргэлэн тэнхлүүн байлгаж, тамир хүчнийг сайжруулах
3. Түүний дотроос биеийн эрдэм чадлыг боловсруулж, ашиг тусыг олох.
Ийм ийм зүйлийг бүртгэсэн нь болой. Тиймийн тул мөнхүү спортын зүйлүүд юун болохыг тодорхойлон бичсүгэй.
Нэгэн анги мориор, дугуйгаар, хөлөөр, уурын тэргээр явах, уралдах. Энэ буй эдгээрээр тийнхүү наран салхин дор ойр хол газар явахуй нь хүний биеийг сэргээх ба тамир хүчийг сайжруулах дор мөн хэрэгтэйн дээр эдний аль нэгнийг хэрэглэн явж чадах нь басхүү биеийн эрдэм чадал болно.
Нэгэн анги усан дор усчлах. Энэ нь эрхэм хэрэгтэй агаад усан дор янз янзаар сэлэх ба өндрөөс дэвхрэх, усан доогуур явах, мөн гүн долгион дор явах. Эдгээр нь нэн тэргүүнээ нэгэн зүйлийн бэрхийг гатлах усны аюулаас биеийг ба бусдыг хамгаалах зэргийн эрдэм чадал болохын дээр тамир хүчийг сайжруулна. Зуны цаг усны шимээр биеэ засах нь ихэд идээшилтэй зүйл буй ба басхүү онгоц сэлэх бас нэгэн адил усчлах лугаа холбогдоно. Усны спортыг гадаадын олон улс эрхэм болгон үзэх бөгөөд зуны цаг дор их их мөрөн ба нуур далайн хөвөөн дор өдий төдийгөөр цугларан усан дор орцгоож зугаацан, биеийг засах ба зарим сайн боловсорсон нь дөч тавин километр урт далайн хоолойг гагц биеэр гаталсан нь байдаг буй. Үүнд гагцхүү манай монгол дор мөрөн гол ховор учраас усны зүйл дор төхөм үгүй болоод усчлахын зүйлийг мэдэх үгүй боловч зарим гол мөрөн бүхий газар мөн уралдсан ба улмаар хэрэг болгож, зориуд усан усчлах газрыг байгуулах зэргээр хөгжүүлбээс их л сайн амой.
Нэгэн анги мөс цасан дор гулгах нь буй. Энэ нь гутлаар бага гулгуур төмрийг хийж, мөсөн дээгүүр ийш тийш алгуур түргэн янз бүрээр гулгаад явах бөгөөд мөн янз бүрээр бүжиглэх ба цасан дор бага чаргаар өндрөөс уруу гулгах ба ялангуяа гутал дор урт нарийн хавтгай мод хийж, хоёр таягаар тулан цасан дээгүүр гулгана.
Эднийг өвлийн спорт хэмээх бөгөөд тийнхүү өвлийн хүйтэн жавар агаар дор цас мөсөн дээгүүр явах нь эрүүлийг хамгаалах дор хэрэгтэй ба басхүү харилцан нэвтрүүлэх дор гайхамшигтай хэрэг болох зүйл буй.
Нэгэн анги уул ба ой дор явах өндөр бэрхийг авирах ба буух зэрэг зүйлүүд байх агаад ийнхүү уул дор явах нь чухамхүү ургамал бодисуудыг үзэж сонирхон, түүний сайн уур амьсгал дор биеийг сэргээх зэргийн тустай зэрэг газар бүхүйн дээр бэрх эгцийг авирах ба харайх нь нэгэн зүйлийн биеийн эрдэм чадал болно. Энэ мэтийн уулын спорт лугаа адилтгах зүйл манай Монгол дор нэлээд байдаг нь бидний хөдөө талын нүүдэлчин хүмүүс дор таатай зүйл мөн болой.
Энэ мэтийн олон зүйлийн спорт байхыг хуруу даран тоолбоос бас олон байх агаад гагцхүү гол төлөв нь энэ мэт амой.
Энэхүү спортын зүйл болбоос эдүгээ цаг дор Европ, Америкийн ба бас бус Япон зэргийн их бага улсууд дор ихэд дэлгэрч нийтээр их л сонирхон улмаар дэлгэрүүлсээр бүхий бөгөөд газар газрын сонин сэтгүүл дор тухайлан зүйл анги болгон гаргасаар буюу. Үүний тухай заавар дэвтэр өдий төдийгөөр хэвлэгдсээр ба мөн спортын элдэв ялдам хэрэглэл ба хувцас зүйлийг үйлдэж гаргасаар боловч хараахан бидний улс дор тэр бүр нэвтрэн очиж дэлгэрээгүй ба мөн бид нар өөрийн улс дор байдаг спортын зүйлийг төдий л хэрэг болгон мэдэж боловсруулан дэлгэрүүлсэн үгүй ажгуу.
Хянаваас бидний монголын байдал аваас төрөлхийн эрэлхэг гавшгай, нар салхин дор маш идээшилтэй, ийш тийш сэлгүүцэн явах дор бахтай болох нь спортын зүйл дор магад авьяастай хэмээхээс гадна хүн амралт үгүй ажил хэргээр оролдвоос эрх бие ядран хоцрох ба ухаан будангуйрна. Амрахаар гэрийн дотор суувч басхүү сайн байх үгүй агаад харин тэнхээ алдран галирах ба санаа уйтгарлана. Энэ нь чухам нар салхины уур шимийг сайнаар эдэлсэн үгүй буюу биеийн хөдлөх, цусны гүйх, амьсгалын амьсах зэргийг тохируулсан үгүй зэргээс үүдэн, яданги дорой ба залхуу хойрго болох зэргийн зүйл байдаг амой. Энэ мэтийн учрыг манай монголчууд их төлөв чухал болгон хайхрах үгүй байдаг. Үүнд энгийн дурыг дагуулан зугаацахын зэргээр арчлах арга нь энэхүү спорт болох бөгөөд элдэв ажил үгүй энгийн сул цагийг дэмий өнгөрүүлэхийн орон дор ба ялангуяа долоо хоногийн сайн өдөр буюу албан хаагчид зуны амралгын чөлөөн дор аль нэгэн зохистой спортыг хийж байваас уйтгарыг сэргээхийн хамтад биеэ засаж сэтгэл санааг хөгжөөх ба эрүүл тэнхлүүн байх нь магад.
Иймийн тул бидний монголчууд энэхүү спортын зүйлүүдээс аль тохирохыг нь авч, тус улсдаа дэлгэрүүлбээс тустай зүйл олон байх. Үүнд чухам эн тэргүүнээ олон залуучууд сонирхон үзэж эрхэмлэн дэлгэрүүлэхийг хүснэ.

(1928)


ГАДААДЫН ПИОНЕРУУДАД ЯВУУЛСАН ЗАХИДАЛ

8
Үүний урьд Туркмен улсын Ашхабад хэмээх хотын пионеруудаас ирсэн захидлын хариу ба жич Холбоот Тагна Тува, Буриад Монголын пионеруудад тус тус өөрийн байдлыг бичиж, захиа явуулсан. Үүнд, уг захианы утгыг товчилбоос, үүний урьдах арван дөрөвдүгээр сэтгүүлд дурдсан тус пионерын зохион байгуулалт ба өсөлт хөгжилтийг тодорхойлсны дээр тус тус хэрэг хэлэлцэх ба гэгээрлийн хурлыг хуралдаж, өөрсдийн дотоод байдлыг сайжруулах, гишүүн элсүүлэх зэрэг хэргийг хэлэлцэх буюу хувьсгалын утга бүхүй ном дэвтэр тайлбарлан ярилцаж танилцах, мөн ч ханын сонин гаргах, хааяа улаан булан байгуулах зэргийн ажлыг оролдон буйг мэдэгдэн дурдаж явуулсан нь болой.
1929


ОЛОН БҮЛГИЙН УДИРДАГЧ НАРТ САНУУЛАХ НЬ

9
Нөхөд өө! Манай төв товчооноос сар тутам “Залгамжлагч” хэмээх сэтгүүлийг гаргадаг бүлгээ. Гэтэл ойроос үзвээс, уг сэтгүүл шууд тасалдаж, чанар нь муудахуй дор хүрч бүхүй тул иймд, олон бүлгийн удирдагч нар ба пионеруудаас тус тусын бүлгүүдийн байдлыг бичиж ирүүлэн, улмаар нийтлүүлэн хэвлүүлж, тус сэтгүүлийн чанарыг сайжруулан явуулахуй дор дөхөм болгох болов уу хэмээхийг сануулахаас гадна, ер нь элдэвт огт толгойлж мэдэх үгүй боловсролын талын зүйл буй аваас нэр ба аль аймаг хошууны хэддүгээр бүлгийн гишүүн ба удирдагч болохыг тодорхойлон, асуултыг зүйлчлэн гаргаж, тус төв товчооноо захидлаар ирүүлж байваас болно. Тухай дор манай газраас сэтгүүлээр хариулах болно.
(1929)


ЛИБКНЕХТ НАР БА МОНГОЛЫН ПИОНЕР

10
Эзэрхэг түрэмгий хөрөнгөтөн нараас энэхүү хувьсгалч нөхөр Карл Либкнехт нарыг алсан дор бүх дэлхийн пролетари ба Монголын малчин ядуу ардууд хоёр зүйлээр тэмдэглэх болно. Нэгд, дарлагдсан ардын эрх чөлөөний тул цус цувруулан махыг шалбартал зүтгэж хайран амийг алдсан дор туйлаар гашуудна. Хоёрт, энэхүү хувьсгалч нөхдийн амийг хорлосон эзэрхэг түрэмгий нарыг хувьсгалын улаан галаар нэгэн цаг мөчийн дотор түймэрдэн сөнөөсүгэй хэмээн занаж тэмдэглэнэ. Галзуу балмад хөрөнгөтөн дор манай манлай удирдагч нөхөд хувьсгалч цогцоо хорлогдсон боловч, түүний суртал мөнх ба нөгөөтээгүүр энэ мэт хувьсгалч нарын амийг хорлодог эзэрхэг түрэмгий нар мөнх бус, өмхрөн унаж буйг хувьсгалч ард түмэн ба бидний пионер мэдвээс зохих амой. Иймийн тул манай пионер мөн, нэгд, энэхүү хувьсгалч нарын суртлыг үүрд мөрдөх ба, хоёрт, эзэрхэг түрэмгий нарыг жигшин үзэж, түүний хорт явуулга бүхний гадуур явахын хамт эд нарыг эсэргүүцэн устгаж, дэлхий дээр зорьж бүхүй эв хамтын байдлыг зохиохуй дор хэзээд бэлхэн хэмээхийг илэрхийлж, гавьяат нөхдийн гашуудлыг тэмдэглэсүгэй.

1930


МАРТЫН НАЙМАН БА МАНАЙ ПИОНЕР

11
Нөхөд өө! Энэхүү өдрийн түүх зэргийг дээр тодорхой бичсэн тул давхарлан нурших явдал үгүй, зөвхөн эл түүхт баярыг тохиолдуулан, пионер эмэгтэйчүүд хоёрын тухай тус пионероос онцлон тэмдэглэх нь
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Нийтлэл Өгүүлэл - 2
  • Büleklär
  • Нийтлэл Өгүүлэл - 1
    Süzlärneñ gomumi sanı 4155
    Unikal süzlärneñ gomumi sanı 1599
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Нийтлэл Өгүүлэл - 2
    Süzlärneñ gomumi sanı 4207
    Unikal süzlärneñ gomumi sanı 1700
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Нийтлэл Өгүүлэл - 3
    Süzlärneñ gomumi sanı 1959
    Unikal süzlärneñ gomumi sanı 902
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.