Latin

Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 19

Süzlärneñ gomumi sanı 4711
Unikal süzlärneñ gomumi sanı 1867
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Том нэргүй захидал бичив. Би тэр шөнө эрлийз негр эмэгтэйн тэрлэгийг дэлсэж өмсөөд захидлаа арын хаалганы босгон завсар шургуулж Томын хэлсний ёсоор гүйцэтгэлээ. Тэр захидалд «Болгоомжтой байгаарай. Танд аюул учрав. Сэргэмжил. Үл таних найз чинь» гэж бичсэн байлаа. Том цусаар хоёр чөмөг зурж дээр нь бас хохимой толгой зураад тэр зургийг бид дараачийн шөнө нь арын хаалган дээр наалаа. Түүний дараагийн шөнө гал тогооны газрын үүдэнд авсны зураг хадлаа. Манайхан цөм айж сандрав. Тэд ямар нэг хаалганы хавтасны ар, орон доогуур чөтгөр нуугдаж байгаад агаарт аваад явчих гэж байгаа мэт алхам бүрдээ цочиж байлаа. Хүмүүс тийм их аймтгай байдгийг би урьд нь мэдээгүй байсан юм. Салли нагац хэн нэг хүн хаалга татахад тэр ч байтугай газар нэг юм унахад ч цочиж хашхирдаг болов. Өөрт нь мэдэгдэлгүй дэргэд нь сэм очоод биед гар хүрэхэд бас л сочно. Хаашаа ч харж байсан ар талдаа юм зогсож байгаа мэт санаад ямагт эргэж харан уулга алдах бөгөөд жаахан дутуухан эргэж харсан бол тэр дорхноо дахин сочиж хашхирна. Салли нагац хөнжилдөө ороод хэвтэж чадахгүй байна. Зүгээр суух хүртэл түүнд аймшигтай санагдах болжээ.
Үүнээс үзэхэд захидал дээд зэргээр нөлөөлжээ. Бидний хийсэн ажил тун зүйтэй болж, үүнээс илүү яах вэ гэж Том Сойер бахархав.
Одоо гол цохилтоо өгөх цаг болсон байна! гэж Том ярилаа. Маргааш өглөө нь дөнгөж гэгээ орж байх үеэр бид бас нэг захидал бичив. Хоёр хаалган дээрээ тус бүр нэг негр гаргаж шөнөжин харуул хийлгэе гэж манайхан өчигдөр орой хоол идэж байхдаа ярилцсан тул захидлаа яахаа шийдэж чадсангүй. Том тагнуул хийхээр аянга хамгаалагч дамжин газар буув.
Арын хаалга манасан негр унтаж байхаар нь захидлаа дээлийнх нь зах руу нь шургуулж орхиж гэнэ. Тэр захидалд:
«Намайг битгий барьж өгөөрэй. Би та нарын сайн нөхөр шүү. Энэтхэг газраас ирсэн хэсэг айхтар дээрэмчин танай оргодол негрийг өнөө шөнө хулгайлж авахаар бэлтгэж байна. Та нарыг гэрт чинь суулгаж байгаад тайвуухан хулгай хийхээр тэд сүрдүүлэг хийж байна. Би бол бас тэр дээрэмчдийн бүлгийн хүн. Гэвч би хулгай дээрмийн ажлыг орхиж ариун цагаан хүн болохоор бурханд мөргөсөн билээ. Тийм ч учраас би эдний өвөрлөж байгаа хорон санааг та бүхэнд илчилж байгаа юм. Тэд яг шөнө дундын үед хашаа даган нуугдсаар умар зүгээс чинь ирэх буй. Тэдний гарт танай оргодол негрийн хоригдож байгаа саравчны цоожинд өөрсдөө тааруулсан түлхүүр бий. Хэрэв тэдэнд аюул учирвал би эврээр бүрээдэж дохио өгөх үүрэгтэй болов ч тэр үүргийг гүйцэтгэлгүй, оронд нь хонь болж майлна. Тэднийг саравч дотор ороход нь би эврээр бүрээдэх ч үгүй. Саравч дотор ороод негрийн гинжийг тайлж байх үеэр нь та нар сэм очоод гаднаас нь түгжиж авах хэрэгтэй. Тэгсэн цагт та нар тэднийг тухтайхан алж болно. Миний хэлсэн үгэнд ороорой. Өөр захих зүйлгүй. Хэрэв миний үгэнд орохгүй бол тэд сэжиг авч бөөн шуугиан тарих буй. Та нөхдөөс шагнал горьдсондоо үүнийг бичиж байгаа хэрэг биш гэдгийг ойлгоорой. Ариун цагаан үйлс бүтээж л явбал надад болох нь тэр. Үл таних найз чинь» гэж бичсэн байсан юм.


Дөчдүгээр бүлэг : ҮЙМЭЭН ДУНД ЗУГТАВ

Бид хоёр өглөө цайгаа уусны дараа дээд зэргээр хөгжилдөн явж миний завийг аваад загас агнахаар үдийнхээ хоолыг төхөөрөн гол руу явлаа. Цаг тун ч зугаатай өнгөрөв. Салан дээрээ очиж бүрэн бүтэн хэвээрээ байхыг нь үзээд оройн хоол болохын өмнөхөн гэртээ харив. Манайхан цөм айж түгшээд учир зүгээ олохгүй сандарч мэгдсэн харагдлаа. Бид хоёрыг хоолоо идээд явж унтаарай гэсэн мөртөө ямар ч тайлбар хэлсэнгүй. Сүүлчийн захидлын тухай үг ч дуугарах биш. Бид учрыг тэднээс илүү мэдэж байсан болохоор дуулах гэхийн хэрэг ч үгүй байлаа.
Салли нагац биднийг шатан дээр хүргэж өгөөд буцахтай зэрэг араар нь сэм жирсхийн зооринд нь орж тэнд байгаа шүүгээнээс цадталаа идэх хоол хүнс базааж аваад өрөөндөө ирж хэвтлээ. Арван нэгэн цаг хагасын үед хоёулаа дахин босож Том Садли нагацаас нууж авсан тэрлэгээ өмсөөд саяын миний авчирсан хоол хүнсийг аваачихаар үзсэнээ гэнэт:
— Цөцгийн тос авчирсан уу? гэж асуув.
— Эрдэнэ шишийн бин дээр жаахан тос байгаа биз дээ гэлээ.
— Бодвол тэнд орхичихоо биз. Энд л алга байна даг.
— За тостой тосгүй болох л байлгүй гэж намайг хэлэхэд Том:
— Тостой байвал бүр сайхан. Чи зооринд ороод цөцгийн тос олоод ир. Аянга хамгаалагчаар буугаад шалавхан хүрээд ирээрэй. Би явж Жимийн тэрлэгт сүрэл чихье. Хувцсыг нь өмсөөд хоцорсон эх нь болог. Чамайг хүрээд ирэхтэй зэрэг би хонь болж майламз. Тэгээд гурвуулаа оргоё гэлээ.
Том явж, би зоорь руу оров. Зангидсан гарын чинээ цөцгийн тос миний тавьсан газар хэвээрээ хэвтэж байлаа. Түүнийг хэдэн бинтэй авч лаагаа унтраагаад шатаар сэмээрхэн өгсөөд сайхан гарч явтал Салли нагац гартаа лаа барьсаар айсуй байгаа харагдав. Би авч явсан тосоо шалавхан бүрх малгайн дотроо хийгээд толгойдоо даран өмслөө. Нагац намайг хараад,
— Чи зооринд ороо юу? гэж асуухад нь,
— Тиймээ, эгч ээ гэлээ.
— Юу хийв чи тэнд?
— Юу ч хийгээгүй.
— Юу ч хийгээгүй?
— Тиймээ, юу ч хийгээгүй.
— Тэгээд ямар хэрэгтэй гэж харанхуй шөнөөр энд тэнэж явдаг бил ээ? гэхэд нь:
— Мэдэхгүй гэлээ
— Мэдэхгүй? Том оо, чи надад үнэнээ хэлж л байгаарай. Чамайг юу хийсний чинь би гайгүй, одоохон мэднэ гэхэд нь:
— Юу ч хийгээгүй шүү эгч ээ, би ёстой юу ч хийгээгүй гэлээ.
Ийнхүү хэлээд, одоо намайг зүгээр л орхичих бол уу гэж бодов. Жирийн цагт бол зүгээр өнгөрөх л байсан юм. Гэтэл манайд ер бусын явдал олон удаа тохиолдож нагацын айх эмээх нь ихдэж тун яльгүй зүйлээс хүртэл сэжиг авах болсон тул:
— Одоохон зочдын өрөөнд ороод намайг иртэл хүлээгээд сууж бай. Чи нэг л гэм хийсэн бололтой. Ирээд би учрыг нь олж хужрыг нь тунгаагаад өгье гэж надад тун ширүүн хэлээд цааш явлаа.
Зочдын өрөөний хаалгыг нээн ортол дүүрэн улс! Тэнд тус бүрийдээ буу барьсан арван таван фермер байлаа.
Эвгүй ч санагдах шиг болж түшлэгтэй сандал дээр ягхийн суув. Фермерүүд ч мөн өрөөгөөр таран сууцгаалаа. Зарим нь хоорондоо сэм ярилцана. Тэд цөм өргөсөн дээр суусан мэт бэмбэгэнэнэ. Тэгсэн мөртөө нэрэлхүүг нь яана. Би гаднаас хараад даруй мэдэв. Малгайгаа нэг авч нэг өмсөж, заримдаа шилээ маажин суусан газраа тогтон сууж чадахгүй, товч шилбээрээ оролдохыг нь харахад айсан нь илт байлаа... Би мөн л айж суув. Гэхдээ малгайгаа огт авсангүй. Салли нагацыг шалавхан ирж миний учрыг олоод зодвол зодоосой гэж бодож суулаа. Тэгсэн цагт санаа шулуудан Том дээр гүйж очоод яаравчлахгүй бол горьгүй болсныг мэдэгдэж болох байв. Одоо хэрэггүй юмаар цаг нөхцөөж суух биш, эднийг очихоос өрсөж Жимтэйгээ хамтран нэн даруй оргох хэрэгтэй байв.
Нагац эгч ашгүй орж ирээд намайг байцааж эхлэв. Гэтэл би тэвдэж самгардсаны улмаас асуултад нь нэг ч оновчтой хариу өгч чадсангүй. Фермийн эзэд үймэлдэх нь улам их болж зарим нь одоохон дээрэмчид дээр очъё гэнэ. Зарим нь шөнө тэг дунд болтол хэдхэн минут үлдээд байна гэж ярихад нэг хэсэг нь нөгөө дээрэмчин хонь болж майлаагүй байна. Жаахан хүлгэлзье ч гэх мэтээр ярилцаж байв. Хажууд тийм үг ярилцаж байхад Салли нагац элдвээр шалгаан байцаах тул арга буюу хамаг бие чичирч хоёр хөл дээрээ бараг зогсож чадахгүй болов. Тасалгаа улам бүгчимдэн халуу оргиход малгай дотор хийсэн цөцгийн тос хайлж хүзүү шил даган урсаж эхэллээ. «Одоохон явж овоохойд отож байгаад хүрээд ирэхтэй зэрэг нүүр нүдгүй урж самардъя» гэж нэг фермийг хэлэхэд би бараг унах шахан тонгосхийв. Ингэснээс болж толгой дээрх тос дух руу урслаа. Салли нагац түүнийг ажиглангуут царай нь цагаан даавуу шиг хувхай цайгаад:
— Ээ бурхан өршөө! Энэ хүүхэд чинь юу болов оо! Нөгөөх тархи нь хайлна гэдэг болчхож. Харж байна уу, та минь. Тэр урсаж байгааг! гэж хашхирав.
Тэнд суугаа хүмүүс цөм над дээр шаваарч нагац миний малгайг сөхөн авахад тос талх хоёр өнхрөн унав. Салли нагац түүнийг харангуут намайг шүүрэн авч тэврээд,
— Намайг юунд ингэж айлгасан хүүхэд вэ! Бурхны авралаар ашгүй зүгээр байж. Сүүлийн үед манайд муу ёр шүглээд, нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэгч болоод байгаа юм. Толгой дээрээс чинь тос урсахыг хараад тархи нь гоожиж байна! гэж л саналаа. Өнгө зүс нь харваас тархи даа... Иш хүү минь, үнэн ээ түрүүний хэлэх нь яав аа! хэлсэн бол би юунд ингэж айх билээ! За одоо явж унт. Маргааш өглөө болтол битгий үзэгдээрэй гэлээ.
Би нэг секундийн дотор шатаар нисэн өгсөж өрөөндөө ороод дахиад нэг секунд болоход аянга хамгаалагч дамжин газар буусан байлаа. Тэндээсээ харанхуйд бүдэрч унан гүйсээр саравч хүрэв. Сандарч тэвдсэний эрхэнд хэлэх үгээ ч олсонгүй. Томд,
— Нэг ч минут алдалгүй бушуухан зайлъя. Гэрээр дүүрэн буутай хүн! гэж нэгмөсөн хэлэв.
Томын нүд том болж:
— За юу болов! Нээрээ гэж үү! Ямар сайхан хэрэг вэ. Гек ээ. Хэрэв энэ хэргийг одоо бүр эхнээс нь дахин давтвал би дор хаяад хоёр зуун хүн цуглуулж болохоор байна. Хэрэв жаахан ч гэсэн хойшлуулж болдог болоосой! гэхэд нь:
— Бушуулж үз гэм! Жим хаана байна? гэлээ.
— Энүүхэнд л байна. Гараа сунгаад үзэхэд чинь дайралдана. Жим хувцсаа сольсон, бүх юм бэлэн. Одоо эндээс зайлахад хонь болж майлъя гэж Том ярьтал фермерүүдийн хөлийн чимээ гарч үүдэнд хүрч ирээд цоож цуурга дуугаргаснаа, нэг нь,
— Арай эрт байна гэж би та нарт хэлсэн биш үү? Ирэх болоогүй байгааг одоо өөрсдөө хараа биз. Хэрэв ирсэн бол үүд хаалга нь хаанаас ингэж цоожтой байх вэ. За одоо ингэе. Би та нарыг энд оруулаад түгжинэ. Харанхуйд дээрэмчдийг сайхан отож байгаад хүрээд ирэхтэй зэрэг бүгдийг нь буудаж алаарай. Бусад нь түүгээр тараад бүсэл, байзнаач, нөгөөдүүл чинь хүрээд ирэв үү дээ? гэв.
italki
Овоохойд хэд хэдэн хүн орж ирсэн боловч харанхуйн ачаар бид үзэгдсэнгүй. Бид орон доогуур шургаж орохдоо гишгүүлэх шахав. Тэгээд газар доогуур ухсан нүхээрээ чимээ гаргалгүй шурган гарцгаалаа. Үүнд Томын тогтоосон дэс дараа ёсоор эхлээд Жим, дараа нь би, миний хойноос Том гарсан юм. Ийнхүү пинд шилжин ороод чагнавал хашаа дотор хүний хөлийн чимээ гарч тэр нь улаан дэргэд сонсогдож байлаа. Пингийн хаалга руу сэмээрхэн мөлхөцгөөхөд Том биднийг явахыг хориглож хаалганы завсраар ажиглаж харав. Тас харанхуй байсан тул хараад хараад юу ч үзэгдсэнгүй аж. Дараа нь Том, онгорхойгоор чихээ гарган чагнаж байгаад хүний хөл татармагц та хоёрыг тохойгоор нударъя. Тэгэхтэй зэрэг Жим эхлээд гараарай. Би хамгийн сүүлд гарна гэж шивнэн хэллээ. Том онгорхойгоор чих тавин чагнаж эхлэв. Чагнаад л байв. Эргэн тойрон хүний хөлийн чимээ ер тасрах биш. Удаан хүлээсний эцэст Том сая тохойгоороо нударлаа. Би саравчны хаалгаар гарч толгойгоо тонгойлгон, амьсгаа авалгүй улаан арьстан индианууд шиг хойно хойноосоо цувралдан явсаар анир чимээ гаргасангүй хашааны дэргэд амар мэнд хүрэлцэн ирэв. Жим бид хоёрыг хашаа дээгүүр давсны дараа Том дэвж байгаад өмднийхөө шулхнагийг шургаагийн дээд ангархайд хавчуулж орхижээ. Хүн хүрээд ирэх чимээ дуулдмагц Том хүчтэй зүтгэсэн тул шургааг ангархайгаараа цууран тасхийв. Тэгэхтэй зэрэг Том буун харайж бид хоёрын хойноос гүйж ирэв. Нэг хүн:
— Хэн бэ тэр? Нэрээ хэл. Хэлэхгүй бол буудлаа шүү! гэв.
Бид гурав хариу дуугарсангүй, хар эрчээрээ зугтав. Тэд ч бидний хойноос хөөв. Тас! тас! дуугарч толгой дээгүүр сум шунгинаж:
— Нөгөөдүүл чинь тэр гүйж явна! Гол руу зугтаж явахыг нь хараач! Хойноос нь нохой тавиарай! гэж хүмүүс зэрэг зэрэг хашхирах нь тэр.
Чагнавал хойноос хөөж яваа хүмүүсийн хөлийн чимээ энд тэндгүй дуулдав. Тэд цөм савхин гуталтай, бид хөл нүцгэн, тэд орилж гууглаж, бид чимээгүй гүйж байсан тул дуу нь тод сонсогдоно.
Бид мод хөрөөддөг газар руу гүйн орж тэднийг гүйцээд ирмэгц араар нь суун бутанд орж нуугдаад хажуугаараа өнгөрөөв. Тэгээд хойноос нь даган гүйцгээлээ. Уг нь тэд хоригдлуудыг дүрвээхгүй гэж нохойгоо цөмийг нь хорьж байгаад нэг нь сая тавьжээ. Ноход бас бидний хойноос хөөсөн бөгөөд дууг нь чагнахад мянга түмэн нохой хуцаж байгаа юм шиг санагдав. Өөрийн нохой юм чинь яах вэ дээ. Бид нохдыг хүлээж зогсов. Нохдод бид ямар ч сонирхолгүй санагдсан тул сүүлээ жаахан шарвагануулж байгаад хөл шуугиан болж байгаа газар тийш давхилдлаа. Бид дахин буцаж нохдын хойноос гүйснээ мод хөрөөддөг газар бараг хүрээд замаасаа гарч бутан дундуур туулан явж завин дээрээ очив. Завиндаа харайн сууцгааж голын дунд орохоор байдаг чадлаараа сэллээ. Гэхдээ бас чимээ гаргахгүйг хичээв. Дараа нь салаа нуусан арлынхаа зүг яаралгүй сэлж явахад ноход дуу дуугаа авалцан хуцаж голын эрэг өгсөж уруудан давхисаар байлаа. Бид нэгэнт холдсон тул чимээ намжин намжсаар сүүлдээ юу ч дуулдахгүй болов. Салан дээрээ цөм гарсны дараа намайг,
— Жим ээ, одоо та дахин эрх чөлөөтэй хүн боллоо. Дахиад та хэзээ ч боол болохгүй! гэж хэлэхэд Жим
— Хамаг хэрэг бүтэж гялайлаа хүү минь! Аргыг нь тун сайн олж эв зүйг нь мөн ч сайн таарууллаа. Ер нь ийм мэргэн цэцэн ухаан өөр хэнээс ч гарахгүй! гэв.
Бид цөм магнай хагартал баярлав. Бидний дотроос ялангуяа Том бүр ч их баярлав. Яагаад гэвэл түүний хөлд сум зоогдсон байсан юм.
Томын хөлд сум зоогдсоныг дуулмагц Жим бид хоёр сандарч эхлэв. Том тун хүнд шархтжээ. Хөлөөс нь цус годгодож байлаа. Бид хоёр Томыг майхандаа оруулж хэвтүүлээд Жононгийн цамцыг урж хөлийг нь боох гэтэл,
— Аль тэр даавуугаа надад өг. Би өөрөө боож чадна. Та нар дэмий юманд орооцолдож цагаа бүү үр. Одоо салынхаа аргамжааг тайлж сэлүүрээ авцгаа. Бид гайхамшигтай сайхан орголоо. Арван зургаадугаар Людовик бидний гарт орсон болоосой. Хэрэв тэгсэн бол түүний намтарт «Людовик хутагтын угсаа залгамжлагч бурхан тэнгэрт очихоор явлаа» гэж бичихгүй л байсан юм даа. Бид түүнийг хил давуулж өгөх байсан юм! За одоо сэлүүрээ аваад сэл, сэл! гэж ярив.
— Жим бид хоёр ярилцаж нэлээд бодож байгаад намайг,
— Жим ээ та юу, гэж бодож байгаагаа ярь даа гэхэд Жим,
— Миний бодож байгаагаар бол ийм байна. Хэрэв бид хоёр Томыг чөлөөлж яваад нэг нь буудуулчихвал Том хар амиа хичээж «Юу яасан доктор дуудах. Намайг л юуны урьд авар! гэж хэлэхгүй нь лав, тийм биз дээ? Том хэзээ ч тэгж хэлэхгүй! Тэгвэл Жим тэгж хэлэх үү? Үгүй, тэгтэл хол хэрэг. Докторыг хүрч ирэхээс нааш би байраасаа хөдлөхгүй. Дөчин жил болсон ч хүлээгээд л сууна гэж ярилаа.
Ер нь Жим сайхан санаатай хүн шүү. Түүнийг тэгж хэлнэ гэдгийг би сайн мэдэж байсан юм. Жим бид хоёрын санал нэгэнт нийлсэн тул би доктор дуудъя гэж Томд хэллээ. Намайг ингэж хэлсэнд Том сүрхий их зөрж бөөн үг яриа болов. Гэвч бид хоёр түүнд огтхон буулт хийсэнгүй. Том өөрөө салын аргамжаа тайлахаар мөлхөх гэв. Бид түүнийг явуулсангүй. Том уурлаж эхлэв. Гэвч бид түүний аргад орсонгүй.
Намайг завины аргамжаа тайлж байхыг Том хараад,
— За яах вэ, чи докторт яв л даа. Харин хотод очсон хойноо яавал зохихыг би чамд хэлж өгье. Докторынд орохдоо хаалгыг нь сайн хаагаарай. Тэгээд докторын гар хөлийг хүлж нүдийг нь боох хэрэгтэй. Дараа нь дотроо дүүрэн мөнгөтэй хэтэвч гарт нь бариулаад, үг дуу гаргахгүй гэсэн ам тангаргийг нь аваарай. Түүнийг шууд авчирч болохгүй, харанхуйд арын хашаагаар тэнүүлж толгойг нь сайтар эргүүлээд завиндаа суулгадаг юм шүү. Завиндаа суулгасан хойноо бас шулуун ирж болохгүй. Олон арал дундуур сүлжин явж сайн төөрүүлэх хэрэгтэй. Түүнийг нэгжихээ мартуузай. Жаахан шохой авч яв түүнийгээ хот руу буцахад нь өгдөг юм шүү. Манай сал байгаа газрыг хожим эрж олохоор хэрээс зурж тэмдэглэг. За ингэдэг л ёстой юм гэж ярилаа.
Томын хэлсэн бүхнийг биелүүлэхээр амлаад завиндаа суув. Ийнхүү явахдаа, докторыг хүрч иртэл эндээ сууж бай. Түүнийг хүрээд ирмэгц мод руу орж нуугдаарай гэж би Жимд захин хэлэв.


Дөчин нэгдүгээр бүлэг : ЛАВ ХИЙ ЮМ МӨӨН

Докторынд ороод өөрийг нь сэрээвэл эелдэг сайхан зантай өвгөн хүн байлаа. Түүнд би: Өчигдөр ах бид хоёр Испани арал дээр ан хийж яваад нэг завь олж дээр нь унтсан юм. Гэтэл шөнө дундын алдтайд ах маань нойртоо буу осолдуулсан бололтой. Тэгээд хөлдөө сум зоож орхиж. Та түүний шархтсан хөлийг боож өгч бидэнд тус болооч. Харин энэ тухай хүнд битгий яриарай. Бид хоёр өнөө шөнө гэртээ харих санаатай байгаа. Энэ тухай манай төрөл садныхан огт мэдээгүй байгаа юм шүү гэхэд
— Энд танай садны ямар айл суудаг юм бэ? гэж асуулаа. Тэгж асуухад нь би,
— Фелпсийнх, тэдний хотын захад байдаг юм гэлээ.
— Ямар хачин хэрэг вэ! гэснээ өвгөн жаахан дуугүй болж дараа нь за байз, чи яагаад шархтуулчихсан гэнэ ээ? гэж лавлав.
— Зүүдлээд л буу алдчихаж гэвэл доктор
— Сонин зүүд байна даа тэр чинь гэв.
Доктор гар чийдэн гэрэлтүүлж эм хэрэгслээ цүнхэндээ хийгээд намайг даган гарлаа. Миний завийг доктор үзээд:
— Наадах завь чинь ганц хүн бол яах вэ гэхсэн, хоёр хүн яасан ч даахгүй завь байна гэж чамлалаа.
Тэгэхэд нь би:
— Та айх хэрэггүй, наадах чинь та бид хоёрыг байтугай бид гурвыг давгүй даадаг юм гэлээ.
— Бид гурав гэдэг чинь хэн хэн байх бил ээ?
— Нэг нь би, нөгөө нь Сид, бас нэг... буу бий.
— Аа тийм буй гэж доктор хэлэв.
Доктор бидний завийг туршиж ирмэг дээр нь хөлөө тавьж үзсэнээ толгойгоо сэгсэрч, жаахан тогтвортой юм олсон нь дээр байхаа гэлээ. Гэтэл бусад завь цөм гинж цоожтой байлаа. Доктор миний завинд суугаад, эргэж иртэл эндээ суугаад хүлээж бай, эсвэл гэртээ харьж энэ тухай дуулгаж байсан ч яах вэ гэж надад хэлэв. Тэгэхэд нь би гэртээ харихгүй гэж хэлээд сал байгаа газраа зааж өглөө.
Тэр даруйхан миний толгойд нэг бодол өрж ирэв. Энэ доктор Том дээр очоод л дор нь эдгэрүүлж чадахгүй шүү дээ. Хэрэв Том гурав дөрөв хоноод эдгэрэхгүй бол яах бил ээ? Тэр болтол хамаг хэрэг задарч гүйцнэ шүү дээ. Зүгээр л эдгэрэхийг нь хүлээгээд сууж яасан ч болохгүй. Хэрэв доктор эргэж ирээд дахин тийшээ явах ажил болбол хамт л явдаг хэрэг. Хөвж сэлээд ч гэсэн хамт явах хэрэгтэй. Очмогцоо докторыг барьж авч хүлээд салан дээрээ тавиад гол уруудъя тэгээд Томыг эдгэрч гүйцсэний дараа зохих хөлсийг өгөөд суллаж тавья гэж бодлоо.
Нойр хүрсэн тул дуг хийхээр модон дээр авирч гарав. Нэг сэрэхээ нь нар орой дээр хөөрч жин үд болсон байлаа. Ухасхийн босож докторынд гүйж хүрээд сураглавал өвчтөн үзэхээр урьд шөнө яваад одоо хүртэл ирээгүй байна гэж гэрийнхэн нь ярилаа. Бодвол Томын бие тун базаахгүй байгаа бололтой. Арал дээр шалавхан хүрэх хэрэгтэй болов. Докторынхоос гараад булан тойрон гүйх гэтэл Сайлас авгын гэдсийг толгойгоороо мөргөх шахав!
— Хүүе Том, чи хаана байж байгаад гараад ирэв ээ? гэж авга надаас асуулаа.
— Хаана ч байгаагүй, Сидтэй оргодол негрийг л баривчлав гэлээ.
— Чи чинь сураг чимээгүй хаашаа алга болчихдог хүүхэд вэ? Цаад нагацын чинь санаа зовж гүйцлээ.
— Санаа зовохын хэрэг юү байсан юм. Бид хоёр яагаа ч үгүй л байна. Уг нь бид хүмүүсийн хойноос, нохдын хойноос даган гүйж явсан боловч гүйцэж амжилгүй барааг нь алдав. Тэднийг голын тэртээ талд гарсан байх гэж бодоод голоор гартал тэнд хэнтэй ч дайралдсангүй, шувт эрэг даган гол өгсөж явтал ядарч нойр хүрсэн тул завиа аргамжаад унтаж орхисон юм. Бид хоёр сэрээд цаг л болж байна. Сид захидал ирсэн байж юу магад хэмээн шуудан орохоор явсан. Би эндээс жаал жуул идэх юм олж аваад мөдхөн харина гэлээ.
Сайлас авга бид хоёр «Сидийг тосож уулзахаар» шуудан дээр очсон боловч Сид ирсэнгүй. Ирэхгүй гэдгийг ч би сайн мэдэж байлаа. Нэг захидал ирснийг авга ах авлаа. Сидийг дахин жаахан хүлээгээд ирээгүй тул Сайлас авга: «Хоёулаа харьж байя. Сид гадуур тэнэж яваад явган юм уу, эсвэл завиараа хүрээд ирэх байх. Хоёулаа мориор явъя!» гэлээ. Би тэндээ хоцорч «Сидийг» хүлээмээр байсан боловч авга ах миний дураар намайг тэнд орхисонгүй, шалавхан гэртээ харьж Салли нагацынхаа сэтгэлийг амрааж үз гэж хэлэв.
Гэртээ харихад Салли нагац магнайгаа хагартал баярлан инээх уйлахыг хослуулж намайг тэврэн аваад үнгэж ноолон өвдөхөөргүй зодов. Сидийг хүрээд ирэхэд нь мөн тэгж зодно гэлээ.
Манайх гаднын хүнээр дүүрч, фермерүүд эхнэр хүүхэдтэйгээ цугларан хоол унд болж байв. Би тийм их сүртэй яриа шуугианыг үзээгүй. Тэр дундаас Гочкис эмгэний эрүү хамхилгүй хашхичихыг яана. Гочкис гуай,
— Фелпс эгч ээ, би танай саравчийг очиж үзлээ. Танай тэр негр чинь солио өвчтэй негр юм. Солиотойг нь мэдээд би Демрел эгчид ярьсан. Демрел эгч ээ, би юу гэж хэлсэн бил ээ? Ёстой солио өвчтэй негр байна гэж хэлсэн, тиймээ? Аль ч талаар нь үзсэн солиотой байхаас гарцаагүй. Хамгийн наад зах нь тэр тээрмийн чулуугаар аваад үз л дээ. Ямар эрүүл байтлаа чулуун дээр тэгж элдвийн юм сараачиж суух вэ дээ? Юу гэж бичсэн гэж санана? Энд нэг хүний зүрх дэлбэрч үхсэн л гэнэ. Энд нэг хүн гучин жил тамлагдаж байсан ч гэх шиг. Бас Людовикийн хууль ёсны бус хүү... За байз, нэрийг нь хэн гэсэн билээ дээ... Үгүй ер нь зүсэн зүйлийн хачин юм эрээчсэн байна билээ. Тэр негрийг солиотой негр гэж би түрүүн ч хэлсэн, одоо ч хэлж байна. Хойшид ч бас л тэгж хэлнэ. Ёстой л навуходносор «эртний Вавилоны хаан бөгөөд түүнийг судар домогт ухаан солиотой гэж ярьдаг ажээ» гэсэн үг. Ямар сайндаа... гэхэд нь Демрел эмгэн дэмжиж,
— Гочкис эгчээ, тэр чинь бас даавуу томж шат хийсэн байна билээ шүү. Түүгээр ямар хатсанаа хийх нь вэ!
— Чухмаа, би бас түүний чинь Отербек эгчид сая ярьсан л даа. Худал гэвэл та өөрөөс нь асуугаарай. Намайг тэгж хэлэхээр Отербек эгч гайхаж «Шат томж хийх гэнэ ээ?» гэж асуусан. Тэгэхлээр нь би «харин тийм гэм. Ямар хэрэгтэй гэж тэр вэ?» гэж хэллээ. Намайг тэгж нотолж хэлэхэд Отербек эгч...
— Үгүй, ингэхэд тэр тээрмийн чулуу яагаад тэнд хүрээд ирсэн байх нь вэ? Тэр нүхийг хэн ухсан байж таарах бил ээ? Бас тэр...
— Би бас Пенрад ахаас тэгж асуулаа л даа! Аль тэр дийзтэй балаа нааш нь дөхүүлээд өгөөч... «Тээрмийн чулуу энэ хүртэл аваад ирдэг яасан айхавтар хүн гэгч вэ? Хэн ч элбэж хамжилцаж өгөөгүй нь лав шүү дээ!» гэж би Денлеп эгчид яриад тэр том чулууг авчирч яаж дийлээ вэ? Хүний туслалцаа авсан гэхэд нэг хоёр хүн ч биш, дор хаяад хорин хүний туслалцаа авсан байх гэж би хэлж байгаа юм. Хэн түүнд тусалсныг нь мэдэх гэж негрүүдээсээ цөмөөс нь шалгааж үзлээ.
— Хорин хүн байтугай, дөчин хүн дийлэх ажил биш. Та бод л доо. Балиус хутга янзалж хөрөө хийсэн байх шиг. Ер нь долоон жорын юм хийсэн байна билээ. Тэр бүгдийг хийхэд хэчнээн түвэг ороо бол! Тийм хөрөөгөөр орны хөл тайрсныг яана. Арван хүн бүхэл бүтэн долоо хоног ноцолдоод дийлэх ажил биш шүү дээ. Та нар орон дээр негр хийж тавьсныг үзээ биз? Сүрлээр хийснийг яана. Бас тэр...
Яриад яах вэ, Хайтауэр ах минь! Үүний чинь би дөнгөж сая Фелпс ахад ярилаа л даа. «Хараач та минь» гэж тэр хэлэв. «Юугаар ийм юм хийчихээ вэ?» гэж би гайхлаа. Тэгж байтал «Үгүй энэ орны хөлийг хараач. Юугаар ингэж тас хөрөөдөө вэ?» гэж асуулаа. «Гайхмаар юм. Өөрөө тас үсрээд уначхаагүй нь мэдээж шүү дээ. Түүнийг хүн л тас хөрөөдсөн байж таарна. Хүн хүн янз бүрээр л бодох байх. Би л хувьдаа гарцаагүй ямар нэг хүн л хөрөөдөж» гэж хэлсэн юм. Би бас Ленлепэд «ингэж хэллээ л дээ.. »
Ер нь байшин дүүрэн негр байсан байх. Энэ бүхнийг хийх гэж тэд лав бүтэн сар нойр хоолгүй ноцолдсон байж таарна. Хамгийн наад зах нь энэ цамцыг аваад үз л дээ. Дүүрэн африк бичиг. Ямар утга учиртайг бүү мэд. Үсэг бүхнийг цусаар бичсэнийг яана! Ингээд бодоход бүхэл бүтэн, дээрэмчин бүлэг өдий төдий хугацаагаар үйлдсэн ажил байх! Тэр олон үсгийн учрыг олж унш гээд хоёр доллар өгсөн ч би барахгүй. Хэрэв би байсан бол тэгж бичсэн негрийг ганц сайн ташуурдах байсан.
Маплз ах минь та түүнд өөр хүн туслалцсан байх гэж бодож байна уу? Тэр чинь туслалцахаар барахгүй юм болсон! Хэрэв та сүүлийн үед манайд сууж байсан бол нүдээрээ үзэх байсан юм. Биднийг юу юунаас хагацуулсан гэж санана. Заримдаа улаан цайм гараас булаагаад авчих шиг болоод байсан шүү. Тэр томж шат хийсэн цагаан даавууг бид хэчнээн удаа алдсан гэж санана. Цаашилбал гурил, лаа, лааны тавиур, халбага, хуучин харуул, өдий төдий юм алга болсон юм! Бас миний шинэхэн эрээн даавуу тэрлэг байхгүй! Сайлас, Том, Сид бид хэдүүлээ өдөр шөнөгүй манасаар байсан мөртөө барьж чадаагүй. Тэгээд эцэс сүүлд нь Энэтхэг газраас бүхэл бүтэн бүлэг дээрэмчин хүрч ирээд харсаар байтал негрийг минь сэм аваад явчихлаа. Бид хэдүүлхнээ харж байгаад негрээ алдсан бол бас яах вэ гэхсэн. Арван зургаан хүн хорин хоёр нохой хөөгөөд барьж чадсангүй шүү! Эгэл хүн бус, нэг учир бий байх. Ер нь бодоод байхад чөтгөр байхаас гарцаагүй. Та нар бод л доо. Манай ноход бол хэний ч нохдоос гаргуундаа сайн нохой шүү дээ. Тэгсэн мөртөө ганц ч мөр олж чадсангүй! Ийм л хэрэг болсон юм. Та нар юу гэж бодож байна!
— Тийм нь ч тийм. Энэ чинь байна шүү дээ...
— Ээ тэнгэр минь, хэн тэгж мэдэх билээ...
— Бурхан минь би бол ч...
— Айлын гэр ухдаг, бас тэгээд...
— Ээ, бурхан минь би л бол ийм байшинд айгаад сууж чадахгүй!
— Айхаар барах уу! Би айхын эрхээр нойр ч хүрэхээ болив. Рижуэй эгч минь, би хэвтэж сууж ч чадахгүй боллоо шүү! Өнгөрсөн шөнө дундын үед намайг яаж айсан гэж санана! Хүүхдийг минь хулгай хийгээд явчхаагүй нь овоо! Сүүл сүүлдээ бүр тэгж айх боллоо. Одоо өдөр байгаа болохоор харин гайгүй байна. Шөнө хөөрхий Том, Сид хоёр минь өрөөндөө хоёулхнаа яасхийгээд унтаж байгаа бол гэж бодохоос яс хавтайх шиг болж аргаа барахдаа очиж үүдийг нь түгжлээ шүү! Хэн ч гэсэн түгжихээс өөр яах вэ. Айх тусам цаг түмэндээ барагдаж өгөхгүй, улам айж сандраад яах ч учраа олохгүй бүр ч тэнэгэрч гүйцэх юм! Хэрэв би хүүхэд байгаад цоож цуургагүй ийм өрөөнд ганцаархнаа хэвтэж байгаа бол ямар байх билээ гэж бодохоос...
Салли нагац дуугүй болж баахан бодолхийлэн байснаа над руу алгуур харав. Тэгэхэд нь би өнөө өглөө өрөөндөө байгаагүйнхээ учрыг хэлээд өгмөөр ч санагдаад, юутай ч гэсэн энэ тухай зайдуу газар чөлөөтэйхөн бодож үзэхээр гарч одов. Гэтэл миний хойноос хүн явуулах байх гэж бодоод төдий л холдож чадсангүй. Ирсэн хүмүүсийг явсан хойно би нагац дээр ороод: «Сид» бид хоёр буу дуугарч шуугиан гарах чимээгээр сэрсэн юм. Юу болж байгааг харахаар гарах гэтэл хаалга түгжээстэй байсан тул аянга хамгаалагчаар дамжин буув. Бид хоёр жаахан бэртсэн: Үүнээс хойш тэгэхгүй гээд цааш нь Сайлас авгад ярьснаа бүгдийг нь ярив. Нагац маань бид хоёрыг уучилж тэр чинь хүүхдийн саваагүйнх. Бурхны авралаар онцын юм болоогүйгээс хойш яалаа гэж аашилж загнах вэ. Бурхны авралаар та хоёр минь алга болчхоогүй энх тунх байсан хойно болох нь тэр гээд миний толгойг илэв. Дараа нь мөн бодолхийлэн уйтгартай мэт болсноо гэнэт айсан янзтай:
— Гадаа бүр харанхуй болчхож. Сид одоо хүртэл байдаггүй шүү! Хаашаа алга болчих нь энэ бил ээ? гэв.
Сая нэг аятай завшаан тохиолдлоо хэмээн баярлаж ухасхийн босоод:
— Би хот руу яваад олоод ирье гэвэл
— Байж үзье хүү минь, чи зүгээр эндээ л байж бай. Нэгийг нь алдчихаад хаширч байхад хэмээн явуулсангүй.
Оройн хоолоо идэх боллоо. Мэдээж хэрэг Том Сойер бас л ирээгүй хэвээр байв. Түүнийг эрж олохоор Сайлас авга хот руу явлаа.
Арван цаг болж байх үеэр Сайлас авга нэлээд зовуурилангуй гэртээ эргэж ирлээ. Авгад Томын мөр ч дайралдаагүй ажээ. Салли нагацын санаа бүр ч их зовжээ. Түүнийг авга мэдээд: «Хүүхдийг тэгсэн байх гэж ямар ч итгэл байдаггүй юм. Маргааш өглөө амьд мэнд л зогсож байх бий» хэмээн ятгаж яагаа ч үгүй байхад санаа зовохын хэрэггүй гэлээ. Авгын ийнхүү хэлсний дараа нагацын сэтгэл тайвширсан боловч юу ч гэсэн унтахыг түр азнаж гэрлээ унтраахыг больё ядахдаа гэрээ олоод ирэхэд нь амар байгаа гэв.
Намайг унтахаар өрөө рүүгээ явахад нагац лаа барин хүргэж өгөөд төрсөн эхтэй минь адил энхрийлэн хучиж унтуулав. Тэгэхэд нь өрөвдөх шиг болж өөдөөс нь эгцлэн харахад хэцүү санагдаж билээ. Нагац миний орон дээр суугаад надтай удаан ярилцсан юм. Тэр завсар «Сидийг» сайн хүүхэд хэмээн магтаж төөрсөн бол уу, шархтсан бол уу, усанд живсэн юм уу, эсвэл нэг газар үхсэн хэвтэж байгаа бол уу хэмээн надаар мэргэлүүлнэ. Томд нагац хэрхэн тус хүргэх билээ... Нагацыг уйлахад нь би Томыг яагаа ч үгүй маргааш өглөө хүрээд ирэх байх гэж дахин давтан аргадав. Миний үгэнд нагацын сэтгэл тайвширч намайг үнсэн гар илж саяын хэлснийг олон дахин давтуулав. Нагац гарахдаа намайг ширтэн хараад эелдгээр:
— Том минь одоо би хаалгыг чинь түгжихээ байя. Цонх, аянга хамгаалагч байгаа хойно түгжээд ч яах вэ. Харин чи ийш тийшээ битгий алга болчхоорой. Эгчийнхээ сэтгэлийг бод л доо гэв.
Явж Том юу болж байгааг мэдмээр санагдаж байсан боловч нагацын үгэнд арга буюу орох хэрэгтэй болов.
Салли нагац надад удаан бодогдлоо. Том ч бас их бодогдов. Ийнхүү би тухтай унтаж чадсангүй. Би тэр шөнө аянга хамгаалагчаар хоёр дахин бууж байшингаа тойрч үзлээ. Нагац цонхон тушаагаа лааны гэрэлд суусаар л байлаа. Түүнийг өрөвдсөн боловч надад яах ч арга олдсонгүй. Нагацын сэтгэлийг дахин ингэж зовоохоо болихоор ам тангаргаа өгмөөр ч санагдав. Үүр цайх үеэр сэрээд дахин ирж харвал Салли нагац мөн л суусан хэвээр, бариастай лаа нь хариугүй дуусах болжээ. Нагац буурал толгойгоо гараараа тулсныг бодвол унтаж байгаа бололтой байв.


Дөчин хоёрдугаар бүлэг : ЖИМИЙГ ЮУНД ЭС ДҮҮЖЛЭВ

Сайлас өвгөн хар өглөөгүүр хот орж Томыг хайсан боловч бас л олсонгүй иржээ. Өвгөн эмгэн хоёр ширээнийхээ хоёр талд үг дуу ч үгүй, бодол болон сууна. Сэтгэл нь тун их зовж байгаа бололтой. Аягандаа хийсэн цайгаа ууж чадалгүй хөргөжээ.
— Авчирсан захидлаа чамд өгсөн байх? гэж өвгөн дуугарав.
— Ямар захидал?
— Яагаа вэ дээ, өчигдөр шуудан дээрээс захидал авчраад чамд өгсөн биз дээ?
— Үгүй надад ямар ч захидал өгөөгүй.
— Өгснийг чи л мартсан байлгүй гэж ах өвгөн хэлээд өвөр түрүүгээ нэг тэмтэрч үзсэнээ тавьсан газраа санаж нөгөөх захидлаа олж ирээд нагацад өгөв.
— Өө энэ чинь Санкт-Петербургт суугаа эгчээс ирсэн захидал байна шүү дээ! гэж нагацын хэлэхэд нь шалавхан гадагш гармаар санагдлаа. Гэвч хөдлөх арга олдсонгүй. Гэтэл нагац тэр захидлыг унших гэснээ цонхоор нэг сонин юм харсан бололтой шидэж орхиод гүйж гарав. Ухасхийн босоод харвал Том Сойерыг дамнуурга дээр тавиад авчирч явлаа. Хажууд нь өвгөн доктор, эрээн даавуу тэрлэгтэй Жим хамт яваа нь дүрээрээ мөн байлаа.
Жимийн хоёр гарыг ард нь хүлжээ. Тэднийг өдий төдий хүн дагасан харагдлаа. Би тэр захидлыг нь хамгийн түрүүн нүдэнд харагдсан юман доогуур шургуулж орхиод нагацын хойноос гарав. Салли нагац Том дээр ухасхийн гүйж очоод,
— За тэр, хэлсэн биш үү би. Талийгаач болчхож! гэж уйлав.
Томын толгой үл мэдэгдэм хөдөлж ухаангүй байгаа бололтой нэг юм шивнэн хэлэв. Нагац алгаа ташин:
— Ээ ашгүй амьд байна! За амьд л байснаас цааш яах вэ гэлээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 20
  • Büleklär
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 01
    Süzlärneñ gomumi sanı 4570
    Unikal süzlärneñ gomumi sanı 2004
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 02
    Süzlärneñ gomumi sanı 4684
    Unikal süzlärneñ gomumi sanı 2002
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 03
    Süzlärneñ gomumi sanı 4733
    Unikal süzlärneñ gomumi sanı 1934
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 04
    Süzlärneñ gomumi sanı 4766
    Unikal süzlärneñ gomumi sanı 1936
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 05
    Süzlärneñ gomumi sanı 4699
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 06
    Süzlärneñ gomumi sanı 4863
    Unikal süzlärneñ gomumi sanı 1762
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 07
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 2052
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 08
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1993
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 09
    Süzlärneñ gomumi sanı 4601
    Unikal süzlärneñ gomumi sanı 2078
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 10
    Süzlärneñ gomumi sanı 4500
    Unikal süzlärneñ gomumi sanı 2159
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 11
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1963
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 12
    Süzlärneñ gomumi sanı 4617
    Unikal süzlärneñ gomumi sanı 1862
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 13
    Süzlärneñ gomumi sanı 4664
    Unikal süzlärneñ gomumi sanı 1783
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 14
    Süzlärneñ gomumi sanı 4677
    Unikal süzlärneñ gomumi sanı 1876
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 15
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1887
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 16
    Süzlärneñ gomumi sanı 4788
    Unikal süzlärneñ gomumi sanı 1867
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 17
    Süzlärneñ gomumi sanı 4801
    Unikal süzlärneñ gomumi sanı 1781
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 18
    Süzlärneñ gomumi sanı 4775
    Unikal süzlärneñ gomumi sanı 1882
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 19
    Süzlärneñ gomumi sanı 4711
    Unikal süzlärneñ gomumi sanı 1867
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 20
    Süzlärneñ gomumi sanı 2929
    Unikal süzlärneñ gomumi sanı 1381
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.