🕥 34 minut uku

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 05

Süzlärneñ gomumi sanı 4400
Unikal süzlärneñ gomumi sanı 1694
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
   Тэр сайхан байшинд орж суумагц гэрийн тэр эзэн авхай тэргүүнд сувд эрдэнэсийн чимэг зүүж нүүрт оо энгэсэг тавин гарч ирээд чи үнэхээр ирэв үү хэмээн намайг тэврэн, амаар миний хэлийг шимсэнд би түүний хэлийг шимж,
   — За би боол ирлээ гэсэнд охин өгүүлрүүн: Ирсэн чинь юутай сайн. Би чамайг үзсэнээс хойш нойр хоолыг цөм гээв гэсэнд би ичингүйрэн тэргүүнийг дорогш дарж энэ зовлон надад бас тохиолдов хэмээн хэлэлцэн суутал удалгүй ширээ засаж зүйл бүрийн амттан сайхан хоол авч ирсэнд цадтал идээд угаалгын газарт гарыг угааж, биед тэргүүлэгч цэцгийн заарт ус шүршиж харилцан мөрөөдсөнийг хэлэлцэн суухад миний хамаг мөнгө хөрөнгө цөм өчүүхэн мэт санагдаж, гагц охиныг янаглан хүснэ.
   Тийнхүү үнсэлцэн наадсаар шөнө болсонд шивэгчин охид архи зууш авчирч ширээ зассанд шөнө дунд болтол хуримлан цэнгэлдэж тэр охин лугаа хонов. Хүн болсоор урьд хожид тийм шөнийг би үнэхээр үзсэнгүй.
   Тэндээс өглөө болсонд динарыг ороосон алчуурыг охины дэвсгэрийн дор орхиж салах ёс хийж гарахад охин уйлан асууруун:
   Чиний энэ хайртай улаан нүүрийг дахин хэзээ олж үзнэ хэмээн асуусанд би энэ орой ирнэ гэж гадагш гарч өчигдрийн илжигч, хаалганы өмнө намайг хүлээн буйг үзээд илжгийг унаж Масрурын дэнд хүрч тэр илжигчинд наран шингэхийн үест намайг энд хүлээгтүн гээд хагас динар шагнан өгөв.
   Тэндээс олон худалдаачинд зээлдэн худалдаалсан барааны үнийг хураан авч охинд хүргэх амттан жимс зууш худалдан авч нэгэн үүрэгч хүнийг хөлслөн хүргүүлж, илжигчин хүн хүрч ирсэнд тавин динарыг нэгэн алчуурт боож авхайн гэрт очвол, цасан дусал чулууг хэдийний арчиж, зэсийг өнгө ортол зүлгээд олон дэн зул шатааж, ширээнд зүйл бүрийн архи дарс, идээ зуушийг засжээ.
   Миний тэр сэтгэл зүрхний янаг хүн намайг үзмэгц намайг их л мөрөөдүүлэв хэмээн тэвэрч хамт суун хоол идэж бармагц жаргах танхимд орж унтсанд өглөө болоход урьд ёсоор тавин динарыг үлдээн гарч, илжиг унан дэнд ирж баахан амран унтаад зүйл бүрийн цэцэг жимс, амттай идээ зууш худалдан авч охины гэрт хүргүүлээд тавин динарыг алчуурт боож урьд адил илжигчнээр хүргүүлэн охины гэрт очиж идээ ундааныг цэнгэлдэн ууж идээд унтаж өглөө болсонд динартай зоосыг орхиж илжигчний илжгийг унаж дэнд буцав.
   Энэ мэтээр цэнгэн жаргаж суутал нэгэн өглөө босвол харин нэг ч зоосгүй болсон ажээ. Үүнд гаслан гашуудаж дэнгээс гараад Бейн аль-Касрейн гудамжаар, явж Зүвейлийн хаалганд хүрвэл маш олон хүн чихцэлдэн зогсоно. Тэнд хүрч олны дунд шахцалдан ороход эртний хувь зохиолоор нэгэн цэргийн хүнтэй тохиолдож гараар санамсаргүй түүний өвөрт хүрвэл мөнгөний сав миний гарт баригдсан тул сэмхэн сугалж авсанд тэр цэргийн хүн өвөр гэнэт хөнгөн болсонд сэжиглэж гараар тэмтрэн үзвэл мөнгө үгүй болсонд миний зүг эргэж бялуугаар тэргүүнийг цохиж унагасанд олон хүн шуугилдан тэр цэргийн хүний жолоо цулбуураас барьж чи энэ залууг чихцэлдэн түлхэнэ гэж жанчина уу хэмээн шуугилдсанд тэр цэргийн хүн хараан:
   — Энэ хар хулгайч миний мөнгийг хулгайлав хэмээтэл би баахан сэхээ орж сонсвол хүн намайг энэ залуу сайхан царайтай сайн хүн, юм хулгайлах ёсгүй гэнэ. Зарим нь мөн мөн хэмээн итгэнэ. Зарим нь биш биш хэмээн сэжиглэн маргалцаж намайг тэр цэргийн гараас аван салгасугай хэмээтэл эртний хувь зохиолоор Вали заргач дарга цэргийг дагуулан тэр хаалгаар орж ирээд олон хүний шуугилдан буйг үзэж энэ юу болов хэмээсэнд тэр цэргийн хүн өгүүлрүүн:
   Би энэ нэгэн хулгайчийг барив. Миний өвөрт хорин динартай хөх, хэтэвч байсныг энэ хүн сэм хулгайлан авав гэсэнд Вали заргач үүнийг нэгжигтүн хэмээн хуяг цэрэгт тушааж нэгжүүлсэнд тэр цэргийн алдсан эд мэдүүлсэн тооны ёсоор гарсанд заргач их л хилэгнэн уурлаж чи энэ мөнгө хулгайлснаа хүлээнэ үү хэмээн зандран асуусанд би тэргүүнийг ичингүйрэн дарж үүнийг хулгайлаагүй гэвэл нэгэнт тэр мөнгө миний хувцсан дотроос гарсан тул хүн итгэхгүй биз ээ. Хулгайлсан үнэн хэмээвэл биед зовлон ирнэ гэж эргэцүүлэн бодвол зайлах газар нэг ч үгүй тул би хулгайлсан үнэн хэмээсэнд заргач, зандалчинд тушааж энэ. хулгайчийг тогтсон цаазын ёсоор баруун гарыг цавч хэмээн тушааснаар миний баруун гарыг цавчсанд тэр цэргийн хүн өрөвдөж намайг заргачаас гуйн авсанд зөөлөн сэтгэлтэй хүмүүс надад дарс уулган тэнхрүүлэв.
   Тэр цэргийн хүн, чи сайхан царайтай залуу хүн байнам. Үүнээс хойш битгий хулгай хийгтүн хэмээн хэтэвч, мөнгийг надад өгч явсанд би тас цавчсан гарыг бөсөөр ороож өвөрлөөд авхайн гэрт очиж муужран хэвтсэнд авхай, миний зүс царай шарлан муудсаныг, үзээд чамд ямар өвчин тусав. Чиний царай их л муу байнам хэмээсэнд миний толгой өвдөж, дотор муу байна гэвэл тэр авхай өгүүлрүүн: Чи үнэнийг хэлэгтүн, чиний царайг үзвэл эрхгүй өөр нэгэн учир буй. Би чиний төлөө их л санаа зовно гэсэнд, миний бие муу байна. Олон үг хэлэлцэхээс хэлтрүүлнэ үү гэсэнд уухилан өгүүлрүүн:
   Чиний зан ааш надад нэгмөсөн хувьсав. Чи намайг гээнэ үү хэмээн байн байн миний өвчний учрыг асуусанд би огт хариу өгсөнгүй шөнө болсонд оройн хоол авчирвал би гаргүй болсныг мэдэгдэхээс зовж, би энэ өдөр хоол идэх дургүй хэмээсэнд авхай асууруун: Чи энэ өдөр ямар хэрэг тарьж бие сэтгэлээ зовоов. Надад түүний учрыг нэгд нэгэнгүй хэлж өгнө үү гэсэнд яаралгүй хэлье гэтэл дарс авчирч өгүүлрүүн: Үүнийг уувал чиний дотор уужим болох буй заа. Чи эрхгүй энэ дарснаас амсаж ямар хэрэг гарсныг надад хэлэгтүн гэхэд чи миний энэ явдлыг заавал хэлүүлье гэнэ үү гэвэл, би их л сонсохыг хүснэ гэсэнд чи миний явдлыг үнэхээр сонсохыг хүсвэл надад өөрийн гараар архи хийж уулгагтун хэмээсэнд нэгэн хундага уулгаж дахин нэгэн хундага барьсанд солгой гараар тосон авч уйлахад авхай их дуун алдаж өгүүлрүүн:
   — Чи юунд уйлна. Чиний гаслах гашуудахыг үзээд миний элэг зүрх эмтэрнэ гэсэнд миний гарт хатги гарав хэмээсэнд одоо шахах цаг хараахан болоогүй тул үзүүлээд яах вэ хэмээв хундагатай архи уусанд авхай байн байн архи хийж шаардан уулгасаар намайг согтоон унагаж нэгжин үзэхэд миний өврөөс тэр цэргийн хүний өгсөн алттай хэтэвчийг олж гаргүй болсныг үзээд учрыг мэдэж миний төлөө сэтгэл санаа зовсоор нойргүй хонож өглөө намайг боссонд дөрвөн тахианы шөл чанаж идүүлэн нэгэн хундага архи уулгасанд, өчигдрийн алтыг үлдээж явсугай хэмээтэл авхай хориглон суутгаж өгүүлрүүн:
   Чи надад халуун сэтгэлтэй болж, алт мөнгийг бараад гаргүй болоход хүргэсэн ажээ. Би чамаас хагацан салахыг үнэхээр түвдэхгүй хэмээн олон гэрчийг дуудан ирүүлж өгүүлрүүн: Би энэ залуу хүнтэй ханилан суухыг санаа нэгэнт тогтов. Энэ авдарт буй миний алт мөнгө болоод орон сав, боол шивэгчин цөм энэ залуу хүний хөрөнгө болсныг гэрчлэн тэмдэглэгтүн хэмээн батлан тэмдэглэх бичиг хийж надад тушаан өгөөд гараас хөтлөн дагуулж сангийн байшинд аваачин нэгэн их авдрыг нээн үзүүлж түүний доторхыг таних уу хэмээн авдар дүүрэн алчууртай юмыг зааж өгүүлрүүн:
   Энэ цөм чиний авчирсан алт болой. Би түүнийг энд хураан хадгалсаар нэгэн авдар дүүрэв. Эдүгээ энэ алтыг авч дахин баян болтугай. Чи миний төлөө зовлонд унаж баруун гарыг алдсан атал би ямар аймшиггүй чиний энэ их ачийг үл хариулна хэмээн хамаг эд эрдэнэсийн зүйлийг бүрнээ надад тушаан өгч миний төлөө сэтгэл зовж хоносонд би тэр шөнө хамаг явдлаа тоочиж хоносныг үл өгүүлэн өгүүлэх нь:
   Миний эм удалгүй хүнд өвчин тусаж тавин хоногийн дотор нас нөгчсөнд Коран ном уншуулан өглөг буян үйлдэж оршуулаад өв хөрөнгийг бүртгэн үзвэл гацаа хуй, орон сав, эд эрдэнэсийн сан хөмрөг маш арвин ажээ.
   Чамд худалдсан хүнжид бол тэр олон сангийн доторх нэгэн гүнждийн сангаас гарсан нь бил ээ. Бусад олон санд хадгалсан юмыг худалдсаар үнийг эдүгээ хүртэл бүрнээ хураан авч завдаагүй тул чамаас тэр гүнждийн мөнгийг шаардсан үгүй бүлгээ. Эдүгээ би нэгэнт чиний идээг амссан тул тэр мөнгийг чамд бэлэг болгон барья.
   Миний солгой гараар хоол идэж, баруун гаргүй болсон учир энэ бил ээ хэмээгээд чи намайг дагаж манай газар очих үгүй юү. Би танай Каир Александр газрын эд барааг худалдан авч нутагтаа буцахыг завдан буй хэмээсэнд гарах сарын шинэдээр болзоо тогтож буй бүхий хөрөнгө хогшлыг худалдан зүйл бүрийн бараа авч танай энэ газар дагалдан ирсэнд тэр залуу хүн авчирсан барааг худалдаад танай эндээс зүйл бүрийн бараа авч мисир газар худалдаа хийхээр одсонд би энд үлдэж хонотол ийм хэрэг гарчээ.
   Ай цагийг эзэлсэн хаан аа! Миний энэ түүх энэ нуруугүй хүний явдлаас илүү сонин биш үү хэмээсэнд хятадын хаан өгүүлрүүн: Та нарыг цөм цаазаар аваачилтай хэмээсэнд тогооч нарын дарга урагш дэвшин айлтгаруун: Хаан зөвшөөрөн соёрхвол би энэ нуруугүй хүнийг олохын өмнө гарсан явдлаа хэлсүгэй. Хэрэв миний энэ түүх нуруу муутын түүхнээс илүү сонин бол хаан миний амийг хэлтрүүлнэ үү хэмээсэнд хаан зөвшин хүлээв.
   Үүнээс хойш ямар сонин түүх гарахыг дараа бүлэгт үзтүгэй.
  
  
  ГУРАВДУГААР БҮЛЭГ
  
  
   Өгүүлэх нь:
   Тогооч нарын дарга олны дотроос давшин гарч өгүүлрүүн: Би өчигдөр үдэш нэгэн айлд очвол тэр гэрийн эзэн олон хуульч нарыг урьж Коран номыг уншуулан төгссөнд ширээ засаж хурагсдыг зочлоход олон зуушны дотор цуунд дарсан чихэртэй буйлс тавьсныг олон хүн идтэл нэгэн залуу тэр бүйлсийг үзмэгц яаран зайлсанд олон түүнийг энэ бүйлснээс амсагтун хэмээн баалахад би үүний урьд бүйлс идэж залгисан тул одоо хэрхэвч идэхгүй хэмээн ам алдахад олон түүнийг идэгтүн хэмээн дахин дахин шаардсанд тэр залуу өгүүлрүүн: Хэрэв би энэ бүйлсийг идэх албатай бол гарыг дөчин удаа саван, дөчин удаа сод, дөчин удаа шүлтээр бүгд зуун хорин удаа угаавал сая иднэ хэмээсэнд хуримын эзэн олон шивэгчинд тушааж тэр залуугийн хэлсэн бүгдийг бэлтгүүлсэнд арга буюу гарыг зуун хорин удаа угааж, ширээний өмнө их л зэвүүцэн очиж гар нь чичрэн, эмээн сарвайж хар хүчээр залгин идсэнд олон цөм гайхан үзтэл тэр залуугийн гар эрхий хуруугүй ажээ.
   Үүнийг үзээд Аллах чамайг ийм заяав уу, хойно ийм болов уу хэмээсэнд тэр залуу өгүүлрүүн: Миний ганц эрхий бус, нөгөө гар бас ийм. Хоёр хөлд мөн үүний адил хэмээн үзүүлсэнд бид бүгд гайхан асууруун: Чи яахан хуруугүй болов. Үүнд лав нэгэн сонин учир бий биз ээ. Бас гарыг зуун хорин удаа угаасан нь юу бил ээ. Үүний учрыг сонсохыг хүснэ хэмээсэнд тэр залуу өгүүлрүүн:
   Миний эцэг Харун ар Рашида-гийн үеийн Багдад хотын нэгэн их баялаг худалдааны хүн бүлгээ. Архи дарс, дуу хөгжимд их дуртай тул эцгийг насан эцэс болсонд хүүрийг оршуулан ном уншуулж пүүсийг нээн данс бодвол эд хөрөнгөнөөс үлдсэн нь их л бага, бусдад өгөх өр шир өчнөөн төчнөөн гарсанд өр нэхэгчдийг түр аргацаан гуйж, дахин пүүс нээж олсон ашгийг өр нэхэгчдэд хэсэг хэсгээр төлсөөр эцгийн тавьсан өр ширийг бүрнээ дарж өдөр шөнөгүй хичээн оролдож суутал нэг өдөр гэнэт нэгэн маш сайхан залуу авхай өмнө хойноо нэжгээд боол дагуулан луус унаж ирээд олон пүүс хараахан нээгдээгүй тул миний пүүсийн өмнө лууснаасаа бууж «Ай залуу танай энэ пүүст сайн торго бий юу» хэмээн нүүрийн бүрхүүлийг орхисонд тэр авхайн саран мэт сайхан царайг үзээд тэсгэлгүй янаглан хүсэж, - аяа боол би ядуу тул манай үгээгүй пүүст эрхмийн санаанд тохирох сайн торго үгүй болов уу, баахан хүлцэн хүлээвэл олон пүүс нээсэн цагт аль дуртай торгыг авчирч өгье хэмээн тэр авхайн гэрэлтэй сайхан царайг их л хүсэн үзэж хэлэлцэн суутал олон пүүс нээгдсэнд тэр авхайн захисан зүйлийг бүрнээ авчирч өгвөл дагалт боолд тушаан өгч луусыг унан үг дуугүй явсанд би торгоны үнийг нэхэж чадсангүй, таван мянган дирхэмийн үнийг биедээ хүлээв.
   Тэндээс гэртээ буцаж ирээд тэр авгайн гоо сайхныг санах бүр улам хүсэн нойр алдсанд авхайг хүлээвэл огт үзэгдэхгүй, чингэтэл олон пүүсийнхэн урьдын авсан торгоны үнэ таван мянган дирхэмийг байн байн шаардан нэхсэнд арайхан хэмээн долоо хоногийн болзоо гуйж хүлээн суутал авхай луус унаж хоёр боол нэг тайганыг дагуулан ирж ёслон өгүүлрүүн:
   — Аяа бид эрхмийн торгоны үнийг удтал хүлээлгэлээ хэмээн мөнгийг тушаан өгч, бас тийм тийм зүйлийн эд авна хэмээснийг олон пүүсээс нийлүүлэн өгвөл бүгд үнэ нэгэн мянган динар болжээ. Тэр авхай захисан зүйлийг хураан авч урьд адил үг дуугүй явсанд би их л гашуудаж надад таван мянган дирхэм өгч нэгэн мянган динарын эд авах ямар сэтгэлтэй хүн бил ээ. Би энэ их үнийг юугаар төлж дуусгана. Олон нүүсний хүн намайг танихаас биш түүнийг мэдэхгүй буй заа. Энэ авхай лав намайг өөрийн сайхан өнгө зүсээр бачлан мэхэлж дарласан байх нь. Би түүнд мунхагдаж нэр ус, гэр хороог асуусангүй бачлагдав хэмээн санаа зовж сар илүү хүлээвэл олон пүүсийн хүн эдийн үнийг байн байн шаардан нэхэж их л хавчсанд одоо балран мөхөв хэмээн хамаг газар ус, эд хөрөнгөө худалдахаар тогтож гашуудан суутал нэгэн өдөр тэр авхай гэнэт орж ирсэнд урьдах зовлонг цөм умартан, түүний сайхан үгийг сонсон тэсгэлгүй баярлан жаргасанд арайхан эс үхэв.
   Тэр авхай урьдах мөнгийг илүүтэй өгч чамд эм бий юү хэмээвэл үгүй хэмээгээд уйлсанд чи юунд уйлав гэхэд гайгүй гайгүй миний уйлах бага хэрэг хэмээн хэдэн динар авч миний энэ хэрэгт зуучлан тусална уу хэмээн тайганд сэм өгч гуйван дайван инээн өгүүлрүүн:
   Миний туслах хэрэг өчүүхэн буй заа. Тэр чамайг хүсэх нь чиний түүнийг хүсэхээс хэдэн хувь илүү болой.
   Чамаас байн байн торго худалдан авах нь угтаа торго хэрэглэх нь бус тусгайлан чамайг олж үзсүгэй хэмээсэн нь буюу. Чамд хэлэх үг буй бол шууд хэлэгтүн. Тэр үл хүлээх ёсон буй буюу хэмээн хэлэлцэж динар өгснийг тэр авхай сэмхэн үзсэн бүлгээ. Түүний өмнө очиж сэтгэлийн үгийг илтгэн хэлбэл зөвшин хүлээж чи энэ тайганы үгээр явтугай хэмээгээд тайганд чи миний захидлыг энэ хүнд хүргэгтүн хэмээн тушааж одсонд урьд авсан торгоны үнийг олон пүүст тушаан өгч авхайг хүлээн мөрөөдсөөр хэд хоносонд нэгэн өдөр тайган ирж авхайн бие өвчтэй гэсэнд шаардан асуувал өгүүлрүүн:
   — Чиний тэр авхай Харун ар Ра-шид-Халифын хатан Ситт Зубейдагийн тэжээн хүмүүжүүлсэн нэгэн дотно шивэгчин бүлгээ. Ордноос өөрийн дураар орох гарах зөвшөөрлийг хатнаас гуйн олж удалгүй харшийн тэргүүлэгч болоод хатанд чамтай сэтгэлтэй болсныг гарган хэлж нийлүүлэхийг гуйсанд Ситт хатан, би тэр залуу хүнийг үзээгүй атал энэ хэргийг хэрхэн хүлээнэ. Хэрэв тэр хүн үнэхээр чамтай адил бол чамайг түүнд сая богтлон өгч болно гэсэн тул бид чамайг сэмхэн ордонд оруулсугай хэмээжээ. Хэрэв чи ордонд орвол чиний хэрэг бүтэх нь алга урвуулах адил хялбар. Гагцхүү ордонд ортол баригдвал чи толгойгүй болно. Энэ хэрэг чиний санаанд ямар хэмээсэнд юу ч болсон буцахгүй. Үхэх сэхэхийг чамайг дагаж ялган үзнэ гэсэнд тайган өгүүлрүүн:
   — Чи Ситт хатны Тигр мөрний хөвөөнд байгуулсан сүмд энэ үдэш мөргөөр очиж хоногтун хэмээсэнд эрдмийн захиаг хичээнгүйлэн дагасугай хэмээн үдэш болсонд тэр сумд очиж мөргөн хоносонд өглөө гэгээрэхийн үест гэнэт хоёр тайган хэдэн хоосон авдар авчирч сүмд оруулан нэг тайган авдрыг сахин үлдсэнд үзвэл надад зууч хүн болсон тайган ажээ.
   Удалгүй миний сэтгэл зүрхний янаг хүн ирж уяран уйлж тэврэн золгосонд янаг амрагийн үгийг хэлэлдэн намайг нэгэн авдарт, хийж бусад авдарт элдэв юм хураан дүүргэж олон авдрыг онгоцноо ачиж Ситт хатны ордны зүг одсонд би авдар дотор хэвтсээр сэтгэл зовж аяа миний санасан хэрэг бүтнэ үү үгүй юү хэмээн тэнгэрт залбиран уйлбал онгоц усчлан явсаар Халифын ордны тушаа хүрч авдрыг ордонд оруулан хааны хатныг үйлчлэх тайгануудын хажуугаар өнгөрөн гартал нэгэн өвгөн тайган нойрноос сэрж охиныг дуудан асууруун:
   — Чиний энэ авдар дотор ямар юм буй гэвэл хатны юм хэмээсэнд тайган өгүүлрүүн: Энэ авдрыг дараалан нээж доторхыг надад үзүүлэгтүн: хэмээсэнд чи үзээд юү хийнэ гэсэнд олон үг бүү нуршигтун, хурдан үзүүл хэмээн зандран босож миний хэвтсэн авдрыг нээн завдмагц сүнс зайлтал айн, шээс алдсанд охин өгүүлрүүн:
   — Ай дарга чи болгоомжгүй хөдөлж энэ авдарт буй нэгэн түмэн динарын юмыг эвдээд намайг чирэгдүүлэн, өөрийн биеийг ялд унагав. Энэ авдар дотор зүйл бүрийн торгон хувцас хийж, дээр нь дөрвөн манн земземын ус тавьсныг чи бүдүүлгээр хөдөлж асгасан тул авдар доторх сайхан торгон хувцасны өнгө будаг цөм эвдэрсэн буй заа.
   Чи энэ гоожин гарах усыг үзэгтүн хэмээсэнд тайган сандан мэгдэж за за бушуу явагтун. Би чиний энэ авдар үзэхийг байвал барав хэмээн өнгөрөөн тавьсанд олон зардсан авдар өргөж цааш явтал гэнэт ай халаг халаг Халиф эзэн ирлээ хэмээн шуугилдахыг сонсож сүг сүнсгүй айж одоо надад Аллахаас өөр авралгүй, болов. Энэ цөм надаас гарсан зовлон миний толгой дээр ирэв хэмээн гаслан хэвттэл сонсохул Халиф миний янаг хүнээс асууруун: Чи энэ авдарт ямар юм хийж аймшиггүй ордонд оруулна хэмээвэл охин өгүүлрүүн: Энэ олон авдар дотор цөм Ситт хатны гоёлын хувцас бий гэсэнд Халиф авдрыг надад нээн үзүүлэгтүн хэмээн өгүүлснийг сонсоод үхтэл айж за одоо миний насны тоо гүйцэв. Хэрэв би энэ удаа бүтэн гарвал үг дуугүй энэ охиныг богтлон авсугай. Хэрэг одоо задарвал би толгойгүй болов заа.
   Аяа, Аллахаас өөр тэнгэр үгүй буюу Мухаммед гэгч Аллахын заяасан их богд мөн буюу хэмээн итгэл унштал охин өгүүлрүүн: Энэ авдруудад надад итгэмжлэн захисан Ситт хатны хувцас хэрэглэл буй болой. Хатнаас бусад хүнд хэрхэвч үзүүлж болохгүй хэмээн захисан бүлгээ хэмээсэнд Халиф би энэ авдрыг заавал үзнэ хэмээн олон тайгануудыг дуудаж энэ авдруудыг авчирч нээгтүн хэмээн тушаасанд би одоо гарцаагүй үхдэг цаг ирэв хэмээн чичрэн дагжин хэвттэл олон тайган авдрыг Халифийн өмнө дамжлан авчирч нээсэнд зүйл бүрийн торго, үнэртэн тансаг эд хувцас тэргүүтэн гарсанд дараалан үзсээр миний авдарт хүрсэнд тайганууд гарыг сарвайж өргөсүгэй хэмээтэл охин яаран Халифын өмнө очиж айлтгаруун:
   — Энэ авдрыг хэрхэвч энд нээж үл болно. Хэрэв та үзсүгэй хэмээвэл үүний дотор хатны нууц зүйл буй тул бид гагцхүү Ситт хатны өмнө нээж үзүүлнэ гэсэнд Халиф сая охины үгийг дагаж тавьсанд олон тайган авдрыг өргөж дотогш оруулан нэгэн газар тавьсанд миний янаг хүн авдрыг нээж өгүүлрүүн: Одоо хоёул нэгэнт өнгөрсөн тул цээжээ тэнийлгэж сэтгэлийг тавиун болгогтун. Ситт хатан энд ирж чамайг үзнэ. Хувь буй бол чи бид хоёрын хэрэг бүтэх нь юуны магад хэмээн баахан хүлээн суутал гэнэт тэргэл саран мэт үзэсгэлэн сайхан шивэгчин эмс ирээд тав таваараа эсэргэлдэн зогссонд өндөр цээжит хорин шивэгчин эмс Ситт хатныг дундаа хавчин гарч ирээд миний өмнө хүрч хатныг тойрон зогссонд үзвээс хатанд зүүсэн чимэг, өмссөн хувцас маш олон тул арай гэж хөдөлж явна. Хатны өмнө ёслон мөргөсөнд суу хэмээн дохиж миний гэр сурвалжийг нарийвчлан асуусанд цөм хариулбал баярлан өгүүлрүүн:
   Манай сурган хүмүүжүүлсэн энэ охин сонгоход ташаарсангүй хэмээгээд миний зүг өгүүлрүүн: Би энэ хүүхнийг өөрийн хүүхний адил тэжээсэн бүлгээ. Эдүгээ Аллах чамд заяав хэмээн тэр охин бид хоёрын эр эм болохыг зөвшин хүлээсэнд хишигт мөргөн ёсолбол хатан өгүүлрүүн:
   — Чи манай энэ газарт арав хоногтун. Би Халиф лугаа хэлэлцэн энэ хэргийг нэгэн тийш болгосугай гэсэнд хатны ордонд охиныг үзэлгүй арав хоносонд нэгэн шивэгчин өглөө үдшийн хоолыг авчирч өгнө. Халиф миний хүсэх хэргийг зөвшин тогтоож охинд инж болгон сангаас нэгэн түмэн динар шагнан, олгосонд арав хоногийн эцэст Ситт хатан олон гэрч зууч заргач нарыг дагуулан ирж охин бид хоёрын холбох, бичиг зохион тогтоож хорин хоногийн их найр хийсний эцэст охин халуун усанд орж ирсэнд шарсан тахиа, цуунд дарсан чихэртэй бүйлсийг тэргүүлэгч цэцгийн заартай усаар шүршсэн хоолны зэрэг зүйл бүрийн нарийн зууш бэлтгэж ширээ зассанд би бүйлсийг амтархан цадтал идээд гар угаахыг мартан суутал харанхуй болсонд олон дууч эмсийн гэц барьж царгил дэлдэн ирээд охиныг ордны дотор дагуулан явж алт бэлэглэсээр ордныг эргэж гүйцмэгц охиныг дагуулан ирж хувцсыг тайлан хөнгөлж бүгдээр зайлсанд тэсгэлгүй баярлаж охиныг тэвэртэл миний гараас анхилах бүйлсний үнэрийг мэдмэгц их дуу тавьсанд олон шивэгчин яаран сандан гүйн орж ирээд юу болов хэмээн асуусанд охин намайг зааж өгүүлрүүн:
   — Үүнийг зайлуулагтун: Би үүнийг ухаантай хүн гэж санасан бил ээ. Үзвэл галзуу тэнэг хүн байнам гэсэнд би яахин галзуу тэнэг болов хэмээн асуувал, өгүүлрүүн: Чи бүйлс идээд гарыг угаасангүй нь галзуу тэнэг бус уу? Чамаас үүний хариуг заавал авна, Чам шиг хүн намайг эдлэх хувьгүй хэмээн мушгимал ташуур авч нуруу бөгсгүй ташуурдан муужруулж олон шивэгчид тушаан өгүүлрүүн:
   — Энэ мууг аваачиж хотын мэдээч ноёнд тушаан бүйлс идээд эс угаасан гарыг цавчуулагтун гэсэнд би гашуудан өгүүлрүүн: Аяа би угаахыг осолдсонд гарыг цавчих нь юутай гашуун хилс хэмээн гасалсанд олон шивэгчин гуйн өгүүлрүүн: Эгч та энэ нэгэн удаа түүний осолдсоныг хэлтрүүлэн өршөөж хилэнг тайтгаруулна уу гэж гуйсанд тийм бол тэнгэр мэдтүгэй. Би үүний биеэс эрхгүй нэг юм огтолж хорсголыг тайлна хэмээн уурсан босож одоод арван хоногийн эцэст ирж зандран өгүүлрүүн:
   — Аяа хар царайт би чамайг залхаан цээрлүүлж хашраана. Чи үүнээс хойш бүйлс идээд гар угаахыг осолдоно уу гэж олон шивэгчнийг зандраа тушааж, миний гарыг хүлүүлээд хурц хутга авч гар хөлийн эрхий хурууг огтолсонд би муужран унаж сэхээ орвол охин шарханд эм тавьж цусыг зогсоосонд би ам алдан өгүүлрүүн:
   — Аяа би үүнээс хойш бүйлс идвэл гарыг дөчин удаа сод, дөчин удаа саван, дөчин удаа шүлтээр угаахаас нааш идэхгүй хэмээсэнд охин миний ам тангаргийг авч тавьсан бүлгээ. Энэ хуримд бүйлс базаасныг үзээд үүнээс болж би эрхий хуруугүй болсон бил ээ хэмээн царайг хувилгаж зайлсанд та нар намайг албадан шахсанд арга буюу ам алдсан ёсоор гарыг угаасан бил ээ гэсэнд олон асууруун: Чиний тэр хуруу огтолсон хойно юу болсон бил ээ гэсэнд тэр залуу өгүүлрүүн: Миний ам алдсан хойно охины уур тайтгарч тэр шөнө хамт хонож хааны ордонд хэд хонотол миний эм өгүүлрүүн:
   — Чи бид хоёр одоо хүртэл Халифын ордонд суух нь ёсонд нийлэхгүй. Энд гаднын хүн орж болохгүй бүлгээ. Чиний орж ирсэн нь гагцхүү Ситт хатны ач бил ээ гэж үүгээр нэгэн уудам сайхан байшин худалдан авагтун хэмээн таван түмэн динар өгсөнд нэгэн уудам багтаамжтай үзэсгэлэнт сайхан байшин худалдан авч, хамаг эд эрдэнэсийн зүйлийг зөөн аваачиж нүүн орсон бүлгээ.
   Миний эрхий хуруугүй болсон учир энэ болой хэмээсэнд олон бүгдээр хуримлан найрлаж тараад гэр гэртээ харьтал би энэ нуруугүй хүнтэй тохиолдож энэ хэрэгт холбогдсон бил ээ. Миний хэлэх үг одоо дуусав хэмээсэнд хаан өгүүлрүүн:
   — Чиний энэ үг нуруугүй хүний явдлаас илүү сонин үгүй харин бэртэнгэ нуруутны явдал илүү сонин гайхамшигтай тул та бүгдийг дүүжлэн алтугай хэмээсэнд еврей урагш давшин гарч айлтган өгүүлрүүн:
   — Ай цагийг эзэлсэн хаан аа! Би энэ нуруугүй хүний явдлаас илүү сонин гайхамшигтай явдлыг хэлсүгэй хэмээсэнд Хятадын хаан үг буй бол өчтүгэй хэмээн зөвшин хүлээв.
   Энэ еврейн гайхамшигт явдлыг мэдсүгэй гэвэл дараа бүлэгт үзтүгэй.
  
  
  ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
  
  
   Өгүүлэх нь:
   Еврей оточ олны дотроос урагш давшин гарч хаанд айлтган өгүүлрүүн: Миний залуу цагт үзсэн нэгэн сонин хэргийг өгүүлбээс, би урьд Сирийн Дамаск хотноо сургууль хийж бүхийд нэгэн өдөр Дамаскын эзний нэгэн боол ирж манай ноён чамайг дуудлаа гэж ордонд дагуулан аваачиж зурвас алтаар чимсэн арц модон орон дээр хэвтэх нэгэн гоо сайхан залууг үзүүлэн, гарын судсыг барьж үзсүгэй хэмээвэл тэр залуу солгой гарыг үзүүлсэнд ийм сурвалжит гэрийн сайхан залуу хүн атал ёс мэдэхгүй нь гайхалтай гэж дотроо гайхаж судсыг бариад эм өгч арван өдрийн дотор эмчлэн сувилсанд өвчин илаарь болж тэр залуу халуун усанд орж биеийг угаан гарсанд ноён их шан хишиг хүртээж Дамаск хотын өвчтөний газрын даамал болгожээ. Үүнийг үл өгүүлрүүн өгүүлэх нь:
   Тэр залуу хүнийг дагалдан халуун усанд ороход олон зарц нар түүний хувцас хунарыг тайлсан хойно үзвэл тэр залуугийн баруун гарыг саяхан тас цавчсан сорви бүхий бөгөөд өвчин олсон нь түүнээс болсон болой.
   Үүнд гайхан үзтэл бас нуруунд нь ташуурдсан сорви бий тул түүнийг засах тосон эм хэрэглэсэн ажээ. Үүнийг гайхан үзтэл тэр залуу хүн өгүүлрүүн:
   Ай их эмч та бүү гайхагтун. Бид энэ халуун уснаас гарсан хойно хэлж өгье хэмээн гэртээ харьж идээ ундааныг идэж уугаад давхарлаг байшингийн дээр гарч, жимс зуушийг цэнгэлдэн идэж суухад тэр залууг явдлаа хэлж өгнө үү хэмээсэнд өгүүлрүүн:
   Эмчээ! Би бол Мосулын хүн бүлгээ. Миний эцгийн эцэгт арван хөвүүн буйн дотор ахмад нь миний эцэг бүлгээ. Арвуулан эрийн цээнд хүрч эм авсанд би гарсан бүлгээ. Миний есөн авга нар цөм хүүхэд үгүй тул намайг их л энхрийлэн өршөөнө. Хойно эрийн насанд хүрсэн нэгэн цагт би эцэг авгын хамт Мосул хотын цогчин дуганд сугарын мөргөл хийж, олныг тарсанд эцэг авга нар хоцрон үлдэж олон газар орон хот балгадын гайхамшиг сониныг хэлэлцэн суутал Каир хотыг дурдсанд миний авга өгүүлрүүн:
   Олон жуулчны хэлэлцэхийг сонсвол дэлхий дээр Каир хот Нил мөрөн хоёроос сайхан газар үгүй гэнэ гэж хэлэлцэх үгийг сонсоод Каирыг үзээсэй хэмээн хүстэл эцэг өгүүлрүүн: Каирыг үзээгүй хүн юү ч үзээгүй хүн гэвэл болно. Каирын шороо нь алт мэт бөгөөд түүний орчин дахь Нил хэмээгч үнэхээр гайхамшигтай мөрөн болой. Тэр газар олон эмс тэнгэрийн дагинас мэт сайхан бөгөөд орон байшин нь орд харш мэт үзэсгэлэнтэй буюу, Бас уур амьсгал нь найртай бөгөөд агар зандны адил сайхан үнэр анхилна. Та нар Каирын олон сайхан цэцэрлэгийг наран хэлбийх цагт үзвэл юутай гайхах бил ээ хэмээн Каир Нил хоёрыг түмэн зүйлээр магтан хэлэлцэж гэр гэртээ харьсанд би тэр шөнө Каирыг хүссээр нойр алдан хонож, идээ ундаанаас гарав.
   Удалгүй миний авга нар Мисирийн зүг одохыг завдсанд би дагалдан явсугай хэмээн эцгээс уухилан гуйсанд үүнийг дагуулан аваачвал Дамаскт үлдээн, Каирт бүү аваачигтун хэмээн намайг авга нарт захиж явуулсанд Мосулаас гарч Халиф хүрээд тэндээс Дамаскт хүрвэл тэнгэрсийн цэцэрлэг мэт сайхан хот ажээ. Мөн хотын нэгэн дэнд бууж авчирсан барааг худалдсанд нэгэн дирхэм бүрд таван дирхэмийн ашиг олж миний авга нар Мисирийн зүг одсонд би нэгэн сайхан байшинг сарын хоёр динараар хөлслөн сууж, идэх уухаар цагийг нөхцөөж жарган суутал нэгэн өдөр хаалганы гадна гарсанд тансаг хувцас өмссөн нэгэн гоо сайхан авхайг үзэж нүдээр дохимогц дотогш орсонд хаалгыг дарж авхайг үзвэл нүүрийн бүрхүүлийг орхиж гэгээн царайг үзүүлсэн нь ертөнцөд хосгүй сайхан тул дотроо их л бахдан хүсэж яаран ширээ засаад архи дарс уун согтож цэнгэлдэн хоноод арван динар өгсөнд охин хөмсгийг атируулан уурсан өгүүлрүүн:
   — Танай Мосулын хүн, ёс мэдэхгүй ажээ. Намайг чиний мөнгөнд шунаж ирэв хэмээнэ үү чи, үүнийг авахгүй бол Аллах мэдтүгэй. Би дахин буцаж ирэхгүй хэмээн өвөр дотроос арван таван динар гаргаж чи үүгээр идэх уух юм базаагтун. Би гурван хоногийн эцэст наран шингэх үес ирнэ хэмээн захиж салах ёс ёслон гарсанд гурван хоногийн эцэст урьдахаас улам сайхан хувцас хунар өмсөж, зүйл бүрийн эрдэнэсээр чимэглэн ирсэнд ширээ засаж урьд адил найрлан цэнгэлдэж хоносонд өглөө мөн арван таван динар өгч хуучин ёсоор болзсонд урьд урьдахаас улам сайхан хувцас өмсөж ирээд би сайхан байна уу хэмээсэнд Аллах мэдтүгэй. Чи үнэхээр сайхан байнам гэсэнд охин өгүүлрүүн:
   Би дараа өөр нэгэн хүнийг дагуулан ирж гурвуулаа цэнгэлдсүгэй. Тэр хүн хэдийнээ уйтгарлан суух тул намайг нэгэн шөнө дагуулан гарч уйтгарыг сэргээнэ үү хэмээн гуйсан бүлгээ. Зүс царай надаас илүү, нас бас дүү тийм хүн бүлгээ хэмээсэнд чингэсүгэй хэмээн тогтож найрлан цэнгэлдэж хоносонд, өглөөгүүр арван таван динар өгч, үүнээс хуримын зуушийг бэлтгэгтүн хэмээн одсонд урьд ёсоор бэлтгэн суутал, охин болзооны цагт нэгэн хүнийг дагуулан ирсэнд дэн ноцоож баярлан үзвэл бага охины царай арван тавны саран мэт үзэсгэлэн сайхан тул бахдан хүсэж яаран ширээ засаад хамт сууж, хундага өргөн дарс уусанд урьдах охин битүүгээр хорсон жөтөөрхөж ай Аллах мэдтүгэй, энэ охин надаас илүү сайхан биш үү хэмээсэнд Аллах мэдэг, энэ охин үнэхээр сайхан байнам хэмээсэнд өгүүлрүүн:
   Чи энэ шөнө түүн лүгээ хононо уу гэсэнд баярлан хүлээвэл охин бидэнд ор дэвсгэр засаж унтуулсанд өглөө сэрвэл бүх бие нойтон болсонд хөлс гарсан биз гэж өндийн босож охиныг мөрнөөс түлхэн сэрээтэл толгой нь тээр дээрээс өнхрөн унасанд сандан мэндэн босож урьдах охиныг үзвэл огт үзэгдэхгүй тул хүүхнийг надад харамсан жөтөөрхөж алсныг мэдээд ай Аллах одоо хэрхнэм хэмээн бодтол нэгэн арга олж байшингийн дотор гүн нүх ухаж охины хүүрийг булаад, цасан дусал чулуун шалыг урьд хэвээр засаж биеийг угаан шинэ хувцас өмсөөд үлдсэн мөнгөө авч гэрийн эзэнд тэр байшингийн нэгэн жилийн хөлсийг хураалгаж, би Каир хотноо авга нар лугаа золгоор очно хэмээн Каирт очиж авга нар лугаа нэгэн жил суутал нутагт буцах цаг ойртсонд сэмхэн зугтан зайлбал миний авга нар намайг эрж олсонгүй тул Дамаск хотноо буцсан буй за хэмээн эгсэнд би бүгсэн газраас гарч Дамаск хот дах тэр гэрийн эзэнд байшингийн хөлсийг жил бүр явуулсаар гурван жил Каир хотонд суутал мөнгө зоос барагдсанд Дамаск хотноо эгж мөнөөх байшинд буувал доторх юм нь урьд битүүмжилсэн хэвээр байсан тул засаж хөдөлгөтөл дэвсгэрийн дороос тэр шөнө алагдсан охины эрдэнийн чулуу шигтгэсэн хүзүүний алтан чимэг гарсанд наалдсан цусыг арилгаж охиныг өрөвдөн баахан уйлаад нэгэнт мөнгө. зоос барагдсан тул нэгэн өдөр тэр хүзүүний чимгийг авч зээлийн газар очоод нэгэн зуучид өгвөл тэр чимгийг надаас нууж бусдад сэмхэн үзүүлсэнд хоёр мянган динарын үнэ хүрэх эрдэнийн чимэг хэмээн олж мэдээд хуурмагаар өгүүлрүүн:
   Чиний энэ чимэг бол Франкуудын хийсэн хуурамч хэрэглэл ажээ. Зэсээр хийсэн тул мянган дирхэмээс хэрхэвч хэтрэн чадахгүй хэмээсэнд бид үүгээр нэгэн эмийг бачлан элэглэсүгэй гэж хэлсэн бил ээ. Түүнийг одоо миний эхнэр олж аваад худалдсугай гэх тул тэр мянган дирхэмийн үнээр өгсүгэй. Мөнгийг авчрагтун хэмээсэнд тэр зууч дотроо сэжиглэж тэр чимгийг зээлийн даргад өгсөнд зээлийн дарга Вали заргачид очиж мэдүүлрүүн:
  
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.