Latin

Гэсэр - 10

Süzlärneñ gomumi sanı 4812
Unikal süzlärneñ gomumi sanı 1481
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Цотон мөргөөд явав. Гурван зуун адуугаа гэрийн зүг тууж явтал нь хойноос нь Гэсэрийн анд Чадисмари нэрт түшмэл Цотонгийн энэ үгийг үнэн үү, худал уу, тэнссүгэй гээд гүйцэж ирээд «За муу Цотон чи юуны тул Гэсэрээс урвав? Рогмо, гучин баатар аливаа бүгдийг би аргалж авч өгье гэгч чинь юу вэ? Гэсэрийн бие нь чиний ач биш үү. Алтан дагина бэр чинь биш үү. Гучин баатар төрөл чинь биш үү» гэв. Төдий «Энэ мууг алъя» гээд илдээ суга татвал Цотон морин дээрээсээ буун харайж сөгдөж ийн айлтгаруун: «Богд Чадисмари түшмэл! Тэр зарлиг чинь эгээ үнэн билээ. Тийм боловч чи эдүгээ гэгээндээ айлдан соёрх. Би эдүгээ дайсан хүний гарт баригдсаны тулд өөрийн амиа аргалж гарсугай гэсэн билээ. Би ямар тэнэг амьтан болж Гэсэр хаандаа хар санах вэ?» Тэгж айлтгасанд Чадисмари түшмэл: «Барам хөөрхий Цотонгийн энэ үг нь эгээ үнэн» гээд гэртээ харив. Чадисмарийн хойноос нь Цотон газрын дамаар нууж очоод түүнийг гэртээ орсны хойно гурван хаанд Цотон ирээд ийн айлтгаруун: «Таны гай нэгэн Чадисмари нэрт түшмэл намайг нэхэж очоод: «Гэсэр бид хоёул анд гэнэ. Чи юуны тул гурван хаанд урвав? Эдүгээ би чамайг алъя» гэсэнд би амиа гаръя гэж аргалж худал хэлэв. Миний тэр үгийг «Үнэн сайн» гээд харьж ирэв. Энэ үгийг гурван хаанд мэдүүлье гэж ирэв»гэв. Гурван хаан Чадисмари түшмэлийг авч ирээд Цотонгийн үгийг асуувал Чадисмари өгүүлрүүн: «Гурван хаан минь! Эрт урьд Гэсэрийн аливаа рид хувилгааныг та нарт тоолж өгүүлсэн минь үнэн билээ. Эдүгээ энэ Цотонгийн үг нь тун худал болуузай. Цотон таныг хуурах болуузай» гэвэл эрх хатан зарлиг болруун: «Би урьд эс хэл лүү? Энэ муу ракшас мэтийн түшмэлийн үгэнд бүү ор гэсэн минь эдүгээ үнэн боллоо. Энэ муу түшмэлийг барь» гэвэл Хар гэрт хаан зарлиг болруун: «Энэ Чадисмари түшмэлд эртээс дургүй минь үнэн билээ. Эдүгээ энэ Цотон манд хар санадаг нь үнэн болбол цааш харилгүй юуны тул эр« гэж ирэв? Энэ хатан, түшмэлийг барь гэгч нь зөв биш үү!» гэв. Гурван хаан Чадисмари түшмэлийг бариад гар хөлийг нь төмөр тушаагаар тушаад, хүзүүнд нь төмөр гинж зүүгээд гурван хаан зарлиг болж, Чойрон урны хүү лам Номчийг урьж ирээд: «Энэ Чадисмари түшмэлийг аваачаад есөн давхар хар байшинд хадгал. Чамд жаран сайн хүнийг өгсүгэй. Хэрвээ алдвал лам Номч чамайг эхлэн жаран сайн хүнийг алах болно.» гэж захирав. Лам Номч тэр түшмэлийг гэртээ авч ирээд есөн давхар хар байшинд оруулаад суув.

* * *

Гурван хаан Цотонг «Чи эдүгээ харь» гэв. Цотон өгүүлрүүн: «Гурван хаан миний хойноос арваад хоноод мөн болзоогоор ир!» гээд Цотон ноён гурван зуун адуугаа тууж арав хонож гэртээ хүрч ирэв. Цас Чихэр эхлэн гучин баатар, их цэрэг бүгдээр: «Цотон авгай юу гэж удав?» гэж асуув. Цотон ноён хэлэв: «Шарайголын гурван хааны цэрэг дүрвэж буцаж байна. Мөрөөр нь явж эс гүйцээд орхисон муу адууг нь авч ирэв би. Та намайг байлдаж үл чадахыг мэдээд тэднийг буцсан хойно намайг хуурч илгээв. Би мэдэв. Миний үгийг итгэх болбол тарцгаая. Би адуу хулгайлъя гэж очиж их ядрав. Би муу боловч янаг төрөл чинь биш үү. Та нар намайг итгэхгүй болбол нэг хоёр хүнийг явуулж үз» гэв. Цас Чихэр хэлэв: «Та харийн хүн биш, өөрийн төрөл Цотон авгай байна. Юунд худал гэх вэ! Энэ үгэнд болбол Шарайголын цэрэг буцсан нь үнэн байна гэж их цэрэг бид бүгдээр тархъя» гэв.
Цотон ноён өгүүлрүүн: «Эдүгээ таныгаа би бэлэг зохитугай гэж. Номын манлайн нэг хурим хийе. Цас, Рогмо, Шуумар эхлэн гучин баатар бүгдээр энэ идээг идээд тархъя» гэв. Шуумар өгүүлрүүн: «Авгайн энэ үг нь маш зөв байна. Бид бүгдээр номын манлай хурим идээд тархъя» гэв. Цотон ноён уулын чинээ идээ, далайн чинээ арз архи хасаг тэргэнд тээж ирээд, Цас, Рогмо Шуумар эхлэн гучин баатар бүгдээр хуримлаж жарган суутал огторгуйгаас гурван дагина, гурван тэнгэр нууж ирээд Цас эхлэн гучин баатрын зөн билэг ухаан хийгээд гурван зуун жаран нэгэн судал сүнсийг хувилгаанаар аваад Хурмаст тэнгэрт өгөв. Цас эхлэн гучин баатар архины жаргалд ташуурч байсаар аливаа рид хувилгаан, гурван зуун жаран нэгэн судал сүнсээ автал эс мэдэн суув. Буйдан өгүүлрүүн: «Ер дарсны ихэд сайнгүй билээ. Эдүгээ гэр гэртээ тархаж хариад боть боть номыг номловол хэрэгтэй нь тэр билээ» гэв. Цас эхлэн бүгдээр «Буйдангийн энэ үг зөв» гээд тархахад Рогмо гуа уйлж байж өгүүлрүүн: «Цас авгай минь Гэсэр минь чамдаа хэлдэг билээ л. Цотонгийн инээх нь мяндас, үг нь гурил, зүрх нь гүр хар чулуу билээ. Дотоод нууж хэлэлцэх үгийг Цас, Рогмо, гучин баатар та бүгдээр Цотонгоос нууж хэлэлц гэсэн билээ. Гадаах үйлийг Цотонд бүү хэлээрэй гэсэн билээ. Тэгээд Цотонгийн аймтгай худалч хоёр нь ер гайхалтай гэж зарлиг болдог билээ» гэв. Цас хэлэв: «Ай, Рогмо гуа минь. Тэр хэдий худалч боловч дайсан хүнд урвах тийм амьтан энэ ертөнцөд арай байхгүй биз» гэв. «Энэ үг үнэн» гээд Цас Чихэр, Нанчүн, Шуумар тэргүүлэн хамаг их цэрэг тархав.


11. Рогмо гуа Шарайголын цэрэгт баригдав


Рогмо гуа уйлж байн өөрийн хөтөч Аргын хөвүүн Ариунд морь, зэр, зэв засаж [Гэсэр богдын ховдоос таван зуун сумыг саадагт нь дүрж] өгөөд: «Шарайголын гурван хааны цэрэг буцсан нь үнэн үү, худал уу? Болгоож ир» гэж илгээв. Ариун явж хоёр гурван газрын тэртээ очтол Шарайголын гурван хааны цэрэг [ялаа батгана мэт алтан дэлхийг дүүрэн] хүрч ирэв. Ариун дотроо сэтгэрүүн: «Энэ дайснаас гарч хэдий чинээ хол насалмуй би» гээд орж алалдав. Нэгэн мянган цэргийг алаад [Бүргэд хар түшмэлд алагдав.]
Гурван хааны их цэрэг нь Гэсэрийн гэр дээр хүрч ирэв. Рогмо гуа уйлж босов. Гэсэрийн соронзон гүрээр бүтээж хийсэн их илд нь байсан ажээ. Тэр илдийг аваад уужны дотор нууж гарч ирэв. Гэсэр хааны нэгэн хатан нь Лусын хааны охин Ажу мэргэн хатан нум сумаар харваж байв. Рогмо, жидүгээр (хоёрдугаар) Ажу мэргэн хатныг ир гэж дуудав. Ажу мэргэн ирэв. Рогмо гуа Ажу мэргэнд хэлэв: «Гурван хааны цэрэг хүрч ирэв. Яах бил ээ? Арга юу бил ээ?» гээд уйлав. Ажу мэргэн хэлэв: «Арван зүгийн эзэн аюух мэт Богдыг минь гэртээ үгүй гэж, амраг Цас Чихэр, гучин баатрыг нь үгүй гэж, Нанчүн, Шуумарыг тархав гэж намайг эм хүн гэж дайрч ирээ биз. Цэргийн хайгуулчинтай алалдъя» гэв. Гэсэрийн нэгэн их саадагт нэгэн мянганы гадна дөчин сум чихэж авав. Аваад Ажу мэргэн саадгаа бүсэлж угтан гарав. Цагаан гэрт хааны Алтангэрэлт тайжид золгов. Рогмо гуагийн нүүрт нь их цэргийн тоос хүрнэ гэж дөчин сайн хүн түрүүлж ирсэн ажээ. Ажу мэргэн угтан байж хэлэв: «Рогмог авъя гэгч эр тань аль вэ?» гэв. Алтангэрэлт тайж: «Би билээ» гэв.« Та дөчин сайн хүнтэй их цэргийн хошууч уу?» гэв. «Бид хошуучин билээ» гэв. Ажу мэргэн хэлэв: «За та дөрвөн арав (дөрвөн хэсэг) болж бай» гэв. Тэр дөчин хүн Ажу мэргэний хэлснээр дөрвөн арваад болж байв. Ажу мэргэн дөрвөн сумаар дөрвөн арван хүнийг тас харвав. Сум нь цааш ташин очиж их цэргийн хүнд тусчхав. Ажу мэргэн, Алтангэрэлт тайжийг алаад Алтан сандал нэрт Шаргал морийг авч унав. Морио тас гуядаж их цэргийн хошуучид нь давхиж ороод хядаж явав. Шарайголын гурван хааны цэрэг дутаав. Шарайголын гурван хаан тэргүүлэн хамаг цэрэг хэлэв: «Цотон ноён биднийг хуурсан байна. Гэсэр бий ажээ. Цэрэг нь бидний хошуучийг хядаж явна» гэв. Цэргийг засах таван сайн хүн гарав. Цагаан гэрт хааны отгон дүү Шамба Мэруз зэр зэв, хуяг дуулгаа өмсөж билгийн цагаан морио унаж гарав. Дараа нь Бүргэд хар цус уугч түшмэл гурав дахь нь Цагаан гэрт хааны охиныг авсан Солонгосын хааны хөвүүн Манцог Зул, дөрөв дэх нь Шар гэрт хааны охиныг авсан Балбын хааны хөвүүн Мял Гүнцог, тав дахь нь Хар гэрт хааны охиныг авсан Мон газрын хааны хөвүүн Монса Түсгэр энэ тавуул гарч дутаасан цэргээ илдээр ширвэж авч ирэв. Гурван хааны цэрэг энгүй олон ирэв. Ажу мэргэн нэгэн түмэн нэгэн мянган цэргийг алав. Саадгаа тэмтрэв. Сум дуусжээ. Ийш тийш харав, сайн нөхөр үгүй. «Энэ цэргийг би дарах ёсгүй билээ. Гэсэр минь дарах ёстой дайсан ажээ» гэж хувилгаанаар мэдээд «Одоо яах вэ би?» гэж гэр малаа ууланд авч гарав.
Шарайголын цэрэг, Рогмо гуаг бүслэн авч барья гэж айсуй. [Гэсэр богдын Соронзон гүрээр бүтээсэн гурван алд илд байжээ. Нэг дохиход нэг мянган бээрийн газар өрөвхийх тийм илд юм байжээ. Рогмо гуа тэр илдийг аваад] баруунаас түрж ирэх мянган хүнийг ширвэв. Зүүнээс түрж ирэх түмэн хүнийг мөн тэр ёсоор тас ширвэв. Өмнөх хойдох хүн дуу гарав: «Илд далайхын урьд яв яв» гэж хэлэлцэв. Өмнөх хойдох цэрэг илд далайхаас өмнө амжиж түрж ирэхэд Рогмо гуа чөв чөлөөгүй болж аргаа бараад хувилгаанаар огторгуйд боржин соно болон нисэж гарав. Цагаан гэрт хааны Цагаан элээ сахиус нь Цагаан Өргөн тэнгэр болон хөөв. Рогмо огторгуйгаас доогуур нисэв. Шар гэрт хааны Шар элээ сахиус нь Шар Өргөн тэнгэр болон доогуур хөөв. Рогмо гуа алтан дэлхий дээр бууж хийн жигүүрээр нисэв. Хар гэрт хааны Хар элээ сахиус нь Хар Өргөн тэнгэр болон Алтан дэлхий дээгүүр хөөв. Рогмо гуа аргаа барж алтан дэлхий дээр зургаан зуун чавганц нар болон хувилж суув. Шарайголын гурван хаан танин ядаж, билгийн цагаан морь танина гэж тэр морийг авч ирэв. Цагаан морь хүрч ирээд Рогмогийн дэргэд ирж энгэрийн нь татлан газар цавчиж байв. Рогмо гуа аргаа барж биеэр болон баригдав.
Шарайголын гурван хаан Рогмог бариад Гэсэр хааны цагаан суваргыг аваад, чандмань эрдэнэ, алтаар бичсэн Ганжуур, Данжуур хоёр их хөлгөн номыг, арван гурван эрдэнэт сүм, цавгүй хар нүүрс, эд бүгдийг булт эвдэж аваачив. Рогмо гуа уйлж явж Гэсэр хааны нэгэн муу хүнийг дуудаж ирэв: «Гэсэр минь манарч унах магадгүй. Мангасаас ирсний хойно намайг аваачсан, аливаа бүгдээ үзэж үхэтхийн унах биз. Хамрын нь нүхээр ут!» гэж сормууснаас нэг хялгас сугалж авч өгөв. «Аманд нь цутгаж өгөөрэй!» гэж нүднийхээ нулимс нэг шанага авч өгөв. Чингэж өгөөд Рогмо гуа төдий явав.


12. Гучин баатар байлдсаар амь үрэгдэв


italki
Гэсэр хааны Барс баатар нь Цас Чихэрийг үдэж архидсаар байсан ажээ. Согтуугаар ганцаар гэртээ хүрч ирж Рогмо гуаг алдсаныг сонсоод зэр зэвээ авч хуягаа өмсөж Шарайголын гурван хааны цэргийн хойноос явж гүйцээд ганцаараа дунд нь оров. Таван түмэн цэргийг цавчиж алаад цангаж унав. Шарайголын цэрэг Барс баатрыг алаад явав. Гэсэр хааны Үзэсгэлэнт Мэргэн хиа Гэсэр хаандаа нэгэн хүчээ өгөхийн тулд бас хойноос нь орж таван мянган цэргийг алаад гарав. Амбарын хөвүүн Банжур сонсоод ганцаар гүйцэж ирж оров. Барс баатартай адил олон цэргийг алж явтал Бүргэд хар түшмэл бэх хар морийг нь сумаар харвав. Банжур явгаар алалдаж нэг мянган цэргийг алаад цангаж унав. Сүмбийн хөвүүн Улаан нүдэн сонсоод царын чинээ амаа ангайж, аяганы чинээ нүдээ улаанаар эргүүлж ирээд цэргийн дунд нь оров. Мөн Банжурын адилаар алж явтал түүний унасан бөрт улаан морийг хятадын Дайван хааны хөвүүн Мял Гүнцог сумаар харвав. Улаан нүдэн явгаар хатгалдаж нэгэн мянган таван зуун цэргийн хүнийг алаад цангаж унав. Амбадайн хөвүүн Төмөр Хади гүйцэж ирээд орж таван түмэн цэргийг алаад цангаж үхэв. Их Даюу, бага Даюу, их Хүрхрэгч, бага Хүрхрэгч, Онжин Даюү, Ронца эд зургуул гүйцэн ирж зургуул мянган цэргийг алж явтал Түргэн Бирваагийн хөвүүн Бөх Цагаан Манлай зургуулыг гэзэг даран ирж алав. Бадмаарын хөвүүн Бам Сорза даруй дээр гүйцэж ирж таван түмэн цэргийг цавчиж явтал Мон газрын хааны хөвүүн Монса Түсгэр сайн хөх морийг сумаар харвав. Бам Сорза явгаар хоёр мянган цэргийг алаад цангаж унав. Буйдан сонсоод ууртаа уйлж гүйсээр дөрвөн түмэн цэргийг алаад цангаж унав. Түүнээс бусад баатрууд нь сонсоод согтуугаар дэд дэдээр ирж ороод гурван зуу, хоёр зууг алаад урьд хожид унацгаав. Гэсэр хааны Бутач нэрт хувилгаан баатар гал тэнгэрийн хөвүүн байсан ажээ. Явган байлдах болбол улаан булууг түүдэг гал болгон өнхрүүлж түймэрдэж алах ажээ, Морьтой дайсанд болбол эрдэнэт шанагаа барьж ирээд морин дээрээс шороо утгаж аваад цацахад бүх юм шатаж үнсэн товрог болох ажээ. Олон цэргийг тэр галаар ухруулж явав. Шарайголын хааны арваад сайн эр Бутач баатрын өмнөөс нь гэтэж ирж харвая гэвч галын илч утаа хоёрт ойр очиж чадахгүй байв. Шарайголын гурван хааны цэргийг олныг алж, цөөхнийг үлдээж явтал Бутач баатар өөрийн галын илч утаа хоёрт цангаж унаад алагдав.


13. Шуумар, Нанчүн, Цас Чихэр нар алагдав


Аливаа бүгдийг цөм дууссаны хойно Эрдэнэт Нанчүн нарын нутаг нь хол байжээ. Шуумар сонсоод үхэх амь, үгүйрэх малаа хайхрахгүй давхиж ирээд эхлэн довтлохдоо таван түмэн цэргийг алаад гарав. Рогмо гуа дайсны гарт орж явахдаа «Цас, Нанчүн хоёр минь хүрч эс ирэв үү» гэж дурдаж уйлж ийн тийн харж явав. Холоос Рогмо гуа Шуумарыг дуудруун: «Ай, Шуумар минь, энэ цэргийн дотор Хилэнгийн гурван тэнгэр, Гэрч цагаан тэнгэр дөрвүүл байна. Хүч нь ,үлэмж их бололтой. Цас, Нанчүн, Шуумар та гурвуулыг хүлээсээр байна. Шуумар минь нөгөө хоёр нөхрөө хүлээгээсэй» гэсэнд Шуумар өгүүлрүүн: «Эвүү, Рогмо минь! Надад юу хэлнэ чи? Тэр муу гурван тэнгэрийн хүч нь их гэж айхгүй. Цэргийг зузаан гэж дутаахгүй, Цас, Нанчүн хоёрын минь нутаг хол биш үү. Тэр хоёр минь иртэл нь энэ цэрэг холдох болно. Цас, Нанчүн хоёр намайг зэмлэх болно. Тэр муу Хилэнгийн дөрвөн тэнгэрээс айхгүй би. Аргадаж суухгүй» гээд Шуумар хилэгнэж давхин довтлохдоо басхүү хоёр түмэн цэргийг алаад гурван хааны зүг шургалж ороод Рогмог булааж аваад гарвал Хилэнгийн гурван тэнгэр, Гэрч цагаан тэнгэр дөрвүүл угтаж ирээд Рогмо гуаг булааж авав. Шуумар тэр тэнгэртэй хатгалдаж явтал Солонгосын хааны хүү Манцог Зул мод ташаалж ирээд Шуумарын Хайсан хар морийг харваж орхив. Шуумар явгаар дөрвөн тэнгэртэй гурван өдөр, гурван шөнө хатгалдаж хангай хар сумаа онилж харвавал гурван тэнгэр амьтны хэл мэдэх сумыг хувилгаанаар мэдээд биеэ ийн тийн зайлбал эрхгүй тэр сум нь Хилэнгийн хар тэнгэрийн сугаар нь, шувт нэвтрэв. Хөндлөнгөөс нь Өргөн тэнгэр бас Шуумарын хоёр сугаар шувт харвав. Шуумар Хилэнгийн хар тэнгэр хоёр хамт унавал Гэрч цагаан тэнгэр Хар тэнгэрийн шарханд нь эм хийгээд эдгээв. Харин Шуумар үхэв.

* * *

Даруй дээр Нанчүн хүрч ирээд эхэлж довтлохдоо зургаан түмэн цэргийг алаад гурван хааныг шархлуулж орхиод Рогмог булааж аваад гарвал Хилэнгийн гурван тэнгэр угтан ирээд хатгалдав. Тэр үед Гэрч цагаан тэнгэр огторгуйгаас нууж ирээд Рогмог хулгайлан авч одов. Нанчүн Хилэнгийн гурван тэнгэрийг харваж цавчиж, жадалсаар их цэрэгт нь бүр хоргодуулаад басхүү Рогмог дахин булааж аваад гарвал мөнхүү гурван тэнгэр угтан ирж үймтэл золголцов. Гэрч цагаан тэнгэр Рогмог мөнхүү урьд ёсоор хулгайлж аван одов. Эдүгээ Нанчүн Хилэнгийн гурван тэнгэртэй хатгалдаж явтал нь Бүргэд хар түшмэл тарваганы хонгилд мярааж байгаад үйлэн бор морийг нь харваж орхив. Нанчүн явгаар долоон өдөр, долоон шөнө хатгалдаж явтал нь Нанчүн судал сүнсээ цөм автсаныг тодорхой мэдэв. Дотроо санан сэтгэв: «Эдүгээ энэ дөрвөн тэнгэрээс чадвал хоёр, ядвал нэгийг албал нэрд минь хэрэгтэй билээ» гэж санан дөрвөн тэнгэрийг давхар харвавал гурван тэнгэр зүг бүр зайлсан учир тэр сум нь эрхгүй Шар тэнгэрийг хоёр сугаар нь шувт харвав. Тэр тэнгэр түдэлгүй хамт унав. Огторгуйгаас цагаан Гэрч тэнгэр хилэгнэн ирж Нанчүнгийн хоёр сугаар шувт харвав. Нанчүн унав. Гэрч цагаан тэнгэр, унасан тэнгэрийн шарханд нь яаран эм хийгээд эдгээв. Нанчүнгийн толгойг огтолж авъя гэтэл нь гэнэт нэгэн их хуй мэт бараа үзэгдэв. «Сайх нүгэлт Цас айсуй гээд яарч явав. Нанчүнгийн тэргүүнийг авах зав болсонгүй.

* * *

Эрдэнэт Цасын нутаг нь Чацарганын гол өөд Гурван Тулгатад байсан ажээ. Даруй дээр Цас сонсоод жигүүрт бор морио унав. Зүйллэн хийсэн олон эрдэнэт чимгүүдээ зүүв. Зориглон нэхэж ганцаар явтал наян наст Царгин өвгөн сонсоод заан шарга морио унаад Цас Чихэрийг гүйцэж ирээд Цас, Царгин хоёул Шарайголын гурван хааны мөрийг мөшгөж явав. Цас Чихэр хэлэв: «Эвүү, Царгин авгай минь! Гэсэр хааны минь Улаан Зүлэг их хотоос нааш Хатны голд хүртэл олон хонин дотор оготор азарган чоно орсон мэт алж хядаж байна. Чи бид хоёрын морь гэж тэсэж явна» гэв. Биш хүний морь энэ үхсэн хүний дундуур явж чадахгүй шүү. Хайран гучин баатар минь» гэв. Уураа даран ядаж: «Авгай минь чи үүгээр явзна. Би очиж Шарайголын гурван хааны цэргийг манай баатрууд хэдий чинээ олныг алж, хэдий чинээг үлдээж вэ? Тоог нь мэдье» гэж хэлээд Цас Чихэр явав. Ийн тийн харж энэ ч уулын оргил дээр, тэр ч уулын оргил дээр гарч, Гэсэр хаанаа дурдаж уйлж явна. Ариун Тушид тэнгэрийн хөвүүн , алтан дэлхий дээр алдаршин дуурьссан арван зүгийн эзэн Гэсэр хаан минь, эвүү яалаа! Хурмаст тэнгэрийн хөвүүн хувилгаан Гэсэр минь эвүү яалаа! Өндөр уулын оргилд явагч шар эрээн барс минь. Өргөн далайн ёроолд явагч аварга загас минь. Ариун Тушид тэнгэр нараас амлан дагуулж ирсэн гучин баатар чинь, алтан дэлхий дээр чуулган хийж байж авсан Рогмо гуа хатан чинь, арван таван насандаа дуурсан явсан авай Нанчүн чинь, амраглан явсан эрдэнэт Цас Чихэр чинь би энэлэн шаналан уйлав. Авай Гэсэр минь яалаа! Арван хоёр толгойтой мангас алав уу чамайг минь? Арлан гуа хатан чинь чамайг арга хийж авч суулгав уу яалаа! Огторгуйн олон сахиус бүгд нь эвүү яалаа! Гэсэр минь!» гэж аливаа бүгдээ тоолж магтан уйлж явтал Рогмо гуа хувилгаанаар мэдэж хол газраас дуудаж зарлиг болов: «Хүний харцага болсон Цас Чихэр минь! Мод хугарвал үндэс нь үлддэг биш үү. Хүн үхвэл үр нь үлддэг биш үү. Мод үндэсгүй хугардаг бил үү? Хүн үргүй үхдэг бил үү? Үхсэн гучин баатрыг юугаар эдгээх вэ? Дайсны аюул хүнд бэрх байна. Гэсэртээ очиж хэлээд хоёулаа ирж өшөөгөө аваасай» гэв. Цас Чихэр Рогмо гуад хэлэв: «Эвүү, үг хэлэлцэх зуур чи Шарайголын гурван хаанд урвав уу? Рогмо гуа чи эрдэнэт энэ нүүртээ эсгий хадаж Гэсэртэй золгох уу? Гэсэр минь ирээд Эвүү! Цас минь яалаа?» гэж асуувал би юу хэлэх вэ? Үхэх бие биз. Ямар сайхан амиа, хайрлах вэ би?» гэв. «Цотон бий юу?» гэж асуув. Рогмо гуа хэлэв: «Эвүү, Цас.Чихэр минь! Тэр муу Цотон та нараас айж Шарайголын гурван хааны газарчийг дагуулан түрүүлээд явсан» гэв. Цас Чихэр Рогмо гуатай яриад дараа нь Царгин авгайдаа ирж сонссон үгээ тоолж хэлэв: «Ай, авгай минь! Шарайголын гурван хачны цэргээс үлдсэн нь дөрвөн буман цэрэг байна гэнэ. Ай, авгай минь эр хүн залуудаа биз. Ишигний мах халуундаа биз. Довтолъё» гэв. «Авай Цас минь! Өмнөх минь ойр боллоо. Хойдох минь хол боллоо. Өндөр уулын оргил дээр гарч харж явъя, Авай минь! Намайг хаана унавал тэнд ясыг минь оршуул» гэв. Царгин өвгөн бас хэлэв: «Эвүү, Цас Чихэр минь! Зулд унаж үхэх эрвээхэй бил үү? Зуны зутраг хяруунд дайрагдаж гандах тариа бил үү? Арван зүгийн эзэн ачит Гэсэрт минь золгож Шарайголын гурван хааныг алж өшөөгөө авч хариасай, авай Цас минь!» гэж уйлж байж хэлэв.
Цас Чихэр хатуужин байж хэлэв: «Авгай минь! Айв уу чи? Олон үгээр яана? Явъя» гэж жигүүрт бор морио тас гуядаж, хүрми ирт нэрт цул болд илдээ суга татаад гүр хар чулуунд хоёр гурвантаа хавируулж нударч авав. Хилэнгийн гурван хааны мөрийг мөрдөж Хатны голыг өөдөлж Шарайголын гурван хааны цэрэгт зүүн хойноос нь очиж оров. Түрэн цавчихдаа сайн хадсан тарианы түрүү мэт болгож, ухран цавчихдаа муу хадсан тарианы түрүү мэт болгож явна. Хатны голыг үхсэн хүнээр дүүргэж явав. Хүний цусанд гол улаанаар урсав. Гурван үе дайрч долоон түмэн цэргийг алж баруун тийш гарав.
Царгин, Цас Чихэр хоёул эргэж ирэхдээ нэг түмэн цэргийг алж ирэв. «Ай, Царгин авгай минь! Намайг юунд ир гэв? «Авай минь, энд тав зургаан өштөн сайн эр явна. Нэгийг нь ч гэсэн ал» гэв. Цагаан гэрт хааны отгон дүү Шамба Мэруз билгийн цагаан морио унаж, өвч хуяг дуулгаа өмсөж Цасыг угтав. Цас хоёул зөрчилдөв. Цасын жигүүрт бор морь, Шамба Мэрузын билгийн цагаан морь тэр хоёр морь бөл төрөл байжээ. Хоёр морь танилцаж хойш хойшоо ухралдаж байна. Цас илдийнхээ үзүүрээр дохиход хүрэхгүй байв. Цас тэгэхлээр зүүн гартаа илдээ аваад, нумын хөвчийг нь тас цавчаад гарав. Мөртөө тохиолдсон нэг түмэн цэргийг алж гарав. Цааш нь есөн түмэн цэргийг алав. Царгин нэг түмэн цэргийг алав. Шарайголын гурван хаанаас Цас ганцаар нэг буман цэрэг алав. Олон цэргийг цавчсаны тулд ундаасаж Хатны голоос усыг уув. Цуст усанд согтож унав. Шамба Мэруз мод ташаалан [нууж] ирээд Цасын толгойг тас цавчиж алав. Гурван хаандаа толгойг нь аваачиж өгөв. Рогмо гуа Цас Чихэрийн толгойг үзээд өвчүүгээ дэлдэж, элгээ тэвэрч уйлаад Шарайголын гурван хаанаас Цасын толгойг гуйж аваад тэвэрч уйлав: «Арван зүгийн эзэн арван хорын үндсийг тасалсан Авай Богд минь яалаа! Дээр Хурмаст тэнгэрийн хөвүүн билээ л. Дагуулж ирсэн Цас Чихэр чинь үхэв биш үү, авай минь! Эвүү, Цас минь. Дээд биед чинь дөрвөн их тэнгэр нар төгсөж билээ л. Дунд биед чинь сав ертөнц төгсөж билээ л. Доод биед чинь цагаан Лусын хаан төгсөж билээ л, авай минь! Эрдэнэт Цас Чихэр минь» гэж уйлж явав. Рогмог уйлж явтал Цасын толгойг Шарайголын гурван хаан булааж авав. Рогмо Цасыг хувилгаанаар эдгээе гэж үхсэн олон цэргийн хүнээс шархгүй хүнийг эрэв. Нэг ч шархгүй хүн эс олов. Булт шархтай байв. Цасын цавчсан цэрэг байна. Нэг харцагыг олж Цасын сүнсийг тэр харцаганд юүлэв. Шарайголын гурван хааны цэргийн хүн бүрээс нэжгээд сумыг авч Цасын махбод биеийг дэгдээв (шатаав).


14. Рогмо гуа Гэсэрт захидал илгээв


Рогмо гуа, Цасын нэгэн суманд бичиг бичив. Бичихдээ: «Арван зүгийн арван хорын үндсийг тасалсан ачит богд Гэсэр мэргэн хаан минь! Үхэв үү чи? Үхэх чинь тэр бил үү? Хэрвээ үхсэн бол яана би? Амьд болбол зургаан насан дээр учирсан Жало хааны охин Рогмо гуа минь би, Цас Чихэр тэргүүлэн гучин баатар чинь арван гурван эрдэнэт сүм чинь, цагаан суварга, чандмань эрдэнэ чинь, алтаар бичсэн Ганжуур, Данжуур хоёр их хөлгөн ном чинь, эд бүгдээсээ хагацав уу Гэсэр минь? Тулалдаж үхэв гучин баатар чинь. Уулганд дайрагдаж баригдав би Рогмо гуа чинь. Ай Богд минь! ирж өшөөгөө ав» гээд сумаа хувилгаанаар илгээв. Илгээсэн сум нь Гэсэрийн суух мангасын хотонд Гэсэрийн ховдод тусав. «Эвүү, ховд минь юунд хангир хийв? Арлан гуа! ховдыг минь өг» гэв. Арлан гуа ховдыг өгөв. Гэсэр хаан ховдоо нээж үзэв. Үзээд Цасын сумыг аваад танив. «Эвүү, эвүү! Энэ Цасын минь сум байна» гээд бэлэг бичгийг үзэв. «Үнэхээр Рогмо гуа минь, эрдэнэт Цас Чихэр, гучин баатар минь, эд бүгд минь, бий билээ. Би яагаад мартав? Тэд бүгдэд минь дайсан ирээд байна. Над хэн хүн халдсан болбол түүний элгэнд нь тус» гээд сумыг зүлгэж гэдрэг илгээв. Гэсэрийн илгээсэн сум нь Цагаан гэрт хааны Эрх хатны элгэнд тусав. Хатан нь үхэв. Гурван хааны цэрэг бүгдээр хэлэлцэв: «Дээр хөх огторгуй, дунд Асуурь нар, доор Лусын хаад, тэдний сум болов уу? Эс бол арван зүгийн эзэн Гэсэр хааны сум болов уу?» гэж айж дутаав. Рогмо гуагийн дотор баясах сэтгэл төрөв. Арван зүгийн эзэн Гэсэр хаан минь амьд байна. Илгээсэн сум нь нэгэн өшөөт хүнд тусаж алав.
Рогмо гуа, мөн тэр сумандаа бас бичиг бичив. Бичихдээ: «Чамайгаа Хатны гол дээр есөн сар болтол хүлээсүү би. Есөн сар болтол эс ирвэл би Цагаан гэрт хааны гэргий болно» гэв. «Авай богд минь!» гээд сумаа илгээв. Илгээсэн сум нь Гэсэрийн ховдод тусав. «Ховд минь юу гэж хангис хийв? Ховдыг минь өг» гэв. Арлан гуа авч өгөв. Гэсэр үзээд Цасын сумыг танив. «Эвүү, тэр өдрийн ирсэн сум мөн байна. Эвүү өчнөөн болтол яагаад мартав би? Над хэн хүн халдсан болбол түүний элгээр нь тус» гээд илгээв. Сумыг илгээсний хойно Арлан гуа: «Аюух мэт богд минь, өлсөв үү?» гээд мартуулах баг нэрт идээг өгөв. Илгээсэн сум Цагаан гэрт хааныг үхрийн чинээ гүр хар чулууны дээр сууж байхад сүнгэнэж ирэхийг сонсоод: «Аюух мэт Гэсэр богдыг тахья би» гээд аяган дахь цайгаа сумны өмнөөс сацав. Гэсэр бурхан мөн тулд сум үхрийн чинээ гүр хар чулуунд тусав. Онь нь арайхан цухуйж байв. Шарайголын гурван хаан бүгдээр ирэв. Ониос нь барьж сугалж цөхөв. Өднөөс нь барьж сугалж цөхөв. «Энэ сум хэнийх болов? Арван зүгийн эзэн Гэсэр хааны сум болов уу?» гэж урьд ёсоор айж нүүв. Рогмо гуа ирж: «Аюух мэт богдын минь сум болбол хувилгаан сум биз. Уужинд минь сугаран гарч ир. Биш болбол байг» гээд хадыг нудран гарахад Гэсэрийн илгээсэн Цасын сум Рогмогийн уужны хормойд сугарч ирэв. Рогмо гуа хэлэв: «Авай богддоо энэ сумыг аль бүр илгээх вэ би?» гэж сумаа илгээхээ байв. Тэр хувилгаан сум нь хий хар салхиар өөрөө огторгуйд дэгдэв.

* * *

[Тэндээс Шарайголын хаад эргэж ирээд Төвөд оронд гурван сар суув. Гэсэр богдын мянган таван зуун хүн багтах ордон цагаан гэрийг Цотон ноёнд өгөв. Дос, Донсар, Лин гурван отог улсыг, дөрвөн хошуу мал, аливаа хамаг сан бүгдийг Цотон ноён авч, Гэсэр богдын суух Улаан зүлгэн дээр гурван өдөр гурван шөнө болтол их хурим хийж Төвөдийн Цотон хаан гэж цол дуудав. «Бидэнд жил бүр алба хүргэж өөрийн биеэр ирж яв» гэж Шарайголын хаад хэлэв. Төдий Рогмо гуа хатныг Цагаан гэрт хаан өөрийн биед авав. Рогмо гуа, Хатны голд хүрээд худлаар аргалж «Маш их өвдөв» гэж идээ идэхгүй, есөн сар болтол эс нүүлгэж суув. Гэсэр богд Ракшасын оронд гэрээ мартсаар сууж эс ирэв. Рогмо гуа есөн сар болтол Гэсэр богдыг хүлээж ядаад «Өвчин минь эдгэв» гэж Шарайголын Цагаан гэрт хаантай хамтаар явав.
Төдий Цагаан гэрт хаан, Хар гэрт хаан хоёул ийн өгүүлэлдрүүн: «Гэсэр хэрэв амьд болбол ирэх магадгүй. Харуул тавья» гэлцээд гурван сарын газрыг үзэх нэг хүн, үзсэнээ харваж үл алдах нэг хүн, сүүдэрт харваж үл алдах нэг хүн, ийм гурван сайн хүнийг «Гэсэр ирвэл алалдаж үз. Үгүй бол бидэнд хэл оруулж үз» гээд Хатны голын эхэн дээр харуул тавиад нутагтаа харив.]

* * *

Гэсэр хаан хотын асар дээр гарч нойрсов. Үдэд сэрж суутал Гэсэрийн ялгуусан гурван эгч нь хоёр эмгэн, нэг үнээ болж хувилаад хотын доогуур явав. Нэгэн эмгэн нь үнээгээ хөтөлж, нөгөө эмгэн нь хойноос нь тууж явна. Тэр эмгэн нь нөгөөгөө дуудаж асуув: «Ай эмгэн минь! Энэ үнээ чинь хөгшрөв үү? Эвэр нь яагаад хувирав?» гэж асуув. Эмгэн хэлэв: «Энэ үнээ минь хөгширч мунажээ. Гэсэр хааныг ирэхэд тугал байсан, Гэсэр хаан ирсээр есөн жил болов. Одоо үүний хөгшрөх зөв» гэв. Гэсэр хаан тэр үгийг сонсоод зарлиг болов: «Эвүү, яасан жиг бил ээ? Яагаад мартлаа би. Есөн жил болов гэгч юу вэ?» гээд арван зүгийн эзэн Гэсэр хаан гэртээ очив. Арлан гуа хэлэв: «Бас аюух мэт богд минь өлсөв үү?» гэж хэлээд урьд өгсөн баг идээгээ өгөөд мартуулав.
Гэсэр хаан хойд өдөр нь бас хотын асар дээр гарч суутал Гэсэрийн Амин сахигч ах нь хэрээ болж хувилаад очив. Үдийн цагт баруунаас нэг хэрээ нисэж айсуй. Арван зүгийн эзэн Гэсэр хаан тэр хэрээг үзээд угтаж зарлиг болов: «Ай хөөрхий, энэ хэрээ нутгийн баас, шээс, тэмээний даарь, бээр олж идье гэж яарч явна» гэв. Хэрээ хэлэв: «Арван зүгийн эзэн Гэсэр хааны энэ зарлиг зөв. Төрсөн газар минь, хотын зүүнтээ суварга билээ. Баруунтаа идээшлэхээр очиж билээ. Би идэш олоод хоносон газраа хоноё гэж ирэх минь энэ. Энэ Замбуутивийн эзэн Гэсэр хаантай адил амандаа шавар чихүүлсэнгүй би. Төрсөн Төвөдийн газар чинь, хувилгаанаар авсан Рогмо гуа чинь энд бий юү? Рогмо гуа хатан чинь, Цас Чихэр тэргүүлэн гучин баатар чинь, эрдэнэт Нанчүн чинь, тэд бүгд чинь хаана байна? Эд бүгдийгээ алуулахыг алуулаад, авхуулахыг авхуулаад, ай намайг элэглэвч гайгүй ажээ» гээд нисэж явав. Гэсэр хаан зарлиг болов: «Эвүү, хэрээний үг нь үнэн байна. Би яагаад мартлаа би?» гээд гэртээ гүйж оров. Арлан гуа хэлэв, бас урьд ёсоор: «Аюух мэт богд минь өлсөв үү?» гээд баг идээгээ өгөөд мартуулав.
Түүний маргааш нь Гэсэр хаан бас хотын асар дээр сууж байтал Гэсэрийн анд гурван тэнгэр, гурван үнэг болон хувилаад гүйж ирэв. Гэсэр хаан угтан байж зарлиг болруун: «Ай хөөрхий. Энэ үнэг нутгийн шир хярвас олж идье гэж эрж явна» гэв. Үнэг Урьд хэрээний үг мэт тоолж хэлээд явж очив. Гэсэр хаан зарлиг болов: «Эвүү, юу гэж мартах болов би?» гэж гэртээ гүйж оров. Арлан гуа: «Аюух мэт богд минь өлсөв үү?» гэж мөн урьдах идээгээ өгөөд мартуулав.

* * *

Төдий Царгин, Сэнлон, Цас Чихэрийн хөвүүн Лайзав, Үзэсгэлэнт мэргэн хиа энэ дөрвүүл өндөр уулын оргил дээр гарч, арван зүгийн эзэн Гэсэр хаанаа дурдаж уйлж суутал Гэсэр хааны гурван эгчийн нь сахиус гурван тогоруу шувуу болон ирж огторгуйгаар эргэж үзэв. Царгин, Сэнлон, Лайзав, Үзэсгэлэнт мэргэн хиа дөрвүүл уйлж дууссаны хойно Үзэсгэлэнт мэргэн хиа хэлэв: «Эвүү, эвүү! Энэ хувилгаан тогоруу шувуу байна. Маныг уйлахад уйлан эргэлдэв. Эдний дуу нь энэлгээтэй шаналгаатай нь юу вэ?» гэв. Цас Чихэрийн хүү Лайзав тогоруу шувууг магтан уйлав: «Эвүү, арван зүгийн эзэн арван хорын үндсийг тасалсан авай Богд минь! Дээд биед чинь арван зүгийн бурхан төгссөн билээ. Дунд биед чинь дөрвөн их тэнгэр нар төгссөн билээ. Доод биед чинь дөрвөн их Лусын хаад төгссөн билээ. Нэг хувилахдаа мянга таван зуун хувилгаанаар хувилдаг гэлээ. Аль хувилгааны тогоруу болов? Эвүү яалаа? Нааш өршөөн ирээсэй чи» гэж мөргөв. Жамцо Дари Оддам нэрт эгчийн нь хувилгаан тогоруу бууж ирж дэргэд нь суув. Үзэсгэлэнт мэргэн хиа тэр тогоруунаас үг асуув. Тогоруу дуу эс гарав. Дөрвүүл хэлэлцэж «Энэ тогоруунаас юу асуух вэ! Аль аль бүгдээ булт тоолж хэлээд бичиг бичье» гэв. Аливаа автсан алдсан бүгдээ булт тоолж бичив. «Эвүү, Гэсэр хаан минь үхэв үү, яав? Хэрвээ үхээгүй бол энэ бичгийг минь түүнд өгөөрэй. Тэр минь мэднэ» гэв. Тогорууны хүзүүнд уяж өгөв. Төдий тэр тогоруу явав. Тэр тогорууг явуулаад дөрвүүл хэлэлцэж: «Эвүү, энэ тогоруу богдын минь хувилгаан тогоруу байсан аж» гэж дөрвүүл хэлэлцэж байв.
Тогоруу төдий явж Гэсэр хааны суух хотод хүрэхэд Арлан гуа Гэсэр хаан хоёул хотын асар дээр сууж байв. Арлан гуа Гэсэр хааныг гарвал гарч, орвол орж Гэсэрийн нутгаа санахыг мэдэж гэтэж явах ажээ. Тогоруу огторгуйгаар эргэцэж явах зуур санав: «Энэ бичгийг минь Арлан гуа үзэх байна. Гэсэр хааныг минь Арлан гуа арга хийж үл явуулах байна» гэж мэдээд хувилгаанаар мөндөрт бороо оруулав. Арлан гуа бороо ороход гэртээ гүйж оров. Гэсэр хаан өвөр дээрээ унасан рашааны нэгэн мөндрийг авч залгиад баг идээгээ бөөлжив. Тогоруу шувуу Гэсэр хааны дэргэд суув. Гэсэр хаан: «Эвүү, энэ тогоруу, миний Төвөдийн газрын тогоруу мэт юу бил ээ? Яасан жигтэй тогоруу болов чи?» гэж тогорууг дуудав. Тогоруу ирээд хүзүү дэх бичгээ орхиж өгөөд явж одов. Гэсэр хаан бичгийг үзээд: «Эрдэнэт Цас Чихэр, гучин баатар, Рогмо гуа гэж бий билээ л. Би яаж мартлаа?» гэж дуу гаран хайлав.
Гэсэр хааны (билгийн хээр морь нь Гэсэр хаанд аливаа юм тоолж хэлэхийг нь Арлан гуа мэдэж арвай буудайгаар аргадан тэжээж их мухар битүү байшинд оруулж төмөр чөдрөөр чөдөрлөж, төмөр ногтоор ногтолж, аварга модноос уяж зарим өдөр өвс ус өгч, зарим өдөр хоосон хорьж байв. Гэсэр хааныхаа уйлах дууг сонсоод билгийн хээр морь уураа багтаан ядаж төмөр чөдрөө тас тийрч, төмөр ногтоо тас татаж, битүү байшингийн хаалтыг хага түлхэж гарч Гэсэрт гүйж очиж уйлан үг хэлэв: «Рогмо гуа хатан чинь, эрдэнэт Цас Чихэр ах чинь, гучин баатар чинь, эрдэнэсээр бүтээсэн сүм хот чинь, эд бүгд чинь муу боллоо. Арван хоёр толгойт мангасын хот, Арлан гуа хатан чинь сайн боллоо. Одоо хаана очъё гэж уйлна чи?» гэж хэлэв. Гэсэр хаан зарлиг болов: «Авай билгийн хээр морины минь үг зөв. Билгийн хээр морь минь нааш ир» гэв. Билгийн хээр морь нь далд орон явав.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Гэсэр - 11
  • Büleklär
  • Гэсэр - 01
    Süzlärneñ gomumi sanı 4202
    Unikal süzlärneñ gomumi sanı 1511
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 02
    Süzlärneñ gomumi sanı 4804
    Unikal süzlärneñ gomumi sanı 1473
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 03
    Süzlärneñ gomumi sanı 4801
    Unikal süzlärneñ gomumi sanı 1560
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 04
    Süzlärneñ gomumi sanı 4958
    Unikal süzlärneñ gomumi sanı 1495
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 05
    Süzlärneñ gomumi sanı 4723
    Unikal süzlärneñ gomumi sanı 1522
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 06
    Süzlärneñ gomumi sanı 4868
    Unikal süzlärneñ gomumi sanı 1542
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 07
    Süzlärneñ gomumi sanı 4851
    Unikal süzlärneñ gomumi sanı 1450
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 08
    Süzlärneñ gomumi sanı 4881
    Unikal süzlärneñ gomumi sanı 1616
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 09
    Süzlärneñ gomumi sanı 4599
    Unikal süzlärneñ gomumi sanı 1514
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 10
    Süzlärneñ gomumi sanı 4812
    Unikal süzlärneñ gomumi sanı 1481
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 11
    Süzlärneñ gomumi sanı 4916
    Unikal süzlärneñ gomumi sanı 1531
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 12
    Süzlärneñ gomumi sanı 4840
    Unikal süzlärneñ gomumi sanı 1562
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 13
    Süzlärneñ gomumi sanı 4580
    Unikal süzlärneñ gomumi sanı 1501
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 14
    Süzlärneñ gomumi sanı 4671
    Unikal süzlärneñ gomumi sanı 1404
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 15
    Süzlärneñ gomumi sanı 4485
    Unikal süzlärneñ gomumi sanı 1484
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 16
    Süzlärneñ gomumi sanı 4627
    Unikal süzlärneñ gomumi sanı 1361
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 17
    Süzlärneñ gomumi sanı 4489
    Unikal süzlärneñ gomumi sanı 1588
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 18
    Süzlärneñ gomumi sanı 1054
    Unikal süzlärneñ gomumi sanı 536
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.