Latin

Гэсэр - 02

Süzlärneñ gomumi sanı 4804
Unikal süzlärneñ gomumi sanı 1473
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Эрт нэгэн цагт Шигэмуни бурхныг нирвааны дүр үзүүлэхийн урьд Хурмаст тэнгэр Бурханд мөргөе гэж очив. Хүрч мөргөсний хойно Бурхан Хурмаст тэнгэрт зарлиг болов: «Таван зуун жил болсны хойно ертөнцийн цаг самуун болох буй. Гэртээ харьж таван зуун жил болоод гурван хөвүүнийхээ нэгийг илгээ. Тэр ертөнцийн хаан тэр болтугай. Хүчтэн нь хүчгүйгээ барьж идэх буй. Гөрөөс өвөр хоорондоо нэг нэгээ барьж идэх буй. Чи гурван хөвүүнийхээ нэгийг очуул. Тэр ертөнцийг эзлэгч хаан тэр болох буй» гэв. «Таван зуун жил жаргалдаа ташуурч суув чи. Миний зарлигаар үтэр илгээгээрэй» гэв. Хурмаст тэнгэр: «Зөв» гээд харьж ирэв. Ирсэн хойно Бурханы зарлигийг мартаж Хурмаст тэнгэр долоон зуун жил болтол суув. Сууж байтал Сударсун балгасны их хотын баруун өнцөг нь нэгэн түмэн бээрийн газар эвдрэв. Хурмаст тэнгэр тэргүүлэн гучин гурван тэнгэр нар хамаг зэр зэвсгээ авч: «Энэ хотыг хэн эвдэв? Бидэнд өшөөт дайсан үгүй билээ. Асур нарын цэрэг эвдэв үү үүнийг?» гэж хотынхоо эвдэрсэн зүгт очив. Очиж үзэхэд хот нь өөрөө эвдэрсэн ажээ. Хурмаст тэнгэр тэргүүлэн гучин гурван тэнгэр нар бүгдээрээ ярилцав өвөр зуураа: «Энэ хот юунд эвдрэв?» гэж ярилцаж байтал Хурмаст тэнгэр санав: «Шигэмуни бурхныг нирвааны дүр үзүүлэхийн урьд мөргөе гэж очиж билээ би. Мөргөсний хойно Бурхан над зарлиг болж: Таван зуун жил болоод гурван хөвүүнийхээ нэгийг илгээ. Ертөнцийн цаг самуун болох буй» гэж билээ. «Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх буй. Гөрөөс өвөр зуураа нэг нэгийгээ барьж идэх буй» гэж билээ. «Би мартаж жаргалдаа ташуурч таван зуун жилээс илүү долоон зуун жил илүү сууж байна би» гэв.


2. Тэнгэр нар зөвлөгөөн хийв


Хурмаст тэнгэр тэргүүлэн гучин гурван тэнгэр нар өвөр зуураа их хурим хийв. Хурмаст тэнгэр гурван хүүдээ элч илгээв. Илгээсэн элч нар нь Амин сахигч ахад нь хэлэв: «Авай чамайг Хурмаст тэнгэр эцэг чинь ертөнцөд хаан ор суухаар оч гэнэ» гэв. Амин сахигч нь хэлэв: «Би Хурмаст тэнгэрийн хөвүүн билээ. Очлоо ч ертөнцөд хаан оронд сууж үл чадах буй. Хэрвээ Хурмаст тэнгэрийн хөвүүн очоод хаан оронд сууж эс чадваас хайрт хаан эцгийн нэр төрийг алдмуй. Би дургүйдээ үл очих биш. Сууж үл чадахаа айлтганам би». Тэр үгийг аваад элч Үйл бүтээгч дүүд нь очив: «Авай чамайг Хурмаст тэнгэр эцэг чинь ертөнцөд хаан оронд суухаар оч гэнэ» гэв. Үйл бүтээгч хэлэв: «Би Хурмаст тэнгэрийн хөвүүн биш үү. Ертөнцөд явагч амьтан алтан дэлхийн хүн биш үү. Очивч би хааны оронд сууж үл чадна. Надаас ах гэвэл хаан суух ор Амин сахигчид буй заа. Дүү гэвэл Төгсцогтод буй заа. Надад юуны харьяа буй» гэв. Элч Төгсцогтод очив. Мөн урьд үгийг хэлэв. Төгсцогт хэлэв «Их ах гэвэл Амин сахигч очно биз. Дунд ах гэвэл Үйл бүтээгч очно биз. Надад юуны хамаа буй. Очивч очъё гэж билээ. Эс чадвал хайрт хаан эцэг эхийн нэр төр хэрэггүй биш үү» гэж гурван хүүхэд элчид мөн энэ үгийг өгүүлэв.
Элч энэ үгийг аваад Хурмаст тэнгэр, гучин гурван тэнгэр нарт ирэв: «Гурван хүүхдийн чинь үг цөм тэр байна» хэмээв. Хурмаст тэнгэр гурван хөвүүнээ ир гэв. Гурван хөвүүн ирэв. Хурмаст тэнгэр зарлиг болруун: «Би та нарыг ертөнцийн цаг самуун болов. Туслахаар оч гэж би өөрөө мэдэж зарлиг болсонгүй билээ. Бурханы зарлигаар би та нарыг оч гэсэн билээ. Би та нарыг хөвүүнээ болов уу гэж санаж билээ. Та нар миний эцэг байсан ажээ. Би та нарын хөвүүн байсан ажээ. Та гурвуул миний хаан оронд суу. Миний аливаа явдлыг болбоос мөн зөвөөр зохиож явагтун. [Би Бурханы зарлигаар алтан дэлхийд бууж амьтныг тусалъя» гэж] Хурмаст тэнгэр энэ үгийг зарлиг болов.
Хурмаст тэнгэрийг зарлиг болсны хойно гурван хөвүүн нь малгайгаа авч сөгдөж мөргөв. «Эвүү! Хаан эцэг минь бидэнд энэ үгийг юу гэж зарлиг болном?» Амин сахигч энэ үгийг хэлээд айлтгав: «Хаан эцгийнхээ зарлигаар юунд үл очном? Очивч хааны орон сууж үл чадах буй. Хэрвээ Хурмаст тэнгэрийн хөвүүн Амин сахигч хаан орон сууж эс чадав гэж ертөнцийн хүн элэглэвэл таны нэрд муу буй заа. Дэмий л тэнгэрийн хөвүүн билээ хэмээгээд очих уу би? Дүүгээ ховлов гэх үү? Энэ Үйл бүтээгч аливаа юмыг энэ чаднам» гэв. «Эсруагийн аймагт арван долоон тэнгэр нар наадам хийж их хурим болсонд харвалга, барилдаан хийвч энэ Үйл бүтээгчийг нэг ч хүн чадахгүй, бултыг энэ чадна. Өвөр зуураа гучин гурван тэнгэр нар мөн бас харвалга, барилдаан наадам хийхэд бас үүнийг дийлэхгүй. Доор Лусын хаадын аймагт бас мөн мэлзээ наадам хийвч үүнийг бас үл дийлнэ. Ер аливаа зүйл эрдмийг энэ Үйл бүтээгч бүрэн сурсан. Дэмий л тэнгэрийн хөвүүн гээд очих уу бид? Очивч мөн энэ чадна» хэмээв. Гучин гурван тэнгэр нар хэлэв: «Ер Амин сахигчийн энэ үг цөм үнэн. Аливаа зүйл ч болов, бид сайн ч болов, ер мэлзээ хийж харвалга барилдаан хийвч булт манийг энэ дийлэх билээ. Амин сахигчийн тэр үг нь булт үнэн» гэж Гучин гурван тэнгэр нар энэ үгийг хэлэв. Төгсцогт дүү нь ер эдний үгийг дагаж бүгд үнэн гэв.


3. Хурмастын дунд хүү ертөнцөд буух болов


Бас Хурмаст тэнгэр: «За Үйл бүтээгч ээ! Эд бүгдийн үг нь энэ байна. Одоо чи юу хэлнэм?» гэв. «Би юу хэлэх вэ? Хаан эцгийн зарлигаар очвол ч очъё. Хурмаст тэнгэр ахай минь, над Шүүдрийн гилбэлгээн өнгөт хөө хар хуягаа өг. Цахилгаан өнгөт далавчаа өг. Нар сар хоёрыг хамтаар зэрэгцүүлэн ургуулан хийсэн манлай цагаан дуулгаа өг. Оюун эрдэнэ оньт гучин цагаан сумаа өг. Догшин хар нумаа өг. Билгийн гурван алд хар шор сэлмээ өг. Дуурьсахуй нэрт алтан уургаа өг. Ерэн гурван жингээр хийсэн их болд сүхээ өг. Жаран гурван жингээр хийсэн бага болд сүхээ өг. Есөн салаат төмөр урхиа өг. Энэ бүгдийг намайг ертөнцөд төрөхөд буулгаж өгөөрэй» гэв. Хурмаст тэнгэр эцэг нь: «За өгье» гэв. «Гучин гурван тэнгэр нарын гурван тэнгэр та нар, над ертөнцөд нэгэн хэвлийгээс төрөх гурван хувилгаан эгчийг уулгаж өг. Нэг тэнгэрт нь миний биеийн дүртэй нэгэн хувилгаан ахыг буулгаж өг. Бусад тэнгэр нар энэ дагуулж явагч сайдаасаа гучин баатрыг буулгаж өг. Би ертөнцөд таныг илгээнэм гэж их дурлаж өг гэх биш, Хурмаст тэнгэрийн хөвүүн ертөнцөд очоод хаан орныг сууж эс чадвал, хүнд дийлдвэл таны нэрд муу биш үү? Догшныг доройтуулж амьтныг жаргуулж явбал сайн нь энэ биш үү? гэж гуйх минь энэ билээ» гэв. Хурмаст тэнгэр, гучин гурван тэнгэр нар бүгдээрээ: «Зөв биш юу вэ, Үйл бүтээгчийн энэ үг нь? Чамайг илгээх газарт юу гэж хайрланам бид? Бултыг өгье» хэмээв. Үйл бүтээгч «За» гэв.
«Ах минь Амин сахигч, дүү минь Төгсцогт эс очив. Ертөнцөд хүрч амьтны тусыг бүтээсний хойно хаан эцгийн минь хаан оронд суух хишиг над буй за?» гэв. Бас «зөв» гэв. «Соронзон хүрлээр бүтээж хийсэн их илдээ өгөөрэй, ахай минь» гэв. «Өгье» гэв. «Ертөнцөд төрсөн хойно минь над амьтанд үл гартах нэгэн сайн морь буулгаж өгөөрэй» гэв. «Зөв, өгье» гэв.


4. Гэсэрийн төрөхийг угтаж мэдэв


Түүний хойно ертөнцийн цаг самуун болсонд хар тэргүүт хүнээс эхлэн нисэх шувуу, гүйх гөрөөс бүгдээрээ Хүслэн нэрт овоон дээр чуулган чуулав. Гурван зуун өөр өөр хэлтэн амьтан, Арьяа Аланкари охин цагаан тэнгэр хэлмэрч хийв. Мо гүүш, Данбо нэрт, Уулсын хаан Овоо Гүнжид энэ гурвуул төлөг орхив.
Аръяа Аланкари охин цагаан тэнгэр хэлэв: «Ай, гурван төлгөч нар энэ ертөнцийн цаг самуун болсныг даран чадах хаан төрөх үү? Үгүй юу? Төлгөө орхиж үз» гэв. Мо гүүш төлөг орхив. Төлөг орхисны хойно хэлэв. «Овоо Дүнжон гарво нэртэй, молор эрдэнэ биет, дун цагаан шүдэт, гарди шувуу тэргүүт, алтан шар хонгорцог үстэй, үсний үзүүрт нь уд модонд цэцэг дэлгэрсэн мэт тэр төрөх буй. Тэр төрвөл дээр тэнгэр нарыг эзлэгч тэр болох буй» гэв. «За, нэг дахиж төлөг орхи» гэв. Данбо нэрт төлөгч төлөг орхив. Орхиод хэлэв: «Арьяа Авалоки Одкари нэртэй, дэлгэрсэн цагаан гэрэлтэй, улаан хонгор царайтай, дээд бие нь хүний бие мэт, доод бие нь лусын хаад могойн бие мэт, тэр төрөх буй. Тэр төрвөл доор лусын хаадыг эзлэгч тэр болох буй» гэв. «За, уулсын хаан Овоо Гүнжид төлөг орхи» гэв. Төлөг орхив. «Жамцо Дари Оддам нэрт маш цагаан өнгөтэй, өнгө гэрэл нь арван зүгт дэлгэрсэн тэр төрөх буй. Тэр төрвөл арван зүгийн дагинасыг эзлэгч тэр болох буй» гэв. «Бас нэг дахин төлөг орхи» гэв. Төлөг орхив. «Гэсэр Сэрво Дондув нэртэй, дээд биед нь арван зүгийн бурхан төгссөн, дунд биед нь дөрвөн их тэнгэр нар төгссөн, доод биед нь найман их Лусын хаад төгссөн эр төрөх буй. Тэр төрвөл энэ Замбуутивийг эзлэгч арван зүгийн эзэн ачит Гэсэр» мэргэн хаан тэр болох буй» гэв.
Арьяа Аланкари охин цагаан тэнгэр бас хэлэв: «Тэд бүгд нэг эх, нэг эцгээс төрөх үү? Өөр эцэг, өөр эхээс төрөх үү? Эцэг нь хэн буй, эх нь хэн буй? Бас төлөг орхиё» гэв. «Эцэг нь Уулсын хаан Овоо Гүнжид энэ болно. Эх нь Го баяны охин Амаржил болно» гэв. «Нэг нэгэндээ туслахын тулд нэгэн эцэг, нэгэн эхээс төрөх буй. «Эцэг нь энэ, эх нь энэ буй ажээ. Хаанаас ирэх вэ?» Төлөгч нар хэлэв: «Ертөнцийн цаг самуун болсныг мэдэж дээр Бурханаас зарлигтай, Хурмаст тэнгэрийн хөвүүн юм уу? Ертөнцөд ингэж хувилж төрөх юм уу? Бид эс мэдэв» гэв.
Арьяа Аланкари охин цагаан тэнгэр, тэнгэрт гарав. Мо гүүш, Данбо нэрт, Уулын хаан Овоо Гүнжид нар Хүслэн нэрт овоон дээрээс буув. Гурван зуун өөр өөр хэлтэн амьтан тархав. Тэр бүгд «Төлөгч нарын үг үнэн болов уу?» гэж ярилцаж «Үнэн» гэж тархав.


5. Цотон, Сэнлонг эхнэртэй нь хөөв


Тэр цагт Дос, Донсар, Лин гурван отог улс байжээ. Досын ноён Сэнлон байв. Донсарын ноён Царгин байв. Лингийн ноён Цотон байв. [Тэдгээр амьтныг зовоож явагч тэр гурвуул ажээ.] Цотон ноён агт сайтай ажээ. Нэг нь уруу орхисон чулууг гүйцэх буурал морь ажээ. Нэг нь голоор гүйх үнэгийг гүйцэх үнэгэн ухаа морь ажээ. Нэг нь хөндлөн гүйх зээр гүйцэх зээрэн ухаа морь ажээ. Тэр гурван отог улс Го баянд цэрэг мордож айсуй гэж Цотон яарч нэгэн сайн мориор урьд хүрч хэл оруулав: «Танд Дос, Донсар, Лин гурван отог улс цэрэг мордож айсуй» гэв. Го баян дүрвэж нүүв. [Го баян өгүүлрүүн: «Сайн үг хэлсэн авай минь. Чи юу дуртайгаа ав» гэв. Цотон ноён өгүүлрүүн: «Тэр үзэсгэлэнт хүүхнээ өг» гэв. Го баян өгүүлрүүн: «Би чамд юугаа ч хайрлахгүй.- Ав» гэв. Амаржил өгүүлрүүн: «Эцэг минь. Энэ Цотон ноёны үг нь гурил мэт болоод зүрх нь гүр хар чулуу мэт гэнэ билээ. Би очихгүй» гээд дутааж гарав. Цотон ноён өгүүлрүүн: «Эцэг чинь нэгэнтээ үгээ хэлж барсны хойно чи дутааж хааш гарах» гээд хөөв.] Го баяны охин Амаржил дутааж мөсөн дээр халтирч унав. Охиныг барив. Охины сүүжний мах тасарч доголон болов. Цотон ноён «Би ийм доголон эм авбал миний нэрд муу болно. Үүнийг өөр хүнд өгье гэж ахдаа Сэнлон ноёнд өгье, хойно авахад сайн» гэж арга сэтгэж өгөв.
italki
Сэнлонд өгсний хойно охины хөлийн мах эдгэв. Урьдах мэт өнгө чимэг гуа сайхан болов. Цотон ноён үзэн ядаж «Ийм сайхан гуа үзэсгэлэнт эм бидэнд олдох бэрх билээ. Үүнээс сайн хөвүүн төрнө гэж төлөгч нар хэлсэн. Гэтэл сайхан хөвүүн эс төрөв. Энэ цаг самуун болсон нь энэ эр эм хоёроос болов. Сэнлон, Амаржил хоёрыг хөөж орхиё. Урьдах эм, гэр, малыг хагацуулж авъя» гэв. [Тэр цагт тэдгээр амьтан Цотон ноёны үгээс үл давах билээ.] Сэнлон ноёнд цоохор тэмээ цоохор ботготой, цоохор гүү цоохор унагатай, цоохор үнээ цоохор тугалтай, цоохор хонь цоохор хургатай, цоохор ямаа цоохор ишигтэй, цоохор нохой цоохор зулзагатай, хэлтгий хар ачир өгч гурван голын бэлчирт цөлж илгээв.


6. Амаржил жирэмсэн болов


Хөөж илгээсэн хойно Сэнлон өвгөн хоёр гурван малынхаа дэргэд оготно урхидаж явав. Нэгэн өдөр арваадыг алж, нэгэн өдөр долоо наймыг алж явав. Амаржил түлээ түүж явав. Амаржил түлээнд очиж явтал өмнө нь нэгэн шувуун хэнхдэгтэй, хүн ууцтай тийм харцага суу босож явав. Амаржил дуудаж асуув: «Хэнхдэг чинь яасан шувуутай адил буй? Ууц бөгс чинь яасан хүний төрөлтэй адил буй? Энэ юуны бэлэг буй?» гэж асуув. Харцага хэлэв: «Шувуун хэнхдэгтэй болсон минь дээд нагац нарын шинж биз. Би мэдэхгүй. Хүн ууц бөгстэй болсон минь үүдсэн биеэ эвдэн ирсний шинж билээ. Дээр тэнгэр нараас одоо ертөнцөд хувилж төрөх сайн эхнэр эрж явнам би. Төрөвч би ийм сайн эхнэрт төрнөм. Үгүй ч болов байнам зээ би» гэж хэлээд нисэж одов.
Амаржил шинийн наймны шөнө түлээ түүж харьж иртэл зуур нэгэн их хүн учралдаж үхэтхийж унав. Амаржил хэвтэж биеэ тэнхрэхлээр харьж ирэв. Хярмаг цас орсонд Амаржил мөн түлээ түүж мөрөөр мөшгөж үүрийн хярааны үед шөнийн унасан газарт очиж үзвэл тэнд нэгэн алд дэлэм мөртэй хүн одсоны мөрийг үзэв. «Энэ яасан их мөртэй хүн очив? гэж мөрөөр нь мөшгөв. Тэр мөр нь их хадны хөндийд оров. Хадны хөндийгөөр Амаржил шагайж үзэв. Үзтэл алтан ширээн дээр бар цоохор тугтай, бар цоохор малгайтай, бар цоохор дээлтэй, бар цоохор гуталтай хүн алтан ширээний мөг түшлэгийг түшин сууж: «Энэ шөнө алжаахын муугаар алжаав би» гэж [сахлынхаа хярууг арчиж] суув. Амаржил үзээд айж дутаан харьж ирэв.


7. Гэсэр төрөв


Гэртээ ирсэн хойно Амаржилын хэвлий нь ихдэж босож, сууж үл чадах болов. Арван тавны өдөр өглөөгүүр өвгөн урхиа авч малаа тууж одохоор гарахад нь Амаржил хэлэв: «Чи юу гэж явнам? Миний хэвлийд хүн хэлэлцэх мэт гингэнэнэ. Би ганцаараа айж үхнэм. Ганц энэ өдөр миний дэргэд суу чи» гэхэд Сэнлон өвгөн хэлэв: «Чиний дэргэд би сууя гэхэд оготно хэн алах вэ? Хоёр гурван малыг минь хэн үзнэм? Оготно эс албал бид хоёр амиа юугаар тэжээнэм?» гэж эс болж явав. Өвгөн явж оготно урхидан, далан оготно алж ирэв. Гэртээ үүрч ирэв. Өвгөн «Язгуураас энэ өдөр илүү алав би» гэж өвгөн гэртээ баярлаж «Эртний минь ерөөл буй за» гэж баярлаж суув. Оготноо гэртээ тавиад очив.
Бас үдийн хойно үдшийн урьд эхийн хэвлийн дотор хөвүүн нь дуулан тавив: «Овоо Дүнжон гарво нэртэй, молор эрдэнэ биетэй, дун цагаан шүдтэй, гарди шувуун тэргүүтэй, алтан шар хонгорцог үстэй, үсний минь үзүүрт уд модны цэцэг дэлгэрсэн мэт, би төрөх буй. Би төрвөл дээр тэнгэр нарыг эзлэгч би болох буй» гэв. Бас нэг нь дуулав: «Арьяа Авалоки нэртэй, дэлгэрэнгүй цагаан гэрэлтэй, улаан хонгор царайтай, дээд бие минь хүний бие мэт, доод лусын хаад могойн бие мэт би төрөх буй. Би төрвөл доод лусын эзлэгч би болох буй» гэв.
Бас нэг нь дуулав: «Жамцо Дари Оддам нэртэй, маш цагаан өнгөтэй, өнгө гэрэл минь арван зүгт дэлгэрсэн би төрөх буй. Би төрвөл арван зүгийн дагинасыг эзлэгч би болох буй» гэв.
Бас нэг нь дуулав: «Гэсэр Сэрво Дондув нэртэй, дээд биед минь арван зүгийн бурхан төгссөн, дунд биед минь дөрвөн их тэнгэр нар төгссөн, доод биед минь найман их лусын хаад төгссөн би төрөх буй. Би төрвөл энэ Замбуутивийн эзэн арван зүгийн ачит Гэсэр мэргэн хаан болох би» гэж дуулав. Эх нь: «Эвий эвий, эвий эвий намайг ертөнцийн хүн эс хэрэглэж, гурван голын бэлчирт хөөж орхисон. Над юуны бурхан төрж над баригднам аж. Над чөтгөрийн хувилгаан хөвүүн төрж баригднам зээ. Муу эцэг тань Сэнлон өвгөн өлгий хийхээс түүний амийг тэжээх хүн үгүй. Таныг би өлгийдөж тэжээхээс үүрийн чинээ хар Цачирт минь амь тэжээх хүн үгүй. Одоо би таныг үүнд өлгийдье» гэж гичгэнэ ухах есөн алд төмөр гадсаар дөрвөн эрвэй (алд) гуу тус тусад нь ухаж тавив. Чингэтэл Овоо Дүнжон гарво «Эжий! над зай тавь» гээд оройгоос гарч унав. Өнгө чимэг нь адбиш сайхан гуа ажээ. Мөлхөж татаж эхдээ үл гүйцэгдэж явав. Эх нь хөөж гүйцэн ядаж явтал дээр тэнгэр нараас молор эрдэнэ заанд эмээл хазаар тохож, цан хэнгэрэг дэлдэж, сан хүж шатааж, молор эрдэнэ заанд цан хэнгэрэг дэлдэж байж унуулаад аван одов тэнгэрт. Эх нь: «Эвий минь, үнэн бурхан байсан байна» гэж уйлав.
Уйлтал: «Өхий (эгч) минь, над зай тавь» гэв. Эх нь баруун гараа өргөж оройгоо дарав. Дартал баруун суганаас нь унав. Бас мөлхөж татаж эс гүйцэгдэв. Доорх их далайгаас Лусын хаан урьд ёсоор молор эрдэнэ заан арсланд мөн эмээл хазаар тохож, цан хэнгэрэг, хүж шатааж лусын хаанд аван одов. Их далайд авч оров.
Бас нэг нь: «Өхий минь, над зай тавь» гэв. Эх нь хоёр сугаа хавчиж хоёр гараар оройгоо дарж байтал хүйсээс нь унав. Урьд хоёроос өнгө чимэг нь үлэмж сайхан гуа байв. Бас эхдээ үл гүйцэгдэж явнам. Эх нь хөөж явтал арван зүгийн дагинас хөх хирс заанд эмээл хазаар тохож, сан хүж тавьж, цан хэнгэрэг дэлдэж ирж, арван зүгийн дагинас авч гарав. «Эвий эвий, эвий эвий гэж гурван авай минь яалаа» гэж уйлав. Эх нь: «Булт бурхдын хувилгаан гэгч нь үнэн байсан ажээ. Би юу гэж дөрвөн эрвэй гуу ухаж тавилаа? Огоо ядаж нэгийг нь ч таньж золгож тэвэрч озож хагацах нь эвий минь эвий яалаа» гэж уйлав.
Уйлтал нь бас нэг нь Гэсэр Сэрво Дондув: «Эжий минь би аль мөрөөр гарах вэ?» Эх нь: «Авай минь ёстой мөрөөр төр» гэж дуудав. Ёстой мөрөөр төрөв. Баруун нүдээ хялайж, зүүн нүдээ харж, баруун гараа далайж, зүүн гараа атгаж, баруун хөлөө дээш өргөж, зүүн хөлөө жийж, дөчин таван дун цагаан шүдээ зуусаар төрөв» Эх нь: «Эвий эвий, яая би? Урьд үзэгдэгч гурвуул минь булт бурхдын хувилгаан төрж над эс баригдав. За энэ нүгэлт хөвүүн чөтгөрийн хувилгаан төрж над баригдав. Авай минь, чиний хүйг юугаар огтолном би?» гэж дэрэн дотроос хянгарыг авч хүйг нь хөрөөдөв. Тэр хянгар хүйг нь эс даав. «Эжий минь, энэ хянгар чинь миний хүйг үл даана. Гэрийн өмнөх их далайн доторх ирмэгт хар чулууг авч огтол» гэв. «Огтлохдоо ерөөл ерөө. Авай минь, чулуунаас бат амьтай болтугай гэж огтол. Хүйг минь цагаан өвсөөр боо. Авай минь, эзэлсэн улс чинь цагаан өвснөөс олон болтугай гэж боо» гэв.
Эх нь хормойдоо цуглан хүүхдээ аван гүйв. Их далай доторх ирмэгт хар чулууг авч огтлов. Огтлохдоо мөн урьд үгээр огтлов. Хүйг нь цагаан өвсөөр боов. Боохдоо мөн урьд үгээр ерөөв. Гэсэрийг үзэгдэхэд баахан хүйтэн бороо орсон ажээ. Эх нь Гэсэрийн хүйг огтлох гээд чигчий хуруугаа хөлдөөв. Энэ, нүгэлт, энэ чивэлт хүүхдийн хүйг огтлох гэж явсаар чигчий хуруугаа хөлдөөв би» гэж уйлав. «Эжий минь бүү хараа, бүү уйл. Энэ хуруугаа их далайд дүр, ямар болох нь вэ?» гэв. Эх нь хүүхдийн үгээр их далайд хуруугаа дүрэв. Хуруу нь урьдах мэт сайхан болов. Эх нь хүүхдээ авч очив. «Авай чамайг юунд өлгийдөм?» «Энэ гуунд өлгийдье» гэж өргөв. Хүүхэд эхээс алдуулан унав. Бас эх нь өргөв. Хүүхэд эхээс алдуулан унаад ноцолдож байж үг хэлэв: «Эжий минь, Баруун нүдээ хялайсан минь элээ шуламсыг тас хялайсан минь билээ. Зүүн нүдээ харсан минь энэ заяа, тэр заяа хоёрыг тэгш харсан минь билээ. Баруун гараа далайсан минь эсэргүүцэгч бүгдийг тас далайсан минь билээ. Зүүн гараа атгасан минь хамаг бүгдийг эзлэн барих минь билээ. Баруун хөлөө дээш өргөсөн минь шашныг мандуулах минь билээ. Зүүн хөлөө жийсэн минь тэр тэрс буруу номтныг доройтуулан гишгэсэн минь билээ. Дөчин таван дун цагаан шүдээ зуусаар төрсөн минь догшин шуламсын сүрийг тас залгисан минь буюу» гэж үг хэлэв. Эх нь: «Эвий эвий, эвий эвий, хүүхэд төрвөл нэргүй хоёр хуруугаар хамраа бөглөж төрөм билээ. Нүдээ аньсаар, шүдээ зуусаар төрөм билээ.
Энэ яасан хортой хэлтэй амтай хүүхэд төрж хэрэлдсээр, барилдсаар төрлөө» гэж хэрэлдэж байв.
Хэрэлдэж байтал Сэнлон ирэв. Нэгэн үе эм хүний дуу гарна, нэгэн үе барын дуу мэт гарна. Сэнлон өвгөн малаа тууж, арван оготно үүрч, нэг гартаа есөн салаат төмөр урхийг хөсрөөс олж чирч ирэв. «Энэ юу вэ?» гэв. Амаржил хэлэв: «Ад муу хувхай хүлтгөр, хишиг гүй хүлтгөр! Чамайг би энэ өдөр миний дэргэд суу гэж эс хэл лүү би? Үүний урьд гурван хүүхэд хаагуур минь гарцгаав. Булт бурхдын хувилгаан төрж тэнгэрт гарах нь тэнгэрт гарав. Лусын хаадад орох нь оров. Дагинаст гарах нь дагинаст гарав. Дээр тэнгэр гэж, доор лусын хаад гэж, арван зүгийн дагинас гэж хэн мэдлээ. Тэд бүгдийн тоог ч мэдсэнгүй алдав. Ав одоо муу хүлтгөрийг, Чөтгөрийн хувилгаан хүүхэд төрөөд намайг барьж идье гэж ингэж байна» гэв.
Өвгөн хэлэв: «Эвий, чи чөтгөрийн хувилгааныг яаж мэдэв? Дэмий тааж мэдэх бид бурхад буюу? Өөрийн үрсийг яаж алнам? Тэжээж үзье. Энэ өдөр би наян оготно алав. Энэ муу хоёр гурван мал минь булт боостов (Хээлтэй болов). Хэвлий нь газраас улам үргэлжилж явна. Язгуур гэрийн маань дэргэд оготно үгүй билээ. Годил харвах газарт оготно иржээ. Энэ өдөр хамаг газар цас орсон бөгөөтөл манай энэ муу гэрийн гадна годил харвах газар цас орсонгүй. Есөн салаат төмөр урхи үүнийг годил харвах газраас олов би. Энэ бие төрсөөр ийм юм эс үзлээ би. Энэ тор буюу, урхи буюу? Энэ олж авчирсан юм минь энэ» гэв. Эх нь: «Чамайг яаж алах вэ? Тэжээж үзье» гэв.


8. Гэсэр хэрээ, чөтгөр, оготно гурвыг алав


Тэр цагт чөтгөрийн хар хэрээ нэг настай хүүхдийн нүдийг цохиж нүдгүй болгож алдаг байжээ. Гэсэрийг төрөв гэж сонсоод нүдийг нь цохьё гэж айсуй ажээ. Гэсэр түүнийг хувилгаанаар мэдэв. Нэг нүдээ хялайж, нэг нүдээ аньж, хялайсан нүдэн дээрээ есөн салаат төмөр урхиа тусгаж, чөтгөрийн хар хэрээг нүдийг нь цохих гэтэл есөн салаат төмөр урхины шижмээс татаад чөтгөрийн хар хэрээг бариад алж орхив.
Тэр цагт ямаан шүдэт, нохой хоншоорт чөтгөр, Гүнгү эцэг Эргэслон (Гэлон) лам болон хувилж ирж, хоёр настай хүүхдийн толгой дээр авшиг тавигч болоод хэлнийх нь үзүүрийг тас хазаж хэлгий болгох байсан ажээ. Түүнийг Гэсэр мэдэв. Тэр чөтгөр, Гэсэрт айсуйг Гэсэр мэдээд дөчин таван дун цагаан шүдээ зууж хэвтэв. Хүрч ирээд лам болж толгой дээр авшиг тавив. Хуруугаар шүдийг нь ухаж, соёогоороо бас шүдийг нь соёодож эс хүч хүрэв. «Энэ хүүхэд тань язгуур эх хэлтэй билүү, угаас ингэж зуурч төрж билүү» гэж асуув. «Уйлнам билээ бид эс мэдэв» гэв. Чөтгөр одоо хэлээ дүрж хөхүүлнэм. Хөхөгч болоод хэлийг бяцхан хөхнөм. «Сайн. Хэл хөхнөм» гэж бас хөхүүлнэм. Хөхөгч болоод хэлийг багалзуураар нь тас хазаж алж орхив.
Гурван насандаа чивлийн оготно шар үхрийн чинээ болж газрын хөрсийг урвуулж, Монгол улсад муу үйлдэж байсан ажээ. Гэсэр түүнийг мэдээд үхэр хариулагч өвгөн хүн болон сүх барин гүйв. Шар үхрийн чинээ оготно газрын хөрсийг урвуулж явтал өвгөн сүхээрээ үхрийн эвэр хооронд цохиод алж орхив. Дав дээр гурван догшныг алав.


9. Сэнлон баяжиж гэр бүлээ авчрав


Түүний хойно хонь нь төрөв. Дун цагаан хурга гарав. Гүү нь төрөв. Билгийн хээр унага төрөв. Үхэр нь төрөв. Төмөр хөх хирс үхэр төрөв. Нохой нь төрөв. Төмөр хошуутай зэс өлөгчин төрөв. Гэсэр тэд бүгддээ сан тавьж, огторгуй дахь Навса Хүрз эмэг эхдээ залбирав: «Эжий минь энэ бүгдийг минь сайхан тэжээж өсгө. Намайг хэзээ өг гэсэн цагт тэднийг өгөөрэй» гэв. Тэд бүгдийгээ бас Навса Хүрз эмэг эхдээ үзүүлж өргөв. Эх нь «Зөв» гээд авав.
Сэнлон өвгөн, зовлонт эмээс төрсөн гэж нэрийг Жур гэж нэр өгөв. Жур хоёр гурван малаа хариулж явнам. Явахдаа гурван долоон хулс сугалж авав. Гурван долоон дэрс сугалж авав. Гурван долоон хялгана сугалж авав. Гурван долоон харгана сугалж авав. Дэрсээр муу гүүгээ цохилов. «Энэ гурван долоон дэрс минь цохих тутам минь дэрсэн цагаан шаргал адуу болцгоо» гэж цохилов. Хулсаар муу үхрээ цохив. «Навч мэт сүүлтэй, хулсны үе мэт өнгөтэй ийм сайхан үхэр төрцгөө». Хялганаар хонио цохив. «Ийм сайхан хялгана мэт олон төрцгөө» гэж цохив. Харганаар хамуут тэмээгээ цохив. Хувилгаанаар шившиж цохилсонд тэд бүгд булт төрнөм. Ганц гүүнээс дэрсэн цагаан адуу төрцгөөв. Мөн алиныг тоолном? Гэсэрийнхээ зарлигаар сар бүр дэд дэдээр төрөв. Гэсэрийн зарлигаар сар бүр төрөхөд тоолшгүй олон мал болов. Сэнлон өвгөний баяр нь танаггүй. «Миний ерөөл буй за. Ганцын эх мянга гэгч энэ байнам» гэхэд нь Амаржил: «Үнэн биш юу вэ тэр чинь? Чиний ерөөлийг би бүгдийг хэдийн мэдсэн билээ. Адбиш ерөөлтэй биш үү, чи» гэж хуурч зарлиг болов.
Сэнлон, «Энэ малыг маань хэн хадгалнам?» гэж их улсдаа очив. Цотонд хүрч хэлэв: «Чиний үзэн ядаж хөөж орхисон үзэсгэлэнт сайхан эмээс чинь нэг муу хөвүүн төрж байна. Муу гэж байлгана уу? Сайн гэж хаан орон суулгана уу? Муу ч болов суулгах жишээтэй л болов. Эм, хүүхэд, гэр, малыг минь над өг»гэв. Бүгд улс «Сэнлон өвгөнийх зөв биш үү» гээд эм, хүүхэд, тэд бүгдийг нь булт өгөв. Сэнлон өвгөн тэднээ авч харьж ирэв.

* * *

Нөгөө эмээс Цас (Жаца Шалгар), Ронса нэрт хоёр хөвүүн ажээ. «Цас, Ронса, Жур гурвуул энэ малыг минь хариул» гэв. Гурван хүүхэд мал хариулж явна. Жур холын уулыг ойр болгож, ойрын уулыг хол болгож, малыг хувилгаанаар адуулж явна.
Жур эцэгтээ хэлэв: «Миний ерөөл буй за гэж, малаа өсгөв гэж баярлах чинь юу бил ээ? Одоо орд цагаан гэрийг үл барих чинь юу вэ» гэв. Өвгөн хэлэв: «Бид мод хүч хүрч авч чадах болов уу? Очвол ч очъё» гэж явав. Модонд хүрч бүгдээрээ мод огтолж явав. Өвгөн шударга модыг огтолж нэг хэдийг унагав. Жур хувилгаанаар ханыг ханаар, унийг униар босгоцгоов. Сэнлон өвгөн сайхан шударга мод үзэж огтолъё гэж очивч Жур хувилгаанаар өргөст мод болгоно. Өвгөн огтолж ядаж гараа эсгэж ирэв. «Нүгэлт муу хөвүүн очиж билээ. Шударга сайхан мод гэж огтолъё гэтэл өргөст мод болно. Гараа эсгэж санд мэнд харьж ирэв би» гэв. Жур орд цагаан гэрийнхээ модыг авч ирэв. «Ахай минь, огтолсон модоо юу гэж орхиж ирэв чи? Чиний орхисон модыг би авч гэр хийж ирэв би» гэв. «Үнэн. Би мод огтолж билээ. Огтолсон модоо газар эндэж гээгч билээ би. Энэ муу хулгай хийж авсан ажээ» гэв. «Ахайн минь үг үнэн. Чиний огтолсон модноос хулгай хийж авсан мод минь тэнд хоёр гурван гэрийн мод байна» гэв. «Чи юу огтолж явнам?» «Би хүч үл хүрэхдээ чиний огтолсон модоор гэр хийв би» гэв. Тэр гэрээ бүрхүүлэв.

* * *

Гурван хүүхэд малд очив. Сэнлон Ронсагийн эхийг дотночилж явнам. Гурван хүүхдийн малд очсон хойно Ронсагийн эх идээ чанаж тавина. Цас Чихэр, Ронса хоёрт ширээн дээр тавьж өгнө. Журд нохойн идэх муу аяганд хийж өгнө. Жур гурван атга цагаан чулуу, гурван атга хар чулуу авав. Цагаан чулуугаа хадны дээр дэлгэж тавина. Олон мал өөрсдөө бэлчиж очно. Харихдаа хар чулуугаа хавтгандаа хийгээд ирнэ. Олон мал хойноос нь өөрсдөө дагаж ирнэ.
Маргааш өглөөгүүр гурвуул бас малд явав. Малынхаа дэргэд суугаад ярив. Жур хоёр ахдаа үг хэлэв: «Бид ийм олон мал хариулж явж өдөр бүр хоосон явмуй. Нэгэн тугал алж идье» гэв. «Алж идье» гэхэд Ронса хэлэв: «Эцэг эх маань биднийг донгодмуй» гэв. Цас Чихэр дуугүй суув. «Донгодох юмыг би даая. Цас Чихэр минь нэг тугал барь» гэв. Цас нэг тугал барив. Жур алав. Арьсыг битүү туламлан өвчив. Махыг идээд ясыг тулам дотор хийгээд сүүлээс нь барьж гурван үе даллаваас амьд тугал болон олон тугалын хойноос гүйв. Малаа авч харьж ирэв. Гурван хүүхэд гэртээ оров. Цас, Ронса хоёр босож байв. Жур зүүнтээ тавьсан идээнээс идэж суув. Эх нь хэлэв: «Жур юунд идээгээ идэв? Та хоёр юунд үл идэх буй?» гэв. Ронса хэлэв: «Жур дүү маань манд нэг тугал алж өгч, түүний махыг идэж цадав. Идэхгүй» гэв. Сэнлон өвгөн: «Ээ! Жур тэр чинь үнэн үү?» гэж асуув. «Худал хэлнэм. Үгүй» гэв. Өвгөн ташуур барьж босон харайв. Журыг ташуураар савна. Савахад нь Жур ташуур дээрээс нь ноцон хэрэлдэж байв. Байтал Амаржил гүйж ирэв. «Юу болов? Өвгөн!» гэв. «Энэ муу чөтгөр хүүхэд чинь нэг тугал барьж алж идэв гэнэ. Ийм нүгэлт ажээ» гэж уураа даран ядаж байв. Амаржил хэлэв: «Барсан муу, тэнэсэн муу хүлтгөр! Чиний тугал тоо гүй буюу? Тугалаа бүртгэе» гэв. «Чам мууд юуны ийм олон мал бил ээ? Үнэн идсэн ч гэсэн ганц тугалын төлөө үүнийг минь жанчих чинь юу вэ? Биеийнхээ сайнаар өсгөсөн мал мэт санаж байна чи» гэж донгодов. Өвгөн гүйж тугалаа бүртгэв. Тугал нь бүрэн ажээ. Өвгөн гэртээ гүйж очив. Ронсыг «яасан худалч бил ээ?» гэж донгодов: «Үүний хойно чи худал хэлэв зээ. Би чамайг үхтэл гөвшинө» гэв.

* * *

Маргааш өглөө гурван хүүхэд бас малаа авч очив. Жур нэг тугал алав. Ронса сүүлний ясыг нь хулгайлж өвөртлөв. Урьд ёсоор махыг авч идээд ясыг тулмын дотор хийв. Мөн гурван үе даллаваас оготор тугал болон олон тугалын хойноос мөрөөр нь гүйж очив. Малаа авч гэртээ ирэв гурвуул. Ронса хэлэв: «Жур дүүгийнхээ алж өгсөн тугалын сүүлийг идье» гэж өврөөсөө цустай сүүл гаргаж галд булж суув. Өвгөн: «Ронса! Энэ чинь юу вэ?» гэв. «Жур дүү минь манд нэг тугал алж өгч, түүний сүүлийг идье гэж шарнам би» гэв. Өвгөн: «Одоо авай. Жур ийм нүгэл хийжээ» гэж бас ташуураа барин Журыг савнам. Савтал Жур ташуур дээрээс нь аван ноцолдов. «Энэ их зөнтөг (зөнөг) болох нь энэ үү? Энэ намайг давхийвэл жанчъя гэж над тэмүүлнэ» гэв. Журын эх нь гүйж ирэв. «Юу вэ, нүгэлт хүлтгэр, яав?» гэв. «Нэг тугал алж гэж Ронса сүүлний цустайг шарж сууна. Үнэн буюу? Худал буюу?» гэв. Журын эх нь хэлэв: «Чи энэ хөвүүнийхээ үгээр юу гэж ингэж жанчнам? Тугалаа бүртгэж үзээсэй» гэв. Өвгөн тугалаа бүртгэв. Олон тугал бүрэн ажээ. Нэг тугалын сүүлээс цус гарч явав. «Сүүлийг нь огтолсон байна» гэж өвгөн гэртээ гүйж ирээд Ронсыг гөвшив. «Чи тэр бармыг юу гэж гүжирднэм? Бутач ирээд хотчийг хорино гэгч энэ байна» гэв.

* * *

«Заяатай худал хэлэгдэхээр үнэнээр хэлэгдье би. Заяатай маргааш чиний малаас олныг алж идье би» гэж Жур хэлэв. Гурвуул малд явав. Жур хониноос нь есөн ирэг алж их тогоо хувилгаанаар хурааж Ронсаг сүрээр дарж тэр махыг бүгдийг болгов. Махаа гаргаад сан тавьж, хамаг бүгд сахиусандаа залбирнам: «Дээр Хурмаст тэнгэр ахай минь, дэд нь болбол Эсруа аймагт арван долоон тэнгэр нар, дэргэдэх гучин гурван тэнгэр нар, Навса Хүрзэ эмэг эх эжий минь, Арьяа Аланкари охин цагаан тэнгэр хэлмэрч минь, гурван зуун жаран өөр хэлтэн амьтан сахиус минь, Мо гүүш, Данбо нэрт төлгөч минь, Уулсын хаан Овоо Гүнжид алтан дэлхийн хувилгаан эцэг минь, ялгуусан гурван өхий минь, дээд арван зүгийн бурхан сахиус минь, доод дөрвөн их Лусын хаад минь, Та бүгдийнхээ оч гэсэнд би ертөнцөд ирж төрөв. Төрснийхөө хойно та бүгддээ муу биеэ үзүүлэх минь энэ. Ариун тахил тахиж наманчлах минь энэ буй» гэв.
Хамаг сахиус нь: «Нусгай минь алтан дэлхийд төрж байна. Хамарт мань сайхан үнэр үнэртэж байна. Төрж манд бэлгээ үзүүлэх нь энэ байна» гэв.
Тэд бүгддээ залбираад Цас, Ронса хоёрын өмнө их ширээн дээр идээ тавьж өгөв.
Цас чадах чинээгээрээ идэж сууна. Ронса Гэсэрийн сүрд дарагдаж үл идэж сууна. Жур сахиусаа хурааж олон хүн болгоод бүгд идэж орхив. Ронса босоод гэрээ тэмцэв. Цас, Жур хоёул малдаа очив. Ронса эцэг эхдээ хэлэв: «Жур хөвүүн чинь есөн ирэг хага татаж алав. Олон тогоо хурааж ирж бүгдийг чанав. Махаа болгож гаргасан хойноо дэмий дээр тэнгэр гэнэ, доор лусын хаад гэнэ, дэмий бурхад гэнэ, юу юу хэлэв, дэмий олон юм хэлнэ билээ. Би эс мэдэв. Цас бид хоёрт мах чанаж өгөв. Хайран хониныхоо тулд гомдож эс идэв би. Хамаг мал хаашаа очсоныг ч эс мэдэв. Махаа идэхдээ дэмий явдлын буюу олон хүн ирэв. Дэмий «Буу, буу» гэж угтан гүйж морийг нь авцгаана. Тэд бүгдээр хуримынхаа махыг бултыг идэж орхив». Ронса энэ үгийг өвгөнд хэлэв.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Гэсэр - 03
  • Büleklär
  • Гэсэр - 01
    Süzlärneñ gomumi sanı 4202
    Unikal süzlärneñ gomumi sanı 1511
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 02
    Süzlärneñ gomumi sanı 4804
    Unikal süzlärneñ gomumi sanı 1473
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 03
    Süzlärneñ gomumi sanı 4801
    Unikal süzlärneñ gomumi sanı 1560
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 04
    Süzlärneñ gomumi sanı 4958
    Unikal süzlärneñ gomumi sanı 1495
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 05
    Süzlärneñ gomumi sanı 4723
    Unikal süzlärneñ gomumi sanı 1522
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 06
    Süzlärneñ gomumi sanı 4868
    Unikal süzlärneñ gomumi sanı 1542
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 07
    Süzlärneñ gomumi sanı 4851
    Unikal süzlärneñ gomumi sanı 1450
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 08
    Süzlärneñ gomumi sanı 4881
    Unikal süzlärneñ gomumi sanı 1616
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 09
    Süzlärneñ gomumi sanı 4599
    Unikal süzlärneñ gomumi sanı 1514
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 10
    Süzlärneñ gomumi sanı 4812
    Unikal süzlärneñ gomumi sanı 1481
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 11
    Süzlärneñ gomumi sanı 4916
    Unikal süzlärneñ gomumi sanı 1531
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 12
    Süzlärneñ gomumi sanı 4840
    Unikal süzlärneñ gomumi sanı 1562
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 13
    Süzlärneñ gomumi sanı 4580
    Unikal süzlärneñ gomumi sanı 1501
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 14
    Süzlärneñ gomumi sanı 4671
    Unikal süzlärneñ gomumi sanı 1404
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 15
    Süzlärneñ gomumi sanı 4485
    Unikal süzlärneñ gomumi sanı 1484
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 16
    Süzlärneñ gomumi sanı 4627
    Unikal süzlärneñ gomumi sanı 1361
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 17
    Süzlärneñ gomumi sanı 4489
    Unikal süzlärneñ gomumi sanı 1588
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 18
    Süzlärneñ gomumi sanı 1054
    Unikal süzlärneñ gomumi sanı 536
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.