Latin

Лобо Чоно - 1

Süzlärneñ gomumi sanı 4486
Unikal süzlärneñ gomumi sanı 1936
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
Э. Сетон Томпсон

ЛОБО ЧОНО

“Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хороо” 1960 онд Улаанбаатар хотноо эрхлэн хэвлүүлсэн “Э. Сетон Томпсон : БОР БААВГАЙ” номоос
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.



Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Орчуулсан Б. Ринчен


ЛОБО ЧОНО


Нэг


Шинэ Мексикийн умард хязгаарын их орныг Куррумпо гэж нэрлэнэ. Энэ нь малын бэлчээр маш баялаг сайхан орон болох тул, олон тооны мал сүрэг тархан бэлчих ба хурдан урсгалт тунгалаг сайхан устай нутаг мөн бөгөөд гол горхи нь Куррумпо голд цутгах учир уул нутаг нь түүний нэрээр алдаршжээ. Энэхүү газрын эзэн ван нь нэгэн хөгшин хөх чоно бүлгээ. Түүнийг Мексикийн хүмүүс хөгшин Лобо буюу “Ван” гэж нэрлэжээ. Энэ чоно болбоос олон онд Куррумпо голынхныг хохируулан хоосруулсан алдарт нэгэн сүрэг хөх чонын удирдагч том чоно ажээ. Лобо бол өөрийн харьяат сүргийн хамт явсан газар бүхнээс адгуус малд аюул хөнөөл тохиолдуулдаг учир ард бүхэн таних болсон төдийгүй ялангуяа эдгээр чоно үзэгдсэн газраа малын эзэд уур хилэн хүрч тачаадан хорсож их л занана. Хөгшин Лобо бусад чононоос үлэмж том биетэй бөгөөд ов мэх, хүчин чадал нь биеийн жишээ лүгээ тэнцжээ. Түүний шөнө улих нь бусад чонын улихаас сүртэй чанга тул нутгийн хүн бүхэн андахгүй болжээ. Энгийн чоно айлын ойр хавь шөнө турш уливч хүмүүс дэмий л тоохгүй, харин чонын хөгшин Вангийн их дуу уулын хавцалд хүрхрэн сонсогдмогц сүрэгчин ихэд сандран мэгдэн цочиж мал сүрэгт өглөө ямар аюул сүйтгэл тохиолдсон байх бол хэмээн эмээнэ. Лобо Ванг дагах чоно төдий л олонгүй бүлгээ. Энэ нь ямар учиртай болохыг би мэдэж ядав. Ер чонын сүрэгт ямар нэгэн чоно онц чадалтай болбоос түүнийг дагагчид олон болдог билээ. Лобыг дагагчид олонгүй нь түүний зан авир догшноос болсон болов уу. Эсвэл Лобо, өөрийн санаанд нийлүүлэн цөөн тооны нөхөдтэй явдаг болов уу. Алин ч атугай Лобын амьдралын сүүлийн үед түүнийг тавхан чоно дагасан бөгөөд хэдий ийм боловч, эдгээр чоно тус бүрдээ цөм нэрт чоно ажээ. Эдгээрийн дотор зарим нь бас том биетэй чоно буй болой. Ялангуяа Лобын туслах нэгэн чоно нь асар том биетэй боловч, гагцхүү хүч чадал ба гавшгай шаламгайгаар түүнийг гүйцэхгүй бүлгээ.
Эдний нэгэн сайхан цагаан чоныг Мексикийн хүмүүс Бланка хэмээн нэрлэх ба зарим нь түүнийг магад Лобын хань өлөгчин чоно болов уу хэмээнэ. Нөгөө нэгэн шар чоно нь гүйхэд хурдан тул, хурдан хөлт зээрийг гүйцдэг хэмээнэ. Ийнхүү эдгээр чоныг үхэрчин хоньчин бүгд сайн мэдэх ажээ.
Энэхүү сүрэг чоно цаг ямагт нүдний өмнө үзэгдэх ба олонтоо сонстох болсноос гадна эдгээрийн амьдрал нь малчны байдалд үнэхээр хор хөнөөлтэй болох тул Куррумпын малчин хэн хүн Лобын сүргээс нэг ч атугай чонын толгойн хуйх авчирваас баярлахаар барахгүй, өдий төдий залуу үхрийг хайрлахгүй дуртай шагнах ажээ. Гэтэл эдгээрийг ямар ч арга хэрэглээд алж чадсан нь нэгээхэн бээр үгүй. Харин эдгээр чоно нь гөрөөчин хүн бүхнийг элэглэх ба тавьсан хороор тоглох зэрэг байдлыг гаргасаар сүүлийн таван жилийн дотор Куррумпын малчдаас өдөр тутам нэг үхрийн алба татна. Энэхүү тооны ёсоор хоёр мянга илүү шилдэг сайн малыг сонгон хяджээ.
Чоно бол цаг ямагт өлсгөлөн гуринх явах тул, тохиолдсон бүхнийг залгина хэмээх хуучны үгийг энэ зуур үнэн хэмээн баримтлахад бэрхтэй болсон бөгөөд харин дээр дурдсан олны хүзүү дээр амьдардаг чононууд нь нэгэнтээгүүр идэх юмыг эрэн сонгон ялгаварладаг байжээ.
Жишээлбэл, эдгээр чоно өөрийн үхлээр үхсэн буюу өвчин эмгэгтэй бузар буртаг малд ойртох ч үгүй, малчны алсан малыг ч хэрэглэхгүй орхих бүлгээ. Эдгээр чоно, тугал бяруу зэрэг тун ч зөөлөн махтай малыг гагцхүү өөрсдөө барьж өдөр тутмын хоол болгон хэрэглэх бөгөөд хөгшин шар буюу өтөлсөн үнээг тоолгүй орхино. Хонины маханд бас ч дургүй, хонь хургаар тоглоом хийж, урж таслан сэглэсэн нь олонтоо үзэгдэнэ.
Жишээлбэл 1893 оны 11 сарын нэгэн шөнө Бланка, шар чоно хоёул хоёр зуун тавин хонь хядсан атал махнаас өчүүхэн ч үмх амссангүй нь, хонийг хөнөөн цэнгэлджээ.
Сүрэг чонын олон ардад учруулсан хохирол сүйтгэлийн олон өгүүллийг тоочвол барахгүй. Эдгээр чоныг жил бүр устган сөнөөхөөр шинэ шинэ аргыг хэрэглэн туршсан боловч, цөм тусыг олж чадсангүйн улмаас өнөө чононууд нь хүний арга мэхэд орсонгүй харин бүгдээрээ энгийн амар тайвнаар урьд лугаа адил хөндлөн гулд явна.
Үүнд Лобын толгойг авч ирсэн хүмүүст туйлын их шагнал олгоно хэмээн зарласныг олон хүн сонсож түүнд элдэв хор тавиад заавал мэдэх тул, цаг ямагт зайлсхийн чадах бөгөөд гагцхүү Лобын айх нэгэн зүйл нь буу болох ба нутгийн хүн бүхэн буутай явахыг Лобо бас ч андахгүй мэдэх учир хүнд довтлон орохгүй хэзээний зугтан тонилдог ажээ.
Иймийн тул эл сүргийн аль нэгэн тагнуулаас өдрийн цагт хүнийг үзвэл даруй бүгдээр зугтаах журмыг ёсчлон гүйцэтгэх ба бас өөрсдийн барьсан малыг идэхээс биш, бус юм идүүлэхгүйгээр Лобоос өөрийн сүрэгт тушаасан заншлыг ямагт баримталдаг бөгөөд хүний гар хүрсэн юм, ялангуяа хор зэргийг нарийнаар үнэрлэн таних Лобын мэргэн мэдрэл нь эдгээр чонын сүргийг олон удаагийн аюул үхлээс авран гаргасан бүлгээ. Гэтэл нэгэн өдөр хөгшин Лобын улин дуудах дууг нэгэн хүн сонсоод сэмхэн ойртож үзвээс уулын хавцал дотор сүрэг чоно хэдхэн тооны үхрийг ээрэн, Лобо сүргийн дэргэдэх нэгэн толгод дээр суугаад, Бланка бусад чонын хамт нэгэн гунжин үнээг үхрээс таслан салгаж идэш болгохоор завдан бүхийд олон үхэр бөөгнөрөн овооролдож толгойгоо бүгдээр гадагш хандуулан эврийг дайсны зүг зай завсаргүй зэрэгцүүлэн жад мэтээр угтуулан байжээ.
Чононууд энэхүү завшааныг олж олны дундаас сонгон олсон тугал бярууг шархлуулавч жагсаалаас гарахгүй байхад Лобо нь өөрийн нөхдийн энэ мэт болхи байдлыг үзсээр сэтгэл тэсэж ядан даруй толгой дээр сахиж буй манаагаа орхиод битүү архиран үхрийн зүг давхиж ирэв. Түүний ирэхэд үхрүүд айн түр зуур задран сандрах завшаанаар Лобо сүрэг үхрийн дунд ороход үхрүүд галт бөмбөг тэсэрсэн мэт зүг бүр бутран гүйлдэж тархав. Лобын тэмдэглэсэн идэшний бяруу нь бас ч зугтаан гүйвч хорин алхам гүйлгүй Лобод гүйцэгдэв. Чоно бүх хүчнийг гарган хүзүүнээс чангааж газар хэвтсэн учир бяруу нь маш хүчтэйгээр толгой дээрээ эргэлдэн, хойд хоёр хөлөөр газар чавхдаад дөрвөн хөлөө дээш сарвайлган унажээ. Лобо бас ч газар дээр өнхөрсөн боловч даруй босов. Энэ завсар бусад чоно, хөөрхий бярууны амийг агшин зуур таслав. Энэхүү алах явдлыг Лобо эс гүйцэтгэлцэв. Харин идшийг амьдаар газар хаяж орхиод, — Та бүхний аль нэг хайран цагийг өнгөрүүлэхгүйгээр энэ мэт анхан юунд гүйцэтгэв хэмээсэн мэт байв.
Үүнийг үзсэн малчин өндөр дуугаар хашхиран, чонын зүг давхин ирэхэд эдгээр нь урьдын мэт зугтаан тархсанд тэр малчин нэгэн лонхтой стрихнин хорыг аваад даруй бярууны сэгэнд гурван газрыг хордуулж, чоно бол өөрсдийн идсэн сэгэнд магад эгж ирээд идэх буй за хэмээн сэтгэсээр мордон явав. Маргаашийн өглөө малчин ямар олзтой болсныг горьдон үзэхээр ирсэн нь чононууд бярууны сэгнээс идсэн авч, хор тавьсныг цөм нарийвчлан зулгааж хаяад одсон байв. Эл чононуудаас айх явдал олон малчдын дунд улмаар дэлгэрч, Лобын толгойд оногдсон шагнал улам улам их болоод эцэст урьд жилүүдэд сонсогдоогүй их хэдэн мянган доллар хүрчээ.
Ийм шагналд горьдон амтархаж Техас нутгийн нэгэн анчин Тенкерей гэгч нэг өдөр Куррумпын хавцалд хүрч ирэв. Энэ гөрөөчин нь чонын агнуурт туйлын боловсронгуй бөгөөд ялангуяа тун сайн буу зэвсэг, агт морь, чоно барьдаг том нохос нэг нэгэн сүрэг зэргийн бэлтгэлийг авчрав.
Энэхүү Теннерей нь уул нутагтаа нохойтой хавсран нэлээд олон чонын сүргийг дууссан нэртэй хүн учир хэдхэн хоногийн дотор хөгшин Лобын арьс эмээлийн ганзаганд явах буй за хэмээн лавтайяа итгэсэн бүлгээ. Ийнхүү зун цагийн нэгэн бор өглөө эртлэн босож, баяртайгаар гөрөөлөн мордоход түүний том ноход даруй сэргэлэнгээр хуцаж гөрөөсний мөрт орсноо эзэнд мэдэгдэхийн сацуу хөх чонын сүрэг хоёр миль газарт үзэгдээд, тэдгээрийн хойноос нохойнууд нь гангинан хуцалдсаар улам эрчимтэйгээр одов. Чоно барьдаг нохойнуудын үүрэг нь чоныг гагцхүү гөрөөчний иртэл эргэлдүүлж тогтоож өгөх бөгөөд эзэн хүн гүйцэж ирмэгц буудан алдаг байжээ.
Энэ мэт аргыг Техас зэрэг нутгийн өргөн цөл газраа хэрэглэхэд хялбар. Гэтэл Куррумпын орон нутгийн байдал нь өөр болох ба хөгшин Лобо өөрийн нутгийн газрыг сайтар таньсан болох тул нутагтаа сайн дассан ба тохирсон аргатай байжээ. Үүнд Куррумпын байцат хавцлууд бол энд тэндээс гол горхины амаар зүг бүр хэрчигдсэний тул хөгшин Лобо даруй ойрын нэгэн хавцалд гүйн ороод түүний цаана гарч гөрөөчнөөс салав. Энэ зуур бусад чоно нь зүг бүрд зугтаасан тул нохойнууд мөн хойноос гэзэг даран хөөсөн бөгөөд чононууд нь алслан очиж бүгдээр хуралдаад хэдэн нохой тийш эгц довтлон орсон нь мөн ноход цөөн тоотой учраас олонх нь шархтжээ.
Эцэст орой болж, гөрөөч Теннерей арга буюу нохойгоо дуудсанд зургаан нохой эргэж ирэвч хоёр нь аймшигт хүндээр шархтсан байжээ.
Хэдий ийм боловч Теннерей нь өөрийн зорьсноос буцахгүй хэмээн Куррумпын хааны магнайн арьсыг эрхгүй авахыг үл цөхрөн хичээж дахин хоёр удаа туршин үзсэн боловч бас л дэмий гар хоосон ирж эцсийн туршлага хэмээн шилдэг сайн, морио үхтэл давхиулж, түүний амийг алдуулахад хүрсний улмаас гомдон гуньхарсаар гадагш гөрөөлөх зориг одоо мохож Лобыг Куррумпо нутагт урьдын хэвээр харгислан засаглуулж орхиод уул нутаг, Техастаа буцав. Дараагийн жил бас хоёр гөрөөчин амттай шагналд горилон аль аль нь нөгөөгөөс урьд тэр алдарт чоныг өөрийн аргаар сөнөөх бат зорилготой иржээ.
Тэдгээрийн нэг нь шинэ дэлгэрсэн аргаар хор тавих ба нөгөө Канад орноос ирсэн францын гөрөөчин нь бас ч хортой хавсруулан тусгай тарнийн шившлэг зэргийг уншиж хор тавих бөгөөд Лобо бол энгийн чоно биш (шуламсын хувилгаан), аанай буг нөгчсөн чоно хэмээн ихэд итгэж тарни шившлэггүй бол сул хор тусгүй хэмээн санасан бүлгээ. Гэтэл, ямар ч нарийвчлан бэлтгэсэн хор, тарни уншлага зэрэг нь хөх араатныг эс дийлэв. Эдний хэрэглэсэн болхи аргуудыг харин элэглэсэн мэтээр чононууд нь урьдын ёсоор өдөр тутам үзэгдэж, зогсолгүй олны хүзүү дээр будаалах тул хоёр гөрөөчин хүн хэдэн долоо хоноод уг нутагтаа эргэж, хойно бусдын нутагт гөрөөлөхөө бүрмөсөн зогсов хэмээн ам гарч билээ.
1893 оны хавар цаг Жо хэмээх нэрт нэгэн гөрөөч Лобыг барих үргүй туршлагаа үйлдэж харин Лобод нэлээд их доромжлогдсон ажээ. Энэ нэгэн зүйлийн туршлага ихт явдлыг өгүүлсүгэй. Лобо чоно өөрийн сүр хүчин ба арга бачил итгэсний учир ер дайснаа элэглэх нь бас илрэн гэрчлэгджээ. Жогийн гэр нь Куррумпод цутгасан нэгэн горхины хавцал дотор байх бөгөөд энэхүү хавцлын чулуун дотор гэрээс хоёр мянган алхам хэр газраа Лобо чоно Бланкийн хамт хэвтэш бэлтгэж зулзагалснаар үл барам бүх зундаа зусаж Жогийн малаас хонь, үхэр бас нохой хүртэл алж идсээр байгаад хор, хавх зэрэг элдэв мэхтэй далдуур аргад орохгүй зэргээр түүнийг ихэд доромжилсон ба бас уулын гүн агуй хийгээд байцат хадны завсраар нуугдан амар тайван оршсон ба энэ зуур малчин Жо нь эдгээрийг утах буюу динамит дариар тэслэн сөнөөсүгэй гэх зэргээр зүйл бүрийн шинэ шинэ арга сэдэвлэн гаргавч үл бүтэх учир тархи толгойгоо өвдтөл дэмий хоосон зүдэв. Харин намар болоход Лобын сүрэг нь Жогийн гарт оролгүй бүгдээрээ бүрэн бүтэн гараад урьдын ёсоор дээрмийг улмаар сэргээсэн ажээ. Өнгөрсөн зун Лобо, энэ газарт байсан хэмээн Жо нь байцат хадыг заан өгч «би тэрхүү чоныг хэрхэж ч үл чадсан нь тэнэг хүн бус уу» хэмээн гасалдаг агсан бүлгээ.


Хоёр


Малчин адуучнаас олонтоо сонссон өгүүллийг зохиогч би төдий л их үнэмшсэнгүй байтал 1893 оны намар тэрхүү зальт хулгайч чонотой өөрөө учран танилцсан учир түүнийг бусад хүмүүсээс илүүгээр мэдэв. Би хэдэн жилийн өмнө Бингог амьд байхад чонын гөрөөл хийдэг байсан боловч ойроос миний бие өөр ажилтай болж бичгийн ширээ хийгээд сандалд хадагдсан мэт суух болсноос урьдын байдал хоцрогдож үүнийгээ хувируулах нь чухал хэмээн бодож байтал, гэнэт Куррумпод суугаа миний нэгэн нөхрөөс шинэ Мексик орноор намайг хүрэн ирж хулгайн сүрэг чоныг сөнөөн өгөх болов уу хэмээн уриалсан уриалгыг хүлээн авч тэр даруй дуртайяа зөвшөөрөн Куррумпын чоно Вантай танилцахаар түүний нутагт яаралтайгаар хүрч ирэв. Эхний хэдэн өдөрт тус орны байдалтай танилцахын тулд эмээл мориор орчин тойронд явах зуураа миний газарч хүн энд тэндгүй хэвтсэн үхрийн арьсыг надад үзүүлэн, энэ нь тэр чонын үйлдсэн ажил болой хэмээн зааж явав.
Элдэв баримттай зүйлүүдийг шинжлэн хянавал энэ мэт чулуу ихтэй зэрлэг газар Лобыг морь нохойгоор мөрдөхийг зоригломоор бус бэрхтэй болох нь уул байдлаас тодорхой тул гагцхүү хор хавх хоёрт итгэж болмоор байжээ. Иймээс энэхүү шуламсын хувилгаан хэмээгдэх чоныг алахаар ямар элдэв арга мэхийг хэрэглэснээ дэлгэрэнгүйгээр үл өгүүлэн, гагцхүү өгүүлэх нь:
Стрихнин, мышьяк, синилын хүчил зэрэг хорыг элдвээр хольж Лобод өгөн туршсан ба мөн зүйл бүрийн махыг хортой найруулсан идэш болгож элдвээр хэрэглэсэн боловч, өглөө бүр хоосон ахуйг үзээд өөрийн хийсэн бүх ажил оролдлого урмас үгүй болохыг өдөр өнгөрөх тутам тодорхойгоор олж танив. Хөгшин Лобын ов заль нь их тул би түүнийг мэхлэн эс чадлаа. Түүний гайхамшигтай нарийнаар үнэрлэхийг дараагийн нэгэн үлгэрээр үзүүлье.
Нэгэн гөрөөчний хэлсний ёсоор өчүүхэн төдий бяслагийг сая алсан тугалын бөөрний өөхтэй хайлуулан хольж царцаагаад түүнд төмрийн үнэр орохоос сэргийлж, ясан хутгаар хэсэглэн огтчиж хэсэг нэг бүрийг нүхэлсний дараад нэлээд хувь стрихнин хорыг циантай кали хортой холиод үүний үнэрийг бүрмөсөн ангижруулахын тул, бүрээсэн дотор хийж бяслагийн нүхийг шигтгээд, дээрээс нь мөн бяслагаар битүүлэв. Энэ мэт ажлыг гүйцэтгэхдээ тугалын халуун цусаар будсан бээлийг гараас салгалгүй бас идшинд амьсгалаа үл хүргэхээр дотогш татан ийнхүү бэлтгэсний хойно цусаар сайтар будсан арьсан туламд бүгдийг хийж аваад мордохдоо олсны үзүүрээс тугалын түүхий бөөр ба элгийг уяад чирсээр, орчин тойрон хагас өртөө хэр газраа явж замдаа хоорондоо нэг милийг дөрөв хуваасны нэг хувь зайтай газраас хорыг тараан орхиод бас гарын үнэр орохоос маш сэргийлэн хаясан бүлгээ. Гэтэл Лобо нь хор хаясан газраар долоо хоногийн эхэнд үзэгддэг ба бусад цагийг Сьера Гранде хэмээх сарьдгийн сархиагт өнгөрүүлнэ хэмээн зарим хүнээс тааварладаг байжээ. Хор хаясан өдөр нь даваа гараг болох бөгөөд мөн өдрийн орой хэдэн малчны хамт би гэртээ эгж явтал чонын улих дуун сонстоход дагалдаж явсан нэгэн малчнаас энэ нь Лобын дуу лав мөн. Дараагийн өглөө юу болохыг үзье хэмээжээ.
Маргааш нь миний хэрэглэсэн мэхнээс ямар ач тус гар аа вэ хэмээн үзэхээр хурдавчлан мордсонд, Лобо тэргүүнтэй хэдэн араатны мөрийг даруй олж мэдсэн нь Лобын мөр бусад мөрөөс амархан ялгаварлагдах байв. Энгийн чонын урд хөлийн мөр нь урт тийш дөрвөн ямх хагас байх ба тун ч том бол дөрвөн бүхэл дөрөвний гурван ямх болох бөгөөд Лобын мөрийг хэдэн удаа хэмжсэн нь урт тийш өсгийнөөс хумс хүртэл тав хагас болох байжээ. Лобын бусад биеийн хэмжээ нь мөрийн том лугаа нэгэн жишээтэй болохыг би сүүлд мэдэв. Үүний биеийн өндөр нь сээрээр гурван тохой болох ба хүнд ерэн килограмм болсон байжээ. Түүний мөр нь дагалдагчдын мөртэй хэдий холилдовч тэдгээрээс тун ч тодорхой том болох тул амархан ялгаварлагдах ажээ. Тийнхүү мөрдөн явтал чононууд нь миний чирсэн элэг бөөрний замыг амархан олсон байв. Лобо нь хаясан хорын нэгэн дээр хүрч ирээд үнэрлэн үзсэний эцэст түүнийг аваад чанагш явсныг би үзмэгц баярласнаа багтаан эс чадсан тул Над чи магад баригдав уу даа. Нэгэн миль хүрэлгүй чи хөдлөхгүй болсон байхыг үзье хэмээж бачимдан хашхирч, цасан дээр том саврын мөрлөсөн мөрийг нүдээр алдалгүй дагаж ухасхийн давхивал мөр нь хоёрдугаар хоронд хүрсэн бөгөөд энэ нь бас ч үгүй болсныг үзээд Лобо ба мөн түүний сүргийн дотроос бусад нэгэн чоно ч магад баригдсан байх ёстой хэмээн улам баяртайгаар цааш мөрдвөл өргөн мөр нь замаас салаад явсан байжээ. Би дөрөөн дээр зогсож орчин тойрон цөл талыг хэдий ширтэн үзэвч ер үхсэн чоныг хаана ч үзэж эс олов. Мөрийг улмаар цааш мөрдөхөд гуравдугаар хор нь бас ч үгүй болсон ба хаан чонын мөр цааш яваад дөрөвдүгээр хор хэвтсэн газар одоход харин Лобо нь нэг ч хорыг залгисангүй амандаа зууж яваад бүгдийг нэгэн газраа хураан тавьж миний гаргасан залийг доог болгосноо тэмдэглэл болгож өөрийн бузар буртгаар хорыг цөм бузарлан гүйцсэний дараагаар өөрөө сэргийлэн хамгаалах сүргийн хамт өөр зүгт одсон байжээ.
Энэ мэтийн дайсныг хороор сөнөөж үл болох явдал над тохиолдсон ганцханыг өгүүлсэн бөгөөд харин үүнээс хойш захиалсан хавхыг хүлээх зуур дээр өгүүлсэн аргаар энэ нутгийн бусад чоно ба араатан лугаа тэмцэж байв. Лобо туйлын мэхтэй болох нь өөр нэгэн учралаар гэрчлэгджээ хэмээвэл түүний эрх мэдэлд явсан чононууд нь хонь малыг гагцхүү тоглохын тул айлгах буюу алдаг байжээ хэмээн дээр өгүүлсээр ирсэн бөгөөд харин эдгээрээс идэх нь маш чухаг бүлгээ. Хонь хэдэн зуун мянгаар сүрэглэн бэлчдэг мал болох тул эдгээрийг өдрийн цагт хэдэн хүн хариулдаг ба шөнө болоход хураан авчирч айлд ойр бөгөөд тун ч сайтар хамгаалах газраа хэвтүүлж зүг бүр хоньч хүмүүсээс манадаг амуй. Хонь нь туйлын мунхаг амьтан мөний тул ялимгүй юмнаас хэдийгээр үргэж хөдлөн зүг бүр таравч удирдагчдаа дагах ийм нэгэн тогтмол заншилтай мал ажээ. Энэхүү хонины ядуу суртлыг таньснаас хоньчин хүмүүс өөрийн тусын тулд хонин сүрэг дотор тав зургаан ямаа хамт явуулдаг байна.
Иймийн тул сахалтай төрөлхийн оюун ухаан нь өөрсдөөс арай илүү болохыг хонь мэдээд эдгээрийг түшиж, бачимдах явдал тохиолдвол ямаанд шивээлнэ. Гэтэл энэ мэт байдал тохиолдох нь чухаг болой.
Харин арван нэгэн сарын эцсээр хоёр хоньчин хонинд чоно орсон үймээнээс босоход хонь нь ямаан тийш бөөгнөрөн байх ба ямаа нь онц мунхаг биш тул, төдий л их айн сандрах нь үгүй учир байсан газраа бат бэхээр зогсож гавшгайгаар биеийг хамгаалахын тул завдалхийлэн байв.
Аяа халаг, довтлон орогч чонын удирдагч нь энгийн чоно биш (шуламсын хувилгаан) хэмээгдсэн хөгшин Лобо болох тул сүрэг малын оюуны чадлыг малчин хүмүүсээс илүү мэдэх тул шахалдан бөөгнөрсөн хонины нуруун дээгүүр гүйж удирдагчдын зүг давхин үсрээд эдгээрийг даруй хяджээ. Энэ зуур зовлонт хоньд зүг бүр гүйлдэн тархав. Үүний дараа нэлээд олон долоо хоногт санаа сэтгэл нь зовнисон хоньчин хүмүүсээр (Ото) хэмээх тэмдэгтэй алдагдсан хонийг хаана үз ээ вэ хэмээн өдөр бүр надаас асуудаг болсон, үүнд тав зургаан хонины сэг Алмаас булгийн дэргэд байсан билээ хэмээн би цаг ямагт хэлэхэд хүрэв.
Эс бөгөөс би үзсэнгүй боловч Хуан Мейр нэртэй хүмүүн Хуштын даваанаа чононд идэгдсэн хорь шахам хонийг хоёр хоногийн өмнө үзсэн байна хэмээн өгүүлэх болжээ.
Урьд миний захисан хавхнууд одоо ирсэн бөгөөд хоёр хүнээр туслалцуулан, эдгээр хавхыг тавих явдлын ажил бэлтгэлд бүх хүчээ шавхан гаргаж, тэрхүү араатныг бахтайхан барих ямар нэгэн шинэ арга байваас түүнийг сэдэвлэсээр бүх бэлтгэлийг бүтэн долоо хоногт арай чарай гүйцэтгэв.
Хавх тавьсны дараагийн өглөө мордоод эдгээрийг эргэж явтал тэр даруй нэгэн хавхнаас нөгөөд одсон Лобын мөрөнд ороод мөрдөн явах зуур хянавал, энэхүү чоно шөнө дүл хэсэн явсны бүх түүхийг өгүүлмээр байсан тул ажиглаваас, шөнийн харанхуйд Лобо нь ийн тийн явж хавханд хүрээд, хэдий сайтар нуугдсан боловч амархан олоод өөрийн сүргийг хол зогсоосны дараа өөрөө хавхны орчим тойрон дахь цас шороог идэвхийлэн малтаж хавх, гинж хийгээд оосорлосон дүнзэн мод тэргүүтнийг ил гаргасны хойно оньсолсон хавхыг хэвээр орхиод цааш явж бусад хавхыг мөн нэгэн адил гүйцэтгэсэн байв.
Үүнээс гадна Лобо нь зам гудас ямар нэг сэжиг бүхий шинжтэй юмыг ажиглаваас түр зогсож тойрон гардаг болохыг би бас л эндээс ажигласны учир миний толгойд нэгэн шинэ төлөвлөгөө бодогдож, үүний ёсоор зарим хавхыг малын зөрөг замын хоёр этгээдэд урт тийш булаад заримыг эдгээрт хөндлөвч болгон «Н» үсгийн дүрстэйгээр тавив. Гэтэл тусгүй болох нь удалгүй илрэв. Учир нь нэгэнт Лобо бог малын зөргөөр явж үүнээ зэрэгцээ хавхнуудын хооронд оровч зөргийг хөндлөн тавьсан ганцхан хавхыг даруй мэдмэгц золтой зогсов.
Үүнийг юуны учир хэрхэн сэдэв авсныг би мэдэж эс олов. Зэрлэг амьтныг хамгаалах ийм нигүүлсэхүй ямар нэгэн аврагч сахиусан нь энэ зуур Лобын дэргэд байсан юм уу. Алинд ч атугай Лобо нь баруун зүүнээ явалгүй, харин сэмхэн маш сэрэмжтэйгээр ирсэн мөрөө алдалгүй ухран гишгэсээр аюулаас гэтэлсэн байжээ.
Дараагаар Лобо өөр этгээдээс хавхнуудад ойртон ирээд шороо чулуу зэргийг хойд хоёр хөлөөрөө малтаж хаяад хавх нэг бүрийг хоосон үсэргэж одсон байв. Үүнээс хойно хавх тавих аргыг элдвээр олонтоо өөрчлөн хэрэглэсэн ба урьдынхаас хэдэн давхар нарийн аргаар тавьсан авч, тэр нь сая өгүүлсэн хавх үсэргэх аргыг хэрэглээд эрүүл мэнд оддог байв. Жич, тотгорт янагийн нэгэн учраас Лобо амиа үл алдсан ахул одоо ч хүртэл бусдын малыг сүйтгэсээр тул түүний нэр нь ганцаараа ялагдашгүй бөгөөтөл нэгэн итгэлт нөхрийн болгоомжгүй ослын харгаанаас амиа алддаг олон гавьяатны нэрийн өргөн тэмдэглэлд нэмэгдэн оржээ хэмээвэл зохино.


Гурав


Куррумпын чонын сүргийн байдал нь тавгүй болсныг нэгэнт хоёр удаагийн шинжээс би мэдээд ийнхүү сүрэг дотор нэгэн хувирал магад болсон хэмээн миний ажигласан баримттай зүйлийг өгүүлбээс заримдаа хөгшин удирдагчийн өмнө этгээдэд нэгэн бага чоно цаг үргэлж гүйсний мөр тодорхой үзэгдэх болсон үүнд, эл учрыг тайлбарлах нь над хараахан битүүлэг бүлгээ.
Нэгэн өдөр нэг малчны над өгүүлсэн нь:
— «Би энэ өдөр тэдгээрийг үзвээс сүргийн өмнө гүйдэг чоно нь бусдаас тасарсан Бланка мөн байв» хэмээв. Үүнд би бүх учрыг сая таниад одоо «Бланка болбоос эм чоно мөн ажээ. Эс бөгөөс энэ мэт журамгүйгээр бусад чоно явбал Лобо хэрхэвч үл хүлээн, түүний амийг даруй тэвчих агсан бүлгээ» хэмээн учрыг тодорхойлон малчин хүнд хэлэв. Эл ярилцсанаас над шинэ бодлого төрж, би нэгэн тугал алаад хээр хаяж, үүний сэгийн дэргэд хоёр хавхыг амархан танигдмаар тавиад, дараагаар нэгэн шарын толгойг таслан аваад, энэ нь хээр хаягдсан тул, үл хэрэгсэх муу зүйл мэт чоно бүхэн үздэг учир, толгойг тугалын сэгнээс зайтай газраа орхиж түүний орчин тойронд тун ч хүчирхэг зургаан хавхыг ямар ч мэдэгдмээр үнэр огт үгүй болгохын тулд, урьдаар салхидуулж, туйлын нарийнаар нуун тавив. Энэ ажлыг гүйцэтгэхдээ би гар хөл ба бусад хамаг багаж хэрэгслээ тугалын шинэ цусанд хийснээс гадна үхрийн толгойн орчин дахь газарт мөн цуснаас шүршиж шууд толгойноос гарсан мэт болгосон ба хавхыг газарт булсны дараа шорооны дээрээс цас хаяад, бас үүнийг говийн чонын арьсаар үрээд, түүний савраар нэлээд мөрлөж орхисон бүлгээ.
Үхрийн толгойг хэдэн бут өвсний хоорондох явцуу завсар хаяж, дээр дурдсан хавхнуудыг толгойноос бэхлэн тавьсан болой. Ер чононууд ямарваа сэгийг үнэрлэн салхийг авмагц идэх хүсэлгүй ч атал түүнээ ойртон ирж үздэг учрыг би андахгүй тул, Куррумпын сүргүүд энэхүү зан суртлаа умартсан үгүй аваас миний мэхэд автагдаж, энэ удаа миний гарт орох буй за хэмээн бодохын хамт Лобо нь тугалын сэгэнд миний хийсэн зүйлийг олж танимагц, түүнд сүргээ ойртуулахгүй арга заавал хэрэглэхийг бас ч эргэлзэлгүйгээр итгэсэн боловч, огт хэрэгсэгдэхгүй мэт хаясан үхрийн толгойд харин өчүүхэн төдий найдсан бүлгээ. Дараагийн өглөө би босоод юуны урьд хавхыг үзэхээр нэгэн нөхөртэй одсон нь «Ай яасан сайн юм бэ» Энэ газар чонын мөр олон үзэгдэхээс гадна үхрийн толгойн орчмын хавхтай газар нь хоосон байв.
Чоно явсан газрыг нарийвчлан ширтвээс урьд миний сэтгэсэн ёсоор Лобо тугалын сэгэн дээр сүргийн ойртохыг хориглосоор байтал нэгэн бага чоно, хол хэвтсэн толгойн салхийг үнэрлэхээр үүнээ хүрэлцэн шууд хавханд орсон байв.
Бид хоёр мөрийг мөрдсөөр нэгэн миль хэр газар явж үзсэн нь золгүй тэр чоно нь Бланка байжээ. Хавх нь оосортой үхрийн толгойн хамт хорин килограммаас илүү хүнд болох тул гүйхэд ихэд саадтай болмоор авч, Бланка түүнийг чирээд миний явган нөхрийг хол орхиж нэлээд гүйсэн бөгөөд эцэст үхрийн толгой нь эврээр чулууны завсар чагтлагдсан учир эм чоныг эрхгүй аргамжив.
Иймийн тул бид гүйцэж чадсан бүлгээ. Үзвээс Бланка мэтийн ийм сайхан чоно над ер тохиолдсонгүй бөгөөд түүний тэгш гөлгөр үс нь дун цагаан өнгөтэй байна. Энэхүү чоно нь бидэнтэй тэмцэхээр биеэ эргэлдүүлэн урт өндөр дуугаар уул хад цуурайттал улив. Үүний хариуд алс холоос хөгшин Лобын улих дуу нь бас сонсогдов. Жич Бланкийн дуу нь эцсийн уриалал болов. Учир нь бид түүнд ойртож ирсэнд тэр чоно бүх хүч чадлаа гагцхүү бидэн лүгээ тэмцэх явдалд зэхжээ. Гэтэл түүнээ зайлшгүй эмгэнэл даруй тохиолджээ. Хойно үүнийг санахдаа миний сэтгэлд олонтоо өрөвдөх болж билээ. Энэхүү золгүй чонын хүзүүнд бид бугуйлаа хаяж мориор зүг бүр давхихад түүний амнаас улаан цус боргилон гараад нүд нь шил мэт болон зогсож, хөл нь сарвайлдан жийж эцэст сул тавьсан тул үүгээр чонын амь тасрав.
Үхсэн чоноо бид хоёр чирээд эгэх зуур Лобын сүрэгт анхдугаар үхлийн цохилтыг өгөв хэмээн баярласаар гэртээ буцаж явтал, энд тэнд хол газар Лобын улих дуу сонсвол Бланкаа эрээр явсан бололтой билээ. Тэр нь нөхрөө хэдий орхихгүй хэмээвч галт буунаас тун ч айх тул Бланкийг аюулаас гэтэлгэн эс чадах болсныг сайтар мэдээд биднийг холоос үзэвч ойртсонгүй бололтой билээ. Лобын хайртайгаар гашуудаж гуниглах нь бидэнд энэ өдөр турш сонстов. Үүнээс одоо Бланка нь Лобын нөхөр агсныг сэжиггүйгээр батлав хэмээн гэртээ ирж, малчин хүмүүсийн нэгэнд би өгүүлэв. Орой болоход улих дуу нь чангаран улам улам ойртохыг сонсвоос манай дэргэдэх хадны хавцалд Лобо хүрч ирсэн бололтой. Эл дуу нь гашуудлын дуу болох нь зайлшгүй бөгөөд урьдын мэт чанга ууртайгаар хүрчигнэх бус, харин даруй гунигтай урт уйтгартай бөгөөд Бланк аа, Бланк аа хэмээн нөхрөө мөрөөдөн дуудсан мэт сонстох билээ. Шөнө болоход дуу нь бас сонстох бөгөөд биднээс Бланкийг гүйцсэн газраа Лобо ойртсон нь эргэлзээгүй мөн болох бөгөөд эцэст бидний мөрийг магад олсон тул мөрдөн гүйсээр нөхрөө алдсан газарт хүрч ирээд сэтгэл өрөвдмөөр хайртайгаар улив. Энэхүү улих дууг сонсоод над ийм маш хүнд уйтгар төрнө хэмээн урьд ер бодогдсонгүй билээ. Хатуу сэтгэлт малчин ч атугай энэ мэтээр чоно гашуудах, мөрөөдөхийг энэ насандаа сонссонгүй бүлгээ хэмээлцэнэ.
Бланка нь юу болсныг Лобо цус асгарсан тэр газраа хүрмэгц цөмийг нь мэдсэн буй за. Эндээс Лобо морьдын мөрөөр гүйж манай гадна ирсэн байна. Үүгээр бол эндээс Бланкийг олох санаатай явсан болов уу? Эсвэл өшөөгөө авахаар ирсэн болов уу? Эл хоёрын алин болохыг би таньж эс олов. Аль нь ч атугай Лобо өшөөгөө авч чадсан нэгэн зүйл буй ажээ.
Тэр чонын ирэхэд хоточ нохой угтсан тул түүнийг манай хашааны хаалга хүртэл хөөж ирээд үүний чанад манай гэрээс тавин алхам хэртэй газар гүйцэж түүний биеийг өчүүхэн хэсгүүд болтол урсан байв. Маргааш нь Лобын мөрийг мөрдвөл энэ удаа Лобо манай гэрт ганцаар ирж орчин тойронд ухаан мэдрэлээ алдсан мэтээр гүйн давхисан бололтой байлаа. Үүнийг үзээд орчин тойрон дахь бүх малын бэлчээрт хавхны тоог нэмэгдүүлэн тавиад эдгээрийн аль нэгэнд ормуй за хэмээн батгүй сэтгэлээр хүлээн суусан нь, Лобо нэгэнт олон хавхны нэгэнд оровч аугаа их хүч гаргаж хавхнаас мултраад үүнийг хажуу тийш хаялан одсон байв. Иймд Лобо нь Бланкийн сэгийг олтол орчин тойронд эргэлдэх ёстой хэмээн би таамагласны учир эндхийн нутгаас зайлсхийхийн янар түүнийг барин авахын тул би бүх хичээл оролдлогыг гаргах цаг болсон бөгөөд Бланкийг алсандаа ямар их алдагдалтай явдал хийснээ сая мэдэв. Зүй нь Бланкаар амьд уриалга болгож тэргүүн шөнө л Лобыг өөрийн эрхэнд авах бүлгээ.
Ийнхүү миний гар дээр байсан бүх хавхыг цуглуулан үзвээс нэгэн зуун гучин тооны бөгөөд чухамхүү чоныг барих бат бэх хавх байх тул уулын хавцал тийш хандсан малын зөрөг бүхнээ хавх нэг бүрд дүнз мод чагталсныг цас шороогоор бүрхээн тавив. Эдгээрийг газарт булж тавихдаа шороог брезент дээр гаргаад нүхийг сайтар арилгаж, хавхаа тавьсны дараа дээрээс мөн шороог эргүүлж хийгээд дээрээс нь бутархай цас цацан хаяж нуусан нь хүний гар хүрсэн газар гэх нэг ч баримтгүй эрүүл газар лугаа адил болтол цэвэрхнээр булсны дараагаар зол муут Бланкийн сэгийг авч ирээд хавх тавьсан газрын хооронд чирч, мөн үүний нэгэн хөлийг огтлон аваад хавх дээр чоно явсан мэт болтол сэмхэн мөр гаргах зэргээр энэ мэт урьд өөрийн нарийвчлан мэдсэн элдэв арга мэхээ бүрэн гарган гүйцэтгээд оройн бүрэнхийгээр гэртээ сая харьж ирээд маргаашийн олз ямар болохыг хүлээн хонов.
Шөнө орой Лобын улих мэт дуу миний чихэнд сонстовч хараахан мөн бус болох нь батгүй бүлгээ. Маргаашийн өглөө би морь унаж хавхыг үзэхээр очсон боловч оройтсоны учир умар дахь хавцлын хавх бүгдийг үзэж амжсангүй, гэртээ хоосон буцаж ирэв. Оройн хоол идэх үед нэгэн малчин өгүүлэх нь:
— Энэ өглөө умар дахь хавцалд үхэр мал их л бөөгнөрөн үймэлджээ. Таны хавханд нэгэн амьтан орсон болов уу хэмээв. Тэр газар дараагийн өдрийн орой сая хүрэлцэж ирээд миний ойртоход газраас нэгэн том бор юм босоод гүйн зугтаахаар завдалхийлэвч эс чадав. Үүнийг үзвээс миний өмнө, Куррумпын Ван Лобо хүчирхэг хавханд чангаар хавчигджээ.
«Хөөрхий, хуучны баатрын янаг нөхрийн биеийг орхихгүй эгээрсээр явж, түүний бодитой биеийн үнэр мөрөнд шунан ороод бодолхийлэн эргэлзэх завгүй гүйн мөрдөж явтал гэнэт хүний тавьсан саальд» оржээ. Одоо үүний дөрвөн хөлийг тал талаас хавхны хатуу хавчих төмөр нь чанга барих тул, ямар ч чадалгүй болоод хэвтэнэ. Орчин тойронд бүхий гишгэсэн олон мөрийг ажиглаваас, сүрэг үхэр ирээд унасан харгисыг доромжлохын тул хуралдан үзсэн боловч шууд ойртон халдахыг болгоомжлон зөвхөн холоос хүрээлэн ханатал доромжлоод одсон байв. Чоно нь энэ зуур хоёр өдөр хоёр шөнө амь биеийн төлөөнөө тэмцсээр эцэст хүч чадлаа бараад хэвтэж буй ажээ. Гэтэл намайг ойртож ирэхэд сээр нурууны үсийг үрчийлгэн босоод, урт гүн дуугаар өөрийн сүргийн бусдаас тусламжийг хүссээр хавцлын хадыг эцсийн удаа доргитол ульсан үүнд урьдын нөхдөөс нэг ч ирэх байтугай дуудан үл хариулав.
Үхлийн зовлон тулгаран ирсэн цаг үест нөхдөдөө энэ мэт орхигдон хоцорсон Лобо намайг дайран оръё хэмээн бүх хүчийг хөвчлөн үсрэвч хавх тус бүр хэрэгслийн хамт зуун килограммын хүнд ачаа болох ба эдгээрийн том болд эрүү нь хайр гамгүй хүчтэйгээр бат нот дөрвөн хөлийг базаж хавчсан бөгөөд төмөр гинжнүүд нь бөөгнөрөн ээдэрсэн ба Лобын чадал нь туйлд хүртэл барагдсанаас уул хүслийг гүйцэтгэн эс чадав.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Лобо Чоно - 2
  • Büleklär
  • Лобо Чоно - 1
    Süzlärneñ gomumi sanı 4486
    Unikal süzlärneñ gomumi sanı 1936
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Лобо Чоно - 2
    Süzlärneñ gomumi sanı 836
    Unikal süzlärneñ gomumi sanı 561
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.