Latin

Манай Ардын Туульс - 1

Süzlärneñ gomumi sanı 3792
Unikal süzlärneñ gomumi sanı 1654
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
ЕНШӨӨВ Б. РИНЧЕН
МОНГОЛЫН ЗА - АНДГААР БУЙ ЗАА – V
“Цагаан бамбарууш” хэвлэлийн газар 2012 онд Улаанбаатар хотноо Интерпресс ХХК-ийн iNom форматаар хэвлэн гаргасан “Монголын за – андгаар буй заа” цахим номоос авч Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2020 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.




Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Г. Ловорын эмхэтгэсэн “МОНГОЛЫН ЗА - АНДГААР БУЙ ЗАА” номын
— Оршил, Өмнөх үгийг манай номын сангаас татаж уншиж болно.
— Нэгдүгээр дэвтэр: “НОЁДЫН ТӨР ӨНГӨРЧ, АРДЫН ТӨР МАНДСАН ЭРИН” бүлгийг эндээс татаж уншиж болно.
— Хоёрдугаар дэвтэр: “ЭРДЭМ СУРГАСАН ЭХ ОРОН АРД ТҮМЭНДЭЭ” бүлгийг эндээс татаж уншиж болно.
— Гуравдугаар дэвтэр: “ЭХ ХЭЛЭНДЭЭ ЭЗЭН БОЛЪЁ” бүлгийг эндээс татаж уншиж болно.
— Дөрөвдүгээр дэвтэр: “АЯЛГУУ МЭДЭХ НӨХӨР” бүлгийг эндээс татаж уншиж болно.


ТАВДУГААР ДЭВТЭР
МАНАЙ АРДЫН ТУУЛЬС


АРДЫНХАА ХӨГЖМИЙН БАЯЛГИЙГ ХЭРЭГЛЭЕ

Урлагийн хэрэг эрхлэх хорооноос нэлээд олон жилийн турш манай оркестр, ансамблиудыг хангаж байгаа хөгжмийн зүйлийг үзвэл, монголчууд морин хуураас өөр хөгжмийн зэмсэггүй юм бол үү? гэж санамаар байдаг. Гэтэл, бичиг түүх сөхөөд үзвэл үлээдэг, хуурддаг, цохидог ямар олон янзын хөгжмийн зэмсэг манайхан урьд хэрэглэж байсан юм бэ? гэж гайхмаар байна. Наад зах нь хуучин монгол толь бичгээс хөгжмийн зэмсгийн зүйл гэдэг ангийг сөхөж үзэхэд, монголчууд хөгжмийн талаар нэлээд юмтай байсан нь илэрхий үзэгдэнэ. Тэр хөгжмийн зэмсгийн зарим нь хэлбэр байдлаар ч маш сонин зүйл бий. Одоо үед мартагдаад байгаа хөгжмийн зэмсгийн зарим нэг нь орон нутагт хааяа үзэгддэг боловч манай хөгжим найруулагч хөгжмийн онолч нар түүнийг өөд татан хөгжүүлэхийг төдий л оролддоггүйгээс мэддэг хүн улам л цөөрөн ховор болж байгаа хэрэг. Ардын дуу хөгжмийг сайн судалж, үг аяыг нь нот гэдэг хөгжмийн үсгээр нарийн тэмдэглэдэггүй дээрээс театрын зарим дууч нар, хүн бүхний мэддэг ардын их дуртай сайхан дууны аялгууг хүртэл шал хамаагүй өөрчлөн дуулж ардын дуу аяны чанарыг алдагдуулж, сонсогчдын сонирхлыг бууруулдаг явдал ч үзэгддэг шүү дээ. Манжийн байлдан дагуулагч нарт талхигдуулж, шашны шар феодалуудад хавчигдаж байх цаг үед манай соёлын сайхан өв балрахад хүрснийг бид мэдэж байна. Лам нар шашны нөлөөг их болгох гэж ардын зарим хөгжмийн зэмсгийг шүтлэгийн зүйлд хэрэглэснийг бид бас мэднэ. Одоо бид ардынхаа хөгжмийн өв уламжлалыг яаж цааш нь чадамгай сайхнаар ашиглах вэ? гэдгийг чухалчилж яриуштай байна.
Манай оркестр, ансамблийг улам яруу сайхан болгох хуурдах хөгжмийн зүйлээс нэгийг ч гэсэн дурдвал, жишээ нь шанаган хуур гэж аятайхан юм бий. Хөгжмийн аялгууг цуурайтуулах хайрцаг нь шанаганы хэлбэртэй тэр хуурт, заримдаа тэр хайрцгийн нэг хэсгийг аварга могойн арьсаар бүрж, түүний доргиогоор хөг дууг нь нэмэгдүүлдэг ч шанаган хуур байжээ. Чавхдан цохих хөгжмийн зэмсэг дотроос бийвалиг гэж байдал дүрс сонин сайхан, олон янзын хэлбэртэй хөгжмийн зүйл бий. Бас ховис гэж нэг сонин хөгжмийн зэмсэг бий. Доод тал нь шанз шиг, могойн арьсан бүрээстэй, түүгээрээ дуунд нь чадал ордог хөгжим байжээ. Ховис гэдэг нь, эртний монгол хэлээр кобис гэж байсан үг. Украины, хэлэнд тэр үг нь одоо кобза гэж, нэгэн зүйл хөгжмийн зэмсэг болсон билээ. Монголчууд бас цохидог хөгжмийн зүйлээс янз бүрийн харанга, хэнгэрэг, хэц зэргийг хэрэглэж байсан нь хэлбэр маяг, дуу аялгуу нь сонин, олон янз байсан нь бүжиг зэргийн зүйлд их чимэг оруулдаг, бас хөдөлгөөний нь байдалд зохицдог байсан билээ. Дударам гэж зузаан нимгэн, жижигхэн цан шиг юмаар бүрдсэн нэгэн зүйлийн хөгжим, европ нарын “модон хуур” шиг янз бүрийн аялгуу оруулах сонин хөгжмийн зэмсэг байлаа. Урлагийн хэрэг эрхлэх хороо, энэ олон янзын сайхан хөгжмийн зүйлийг одоо сэргээн хэрэглэж үзвэл таарах юм биш үү? Үлгэр жишээ авъя гэвэл, ардынхаа соёлын өвийг гайхамшигтай сайхнаар сэргээн хэрэглэж байгаа хятадын ардын оркестроос ч жишээ санаа авч бодвол, монгол ардын хөгжмийн сайхан оркестр байгуулах нөхцөл бололцоо байна шүү дээ. Урлагийн хэрэг эрхлэх хороо, бас ардын болон эртний дуу хөгжмийг судлан тэмдэглэж, улмаар хөгжүүлэн бадруулах цаг хэдийн болоод байна. Энэ талаар сайхан дууч, хөгжимч хүн, манай ард түмний дунд байгаа тул тэднийг олж гарамгай авьяасыг нь улмаар хөгжүүлэх хэрэгтэй. Урьд монголчууд кеманча, дутар, сааз гэх зэргийн хөгжмийн зэмсгийг ч мэддэг байсан.
italki
Түүнийг одоо Зөвлөлт Холбоот Улсад гайхалтай сайхнаар боловсруулж тусгайлан ардын үндэсний хөгжмийн зэмсэг хийдэг фабрикт өдий төдийгөөр хийдэг боллоо. Түүнээс захиж хэрэглэвэл, наанадаж Дундад Азийн хөгжмийн уламжлалыг хадгалсаар байгаа манай Баян-Өлгийнхэнд ч хэрэгтэй юм биш үү?
“Үнэн” 1956. 1. 14. № 12


ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭЭД СЭТГЭЛД ОРСОН НЬ

Монголын урчуудын эвлэлийн ноднин жилээс эхэлж зураач нарын бүтээлийн үзэсгэлэн гаргадаг болжээ. Тус эвлэлийн шинэ нээсэн танхимд улаанбаатарынхан, нийлбэр зургийн уран, унгар зураач Иожеф Домены бүтээл, бас манай орны байдлын олон зураг судалбартаа дүрслэн гаргасан зөвлөлтийн зураач Померанцевын бүтээлийн зүйлтэй танилцсан билээ. Энэ он гарснаас хойш урчуудын эвлэл, манай зураач Ядамсүрэнгийн бүтээлийг үзүүлэн үзэсгэлэн нээжээ. Энэчлэн бусад манай зураач нар ч, олон түмнийхээ өмнө уран бүтээлийнхээ тайланг гаргаж, зургаа дэлгэн үзүүлэх болов уу? Урчуудын эвлэл ч түүнд нь найрсгаар тусалж, үзэсгэлэнгийнхээ танхимыг тэдний зураг дэлгэн гаргахад зориулах болов уу?
Манай бусад зураач, бийр будгийн шинэ хуучин урчуудын үзэсгэлэнг гаргахын эх үүсгэл нь болоосой гэж бидний горилон үзэж байгаа зураач Ядамсүрэнгийн зураг бүтээлийн үзэсгэлэн бол урьд хойно зурсан, шинэ хуучин зургийг нь үзүүлж, уран чадал нь улам нэмэгдэж байгааг тун илэрхий харуулж байна. Үзэсгэлэнд бас гэр бүлийнхээ хүний урласан зарим зүйлийг тавьсан нь уран зураачийн чадал авьяас нь ар гэрийн хүнд бас тусан нөлөөлснийг үзүүлж байна.
Үзэсгэлэнд орсон хүн, зарим дүр зураг, судалбар зургийг нүдээрээ ширвэж үзээд зарим зургийн өмнө овооролдож байгааг харахад уран зураач нь чухам юугаар тэдний нүдний хорхой хүргэснийг мэдэж болмоор сонин санагдлаа.
Үзэсгэлэнд судалбар зураг, ноорог зураг, дүр зураг бас Зөвлөлт улсад зургийн сургууль хийж байхдаа зурж байсан зураг зэрэг нэлээд олон зүйлийн зураг тавьсан боловч нийтдээ зураачийн бүх зурсан юмыг арай л гүйцэд үзүүлж чадсангүй, зарим шилдэг нэгийг нь, гадаадад монгол зураач нарын зургийг үзүүлэх үзэсгэлэнд сонгож явуулсан нь Ядамсүрэн зураачийн анхдугаар том үзэсгэлэн нээх үед буцаж ирээгүй байжээ.
Залуудаа Ядамсүрэн хуучин монгол ёсны зураг сонирхон оролддог байжээ. Зураач, Зөвлөлт Холбоот Улсад сургууль хийхдээ, Москвагийн зургийн үзмэр, олон музей үзэхдээ, зөвлөлтийн зураачийн ард түмэндээ уран бийрийнхээ чадлаар сайхан бүтээл гаргаж байхыг үзээд зураг урлалыг улам их сонирхох болжээ.
Зөвлөлт Холбоот Улсад сургууль хийхдээ манай оронд ардын хувьсгалын үед сая нэвтэрч ирсэн тос-усан будаг, харандаагаар зурах шинэ арга судлан сурч, бас зөвлөлтийн багш нараас уран бүтээлийн шинэ арга болсон, нийгэм журамт реализмын арга суралцжээ. Урьдын монгол улсад зураач бурханч нар буддын шашны үлгэр домгийн сэдэв, шүтлэгийн зураг, бурхан тэнгэр, хутагт хувилгаан, лам ноёдын дүрийг зурдаг байсан бол, Ядамсүрэнгийн зургийн сэдэв нь нийгэмлэг, улс төр, түүх, хувьсгалын сэдэв голлож, одоогийн шинэ монголын хүн ардын дүрийг үзүүлэх гэж хичээнгүйлдэг ажээ.
Үзэсгэлэнд орж үзэхэд, манай улсын олон сайн малчин, гавшгай ажилчин, ардын сэхээтний дүр зургийг зурсан нь их олон үзэгдэж байна. Тэр дүр зураг нь тэр бүр тэгш сайхан зураагүй, зарим нь дутуу дулим байгаа боловч үзэсгэлэнд зурсан зургаа тавьсан энэ зураач маань дүр зургийг голлосон авьяастан хүн юм байна. Тэхдээ манай зураач нарын дунд тэр талаар нэлээд дээгүүр суудалтай сүрхий уран хүн юм байна гэж үзэсгэлэнг үзсэн хүний сэтгэлд орж байна.


Зураач Ү. Ядамсүрэн
Зураач Ядамсүрэнгийн зургийн зүйлийг үзвэл, нарийн зурагч хүн юм байна. Манай монгол зурагт нарийн зургийг сүрхий чухал болгож байсан тул залуу насандаа монгол зургийг сонирхож байсны учраас өрнө зүгийн зураг урлалын аргыг судлан сурахдаа ч тэр, нарийн зургийн ёсыг бас алдаагүй юм байна гэж бодогдлоо.
Зураачийн бүтээлийн дотроос уурхайчин Даваажавын дүрийг зурсан нь үзэгчдийн анхаарал татах сайхан зураг боллоо. Түүнийг үзэхэд ажил хийхдээ зоригтой, эр их чадалтай, сүрхий гавшгай уурхайчин юм байна гэж хэн ч бахдан үзмээр сайхан зуржээ. Үзэсгэлэнд тавьсан зургийн шилдэг сайны нэг нь байгаа тэр зургийг ил захиа, өнгөт зураг болгож хэвлүүлэн үржүүлж, олны хүртээл болгомоор сайхан зураг байна. Түр зуурын үзэсгэлэнг манай улсын ард бүхэн үзэх бололцоогүй тул тийм сайхан зүйлийг хэвлэлээр үржүүлж, зураачдынхаа эрхэм бүтээлийг олондоо алдаршуулууштай юм санжээ. Ядамсүрэнгийн зурсан зургийн дотор тийнхүү олон хувь болгомоор тун чадалтай, сүрхий сайхан зурсан зураг дүр зураг олон байна.
Том зургийн зүйлээс Сталин, Чойбалсан хоёрыг амралтын газар нөхөрсөг сайхнаар ярилцан яваа байдлаар зурсан зураг бас л олон хувь болгож өнгөт хэвлэлээр олны хүртээл болгомоор зураг юм санж.
Зураачийн бие үзэсгэлэнд нь орж ирсэн хүний сэтгэлд санаа оруулж, манай ардын урлагт наамал гэж бас нэг зүйл байдаг шүү гэж анхааруулах зорилгоор Зөвлөлт, Монгол, Хятад гурван улсын найрамдлыг дүрслэн үзүүлсэн наамал нэгийг тавьжээ. Урьдын урчуудын бүтээсэн наамлын зүйлийг үзэхэд хэн ч гэсэн гайхмаар уран хийцтэй байдаг өндөр эрхэм тэр урлагийн авьяастан, ардын уран чадалтан тийм хүмүүсийг зүй нь цуглуулан, сайхан тэр урлагийг нь хөгжүүлүүштэй юм шүү дээ. Ядамсүрэн, үзэгч олондоо манайд тийм юм байдаг юм шүү гэж наамал хийсэн нь урьдын урчуулыг хийцээр эс гүйцэвч, наамлын зүйлийг шинэ сэдэвт хэрэглэсэн нь сайхан, бас тэр урлагийг манай одоогийн урлагийн дотор зохих суурийг нь эзлүүлье гэж зорьсонд нь бид бүгд үнэн сэтгэлээс зураач нөхөртөө баяр талархал илэрхийлж, зохих газраас зураачийн тэр зүйтэй уран шаардлагыг угтан дэмжиж авах болов уу? гэж бодож байна.
Үзэсгэлэнд нь зураачийн нэлээд дээр үед зурсан “Намын анхдугаар их хурал”, бас “Шивээ Хиагтыг авсан нь”, “Гамингийн харгислал”, “Сүхбаатар ардын журамт цэргийн хамт гаминтай анх тулсан нь”, “Монгол баатрууд” гэх зэрэг түүхийн сэдэвт хэдэн зураг тавьсан байна. Түүнийг үзвэл манай урчуудын, ганц бийр будгийн урчуудаар барахгүй, бэх үзгийн урчууд гэвэл зохих зохиолч нарын ч бүтээлд байдаг нэг дутагдал барзайтал харагдаж байна. Ямар дутагдал гэвэл, ном бичиж үзсэн нь даан ч нимгэн, түүхийн бодитой үнэн байдал, түүхийн үеийн эдийн боловсрол, утга соёлын зүйлийг судалж мэдсэн нь нимгэн байдаг учраас манай зарим зохиолч, зураач нар бичих зурах аятайхан сэдэв санаа бодож олоод тэрнээ нэг бүтээл болгох гэхдээ үүнийг ч мэдэхгүй, тэрүүнийг ч тулгуурлахгүйн зовлон гарч нарийн судлах, эрэх сураглах, түүхийн дурсгалт зүйл, тэр цаг үеийн аж байдал, зан суртал, хувцас хунар, сав саалийн зэрэг зүйлийг олж үзэх, мэдэх гадарлах их ажил шаардагдан гардгийг тэгсхийгээд л нүд анин өнгөрөөж, тийм нарийн зүйл мэдэх гэж биеэ зовоосны хэрэг алга санаа л зөв байвал барав гэдэг нэг зуршил тасраагүй байна. Гэтэл хуучныг эс мэдвэл, шинийг бүтээхэд бэрх шүү дээ, Жишээ хэлбэл, “Запорожийнхан туркийн султан хаанд захиа бичиж байна” гэсэн Репиний маш алдарт зураг бол запорожийнхан туркийн султан хаанд захиа бичсэний нь санамсаргүй тохиолдон сонсоод зураач Репин, түүнийг их сонин юм байна гэж алдарт зургийнхаа сэдэв болгожээ. Тухайн түүхэн үеийг сүрхий сайн мэдэхгүй, тухайн бичиг зохиол, хүн ардын байдал төлөвийг мэдэхгүй бол яасан ч тийм сүрхий зураг зурахын аргагүй хэрэг. Тэр бүгдийг мэдэх судлах гэж хөдөө гадаа явж, бичиг судар сөхөж, хүн хартай уулзаж учир байдлыг нь мэдэхгүйгээр тийм зураг босгоно гэж ярихгүй хэрэг. Гагцхүү тийм их шургуу, нарийн судалгаа хийж, ажил хөдөлмөр гаргасны хүчээр л Репин гуай, запорожийнхан, туркийн султан хаанд нэг захиа бичиж гэнээ гэсэн ялимгүйхэн өчүүхэн сэдвийг ард түмний эрх чөлөөгөө эрхэмлэсэн чин санааг үзүүлсэн туульсын сүр жавхлан бүрдсэн гайхамшигт зураг болгожээ. Их юм мэдэж, их зүтгэл гаргасны хүчээр их сүрхий юм босгодгийн жишээг үүгээр харуулж болно. Тийм их мэдлэг, хүч судалгаа, чадал авьяас орохгүйгээр ямар ч сайхан сэдвээр олигтой юм болж өгөхгүй шүү. Жишээ нь “Намын анхдугаар их хурал” гэж сэдэв сайхан боловч, нэг байшингийн нэг тасалгаанд хэдэн хүн цугласныг зураад дор нь “энэ бол намын анхдугаар их хурал” гэж бичсэн төдийхнөөр намын их хурлын ач холбогдол, монголын ард түмний эрх чөлөөгөө тэмцсэний нь үзүүлж болохгүй юм байна шүү. Репин шиг их мэдлэгтэй, их эрдэмтэй махрангуй их зүтгэлтэй байвал сая Репинийх шиг тийм сүрхий чадалтай уран бүтээл бүтээж, түмэн хүний сэтгэл хөдөлгөж болохоос биш, хурууны үзүүр төдийхнөөр бийрээ хэд хөдөлгөчихвөл зураг болчихно гэж тун болдоггүй нь илэрхий байна.
Манайхны одоогийн байдлаар юм их мэдье гэвэл дэлхийн соёлын их сангийн түлхүүр болсон орос хэлийг л уйгагүй судалж, орос хэлэн дээр байдаг ном бичиг их үзэж, түүгээр үндэс болгон өөрийнхөө улс ардын байдал, өнгөрсөн түүх, соёл боловсролыг нь гүнзгий судалбал хүний сэтгэл хөдөлгөх шинэ сайхан бүтээл зохиох чадал нэмэгдэх юм. Тэгж сурлага мэдлэгээ зузаан болгохын төлөө бид зураач зохиолч нар биеийн алжаахыг бодолгүй мэрийх ёстой гэдгийг тэмдэглэн дурдъя.
Бас нэг хүсэх зүйл гэвэл манай бусад зураач нөхөд маань, бүтээсэн юмаа олондоо үзүүлэхдээ хүний сэтгэл хөдөлгөн баясгах сайхан зураг хийхдээ, яаж түүнийхээ материал бүрдүүлж ноорог зураг, судалбар зураг хийж ингэвэл дээр үү, тэгвэл дээр үү гэж янз янзаар зурж үздэг хувилбар зураг хийдэг зэргээр үзэгчдийн зориг бадрах сэдэвтэй, нүд хужирлах сайхан зургаа хийхдээ нарийн няхуур ажилладаг ажиллагаа байдлаа үзүүлсэн зураг зүйлээ бас үзэсгэлэндээ тавилцан танилцуулж, авьяастайгаас гадна ажилч байдалтайгаа бидэнд үзүүлэн сонирхуулаасай гэж хүсэх нэг хүсэл байна.
“Үнэн” 1956. 1. 28 № 24


АРДЫН СПОРТЫН УЧИР

Тэр жил Румыны “Скынтея” сонины сурвалжлагч Тамир голд нэг нэгдэлд очиж, эмнэг сургаж байгаа хэдэн залуучуудыг үзээд моринд чадамгайг нь гайхсан билээ.
Нээрээ ч сонин сайхан юм даа. Манай кино зураг авагч нөхөд, ардынхаа, ажил хөдөлмөрийн байдлыг үзүүлж, биеийн тамирчны ид чадлын тэмцээн шиг, эмнэг адууг сургадаг хөдөлмөр мэтийн кино сэтгүүл болгож аятайхнаар найруулан үзүүлбэл хэн ч сонирхмоор сайхан юм байдгийг хэлээд яах вэ, зураг болоод гарч байхыг нь үзвэл сонин сайхан юм санж гэж бодож явснаа дурдууштай санагдлаа. Уурга бариад давхиж яваа чадалт эрийн гараас л мултрах юм сан гэж арга чадлаа гарган давхиж яваа эмнэг адуу, түүнийг уургалаад мордчих юм сан гэж хөөж яваа золбоотой адуучин, хашир уургач морь хоёрын мэрийж явааг нь үзэхэд, уургалсан морио эгшин зуур хазаарланхан мордоод булгиуланхан давхиж эрхэндээ оруулан сургаж байгаа нь, насаараа морь унадаг хүний эр чадлыг бахадмаар юм даа. Ажиглан бодвол, ардын маань эрийн гурван наадам гэдэгт бөх барилддаг арга мэх нь, бяртай эрийн эмнэг сургахад бас хэрэг болж, булчин шөрмөсийг нь чангаруулдаг нэг ёсны сургууль байж дээ гэмээр үзэгдэж, энгүүн наадам биш, аж амьдралтай холбоотой, адуу сургах адуучин хүний чадал тэнхээ, арга дүйг нь улам сүрхий болгох биеийн тамирын сургууль ажээ. Бөх барилдах гэж, бяртай эрийн гарыг улам чанга болгож, ямар ч эмнэг догшин морийг чихдэнхэн тогтоож чадах чадалтай болгож, бөх хүний хөлийн булчин шөрмөс чанга болдог нь, эмнэг морийг мордонхон давхихад нь хэрэг болдгоор барахгүй, сур харвах гэдэг нь, хол ойрыг андахгүй, уургалах, бугуйл хаяхад алдахгүй цэцэн болгодогт хэрэгтэй эрийн гурван наадам харилцан холбоотой, бас амьдралтай холбоотой биеийн тамир спорт байжээ. Европт гүйдэг теннис гэсэн лаун теннисийн хажуугаар ширээний теннис гэж байдагтай эгээ нэгэн адил, холоос сур харвадгийг гэрт юм уу асарт тааруулж, шагай харвах болсон нь, бас л сонин сайхан бөгөөд манай ардын дуртай нэгэн спорт ажээ. Бас шагай атгах зэрэг ардын дуртай олон тоглоом бий билээ. Манай биеийн тамирын байгууллагынхан ширээний теннисийг зүгээр гэж үзээд, шатар даамыг бас спортын нэгэн зүйл гэж үзэх мөртөө, шагай харвахыг сууж тоглодог наадам гэж тоомсорлодоггүй нь арай ташаа болов уу? Сууж тоглодгийн хувиар шатар даам ч гэсэн, суухын ихээр суулгадаг юм биш үү? Хүний ухаан сэтгэл амраахын хувьд шагай харвахад ч гэсэн, дуртай тоглоомдоо санаа анхаарлаа тавьж амардаг юм биш үү? Шагай харвах зүйлийг үндэсний спортын зүйлд оруулбал зохих юм санжээ. Эртнээс уламжилсан ардын маань тоглоом юм гэдгийг эртний юм судлагч эрдэмтэн ч гэрчилдэг юм шүү. Юугаар тэгж мэдэв гэвэл, эртний монголын Хар хорин хотоос шагай их олноор гарсан баримт бий. Бас, биеийн тамирынхны хэрэглэдэггүй боловч, биеийн тамирын нэг сонин, монгол үндэсний тоглоомоос дурдвал, сээр шаах гэдэг... юм бий шүү. Сээр шаахад дан хар хүчээр болдоггүй, эвий нь тааруулж олох нь их чухал байдаг үүнд, зарим сээр их бөх байдаг учраас, олон хүний гар дамжиж, гялалзталаа өнгө ороод, хуга шааж чадаагүй хүн бүр түүнд нэг хадаг зүүж, зарим нь тэр хадагт нь мөнгө зоос боож, нэвсийсэн сүртэй юм олон гол дамжиж явдаг байжээ. Сээр шаадаг чадамгай сайчуул, тийм сүрхий сээрийн сургаар хоногийн газраас ч гэсэн хөөцөлдөн очиж, хуга шаасан хүн нь, урьд чадалгүй олон хүний зүүсэн хадаг мөнгийг авч, олзтой омогтой, нэртэй хүндтэйгээр буцдаг байлаа. Манай биеийн тамирын байгууллагынхан чанга гарынхаа чадлыг үздэг, ардын биеийн тамирын сонин зүйл байсан энэ сээр шаах тоглоомыг хэрэглэвэл, боксчноос дутуугүй сонин юм биш биз? Алдсан нийгэмлэгийнхэн, сээрт өнгө өнгийн алчуур мэтийг зүүж, хуга шаасан хүн нь тэрүүнийг авч байх нь үзэгч олонд сонирхолтой бөгөөд үндэсний маягийн хүч тамирын нэг сонин спорт гэмээр юм биш үү? Ийм спорт гагцхүү мал аж ахуйтай оронд эмнэг сургаж унадаг чанга гартай чадалтай эрчүүдийн л үүсгэн гаргасан шинж нь илэрхий шүү! Урьд сур харвахаас гадна морин дээрээс саранпай намнан харвах тэмцээн болдог байжээ. Мориор давхиж яваад, тогтмол шав тэмдэг босгосон газраас саранпай харваж, бай өнгөрөөд морин дээрээсээ эргэж, мөн тогтмол шав тэмдэгтэй газраас харвахдаа, хурдан давхихын эрчид эс амжин, харва гэсэн тэмдгийг өнгөрвөл нэг хожвор (очков гэдгийн монгол нэр) алдсанд тоолдог байжээ. Энэ саранпай харвах зүйлийг харвал дээр нэмэн оруулбал, эрийн гурван наадмын зүйл сонин болох юм биш үү. Баян-Өлгий аймагт бас үндэсний спортын сонин сонин тэмцээн байдаг. Түүнээс улсын наадамд оролцуулбал, үзэгч олонд ч сонин, үндэсний спортын зүйлд ч шинэ сонин зүйл нэмэгдэх юм санж. Саявтар н. Цэрмаа “Үндэсний спортыг хөгжүүлье” гэсэн өгүүлэл хэвлэлд нийтлэхдээ монгол бөх барилдах, морь уралдах ёсонд ардын уламжлалыг өөрчлөх санал оруулжээ. Тухайлбал хоёр морь зуузай нийлэн хүрч ирвэл зөв талынхыг түрүүлсэнд тооцдогийг ямар ч үндэсгүй гэж үзээд, тиймд дахин дахин уралдуулбал зохино гэжээ. Хянан бодвол, ардын тэр ёс үндэсгүй гэхийн аргагүй юм шүү. Давхиж ирсэн морийг дахиад дээрээс нь давхиулна гэснээс илүү мэргэн ёс юм. Яагаад гэвэл, сул давхиж явсан морь биш, туламтай юм ачаад давхиж явсан морь биш, морины хурдныг шалгахын учир, дээр нь хүн унуулж давхиулдаг нь, хүн морь хоёрын чадал үзэж байгаа тэмцээн шүү дээ. Хурдан морины хүүхэд бол, газрын холоос давхихад мориныхоо хүч чадлыг хэмнэж, хамаг хүчийг нь авсаар баруулчихгүй, учиртай бодлоготой давхиж, одоо л байдаг чадлаа гаргана гэж зохистой цаг үе дээр нь хүлэг мориныхоо хурд чадлыг гаргах үүрэгтэй хүн яваа юм шүү дээ. Ойртоод ирэхэд, унаж явсан мориндоо ашигтай, хөөгөөд хойноос нь хариугүй гүйцэж яваа морины түрүүлэх замыг боож, зөв талдаа гаргахгүйг бодож явах үүрэгтэй хүн шүү дээ. Тийм учраас гүйцэд буруу талаар орсон морины хүүхэд буруутах нь ч зүйтэй, зөв талд нь гарч чадсан хүүхэд зөвтөх нь ч зүйтэй үүнд, морины чадал, хүүхдийн самбаа аль аль нь оролцож байгаа юм. Гүйцэд ирсэн морийг зөв талдаа оруулаагүй хүүхэд морь хоёрыг түрүүллээ гэхгүй яах вэ? Дэлхий дахины явган гүйдэг спортчны тэмдэглэлийг үзэхэд, чадлаа яаж хэмнэж, хойноосоо гүйцэж байгаа хүнийг урдаа оруулахгүй гэж биеэрээ ч гэсэн замыг нь боож явдаг гэж бичсэн байдаг. Бас сүүл тийшээ, нэг төө газар ч ухасхийн урд нь гарахад айхтар хэцүү байдаг учраас, урдаа гүйж явсан хүний хажуугаар нь тойрох гэхэд хөлийн чимээгээр тойрох замыг нь хааж гүйдэг хүнийг нэг хэд илүү алхаж тойрон гарахад юутай бэрх байдгийг бичсэн зүйл, бас морин тойруулгад гүйцэж яваа морийг эргэх газар дотуураа оруулахгүй, гадуураа тойруулж, хэд илүү алхуулан, тэр самбаанд газраа ахиулдаг гэх мэтээр бичсэн зүйлийг үзэхэд, түрүүлэх сүүлдэхийг хэдхэн секунд шийдвэрлэж хэдхэн үсрэхээс болох чухал цаг үед гүйцэж яваа морийг зөв талдаа гаргахгүй гэдэгт хоёр морь, хоёр хүүгийн чадал самбаа шийдвэрлэж байгаа юм шүү! Мориныхоо чадалд эрдсэн хүүхэд, буруу талаар нь ороож ороод түрүүлье гэж ухасхийтлээ, газрынхаа баримжааг зөв бодож чадалгүй, урд нь гарч амжаагүйн учир буруу талаас нь зуузай холбож зэрэг орж ирвэл, зөв талаа тэмцэж явсан хүний зөв бололгүй яах вэ? Энэ бол их нарийн ухаан шүү! Үүнийг гагцхүү олон мянган жилийн туршлагаар олсон хэрэг байх!
Нөхөр Цэрмаа, хурдан морины хүүхдийн үүргийг бодсонгүй, мориныхоо хүчийг авсаар барчихгүй, хэрэгтэй чухал цагт чадлыг нь гаргаж газрын хол ойрыг мориныхоо хүчтэй зохицуулдаг үүрэгтэй, бас уралдаж яваа бусдаас өөрийнхөө морийг аль ашигтай нөхцөлийг алдалгүй хэрэглэх үүрэгтэйг анхаарсангүй болов уу даа.
Бөх барилдахад, францын бөх барилдах ёс, оросын бөх барилдах ёс, татаар бөх барилдах ёс, тухтай барилдах гэх мэтийн олон ёс байдаг. Үүнд монгол бөх барилдах ёс нь бас л ардын өвөрмөц байдалтай байж болох тул, хүнд хөнгөн жин мин гэж өөр ёсны юмыг хольж хутгаад монгол ч биш, европ ч биш, эрлийзжүүлсний хэрэг бий юм бол уу, үгүй юм бол уу? Олон улсын тэмцээний ёс, монгол үндэсний бөхийн ёс гэж тус тус нэг нэг хэлбэртэй байвал гадаад дотоодын үзэгч олонд ч сонирхолтой бол уу гэж санагдана. Нийгэмлэгийн далбааг миний бодоход бас монгол ардын эртнээс далбаагаа чимэглэхэд хэрэглэж байсан зүйлийг хэрэглэвэл, бас гадаад дотоодын тэмцээнд оролцоход үзэгч хүний нүдэнд бас сонин байх сан. Жишээ нь, зарим далбааг бадарсан галын дөлний хэлбэртэй, хэлтэй гурвалжин хэлбэртэй болгох юм уу, ваадангийн хийсдэг талд нь гурван бүчтэй болгох юм бол, хийсэхэд нь ч нэмэр, жагсаал ёслолд ч үзэхэд бас сонин чамин болж болох юм. Олон улсын тэмцээнд оролцоход ч, олны нүдэнд онцгой сонин содон сайхан байх сан бол уу?
“Үнэн” 1956. 5. 25. № 123


ХIII ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХИЙН ЧУХАЛ БИЧИГ

Английн Манчестер хотын их сургууль, Ата-Малик Жүвейни гэдэг Ираны нэрт түүхчний зохиол Тарих-и-Жахаи-гуша буюу дэлхий дахиныг дагуулагчийн түүх гэдэг хоёр дэвтэр, перс хэлнээс англи болгон нийтэлжээ. Орчуулан нийтэлсэн хүн нь перс хэлэнд мэргэжсэн доктор Бойль оршил бичиж хавсаргажээ.
Жүвейнийн тэр зохиол, персийн үргэлжилсэн үгийн сонгодог зохиол бөгөөд XIII зууны монголын түүх судрын нэн чухал тулгар бичгийн нэг нь ажээ. Урьд өмнө Европын хэлээр орчуулаагүй энэ чухал тулгар бичиг англи хэлээр анх гарч байгаа нь монголын түүх судлах эрдэмтэнд их л сонин сайхан юм болжээ. Жүвейни Чингэсийн үеийн явдал, түүний засаг төр барьсан Өгөөдэй, Гүюг, Мөнх хаан, Хүлэгүү хааны үеийн явдал түүхийг дэлгэрэнгүй бичжээ. Бас Иран дахь Аламутан ассасим гэдэг лалын исмаилынхны алуурчныг даран сөнөөж Хүлэгүү хааны байлдсаныг маш тодорхой бичжээ.
Жүвейни, өөрийн биеэр тэр аянд явалцаж, Хүлэгүүгийн нарийн бичгийн дарга нь байсан хүн бөгөөд өөрийн нүдээр үзсэн юмны дээр, монгол албанд байсан өөрийн эцгийн дурсан ярьсан зүйл, Сартуул улсын шаг хааны албанд сайд байсан өвөг эцгийнхээ яриа дуртгалаас бичсэн маш сонин зүйл олон тул араб, перс түүхчин Жүвейнийн тэр түүхийг их чухал бичиг гэж үздэг байжээ. Одоо англи хэлээр энэ ном гарч судлан сонирхох эрдэмтэнд XIII зууны үед олон улсын холбогдолтой чухал явдлыг мэдэхэд маш дөхөм болжээ.
Ринчен-доктор, профессор.
“Монголын үнэн” 1956


“Дэлхий Дахиныг Дагуулагчийн Түүх” номын зураг
“Мөнх хаан зочин хүлээж авч байгаа нь”


МОНГОЛ АРДЫН САЙХАН ГАР УРЛАЛ

Монгол ардын гар урлал бол түмэн жилийн түүхтэй сайхан урлал юм. Ардын өмсдөг хувцас, хэрэглэдэг эд хэрэглэлийн чимэг гоёлыг үзвэл, уран хэлбэр янзаараа хүний нүд хужирлуулж, үндэсний хосгүй гоё сайхан угалз хээгээр бахдуулан, өнгө будгийг зохицуулсан нь гоц сайхан уран хийц байдал маш нарийн, бас хийсэн эдийнхээ байдлыг үзэмжтэй сайхан болгоход уран хүний бахдам, чадлыг харуулж чаддаг нь үнэхээр сайхан юм. Ардын гоёл чимэглэлийн урлаг гайхамшигтай сайхан юм бүтээдэг ардын урчуудын хэрэглэдэг эд нь ган төмөр, алт, мөнгө, зэс, хүрэл зэрэг эрдэнэ төмөрлөгийн зүйл, мод яс, чулуу шавар, торго, цаас, ноос, эсгий, арьс шир зэрэг олон зүйл байдаг түүнийгээ сайхан зохицуулан хэрэглэж чаддаг нь сонин гайхалтай. Францын есдүгээр Лүи Ван, арван гуравдугаар зууны дундуур минорит шашны лам Вильхелм Рубрукийг монгол газар явуулсан нь дорно зүг аялсан бичиг гэдэг зохиолдоо монгол гэрийн байдлыг тэмдэглэхдээ “дээвэр нь тооноо тойруулан янз янзын гоё сайхан угалзтай байдаг юм билээ. Эсгий үүд нь бас эрээн мяраан эдээр чимээстэй, алаг эсгий нь үзмийн зэрэг мод араатны дүрс мэтийн чимэгтэй байдгийг үзлээ гэж сонирхон тэмдэглэсэн нь Европт монгол ардын гар урлалыг дээр эртнээс гайхан сонирхсон тэмдэглэлийн нэг билээ.


В. Рубрук
Рубрукийн дурдсан жигүүртэн араатан гэдэг нь манай ардын үлгэрт баатрын гэрийн чимгийг магтан дурддагтай яг нийлж байна. Алаглан чимсэн үүд гэвэл, одоо ч гэсэн монгол эмэгтэйчүүд, гэрийнхээ үүдийг ширэх, торго мэтээр алаглан чимэх зэргээр гоёдог заншил бий. Ардын урчуудын хэрэглэдэг сайхан хээ угалз бол баялаг сайхан бөгөөд, орон барилгын гадна дотно талд, сав саалийн зүйлд гэрийн эд агуурс, төмөрлөг чулуун эдлэл, оёмол хатгамал зүйл, гутал малгай, хазаар дөрөө, эмээл хударга, гөлөм дэвс, уут нэмнээ мэтэд цөмд нь байхдаа, хээ угалзыг гол зорилго болгодоггүй, уг эдийг чимэх зорилгод тааруулан зохицуулахыг гол болгож тааруулдаг билээ. Тэхдээ угалз нь хамаагүй, учир утгагүй юм бус, уг эдийг чимэн гоёж, сайхан үзэмжтэй болгохоос гадна, эдлэх эзэнд нь ерөөл болгож, энх жаргал, өлзий баяр, сайхан санаа ашдын билэг зохиосон гүн утгатай чимэг хээ байдаг нь хүнийг эрхэм болгосон манай ардын сэтгэл санаа нь сайхан аа!
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Манай Ардын Туульс - 2
  • Büleklär
  • Манай Ардын Туульс - 1
    Süzlärneñ gomumi sanı 3792
    Unikal süzlärneñ gomumi sanı 1654
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Манай Ардын Туульс - 2
    Süzlärneñ gomumi sanı 3974
    Unikal süzlärneñ gomumi sanı 1766
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Манай Ардын Туульс - 3
    Süzlärneñ gomumi sanı 3846
    Unikal süzlärneñ gomumi sanı 1681
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Манай Ардын Туульс - 4
    Süzlärneñ gomumi sanı 4176
    Unikal süzlärneñ gomumi sanı 1681
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Манай Ардын Туульс - 5
    Süzlärneñ gomumi sanı 4280
    Unikal süzlärneñ gomumi sanı 1759
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Манай Ардын Туульс - 6
    Süzlärneñ gomumi sanı 3552
    Unikal süzlärneñ gomumi sanı 1457
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Манай Ардын Туульс - 7
    Süzlärneñ gomumi sanı 4351
    Unikal süzlärneñ gomumi sanı 1746
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Манай Ардын Туульс - 8
    Süzlärneñ gomumi sanı 4309
    Unikal süzlärneñ gomumi sanı 2004
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Манай Ардын Туульс - 9
    Süzlärneñ gomumi sanı 3056
    Unikal süzlärneñ gomumi sanı 1537
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.