Latin

Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 18

Süzlärneñ gomumi sanı 4775
Unikal süzlärneñ gomumi sanı 1882
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Сайлас гуайгаар юм дайж Жимд дамжуулж болохгүй нь. Ямар ч найдлага алга... Гэхдээ Сайлас гуай чи бид хоёрт овоо тус боллоо шүү. Халбага яасныг мэдэлгүй тус болсон ачийн нь хариуд оготнын нүхийг нь бөглөөд өгье! Сайлас авга юу болсныг мэдээгүй ахиад л эргэлзэнэ гэж ярив.
Газар доорх зооринд оготнын нүх тоо томшгүй олон байлаа. Бид хоёр бүтэн цаг зогсоо зайгүй ажиллаж бүх нүхийг зохих ёсоор нь бат бэх, нямбай таглаж амжаад байтал шатаар хүн бууж ирж яваа чимээ сонсогдов. Тэгэхтэй зэрэг бид лаагаа унтраан нуугдаад сэм харж байтал мань өвгөн өрөөсөн гартаа лаа, нөгөө гартаа зүсэн зүйлийн хог новш барьсаар орж ирэв. Тэр бээр үүрэглэсэн мэт найган нүх нүхэн дээр очиж бүгдийг нь гараараа тэмтэрч үзээд дараа нь бодол болж лааныхаа урссан тосыг цэвэрлэн баахан зогсов. Бодвол лав таван минут зогссон биз ээ. Дараа нь үүрэглэсэн мэт хөдөлж зөвхөн шатаар өгсөх гэснээ «За байз, би хэдий завдаа энэ олон нүхийг бүгдийг нь ингэж бөглөсөн билээ. Хачин юм даа. Очоод түүнд, хулгана ер хамаа алга. Юунд намайг ингэж дэмий загнаж байдаг юм бэ гэж хэлье байз. За даа тэгж хэлээд ч яах вэ. Хэлээд, хэлээд нэмэр болох биш. Загнавал загнаж л байг!» гэж ганцаараа ярих нь сонсогдов. Дараа нь мөн амандаа нэг юм үглэсээр шатаар өгслөө. Бид хоёр ч мөн хойноос нь даган гарлаа. Ёстой сайн өвгөн шүү. Одоо ч гэсэн бас л хэвээрээ байгаа даа.
Халбага олж чадаагүйдээ Том сэтгэл тун их зовж халбага олохгүйгээр бид хоёрын хэрэг яасан ч бүтэхгүй гэж үглэнэ. Том Сойер хэсэг бодсоны эцэст учрыг сайтар тунгааж, цааш чухам яавал зохихыг надад тайлбарлав. Дараа нь бид хоёр сийрсэн савтай халбаганы орчим эргэлдэн байтал Салли нагац ирж яваа харагдав. Том Сойер халбагануудыг тоолон сийрсэн савных нь дэргэд өрж тавив. Тэгж байх завсар нь би нэг халбагыг нь ханцуйлж орхилоо.
— Салли нагац аа, халбагыг чинь яаж ч тоолсон ес л байна шүү дээ гэж Том Сойерын хэлэхэд нагац:
— Битгий тархи толгой үймүүлээд бай, гарч тоглоцгоо! Би өөрөө тоолсон юм чинь мэдэлгүй яах вэ гэлээ.
— Нагац аа, би бас хоёр дахин тоолж үзлээ. Гарцаагүй ес л болоод байх юм гэхэд Салли нагац гайхаж арга буюу тоолох болов. Тэгж хэлэхэд хэн ч гэсэн заавал тоолж үзнэ шүү дээ.
— Үгүй энэ чинь яахаараа энэ билээ! Нээрээ ес байна!.. За байз, ахиад нэг тоолоод үзье! гэхэд нь би нөгөөх ханцуйлсан халбагаа сэм эргүүлэн нийлүүлэв.
— Үгүй энэ гай чинь дахиад арав болчихлоо!
Уур нь хүрч бүр ч учраа олохыг болив. Тэгэхэд нь Том:
— Үгүй, нагац аа, наадах чинь яасан ч арав хүрэх ёсгүй гэв.
— Битгий дэмийрээд бай. Нүдэн дээр чинь тоолоод арав болгохыг харсангүй юу чи?
— Харах нь харсан л даа. Гэхдээ...
— За тэгвэл би ахиад нэг тоолъё гэхэд нь би дахин нэг халбага сэм сугалж ханцуйлсан тул мөн л түрүүчийн адил ахин ес болж хувирлаа. Тэгэхтэй зэрэг нагацын уур бүр ч их хүрч хамаг бие нь чичгэнэн савчиж эхлэв. Тийнхүү хэд дахин тоолохдоо аяндаа өөрөө будилаантуулж заримдаа сийрсэн савыг халбаганыхаа тоонд оруулж тоолов. Нийтдээ зургаан удаа тоолсноос гурав нь зөв, гурав нь буруу боллоо. Нагац урдаа сийрсэн савтай халбагаа шүүрэн авч чулуудсан бөгөөд тэр нь байшингийн буланд хэвтэж байсан муурыг онож бараг алах шахав. Тэгснээ биднийг битгий түвэг болоод бай, зайл хэмээн загнаад хэрэв үдийн хоол болохоос өмнө нүдэнд үзэгдвэл чинь махыг чинь зулгаана гэв. Тэр завсар бид хоёр нөгөө илүү халбагаа авч халаасан дотроо хийв. Ийнхүү Жим үдийн хоолноос өмнө, хамгийн зохистой үеэр халбагатай, хадаастай болсон тул бид хоёр сэтгэл тун хангалуун явав. Том саяын явдлыг бахархаж, одоо нагац халбагаа тоолж чадахаасаа өнгөрсөн, зөв тооллоо ч гэсэн өөртөө итгэхгүй. Гурав хоноод дахин нэг тоолж үзэх байх. Толгой нь бүр ч эргэх болно. Тэгээд сүүлдээ тоолохоо болино гэсэн. Аягүй бол хүн тоолоод өгье гэхэд уурлаж уцаарлах болно гэж ярив.
Орой нь бид хоёр түрүүчийн удаа хулгайлсан даавуугаа олсон дээр нь буцаан тохож Салли нагацын шүүгээнээс өөр цагаан даавуу хулгайлав. Хоёр өдрийн турш бид иймэрхүү ажил хийлээ. Цагаан даавуунаас нь авч, тавьсаар байтал нагацын толгой эргэж тооцоо алдаад, за хэдэн даавуутай ч байсан яах вэ, үүнийг тоолж там хурааж байснаас үхсэн дээр. Ахиад яасан ч тоолохгүй гэж ярив.
Одоо цамц, цагаан даавуу, халбага, лааны талаар санаа зовохын хэрэг огтхон ч үгүй боллоо. Бидэнд тугал, хулгана тус болж нагац тооцоогоо алдарсны ачаар хамаг хэрэг цөм бүтэв. За лааны тавиур ч бага хэрэг. Тэр зэргийн юмыг яаж ийгээд аргалж болно.
Харин боовны тухайд гэвэл нэлээд төвөгтэй байлаа. Боов жигнэнэ гэж бид хоёр бүр махаа идсэн юм. Бид гурил ойд аваачиж зуураад мөн тэндээ боов жигнэв. Боов сүүлдээ аятайхан болов. Гэхдээ энэ ажил маань хэдэн өдрийн турш үргэлжилсэн. Том бид хоёр гурван төмпөн дүүрэн гурил аваачиж түүнийгээ боов болгох гэсээр байтал гар хуруугаа түлж хуйхлан утаанд нүдээ сохлох шахлаа. Бид хоёрт боовны зөвхөн гадна талын хальс хэрэгтэй байсныг та ойлгож байгаа биз ээ. Анхны үед бид туршлагагүйн улмаас боовны гадна талыг бүтэн авч ер чадахгүй байлаа. Гэвч сүүлдээ шатаа зуурсан гурил дотор хийж боов жигнэх сайхан арга олов. Дараах шөнө нь бид жимтэй хамтран орны цагаан даавуугаа цөмийг нь нарийхан цуучаад дараа нь томж эхлэв. Бид үүр цайхаас өмнө амжиж гайхамшигтай бөх бат шаттай боллоо. Түүгээр хүн дүүжилсэн ч тасрахгүй даг аа. Тэр шатаа бид есөн сарын турш хийсэн юм гэж дотроо бодоцгоов.
Бид хоёр үдийнхээ хоолыг идэхээс өмнө шатаа ойд авчирч ирээд үзвэл боов дотор багтахгүй болсон байлаа. Шатыг бүхэл бүтэн цагаан даавуугаар хийсэн тул түүнийг багтаах гэвэл даруй дахин дөчин боов жигнэх хэрэгтэй байлаа. Бас шөлтэй хоол, хиам мэтийн өдий төдий хоол бэлтгэх нэг арга байсан боловч бид хоёр огтхон ч хэрэгссэнгүй, томсон шатнаасаа боовонд багтахуйцаар хэсгийг нь тастаж аваад үлдсэнийг нь хөсөр чулуудав. Боовоо гар нүүр угаадаг төмпөнд жигнэх гэтэл паалан нь ховхорч магадгүй байсан учир айгаад хэрэглэсэнгүй. Харин Сайлас гуайн урт модон иштэй, халуун жин тавьдаг аятайхан зэсэн савыг хэрэглэмээр санагдав. Тэр зэсэн савыг нэг сайн танил нь Англиас «Мейфлаур» буюу эсвэл хамгийн түрүүн ирсэн өөр нэг хөлөг онгоцоор байлдан дагуулагч Вильгельмтэй хамт ирэхдээ бэлэглэсэн тул их л хайрлаж, хуучирч хэрэглэхээ больсон янз бүрийн эдлэл, үнэтэй цэнтэй зүйлсийн хамт байшингийнхаа дээвэрт хадгалдаг байсан юм. Тэгэхдээ түүнийг үнэтэй цэнтэйд нь биш дурсгалтайд нь л хайрладаг байсан юм. Сайлас авгын тэр зэс савыг сэм дэлсэж ойдоо авчраад дотор нь боов жигнэх гэтэл анхны үед бас болж өгсөнгүй. Гэвч бид хоёр сүүл сүүлдээ аргыг нь олов. Савныхаа дотор талд гурил нялж цог дээр тавиад томсон шатаа дотор нь чихэж оруулав. Дараа нь дээгүүр нь мөн зуурсан гурилаар бүрхэн халбийг нь таглаад халуун нурмаар дарж орхив. Тийнхүү урт модон ишээс нь барьж таван алхмын зайтай зогсоход галд бие халахгүй санаа амар байлаа. Арван таван минут бариад боовоо үзтэл хэн ч харсан боов гэмээр болжээ. Харин түүнийг идэх гэсэн хүн урьдаар шүдний чигчлүүрийг хэдэн зуугаар нь бэлдэж авах хэрэгтэй байв. За даа, хоол болохоосоо урьд хор болж гэдэс ходоод өвтгөх тийм боовыг хэн л тэгж идэж суув гэж!
Бид хоёр учиртай боовоо Жимд хоолны саван дээр тавиад хоол ундыг нь хамгийн доогуур гурван цагаан төмөр дийз шургуулан Нат негрээр дамжуулахад тэр харсан ч үгүй. Эдгээрийг Жим цөмийг нь зүй ёсоор нь хүлээж авсан тул талхаа хагалан дотроос нь томмол шатаа гарган авч дэвсгэр доогуураа нуугаад дараа нь төмөр дийзний ёроол дээр хэдэн муруй юм сараачиж цонхоороо шидэв.


Гучин наймдугаар бүлэг : "ХОРИГДЛЫН СЭТГЭЛ ХАРЛАВ"

За тэр үзэг хийнэ гэдэг чинь ёстой мах идэх ажил. Бас хөрөө хийх ч мөн ялгаагүй, амар бүтэх ажил ер биш. Харин Жим, байшингийн ханан дээр хоригдлуудын сараачдаг тэр бичгийг бичнэ гэдэг хамгийн хэцүү хэмээн айж байлаа. Томын хэлснээр бол ямар ч гэсэн хийх л хэрэгтэй байв. Энэ бүхнийг хийхгүй бол хэрэг бүтэхгүй бөгөөд ханан дээр бичиг бичээгүй, сүлдээ зураагүй, тийм улс төрийн хэрэгтэн байдаггүй ажээ.
— Чи ядахдаа Жейн Грэй хатагтай юм уу Гилфорда Дадли, эсвэл Нортумберленд өвгөнөөр ч жишээлээд үз л дээ! Гек ээ, хэрэв үүнээс болж яриа шуугиан дэгдвэл яая гэж бодож байна? Өөр яах юм бэ. Ингэхгүйгээр яасан ч болохгүй. Ямар ч гэсэн Жим ханан дээрээ бичиг бичиж сүлдээ зурж үлдээх л хэрэгтэй. Бүгдээрээ л тэгдэг юм гэж Томын хэлэхэд Жим:
— Том минь чи юү хэлнэ вэ! Надад ямар үхсэн хатсаных нь сүлд байх вэ. Надад байдаг нь энэ муу хуучин цамц гэдгийг чи юу эс мэдэх билээ. Бас тэгээд энэ муу цамц дээрээ өдрийн тэмдэглэл хөтлөх гэж юү гэсэн үг вэ?
— Жим ээ, та юу ч ойлгохгүй юм. Сүлд гэдэг чинь огт өөр зүйл байгаа юм гэж Томын хэлэхэд нь би:
— Ер нь Жимийн хэлдэг ортой шүү. Жимд хаанаас ямар сүлд олох вэ дээ? гэв. Намайг тэгж хэлэхэд Том:
— Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ Жимд сүлд зайлшгүй олдоно. Оргохоосоо өмнө л олох хэрэгтэй. Усыг нь уувал ёсыг нь дагадаг хойно оргоё гэвэл оргохын дүрстэй л оргох хэрэгтэй гэж цэцэрхэв.
Жим бид хоёр үзэг хийхээр болж би цагаан төмөр халбаганы тасархай, Жим жижиг зэс авч тоосгонд билүүдлээ. Энэ завсар Том Жимд ямар сүлд тохирохыг бодож олон сайхан сүлд зохиожээ. Эхлээд тэр олон сүлднээс чухам алиныг нь сонгож авахаа Том мэдэхгүй байлаа. Тэгээд хамгийн тохиромжтой нэгийг нь шилэн олж өгүүлэх нь:
— Нэг баатар хүний бамбай байг. Дундуур нь алтан бүс ороож баруун доод талд нь хар хүрэн өнгөөр загалмай, зангилаа хоёр зуръя. Түүний дээр нэг нохой хэвтэж байг. Энэ бол аюултай гэсэн тэмдэг. Нохойны хөлд олон өргөсөөр чимсэн гинж байг. Энэ бол боолчлол гэсэн тэмдэг. Бас дээгүүрээ хэрчлээстэй товгор ногоон тэмдэг хийж тэнгэрийн хөх өнгөн дээр гурван муруй зураас зуръя. Тэгээд бамбайныхаа тэг дунд сүлд зурж гадуур нь иржгэр шүдээр хүрээлье. Тэгээд дээд талд нь юм үүрсэн негр зурж түүний зүүн талд нь хар зурвас, доод талд нь хоёр хар хүрэн тавиур зуръя. Түүн дээр бамбай тогтож байг. Тэр хоёр тавиур чи бид хоёрыг төлөөлөг. Сүлдэн дээрээ «Maggiore fretta, minore atto» гэж бичнэ. Энэ үгийг би номоос олж авсан юм. «Сажилж явбал хүрнэ» гэсэн утгатай үг байгаа юм гэж ярив.
— Сайхан болж! Харин бусад нь ямар утгатай юм бэ? гэж намайг асуухад Том:
— Бид утга бүхнийг мэдэх гэж зууралдаж байх зав алга. Одоо шалавхан дуусгаад оргох л чухал байна гэж ярив.
— Чи ядахдаа нэг юм хэл л дээ! Тэр «зангилаа» чинь ямар утгатай юм бэ?
— Зангилаа юу? Энэ бол... Ерөнхийдөө үүний утгыг одоо мэдэх гэхийн хэрэггүй. Гайгүй, цаг нь болохоор чухам яаж хийхийг Жимд би үзүүлээд өгөмз.
— Чи ямар шинжгүй нөхөр вэ! Чамаас хүн юм асууж байна шүү дээ. Тэр «Зүүн талд нь байх хар зурвас» чинь ямар утга учиртай юм бэ?
— Би яаж мэдэх юм бэ! Жимд хэрэгтэйд л хэрэгтэй юм даг. Ихэс дээдэст цөмд нь л байдаг юм гэв.
Ер нь Том дандаа тэгдэг юм. Хэрэв нэг дургүйгээ хөдөлбөл яаж ч шалсан тайлбарлаж өгнө гэж хол хэвтэнэ. Бүхэл бүтэн долоо хоног шалж хоргоогоод ч нэмэр болохгүй.
italki
Бид сүлдний тухай асуудлыг нэг тийш болгоод ханан дээр бичих сэтгэлийн үгээ зохиох дараачийн ажилдаа орлоо. Тэргүйгээр Жимийн ажил бас л бүтэхгүй гэнэ. Хүн бүгд л гуниглалын үг бичдэг ёстой аж. Том янз янзын үг зохиож цаасан дээр бичээд бүгдийг нь дэс дараалан уншиж өгөв.
1. Энд хоригдлын үнхэлцэг хагарч үхэв.
2. Эх нутаг, элгэн садандаа ад үзэгдсэн, бусдад олзлогдсон хөөрхий нэг хүн энд амь зогоох төдий сууж байв.
3. Гучин долоон жил ганцаараа хоригдсоны дараа өнчин зүрх дэлбэрч, өвдсөн сэтгэл сая амрав.
4. Арван долоодугаар Людовигийн хүү, нэгэн сайн хүн амраг садан ч үгүй, анд нөхөр ч үгүй гучин долоон жил энд хоригдож уйтгарын туйлд хүрээд нас нөхцөв»
гэж Том бичсэн байлаа. Том ийнхүү бичсэн зүйлээ уншихдаа хоолой нь чичрэн бараг уйлах шахав. Эдгээрийн чухам аль нь Жимд тохирохыг Том сонгон авч чадсангүй. Гуньхралын үгнүүд нь цөм сайхан болсон тул тэгэхээс өөр арга ч үгүй байлаа. Тэгээд сүүлдээ эдгээр бичгийг Жимээр бүгдийг нь хананд бичүүлэхээр шийдэв. Жим энэ бүхнийг бичнэ гэвэл бүхэл бүтэн жил ноцолдоод ч дийлэхгүй, дүнзэн модон дээр тэгж элдвийн юм дэмий эрээчиж суухын хэрэг юү билээ. Ядахдаа бичиг мэддэг бол бас яая гэхсэн гэв. Гэтэл Том, гайгүй үсгийг нь би зураад өгнө. Тэгсэн цагт төвөгтэй юм ер байхгүй, зөвхөн сийлэх ажил л үлдэнэ гэж хэлснээ жаахан дуугүй сууж байгаад
— Үгүй, тийм биш юм. Ямар ч гэсэн дүнзэн дээр бичиж болохгүй. Яагаад гэвэл шоронгийн ханыг дүнзээр хийдэггүй юм. Энэ бичгийг чулуун дээр сийлэх хэрэгтэй. Иймд одоо чулуу олцгооё гэв.
Томыг ингэж хэлэхэд Жим чулуу чинь дүнзнээс долоон дор. Тийм олон үгийг сийлнэ гэвэл энэ насандаа барахгүй ажил болж чөлөөлөгдөх ч бүр өнгөрнө гэсэн үг гэж ярилаа. Том өөрөө туслахаар амлаад Жим бид хоёрын хийх ажил аль хэр явж байгааг үзэхээр хүрч ирэв. Үзэг хийнэ гэдэг уйтгар хүргэсэн, ямар төвөгтэй, ёрын ажил гэж санана! Гар цэврүүтсэнээс хойш юм ч барьж болох биш. Бидний ажил тун ахицгүй явааг Том хараад,
— Би нэг ухаан бодов. Бидэнд сүлд хийх, бичиг сийлэхэд чулуу зайлшгүй хэрэгтэй. Иймд нэг сумаар хоёр туулай оноё. Мод хөрөөддөг газар тээрмийн сайхан чулуу байна билээ. Түүнийг чирч авчиръя.
Түүн дээр нөгөөх сийлэх юмаа хийнгүүт үзгээ ч билүүдье хөрөөгөө ч хийе гэв.
Уг нь муу ч биш ухаан. Чулуу ч бас овоо чулуу байв. Бид ямар ч гэсэн Томын хэлснээр оролдоод үзэхээр шийдэв. Тэгэхэд шөнө дунд ч болоогүй байсан юм. Жимийг ажил дээр нь орхиод хоёулаа мод хөрөөддөг газар руу явцгаалаа. Тээрмийн чулууг чирч өнхрүүлсээр гаднаа арайхийж авчрав. Түүнийг авчрах гэж ёстой махаа идсэн шүү! Яаж ч хичээгээд болохгүй хажуугаараа өнхрөөд л уначихна. Бид хоёр, хөлөө хариугүй даруулах шахсан шүү. Энэ чулууг гэртээ аваачихаас наана бид хоёрын нэг нь заавал даруулна гэж Том хэллээ. Чулууг өнхрүүлсээр замын тэг дунд ортол хар хөлс асгарч, хөдлөх тамир ч үгүй болов. Ер нь бүтэхгүй бололтой. Тэгээд бид хоёр шууд Жим дээрээ очив. Жим ороо өргөж хөлдөө уяатай байсан гинжийг тайлан авч хүзүүндээ тохлоо. Тэгээд гурвуулаа газар доогуур ухсан нүхээрээ шургаж саравчаар дамжин гадагшаа гарав. Чулуун дээрээ Жимтэй хамт очоод чирч үзвэл өвс шиг хөнгөн болсон байлаа. Чирэхийг бид хоёр хийж, зааж зааварлах ажлыг Том хийсэн юм. Ер нь Том зааж зааварлахдаа тун гарамгай л даа. Юуг яаж хийхийг мэдэхдээ ч сайн. Энэ талаар бусад ямар ч хүүхдийг дагуулахгүй!
Бид хоёрын ухсан нүх хэдийгээр том байсан боловч тээрмийн чулуу багтсангүй. Тэгэхлээр нь Жим зээтүү авч яах ийхийн завгүй нүхийг томсгов. Том тээрмийн чулуун дээр нөгөөх бичгээ сараачаад Жимийг ажилд нь оруулав. Тэгэхдээ цүүцний оронд хадаас, алхны оронд саравч доторх хог дундаас олсон тавтай төмөр хадаас бариулаад лаа унтарч дуусахаас урьд сийлж дараа нь тэр чулууг гудас доогуураа хийж дээр нь унтахыг даалгав. Бид хоёр Жимийг хөлдөө дахин гинж уяж орноос аргамжихад туслаад харьж унтахаар завдав. Гэтэл Том нэг зүйл мартах шахсанаа санасан бололтой эргэж:
— Жим ээ, танд аалз бий юү? гэж асуув.
— Байхгүй, хүү минь, бурхны авралаар юм үзэгдэхгүй л байна.
— За яах вэ, бид авчраад өгөмз.
— Ээ, бурхан өршөө, түүгээр чинь би яах билээ хүү минь? Би харахаараа үнхэлцгээ хагартал айдаг юм. Харин аалзнаас дуут могой арай гайгүй харагддаг юм гэж Жим хэлэв.
Том жаахан бодсоноо:
— Зөв санаа! Ер нь тэгдэг байсан байх. Та аяндаа өөрөө санаачилсан тань тун гайхамшигтай сайн хэрэг. Та тэгээд хаахна аа хадгалж баймаар байна?
— Том минь, юуг тэр бил ээ?
— Яагаа вэ дээ дуут могойгоо
— Ш-ш Том минь юу гэсэн үг вэ, тэр чинь! Хэрэв могой хөврөөд ирвэл би зугтаж арилах хэрэг үү, эсвэл толгойгоороо хана мөргөж үхэх хэрэг үү?
— Жим ээ, гайгүй, та мөдхөн дасаад айхаа болино. Та ч бас могойгоо дасгах хэрэгтэй.
— Могой «дасгах» гэж юү гэсэн хэл бэ!
— Та юунд нь төвөгшөөсөн юм бэ? Энхрийлүүлэх дургүй амьтан ер байдаггүй юм. Могой, хайрлаж энхрийлсэн хүнийг хазъя гэж бодох ч үгүй. Ном бүхэнд тэгж бичсэн байна билээ. Та оролдоод л үз. Танаас өөр юм гуйхыг больё. Ядахдаа хоёр гурав хоног ч гэсэн дасгаад үзээрэй. Аяндаа дасаж танд бүр хайртай болоод сүүлдээ салж хагацахгүй хамт унтдаг болно. Биеэ хүзүүгээр чинь ороогоод л, ам руу чинь толгойгоо шургуулаад л...
— Иш-ш Том минь цааш нь битгий ярь. Түүний чинь дуулахаас хамаг яс хавтайж байна. Ам руу могой толгойгоо шургуулж байхад би тэсээд хэвтэж байх хэрэг үү? Юуны хэрэгтэй гэж тэгж суух билээ дээ хүү минь! Түүн шиг хэрэггүй юм надад алга! Могой өвөртөлж хэвтэхийг больё та минь.
— Жим ээ, та битгий тэнэглэ! Хоригдол хүн заавал амьтан тэжээдэг юм. Хэрэв урьд өмнө хоригдлууд дэргэдээ дуут могой авч явж байгаагүй бол танд бүр ч сайн хэрэг. Тэгэх тусмаа та бусдаас түрүүлж могой дасгах хэрэгтэй. Энэ бол алдар нэрээ дуурьсгах хамгийн шилдэг арга мөн.
— Тэгж алдар нэрээ дуурьсгаад яах вэ дээ хүү минь. Могойнд эрүүгээ хатгуулсан хүн алдарштал хол хэвтэнэ. Тэгэхийг ч больё хүү минь.
— Та ядаж туршаад үзэх юм биш үү? Урьдаар зөвхөн туршаад үз, болохгүй бол больж л орхино биз.
— Турших гэж байгаад хатгуулчих бол миний хохь л болно шүү дээ. Том минь, чиний хэрэгтэй гэсэн бүгдийг цөмийг хэлснээр чинь хийе. Харин Гек та хоёрыг дуут могой аваад ирвэл үнэнээ хэлэхэд би эндээс оргохоос өөр зам алга гэхэд нь Том:
— За яая гэхэв. Та гөжсөн чигтээ гөжихөөс дөө. Танд тэгвэл зүгээр жирийн могой авчраад өгье. Та сүүлэнд нь товч уячхаад дуут могой гэж бодож байгаарай, болно биз дээ.
— Энэ ч арай дээр нь дээр л байх. Гэхдээ, Том минь, үнэнээ хэлэхэд могойгоор би ямар үхсэнээ хийх билээ дээ. Би энэ шоронд суухыг чинь тийм төвөгтэй гэж ер санаагүй юм.
— Нэгэнт тийм байдгаас цааш одоо яая гэхэв. Юм бүхэн дүрэмтэйгээс хойш... Ингэхэд танд хулгана бий юу?
— Байхгүй хүү минь, ер нь юм үзэгдээгүй.
— За тэгвэл танд хулгана авчирч өгнө дөө.
— Яах нь вэ, хүү минь? Надад хулгана ер хэрэггүй! Хулгана шиг өөдгүй амьтан орчлон дээр байхгүй. Хамгийн наад зах нь үүгээр, түүгээр гүйж хөл гар хазаад унтуулахгүй аль зовоохыг тэр гэхэв! Больё хүү минь, хэрэв тун болдоггүй юм бол тэр хоргүй могойг чинь авдаг хэрэг бил үү дээ. Ээ дээ, надад хулгана шиг хэрэггүй юм байхгүй шүү!
— Жим ээ. Тийм биш, хулганагүй байж яасан ч болохгүй. Хоригдлууд цөм хулганатай байдаг юм. Та битгий зөрөөд бай л даа. Хоригдол хүн хулганагүй байсан түүх ер байхгүй. Хоригдлууд хулганыг дасган хүмүүжүүлж янз бүрийн илбэд сургаад биен дээрээ ялаа шиг шавуулж байдаг юм. Харин танд хулгана дасгах хөгжим хэрэгтэй юм байна. Та хөгжим дарж эрхбиш чадна байх аа?
— Цаас хавчуулсан сам, аман хуур хоёрыг эс тооцвол өөр ямар хөгжим дарж чадах вэ дээ би. Энэ хоёрыг бараг сонирхох ч бол уу?
— Сонирхолгүй яах вэ! Муусайн хулгануудад юу ч байсан ялгаагүй. Аман хуур л байвал болох нь тэр. Амьтан бүхэн хөгжимд дуртай байдаг юм. Ер нь хөгжимгүйгээр шоронд суух ёсгүй. Ялангуяа уйтгартайхан хөгжим байвал бүр сайн. Ер нь аман хуур тун уйтгартай дуутай шүү. Аман хуурын дуунд хулганын дуртайг яана. Юу байна хэмээн өлөлзөөд л харцгаадаг юм... Одоо таны бүх хэрэг ёсоор бүтнэ. Үдэш орой унтахынхаа өмнө орон дээрээ суугаад хөгжимдөж байгаарай. Өглөө босохдоо мөн хөгжимдөх хэрэгтэй. «Бид хоёр үүрд хагацав» гэдэг дууны аянд хулганууд хамгийн их дуртай байж таарах буй. Хоёр гурван минут хөгжимдөөд харахад хулгана, могой, аалз мэтийн янз бүрийн амьтан энд тэндгүй явж байх болно. Дараа нь тэд цөмөөрөө эрхлэн таны бие өөд авирч эхэлнэ. Тэгэхэд л ёстой хөгжөөнтэй дээ!
— Том минь, тэдэнд л хөгжөөнтэй байдаг нь юу юм бол гэхээс биш, надад хөгжөөнтэй юм ер алга. Саяын заасан арга чинь ер нь дэмий л юм шиг байна. Тэгдэг ёстой юм бол одоо би яая гэхэв. Чамтайгаа муудалцахгүйн тулд хулгана зугаацуулж л суухаас даа гэж Жимийн ярьсны дараа Том босож, мартсан юм үгүй шиг билээ дээ хэмээн жаахан бодож зогссоноо,
— Нэг зүйлийг хариугүй мартах шахаж. Та эндээ цэцэг тарьж үзвэл яасан юм бэ? Энэ ажил танд ямар санагдана вэ?
— Харин ээ, хүү минь. Тарихад яах вэ, болно. Нэгэн гэм нь дэндүү харанхуй газар юм. За тэгээд цэцэг тарина гэдэг ч түвэг удна уу гэхээс ямар нэмэр болох билээ дээ.
— Тийм биш шүү. Ямар ч гэсэн туршаад үзнэ байгаа. Бусад хоригдлууд ургуулаад л байдаг юм билээ.
— Чавчраганы төрлийн урт байцаа бол ургана шүү. Ургуулаад ургуулаад ашиггүй ногоо доо.
— За тэр дэмий! Бид хоёр танд бүр жижгийг олж өгье. Та энүүхэн буландаа тариад ургуулаарай. Түүнийг байцаа гэж битгий нэрлэ. «Пиччиола» (ром хэлээр жижигхэн цэцэг гэсэн үг) гэж бай. Шоронд ургасан байцааг тэгж нэрлэдэг юм. Харин нулимсаараа усалж ургуулдаг юм шүү.
— Том минь, би худгийн усаар хэчнээн ч усалж чадна шүү дээ.
— Худгийн ус дэмий. Тэр цэцгийг гагцхүү нулимсаар ургуулдаг юм. Ер нь тэгж л ургуулаад байна билээ.
— Хүү минь, би чамд худгийн усаар услаад нулимсаар ургуулснаас хавьгүй сайхан ургуулаад үзүүлэмз
— Учир нь үүнд байгаа хэрэг биш. Заавал нулимсаараа ургуулах ёстой.
— Хүү минь, миний нүд гэдэг чинь ёстой хатаж гүйцсэн нүд. Ер нь би бараг уйлдаггүй хүн шүү дээ гэж Жимийг ярихад нөгөөх Том маань хэлэх үггүй мухардав. Гэлээ ч гэсэн Том Жимийг яаж ийгээд чадах хариу бодож олоод би маргааш өглөө негрүүдийн суудаг овоохойд сэмхэн орж цайнд чинь сонгино холино гэвэл "яах вэ, би өөрөө цайндаа тамхи хийж орхиё" гэв. Жим ийнхүү юм бүхэнд уцаарлаад манжин тарих, хулгануудыг аман хуураар зугаацуулах, могой, аалз мэтийн амьтдыг дасгаж сургах ажлын аль алиныг хийе гэсэнгүй. Тэр ч байтугай үзэг хийх, бичиг сийлэх, өдрийн тэмдэглэл хөтлөх ажлаас хойш сууж амжаад хоригдол хүний ажил гэдэг чинь хамгийн адгийн ажил байна. Урьд өмнө ийм хүчир ажилтай би ер нь учирч яваагүй, бас тэгээд хариуцлага гэж их, гэж ярилаа. Алдар нэрээ дуурьсгах ийм сайхан завшааныг ашиглаж чадахгүй дэмий өнгөрөөчих юм. Ийм сайхан бололцоотой хоригдол байх ч үгүй хэмээн Томыг уурлаж хэлэхэд Жим ихэд гэмшиж түүнтэй ахиад яасан ч маргахгүй хэмээн ам тангараг өргөв. Том бид хоёр унтаж амрахаар гарцгаалаа.


Гучин есдүгээр бүлэг : ТОМ НЭРГҮЙ ЗАХИДАЛ БИЧИВ

Өглөө бид хоёр хот руу орж оготнын хавх худалдан аваад гэртээ ирцгээв. Бид хамгийн том чоно оготнын нүх ухаж ганцхан цагийн дотор арван таван мундаг чоно оготно барилаа. Дараа нь Салли нагацын орон доогуур найдвартай газрыг шилэн хавхаа зүүгээд оготно ортол аалз агнахаар гарав. Тэр завсар Томас-Франклин-Жефферсон-Александр Фелпс гэдэг жаал бидний зүүсэн хавхыг үзчихээд хулгана гарч ирж байгаа эсэхийг хаалгаар харж байлаа. Хулгана гарч ирэх нь мэдээж хэрэг шүү дээ. Сэлли нагац тэр даруй гэртээ орж байгаа харагдлаа. Биднийг эргэж ирэхэд нагац хоолойныхоо чинээгээр орилж чарлан орон дээрээ зогсож байв. Хулганууд ч түүнийг аль болохоор зугаацуулж байгаа бололтой харагдлаа. Салли эгч бид хоёрыг гэртээ оронгуут хуш модны мөчир шүүрэн авч хувцаснаас тоос шороо манартал саваадав. Бид дараа нь хоёрхон цагийн дотор дахин арван таван хулгана барьж авчирсан. Тэр золигийн жаал нь юм бүхэнд оролцоод болж өгөхгүй, түрүүчийн барьсан шиг мундаг биш, муухан чоно оготнууд дайралдаад байв.
Дараа нь бид хоёр мөн хамгийн мундаг аалз, мэлхий, цох, царцаа мэтийн хорхой шавж барилаа. Бид бас зөгийн үүр авч явах санаатай байсан боловч дотроо зөгийтэй байх гэж бодлоо. Гэхдээ энэ ажлыг шууд орхисонгүй, зөгийнүүдийн гарахыг тэсвэртэй хүлээв. Уг нь бид зөгийнүүдийг хөөж гаргах санаатай байсан юм. Гэтэл зөгийнүүд биднийг хөөв. Бид хоёр нашатыр авчирч зөгийнд хатгуулсан газраа арчаад нэлээд хүлээсэн боловч сүүлдээ тэвчин сууж чадсангүй арга буюу орхив. Тэндээсээ могойн анд гарч хорин хоёр могой барьж шуудайнд хийгээд өрөөндөө авчирч тавилаа. Тэр үеэр оройн хоол ч болж байсны дээр өдөржин ажил хийсэн тул бид үнэг гүйцэтлээ өлсжээ. Хоолоо идээд буцаж ирвэл шуудайнд нэг ч могой байхгүй болжээ. Бид шуудайныхаа амыг муу уясны дээр могойнууд зальтай учир цөмөөрөө сэм гараад явсан бололтой. Цөмөөрөө тасалгаанд л байгаа биз, эднийг дахин барих юу байх вэ гэж бодоод харамссан ч үгүй. Түүнээс хойш нэлээд удаад харвал байшингаар дүүрэн могой болжээ! Зарим нь байшингийн таазнаас унжиж зарим нь аль нэг газраас гарч ирээд таваг, сав, дээлийн зах мэтийн нүх цоорхой бүгд рүү ердийнхөө зангаар шурган орохыг хичээнэ. Могойнууд янз бүрийн судалтай гоё харагдаж байсны дээр ямар ч гэм хор хүргэсэнгүй. Гэвч Салли нагац ямар ч могойг харж чаддаггүй тул түүнийг яаж ч оролдоод дасгаж чадсангүй. Дээрээс нь могой унах бүрийд хийж байсан ажлаа шууд шидэж орхиод тасалгаанаасаа гүйн гардаг байлаа. Би тийм аймтгай авгайг ер үзээгүй. Иерихонд дуулдахаар чанга орилохыг нь яана. Ядахдаа хавчуураар могой чимхээд авч зүрхлэхгүй шүү. Хөнжил дотор нь могой орсон байвал босон харайж, байшинд түймэр гарсан юм шиг чанга хашхирна. Тэгээд байхаар нь Сайлас өвгөний санаа зовж аргаа барахдаа бурхан багш могой гэдэг амьтан огт заяагаагүй байсан ч болоосой гэж ярьж билээ. Тэр ч байтугай байшинд нэг ч могой байхгүй бөгөөд бүтэн долоо хоносон хойно Салли нагац тайван сууж чадахгүй байлаа. Яадаг гэж санана! Юм бодоод сууж байхад нь шувууны өд хүзүүнд нь хүргэсэн төлөө огло харайн босож инээд хүргэнэ. Ер нь эмэгтэй хүн бүхэн аймтгай байдаг гэж Том ярих боловч чухам яагаад тийм байдгийн учрыг асуухад тийм л байдаг юм билээ гэхээс өөр хариу үл хэлнэ.
Салли нагац могой үзэх бүрийдээ бид хоёрыг шавхуурдаж ахиад та нар могой авчирвал уу хэмээн занадаг байлаа. Нагац төдий л өвдөхөөргүй шавхуурдах учир би ер гомддоггүй байсан. Харин барьсан могойгоо дахин барих л яршигтай ажил санагддаг сан. Гэхдээ бид хоёр могой болон бусад хорхой шавж барьж Жимийг бас хөгжөөсөн юм. Жимийг хөгжмөө дуугаргахад могойнууд цөм Жим рүү хөврөлддөг байлаа. Жим аалзанд үнэн голоосоо дургүй байж билээ. Аалзнууд ч бас Жимд төдий л дуртай биш байлаа. Хорхой шавж цугларуулж орон дээрээ чулуу тавьснаас хойш унтах газар олдохыг болилоо. Унтах газар байлаа гэхэд яах бол гэж бодохоос нойр хүрэх биш.
Ядахдаа эд нар зэрэг унтдаг сан бол бас яая гэхсэн. Могойгоо унтахаар хулганууд нь гүйлдээд хулгануудыг унтаж гүйцмэгц могойнууд нь хөврөлдөж эхлэх юм. Хэвтэх гэтэл хажуу сүвээгээр гүйлдэж зарим нь циркийнхэн шиг харайж дэвхцээд ер амар заяа үзүүлэх биш. Босоод өөр газар олж хэвтэх гэтэл нөгөө аалзнууд нь айлгаад болохгүй юм. Эрт орой хэзээ боловч эрх чөлөөгөө олж авбал би шоронд дахиад яасан ч суухгүй өндөр цалин амласан ч суухгүй гэж Жим ярилаа.
Барагцаалбал гурван долоо хоног бидний ажилд элдвийн саад тотгор тохиолдсонгүй цөм зүй ёсоор бүтэв. Бид хоёр боов дотор цамц хийж хэдийнээ өгсөн тул Жим оготнод хазуулаад босох бүрийдээ хэрэв бэх нь хатаагүй байвал өдрийнхөө тэмдэглэлд заавал нэг мөр юм бичдэг байлаа. Үзгүүд бэлэн учир чулуун дээр бичиж сийлэх ажлаа ч амжуулав. Жимийн орны хөлийг хөрөөдөж гарсан үрдсийг нь залгиж орхив. Түүнээс болж бидний гэдэс тэсвэрлэшгүй их өвдсөн шүү. Ингээд л үхэцгээх юм байх гэж бодсон чинь үхээгүй. Хөрөөдөс шиг муухай юм би идэж ер үзээгүй. Том ч мөн тэгж ярилаа. Бид бүх ажил дуусав. Их ч ядарлаа. Ялангуяа Жим ёстой махаа идсэн шүү. Оргодол негрээ ирж ав гэж Сайлас авга шинэ Орлеаны аж ахуйд хоёр дахин захидал бичсэн боловч чухамдаа тийм аж ахуй огт байгаагүй учраас хариу ирсэнгүй. Тэгэхлээр нь авга өвгөн Шинэ Орлеан, Сент Луисийн сонинд Жимийн тухай зарлал нийтлүүлэхээр шийдлээ. Түүнийг Сент-Луис гэж ярихад нь хамаг бие зарсхийж тун яаравчлах хэрэгтэй болсныг ойлгов. Томтой ярилцвал одоо нэргүй захидал бичдэг хэрэг гэлээ.
— Нэргүй захидал гэж юу байдаг юм бэ?
— Хэрэв хүмүүст аюул занал учирвал урьдчилан сануулна гэсэн үг. Ихэнхдээ нэргүй захидал бичдэг боловч заримдаа өөр аргаар сануулдаг ч ёс буй. Ер нь хэрэгтэн хүнийг ямар нэг хүн заавал хянаж шоронгийн комендантад мэдэгдэж байдаг юм. Арван зургаадугаар Людовикийг Тюилрийн цайзаас оргохоор завдаж байхад түүнийг нэг зарц хүүхэн хянаж байсан гэнэ билээ. Тэр бол сайн арга. Гэхдээ нэргүй захидал бол бас л сайн арга. Хоёулаа энэ хоёр аргын аль алиныг хэрэглэе. Зарим хоригдлын эх нь хүүгийнхээ хувцсыг өмсөж өөрөө шоронд үлдээд хүү нь ээжийнхээ хувцсыг өмсөн оргодог ч ёс буй. Үүнийг бас л хэрэглэж болох арга.
— Том оо, би чамаас нэг зүйл асууя. Эд нарт урьдчилан сануулаад хэрэг байна уу даа? Тэд өөрсдөө л тааж мэдвэл барж. Ер нь мэднэ үү, байна уу тэдний өөрсдийнх нь ажил биш үү?
— Хүн мэдээд хэлж байна шүү дээ. Тэдэнд найдаж заяа нь болохгүй. Нэгэнт эхэлсэн ажлаа дутуу хаяхын хэрэггүй. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж байдаг юм. Эд нар бол дэндүү итгэмтгий, юмыг ер ажигладаггүй улс. Хэрэв урьдчилан сануулж өгөхгүй бол бидэнд саад хийх хүн нэг ч гарахгүй. Ингэж хөдөлмөр болж болж сүүлд нь ямар ч үр дүнгүй, нам тайван өнгөрвөл ямар хэрэг байх вэ. Тэгвэл огт сонирхолгүй юм болно.
— Миний хувьд бол нам тайван өнгөрөх тусмаа л сайн байна.
— Хаанаас тийм байх вэ дээ гэж түүнийг тунирхахад нь би
— Чамд би гомдол мэдүүлэх гээгүй шүү дээ. Чиний санаанд тохирсон юм миний санаанд яг л тохирно. Том оо, хоёулаа зарц хүүхэн хаанаас олох бил ээ? гэв.
— Чи зарц хүүхэн бол. Шөнө сэмээрхэн явж тэр эрлийз негр эмэгтэйн тэрлэгийг дэлсээд ир.
— Томоо, тэгж яаж болох вэ! Өглөө босоход бөөн үймээн болсон байна гэсэн үг. Тэр эрлийз негр хүүхэн цорын ганц тэрлэгтэй байж таарна.
— Тийм нь тийм. Гэхдээ чи тэрлэгийг нь өмсөж нэргүй захидал хүргэж өгөөд л дахин босгон доогуур нь шургуулчих, их л бодоход арван таван минут хэрэглэнэ биз.
— За тэгвэл яах вэ, би аваад л ирье. Захидал аваачиж шургуулахад энэ хувцастайгаа явах, тэр хүүхний хувцсыг өмсөх хоёр ялгаа баймааргүй л юм даа.
— Чи энэ хувцастайгаа яваад зарц хүүхэнтэй адилхан харагдаж чадна гэж санаж байна уу?
— Чадахгүй нь ч чадахгүй л дээ. Гэхдээ би тэртээ тэргүй хэнд ч харагдахгүй шүү дээ.
— Хэргийн учир зөвхөн үүнд биш. Чи бид хоёр ямар ч гэсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хүнд үзэгдэж харагдана байгаа гэж санаа зовох юм ер байхгүй. Зарчим гэж нэг юм байдгийг чи мэдэх хүн үү, үгүй хүн үү? гэхэд нь би:
— За тэгвэл би дуугарахыг больё. Намайг зарц хүүхэн болго л доо. Харин хэн Жимийн эх болох юм бэ? гэж асуув.
— Би Жимийн эх болно. Салли нагацын тэрлэгийг авчраад л болох нь тэр.
— Тэг тэг. Харин чамайг саравч дотроо үлдээгээд Жим бид хоёр оргох болно шүү гэж намайг хэлэхэд Том.
— Хаанаас даа! Би Жимийн тэрлэг дотор өвс чихэж орон дээр тавьж орхино. Ээж нь тэр болог. Жим миний хувцсыг өмсөнө. Тэгээд гурвуулаа хамт «мөрөө хөөнө», сайн удамтай хоригдлыг оргоход нь «мөрөө хөөж» гэж ярьдаг юм. Жишээлбэл ван хүн оргохоороо тэгж ярьдаг юм. Вангийн хүү хууль ёсны ч байсан, хууль ёсны биш ч байсан бас тэгж ярьж болно гэв.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 19
  • Büleklär
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 01
    Süzlärneñ gomumi sanı 4570
    Unikal süzlärneñ gomumi sanı 2004
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 02
    Süzlärneñ gomumi sanı 4684
    Unikal süzlärneñ gomumi sanı 2002
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 03
    Süzlärneñ gomumi sanı 4733
    Unikal süzlärneñ gomumi sanı 1934
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 04
    Süzlärneñ gomumi sanı 4766
    Unikal süzlärneñ gomumi sanı 1936
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 05
    Süzlärneñ gomumi sanı 4699
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 06
    Süzlärneñ gomumi sanı 4863
    Unikal süzlärneñ gomumi sanı 1762
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 07
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 2052
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 08
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1993
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 09
    Süzlärneñ gomumi sanı 4601
    Unikal süzlärneñ gomumi sanı 2078
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 10
    Süzlärneñ gomumi sanı 4500
    Unikal süzlärneñ gomumi sanı 2159
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 11
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1963
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 12
    Süzlärneñ gomumi sanı 4617
    Unikal süzlärneñ gomumi sanı 1862
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 13
    Süzlärneñ gomumi sanı 4664
    Unikal süzlärneñ gomumi sanı 1783
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 14
    Süzlärneñ gomumi sanı 4677
    Unikal süzlärneñ gomumi sanı 1876
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 15
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1887
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 16
    Süzlärneñ gomumi sanı 4788
    Unikal süzlärneñ gomumi sanı 1867
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 17
    Süzlärneñ gomumi sanı 4801
    Unikal süzlärneñ gomumi sanı 1781
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 18
    Süzlärneñ gomumi sanı 4775
    Unikal süzlärneñ gomumi sanı 1882
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 19
    Süzlärneñ gomumi sanı 4711
    Unikal süzlärneñ gomumi sanı 1867
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 20
    Süzlärneñ gomumi sanı 2929
    Unikal süzlärneñ gomumi sanı 1381
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.