Latin

Эргэн Санахад - 1

Süzlärneñ gomumi sanı 4172
Unikal süzlärneñ gomumi sanı 1881
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Дондогийн Цэвэгмид

ЭРГЭН САНАХАД
(Дурсамж, тэмдэглэл)

Улаанбаатар хотноо 2005 онд эрхлэн хэвлүүлсэн номоос
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2020 онд газарт цахим хэлбэрт хөрвүүлэв.

ЦАХИМ НОМЫН САН: www.e-nom.mn
Найзтайгаа хуваалцаарай:

НОМ НЭЭЖ ӨГҮҮЛЭХ НЬ

Миний хувьд гэвэл Дондогийн Цэвэгмид гуайн нэрийг анх 1940˗өөд оны сүүлчээр Өлзийт сумын бага сургуулийн сурагчийн ширээний ард сууж байхдаа сонсож билээ. Тэр нь “Сурагч Ганбат”, “Хоньчин Найдан”, “Булшин дээр”зэрэг зохиолуудаас гадна хот хөдөөгүй хангинан цуурайтаж байсан “Багшийн сургууль” гэдэг дуунаас улбаатай байв. Учир юун гэвэл би сургуульд ороогүй үедээ “Багшийн сургууль нифлэн гийгүүлжээ” гэж дуулаад хонь хурганы хойноос цахилж явдаг байсан сан. “Агаар буданг нэвтлэн гийгүүлж” гэсэн үгийг би хаанаас ч юм сонсоод тийм хачин үг болгон цээжилж орхижээ.
Миний өсөж өндийх тэр жилүүдийн босгон дээр Цэвэгмид гуай Москвад Ломоносовын их сургууль төгсгөж эрдэмтэн болсон тухай яригддаг байв. Аспирантурт суралцаж эрдэмтэн болсон хүнийг тэр үеийн сурагчид цээжээр мэддэг, гаднаас ирсэн албаны хүмүүс асууж шалгавал цовхийтэл хариулдаг байсан билээ. 1950˗аад оны эхээр Ц. Дамдинсүрэн, Д. Цэвэгмид, Н. Жагварал, Б. Ширэндэв зэрэг манай анхны эрдэмтэд төрөн гарч, хойчийг залгамжлагчдын бахархал болж байснаас хамааран биднийг дөрөвдүгээр анги төгсгөх жил ямар сургуульд явах талаар санал асуухад нэг нөхөр маань “Аспирантурт явъя” гэж хэлж амьтадыг инээлгэж байсан удаатай.
Хожим нь Цэвэгмид гуай Их сургуулийн ректор, Гадаад явдлын яамны орлогч сайд, Хятад улсад суугаа элчин сайд гэх зэргээр сураг нь дуулддаг байжээ.
Түүгээр барахгүй Монгол Улсыг НҮБ˗ын гишүүнд элсүүлэх төлөөлөгчдийг тэргүүлж ард түмнийхээ өмнө түүхэн гавьяа байгуулсан нь ямар бахархалтай дуулдаж байсан гэх вэ.
Бас 1960˗аад оны соёлын хувьсгалын үед хятадын улаан хамгаалагчдад машинаа шатаалган буцаж ирснийг Даш˗Онолт гэдэг жолоочийн хэвлэлд ярьж мэдээлснээс сонсож байлаа.
Энэ мэтээр, хар багаас минь эхлэн Дондогийн Цэвэгмид гэдэг алдартай хүний нэр сураг чихэнд минь тасралтгүй сонсогдсоор явсан билээ. Гэтэл 1972 оны цэцэгт ногоон зун энэ хүнтэй Сайд нарын Зөвлөл хэмээх их айлд нэг дор хамт ажиллах учрал тохиол бүрдсэн өдөр гэнэт ирэв.
Тэгээд 8 жил хамт ажиллаж, алсаас сураг сонсоод явсан энэхүү домогт хүнийг ойр хажуугаас нь гадарлах байдалтай болж ирсэн билээ.
Ажил амьдралын баялаг туршлагатай, хашир, нямбай, ноён нуруутай, тэмдэглэл нарийн хөтөлдөг, уурлахгүй байж чаддаг, хүн болгонтой халуун дотно инээмсэглэн мэндэлдэг, салж явахдаа гар барьж ямар нэг ерөөлийн аятайхан үг хэлдэг зэрэг содон чанар нь надад юуны түрүүнд анзаарагдаж байв. Цэвэгмид гуай Монгол эх орноороо төдийгүй дэлхийг хэдэнтээ тойрч хөндлөн гулд аялжээ. 1929 оноос эрдмийн моринд дөрөөлж Улаанбаатар, Дөрвөд аймаг, Баянтүмэн, Алтайн цаадах говь, Москва, Берлин, Нью˗Йорк, Токио, Гавана, Бээжин, Жакарта, Рангун, Дели, Бандунг гээд явсан суусныг нь тоолоход барагдахааргүй.
Туулсан зам нь урт, үзсэн дуулсан нь их ийм хүн дурсамж бичвэл XX зууны шинэ Монголын сэхээтний намтар бүхэлдээ тодрон босож ирэх нь ойлгомжтой. Гэтэл Цэвэгмид гуайн аж төрж байсан “үзэл суртлын” шалгууртай тэр үед дурсамж бичихийг нэг их хөөршөөдөггүй, тэр дундаа манай ахмад үеийнхэн өөрсдийн тухай тод товгор юм хэлэхээс бишүүрхдэг байжээ.
Тэгээд ч биз “Дурсамжаа бичээд эхлэхэд өөрийнхөө л тухай өгүүлсэн утга давамгайхан гарч ирэх нь сэтгэл зовмоор” хэмээн Цэвэгмид гуай өгүүлжээ.
Гэхдээ улс эх орон хөгжиж соёл шинжлэх ухааны өндөрлөгт хүрсэн хойно “Анх ямар байлаа даа” гэж тэр үеийнхэнд бодогдохоос аргагүй. Тэр үүднээс Д. Цэвэгмид гуай 1930˗аад оны нийгмийн байдлыг үе үе санагалзаж тэсэлгүй “ам алдаж” явсан нь түүний бичсэн зарим дурсамжуудаас бэлээхэн мэдэгдэнэ.
1931˗1932 онд Дөрвөд аймагт байсан нь, 1934˗1935 онд Баянтүмэнд ажилласан нь, дараа нь Улаанбаатар хотын Үлгэр жишээ дунд сургууль, Багш нарыг бэлтгэх сургуульд багшилсан нь өнөө үзвэл 1930˗аад оны үеийн түүхийн маш ховор “дүрс бичлэгүүд” болон үлджээ.
1980˗аад оноос эхлэн бичиж зарим ном, сонин, сэтгүүлд нийтлүүлж байсан, бас гар бичмэлээр үлдсэн дурсамжийг түүж цуглуулан нэгэн дэвтэр болгон эмхэтгэж байна. Тэгэхдээ дээр үед хамт ажиллаж байсан болон үзэг нэгт зохиолч нөхдийнх нь яриа, дурсамжаас мөн “амсуулах”төдий оруулахыг хичээв. Энэ нь дурсагдаж буй үйл явдлын гэрч болох төдийгүй бид бүхний эдүгээ дурсан байгаа эрхэм хүний дүр төрхийг сэргээн санах, уран бүтээлийг нь судлан цэгнэхэд чухал санаа өгөх баримтууд болно.
Зохиолчийн замын тэмдэглэл нь түүний оролцсон үйл явдал, явсан суусныг илтгэх дурсамжийн өөр нэгэн сонирхолтой хуудаснууд болж байна.
Жишээ нь, Монгол улс НҮБ˗ын гишүүнд хэрхэн элссэн дөчин жилийн тэртээх явдлыг Цэвэгмид гуайн тэмдэглэлээс нэгд нэгэнгүй харж мэдэж болно.
Бас Алтайн цаадах говиор аялснаа тэмдэглэсэн нь зөвхөн зохиолчийн төдийгүй байгаль судлаачийн хувьд анхаарч ажигласан зүйл ихтэйгээрээ хэн бүхний сонирхол татаж байна. Улаанбаатар хотноо 1974 онд хэвлэгдсэн “Зохиолууд” хэмээх номд нь доктор Л. Түдэв оршил бичихдээ: “Үгийн яруу сайхнаар байгалийн гоо үзэмжийг зурж үзүүлэхэд хоёр үзэсгэлэн хослон нийлж хүний сэтгэлийг эзэгнэн авдаг байна” гэсэн нь энэ тэмдэглэлээс харагдах ажээ.
Намтраас нь дахиад хэдэн мөр сануулъя. 1951˗ 1987 он хүртэл Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, 1969˗1973 онуудад АИХ˗ын даргаар ажиллаж, Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын албыг тасралтгүй 16 жил хашсан зэрэг баялаг намтартай энэ эрхэм хүний дурсамжийг би дуусна гэж бодохгүй байна. Өөрөө бичиглэж эс амжсан юм гэхэд өрөөлийн ой санаанд үлдсэн гэрэлт мөрүүдээр “Эргэн санахад” ном үргэлжилсээр байх буй заа.

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Д. Нямаа
2004. 11. 20

НЭГ. ДУРСАМЖУУД

ДОНДОГИЙН ЦЭВЭГМИДИЙН ЯРИАНЫ ТЭМДЭГЛЭЛ, ЗАРИМ ТОДОТГОЛ

Д. Н: Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Дондогийн Цэвэгмид гуай 1976 оны нэгдүгээр сарын 20˗ны өглөө, тэр үед хамт ажиллаж байсан намайг дуудаж уулзаад “Хотын захиргааны Батмагнай гэдэг хүн Гавьяат багш нарын тухай ном бичиж гаргах юм байна. Аль хир бичдэг хүн юм, мэдэхгүй. Надаас материал авъя гэлээ. Иймд би танд өөрийнхөө багшилж явсан намтар түүхийг ярьж өгье. Танай хүн найруулж бичээд өгвөл би тэр хүнд өгч орхиё” гэв. Тэгж хэлээд ярьсныг нь би хэд хоногийн дараа найруулал болгон бичээд Цэвэгмид гуайд өглөө.
Хожим үзвэл С. Батмагнайн “Гавьяат багш” гэдэг номд уг найруулал орчихсон явсан шиг санагдана. Харин Цэвэгмид гуайн 11 хуудас ярианы тэмдэглэл надад хадгалаастай үлджээ. Хожим нь харж байхад би ярьсныг нь үг үсэг хаялгүй тэмдэглээд байснаас биш юм асууж тодруулсангүй. Цэвэгмид гуай ч амжилтаасаа ер ярьсангүй. Жишээ нь, гавьяат багш болсон, эрдмийн зэрэг хамгаалсан, “Багшийн сургууль”, “Сурагч Ганбат”, “Булшин дээр” зэрэг олон зохиолынхоо тухай юу ч дурссангүй. Тийм учир зарим зүйлд нь бусдын яриа дурсамж, баримтад тулгуурлан нэмэлт тодотгол хийх шаардлагатай боллоо. Гэхдээ их олон баримт нэр устайгаа, өдөр судартайгаа өөрийнх нь яг ярьснаар энд орлоо.
Харин энэ нь төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Д. Цэвэгмидийн зөвхөн багшилж явсан түүх нь гэдгийг нэмж хэлье.
Д. Ц: Би 1915 оны гуравдугаар сарын 26˗нд Цэцэнхан аймгийн Ачит бэйсийн хошууны (Одоогийн Дорнод аймгийн Баяндун сумын) нутаг Мойлт хэмээх газар төрсөн. 10˗13 нас хүртэл Хан Хэнтий уулын аймгийн Улз голын хошууны бага сургуульд суралцан төгсгөж, 1928 оны намраас 1929 оны аравдугаар сарын 1˗ний өдөр Улаанбаатар хотод ирж Багш нарыг бэлтгэх сургуулийн II ангид орж суралцаад тэр үед шинэ байгуулагдсан сургуулиудад багш дутагдалтай байсан учир 1930 оны гуравдугаар сарын 26˗нд Улаанбаатар хотын Хар бологсдын бэлтгэл сургуульд түмэн бодисын багшаар томилогдож ажилласан. Олон жил үргэлжилсэн багшийн ажил маань ингэж эхэлсэн.
Д. Н: Цэвэгмид гуай “Чи хөхөгчин туулай жилийн хаврын дунд сард баруун Мойлтод төрсөн" гэж аав ээж нь хэлдэг байсан тухай зарим дурсамждаа бичжээ. Тэр үед төрсөн өдрийг тодорхой хэлж мэддэггүй байсан. Тийм болохоор Цэвэгмид гуай анх багш болсон өдрөө төрсөн өдөр болгон анкет дээрээ бичсэн гэж ярьдаг.
Ингэхтэй зэрэг Цэвэгмид гуай аргагүй ерөөл тавилангаар багш болон “төржээ”.
Д. Ц: Хар бологсдын бэлтгэл сургууль нь Дүнжингаравын сүмийн зүүхэн хойно, одоо БНСЧСУ˗ын Элчин сайдын яам байрлаж байгаа тэр дэнж дээр байсан юм.
Тэр сургуульд сайн дураараа хар болж нийгмийн тустай хөдөлмөрт орохыг хүссэн лам хуврагуудыг элсүүлж тэдэнд монгол бичиг, тоо, дэлхийн байдал, түмэн бодисын хичээл заадаг байв.
Д. Н: Энэ үед бололтой. “Би Дондогийн Цэвэгмидийг жүжигчин болгох гэж театрт дагуулж аваачин шалгуулж байсан юм. Цаадах чинь тэнцсэн боловч хөдөө ажлаар явчхаад олдоогүй” гэж Д. Намдаг гуай дурссан байна.
Д. Ц: Германд сурч байгаад буцаж ирсэн Д. Намдаг 1930 оны зун энэ сургуульд багшаар томилогдож ирсэн. Бид хоёр нэг бяцхан өрөөнд хамт суудаг, оройн цагаар Ардын цэнгэлдэх хүрээлэнд очиж жүжигчин Дамдинбазар, Дэлдэнбоохой (Жинхэнэ нэр нь Лувсанчүлтэм гэдэг юм билээ. Д. Н) Ичинхорлоо нарын тоглосон жүжгүүдийг үздэг байсан. Нэг өдөр Намдаг жүжигчин болъё, цэнгэлдэхэд очиж шалгуулъя, хоёулаа явъя гэхэд нь би бага сургуульд байхдаа “Лхасаран, Долгор", “Жигдэн ноён” зэрэг жүжгийн хүүхдийн рольд тоглодог, бас туулайн баг өмсөөд “Борхон туулай” шүлгийг тайзан дээрээс уншихад үзэгчид баясан сонсдог, эмэг эх минь “Сайн уншлаа” гэж намайг урамшуулдаг байсныг санаад жүжигчин болбол чадаж ч юун магад гэсэн бодол төрж шалгалт өгөхөөр Цэнгэлдэх хүрээлэнд очлоо. Намдаг тайзан дээр гараад нүдээ ийш тийш эргэлдүүлэн, гар хуруугаа элдэв янзаар хөдөлгөн ганхан гунхан алхахыг нь үзэхдээ “Давахгүй шалгалт, чадахгүй алба байна” гэж бодоод, уран зохиолчдын бүлгэмийн хичээлд явж суралцахаар шийдсэн билээ. (“Цог” сэтгүүл 1988 №1)
Д. Ц: Тэгэхэд би 15˗тай байсан. 1930 оны гуравдугаар сарын 26˗наас 1931 оны наймдугаар сарын 15 хүртэл Хар бологсдын сургуульд ажиллахдаа "Амьгүй бодис”, “Амьд бодис”, “Наран саран хиртэхийн учир” гэх зэрэг конспект бичиж, түүнээ олшруулан сурагчдад уншуулдаг байлаа.
Энд нэг жил гаруй багшилчхаад байж байтал намайг 1931 оны наймдугаар сарын 15˗нд Дөрвөд аймгийн төвийн аж ахуйн сургуульд багшаар томилж орхилоо.

ДӨРВӨД АЙМГИЙН ЗҮГ

Д. Ц: Баруун аймгийн 50˗аад багшийн хамт Улаанбаатараас гараад морин өртөө дамжин морь, үхэр тэрэг, зарим газар тэмээгээр аялан явсаар 45 дахь хоног дээрээ Улаангом орж билээ.
italki
Д. Н: Цэвэгмид гуай ингэж явснаа “Анх Улаанбаатар хотоос 21 оны (1931) найман сарын 20˗ны өдрийн өглөөний 8 цагт гараад баруун зүгт шууд явж Богд ханы гараашийг дайран мөн удалгүй Хадаасангийн гарааш дээр оройхон ирж, мөн удалгүй цааш явсаар шөнө болгосон бөгөөд машин гэрэлгүйгээс хөдөө Аюурзанатай нэг хөнжилд унтвай” хэмээн өдрийн тэмдэглэлдээ бичжээ. (“Утга зохиол, Урлаг” 1983. №22)
Д. Ц: Тэр үед сургуулиуд шинэ дутам байгуулагдаад байсан болохоор бид баруун аймгийн сургуулиудад очих хичээлийн хэрэглэл, ачаа тээш ихтэй явсан.
Д. Н: Хожим нь энэ тухайгаа "Өртөөнийхөн ачааг үхэр тэргээр, элчийг мориор явуулдаг байлаа. Элч нарын дунд би хамгийн бага нь (16 настай) байсан учир “Чи давхиж чадахгүй, бидний явдалд саад болно. Ачаагаа харж тэргээр яв гэдэг сэн. Тэгээд би үхэр тэрэг дагаж голдуу явган явдаг байлаа” гэж дурсамждаа бичжээ.
Яриаг нь тэмдэглэж байх зуураа би “Аялах замд” шүлгийнх нь тухай асуусан. Тэгэхэд “Аялах замд шүлэгт миний анхны тэмдэглэлээс орсон зүйлүүд бий” гэж хариуллаа. Тэр шүлэгт:

Мянган жилийн мөнх цас бүрхсэн
Миний өвгөдийн алтан шарилыг хадгалсан
Намайг өнгөрөөж хойд үеийг хүлээх
Нар туссан баярт уулс байна...

гэсэн гойд сайхан мөрүүд бий. Доктор Л. Түдэв “Ерөөс Цэвэгмид гуайн уран бүтээл дэх байгалийн сайхан дүр зургийн дотроос уулс бол сүрлэг бардам, ханхар уужим, сэтгэл татам бадрангуйгаар дүрслэгдсэн байдаг” гэж (Л. Түдэв “Хүмүүс” 1983 он) тэмдэглэснийг хэлэлтэй.
Д. Ц: Дөрвөд аймгийн төвийн аж ахуйн сургуульд би 1932 оны аравдугаар сарын 1˗нийг хүртэл багшилсан. Энд байхдаа “Түмэн бодис”, “Дэлхийн байдал”, “Латин үсэг”, “Тоо бодлого” гэх зэрэг хичээлүүдийг заадаг, сурагчдын дунд биеийн тамир, уран зохиолын бүлгэм байгуулж “Өнчид”, “Харгис хөрөнгөтөн” гэх зэрэг жүжиг, дуурь зохиож Дөрвөд зоригт хааны ордонд тоглуулдаг байсан. “Өнчид” жүжигт Удганы Аюуш гэдэг дуучин бүсгүй тоглодог байсан юм.
Д. Н: Энэ хүний нэр Цэвэгмид гуайн яриан дундаас надад үе үе сонсогддог байсан. Тэгээд би “Амьдралд нь сайхан сэтгэгдэл үлдээсэн хүн юм байна даа” гэж дотроо боддог сон. Хожим нь Гомбожавын Даваасамбуутай хамт Булганд явж байгаад Увсын нэг бүсгүйн тухай дурсаж “Одоо нэг уулзвал... ” хэмээн ярьж байсан. Нэрийг нь мартжээ гэдэг юм.
Д. Ц: Дөрвөд аймагт байхдаа карбит кальцаар гэрэлтүүлдэг аппаратаар диапозитив үзүүлэн эртний үлэг гүрвэлүүдийн тухай, дэлхийн бөмбөрцгийн эргэлтийн тухай гэх зэрэг яриа таниулгыг аймгийн клубт хийдэг байсан юм. Энэ нь тэр үедээ нэг ёсны кино болж байв. Кино бий болоогүй үед түүнийг орлож байсан хэрэг.
Д. Н: Энэ ярианаас үзвэл 1931 оны өвөл Улаангомд анхны кино маягийн үзвэрийг 16 настай багш, буриад хөвгүүн Дондогийн Цэвэгмид зохион байгуулан гаргаж байсан түүхтэй ажээ.
Д. Ц: Тэр үед Дөрвөд аймгийн аж ахуйн сургууль 8 эсгий гэртэй, түүнд сурагчид байрладаг, өглөө нь ор дэвсгэрээ хуйлж бөөрөнхийлөөд дээр нь сандайлж хичээлээ хийдэг, мөн тэндээ хооллодог байсан.
Манай сургуульд 40˗өөд сурагч суралцдаг, нас биеийн хувьд жигд бус, дунд сургуулийн насны хүүхдээс авхуулаад тавь шахсан насны хүн ч байна. Тэд гол төлөв гэзэгтэй, сахиустай, усанд орж үзээгүй “бие угаавал буян арилна” гэж боддог, тэр бүү хэл бөөстэй хүн ч ирдэг байв.
Тийм учир багшлахын зэрэгцээ тэднийг усанд оруулдаг, өвдвөл эмчилдэг, бас улаан гэрт очиж ухуулга таниулга хийдэг байлаа. Сургуулийн захирлаар Базарын Барс гэдэг хүн ажилладаг. Барс бид хоёр Гэгээрлийн хэлтсийн дарга Намсрайтай нэг гэрт суудаг байсан юм.
Д. Н: 1930˗аад оны эхээр Аж ахуйн сургуулиуд манай эх орны энд тэнд байгуулагдан ажиллаж байсныг ахмадуудын яриа дурсамжаас мэдэж болохоор билээ.
Энэ ямар учиртай сургууль байсныг Цэвэгмид гуайн яриа тодосгож өгнө.
Д. Ц: Аж ахуйн сургууль төгссөн хүмүүс тэр үеийн хамтралуудад ажиллах ёстой байсан юм. Тийм учир хавар зуны улиралд багш нь удирдаж газар тариалангийн ажлын дадлага хийдэг байв.
1932 оны зун би хэсэг сурагчдаа аваад Баруун турууны голд очиж газар хагалж байснаа санаж байна.
Улаангомд байхад 1932 оны хаврын нэг орой аймаг дахь Дотоод яамны хэлтсийн дарга Цэндсүрэн гэдэг хүн дуудлаа.
Хүрч очтол Цэндсүрэн дарга Ховдоос ирсэн орос цэргийн сургагч Гуревич гэдэг хүнтэй хамт сууж байв. Дарга надад хандаж, Хөвсгөл аймагт гарсан эсэргүү хөдөлгөөний тухай, эсэргүү нарын одоо хаана байгааг зураг дээр заан ярьж, түүнээ сургагчид орчуулж өг гэлээ.
Тэгэхэд нь би орос хэл мэдэхгүйгээ учирлан хэлсэнд “Чи багш хүн атлаа яагаад орос хэл мэддэггүй юм. Би чамайг мэддэг гэж бодсон” гэв.
Түүний “Багш хүн атал яагаад мэддэггүй юм" гэсэн үгэнд нь би ихэд сэтгэл зовнин, орос хэл сурах минь яалаа гэж бодож эхэлсэн билээ. Тэгээд Улаангомын утасны хорооны дарга Очирбат гэдэг хүнд очиж, орос хэл зааж өгөөч гэж гуйлаа.
Очирбат өдөржин шөнөжин утасны морз аппарат ажиллуулдаг зав чөлөө муутай хүн байсан боловч аппаратад дуудлага ирэхийн завсар чөлөөнд ойр зуурын орос үг хэлж бичүүлээд, түүнийгээ цээжлээд ир гэдэг байсан. Би зааж өгсөн орос үгнүүдийг нь латин үсгээр тэмдэглээд цээжлэх гэж оролддог байсан. Энэ бол миний орос хэл сурах гэж оролдсон анхны маань алхам билээ. Ингээд би 1932 оны аравдугаар сарын 1˗ний орчим өөрийн хүсэлтээр Улаанбаатар хотод буцаж ирсэн юм.
Д. Н: Цэвэгмид гуай баруун хязгаарт сууж байгаад буцсанаасаа хойш 50 жилийн дараа Увс аймгийн намын бага хурал удирдахаар 1983 оны дөрөвдүгээр сарын 18˗нд Улаангомд дахин очжээ. Тэгээд “Тавин жилийн дараа” гэсэн тэмдэглэл бичиж залуу насныхаа тухай тов тодхон дурссаныг энэ номоос уншаарай.
Д. Ц: Улаанбаатарт хүрч ирээд Ардыг гэгээрүүлэх яамны сайдын тушаалаар бичиг үсгийн түр курст багш болж латин үсэг, тоо бодлого, түмэн бодисын хичээл заадаг байв. Бичиг үсгийн түр курс нь тэр үед хятадын “гурван гудамж” гэж нэрлэгдэж байсан газар хэдэн шавар байшинд хичээллэдэг, сурагчид нь бас тэндээ байрладаг байсан юм. Энэ сургуулийг төгсөгчид хөдөө орон нутагт бичиг үсгийн багшаар томилогддог байлаа.
Энд нэг хичээлийн жил багшлаад байтал 1933 оны долоодугаар сарын 1˗нд намайг Рабфакийн бэлтгэл сургуульд түмэн бодис, тооны багшаар ажиллуулахаар томилов. Энэ сургууль Улаанбаатар хотын Усны гудамжны хавьд байсан бөгөөд Буриадын Улаан˗Үүд хотод рабфакт явж суралцах хүмүүсийг бэлтгэдэг газар байв. Тус сургуулийн захирлаар эхлээд Мангаалам гэдэг залуу байсан. Дараа нь Хорлоогийн Далхжав (одоогийн гавьяат багш) ирсэн.
Орос хэлний багшаар Ольга Бадамжапова, дэлхийн байдлын багшаар Лувсангийн Цэрэн˗Очир нар ажиллаж байлаа. Энэ сургуульд би 1933 оны долоодугаар сарын 1˗нээс 1935 оны наймдугаар сарын 1 хүртэл ажиллахдаа сүүлийн жилд нь захирлаар томилогдоод байв.
Д. Н: Рабфакийн бэлтгэл сургуульд ажиллаж байснаа Цэвэгмид гуай хожим “мөн сургуулийн багш, үе тэнгийн залуу Лувсангийн Цэрэн˗Очиртой танилцаж нэг өрөөнд амьдран суудаг, зохиолчдын бүлгэмийн хичээл, жүжиг, кинонд хамт явдаг, шүлэг зохиолоо харилцан үзэж, санал сэтгэгдлээ хуваалцдаг байв” (“Эргэн дурсах жилүүд” 1988) хэмээн дурсжээ.

БАЯНТҮМЭНИЙ САР ӨДРҮҮД

Д. Ц: Дээр хэлснээр ажиллаж байгаад би 1935 оны наймдугаар сарын 1˗нээс Дорнод аймгийн төвийн дунд сургуульд багшаар томилогдон очлоо. Сургуулийн захирал нь Мигээгийн Дүгэржав, багш нар нь Найдангийн Цэенжав (хожим сэтгүүлч болсон) бид хоёр байсан. Миний бие ургамлын судлал, амьтны судлал, физик, хими, тоо бодлогын хичээл заадаг, багш Цэенжав улс төрийн ухаан, дэлхийн байдал, монгол хэл, түүх зэрэг хичээл заадаг байсан. Тэр үед хичээлийн үзүүлэн таниулах хэрэгсэл болох хими, физикийн нэлээд тоноглол бий болоод байсан. Бид сургуульдаа хими, физик, түмэн бодис, дэлхийн байдлын кабинет байгуулан хичээлийг үзүүлэн таниулах хэрэгсэлтэй заахыг оролддог байлаа.
Бас аймгийн төвийн албан хаагчид, сурагчдад лекц уншихдаа электрофор машинаар цахилгаан оч гаргаж тэнгэрийн дуу, цахилгааны учрыг тайлбарладаг, химийн бодисуудаар урвал үзүүлж шашны мунхруулгын эсрэг ухуулга таниулга хийдэг байсан юм.
Давтлага гэж хичээлээс дутуугүй цаг гаргаж сурагчидтай ажилладаг үе байлаа. Сурагчдын дунд биеийн тамир, зохиол, ший жүжгийн бүлгэм байгуулан удирддаг, аймгийн төвд уран зохиолын бүлгэм байгуулан ажиллуулдаг байсан.
Д. Н: Дорнод аймагт сууж байхдаа "Тус сургууль дээр уран сайхны бүлгэм байгуулав. Түүнд хөгжим ба уран зохиолын хоёр бүлэг бий” гээд С. Буяннэмэхэд захидал бичиж байжээ.
Аймгийн төвд байгуулсан уран зохиолын бүлгэмд С. Дашдэндэв, М. Дүгэржав, Н. Цэенжав, Ц. Дамдинсүрэн (Өвгөөдэй) зэрэг хүмүүс суралцаж, зарим нь хожим манай нэрт зохиолч, сэтгүүлчид болжээ.
Д. Цэвэгмидийн “Хоньчин Найдан”, “Болд Самбуу хоёр”, “Адуу манах нэгэн шөнө” зэрэг зохиолын дор "1935 он. Баянтүмэн” гэж бичээстэй байдаг нь энэ үед хамаарна.
Д. Ц: Олон өгүүллэг шүлгүүдээ би 1930˗1940 оны хооронд бичсэн юм. Гучаад он бол ангийн тэмцлийн маш ширүүн үе байлаа. Сургуулийн нэр хүндийг унагах, сурагчдын санаа сэтгэлийг алдагдуулах, сургуулийг үймүүлж тараахад чиглэгдсэн элдэв явуулга хийж, яриа цуурхал дэгдээдэг байсан. Ийм үед багш хүн гар хумхин суух аргагүй.
Д. Н: Цэвэгмид гуай энэ үеийн тухай бодсоор яваад “Анхны багш” гэдэг томоохон зохиол бичиж 1982 онд хэвлүүлсэн билээ. Бичиж байхдаа хамт ажиллаж асан надад үе үе уншиж санал авах гэдэг байв. Би аль болохоор нарийн ширийн дүрслэл (деталь) оруулмаар байна гэж зөвлөдөг байсан сан.

УЛААНБААТАРТ БУЦАЖ ИРЛЭЭ

Д. Ц: Миний бие Дорнод аймгийн төвийн дунд сургуульд 1936 оны долоодугаар сарын 1 хүртэл ажиллаад Ардыг гэгээрүүлэх яамны сайдын тушаалаар Улаанбаатар хотын Үлгэр жишээ дунд сургуульд түмэн бодисын багшаар томилогдож ирлээ.
Тэр сургуульд 1937 оны есдүгээр сарын 1 хүртэл ажиллаад тэндээс Багш нарыг бэлтгэх сургуульд шилжин ажилласан. Үлгэр жишээ дунд сургуульд болон Багш нарыг бэлтгэх сургуульд багшилж байх үед Улаангомд эхэлсэн орос хэл сурах оролдлогоо үргэлжлүүлж Всесвятскийн “Ургамлын судлал” хэмээх номыг орчуулахаар Ардыг гэгээрүүлэх яамтай гэрээ хийгээд Бурдуковын Орос˗монгол толийн тусламжтайгаар үг болгоныг толь бичгээс эрж олох журмаар орчуулсан.
“Ботаника˗это наука о растениях" гэснийг харахад толь бичигт “растение” гэж байхаас биш “растениях” гэж байхгүй болохоор тэрхүү “ях” гэсний учрыг олох гэж ядах жишээтэй.
Энэ номыг хоёр жилд багтаан орчуулаад дуусахад нэлээд олон орос үг мэддэг болсон төдийгүй хялбархан ном зохиол ашиглаж конспектоо баяжуулах чадвар сууж эхэлсэн билээ.
Үлгэр жишээ дунд сургуульд багш байх үедээ явж байгаад нэг ангийн хаалга татаж орхитол одоогийн гавьяат багш Шаравнямбуу Жюль Верний “Хорин мянган бээр усан доогуур” гэдэг зохиолыг сурагчдад ярьж өгч байв.
— Чи энэ номыг хаанаас мэдэх болсон юм бэ гэж асуухад Шаравнямбуу:
— Орос хэлээр уншсан гэж хариулав. Тэгэхэд нь би “Худал хэлж байна уу даа" гэж эргэлзсэн. Гэтэл үнэхээр орос номоос уншаад ярьж тайлбарлаж байлаа. Тэгээд би Шаравнямбуугаас хоцрохгүйн тулд орос хэл сурахаар зориг чангатган оролдсон юм.
Тэр нөлөөгөөр орос хэл мэдэхгүй хэр нь ном орчуулахаар яамтай гэрээ хийсэн хэрэг. Дараа нь “Хүний үүсэл”, “Амьдралын үүсэл” зэрэг жижиг товхимлууд, А. Д. Симуковын “Монгол орны газар зүй” гэдэг номуудыг мөн толь бичгийн тусламжтай орчуулсан.
Анх “Ургамлын судлал” номыг хоёр жилийн турш өдөр шөнөгүй сууж орчуулсан бол Симуковын 10˗аад хэвлэлийн хуудас номыг орчуулахад хагас жил илүүтэйхэн хугацаа орсон. Тэр нь эхлээд нэлээд цаг зарцуулж олон үг мэдэж авсны ач байлаа.
Үлгэр жишээ дунд сургууль, Багшийн сургуульд ажиллаж байхад Дельдужва, Речикова, Уфлянд, Токарев, Озероцковская, Камешков, Щадинян зэрэг олон олон орос багш нар ажиллаж биднийг дагуулан сургаж байсан юм.
Би үлгэр жишээ дунд сургуульд утга зохиолын багш Камешковын хичээлийг орчуулдаг байлаа. Ийнхүү сайн багшийг дагалдаж, заасныг нь чадан ядан орчуулж байсан нь орос хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд их тус болсон.
Д. Н: 1960˗аад оны сүүлчээр Монголын радиод ажиллаж байх үес миний бие “Улсын гавьяат багш” нэвтрүүлэг бичих захиалга аваад Шаравнямбуу, Насанбуян, Далхжав, Сэмжид, Базар зэрэг хэд хэдэн багштай уулзаж ярилцахад Шаравнямбуу гуай анх 1942 онд Цэвэгмид, Шаравнямбуу, Далхжав, Тамжид нарын 4 багшид Улсын гавьяат цол олгосон, нэг номерын үнэмлэхийг Дондогийн Цэвэгмидэд гардуулж байсан гэж ярьсан. Энэ нь Багш нарыг бэлтгэх сургуульд ажиллаж байсан үе.
Д. Ц: Багшийн тухай ярихад мартаж болохгүй юмны нэг нь конспект байдаг. Би орос хэл нэлээд төсөөлөх болсон хойноо орос ном, сурах бичиг ашиглаж конспектоо баяжуулдаг болсон. Конспект муу бол хичээлийн чанар муу болдог. Тэр үед орос багш нар сайн конспект хийх хэрэгтэйг бидэнд үргэлж зааж сургадаг байжээ.
Тэр үеэс эхлээд конспект бол багш хүний амин чухал зэвсэг юм гэж бодож явдаг болсноо хэлье.
Д. Н: Дээр үеийн багш нар сурагчдын чөлөөт цагийн асуудалд их анхаарал тавьдаг байсан нь Цэвэгмид гуайн энэ өдрийн ярианаас надад тод ойлгогдож байлаа.
Д. Ц: Үлгэр жишээ дунд сургууль, багшийн сургуульд ажиллаж байхдаа бид хичээлээс гадуур оройн цагуудад сурагчдын дунд төрөл бүрийн бүлгэм ажиллуулан хүүхдийн авьяасыг хөгжүүлэхэд анхаардаг байсан юм.
Гончигжав багш биеийн тамирын бүлгэм, Шаравнямбуу багш жүжгийн бүлгэм, би уран зохиол, бүжгийн бүлгэм удирддаг байв. Сурагчдын уран сайхны тоглолтыг бас удирддаг, одоогийнхоор бол найруулагчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ.
Бүжгийн бүлгэмийн сурагчдын дуулалт бүжигт зориулж “Баян сүрэг", “Соёл эрдэнэ” зэрэг шүлэг зохиосныг Үлгэр жишээ дунд сургуулийн сурагчид дуулан бүжиглэдэг байлаа.
Бас ариун цэврийг сахихад зориулан “Биеийн эрхтний тэмцэл” хэмээх шүүмжлэлийн зохиол, “Эвдэгч, эрээчигч" зэрэг шүүмжлэлтэй зохиол бичиж түүнийгээ үзэгдэл болгон сурагчдаар тайзан дээр тоглуулдаг байв. Ингэж тэр үед бүжиглэж байсан сурагчдын зарим нь нэртэй жүжигчид болсон. Хожим гавьяат багш болсон Сэмжид, гавьяат жүжигчин болсон Ч. Долгорсүрэн, Ө. Рэнцэнноров, мөн Дуламсүрэн, Дайрийжав нарын зэрэг олон хүүхэд энэ тоглолтод оролцдог байсан.
Өөр нэг зүйл гэвэл, Багш нарыг бэлтгэх сургуульд багшилж байх үед хичээлийн болон хичээлээс гадуурх ажлын зэрэгцээгээр сургалтын кабинет байгуулах, үзүүлэн таниулах хэрэгсэл бэлтгэхэд нийт багш нар гойд анхаарал чармайлт гарган ажилладаг байсан юм.
Би Зөвлөлтийн багш нартай хамтран тэдний удирдлагын дор ажиллаж, Багш нарыг бэлтгэх сургуулийн байгалийн хичээлийн кабинетыг байгуулж билээ.
Д. Н: Цэвэгмид гуайн ажил амьдралын нэг торгон үе ийнхүү Багш нарыг бэлтгэх сургуультай холбоотой байжээ. Тийм ч дээрээс “Агуу мандмал багшийн сургууль” гэсэн үгтэй алдартай дууныхаа үгийг бүр 1932 онд зохиож их Д. Нацагдоржид үзүүлж “зүгээр” гэсэн үнэлэлт авч байсан байдаг.

ИХ СУРГУУЛИЙН АНХНЫ ХОНХ

Д. Н: Туулсан зам, амьдрал нь Монгол улсын их сургуультай холбогдох олон хүний манлайд би Дондогийн Цэвэгмид гуайг дурсана. 1950,60˗аад онд Их сургуулийн Цэвэгмид гэж хэлэгддэг байсныг манай үеийнхэн сайн мэднэ.
Д. Ц: 1942 оны аравдугаар сарын 5˗нд МУИС анхны хонх цохиход миний бие зоологийн кафедрийн лаборантаар орж ажилласан. Тэгээд 1945 оныг хүртэл лаборантаар ажиллахдаа анагаах ухаан, мал эмнэлэг, тоо физикийн факультетын хичээлд зав чөлөөндөө сууж шалгалт өгдөг, зуны цагт нь профессор А. Г. Банников, Э. М. Мурзаев, А. А. Юнатов нарын хамт Алтайн цаадах говь, баруун нуурын хонхор, Халх Нөмрөгийн голын сав, Хөвсгөл, Завханы нутгаар аялан явдаг байсан.
Д. Н: “МУИС˗ийн түүхийн товчоон" (2002) хэмээх номд үзвэл “Анхны жилүүдэд ЗХУ˗ын эрдэмтэн багш нар урилгаар ирж тус тэнхимд (Биологийн Д. Н) мэргэжилтэн багшаар ажиллаж байв.
Тухайлбал, нэрт эрдэмтэн, амьтан судлаач, профессор А. Г. Банников 1942˗1949 онуудад, ургамал судлаач профессор A. А. Юнатов 1942˗1948 онуудад, амьтан судлаач, профессор B.Н. Скалон 1945˗1951 онуудад хичээл заахын зэрэгцээ Монгол орны амьтан, ургамлын аймгийн судалгааг хийж, оюутан залуучуудыг дагалдуулан сургаж байв" гэжээ. Түүний нэг нь залуу хөвүүн Дондогийн Цэвэгмид ажээ.
Д. Ц: 1945 оны намар Москва хотын Ломоносовын их сургуульд явж суралцсан.
Машинаар бүтэн 2 хоног явж Наушки хүрээд тэндээс галт тэргэнд сууж 10 хоног өдөр шөнөгүй давхиж байж Москва хүрдэг байсан юм. Москвагийн гэгээн дурсгалт өдрүүдийг 1950 оны 10 дугаар сарын 20˗нд дуусган нутгаа зорьж билээ.
Д. Н: Ломоносовын их сургуулийг төгсгөх үедээ “Давхар үүдэн шүдэт мэрэгчдийн амьдрал биеийн бүтцийг харьцуулан судалсан нь” гэдэг сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж Монголын анхны эрдэмтдийн нэг болжээ. Энэ тухайгаа надад ярьсангүй.

Хувилгаан багшаа муулж
Зохиолч болж явлаа
Хулганын гэдэс цоолж
Эрдэмтэн нэр зүүлээ...

гэж хэн зохиосныг бүү мэд, шог яриа байдгийг л мэдэх юм. Энэ нь Цэвэгмид гуай өөрөө ч хэлсэн үг байж магадгүй.
Д. Ц: 1951 оны нэгдүгээр сарын 1˗нээс 1953 оны нэгдүгээр сарын 1 хүртэл МУИС˗д Зоологийн кафедрийн эрхлэгч, Анагаах ухааны факультетын декан, проректор зэрэг албан тушаалд ажиллаж байв. Тэгээд 1953 оны нэгдүгээр сарын 1˗нээс 1959 оны долоодугаар сарын 1 хүртэл ректороор, дараа нь 1967 оны есдүгээр сарын 1˗нээс 1972 оны долоодугаар сарын 15 хүртэл хугацаанд МУИС˗ийн ректорын албанаа дахин томилогдож ажилласан.
Их сургуульд ажиллах энэ хугацаандаа Биологийн факультет болон Анагаах ухааны факультетад “Сээр нуруутан амьтны” судлалаар лекц уншсаар ирлээ.
Д. Н: Дээрх хуучийг надад ярьж тэмдэглүүлсэн байна. Цэвэгмид гуай МУИС˗ийн захирлаар ажиллаж байхдаа шинэ жил, сургуулийн нээлт, төгсөлтийн үеэр оюутнуудад хандаж олон удаа сайхан үг хэлж байсныг тэр үеийнхэн мэднэ.
1971 оны зун Монгол Улсын Их Сургуулийн 26 дахь төгсөлт болж 600 гаруй оюутан дээд мэргэжил эзэмшин эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист хүлгийн жолоо залжээ. Тэдэнд хандаж Их сургуулийн ректор, профессор, зохиолч Д. Цэвэгмид дэлгэрэнгүй үг хэлсэн байна.
Тэр үгнээс нь эш татъя.
“Ахмад нь эхлээд залуугаа дагуулдаг, дараа нь ахмадын халаанд залуу нь зогсдог нь жам ёс юм. Гагцхүү ахмад үеийн халааг нэр төртэй залгамжилснаар түүх урагш ахидаг тавилантай билээ. Та нарыг бид өөрсдийн шавь нар гэж үзэж байна. Дээд мэргэжилтэй олон шавь нартайдаа бид баяртай байдаг. Улс эх орондоо их үйл хэргийг бүтээх, сайхан ирээдүйтэй мэргэжилтнийг бэлтгэх үлэмж хүндэт үүрэг хариуцлага хүлээж ажилладаг. Манай багш нар,Та бүхнийг үйлдвэрлэлд хэрэглэдэг томьёогоор бол өөрсдийн хөдөлмөрийн бодит бүтээл гэж бахдан харж байна.
Та нар анх тус Их сургуульд элсэн орж байх үедээ дөнгөж дунд сургууль төгсгөсөн хүүхдүүд байж билээ. Одоо мэргэжилтэн боллоо, эрдмийг өвөрлөж, эрийн цээнд хүрлээ.
Хун цэнгийн дэгдээхэй өд сөдөө ургахад гурван далайг гатална, хулан тахийн унага хумсан туурайгаа хатахад гурван говийг туулна гэж манай монголын эртний үг бий. Дэгдээхэй байсан цаг өнгөрлөө. Одоо Та нар өслөө, өд сөд гүйцлээ, үүрээ орхин нисэж эх орныхоо уудам цэлмэг агаараар элэн хальж төр түмэндээ тустай үйлийг бүтээх чин зоригийг барилаа” (“Утга зохиол, Урлаг сонин. 1971. 7. 2. №27)

Яриаг тэмдэглэж, тодотгол хийсэн Долгорын Нямаа
1976. 1. 20 2004. 11. 12

СУРВАЛЖЛАГЧИЙН АСУУЛТАД ӨГСӨН ХАРИУ
БАЯРТ УЧРАЛУУД

Эдгээр нь тус номын санд “Д. Цэвэгмид “Зохиолууд” (1974)” номд байгаа тул https://e˗nom.mn/book?bid=825 хаягаар нэвтэрч татаж аван уншина уу.

ЭРГЭН ДУРСАХАД

Энэ нь тус номын санд “Д. Цэвэгмид “ШИЛДЭГ НИЙТЛЭЛҮҮД”” номд байгаа тул татаж аван уншина уу.

НАРАН БУЛАГИЙН ДЭНЖИД

Жаран жилийн өмнө билээ.
Дунд Өлийн даваа өөд тэмүүлэх хэдэн ямааг даган шуурхайлах хонин сүргийн хойноос шамдан гүйх хоньчин хүүг үхэр огдой хармагцаа хөеө дээрээ гарч исгэрэн лимбэдэх нь “Хүүе, жаалаа, чи яасан инээдэмтэй хүүхэд вэ? Томдсон гутал чинь сугаран үлдэх гээд байна” гэж шоолох шиг санагдана.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Эргэн Санахад - 2
  • Büleklär
  • Эргэн Санахад - 1
    Süzlärneñ gomumi sanı 4172
    Unikal süzlärneñ gomumi sanı 1881
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Эргэн Санахад - 2
    Süzlärneñ gomumi sanı 4253
    Unikal süzlärneñ gomumi sanı 2270
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Эргэн Санахад - 3
    Süzlärneñ gomumi sanı 2924
    Unikal süzlärneñ gomumi sanı 1428
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.