🕥 36 minut uku
Галуу Дагасан Гайхамшигт Аян - 5
Süzlärneñ gomumi sanı 4696
Unikal süzlärneñ gomumi sanı 1865
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Гэвч хошуугаа хөдөлгөх юм бас олдлоо. Тагтаа буюу бор шувуу идээд үлдээсэн талхны улнаас хэд хэдэн хэрчим олдож, ёстой хээрийн галууны хоол биш боловч, арга ядахын цагт ангайсан хошуунаас хойш орох юм болохоор бас л нэг ёсны өл залгах юм гэхэд үл болох газар үгүй.
Нилс л харин ёстой хужирлаж дээ. Нар салхинд хатсан тэр талхны ул мэрж идэхэд нь бүх Вестменхег гацаанд алдартай эжийн нь боовноос ч илүү сайхан амттай юм шиг санагдаж, талх амсаагүй удсан тул их л амтархаж идлээ. Нэг л гэм гэхэд эжийн боовонд дээгүүр нь бурам чихэртэй байдаг бол тэр байшингийн дээвэр дэх талхны ул нь хотын нарийн тоос болсон байжээ.
Тэр ч бага хэрэг гэж, тонгорог хутгаа гаргаад, тоосыг нь хусаж, хутгаар хатсан талх хагалж, нэг хэрчим талхны ул идэж бартал галуу хэдийн ус уугаад, нөгөө хэдэн хатсан талхны улнаас тоншиж идээд, ховол дагуу нэг нэгийнхээ сүүлд хошуугаа тавин хэвтээд, нэгэн зэрэг хошуугаа далавчин дороо хийж унтацгаасанд, Нилсийн нойр хүрэхгүй, Мартины нуруун дээр гараад, ховлын захын ваарын дээгүүр өндийж харваас харанхуйд хашаа, байдал сайн харагдаагүй. Гагцхүү цонхоор хааяа хааяа дэнгийн гэрэл үзэгдэж, өлгөмөл дэнлүү хүнгүй гудамжинд бүдэг гэрэл тусахаас ганц нэг оройтон явж байгаа хүн гудамжаар яаран алхаж өнгөрөхөд нь чимээгүй агаарт түүний хөлийн чимээ их л хол дуулдаж байлаа. Тэгж ганц нэгээр хааяа хааяа үзэгдэх хүнийг Нилс байшингийн орой дээрээс их л шохоорхон харж булан тойрч далд ортол нь хойноос нь ширтэлхийлж, дотроо нэн гуньхран,
— Энэ хүн, лав гэртээ харьж яваа байх. Хүүхэдтэй ч хүн байж магадгүй. Тэд нь лав өдийд орондоо ороод, хөнжлөөрөө сайхан хучаад унтаж байгаа байх даа. Дэргэд нь сандал дээр тэдний сургуулийн бичгийн үүргэн сав нь ном дэвтэр чихээстэй хэвтэж байгаа байх... Улс яаж гэртээ сууж байдгийг агшин зуур ч гэсэн нэг хараад үзэх юм сан. Би ч хүний нийгэмлэгээс тасарч, дахин эргэж хүний ертөнцөд орох минь хол байх аа... гэж бодтолоо, — Мартин чи унтаж байна уу? гэж асуугаад үзлээ.
— Унтаж байна аа. Чи унтахаа яасан хүн бэ? гэхэд нь.
— Мартин, чи түр унтахаа завсарла л даа. Над нэг ажил байна гэж гуйлаа.
— Чамайг тэгнэ гэж би мэдсэн. Шөнө болохлоор л чи ажил гээд гүйдэг зантай амьтан. Тэгээд дахиж алга болчихвол чинь би л чамайг эрэхгүй. Акка гуайд ч чамайг үгүй боллоо гэж хэлэхгүй. Тэр чигээрээ чамайг орхиод явна гэхэд нь Нилс аргадаж,
— Мартин минь битгий уурла даа. Би алга болоод хаачих вэ? Чи намайг доош нь л буулгаад өг. Би гудамжаар баахан явж зугаацъя. Тэгээд чи нойроо ханасан хойно ирж аваарай. Тэг л дээ. Мартин минь! гэхэд,
— Чиний хойноос доошоо дээшээ явж байх би юу болсон юм бэ? гээд, толгойгоо суга дороо шургуулж унтах гэхэд нь Нилс гуйж,
— Мартин минь намайг буулгаад өгөөч дээ. Чи хэрэв урд хүн байсан бол хүн амьтантай уулзъя, барааг нь харах гэж бас л бодож байсан байлгүй яах вэ? гэхэд нь Мартин цагаан галуу
— Чи хүн үзсэн, уулзсан юм биш үү? Тэнгист нэг том хотоор явсан гэж юугаа чи хэлж сануулсан бил ээ? Тэр хотод чинь хүн байсан юм биш үү гэхэд.
— Хүн боловч надтай адил, хараал жатга хүрсэн хүн байхгүй юу? Энэ хот чинь ёстой хүн төрөлхтний хот шүү дээ, Мартин минь. Мартин минь намайг доош нь буулган туслаач дээ! Гуйя, гуйя Мартин минь гэхэд тэр цагаан галуу өрөвдөөд,
— За, тэгж үзэхээс дээ, чи харин буусан хойно, хүний нүдэнд битгий үзэгд. Зовлон үүсэж, гай чирнэ шүү гэхэд нь,
— Яалаа гэж би хүнд харагдах вэ? Хүн байтугай оготно хулганад ч үзэгдэхгүй шүү гээд, Мартины буулгаж өгөх болсонд баярлаж, түрүүн дээр нь дэвхэцсэнд,
— Ёо-ёо, чи өдийг минь хуга дэвсчихнэ, боль боль гээд өдөржин нисэж чилсэн далавчаа дэлгэжээ.
Тэгээд төдхөн Нилсийг доош нь буулгаад хол битгий яваарай гэж дахин байшин дээр нисэн гарч нүднийхээ хор гаргах гэж унтаад өгөв.
3
Нилс гудамжаар ийш тийш харж, юмны чимээ чагнан, маш болгоомжтой явбаас, хотын хүн олон байтугай нохой ч гэсэн босгоны гадна хурхиран унтаж байв.
Цонхоор гялалзаж байсан дэнгүүд унтарцгааж, гудамжны адагт ганц доод цонхноос өөдөө гэрэл тусаж, гудамжийг зурвас гэрлээр хоёр тасалсан юм шиг үзэгдсэнд тэр гэрлийн зүг бүү унтраагаасай, бүү унтраагаасай гэж яаран гүйж очоод зоорин өрөөтэй бяцхан цонхны тушаа очиж дотогш нь харвал, зуухны нэг өнцөг, бас будаг шудаг халцарсан туурганы нэг хэсэг үзэгдлээ.
Цонхны хаалттай самбарын завсраар нэг хүн өнгөрөх нь харагдаад алга болчихлоо. Тэгээд туурган дээр нэг том гарын мундаг сүүдэр үзэгдээд, том гэгчийн гутал хөлөөсөө суга татаж тавьсан сүүдэр үзэгдэв. Тэгээд цамцны ханцуйн сүүдэр харагдаад, том гарын урт хар сүүдэр зууханд туслаа. Тэгэхэд нь цонхны хаалттай самбарын завсрыг ангайлгах гэж хөшөөд шагайвал дэнгийн гэрэл нүдэнд нь тусаж нүд гялбаад аньтал нэг мэдэхэд нь дэн унтарчихсан байв.
Тэр байшин доторх юм сайн харж нүдээ хужирлан урьд мөн ингэж байшинд суудаг байсан мөрөөдлөө гаргах гэж оролдоод цонхны шилээр хэчнээн харавч өөрийн царай тэр харлан гялалзах шилд үзэгдэн, өөр юу ч харагдахгүй байлаа. Тэгэхэд өөрийн бие эрхий хурууны чинээ, өөрийн царай хумсны чиний чинээ болсныг харахад төдий л таашаам бус тул, цонхноос холдож гудамжаар цаашаа явлаа.
Тэгээд удалгүй их талбай дээр гарч ирвээс, том том дөрвөлжин сайхан чулуугаар шалдаад, мушгимал төмөр баганад дугуй дугуй дэнлүү өлгөөстэй, лав хотын гол их талбай бололтой.
Ийш тийшээ харж үзэхэд нь цаг орой болсон тул цаашаа наашаа явах хүн үзэгдэхгүй. Энд тэнд зогсож байгаа ч хүн үзэгдэхгүй. Гагцхүү талбайн дунд нэг том өндөр чулуун тавцан дээр хүрэл хүн хөшөө зогсож байв.
— Энэ хэн гэдэг юм бэ? гэж Нилс, тэр хөшөөний тавцан тойрч ёроолоор нь явахдаа, байдлыг нь ажиглавал тун их зантай эр толгойдоо гурвалжин өнцөгтэй эсгий бүрх малгай дуурайн хийсэн хүрэл малгайтай, урт цамцан дээлтэй, өвдөгтөө хүрэх богино шуумагтай өмдтэй, горигтой гуталтай, гартаа бүдүүн мод барьж нэг хөлөөр урагшаа алхсан байдалтай байгаа нь тавцангаасаа буух гэж байгаа юм шиг. Царайны сүрхий ууртай, хөмхийгөө зуугаад хөмсгөө зангидаж модоороо хүн зодчихмоор тун ч зэвүүн муухай ааштай эрийн шинжтэй байх тул Нилс түүнийг харж харж,
— Хөө и, хүрэл мануухай! Чи энд юунд хүн айлгаж зогсдог юм бэ? Ингэж алцайгаад, мод атгаж зогссоноос, хөлийн хөшөө гаргаж явах юм биш үү? Чи юунд дуугүй байдаг юм бэ? За яах вэ, хүнтэй ярих дургүй бол зогсоод л бай. Би явлаа! гээд талбайн цаад захын нэг гудамжаар онгоцны зогсоол чиглэтэл хойноос нь нэг хүн мод тулж алхах мэт алхаж гишгэх нь том лантуугаар дөш цохиж байсан юм шиг сүрхий чимээ гарсанд, өнөөх хүрэл хүн! гэж мэдээд гэдрэгээ эргэж харалгүй тэнхээ мэдэн зугтаав. Нэг хөндлөн гудамж дайралдсанд тэр лүү гүйгээд, бас нэг хөдлөн гудамжаар давхиж байтал ахиад нэг хөндлөн гудамж дайралдахад тэр лүү гүйж, эцэж ядраад, нэг байшингийн үүдний шатанд түр амьсгаагаа дарах гэж суутал хүрэл хүний хөлийн чимээ өөр газар дуулдах шиг боллоо. Тэгэхэд нь санаа амарч, дотор нь онгойгоод, намайг хөөгөөгүй зүгээр явж байгаа юм байлгүй дээ. Тэр хүнд би муу юм хэлж, уурыг нь хүргээгүй шүү дээ гэж бодож байтал, гэнэт булангийн цаана пид пид гэж газар доргитол гишгэх хүрэл хөлийн чимээ, түс түс гэж хүрэл таягаар газар цохих чимээ дуулдаад, өнөөх хүрэл хүн өвдөг нугалалгүй алхаж, нүд цавчилгүй урагшаа харж булангийн цаанаас гарч яг Нилсийг чиглээд иржээ.
— Хаа орж зайлдаг бил ээ? гэж ийш тийшээ хараад орох нүх олдсонгүйд сандарч, их л айж цочтол, нэг хуучин муу модон дуган үзэгдлээ. Орой нь хазайгаад, туурга нь их өндөр бүдүүн агч модны гишүүнд тулуулсан тулдаа л бутарч ойчоогүй байгаа тэр сүм хараад,
— Энэ сүмийн модны орой дээр гарч нуугдвал, өглөө болтол намайг алахгүй байх гэж тэр лүү ухасхийж, сүмийн довжооны тэнд хүртэл, нэг хүн Нилс рүү хараад, нэг нүдээ анив анивхийж байв.
Яадаг бил ээ? Эргээд зугтаавал хүрэл хүн няц гишгэх байх. Цаашаа гүйх гэхэд бас юу болдог бол? Энэ хүн нүдээ анив анивхийдэг нь ямар ухаантай юм бэ? гэж бодтол өнөөх хүрэл хүний хөлийн чимээ нижигнэв.
Одоо явалгүй горьгүй боллоо гээд гараа зангидан алхтал, өнөөх сүмийн тэндэх хүн, толгой дохин, нүдээ анив анивхийгээд хөдлөх бүр хуучин модон сандал дээр хүн суухад дуугардагтай адил чимээ гарч байхад нь энэ яагаад ийм модон юм шиг дуугарч байна! гэж харж үзвэл, модон хүн байжээ.
Сахал нь ч мод, толгой нь ч мод, бүх бие нь мод, модон малгайтай, модон цамцтай, модон бүстэй, модон оймстой, модон гуталтай, нэг хацар нь улаан, нөгөө хацрын будаг нь халцраад хөх модон өнгөтэй. Модон элгэнд нь нэг модон пайзтай. Тэр пайз дээр нь,
Явуулын хүн, зогс!
Ядуу би чамайг хүлээв.
Энэ саванд мөнгө хийвэл
Энхжиний оронд жаргуулна!
гэсэн бичээстэй бөгөөд солгой гартаа нэг модон сав барьжээ.
— А-а! Одоо мэдлээ. Сүмийн бадар барих савны тосгуур болсон модон хүн юм байна чи. Тэгээд намайг дохиж байсан юм бий. За яах вэ ганц зоосоо өгье. Тэнгисийн хотод тусалж эс чадсан гэхэд, энхжиний оронд жаргаж үзье! гээд, хэрээний өгсөн тэр ганц зоос авч өгнө гэж гараа халаасандаа хийхэд, тэр модон хүн, хэдийн учрыг нь мэдээд доошоо шажигнан нажигнан бөхийж модон саваа тосоход, өнөө мөнгөө хийж орхилоо. Тэгтэл хүрэл хүний хөлийн чимээ пид пид, чид пад гэсээр ойртож, Нилс, за одоо хэдийд намайг няц гишгэж алах нь дээ! гэж бодтол, дээр нь мод шажигнаад өнөө модон хүн гараа сарвайлаа. Хүрэл хүнээс айсандаа Нилс модон хүний алга дээр яаран үсрэн гарлаа. Тэр модон хүн Нилсийг дорхноо дээш нь өргөж, малгай дээрээ суулгаж орхилоо. Тэгтэл ч өнөөх хүрэл хүн хүрээд ирлээ. Модон хүний хага хагалсан модон малгайн саравчны завсраар харахад нь хүрэл хүн пид пад, пид пид алхсаар гудамжны чулуун шал гишгэхэд нь нэг төө доошоо сууж, алхах бүрд нь хөл дороос нь оч гялалзаж, хэт цохиж байгаа юм шиг хүрэл хөлөөрөө чулуу цохисоор ойртож ирлээ. Хамар нь сартайж, хөмсгөө зангидаад, айхтар ууртай явж байгаа бололтой. Тэгээд модон хүний дэргэд хүрч ирээд, таягаараа газар тас хийтэл цохиод зогсоход нь газар донсолж, модон хүн доргиод ойчин алдаж малгай нь шилэн хүзүүнд нь буужээ. Тэр хүрэл хүн,
— Чи хэн гэдэг вэ? гэж модон хүнээс хүрэл хангинан сүртэй дуугаар асууж, модон хүн залдхийж цочоод гар өргөн ёслоод бие нь хагархай, мод хавиран дуугарах шиг болж номхон зогсоод мод хавирсан хоолойгоор
— Ван еэ, би Розенбум гэдэг далайн цэргийн салаан дарга «Дристигхетен» гэдэг шугамын онгоцонд алба хааж Фербелиний байлдаанд хоёр удаа шархтаад цэргээс халагдаж дуганы манаач болж 1690 онд нас барсан хойно модоор миний энэ хөшөө сийлж бадрын сав бариулсан билээ. Тэгээд
Сүмийн үүдэнд манаанд зогсож,
Сүнс минь тэнгэрийн оронд,
Яс минь чулуун даршинд
Янгирцаг модон хөшөө минь энэ ээ!
гээд дахин ёслоод номхон зогссонд хүрэл хүн
— Розенбум чи сайн цэрэг байжээ. Амьд байхдаа чамайг шагнаагүй миний буруу. Одоо талбай дунд нэг муу тавцан дээр зогсоод шагнахаас өнгөрчээ гэхэд нь
— Шагнах гэсэн ганц үг ч ван ноёноос сонсоход миний чихэнд их л сайхан дуулдаж байна. Эх орон, ван ноён тандаа хэзээд шударгаар зүтгэхэд бэлхэн гээд ёслоход нь Нилс тэр хүрэл хүний ван ноён гэж дуулаад би мэдэлгүй хүрэл мануухай гэж доромжилсон. Одоо яана? гэж сандрав. Тэгтэл хүрэл хүн тэр модон хүнээс
— За Розенбум чи над эцсийнхээ нэг алба залгуулж өг. Хулганын чинээ биетэй тун муу амтай нэг дүрсгүй муухай жаал энүүгээр өнгөрсөн. Намайг муу хэлсэн тэр жаалыг залхаах юм сан. Чи түүнийг харав уу? гээд модоороо газар түс хийтэл цохиход модон хүн,
— Харалгүй яах вэ, ван еэ минь! гэлээ.
Одоо л намайг зааж өгөх нь дээ. Юунд ч энэ хүнд зоосоо өглөө гэж Нилсийн айж суутал, тэр модон хүн
— Тэр жаал энүүгээр өнгөрсөн. Намайг элэглээд алга болчихсон. Би хэдий энгийн цэрэг боловч муу сайн багачуулд дарлуулж байхдаа бас гомдолгүй яах вэ? гэхэд нь,
— За, Розенбум, тэр муу хаашаа очсон бэ? гэлээ.
— Онгоц барьдаг үйлдвэрийн зүг гүйсэн гэхэд нь,
— Тэгвэл чи эрэлцэж өг, би хүрэл хөшөө болсноос хойш шөнө л явж чадахаас биш, үүрээр өнөөх тавцан дээрээ гарч зогсох үйлтэй болсон тул шамдалгүй горьгүй боллоо. За, Розенбум, яваад бай гэхэд нь, модон хүн уйтгартайгаар харчигнаж,
— Ван еэ, намайг энд минь үлдээж хайрла. Би гаднаасаа бага сага будагтай боловч, дотроо өмхрөн ялзарсан тул, явахад хэцүү. Ван өршөө гэхэд нь хүрэл хүн уур нь хүрч, ногоороод,
— Яана гэнэ ээ! Туш-ш-шаал зөрчих нь үү? гээд Розенбумыг модоороо лүс хийтэл татаад авахад, модон зомгол ийш тийшээ үсэрчээ.
— Чи явахгүй юм бол, хага цохиулна шүү! гэж загнахад нь Розенбум, модон хөлийн хөшөө гаргах гэж дороо алхлан, хага цохиулна гэж вангийн үг давтаад, хүрэл ванг пид пад алхангуут,
— Миний хойноос алхаад марш! гэхэд нь хөөрхий модон хүн бүх бие нь тас няс, тас тас хийсээр алхалж, хотоор өнгөрөн, онгоц барих үйлдвэрийн газар хүртэл хүрэл хүн түрүүлж, хойноос нь модон хүн алхаж, тэр модон хүний модон малгайн саравч дээр Нилс суугаад явжээ.
Үйлдвэрийн хашааны өндөр хаалганд цоож зүүлттэй байсныг хүрэл хүн таягаараа хэмх цохиод, хаалга харчигнан онгойсонд Нилс, модон малгайн тойруулга саравчны хагархайгаар харвал, тэр онгоцны үйлдвэр ёстой эвдэрхий онгоц хаядаг хогийн газар болсон байжээ. Эрт балар цагийн хөлөг онгоц, бөөрөөрөө цоорхой, бүдүүн гэгчийн юм далайн матар эрэг цээр хаягдаж үхсэн юм шиг энд тэнд тэсхийж хэвтэн, далайн салхинд урагдсан далбаа дарвуултай худалдааны онгоц, олс татлагат нь аалзны шүлс шиг орооцолдон, мушгиатай шат энд тэнд нь босгоостой, газар сайгүй онгоцны зэвэрхий зангуу төмөр давирхайдсан бүдүүн олс онгоц гадарлах гөлмөн төмөр овоолоостой хэвтэж байхыг хараад Нилс, их сонин газар хүрч ирлээ. Ганц бултайж болохгүй, нэг хагархайн завсраар харахаас биш, ийш тийшээ сайн харж болохгүйд гасаллаа.
— За, Розенбум, өнөө муу жаал олдохгүй юм шив дээ гэж хүрэл хүний хэлэхэд модон хүн, цэргийн дүрмээр үгийг нь давтаж,
— Олдохгүй юм шив дээ, ван ноёнтон! гэлээ.
— Бид олох ёстой. Розенбум олох ёстой! гэлээ.
— Олох ёстой! гэж модон хүн хагархай мод хавирсан шиг дуугарч модон шатан дээгүүр алхлан явахад нь хүрэл хүний гишгэхэд модон шат гулзалзан, арай эс хугарав. Замдаа хүрэл хүн хүрэл таягаараа нүх болгоныг чичин, хайрцаг дайралдвал хог дэлсэн, онгоцны шураг модыг ганц цохиод хуга ташиж, завь онгоц бүгдийг эргүүлэн нэгжиж тэр жаал хүүг хаа ч олдохгүй яасан юм бэ? гэж гайхаж явав. Тэгэхэд, тэр жаал нь модон цэргийн малгайн тойруулын цаана сууж, хамт явж байгааг яаж тэр хүрэл хүн мэдэх вэ дээ.
Гэнэт тэр хүрэл хүн зогсоод
— Розенбум, чи энэ далбаат онгоц таньж байна уу? гээд гараа сунгаж заахад нь Розенбум баруун тийшээ эргэлээ. Тэгэхэд нь захаараа зэвэрсэн төмөр хадсан нэг том гэгчийн тэвш шиг юм Нилст үзэгдлээ.
— Розенбум минь, чи энэ сайхан онгоц таньж байна уу? Хитэг нь юутай сайхан хэлбэр дүрстэй, хошуу нь юутай сайхан хэвтэйг хараач! Вангийн их буут онгоц байсан нь одоо ч мэдэгдэм байна шүү. Намайг энэ онгоцон дээр гарахад их буу нь юутай сайхан ёслон бууддаг байсныг Розенбум чи санаж байна уу? гээд хошуу нь тас бууж ойчоод хитэг гэдэг сүүл тал нь ханзарсан хуучран эвдэрсэн тэр онгоцыг бодлого болон санаж, чимээгүй хараад, ялзарсан модтой тэр онгоцныхоо өмхөрсөн модыг таягаараа тогшиж,
— Миний хуучин байлдааны энэ хөлөг онгоц, их юм үзэж өнгөрүүлсэн онгоц доо. Одоо энэ хог цээр ачааны муу онгоц шиг хаягдаад, урьд цагт ван өөрөө энэ онгоцоор явж байсныг хэн ч мэдэхгүй боллоо! гээд санаа алдаж, хүрэл нүднээс нь бууны сум шиг том гэгчийн нулимс бөнжгөнөн дуслав. Тэгж байтлаа гэнэт таягаараа газар цохиод, хэнхэлдгээ түрэн гэдийж,
— Розенбум, малгайгаа ав! Манай яруу алдрын гэрч болсон энэ онгоцонд эцсийн ёс гүйцэтгэе гээд, гурвалжин саравчит малгайгаа аваад үрэгдсэн онгоцны алдар нэр мандаг! Урай гэж тэнгэр дуугарах мэт их дуугаар хашхирахад нь модон хүн малгайгаа авч,
— У-р-р-рай! гэж хашхирсанд Нилс бас дүрсгүй нь хөдөлж, Ур-р-рай! гэж модон хүний толгой дээр хөлөө дэвслээ.
Хүрэл хүн гурав дахин Урай! урай! урай! гэж хашхираад малгайгаа хангинуулан өмсөж, эргэмэгц, гэнэт царай нь барайн ширэм, шиг өнгөтэй болоод,
— Розенбум, толгой дээр чинь юу вэ? гэж муухай ууртай гэгчээр шивнэн асуулаа.
Розенбумын толгой дээр Нилс зогсоод, гараа даллаж, хөлөө дэвсэж, маяглаж байсан юм байжээ. Хүрэл хүн түүнийг үзээд, минчийтлээ уурлаж үг хэлж чадахгүй дэмий л ангалзан, хүрэл бороохойгоороо модон хүний толгой дээр тас хийтэл буулгаж орхилоо. Модон хүний толгой нь хага бууж, тоос, өмх мод, шороо бужигнаад, хөл нь хуга үсрэн газар пид хийж ойчлоо.
4
Чимээ намдмагц Нилс, хэмхэрхий модон дундаас гарч ирээд үзвээс, хүрэл хүн алга. Зүүн зүг нар гарч, улаан гэрэл цацарч байв. Модон хүн, хэмх цохиулж, овоолоотой хэмхэрхий мод, зомгол болчихжээ.
— Ван намайг оносон бол миний муу яс ч бас энд хэвтэх байжээ. Хөөрхий Розенбум! Намайг чамтай дайралдаагүй бол бас нэг хоёр жил бүтэн байх юм санж гээд, эвдэрхий хэмхэрхий мод зомголыг нь цуглуулж нэг модон овоо босгож, хага цохиулсан нөхөртөө дурсгал болгоод, тэнгэрийн зүг харж, одоо оройтох шахлаа. Намайг хүртэл лав нар гарчих байх. Мартин намайг орхиод явчихвал яана? гээд бушуухан хаалгаар гадагш гарч, шөнө явсан замаа эрсээр гудамжаар гүйж, өглөөний гэрэлд шөнийнхөөс хамаг юм маш ондоо харагдах тул, зам төөрч хамаагүй гүйсээр нэг хөндлөн гудамжаар орж гэнэт өнөөх хотын захиргааны байшингийн тэнд гараад орж ирлээ. Амьсгаагаа дарж ядаж тэвдтэл, Мартин дээрээс нь буугаад,
— За, хол яваагүй, миний үг дуулсан чинь яамай даа гэж баярлажээ. Нилс, хамаагүй явснаа хэлж нөхрөө гомдуулсангүй, дуугай өнгөрүүлээд, дээшээ Мартинтай гарч олон галуу аялан мордож хотын дээгүүр гарах үес тэр хүрэл хүнтэй талбай дээгүүр гарахад нь доошоо харваас, өнөөх чулуун суурин дээрээ их л хожимдон сандарч гарсан бололтой таягаа сугандаа хавчуулаад, малгай нь хойшоо шилэн дээр нь бууж, дээлийн хормой нь хийссэн хэвээрээ тогтжээ.
Хүрэл ноёнтон, сайн суугаарай гээд гараараа хамраасаа татан урт хамартай урагшгүй амьтан гэж дооглон дохисонд хүрэл хүн огт хариу чимээ гарсангүй. Шөнө нэгэнт өнгөрч нар гарсан тул, хөдлөх байтугай, дуугарч чадахгүй, загная ч гэсэн загнаж чадахгүй мэл гайхаж, хүрэл царайлан зогсох ажээ.
Аравдугаар бөлөг : «БАРИГДЧИХЛАА»
1
Галууны аян шувтрах дөхөж, эзгүй хээр сүүлчийн удаа хоноод, маргааш үүр засаж, айл гэр болно доо гэж олон галууны баяртай нисэж явахыг хэлээд ч яах вэ.
Урьд нь Акка Кнебекайзе хамгийн түрүүн сэрдэг байж. Энэ удаа Мартин түрүүлж сэрээд, галуу бүрийг түлхэн сэрээж,
— Одоо бос, бос явж үзье. Лапландад хүрээд нойроо ханаарай! гэж, тэр Лапландыг үзэх сэн гэж тун их яарчээ.
Тэгээд, суганд нь унтаж байсан Нилсийг
— Хөөе, бос бос! Одоо нислээ! гэхэд нь Нилс яаран суганаас нь гарч, Мартины нуруун дээр гарлаа. Тэгээд Лапландын зүг нистэл, тэр зүг ядах шувуу их олон дайралдлаа. Хараацай шүрхийж хажуугаар нь уралдан нисэж, далайн нугас өд сөдөө гялалзуулан өнгөрцгөөж, нарийн хөлтэй цууцаль шувуу шүр шүрхийн хойноос нь гүйцэж, амар мэндийг асуулцаж, манайхаар айлчлаарай гэж бүгдээрээ баяр хөөр болж явав. Зарим нэг нь Акка Кнебекайзе эмээгийн лагшин тавтай юу? гэж, зарим нь та нар хаа буух вэ? Бид ногоон хошууны тэнд бууна шүү гэж зарим нэг нь, өнөөх хархыг дарсан баатар жаал тань аль вэ? гэж хашхиралддаг байлаа. Тэгэхэд нь Нилс нусныхаа алчуур гаргаад даллаж би энд байна, би энэ байна! гэж, шувуу болгон шахуу намайг сонирхон асуудаг боллоо. Би ч сүрхий жаал байна шүү гэж дотроо их л баярлан явдаг боллоо. Тэгээд, баяр хөөр болсондоо дуу зохиож,
Галууны орон чи газрын холоос
Харагдлаа! Галууны орон Лапландад
Галтай цогтой мэнд хүргэе!
Гэрийн цагаан галуу
Гэрээсээ намайг үүрээд,
Удалгүй Лапланд газар
Уухайлан бууна даа би!
Лапланд, Лапланд, Лапланд
Лаваар мөн байх шив дээ
Галууны орон Лапландад
Галтай цогтой мэнд хүргэе!
гэж тэнхээ мэдэн бархирч хөлөө арвалзуулж явтал нь гэнэт нэг модон шаахай нь суга үсэрч, доошоо ойчлоо,
— Мартин, зогс зогс! Гутал ойчлоо! гэж хашхирахад нь Мартин уцаарлаж,
— Яасан томоогүй жаал бэ? Одоо доошоо буугаад тэр муу гутлыг чинь эрж олтол хэчнээн цаг алдана. За бууж л үзэхээс дээ Акка Кнебекайзе, Акка Кнебекайзе ээ! гэж хашхирахад нь
— За, юу болов оо? гэлээ.
— Энэ муу жаал маань гутлаа хаячихлаа гэхэд,
— Гутлаа тайлаад явахгүй яасан юм бэ? Та хоёр бууж, гутлаа олоод биднийг гүйцэж үз. Эс гүйцвэл, чанх хойшоо нисээд Төгрөг нуурын тэнд Бор хадны ёроолд биднийг сураглаарай гэхэд нь Мартин,
— Бид та нарыг төдхөн гүйцнэ. Та нар харин битгий нэг их ширүүн яваарай гээд Нилсийг за, сайн барьж бай! Буулаа шүү! гээд доошоо шурган нисжээ.
Гутал харин амархан олдож, Мартины буусан газрын тэнд нэг явган зам дээр яг эзнээ хүлээж байсан юм шиг хэвтэж байлаа. Нилсийг Мартины нуруунаас гулгаж буутал, модон дунд хүн дуугарах чимээ гарч, охин хүү хоёр жаал гүйж гараад, охин,
— Мате, хараач! Энэ юу вэ? гээд Нилсийн гутлыг авч, ямар сонин юм бэ? Чи бид хоёрын гутал шиг мөртөө, хүний хамрын үзүүрт ч багтахгүй ийм гутал байх гэж гэхэд нь жаал хүү
— Аль ээ, үзье гээд эгчийн гараас тэр гутал шүүрч аваад хамар дээрээ тохож,
— Нээрээ хамрын үзүүр ч орохгүй юм байна гэж эргүүлэн үзэж байснаа, Ооса, энэ гутлыг манай муурын зулзагад өмсгөж үзвэл яана? Таарах юм биш биз? гэхэд Ооса гэдэг эгч нь
— Тааралгүй яах вэ? Тэгээд бас нэг гурван ижил модон гутал хийгээд жаал муураа гуталтай болговол сонин оо! Гуталтай мууртай болно шүү гээд, бушуу гэртээ харья гэж тэр явган замаар гүйлээ. Оосын хойноос Мате гүйж, Матын хойноос Мартин Нилс хоёр цуван гүйлээ.
Тэр явган зам яг ойн цагдаагийн гэр чиглэсэн зам байжээ. Үүдэнд нь нэг жаал муур эвхрэн хэвтэж байсныг Ооса охин шүүрч аваад, дүү нь модон гутал хөлд нь өмсгөж үзэх гэтэл, муур муухай дуугарч, маажлан тийчгэнэсээр гутлыг нь суга шиджээ.
Мартин яг тэр үед хүрч ирээд, гутлыг нь шүүрэн зугтаах гэтэл Мате ухасхийгээд Мартиныг барьж,
— Ээж ээ, ээж ээ, манай Марте гэдэг охин галуу буцаад ирлээ гэж хашхирахад нь Мартин, далавчаа сарвалзан, хошуугаараа тоншилж,
— Би Марте биш, Мартин гэдэг эр галуу! Тавь намайг! Тавь! гэж хашхирваас, тэр хоёр хүүхэд галууны хэл мэдэхгүй, Мате Мартиныг тас тэврээд,
Одоо л чамайг барьж авлаа. Золбин муу галуу чамайг даа! Ижээ, ижээ бушуул, алдлаа, алдлаа! гэж хашхирав.
Гэрээс нэг улаан хацартай авгай гарч ирээд
— Манай Марте буцаж ирэлгүй яах вэ. Ганцаараа модонд юугаа хийх вэ? Үгүй наадах чинь айлын эр галуу байна шүү. За энэ чинь хаанаас гарч ирсэн амьтан бэ? Ойр хавьд айл байхгүй шүү дээ, за яах вэ, Мартыг алдсанаас хойш, оронд нь энэ галууг авна аа! гээд Мартиныг барих гэхэд далавчаараа цохиж, хошуугаараа гарыг нь цус гартал чимхэн тоншлов.
— Энэ яасан муухай зантай галуу вэ? Шувууны торын ойр нь хавьтуулж болохгүй, байдаг тахиаг минь алах амьтан байна. Алж иддэг юм бил үү? гээд, хормогчоо тайчиж, Мартиныг тас ороогоод гэртээ оржээ.
2
Нилс нэг модны ард нуугдаад харж байснаа, Мартиныг ална гэж гэрт оруулахад уйлмаар боллоо. Анахайгаас болж хорхой шавж шиг биетэй болсон тул яаж ч аргалах аргагүйдээ тэсэлгүй хорсож, сайн нөхрөө тогооны гэрт оруулж алуулахыг нь үзэхэд хүрсэндээ тэсгэлгүй хорсож үгүй яасан ч Мартиныг салгаж авна гэж гэрт орох гэж зориглон явтал замд гутал нь дайралдаж, түүнийгээ авч өмсөөд, байшинд орох гэтэл долоон гишгүүр жижиг болсон биед нь долоон давхар өндөр хашаа шиг юм байв. Арай чарай гэж асаж авирсаар тэр долоон гишгүүр давж тогооны байшингийн хаалга нь аз дайрч онгорхой байсан тул гүйгээд ортол, Мартины далавч хөлийг нь тас хүлээд, ширээн дээр хаячихжээ. Зуухны дэргэд өнөөх улаан хацартай авгай, ханцуйгаа шуугаад, яг Нилсийн ээжийн, галуу тахиа хайрдаг тогоо шиг том тогоо угааж байв. Тэгээд гал түлэх гэж зуухны амсарт сууснаа,
— Түлээ багадлаа. Мате, Ооса, байна уу? Түлээ аваад ир, байна уу та нар гээд чимээ гарахгүй тул цонхны тэнд очоод Мате аа. Ооса, гэж дуудаад хаашаа алга болчхов оо! Ядахдаа хоол хийх түлээ дөхүүлж өгөхгүй гээд хаалгаа тас хийтэл хаагаад гадагшаа гарахад нь Нилс ширээний тэнд гүйж очоод
— Мартин минь, чи амьд уу? гэлээ.
— Гол тасраагүй л байна гэж Мартин их л уруу царайлан дуугарлаа.
— За. би чамайг суллая гээд ширээний хөл өөд авирахад нь Мартин
— Бушуул, бушуул, цаадах чинь эргээд ирнэ гэж сандарлаа. Тэр завсар Нилс хэдийн ширээн дээр гараад, халааснаасаа тонгорог гаргаж олсыг нь гар хөрөөгөөр хөрөөдөх адил цааш нааш, цааш нааш таттал далавчны хүлээс тасраад, Мартин далавчаа дэлгэж За, яс нь бүтэн бололтой гэлээ.
Нилс хөлийн нь олсыг тайрах гэж гараа холгоод, хутга нь тэр хатуу шинэ олсонд мохож, ер олс нь тасрах шинжгүй. Тэгтэл Мартин сандарч,
— Өнөөх чинь ирлээ. Яадаг бил ээ? гэж хашхирлаа.
— Ээ амжихгүй нь гэж гасалсаар Нилс хөлийн олсыг хөрөөдөөд л байлаа. Хутга их халж, хуруу нь холгож хавдаад, олс нь ер тасрах шинжгүй. Тэгтэл нэг олс тасарч бас нэг нь тасрах шахтал, хаалга дуугараад, өнөөх авгай нэг хормой түлээ үүрч ороод ирлээ. Нилс сандрахдаа
— Жийгээд бай гэж дуу алдлаа.
Мартин хоёр хөлөө жийж олсоо тастав.
— Энэ чинь яах нь тэр вэ? Олсоо тас татлаа гэж өнөөх авгай, түлээгээ шал дээр пижигнэтэл хаяад Мартиныг барих гэтэл гараас нь мултарч хаалга уруу ухас хийхэд, тогоо авдаг ацтай модон бариулаараа өнөөх авгай Мартиныг хаалганаас зайлуулжээ. Мартин сандрахдаа шүүгээн дээр гарлаа. Авгай урт бариултай туужуугаар шүүгээн дээрээс ховх цохиж. Мартин аяга, шанаганы тавиур модон дээр гарлаа. Авгай том шигшүүрээ бариад, дээрээс нь дарж авлаа.
— Одоо л чамайг дарж авлаа! гээд духнаасаа хөлсөө арчаад ширээн дээрээ аваачин, дахин хөлийг нь олсоор боох гэтэл, гарыг нь нэг юм хатгаад орхих шиг боллоо.
— Ёо ёо, энэ ч юу вэ? гээд хартал, давстай модон аяганы цаанаас дэвхрэг шиг жижигхэн хүн тонгорог далайн занаж байхыг цочин харж,
— Энэ чинь юу вэ? гэж сандран тэвдэх зуур Мартин ухасхийж босоод Нилсийн захнаас шүүрэн цонхоор нь нисэн гарчихлаа.
Авгай айн сандарч, хойноос нь хараад,
— Ээ яадаг бил ээ? Энэ чинь юу гэгч нь тэр вэ? гэж аман дотроо юм үглэн санаа алдаад, шал дээр хаясан түлээгээ түүж эхэллээ.
Арван нэгдүгээр бөлөг : ГАЛУУНЫ ОРОН
1
Мартин Нилс хоёр, Акка Кнебекайзийн захисан ёсоор чанх хойшоо чиглэн явжээ. Түрүүн ойн цагдаагийн авгайтай тулж ялсан боловч далавч нь зад нухуулж өрөөсөн хөл нь хоёр удаа тас хүлүүлсэндээ хавдаад, туужууны ишээр цохиулсан тал нь маш хөндүүр болсон тул, нисэхдээ сая дэгдэж сурч байсан анхны өдрийнх шиг нэг доошоо шургаж, нэг дээшээ гэнэт хөөрч, нэг баруун талаараа, нэг зүүн талаараа яйжийж явахад нь Нилс нуруун дээр нь арайхан гэж тогтож явлаа. Тэгээд гайхахдаа Мартинд,
— Үгүй ер нь чи нэг бууж амсхийвэл яана? Энэ дор нэг сайхан талбай байна. Өвс ногооноос зулгааж, бие баахан амарвал нэг ухаан бий шүү гэхэд нь Мартин, тэр ойн цоорхойд буух дуртай харан харан явсан учир, даруй зөвшөөрч ер нь нэгэнт сүргээ гүйцэхээс өнгөрсөн хойно Лапландад нэг цагийн урьд хожид хүрсэн ямар ялгаа байх вэ гэж тэр ойн цоорхойд буугаад, Нилс самар эрж, Мартин сая цухуйсан хөх ногооноос чимхлэн идэж гарлаа. Хур самар олдох юунаа магад гэж Нилсийн эрж эрж явтал, нэг юм хөдлөх чимээ гарсанд, бас юу нь гарч ирж гай болох нь тэр вэ? гэж өвсөн дунд нуугдан ажиглавал, цагаан өд гялалзан, галууны ганганах дуу гарчээ.
— Мартин, чи юу? Хэдийдээ энэ лүү хүрч ирсэн бэ? гэж асуутал, өвс шугуй дотроос нэг танихгүй цагаан галууны толгой цухуйжээ.
Өө, энэ чинь Мартин биш, өөр галуу байх шив дээ. Таныг гэж андуураад, манай Мартиныг алан алдсан тэр ойн цагдаагийн алдуул Марте гэдэг эм галуу та лаваар мөн болох нь ээ гэхэд нь,
— Аа тийм бий! Намайг алж идэх гэсэн юм бий? Миний хулжиж зайлсан минь харин зөв болж л дээ гэхэд тэр цагаан галуу толгойгоо шугуй дотроос бас цухалзууллаа.
— За Марте гуай, танилцъя. Бид танай эзэн авгайгаас арайхийж амь зулбаж гарлаа гэхэд нь тэр галуу гайхан
— Чи чухам ямар амьтан бэ? Хүн гэхэд, ийм жижигхэн хүн байх ёсгүй, галуу гэхэд бас ийм галуу хаанаас байх гэж дээ. Үгүй, чи ер нь өнөөх цуутай Нилс гэдэг биш байгаа гэхэд нь Нилс баярлаж,
— Та миний нэр дуулсан юм бий? Тэгвэл та бид хоёр хуучин танил юм шив дээ. Мартиныг та таних уу? Энд ойн цоорхойд байгаа. Хоёулаа очъё. Тэр бас гэрийн тэжээвэр галуу болохоороо, тантай танилцах дуртай байх. Тантай нэгэн адил оргодол галуу юм шүү дээ. Ганцхан ялгаа нь юу вэ гэвэл манай эжий түүнийг яасан ч алж идэхгүй сэн байх гэж, хоёулаа Мартин дээр очиход нь нээрээ ч Мартин их баярлажээ. Тэр эм галууг үзээд зодуулж нүдүүлж, бэртэн муужирснаа ч мартаж, элгэн дээрх өдөө илж, далавчаа засаад, хүзүүгээ маягтай гоёор нугалж, мэхийн ёсолж,
— Тантай уулзсандаа би их баярлаж байна. Таны оргож зайлсан тун зөв болж, эзэн авгай тань муухай харгис хүн байна шүү. Гэвч та ганц бие залуу охин яаж ой модонд ганцаараа суух вэ? Амьтан шоглож, дарлаж мэднэ шүү гэхэд нь тэр эм цагаан галуу,
— Харин ээ, яадаг юм бил ээ? Би тун их айж сандарч байна, урьд шөнө үен намайг алан алдлаа. Арай л далавчийг минь тас татсангүй, бас шоргоолжинд хөлөө
хазуулж сандарлаа.
Гэсэн ч би гэртээ харьж яасан ч тэр авгайд алуулахгүй. Үхвэл, эндээ л үхнэ гээд гашуудан уйллаа. Тэгэхэд нь Мартин сэтгэлийг нь засаж,
— Хонгор Марта минь бүү уйл, бүү уйл! Бид нэг арга сүвэгчилж үзэмз гэлээ, тэгэхэд нь Нилс,
— Би арга оллоо! Бидэнтэй хамт яв л даа! гэхэд нь Мартин баярлаж,
— Нээрээ, тэгвэл зохино. Та бидэнтэй хамт яв л даа гэхэд нь Марта
— Тэгвэл сайн л юм сан. Би нисэж чадахгүй нь, яадаг бил ээ? Гэрийн цагаан галууг ер нисгэж сургадаггүй учраас би чадахгүй бол уу? гэхэд нь Мартин
— Зүгээр зүгээр, сурч ядах юу байх вэ? Тэр амархан хэрэг, доогуур ниссэнээс, дээгүүр дэгдвэл дээр, зөөлөн ниссэнээс ширүүлэн ниссэн дээр гэдгийг л мэдвэл болох нь тэр. Би тэр учрыг сайн мэддэг болсон. Дүрмийн ёсоор нисэж эс чадвал яах вэ, дүрэмгүй дэгдээд ургаа модны дээхнүүр нисэхэд бас л болно. Ядарвал, доошоо буугаад амарч болно гэхэд нь тэр эм галуу баярлан,
— За, та нар намайг голохгүй л бол би дуртайяа бараадъя. Ганцаараа байхдаа би бас нисэхийн сургууль бага сага хийгээд үзсэн. Та нар харж бай. Би ингээд л дэгддэг юм даг гээд, далавчаа дэрвэлзэн гүйгээд, дээшээ нэг үсэрмэгц хошоод метр дэгдсэнд Мартин баярлаж,
— Уухайн тас. Та ч сүрхий нисдэг юм шив дээ. За Нилс, бушуухан нуруун дээр минь гар Нилс гээд, Нилсийг үүрээд дэгдлээ.

Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.