Latin

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 11

Süzlärneñ gomumi sanı 4517
Unikal süzlärneñ gomumi sanı 1665
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
«Ай эмгэн эх минь ээ, миний нагацын охин хэрэв энэ голшиг залууг үзэх юм бол дахин надтай суухгүй болно. Тэгэхлээр ямар нэг арга саам хийж энэ шөнө ойртуулахгүй байгаарай» гэжээ. Тэгээд эмгэн Ала-ад-дин дээр ирж «Ай хүү минь, би их Аллах тэнгэрийг нэрлэн чамд нэг юм захья. Энэ шөнө охинтой хавьталгүй тусдаа унтвал дээр сэн, миний үгэнд орно биз дээ» гэхэд нь «Яагаад тэр бил ээ?» гэсэнд «Охины бүх бие уяман өвчтэй тул чамд халдах вий гэж айна» гэхэд нь «Би түүнтэй ойртохгүй» гэлээ. Эмгэн охинд очиж энэ үгийг хэлсэнд охин ч «Би хавьтахгүй» гэжээ. Зубейда шивэгчин нарыг дуудаж хархүүд ширээ засаж хоол өг гэсэнд Ала-ад-дин тавьсан хоолноос цадтал идээд, бурхны судрын нэг бүлгээс уянгалуулан лалын шашны Давид лугаа туйлын адилхан нэн сайхан уншихыг Зубейда сонсоод, энэ залууг уяман өвчтэй гэж эмгэний хэлсэн нь юу бил ээ. Хэрэв тийм бол хоолой нь яасан ч ингэж гарахгүй. Тэр худал үг гэж бодоод Энэтхэг газар хийсэн ятга хөгжмийг авч хөглөн сайхан дуулахад нь огторгуйд яваа шувуу боловч зогсож чагнахаар сайхан байлаа. Зубейда дуулсан нь:

Хав хархан нүдэт янзагахан чамд сэтгэлтэй би
Харагдах бүрийд чинь удын мөчир боловч атаархана за
Өөрийг минь голоод, өрөөл нь түүнд тоогдоно хэмээх
Өглөгийг таалсандаа хүртээдэг дээрхийн хишиг ажаам

Ала-ад-дин үүнийг сонсоод хариу дуулсан нь:

Цэгцхэн цогцос нь хувцас юуг орлон чадахуйц
Цэцэглэн ахуй сарнай хацарт чиний амрыг эрье

Энэ үес хүүхэн хөвүүнд улам дурлаж, хөшгийг сөхөн хараад:

Саран шиг мандан удын адил туяалзнам
Согоо шиг тольдон хүжсийн адил анхилнам
Харшил зовлонд зүрх минь дурладаг адил
Хагацсан цагт л хамт болдогт гайхна

гээд охин нэн үзэсгэлэнтэйеэ хасыг хавчин нахилзан өнгөрөхөд хоёул биесийг ширтэн мянгантаа санаа алдан охины харц залуугийн зүрхэнд нэвт шаах тул хөвүүн ийнхүү шүлэглэсэн нь:

Тэнгэрт мандсан сарыг хараад би
Тэр нэг шөнө чамтай цуг байснаа сананам.
Тэгэхэд бид хоёр сарыг харахдаа
Тэр миний нүдээр, би түүнийхээр харж бил ээ

гээд охин улам бүр ойртон хоёр алхам үлдэхэд хөвүүн:

Хар үсээ гурамсалж задлаад тэрээр
Харанхуй шөнө дөрөв дэх шөнийг залав.
Тэргэл сар луу бүсгүйг ширтэн болгоохуйд
Тэнгэрийн саран хоёр болон над харагдав

гэв.
Тэгээд охины ойртон тулж ирэхэд Ала-ад-дин «Битгий ойртогтун, Чиний өвчин халдана!» гэсэнд хоёр гарыг тэнийлгэн харуулсан нь цалин цагаан мөнгөн адил онц үзэмжтэй ажээ. Охин бас «Чи над битгий ойрт чиний уяман өвчин халдана!» гэсэнд хөвүүн: «Намайг тийм өвчтэй гэж хэн чамд хэлэв?» гэсэнд охин: «Эмгэн хэлэв» гэсэнд хөвүүн «Над бас эмгэн хэлэв» гэжээ.
Хоёул гар ба биеийг ил гаргасанд хөвүүний бие цалин мөнгөнөөс цагаан байсан тул хоёул яг тэврэлдэн озолдвоос хөвүүний бэлэг гантайтал босоод ялалтын хаалгаар залж хоёр биеийн халуун янагийн гал ноцож эх эцгийг боловч умартаад ертөнцийн жаргалыг эдлэн эдлэн амрав.
Маргааш өглөө нь Ала-ад-дин босож «жаргал ханасангүй. Түүнийг нэгэн хэрээ шүүрэн аваад нисэн оджээ» гэсэнд «Энэ чинь юу гэсэн үг вэ?» гэхэд нь «аяа хатан минь ээ, би чамтай гагцхан цаг суух хугацаа үлджээ» гэсэнд «Хэн хэлэв?» гэхэд нь «Танай эцэг чиний сүй бэлэгт түмэн динар зоос авна» гэх бичиг үйлдсэн бил ээ. Хэрэв тэр зоосыг олж өгөхгүй бол би өнөөдрийн дотор гянданд орох бөгөөд одоогийн хувьд над тал зоос гаргах бэл алга гэсэнд «Ай ноёнтон минь одоо чи миний эр нөхөр үү, аль өөр хүн үү?» гэхэд нь «Одоо би чиний эр нөхөр мөн» гэж Ала-ад-дин хариулжээ. Зубейда өгүүлрүүн: «Энэ тун хялбар хэрэг, санаа зовох хэрэггүй. Май энэ нэгэн зуун динар зоосыг чи ав. Над өөр зоос алга. Миний эцэг зээ хүүдээ хайртай учир хамаг мөнгийг түүний гэрт аваачжээ. Тэр ч байтугай миний хамаг гоёлыг хураан авчээ. Маргааш чамайг дуудан аваачаад «Салагтун!» гэвэл «Энэ үдэш гэрлээд маргааш өглөө салдаг хаанахын ёс вэ?» гээд шүүхийн түшмэлийн гарыг үнсэж бэлэг бариад бас гэрчийн хүмүүсийн гарыг үнсэж арав арван динар зоос бариарай. Тэгвэл тэд цөм чиний талд орно. «Чи яагаад салж, урьд хэлэлцсэн ёсоор мянган динар зоос хувцас тэргүүтнийг авахгүй байна?» гэвэл «Түүний ширхэг үс болгон над мянган динар зоосны үнэтэй юм. Би яасан ч салахгүй, мөнгө, хувцас өөр юу ч авахгүй» гээрэй. Хэрэв тэгвэл «Сүй бэлгийг өг» гэвэл «Одоогоор би их хэцүү байна. Жаахан азнатал арга байна» гээрэй. Тэгвэл чинь тэд чамайг хайрлаж хугацаа сунгах болно» гэжээ. Ингэж ярилцаж байтал хаалга дэлдэн тахар зарлага ирээд “шүүхийн том түшмэл дээр хадам эцэг чинь дуудаж байна” гэжээ.
Ала-ад-дин тэр тахарт таван динар зоос өгөөд «Ай түшмэл ээ, орой нь нийлээд өглөө салдаг ёсон хаанахын ёсон бэ?» гэсэнд «Манай ноёнд тийм ёсгүй бил ээ. Хэрэв чи хууль ёс мэдэхгүй бол би тус болно» гэлээ.
Тэндээс шүүхэд очтол шүүхийн түшмэл өгүүлрүүн: «Чи юуны учир тогтсон ёсоор энэ өвгөний охиноос салж хэлэлцсэн юмаа авахгүй байгаа бил ээ?» гэхэд нь Ала-ад-дин гуйн очиж гарыг үнсээд тавин динар зоос барьж «Ай хамгийг эзэлсэн түшмэл ээ, орой нь нийлээд өглөө нь салах ямар сургаал байна?» гэсэнд албадан салгах ёс манай лал шашинд байхгүй дээ гэхэд нь охины эцэг хажуугаас «Тэгвэл чи охины минь инж бэлэгт тавин түмэн динар зоос өгөх болно доо» гэхэд нь Ала-ад-дин, «Гурван хоногийн хугацаа олгоно уу» гэсэнд шүүхийн түшмэл “гурав хоногийн хугацаа багадна. Арав хоногийн хугацаа тавина биз” гэжээ.
Ингээд нэг бол арав хоногийн дотор инж бэлэг барих, нэг бол салахаар хэлэлцээд тэндээс зээлийн газар очиж мах, цагаан будаа, хашин тос тэргүүтэн авч өглөө хүүхнийд ирээд саяын болсон явдлыг цөмийг өгүүлтэл, нэг өдрийн дотор гайхалтай үйл явдал болно шүү гээд,

Зовлонгийн түргэн, жаргалын удаан гэж
Золгүй явдалд орвол тэвчээртэй бай!
Манай насанд амьдралын шөнө жирэмсэлж
italki
Маш хачин юм төрөхийг үзэх бий

гэжээ.
Зубейда босон харайж хоол хийж, хоёулаа суугаад идэж ууж жарган цэнгэн байтал Ала-ад-дин нэг сайхан хөгжим дарж өгөөч гэж хүүхнээс гуйсанд Зубейда ятга хөгжим авч дарсан нь чулуун хана туурга боловч баясахаар хөг аялгуу нь «Аяа, хайрт минь ээ!» гэж хэлэх адил байв.
Тийнхүү наргиж жарган жарган байтал хүн хаалгыг дэлдсэнд «Хэн ирэв, хар!» гэж хүүхэн хэлжээ. Ала-ад-дин очиж хаалгыг нээвээс дөрвөн бадарчин байлаа. «Тануус ямар хэрэгтэй явнам?» гэхэд бадарчид «Ай ноёнтон минь, бид харь орны бадарчин улс бил ээ. Бидэнд яруу ая, ялдам шүлэг хоол болдог юм аа. Танайд амарч хоноод өглөө замаараа явцгаая. Бид хөгжмийн сайхан аянд их дуртай, бас шүлэг мэднэ» гэсэнд Ала-ад-дин оруулах эсэхийг хүүхнээс асуухад «оруул» гэжээ.
Ала-ад-дин хаалгыг тайлж «морилон орогтун» гээд хоол унд өгсөнд «Ая ноёнтон минь, Аллах тэнгэрийг зүрхэндээ санаж сайхан дуу чихээр сонсвол бидний хоол тэр! гээд

Аяа чамтай учрахыг бидний гагц боддог маань
Адгуусанд боловч байдаг онцлогийн нэг мөн бил ээ

Бид сая ялдам хөгжим сонссон атал ороод ирэхийн цагт дуугүй болдог юун бил ээ. Саяын хөгжим дардаг хүн чиний шивэгчин буюу хамаатны чинь охин уу? гэхэд нь Ала-ад-дин «Энэ бол миний гэргий» гээд уг болсон явдлыг цөмийг яриад «миний хадам эцэг түмэн динар зоосны инж нэхэж, арав хоногийн хугацаа олгов» гэсэнд нэг бадарчин өгүүлрүүн: «Санаа битгий зов. Муу юм бодох хэрэггүй. Би бол дөчин бадарчны ахмад нь юм. Бид тэндээс түмэн динар зоос бадарлаж өгье. Харин гэргийгээрээ сайхан дуу даруулж бидний сэтгэлийг сэргээн соёрхоно уу. Хөгжим гэдэг зарим хүнд хоол, зарим хүнд эм бил ээ» гэжээ.
Тэр дөрвөн бадарчин бол Харун-Рашид Халиф, түүний шадар сайд Жафар-аль Бармак, Абу-Новас10, цаазын алуурч Масрур нар байжээ. Халифын дотор нь бачимдаад «Ай тэргүүн сайд аа, дотор бачимдаад байна салхинд хотоор явъя» гээд цөм бадарчин дэрвишийн хувцас өмсөж явтал, энд сайхан хөгжим дарахыг сонсоод ирсэн байжээ.
Дөрвөн бадарчин шөнөжин наргиж хоноод мөргөлийн хивсэн ширдэг дор зуун динар зоос шургуулж орхиод өглөө болмогц замаараа орж явжээ.
Хүүхэн хивсийг сөхөж зуун динар зоос байхыг үзээд «Май энэ зуун динар зоос байна. Бадарчин нар бидэнд мэдэгдэлгүй хивсэн дор хийжээ» гэсэнд Ала-ад-дин авч зээлийн газар очиж мах цагаан будаа, хашин тос тэргүүтнийг авчрав. Маргааш орой нь мөнөөхөн бадарчид өгнө гэсэн зоосоо авчирч өгсөнгүй. Гуйланчин улс шив дээ гэж гэргийдээ ярьж байтал мөнөөхөн бадарчид хаалгыг дэлдсэнд гэргий нь “үүдийг тайлж оруул!” гэжээ. Ала-ад-дин үүдийг тайлж, бадарчид орж ирэхэд «Авчирч өгнө гэсэн мөнгөө авчрав уу?» гэсэнд “Аяа, бид олсонгүй. Гэвч битгий эмээгтүн. Хэрэв болохгүй бол Аллах тэнгэрийн өршөөлөөр чамд ид шидээр зоос хийж өгнө биз. Харин эхнэрээрээ хөгжим даруулаач. Бид хөгжимд нэн дуртай тул сэтгэл сэргэдэг юм” гэжээ.
Зубейда ятга хөгжмөө авч дарсанд ургаа чулуу боловч хөдлөх шиг болсон бөгөөд тэд хөхилдөн наргиж өөр хоорондоо үлгэр түүх ярьж хоноод өглөө болоход ширдэг дор зуун динар зоос хийж, Ала-ад-динтай салах ёс гүйцэтгэж гарч одлоо.
Шөнө болгон ирж, зуун динар зоос орхисоор найман хоног өнгөрч ес дэх хоногтоо тэр бадарчид ирсэнгүй. Юу гэвэл мөнөөхөн Халиф нэгэн том худалдаачинд хүн илгээж «Каир хотоос ирдэг бараа тавин боодлыг бэлтгэ. Боодол тус бүр нь мянган динар зоосны үнэтэй болсон ч хамаагүй. Бас нэг боол ирүүлээрэй» гэж зарлиг буулгажээ. Худалдаачин захисан зүйл цөмийг бэлдэж ирсэнд Халиф бас нэг алтан завьяа, замын хүнс өгч Каирын тэргүүн худалдаачин Шамас-ад-дины өмнөөс захиа бичиж нөгөө боолд өгүүлрүүн: «За чи энэ тавин хөсөг ачааг аваад тэргүүн худалдаачныд очоод Ала-ад-дин гэдэг хүн хаана байдгийг сураглаж оч» гэж явуулжээ.
Яг энэ үес нөгөө хуучин сууж байсан хархүү охины эцэг дээр очиж, хүүхнийг Ала-ад-динаас салгаж авахаар хоёул гарлаа.
Охины байшингийн тэнд хүрвээс нэг араб тавин луус ачаатай сууж байхыг үзээд «Энэ хэний бараа вэ?» гэсэнд “манай ноёнтон Ала-ад-диных. Эцэг нь ачаа бараа өгч Багдад балгад явуулсанд замд нүүдэлчин арабчууд дайрч ачаа бараа мөнгө зоосыг дээрэмдсэн сураг дуулаад эцэг нь дахиад ачаа бараа бэлдэж бас ваадантай, их үнэтэй хувцас, булган дээл, алтан завьяа надаар явуулав” гэсэнд охины эцэг дуу алдан «Тэр чинь миний хүргэн хүү болсон. Би чамд гэрийг нь зааж ч өгье» гэжээ.
Энэ үес Ала-ад-дин сэтгэл ихэд зовнин сууж байтал хаалгыг хүн дэлдсэнд «Ай Зубейда минь ээ, энэ лав танай эцэг тахар илгээж шүүхийн газар дуудуулж байгаа бололтой» гэсэнд хүүхэн нь “гарч хар” гэжээ. Ала-ад-дин хаалгыг нээж харвал Зубейдын эцэг, тэргүүн худалдаачин бас нэг нүдэнд дулаахан абиссын боол хоёр байжээ. Мөнөөхөн боол яаран Ала-ад-дины гарыг үнсээд «Чи ямар хэрэгтэй явнам!» гэсэнд «Би бол Мисир газрын худалдаачин нарын тэргүүн Шамас-ад-дины хөвүүн мэнгэт Ала-ад-дины зарц боол бил ээ. Эцэг чинь намайг илгээв» гээд захиа барьсныг, үзвэл:

Аяа, элч чи, хайрт хүүтэй минь уулзаад
Өлмий дор сөгдөн гутал юуг нь үнсээрэй.
Санах сэтгэл, сарвайх гарыг минь чилээсэн
Сайх хүнтэй чи сааралгүй тухтай яриарай

гэжээ.
Тэр захианд эцэг Шамас-ад-дин хүү Ала-ад-дины амар мэндийг эрээд: Аяа, хүү минь мэдэгтүн! Чиний авч явсан хүмүүсийг алж эд агуурсыг чинь дээрэмдсэнийг дуулаад чамд тавин луус ачаа, хувцас, булган дээл, алтан завьяа тэргүүтнийг явуулав. Гай болно гэж битгий эмээгтүн. Хүү минь чамайг аврах мөнгө явуулсан шүү. Эх чинь төрөл садны улс цөм сайн. Харин чамайг сайн суугаарай гэж ерөөж буй. Ятгачин хүүхэнтэй чамайг суух болсон гэж дуулав. Инж бэлэгт өгөх таван түмэн динар зоосыг Селим боолоор хамт хүргүүлэв гэжээ.
Ала-ад-дин захиаг уншаад ачааг хүлээн авч, хадам эцэгтээ «Ай эцэг минь ээ, Зубейда охины инж бэлэгт таван түмэн динар зоос авагтун! Бас энэ ачаа барааг авч наймаал. Ашиг хонжоог та өөрөө ав. Харин үлдсэн бэл хөрөнгийг над өгнө шүү» гэсэнд «Үгүй би юу ч авахгүй, инжний тухай гэвэл охинтой өөрөө ярь» гэхэд нь хоёул ачаа барааг дотогш оруулав. Зубейда харж «Аав аа, энэ хэний ачаа вэ?» гэхэд нь эцэг нь «Энэ чиний эр нөхөр Ала-ад-диных, нүүдэлчин арабчуудад дээрэмдүүлсэн юмны нь оронд эцэг нь таван түмэн динар зоос, ваадан хувцас, булган дээл, луус, алтан завьяа явуулжээ. Инж бэлэгт юу авахаа чи өөрөө мэд» гэжээ.
Ала-ад-дин авдрыг нээж Зубейдад инжийг өгөхөд нөгөө хуучин хар хүн хөвүүн, “ай эцэг минь ээ, миний хүүхнийг Ала-ад-динаас салгаж өгнө үү” гэсэнд «Тэр нэгэнт сүй бэлэгт эр нь болох тул ямар ч аргагүй» гэжээ.
Тэгэхээр нь мөнөөхөн хуучин хархүү нь ихэд гутарч өвчлөн хэвтсээр нас баржээ.
Ала-ад-дин зээлийн газар очиж дуртай зууш худалдан авч найрлав. Үдэш болоход «Нөгөө худалч бадарчин нарыг харав уу. Өгнө гэснээ авчирсангүй» гэж Ала-ад-дин өгүүлтэл «Чи тэргүүн зэргийн худалдаачны хүү атал мөнгөгүй ядаж байсан шүү. Тэр хэдэн бадарчин аргагүй биз дээ?» «Үнэн, тэгэвч биднийг Аллах тэтгэн зовлонгоос гэтэлгэжээ. Одоо тэднийг ирвэл хаалгыг нээж өгөхгүй» гэхэд нь «Тэдний ирж байсны ачаар бидэнд золтой явдал тохиолдсон шүү. Тэд наад зах нь манай ширдэг доогуур зуун динар зоос хийж байсан даа. Тэднийг ирвэл нь бид заавал хаалгыг тайлж өгөх ёстой» гэжээ.
Үдэш болж дэн барихын алдад Ала-ад-дин «Ай, Зубейда минь ээ, сайхан хөгжим дарж өгөөч» гэтэл хаалгыг хүн дэлдэж, тайлж өгвөөс мөнөөхөн хэдэн бадарчин дэрвиш байжээ. Ала-ад-дин, «Аяа, худалч бадарчид морилон орогтун!» гэж сайхан хоол унд тавьж өгсөнд тэд наргин наргин байтал ийн өгүүлрүүн:
«Ай, ноёнтон минь ээ, чамайг яаж байгаа бол гэж бидний сэтгэл ихэд зовнин байлаа» гэхэд нь «Аллах тэнгэр бидний хүслийг ёсоор болгов» гэж Ала-ад-дин өгүүлэв.
Бадарчид өгүүлрүүн: «Бид нар чиний төлөө хэчнээн эмээвч мөнгө олдсонгүй» гэхэд нь «Миний эцэг таван түмэн динар зоос, тавин луус ачаа, өмсөх хувцас, зарах боол, булган дээл, алтан завьяа явуулжээ. Хадам эцэг бид хоёр эвлэж хүүхэн минийх болсон доо» гэж Ала-ад-дин өгүүлэв.
Мөнөөхөн Халиф гадаалахаар гарахад шадар сайд Жафар Ала-ад-динд бөхийж «үнэн шашинтны их хүн байхад битгий томоогүй аашлаад бай» гэсэнд «Би яагаа вэ? Та нарын хэн тань тийнхүү үнэн шашинтны их хүн юм бэ?» гэхэд Жафар өгүүлрүүн: «Саяын чамтай ярилцаж байгаад гардаг бол их Харун-Рашид Халиф, би бол шадар сайд Жафар, энэ бол цаазын Масрур, энэ Абу-новас гэдэг улс байна. Ала-ад-дин чи бодоод үз. Каираас Багдад хэчнээн хонож ирэх вэ» гэхэд нь Ала-ад-дин «Дөчин таван хоног болно» гэсэнд «Тэгвэл чи ачаа бараагаа алдаад дөнгөж арав хоносон байхад хэдийдээ чиний эцэг дуулж, хэдийдээ өдий олон луус ачаа бараа явуулах бил ээ?» гэхэд нь «Тэгвэл ноёнтон минь, энэ юм над хаанаас ирэв?» гэсэнд «Үнэн шашинтны их хүн Халиф чамд хайртайн учир илгээв» гэж Жафар хэлжээ.
Ийнхүү ярилцан байтал Халиф орж ирэхэд Ала-ад-дин босон харайж өмнө нь сөгдөн мөргөж «Ай үнэн шашинтны их хүн таныг Аллах тэнгэр өршөөх болтугай?» гэсэнд Халиф «Ай Ала-ад-дин минь ээ, чиний үйлс бүтсэний учир Зубейдаар сайхан хөгжим даруулж соёрх» гэжээ. Зубейда ятга авч дарсанд чулуун хана туурга боловч баярлан мишээж ятгын аялгуу «Аяа, хайрт минь!» гэж дуугарч байжээ.
Маргааш өглөө нь Халиф Ала-ад-диныг «маргааш ихсийн хуралд очоосой!» гэхэд нь «Аяа, үнэн шашинтны их хүн зарлигийг ёсоор дагая. Их Аллах чамд эрүүл энхийг соёрхох болтугай!» гээд маргааш нь арван их цард бэлэг хийж очвоос Халиф хаан ширээнээ залран суухыг үзээд Ала-ад-дин

Атаатан чамд хэчнээн хорсох атугай
Ажил чинь ямагт бүтэх болтугай!
Дайсны хувьд өдөр болгон бараан
Танай хувьд өдөр болгон гэгээн байг!

гэсэнд Халиф «Ай Ала-ад-дин тавтай морилогтун!» гэхэд нь авчирсан бэлгээ бариваас хаан аваад хүндэтгэлийн хувцас өмсгөж, бүх худалдаачин нарын тэргүүн болгож, хуралд суулгатал Зубейдын эцэг орж ирээд, Ала-ад-дин хүндэтгэлийн хувцас өмсөж байранд нь суусныг үзээд «Аяа цагийг эзэлсэн хаан минь энэ залуу юуны учир миний суудалд суув?» гэхэд нь «Би үүнийг худалдаачдын тэргүүн болгов. Хааны алба халаатай гэж чамайг огцруулав» гэхэд нь «Бидэнд сайн хэрэг болжээ. Бидний дотроос аль сайныг тэргүүн болговоос бидний үйлс бүтэмжтэй байх бил ээ. Хэчнээн хүн багаасаа аугаа их хүн болов даа» гэжээ. Тэгээд Халиф Ала-ад-динд бичиг шийтгэн олгож, түшмэл гаргаж өгсөнд тэр түшмэл бамбар баригч гаргаж, тэр «Мэнгэт Ала-ад-динаас өөр тэргүүн байхгүй. Түүний хэлснийг үг дуугүй дагаж хүндлэн өргөмжлөгтүн!» гэж хуралд зарлан тунхаглав.
Хурал тармагц нэгэн зарлан тунхаглагч хүн Ала-ад-дины өмнө явж «Мэнгэт Ала-ад-динаас өөр тэргүүн үгүй!» гэж бүх Багдад балгадаар зарлан тунхаглав.
Ала-ад-дин маргааш өглөө нь нэг дэлгүүр гаргаж мөнөөхөн боолыг суулгав. Өөрөө өдөр болгон морь унаж яам хуралд суудаг боллоо.
Нэгэн өдөр мөнхүү яам хуралд сууж байтал нэг хүн орж ирээд Халифт сөгдөн «Аяа, үнэн шашинтны их хүн минь, танай хамт зоог барьдаг хүн Аллахын тааллаар нас баржээ» гэсэнд Халиф “Ала-ад-дин хаана байна?” гэж дуудаад дээд ёслолын хувцас өмсгөж, сард мянган динар зоосны пүнлүү өгч байх зарлиг буулгаж өөрийн хамт сууж зоог барьдаг хүн болгожээ.
Бас нэг өдөр зарц ирж Халифт өгүүлрүүн: «Аяа, үнэн шашинтны их хүн минь, таны жаран цэргийн дарга өнөөдөр нас барав» гэсэнд Халиф Ала-ад-динд ямбаны хувцас өмсгөж жаран цэргийн дарга болгов.
Халиф алчуурыг гаргаж сэгсрэн дохисноор яам хурал тарах болж Ала-ад-дин харвал түүний дөрөөний дэргэд Халифын баруун жигүүрийн дарга Ахмед ад-Данаф дагуул дөчин эрийн хамт нөгөө талд нь Халифын зүүн жигүүрийн дарга Хасан Шуман дагуул дөчин эрийн хамт ёслон зогсож байжээ.
Ала-ад-дин Хасан Шуман, түүний дагуул эрчүүдэд өгүүлрүүн: «Тануус Ахмед-ад-Данафыг гуйж үзээч. Намайг Аллахын ивээлээр үрчлэн авч магад» гэжээ. Ахмед-ад-Данаф дуртайяа зөвшөөрч, «Би дөчин дагуултайгаа өдөр болгон чиний өмнө очиж амь сахина» гэжээ.
Ала-ад-дин Халифын албанаа зүтгэж хэд хоноод нэг үдэш хурал яамнаас тараад Ахмед-ад-Данаф, түүний нөхрийг явуулж гэртээ хариад байтал орой болжээ. Зубейда хүүхэн гэгээ бариад шээхээр гарсны дараа, гадаа хүн муухай чарлах дуу гарсанд Ала-ад-дин гүйн гарваас ятгачин Зубейда хөсөр унасанд очиж үзвэл үхсэн байжээ.
Зубейда хүүхний эцэг ойрхон суудаг тул хүн орилохыг дуулаад гүйн гарч «Ая, Ала-ад-дин минь, юу болов?» гэхэд нь «Аяа, эцэг минь та охиноосоо хоцрох учиртай ажээ. Зубейда хүүхэн үхжээ» гэжээ.
Маргааш өглөө нь Зубейдыг газарт булж, эцэг хүү хоёр бие биеийг тайтгаруулав.
Ала-ад-дин бэлэвсрэлийн хувцас өмсөж, яам хуралд очсонгүй, уйлан гашуудаж суутал, Халиф учрыг сураглавал, шадар сайд нь өгүүлрүүн: Тэр бээр өөрийн эхнэр Зубейдын хойноос уй гашуу болон сүйд болжээ гэсэнд «Ай зайлуул бид цугаар очиж эмгэнэхээс дээ» гээд Халиф шадар сайдаа, бас хэдэн зардсан авч Ала-ад-динийд очлоо.
Ала-ад-дин хараад тосон очиж газар хүртэл мэхийн мөргөсөнд Халиф Ала-ад-дин хоёр харилцан Аллах тэнгэрийг дурдан мэндэлсэнд Халиф: “Чи юуны учир яам хуралд үл очном?” гэхэд “миний эхнэр Зубейда нас барж намайг уй гашууд унагав” гэхэд нь “чиний эхнэр Аллах тэнгэрийн тааллаар нас баржээ. Гашуудах нь нэмэр болохгүй” гэсэнд “би үхэж газарт хамт булагдсан цагт сая уй гашуунаас ангижирна” гэхэд Халиф өгүүлрүүн: Хамаг амьтныг гагцхүү Аллах тэнгэр мэдэх тул арга заль, алт мөнгөөр үхлийг зайлуулах учир байхгүй гээд,

Эхнэр болж төрөөд их жаргалыг эхлэвч
Эцэст хэзээд бөгтөр дамнуургад хэвтэх болно

гэсэн байдаг гэжээ.
Халифын ийнхүү Ала-ад-диныг тайтгаруулаад, яам хуралд очиж байсугай гээд явлаа. Ала-ад-дин ч маргааш нь морийг унаж яам хуралд чуулахаар очиж Халифын өлмий дор мөргөвөөс Халиф “тавтай морилогтун!” гээд “чи өнөө орой манайд айлчлан очоорой” гэжээ.
Тэндээс их ордондоо дагуулан очоод Кут-аль-Кулуб нэртэй нэг шивэгчнийг дуудаж: «Энэ Ала-ад-динд Зубейда нэртэй сайхан хүүхэн байсан нь орхин одоод энэ залууг их уй гашуудалд унагажээ. Тэр хүүхэн бурхны тааллаар нас эцэслэв. Чи оронд нь ятга хөгжимд хүний уй гашуу арилам сайхан дуу дарж өг» гэжээ.
Шивэгчний гайхамшигтай сайхан хөгжимдөхөд Халиф «За ямархан хоолойтой бүсгүй байна даа?» гээд, «Хоолой нь Зубейдын хоолойд хүрэхгүй атал, ятга хөгжим тун уран дарах тул чулуун туурга боловч баярлах мэт болном» гэхэд нь «Энэ бүсгүй чиний сэтгэлд таалагдаж байна уу?» гэж Халиф асуужээ. «Ай үнэн шашинтны их хүн, таалагдаж байна» гэсэнд «би чамд энэ бүсгүйг бусад шивэгчин аягачийн хамт өөрийн толгой, эцэг дээдийн булшийг ам алдан бэлэг барьсугай» гэжээ.
Ала-ад-дин анхандаа тоглоом хийж байна гэж бодтол Халиф Кут-аль-Кулуб дээр очиж «Би чамайг Ала-ад-динд бэлэглэв» гэсэнд цаадах нь хөвүүнийг үзээд дурлаж байсан тул ихэд баярлажээ.
Халиф ордноос яам хуралдаа очоод үүрэгч нарыг дуудаж: Кут-аль-Кулубийг шивэгчин нарын жуузанд суулгаж Ала-ад-диныд аваачиж өг гээд өөрөө хэрэг ялгах өргөөнд сууж орой болсон хойно сая тарж харьжээ.
Кут-аль-Кулуб эд агуурс, дөчин шивэгчний хамт Ала-ад-диний өргөөнд ирээд хоёр тайганд «Та хоёр ордны хаалганы баруун зүүн хоёр хатавчинд зогсож Ала-ад-диныг ирэхэд гарыг нь үнсээд, «Хатан Кут- аль-Кулуб таныг урьж байна. Халиф түүнийг шивэгчин нарын хамт танд бэлэглэжээ» гэж хэлээрэй гэжээ.
Ала-ад-дин өргөөндөө иртэл Халифын хоёр тайган байхыг хараад «Энэ миний өргөө мөн үү? Өөр ямар газар байдаг бил ээ?» гэж гайхахад хоёр тайган гарыг нь үнсээд «Бид хоёр Кут-аль-Кулубийн зарц нар бил ээ. Хатагтай таны амгаланг айлтгаж урьж байна» гэхэд нь «Та өөрөө тавтай морилогтун» гэж хэл, би очихгүй яагаад гэвэл ноёдын юм харцынд зохихгүй гэж хүүхэнд очиж хэл. Харин Халифтай байхад өдөрт хэчнээн зоос зардаг байсан бэ? гэж асуугаарай гэж, хоёр тайган явж асуугаад «Өдөрт зуун динар зоос хэрэглэж байсан гэхэд нь Ала-ад-дин: «Халиф надад Кут-аль- Кулубийг бэлэг болгож, би өдөрт зуун динар зоос зарж байх ямар хэрэг байна даа, гэвч яая гэхэв дээ» гэж бодоод, өдөр болгон зуун динар зоос өгч хэд хоног болов. Нэг өдөр Ала-ад-дин яамлах хуралд очсонгүйд Халиф, «Шадар сайд аа, би Ала-ад-дины сэтгэлийг тайтгаруулах гэж Кут-аль-Кулубийг өгсөн бил ээ. Тэр яагаад ирэхгүй байна?» гэхэд нь «Сэтгэлтэй хүнтэйгээ учирсан хүн нөхдөө мартдаг» гэдэг их үнэн үг шүү гэсэнд «Ирэхгүй байгаа нь учир шалтгаантай байж мэднэ. Юу боловч очиж үзье» гэжээ.
Үүнээс хэд хоногийн өмнө Ала-ад-дин «Би ятгачин Зубейдаг бодохоос уйтгарланам гэж Халифт хэлсэнд Кут-аль-Кулубийг над бэлэг болгон өгсөн юм аа» гэж Халифын шадар сайдад ярихад «Халиф чамд даанч хайртай тул бэлэглэжээ. Чи тэгээд хавьтаж байна уу?» гэхэд нь “үгүй” гээд «яагаад тэр бил ээ? гэхэд нь «Ноёдын юм харцад зохихгүй шүү дээ» гэж Ала-ад-дин хэлсэн байжээ.
Тэгээд одоо Халиф, Жафар хоёрыг ирэхийг Ала-ад-дин үзээд босон очиж гарыг нь үнсэхэд Ала-ад-дины царай нь мөнөөхөн уйтгартай хэвээр байх тул «Ай, Ала-ад-дин чи юуны учир ийнхүү уйтгартай байна? Кут-аль-Кулубтэй одоо хүртэл хавьтаагүй байна уу?» гэхэд нь «Аяа, үнэн шашинтны их хүн минь, ноёдын юм харцад таарахгүй юм. Би энэ талаар хавьтах нь байтугай урт өргөн хоёрыг ялгаж чадаагүй байна. Намайг ангижруулж соёрхоно уу» гэсэнд Халиф би Кут- аль-Кулубтэй өөрөө уулзъя гээд хүүхэн дээр оров. Кут-аль-Кулуб газар үнсэв.
«Ала-ад-дин чамтай хавьтаагүй юу?» гэсэнд «Үгүй, би урьсан боловч ирээгүй» гэжээ. Халиф хүүхнийг ордондоо буц гээд Ала-ад-диныг «Биднээс битгий хөндийрөгтүн» гэжээ. Маргааш нь Ала-ад-дин, Халифын яам хуралд очиж жаран цэргийн даргын суудалдаа хэвээр суужээ.
Харин Халиф тэр өдөр шадар сайд Жафарыг дуудан түмэн динар зоос гаргаж өгүүлрүүн: “Энэ түмэн зоосыг авч зээлийн газар очоод Ала-ад-дин дор нэгэн шивэгчин авч өг” хэмээн зарлиг болгосонд Жафар, Ала-ад-диныг дагуулан шивэгчдийг худалдаалах зээлийн газар очив.
Тэр өдөр бас Багдадын хэрэг ялгагч түшмэл эмир ноён Халид гэгч хүүдээ шивэгчин эм худалдан авахаар зээлийн газар очжээ. Түүний эхнэр Хатун нэг хүү төрүүлсэн нь туйлын царай муутай бөгөөд Хабазлам Базаза нэртэй бил ээ. Хорин нас хүрэхэд морь унаж чадахгүй дорой байхад эцэг нь далайд морьтой орж шөнө тулалддаг их зоригтой хүн байлаа.
Нэг шөнө Базаза унтан зүүдлээд эхдээ ярьсанд эх нь баярлаж эцэгтээ өгүүлрүүн: «Хүү гэрлэх нас болжээ, гэрлүүлье» гэсэнд «Энэ хөвүүн зэрлэг хүн шиг царай муухай, хулмастай учир нэг ч хүүхэн тоохгүй» гэсэнд «Тэгвэл шивэгчин худалдан авч өгье» гэжээ.
Тэр өдөр Халифын шадар сайд, Ала-ад-дин зээлийн газар очиход Эмир ноён бас хүүгээ дагуулан очсон бөгөөд яг энэ үес нэгэн гоц хөөрхөн, гоолиг шивэгчин харагдсанд шадар сайд «Энэ шивэгчнийг мянган динар зоосоор авъя» гэлээ.
Тэр зуучлагч хүүхнийг дагуулан Эмир ноёны дэргэдүүр өнгөрөхөд Хабазлам Базаза хараад мянгантаа санаа алдаад сэтгэл нь нэгмөсөн татагдан «Ай аав аа, энэ шивэгчнийг надад авч аль!» гэжээ. Эмир ноён «Энэ хүүхний нэр хэн бэ?» гэсэнд «Миний нэр Ясмин» гэж хүүхэн хариулжээ. «Энэ ямар үнэтэй бэ?» гэхэд «Мянган динар зоос» гэсэнд Эмир ноён мянга нэгэн динар гээд Ала-ад-дины үнэ хаях ээлж болоход хоёр мянган динар зоос өгчээ. Хэрэг ялгах түшмэлийн хүү нэг нэг динараар үнэ нэмэхэд Ала-ад-дин мянга мянгаар нэмэх тул Базаза уурсан, хэн ийнхүү миний эсрэг үнэ нэмнэм гэсэнд «Халифын шадар сайд Жафар, мэнгэт Ала-ад-динд авч өгөх гэж байна» гэлцэв.
Ала-ад-дин түмэн динар зоосоор авъя гэсэнд зуучлагч аргагүй өгсөнд Ала-ад-дин шивэгчинд
«Их Аллах тэнгэрийн өршөөлөөр чамайг би эрх чөлөөт хүн болгоё» хэмээн өгүүлээд ургийн барилдлага хийж гэртээ аваачив.
Зуучлагчийг мөнгөө аваад ирэхэд зарга ялгах түшмэлийн хүү «Мөнөөхөн шивэгчин яасан бэ» гэж асууна. «Ала-ад-дин түмэн динар зоосоор аваад эрх чөлөөтэй болгоод ураг барилдав» гэсэнд тэр залуу туйлын их гунин уйтгарлаж, түүнээсээ болоод өвчин тусч унтах нойр идэх хоолноос гарчээ.
Эх нь үзээд «Ай хүү минь, чи яагаад өвдөв?» гэсэнд «Аяа ээж минь ээ, над Ясмин авч аль!» гэхэд нь «Цэцэг худалдах хүн дайралдвал чамд сагс дүүрэн мэлрэг авч өгөмз» гэлээ. «Үгүй тийм мэлрэг цэцэг бус, Ясмин нэртэй шивэгчин хүүхэн байсныг аав эс авлаа» гэсэнд хүүгийн эцэг эмир ноён Халидаас: “Чи тэр шивэгчин эмийг юунд эс авав?” гэсэнд «Ноёдын юм харцад зохихгүй. Түүнийг жаран цэргийн дарга Ала-ад-дин авав» гэжээ.
Мөнөөхөн хөвүүний бие илаарь болохгүй бүр дордоод унтах нойр, идэх хоолноос бүр хагацсанд эх нь ч сэтгэл нэн их зовох болов.
Нэгэн өдөр хүүгийн төлөө гайхаш тасран сууж байтал «Хулгайч Ахмед Камакимийн эх» нэртэй нэгэн эмгэн орж иржээ. Энэ эмгэний хүү байшингийн туурга цоолж, байшингийн туурга өөд авирч гараад хүний нүднээс юм хулгай хийж чаддаг муу зантай агаад харуулын дарга хийж байгаад юм хулгайлж зарга ялгагч түшмэлд баригдаж Халифт хүргэгдсэн байжээ.
Халиф цаазаар хороох зарлиг буулгасанд Ахмед Халифын шадар сайдад гүйж очсонд шадар сайд өмгөөлсөн ажээ. Халиф: Хүмүүст хор хийдэг энэ хөөрхий амьтныг чи юуны учир өмөөрнө гэсэнд «Ай үнэн шашинтны их хүн минь ээ, та түүнийг гянданд хийж орхи. Гяндан бол амьд хүнд авс, дайсан этгээдэд баяр учраас их ухаантай хүн гянданг гаргажээ» гэхэд нь Халиф Ахмедийг гинжилж, гинжин дээр нь «Насны турш яргын ширээнээс хадаж орхив» гэж бичээд гянданд хий гэж зарлиг буулган байжээ.
Тэр эмгэн эмир ноён Халидынд очдог байсан ба гянданд буй хүү дээрээ очиж «Чи ингэж хоригдохоос гараасай» гэхэд нь «Аллах тэнгэр хүртэл ингэж хэлнэ. Ээж минь та эмир ноён Халидын гэргийд очиж гуйхгүй юу» гэсэн байжээ.
Эмгэнийг орж ирэхэд зарга ялгагч түшмэлийн гэргий маш уйтгар гунигтай байхыг хараад «Чи юуны учир гуниглав?» гэсэнд «Миний хүү Хабазлам Базаза үхэх гээд байна аа» гэхэд нь «Яагаа вэ?» гэж асуусанд мөнөөхөн гэргий уг болсон явдлыг нэгд нэгэнгүй эмгэнд ярьжээ. Эмгэн дуулаад «Хүүг чинь аварвал чи яах вэ?» гээд «Над хулгайч Ахмед Камаким нэртэй, нэгэн хүү бий бил ээ. Одоогоор үүрд хадав гэсэн гинжтэй гянднаа сууж байгаа. Тэгэхлээр чи хамгийн гоё хувцсаа өмсөөд хамаг гоёлоо зүүгээд туйлын ялдам зангаар энэ орой эр нөхрөө угтагтун. Эр нөхөр чинь чиний сайхныг хараад дур хүсэл нь хөдөлж чамтай унтах гэвэл түүний хүслийг хангахын өмнө ингэж хэлэгтүн «Ай Аллах минь, юм юутай хачин бэ? Эр хүн эмийг хүсвэл, хүслийг даруй хангаж чадна. Харин эмийн гуйсныг эр хүн хангах нь ер үгүй» гэхэд чинь чи юу хүснэм? гэж асуух вий. Тэгэхээр нь чи өмнөө сөгдүүлж, хэрэв миний гуйсныг эс биелүүлбэл сална гэдэг ам өчиг авагтун. Тийм ам аваад: «Чиний гянданд Ахмед Камаким гэдэг нэг хүн бий. Эх нь ирж газар мөргөн «Чамайг Халифт гуйж, хүүг минь гаргуулж өгөөч! гэж гуйв гээрэй» гэжээ.
Шөнө орой зарга ялгагч түшмэл эхнэртээ орвол эмгэний захиснаар үйлдэж ам авсны дараа сая жарган жарган хонов. Зарга ялгагч маргааш өглөө нь угаал хийж мөргөлийг үйлдээд гянданд очиж: Ай хулгайч Ахмед чи одоо гэмшин хашрав уу? гэсэнд «Би Аллах тэнгэрийн өмнө залхаагдав. Аллахын өршөөлийг үнэн сэтгэлээс хүснэм» гэхэд нь гяндангаас гарган Халифын яам хуралд дагуулан очиж газар үнссэнд Халиф «Ай Эмир ноён Халид чи юү хүснэм?» гэхэд Халид Ахмедийг хөтлөн оруулбал Халиф үзээд «Ай, Камаким чи одоо хүртэл амьд байгаа юм уу?» гэсэнд Ахмед «зовлонтын нас барагддаггүй гэдэг бил ээ» гэв. Халиф зарга ялгагч түшмэлд хандаж: «Аяа эмир ноён, чи үүнийг юуны учир авчрав?» гэсэнд «Ай үнэн шашинтны их хаан минь ээ, энэ хүүд хөөрхий ядуу ганц бие эмгэн бий. Тэр хүн чиний боолын өмнө газар мөргөн, хүүг минь гинжнээс салгаж өгнө үү гэж гуйж өгөөч гэсэн юм аа. Энэ хөвүүн ч одоо залхлаа гэх тул та өршөөн соёрхож, урьдын адил харуулын дарга болгож хайрла!» гэсэнд Халиф Ахмедад хандаж, «Чи одоо хашрав уу?» гэсэнд «Би Аллахын өмнө залхлаа» гэхэд нь дархныг дуудаж «Ахмедын гинжийг авагтун» гэж зарлиг буулгав.
Тэгээд Халиф “дахин битгий хэрэг түвэг гарга!” гэж Ахмедад тушаагаад харуулын дарга болгосонд Ахмед Халифын гарыг үнсээд харуулын даргын хувцас өмсөж тэндээс гарахад зарлагч хүмүүс түүнийг харуулын дарга болов гэж хашхиран зарлав. Хэд хоноод эх нь зарга ялгагчийнд иртэл гэргий нь «Аллах тэнгэрийн авралаар хүү чинь гяндангаас мэнд гарсан бил ээ. Ясминыг миний хүүд авчирч өгөх талаар арга бод гэж түүнд одоо хүртэл юунд эс хэлнэм?» гэхэд нь эмгэн би «Одоо хэлье» гээд хүү дээрээ ирээд «гагцхүү зарга ялгагчийн гэргийн хүчээр чамайг гяндангаас гаргасан бил ээ. Одоо чи оронд нь мэнгэт Ала-ад-диныг алж, шивэгчин Ясминыг Хабазлам Базазад аваачиж өгөх болж дээ» гэхэд нь «Энэ бол туйлын амархан. Би энэ орой явж гүйцэтгэе» гэж Ахмед хэлжээ.
Энэ шөнө шинийн нэгний шөнө тул Халиф шивэгчин юм уу, боол зардсан хүнийг чөлөөлж Зубейда11 хатантай унтдаг бөгөөд хаан хувцсаа тайлж, чичлүүр хутга, эрих, бөгж, тэргүүтнийг цөмийг зочдын өрөөний залардаг ширээнээ тавьж орхидог заншилтай байжээ.
Халифт бас алтан гинжтэй эрдэнийн чулуу шигтгээтэй, зулын алтан хорготой, түүндээ их хайртай ажээ. Түүнийг бусад бүх юмтайгаа тайганаар мануулаад Зубейда хатан дээрээ орсон ажээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 12
  • Büleklär
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 01
    Süzlärneñ gomumi sanı 4529
    Unikal süzlärneñ gomumi sanı 1991
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 02
    Süzlärneñ gomumi sanı 4698
    Unikal süzlärneñ gomumi sanı 1841
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 03
    Süzlärneñ gomumi sanı 4615
    Unikal süzlärneñ gomumi sanı 1877
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 04
    Süzlärneñ gomumi sanı 4599
    Unikal süzlärneñ gomumi sanı 1825
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 05
    Süzlärneñ gomumi sanı 4400
    Unikal süzlärneñ gomumi sanı 1694
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 06
    Süzlärneñ gomumi sanı 4644
    Unikal süzlärneñ gomumi sanı 1699
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 07
    Süzlärneñ gomumi sanı 4605
    Unikal süzlärneñ gomumi sanı 1797
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 08
    Süzlärneñ gomumi sanı 4302
    Unikal süzlärneñ gomumi sanı 1916
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 09
    Süzlärneñ gomumi sanı 4667
    Unikal süzlärneñ gomumi sanı 1802
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 10
    Süzlärneñ gomumi sanı 4474
    Unikal süzlärneñ gomumi sanı 1793
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 11
    Süzlärneñ gomumi sanı 4517
    Unikal süzlärneñ gomumi sanı 1665
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 12
    Süzlärneñ gomumi sanı 4527
    Unikal süzlärneñ gomumi sanı 1645
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 13
    Süzlärneñ gomumi sanı 4706
    Unikal süzlärneñ gomumi sanı 1742
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 14
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1740
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 15
    Süzlärneñ gomumi sanı 4719
    Unikal süzlärneñ gomumi sanı 1697
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 16
    Süzlärneñ gomumi sanı 4608
    Unikal süzlärneñ gomumi sanı 1703
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 17
    Süzlärneñ gomumi sanı 4667
    Unikal süzlärneñ gomumi sanı 1705
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 18
    Süzlärneñ gomumi sanı 4686
    Unikal süzlärneñ gomumi sanı 1633
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 19
    Süzlärneñ gomumi sanı 4759
    Unikal süzlärneñ gomumi sanı 1698
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 20
    Süzlärneñ gomumi sanı 4628
    Unikal süzlärneñ gomumi sanı 1860
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 21
    Süzlärneñ gomumi sanı 1800
    Unikal süzlärneñ gomumi sanı 1036
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.