Latin

Монгол Хэлэндээ Машид Тохирсон Монгол Бичиг Минь - 2

Süzlärneñ gomumi sanı 4286
Unikal süzlärneñ gomumi sanı 1949
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
30-аад оны эхнээс аваад арваад жилийн туршид гэмгүй шударга иргэдийг “хувьсгалын эсэргүү” гэгч зохиомол хэрэгт холбогдуулан үй олноор хоморголон баривчилж, тамлан шүүж, хилсдүүлэн хороож байсан эмгэнэлт явдлын ойлго эргүүлэг 40-өөд оны дундуураас намжих тийш хандаж, улс төрийн хэрэгтний заримыг нь суллан тавих нь үзэгдэх боллоо. Хэлмэгдэн зовсон тэдгээр хүний зүрхний шарх эдгэрээгүй ч гэсэн ард түмний язгуур эрх ашгийг хүндэтгэн хамгаалах МАХН-ын эрхэм дээд зорилго хэвээрээ гэдэгт итгэх итгэл алдарсангүй, харин түүний удирдах хэсгийн мунхаг буруу үйлдлийг намд тохиолдсон нэгэн цагийн алдаа гажуудал хэмээн уужим сэтгэлээр уучилж, намынхаа эгнээнд дахин эргэж орохыг илэрхийлэн зохих байгууллагад хүсэж өргөсөн баримт бичгүүд архивын сан хөмрөгт олонтоо тааралддаг билээ. Түүний нэг нь Бямбын Ринченээс Ю. Цэдэнбалд хандаж бичсэн дэлгэрэнгүй өргөдөл юм.
Тэр өргөдөлд дурдсанаас үзвэл, 1945 оны нэгдүгээр сард хуралдсан Намын Төв Хорооны бүгд хурал дээр “Намын өсөлтийн байдал ба намын байгууллагын зорилгын тухай” Ю. Цэдэнбалын тавьсан илтгэл түүнд их л таашаагдсан бололтой. Илтгэлд “Нам, юуны өмнө, өөрийгөө хөгжүүлэн хувьсгана. Өөрийн мэдлэг туршлагыг шинэтгэгдэж буй байдалд тохируулна. Нам, ард түмний саналыг сонсож тэднээс суралцана. Гагцхүү алдар нэрийг хүссэн этгээд шударга шүүмжлэлд уурладаг юм. Ийм журам бол манай журам, намын журам биш. Бид ийм журамтай хайр найргүй тэмцвэл зохино. Зургийн цэцгүүд бороонд урсан гутах мэт, зусрын сайчууд шүүмжлэлд урвалзан уурлана. Уулын цэцгүүд бороонд сэргэх мэт, ухаантан сайчуул шүүмжлэл зөвлөгөөнд баясна” гэх мэтээр уран үг өгүүлсэнд Ринчен гуай хэдийгээр хэцүү хэрсүү хүн атугай ч тухайн цаг мөчид түүнд уяран үнэмшсэн юм болов уу гэлтэй.
Үнэндээ, Ринчен гуай шиг эрдэм ухаантай, чигч шударга, монгол сэтгэлтэй, тэргүүний сэхээтнээр намын эгнээг аль болохоор өргөтгөсөн сөн бол МАХН-д алсдаа их л тустай асан бөлгөө. Гэтэл гагцхүү өөрийн үзэл санаа, үйл ажиллагаатай огт тохирохгүйг сайн мэдэх, атгаг сэтгэлт Цэдэнбал түүний өргөдлийг хүлээн авсан боловч авч хэлэлцсэнгүй таг даржээ.
Тэр өргөдөл ямар ч цохолт, тэмдэглэлгүй тэр хэвээрээ архивд хадгалагдан үлджээ. Уг өргөдлийн бүрэн эхийг, товч оршлын хамт түүхийн ухааны доктор Л. Бат-Очир хэвлэлд бэлтгэснийг нийтлэв.


Ю. ЦЭДЭНБАЛД БИЧСЭН ЗАХИДАЛ

МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю. Цэдэнбал Танаа.
Миний бичсэн “Монгол бичгийн хэлний зүй, Хэлбэр судлал” хэмээх хөөрхий заяа муутай гутгаар дэвтрийн талаар Танд дахин дуулгах хэрэг гарлаа. Уг ном гурав дахь жилдээ хэвлэх үйлдвэрт хэвтэж байна. Энэ хугацаанд анхандаа номыг маань устгаж, хэвлэсний бүх зардлыг надаар нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж нэг үзсэнээ, 1967 оны 3-р сарын 29-нөө Танд уламжилсны дараа дээрх шийдээ түр азнуулаад өнгөрөгч оны адгаар академийн санхүү надаар мөнгө төлүүлэхээ болив гэж надад мэдэгдлээ.


Академийн намын хорооны нарийн бичгийн дарга байхдаа манай Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Хорлоо номыг минь худалдаанд гаргуулалгүй хориг саад хийж дөнгөөд, өдгөө би мөнгө төлөхгүй, номыг устгахгүй болоод ирэхлээр миний саналыг асуулгүй уул номыг өөрчилж дахин хэвлэх нь “зүйтэй” гэж тулган шаардаж байна.
Тэгтэл энэ завсар олон багш, оюутан миний номыг хэвлэх үйлдвэрээс “арын хаалгадан” зарим хэсгийг нь хэдийнээ олоод авчихжээ. Бас мажар оюутнуудаар дамжин Мажар ард улсын академид миний ном хүрч, мажарын монголч эрдэмтэд түүнийг уншаад, үг бүтээхүй, язгуур үг дагаврын бүтцийг цоо шинээр тайлбарласан монгол хэлний хэлбэр судлалын талаар тун олон шинэ баримт олжээ. Монгол хэлний тооны айг би эрс ондоогоор тайлбарласныг эрдэмтэд тоож үзээд, энэ нь монгол хэлний талаар бичсэн хэл зүйч нар латин хэл зүйгээс хуулбарлан монгол хэлэнд оруулсан европ хэл зүйн уламжлалт ганц, олон тоо гэдгээс язгуураараа ялгаатай болсныг ажиглажээ.
Язгуур үгнээс дагавар бүтдэгийг ашиглах боломж олгосон монгол хэлний язгуур үгийн бүтцийг миний номд анх түрүүн задлан шинжилсэн юм.
Хорлоо бол эрдэм шинжилгээний дээд төвшинд хүртлээ бэлтгэгдээгүй хэл бичгийн мэргэжилтэн тул, монгол хэлний хэл зүйн талаар гарсан эрдэм шинжилгээний ном зохиолыг мэдэхгүй учраас орчин цагийн ерөнхий хэл шинжлэлийн баримтад тулгуурлан миний дэвшүүлсэн шинэ шинэ үндэслэлийг огт хайхралгүй гагцхүү Дамдинсүрэнгийн нэр төрийг “унагаж” болохуйц зүйл гэж өөрт нь санагдсан тийм өө сэвийг номоос минь хайжээ. Шинжлэх ухааны үндэс бүхий хэлзүйд Хорлоо чингэж хандсаныг Марксын үгээр илэрхийлж болох. Үүнд “жинхэнэ шинжлэх ухаанаас нь гаргаж ирээгүй (уг шинжлэх ухаан хэчнээн алдсан байлаа ч) харин гаднын ондоо юмнаас гаргаж ирсэн үзэл, шинжлэх ухаанд харш, түүний тухайд өнгөцхөн гадна талын ашиг сонирхлын үүднээс гаргасан тийм үзэлд шинжлэх ухааныг аялдуулан зохицуулах гэж оролддог тийм этгээдийг би арчаагүй амьтан гэж нэрлэдэг” хэмээжээ.
Эдийн засгийн ухааны талаар Марксын дэвшүүлсэн шаардлагыг миний бие хамаг ухамсарт амьдралаа зориулсан монголын хэл шинжлэлд ч тавьж болох агаад Маркс томьёолохдоо: “Нэг нэгдээ харшилдсан үхширмэл номнолын оронд уул номнолын далд цаад шалтгаан байдаг бие биетэйгээ таардаг баримт сэлт, жинхэнэ зөрчлийг авч үзсэн тийм тохиолдолд, гагцхүү ингэж чадсан нөхцөлд л сая улс төр, эдийн засгийн ухааныг эерэг нааштай ухаан болгон хувиргаж чадна!” гэжээ. Нэг нь нөгөөтэйгөө харшилдсан “Үсгийн дүрмүүд” нь монгол хэлний хууль, түүний бүтэц, хэл хөгжих тодорхой зүй тогтол зэргээс үүдэн гарч буй өдгөө цагийн байдал зэргийг шинжлэх ухааны ёсоор тайлбарлаж чадахгүй агаад гэтэл эл бүхнийг ерөнхий хийгээд монголын хэл шинжлэлд бузгай сайн тусгасан авч үүнийг “Үгсийн дүрэм” зохиогч нь, манай академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дарга нь ч мэдээгүй хоцорсон хэрэг.
Хорлоогийн хориглосон номтой өдгөө зөвлөлтийн мэргэжил нэгт нөхөд минь танилцаж, тэд түүнийг уншаад, монгол хэл, түүний хэлбэр судлалын тухай уг бүтээлд гарч буй цоо шинэ баримтыг тусгасан эрдэм шинжилгээний шүүмж бичихээр завдан буй. Чингээд энэ ном аль хэдийнээ хэвлэлээс гараад хэлний мэргэжилтнүүдийн хүртээл болсон байхаа гэж зөвлөлт нөхөд маань санаж байна. Тэд түүнийг хураан хориглохуйц сэжигтэй, гэмтэй зүйлийг номоос минь олоогүйн дээр эрдэм шинжилгээний зохих төвшинд бичигдэж, монгол хэл зүйгээр дагнан ажилладаг монголч эрдэмтдийн анхаарал татахуйц ном болжээ гэж үзсэн юм.
Мажарын ч, зөвлөлтийн ч эрдэмтэд уг номоос Дамдинсүрэнг доромжилсон зүйл огт олоогүй бөгөөд хоёр удаа тааралдаж буй ДYД (Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм гэдгийг хураангуйлсан үг (орчуулсан Ц. Цэрэн) гэсэн хураасан үг тэдэнд хараал зүхэл гэж ерөөсөө санагдаагүй байхад Хорлоо үүнийг хараал хэмээн мушгиад номын залруулгад ДYД гэдгээ YД (үсгийн дүрэм орчуулсан Ц. Цэрэн.) болгож засъя гэсэн саналыг хэрэгсэхгүй байна гэлээ.
Хэрэв Хорлоо орос хэл арай жаахан дөнгүүр мэддэг сэн бол, YД болгоно гэхийнхээ оронд харин ч YД гэснээс болж уг номыг дахин хэвлэе гэж зүтгэх ёстой байлаа. Учир нь энэхүү YД гэдгийг оросоор орчуулбал даруй “бэлэг эрхтэн” гэж буух тул чингэснээрээ “Үсгийн дүрмийг” ч “доромжилсон” хэрэг болно шүү дээ.
Хэрэвзээ 1966 онд би Хорлоогийн даргалан тогтоосон нэр томьёо утгагүй дэмий болсныг зааж хэлээгүй сэн бол өдийд миний номыг хориглохгүй зүгээр өнгөрөөж болох байсан бөгөөд Хорлоо миний эрдэм шинжилгээний ажилд элдвээр саад чирэгдэл учруулах гэж оролдохгүй байлаа. Гэвч миний бие шинжлэх ухаанд ч, ард түмэндээ ч эрдэмтэн хүнийхээ үүргийг биелүүлэх гэж бодсоор явдаг.
Миний зөвлөлт нөхөд Хорлоогийн хориглосон номыг минь уншаад, Хорлоо яаж надад ханддагийг дуулаад, Ленинградад урьд дорно дахины судлалын төв байсан сайхан уламжлалыг сэргээхийн үүднээс намайг тийшээ урих гэсэн саналаа надад ирүүлж монгол судлалын ховор сонин хэрэглэгдэхүүнийг боловсруулах, монголч эрдэмтэн бэлтгэх, давтан сургах ажлаар таван жилийн хугацаатай манай энд ирнэ үү гэж хүссэн бүлгээ. Мажарын нэгэн залуу монголч эрдэмтнийг ч мөн ийм ажлаар Ленинград руу урьжээ. Одоо би 63 настай, таван жил Ленинградад суунаа гэдэг бол миний амьдралын эцсийн жилүүд байх болно. Чингээд би зөвшөөрч зүрхлээгүй, яагаад гэвэл энд, эх нутагтаа, амжуулдгаа амжуулж, хийдгээ хийж, чадах бүхнээ хийх ёстой гэж үзсэн юм. Намайг түмэн хилсээр нэрийг минь бузарлан гутааж байсан он жилүүд нэгэнт улиран одож, энд, Эх орондоо чадах бүхнээ монголын шинжлэх ухаанд зориулж болох байх гэж итгэж найдаж байна.
Шинжлэх ухаантай хавилдах нийлэх юм ер байхгүйгээр миний номоос учир утгагүй өө сэв дэмий эрэн гоочилж буйг зогсоож, шинжлэх ухааны алдар хүнд нь манай захирлын “албархуу сэтрийг” дийлж, бас би амьдралынхаа эцсийн жилүүдийг зориулан буй шинжлэх ухаанд огт хамаагүй Хорлоогийн элдэв явуулгыг ялж гарна гэдэгт итгэнхэн найдмуй.
Манай академийн ерөнхийлөгч надтай ярилцахдаа, Хорлоо, Намын хорооны шинэ нарийн бичгийн дарга Дугар нар л нэг шийд гаргаж чадна гэж байна. Гэтэл эд номын минь эрдэм шинжилгээний баримт сэлтийнх нь үүднээс бус, гагцхүү яаж ийгээд гоочлох юу байна гэдэг талаас нь өө сэв эрсэн болохоор би аргаа баран мухардаж байна. Ардын эрхт Мажар улс, ЗХУ-ын жинхэнэ эрдэмтэд уг зохиолыг сайнаар үнэлж, хэн нэг хүний нэр хүндийг муучилсан гэмтэй зэмтэй юм олоогүйн дээр хэлний хувьд урьд мэдэгдээгүй цоо шинэ зүйл олж үзсэн нь миний сэтгэлийг тайтгаруулан дэвтээж байна.
Эл ялдамд өгүүлбээс, дундад эртний монгол хэлийг гарамгай судалсан японы монголч эрдэмтэн Мураяма Монголын нууц товчоог Дамдинсүрэн хөрвүүлсэн нь шинжлэх ухааны үндэс нотолгоо муутайг хэвлэлээр мэдэгдэж, бас эртний нангиад хэлнээ дүрс бичгээр Гоялсылой гэж дуудагддаг, өнөөгийн бээжин аялгуугаар бол Госыла гэж уншдаг төвөдийн Жалсрай нэрт хүнийг нангиад сударт Госыло хэмээх нэртэй гардаг байсан Гэсэрийг Дамдинсүрэн түүхт хүн гэж “нээснийг” нангиадач, төвөдөч эрдэмтэн Штейн өөрийн хоёр ч номд няцаасан билээ. Нэрт монголч Серриус “Үсгийн дүрэм” нь (оросоор “правила букв”) гэж орчуулдаг бөгөөд хэл шинжлэлийн ухаанд ийм нэр томьёо байдаггүйг нэрээсээ эхлэн харуулдаг (орчуулсан Ц. Цэрэн) монгол хэлний тухай шинжлэх ухааны өнөөгийн байдалд харшилж, монгол хэлний авиазүй, хэлбэр судлалд тохирдоггүй болохыг шүүмжилсэн өгүүлэл гаргажээ. Өнгөрсөн оны адгаар ЗХУ-д дорно дахиныг судлаач оросын гарамгай эрдэмтэн Ю. Рерихийн дурсгалд зориулан ЗСБНХУ-ын ШУА-аас түүний сонгодог бүтээлийн номыг хэвлэж уг номд Рерихийн англиар бичсэн “Лин Гэсэр хааны туульс” хэмээх бүтээл орсныг үзэхүл, эл туульсыг эрдэм шинжилгээний үүднээс гүн ултай задлан шинжээд монгол Гэсэрийн туужид дайралддаг Гэсэрээс төвөдөд зээлдэн хэрэглэсэн бүх нэрийг тайлан тайлбарлажээ. Штейн, проф. Рерихийн бүтээл нь Дамдинсүрэнгийн бүтээлийг талаар болгож байгаа боловч, уран зохиолын судлал, хэлбичгийн ухаанд гардаг үехэн өнгөц үзлийн оронд судалж буй үзэгдлээ шинжлэхүй ухааны үүднээс хийсэн задлан шинжилгээг дэвшүүлж чадсан эрдэм шинжилгээний тэдгээр бүтээлийг дээрх орнуудад хэн ч хориглон хаагаагүй билээ. Миний талаар, миний бүтээлийн талаар манай захирлын авч байгаа догшин хэрцгий арга хэмжээ бол манай хүрээлэнгийн дөрвөн ханан дотор амь бөхтэй зууралдсан нударга зангидан дүрэмддэг ёсны үлдэгдэл даруй мөн боловч ингэдэг ёсыг манай захирлын хоншоор дутах тийм газарт аль хэдийнээ шинжлэх ухааны дэвшлээр буруушаан, таягдаж хаясан гэдэгт би итгэмүй. “Хориглоод” байхад ч шинжлэх ухааны хүмүүс олоод мэдчихсэн монгол хэлний хэлбэр судлалын олон шинэ баримтыг “хаахад” хүргэж, зарим хүний дургүйцэх аян шалтаг болсон “ДYД” гэдгийн эхний золгүй “Д” үсгийг нийтдээ 2 мянгахан хувь хэвлэснээс одоо үлдээд буй мянга гаруйхан хувьд нь гараараа хусан арилгаж болох бөгөөд номыг минь худалдаанд гаргаж, хориглон хаасны нь болиулж үзнэ үү гэж би Танаас дахин гуйж, энэхүү захидлыг өргөн барив аа.
Таныг хүндэтгэн ёсолсон хэлбичгийн ухааны доктор Ринчен. 1968. 1. 6


РИНЧЕН ГУАЙТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА (1970)


АСУУЛТ - Таны дуртай зан төрх?
РИНЧЕН - Зусрыг мэдэхгүй, зоригтой, шулуун зан төрхөд дуртай.
АСУУЛТ - Таны бичих дуртай, сэтгэл татсан сэдэв?
italki
РИНЧЕН - Эрэлхэг зоригт сайхан сэтгэлт ард түмнийхээ эрх чөлөөнд дуртай, чин зоригтойг нь үзүүлэх сэдэвт дуртай.
АСУУЛТ - Ажил амьдралдаа эрхэмлэж явдаг зүйл юу вэ?
РИНЧЕН - Эрдэм сургаж өгсөн ард түмэндээ ачыг нь номоор хариулж, эрдэм төгөлдөр хойч үеийн залууст монгол ардынхаа соёл аман уламжлалыг судлахад нь үлдээх үүрэгтэй гэж бодож явдаг.
АСУУЛТ - Та ойрын жилүүдэд уран бүтээлийн ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна?
РИНЧЕН - Нэгэн цуврал түүхэн роман, тууж, өгүүллэг бичих санаатай гагцхүү зав муутай.
АСУУЛТ - Бичсэн зохиолуудаасаа алинд нь илүү хайртай вэ?
РИНЧЕН - Шүлгээс “Бэр цэцэг” гэдгээ гайгүй болсон гэж боддог. Үргэлжилсэн үгийн зохиолоос “Гүнж”, “Ану хатан” хоёроо сэдэв нь зүгээр гагцхүү бичихдээ үг бүрий нь сайхан болгож чадаагүй, насны нар жаргах тийшээ хандсан тул зав гарч өгсөнгүй.
АСУУЛТ - Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
РИНЧЕН - Олон улсын уран зохиол үзэх гэж өчүүхэн зав гаргадаг. Бичих юмандаа хэрэглэх ном зохиол үзэх гэж нэг хэсэг цагаа гаргадаг. Зохиох юмаа бичих, гадаадын хэлийг өдөр бүр чихээр үл сонсдог учир нүдээр үзэхгүй бол болохгүй тул, чөлөө гарсан цагийнхаа нэг хэсгийг түүнд зориулдаг.
АСУУЛТ - Таны үргэлж санаж явдаг мэргэн үг
РИНЧЕН - Чехийн Ян Хүс (1369-1415) “Үхсэн ч үнэнчээр явсаар үх” гэсэн мэргэн үг санаж явдаг.
АСУУЛТ - Монголч эрдэмтдийн II их хуралд та хэрхэн бэлтгэж байна?
РИНЧЕН - Монголч эрдэмтний II их хуралд бэлэн сэдэв бий тул бэлдэнэ гэж бажгадах зүйлгүй.
АСУУЛТ - Та залуу насандаа гаргасан ямар алдаанд гэмшиж явдаг вэ?
РИНЧЕН - Манай яруу найрагч, гүн ухаант ард түмэн, “Эр бор харцага” гэдэг уртын сайхан дуунд миний залуугийн алдааг хэдийн гаргасаан.
АСУУЛТ - Өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван үгийг хамгийн товчоор тайлбарлана уу?
РИНЧЕН - Энэ гурван үг түмэн тайлбартай байж болно. Өчигдрөөсөө өнөөдөр илүү боловсролтой бол, өнөөдөр маргаашийнхаа мэдлэгийн суурийг тавь гэж энэ гурван цагийг тайлбарлан үзэж болох юм.
АСУУЛТ - 2070 оны үеийн монголын тухай та ямар төсөөлөлтэй байна вэ?
РИНЧЕН - Хувьсгалын ачаар хувьтай сайн нөхрөө олж, ганц зөв замдаа орсныхоо тавин жилийг тэмдэглэх гэж байгаа ард түмнийхээ ирээдүйн хувь заяанд би бат итгэдэг. Тэгээд 2070 онд хүн төрөлхтний соёл ухааны тэнгэрт тэргүүн зэргийн гэрэлтэй монгол одон олон гялалзах байх гэж бат итгэдэг.
АСУУЛТ- Яг энэ агшинд сэтгэлдээ буусан нэг бадаг шүлэг бичнэ үү?
РИНЧЕН - Өнгөт ертөнцөд сайхан газар олон бий.
Өлгий нутгаас минь сайхан газар үгүй!
Эрдэм сурахад хэл бүхэн сайхан бий.
Эх хэлийг минь гүйцэх сайхан хэл байхгүй!
АСУУЛТ - Та ямар нэгэн сэдэвт зураг зурж өгнө үү!
РИНЧЕН - Үгсийн уран болох гэж яддаг надад зургийн уран болох чадал алга!
АСУУЛТ- Мэргэжлээс гадуур таны сонирхдог зүйл?
РИНЧЕН - Сайхан хөгжим их сонирхдог боловч, сонсох зав, завшаан ховор.
АСУУЛТ - Манай залуучууд ямар ном зохиол уншиж, ямар хүнийг дуурайж хүмүүжвэл зүйтэй гэж Та бодож байна?
РИНЧЕН - Европ зүгт тэгш боловсролтой хүн, номын хэл гэж эрт сөнөсөн латин хэл үзэж байхад, манай залуучууд, ардынхаа утга соёлын сонин уламжлал бүхний худам монгол гэдэг хуучин үсгээр монгол хэлнийхээ сонгодог зохиолыг үзэхэд илүүдэхгүйн дээр, монголоор байхгүй түмэн сайхан зохиолын сангийн түлхүүр болсон орос бичгийн хэл суралцаж, сэтгэл сэргэх сайхан зохиол үзэх нь боловсролд их хэрэгтэй гэж боддог. Дэлхийн бүх дэвшилт хүн төрөлхтөн, саяхан Сартваахь Лениний мэндэлсний зуун жилийн ойг тэмдэглэсэн нь бидний үед хамгийн ойрхон бөгөөд бидэнд саруул зам зааж өгсөн тэр үлэмжийн их хүний нас, явдал нь дуурайлын дээд, хүмүүжлийн манлай гэж боддоог.
АСУУЛТ - Та манай уншигчдад юу хүсч, юу сургамжлан захих вэ?
РИНЧЕН - Эх орондоо, ард түмэндээ хайртай, эрдэмтэй хүн болохыг хичээгтүн! гэж “Залуучуудын үнэн” сонины үй түмэн уншигчид хүсэн захисуу. Эх оронч эрдэмтэй хүн гэж ямар хүн байвал зохихыг залуучуудад зориулсан Лениний сургаал, зөвлөлтийн нэрт эрдэмтний захиа сануулга бийг орос бичгийн хэл суралцан үзэж, уншиж үзвэл, учир тодорхой. Манай хурдан хөгжил, залуучуудаас маш өндөр боловсрол шаардаж байгааг бодож явах болоосой гэж чин сэтгэлээсээ хүснэ.
“Залуучуудын үнэн“ 1970-5-15 № 54
Жич: Энэхүү ярилцлагыг сонины эрхлэгч асан С. Жамбалдорж хийжээ.


АРД ТYМНИЙХЭЭ НЭРИЙГ НЭРЛYYЛЭГТҮН!


Улаанбаатар 1963. 5. 2
Хужиртын арван жилийн дунд сургуулийн багш Даш танаа
Эрхэм багш аа! Таны захиаг хүлээн авлаа.
Энэ завсар баахан ажил үлэмж учир, хариу захиа тэр дор нь явуулж эс чадсан учрыг мэдэгдье.
Таны бие мэдлэг боловсролоо өргөтгөх гэж оролдож байгаа тань үнэхээр сайхан байна. Улс монголоо өндөр боловсролтой болгоход, улсын хүн ард нь өргөн мэдлэг, уудам сурлагатай болох нь тун чухал хэрэг.
Таны бие, Зөвлөлтөд сургуульд явах гэж санаа шулуудан буй аваас, чин зориг барин, хожим улс орондоо ашиг тустай өндөр мэргэжилтэй болох нь сайхан хэрэг. Гэтэл, сургууль мэргэжлээ олон сонгох нь онц чухал болно. Хэрэв, та түүхийн сургуульд орох хүсэлтэй бол, Москвагийн Ломоносовын их сургуульд орвол зохих биз ээ. Тэгэхэд ер нь Зөвлөлт улсад монголын түүх заадаг сургууль байхгүй. Дэлхийн хэмжээгээр ч гэсэн одоохон дээрээ тийм сургууль байхгүй, европын түүх Оросын түүх, европын дундад эртний түүх гэх зэргийг судлаад, эх орондоо буцаж ирэх болно. Тэгээд, монголын түүх судлан оролдож байгаа хүмүүсийн хамт монголын түүх судлах хүн болох гэж нэг хэдэн жил өврөө мухар сохор тэмтрэн, монголын түүхийн холбогдолтой хэдэн монгол бичиг тулгарын зүйл үзээд, ямар дүгнэлт хийж, ямар явдлыг яахан тайлбарлах вэ? Харааж бичих үү, сайшааж бичих үү? Хараавал өөрөө хараалгах уу? Магтвал магтлаа гэж матуулах уу? гэж гайхан эргэлзэж салхины аяс дагаж, өнөөдөр харааж байгаа юмыг нь харааж бичээд, маргааш түүнийгээ биш болчиход, муу нүүрээ юугаар ширлэж, бусдын өөдөөс яаж харах билээ? гэж бодож, судлал гүнээ хийж чадаагүй нэгэн хэсэг хүмүүсийн шороон дундуур бужигнаж явах зовлон ч гарч магадгүй.
Сайн түүхч больё гэвэл, монгол бичиг сайн мэдэх, орос бичиг, англи, франц, герман энэ дөрвөн шинжилгээний хэл бичиг сайн мэдэхгүй бол, манай одоогийн түүхчин шиг монгол бичгээ шинжлэх ухааны ёсоор сайн мэдэхгүй, энгийн уншигчийн хэмжээгээр мэдээд оросоор гүйцэд сайн мэдэхгүй, бусад шинжилгээний хэл мэдэхгүй тул, тэдгээр хэлээр юу гэж бичсэн зүйлийг мэдэхгүй, мэдэхгүй гэж хэлэхээсээ нэрэлхээд, мэдсэн юм гэхэд тааруухан, олон мэдэхгүйн дунд мэдээч дүрэм үзүүлээч, хожим, улс орон боловсроод, учир мэддэг хүн олон болоход ийм түүхчин гэж байх гэж дээ гэж хэлүүлж, ясаа хавтайж явах магадгүй шүү. Ингэж миний бичсэнийг та, өөр монгол түүхчин хүн хэрэггүй гэж байгаагаар битгий ойлгоорой. Өөх ч биш, булчирхай ч биш мөртөө, өөх гэж явдаг заримдаг юм болчихгүйг бодож, уудам мэдлэгтэй, ёстой эрдэмтэн больё гэвэл, нэг насаараа чармайж, өдөр өнжилгүй сурлага мэдлэгээ зузаатгах ёстой юм гэсэн санааны үүднээс таныг түүхчин болох гэвэл, ерөнхий түүхийн зэрэг сургууль төгсөөд, тэр нь монголын түүхнээ асар холбогдолтойн учир сургууль төгссөний дараа өөрөө өөртөө багш болж, нэлээд хэдэн жил судалгаа хийсний эцэст сая монголынхоо түүх судлах хүний зэрэгт хүрэх болохыг хэлэх гэсэн юм аа. Манай дунд буюу дээд сургуульд заадаг түүхчний хэмжээ ч гайгүй хэрэг. Ёстой шинжлэх ухааны том түүхчин больё гэвэл шинжилгээний арга барилыг нь ерөнхийд нь Зөвлөлтийн их сургуульд үзээд, шинжилгээний дөрвөн хэлний эзэн болж, тэдгээр хэлээр монголын түүх, дэлхийн олон улсын түүхийн тухай холбогдолтой бүх зүйлийг үзэж, хөндий цээжээ хавтаслаж аваад, сая монголын түүх судлах замдаа орж болох юм шүү. Энэ учир байдлыг сайн мэдээд, түүхийн сургууль төгсмөгц, өвөртөө диплом хийснээр түүхийн эрдэмтэн болно гэж бодвол, бусдыг хуурах ч яах вэ, өөрийгөө хуурах болно. Иймд тэр мэдвэл зохих зүйлийн цөмийг мэдэн сурахын ган зориг хэрэгтэй. Хэрэв хэлний сургуульд явъя гэвэл Москвад буй гадаад хэлний сургуульд орж, тэр сургуулийн хугацаанд нэг англи юм уу, франц, герман эдгээр хэлний нэгийг л сургуулийн хугацаанд суралцаж болно. Тэдгээр эрдэмтэн болох санаа чинхүү аваас, тэр нэгэн суралцсан арга туршлагаараа өөрөө биеэ дайчлан нөгөө шинжилгээний гурван хэлийг судлан сурч болох биз. Тэгэхэд бас хэдэн жилийн хугацаа хэрэгтэй. Хэл сурахдаа бас юуны тулд сурч байгаагаа тодорхой болгоё гэсэн зорилготой байх хэрэгтэй. Би түүхчин болно, би угсаатны зүйч болно, би хэлний шинжлэлтэн болно гэж нэг чиглэл баримжаатай байхгүй бол гадаад яамны буюу Жуулчны газрын нэг түшмэл, эсвээс тэр хэлний нэг багш болом заа. Тэдгээрийн дотроос багш болох нь арай улс олонд үр дүнгээр илүү байж магадгүй. Хэл сурахдаа, монголын судлал гэдэг шинжлэх ухааны зохиол бүхий хэл нь бидэнд илүү ашигтай. Тэр бол, дээр дурдсан орос, англи, франц, герман энэ дөрвөн хэл болой. Түүнийг сураад авбал, та түүхчин ч больё гэвэл, монголын түүхийн тухай эл дөрвөн хэлээр юу байгааг үзэж мэднэ. Мэдээд, эл дөрвөн хэлнээ үгүй монгол тулгар бичгийн зүйлийг нийтэлбэл монголын судлалд хувь нэмрээ оруулсан болно. Эл дөрвөн хэл сураад, монголын тухай зүйлээр барахгүй, монголын судлалд холбогдох ухааны бүх зохиолыг нь судлах зам нээгдэн, монгол хэл бичиг, түүх, угсаатны зүй (оросоор этнография гэсэн үг бөгөөд, грекээр этнос буюу угсаатан, графейн буюу зүй гэсэн үг), эртний судлал (оросоор археология буюу грекээс нь орчуулбал эртний судлал), аман зохиол зэргийг судлахад, дэлхийн олон улсын хэл бичиг, түүх, угсаатны зүй, эртний судлал, аман зохиолын тухай дөрвөн хэлээр буй бүх зохиол үзэхэд, сая нүд нээгдэж, монголын тухай судлалд тийм юм судалбал зохих юм байна, гэхдээ тийм юмтай төстэй үзэгдэл өөр улсын судлал байгаа нь, монголд бас тийм юм юу байна гэж учир мөрий нь олох ухаан төрөх болно. Тэгж их юм үзээгүй цагт Улаанбаатарын хэмжээний “эрдэмтэн” болохоос биш, ёстой орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэн болж чадахгүй шүү! Тэр дөрвөн шинжилгээний хэл сураад, тэдгээр хэлнээ бүхий холбогдох шинжлэлийн бүх зохиол уншин судалж захад нь гарна гэдэг дор хаяад хорин жилээс наашгүй хэрэг.
Би 1927 онд зөвлөлтийн дорно дахины хэл бичгийн дээд сургууль төгсөхдөө, оросын алдар гавьяаг мандуулсан нэрт эрдэмтдээр нь багшлуулж, хичээлийн цагаас гадна тэдний удирдлагаар ажиллаж байгаад тэр ачтан эрдэмтдээр замаа заалгаж, ямар ч бэрхшээлээс үл няцан, нэг насаараа зүтгэн оролдоно гэж тэр багш нарын ачаар зорих зорилготой болж ирээд, манай эндэх учир мэдэхгүй элдэв мангаа нарт нохойчлуулан дарлуулан, учир үл мэдэх мунхаг балмад этгээдийн элдэв худал хов мэдээлэл овоолуулж байгаад, ачтан багш нарын заавраас ор үл няцан! оролд оролдсоор, дөрвөн хэлээр нь барахгүй, арван хэдэн хэл багшгүй, энэ хотод өөрөө оролдсоор сурч, тэр сурсан хэлээрээ зохих зохиол шинжлэлийн зүйлийг үзсээр, 1927 оноос 1956 онд сая монголын хэл бичигт холбогдох олон ухааны зохиол сая үзэн барьж, захад нь гарахчаан болоод 1956 оноос хойш дэлхийн шинжилгээний хэлээр үзэх юм шингэрч, жилд нэг хэдэн үзээгүй ном гарахаас биш, хэдэн мянгаар байхаа байж, сая санаа амран, миний цээжинд, дэлхийн хэмжээгээр миний эрхлэн оролдож байгаа монголын судлалын салбарт юу юу нэмэр оруулж чадах чадалтай, мэдэх мэдэлтэйгээ гүйцэт мэддэг болоод, юуг одоо анхаарч, монголын судлалын талаар улс орон дотроо ард олноос асуун сураглаж авбал зохихыг андахгүй боллоо. Тэгэхэд сайн багш нарын ачаар би 1927 онд тийм юм цуглуулах нь шинжлэх ухаанд хэрэгтэй гэж мэдэх болсон боловч, тэгээд шинжилдэг юм, тийм юм мэдэх хэрэгтэй юм гэдгийг гүйцэт мэдэх мэдлэг хүрэхгүй байсан хэрэг.
Шинжлэх ухаанаар оролдох гэвэл, ингэж махран оролдохгүй бол болдоггүй юм гэж миний тэр ачтан зөвлөлтийн багш, дэлхийд алдарт эрдэмтдийн сургасан үгийн учрыг би одоо л нэг гүйцэт мэддэг болоод 1927 оноос хойш судалгаанд цуглуулсан зүйлээ шинжлэх ухаанд нэмэр болгон бүгдийг нь боловсруулах юм сан гэж оролдохдоо, бүтэн сайн өдөр гэж сул суухгүй, өдөр бүр арван хэдэн цаг бичиг үзгээс салдаггүй нухдаг боловч, цуглуулсан бүхнээ бичиг зохиол болгож барах насны хэмжээ арай хүрэхгүй боллоо гэж улам ч махардаг боллоо.
Та залуу хүн, сурах санаа байвч, чухам юугаа яаж сурахыг мэдэхгүй эргээд олдохгүй цагийг яаж зөвөөр ашиглан өнгөрүүлэхийг мэдэх болгож өгөх багшгүй явсаар ирсэн байх ёстой гэж бодоод, би танд баахан дэлгэрэнгүй захиа бичиж, таныг хэрэв шинжлэх ухаанд насаа зориулах гэвэл, чин зориг, алдахгүй чиг айхгүй зүрх хэрэгтэй юм шүү. Нэг зоривол зуурмаг орхиж няцах хэрэггүй, тэр чигээрээ л эх орон, ард түмнийхээ шинжлэх ухаанд нэг насаа зориулан, учир мэдэхгүйчүүд юу ч гэж бурангуйлж байсан хамаагүй гагцхүү зорьсон зорилдоо хүрэх гэж зүтгэн, эр хүн зорьсондоо, эр морь харайсандаа гэж манай баатар мэргэн ардын цэцэн гайхамшигт үгийг зам заагч болгон зүтгэх ёстой гэж бичлээ. Би дахиад танд энэ мэт олон үгтэй захиа бичиж чадахгүй, үлдсэн насны хэмжээ, бичиж боловсруулан, хойчийн эрдэм төгөлдөр монголын эв хамтын сэхээтэнд ардынхаа соёлыг судалж, түүхээ бүтээсээр ирсэн түмнийхээ дэлхийн соёлд оруулсан хувь нэмрийн зүйлээс нь тэмдэглэж судлан үлдээх үүргээ Эх орон, ард түмэн, түүний учраа мэдэх хойчийн ухамсарт үеийнхэнд уламжлах одоо үеийн ардын сэхээтний ногдол надад буйг гүйцэтгэн оролдож, амьсгал тасартлаа судлан шинжилж бичих ёстой тул, сул заваар тун муу байгаа юм шүү.
За залуу багш та, ирээдүйн асар холгүй болсон эв хамтын ёсыг үзэх хувьтай хүний талаар ч тэр юм бүтээх хийх асан гэж боддог ардын сэхээтний хувиар ч тэр, чин зоригтой байгтун. Чиглэл бодолтой байгтун! Чиглэн зорьсон юмнаасаа буцаж шантрахгүй ган төмөр зоригтой бологтун! Улс ардынхаа олон зуун жилийн хоцрогдлыг түргэн давж дэлхийн боловсон улсын хэмжээнд Эх орон, Ард түмнээ хүргэхэд, хойшоо эргэн харж хувьсгалын өмнөх үеэс феодалын үеэс бид одоо ийм давуу боллоо гэж дандаа гэдрэгээ харан хоцролгүй, дандаа урагшаа харж, манай хүрэх гэсэн өндрийн хэмжээ хүртэл аль хэр зайтай завсартай байна? Тэр зайг нь яаж түргэн хороож урагшаа яаж хурдан ахиж, бусад боловсон улс угсаатантай мөр зэрэгцэн урагш давшихад яаж чармайн, тэдэнтэй мөр зэрэгцэх вэ? гэдгийг л хэзээ ямагт бодож, урагш ахихын хувьд өөрийн мэдлэгийг яаж ахиулан нэмэгдүүлэх вэ гэж бодогтун. Таны бие боловсрол, улсын хэмжээгээр сэхээтний нэг нь, дэлхийн боловсон улсын сэхээтэн эрдэмтэнтэй мөр зэрэгцэж, нэг хоцрогдлын онгорхой нүхийг нь таглаж, манай ардын эзэлбээс зохих суурь судлалын нэгийг нь дэлхийн хэмжээгээр эзэлж чадлаа гэж бодож явах хэрэгтэй. Та бодоод үз, дэлхийн олон улс, шатрын тэмцээн, бөмбөгийн тэмцээн, буудлагын тэмцээн гэх зэрэг тэмцээнд дэлхийн аварга болсон хүн нь улс ардынхаа алдар нэрийг мандуулж, тэр тухай нэгэн зүйлд өөрийнхөө ард түмнийг дэлхийн тэргүүн хэмжээнд хүргэж байгаа юм шүү дээ. Тэгэхэд та шинжлэх ухааны талаар дэлхийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэх хэмжээнд хүрч чадвал, тэр тань, ганц таны биеийн амжилт биш, монголын шинжлэх ухааны нэг салбар нь дэлхийн хэмжээнд хүрсний илэрхийлэл юм шүү дээ!
- За, эр зориг зорьж, Эх орон, Ард түмнийхээ нэрийг нэрлүүлэх хүн бологтун! Одоо сургаж байгаа сурагч нараа ч Эх орон, Ард түмнийхээ төлөө их юм сурч, эрдэмтэй мэдлэгтэй хүн болох ёстой гэж багаас нь учраа мэдэх, алсыг бодох зоригтон хүмүүс болгон хүмүүжүүлэгтүн.
Др. Проф. Ринчен

“Монголын залуучууд” 1990 № 77


Б. РИНЧЕНИЙ АВСТРАЛИЙН ЭРДЭМТЭНД ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ

Номч мэргэн Бямбын Ринчен гуай өөд болохоосоо хоёр жилийн өмнө хамтран зүтгэгч, Австралийн нэгэн эрдэмтэнд бичсэн Чингис хаан судлалтай холбогдох маш сонирхолтой эл захидлыг анх удаа манай сонин нийтэлж байна. Их эрдэмтний бичгийн машинаар англи хэл дээр бичсэн захидалд Вильнюсийн их сургуулийн номын санд хадгалагдан байгаа Ар болон Өвөр Монголд огт мэдэгдээгүй байсан ХIII зууны үеийн Монголын уран зохиолын онц сонирхолтой нэгэн гар бичмэлийн талаар онцгойлон дурджээ.
Б. Ринчен гуай англи хэлний өргөн дэлгэр мэдлэгтэйгээ илтгэн харуулсан, ихэнхдээ хавсармал нийлмэл өгүүлбэрүүдээс бүтсэн уг захидлыг Монгол телевизийн сэтгүүлч Д. Баясгалан Австралид байхдаа санаандгүй олж үзсэнээ хувилж авчирсан юм. Манай эрдэмтэн судлаачдад хэрэг болох буй заа гэж итгэнэ. Захидлын эцэст бичгийн хүмүүсийн гол төлөв хэрэглэдэг хувийн тэмдэг (тамга ч гэж болмоор) дарсан байх ажээ. Харамсалтай нь захидлыг хүлээн авагчийн хаяг дугтуйн дээрээ үлдсэнээс тэр хүний нэр алдрыг тодорхойлон хэлж чадсангүй. Ингээд захидлыг сийрүүлье.


Улаанбаатар, 17-19/1/1977
Эрхэм хамтран зүтгэгч ээ.
Таны “Есүхэйгийн зарим тайлбарууд” хэмээх бичвэрт олонтоо талархъя.
Би Танд ХIХ зууны Орост Монгол судлалыг үндэслэгч Польшийн суут профессор Жозеф Ковалевскийн өмнө нь огт мэдэгдээгүй монгол ба европ эх гар бичмэлүүдийн талаарх өөрийнхөө өгүүллийн бичвэрийг агаарын баталгаатай шуудангаар илгээв. Эдгээр эх гар бичмэлийг би 1975 оны эхээр Литвийн Вильнюс хотын их сургуулийн номын сангаас санаандгүй олсон билээ. Түүнийг тус сургуульд Монгол судлалын орон тоог зохион байгуулж бий болгосон алдарт польш профессор Владислав Котвич ч зэргэлдээ өрөөнд нь Адам Мицкевичийн найз бөгөөд эх орон нэгтнийх нь шинжлэх ухааны ийм өв сан хадгалагдаж байсныг тааварлаж мэдсэнгүй.
ХIХ зууны эхний хагаст хамаарах монгол бичээчээр хуулагдсан профессор Ковалевскийн өмнө мэдэгдээгүй энэ гар бичмэлүүд нь дэлхийн монголч эрдэмтэд болон Танд маш сонирхууштай байх ба Чингис хааны онч мэргэн үгсийн ном нь түүний (Чингис) бэлэн цэцэн, бас яруу найргийн их авьяас, өндөр ёс зүй, гүн ухааны төвшин нь миний бодлоор тухайн үеийн эзэн хаадаар барахгүй өнөөгийн өдөр ч бичигдэж чадахааргүй бүтээл хэмээн үзэж байна. Уг гар бичмэл нь маоизмын өмнөх үеийнхний эхлүүлсэн монголын сэхээтэн сурвалжтануудын шашны болон өрх гэрийн ном судрын санг устган сүйтгэсний дараа ч Ар, Өвөр монголд үлдээгүй хоцрогдол атал одоо бидний өмнө бүрэн бүтнээрээ буй ХIII зууны үеийн эртний Монголын уран зохиолын онц сонирхолтой дурсгал бичиг гэдэгт би итгэлтэй байна.
Танд Чингис хааны онч мэргэн үгсийн номын хуулбар хальсыг бэлтгэж өгч болох юм. Түүнийг Халхын Цогт хунтайжийн удмын бурхан болооч ээжийн минь нагац болох хүний англи хэлээр орчуулсан агуу их Монголын их эзэн хааны тэр бүрий мэдэгдээгүй талуудын тухай дэлхийн уншигчдад хүргэх ёстой бичвэрийн хамт хэвлүүлэхийг би танаас хичээнгүйлэн хүсэж байна.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Монгол Хэлэндээ Машид Тохирсон Монгол Бичиг Минь - 3