Latin

Гилбэрийн Хатан - 2

Süzlärneñ gomumi sanı 3478
Unikal süzlärneñ gomumi sanı 1728
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Хатан урвагар уруулаа хөдөлгөж, зүүн баруун тийш холхин, хувхай цайн суув.
Бодол санаа огт үгүй нь түүний гал нь буурсан нүдэнд илэрхий байв. Аймшигт эмгэний холхих нь түүний зориг бус, харин нууц далдын галванизмын16 хүчээр тэгж байгаа гэж түүнийг хараад бодогдож болмоор байв.
Гэнэт түүний үхмэл царай нь хачин өөрчлөгдөж, уруул нь хөдлөхөө больж, нүд нь сэргэв. Хатны өмнө үл таних эр хүн зогсож байв.
— Бүү ай, хичээж бүү айгтун, би таныг хорлох санаагүй. Би танаас нэг хишиг өршөөл гуйхаар ирэв гэж тэр хүн томруун нам дуугаар хэлэв. Эмгэн дув дуугүй харахад нь түүнийг сонсохгүй мэт санагдав.
Германн, түүнийг дүлий юм гэж бодоод тонгойж, чихний нь дэргэд дахин давтан хэлэв. Эмгэн бас л дуугүй байлаа.
— Та миний аж төрөхийн зол завшааныг бүрдүүлж чадна. Тэглээ гээд танаас хорох холтрох юмгүй, та нэгэн эгнээнээс гурван хөзрийг зэрэг тааж чадна гэдгийг би мэдэж байна гээд Германн хэлэхээ зогсов.
Хатан түүнээс юу хүсэж байгааг мэдсэн бололтой хариу хэлэх үгээ бодолхийлж байх шиг санагдав.
— Тоглосон юм шүү, таны өмнө тангараглая. Тоглосон юм гэж сүүлд нь хатан хэлэв.
— Ийм юмаар тоглох хэрэггүй юм шүү. Та Чаплицкийн алдсанаа эргүүлэн хожиход нь тусалснаа санаад үз гэж Германн ууртайгаар татгалзав.
Хатан зовсон бололтой, царай нь сэтгэл их хөдөлснийг үзүүлээд, удалгүй урьд ёсоор ажиггүй болов.
— Та, тэр гурван гайхамшигт хөзрөө зааж өгч болох уу? гэтэл хатан дуугүй байв. Германн үргэлжлэн.
— Та тэр нууцаа хэнд нөөсөн юм бэ? Ач нартаа юу? Тэд нар чинь тэртэй тэргүй баячуул, бас мөнгөний ашгийг мэдэхгүй хүмүүс шүү дээ.
Хөрөнгөө бүрэлгэгчдэд танай гурван хөзөр тус болохгүй, эцгийн үлдээсэн хөрөнгийг хайрлаж чаддаггүй хүмүүсийг бүр чөтгөр шуламсын хүчээр өөд татавч гуйранчилсаар л үхнэ. Би бол бүрэлгэгч биш, би мөнгөний ашгийг мэднэ. Иймд таны гурван хөзөр надад талаар өнгөрөхгүй шүү дээ гээд үг хэлэхийг зогсож, түүний хариуг дагжин хүлээв. Хатан дуугүй байв. Германн сөгдөөд,
— Хэрэв, таны зүрх хэзээ нэгэн цагт янагийн эмзэглэлийг мэддэг байсан бол, та түүний бахтайг санаж байгаа бол, хэрэв та сая төрсөн хүүгээ уйлахад ганц ч удаа гэсэн мишээж байсан бол, хэрэв хэзээ нэгэн цагт танай зүрхэнд хүний үнэр байсан бол, эр эм, янаг амраг, эхийн сэтгэлээр амьд явахад ариун нандин юу байдаг бол, тэр бүхнээр би танаас гуйя. Та миний хүссэнийг биелүүлж өгөөч. Та надад нууцаа нээж өгөөч! Та түүгээр яах вэ дээ? Аль тэр чинь сүрхий нүгэл, үүрдийн жаргалын чинь хөнөөл, чөтгөр шуламтай нөхцөлдсөн юм уу... Бодооч дээ! Та хөгшин болсон хүн удаан амьд явахгүй шүү дээ! Таны нүглийг би өөртөө хүлээж авъя. Та нууцаа нээж аль. Бодооч дээ. Хүний зол жаргал гарт чинь байна шүү дээ. Ганцхан би биш миний хүүхэд, ач гуч минь таныг ерөөж, нандин шүтээн шиг дурсан тахина шүү дээ... гэхэд нь эмгэн нэг ч үг дуугарсангүй. Германн босоод,
— Хөгшин шулам чамаар заавал хэлүүлнэ дээ... гэж шүдээ зууж хэлэх зуур өврөөсөө гар буу гаргав. Гар бууг үзээд хатан хоёрдугаар удаагаа их сандрав. Бууны сумнаас халхалж байгаа юм шиг толгойгоо сэгсрэн, гараа өргөв. Тэгээд гэдрэгээ унаад.... хөдлөхгүй болов.
— Хүүхэд шиг аашлахаа боль, сүүлчийн удаа асууя. Гурван хөзрийнхөө учрыг хэлж өгөх үү, аль үгүй юу? гэж Германн түүний гараас бариад хэлтэл хатан хариу хэлсэнгүй, ажиглавал хэдийн үхсэн байжээ.


ДӨРӨВ


18... он тавдугаар сарын долоон.
Homme sans moeurs et sans reliqion!17
Захидал

Лизавета Ивановна тасалгаандаа бүжгийн гоёлтой хэвээр гүн санаашралд дарагдан сууж байлаа. Гэртээ ирээд, түүнд дуртай дургүй туслах гэсэн нойрмог хүүхнийг өөрөө хувцсаа тайлна гэж бушуухан явуулаад тасалгаандаа, Германнийг байна гэж итгэвч, бүү байгаасай гэж хүссээр чичрэн дагжин орж билээ. Харангуут, түүний үгүй байхыг лавлан мэдээд, тэр хоёрын уулзахад саад хийсэн заяандаа баярлав. Хувцсаа тайлалгүй суугаад, хоромхон цагийн дотор төчнөөн их юм бодуулсан учир шалтгааныг санаж эхлэв. Анх удаа, залуу хүнийг цонхны цаанаас харснаас хойш гурван долоо хоног ч өнгөрсөнгүй, гэвч түүнтэй бичиг захидлаар харилцах болсноор барахгүй, тэр нь шөнийн уулзалтыг шаардаж амжжээ! Зарим захидалд гарын үсгийг зурсан төдийхнөөр нэрийг нь мэдэх болсноос биш, энэ орой хүртэл нэг ч удаа түүнтэй ярилцсангүй, дууг нь ч дуулаагүй, түүний тухай улсын ярилцахыг ч сонсоогүй байжээ. Хачин хэрэг ээ! Тэр орой, наадам дээр Томский, залуу авхай Полина урьдахын адил өөртэй нь аальгүйтсэнгүйд шар нь хөөрөн, хариугаа авах гэж тоомсорлохгүй байдал үзүүлэн, Лизавета Ивановнаг дуудан, төгсгөлгүй мазурк бүжиглээд салахгүй байжээ. Тэгэхдээ түүний инженер, офицер нарт ч ухаан алддагийг нь ямагт дооглосхийн бодож байгаагаас нь бүр илүү зүйлийг мэднэ гэж батлан ярив. Зарим доог нь тун чадамгай болсноор Лизавета Ивановна, нууц минь үүнд мэдэгджээ гэж бодоод, Та энэ бүгдийг хэнээс мэдэв гэж инээн асуув.
— Таны мэдэх нэгэн танилаасаа, нэгэн тун гайхалтай хүнээс гэж Томский хэлэв.
— Тэр гайхалтай хүнийг чинь хэн гэдэг юм бэ? гэхэд Германн гэдэг юм гэжээ.
Лизавета Ивановна юу ч хэлсэнгүй. Гагцхүү гар хөл нь мөс шиг хүйтэн болов... Томский үргэлжлүүлэн
— Энэ Германн бол үнэхээр хөөтэй хүн шүү. Хажуугаас нь харахад Наполеон шиг, сэтгэл нь Мефистофел шиг, түүний сэтгэлд огоо ядаж гурван хор шингэсэн гэж би боддог юм. Та юунд хувхай цагаан болов!
— Толгой минь өвдөж байна... Германн, танд юу гэж хэлэв. Аль та түүнийг мэддэгээрээ л бодож байна уу? гэхэд нь,
— Германн танилдаа тун дургүй байна. Түүний оронд байсан бол өөрөө огт ондоо байх байсан юм гэж хэлж байна билээ. Тэр ч байтугай, би Германн таны тухайд бол юу ч болсон танилынхаа бахархан дуудахыг их л сэтгэл амаргүй чагнаж байдаг байх гэж би боддог гэв. Тэр намайг хаа үзсэн юм бол? гэж асуув.
— Сүмд юм уу? Аль, зугаалган дээр ч байж магадгүй юм. Бурхан л түүнийг мэднэ. Танай тасалгаанд таныг унтаж байхад чинь, магадгүй, түүний... гэтэл, ойртон ирсэн гурван хатагтай oubli ou regret?18 гэж асуун, Лизавета Ивановнад яахын аргагүй сонирхогдож байсан яриаг тасаллаа. Томскийн сонгон авсан авхай бол хатан *** өөрөө байсан юм. Тэр нь илүү тойрон гүйж, сандлынхаа өмнө илүү эргэлдэхийн дашрамд түүнтэй ярилцан амжжээ. Томский байрандаа очмогц Германн Лизавета Ивановна хоёрын алиныг ч бодохоо болив. Лизавета Ивановна тасарсан яриагаа залгах гэж хүссэн боловч мазурк дуусаж, хөгшин хатан явав.
Томскийн үг, мазурк бүжиг дээр ярьсан чалчаа үг байсан боловч хүсэлч залуу охины сэтгэлд гүн тусжээ. Томскийн хэлсэн үг, шинэхэн роман уншиж, түүний өөрийн нь бодож агсан сэтгэлтэй адилавтар болж, энэ шалдар хүн, түүнийг айлгаж бодолхийлэхийг нь эзэлж байв. Нүцгэн гараа зөрүүлэн элгэвчилж, цэцгээр чимээстэй толгойгоо хэнхдэг рүүгээ унжуулан сууж байтал, үүд нээгдэн, Германн орж ирэв. Лизавета Ивановна чичрэн...
— Та хаана байв? гэж айн шивнэн асуув.
— Би хөгшин хатны унтах өрөөнд байсан. Би тэндээс ирэв. Хатан үхэв гэж Германн хэллээ.
— Бурхан минь та юу хэлэв?..
— Би түүний үхэхийн шалтгаан болов бололтой гэж Германн үргэлжлэн хэлэв.
Лизавета Ивановна түүнийг хараад, тэр хүний сэтгэл огоо ядаж, гурван хорт зүйл бий гэж Томскийн хэлж байсан үг бодогдов. Германн, түүний ойр цонхон дээр суугаад, бүгдийг ярив.
Лизавета Ивановна түүнийг айн эмээн сонсов. Тэр шуналтан захиа, тэр халуун шаардлага, тэр зоригтой шаргуу мөрдлөг, тэр бүхэн нь янаг сэтгэл биш! Мөнгө! Энэ л түүний шуналыг татаж байжээ. Тэр хөөрхий эмэгтэй түүний хүслийг хангаж, жаргалтай болгож чадахгүй байжээ. Хөөрхий тэжээмэл охин би хөгшин ачтаныхаа алуурчин дээрэмчний сохор туслагч болсноос зайлахгүй болжээ!... гэж, гэмээ хожимдон гэмшиж, гашуунаар эхэр татан уйлав. Германн, түүнийг дуугүй хараад, зүрх нь шимширсэн боловч хөөрхий охины нулимс, гашуудан уйлахын гайхалтай үзэсгэлэн, аль нь ч түүний хатуу сэтгэлийг хөдөлгөсөнгүй, харин үхсэн эмгэнийг бодохтой зэрэг, гэмших сэтгэл төрөхгүй болов. Ганц, баяжуулж чадна гэсэн нууцаа эргэлтгүй алдсандаа сэтгэл нь тун хэцүү байв.
— Та чинь мангас байна! гэж Лизавета эцэст хэлэхэд нь
— Би түүний үхлийг хүссэнгүй, гар буу минь ч цэнэггүй билээ гэж Германн хариулав. Тэгээд хоёулаа дуугүй болов.
Өглөө болов. Лизавета Ивановна шатаж дуусаж байгаа лаагаа бөхөөв. Тасалгааг нь цайвар гэрэл гийгүүлнэ. Уйлсан нүдээ арчин, Германн өөд харахад, тэр нь гараа солбин, аймшигтайгаар царайгаа барайлган, цонхон дээр сууж байв. Түүний энэ байдал нь Наполеоны хөрөгтэй гайхалтай адил байв. Иймэрхүү төсөө нь Лизавета Ивановнаг ч гайхуулав.
— Та яаж гэрээс гарах гэж байна. Би таныг нууц шатаар гаргаж болох боловч унтах өрөөний хажуугаар заавал өнгөрөх тул би айж байна гэж Лизавета Ивановна хэлэхэд,
— Нууцгай шатыг яаж олох вэ? Над хэлж өг. Би өөрөө гаръя гэв. Лизавета Ивановна босож шүүгээнээс түлхүүрээ гаргаж, Германнд өгөөд, бүх зүйлийг тодорхойгоор хэлж өгөв. Германн түүний хүйтэн, суларсан гарыг нь атгаж, тонгойсон толгойг нь үнсээд гарав. Мушгирсан нарийхан шатаар дорогш бууж, хатны унтах өрөөнд дахин оров. Үхсэн эмгэн суугаагаараа хөшжээ. Царай нь маш амгалан байдалтай, Германн дэргэд нь зогсож, аюулт үнэнийг лавлан мэдэх гэсэн шиг, удтал түүнийг харав. Тэгээд, цаадах тасалгаанд орж, цаасалсан туургыг тэмтрэн, хаалгыг олоод, харанхуй шатаар буухдаа “Энэ шатаар жаран жилийн өмнө, энэ унтах гэрт, энэ цагт өнө эрт үхэж үрэгдсэн, хатгамал кафтантай үсээ à l’oiseau royal19-aар самнасан, азтай залуу гурвалжин малгайгаа зүрхэндээ барьсаар гэтэн явж байсан биз. Гэвч түүний өтөлсөн янагийн зүрх нь энэ өдөр цохилохоо болив...” гэж ёргүй муухай, хачин юм бодсоор явлаа. Германн шатны доорх хаалгыг олоод, өнөөх түлхүүрээрээ нээж, хонгилоор яван, гудамжинд гарав.


ТАВ


Талийгаач авхай фон-В... энэ шөнө дун цагаан хувцастай ирж, сайн байна уу? эрхэм зөвлөгч түшмэл гэж надад хэлэв.
Ш в е д е н б о р г20

Өнөө гайтай шөнийн дараах гурав дахь өдрийн өглөөний 9 цагт Германн *** сүмд, таалал барсан хатны биеийг тавих учир үзэхээр очив.
Гэмших сэтгэл төрөхгүй боловч “Чи, эмгэнийг алсан биш үү?” гэдэг сэтгэл байн байн төрөх тул түүнийг бүрмөсөн дуугүй болгож чадахгүй байв. Тэр үнэн итгэлээр бага тул мухар сүсэг ихтэй хүн байсан тул үхсэн хатан ямар нэгэн хор хүргэж магадгүй гэж бодоод түүнээс уучлалыг гуйхаар очсон юм.
Сүм пиг дүүрэн тул Германн олон хүний дундуур чихцэлдэн, хүчээр нэвтрэв. Гэлэн лаврин доор авсыг маш сайхан тавиур дээр тавьжээ. Авсан дотор талийгаач, нэхмэл оройвчтой, цагаан торгон дээлтэй, гараа цээж дээрээ зөрүүлэн тавиад хэвтэж байв. Түүнийг тойрон, гэрийн хүмүүс нь зогсоцгоох нь мөрөн дээрээ сүлд туузтай, хар хувцас өмссөн, гартаа лаа барьсан зарцад гүнээ эмхэрч байгаа хүүхэд, ач гуч нар байв. Уйлбал une affectation21 гэсэн болов уу гэж нэг ч хүн уйлсангүй, хатан маш их насалсан тул түүний үхсэнд хэн ч гайхсангүй. Төрөл төрөгсөд нь түүнийг аль хэдийнээс үхсэн юм шиг үздэг байжээ. Залуу гэлэн бодийг нь хөтлөн, номыг уншив. Ариун явдалт түүний амгалангаар нөгчсөнийг хэлэхдээ хэрхэн христосын ёсоор нас эцэслэхэд удаан жил уяран бэлтгэснийг энгийн уярам үгээр хэлж, буянт үйлсийн зүг сэтгэлээ хандуулан, насан эцэс болов гэж нөгчигчийг магтан хэлж, буян номыг уярам ёслолтойгоор гүйцэтгэн төгсгөв. Нэн тэргүүн төрөл садан нь хүүртэй салахын ёсыг хийв. Дараа нь наргиж цэнгэлдэж явсан хүнтэйгээ салах ёс хийхээр ирсэн олон тооны зочид хөдлөв. Тэдний дараагаар, гэрийн бүх хүмүүс, хамгийн сүүлд, нас нөгчсөн хатны үеийн найз, хөгшин хатан, хоёр залуу охиноор сугадуулж очоод, дорогш мэхэсхийх тэнхээгүй тул найз хатны хүйтэн гарыг үнсэж, тэр олны дотроос ганцаараа хэдэн нулимс унагааж билээ. Түүний дараа, Германн авсны дэргэд ойртохоор шийдэв. Тэр ганцаараа бөхийж, задийн мөчир дэвссэн хүйтэн шал дээр хэвтээд, үхсэн хатантай адил цонхигор цагаан болж, авсны тавиурын шатыг гишгэн тонгойн үзтэл, үхсэн хатан нь түүнийг нэг нүдээ анивалзан дооглосон байдалтай харах шиг санагдахад Германн яаран гэдрэгээ болж ухран, газар савж, түсхийтэл унав. Улс түүнийг өргөж босгов. Яг тэр үеэр Лизавета Ивановна муужран унасныг өргөж, сүмийн довжоон дээр гаргав. Энэ санамсаргүй явдал, эмээн сүрдэх зант олны ихэмсгийг түр хэдэн минут үймүүлэв. Зочдын дунд битүүхэн, эвгүй яриа гарч, нас барсан хатны ойрын садан Камергер дэргэдээ зогсож байсан англи хүний чихэнд “Залуу офицер, түүний тэжээвэр хүү” гэж шивнэн хэлэхэд англи хүн оh гэж хүйтнээр хариулав. Өдөржин, Германн тун сэтгэл зовлонтой байв. Буйдхан нэгэн гуанзанд хоол идэхдээ сэтгэлээ засахын тулд ерийнхөөс илүү их архи уув. Гэвч, архи түүний сэтгэлийг бүр ч зовоов. Гэртээ буцаж ирээд, хувцсаа тайлсангүй, орон дээрээ гарч, гүн нойрт автагдан унтжээ. Шөнө сэрэхэд нь сар тасалгааг нь гийгүүлжээ. Цагаа харахад нь гурван цагт нэг мөч дутуу байв. Нойр нь хулжиж, орон дээрээ суугаад, хөгшин хатнаа оршуулсан явдлыг бодов. Энэ үес, гудамжнаас нэг хүн цонхоор хараад тэр даруйгаа явчхав. Германн, түүнийг ер хайхарсангүй. Нэг минутын дараа үүдний тасалгааны үүдийг тайлахыг сонсов. Германн, зарцаа шөнийн наргианаас аанай л согтуу ирж байгаа биз гэж бодов. Гэвч явах нь арай биш шиг. Харин нэгэн хүн шаахайгаа аяархан чирч яваа нь сонстов. Үүд нээгдэн, цагаан хувцастай эхнэр орж ирэв. Германн түүнийг хөгшин харуус эх гэж бодоод, ямар учир, өдийд ирсэнд гайхав. Гэтэл цагаан хувцастай эм гулдарсхийснээ хоромхон зуур түүний дэргэд ирж зогсов. Үзвэл талийгаач хатан ажээ!
— Би өөрийн зоригийг эсэргүүцэн, чам дээр ирэв. Чиний хүссэнийг биелүүлэхийг надад тушаасан, дадар, долоо, тамга хөзөр ямагт чамд хожил болно. Тэхдээ бүх насандаа, дахин наадахгүйн тул, нэгэн хоногийн дотор, нэгэн удаа хөзөрдөх хэрэгтэй. Миний тэжээсэн охин Лизавета Ивановнатай гэрлэвэл намайг алсныг чинь уучилъя... гэж тов тодхон хэлэв. Энэ үгийг хэлээд, эмгэн эргэж, үүдний зүг явж, шаахайгаа чирсээр үзэгдэхгүй болов. Германн, үүдний пингийн үүдийг хаахыг сонсоод, нэгэн хүн цонхоор харахыг дахин үзэв. Германн, удтал учрыг олж чадсангүй манарав. Тэгээд нөгөө тасалгаандаа орвол, зарц нь шалан дээр унтаж байв. Түүнийг хүчээр сэрээвэл аанай л согтуу ажээ. Түүний хэрэг ер ч алга байлаа. Үүдний пингийн үүд түгжээстэй байв. Германн тасалгаандаа буцаж ирээд, лаагаа ноцоож, үзсэн юмаа тэмдэглэв.


ЗУРГАА


— Атанде!22
— Та ямар зүрхээр надад Атанде гэж хэлэв.
— Эрхэм минь би, жаа Атанде гэж хэлсэн билээ.

Биет ертөнцөд хоёр бие нэгэн байрыг эзэлж чадахгүйн адил, ёс журамт байгальд хоёр хөдөлшгүй үзэл хамт байж чадахгүй юм. Дадар, долоо, тамга хөзөр Германний санаанаас, үхсэн хатны дүрийг удалгүй халхлав. Түүний тархинаас дадар, долоо, тамга хөзөр гарахгүй, уруул нь хөдлөн түүнийг давтан хэлнэ.
Залуухан охиныг үзээд “Яасан гоолиг юм бэ? Ёстой буймангийн дадар байна” гэх буюу “Хэдэн цаг болж байна вэ?” гэж түүнээс асуухад долоон хөзөрт 5 минут дутуу гэж хариулдаг байв. Гүзээтэй эр хүн бүгд, түүнд хөзрийн тамга шиг бодогддог байв. Дадар, долоо, тамга зүүд нойрт нь есөн зүйлийн хэлбэрээр үзэгдэн салахгүй болжээ. Дадар нь сайхан том цэцгийн дүрээр ургаад, долоо нь готик23 хаалга шиг, тамга нь үлэмж том аалз мэт үзэгддэг байв. Түүний хамаг бодол нь зовж олсон нууцаа тэнсэж үзэх сэн гэдэгт оршиж байв. Албанаас гарч, жуулчлахыг боддог болов. Парист байдаг нээлттэй наадмын гэрт очиж, дур булаам фортуны24 дагинын эрдэнийг уудлах юм сан гэж ч хүсэх болов. Москвад бексел хожин, цэвэр мөнгө алдан, хамаг насаа хөзрөөр өнгөрүүлсэн алдарт Чекалинск тэргүүтэй баян тоглоомчны бүлгэм байдаг байлаа. Өнө цагийн туршлага нь нөхдийн итгэлийг төрүүлж, нээлттэй байшин, сайн тогооч, эелдэг зугаатай зан нь олны хүндэтгэлийг хүлээжээ. Тэр хүн Петербургт ирэв. Залуучууд хөзөр тоглохын тулд бүжиг наадмыг мартан, хүүхэн эргүүлэхээс фараон25 наадахыг эрхэмлэх болов.
Нарумов, Германнийг түүн дээр аваачив. Тэр хоёр эелдэг хоол зөөгчдөөр дүүрсэн хэд хэдэн сайхан тасалгааг өнгөрөв. Хэдэн генерал, нууц зөвлөгч нар вист26 тоглож байв. Залуус нь торгон бүрээстэй зөөлөн сандал дээр налайн сууж, царцмал сүү идэн гаансаар тамхи татаж байв.
Зочдын тасалгаанаа урт ширээний цаана түүний орчим 20 шахам тоглоомчин овооролдож, гэрийн эзэн банк барин тоглож байв. Тэр хүн 60 настай, гадаад байдал нь тун ихэмсэг, толгой нь мөнгөн буурал болсон, царай нь дүүрэн тунгалаг нь сайхан санаатайг илтгэнэ. Үргэлжийн мишээлээр нүд нь гялалзаж байв. Нарумов Германныг түүнтэй танилцуулав. Чекалинск түүний гарыг нөхөрсгөөр атгаж, нэрэлхсэний хэрэггүй гэж хэлээд, хөзрийг үргэлжлэн чулуудаж байв. Талья27 удаан үргэлжлэв. Ширээн дээр 30 гаруй хөзөр байлаа. Чекалинск хөзрийг хармагц тоглогчдод цаг гаргаж, өгөхийн тулд зогсосхийж, алдсанаа тэмдэглэн авч, түүнд ийм тийм гэвэл эелдгээр сонсож санамсаргүй, гарт нугалсан хөзөр бий бол илүү буланг нь бүүр ч эелдгээр нугалж байв. Тэгсээр талья дуусав.
Чекалинск хөзрийг шигшээд нөгөөдхөө чулуудахаар бэлтгэж байв.
— Дээл тавьж болох уу? гэж Германн тэр дороо наадан эхэлж байгаа нэг тарган ноёны араас гараа сунган хэлэв.
— Чекалинск инээмсэглэн, бүрэн зөвшөөрсний тэмдэг болгон, дуугүй мэхэсхийв. Нарумов инээж, удтал мацаг барьснаа тайлж больсныг, Германнд баяр хүргэж, азтай эхлэхийг ерөөв. Германн хөзрийнхөө дээр цэрдээр зураад
— Дажгүй гэж хэлэв.
italki
— Хэд вэ, өршөөнө үү. Би харахгүй байна гэж банк гаргагч нүдээ анивалзан асуув.
— Дөчин долоон мянга гэж Германн хэлэв. Энэ үест, бүх толгой агшин зуур эргэж, бүх нүд Германний зүг ширтэв. Үүний ухаан нь солиорчээ гэж Нарумов бодов.
— Танд сануулан хэлэхийг зөвшөөрөх болов уу. Танай мөрий их байна. Надад ямар ч хүн хоёр зуун далан таваас илүүг нэг хөзөрт тавиагүй юм гэж Чекалинск аанай инээмсэглэж хэлэхэд нь
— Яах вэ дээ. Та миний хэлсэн мөрийгөөр наадах уу, үгүй юу гэж Германн асуув. Чекалинск өнөөх эвлэрэнгүй номхон байдлаар мэхэсхийж,
— Нөхдийн итгэлийг хүлээсэн ёсоор, танд айлдахыг хүссэн зүйл болбол, бэлхэн мөнгөгүй бол наадаж чадахгүй, миний хувьд бол ганцхан таны үг хангалттай гэж итгэх боловч наадам, тооцооны журмыг бодож наадахдаа мөнгөө гаргаж тавихыг би гуйя гэсэнд Германн өврөөсөө цаас гаргаж, Чекалинскийд өгвөл, зэрвэс хараад, Германний хөзөр дээр тавив. Германн хөзрийг чулуудаж эхлэв. Баруун талд ес, зүүн талд дадар байж байв. Германн хөзрөө үзүүлэн,
— Хожив гэж хэлэв.
Тоглогчид шивнэн ярилцаж эхлэв. Чекалинск хөмсгөө атируулсан боловч дахин инээмсэглэж
— Та авах болов уу? гэж тэр, Германнаас асуухад нь, Германн
— Тэгье гэж хариулав.
Чекалинск хармаанаас хэдэн банкны билетийг гаргаад, алдсан мөнгөө төлж шувтрав. Германн мөнгөө авч, ширээнээс зайлахад, Нарумов аль ч учрыг олж чадсангүй. Германн нэгэн аяга жимсний ус уугаад, гэртээ харив.
Маргааш орой нь Германн, Чекалинскийд дахин очив. Гэрийн эзэн банк гаргаад тоглож байв. Германн ширээний дэргэд очив. Тоглоомчин түүнд яаран зай гаргаж өгөв. Чекалинск түүнд эелдгээр мэхэсхийв.
Германн, шинэ талья хүлээж, хөзрийг тавин, түүн дээр өөрийн дөчин долоон мянгыг өчигдрийн хожооны хамт тавив. Чекалинск банк гаргаж эхлэв. Боол баруунтай нь, зүүнтэй нь долоон хөзөр гарч ирэв. Германн долоог сөхөхөд бүгдээр дуу алдав. Чекалинск тачаадаж байгаа бололтой, гэвч жаран дөрвөн мянгыг тоолж Германнд өгөв. Германн, түүнийг ажиггүй аваад даруй зайлав. Дараа өдрийн орой нь Германн дахин ширээний дэргэд иржээ. Олон цөм түүнийг ирнэ гэж хүлээж байсан ажээ. Генерал, нууц зөвлөгч нар ер бусын тоглоомыг үзэхээр вистээ орхив. Залуу офицерууд буйдангаас огло харайж, официант бүхэн зочдын тасалгаанд цугларав. Бусад тоглоомчин, тоглоом юу болж дуусахыг тэсгэлгүй хүлээн, хөзөр тавьсангүй. Германн, цайвгар боловч инээмсэглэж байгаа Чекалинскийн эсрэг ганцаараа наадахаар бэлтгээд, ширээний дэргэд зогсож байв. Хоёул хөзрийн хайрцгийг задлав. Чекалинск хөзрөө холив. Германн, сугалж авсан хөзрөө ширээн дээр тавиад, бөөн мөнгөөр бүтээв. Энэ нь ирүүл гарч байгаа юм шиг байв. Эргэн тойронд нам гүм болжээ. Чекалинск хөзрийг хуваахад гар нь чичирч байв. Баруун талд нь хатан, зүүн талд нь тамга буув.
— Тамга хожив гэж Германн хөзрөө нээн хэлэхэд нь,
— Танай хатан үхжээ гэж Чекалинск эелдгээр хариулав.
Германн цочиж харвал, үнэхээр тамганы оронд гилбэрийн хатан байв.
Яаж тэр хөзрийг андууран авснаа мэдэхгүй, нүд нь итгэхгүй байв.
Энэ үес гилбэрийн хатан, нүдээ анивалзан инээмсэглэж байгаа юм шиг харагдав... Эмгэнтэй маш адилхан нь түүнийг гайхуулав.
— Эмгэн гэж айн хашхирав.
Чекалинск хожсон мөнгөө хамж авав. Германн хөдлөлгүй зогсож, ширээнээс зайлан явахад, шагшаан шуугиан болов.
— Ганцхан сайн тоглов гэж тоглоомчин өгүүлэлдэв. Чекалинск хөзрийг дахин холиод, тоглоом хэвээр үргэлжлэв.


ТӨГСГӨЛ


Германний ухаан солиороод, Обухов дахь эмнэлгийн газрын 17 дугаар тасалгаанд сууж, хүний асуусан бүхэнд “дадар, долоо, тамга, дадар, долоо, хатан” гэж тэсгэлгүй хурдан шивгэнэн хариулж байв.
Лизавета Ивановна нэгэн тун залуу аятайхан хүнтэй суужээ. Тэр нь хөгшин хатны гэрийн даргын хөвгүүн юм. Овоо хөрөнгөтэй, бас нэг газар албан хаадаг ажээ. Лизаветын гэрт хамаатан, ядуу бүсгүй нь байх болжээ. Томский ротмистр болоод, Полина авхайтай гэрлэх юм гэнэ.


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


ГИЛБЭРИЙН ХАТАН (Пиковая дама)


Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа Д. Нацагдоржийн гар бичмэлийн санд [Хэл бичгийн кабинетад А. С. Пушкины “Гилбэрийн хатан” хэмээх зохиолын орчуулга (хуудас)-ыг хүлээн авч, үүний тул баримт олгов. Амгалан XI1-20] гэсэн баталгаа бий билээ. Тухайн үеийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн ерөнхий хэлтсийн эрхлэгч Амгалангийн энэхүү баталгаа нь А. С. Пушкины “Гилбэрийн хатан” зохиолыг Д. Нацагдоржийн орчуулсны баримт мөн. Гэвч Д. Нацагдоржийн орчуулгын зарим хэсэг үрэгдсэнээс юм уу Ш. Нацагдорж нэр хавсран хожим А. С. Пушкины төрсний 150 жилийн ойд зориулан хэвлэсэн “А. С. Пушкин” [Зөвлөлт улстай соёлоор харилцах Монголын нийгэмлэг ба Монголын зохиолчдын эвлэл. Улаанбаатар. 1949] номын 364-393 дугаар талд хэвлүүлжээ. Эл номын 394 дүгээр талд “Гилбэрийн хатан. Д. Нацагдорж, Ш. Нацагдорж” гэж орчуулагчийн нэр хавсарсны учрыг эрдэмтэн, зохиолч Шагдаржавын Нацагдоржоос миний бие лавлахад (1997.7.10) [Д. Нацагдоржийн орчуулсан “Гилбэрийн хатан” зохиолыг гүйцээн орчуулж нягтлан, нэр хавсарч хэвлүүлсэн юм] хэмээн өгүүлсэн билээ. Д. Нацагдорж, Ш. Нацагдорж нарын орчуулгыг баримтлан хэвлүүлэв.

Д. Цэдэв


Заметки

[←1]
Мөрийтэй хөзөрт, нэг тоглогч дараагаар хэд хэдэн хөзөр идэхийг хэлнэ.


[←2]
Москвагийн цолмон гэсэн франц үг.


[←3]
Хатан дээр хөзөр тахихаар очжээ.


[←4]
Хоёрдугаар Екатерина хатан хааны ойрын хүний нэг бөгөөд Пушкиний дагавар байжээ.


[←5]
Урьдахаасаа хоёр дахин, анхдугаар тоглолтоосоо 4 дахин нэмж, мөрий тавихыг хэлнэ.


[←6]
Эмэг эх гэсэн франц үг.


[←7]
Сайн байна уу? Лиза гэсэн франц үг.


[←8]
Поль, франц нэр.


[←9]
Францаар хамт хөзөрдөх хүн дутагдвал гэсэн үг.


[←10]
Намайг уншиж амжихаас ч хурднаар хонгор минь, та дөрвөн хуудас захиа биччих юм.


[←11]
Елизавета Виже Лебрен (1755—1842) тэр цагийн францын нэрд гарсан зурагч (хөрөгч)


[←12]
Леруа — тэр цагийн нэрт цагчин, цагийн дархан.


[←13]
Монгольфьерын бөмбөрцгийг 1783 онд ах дүү Монгольфьерын ухаалан гаргасан анхны агаарын бөмбөрцөг.


[←14]
Месемр (1733—1815) адгуусны махбодод “Адгуусны магнитизм” гэдэг тусгай жингүй шингэн бодос байна гэдэг таамналыг гаргаж, тэр үед их маргалдаан гаргаж байгаад сүүлдээ няцаагдсан герман эмч, гипнозич.


[←15]
Вольтерийн сандал — өндөр түшлэгтэй лав суудалтай арьсан сандал.


[←16]
Гальванизм — цахилгаан гүйдэл организмд хүрснээс үүсэх (булчин агших тэргүүтэн) зүйл бүрийн үзэгдэл. Түүнийг адгуусны биед тусгай “Адгуусны цахилгаан” байгаагаас ингэв гэж буруугаар тайлбарласан Италийн физикч Гальвани (1737—1798)-ийн нэрээс үүсжээ.


[←17]
Ёс, журам шашин шүтлэггүй гэсэн франц үг.


[←18]
Алмайрах буюу өрөвдөх, мазурка бүжиг хийхэд бүжиглэгч эрэгтэй нар өөрсдийгөө ямар нэгэн тусгай болзоот үгээр тэмдэглэсэн хатагтай нарыг сонгож авах ёстой байв.


[←19]
Тогоруу — хуучин цагийн нэгэн зүйл үс самналтын нэр.


[←20]
Шведенборг (1688—1772) шведийн зохиолч мистик, түүний сүнсний тухай зохиол 18 дугаар зууны үеийн эцэс, 19 дүгээр зууны эхээр их алдаршиж байв.


[←21]
Хуурмаг зан гаргах гэсэн үг.


[←22]
Атанде (францын аttendez хүлээлт гэдэг үг хуучирсан нь.) Хөзөр наадахад дээл бүү тавь гэдэгт хэрэглэх үг.


[←23]
Готика — дундад эртний архитектурын хэлбэр.


[←24]
Эртний ром хүний шүтдэг аз жаргалын бурхан.


[←25]
Фараон — тэр үед тоглодог нийтийн тоглоом.


[←26]
Вист — 3-4 хүний наадах нэгэн зүйл хөзрийн наадам


[←27]
Талья — Нэгэн толгой хөзрийг хуваарилалгүй дуустал нь буюу банк гаргагчийг алдтал нь чулуудахыг хэлнэ.


Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
  • Büleklär
  • Гилбэрийн Хатан - 1
    Süzlärneñ gomumi sanı 4399
    Unikal süzlärneñ gomumi sanı 2000
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гилбэрийн Хатан - 2
    Süzlärneñ gomumi sanı 3478
    Unikal süzlärneñ gomumi sanı 1728
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.