Latin

Нар Наашаа Сүүдэр Цаашаа

Süzlärneñ gomumi sanı 3560
Unikal süzlärneñ gomumi sanı 1615
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
М. Цэдэндорж

НАР НААШАА, СҮҮДЭР ЦААШАА

“АРДЫН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ХЭВЛЭЛ” УЛААНБААТАР хотноо 1971 онд эрхлэн хэвлүүлсэн "ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖИС" номоос

“Цагаан бамбарууш” хэвлэлийн газар 2015 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.


Мишигийн Цэдэндорж


Орчуулагч, яруу найрагч М. Цэрэндорж 1932 онд Говь-Алтай аймгийн Наран сумын нутагт төржээ. М. Цэдэндорж хүүхдэд зориулсан олон тооны зохиолыг эх хэлнээ орчуулж хэвлүүлснээс гадна, аман зохиол, үлгэр, домог цуглуулан, хүүхдэд зориулан хэд хэдэн зохиол бичив.
1959 онд «Алаг тууж», 1964 онд «Хамгийн ядуу, хамгийн баян», 1965 онд «Эрхэм эрдэнэ» зэрэг ном зохиолоо хэвлүүлжээ. М. Цэдэндорж 1957 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүнд элсжээ.


НАР НААШАА, СҮҮДЭР ЦААШАА


Нар аа, нар аа, наашаа
Сүүдэр, сүүдэр цаашаа
Найз аа, найз аа, нааш ир
Нартай гурвуулаа тоглоё
Нар аа, нар аа, наашаа
Сүүдэр, сүүдэр цаашаа
Навчаа, цэцгээ тариад
Усалж ургуулаад тоглоё
Нар аа, нар аа, наашаа
Сүүдэр, сүүдэр цаашаа
Дуугаа бүжгээ эхлээд
Гараа барилцаад тоглоё
Хар даа, хар даа, хар даа
Сүүдэр, сүүдэр нүүлээ
Гялай, гялай, гялай
Эндээ цөмөөрөө тоглоё.
1964-6-6


ЭРХЭМ ЭРДЭНЭ


Орчлонгийн эрдэнэсээс
Онцгой нь юу вэ
Хорвоогийн эрдэнэсээс
Ховор нь юу вэ
Дэлхийн эрдэнэсээс
Дээд нь юу вэ
Нэг нэгнээсээ
Асууж гэнэ.
Нэмж чимж
Ярьж гэнэ.
Хоёр хүн
Маргаж гэнэ.
Хорин хүн
Мэтгэж гэнэ.
Хотол даяар
Хэлэлцэж гэнэ.
Энд тэндгүй
Сонсгож гэнэ.
Тэмцээн уралдаан
Зарлаж гэнэ.
Онцгой эрдэнэ
Олсон хүнийг
Орчлонгийн аварга
Болгох гэнэ.
Ховор эрдэнэ
Олсон хүнийг
Хорвоогийн аварга
Болгох гэнэ.
Дээд эрдэнэ
Таньсан хүнийг
Дэлхийн аварга
Болгох гэнэ.
Холын орноос
Холын хүн
Ойрын орноос
Ойрын хүн
Хөлтэй нэг нь
Хөлхөж ирж.
Хөлгүй нэг нь
Мөлхөж ирж
Хөсөгтэй нэг нь
Хөсөглөж ирж
Хөсөггүй нэг нь
Явгалж ирж
Усны амьтад
Уснаас ирж
Уулын амьтад
Уулнаас ирж
Уралдаан тэмцээнд
Орох болж,
Орчлонд олдошгүй
Онцгой эрдэнийг
Хорвоод олдошгүй
Ховор эрдэнийг
Дэлхийд олдошгүй
Дээд эрдэнийг
Гартаа барих нь
Гартаа барьж
Ганзагандаа уях нь
Ганзагандаа уяж
Тэрэг тэргээр
Тээгээд иржээ.
Тэмээ тэмээгээр
Тэгнээд иржээ.
Тэвэр тэврээр
Өргөөд иржээ.
Алт мөнгө
Агар зандан
Морин толгойт
Молор эрдэнэ.
Гадаад далайн
Гайхамшигт сувд
Ган оюу
Газрын баялаг
Авчраагүй юм
Алга гэнэ.
Аль нь илүүг
Асуулцаж гэнэ.
Алттай хүн
Алтаа магтаж
Агартай хүн
Агараа магтаж
Сувдтай хүн
Сувдаа магтаж
Суу чадлаа
Сорилцож гэнэ.
Олны дотор
Нэг өвгөн
Ор хоосон
Ирж гэнэ.
Ор хоосон
Тэр өвгөн
Олны өмнүүр
Явж гэнэ.
Олны өмнүүр
Явахдаа
Онцгой эрдэнийг
Олсноо ярьж
Олон улсыг
Гайхуулж гэнэ.
—Байгаа алт чинь
Бараатай овоотой ч
Баялаг их
Эрдэнэ гэвч
Барагдах дуусах
Ёроолтой гэж гэнэ.
Олсон их сувд чинь
Овоотой бараатай ч
Онцын их
Эрдэнэ гэвч
Олтрох дуусах
Хэмжээтэй гэж гэнэ.
Энэ эрдэнэс
Тансаг гэвч
Эдлэх хэрэглэхэд
Таатай гэвч
Энгүй их
Эрдэнийн дээд
Эрдэм ном
Эрхэм гэж гэнэ.
Яагаад илүүг
Ярьж өгье.
Сурсан эрдмээр
Сувдыг ч олно.
Саруул эрдмээр
Санаснаа бүтээнэ
Ухаан эрдмээр
italki
Улсаа хөгжөөнө.
Оюун эрдмээр
Орчлонг танииа.
Ах өвгөн
Ингэж хэлж
Амьтан хүн
Инээж угтаж
Орчлонгийн эрдэнэсээс
Онцгой нь
Эрдэм ном гэж
Хорвоогийн эрдэнэсээс
Ховор нь
Эрдэм ном гэж
Дэлхийн эрдэнэсээс
Дээд нь
Эрдэм ном гэж
Нэгэн зэрэг
Нэрлэн тогтож
Хүн бүгд
Хүлээн зөвшөөрч
Онцгой эрдэнийг
Олсон эрдэмтэн
Орчлонгийн аварга
Болж гэнэ.
Ховор эрдэнийг
Хэлсэн эрдэмтэн
Хорвоогийн аварга
Болж гэнэ.
Дээд эрдэнийг
Таньсан эрдэмтэн
Дэлхийн аварга болж гэнэ.


“АРДЫН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ХЭВЛЭЛ” УЛААНБААТАР хотноо 1971 онд эрхлэн хэвлүүлсэн "ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖИС" номын хэвлэн нийтлэлийн мэдээлэл:


ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖИС

БНМАУ
АРДЫН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ХЭВЛЭЛ
УЛААНБААТАР
1971

Эрхлэн эмхэтгэсэн Ч. Лувсандэндэв, Г. Сэсмээ
Ерөнхий редактор Д. Даржаа
Редакцын коллеги: Л. Түдэв, Д. Даржаа, Г. Сэсмээ, Ч. Лувсандэндэв, Ж. Шагдар

Зураач З. Нямжав
Зургийн редактор Ц. Энэбиш
Техник редактор Б. Алтансаргай
Хянагч Г. Сэсмээ, Т. Дулмаа

А-44694.
За. № 70
Хэв. газ. № 97/71
Өрөлтөд 1971 оны 3-р сард
Хэвлэлтэд 1971 оны 6-р сард
Цаасны хэмжээ 70X90/16.
Хэвлэлийн хуудас 30,0
Хэв. нэгж хуудас 35,39
Хэвлэсэн тоо 15,000

БНМАУ
Ардын Боловсролын Яамны хэвлэл
Улаанбаатар. Октябрийн 13.


МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛЫН 50 ЖИЛИЙН ОЙД ӨРГӨН БАРИВ


“АРДЫН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ХЭВЛЭЛ” УЛААНБААТАР хотноо 1971 онд эрхлэн хэвлүүлсэн "ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖИС" номын Өмнөх үг:


БЯЦХАН УНШИГЧИЙН ИХ УТГА ЗОХИОЛ


Манай хүүхдүүдийн үргэлжийн сайн нөхөр нь ном билээ. Цэцэрлэгийн босгоор алхмагц ном хүүхэд хоёрын агуу их нөхөрлөл тогтдог. Энэ нөхөрлөл шиг мөнх зүйлийг одоогийн манай хүүхдүүд мэдэхгүй. Энэ нөхөрлөлийн ачаар манай хүүхдүүд эрдэмтэй боловсон иргэн болж, эх орондоо аль болох их тусыг хүргэдэг юм. Ном бол манай хүүхдүүдэд ямар нэг гоёлын зүйл биш, харин ус агаар шиг хэрэгцээтэй мэргэн зөвлөгч, дотно нөхөр, ухаант багш нь билээ. «Номд дурлагтун. Ном нь та нарын амьдралыг тэтгэж, санаа бодлын алаг эрээн гогцоог тайлахад тусалж, хүнийг болоод өөрийгөө хүндэлж сургах бөгөөд орчлон хорвоо, хүнийг хайрлах сэтгэлээр зүрх оюунд чинь жигүүр ургуулж өгнө» гэж их Горькийн сургасныг манай хүүхдүүд сэтгэлчлэн мөрддөг юм.


1

Монголын ард түмэн бол аливаа ард түмний адил агуу их хүүхдийн зохиолч билээ. Манай хүүхдүүдийн хамгийн дуртай уншдаг зохиолуудыг ард түмэн зохиожээ. Ард түмэн гэгч хүчтэн бий болсон цагаасаа эхлээд хүүхдээ, хойч үеэ хүмүүжүүлэх тухай санаа тавьж мод, чулуугаар чамин гоё тоглоом хийж, уран үгээр үлгэр, дуу зохиож үе улиран улам сайжруулсаар иржээ. Өлгийн дуу, аман үлгэр, баатарлаг туульс, оньсого, зүйр цэцэн үг энэ бүхний зохиосон эзэн нь ард түмэн билээ.
Ард түмнээс хүүхдэдээ, хойч үедээ бэлэг болгон барьсан хамгийн нандин, хамгийн үнэт зүйлийн нэгэн нь ардын аман зохиол юм. Үнэт нандин энэ бэлэг зөвхөн эгэл гоёл чимэглэлийн зүйлс биш. Энэ бол сэтгэл санааны гоёл чимэг, хөдөлмөр тэмцлийн зэвсэг билээ. Энэхүү зэвсэг маш нарийн хийцтэй ажээ. Жишээ нь ардын дуунууд гэхэд өдий төдий өнгө, хэлбэр, төрөл зүйл буй нь: Өлгийн дуу, тайтгаруулах дуу, баясгах дуу, домнох дуу, тойрон наадах дуу, тоглоомын дуу, хөдөлмөрийн дуу, харууслын дуу, тохуу тоглоомын дуу гэх мэт байна. Дээрх төрөл зүйлийн үг, аялгуу, дуулах маяг цөмөөр өвөрмөц сонин ажээ.
Монгол мал аж ахуйн орон учраас, монгол хүний малд хайртай сэтгэл хосгүй учраас амьтдын тухай ардын аман зохиолын дэлхий дахины алтан санд монголын ард түмнээс адгуусан амьтдын тухай зохиосон зүйл онцгой сонин хувь нэмэр болж байгаа юм. Морины тухай монгол хүн шиг яруу сайхан зохиол бүтээсэн нь ховор. Монгол аман зохиолын онцгой баатар нь хүн морь хоёр байдаг.
Нусгай бор хүү, хамуутай бор даага хоёр хэдийгээр харахад дорой боловч агуу их зүрх сэтгэлтэй учраас хамгийг ялагч болон үлгэр домогт гардаг юм. Монгол аман зохиолын жигшүүртэй баатар нь олон толгойтой (15, 25, 75, 95) атгаалжин хар мангас юм. Түүнчлэн орой дээрээ ганц улаан нүдтэй махчин бас орно. Монгол аман зохиолын дүр хэллэг нь өөр хаа ч давтагддаггүй үзэгдэл билээ. Харин үйл явдал, үзэл санаа нь нийт хүн төрөлхтний чанартай зүйл байдаг. Үүгээрээ манай ардын аман зохиол нэг үндэсний хэлбэртэй, нийт үндэстний агуулгатай юм.
Ард түмний гүн ухааны эрдэнэ болсон зүйр цэцэн үгийн далайг бараг л оломгүй гэж хэлж болно. Энэ далайгаас манай хүүхдүүд хэлд ормогц л хүртэж эхэлдэг. Ер ардын аман зохиол хүүхдийг эхээс төрөхөд нь өлгийн дуугаар эхлэн тосож аваад насан туршид нь ханилан явдаг эрхэм сайн нөхөр нь юм.
Ардын аман зохиол нь хүүхдийг амьдралд бэлтгэж, ном зохиол унших үүдийг нь нээж өгдөг оюун ухааны суут эх билээ. Ухаант мэргэн тэр эх өлгийн дуу аялж, үлгэр ярьж, зүйр үг хэлж, оньсого таалгаж, хүүхдийн нялх оюуныг хөгжүүлэн баяжуулж өгдөг юм. Тэр эхэд бас хүүхдийг хэлд оруулах ид шидтэй зохиол ч байдаг. «Элээ, хэрээ, галуу гурав» гэсэн үгийг хурдан хурдан хэлэхэд тэр болгон хүүхдийн хэл ээдрэхгүй байж чаддаггүй шиг «гучин хоёр цагаан лонх» тоолоход наад зах нь хүүхдийн амьсгаа хүрдэггүй юм. Гэвч тэр эхийн ачаар тэдний хэл нь зүгширч, амьсгаа нь задардаг юм.
Бичгийн зохиол гарах хүртэл ардын аман зохиол дангаараа хүүхдэд үйлчилж түүний оюуны орчлонг хэлбэршүүлж байлаа. Бичгийн зохиол үүсэн хөгжиж эхлэхэд ардын аман зохиолын үүрэг бага зэрэг хөнгөрсөн боловч бүрэн чөлөөлөгдсөнгүй билээ. Мянгаад жилийн тэртээгээс аман зохиол, бичгийн зохиол хоёр хослон хөгжиж өнөө үетэй золгохдоо хүүхдийг хүмүүжүүлэх ариун үүргээ хамтран биелүүлж иржээ.


2

«Аливаа уран зохиол аман зохиолоос эх авдаг» гэж Максим Горькийн хэлсэн мэргэн үг бий. Монголын уран зохиол, түүний дотор хүүхдийн зохиол нь ардын аман зохиолын ширгэшгүй баян, яндашгүй арвин далайгаас эх авчээ.
Одоогийн манай хүүхдүүд хоёр янзын гайхамшигт эрдэнийн хууль ёсны эзэд юм. Аман болоод бичгийн уран зохиол, түүн дээр дэлхийн бусад ард үндэстний сонгодог бүтээлийг нэмбэл манай хүүхдүүдийн эрдмийн өмч хөлгүй их далайтай ч зүйрлэшгүй арвин байгаа юм. Хэрвээ хувьсгалын өмнө манай хүүхдүүдэд бусад улс гүрний сонгомол сайхан зохиолууд байтугай өөрийн орны бичгийн хүмүүсийн бүтээл тэр болгон хүртдэггүй байсан бол өнөө үед гачигдал бүрмөсөн арилжээ. Одоогийн манай нөхцөлд дэлхийн ямар ч орны хүүхдийн шилдэг зохиол холын зай, хэлний бэрхшээлийг харгалзахгүйгээр нэвтрэн ирэх боломжтой болжээ.
Хувьсгалын өмнөх манай хүүхдийн утга зохиолын гол хөдөлгөх хүчин нь ардын аман зохиол байсныг өмнө дурдсан. Гэвч бид бичгийн зохиолыг үгүйсгэж болохгүй юм. Одоогоор бидний мэдэж байгаа монгол уран зохиолын хамгийн хуучин дурсгал болох «Нууц товчоо» 13 дугаар зууны дундуур зохиогджээ. Энэ зохиол хэдийгээр хүүхдийн утга зохиолд бүхэлдээ хамрахгүй боловч хүүхдэд огт хүртээлгүй зүйл гэж үзэх ёсгүй.
«Нууц товчоо» нь нэгэн төрөл зүйл зохиол биш харин олон янзын зохиол, тэр ч байтугай яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолын цоморлог билээ. Судалгааны дүнгээс үзвэл, «Нууц товчоог» бүрэлдүүлж байгаа олон хэлбэрийн тэр зохиолууд нь гэнэт нэгэн өдөр бий болсон биш ажээ. Эрхбиш уг цоморлогийг хүртэл бичигдсэн олон арван зохиол, түүний туршлагын үр дүнд уг «товчоо» гарсан нь маргаангүй. «Нууц товчооны» дотор хүүхдийн хүмүүжилд тус болох зүйл нэн их байдаг нь түүний хүүхдэд холбогдох шалтгааныг улам тодруулж байна. Одоогоор бид хүүхдийн зохиолыг 13 дугаар зуунд үүссэн гэдэггүй боловч тэр цагт хүүхдэд унших юм байгаагүй гэж хэлэх эрхээ «Нууц товчоонд» алдаж байна. Арван дөрвөөс арван есдүгээр зууны хооронд монголын утга зохиол удаан боловч зогсолтгүй урагшаа явсаар иржээ. Энэ завсар намтар, тууж, товч, дэвтэр, эрих зэрэг том хэлбэрийн зохиолын сонин төрөл зүйл буй болов. Үүний хамтаар дуу, ерөөл, магтаал, үлгэр, туулиуд аман болоод бичгийн хэлбэрээр зэрэгцэн хөгжсөөр байв. Эдгээр олон төрлийн зохиол дотор хүүхдийн зохиол олон байлаа. «Саран хөхөөний тууж», «Молон тойны намтар», «Бигармижид хааны тууж» зэрэг гол төлөв Энэтхэг, төвөдийн бурхан шажны нөлөө бүхий зохиолууд нь хүүхдийг хүмүүжүүлэхэд ашиглагдаж байлаа.
Ер нь тэр үеийн хүүхдийн зохиолын уран сайхны онцлог нь голдуу сургаал номлолын чиглэлтэй уран зохиолын шинжийг хадгалж байсан юм. Тэр нь ч цаг үеэ олсон, амьдралтай өнгө аяс нь зохицсон зүйл байлаа. Харин 19 дүгээр зууны эцэс, хорьдугаар зууны эхээр монголчуудын нийгмийн ухамсарт их өөрчлөлт гарч, тэр нь уран зохиолоор илрэн үзэгдэх болжээ. Энэ үед «Үг», «Гомдол» зэрэг шинэ төрөл зүйл их дэлгэрч «Хавханд орсон зээрийн үг», «Хоточ нохойн гомдол», «Ижлээсээ салсан ингэний гомдол» гэх мэт сонин зохиолууд гарчээ. Эдгээр нь амьдралын шударга бус байдлыг шүүмжлэх хандлагатай байлаа. Гэхдээ илэрхий хурцаар шүүмжлэн хэлдэг шүүмжлэлт реализмын дөнгөж босгон дээр ирээд байсан тул зөвхөн «үглэх», «гомдоллох» маягаар санаагаа илэрхийлж байсан юм. Арван дөрөвдүгээр зуунаас хойш манай хүүхдийн утга зохиолд орчуулгын уран зохиол зонхилох байртай болж иржээ. Хэдийгээр хүүхдэд зориулсан, эсвэл зориулагдаагүй боловч хүүхдийн сэтгэхүйд нийцэх зохиолууд гарсаар байсан ч хүүхдэд хүргэх нь бага байлаа. Учир нь бичиг мэддэг хүн цөөн, ядуу хүний хүүхэд олон, тэдэнд ном заах, унших хүн ховор байсны уршиг билээ. Нөгөөтээгүүр эгэл ард түмнийг харанхуй бүдүүлгээр барьж байх гэсэн харгис нийгмийн гав гинжинд хүлэгдэж хүүхдийн уран зохиол олигтой хөгжихгүйгээр барахгүй бий болсон цөөн бүтээл нь хүүхдэд олддоггүй байлаа. Иймд бичгийн зохиолын нөлөө нь аман зохиолынход эхний байраа тавьж өгөөд хоёр дахь суудалд шилжсэн байна.


3

1921 онд манай эх орон, ард түмний хувь заяаг шинэ нийгэм, шударга ёстой холбож өгсөн ардын хувьсгал ялан мандав. Ардын хувьсгалаар урган цэцэглэсэн үй түмэн гайхамшигт цэцгийн нэгэн нь хүүхдийн утга зохиол мөн. Шинэ үеийн монголын хүүхдийн утга зохиол нь чанар агуулга өнгө цогцоороо урьдахаас огт өөр юм. Манай шинэ үеийн хүүхдийн утга зохиол хувьсгалаар төрж, хувьсгалтай хамт хөгжсөөр ирлээ. Шинэ нийгэм маань хүүхдийн төлөө урьд хэзээ ч үзэгдээгүй их анхаарал халамж тавьдаг онцлогтой билээ. Иймээс ардын хувьсгалын жилд манай ард түмэн хойчийг залгамжлагч үр хүүхдүүддээ хамаг сайн сайхнаа зориулсаар ирлээ. Ардын хувьсгал манай хүүхдүүдийг эрдэмтэй номтой, эрүүл чийрэг, зан байдал сайтай, авьяас билэгтэй болголоо. Энэ бүхэнд манай хүүхдийн шинэ утга зохиолын ач гавьяа зүй ёсоор орсон юм.
Монголын шинэ үеийн хүүхдийн уран зохиолыг Дашдоржийн Нацагдорж үүсгэж билээ. Монголд анх удаа пионерын байгууллага бий болоход Д. Нацагдорж «Пионерийн дуу» зохиов. Энэ бол 1924 он байлаа.

«Бүхий олон багачууд аа
Бүрхсэн улаан цэцэрлэгтээ
Бүрийн шинээр үүсгэсэн
Бүжиг наадмаар наадацгаая
Бэлхэн ээ»

гэж энэ дуу эхэлдэг юм. Цоо шинээр үүсгэсэн бүжиг наадмаа хувьсгалын улаан цэцэрлэгтээ монголын түмэн үрс наадаж эхэлснээс эдүгээг хүртэл манай өсвөрийн багачуудын сүлд дуу болсоор ирсэн энэ зохиолд

Ариун улаан цусандаа
Ардын хувьсгалыг шингээж
Ариун уураг тархиндаа
Ашдын боловсролыг хөгжүүлье
Бэлхэн ээ

гэсэн гайхамшигтай уриа байдаг юм. Хувьсгалтай үе чацуутан хэн боловч энэ дууг дуулсаар их амьдралын босгоор алхаж орсон нь лавтай. Иймээс энэ дуу манай хүмүүсийн хэнтэй нь ч үе нас чацуу юм.

Биелсэн эрдэмд боловсорч
Баатар хувьсгалыг залгамжилъя
Бэлхэн ээ.

гэж өнөөдөр ч гэсэн Д. Нацагдорж өсвөрийн үеийнхнийг уриалж, тэд нь ч энэ урианд зоригжин хувьсгалын анхдугаар зуун жилийн хоёр дугаар хагастай сэтгэл зориг төгөлдөр золгож байна.
Д. Нацагдорж «Миний нутаг», «Пионерын дуу», «Хэнз хурга», «Алс газар сурахаар явагч», «Миний эжий», «Эрүүл пионер», «Октябр», «Од» зэрэг яруу найраг, «Хуучин хүү», «Соёлыг гайхав», «Шувуун саарал» зэрэг үргэлжилсэн үгийн зохиолуудаараа манай шинэ үеийн хүүхдийн уран зохиолын тулганы чулууг тавьжээ.
Д. Нацагдоржийн адил хүүхэд багачуудад авьяас билгээ зориулсан манай ахмад зохиолчид олон бий бөгөөд тэдний тэргүүн эгнээнд Ц. Дамдинсүрэн, С. Буяннэмэх, Д. Цэвэгмэд, Д. Сэнгээ, Ч. Лодойдамба, Ч. Ойдов, П. Хорлоо, Ц. Уламбаяр, Ч. Лхамсүрэн, Л. Бадарч, Б. Бааст, Т. Тарва, Б. Ринчен, Д. Даржаа нарыг дурдах ёстой.
Ц. Дамдинсүрэнгийн «Буурал ээж минь», «Пионерын зуслан», «Хоёр настай Ро», «Гологдсон хүүхэн», «Хоёулаа миний хүү», «Хоёр цагаан юм» зэрэг зохиолууд. С. Буяннэмэхийн шүлгүүд, ялангуяа «Бор бор болжмор» гэдэг нэрээр саяхан тусгай хэвлэгдсэн өгүүллэгүүд гуч дөчөөд оны үеийн манай хүүхдийн утга зохиолын томхон ололтууд байлаа.
Гучаад оны манай хүүхдийн утга зохиолд онцгой гавьяа байгуулсан зохиолч бол Дондогийн Цэвэгмэд билээ. Түүний бичсэн «Хоньчин Найдан», «Болд Самбуу хоёр», «Сурагч Ганбат» зэрэг туужууд гучаад оны хүүхдийн уран зохиолын сор болж үлдэв. Эдгээр зохиолын ач нөлөөний тухай ярихад Д. Цэвэгмэдийг Д. Нацагдоржийн хэмжээнд аваачиж үзэхээс өөр аргагүй юм. Эдгээр зохиол хэл найруулга, дүрслэн үзүүлэх арга барил, үзэл санаагаараа онцгой шинэ үзэгдэл байв. Шашны балар суртлаас зайлж, гэгээрэл боловсролын замд орохыг уриалж, соёл боловсролын агуу гайхамшгийг романтик маягаар нээн үзүүлсэн энэ зохиолууд Д. Нацагдоржийн

Алсын их улирлыг
Авцгаах багачууд мөн өө

гэж бичсэнийг хэрэгжүүлэгчийн түрүүчийн дүр зураг болжээ.
Дөч тавиад оны үед хүүхдийн утга зохиолд их бүтээл хийсэн зохиолч гэвэл П. Хорлоо, Ц. Уламбаяр, Б. Бааст, Ч. Лхамсүрэн, Ч. Лодойдамба, М. Чимэд, Д. Даржаа, Л. Бадарч, Ч. Ойдов, Ө. Баасанжав, Д. Мягмар нар юм. М. Чимэдийн «Цагаан тэмээт өлзий», Д. Даржаагийн «Алмасан хууртай хүүхэн», Ч. Лхамсүрэнгийн «Хүрэн морь» зэрэг туульсын зохиол, П. Хорлоогийн «Хар унага», Ц. Уламбаярын өгүүллэгүүд, Л. Бадарчийн «Хүжийн гал», Б. Баастын амьтны тухай өгүүллэгүүд, М. Гаадамбын өгүүллэгүүд нь манай хүүхдийн дуртай ном болж, эдүгээ зарим нь олдохгүй ховорджээ. Эдний нэлээд нь сурах бичигт орсон юм.
Тавиад оны эхээр хүүхдийн утга зохиолыг баяжуулагсад нь Ч. Лодойдамба, Ч. Ойдов нар билээ. Ч. Лодойдамба «Алтайд» гэдэг адал явдалт роман бичиж зөвхөн хүүхдийн уран зохиолоор барахгүй нийт утга зохиолд шинэ төрөл зүйл үүсгэв. «Алтайд» роман нь уншигчдад үзүүлсэн нөлөөгөөрөө хүүхдүүдэд их тус болсон нь лавтай. Ер нь уул зохиол бичлэгийн арга хэлбэр, өнгө зүсээрээ хүүхдийн утга зохиолын хууль зүйд илүү ойр болсон юм. Мөн Ч. Лодойдамбын «Манай сургуулийнхан» гэдэг тууж хүүхдийн уран зохиолд шинэ хуудас нээсэн байна.
Хүүхдийн жүжиг бий болгоход «Алиа Тогмид» зэрэг жүжгээрээ Ч. Ойдов их гавьяа байгуулсныг дурдах ёстой. Ч. Ойдовын «Долоодой хүү», «Жаргалыг хүссэн Мөнхөө» зэрэг жүжгүүд ч гэсэн хүүхдийн уран зохиолд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж билээ.
Эх оронч баатарлаг үйлсийг тусгасан «Аюуш» туужаараа Д. Сэнгээ, «Энх тайвны манаа» туужаараа Ц. Уламбаяр нар хүүхдийн утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Тавь жараад оны үед манай хүүхдийн уран зохиол нийт утга зохиолын ерөнхий бүрэлдэхүүнээс бие даан хөгжих чиглэлд оржээ. Өөрөөр хэлбэл манай хүүхдийн уран зохиол төрөлжиж биеэ даах замд гарч, зүс царайгаа улам улмаар төлөвшүүлэн бүрэлдүүлж, дуу хоолойгоо жигдлэх үйл явцад оржээ. Хүүхдийн зохиолоор дагнан ажилладаг зохиолчид ч бий болжээ. Тэдний ууган нь С. Содномдорж билээ. Түүний бичсэн гол төлөв шүлэглэлт зохиолууд болох «Норовын намтар», «Сэрж Серёж хоёр», «Дугаар ангийн Дугар», «Тахир тав, махир хоёр» зэрэг нь хүүхэд багачуудад танил болжээ. Д. Содномдорж, «Аз жаргалын эрэлчин» гэдэг дуурь, «Навсайдамба, түүний нөхөд» гэдэг шүлэглэсэн тууж зэрэг том хэлбэрийн сайн зохиолууд бичжээ. Д. Содномдоржийн араас жагссан хүүхдийн зохиолчид дотроос Ж. Дашдондог, Г. Сэсмээ, Ч. Лувсандэндэв, Р. Ядмаа, О. Цэндсүрэн, Т. Жамьянсүрэн нарыг дурдалтай.
Тавь, жараад оны хүүхдийн утга зохиолд өөр нэг тэмдэглэлт зүйл гэвэл хүүхдийн утга зохиолын онолын асуудлуудыг боловсруулах хандлага гарсан явдал бий. Хэрвээ дөчөөд оны үед хүүхдийн номын тухай шүүмж алдаг оног гарч байсан бол тавь жараад оны үед хүүхдийн уран зохиолын асуудлыг олон талаас нь өргөн тавьсан өгүүлэл, шүүмж, тогтмол гардаг болж 1960 оноос эхлэн хүүхдийн зохиолч, багш нарын хамтарсан онолын бага хурал тогтмол хийж, хүүхдийн утга зохиолын асуудал хэлэлцдэг болжээ. Үүнийг санаачлагч нь Гэгээрлийн яам, түүний хэвлэлийн хэлтэс юм.
Хүүхдийн утга зохиолын онолын асуудлаар П. Хорлоо, Н. Жамбалсүрэн, Б. Бор, Л. Түдэв, Д. Мягмар, Ч. Лувсандэндэв, Д. Содномдорж зэрэг хүмүүсийн нэлээд өгүүлэл нийтлэгджээ. 1970 онд хүүхдийн уран зохиолын ном хэвлэлийн номзүй тойм хоёр дэвтэр (Ч. Лувсандэндэв эмхэлсэн) хэвлэгдэн гарлаа. Хүүхдийн утга зохиолыг их дээд сургуулиудад биеэ даасан хичээл болгон зааж, оюутнууд дипломын ажил хийх болжээ. Энэ бүхэн нь хүүхдийн уран зохиолын хөгжилд мэдэгдэхүйц ахиц гарч байгаагийн жишээ мөн.
Хүүхдийн утга зохиол сүүлийн жилүүдэд төрөл зүйлийн хувьд ихээхэн баяжиж байна. Дөчөөд он, тавиад оны эхээр хоёр гуравхан туужийг хүүхдэд хамруулан нэрлэж байсан бол тавь жараад онд Н. Надмидын «Залуу аялагчид», Д. Намдагийн «Алим», С. Дашдооровын «Сэргэлэн багачууд», Л. Түдэвийн «Мөнхийн ус», Д. Мягмарын «Балын амт», Д. Гармаагийн «Хөгжилтэй туужууд» зэрэг олон тууж хэвлэгджээ.
Хүүхдийн утга зохиолд үнэнчээр үлдсэн ахмад зохиолчдын дотроос М. Чимэд «Шар цамцат», П. Хорлоо «Нарны туяанд» гэдэг туужууд бичив. Мөн Б. Ринчен «Заан залуудай», Ө. Баасанжав «Алтан хараацай» зэрэг роман бичлээ. Эдгээр нь хүүхдийн утга зохиолд том хэлбэр байр сууриа эзэлж, их алхам хийж буйн шинж юм.
Манай хүүхдийн утга зохиол эх орныхоо хилийг алхаж, харь орны олон багачуултай ярилцаж, тэдэнд монгол нутаг, монгол хүүхдийн амьдралыг үнэн мөнөөр нь таниулж байна. Энэ бол манай амжилтын бас нэг баталгаа юм. Зөвхөн ЗХУ-д Д. Сэнгээгийн «Түүдгийн дэргэд», М. Гаадамбын «Тал дахь сургууль», Л. Түдэвийн «Ойн түймэр», Н. Надмидын «Сүхбаатар», хэсэг зохиолчдын «Чи ард түмний төлөө амьдарч байна» гэдэг түүвэр зохиол тусгай ном болж олон мянган хувиар хэвлэгджээ.
Манай хүүхдийн утга зохиол ийнхүү өдрөөс өдөрт хөгжин, цээл сайхан дуу хоолойтой, улам олон уншигчидтай болж байгааг ардын хувьсгалын тавин жилийн ойн босгон дээр тэмдэглэн хэлэхэд бахтай байна.
Манай хүүхдийн утга зохиолыг хөгжүүлэхэд хүүхдийн тогтмол хэвлэл их үүрэг гүйцэтгэснийг нэмэн дурдъя. 1926 онд монголын хүүхдийн анхны тогтмол хэвлэл «Залгамжлагч» сэтгүүл хэвлэгдэх болсноос эхлээд хүүхэд, хэвлэл, зохиолч гурвын нөхөрлөл маш дотно болж, хүүхэд зохиолч хоёр хэвлэлийн хуудсан дээр байнга уулздаг болжээ. 1943 оноос «Пионерын үнэн» сонин хэвлэгдэх болж хүүхдийн уран зохиолын бас нэг дайчин индэр нэмэгдэв. Эдгээр хэвлэлийн хуудас дамжиж манай хүүхдийн нэрт зохиолч олноор төрөв.


4

Уншигч танаа толилуулан буй энэхүү дэвтэр бол ерийн нэг ном биш манай хүүхдийн уран зохиолын хагас зууны он дарааллын бичиг, хагас зууны тайлан юм. Энэ номд хувьсгалаар төрж өссөн манай хүүхдийн шинэ уран зохиолын шилдэг бүтээлийн дээжээс оруулжээ. Энэ номоос манай хүүхдийн уран зохиолын ололт амжилтыг олж харах биз ээ гэж бид найдаж байна. Нөгөөтээгүүр энэ бол манай гарах ёстой уулын эцсийн буюу хамгийн өндөр оргил биш тул одоогийн шаардлагын өндөрлөгөөс харахад учир дутагдалтай зүйлүүд ч байна байх. Манай хүүхдийн утга зохиолын өмнө сүрлэг өндөр даваа байсаар байна. Тэр даваан дээр гарахад дахиад бас нэгтэй учрах нь лавтай. Бид урагшаа явж байгаа учраас үүнд гайхах, үүнээс шантрах явдал үгүй юм. Бид хувьсгалтайгаа хамт, ард түмэнтэйгээ хамт коммунизмын агуу их туяат оргилд хүрэхээр явж байна.
Бид коммунизмын оргил байлдан дагуулах суут их хойч үеэ бэлтгэхэд уран зохиолоороо хичээн зүтгэнэ.
Монголын үрс түм бум болж, суу билэг нь дөрвөн зүг, найман зовхист дэлгэртүгэй.

Л. Түдэв
1970 он


“АРДЫН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ХЭВЛЭЛ” УЛААНБААТАР хотноо 1971 онд эрхлэн хэвлүүлсэн "ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖИС" номын Гарчиг:


Л. Түдэв
Бяцхан уншигчдын их утга зохиол

Яруу найраг

Д. Нацагдорж
Миний нутаг
Пионерын дуу
Хэнз хурга
Алс газар сурахаар явагч
Од
Нараа
Сараа
Б. Ахтаан
Миний эх орон
Уудам сайхан эх орон минь
Оршлын оронд
Хаврын баясгалан
Л. Бадарч
Хоёр далбаа
Алим
Унага
Баавгай
Ө. Баасанжав
Нараа баясаж угтъя
Залгамж үеийн тэмүүлэл
Ц. Гайтав
Өсвөрийн Сүхбаатарчууд
Өсвөрийн Ленинчүүд
Д. Даржаа
Хамгийн хэцүү нь юу вэ?
Алмасан хууртай хүүхэн
С. Дашдооров
Алтан хараацай
Ж. Дашдондог
Аранзал зээрд
Ээж
Аав
Дүүжин даажин
Гар том
Ч. Лхамсүрэн
Маамуу нааш ир
Ленин
Тэнгис
Эх
Ч. Лувсандэндэв
Ногооны зах дээр
Би барилгачин болно
Д. Наваансүрэн
Ленин багш
Манай цэцэрлэг
Хавар
Д. Пүрэвдорж
Бужаагийн ярьсан домог
Ойн чуулга
Д. Содномдорж
Баатарчуудын хүндэтгэлийн дуу
Норовын намтар
Тахир тав махир хоёр
Жигмэд Тогмид хоёр
Зун цаг
Аз жаргалын эрэлчин
Д. Сэнгээ
Эх орон
Тагтаа
Цолмон
Хөхөөний дуу
Г. Сэсмээ
Үнээн хүү минь тэгдэг юм
Цуваа
Солонго
Тэмээ том
Эрдэм сурсан нь
Д. Тарва
Дэгдээхий
П. Хорлоо
Сүхбаатар
Туулай
М. Цэдэндорж
Нар наашаа сүүдэр цаашаа
Эрхэм эрдэнэ
Ц. Цэдэнжав
Би
Хойшдын эзэд
Сайхан сурлагын эзэн
Ном эрдэнийн магтаал
Хонхон дуугаар шамдаарай
Ч. Чимид
Пионерын марш
Москва
Би монгол хүн
Пионерын лагерийн үдэш
Сүхбаатарын туг
Эхийн үг
Л. Чойжилсүрэн
Далай ээж (найраглалаас)
Б. Явуухулан
Пионер
Өлгийн дуу
Барилга


Үргэлжилсэн зохиол

Д. Цэвэгмид
Хос тогоруу
Хун шувуу бодон гахай хоёр
С. Буяннэмэх
Алсыг зорьсон алтан загас
Ц. Дамдинсүрэн
Хүслийн тухай үлгэр
Хоёулаа миний хүү
Ч. Алагсай
Говь дахь учрал
Жигүүртний ид шид
Б. Бааст
Алтан хурга
Шарга даага
Ш. Гаадамба
Алинд ч дуртай
Билгийн булаг
Д. Гармаа
Хөгжөөнтэй тууж
С. Дашдэндэв
Тэнгэрийн хаан
Эхийн захиа
Ч. Лодойдамба
Малгайтай чоно
Д. Мягмар
Ажилсаг охин
Балын амт
Н. Надмид
Боохой Лувсан
Анхны танил
С. Надмид
Бордоотой бороо
Т. Нацагдорж
Алтан хүүхэд
Э. Оюун
Сэр-Од
Д. Пэрлээ
Юу нь чухал
Эндүү ташаа бодол
Б. Ринчен
Их говийн зоригтон хүмүүс
Л. Түдэв
Будаг амилна
С. Удвал
Говь сайхан нутаг
Ц. Уламбаяр
Хар ямаа
Гэрэлт хүү
О. Цэнд
Ёлын тайга
Маршалын гарам
О. Цэндсүрэн
Согоон цэцэг
Төмөр
М. Чимид
Ган
Нүүдэл
Ж. Шагдар
Хээр даага
Дааганы туурай
С. Эрдэнэ
Улиасан төгөл
Миний хайрт хараацай
Эр хүн


Жүжиг, кино

Ч. Ойдов
Аргат бяцхан баатар
Л. Ванган
Худалдагчийн зүүд
Р. Ядам
Далдын хар малгай


Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.