Latin

Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 07

Süzlärneñ gomumi sanı 4610
Unikal süzlärneñ gomumi sanı 2052
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Тэр хоёрыг холдсоны дараа би болохгүй юм хийж байгаагаа мэдсээр байж, юунд ийм юм хийв. Ер нь би өөдтэй хүн болж чадахгүй нь гэж дотроо харамсан салан дээрээ гарав. Хүн багаасаа худалч болбол сүүлдээ яаж ч болдоггүй бололтой. Хүн юмыг багаасаа л сурмаар юм байна билээ. Дараа нь бас минут хэртэй ийнхүү эргэлзэн бодов. Хэрэв би үнэнээ илчлэн Жимийг баривчлуулсан бол одоогийнхоосоо дээрдэх байсан уу? Үгүй, мөн ялгаагүй бас л тусгүй юм болох байсан. Сүүлд нь адилхан зовохоос хойш яагаад ч нэмэр алга. Зүй ёсыг дагавал айж эмээх юмгүй байх боловч шагнал нь ямар ч байсан адилхан юм. Би бүр мухардмал байдалд ороод за яршиг толгойгоо эргүүлээд яах вэ, юу санагдав, түүгээр л явахаар шийдэв. Майхан руугаа шагайвал Жим алга. Салан дээгүүрээ нэгжиж хараад олсонгүй.
— Жим ээ! гэж хашхирахад,
— Гек минь, би энд байна. Нөгөөдүүл чинь далд оров уу? Аяархан ярь гэв.
Жим хитгийн цаана усан дотор нуугдаад зөвхөн хамар нь шоволзож харагдав. Нөгөө хоёр хүнийг далд орлоо гэхэд Жим уснаас гарч салан дээрээ гарч ирлээ.
— Би та нарын яриаг нэгд нэгэнгүй сонсоод шалавхан усан дотор нуугдлаа. Хэрэв тэднийг хүрээд ирвэл эрэг тийш зугтаж, явсан хойно нь эргэж ирье л гэж бодлоо. Гек минь чи сайхан молигодов оо! Чи ганц сайн чадлаа! Хэрэв чи минь ийм заль зохиогоогүй бол Жим өвгөн чинь өнгөрөх байсан шүү. Хонгор хүү минь чинийхээ ачийг би хэзээ ч мартахгүй гэв.
Дараа нь бид хоёр мөнгөнийхөө тухай ярилцлаа. Тус бүр хорь хорин доллар олно гэдэг мундаг олз шүү. Одоо чи бид хоёр чөлөөт муж улс хүртэл гуравдугаар зэргийн хөлөг онгоцоор явахад бардан хүрэлцэхээр мөнгөтэй болов. Уг нь салаар хорин миль явах юу байх вэ. Тэгэхдээ хоёулаа чөлөөт муж улсад л бушуухан хүрэх юм сан гэж Жим ярив.
Бид хоёр үүр цайх үеэр эргийн зүг ойртон салаа аргамжив. Жим салаа аль болохоор сайн нуухыг хичээв. Тэгээд Жим өдөржин юм хумаа боож баглаад салаа бүрмөсөн орхихоор бэлтгэлээ.
Үдэш арван цагийн хавьцаа голын зүүн эрэг дээр нэг хот байгаа бололтой гэрэл гялалзав. Ямархуу хот байгааг нь очиж мэдэхээр би завиндаа суун явлаа. Тэр даруйхан завинд суун загас барьж яваа нэг хүнтэй дайралдаж ойртож очоод,
— Хүн гуай, энэ харагддаг чинь Каир хот уу? гэж асуувал.
— Юун Каир! Битгий солиороод бай! Дэмий юм шалгааж түвэг удаад байвал сайнаа үзэхгүй шүү чи гэхээр нь би арга буюу буцаж ирлээ. Жим санаа сэтгэлээр бүр унаж орхижээ. Тэгэхээр би ахиад нэг хот харагдвал заавал Каир байж таарна гэж хэлэв.
Үүр хаяарах үеэр дахин нэг хот харагдлаа. Очиж тагнахаар явах гэтэл тэр тушаа эрэг гарахын аргагүй өндөр харагдсан учир би явсангүй. Каир өндөр эрэг дээр баймааргүй сэн гэж Жим ч хэллээ. Нээрээ тийм л дээ би мартаж орхиж. Бид өдрийг өнгөрөөхөөр голын зүүн эрэгт ойролцоо, бут бүхий нэгэн арал дээр буудаллав. Би, яая даа байз гэж бодлоо. Жим ч бас тэгж бодов.
— Бид хоёр шөнө манан дундуур явахдаа Каираас өнгөрчихсөн байх шүү гэхэд Жим,
— Гек минь тийм муу ёрын юм битгий ярь. Ер нь ядуу негр хүмүүс өөдтэй явах хувьгүй юм байна. Могойн хараал хэзээд хүрнэ гэж би сайн мэдэж байсан гэв.
— Тэр могойн арьсыг би үзээгүй болоосой. Могойн арьс надад дайралдаагүй сэн бол! гэж хэлэхэд Жим:
— Гек минь чи учир мэдээгүй болохоор одоо яая гэхэв. Өөрийгөө зэмлэхийн хэрэггүй хүү минь гэв.
Үүр гүйцэд цайсан хойно харвал гарцаагүй тийм болж таарав. Голын наад эргээр Огайо голын тунгалаг ус урсаж цаагуур нь мөнөөх хуучин Миссисипи булингартан мэлийж харагдав. Иймд Каиртай золгохоос өнгөрчээ.
Бид хоёр яах ийхээ ярилцав. Эрэг дээр гараад ямар үхсэнээ хийх билээ. Буцъя гэтэл салаа урсгал сөргөж хүч хүрэхгүй. Ямар ч гэсэн харанхуй болохыг хүлээж, завиараа буцахаас өөр аргагүй болов. Бид хоёр тамир тэнхэл орохын тул бутны дунд өдөржин унтлаа. Бүрэнхий болсон хойно салан дээрээ эргэж ирвэл завь байдаггүй ээ!
Бид хоёр удаан болтол дуугүй суув. Ярьж хөөрөх юм ч олдсонгүй. Энэ явдал могойн хараал мөн гэдгийг хэн хэн маань сайн мэдэж байгаа болохоор яриад яриад ямар ч нэмэр болох билээ. Амаа татаж явахгүй бол лус савдаг бидэнд улам уурлаж нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэгч болно шүү дээ.
Дараа нь бид хэрхэхээ ярилцав. Салаараа гол уруудвал завь худалдах хүнтэй дайралдаж юу магад. Тэгээд худалдаж авсан завиараа буцахаас өөр арга олдсонгүй. Хэрэв ойр хавьд хүн амьтан дайралдаагүй бол Жим маань завь зээлэх л байв. Гэвч хойноос хөөж магадгүй гээд зүрхэлсэнгүй.
Бүрэнхий болох үеэр бид хоёр салан дээр сууж голоо уруудав.
Могойн арьс барих ямар гэмтэйг мэдэхгүй хүн саяын бидний явдлыг сонсоод ч итгэхгүй байж болно. Бидэнд цааш нь ямар гай тарьсныг сонсвол арга буюу үнэмших л болно доо.
Уг нь эрэгт аргамжаатай салан дээр завь худалдаж л байдаг сан.
Юм ер нь хясаантай шүү. Тийм сал бидэнд үзэгдэх ч биш. Бид хоёр яваад л байлаа, яваад л байлаа. Барагцаалбал лав гурван цагийн турш явсан байх. Шөнө болох үеэр тэг гэр харанхуйлж бүрхээд нэг л биш. Ямар эрэг байгаа, эргээс цааш ямар газар байгаа нь юу ч мэдэгдэхгүй учир манан дунд байснаас ч дор санагдана. Шөнө, бүр оройтож анир чимээгүй болсон хойно гэнэт бидний араас хөлөг онгоц ирж яваа сонстов. Хөлөг онгоцныхонд дохио өгөхөөр бид хоёр дэнлүүгээ асаав. Хүнд хөлөг онгоцнууд урсгал сөрөхөөс болгоомжлон гүйхэн уснаас тойрч өндөр эргийн гүн ус дагаж ихэвчлэн холуур өнгөрдөг юм. Харин тийм харанхуй шөнө хөлөг онгоцнууд урсгалыг эс хайхран чигээрээ явдаг юм билээ. Онгоцны дуу сонсогдох боловч бараа нь үзэгдэхгүй байснаа гэнэт улаан тулж ирсэн харагдав. Зарим хөлөг онгоц саланд аль хэр ойртож болохыг үзэхээр тэгж тулж ирдэг л дээ. Зарим хөлгийн жолооч хүрдээрээ сэлүүрийн үзүүр шүргэн дараа нь онгоцон дээрээ инээн гарч ирээд чадмаг шаламгайгаа гайхуулах удаа ч байдаг. Бид тэр хөлөг онгоцыг саланд гэм хүргэлгүй хажуухнаар яваад өнгөрөх санаатай юм байх гэж бодлоо. Гэтэл бидний зүг шув шулуухан хар хурдаараа айсуй харагдав. Ямар их сүртэй гэж санана. Хоёр хажуугаараа гэрэл эгнүүлсэн бөөн хар үүл шиг мундаг юм хүрээд ирэв. Эгнэсэн задгай зуухнууд нь улаан шүд шиг гэрэлтэн аварга том хошуу, их биеэрээ бидний дээрээс нөмрөөд авав. Хөлөг онгоцон дээр хүмүүс хүүе хайя болж хонх дуугаран хэрүүл шуугиан үүсэж уур утаа савсах чимээ гарав. Жим бид хоёрыг салынхаа хоёр зах дээрээс харайх л гэж байтал хөлөг онгоц салан дээр гараад ирлээ. Би ус руу шумбан аль болохоор ёроолд нь ойртох санаатай сэлээд л байв. Хөлөг онгоцонд тэгж зай тавьж өгөхгүй бол гучин пүүгийн жинтэй хүрд нь дээрээс няц дарна гэсэн үг. Уг нь би усан дотор нэг минут хэртэй тэсэж чаддаг юм. Харин энэ удаа лав минут хагас тэсэж чадсан байх. Дараа нь бүтэж үхэх шахан усны дээр шалавхан гарч авав. Би хахаж цацан суганаасаа дээш уснаас гарч ирэхэд голын урсгал тэр тушаагаа бузар хүчтэй байв. Хөлөг онгоцныхон салчдыг ямар хайрлаж анхаарах биш, бодвол зогссоноосоо хойш лав арваад секунд болж байж хөдлөө биз дээ. Намайг уснаас гарч ирэхэд хөлөг онгоц голын өөд нэлээд өгссөн бололтой харанхуйд бараа нь харагдахгүй, зөвхөн дуу чимээ нь сонстож байв. Жимийг өчнөөн дуудсан боловч ер чимээгүй. Тэгэхээр нь банзнуудаас гартаа аль түрүүнд дайралдсаныг нь шүүрч аван эрүүн дороо ивээд эргийн зүг сэлэв. Түдэлгүй нэг харах нь ээ голын урсгал зүүн эрэг тийш чиглэсэн байв. Би хэрэг биш болох нь гэж мэдээд хажуу тийшээ эргэн сэллээ. Хэрэв тэр урсгалыг дагасан бол уснаас мөддөө гарч чадахгүй байсан юм.
Би амар мэнд эрэг хүрч уснаас гарав. Ямар газар байгаа нь харагдах биш. Зам чиг гэлгүй шулуухан алхаж таван зуугаад алхам явтал хуучин маягийн том дүнзэн байшин яг тулгарав. Хажуугаар нь тойроод сэмээрхэн өнгөрөх гэтэл ноход боорлон ирэхэд, хөдлөхгүй зогссон нь дээр гэдэг ухаан надад оров.


Арван долоодугаар бүлэг : ГРЭНЖЕРФОРДЫНХОН НАМАЙГ ӨРГӨЖ АВАВ

Минут хэртэй болсны дараа нэг хүн цонхоор толгойгоо цухуйлгалгүйгээр:
— Аль та нар чимээгээ аядаач!... Хэн бэ? гэхэд нь,
— Би байна гэв.
— «Би» гэж хэн бэ?
— Намайг Жорж Жексон гэдэг.
— Ямар хэргээр яваа хүн бэ та?
— Ямар ч хэрэггүй, хүн гуай. Зүгээр л танай хажуугаар өнгөрөх гэсэн чинь нохой явуулдаггүй.
— Харанхуй шөнөөр энд тэнүүчилж явахын хэрэг танд юу байдаг бил ээ?
— Би тэнүүчилсэн юм бишээ, хүн гуай. Хөлөг онгоцноос унаж хоцорчхоод л явж байна.
— Хөлөг онгоцноос унасан гэнэ ээ? Аль, гэрэл гаргаач. Яалаа гэнэ ээ хө? Чамайг хэн гэдэг гэнэ ээ? Нэрээ ахиад хэлээч.
— Би Жорж Жексон гэдэг хүүхэд байна аа.
— Хэрэв чи үнэнээ хэлж байгаа бол айхын хэрэггүй. Бид чамд ямар ч гэм зэм хүргэхгүй. Чи наанаа хөдлөлгүй л номхон зогсож бай, мэдэв үү?... Аль та нарын нэг нь Боб, Том хоёрыг сэрээгээд буу аваад ирээч... Жорж Жексон, чамтай хамт яваа өөр хүн байна уу? гэхэд нь би,
— Байхгүй хүн гуай. Гав ганцаараа яваа гэв.
italki
Байшинд хүмүүс гүйлдэх чимээ гарч, гэрэл асаав.
— Аль, Бетси чи наад гэрлээ цааш нь. Ээ тэнэг ээ, тэнэг чи чинь солиорчихоо юу даа? Наад гэрлээ хаалганы цаана шалан дээр тавиач... Боб оо, Том та хоёр бэлэн болсон бол байраа эзэл гэхэд нь,
— Бид хоёр бэлээн бэлэн гэж байгаа дуулдав.
— Жорж Жексон, ингэхэд чи Шепердсоныхныг таних уу?
— Үгүй хүн гуай. Тэднийхний сургийг ч сонсоогүй.
— За тэр ч яах вэ, үнэн ч байж болно, худал ч байж болно. За одоо бид бэлэн боллоо. Ор ор Жорж Жексон, харин яаралгүй, аажуухан ороорой. Хэрэв өөр ямар нэг хүнтэй хамт яваа бол цаана чинь үлдэг. Өөр хүн цаанаас чинь гараад ирвэл буудчихна гэж мэдээрэй. За нааш ир. Аажуухан яваарай. Хаалгаа өөрөө онгойлго, өөрийгөө дөнгөж багтахуйцаар л онгойлгоно шүү, мэдээ биз?
Би яарсангүй. Яарахын арга ч үгүй байлаа. Ямар ч дуу чимээ гаргалгүй хаалган дээр нь хүрч очив. Тэгэхэд миний зүрх цохилох л дуулдаж байв. Эзнээ чимээгүй болоход нохойнууд нь мөн чимээгүй болсон боловч миний мөрийг шиншлэн хойно дагаж ирэв. Намайг дүнзэн модоор хийсэн гурван гишгүүр бүхий үүдний шатан дээр хүрч очиход дотор хаалганыхаа хавтсыг нээж онгойлгон оньс түгжээ тайлж байгаа нь дуулдав. Хаалганых нь бариулаас бариад биеэрээ түлхэн жаахан жаахан ахиад байв. Гэтэл нэг нь «за болно. Одоо толгойгоо оруул» гэв. Толгойгоо оруулах нь ч оруулаад авлаа. Одоо л тас цавчих бий гэж бодож байв.
Гэрэл нь шалан дээр тавиастай, цөмөөрөө хүрээлэн зогсжээ. Арван таван секунд хэртэй тэд намайг, би тэднийг харж зогсов. Үнэнээ хэлэхэд гурван том эр над руу буу шагайсныг хараад миний нүд халтирсан. Тэдний хамгийн ахмад нь жар орчим настай бол уу гэмээр буурал орсон үстэй, нөгөө хоёр нь лав л гуч гарсан бололтой, ер нь цөмөөрөө төлөв томоотой сайхан улс харагдав. Бас тун сайхан зантай буурал үстэй нэг эмгэн түүний ард залуухан хоёр хүүхэн зогсож байв. Тэр хоёр төдий л сайн харагдах биш.
— За за... Гайгүй шив дээ. Ор ор гэж өвгөн нь хэллээ.
Намайг ормогц өвгөн хаалгаа өөрөө хааж янзлаад залуусыг буу зэвсгээ аваад өрөөндөө орцгоо гэв. Тэд шинэхэн хивсэн дэвсгэртэй, зочид хүлээн авах том өрөөнд ороод нүүрэн талын цонхоор хүнд харагдахаас болгоомжлон буланд цугларч суув. Дараа нь гэрлээ өргөн намайг ажиглаж хараад «Шепердсоныхны төрх ер алга. Тэднийхний төрөл садан лав биш» гэлцэнэ.
Нөгөө өвгөн чамд буу зэвсэг байж магадгүй, зөвхөн нэгжиж үзэхэд лав дургүйцэхгүй байх. Бид ямар ч гэм хүргэхгүй гэв.
Тэр бээр миний өвөр түрийг уудалсан ч үгүй, зөвхөн гараараа хувцасны гадна талаас тэмтэрч үзээд гэмгүй хүүхэд байна гэв. Намайг чухам хаанахын ямар хүүхэд болохыг лавлан асууж манайхаас нэрэлхэж зовох хэрэггүй, гэртээ байна л гэж бод гэж өвгөний ярих завсар эмгэн ярианд оролцож:
— Хөөрхий амьтан, бүр усан хулгана болж гүйцэж.
Өлсөж яваа байх даа. Идэж уух юм өгөх юм биш үү? гэвэл,
— Тэгж үз, Рэчел минь, би огт санасангүй гэв.
— Бетси (тэр нь негр эмэгтэй байв) энэ хүүхдэд идэх юм аваад ирээч. Бушуулаарай. Хүүхдүүд ээ Бакийг сэрээгээд... Өө ашгүй чи ороод ирэв үү. Энэ жаалын нойтон хувцсыг тайлж аваад өөрийнхөө хувцаснаас өгөөрэй. Ядахдаа хуурай байг, хөөрхий гэв.
Бак нь надаас нуруугаар ялимгүй өндөр боловч арван гурав дөрөв орчим насны, ер нь миний үеийн хүүхэд харагдлаа. Унтлагын цамцтайгаа үсээ өрвийлгөн, өрөөсөн ханцуйгаараа нүдээ нухлан эвшээж, нөгөө гартаа буу чирэн гарч ирсэн Бак:
— Шепердсоныхноос ирсэнгүй еэ? гэж асуув.
Тэднийхнээс хүн ирээгүй байхад дэмий айж сандарснаа түүнд хэлэхэд,
— За тэгвэл яах вэ. Хэрэв ирсэн бол дор хаяад нэгийг нь буудах байсан юм гэж Бак хэлэв.
Тэднийхэн цөм инээлдлээ.
— Бак минь чи шалавхан ирэх нь яав аа! Нөгөөдүүл чинь чамайг ирэхийн хооронд золтой л толгойны арьс үс хуулаад явчихсангүй гэж Бобын хэлэхэд Бак:
— Өөрсдөө намайг ер сэрээхгүй дандаа л басамжлах юм. Энэ чинь ёстой завхарсан ажил, ингээд байвал би яаж чадлаа үзүүлж чадах юм бэ? гэхэд өвгөн:
— За яах вэ Бак минь эр хүн болохоо үзүүлэх цаг ирнэ гайгүй. Одоо сэтгэл зовохын хэрэггүй. Ээж чинь чамд сая юу гэсэн билээ, бушуул гэв.
Би Бактай хамт шатаар өгсөж өрөөнд нь оров. Тэр надад дотуур цамц, хөвөнтэй хүрэм, өмд өгөв. Би өгсөн бүгдийг нь өмсөж орхилоо. Намайг хувцаслаж байхад Бак миний нэрийг асуусан боловч нэрээ хэлэх хооронд урждар ойд явж бор шувуу, туулай агнасан тухайгаа ярьж амжив. Дараа нь лаа унтрахад Моисей хаана байсныг асуув. Тэгэхэд нь би мэдэх байтугай, сургийг нь ч дуулаагүйгээ хэлэв.
— Тэгвэл чи таа л даа гэнэ.
— Би дөнгөж сая л дуулсан юм чинь яаж таах хэрэг вэ?
— Чи ядахдаа тааж ч чадахгүй гэж үү? Таах ёстой амархан шүү дээ гэхэд нь би,
— Юун лаа унтрахад тэр вэ? гэж асуув.
— Ямар ч лаа байсан тэр?
— Мэдэхгүй, хаана байсан юм бол доо. Чи өөрөө хэл дээ. Хаана байсан юм бэ?
— Хаана юу байх вэ. Харанхуйд л байхгүй юу.
— Чи мэдсээр байж надаас юунд асуусан юм бэ?
— Энэ чинь оньсого шүү дээ. Чи одоо хүртэл ойлгохгүй байна гэж үү? Ингэхэд чи манайд удах уу? Бүрмөсөн манайд суу л даа. Хоёулаа ганц сайхан зугаалъя. Манайх одоо хичээл байхгүй шүү. Чамд нохой бий юу? Надад бий. Зомгол ус руу хаяхаар харайж ороод гаргаад ирдэг юм. Чи ням гарагийн мөргөл зэрэгт дуртай юу. Би өөрөө дургүй. Гэтэл ээж загнаад ер болдоггүй юм. Энэ муусайн өмднүүд гайтай эд шүү. Өмсөхөд ч яах вэ болно. Халууцуулах нь даанч төвөгтэй.
— Чи хувцаслаж гүйцэв үү? Гүйцсэн бол хоёулаа гаръя гэв.
Тэднийх эрдэнэ шишийн гурилаар хийсэн хүйтэн бин, давсалсан мах, цөцгийн тосоор дайлсан. Би тийм сайхан амттай хоол идэж огт үзээгүй. Бак, түүний ээж, ер нь хоёр залуухан охин, гадагшаа гарсан негр эмэгтэйгээс бусад нь цөм богино гаансаар тамхи татаж байв. Бүгдээрээ тамхи татаж яриа дэлгэхэд нь би ч гэсэн идэх уух завсраа оролцлоо. Хоёр охин нь хөнжил нөмрөн сууж үсээ сул тавьсан байв. Тэд цөмөөрөө надаас юм асууж сонирхоход нь би Арканзасын нэгэн жижиг бөглүү фермд эцэг болон бусад төрөл төрөгсөдтэйгөө хэрхэн аж төрж байснаас эхлэн Мэри эгч гэрээсээ оргож хар хүнтэй суугаад сураггүй алга болсон, түүнийг эрэхээр хойноос нь явсан Билл ах мөн сураггүй алга болсон тухай, бас Том Морт хоёр нас барж зөвхөн эцэгтэйгээ үлдэж өнчин өрөөсөн болсноо, эцэг сэтгэлийн зовлонд унаж үгүй болсныг яриад ферм манайх биш учир би үлдсэн жаахан хогшлоо аваад онгоцонд суун гол өгсөж хамгийн сүүлд хөлөг онгоцноос унаж энд ирснээ ярив. Тэд миний яриаг сонсоод манайд суу барь болж хэчнээн ч удаан байсан дургүйлхэх юмгүй гэв. Тийнхүү ярилцсаар үүр хаяарч эхлэхэд бүгд унтахаар өрөө өрөөндөө оров. Би ч гэсэн Бактай хамт унтахаар явлаа. Өглөө сэрээд нэг санах нь ээ нэрээ хэн гэж хэлснээ бүр мартаж орхижээ. Хэвтээгээрээ цаг хэртэй бодсон боловч санаанд орж ирсэнгүй. Тэгэхээр нь би Бакийг сэрэнгүүт,
— Бак аа, чи бичиж чаддаг уу? гэлээ
— Чадна гэнэ.
— Миний нэр бичихэд ямар хэцүү гэж санана!
— Би чамаас л дутахгүй бичнэ дээ.
— За тэгвэл бичээдэх л дээ гэв.
— Ж-о-р-ж Ж-е-к-с-о-н ингээд л биччихгүй юу.
— Зүйтэй. Би чамайг бичиж чадахгүй байх гэж бодсон юм. Миний нэр хэр баргийн хүн биччихээр нэр биш шүү гэв.
Би сэмхэн түүнийг нь дуурайлгаад бичээд авав. Тэгэхгүй бол дараа нэг нь нэрээ бичээдэх гэвэл сандарч мэгдэх болно. Одоо тэгэхэд мэдэмгий нь аргагүй зураад орхино шүү дээ.
Тэднийхэн гойд сайхан улс байсан. Бас байшин нь ч тун сайхан байшин байлаа. Хөдөөд тийм тохилог байшин байхыг би үзээгүй. Хаалганы түгжээс нь төмөр ч биш, суран оосортой мод ч биш, хотын байшингийн хаалгатай яг адил, зэсэн товруу эргүүлэхэд л болдог байв. Хотод зочид хүлээн авах өрөөндөө ор тавьсан айл зөндөө байхад тэднийх зочид хүлээн авах өрөөндөө ор байтугай, ортой төстэй юм ч тавиагүй байсан. Тэднийх доор нь туйпуу ивсэн том ил зуухтай. Тэр туйпууг ямагт цэвэр байлгахын тулд усаар угаан өөр туйпуугаар зүлгэх бөгөөд заримдаа хотын айлыг дуурайн «испанийн ягаан» гэдэг улаан будгаар хээ тавьдаг байв. Бас дүнзэн мод түлсэн ч болохоор том тулга байв. Ил зуухныхаа дээр шилэн гуутай цаг голлуулан тавьжээ. Шилэн гууны доод талд наран дунд байгаа хот зурсан боловч цагийн дүүжин хөдлөх нь харагдаж байлаа. Цаг нь чагнаад л баймаар сонин. Тэднийхээр явуулын цагчин хааяа ирж түүнийг арчиж цэвэрлэн түлхээд тавихад нэг дор хоёр зуун удаа дуугардаг байв. Тэр цагийг хэчнээн ч өндөр үнэ өгсөн худалдахгүй дагаа. Цагийн баруун зүүн талд шохойгоор хийгээд алаглуулж будсан бололтой хоёр тоть зогсоно. Нэг тотиных нь дэргэд шавар муур, нөгөөг нь дэргэд шавар нохой зэрэгцүүлэн тавьжээ. Тэр хоёрыг дараад тавихад дуугарах боловч ам нь ангайдаггүй бас хамар нь хөдөлдөггүй доогуураа дуугардаг байсан. Эдгээр амьтдын цаана зэрлэг тахианы хоёр том далавч дэлгэн тавьсан байлаа. Тасалгааны дунд тавьсан ширээн дээр сийрс саванд ёстой сайхан боловсорсон алим, жүрж, тоор, усан үзэм овоолсон байх бөгөөд гэхдээ тэр нь жинхэнэ иддэг жимс биш юм. Шалбарч холцорсон зарим нэгээс нь гөлтгөнө, шохой цухуйж байхыг бодоход өөр зүйлээр хийсэн нь илт байлаа.
Ширээгээ улаан хөх өнгийн будгаар хээ гуа зуран эмжиж хүрээлсэн гоё хулдаасаар бүтээжээ. Тэр хулдаасыг Филадельфээс авчирсан аж. Ширээний дөрвөн булан дээр олон ном жигдхэн өрж тавьжээ. Түүний нэг нь зураг хөрөг бүхий, гэр бүлийн том судар байлаа. «Бадарчин жуулчилсан нь» гэсэн номд нь нэг хүн эхнэр хүүхдээ хаясан тухай бичсэн боловч чухам яагаад хаясныг нь бичээгүй байв. Тэр номыг би олон удаа энд тэндээс нь уншиж үзсэн юм. Хэдийгээр ойлгомж муутай боловч тун сонирхолтой бичсэн байна билээ. «Найрамдлын бэлэг» гэсэн олон сонин өгүүлэл, шүлэгтэй бас нэг ном байв. Би шүлгийг нь уншиж үзээ ч үгүй. Түүнээс гадна Генри Клейн «Сургаал», Ганн докторын «Гэрийн эмчилгээ» гэдэг ном бий. Түүнд хүн өвдөх буюу үхэхэд чухам яавал зохихыг тодорхой бичсэн байлаа. Ер нь тэднийд мөргөлийн судар, янз бүрийн ном олон буй. Тэднийд хэдэн сайхан сүлжмэл сандал байх. Бөхийг нь яана! Яйжийж жайжийсан муусайн сийрсэн сав шиг хэврэг эд ер биш.
Байшингийнх нь хананд өлгөөстэй олон зургийн дотор бүх Вашингтоны хөрөг, Лафайетын хөрөг, янз бүрийн тулалдааны зураг, Мария Стюартын хөрөг байв. Бас «Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурсан нь» гэдэг нэртэй нэг зураг буй. Тэднийд байгаа будган харандаагаар зурсан олон зургийг нэг охин нь арван таван настайдаа зурсан аж. Тэр охин нь нас барсан гэнэ билээ. Тийм тас хар зургийг би өөр хаана ч үзээгүй. Тэдний зураг дотор сугаараа чанга барьсан, байцайны тэгнүүл мэт ханцуйтай нарийхан хар бошинз өмсөж толгой дээрээ хутгуур адил хэлбэртэй том бүрх тавиад нүүрээ хар тороор бүтээсэн нэг эмэгтэйн зураг буй. Урт хар бошинзын дороос нь хар тасамтай шаахай өмссөн нарийхан цагаан хөл нь цүүц мэт харагддаг сан. Өнчин бургасны дэргэд баруун гарынхаа тохойгоор шарилын хөшөө түшиж, зүүн гартаа алчуур цүнх хоёр барьсан энэ эмэгтэйн зургийн доод талд «Ээ, халаг! Чамайгаа дахин хэзээ ч харахгүй байжээ» гэсэн үг бичээстэй харагдана. Бас үсээ зулай дээрээ овоолж сам шигтгэн тогтоосон залуу эмэгтэй савраа дээш нь харуулан хэвтэж байгаа үхсэн шувуу алган дээрээ тавьсан зураг байлаа. Тэр зургийн доор «Жиргэхийг чинь чагнаж чагнаж сэтгэлээ хөгжөөхөөсөө өнгөрчээ би гэж бичсэн байв. Мөн, хоёр хацар дээгүүрээ нулимс бөмбөрүүлэн сар ширтээд цонхныхоо дэргэд зогсож байгаа залуухан хүүхэнтэй зураг буй. Тэр хүүхэн өрөөсөн гартаа хар бэхээр бичсэн хаягтай, захианы задалсан дугтуй барьж, нөгөө гараараа хүзүүнийхээ чимгийг уруулдаа нааж шахсан байлаа. Зургийн доод талд «Чи ингээд алга болчих гэж үү!Чамтай дахин учрах ерөөлгүй байжээ» гэж бичсэн байв. Зургийг нь харахад сайхан л хүүхэн. Гэхдээ уйтгар хүргэж элдвийг бодогдуулах учир би төдий л их таалдаггүй байлаа. Түүнийг нас барсанд тэднийхэн бүгдээрээ гойд их харамсдаг юм. Гүйцээж чадалгүй орхисон зураг нь нэг бус ажээ. Гүйцэд зурсан зургаас нь ч үзсэн тэднийд тун их гарз тохиолдсон нь хэн бүхэнд ил байв. Харин миний хувьд гэвэл тэр хүүхний зан төрхийг ажаад байхад амьд байснаасаа авсанд орвол хавьгүй хөгжөөнтэй баймаар хүүхэн санагддаг байлаа. Хүүхэн өвчтэй хэвтэж байхдаа нэг зураг эхэлсэн юм санж. Түүнийг нь бусад зургуудаасаа гойд сайхан болсон юм гэж ярьдаг байлаа. Тэр зургаа гүйцээтэл амь хайрлахыг гуйж хүүхэн өдөр шөнөгүй бурханд мөргөж байсан ажээ. Гэвч хүүхний хүслэн биелсэнгүй зургаа дутуу орхиод нас барсан гэнэ.
Тэр зураг нь гүүрэн дээрээс үсрэхээр завдан байгаа урт цагаан хувцастай залуухан хүүхэн бөгөөд үс нь задгай, хоёр хацар дээгүүрээ нулимс асгаруулан сар луу хараад хоёр гараараа элгээ тэвэрч, хоёр гараа урагш нь сунган, хоёр гараа саран өөд сарвайсан байлаа. Бодвол тэр эмэгтэй илүү олон гар зурсныхаа дараа аль сайн болсныг нь үлдээж бусдыг нь баллах санаатай байгаад сүүлдээ чухам аль хоёрыг нь үлдээхээ шийдэж чадалгүй дутуу орхин нас барсан нь тэр биз ээ. Энэ зураг хүүхний унтдаг байсан орны дээр зүүлттэй байх бөгөөд төрсөн өдрийн нь ойгоор цэцэг тавин чимж бусад жирийн өдрүүдэд урдуур нь жижиг хөшиг татна. Тэрхүү зурмал хүүхэн уг нь царайлаг аятайхан хүүхэн боловч дэндүү олон гартай учир надад аалз шиг санагдаад байдаг байлаа.
Тэдний зураач охин амьд ахуйдаа бас «сүсэгтний сониноос» эмгэнэл гашуудлын тухай зарлал, золгүй явдал буюу зовж шаналагсдын тухай тэмдэглэл хайчлан авч цуглуулга хийсний дээр тиймэрхүү хүмүүсийн тухай өөрөө олон шүлэг зохиожээ. Шүлгийг нь уншихад тун аятайхан бичсэн байна билээ. Худагт унаж үхсэн Стивен Даулинг Ботс гэдэг хүүхдийн тухай бичсэн шүлгийг нь унш л даа:

СТИВЕН ДАУЛИНГ БОТСЫГ НАСАН ЭЦЭСЛЭХЭД БИЧИВ

Ургах залуу насандаа Стивен
Ужиг өвчнөөр үхлээ гэнэ үү?
Ураг садан, найз нөхөд нь
Уй гашуудал боллоо гэв үү?
Өвчнөөр ч арай үхсэнгүй Стивен
Өөр хачин явдал болж
Элгэн садных нь нулимсыг
Эмгэг өвчин асгаруулсангүй
Өнчирч хоцорсондоо харамсан гашуудаад
Өрц зүрхээ бүү шаналга
Нус нулимсаа тэвчин татаж
Нууц учрыг сонсоцгоо та нар!
Алд бие нь худагт хоцроод
Ахин сэргэх горьдлого тасарсан ч
Амь сүнс нь салан одоод
Аз жаргал хайхаар дэгджээ.

Энэ шүлгийг Эмелина Грэнжерфорд дөнгөж арван дөрөвтэй байхдаа бичсэн байна билээ. Том болсон хойно ямар сайхан шүлэг зохиох байсан бол? Бакийн ярихыг сонсвол Эмелина шүлгийг тун амархан зохиодог байжээ. Шүлэг бичихдээ бодоод ч байдаггүй, нэг мөр бичээд дараа нь толгой холбох үг олдохгүй бол тэр дор нь зурж баллаад дахин цоо шинээр мөр эхлэх мэтээр бичдэг байсан юм. Эмелина эгч уйтгартай л юм дайралдвал юу ч байсан шүлэглэж чадна. Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүүхэд багачуул ямар нэг хүн үхвэл, хүүрийг нь хөрж гүйцээгүй байхад хэдийнээ амжаад шүлэг зохиочихсон байдаг байсан гэж Бак надад ярилаа. Тэгж бичсэн шүлгээ «Талийгаачийг ерөөх нь» гэж нэрлэдэг байжээ. Эхлээд доктор, дараа нь Эмелина, түүний дараа авсчин орж ирдэг байсан юм. Харин Эмелина авсчинаас хожимдсон удаа нэг л буй. Энэ нь Уистлер гэдэг хүнийг нас барахад нэртэй нь тохируулан толгой холбох үг эрж л жаахан саатсанаас болсон юм. Түүнээсээ хойш өөдөлж чадалгүй хатсаар байгаад удалгүй нас барсан шүү гэж айлынх нь хүмүүс ярилцаж байв. Эмелинагийн өрөөнд би олон удаа орж билээ. Зурсан зургийг нь хараад сэтгэл санаа үймүүллээ гэж түүнд уурлах гэж байсан удаа ч буй. Хуучин цуглуулгыг нь эрж олоод уншиж байсан удаа ч буй.
Ер нь тэднийхэн үхсэн нь ч гэсэн, амьд нь ч гэсэн өөдөөс нь үг зөрмөөргүй сайхан улс шүү. Хөөрхий Эмелина амьдадаа талийгаач болсон хүн тус бүрд шүлэг зохиосон байхад нас барсан хойно нь нэг ч хүн түүнд зориулж шүлэг бичээгүйг бодоход хүн гэдэг бас л муухай амьтан шүү. Ганц ч гэсэн шүлэг бичихээр би нэг удаа туршаад үзэв. Тэр маань даанч шүлэг болж чадаагүй.
Эмелинагийн өрөө ямагт цэвэрхэн байх. Амьд байхдаа юмаа яаж тавих дуртай байсан бэ, тэр янзаар янзлах бөгөөд тэнд хэн ч үл унтана. Тэднийх, хэдийгээр олон негртэй боловч өрөөг нь эмгэн өөрөө засаж янзлаад тэнд юм нэхэх буюу судар уншиж суух нь олонтоо харагддаг сан.
Зочид хүлээн авах өрөөнийх нь тухай хэлмээр юм энэ л шив дээ. Цонхондоо хамба хилэнгээр хучсан шилтгээн, ус ууж байгаа мал сүрэг бүхий гоё сайхан цагаан хөшиг хийсэн байв. Цонхныхоо орчимд, төмөр хайруулаар хага цохисон буй гэмээр сэвтэй, төгөлдөр хуур хөгжим тавьжээ. Түүн дээр «Прагын тулалдаан» гэдэг ая дарж охид дуу дуулахыг нь сонсоод анх би хэчнээн уярсан гээ. Хана нь цав цагаанаараа гялалзаж энд тэндгүй хивс болсон. Байшингийнхаа гадна талыг хүртэл шавардаж тэгшилсэн айл байв. Тэднийх хоёр байшингийнхаа хооронд шал тавьж дээгүүр нь саравч барьжээ. Тэнд сэрүүхэн, саруулхан учир засаж үдийнхээ хоолыг иднэ. Тэдний хоолны элбэг дэлбэгийг яана!


Арван наймдугаар бүлэг : ГАРНИ УНАСАН МАЛГАЙГАА АВАХААР ДАВХИСАН НЬ

Хурандаа Грэнжерфорд аль талаас нь харсан ч үнэхээр тохитой сайн хүн бөгөөд ер нь тэднийхэн гэр бүлээрээ сайн улс. Удам угсаагаараа сайн улс гэдэг шиг хартал аятайхан бөгөөд энэ бол хүнд адгуус малын үүлдэр шиг чухал юмс гэдгийг би бэлэвсэн Дуглас авхайгаас дуулсан юм. Авхайг манай хотын нэгдүгээр зэргийн язгууртан гэхэд хэн ч маргахгүй юм. Манай эцэг өөрөө хэдийгээр хоточ халтраас удам угсаагаар дээгүүргүй боловч бас л тэгж ярьдаг байлаа. Хурандаа Грэнжерфорд бол гойд өндөр нуруутайн дээр туранхай, цонхигордуу бор царайтай өглөө бүр бүхэл нүүрээ мөлчийтөл хусдаг, жимгэр нимгэн уруултай хянган хамар нь монхордуу, өтгөн хөмсөгтэй хүн билээ. Хар нүд нь сүрхий хөнхөр тул агуй дотроос гялалзах мэт цаана харагдана. Түмбэгэр магнайтай буурал үсээ мөрөө хүртэл ургуулдаг. Урт урт хуруутай туранхай гартай, дотуур цамцаа өдөр бүр сольж нүд гялбам цагаан, олсон даавуу хувцас өмсдөг юм. Гагцхүү бүтэн сайн өдөр зэс товчтой хөх өнгийн фрак хэмээх цамц өмсөнө. Грэнжерфорд гуай мөнгөн толгойтой зандан таяг тулна, тоглоом тохуунд дургүй, маш төлөв намуун дөлгөөн яриа хөөрөөтэй хүн. Хэчнээн энэрэнгүй сэтгэлтэй гээ! Хэн ч гэсэн хараад л итгэнэ. Инээх нь ховор боловч хааяа нэг инээхийг нь харахад үнэхээр дулаахан. Заримдаа май сарын шон (Америкт хавар болохоор нуга газар өндөр шон босгон чимж түүнийг тойрон зугаалга хийдэг заншилтай) шиг цэх зогсоод өтгөн хөмсөгнийхөө дороос оч сацруулах мэт харахад нь урьдаар шалавхан модон дээр гарч авч байгаад хойно нь чухамхүү учрыг дуулмаар санагдана. Түүнд хэнийг ч аашилж загнахын хэрэггүй. Түүнийг байсан цагт журмыг хэн ч үл гажна. Сайхан зантай байхад нь нарны дулаан илчинд ээхийн адил хамт байхуйяа таатай. Нүүр царай нь хурын үүл мэт барайгаад хагас минутын хэртэй болоход бусдыг бүтэн долоо хоногийн турш, хялгасан дээгүүр явах мэт цэмцгэнүүлж чадна. Түүнийг эмгэнээ дагуулан гал тогооныхоо өрөөнд орж ирэхэд хүүхдүүд цөм суудлаасаа босож сайн нойрсов уу? гэж мэндлээд тэр хоёрыг суудалдаа суутал зогссоор л байна. Дараа нь Том, Боб хоёр хоолны шүүгээн дээрх галуун хүзүүт шилэнд хийсэн уснаас авч аяга чанга архитай найруулан эцэгтээ хундагалж өгнө. Тэднийг өөрсдийнхөө аяганд хийхийг хурандаа хундагатай архиа гартаа барин хүлээнэ «Ноёнтон, таны эрүүл мэндийн төлөө! Хатагтай, таны эрүүл мэндийн төлөө!» гэж тэр хоёрын мэхийн ёсолж хэлэхэд хоёр хөгшин толгой тохисхийн талархал хүргээд гурвуул хундагатай архиа ууна. Дараа нь Боб Том хоёр өөрсдийнхөө хундаганд халбага ус элсэн чихэртэй хийж дээр нь чанга архи буюу жимсний архинаас дусаагаад Бак бид хоёрт өгдөг, түүнийг нь бид мөн хоёр хөгшний эрүүл мэндийн төлөө уудаг байлаа.
Ууган хүү нь Боб, түүний дараа Том төрсөн ажээ. Тэр хоёр нуруу өндөр, цээж өргөн, урт хар үстэй, нүд нь хар, царай нь хөрслөг сайхан эрчүүл. Тэд хурандааг дуурайн цагаан өнгийн гутал, хувцас, өргөн хүрээтэй цагаан сийрсэн малгай өмсөнө. Тэдний том охин нь гэж ихэмсэг, бардам төрхтэй, хорин тав эргэм насны нуруулаг Шарлотта хэмээх хүүхэн буй. Уурыг нь хүргэхгүй байж чадвал машид энэрэнгүй, сайхан ааштай. Хэрэв нэг уурлавал эцгээсээ долоон дор үс өрвийтөл муухай хардаг юм. Шарлотта царай зүсээр гуа хүн билээ.
Түүний дүү София бас л сайхан хүүхэн. Гэхдээ эгчээсээ тэс өөр. Намхан нуруутай, тагтаа шиг номхон дөнгөж хорин настай. Тэднийхэн тус бүрдээ нэг негр зарцтай. Бак хүртэл нэг негртэй байлаа. Би негр зарж сураагүй болохоор миний негрт хийх юм юу ч байхгүй, харин Бакийн негр төдий л гар зүгээр суудаггүй сэн.
Хурандаагийн хүүхдүүдээс үлдсэн нь энэ хэд л байв. Цаана нь гурван хүү байсан авч гурвуулаа алагдаж бас Эмелина гэдэг охин нь нас барсан ажээ. Хурандаагийнх өдий төдий ферм, хэдэн зуун негртэй айл байсан юм. Заримдаа тэднийхээр арав юм уу, арван таван милийн холоос морьтой зочид бөөн бөөнөөрөө айлчлан ирж тав зургаан өдрөөр найрлаж наргина. Тэд голоор зугаалга хийж өдөржин ойд найрласны дараа орой ирээд бүжиг хийнэ. Айлчдын ихэнх нь тэдний төрөл садан нар бөгөөд эрчүүд нь цөм буутай ер нь мундаг хүмүүс байна билээ.
Тэр хавьд бас нэг том язгуур угсаатай тав зургаан өрх байсан нь бараг цөмөөрөө Шепердсоныхон гэдэг ажээ. Тэднийхэн Грэнжерфордынхны нэгэн адил түвшин төлөв, хүмүүжил сайтай, баян чинээлэг улс байв. Шепердсон, Грэнжерфордынх хөлөг онгоц зогсоох дундын нэгэн буудалтай. Тэр нь манайхаас дээш хоёр миль зайтай оршино. Гэрийнхнийгээ даган усан буудлаар хааяа очиж үзэхэд тэнд Шепердсоныхон сайхан морь унаж, моринд чадамгайгаа гайхуулан байх нь олонтоо харагдана.
Нэг өдөр Бактай хамт ойд ан хийж явтал морин туурай сонстов. Бид хоёр зам яг огтлон гарч явсан юм.
— Бушуулаарай! Мод руу ор! гэж Бак хашхирав.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 08
  • Büleklär
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 01
    Süzlärneñ gomumi sanı 4570
    Unikal süzlärneñ gomumi sanı 2004
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 02
    Süzlärneñ gomumi sanı 4684
    Unikal süzlärneñ gomumi sanı 2002
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 03
    Süzlärneñ gomumi sanı 4733
    Unikal süzlärneñ gomumi sanı 1934
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 04
    Süzlärneñ gomumi sanı 4766
    Unikal süzlärneñ gomumi sanı 1936
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 05
    Süzlärneñ gomumi sanı 4699
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 06
    Süzlärneñ gomumi sanı 4863
    Unikal süzlärneñ gomumi sanı 1762
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 07
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 2052
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 08
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1993
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 09
    Süzlärneñ gomumi sanı 4601
    Unikal süzlärneñ gomumi sanı 2078
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 10
    Süzlärneñ gomumi sanı 4500
    Unikal süzlärneñ gomumi sanı 2159
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 11
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1963
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 12
    Süzlärneñ gomumi sanı 4617
    Unikal süzlärneñ gomumi sanı 1862
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 13
    Süzlärneñ gomumi sanı 4664
    Unikal süzlärneñ gomumi sanı 1783
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 14
    Süzlärneñ gomumi sanı 4677
    Unikal süzlärneñ gomumi sanı 1876
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 15
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1887
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 16
    Süzlärneñ gomumi sanı 4788
    Unikal süzlärneñ gomumi sanı 1867
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 17
    Süzlärneñ gomumi sanı 4801
    Unikal süzlärneñ gomumi sanı 1781
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 18
    Süzlärneñ gomumi sanı 4775
    Unikal süzlärneñ gomumi sanı 1882
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 19
    Süzlärneñ gomumi sanı 4711
    Unikal süzlärneñ gomumi sanı 1867
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 20
    Süzlärneñ gomumi sanı 2929
    Unikal süzlärneñ gomumi sanı 1381
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.